Thursday, July 7, 2016

ОЮУН МУНХАРЧ НАС БОГИНОСОЖ, ХООЛ НЬ ХОР БОЛСОН ӨНӨӨГИЙН ЦӨВҮҮН ЦАГИЙГ ГЭТЛЭХ ӨВГӨДИЙН ГЭРЭЭСЛЭЛ


Богдын бошго буюу цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн гэрээслэл


1911 оны 12-р сарын 29-нд 8-р Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст гэгээн хаанаар өргөмжилж тусгаар улсаа тунхаглан зарласан бахдам түүхтэй ард түмэн билээ бид.

Өнгөрсөн цаг хугацаанд Монголчууд өвөг дээдсийнхээ үлдээсэн сайхан соёлыг орхигдуулан гээгдүүлснээс болж маш их зүйлээ алдсан. Ялангуяа өөрсдийн Цогт эрдэнэ болохуйц монголчуудын соёлын тусгаар тогтнол, эв нэгдэл нягтрал, ирээдүйд хөгжих сайн сайхны гэрээслэл бүхнийг умартсан нь тун харамсалтай юм. Богд маань жирийн хүн биш байсан. Богдтой адилхан мянга мянган эрдэмтэн мэргэд, суутнууд Монголд байсан гэдгийг батлах жишээг би өнөөдөр нэг зүйл дээр тодруулан ярих гэсэн юм. Аливаа зүйлийг урьдчилан зөгнөж буюу ирээдүйг бошголж, бошголсон бошго нь үнэн гэдэг нь батлагдаж үлдсэн хүн тун цөөхөн байдаг юм. Ирээдүйг урьдчилан харна гэдэг агуу хүмүүсийн хийх зүйл, энэ бол маш их мэргэн ухаан, уг хүний эрдэм шидийг илтгэж байгаа явдал юм. Бурхны шашинтай холбоотой олон сайхан эрдэмтэн бошгууд байдаг. Нострадамус бошго айлдсан гээд бид бүхэн яриад, номыг нь орчуулж уншаад, баримтат кино хийгээд үзэж байна. Хэдийгээр бошгууд нь байдаг ч он цаг нь тодорхойгүй, аль оронд хэзээ болохыг тодорхой заасан нь ховор, тийм муу цаг болоход түүнээс яаж урьдчилан сэргийлэх арга зам нь байдаггүй.



Монголчуудын бошгуудын талаар Монголчууд ерөнхийдөө мэддэг хэрнээ тодорхой сайн мэддэггүй. Ингээд би одоо Богдын ирээдүй цагийг бошголсон бошгыг та бүхэнд хүргэе.



Энэ бошгоор энэ хүн эгэл хүн биш байсан гэдэг нь нотлогддог юм. Муу цаг буюу 5 цөвүүн дэвэрсэн цагт голчлон бошгоо зориулсан байдаг. 5 цөвүүн гэдэг нь 5 зүйлийн муу зүйл ирэх цагт миний гэрээслэлийг та бүхэн санаарай, даган мөрдөөрэй, тэгвэл та бүхэн аврагдана шүү, ийм ийм аюул ирнэ, та нар ингэж
ингэж аврагдаарай гэж гэрээслэсэн байдаг. 5 цөвүүн гэж юу байдаг талаар тодруулж хэлье:



Амьтан цөвтөх. Амьтдын бие нь багасаж дүрс нь гуа болох, хийж буй ажил үйл нь
муу юманд автагдах биеийн тэнхээ тамир нь хомсдох, залхуу нь ихдэх, оюун нь
мунхрах, наснаасаа эрт хөгшрөх, сэтгэл нь их омогтой болох, эцэг эх танил садан хань нөхөдтэйгээ таарахаа болих, хувраг хүмүүс нь бурхан номондоо сүсэглэх дургүй болж худлаа дүр эсгэх цаг болохыг амьтан цөвтөх цаг гэдэг.



Нисваанисаар цөвтөх буюу сэтгэлийн гэмээр цөвтөх. Хүний хүсэл тачаал, урин
мунхаг уур хилэн, омог харам их түргэдэх буюу давамгайлах, гал мэт бадрах цаг
болохыг нисваанисаар цөвтөх гэдэг.



Нас цөвтөх буюу амьтан наслах насаа насалж чадахгүй богиносох. Их дороо үхэх, зарим нь төрөөд үхэх, ихэнх нь нас залуудаа цаг бусаар нас нь барагдаж үхэх цаг ирэхийг нас цөвтөх гэдэг.



Үзэл цөвтөх буюу амьтны үзэл буруутах. Гурван эрдэнэ хийгээд үйлийн үр зэрэг зөв юманд итгэхээ болиод эргэлзэж тээнэгэлзэх нь олшроод сүүлдээ түүнийг худал гэж санаад, эрдэм ном заасан багш дээдэс, эцэг эхийнхээ ачийг мэдэхээ болиод өргөн хүндэтгэх нь байтугай басамжлан шоолох, зодож нүдэх буруу үзэлд автагдах, зөв юмнаас зугтааж муу юманд автагдах, сайныг муу, мууг зөв гэж эндүүрэх цаг ирэхийг үзэл цөвтөх гэдэг.



Цаг цөвтөх. Одоо цагийн хүний нас 50 байгаа. Энэнээс хойш нас нь улам улам ахар болохын цагт 4 цагийн эх адаг солигдоно гэдэг. Хүний нас 50 хүрнэ гэдгийг ингэж ойлгох хэрэгтэй: хуучин хүн 8 түм насалдаг байсан. 60 жил тутамд нэг нэгээр хорогдсоор байгаад хүнийг 100 насалдаг болох үед Бурхан багш хорвоо ертөнцөд мэндэлсэн гэдэг юм. Бурхан багш 2500, 2600 жилийн өмнө ертөнцөд ирсэн гэвэл одоо хүний нас 50 руу дөхөж яваа. Үүнээс цааш хүний нас 10 хүртлээ богиносох юм.



Түүний дараагаас жаран жарнаар нас нь эргэж нэмэгдсээр 8 түм хүрэхэд Майдар бурхан залрах цаг ирэх юм. 4 цагийн эх адаг солигдоно гэдэг нь зун хавар мэт, өвөл намар мэт, намар зун мэт болох, магадгүй өвөл гэх цагийн тойм байхгүй болох, хур ус цагтаа орохгүй, салхи хийгээд цас мөндөр хяруу ихдэх, ган турханууд болох, цэргийн хямрал, дайсан хулгай араатнаар хорлогдох, төрөл бүрийн өвчин зовлонгууд хур мэт буух цагийг цаг цөвтөх гэдэг.



Энэ 5 цагийн шинж тэмдэг гарвал 5 цөвүүн дэвэрлээ, муу цаг боллоо гэдэг.Богдын бошгоороо ирээдүйг зөгнөж хэлсэн 13 бошгууд дотроос өнөөдөр хэр биелсэн байна, ирээдүйд биелэх магадлалтай ямар бошгууд байгаа, тийм цаг ирэхэд яаж өөрсдийгөө хамгаалж тэр аюулаас зайлуул гэж хэлсэн байна вэ гэдгийг яръя.



.. "Төмөр хулгана жилээс усан бичин жил хүртэл Халх Монголын хойд зүгээс хүн дүрстэй адгуусны байдалтай янз янзын шар нүүртэй, Са.., На.., Я.., Э.. хэмээх нэртэй хүмүүс ирж Монголын дотоод цогт эрдэнийг булааж авна. Энэ үед лам хүн хар хүний боол болно. Лам хүн цэрэгт мордоно. Ядуу гуйланч түшмэл болно. Ноёдууд нохой мэт болно. Хутагт гэгээнтнүүд хар хүний боол болно. Хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй. Энэ цагт хүрээ хийд цэргийн балгас болно. Энэ цагт Монголын төр шашин нэрийн төдий болно." ...



Энэ бол 1900-1992 оныг хэлж байгаа. Хүмүүсийн нэр нь хүртэл таардаг шүү, их сонин. Хойд зүгээс ирсэн шар нүүртэн гэж хэн билээ, Оросууд. Олон жил төр засгийн удирдлагууд маань тэдний хараат явсан нь нууц биш. Монголын тусгаар тогтнол бидний цогт эрдэнэ шүү дээ. Энэ цаг үед бид овог язгуураа умартаж, цуутай эрдэмтэн хуврагуудаа толгой дараалан хядаагүй юу? Үлдсэн хуврагуудыг
цэрэг, үйлдвэрт албадан явуулаагүй юу? Ядуу гуйланч ард төр барьж ноёдууд нохой мэт болоогүй юу? Монголчуудын шүтэн дээдэлж явсан үнэний дээд сургаалыг амьтныг мунхруулагч, түүнийг дамжуулагч хуврагуудыг шар феодал, язгууртнуудаа хар феодал болгож, үүнтэй хамт Монголчуудын өвлөн үлдсэн арван их ухаан бүгд хаягдсан.



Эмнэлэг, зурхай, урлаг, яруу найраг, бүх соёлууд байхгүй болсон. Өвөг дээдсээс шүтэн дээдэлж ирсэн бүх оюуны үнэт эрдэнэ болсон ном судар, бурхан тахилаа бүгдийг үнсэн товрог болгож харийн нутаг руу ачуулсан гээд олон юмыг ярьж болно.



Энэ бүгдийн хор уршгаас өнөөдөр ч бид салж чадаагүй байна. Энэ хэлмэгдүүлэлтээр монголчууд бид маш их юмаа алдсан. Үгсийн сангийнхаа гуравны нэгээр л өнөөдөр ярьж байгаа. Ирээдүйд найдвартай оршин тогтнох, тусгаар тогтнолын баталгаа амин сүлд, цогт эрдэнэ болсон зүйлээ бид алдсан юм. Үндэсний соёл уламжлалаа алдсан ард түмэн үндэсгүй ногоо шиг мөхдөг, түүхийн хөрснөөс арчигддаг. Монголыг түүх шашин хоёроос нь салгавал Монгол Монгол биш болно гэсэн зорилгоор энэ их ажлыг гүйцэтгэсэн байдаг. Өвөг дээдэс, түүх шашинаасаа урвасан хүмүүс коментерний боол болсон. Өнөөдөр бид буруу шашинд урваж, үндэснийхээ шашин соёлын эсрэг буруу зүйл хийж байгаа нь 37 оны Коминтерний бодлогыг хэрэгжүүлсэн урвагч нараас ялгаа юу байна?. Монгол хүн Монгол хүнийхээ гараар энэ бүгдийг хийсэн. Энэ цаг үеийг Богд ямар гайхамшигтай хэлсэн байна аа?.



... "Хонин жилд хийд сүмийн хуврагууд айн зугтааж, хонин бичин жилийн завсар их хаан буурч хойд зүгээс тэрсүүдийн эсэргүү нар Халх орныг хямруулан үйлдэнэ. Хүмүүний суудаг орон бүхэнд цусан гол урсана. Амьтныг зэтгэр эзлэх, сүм хийдийг тагтаа эзлэх, бурхны сүмийг тэмцлийн хороо болгож зандалчид хэрнэ, аяга тахилга гэргий авч, харц бээр хан орыг барина. Хан бээр ха рц болон буурна." ...



Хонин жил гэдэг нь 1931 он, бичин жил нь 1932 он юм. 1931 он гэхэд ихэнх сүм
хийдүүдийг эдийн засаг буюу татвар төрөл бүрийн хураамжаар хяхан хавчиж Монголын сүм хийдүүдийн 90 хувь нь яг энэ үеэр эзгүйрч байсан байна. Энэ үед коментернүүд бодлогоо маш эрчимтэй хэрэгжүүлж, сүм хийд рүү ид дайрч байсан үе юм. Олон зуун хуврагуудыг буудан хороож хэлмэгдүүлснийг бид мэднэ шүү дээ. 20 мянга гаруй лам нарыг буудаж алаа биз дээ. Энэ бол цагаатгах албанаас гаргасан албан ёсны мэдээллийн л тоо шүү. Бүртгэгдэж тоологдоогүй хэдэн зуун мянган хүн алагдсаныг бид мэдэхгүй. Сүм хийдийг тагтаа эзлээгүй гэж үү? Бурхны сүмийг тэмцлийн хороо болгоогүй юу? Зандалчид буюу улаан коментернүүд хэрээгүй юу? Аяга тахилчид хар болж эхнэр авч байж нүүр буруутгахгүй бол амьд гарах аргагүй байсан шүү дээ. Ардууд Монголын төрд гарч харц бээр хан орыг бариагүй юу?



... "Хятад орны чананад буй Япон хэмээх нэгэн хүчирхэг гүрэн Хятад орныг боолчлон улмаар Монгол орны зүг хандсанаар төмөр хонин жилийн намрын эхэн сарын 10 ба 15, мөн сүүл сарын 22 ба 25-ны өдөр Монголчууд хавчлагаар хямран байлдах болно." ...



1931 он буюу төмөр хонин жил Япончууд Манжуурт хөл тавьсан байдаг. Энэ өнгөрсөн бошго бүхнийг айлдвал өнөөдрийн цаг богино, хэлэх гэсэн санаа арвин тул их нарийвчлахаа болъё. Түвдийн Мажиглодмаа гээд мундаг зоч эмэгтэй байдаг. Тэр хүний бошго гайхамшигтай. Яг энэ он цагт ийм юм болно гэж хэлсэн байдаг.



... "Дайсан садан солигдох, сайн муу солигдох, буян нүгэл солигдох, ноён албат, түшмэл зарц солигдох, ажил явдал зан журам бүгд солигдох, үйлдвэр үйлдэх бүгд солигдох, ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох, чимэг хэрэгсэл хувцас идээ бүгд солигдох, идээ эд хурааж нөөцлөгдөх бүгд солигдох, нүгэлт баатарлаг зандалчныг магтан хүндэтгэх болно."..



Үнэхээр дайснаа садан гэж эндүүрээд, садангаа дайсан гээд Монголчууд ах дүү
нараа, лам хуврагуудаа алаа биз дээ. Монголыг устгах гэсэн коментерн буюу харийнхантай садан гэж нөхөрлөөд анд болсон шүү дээ. Зөв номлолоо буруу гээд, буруу юмыг зөв гээд өчнөөн олон хүн алсан Сталин, Чойбалсанг хүндэтгэж байгаагүй юу? Оросыг дагаж идэх уух, өмсөх зүүхээ, бичиг үсгээ хүртэл солиогүй юу бид?



Бошгуудын цаг үе ийм нарийн таарч байна шүү дээ. 1532 он буюу хүний нас 60 байх үед цөвүүн цаг эхэлсэн гэдэг юм. Энэ бол Монголын Тогоон төмөр хаан Бээжингээс хөөгдсөнөөс хоёр жарны дараа буюу 120 жилийн дараагаас Монголчууд маш их хямарч эхэлсэн цаг үе байдаг. 2013 оноос улам бүр цаг цөвүүднэ гэж байгаа. Цөвүүн цагийн талаарх 23 бошгуудыг би эх хэл дээрээ орчуулж хооронд нь харьцуулж үзсэн. Манай эриний 8-р зууны үед амьдарч байсан Энэтхэгийн том бандида ловон Бадамжунай ингэж зөгнөсөн байдаг.



... "Хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж, гурван шүтээнийг хулгайлж үнэлж
худалдана. Эхнэрүүд нялх үрээ алах цаг. Хүн бүхний зүрхэнд нэжгээд нэжгээд
чөтгөр орох, үүний шинж нь биедээ элдэв зүйлийг хувцас хунарыг олон хэлбэр маяг оруулж өмсөнө. Тойд нар хээнцэрлэж санваартаа эзэн болохгүй. Шямнуус (эмэгтэй лам) нар толинд царайгаа үзэж бас будаж шунхадна. Газрын эзэн хан ад хийгээд гар хөлчин тийрэн дэлгэрснээр жил бүр өөр өөр үг хэлэлцэн элдэв зүйлийн чимэг хувцсаар хувцаслах болно. Эгэл төрөлхтөн ном номлоно. Засалч нар худлаар авшиг өгнө. Мэхлэгч нар их бясалгагч болж хуурна. Хурц хэлтэн хурдан амьтныг цэцэнд тооцно. Эгэл хар хүн хувцас өмсөж тойдын дүр барина. Тойдууд нь ердийн хувцас өмсөөд эхэлнэ. Эмс нь өөрийн эрээсээ үл айна, өглөг өгсөн эрийг шүтэх. Нэг эм есөн эрийн хойноос гүйнэ. Эр нөхрөө захирах, эцэг эхээ үл хүндлэх, бурхны дүрийг үзэвч бишрэхгүй, будаг шунхтай хайрцагандаа үлэмж баясна. Алт мөнгөөр чимэн тойд хуврагуудын хийд дор ороод тачаал сэтгэл төрүүлж хуврагуудыг хүртэл уруу татах хүүхнүүд хүртэл их гарна. Хүүхдүүдэд тийрэн чөтгөр шунан орсноор ном заахад үг сонсохгүй, бие нь бага хэрнээ үг нь том, ахмад хүмүүсийг үг хэлэхэд өмнөөс нь хэдэрлэнэ, босоо шээж, явж байгаад идэж ууна. Ажилд зарвал өвчин туссан мэт, өөрийн дураар тоглохдоо тийрэн мэт. Хов живийн үгэнд дуртай, түүнийг дамжуулахдаа авъяастай. Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болно. Наадамд баясах эрх нь ихдээд эцэг эхээсээ айхгүй. Муу үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Тариа үр жимс, хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно. "...



Өнөөдөр хулгай ороогүй хүрээ сүм хийд алга. Хэлмэгдлийн үед буулган тарааж харь нутаг руу зөөж авч яваа биз дээ? Өнөөдөр хэвлий дэх үрээ хороогоогүй эмэгтэй хүн ховор болж. Одоо гэлэнмаа нарын байдаг сүм хийдээр орохоор сайхан будаж шунхадсан хүүхнүүд хонх дамар начигнуулаад л сууж байх вий дээ. Өнөөдөр жил жилээр бүү хэл сар сараар л янз бүрийн юм ярьдаг болсон шив. Элдэв янзын халимагтай хүн телевизээр ард түмнийг янз янзаар заналхийлээд л суух юм. Мундаг бясалгагч болсон хүн худлаа ярьж хүмүүсийн толгойг эргүүлээд л байна шүү дээ. Дуртай нь хуврагын хувцас өмсөж хөдөө гадаагаар тэнэж, лам нар хурлаа тарангуут хар хувцас өмсөж, хар нүдний шил зүүж аваад гадуур давхилдчихаж л байна. Гэх мэтээр цаг цөвтсөний шинж бүгд байгаа биз дээ. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал маань маш их түгшээж байна. Жимс ногоог муутгахгүй гэж төрөл бүрийн бодис түрхээд, тарьж ургуулж байна гээд төрөл бүрийн химийн бодис хэрэглээд, тэр нь шингэсэн хорыг нь бид нар идэнгүүт биед ороод биенээс зайлахгүй хавдар рак төрөл бүрийн өвчин үүсгээд гай болоод явж байна шүү дээ. Хөдөө алтан тариан гурил аваачсан чинь хөдөөний хүн "дээш нь тавиа, хулгана тэсгээхгүй" гэж байна гэнэ.



Хаяанд нь нэг шуудай гурил байгаад байх юм гэнэ. Тэр доор байгаа гурилаа тоохгүй ямар сонин юм гэсэн чинь "наадах чинь Хятадын гурил, хулгана иддэггүй юм" гэсэн гэнээ. Хулгана идэхгүй гурилыг Монгол хүн бид идээд сууж байгаа байхгүй юу.Мөн 8-р Богд ингэж хэлсэн байна.



... "Хулгана, нохой, тахиа, гахай, илжигний мах битгий ид. Хэрэв идвэл бузарлагдана. 3-р сард тахианы өндгийг хоолонд бүү хий. Орос Хятадын хор
хүрнэ."...



Өнөөдөр тахиа шувууны өвчин гараад байна, гахайны махнаас ч өвчин гарах юм
байна. Монголчууд хулгана, нохой, илжигний мах иддэггүй нь л зол болж дээ. Одоо зарим хүн биед сайн гээд чоно адгуусны махыг түүхийгээр нь идэж байна. Энэ бол байгаль дэлхий ийм хэцүү болчихсон үед уг амьтанд үүссэн өвчин хүнд шууд халдах аюулыг өөрсөддөө авчирч байгаа хэрэг байхгүй юу. Энэ цагт ялангуяа түүхий мах энэ тэрээс бид их болгоомжлох ёстой юм билээ.



... "Энэ цагт үхсэн хүн амьтанд ном буян сайн үйлд. Цөвүүн цагт төрийн ноёдын эв эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас дотночлох, гадагшлуулах, нууцлах, ил тавих нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрээд учраа олохоо болино. Яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээнүүдийг огцроон, олон хүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмэдийн эдэнд хөнөөгдөнө. Дор нь байгаа хүний хахууль дээдэхүүд нь хөнөөгдөнө гэсэн үг. Түшмэд нь яам газрын эдийг хөнөөнө. Засаг яамны газартан бээр эрхмүүдийнхээ эдийг хөнөөнө. Эрхмүүд бээр нь орон нутгийнхаа хүмүүсийн эдийг хөнөөнө. Ёс цаазат, ичгүүр сонжурт бүгдийг алдсаны харгайгаар орон нутгийн хүмүүс эрхтэний хэлснийг сонсохгүй. Эрхтэнгүүд нь яам тамгынхаа газрын үгийг сонсохоо болино. Засаг захиргаа баригчид нь түшмэдийнхээ хэлийг сонсохгүй. Энэ мэт орны журам бүр хувьсан солигдож одсоноос хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно." ...



Заримыг нь бүр уншмааргүй байна. Ямар аймшигтай вэ. Ингэж ил тодоор хэлсэн ийм бошготой ард түмэн байхгүй шүү дээ. Ингэж хэлсэн бошго хаа байна?.



... "Тэр цагт энэ лүгээ адил элдэв нүгэлтэн болох нь цөв орж цөвүүн муудсаны
шинж мөн. Сайн хүн нэг нь нөгөөдөө дайсан болно. Хамаг хот орныг хулгайч худалч этгээд эзлээд, гадаадынханд толгойгоо мэдүүлж, гадаадын эзэнт хүн хавь ойр улсыг эзлэх, тэр мэт муу үйлс гарахын цагт Маанийн ёдор буюу Хийморийн дарцагийг байгуулах хэрэгтэй. Энэ цагт сангасваа нарт албин шингэсэн тул та нар бүү шүт. Хар зүгийн тарнийн ном эрхэлдэг бөө сангасуудыг хэлж байгаа юм. Хэрвээ шүтвээс үхээрийн бузар болно. Түүнээ хойно мэдэвч тус үгүй. Бөө хэмээх хар тарнич шашны номын сан онгойж, хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халх нар минь ээ, та нарын тамхины утаа огторгуйн наран сарны гэрлийг бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна.



Цөвүүн цагт цагаан тамхи үнэд хүрснээр алт мөнгө нүдээ өгч тэр тамхийг авч татах болно. Хар тамхийг хэлж байна. Хятад Оросын элдэв тамхи гурван зоос хүрсэн ч хямд гэж бүү ав. Хэрвээ авбал Хятад Оросын хор хүрмүй. Эдний олон янзын архи зуун зоос хүрэвч хямд гэж бүү бод. Ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас архи тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс хэл ам болж, тангараг эвдэрч бузар буртаг явдалд холбогдох болно шүү." ...



Улаанбаатарын утааг хар даа. Бүрхээгүй гэж үү?. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй болсон байна гэж байна шүү дээ. Богдын энэ гэрээслэлийг эвдсэнээс болж өнөөдөр нийгэмд ямар хор уршиг ирчихээд байгааг та бүхэн мэднэ. Улаанбаатар хотын хог тортог үнэхээр нар сарыг харанхуйлж байгаа бишүү.



... "Оймс гутлаа гаднаа бүү босго. Монгол хүний тэнэгийг түйвэр мэдмүй. Эм хүн хөнгөрч чадахгүй аюул, нярайлахдаа түүртэх ба хойтох нь бэрхшээх. Эмэгтэйчүүд мэс хагалгаагаар хүүхдээ төрүүлж байгааг хэлж байна. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихэснэ. Хөдөө гэрийн эзэд харчуул ихэнх нь муу явдалд орно. Ажилгүй, архи уугаад, авгай хүүхдээ дарамталсан харчуулыг хэлж байна. Гал ус ба дээрэм хулгайн аюул, ханиадны өвчин, хур цахилгаан гэнэт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэмж олширно. Даалуу хөзөр, хөгжим наадам, найр хурим, архи уух тэргүүтэн гэм бүхэн тасралтгүй гарна. Монгол шиг их баяр наадам тэмдэглэдэг улс ховор болов уу даа гэж би боддог. Хайнагийн дөрвөн хөл газар гишгэсэн мэт муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үеэр тоог шинээр зохиож толгой эргүүлэх цаг болно. Өнөөдрийн зах зээлийг хэлж байна даа. Одоо энэ цөвүүн цагт миний сургаал номонд эс орвоос тэнгэрийн дууны аюул, мэсийн аюул, нэртэй нэргүй гэнэтийн үхэл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүнийг худал хэмээн санаж хэлвээс хамар амнаас нь цусан гарч үхмүй."... хэмээн сануулсан байна.



Улаанбаатар хотын тухай их юм хэлсэн байдаг.



... "Хойд энгэр нь хүүрээр дүүрнэ, хотгор газар нь шавраар дүүрээд, үлээгээд
хийсэхгүй, үүрээд барахгүй их шавар оромжуудтай болно. Төмөр шоргоолж, төмөр аалзны шүлс хот хүрээг бүрхэнэ." ...



Нэгэнт хийсэн үйлийн үр нь гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах
гамшигт нь анхаарал тавиад энэ гамшигаас гэтлэх аргыг нь бас Богд маань бидэнд хэлсэн байгаа.



... "Би та бүгдийг өдөр шөнийн дөрвөн цагт эргэдэг шүү. " ...



Гэр оронд нь байгаа хог шороо, дотоод сэтгэлийг нь бүгдийг болгоож байгаа гэсэн үг. Иймэрхүү нарийн бошгыг би дараа эх номоор нь дуудаж өгмөөр санагддаг юм.



... "Миний бошгыг цөвүүн цаг ирсэн үед олон хувилж тараа, сонсго. Миний бошгыг нэгэн удаа дуудахад нэг гэрт байдаг муу барцад бүхэн арилна. Хоёр удаа дуудвал хот газрын зовлон арилна."...



Гурав уншвал ингэж ингэж тус болно гээд бошгоороо ард түмнээ аврахаар өөрөө
тангараг өргөөд гэрээслэсэн байдаг юм. Тиймээс үүнийг уншсан төдийгөөр бидэнд ухаарал орж, гай барцадаасаа салж байх нь. Ирээдүй цаг гэж хэлсэн байдаг ч, өнөөдөр тэр цаг ирчихээд байна шүү дээ.



... "54 зүйлийн үл зохилдох муу харгис будрангуйг ертөнц дор үлдээж тун
болохгүй. Тийм муу явдалтан хүмүүсийг цөмийг үхүүлж, элдэв хорт явдлаар хамах
хэрэгтэй." ...



Дээд тэнгэрт их хуралдаан болж, Богд хүртэл оролцоод хурал чуулганаас нь батлан тогтоосон тогтоол хүртэл байдаг юм. Гайхамшигтай. Энэ 54 зүйлийг бүгдийг нэг нэгээр нь дурдсан байдаг юм. Нүгэл хийсэн, мууг хийсэн бүгдийг хамах хэрэгтэй гэсэн байдаг. Үнэхээр буянтан байвал үлдээнэ гэсэн үг.



... "Будаа гурил байвч идэх уух хүнгүй болно. Хувцас байвч өмсөх хүнгүй, зам
байвч явах хүнгүй. Тав зургаан сард харгис муу хүн үхэж дуусах." ...



Энд бол муу үйл хийсэн хүнийг энэ аюул тойрч гарахгүй. Энэ аюулаар бүгд сүйрнэ гэдгийг сануулж хэлсэн байдаг.



... "Муу цөвүүн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтныг сүйтгэх хэмжээ ирсэн тул 10 хүнээс 9 нь үхнэ. Түмэн хүнээс 900 нь үхнэ гэсэн байдаг." ...



Цөвүүн цаг бас цэвэрлэгээний үе байх нь. Муу юмны хэмжээ хязгаар ихдээд,
байгалийн хууль, сансар огторгуйн хууль буюу тэнцвэр алдагдсанаас одот ертөнц
өөрсдийгөө цэвэрлэж тэнцвэртээ орох нь. Сансар огторгуйн эргэлтэд хүртэл
өөрчлөлт орсныг шинжлэх ухаан тогтоочихоод байгаа.



... "Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарах. Зуд турхан найман зүгт элбэгшинэ. Уул хөдөөгүй ус эзэлнэ. Дулаарлаас болоод далайн түвшин 3, 4м-ээр нэмэгдэхээр vнэхээр ус эзэлнэ дээ. Хуй салхин орон гэрийг унагана. Олон амьтан их дуугаар уйлан орилж, гашуун зовлонгоор энэлэн, амар амгалан бүгд үгүй үнэхээр бэрхтэй. Хүн амьтан гэнэт үхэх аюул олон гарна." ...



Зөвхөн Монгол биш дэлхий дахиныг хамарсан бошгыг хүртэл айлдсан байна. Манай дэлхий дээр 30 сая зүйлийн ургамал амьтан бүртгэгдсэн байгаа. Жил болгон хэдэн мянгаар тоологдох зүйлийн ургамал амьтан үгүй болж байгааг эрдэмтэд тооцоолоод гаргачихсан байгаа шүү дээ. Яагаад гэхээр, дэлхийн хүчилтөрөгчийн том эх үүсвэр болсон халуун орны ширэнгэн ой 7.7 сая км кв талбайг эзэлдэг юм байна. Мөн далайн ногоон ургамлаас хүчилтөрөгч нөхөгддөг. Далайдаа хамаг бохироо хийгээд бохирдуулснаас замгууд нь үхжээд, ой ширэнгээ түймэрдээд хүний гараар устгаснаас байгалийн хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг орчин хүнд байдалд орчихсон. Бохир юманд нь зохицсон ургамал амьтан бий болж байна бас. Далайн шүр ой шугуйгаараа үхжиж байна гэнэ. Дээр нь энэ айхтар нүүрсхүчлийн хийн давхарга орж ирсэн нарны гэрлийн халууныг гадагшаа гаргахгүйгээс болоод дэлхий маань хүлэмжийн байдалд орж Гималайн цас, хойд мөсөн далай хайлж байна. Ингэхээр далайн ерөнхий түвшин 5м нэмэгдэнэ, эрдэмтэд энийг зарлачихсан. Тэгэхээр хуурай газрын хэдэн хувь усан дор орох уу? Улсууд хаашаа явах уу? Хүний нүүдэл, цагаачлал чинь дэлхийг хамарсан асуудал болно шүү дээ. Энэ бүгдийг хэлчихсэн байдаг. Аймшигтай.



... "Бас бус ороолон чөтгөр шөнө үүд цохиж дуудна. Өдрийн цагт хүнд үзэгдэх.
Үхсэн амьтны сүнс тонилохгүй газар усны эзэдтэй нөхцөөд догшин хортой чоно лугаа адил болж хүн мал дор халдана. Энэ цагт буян мэдэхгүй явснаас үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөж бузар болсноор лусууд мунхарч төөрнө. Энэ учираар хур бороо цаг цагтаа буухгүй, тэнгэр нар хилэгнэж, газар лусын эзэд найман аймаг лусын хаадыг хар одны номын үсэгт чулуугаар харвасан мэт болно."...



Өнөөдөр бид чинь буян нүглээ мэдэхгүй, үхэлээ ч мэдэхгүй, энэ биедээ энэ
амьдралдаа тачаасаар байгаад үхсэн хойноо сүнс нь тонилж чадахгүй газар усны эзэдтэй нөхөрлөөд энэ бүх цаг бусын юмнууд гарах нь байна шүү дээ. Энэ бидний өөрийн амьдралын тухай үнэн бодит зүйлээс хэтэрхий холдож, өөрийгөө мөнх гэж атгалан баримтлаад, сэтгэлийг ямар байдалд хүргэсний жишээг л хэлж байна. Бидний нас нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ, өдөр хоног нас насаар бид үхэлдээ ойртоод байгаа нь үнэн биз дээ?. Хэзээ үхэхээ ч мэдэхгүй, хэд наслахаа ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ даахгүй нохой булуу хураана гэгчээр юуг бодож юуг сэтгэж эд мөнгийг хурааж авахын төлөө хязгааргүй тэмүүлдэг юм бэ.



.... "Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох, хорт могой амьтны үйлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэнэ. Орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтэй буй. Энэ 10 аюулыг амсахгүй гэтэлгэхгүй байхын аргагүй."



Бидний хийсэн үйлийн үрээр муу юманд тэсвэртэй, муухай амьтад бий болох нь
байна. Зохистой юмыг зориуд эвдвэл зохисгүй зүйл араар нь гардаг гэдэг байгалийн хуулийг хэлж байна.




... "Нар сарны гэрэл буурна. Огторгуй дор билэгт одон гараад сонсохуйяа муу үг яриа ярих, улс бүхэн дор зуд турхан муу үйлс дэлгэрэх, элдэв үхэл ихсэх, хүн идсэнээ хүртэл шингээхгүй болно." ...



2005 оны 1 сарын 25-нд НАСА-аас сүүлийн 2 жилд манай дэлхий дээр ирж байгаа нарны гэрлийн хэмжээ буурч байгааг тооцоолон мэдээлсэн байдаг.
Ер нь зөн билэг, мэргэ төлөг гэдэг үнэн мэдлэг, аливаа юмс үзэгдлийг шинжлэн
мэдэх ухаан байдаг. Урьд хураасан сэтгэлийн билгээр бид хүн биеийг авсан ч гэсэн дотоод сэтгэлийн билэг чанараар бидний гадна талын биеийн хэлбэр дүрс, дуу авиа,зан төлөв тогтдог. Тиймээс бид хүнийг гаднаас нь хараад, хийж байгаа үйл, явж байгаа явдлаар нь, гарын алгыг нь ч юмуу хараад ийм тийм заяатай байна гэж хэлж болдог. Хийсэн үйлийн үр дагавар боловсорч ирээдүй гардаг учраас хийж байгаа үйлийг нь ажиглаад ойр зуурын зүйлийг шинжлээд хэлж болно. Гэхдээ Богд шиг олон зуун жилийнхийг хэлж чадахгүй. Энэ бол хамгийг айлдагчийн эрдэм юм даа. Хамгийг болгоогч бол өнгөрсөн одоо ирээдүйг гарын алган дээр тавьсан будаа шиг айлддаг юм. Богд маань өөр олон айхтар зүйлийг хэлсэн байдаг. Үүнээс заримыг нь бас болгооё.



... "Иргэн Хятадаас Монгол орны ариун газарт хижиг хараал гарах явдал буй. Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Хятадын бүтээсэн есөн жил болсон чонон толгойтой эр мангас эмтэйгээ хоёул ханьсан хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амьтан сүсэг битгий алдаарай. Хэл ам зарга тэмцэл бүү үүсгэ. Тэр нь хоосон тэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. Энэ ёр гарах юм бол тустай гүрэм нь гэрийн дөрвөн зүгт Манзушир бурхны алдрыг бичиж хийсгэ. Модон хулгана жилд Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт Хятад оронд нар ургах. Монгол оронд цэргийн хямралдаан болж хүн мал адгуусны хүүрийг овоолбоос уул мэт өндөр, цусан далай мэт болъюу. Тэр цагт Монгол оронд рид хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт Очирваанийн хувилгаан гарч, түүнтэй уулзсан бүхэн шамбалд хүрэх нь дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон гашуун болохын цагт Хятад Орос лугаа дэмий бүү зөрөлдөгтүн. Монголчууд эм хүн нь цагаан өмд, эр хүн нь хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тахал тохиолдвоос цагаан үзмийг адислан буцалгаж ууваас түргэн эдгэеү. Энэ муу цагт эм засал үйлдэвч тус болохгүй. Оточ бурхан өөрөө заларч эм баривч хилэнц нүглийн үйлдэгч дор эм нь туслахгүй. Харин буянтад туслах. Сэтгэл харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм тус болох. Гэвч та нар минь үйлдсэн арван хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт тоо томшгүй элдэв өвчин тахал болж хар аюул болно гэгчийг мэдэхгүй байна. Ийм учраас хараал зүхлийг аль болох багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амирлуулахын тулд хүрэх дараалан тогтоолын хураангуй буюу Сундуй, найман мянгат буюу Жадамба, эхэд тонилгогч буюу Тарвачимбуу, Очироор огтлогч буюу Доржзодов, өлзий хутгын хурыг буулгагч буюу Дашчийрав, адиститын дээдийг хайрлагч буюу Жанлавцогзолмаа, зуун үсэгт буюу Эгжаа, Дарь эх, санасныг зөнд нь бүтээгч Цамбалхүндэв зэрэг номуудыг түм бумаар нь уншин залбирч байхтун." ...



Зарим улс төртэй холбоотой зүйлүүдийг маш их ёгтолсон байдаг. Хятадын 9 жил
бэлдсэн, чонын толгойтой эр мангас гэж хэнийг ёгтолж хэлсэн хэн байна?. Буруу
номонд Монголчуудыг уруу татах нь байна. Аймаар аа. Төрлөө аварч чадахаа байтлаа толгой эргэх аймаар юм болох нь. Тийм учраас энэ зүгийн номыг түлхүү сурталчилж байгаа улсыг бид анхаарч ажиглах хэрэгтэй. Японы эрдэмтэн Masaru Emoto аягатай усанд хараал хэлэхэд тэр ус тэр дороо үхжээд, талст нь эвдрээд аймаар юм болж байна гэж байна. Баярлалаа гэж хэлэхэд тэр ус тастжаад, улам бүр рашаанлаг болж байна гэнэ. Ус гэдэг сайн юм хэлэхэд тэгж хувирдаг, мэдэрдэг байна. Хүн бид биеийн 70 хувь нь уснаас бүрдсэн амьтад. Биднийг муу юм битгий бод, муу юм битгий хий гээд байдаг нь бид өөрөө өөрсдийнхөө бие махбодио эвдлэхгүй байхыг хэлээд байна шүү дээ. Шинжлэх ухаан ч, Богд ч үүнийг гэрээслээд хэлээд байна. Хятад Оросын хямрал болох цагт энэ хоёр улсын явдалд битгий оролц, битгий зөрөлд гэсэн байна.



... "Адын зүйлээр хан төрд харшил хүртэл ирнэ. Усны аюул, галын аюул, салхины
аюул, садангаасаа салж хагацах, ганцаараа төөрч тэнэж үхэхийн аюул, хорт утаа
мананд сөгдөж үхэхийн аюул, ам тангараг буруудан хагацалдахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул, дэлхий дахинаа таван тарианы үр боловсрохгүйн аюул, муу догшин салхи бороо болж луу догшрон хилэгнэх, дэлхий дахинаа цэрэг дайны аюул нөмрөхийн зовлон, өөрийн эдийг хүнд эдлүүлэхийн зовлон, өлсөн ундаасч өлбөрч үхэхийн зовлон бүгд ирнэ."...



Энэ бүхэн зарим нь биелчихсэн, зарим нь аль хэдийн биелэх магадлалтай болчихсон байж байна. Экваторын халуун бүсийн дулааны урсгал хойд туйлд хүрч цэвэр ус нь мөсжөөд давс нь хүндрээд битүү эргэж байдаг. Дэлхийн цаг уурын халуун хүйтнийг зохицуулж байдаг дулааны урсгал саарч багасаад ирэхээр халуун газраа хэт халуун, хүйтэн газраа маш хүйтэн болж дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай болчихоод байна шүү дээ. Бараг одоо биелчихээд байна.



.... "Хэрэв ийм хэцүү цаг үе тулбал хар архи бүү уу, муу царайтай дуу бүү дуул, муу билэгтэй үг бүү хэл, бурхныг чулуу мэт бүү сана, эмийг өвс мэт бүү бод, өглөггүй эм бүү уу, тэнгэрээ хургүй гэж бүү хараа, хэрүүл бүү хий ялангуяа гэр орондоо"...



Чоно үүрэндээ өлзийтэй гэж. Чонын үүрэнд ороод эх чонын нүдэн дээр бэлтрэгийг нь алж суйлж байхад эх чоно гийнаад хөдөлж чаддаггүй гэнэ. Гэтэл өнөөдөр зарим эрчүүд яаж байна. Гэр орондоо агсан согтуу тавьж араатнаас дор болчихсон юм бишүү. Хүний хамгийн амгалан байх газар чинь гэр орон мөн биз дээ.



... "Онгод бүү тахь, дөрвөн зуун дөрвөн өвчнөөр өвдөхийн цагт лам багш нарт
хүндлэл үйлдээрэй. Энэхүү зарлигийг дуулж мэдэн бушуу түргэн сэтгэлээ засан
буяны сэтгэлийг хүчтэй болгож, хамаг амьтныг өөрийн амь лугаа адил үзвээс энэхүү аюулаас гэтэлж болно. Гагцхүү чин зориг мэдмүй. Ийм учраас олон түмэн бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй. Тэнгэр дэлхийг тахих ба эцэг эхийг асран хүндлэх, ариун журмыг сахих хэрэгтэй. Удирдсан түшмэлээ эрхэмлэх хүндлэх хэрэгтэй. Доорд ардыг асран тэтгэж, үгээгүй ядуу боловч хэм ёсыг сахиж байх хэрэгтэй. Хулгай бүү хий, худал бүү хэл, шударга журмыг барь, баян сайн бөгөөс ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч мэргэн бол мунхаг мэдээгүй хүмүүстээ сургаж мэдүүлэх хэрэгтэй. Олон бүгдийг ертөнцийн арван аюулаас гэтэлгэж гарах буяныг үйлд. Үүнийг худал хэмээн бодвол энэ арван зүйл аюулд өртөнө. Энэ зарлигийг үзээд амьтан хүнд бичиж тарааваас нэгэн биеийн зовлонг хамгаална. Олон удаа бичиж тараан энэ номыг буяныг дэлгэрүүлж чадваас тоо томшгүй мал адгуус амьтан буяныг олоод насан насалж жаргана. Энэхүү зарлигийг хэвлэж сийлээд олон хувь болгож бүтээн тарааваас түүний нэгэн гэрийн хүслэн бүгд бүтээд элбэг болъюу. Монголд илбэ мэт тус болох ном гүрэм Очирваанийн тарни тул үүнийг Монгол хүн бүр уншиж бай. Ум базар ваани хум пад."...



Монголд илбэ мэт тус болно гэж Богд өөрөө хэлсэн байна шүү. Гурвалжин даавуун дээр бичээд таван адынхаа зүгт хийсгэ. Хүний суусан суудлаас хамаарч таван адын зүг тогтоно. Тэр зүгүүд рүүгээ хийсгэ гэсэн байна.



... "Бум санг тасралтгүй тавьж байх хэрэгтэй. Алтангэрэл, Намсрайн даллагыг олон удаа авахуулж бай. Шашин түгэхийн ерөөл Дамбажавын Моломийг олон уншваас аливаа харшлах дайсан ба өвчний аюул ирэхгүй болно. Чин үнэн сүжгээр тахиж чадваас би сахья. Энэ зарлиг худал эндүү гэж санаваас арван орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно шүү. Оточ бурхны лагшин олныг бүтээ. Манал бурхныг хэлж байна. Явах замын бэлчир дээр маанийн үсгийг босгож тавь. Хиргүй бурхны суврагыг олон бүтээ. Энэ мэтээр ном буян үйлдэж байвал муу цагийн ба олон аюул бүгдээс гэтэлж чадна. Эм ма хо ум ма паани паани суухаа тарнийг бичээд эрэгтэй хүн баруун мөрөн дээрээ, эмэгтэй хүн зүүн мөрөн дээрээ зүү. Энэ бол Майдар бурхныг иртэл сахих тангарагтай тарни байгаа юм. Энэ мэт үйлдвэл сайн төрлийг олно. Бичин уншиж сүжиглэн үйлдэх юм бол орчлонгийн зовлон, цусан далайгаас ч гэтэлгэх нь сэжиггүй. Огторгуй ба газар завсрын хүмүүс нигүүлсэж, цаг бусын үхэл зовлонгоос машид амарлих болно. Нэгэн хүн бичвээс нэгэн хот балгадад тусалюу. Нэгэн балгадынхан бичвэл орон даяар тусална. Хүмүүсийн буян арвижах хийгээд харш зэтгэр буцна. Тамын зовлон бүгд тонилох болно. Энэ цагийн өтөл өвчин, хар хорын муу аюулыг буцаах арга нь сэтгэлийг засах болоод энэ буяны номд сайн шамдах юм. Ялангуяа Жанрайсэг бурханд хатуу сүжиглэх юм бол хамгийн авралтай гэсэн байгаа. Дээд эр хүн бол Ядам бурхныг шүтээрэй, дунд зэргийн эрэгтэй хүн бол эгэл мөргөлд шамдаарай, адгийн эр хүн маань тарниа уншиж байгаарай. Тэгвэл би аварна шүү." гэсэн байдаг.



Халхын их хутагтууд цаг цагаар Монголоо авран хамгаалахаар гэрээслээд хуваарилан авсан байдаг. Энэ үеийг нь би хамгаална, тэр үеийг нь чи даа гээд. Гайхамшигтай яа. Тэр бошгыг нь би эхээр нь уншиж өгье гэж бодож байна. Үнэхээр нүдний нулимс гармаар. Хөөрхий дөө, 37 онд тэр олон хуврагууд бидний төлөө өөрсдийгөө золионд өгч байсныг бодоход үнэхээр биднийг аймаар аюулаас өөрсдөөрөө халхалсан юм билээ. Ийм хүмүүсээ бид хайрлахаас яах билээ. Гэтэл зарим хүн лам нар арчаагүйдаа алуулчихсан гэж бах таваа хангаад, оршуулж хойтын буяныг нь мөнхлөхөд яаж дайрч байлаа даа. Би энэ бошгыг уншаад үнэхээр Монголчууд хэдэн зуунаараа гарч чадахгүй бусдын боол болж, бүх юмаа талхлуулж, ахиж Монгол улс сэргэн мандахгүй байх аюулыг хааж, өөрсдийгөө зольсоныг ойлгосон. Одоо бол 8-р Богдын маань дааж авч яваа цаг үе юм байна.



... "Миний энэ сургаалийг нэгэн сар дотор нэгэн удаа дуудваас гэрийн барцад арилна. Хоёр удаа дуудвал гадна талаас ирж байгаа саад барцадууд чинь бүгд арилна. Гурван удаа уншвал гурван муу зайд унахгүй. Сардаа 3 буюу шинийн 8, 15, битүүндээ уншиж бай гэж байна. 33 төрөлдөө бурхны оронд надтай учирч төрнө. Шавь нар минь цөвүүн цагт энэ сургаал номонд орж явбаас аливаа хорт дайсантай уулзахгүй элдвийн аюул бүгдийг гэтэлж гарна. Аав ээжийгээ асарч өргөж хүндэлж явбаас хоёр насандаа амны хишиг буян заяа чинь үргэлж дэлгэрнэ."...




Миний үзэж судалсан 23 бошгоос 13 нь Богдтой холбоотой юм. Богд бошгуудаа одоо хэлж байгаа юм биш. 5, 6, 7 гээд урьд төрлүүддээ бас хэлсэн. Та нар миний бошгыг санахгүй байснаас ийм юм болоод байнаа гэж зэмлэсэн нь хүртэл байдаг. Монголчууд бид өнөөдөр эв эеэ бодож нэгдэн нягтрах, өвөг дээдсийнхээ үлдээсэн соёлыг хайрлан хамгаалах, тэрэндээ үнэнч байж, гэрээслэлийг нь биелүүлж байж л бид сайн сайханд хүрнэ. Эд нар маань зүгээр хүмүүс биш. Ийм гайхамшигтай, ирээдүйг нэвт харж болгоож, юу гарахыг урьдчилан сануулж, өөрсдийгөө зольж биднийг даасан гайхамшигтай улсууд байна шүү дээ. Бид мартахын аргагүй, монгол хүн бүр үүнийг мэдэж байх ёстой өв соёлын маань нэг хэсэг юм гэж би хэлмээр байна.

ЭХ СУРВАЛЖ
http://creativemongolia.com

Wednesday, January 20, 2016

Ч.Хүрэлбаатар: Сонгууль өнгөрч л байвал галав юүлсэн ч яахав гэсэн байдлаар хандаж байна

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-МАН-ын бүлгээс Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгч нарт бүх зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх шаардлага тавьсан. Шалтгаан нь юу байв?
-Өнгөрсөн оны 11-р сард 2016 оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэж баталсан. Бодлогоо хэлэлцэж, баталж байх үедээ огт яриагүй асуудлыг одоо ярьж байна.  Эдийн засгийн бодлогод хандаж байгаа эрх баригчдын хандлага үнэхээр айдас төрүүлж байна.  Үнэхээр эдийн засгаа хямралаас гаргая, ард иргэдийн амьдралыг сайжруулъя гэвэл төсвийн, мөнгөний бодлогын баримт бичигт хэрэгжүүлэх арга хэмжээгээ суулгах хэрэгтэй.  Уг нь бодлогоо олон талаас нь харж, судалгаа үндэслэлээ сайтар гаргаж байж, хэлэлцүүлэг хийж байж баталж хэрэгжүүлбэл сайн үр дүн гарна. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ сарын 6-нд “Инфляцийн төвшин буурсан учраас зээлийн хүү буурах боломжтой. Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх боломжууд гарч ирлээ. Тийм болохоор ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хүүг таван хувь болгоно” гэдгийг олон нийтэд зарласан. Монголбанкны ерөнхийлөгч Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг барьж байдаг. Банкуудын холбооны тэргүүн Ж.Үнэнбат үүнийг дэмжиж байгаас харахад манай арилжааны банкууд санал нэг байгаа юм байна гэж бид үзсэн. Нэгэнт ийм боломж бүрдсэн байгаа юм бол тэтгэвэр, малчид, цалин, жижиг дунд бизнесийн зэрэг бүх зээлийнхээ хүүг буулга, зээл төлөх хугацааг нь сунга гэдэг шаардлагыг МАН-ы бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт тавьсан. Нэг салбарыг онцлоод байх шаардлагагүй ээ. Үүнийг шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа.
-Эдийн засаг хямарчихлаа гээд яриад байна. Энэ онд манай орны эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд байх бол?
-Дэлхийн эдийн засгийн байдлын төлөв байдлыг хэлээд дараа нь Монголынхоо эдийн засгийн байдлыг хэлье. Өнгөрсөн оны 12-р сард Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн байдал хүнд байна гэж үзээд өмнө хийж байсан тооцоогоо өөрчилсөн. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.2 хувь гэж үзэж байснаа буулгаж 2.9 хувь болголоо. Энэ оны эхээр гарч байгаа хөрөнгийн зах зээл дээрх өөрчлөлтүүд, түүхий эдийн үнийн өөрчлөлтүүд ч 2016 оныг амаргүй жил болох юм байна гэдгийг харуулж байна. Тухайлбал, түүхий нефтийн үнэ нэг торх нь 30 ам.доллараас доошоо буучихлаа шүү дээ. Дахиад ч унана гэж байгаа. Зэс, алтын үнэ унаж байна. Хөрөнгийн биржүүд ч хэлбэлзэлтэй, савлагаатай байгаа. Хятадын хөрөнгийн бирж он гарсаар хоёр өдөр ажилласангүй шүү дээ. Энэ бүхнээс үзэхэд үндсэндээ Монгол Улсын эдийн засаг гадаад орчиндоо амаргүй боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунджаас илүү гарахаа байсан шүү дээ. Мөн 2016 оны төсвийг хийхдээ Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг 4.1 хувьтай байна гэж оруулж ирсэн. Харин манай эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк 0.8 хувь, Олон улсын валютын сан 0.6 хувь гэж тооцсон байсан. Дэлхийн эдийн засаг 2.9 хувьтай өснө гэж хэлж байгаа Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.8 хувь тооцсон нь нэг юм хэлээд байгааг л бид ойлгох ёстой.  Манай улсын эдийн засгийн бодлогын алдаа засагдаагүй дээр нь гадаад орчин ихээхэн муудаж байгаа. Би энэхүү тооцоо дахиад ч буурах болов уу гэж бодож байгаа. Бодлогын алдаанууд засагдаагүй дээр нь гадаад орчин муудаж байгаа учир манай эдийн засгийн байдал энэ 2016 онд улам хүндэрнэ гэдгийг хэлэх байна.
-Та 2015 оны улсын төсөв 200 шахуу тэрбум төгрөгөөр тасарсан гэж ярьсан. Одоо сонгууль хүртэл гайгүй байж байгаад цаашаа бүр дордоно гэх хүн ч байна?
-2015 оны төсвийг хоёр удаа тодотгосон шүү дээ. Хоёр тодотгоно гэдэг чинь төсвийг гурван удаа баталсан гэсэн үг. Батлах болгондоо төсвийн орлогыг бууруулж баталсан. Хамгийн сүүлд он дуусахаас 45 хоногийн өмнө төсөвт тодотгол хийж төсвийн орлогыг 900 тэрбум төгрөгөөр бууруулсан. 2015 оны төсвийн гүйцэтгэлээс харахад  төсвийн орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарчихсан байна.  Энэ Засгийн газрыг дахиад л шүүмжилмээр байна. 45 хоногийн дараах төсвийн орлогоо тооцож чадахгүй байж улс орныг хямралаас гаргах уу? энэ эрх баригчид.  Би бол чадахгүй гэж бодож байна. 2016 оны төсөв яах бол гэж та асууж байна. 2016 оны төсөв бол маш буруу тооцоотой, бараг тоо бүхэн нь буруу шахуу дампуу төсөв ш дээ. Миний хувьд 2016 онд төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасрах байх гэсэн болгоомжлол байгаа. 2016 оны зургадугаар сард болох сонгууль хүртэл хамаг юмаа шавхаж цацаад дараа нь галав юүлсэн ч яахав гэдэг хандлагыг энэ эрх баригчид гаргаж байна даа. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэдэг шийдвэрийг УИХ дэмжлээ. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олговол төсөв дээр 110 тэрбум төгрөг нэмэх ёстой. Өөрөөр хэлбэл  төсвийн тодотголыг хийх шаардлагатай гэсэн үг. Харамсалтай нь УИХ-ын чуулган дээр төсөв тодотгохгүй оны сүүлд олгогдох мөнгийг урагшлуулаад өгнө гэж хэлж байна. Сонгуулийн дараа галав юүлсэн ч яахав гэдэг тийм байдлаар хандаж байна уу даа гэж харж байгаа.
-УИХ дахь МАН, АН-ын бүлэг аль аль нь хүүхдийн мөнгө, оюутны мөнгө, одонгийн мөнгийг бүгдэд нь өгөх хэрэгтэй гээд яриад байгаа шүү дээ. Хүмүүс ч мөнгөний марафон эхлэх нь гэж ярьж байна?
-Мөнгөний марафон эхэлчихлээ. Уг нь ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох зэргийг 2016 оны төсөв, мөнгөний бодлогодоо суулгах ёстой байсан юм. Ардчилсан намын рейтинг тасралтгүй уруудаад байгаа учир сандарч ийм арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм болов уу гэж харж байгаа. Дөрвөн жил улс орноо, эдийн засгаа самарчихаад сонгууль болоход 6 сар дутуу байхад олонд таалагдах гэж оролдож байна уу л гэж харж байна.  Үнэхээр та бүхэн санаж байгаа бол тэтгэврийн зээлийн хүүг буулгаач гэсэн санал тавьж байхад Ерөнхий сайд ч тэр, асуудал эрхэлсэн сайд нь ч “Энэ бол зах зээлийн механизмаар зохицуулагддаг асуудал. Захиргаадалтын аргаар шийдэж болдоггүй зүйл ээ” гэж хариулж байсан. Өөрсдөө өнөөдөр ипотекийн зээлийн найман хувийг таван хувь болгоно гэсэн шийдвэр гаргаж байгаагаас үзэхэд нөөц бололцоо байна гэж бодож байх шиг.
-Оюу толгойн хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалт эхэлнэ гэсэн хүлээлт бий. Түүнээс орлого ороод эхлэхээр төсвийн тодотголыг хийчих юм биш үү?
-Үндсэндээ Оюу толгой дээр их найдлага тавьж байх шиг байна. 2009 онд батлагдсан Оюу толгойн ажил хэвийн явж байхад Н.Алтанхуягийн Засгийн газар нэг захиа явуулаад л зогсоосон биз дээ, санаж байгаа юу? Зогсоогүй байсан бол ингэж 4 жил алдах байсан уу.  Хөрөнгө оруулагч буюу Оюу толгойн хоёрдахь ээлжийн санхүүжилтийг олгоно гэж амлаад байгаа банкууд 2016 оны сонгуулийн дүнг харж таарна. Тэд чинь тэнэг хүмүүс биш. Маш их мөнгө өгөх гэж байна шүү дээ. 2016 оны сонгуулийн дүн ямар гарах нь уу гэдгийг харж байж л мөнгөө өгнө. Сонгуулийн наана мөнгө орж ирнэ гэж өөрсдийгөө хуурах ямар ч шаардлагагүй. Энэ бол ойлгомжтой зүйл. Тэгэхээр 2016 оныхоо сонголтыг ард түмэн зөв хийцгээгээрэй гэж хэлмээр байна.  
-Төсөв хүндэрнэ, Оюу толгойн хөрөнгө оруулалт сонгуулийн наана орж ирэхгүй гэж та ярилаа. Гэвч аль аль нам нь мөнгө тараахыг багасгах талаар санал гаргахгүй. Харин ч бүгдэд нь өгөх хэрэгтэй гэж ярьж байна. Түүнийгээ ч дэмжицгээж байгаа. Тэгэхээр улам л хүндрэх юм биш үү. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?
-Та бүхэн санаж байгаа бол 2016 оны төсвийн бараг бүх санал хураалтан дээр би эсрэг санал өгч байсан. Яагаад гэхээр 2016 оны төсөв алдаатай, тоо болгон нь худлаа, хариуцлагагүй дэлхийн эдийн засгийн байдал, Монголын эдийн засгийн төлөв байдлыг мэдрээгүй тэс хөндлөн төсөв болж байсан учир бүх санал дээр эсрэг байр суурьтай байсан. Ийм төсөв ерөөсөө батлагдаж байгаагүй юм. Хямралыг улам эрчимжүүлэх төсөв болоод байгаа учир эсэргүүцсэн юм. Жишвэл хатгаа тусчихсан хүнд гэдэс гүйлгэлтийн намжаах фатлазол өгч байгаатай яг адилхан зүйл болсон. Тайлбарлаж, ойлгуулах гэж зөндөө оролдсон. Яг л эсрэгээр нь шийдвэрээ гаргаж байсан, энэ эрх баригчид.
-Тэгвэл эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэвэл одоо ямар гарц байна вэ?
-Эдийн засгийн өсөлтийг бий болгоё гэвэл мэдээж эхлээд төсөв, мөнгөний бодлогын алдаагаа засах хэрэгтэй. Зөв бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй, савлаад байх шаардлагагүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй. Дээрээс нь экспортыг нэмэгдүүлэх бүх арга хэмжээг авах хэрэгтэй. . Экспортыг нэмэгдүүлэх гэхээр одоогийн ганц төмөр зам, ачааны машинаар зөөгөөд дийлэхгүй. 7 жил амаараа барьсан төмөр замаа бодитоор барих хэрэгтэй.  Хэрвээ төмөр замтай байсан бол эдийн засгийн байдал, валютын ханш өнөөдрийн байдалд хүрэхгүй байсан. Аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд бензиний үнэ маш их нөлөөлнө. Би бензиний үнийг буулга гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Хил гарангуут нэг литр бензиний үнэ 900 гаруй төгрөг байгааг ойлгох хэрэгтэй.
-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт та орж ажилласан. Түүгээр 50 хүртэл хувьд нь гар тооллого давхар явуулья гэж тохирсон. Энэ талаар?
-Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт С.Бямбацогт дарга, Н.Энхболд бид гурав намын бүлгээ төлөөлж орж ажилласан. Ардчилсан намаас А.Бакей, Б.Гарамгайбаатар, М.Батчимэг нарын гишүүд орсон. Хар машинд итгэх итгэл ард түмний дунд уначихсан шүү дээ. Манай намын хувьд хар машины тооллогын дэргэд давхар гар тооллого хийчихье гэсэн санал тавьж байсан. Ардчилсан нам болохоор хар машин эцсийнх байна. Гар тооллого хийхгүй гээд хоёр тал болчихсон л доо. Ингээд дундын хувилбар болгоод 50 хувь хүртэлхийг давхар гар тооллого хийхээр болсон.
-Хар машины дүн, гар тооллогын хариу хоёр зөрвөл яах вэ?
-Хар машиныхаар болно гэж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин

Tuesday, January 19, 2016

Сайн анчин ангаа, харин муу анчин өөрийгөө

1996 онд Ардчилсан нам анхныхаа ялалтыг авч байлаа. Гэсэн ч эрх ашгийн зөрчилдөө хүлэгдсэн эрх баригчид төр улсаа төвхнүүлэх гэхээсээ илүүтэй төрөөрөө тоглож, гурван Засгийн газрыг нүүр үзсэнээр Ардчиллын "хаанчлал" төгсгөл болж 2000 оны сонгуулиар өрсөлдөгч намынхандаа гараа өргөн бууж өгсөн түүхтэй. Ер нь сэхэл авалгүй байсаар 2012 онтой золгосон юм. 16 жилийн дараах ялалт. Гэвч тэд энэ ялалтандаа эзэн шиг эзэн байж, төрөө түшиж чадсангүй. Муу хүнд үг бүү хэл, мухар үхэрт худаг бүү үзүүл гэгчээр эрх мэдлийн үзүүрээс атгасан тэд өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагаж 2 дахь Засгийн газраа байгуулсан. Гэвч энэ Засгийн газар нь мөн л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Хэрэв энэ удаад АН-ынхан Засгийн газраа хамгаалж үлдэж чадахгүй бол 1996 оны түүх нь давтагдаж тэд дахиад хэдэн жил улс төрөөс арчигдахыг таашгүй. Сөрөг хүчнийхэн тэднийг дэвсэж хаяна уу гэхээс дэмжинэ гэж үгүй. Товчхондоо МАН-ынхан өрсөлдөгчөө намнадаг. Харин АН-ынхан бие биенээ намнадаг намынхан. 1996 оноос хойш М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Н.Алтанхуягийн гээд дөрвөн Засгийн газраа намнасан. Харин одоо Засгийн газраа унагаавал 2016 оны сонгуулиар авах саналуудаа намнаж байна гэсэн үг. Сайн анчин ангаа, харин муу анчин өөрийгөө намнадаг юм байна 
Нарангарав. Жамц

Monday, January 18, 2016

Д.Цогтбаатар:Зээлийн хүүг бууруулсан бол хурдан л хэрэгжүүлэх хэрэгтэй

Огноо: 2016 оны 01 сарын 15

Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригч намынхан “Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулна” гэдгээ сүр дуулиантай мэдэгдлээ. Барилгын салбарыг удирдаж явсан хүний хувьд үүнийг та хэр хөрсөнд буусан шийдвэр гэж үзэж байна вэ?
–Ипотекийн зээлийг олон хүнд хүргэхийн тулд хүүг бууруулах асуудал байж болно. Монгол Ардын нам өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форумын үеэр гаргасан тунхаг бичигтээ ипотекийн зээлийн хүүг бууруулна гэсэн зорилт тавьсан. Ингэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулж, тооцоо судалгаатайгаар эдийн засаг тогтворжоод ирэхээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Ер нь эдийн засаг тогтворжоод ирэхэд, бас ипотекийн зээлийн сан аривжаад ирэхээр хүүг бууруулах нь зөв. Одоогийн эдийн засгийн хүндрэлтэй үед аливаа арга хэмжээг харин нарийн тооцоо судалгаатай хянуур авч хэрэгжүүлэх ёстой.Барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэцүү байгаа өнөө үед аливаа улс төржилтгүйгээр зээлийг хурдан л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-МАН-ынхан хамтарсан засагт байхдаа орон сууцны зээлийн хүүг бууруулж болоогүй юм уу?
–Биднийг хамтарсан засагт 2014 оны эцсээр орж ирэхэд инфляци хоёр оронтой тоотой байсан. 10 хувиас дээш давчихсан болохоор хүүгийн тухай ярих ямар ч боломж байгаагүй. Их халалттай байгаа эдийн засгийн үед зохиож гаргасан 30 хувийн урьдчилгаатай найман хувийн хүүтэй, 80 метр квадратын хязгаартай зээл чинь иргэдийн амьдралтай авцалдахгүй байна гэдгийг олон нийтэд ойлгуулж өөрчлөхийн төлөө зүтгэсэн. Хүний эрүүл мэндтэй үүнийг зүйрлэвэл даралт өндөртэй хүнтэй халсан эдийг засаг адил.Тэгэхээр 30 хувийн урьдчилгаатай зээл даралтыг нь буулгах эмтэй адил. Харин эдийн засаг хурдтай унаж байхад нөгөө л хөргөх “эм”-ээ хэрэглэвэл даралт нь бууж буй хүнд даралт буулгах эм өгч буйтай адил болно.Тэгэхээр энэ байдлыг өөрчилж, олон түмэнд орон сууцны зээлийг хүртээмжтэй болгох шаардлагатай болсон. Бидэнд байсан боломжит хувилбар нь урьдчилгаа төлбөрийг буулгах байлаа.Бид чиглэл, бодлогоо зөв гаргаж өгсөн. АН-ынхан манай санаачилж байсантай давхцуулахгүйгээр(магадгүй манайхыг сурталчилах гээд байгаа тул) өөрийн болгож хийгээд тэр нь ард түмэнд ээлтэй тусч байвал хурдан хэрэгжүүлэх л хэрэгтэй. Салбарыг хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд ярьснаа цаг алдахгүй хий л дээ гэмээр байна. Түүнээс биш улстөржүүлээд , болсон болоогүй тайлбар хийж иргэдийн толгойг эргүүлээд байх шаардлагагүй.Өмнө нь 10 хувийн урьдчилгаатай холбоотой үнэнд нийцэхгүй яриа, тайлбарууд явж байсан. Иргэн хүн 10 хувийн урьдчилгаа төлөхөөр цаана нь 90 хувийн төлбөр байгаа. Үүнийг 20 жилд төлөхөөр сард төлөх мөнгөн дүн нь өсөөд байна гэж ярьцгааж байна лээ.Үнэнийг ингэж гуйвуулах хэрэггүй.Зээл төлөх хугацааг нь яг дээрхийг урьдчилан тооцоод 30 жил болгосон. Тиймээс сарын төлбөр, орлогын хэмжээ хуучнаасаа ерөнхийдөө өөрчлөгдөөгүй.Яагаад ийнхүү улаан цайм гуйвуулан тайлбарлаадбайгааг ойлгохгүй байна. Мэдээллийн зөрүүнээс болсон юм болов уу. Яагаад орон сууцны зээлийн хүүгзургаа, долоон хувь биш таван хувь гэж сонгоод байгаа вэ гэхээр хуучин найман хувийн зээл дээр ±1%гэсэн тогтолцоотой байсан. Хөдөө орон нутаг долоон хувийн хүүтэй зээл өгч байсан. Тэгэхээр долоон хувь нь тохиромжгүй.Манай намын үед зургаан хувийн хүүтэй зээл гэж байсан учраас зургааг бас сонгож болдоггүй. Ямар нэгэн байдлаар Ардын намтай наалдчихаж магадгүй гэж бодсон байх. Тэгээд л таван хувь дээр буусан болов уу. Нам хоорондын улс төрийн өрсөлдөөнөөс ард иргэд хожиж байвал болох нь тэр.

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгочихвол барилгын салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
–Богино хугацаандаа барилгын салбарт сөргөөр нөлөөлөхгүй. Гэхдээ хоёр, гурван хувьсагчтай зээлийн тогтолцоонд хүүг нь бууруулахаар цаана нь босгыг нь өндөрсгөх шаардлага үүснэ.Тиймээс 10-ын урьдчилгааг 20% болгож байгаа юм. Өмнө нь иргэд 30%-ийн босгыг давж чадахгүй байсан. Өнөөдөр 20 хувь дээр үлдээчихээр энэ босгыг хэдэн хүн давж орж ирэх бол. Ямартай ч урьдчилгаа төлбөрийг нь олж, банкны шаардлагыг хангах хүний тоо тийм ч их биш байх болов уу. Яагаад гэвэл 10 хувийн урьдчилгааны босгыг давах хүн 20 хувийг давах хүнээсяаж ч бодсон их байж таараа. Хүүг нь хэчнээн сайхан буулгасан ч урьдчилгаа нь өндөр байхаар гэрээ хэчнээн сайхан тухлаг болгосон ч тухайн иргэн босгыг нь давж орж ирээд амарч чадахгүй л гэсэн үг. Иймэрхүү л дүр зурагтай байгаа. Хүү дээр нэг асуудал бий. Бидний санал болгосон тогтолцоо бол ард иргэддээ хүртээмжтэй мөртлөө зээлийн санд хохиролгүй. Баталгааны мөнгө эргэн төлөгдөөд арвижаад орж ирэх тогтолцоо байсан. Одоогийн хүүг буулгаад таван хувь болгочихоор буусан хүүний зөрүүгээр мөнгө санд эргэж орж ирэхгүй. Зээлийн сан эргэлт бүрдээ тэлж байх тусмаа олон хүнд зээл болон хүрнэ.Харил буулгасан хүү тэр хэмжээгээрээ эргэн орж ирэхгүй мөнгө.Ипотекийн зээл хамгийн сайн төлөлттэй байдаг тул түүнийг нийгмийн даатгалын сантай уялдуулж өгөхөөр хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Уг нь энэ бидний эхлүүлсэн хамгийн чухал өөрчлөлт.

-Урьдчилгааг 20 хувь, зээлийн хүүг таван хувь болгохоор арилжааны банкуудын шаардлага улам өндөрсөх үү. Банкинд ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэх боломж нэмэгдэх юм биш үү?
–Орон сууцны зээл цаанаасаа эх үүсвэртэй.Энэ мөнгийг нь банкууд аваад үйлчилгээ хийгээд явж байгаа учраас эрсдэл үүсэх магадлал харьцангуй бага. Дээр хэлсэнчлэн хүү бууснаас болж урт хугацаандаа зээлийн сангийн тэлэлт багасана гэсэн үг.Жишээ ньнэг их наядаас 80 тэрбум төгрөг орж ирэх байсан бол 30 тэрбумаар бага орж ирнэ. Тэр 30 тэрбум хэчнээн хүнд ипотекийн зээл болж очих боломжтой билээдээ. Гэтэл энэ боломж хаагдаж байна гэсэн үг.Ардын нам эдийн засаг нэлээд тогтворжиж, хуримтлал нэмэгдсний дараа алсдаа хүүгээбууруулах ёстой гэсэн бодлогыг ярьж байсан.
-Саяхан Үндсэн хуулийн Цэц дээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтуудыг хүчингүй болгосон нь нэлээд маргаан дэгдээлээ. Үүнээс болж найман хувийн зээл зогсонги байдалд орлоо гэж зарим хүн ярьж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
–Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр дээр харах зүйл бий. Яагаад гэвэл хүчингүй болгосон олонхи заалт нь ипотекийн зээлд эрсдэл үүсгэхээргүй. Гэхдээ банкинд мэдэгдэхгүйгээр давхар барьцаалах боломж гарч байгаа бол энэ нь ипотекийн зээлд шууд сөрөг нөлөөтэй. Mortgage гэхээр хүмүүс зээл гэж ойлгоод байдаг. Уг нь mortgage гэдэг чинь барьцаа гэсэн үг. Англи хэл дээр гэхэд барьцааг тайлбарласан олон үг бий.Гэтэл mortgage гэдэг барьцааг тусд нь томьёолсон байгаа. Монголдээр ч барьцаалбар гэж тусгайлан орчуулагдаад байгаа. Иймд энэ нь тусдаа зохицуулалттай байх учиртай.Бусад барьцаатай хольж болохгүй. Банкууд ипотекийн зээлд эрсдэл үүсвэл үл маргах журмаар авч цаашаа зараад олсон мөнгөнөөс хувь хэмжээг нь тохируулж зээлдэгчид буцааж өгөөд явдаг. 70 гаруй мянган хүнд олгочихсон энэ зээл шүүхдэж авдаг болчихвол энэ олон хүний зээл эргээд эрсдэлд орно. Ийм ойлгомжгүйбайдал үүсэнгүүт банкууд болгоомжлох нь аргагүй. Буруутгаж болохгүй. Аль аль талдаа шийдвэрүүдээ нухацтай харах ёстой. Бид нарын ойлгодог барьцаа гэдэг ганц ойлголтын ард маш олон ойлголт бий.

-МАН засагт байхад орон сууцныхүүг бууруулах санхүүгийн эх үүсвэр бага байжээ гэж ойлголоо. Тэгвэл одоо ямар мөнгөөр орон сууцны хүүг таван хувь болтол буулгах гэж байгаа юм бэ?
-Манай нам засагт орсны дараа өрийн тааз ДНБ-ий 60 хувьд хүрчихээд байсан. Нэмж бонд босгож болохгүй, энэ боломжиндоо тааруулж ажиллах болсон.Гэтэл 2015 оны зургадугаар сар гэхэд өрийн хэмжээ таазандаа хүрэхээ болиод доошоо буусан. Яагаад гэхээр төгрөгийн ханш өсөж 1800- гийн орон зай руу орчихсон.Ингээд ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 44 хувьтай тэнцэх болсон. Тэгэхээр44 хувиас 60 хүртэл их ялгаа гарна даа. Урьдчилгаа 20 хувийн төлбөр дээр гаргах мөнгө гараад ирчихэж байгаа юм. Энэ боломж дээр бид хурдтай ажиллаж шийдвэр гаргасан. Ипотекийн зээлийн эргэн төлөлт эрүүл байгаа болохоор тэнд хуримтлагдчихсан мөнгө бас байсан. Дээр нь батлан хамгаалах яамны мөнгийг хамт оруулахаар ярьж байлаа. Тэтгэврийн сангийн мөнгөтэйгээ уялдуулах санаачилгыг ч гарган эхлүүлсэн. Энэ боломжууд өнөөдөр ч гэсэн байгаа учраас таван хувь болгоно гээд ярьж байна. Миний санаа зовж байгаа зүйл бол босго нь өндөр байгаа учраас үүнийг авах хүн хэр олон байх бол л гэдэг асуудал. Нөгөөх нь таван хувийг арай эрт болгочихвуу гэсэн бодол байна. Гэхдээ нэгэнт хийнэ гээд улс төрийн шийдвэр гаргасан бол улстөржүүлээд байлгүйгээр шууд хийх л хэрэгтэй.Барилгын салбар эрсдэлтэй эмзэг байгаа учраас энэ байдлаас гаргах хэрэгтэй.

–Таныг орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох хариуцлагагүй мэдэгдэл хийснээс болж барилгын салбарын борлуулалтад сөрөг нөлөө үзүүлсэн гэж шүүмжилж байна лээ.
–БиЗасгийн газрын шийдвэрийг мэдээлэх үүрэгтэй. Нэгэнт гарсан шийдвэрийг би олон нийтэд хүргэсэн. Энэ бол хариуцлагатай үйлдэл.Засгийн газрын тэргүүн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэрийг гаргаад түүний дараа гадаад руу айлчсан. Явахаасаа өмнө холбогдох сайд нарт энэ шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх үүрэг өгсөн. Энэ нь хуралдааны бичлэгт байгаа. Иргэд буруу ташаа ойлгохвий л гэсэн хэрэг. Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг, даалгаврын дагуу үүнийг хийсэн.
Гэтэл зээлийн хүүг таван хувь болгоно гэдэг албан ёсны шийдвэр гараагүй байхад бүгдээрээ л ярьж байна. Гаргаагүй шийдвэрээ олон хоног ярьж буйгаа хариуцлагагүй гэж үзэхгүй байж Засгийн газраас гаргачихсан шийдвэрийг нийтэд мэдээлсэн намайг хариуцлагагүй байна гэж хэлж байгаатай би санал нийлэхгүй байна.
Барилгын борлуулалт 10 хувийн зээлээс болж зогсоогүй. Намайг сайд болоход 30 хувийн зээл зогсчихсон, 2014 онд нийлүүлэлсэн барилгын 30 хувь нь буюу 7000 байр зарагдаагүй байсан. 7000-ыг шингээгүй зах зээл яаж 27 мянгыг шингээх вэ гэдэг асуулт боссон байсан. Нэмээд 26-27 мянган барилга орж ирж байсан. Тэгэхээр барилгын салбарын борлуулалт аль хэдийнэ зогсчихсон байсан.Барилгын салбарын холбогдох байгууллагууд нь ипотекийн зээлийн тогтолцоог өөрчлөөд өгөөч, урьдчилгаа 30 хувь хэтэрхий өндөр байна гэсэн санал хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Бид доороосоо ирж байгаа санал, хүсэлтийг харгалзан судалж, шинжилсний эцэст шийдвэр гаргасан. Тиймээс орон сууцны урьдчилгаа төлбөрийг мэргэжлийн байгууллагуудын хүсэлт, иргэдийн саналын үндсэн дээр 10 хувь болгох шийдвэрийг тухайн үед гаргаж байлаа.
Ярилцсанд баярлалаа
Ц.Оюунтунгалаг

Бэсүдэй овогт Намсрайн Нагаанбуу ахдаа

Тэнгэрийн хүү, анд, хорвоогийн багш, ах та минь тэнгэртээ буцаад 21 хонолоо. Энэ цагийнхний ойлголт, төсөөллөөр түүхч, гүн ухаанч, зохиолч, зурхайч хүн шиг янз янзаар харагдаж үнэлэгддэг ч Угтай (эцгийн ясаараа), Удамтай (эхийн цусаараа), Угсаатай (биеийн болон оюун санааны удамшлаараа) олны төлөө сэтгэлээ чилээсэн ЦАГААН ЯСТАН, түмний төлөө санаа тавьдаг ЯЗГУУРТАН, төрийн үйлд амиа үл хайрлан зүтгэдэг АЛТАН УРГИЙН хөвүүн билээ. Монголчуудын аминаас аминд амьд ёс зүйгээр удамшдаг хүн ухаан, онцгой оноолттой нэгнийх нь тайлж, буулгадаг язгуур гүн ухаан, тодорхой цаг хугацаа орон зайд зориулж онож хэрэгжих онол - эши болгон гурамсан холбоо, сэтгэлгээгээр буулгаж, тайлж тайлбарласан бүтээлүүд тань дээрх үнэлэлт дүгнэлтийг тэдэнд төрүүлдэг байх.
Мөнхгалын, тэнгэр шүтлэгт Монгол та дээд 99-н тэнгэрийнхээ төгс биежилт, амьд ухаан эрдэм байсан төдийгүй үүнийгээ бидэндээ болон хүн төрөлхтөнд цагаан дээр хараар, цаасан дээр үгээр буулган тайлбарлаж, таниулсан их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч, сэцэн билээ.
Миний хувьд та өндөр удмын мэдээлэлтэй түүнийгээ Нагаанбуу хэмээх нэртэй амь болон амьдрагч биен дээрээ төгс төгөлдөржүүлж, өвөг дээдсийнхээ захиасыг биелүүлсэн, удмаа баталж, бөхлөсөн, Монгол ухаан, эрдмийн багш, хүндэт ах минь билээ.

Өнөөдөр Монголчууд бид
-Монголоосоо – Монголоо хайцгааж байна.
-Монголоосоо – Монголоо олцгоож байна.
-Монголдоо – Монголоо дэлгэрүүлж, түгээцгээж байна.
Ийм ч учраас бид хоёр ерөөлөөр учирцгаасан.
Ингээд цаашаа өнөө цагийн Монголчууддаа арай ойлгомжтой, хялбаршуулсан байдлаар Нагаанбуу ахынхаа бүтээлүүдээс товч утга, яаж бид ухаарч ойлгож, амьдрал ахуйдаа хэрэглэх тухай өөрийн ухаарч, ойлгосноор тайлбарлаж илэрхийлэхийг оролдоё:
Жишээ болгон – Монголчуудын тэнгэр шүтлэгт дурдагддаг 99 тэнгэр хэмээх ойлголтыг авая.
Уг нь бол өвөг дээдсээ шүтдэг, тэднийхээ амьд сэрүүн үргэлжлэл нь өөрийгөө гэж мэддэг, тэднээс нь өвлөгдөж, удамшиж ирсэн оюун ухаан, ой санамжаа тэнгэр хэмээн нэрлэдэг язгуур монголчуудын хувьд мэдээж  миний энэ оролдлого илүүц тул хүлцэл өчих нь зүйтэй.
Саяхан үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн төсөл өргөн баригдаж хэвлэл мэдээллээр цацагдаж, олны дунд яригдаж хэлэлцэгдэх үед их хурлын 76 гишүүдийн тоог 99 болгохоор төсөлд тусгагдсан нь маргаан үүсгэснийг бүгд анзаарсан байх. Энд нэг талаас ядарч, ядуурч, доройтсон олон түмний төрдөө гомдсон бухимдал. 76-н газрын гавын гайг 99 болгож яахын гэх төөрөгдөл, түүнд нь тааруулж оноо авах гэсэн бэртэгчингүүдийн тоглолт, нөгөө талаас өнөөдөр дэлхийд байгаа парламентын засаглалтай орнуудын гишүүд хэдэн сонгогч төлөөлдөг болох тухай, тэр жишгээр бол манайд харин ч 130-аад их хурлын гишүүд байхаас бид ард түмэн та нараа бодоод 76 ба 130 гишүүн гэсэн 2 хязгаарын дундаж 99 гэсэн тоог төсөлд тусгасан гэх түмний дургүйцлийг улам дэвэргэсэн тулгалт тайлбар. Бүр эмгэнэлтэй нь Үндсэн хуулийн шинэчилсэн төслийг боловсруулсан УИХ-н арваад гишүүдтэй ажлын хэсгийг ахласан Нямжавын Батбаяр гишүүнтэй холбон гал тахьдаг, тэнгэр мэнгэр, элэнц хуланц, диван галавын ямар ч хэрэггүй болсон бөөгийн 99 тэнгэрийг сэргээх гэлээ гэх Монголын иргэний үнэмлэхтэй харь цустнуудын, Монголоо алдагсдын доромжлол. Гэтэл бодот байдалдаа үеийн үед Монголчууд хүчирхэг байх үедээ мөрдөж байсан төрийн тогтолцоон дахь Их Хуралдайн ноёдын тоо 95 - 99 байсан нь түүхэн баримт.

Яагаад бид 99-н тоог бэлгэдэж хувь бие хүн төдийгүй төр улсынхаа бүтцэд ёсчлон даган мөрдөж ирэв?

Нагаанбуу ахын бүх бүтээлд ямар нэг байдлаар Монголчуудын өвөг дээдсээ шүтдэг, тэнгэр шүтлэгийн гол ухагдахуун болох тухайн хүн бүр дээд 99 үе өвөг дээдсийнхээ амьд үргэлжлэл, удамшил байдаг гэдгийг уншсан хэнбугай ч ухаарахаар тайлбарласан байдаг. Тухайлбал “Итгэхүйн Ухаан” номныхоо 174-175-р хуудсанд :
“Монголын бөө мөргөлд тэнгэрийн тухай хамгийн олонлог ухагдахуун нь 99 тэнгэрийн ойлголт. Энд үүсэл сэдлийн түүхийн талаар ярилцах боломжгүй Мөнх тэнгэр, ялангуяа 99 тэнгэрийн ухагдахуун яагаад үндэстэн угсаатны хэмжээнд өргөн даяар итгэгдэн шүтэгдэх болсон учир шалтгааны талаар товч үгүүлсү.
Мөнх тэнгэр бодот байдал. Энэ бодот байдлыг мөнх утгаар нь хийсвэрлэж хаадын болон өмнөх бүхий л үеийн өвөг дээдсийн гарал заяатай домогшуулан холбосон, “одоо” тулгарсан үүрэг – ирээдүй цагийн үнэн гаргалгаанд хүргэх шаардлага “Мөнх тэнгэр” онол” юм.
Бүр 99 тэнгэр гэх нь цаад утгаараа өвөг дээд удам ухагдахууны тэмдэг бэлгэдэл бөгөөд түүний зураг зураахай нь (Зурхай – зураг ухагдахуун. Түүнийг үйлдэн шинжихүй нь зураахай. Бас хурдан морины гарааг зураахай гэмүй) хүний алганд байдаг гэнэ. Хүн арван хуруутай бөгөөд түүнд бүрэн 55 цагаан тэнгэр агуулагддаг гэх ба энэ нь 1-10 хүртэл тооны нийлбэр 55 байдаг. Энэ нь эхээс заяасан бүрэн заяа бөгөөд хар тэнгэрс нь тэднээс эхлэл буюу 1, төгсгөл буюу 10 дутуу тул 44 хар тэнгэр болдог нь эр буюу эцэг тэнгэрс аж.
Нэгэнт тэнгэрийг эцэгтэй адил алс хязгааргүй бас ч хатуу зөөлөнтэй дүрслэсэн, газрыг өсөн төлжих тэжээн тэтгэх халамжаар дээдлэсэн энэ тоо нь эхийн талын 55 удам эцгийн талын 44 үеийн удамшил (гени) “Би”-д хадгалагдаж байдаг гэсэн онол болжээ”.
176-р хуудсанд :
“Гэтэл анх төрөх, энх амьдрах, мөнх удамших үзэгдэл нь үнэндээ зуурдын хэсэгхэн хугацаа тул 9 тэнгэрийн хүлээцтэй, харин амьд байх энх амьдрахуй нь урт насаар хэмжигдэх тул 81-ийн бэлгэдэлтэй гэж хамгийн том найр ой 81-ний найр байдаг байжээ. Энэ тохиолдлоор 81 овог аймаг, 81 унь гэх мэт харилцан шүтэлцээтэй тоон бэлгэдлүүд олон бий. Энэ нь 9+81+9=99 тэнгэрийн гаргалгаа бөгөөд бас 55+44=99, 3x33=99,33+33+33=99 гэх мэт тоон бэлгэдлийн олон үйлдлээр тайлбарладаг.”

177-р хуудсанд :
“Гэхдээ энэ тэнгэрүүд нь угтаа хүний тархи толгойд удамшин хадгалагдсан 55+44=99 удам угсааны ой ухааны амин санаа эрдмийн хадгаламж болно”.
Иймд уншиж, ухаарч амжаагүй хүмүүст зориулж товч тайлбарлая. Үүнийг уншигч та болон үл уншигч хэнбугай ч, аль нэг намын гишүүн байхаас үл хамааран, тэр байтугай нигер, нангиад, англо сакс гарлаасаа ч үл хамааран ямар ч хүн өөрийг нь үүсгэж, бүтээсэн эцэг эх хоёроосоо генийн хувьд бие нь ижил төстэй удамших төдийгүй оюун санаа нь ч бас удамшдаг. Дэлхий дээрх бүх амьд зүйл хэлбэр ба ухамсраараа удамшдагтай адил. Яргуй яргуйгаараа, чоно чоноороо, ялаа ялаагаараа удамшдаг шиг. Өвөг дээдэс маань ертөнцийн энэ хууль, хорвоогийн жам зүйг сайн мэдэх тул үр хойчис бидэндээ шүтээн болгон дээдлэж хүнээрээ, монголоороо байгаасай хэмээн захиж, сатаарч самуурч осолдохвий гэх захиас нь өнөөдрийн хэлбэржсэн ёслол маягаар харагдаж, ойлгогдож буй бөө мөргөлийн зан үйлийн тайлга, тахилга дах 99 тэнгэрийн дуудлага. Бодот байдалдаа уул нь маш энгийн зүйл шүү дээ энэ 99 тэнгэр. Үүнийг бичигч Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие эсвэл үүнийг уншиж буй та бид бүгд эцэг (яс) талаасаа дээд 44 үеийн, эх (цус) талаасаа дээд 55 үеийн мэдээллүүдийг авсан эцэг 44 + эх 55 = 99 үеийн мэдээллийг агуулагч + 1 тухайн амь = 100 тэнгэр болон төгөлдөржсөн бодгал. Ямар нэг хүний сэтгэл түүний илрэл болох ааш араншин, үйлдэл зэрэг нь тухайн тохиолдолд илэрч буй уг хүний 99 тэнгэр буюу 99 өвөг дээдсийн хэн нэгнийх нь удамшсан оюун санаа (ой санамж) гадагшилж буй хэлбэр юм. Ийм ч учраас муу юм бүү бод, хэл, үйлд гэх сургаал захиасууд, харааж биш ерөөж амьдрах ёс зүй нь дээд удмын 44 ба 55 үе дотроосоо мууг нь өөр дээрээ бүү амьлуулаасай гэх гүн ухаан юм. УИХ-н гишүүн бүр өөрийнхөө дээд 99 үеээсээ сайныг нь амьлуулаасай, 99 УИХ-н гишүүн бүгд төрөө зөв амьлуулаасай гэж бэлэгдэх нь Монгол төрийн уламжлал сэргэж, төрийн хар хайрцаг (удамшсан хар толгойнууд) амин чанартаа шилжиж эвлэлдэж эелэлдэх ирээдүй тул та бүхэн минь зөвөөр ухаарцгаана уу.

Жич : Одоогийн УИХ-н гишүүдийн тоо 76 байгаа нь дордохын долоогоос чөтгөрийн зургааруу буулгасан санаатай харийнханы шургуулсан биднийг хооронд нь тэрсэлдүүлсэн муу ёрын тоо гэдгийг шинж тэмдэг, дохионы онол гадарладаг бүх хүн мэддэг болно. Үргэлжлэл бий.

Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү

Отгонбаярын ярилцлага

Отгонбаярын ярилцлага
http://itoim.mn/index.php/site/news/3427

Sunday, January 17, 2016

ТЭНГЭРИЙН САХИУС БУЮУ ХҮННҮ НЭРИЙН ТУХАЙ НЭГЭН БАРИМТ


Миний бие 1997 онд Токиогийн Боловсрол Соёлын Их сургуульд суралцаж байх ахуйдаа Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номыг орчуулан хэвлүүлж, анхны номоо өлгийдөн авч ихэд баярлаж явсансан. Тэр бүтээл монголын сэхээтэн голдуу, түүх соёл сонирхдог олон хүний анхаарал, сонирхлыг татаж тэгэсгээд борлогдон дуусч одоогоор дахин хэвлэгдээгүй байгаа юм.
Монголын гайхамшигт зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай “ Өдрийн сонин”-ны №191/1999.10.20/ дугаарт “ Тэнгэрийн сахиус” буюу зоргоор хүүрнэхийн ид шид” хэмээх шүүмж бичиж, Шиба гуайтай амьд ахуй цагт нь уулзсан болоосой гэж халаглаж, энэ ном тархинд минь ямар нэг гялгар хурц юм суулгачихлаа, түүгээр нь чухам хэдийд юугаа гэрэлтүүлж чадах эсэхийг одоохондоо мэдэшгүй гээд “ номын орчуулга ч давгүй бололтой” хэмээн өчүүхэн надад урам хайрлаж байсан нь санаанд тодхон, сонины шарласан хуудсанд үлджээ. 
С.Эрдэнэ баавай “ миний өвчтэй газар”-ыг хатгасан хэдэн сайхан санаа байна гэж Шиба гуайд талархсан байдаг. Үүний нэг нь яах аргагүй Хүннү нарын нэр нэршил буйзаа. Тэрбээр “ Хүннүгээс эхэлсэн монгол түүх домгийг алийг яаж барах буй. Тэр талын миний мэдлэг Шиба гуайд дөхөхгүй нь мэдээж” хэмээн даруухан өгүүлээд Хүннүгээс эхлэн монголын нүүдэлчдийн их түймэр Евро Азийн их талын захаас захыг идсэн тухай өгүүлснийг нь онцолсон байлаа. 
Шиба гуай “ Тал нутгийн тэмдэглэл” зохиолдоо Хүннү нарыг зүгээр нэг дурьдаагүй нь ойлгомжтой. 
“ Монгол нутгийн хээр тал тэнгэртэй ойрхон байдаг тухай билээ. Уг газар ердөө л тэнгэр газар хоёроос бүтэх агаад хүний бараа ховор тул тэдний амьдрал тэнгэрт байдаг болов уу гэмээр. 
.... Мөнөөх бүлэг хүн хөх огторгуйтай нийлэн алдсан эх газартаа амьдран сууж, хонин сүргийнхээ явдал даган хөдөлсөөр заримдаа манхан говио туулж ирээд / умард зүгийн тэдэнд учирлаж хэлэх үг байсан л байх даа/ гэвч тариачны улсаас хүнс хувцас дээрэмдэн авах ажгуу. Хүмүүс тэднийг ХҮННҮ гэж нэрийднэ. 
Ийнхүү ХҮННҮ нарын халдлага дээрэм бэрхтэй тул Жао улсын Ү Лин вантан үгүй энэ байлдаж дайтахын хэрэг, цэрэг зэвсгийн хувцас жаягийг бүр энэ ХҮННҮ нараас өөрөөс нь сурвал дээргүй юү хэмээн цэрэг зэвсэг, дайтахуйн ухаан, хувцас хэрэглэлийн их хувьсгалыг хийсэн байдаг. Энэ тухай баримтыг Сыма Цзяны “ Түүхэн тэмдэглэл” шашдираас Шиба гуай эшилсэн нь бий. (Энэ дашрамд хэлэхэд энэ агуу шашдир Б.Галааридын орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдсэн ) 
“ Ху / хүннү/ - гийн ёсоор хувцаслаж морин дэл дээр дайтья “гэсэн уриа Хан үндэстний хувьд олон мянган жил цэрэг батлан хамгаалах системийнх нь толгой үзэл санаа байсан гэхэд хэлсдэхгүй. Ингээд бодохоор монгол үндэстний хувь заяа Эрдэнээ гуай Шиба гуайн хэлдэгээр Тэнгэрийн сахиус нь ХҮННҮ нартай түүний эх газар нутагтай нь холбоотой болж байна. 
Түүгээр зогсохгүй ХҮННҮ нарын хувцас хэрэглэл хүний хөдөлгөөнд бүрнээ зохицсон дайн тулааны цагт ч энхийн цагт ч өмсөж болохуйц биед эвтэй хялбар бөгөөд ханцуй урт нарийн хулсны нүх адил, урт өмд өмсдөг, өвдөгнөөс доогуурхан хүртэл урт түрийтэй ээтэн хоншоорт гутал өмсдөг зэрэг нь үнэхээр прагматик төдийгүй хан үндэстний урт нэлэмгэр ханцуй, өмдгүй, гуталгүй төрхнөөс юутай давуу байсныг хаантан олж хараад хувцас хэрэглэлийн хувьсгалаас ялалтын эхээ олж харсан гэсэн үг юм. За тэгээд европ цэргийн хувцасны эх болсныг бас санаарай. Өмд өмсөцгөөе.....Европ хувцасны өвөг яах аргагүй ХҮННҮ нар. 
“The old Huns”. ХҮННҮ хэмээх үг европд очоод Hun гэх болсон. Шиба гуайн багш нь “ эрт цагт Хан улсын хүн хээр талд ХҮННҮ хүнтэй санаандгүй таарлаа гэж бодье. ХҮННҮ хүн морьтой явах тул нангиад хүн ихэд ширвээтэж та хэн бэ гэж асуулаа. Түүний хариуд ХҮННҮ хүн морин дээрээсээ БИ ХҮН байна гэж хариулжээ. Энэ үгээр энэ үндэстэн нэршсэн юм гэж ярьсан гэдэг. Монгол хэлний хүн бичгийн хэлээр хүмүн болно. Энэ нь ХҮННҮ тэй дуудлага төсөөтэй. ХҮННҮ нар манай эриний 2 дугаар зуун орчимд одоогийн манай монгол нутагт, (дэлхийн түүхийн томоохон бичвэрүүдэд хятадын хойт хавьд гэж голдуу бичигддэг) сураг тасарч нэг хэсэг нь одоогийн Киргиз хавь руу нүүж оджээ. Хамгийн гайхалтай нь манай эриний 4 дүгээр зуунаас Европд үзэгдэх болжээ. Тэд энэхүү ихэмсэг морьтон ардыг HUN гэж дууддаг байна. Киргиз хавиас өвсний сөл усны тунгалгийг мөшгиж явсаар Дунай мөрөн хавийн тал газар бараадан баруун зүүн Готуудыг эрхшээлдээ оруулсан байдаг. ХҮННҮ хаан Аттила Унгарын өндөрлөг тал нутагт хэрэн суурьшсан билээ. 
Хятадууд Чин улсын сүүл хавьд дэлхийн улс орны нэрүүдийг ханз үсгээр оноож нэрлэх шинэчлэл хийхдээ Унгар улсын нэрийг англи европ бичлэгийг эх үндэс болгосон байж магадгүй юм. HUNGARY хэмээх бичлэгтэй төсөөтэй ч “хионгяари” буюу орчин цагийн хятад хэлний хионг хэмээгч нь ХҮННҮ –г тэмдэглэдэг ханз үсэг. Энэ нь сьюнъяари гэж дуудагддаг. Саяхнаас хонгяари гэж дуудах болсон тухай Шиба гуай бичжээ. Юутай ч HUNGARY буюу Унгар гэсэн үгийг ХҮННҮ гийн ханз үсэг оролцуулж бичих болсон нь сонирхолтой юм. Эд өнөөх ХҮН нарын удам угсаа шүү дээ гэж Чин улсынханд хэлж өгсөн ч байж магадгүй нь гэж Шиба гуай үздэг. 
Европын Аттила хааны олдворууд дотор дөрөө, сэлэм, хүрэл хэрэглэл олноор гарахын сацуу ХҮННҮ нарын нөөц газар одоогийн Эрхүүгээс алс баруунш Енисей мөрний дээд эх Минишенскийн хотгороос, бас Сибирийн өмнөд тал Аржяны хөлдүү булшаас гарсан скиттүүдийн хүрэл тогоо жалавч хүртэл олон олдвор гарч байгаа тул ХҮН нар чухам уугуул ямар арьстан бэ гэдэг нэг мөр яг таг Монголчууд мөн гэж хэлмээргүй хэлүүлмээргүй үндэстнүүд захаас аваад гарах болжээ. Харин Монголын Ноён уулын булшнуудаас гарч буй олдвор монголчууд өөрсдөө л бусниулаад үрэн таран хийчэхгүй бол дэлхийн эрт цагийн энэ хүчирхэг үндэстэн ХҮННҮ судлалд том үүрэг гүйцэтгэж ирсэн одоо ч гүйцэтгэсээр байгаа юм. ХҮННҮ нарын язгуур гарвал төрхийн талаар одоогоор 100% нэг мөр болгож эрдэмтэд тогтоогүй байна. “ Цагаан арьстан гэхгүйн баталгаа алга” гэж Японы Үчида Гинпү нарын эрдэмтэд үзэх нь ч байна.
Манай түүх судлал дэлхийд тэгтлээ хүчирхэг биш. Бид өөрсдөө л хүчирхэг гэж боддог болохоос. Дэлхийн түүхэн эх сурвалж бичгүүдийг ялангуяа хятад, англи, орос, япон зэрэг эх хэлээр нь судалгааны ажилдаа чөлөөтэй ашигладаг эрдэмтэд байгаа ч олон биш байна. Бас хэн нэгэн улс төрчийн зарлиг ч бас мөнхийн биш. ХҮННҮ мандсаны 2220 жилийн ойг тэмдэглэж сүржигнээд уугуул газрыг нь ухуулж төнхүүлэхийг нь дэмжиж байгаагийн учрыг хэн бүхэн ойлгохгүй байна. 
Харин түүхийн эх сурвалжийн баталгаа нотолгоо болох зүйл Ази тивийн цээжин дээрх манай Монголын нутаг орноос хангалттай гарч байна. Энэ олдворуудаа нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалж явах цаг иржээ. Бүүр тулгамдаж байна. 
Гэтэл яг энэ цаг үед Монголын төр засаг өөрсдөө Тэнгэрийн сахиус Ноён уулаа дэлхийн захын нэг наймаачинд тэр байтугай ногоон үзэлтнүүдийн цуутай дайснуудад ухуулахаар ХУУЛЬ хийж байгаад дээрэмдэхээр болж байна. Тэрийгээ Ноён уулын булш бунханд хүрэхгүй ойртохгүй гэж хуурч, алсуураа байгаль экологийн тэнцвэрт ноцтой хохирол учруулах замаар байгаль газар шороог нь хордуулах замаар алт олборлодог бодит үнэнийг нүдэн балай чихэн дүлийгээр арилжиж байгаа юм. 
Ноён Уул тойрсон олон мянган жилийн төр улсын оршин тогтнох, амьд үлдэх, Монгол үндэстэн гэж байх эсэх, Монголчуудын уг гарвалын төлөө халуун амь бүлээн цусаа зориулж хамгаалж ирсэн түүхийн доторхи монголчуудын хичээл зүтгэлийг хорь хүрэхгүй хулгайч нар бүлэглээд устгах гэж байгаад монголчууд эмзэглэж байна бус уу. Шүлэнгэтээд санаархаад олон мянган жил болсон ийм төр улсыг ийм амархан нурааж байгаад эмзэглэхгүй монгол хүн байна уу. Ноён ууланд монголын ноёдын булш бунхан сахиус нь оршиж байдаг гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж устгуулж байгаад бухимдаж байгаа юм. 
Засаглалын хямрал бий болгож байгаад эдийн засгаа уналтад оруулж, өр зээлд бариулж, дээр нь дэлхийн хэмжээний том удирдагч болох гэсэн хувь хэнээрхэл, улсаа аажим аажмаар устгаж байгаагийнхаа хариуцлагаас эвтэйхэн мултарч аль нэг орон олон улсын байгууллагын нөмөр нөөлөгт орох гэсэн увайгүй гэхэд дэндүү увайгүй, монгол оронд элэггүй удирдагч нарын эдийн засаг улс төрийн буруутай үйлдлүүдээс болж аргагүй мөнгөгүйн эрхээр Ноён Уулаа хүртэл зарахад хүрч байна. 
Эцэст нь Сэнгийн Эрдэнээ гуайг хэрэг болгон дурьдсаных Монголын ардчиллын анхны зүтгэлтнүүдийн нэг Монгол Улсын баатар, Сэнгийн Эрдэнийн хүү Э.Бат Үүл Та үзэл нэгтнүүддээ хандаж үгээ хэлж Ноён Уулаа авч үлдэхэд Монголын ард түмэнд туслаач гэж хүсье. Таны эцэг тэнгэрийн орноос тэнгэрийн сахиусаа харж байгаа даа.
С.Жаргалсайхан.

Friday, January 15, 2016

Бат хааны цэргийн тооны асуудалд

Түүхч Т.Сүхбаатар

1235 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотноо Өгэдэй хаан их хуралдайг зарлан хуралдуулсан. Уг хуралдайгаар баруун зүгийн орнуудыг (Орос, Европ) байлдан эзлэх төлөвлөгөө боловсруулж хэлэлцсэн байна. Баруун зүгийн аян дайныг манлайлан удирдагчаар Зүчийн хүү Бат томилогдсон байна. Батын эзэмшил нутаг тэр зүгт байсан болохоор түүнийг томилсон бизээ. Бат их хаан Өгэдэйг дагаж өмнөд Хятадыг эзлэх аян дайнд оролцохдоо их жанжны яруу суу билгээ харуулж ихэд үнэлүүлсэн билээ. Түүний зөвлөхөөр тухайн үед 60 орчим настай Сүбээдэй, мөн “Бурундай” хэмээх нэрээрээ өрнөдөд алдартай Боролдай жанжин нар явсан байна. “Сүбээдэй жанжин цэрэг удирдахаас илүүтэй эрх мэдэлдээ эрэмшсэн хан хөвгүүдийн эе эвийг олж, нэгэн удирдлагын дор зохицуулах ихээхэн төвөгтэй үүргийг хүлээсэн юм.”(Цолмон,2006,х.10) Энэ аян дайныг хан хөвгүүдийн, ахмад хөвгүүдийн аян дайн хэмээн бас нэрлэдэг. Учир нь энэ удаагийн аян дайнд Чингис хааны алтан ургийн 13 хан хүү оролцсон. Зүчийн хүү Орд, Бат, Бэрх, Шейбан, Тангут, Цагаадайн хүү Байдар, ач Бүри, Өгэдэйн хүү Гүюг, Хадан, ач Хайду, Тулуйн хүү Мөнх, Бүжэг, Чингис хааны тав дахь хүү Хүлгэн нар оролцсон юм. Бат хаан энэ аян дайнд ихэд анхаарч ач холбогдол өгч маш сайн бэлтгэсэн. Учир нь энэ түүний анхны бие даасан аян дайн байлаа. Байлдааны тактик цэргийн бэлтгэл гээд бүхий л зүйл дээр анхаарч ялангуяа 1223 онд Калка голын эрэгт Оросуудтай байлдаж үзсэн Сүбээдэй жанжны зөвлөгөөг голлон анхаарч байсан ажээ. Юуны өмнө тэрээр баруун зүгт тагнуул туршуул явуулан тагнуулын мэдээ маш ихээр цуглуулсан нь байлдааны нэг арга тактик байсан нь лавтай. Бат хаан баруун зүгт хийх аян дайныг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд: Нэгдүгээрт: Зүүн хойд Оросыг эзлэн авах Хоёрдугаарт: Өмнөд Оросыг эзлэн авах Гуравдугаарт: Зүүн болон төв Европыг эзлэн авах “Монголын их цэрэг 1235-1236 оны өвөл Эрчис (Иртыша) мөрний эх, хойд Алтайд цуглаж дайны бэлтгэлээ хийсэн байна.” (Каргалов,1966,х.21) Цэрэг бүр өөрийн 3-4 хос морь, 2-3 нум, түүнд хэрэглэх саадаг, байлдааны илд, сэлэм, хутга, жад, бугуйл, сөргөө, бугуйл, хэрэм хана эвдэх, шатаах байлдааны техник хэрэгсэл гээд аян дайнд хэрэгтэй бүхий л зүйлсийг бэлтгэн зохион байгуулсан байна. Баруун зүгийн аян дайнд явсан цэргийн тоо өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй олон жилийн турш маргаантай хэвээр л байна. Оросын болоод өрнөдийн түүхчид Монгол цэргийн тоог голдуу ихэсгэж Орос цэргийн тоог дардаг нь өөрсдийн ялагдлыг зөвтгөх гэсэн үйл ажиллагаа юм. Хуучин нийгмийн үед ч Монголын түүхчид Бат хааны цэргийн тоог мөн л ихэсгэж бичиж байсан нь тухайн үеийн үзэл сурталтай холбоотой юм. 1966 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын түүх”-д “Монголын дөчин түмэн цэрэг Камыг гатлан Ижил мөрний Болгаруудыг бут цохиод газар орны нь хоосолжээ.” (БНМАУ-ын түүх,1966,х.255) хэмээн бичсэн байдаг. Энэ нь ойролцоогоор 400.000 орчим цэрэг болох юм. Монгол Улсын Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний хүрээлэнгээс гаргасан бүтээлд “Бат хааны цэрэг 120.000 байсан ба түүнээс 5 түм (50.000) нь Монгол цэрэг, 7 түм (70.000) нь түрэг цэрэг байсан.” (БХЭШХ,1996,х.254) хэмээн өгүүлжээ. Оросын түүхч В.В.Каргалов “энэ дайнд Чингисийн удмын 12-14 хаан оролцсон бөгөөд тэд бүгд нэг нэг түмт удирдаж явсан гэж үзвэл 12-14 түмт (120-140 мянган цэрэг) авч Оросын ванлигуудын нутагт цөмрөн орсон байх ёстой” (Каргалов,1966,х.25) гэжээ. Мөн тэрээр өөр нэг зохиолдоо Бат хааныг “150 мянган цэрэгтэй хөдөлсөн” (Каргалов,1980,х.6) хэмээн харилцан адилгүй тоог авч хэрэглэсэн байна. “Бат хаан Чингисийн угсааны 14 хан хүүг дагуулан “150 мянган цэрэгтэй” Орос орны зүг хөдөлсөн” (Россия путь сквозь века,2010,х.117) хэмээн Оросын түүхчдийн хамтын бүтээлд дурдсан байна. Зөвлөлтийн судлаач Н.Ц.Мункуев “Бат хааны мэдэлд 139,000 цэрэг байжээ” (Мункуев, 1977,х.396) хэмээн дүгнэсэн байдаг. Мөн Оросын түүхч А.В.Шишов өөрийн бүтээлдээ “Бат хааны удирдлага дор 120-140,000 цэрэг байсан” (Шишов, 2001,х.146) гэж үзжээ. Мөн А.К.Алексеев өөрийн бүтээлдээ “Бат хааныг 120-140 мянган цэрэгтэй баруун зүгт хөдөлсөн” (Алексеев, 2006,х.54) хэмээн өгүүлсэн байна. Ер нь Оросын судлаачид “120-140 мянга” (Хафизов, 2000,х.65) гэдэг тоог нийтлэг авч ашигладаг. 120-140 мянга гэдэг нь 14 хан хүү тус бүр нэг түмтийг толгойлж явсан учир 120-140 мянган цэрэг байсан хэмээн шууд тусган авч үзсэн байх нь элбэг. Оросын судлаач Б.В.Соколов өөрийн бүтээлдээ “Оросын Рязань хотыг Монголын 60.000 цэрэг бүслэн хаасан” (Соколов, 2003,х.123) тухай өгүүлсэн байдаг. Рязань хот бол Монголчуудын дайралтад хамгийн анх өртсөн хот тиймээс Бат хааны мэдэлд нийт зургаан түмэн цэрэг байсан гэсэн санаа юм. Нэрт эрдэмтэн Л.Н.Гумилев баруун зүг хийсэн аян дайнд оролцсон монгол цэргийн тоог “30-40 мянга” (Гумилев, 2000,х.116) байсан гэж үзсэн байна. Г.В.Вернадский “Бат хааны баруун зүгт хөдөлсөн их цэргийн гол цөм нь 50 мянган цэргээс бүрдэж байсан бөгөөд янз бүрийн туслах хүчний цэрэгтэй нийлээд 120 мянга эсхүл түүнээс ч илүү байж магадгүй” (Вернадский, 2008,х.46) гэсэн тоо гаргасан байна. Судлаач Ч.Чойсамба "Бат хааны байлдан дагуулал" зохиолдоо "Бат хааны удирдлага дор 40.000-50.000 цэрэг байсан байх магадлалтай” (Чойсамба, 2012,х.90) Хувьсгалын өмнөх Оросын түүхчид болох И.Н.Березин, Б.И.Иловайский, Д.И.Тройцкий нар Н.М.Карамзиний хагас сая цэрэг гэдгийг арай багасгаж “300 мянга” (Пензев, 2006,х.51) гэж үзсэн байна. Зөвлөлтийн үеийн түүхч К.В.Базилевич, В.Т.Пашуто, Е.А.Разин, А.А.Строков, нар “400-500 мянга” (Пензев, 2006,х.51), Э.Кульпин дунд сургуулийн сурах бичигтээ “20-30 мянга ба 120-140 мянга, гээд судалгаандаа 400-600 мянга” (Кульпин, 1998,х.30) гэж үзсэн байна. Хаант Оросын үеийн судлаач М.И.Иванин Бат хааны цэргийн тоог “164 мянга байсан бөгөөд Европт цөмрөн орох үед 600 мянга хүрсэн” (Иванин, 1875,х.181) хэмээн дурджээ. А.Х.Халиков өөрийн зохиолдоо Батын цэрэг “Европт орох үедээ 600 мянган цэрэгтэй байсан дунджаар 150 мянга орчим цэрэгтэй” (Халиков, 1994,х.18) байсан гэж өгүүлжээ. М.Г.Сафаргалиев С.А.Аннинскийн зохиолоос иш татан “Бат хааны цэрэг 610 мянга байсан бөгөөд түүний 160 мянга нь монголчууд байсан” (Сафаргалиев, 1960,х.35) хэмээн дурджээ. К.Пензев харин “баруун зүг 2-3 мянган морин цэрэг, 5 мянга орчим явган цэрэг хөдөлсөн” (Пензев, 2006,х.137) гээд үүнийгээ дараах сонирхолтой байдлаар тайлбарласан юм. · “Бат хаан хос морьтой (К.Пензев Оросын түүхчдийн ихэвчлэн заадаг 30 мянган цэрэг гэдэг тоог хөтөлгөө морины хамт 60.000 гэж авч үзжээ) хөдөлсөн бол 240 мянган тах, 1 сая 920 мянган тахны хадаас шаардлагатай гэсэн үг. Тиймээс 1237 он гэхэд Ижил мөрний эрэг дагуу Бат хаан морьд тахлах төмөр, дархны газар гээд үйлдвэрийн баазтай байх шаардлагатай. Морь тахлахад 3 цагийн ажил орно. 60 мянган адууг тахлахад 180 мянган цагийн ажилтай. Төмрийн дархны газар өдөрт 12 цаг ажиллахад 4 адууг л тахалж чадна. Зогсолтгүй ажиллахад сард 120 адуу тахална. Тэгвэл 60 мянган адууг тахлахын тулд 500 төмрийн дархан туслахын хамт хэрэгтэй. 1625 оны байдлаар Оросын хотод 15 төмрийн дархны газар байсан. 500 дархны газар 1625 оны Оросын 33 хоттой адилхан юм. Тэгвэл Бат хаанд Каспий орчимд ийм нөөц байгаагүй. Морины тах ба хадаас 4кг татдаг, 60 мянган адууны тах 240 тонн төмөр болно. Энэ 240 тонн төмрийг Бат хаан хаанаас олсон нь түүхийн оньсого юм. Монголд төмрийн үйлдвэр тухайн үед байгаагүй билээ Тиймээс Бат хааныг Оросод өвөл халдахдаа маш хязгаарлагдмал цөөн тооны цэрэгтэй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй” (Пензев, 2006,х.133-135) хэмээн тайлбарлажээ. И.Я.Коростовец 30 мянга, А.В.Венков, С.В.Деркач, нар 30 мянга, И.Б.Греков, Ф.Ф.Шахмагонов нар 30-40 мянга, Д.В.Чернышев 55-65 мянга, Г.В.Вернадский, Э.Хара-Даван нар “150 мянга” (Хара-Даван, 1991,х.155), М.Берган, Жон Мэйн, Ж.Ж.Саундерс, Ж.Ведерфорд нар 150 мянга, И.В.Куркин, И.В.Волкова, С.В.Леонов нар “хамтын бүтээлдээ 70 мянга” (Куркин, ба бус, 2005,х.187), Л.де.Хартог 120 мянга, Буриадын судлаач Я.Халбай 170 мянга, А.М.Анкудинова, В.А.Ляхов нар 300 мянга, С.М.Соловьёв 300 мянга, А.Доманин “600 мянга” (Доманин, 2010,х.139) гэж тус тус харилцан адилгүй тоог авч үзсэн байна. Оросууд ихэвчлэн нэг нэгнээсээ шууд иш татан баримт нотолгоогүйгээр голчлон ам дамжсан яриа эсвэл сүүлд зохиогдсон он тооллын бичигт тулгуурлан Бат хааны цэргийн тоог гаргасан нь харагдаж байдаг. Ялангуяа В.В.Каргаловын зохиолоос ихээр эш татан 120-140 мянга гэсэн тоо гаргадаг. В.В.Каргалов чухам хаанаас ямар аргаар ийм тоо гаргаж ирсэн нь сонирхолтой юм. В.В.Каргалов “энэ дайнд Батыг дагаж 12-14 хан хөвгүүд явсан бүгд тус тусдаа нэг нэг түмт хариуцаж явсан бөгөөд нийт 120-140 мянган цэрэг оролцсон” (Каргалов, 1966,х.25) гэсэн гаргалгаа гаргажээ. К.Пензев харин В.Каргаловын 120-140 мянга гэсэн цэргийн тоонд нэлээд шүүмжлэлтэй улс суурьтай ханддаг. · “120-140 мянган цэрэг гэж үзвэл тэдгээр нь дор хаяж 2-3 морьтой явсан гэж үзвэл бага даа л 300 мянга орчим адуу болно. Дээр нь байлдааны зэвсэг техник зөөх адуу, арын албаны хүмүүсийн адууг оруулж тооцвол асар их тоо гарах нь ойлгомжтой. Энэ бол тал хээрийн байлдаан биш байсныг бодолцох хэрэгтэй” (Пензев, 2006,х.137). Тэрээр 2-3 мянган морин цэрэг, 5 мянган явган цэрэг гэдэг дээрээ баттай нотолгоо гаргажээ гэж үзэж болохоор байна. Плано Карпини Батын бүх цэргийн 3/4 нь эзлэгдсэн орнуудаас дайчлагдсан цэрэг байсан гэж бичсэн байдаг. Зарим судлаачид цэргийн тоог гаргахдаа нийт хүн амын тоотой уялдуулан гаргасан байна. Тухайлбал: Л.Н.Гумилёв, Э.Хара-Даван нар “XIII зуунд Монголын хүн амыг 400 мянга байсан” (Пензев, 2006,х.65). гэж үзсэн байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага тоо юм. “XIII зууны Оросын хүн амыг Л.Н.Гумилев 5-6 сая орчим байсан” (Пензев, 2006,х.66). гэж үзсэн бол Э.С.Кульпин “Батын довтолгооны өмнөх Оросын хүн амыг 7-8 сая орчим байсан” (Кульпин, 1998,х.30) гэж үзжээ. Түүхчид судлаачид Монголчуудын цэргийн тоог ихэвчлэн хүн амын 10%-иар тооцож үздэг. Энэ жишгээр Монголын хүн амыг 1 сая гэж үзвэл нийт Монголын эзэнт гүрний цэрэг 100-120 мянгын хооронд хэлбэлзэж байсан байх ёстой. Харин Оросын нийт цэрэг энэ 10 хувиар тооцож үзвэл хамгийн бага даа 600-700 мянга орчим юм. Оросын судлаач С.Смирнов “Оросын вангууд нийлбэр дүнгээрээ 100 мянга орчим мэргэжлийн цэрэг, 500 мянга орчим журамт цэрэг гаргах боломжтой” (Курушин, 2006,х.188 ) гэж үзсэн юм. “Чингис хааныг нас барах үед нийт их цэрэг 123.000 орчим байжээ. Зүүн жигүүр нь 62000, баруун жигүүр нь 38000, эзэн хааны харуулд 1000, Зүчид 4000, Цагаадай 4000, Өгөөдэй 4000, бусад 10000 цэрэг” (Тарнбул, МакБрайд, 2003,х.36) байжээ. · “Гүюгийн захирсан Монгол Улсын гол цэрэг, мөн Мөнхийн захирсан Монгол цэрэг, Байдарын захирсан Сартуул орны цэрэг, Батын захирсан өрнө дахины цэрэг тус тусын газар орноос өмнө хожид хөдөлж 1236 оны хавар Болгар улсын хил дээр урьдын болзсон ёсоор цуглан ирэв. Монгол 5, Турк 7, нийт 12 түмэн цэрэг цуглав” (БХЭШХ, 1996,х.254). Баруун зүгт хийсэн аян дайнд бүх цэргийн 50% гэвэл 40-50 мянган цэрэг оролцсон байх ёстой. Доктор Ж.Базарсүрэн өөрийн бүтээлдээ “Их Монгол Улс бэлтгэл, сургууль, сахилга сайтай гадаад 95 мянган, дотоод 10 мянган, нийт 10,5 түмэн цэрэгтэй болжээ” (Базарсүрэн, 2009,х.23) хэмээн өгүүлсэн байна. 10 түм гэдэг нь 100.000 орчим цэрэг эрс гэсэн үг юм. Эцэст нь тухайн үеийн Монголын нийт хүн ам 1 сая орчим дотор хэлбэлзэж байсан гэвэл цэргийн тоог 10 хувиар тооцвол 100 мянга орчим, түүнээс баруун зүгт хийсэн их аян дайнд хамгийн ихдээг 40-50 мянган цэрэг л оролцсон байх талтай. 130 мянган цэрэгтэй, нэг цэрэг 1-3 хөтөлгөө морьтой байсан гэж үзвэл 390 мянган агт морь хэрэгтэй тэр хэмжээгээр хүнс тэжээл, морьд тахлах ажил шаардагдана. 390 мянган морь дор хаяж 234 мянган тонн өвс хэрэглэх хэрэгтэй болно. Монгол адуу дор хаяж 200-400 кг ачаа даах чадвартай. Дунджаар нэг адуу 250 кг өвс ачна гэж үзвэл нийт 234 тонн өвсийг ачихын тулд 936 мянган морь хэрэгтэй гэсэн тооцоо гарна. Нэг дор сая гаруй адуу цуглуулна гэдэг байж болох ч бас байж боломгүй асуудал биз ээ. Оросыг байлдан дагуулсны дараагаар Бат хаан Европт цөмрөн орох үед түүний цэрэг 30-40 мянга орчим байсан юм. Оросыг байлдан дагуулах үед нэг түм гаруй цэргээ алдсан хийгээд Гүюг цэргээ авч буцсан нь үүнд нөлөөлсөн. Бат өөрийн цэргийн тоог дагаар орсон хийгээд олзлогдсон хүмүүсээр нөхөн хангалт хийгээд 40-50 орчимд хадгалж чадаж байжээ. Лигницийн тулалдааны үед Хайду, Байдар нар 2 түм орчим цэрэгтэй байсан бол үүнтэй зэрэгцээд шахуу Мохийн хөндий Шайо голын тулалдаанд Бат хаан 25-30 мянга орчим буюу 2-3 түм орчим цэрэгтэй байсан юм. Үүнээс үзэхэд 40-50 мянга орчим цэрэгтэй байсан нь тодорхой харагдаж байна. Дүгнэлт Дээр дурдсан бүх тоо баримтыг нягтлан судалж үзэхэд Оросын судлаачид Бат хааны цэргийн тоог үндсэн 3 хэсэгт хувааж авч үздэг нь харагдаж байна. Нэгдүгээрт: 30-40 мянга, гэсэн тоог баримтлагчид, Хоёрдугаарт: 50-70 мянга, гэсэн тоог баримтлагчид Гуравдугаарт: 120-150 мянга гэсэн тоог баримтлагчид. Тухайн үеийн Монголын хүн амтай харьцуулаад үзэхэд бүх дайчилгааны нөөц боломжоо ашиглаад ч ихээхэн хэмжээний 300 мянга, 600 мянган цэргийг Монголчууд гаргаж чадахгүй нь ойлгомжтой юм. 1237-1242 оны Орос, Европ руу хийсэн энэ дайнд цөөхөн тооны 5-10 мянган морьт цэрэг, 30 мянган морьт цэрэг ч гаргаад ч урт удаан хугацааны энэ аян дайнд ялалт байгуулах боломжгүй нь харагдаж байна. Харин 4-5 түм буюу 40-50 мянган цэрэг гаргах боломжтой бөгөөд энэ нь хамгийн боломжтой бодитой тоо юм. Зүүн хойд болон өмнөд Орос, Европт явуулсан аян дайнд оролцсон Бат хааны цэргийн тоо 40-50 мянгын хооронд хэлбэлзэж олзны хүмүүсээр нөхөн хангагдаж байсан. Тиймээс цаашид Бат хааны цэргийн тоог эзлэгдсэн улс орнуудаас дайчилсан цэргүүдийн хамт нөхөн хангалт хийгээд 40-50 мянгын хооронд эцсийн байдлаар авч үзэх нь зүйтэй биз ээ. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Алексеев.А.К., (2006). Политическая история Тукай-Тимуридов. Москва Базарсүрэн.Ж., (2009). Чингис хааны цэргийн зэр зэвсэг. Улаанбаатар БНМАУ-ын түүх I боть.,(1966). Улаанбаатар БХЭШХ., (1996). Монгол цэргийн түүхийн товчоон. Улаанбаатар Вернадский.В.Г., (2008). Монголчууд ба Орос орон. Улаанбаатар Гумилев.Л.Н., (2000). От Руси до России. Москва Доманин.А., (2010). Монгольская империя Чингизидов Чингис хаан его преемники. Москва Иванини.М.И., (1875). О Военномь искусть и завоеванияхь монголо-татарь и средне-азиятскихь народовь при Чингись-хань и Тамерлань. Санкт-Петербург Каргалов. В.В., (1980). Конец ордынского ига. Москва Каргалов. В.В., (1966). Монголо-татарское нашествие на Русь XIII век. Москва Кульпин.Э.С., (1998). Золотая Орда. Москва Курукин И.В., Волкова И.В., Леонов С.В., (2005). История Отечества. Москва Курушин. М.Ю., (2006). Сто великих военных тайн. Москва Мункуев.Н.Ц., (1977). Заметки о древних монголах// татаро – монголы в азии и европе. Москва Пензев.К., (2006). Великая Татария история земли. Москва Пензев.К., (2006). Русский Царь Батый. Москва Россия путь сквозь века., (2010). Русь и Монголы XIII в. Москва Сафаргалиев.М.Г., (1960). Распад Золотой орды. Саранск Соколов.Б.В., (2003). Сто великих войн. Москва Тарнбул.С, МакБрайд.А., (2003). Армия Монгольской империй. Мосва Халиков.А.Х., (1994). Монголы, Татары Золотая Орда и Булгария. Казань Хара-Даван.Э., (1991). Чингис хан как полководец и его наследие. Элиста Хафизов.Г., (2000). Распад Монгольской Империи и образование Улуса Джучи. Казань Чойсамба.Ч., (2006). Бат хааны байлдан дагуулал. Улаанбаатар Цолмон.С., (2006). Монголын Алтан ордон улс. Улаанбаатар Шишов.А.В., (2001). 100 великих военачальников. Москва
http://sukheeax.blog.gogo.mn/read/entry549793

Монголын Эзэнт Гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон нийтлэлд хариу өгөх нь

Монголын Эзэнт Гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон нийтлэлд хариу өгөх нь 2014 оны 01-р сарын 21, Нийтэлсэн Т.Сүхбаатар Монголын Эзэнт Гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон хэмээн Алексей Анатольевич Кунгуров (ОХУ-ын “Вольный город” сонины редактор) хэмээх Орос нөхөр солиорч түүнийг нь манайхан бахархалтай гэгч нь өлгөн авч нийтлэх юм. Ингээд олон долоон юм нуршилгүй Алексей Анатольевич Кунгуров гэгч нөхөрт хариу өгье Ингэхэд ер нь монголчууд ардаа ямар мөр үлдээсэн юм бол? Бичгийн дурсгал – 0 тэг. Аргагүй шүү дээ, монголчууд өөрсдөөс илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад 20 дугаар зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улсууд. Оросын түүхэн бичгүүдэд ч ямар ч монгол хүний тухай дурдсан зүйл байхгүй. Архитекторын дурсгал- 0 тэг. Хэл шинжлэл- 0 тэг. Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч XX зуунаас өмнө авсан орос үг байхгүй. Соёл, эрх зүй- 0 тэг. Бидний амьдрал, аж ахуйд Байгаль нуурын цаадах нүүдэлчдээс авсан ямар нэг зүйл байхгүй бол тэдэнд ч өнгөрсөн зуун хүртэл соёлт ард түмнээс авсан, зээлсэн юм байгаагүй. Эдийн засаг-  0 тэг. Монголчууд Евразийн бараг 70 хувийг нь эзэлсэн юм бол гэр орондоо олзны ямар нэг юм авчрах ёстой биз дээ. Номын сан, уран зураг биш ч гэсэн ядаж шатааж сүйтгэсэн сүм хийдийнхээ алт мөнгийг авсан баймаар. Тэгвэл бас л юу ч байхгүй. Зоос зүй- 0 тэг. Монголын ямар ч мөнгөн тэмдэгтийг дэлхий мэдэхгүй. Зэр зэвсэг- 0 тэг. Аман зохиол- 0 тэг. Монголчуудын аман зохиолд агуу булаан эзлэлтийнхээ талаар дурдсан ямар ч юм байгаагүйг нутгийнхантай харилцсан бүх европчууд тэмдэглэж байжээ. Хүн амын генетик- 0 тэг. Нүүдэлчид эзэлж байсан гээд байгаа Евразид монголчууд байсан гэсэн ямар ч ул мөр байдаггүй. Гэх мэтээр мань эр нилээд бурж гарчээ. Ингээд монголчуудын маань эзлэн түрэмгийлэл үлгэр домог биш үнэн зүйл байсан гэдгийг харуулахын тулд дээрх хэсгүүдийг дэлгэрэнгүй авч үзье. Бичиг үсэг- Монголчууд өөрийн бичиг үсэгтэй ард түмэн байсан. Хойд цэнхэрийн агуйгаас олдсон тэмдэглээсүүд, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1983 онд Хүннүгийн булшнаас олдсон зоос, Ухуань нарын хешее зэргээс харaхад эртний нүүдэлчид 9-10 терлийн бичигтэй байж гэж таамагладаг юм байна. Вэй,Суй улсуудын сударт Тоба нар шинээр бичиг зохиож, Сүмбэ хэлээр олон ном бичсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Харамсалтай тэр номууд нь олдоогүй.  Хүннү нарын Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдгээр баяжуулсан байж. Түүнчлэн өнөөгийн Монгол Улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлдсэн Монголчуудын анхны бичиг үсгийг өвөг монгол хэл гэдэг ойлголттой холбож үзвэл зохино. Монгол хэлний хөгжлийг 3-4 хувааж үздэг бөгөөд өвөг монгол хэл нь 3 хуваасан тохиолдолд эртний монгол хэлний эхний шат болох ба 4 хуваавал бие даасан нэгэн үе гэж тоймлон ойлгож болно. Үүний учир гэвэл түүхэн тэмдэглэлүүдэд хүннү, ухуани, сяньби, тоба, жужан нарын үсэг бичгийн асуудал нэг янзын улбаагаар холбогддогт оршино. Тэр нь нангиадлаар “ке-мү” гэдэг “модонд хэрчлээ гаргах” бичгийн тухай асуудал. За тэгээд Уйгаржин Монгол бичиг, Дөрвөлжин үсэг, Соёмбо үсэг, Латин үсэг гээд л олон бий. Алтан ордны үйсэн дээрх шүлэг гээд алдартай өв дурсгал Оросоос олдсон гэдгийг мартсан байх л даа Архитектурын дурсгал- Нүүдэлчид гэхээр л зэрлэг хүмүүс байсангүй. Эртний төрт улсуудын хотын үлдэгдэл монголоор дүүрэн байна л даа. Оросууд өөрсдөө л монголд хот суурин байна гэж эхлээд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Академич В. В. Радловын удирдсан Орхоны экспедиц Эрдэнэзуу хийдийн сүм, суврага, хэрмээс Хархорум хотын баримт бичиг, хааны зарлиг бүхий чулуун пайлуур олсон юм. Тэгээд 1585 онд Эрдэнэзуу хийдийг барихдаа Хархорумын чулуун барилгуудын үлдэгдлийг ашигласан байна гэдэг таамаглал хийжээ. Дараа нь Н. М. Ядринцев Эрдэнэ зуугийн хэрмийн орчимд үлдсэн том суурийг судалж Чингис хааны нийслэлийн балгас гэж тодорхойлсныг профессор А. М. Позднеев нотолсон юм. С. В. Киселев, "Хархорум хотын барилгуудын хамгийн гоёмсог нь дээврийн ваар юм. XIII зууны үеийн монголын бусад (Хархираа, Дентерег) хотоос олдсон дээврийн ваар нь мөн үүний нэгэн адил гоёмсог байжээ" гэж бичиж байсан шүү дээ. Монгол, Хятадын хилийн орчим урсдаг Эзний голын эрэг дээр Хар хотын балгас байдаг. 1908 онд П. К. Козлов тэр хотын зохион байгуулалтыг хуулан зурж, 1909 онд малтсан юм. 1914 онд Эзний голын хөндийд А. Стейнаар удирдуулсан английн экспедиц ажиллажээ. 1923 онд мөн америкийн экспедиц ажилласан байна. 1926 онд Козлов, Монгол-Төвдийн экспедицийг удирдан гурав дахь удаагаа Хар хотод очжээ. Козлов, хотын нэг суврагаас номын баялаг цуглуулга, баримал зурмал, бурхан, буддийн дуганы чимэглэл зэргийг олж байсан. Олон номын дотор хот байгуулалтын тухай бичсэн ном ч байжээ. Төв Азийг судлагч И.М. Прежевальский бичихдээ: "XIII зууны хоёрдугаар хагас, XIV зууны эхний хагаст Хубилай ханы цэргийн хот Эрчүүгийн цагаан балгас, Аралын балгас зэрэг хот байжээ. Тэдгээрийн зарим нь Ханбалыг (Бээжинтэй) тэнцэх юм" гэж байсан. Оросууд өөрсдөө л монголын архитектурын дурсгалыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ Соёл, эрх зүй- Монголын соёлын талаар ярих юм бол барагдахгүй их түүх болно. Наад захын жишээ гэхэд: Чулуун зэвсгийн үеийн соёлын талаар ярьвал Палеолит /Хуучин чулуун зэвсэг/ Өнөөгийн Монгол улсын нутагт хүн анх оршин амьдрах болсон асуудал бол зөвхөн манай орны төдийгүй дэлхий дахины хүй нэгдлийн түүхийн судалгааны онц сонирхолтой чухал хэсэг юм. ХХ-р зууны 20-оод оноос Америкийн эрдэмтэн Г.Ф.Осборн, В.П.Метью, Д.Блек нар хүн төрөлхтөний анхны өвөг буюу бичин хүн орчин үеийн хүний байдалд шилжсэн өлгий нутгийн нэг нь Төв Ази, түүний салшгүй хэсэг болсон Монгол орон байж болох тухай онолыг дэвшүүлсэн билээ. Тэдний бодлоор 70-аад сая жилийн тэртээ Төв Азид уул нуруу үүсэх процесс явагдаж, гуравдагч галвын сүүлч, дөрөвдөгч галвын үед анхны хүн энд бий болсон гэдэг. За тэгээд Хүрэл, төмөр зэвсгийн үеийн соёл, цааш барагдахгүй л дээ. Их засаг хууль нь Монголын хамгийн эртний хууль цаацын бичиг баримт мөн. Ямар ч Оросын үнэн алдартны сүмын он тооллын бичигтэй харьцуулшгүй шүү дээ Эдийн засаг- Ямар ч эдийн засаггүй байж дэлхийн их гүрэнг удирдана гэж байх уу? Энэ бол ёстой солирол юм. Эзэн богд Чингис хаан болон (түүнийг залгамжлагчдын үед Араб, Перс, Хятад гүрнийг дарж, Европ, Орос, Монголын Их гүрэн өрнө дорныг холбож, эртний торгоны замыг сэргээн олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, "Их засаг" хуулиар хатуу сахиулж байсан нь эдийн засгийг хөгжүүлэх хүчирхэг хөшүүрэг нь болж байсан гэдэг. Чингис хаан нүүдлийн мал аж ахуйг мянгатын харьяалалд оруулан малын тоо толгойг түргэн олшруулах, ялангуяа адууны засаглал тогтоож, дотоод хэрэгцээ аж ахуйн ач холбогдлоороо төдийгүй стратегийн шинж чанартай байсан тул адууг улсын мэдэлд авч байсан байна. Их хааны улс төр, эдийн засгийн бодлого нь 1000 лан алтаар алба барьж байсан бөгөөд Алтан улсын хараанаас бүрэн гарч, улмаар умард Хятадыг нөлөөндөө оруулах зорилт тавьж байсан гэдэг. Иймд Чингис хаан төрөө төвхнүүлээд зогсохгүй улс тусгаар оршихын үндэс эдийн засгииг онцгой анхаарч байсан юм. Тэр үед Монголын мал сүргийн өсөлт хөгжлийн жинхэнэ оргил үе нь байсан бөгөөд бод малыг Хятад, Тангад, Солонгос, Дундад Ази, Араб дахины үүлдрийн малтай үржилд оруулж, монгол үүлдрийн малын удмын санг баяжуулж, өнөөдрийн монголын 5 хошуу мал бүрэлдэн тогтох чухал үе шат болсон юм. Харин Өгөдэй хааны гааль, гувчуурын бодлого н ь улсын эдийн засгийг хөгжүүлэхэд онц чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрээр 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба гувчуурын тухай хууль гаргаж, мал гаалийн татвараас авах гувчуурын хэмжээ журмыг тогтоож, адуу, үхэр, хонь тус бүр 100 толгой тутмаас нэгийг татварлан авч байжээ. Харин 1236 онд Өгөдэй хааны зарлигаар цаасан мөнгө үйлдвэрлэсэн нь дэлхийд анхных байсан гэдэг. Тэр үед монголын морин өртөөний бүтэц, зохион байгуулалт, найдвартай байдал зэрэг нь бүх дэлхий дахины анхаарлыг татаж байв. Монголчуудын хэрэглээ нь малын ашиг шим, ангийн бүтээгдэхүүнийг боловсруулж ашиглах явдлаар үндсэндээ хангагдаж байсан гэдэг. Тэр үед Монголчуудын худалдаанд Алтан улс ямагт хориг саад тавьж байсан тэр үеийг ихэвчлэн дайн байлдааны аргаар шийдвэрлэж байлаа. Дундад азитай худалдаа хөгжүүлэх, Монголд худалдаа хийж буй гадаадын худалдаачдыг урамшуулан хөхүүлэх, санхүүгийн дэмжпэг үзүүлэх бодлого явуулж байсан нь өөрсдийн эдийн засагтаа анхаарч байсны нэг илрэл юм. Мөн өнчин, ядуусыгтэтгэх сан байгуулж, төр улс байгуулахад тууштай зүтгэж амь эрсэдсэн баатруудын ар гэрт тэтгэлэг олгох, мөн нийгмийн доод давхрагынхныг алба татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг олон арга хэмжээг авч байжээ. Зоос зүй- Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Хувилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. Орост одоо ч гэсэн Алтан ордын зоос нь цуглуулагчдын хувьд хамгийн үнэтэй зүйл нь болдог гэдгийг мартсан байхаа. Аман зохиол- Монгол ардын аман зохиол бол хүн төрөлхтний түүхт хөгжлөөс салангид биш, түүний зүй тогтоолын дагуу үүсэн хөгжиж ирсэн байна. Хүй нэгдлийн үед хамтын ажил, хөдөлмөрийн явц дээрээс үндэслэж хөдөлмөрийн дуу олон хүн хамтарч:”нэг, хоёр, гурваа” гэж тоолоод нийтийн хүчийг нэгтгэхдгийн адил ажил, хөдөлмөр дээрээс аяндаа дуугаргах хоолойны хэсэг хэсэгхэн хэмжээ болох аялгууны нугалбар гарч ирсэн байна. Ингэж аман зохиолд анх дууны аялгуу, дууны үг гарах нөхцөл хүн нийгмийн дотор бүрдмэгц, ардын аман зохиолын дотор элдэв ажил хөдөлмөртэй холбогдсон бүтэн буюу хагас аятай дуу тэрлэн бий болсон байна. ХШ зууны үеэр Монгол нутагт байсан алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлийн бичиг юм. “Монголчууд ямар нэг байлдаанд орохын өмнө ямар нэг хөгжим хөгжимдөж дуу дуулцгааж байсан” тухай бусад хэрэг, явдалыг тоочихын далимаар Марк-Поло бичжээ. Байлдаанд орохын өмнө цэргүүдийг зоригжуулах дууг дуулж, хөгжимдөж байсныг ганц Марк Поло гэрчлээд зогссонгүй, харин 1240 онд бичсэн Монголын түүхийн тулгуур бичиг “Нууц товчоо”, 1604 онд бичсэн гүүш Лувсанданзангийн “Алтан товч”, 1662 онд бичсэн Саган цэцний “Эрдэнийн товч” зэрэгт 3Аргасан хуурчийн” тухай тус тус дурьдан хэлсэн байна. Монголч эрдэмтэн Г.Д.Потанин, А.П.Бенингсев, Рамстид, А.М.Позднеев, А.Д.Зудев, В.Котвич, Б.Я.Владимирцов, А.В.Бурдоков, И.Клюкин, Б.Лауфер, Г.Д.Санжеев, С.Д.Козив нарын зохиолд аман зохиолын зүйлс голдуу орж тэмдэглэгдсэн нь өнөөдөр гэрч баримт болсноор барахгүй харин манай утга зохиолыг хөгжүүлэхэд нэмэр тус болж байгаа юм. Гэсэр, Жангар, Буман эрдэнэ, Монголын нууц товчоо, Хөх судар, Эрдэнийн эрх гээд нэрлээд байвал Оросууд ч өөрсдөө уншаад ч барахгүй л дээ. Хүн амын генетик- өв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас Баруун Ази-Энэтхэг-Зүүн Өмнөд Ази-Зүүн Ази-Төв Ази гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азийнханыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азийнханыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг) оруулан ангилдаг.Умард Сибирийн дэд бүлгийнхэн зун богино болдог маш хүйтэн газар амьдрах тул цайвар цагаан арьстай байх ба хөрслөг бор арьстай хүн огт байхгүй. Уйгур, туркменууд казахуудаас илүү европжуу төрхтэй, узбекууд казахаас илүү европжуу, туркмен, уйгур 2-с илүү монголжуу төрхтэй харин киргиз, алтайчууд скиф зэрэг эртний европчуудтай холилдсон ч илэрхий монголжуу төрхтэй байна. Шор, хакас хоёр генийн хувьд ойролцоо, монголжуу төрхтэй байдаг.Царай төрхийн хувьд шор, хакас 2 хоорондоо төстэй, алтай, тувачууд хоорондоо төстэй нь харагддаг. Буриад, якутууд бага зэрэг төстэй боловч якутчууд N гаплогрупп давамгайлсан сибирийн гентэй учир ихэнх тохиолдолд амархан ялгагдана. Якутчуудыг өөр гентэй сибирийн угсаатнуудыг өөртөө ихээхэн хэмжээгээр уусгасан гэж үздэг. Шор, хакас, тува, алтай хүмүүс монголчуудтай бараг адил төрхтэй ч европ гаралтай иранчууд мөн самоедь, угор зэрэг N гапло бүлэгтэй гентэй үндэстнүүдтэй холилдсон учир үл ялиг ялгаатай харагддаг.Тува бол анчин, малчин янз бүрийн ахуйтай монгол, самоедь, иран, түрэгүүдээс бүрдсэн холимог гентэй угсаатан юм.Тувачуудын 70 гаруй хувь нь монгол гаралтай гэдэг.Дархадын бүрэлдэхүүнд мөн адил монгол, түрэг, самоедь угсаатан оржээ. Умард монголоидууд царай төрхөөрөө төстэй ч тэднийг хооронд нь ялгахад тийм ч хэцүү биш.Монголчуудын хувьд C3, D гапло бүлэг давамгайлсанаараа бусдаасаа ялгардаг бол казахууд ази, европ ген ойролцоо хэмжээтэй агуулсанаараа онцлог байдаг Эцгийн талаас өвлөгддөг генийг Y хромосомын ДНХ, эхийн талаас өвлөгддөг генийг митохондрийн ДНХ гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген устаж үгүй болдоггүй тул ямар нэг угсаатны дунд хэдэн 1000 жилийн өмнө гаднаас нүүж ирэн бүрэлдэхүүнд нь орсон хүмүүсийг генийн шинжилгээгээр хэзээ, аль зүгээс ирсэн болохыг нь тодорхойлж болдог.Мөн цусны бүлгээр нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог Монголчуудын голлох ген бол C3 буюу C-M217 гаплогрупп бөгөөд энэ нь монгол төдийгүй Алтайн 3 угсаатны гол ген юм. Эцэст нь хэлэх зүйл гэвэл. Харин ч Орос үндэстэн өөрөө байдаг гэдэг нь ихэд эргэлзээтэй шүү дээ. Киевийн русь, Белы русь гэж байхаас өөр Орос байхгүй. Орос хүнийг сайн маажих хэрэгтэй тэгвэл монгол цус гарна гэж зүгээр ч нэг хэлээгүй байлтай. Судсаар нь Монгол цус гүйдэггүй хүнийг ямар Орос гэхэв дээ гэсэн ч үг байдаг. Тэнэг Иванууд тэнэг л байдаг байхгүй юу даа. Хааяа хааяа олон жилийн давтамжтайгаар тэнэг синдром нь хөдлөөд байдаг болохоос уг нь гайгүй л ард түмэн дээ.
Т.Сүхбаатар
Эх сурвалж
http://sukheeax.blog.gogo.mn/read/entry515696

Copy the BEST Traders and Make Money : http://bit.ly/fxzulu