Monday, March 21, 2011

ЭРХ БАРИГЧДДАА ӨРГӨХ ЦЭЦЭГ

Шинэ эрин айсуй

Хувьсгал дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болж байна. Энэ үйл явц нэг улсын хилээр хязгаалагдахгүй. Дэлхий дахинаар болж буй хувьсгалыг цэцгийн нэрээр нэрлэж буй нь учиртай. Энэ бол соёлжсон хүн төрөлхтний XXI зууны зөөлөн хувьсгал. Загалмайтны тооллоор хүн төрөлхтөн 21 зуун, 11 оныг тоолдог авч 2500 жилийн тэртээд Будда энэрэнгүй үзлээ номлож байсан нь хүн төрөлхтний түүх. Хүн төрөлхтөн соёлжиж иргэншээд улстөрийн тэмцлийн хамгийн хурц хэлбэр ч хамгийн аядуу байдлаар өрнөдөг болоод байна. Гэхдээ Амин шиг махчингаа XX зуунд үлдээсэн ч Каддафи шиг яргачид энэ зуунд байдгийг санах ёстой. Энэ удаад ХХI зууны дэлхий дахины хувьсгалын хоёр дахь давалгаа түрж байгаа бөгөөд “өнгөт хувьсгал” “цэцгийн хувьсгал” болон дахин дэлгэрч байна.

Цаашид дарангуйлагчгүй, тэгш, шударга нийгмийн төлөөх хувьсгалууд үргэлжилэх нь олон иргэншлийн суут мэргэдийн зуун дамнуулан зөгнөсөн сайн цаг, сайн эрин эхлэх дохио болно. Загалмайтны, исламын, буддын, эртний майя, инкийн, эртний герегийн, мисирийн мэргэд яг энэ цаг үеийг бошго, лүндэн, нууцсын судартаа зөгнөн баринтагласан тэр цаг үетэй хүн төрөлхтөн удтал хүлээсээр золгож байна. Шамбалын номлолоор кали юга төгсөж байна, буддынхаар Майдарын эрин эхэлж байна, өрнийхөөр бумбын ордод алхан орж байна. Хүн төрөлхтөн бурхны мөрөн дээр хоёр бумба мэт сайн муугаар хуваагдаж, муу муухай бүхнийг цэвэрлэн ариутгах болно. Үүнд шашин шүтлэг, яс үндэс, хил хязгаар хамаагүй, болох юм болох л учиртай юм. Мухар сүсэгтэн мэт харагдмааргүй байвч үнэндээ лүндэнгүүдэд ямар муу үйл хийгсэд тонилохыг тодорхой заажээ. Энэ тухай бичиж байгаа болно.

XXI зууны босгоор дөнгөж алхмагц посткоммунист орнуудад тогтсон зэрэмдэг ардчилал, олигополь эдийн засаг, авторитар дарангуйллыг эсэргүүцсэн хувьсгалын шинжтэй үйл явц тасралтгүй өрнөсөөр ирсэн. Унгар, Польш, Белорусь, хуучин Югослав, хуучин Зөвлөлтийн БНУ-уудад өрнөсөн үйл явц, Унгар, Польшид шинэ хүчний сонгуулийн ялалтаар эхлэж, сонгуулиар амжилт олоогүй шинэ хүчин 2003 онд Гүржид “Сарнайн хувьсгал”, 2004 онд Украйнд “Жүржийн хувьсгал”, 2005 онд Киргизэд “Алтан зулын хувьсгал”-аар “Өнгөт хувьсгал” гэсэн ойлголтыг тогтоосон. Киргизэд хоёр дахь эргэлт гарч, Украйнд хориглолтонд орж, Гүржид Оросын танкууд мөлхөж байгаа ч хувьсгал шинээр дахин цэцэглэв.

1990-ээд оны дэлхий нийтийг хамарсан Ардчилсан өөрчлөлтийн явцад коммунист систем задран унаж, олон улс хараат байдлаас гарч, олон үндэстэн тусгаар тогтнолоо олж ардчилагдах түүхэн үйл явц өрнөсөн ч зүүн европчууд л амжилттай байж, харин шинээр тусгаар тогтносон улсууд либерал, ардчилсан тогтолцоонд шил­жиж чадсангүй. Уг нь Монгол тусгаар төрийн урт түүхтэй ч шинэ тутам тусгаар тогтносон улсуудаас шинэтгэлээрээ хоцорч буйн шалтгаан нь манайд туссан баялагийн хараалаас үүдэлтэй.

Тоталитар дэглэмээс ард­чил­сан засаглалд шилжих “шилжилтийн” шатандаа яваа гэсэн ангилалд “пост коммунист” орнуудыг оруулж байсан 20 жилийн дараа тэдний олонхид өөрийн онцлог төрхтэй авторитар дэглэм тогтсоныг барууныхан хүлээн зөвшөөрч эхэллээ. Ингэснээр “шилжилтийн” онол дампуурлаа. Харин энэ онол дампуурлаа зарлаж байхад манай эрх баригчид “шилжилт дууссан” гэж зарлаж байна. Бодат байдалд “шилжилт дусаагүй, харин шилжилтийн онол” дуусчээ. Ардчилагдах үйл явц хүнд бэрх, тиймээс түүнд шилжихэд шаргуу тэмцэл, эр зориг шаардах нь тодорхой. Өнгөт хувьсгал бол ардчилагдах үйл явцын төгс гүйцээлт, зорилго нь ийм юм, тиймээс ардчилсан төрт ёс, чөлөөт зах зээлийн төлөөх “дахин хувьсгал” болохоос манай эрх баригчдын хэлээд байгаа “большевик” хувьсгал огт биш юм.

Эрх баригчдын манипуляц

Хуучин коммунистууд Гитлерийг бишрүүлсэн суртал нэвтрүүлэгчид байсан. Харин манай зэрэмдэг дарангуйлагчид суртал нэвтрүүлэгчийн зиндаанд хүрэхгүй ч гайхамшигтай сайн манипуляц \мэдээллийн төөрөгдүүлэлт\ хийх юм гээч. Манай эрх баригчид тэдний манипуляцчид бодат байдал болоод байгаа нийгмийн хувьсгалыг хуучинсагаар, догматикаар, тэр тусмаа марксистаар тайлбарлаж, “1990 онд ардчилсан нийгэмд шилжсэн, хэрэв хувьсгал гарвал ардчиллаас коммунизм руу буцна” гэж мунхруулахыг оролдож байна.

Тэд хөрөнгөлөг иргэдийг “Хэрэв өнгөт хувьсгал ялбал баячуулын хөрөнгийг хурааж, ядууст тараана” гэж айлгаж байна. Тэд өөрсдөө коммунист-монопол үйлдвэрүүдийг хувааж, сүйтгэсэн шигээ, өнгөрсөн хорин жилд бүтээн босгосон бүхнийг сүйтгэх гэж байна хэмээн айлгах юм. Яг 1920-иод онд рабфакийн боловсролтой шинэ коммунистууд шиг аашилж байна. Гэтэл бодат байдалд ямар ч улс орон өнгөт хувьсгалын дараа коммунизм руу буцаагүйг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Хувьсгал ялбал хөрөнгө хураах тухай биш зах зээлийг олигархуудаас чөлөөлөх тухай л яригдана. Эдийн засгийн олигополизм бол сонгодог утгаараа зах зээлийг цөөхөн этгээд хуваан эрхэндээ авахыг хэлдэг. Харин коммунизм өөрөө хий үзэгдэл болон сарнисан. Тиймээс өнгөт хувьсгал бол 1990 оны хувьсгалын гүйцээлт. Үнэндээ дахин хувьсгал хийх хамгийн гол шалтгаан нь “хувьсгалгүйгээр өөрчлөх боломжгүйд” байгаа юм.

Харин эрх баригчид өнөөгийн байдлаа хуучинтайгаа харьцуулж ард түмнийг хуурч байна. Тэд хуучин тоталитаризмыг авторитаризмтай харьцуулж байна, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг олигополь эдийн засагтайгаа харьцуулж байна. Мэдээж тэдний үзүүлж байгаа нь хуучин нийгмээс хамаагүй дээр л дээ. Гэхдээ авторитаризмыг нь ирээдүйн ардчилсан засаглалтай, олигополизмыг нь чөлөөт зах зээлийн системтэй харьцуулбал тэднийх муухай, заримдаг байтугай зэрэмдэг муухай юм.

Ардчиллын гажуудал нь улстөрийн эрх цөөнх бүлэглэлийн гарт төвлөрч, улс орны эдийн засаг, санхүү цөөхөн олигархийн мэдэлд шилжсэнд байна. Уг нь бол 1990 онд улстөрийн эрхийг бүх ард түмэнд, баялгийн хуваарилалтыг чөлөөт өрсөлдөөнөөр зохицуулна гэж тунхаглаж байсан. Гэтэл “шилжилт” гэгч нь цөөхөн эрх мэдэлтэн, цөөхөн баячуулыг төрүүлжээ. Тэгээд шилжилт нь дуусчихаж л дээ. Шилжилт дууссан бол дахин хувьсгал залгах нь гарцаагүй.

Дахин хувьсгалын зорилт нь бүгдээрээ эрх мэдэлтэй, бүгдээрээ баян болох гүйцээлт юм. Учир нь өнөөдөр эрх баригчид, нийгмийн 2,5 хувийг эзэлдэг тэр хэсэг бусдаас давуу нөхцөл байдлыг өөртөө бий болгож, баялгийн 98 хувийг хянаж байгаа ба цаашид тэдний бий болгосон систем өөрсдөд нь хязгааргүй их баялаг, ард түмэнд өчүүхэн өглөг ноогдох ирээдүйг бэлтгэж байна. Тэд эдийн засгаа тэлэхийг хүсэж байна, хөгжүүлэхийг хичээж байна, гэхдээ л тэд өөрийн 98 хувиа хэд нугалахыг хичээж байна, бас тэдний “шударга бодлоор” ард түмэнд оногдох хоёр хувь ч хэд дахин өсөх л болно. Үүнийгээ тэд “хөгжлийн босго” гэж ард түмнийг хуурч байна.

Улстөрийн хувьд тоталитаризмаас ардчилал руу шилжих замдаа авторитаризмд живж, эдийн засгийн хувьд төвлөрсөн төлөвлөгөөт, төрийн монопольт эдийн засгаас чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн эдийн засагт шилжих явцдаа олигополь эдийн засагт шигдсэнээ марксист формацаар тайлбарлаж болдог юм уу? Ийм орнуудад л улстөрийн шинэтгэл хийх зорилготой “иргэний хөдөлгөөнүүд” үүссэн бөгөөд ардчил­лын төлөөх сөрөг хүчний эвсэл эрх баригчдын эсрэг тайван замаар, тууштай тэмцэж, засгийн эрхийг авахыг “Өнгөт хувьсгал” гэж нэрлэдэг болов.

Шинэ хувьсгалын түүхэнд тэмцэгчид хэзээ ч цус урсгах, хүчирхийлэлд уриалж байгаагүй бөгөөд цус урсах эсэх нь зөвхөн эрх баригчдаас, Каддафистуудаас нь хамаарч байна. Манай эрх баригчдаас Каддафист харгис шинж илэрсэн шүү. Өрнөдийнхөн Ливиг хэн засаглах нь хамаагүй, найдвартай нефть нийлүүлж байвал л болно гэж үзэж байгаа шигээ Монголыг хэн засаглах нь хамаагүй зэс, нүүрсээ л түүхийгээр нь өгч байвал болно гэж үзэж байгаа эргэж хараасай гэж хүснэ.

Хувьсгалыг марксист бус онолоор шалгах нь

Эрх баригчид онолоор юу ч шийдэхгүй гэж үздэг. Тэд марсизмтайгаа үхширтлээ зууралдаж, захын наймаачны “прагматик” сэтгэхүй нь бодат байдлыг нийгмийн түвшинд олж харах бололцоог олгодоггүй тул “дүлийдээ найдаж унгараг” гэгчээр онолгүй мунхагтаа аюулыг олж харахгүй байна.

Монголын хувьсгалыг “Хувьсгалын сэтгэлзүйн онол”-оор нийгмийг шинжилье. Хэрэв хамгийн ядуу хүмүүс ч гэсэн өөрийн байдлаа хувь заяаны тавилан, цаанаасаа заяасан, байх ёстой зүйл гэж үзэх аваас хувьсгалт дургүйцэл үүсэхгүй. Харин шударга ёсоор одоо байгаа болон байх ёстой зүйл хоёрын ялгааг ухамсарлавал хувьсгалын мэдрэмж бий болно. Энэ мэдрэмж нь өөрийн байдлыг өөртэй нь адил хүмүүс аль хэдийн хүрчихсэн бодит байдалтай харьцуулж, үүнийг шударга бус гэж үзэхэд бий болно. Орхигдсон, хаягдсан, шударга бус гэх сэдлүүд хувьсгалын өмнөх үед нийгмийн ухамсарт шууд суусан байдаг.

Нийгмийн сэтгэлзүйн ийм байдлаар бэлтгэгдсэн үед хувьсгал гарах гурван нөхцөл байна. Нэг дэх нь шинэ стандарт тогтоох үзэл суртал, эрхэмлэлийн систем, улс төрийн номлол үүсч, “үзүүлэн таниулах үр нөлөө”-нийхөө ачаар хүмүүсийн итгэлийг хүлээж, “заяа муутай” байдлаа тэвчихийн аргагүй болгодог. Үүнийг л бид найман жил хийсэн. Үүний дараа хүмүүс амьдралаа өөрчлөх, өөрийн хүлээлтээ хэрэгжүүлэх хэрэгсэл хангалтгүй гэдгээ мэдэрмэгцээ улангасч эхэлнэ. Ийм нөхцөл байдалд “сэргэсэн итгэл найдварын хувьсгал” өрнөнө.

Хоёр дахь нь амьдралын стандарт эрс унана. Энэ нь эдийн засгийн болон санхүүгийн хямрал, төр нь нийгмийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байх, улс төрийн амьдралд оролцогчдын хүрээ хэт хумигдах, хязгааргүй эрх мэдэлт буюу дарангуй дэглэмд шилжих зэргээс үүснэ. Энэ тохиолдолд хүмүүсийн хүртвэл зохих баялаг болон бодит байдал хоёрын ялгаа нь тэсвэрлэшгүй их болно. Өөрөөр хэлбэл бидний томъёоллоор баялгийн шударга хуваарилалтыг шаардана. Хүн байгаа юмаа алдвал аваагүй боловч хүсч байсан юмаа алдсанаас хавьгүй илүү улангасдаг. Ийм үед “алдагдсан эрх ашгийн хувьсгал” гарах бөгөөд энэ нь түүхэнд хамгийн их тохиолдсон.

Гурав дахь нь яг өнөөгийн монголд бүрдэж эхэлсэн нөхцөл буюу дээрх хоёр механизм холилдон үйлчлэх. Энд хүмүүсийн итгэл найдвар хийгээд боломж нь хэсэг хугацаанд нэгэн зэрэг зэрэгцэн өсдөг. Энэ бол 1990 оноос хойшхи үеийг харуулж байна. Амьдрал дээр хөгжил, цэцэглэл хийгээд дэвшлийн үе нь ирээдүйд итгэх хүлээлтийг ямагт дагалдуулдаг. Харин үүнийг эрх баригчдийн манипуляц бий болгож байна. Гэтэл итгэл найдвар нь өсөөд байхад бодит боломж нь урууддаг. Ингээд зэрэгцсэн өсөлт салдаг. Энэ бол өнөөгийн бодат байдал. Энэ салалт улам бүр гүнзгийрсээр тэвчиж боломгүй сэтгэл зүйн туйлшрсан ялгаанд хүргэнэ. Энд удаан хугацаанд зовж зүдрэн олж авсан хөрс суурь эргэлт буцалтгүй алга боллоо гэсэн бүдэг бадаг буюу илт айдас шийдвэрлэх нөлөөтэй. Ийм айдаст хувьсгалын гардан хийгчид өөрсдөө ч автаад байгааг дурдах ёстой. Ийм нөхцөлд “дэвшлийн сүйрлийн хувьсгал” эхэлдэг. Хувьсгалын сэтгэл зүйн онолоор бол Монгол яг тэсрэлтийн өмнө ирсэн байгаа биз?

Хэрэв манай хуучинсаг коммунист хүмүүжилтэй эрх баригчид үүнийг ойлгохгүй байгаа бол Марксист-Ленинист онолтой хамгийн ойр “хувьсгалын бихевиорист онолоор” ахиад нэг шалгачихъя л даа. Хар залуугаараа 1917 оны оросын хувьсгалд оролцоод хожим дүрвэсэн орос-америкийн эрдэмтэн Питирим Сорокин энэ онолыг үндэслэсэн юм.

Түүнийхээр “Аливаа хувьсгалын шууд урьдач нөхцөл бол дарангуйлагдсан суурь зөн билэгтэй хүмүүсийн тоо олширч, олох ёстойгоо олох боломжгүй буюу хамгийн наад захын түвшинд хүрэхгүй” бол хувьсгалт тэсрэлт гарцаагүй болдог байна. Энэ бол олон түмнийг хувьсгалд хөдөлгөгч хүч юм. Ийм тэсрэлт болоход хүн амын олонхийг биш юмаа гэхэд тэдний жинтэй бүлгүүдийг “хэлмэгдүүлэхэд” л хангалттай аж. Ийм хэлмэгдүүлэлтийг 7 дугаар сарын 1-нд хийсэн бөгөөд өнөөдөр ч эрх баригчдын энэ эрмэлзэл илэрсээр байгаа.

Хоёр дахь нөхцөл нь засгийн хариу үйлдэлтэй холбоотой. “Хувьсгалт тэсрэлтийг зогсоох хангалттай хүч хэрэгсэл байхгүй атлаа оршин буй дэг журмыг хамгаалж буй МАНАН шиг нийгмийн тодорхой бүлэг байх ёстой”. Түүнчлэн “Хувьсгалын өмнөх үед засгийн арчаагүйдэл дээд цэгтээ хүрдэг. Эрх баригч онцгой хангамжтай анги хувьсгалыг хүчээр эсэргүүцэх тухай ярихгүй юмаа гэхэд засаглалын хамгийн энгийн үүргийг ч биелүүлэх чадваргүй болсон байдаг” гэжээ. Сү.Батболдын сэтгэл зүй, зан байдлын төлөв яг ийм тохироог бүрдүүлж байгаа юм.

Хэрэв “доодсын” шахалт, “дээдсийн “сул байдал” гэсэн дээрх хоёр нөхцөл давхцвал хувьсгал бол гарцаагүй. Энэ бол аяндаа явагдах үйл явц бөгөөд энэ хэсэг дээр онолч В.И.Ленинтэй санал нийлж байна. Энэ онолын үргэлжлэл буюу хувьсгалын дараа ололтоо алдах тухай магадлал нь Украйны “Жүржийн хувьсгал”, Киргизийн “Алтан зулын” хувьсгалын дараа яг таг биелсэн билээ.

Болсон хувьсгал ч яахав, болох гэж буй хувьсгалын тухайд В.Ленин “Дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй, доодос нь хуучнаараа захирагдахыг хүсэхгүй” болохыг хувьсгалын тохироо гэнэ гэж бичсэн. Тэр харин хувьсгалыг хүчээр хийчихсэн билээ. Эдгээр онолуудын талаар илүү мэдэхийг хүсвэл www.ganaa.mn сайтаас уншина уу.

Монголын өнгөт хувьсгал

МАНАН шорон, буу хоёр дээр тогтож байна. Монголд өнгөт хувьсгал 2003 онд эхэлсэн ба 12 дугаар сарын хүйтэн өдрүүдэд шинэчлэгч залуус хувьсгал эхэлснийг зарласан. Өнөөдрийг хүртэл найман жил тайван замын тэмцлийн бүхий л боломжийг шавхан үргэлжилсээр байна.

Хавар бүр яргуй дэлгэрпэг. Харин эрх баригчид үүнийг “хаврын синдром” гэж нэрлжээ. Хамгийн удаан бөгөөд зовиуртай хувьсгал бол Монголын “Яргуйн хувьсгал” юм. 7 дугаар сарын 1-ний цуст хэрэг явдлаар хувьсгалын эрчимтэй үйл явц зогссон гэдэг ч тэмцэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдлаа зарим талаар нөхөж чадсан билээ. Гэвч тактикийн ялалт хүссэн амжилт авчрахгүй байна. Хүсэн хүлээсэн өөрчлөлт, шинэчлэлт нийгэмд мэдрэгдэхгүй байна. Ялагдлын шок, ялалтын сулхан мэдрэмж ээлжилсээр Монголчууд өнгөт хувьсгалын хоёр дахь давалгаа цэцгийн хувьсгалын эринтэй золгоод байна.

Шударга бус байдал хэтэрснээс улстөрийн платформ эвдэрчээ. Нийгмийн сэтгэл зүйг шинжилж үзье. Өнөөдөр эрх мэдэлд очсон бүхэн эрх ашгаа хангаж авахыг урьтал болгож, харин эрх мэдлээсээ салсан бүхэн шударга бус байдлыг ясандаа тултал мэдэрч байна. Өнөөгийн ямар ч улстөрч тогтолцоо байр сууриа хамгаалж буйн учир нь маргааш эрх мэдлээсээ салмагцаа шударга бус орчин руу шидэгдэх болно гэдгээ мэдэж ухаан алдталаа айдагт байна. Хэдийгээр тэд асар их мөнгө “хусдаг” авч ирээдүй нь найдваргүй хэвээр л байна, тиймээс хойч үеэ “ард түмэн шигээ” болчих вий гэсэн “эхийн сэтгэлээр” өнөөдөр айж ичихээ умартан, өөрийгөө золиослон цуслаж байна. Тэдний айх шалтгааныг үүсгэгч бодат үзүүлэн бол ард түмэн нь гээд л бод доо. Одоо системийн гүнзгий хямралд автаад айдаст тулгуурласан хэврэг тогтолцоо бий болгожээ. Монголд ямар ч систем ажиллахгүй гацаанд орсоор байна. Энэ гацаа нэг л өдөр системийн нуралт үүсгэх, халалтыг нийгэмд үүсгэж байгаа юм.

Айдас, энэ нь нэг талаас эрх баригчид боломжоосоо салж эрх мэдэлгүй ядуусын эгнээнд орчих вий гэх айдас, нөгөө талаас ядуу иргэд эрх ашгаа хамгаалах ямар ч найдваргүй боллоо, айдастай эрх баригчид унахгүйн тулд харгислаж магадгүй гэх сэтгэл зүйн нэгдмэл тогтолцоо юм. Мөн өнгөрсөн хорин жил хурааж хуримтлуулснаасаа салснаас одоо байгаагаараа ингэсгээд яваад байвал ямар нэг аврал ирнэ гэх бизнес эрхлэгчдийн айдас ч үүнд хамаатай. Эрх баригчид өнөөдрийг хүртэл их сайндаа “цуппари л үзэж байснаас цунами үзээгүй” гэдгээ ойлгохгүй байгаа юм байх даа.

Хувьсгалын бэлгэдэл

Өнөөгийн цэцгийн хувьсгал нь дэлхийн геополтитик талаасаа Хятадын хүчирхэгжилтийг зогсоох учиртай юм. Хятадад хувьсгалыг яагаад “мэлрэг цэцэг”-ийн гэж нэрлэв? Түүх нь тун сонирхолтой. Олимпийн наадам дараагийн олимпийн сүлд дууллаар өндөрлөг. Афины олимпийн хаалтын ажиллагаа Бээжингийн олимпийн сүлд дуулал “Молихуа” \Моли-мэлрэг, хуа-цэцэг\ дуугаар өндөрлөжээ. Тэр цагаас хойш Хятадын эрх баригчид энэ дууг улс даяар олимпод бэлтгэх суртал нэвтрүүлгийн ажилдаа өргөн ашиглажээ. “Мэлрэг” буюу “жасмин” хэмээх гоёмсог цэцэг Хятадын соёлд хүндтэй бөгөөд жасмин цэцгийн цай маш хүндтэй ундаанд тооцогддог. “Цай-цэцэг” хэмээх энэ холбоос хүндэтгэл, үнэ цэнэ гэсэн агуулгатай.

Жасмин зөвхөн Хятадад ч бус өөр олон соёлд сайны бэлгэдэл болдгийг олимпоо сурталчилахдаа Хятадын эрх баригчид тооцсон. Бээжингийн вокзалын цаг хүртэл энэ дууны аяар дуугардаг байв. Бээжингийн олимд хүртэл, олимпийн үед түүнээс хойш бүтэн зургаан жил хятад хүн бүрийн тархинд хоногшсон энэ дууны нэрээр Хятадын диссдентүүд хувьсгалаа нэрлэснээр хүн бүрийн тархинд хувьсгал хэмээх үг маш хурдан нэвтэрсэн байна.

Сандарсан Хятадын эрх баригчид хагас сарын өмнө энэ дууг улс даяараа хоригложээ. Гэвч хүний сэтгэл зүрхэнд хоногшсон аялгууг баллуурдах нь юу л бол. Яг үүн шиг авилга хээл хахуульд идэгдсэн Монголын өнөөгийн байдал шударга ёсыг хүсэмжилсэн олныг сэтгэлээс хувьсгалын хүсэмжлэлийг арилгах нь юу л бол. Тэнд Ху дуунаас айж, энд Сү сүүдрээсээ айж байна.

Хувьсгал зөвхөн лалынх биш дорнын хэв шинжтэйгээр үргэлжилнэ. Уг нь би “Яргуйн хувьсгал” нэрнээс салмааргүй авч нэгд энэ нэрийг өгсөн хүний үйл хэргийг залгамжлагчид үүнээс татгалзсан байна, хоёрт гэхэд яргуй бол эрт дэлбээлдэг ч богино настай учраас Монголын хувьсгал бүр эрт 2003 онд эхлээд хавар бүр идэвхждэг шинжээрээ адил байгаа тул “үл ялиг мухар сүсэгт автаж”, хувьсгалын бэлгэдэл цэцгийн нэрийг өөрчлөх саналтай байна. Жил бүрийн яргуйг маань Лу.Гантөмөрийн хэлдэгээр “76 мангуу ямаа” идчихээд байх юм. Надад бол үхэшгүй мөнхийн цагаан уул цэцгийн нэр л орж ирээд байна. Энэ талаар өргөнөөр хэлэлцэцгээе. Гол нь цэцгийн хувьсгалаа хийцгээе. Хувьсгалын тактикаа ч өөрчилмөөр байна

С.БАТБОЛД: ӨНГӨРСНИЙГ ШҮҮХЭЭ БОЛЬЁ. МӨРӨӨДӨЛ ЯРИХАА ЦЭГЛЭЕ. УРАГШАА Л ХАРЪЯ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Хөгжил дэвшлийг зорьсон монгол түмний их нүүдлийн нэгэн хөтөч нь болж яваа түүний санаа бодол, түүний тэргүүлсэн Засгийн газрын бодлого зорилтыг хөндөж бид ярилцав. Баахан урт ярилцлага болсон байж магадгүй. Гэхдээ хэвлэлээр тэр бүрий гараад, яриад байдаггүй Ерөнхий сайдаас асуух, сонирхох зүйл их байлаа. Уншигчид маань уйдахгүй биз ээ.

-Сайн байна уу, Ерөнхий сайд аа. Сайхан хаваржиж байна уу? Та сая Засгийн газрын хуралдаан дээрээс гарч ирлээ. Ямар асуудал хэлэлцэж, шийдвэрлэж байна вэ?

-Сайн. Сайн байна уу? Сайхан хаваржиж байна аа. Сая хамгийн сүүлд Орон сууцны хөтөлбөрийн асуудлыг ярьж байлаа. Аливаа улс орон хөгжил дэвшлийг зорьё гэвэл хүнээ хөгжүүлэх таван асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна гэж би ойлгож байгаа. Нэгдүгээрт, хүнээ эрүүл байлгах ёстой. Хоёрдугаарт өрсөлдөх, хөрвөх чадвартай боловсролтой болгох хэрэгтэй. Гуравдугаарт хүн ажилтай байх ёстой. Энэ талаар төр зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлнэ. Дөрөвт хүн оршин амьдрах орон сууцтай байхгүй бол болохгүй. Тавдугаарт ахмад настай, тодорхой бэрхшээлтэй хүмүүс тэтгэвэр, тэтгэмж халамжид байх учиртай.

Шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрийн нэг болох Орон сууцны хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх вэ, ямар загварыг авах вэ, тэр нь иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэж, хүрч чадах уу үгүй юү гэдэг чухал. Байшин барьж болно. Борлогдохгүй бол яах юм? Тиймээс олон улсын туршлага, зарчмыг судаллаа. Сингапурт төрийн зохицуулалт их өндөр байдаг юм байна. Америк мэтийн өндөр хөгжилтэй орнуудад чөлөөт зах зээлийн зарчим зонхилж байна. Төрийн зохицуулалт, зах зээлийн зарчмыг хослуулж, банк санхүүгийн байгууллага, худалдан авагч харилцан үүрэг хүлээх механизмууд ч байдаг юм байна. Бид төрийн зохицуулалт өндөр байх хэлбэрийг сонгох шийдвэрт хүрч байгаа.

Гэхдээ хавтгайруулахгүй байх ёстой. Утааг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, орлого багатай хэсэгт дэмжлэг үзүүлэх гэх мэт бусад асуудлыг давхар шийдэхийг эрмэлзэж байна. Боломжтой, чадавхитай, дундаас дээгүүр орлоготой хэсэгт чөлөөт зах зээлийн зарчмаар хийх сонголтыг нь үлдээе. Харин дундаж, дунджаас доогуур, бага орлоготой иргэдийн сонголтод төр дэмжлэг үзүүлье. Урт хугацааны, харьцангуй бага хүүтэй зээлийг өгөхдөө банк, санхүүгийн тогтолцоотойгоо хамжиж, хамтрах ёстой. Хүүгийн зөрөөг төр өгнө. Жилийн 06 хувиас хэтрүүлэхгүй гэж үзэж байгаа. Банкны зээл 10-11 хувийн хүүтэй байна гэж бодоход төр тал хэсгийг нь үүрнэ гэсэн үг л дээ. Нэгээс хоёр өрөө сууц байна, нийт төлбөрийнх нь хэмжээ тэдэн төгрөг байна гэх мэтээр тодорхой хязгаарлалт тогтоох нь зайлшгүй. Энэ бол техникийн асуудал. Журам зарчим гарч таарна. Зах зээлийн зарчмаар чөлөөт сонголтоо хийж байгаа хэсэгт ч тодорхой дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг зэрэгцүүлэн хэрэгжүүлнэ. Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Сая Засгийн газрын хуралдаанаар холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. 100.000 орон сууцны эхлэл энэ болно.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ.

- Засгийн газар энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. 100.000 орон сууцны хөтөлбөр хэрэгжвэл хэчнээн хүн ажилтай болох бол?

- Миний хувьд, Засгийн газрын хувьд ч гэсэн өнгөрсөн цагийг шүүж, шүүмжлэхээ аль болох бага байлгая гэж зорьж байгаа. Түүнчлэн хэн нэгэн хүнээс юм уу, бусдаас бурууг хайдгийг ч эцэс болгох нь зөв. Мөрөөдөл ярихаа цэглэе, тодорхой ажил хийе гэж байгаа юм. Товчхондоо бол урагшаа л харъя. Реклам сурталчилгаанд цаг бага зарж, тэр хугацаагаа хийх зүйлдээ зориулъя. Ядуурал, ажилгүйдэл их байна. Энэ бэрхшээлийг гэтэлье гэвэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс бүх салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Зөвхөн орон сууцны хөтөлбөрөөр биш. Үр дүнд нь өрх бүрээс дор хаяж нэг хүнийг ажилтай болгоё гэж бодож байна даа.

Бэлэнчлэхээс татгалзъя, өөрийнхөө боломжоор ажил хийе, бүтээе гэсэн хандлага өмнө ч байсан, одоо ч байгаа. Гагцхүү тэр нөхцөлийг нь бүрдүүлж өгөх тал дээр дутмаг хандсаар ирж. Энэ дутууг нөхөхийг бид эрмэлзэж байна. Засгийн газар, Их Хурал гээд төр засгийн төвшинд эрх зүй, санхүүжилтийн асуудлыг шийдэж, боломжийг бүрдүүлж өгч байна.

-Хавар болж байна. Монголчуудын улс төрийн идэвх сэргэдэг цаг ирлээ. Жагсаал цуглаан олширч, тэр нь Засгийн газар луу чиглэх хандлага ажиглагдаж байна л даа. Засгийн газар тэдний шахалт шаардлагын өмнө хэлэх үгтэй, бэлэн байж чадах уу?

-Ардчилсан орон юм чинь улс төрийн элдэв өнгө аяс байх нь зүйн хэрэг. Гэхдээ хавар болохоор улс төрийн идэвх сэргэдэг гэсэн ойлголтыг жаахан өөрчлөх ёстой гэж боддог. Хавар болохоор л жагсаж цуглаад эхэлдэг, элдэв тулгалт сөргөлдөөн амилдаг, сайн муугаа дуудалцдаг нь бараг үзэгдэл болоод байх шиг байна л даа. Үүнийг нийгмийн олонх тийм ч их таашаадаггүй. Жагсаж, шаардсанаараа үр дүнд хүрдэг бол өнгөрсөн 20 жилд бид урагшаа их хол явчих байсан. Хорин жилийн өмнө бидэнтэй ижил төвшинд байсан улс орнууд өнгөрсөн хугацаанд ихийг хийж чадсаныг бид харж байна. Бодлого нь тодорхой, авсан арга хэмжээ нь үр дүнтэй улс орнуудад хөгжил дэвшил иржээ. Хөрш орнууд, Булангийн орнууд, Ази Дорно дахиныхан, Зүүн Европ гээд хаанаас ч жишээ татаж болно.

Тэгэхээр хаврын идэвхжил арай өөр арга замаар илрэх ёстой. Хавар болохоор хүрзээ бариад ажилдаа гардаг болохсон. Замын, барилгын, мал аж ахуйн, газар тариалангийн гээд бүх салбарт ажил буцалж байх тийм зам руу бид алхах ёстой. Иргэд нь хөдөлмөрлөгч, бүтээгч байж чадвал улс орон хөгжинө. Сайн шүүмжилдэг, маргалддагаар улс орны хөгжил тодорхойлогдохгүй байна шүү дээ.
Хөдөлмөрлөдөг, бүтээдэг байх үйл явцын сууриуд энэ хамтарсан Засгийн газрын үеэс тавигдсан. Энэ он суурин дээрээ бүтээн босгох ажил эхлүүлэх, улс төр, нийгмийн бүтээх ардчиллын шинэ соёлын эхлэл тавигдах жил болно гэж бодож байна.

-Бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд Хөгжлийн банкаар дамжиж хэрэгжинэ гэж ойлгож байгаа. Банкны үйл ажиллагаа хэдийгээс жигдэрч, үйл ажиллагаагаа эхлэх вэ?

-Өнөөдрийн хуралдаанаар бүтэц, зохион байгуулалтын асуудлыг нь шийдэж байна. Эрх зүйн хувьд асуудал нь цэгцэрсэн. Орон сууц, авто зам, төмөр зам, эрчим хүчний гэх мэт үндэсний хэмжээний том хөтөлбөрүүд Хөгжлийн банкаар дамжин санхүүжигдэнэ. Менежментийн хувьд бусад улс орны туршлагыг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. 20-30 жилийн дотор үсрэнгүй хөгжилд хүрсэн улс орны жишээ БНСУ, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират гээд бидний эргэн тойронд байж л байна. Тавин жилийн өмнөх биш, энүүхэн 20 жилийн урьдах асуудлыг ярьж байна шүү дээ. Тэд төрийн зохицуулалтыг маш сайн хийж өгч чадсанд нэг нууц нь оршдог. Тэрний нэг механизм нь Хөгжлийн банк.

Бид Хөгжлийн банкны менежментийг гаднынхантай хамтарч хийе гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт хийгдэж, Засгийн газарт танилцуулах шатандаа орчихоод байна. Надад танилцуулснаар БНСУ-ын Хөгжлийн банк түлхүү, идэвхтэй байр суурьтай байгаа юм билээ. БНСУ-ын хөгжил дэвшил, тэдний банкны туршлагыг бид сайн мэднэ. Хамтраад ажиллахад болохгүй зүйлгүй гэж бодож байгаа.

-Тавантолгойгоос баахан мөнгө одоохон урсаж орж ирээд л, түүнээс нь хувь хүртээд, амьдрал ахуй огцом сайжраад явчих юм шигээр иргэд их энгийнээр ойлгож байх шиг байна. Чухамдаа бол ашиг хүртэх асуудал өнөө маргаашийн хэрэг биш байх. Одоохондоо стратегийн хөрөнгө оруулагч, зөвлөх банкийг сонгох ажил хийгдэж байна. Яг хэдийгээс Тавантолгойн ашиглалт эхэлж, үйл ажиллагаа нь жигдрэх вэ?

- Би их ойрын хугацааг харж байгаа. Тодорхой хэлбэл энэ жилдээ багтана. Энэ төслийг үлгэр жишээ болохуйц хийх ёстой. Манайд одоо болтол улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа нээлттэй биш, хаалттай байдаг. Иргэдийн хяналт оролцоо үндсэндээ байхгүй. Үр ашиг нь ч нэлээд тааруухан.

Тавантолгой орчин үеийн зах зээлийн нийгмийн харилцаанд зохицсон, дэлхийн жишигт нийцэхүйц, үлгэр жишээ компани байх ёстой. “Рио Тинто” гэдэг компани манай Оюутолгойн ихэнх хувьцааг авсан. Тэдний үйл ажиллагааных нь хүрээ ил, интернэтэд ороод харахад бүгд л байж байгаа. Энэ компанийн 19 хувийг БНХАУ-ын Засгийн газар авъя гэсэн ч Австралийн Засгийн газар зөвшөөрсөнгүй гэдэг ч юм уу, хувьцааных нь үнэ ханш ямаршуу байгааг хувьцааг нь эзэмшигч хэдэн мянга, сая хүн тодорхой мэдэж байдаг. БНХАУ-ын төрийн өмчийн том компаниуд 1990-ээд он гэхэд үндсэндээ бүрэн хаалттай, үр ашиг нь тийм ч өндөр биш байжээ. Тиймээс зах зээлийн горимд шилжүүлж, Нью-Йорк, Хонконг, Лондон, Шанхайн хөрөнгийн биржүүд дээр гаргасан. Ингэснээр тэдгээр компаниудад иргэдийн оролцоог хангах, нээлттэй байх зарчимд эерэг өөрчлөлт гарч, дэлхийд өрсөлдөх чадвартай болсон байна. Манай Тавантолгой ийм жишгийг баримталсан компани болно. Цаашдаа “Эрдэнэт” ч юмуу бусад үйлдвэрүүд яг энэ замаар явах ёстой.

Тийм ч учраас бид Монголын хөрөнгийн биржийг орчин үеийн стандартад нийцүүлэхийг зорьж, Лондонгийн хөрөнгийн биржтэй менежментийн гэрээ хийж байгаа. Дараа нь дэлхийн томоохон биржүүд дээрээс Тавантолгой руу чиглэсэн хөрөнгийн урсгалыг татах болно. Би Ерөнхий сайдын ажлыг аваад эрдэс баялгийн, эрчим хүчний, дэд бүтцийн чиглэлээр Монголын бэлгэ тэмдэг болохуйц компаниуд үүсэх ёстой гэж хэлж байсан даа. Үүний эхнийх нь “Эрдэнэс-Тавантолгой” болох ёстой. Энэ жил үйл ажиллагаа нь жигдэрч ард иргэдэд очих хувь, хувьцаа, үнэ цэнэ нь тодорхой болно. Ямар нэгэн эрх ашгийн бүлгийн явцуу сонирхол, давуу эрхийн хүчин зүйл огт үйлчлэхгүй. Иргэд, үндэсний компаниудын эрх ашгийн төвшин яг адил байна. Төрийн оролцоо, хяналт 51 хувиасаа буухгүй. Засгийн газар энэ талаар хатуу байр суурь баримтлах болно.

-Тавантолгойн хувьцааг хуваарилах талаар янз бүрийн санал гардаг. Жишээлбэл компанигүй иргэн яах юм, шинээр төрсөн хүүхдэд яагаад өгөхгүй байгаа юм гэх мэт. Одоо байгаа хувилбарыг засаж, сайжруулах боломж бий юү?

-Төгс төгөлдөр юм хийхийн төлөө байх ёстой гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ бүрэн төгс төгөлдөр юм байна гэдэг бас хэцүү. Бид өнөөдөр өөрийнхөө цаг үед л амьдарч байна. Ирээдүй, өнгөрсөн, одоо цагийн холбоосыг яаж зангидах юм гэдгийг мэргэжлийн хүмүүс, хуульч, эдийн засагч, төслийг боловсруулж байгаа зөвлөхүүд гаргаж тавих ёстой байх. Янз бүрийн санал, хувилбар гарч байгааг сонсоно, анхаарна. Төгс төгөлдрийн талаарх гүн ухааны гэмээр яриа, маргаан магадгүй үйл явцыг удаашруулах нөлөө үзүүлж ч болох юм. Яг одоо байгаа өгөгдөхүүн, төвшин дээрээ хамгийн боломжтой, илүү үр дүнтэй байх тэр хувилбарыг сонгож аваад ирээдүйд түүнийгээ сайжруулж төгөлдөржүүлээд явах нь зөв болов уу гэж бодож байгаа.

ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ХҮНЭЭ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ
БОЛГОСОНД Л БАЙГАА

-Оюутолгойн төсөл хэрэгжээд эхэлчихлээ. Гэрээг нь шүүмжилсээр л байна. Ер нь энэ гэрээ хэр болсон юм бэ?

-“Эрдэнэт”-ийн гэрээг тухайн үед биднийг дэмжиж байсан системийн нөлөөн дор хийж байлаа. Тэр үед нийгэм одоогийнх шиг нээлттэй байгаагүй учраас олон нийтийн мэдэхгүй зүйл их байсан. Нэг жишээ хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр 2003 он хүртэл одоо мөрдөгдөж буй 16-17 төрлийн татварын ихэнхийг төлдөггүй байсан. Нөөц ашигласны, газрын түрээсийн, гаалийн, ажиллах хүчний, байгаль орчны гэх мэт татваруудаас чөлөөлөгдөж, орлогын татвар л төлж байв. 2003 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн адил статустай ажилладаг болсон.

Оюутолгойн гэрээ бол “Эрдэнэт”-ээс хойш хийгдэж байгаа үндэсний хэмжээний, “Эрдэнэт”-тэй харьцуулахад хэд дахин том гэрээ. Монголчууд өөрсдөө бие дааж хийж буй анхны том гэрээ. Өөрсдийн мэдлэг чадвар, гаднын зөвлөгөөг хослуулж, биеэ даасан байр суурин дээрээс хийсэн гэрээ. Гэхдээ төгс төгөлдөр болсон гэж хэлэхгүй ээ.

Юуны өмнө уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт хэрэгжиж эхэлсэн нь гарцаагүй ололт. Манай Засгийн газрын гишүүд мэдлэг, мэдээлэл, хууль эрх зүйн хүрээнд сайн ажилласан гэж үздэг. Харин бидний мэдлэгийн төвшин нэмэгдэх, зах зээлийн бөгөөд цаг хугацааны нөхцөл өөрчлөгдөх хэрээр цаашид сайжруулах асуудал нээлттэй. Сая бид зарим нэг өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Зээлийн хүүг бууруулах, гуравдагч талд Монголын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зарж болохгүй байх зэргээр хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Ийм зарчмаар улам сайжруулах боломжтой гэж үзэж байна.

-Монгол баялгийн хувьд асар баян орон гэдэг нь хэнд ч тодорхой боллоо. Бараг л сууж байгаа газраа ухаад л алт олж болж байх шиг байна. Цаашид уул уурхайгаа ямар зарчмаар ашиглах вэ? Олдож, гарч байвал аваад байх уу? Хоёр Толгойгоо, дээр нь нэмээд уранаа, Асгатын мөнгөө, Цагаан суваргын зэс алтаа л авъя. Бусдыг нь хөндөх шаардлага байхгүй, хойч үедээ үлдээе гэсэн яриа нэг хэсэг байсан шүү дээ?

-Засгийн газар стратегийн ордуудтай холбоотой бодлого, зохицуулалтыг хийх ёстой. Гэхдээ нөгөө талд нь хувийн хэвшлийнхэн уул уурхайн үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцчихсон байж байна л даа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн лиценз олголт, ашиглалт сүрхий нээлттэй, задгай яваад ирчихэж. Сурсан, мэдсэн юм их байгаа байх. Бас алдсан алдаа, сургамж ч нэлээд хуримтлагдлаа. Хувийн хэвшлийн үйл ажиллагааг хумьж хязгаарлана гэдэг тун амаргүйг сая Урт нэртэй хууль гарсан үйл явц харууллаа шүү дээ.
Зөвхөн Засгийн газрын төсөл л хэрэгжинэ, бусдыг хязгаарлана гэвэл хэцүү. Гэхдээ засаг бодлогоо гаргаж тавих шаардлагатай. Ялангуяа стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийн дэд бүтэц, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх ажлыг Засгийн газар хариуцах ёстой. Эдийн засгийн эргэлтэд орсон орд газраас иргэнд юу ногдож байна, хуваарилалт нь шударга ёсонд нийцэж байна уу үгүй юу гэдэг асуудал анхаарлын төвд байх учиртай. Эхний ээлжинд томоохон бодлогын орд газруудаа зөв ашиглаж эхлээд дараа дараагийн шат руу зөв зохистой туршлага дээрээ үндэслээд орох ёстой болов уу. Нэгэн зэрэг биш тодорхой шат дараатай, бодлоготойгоор.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бидэнд бий. Түүний дагуу зөвхөн Өмнөговьд биш бусад бүс, эдийн засгийн тэнхлэгүүдэд хөгжлийн үндэс суурь тавигдах учиртай. Төр засаг энэ бодлогын үндсийг гаргаж өгөх учиртай. Бүхэлд нь хөгжлийн бодлогын асуудлыг, түүн дотроо уул уурхайн ашиглалтыг эдийн засгийн бүсийн төвүүдтэйгээ уялдуулж төлөвлөлт хиймээр байна. Зах зээлийн төлөвлөлт их тодорхой байхгүй бол болохгүй. Тиймээс Засгийн газар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тодорхой үүрэг чиглэл өгч, асуудлыг боловсруулж байгаа. Ойрын үед ярилцана. Сая Эдийн засгийн форумаар хөгжлийн загварчлал, төлөвлөлтийн асуудлаар өргөн хүрээтэй ярилцлага хийж, нийгмийнхээ дуу хоолойг сонссон. Эндээс гарсан зөв санаа, сайн шийдлүүдийг тунгааж, бодлогын үндэс суурь болгоно.

-Бүрэнхааны ордыг ашиглах хэрэггүй. Бүрэнхаанаас гадна хангалттай олон орд газар байна. Хөвсгөлийг фосфориттой фосфоритгүй хөгжүүлж болно. Монголын төдийгүй дэлхийн шим мандлын нэг гол цэг болсон энэ үзэсгэлэнт байгалийг бусниулж, буртаглахгүй байя гэсэн байр суурийг манай сонин барьж байгаа. Энэ талаар таны бодлыг сонсъё.

- Сая та бид хоёрын ярьсан хөгжлийн төлөвлөлтийн асуудлын хүрээнд л яригдаж таарна. Гарцаагүй ярих асуудал мөн үү гэвэл мөн. Төрийн зохицуулалт, төлөвлөлт нь тодорхой биш байгаа учраас асуудал руу нийгмийн, мэргэжлийн, орон нутгийн, хэсэг бүлгийн, тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагын ч юм уу санаа бодол хандаж байгаа хэрэг. Урсгалаар явж байгаа бодлогоо эхлээд цэгцэлчихье. Ингэсэн цагт алийг яах нь нэн тодорхой болно. Ямрыг нь ашиглах, алийг нь хойш тавих, аль хэсгийг огт ашиглахгүй байх вэ гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр Ерөнхий сайд нэг нөхөр ч юм уу энийг ашиглая, түүнийг болъё гэж ихийг мэдэгчийн дүрээр хандаж болохгүй.

-Хөшөөтийн орд том орд. МонЭнКо хэмээх Хятадын компани гаднын бирж дээрээс асар их мөнгө босгож байгаа нь ордын хэмжээ далайцыг харуулж байна. Бидний ойлгож байгаагаар энэ бол стратегийн орд. Хөшөөтийг стратегийн ордод багтаах асуудал яригдаж байна уу?

-Одоогоор Засгийн газар дээр стратегийн ордын жагсаалтад шинээр орд газар нэмж оруулах асуудал яригдаж эхлээгүй байгаа. Гэхдээ ер нь эрдэс баялгийн салбарын асуудлыг бүхэлд нь, цогцоор нь авч үзэхгүй бол болохгүй нь гэдэг нь тодорхой байна. Үүний шийдлийг энэ Засгийн газрын үед гаргах ёстой.

-Таны Ерөнхий сайд болонгуутаа дэвшүүлсэн Кэмбрижийн боловсролын жишиг, Евро стандартыг Монголд нутагшуулах зорилтыг олон нийт талархан хүлээж авсан. Хэрэгжүүлэх ажлын явц ямар байна вэ?

-Бусад улс орны хөгжлийн нууц юунд байна вэ гэдгийг хүн бүр л хайж, цэгнэдэг. Би бол хөгжлийн нууц хүнээ боловсролтой, мэдлэгтэй болгосонд л байна гэж хараад байгаа юм. Тийм учраас тэгж зарласан. Сургууль төгссөн хүн ажлын байран дээр гараад ирэхээрээ ажил амьдралын их давалгаанд живчихгүй байх, харин ч өрсөлдөж сэлж чадах чадвартай байх ёстой. Шилжилтийн үед боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх шийдэл бүрэн дүүрэн гараагүй юм байна, боловсролын салбар маань шилжилттэйгээ зууралдаад үлдчихэж, шилжсээр байгаа юм байна гэсэн ойлголт надад төрсөн. Тиймээс энэ тойргоос гарах эхлэлийг тавья, тэр нь Кэмбрижийн стандарт байх нь зөв гэж үзсэн юм. Сингапураар дахиад жишээ татъя. Тэд энэ стандартыг авч, өөрсдийнхөө онцлогт нийцүүлэн боловсронгуй болгосноор өнөөдөр Сингапурт боловсрол эзэмшсэн хүн ямар ч төвшинд, ямар ч ажлыг бусдаас дутахааргүй өрсөлдөх чадвартай хийж, үнэлэгдэж чадаж байна. Гэхдээ хадаас тэгшилж байгаа юм шиг амархан шийдчихээгүй. Нэлээд урт хугацааг зарж байж, энэ чанарын дэвшилд хүрчээ.

Бид тэр замаар явна. Өөрчлөлт хийх ажилд ихээхэн хөрөнгө, хүч, арга хэрэгсэл шаардагдаж байгаа. Юутай ч эхлэл нь тавигдсан. Кэмбрижийн их сургуультай гэрээ байгуулж, Кэмбрижийн хөтөлбөртэй уялдуулсан ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Удахгүй ЕБС-иуд Кэмбрижийг жишиг болгосон хөтөлбөртэй болчихно. Дараа нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нараа бэлтгэнэ. Ямар хэлбэрээр хэрэгжүүлж, нэвтрүүлэх вэ гэдгийн тухайд лаборатори сургуулийн хэлбэрийг сонгож байгаа. Лаборатори сургуулиуд энэ стандартыг нэвтрүүлэх түшиц газар, уурхай нь болох ёстой. Ийм төвүүдийг эхлээд хотод нэг, дараа нь аймаг, дүүргүүдэд нэг нэг, цаашлаад суманд гэх мэтээр нийтийг хамарна. Эдийн засгийн чадавхи нэмэгдэх тусам боловсролын салбарт хаях үр өгөөжтэй хөрөнгийн хэмжээг улам нэмэгдүүлнэ. Хөгжлийн түлхүүр энд байгаад эргэлзэхгүй байна..

Европ стандартын тухайд гэвэл бид Европын холбоотой PCI буюу түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах гэж байна. Тэргүүн шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Бидэнтэй яг адил стандарттай байсан Болгар, Румын, Польш, Чех, Унгар улсууд Европын стандартыг авсан. Ингэснээр үйлдвэрлэл үйлчилгээний салбартаа арай илүү зардал гаргаж байгаа ч эцсийн дүндээ өрсөлдөх чадвар, баталгаа, чанар нь илүү сайн болж байна. Жаахан үнэтэй тусна, гэхдээ үр өгөөжтэй байх болно. Энэ тавдугаар сард Европын холбоонд айлчилж, тэр үеэр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Гэрээ хийснээр техник эдийн засгийн туслалцаа авна.

Манайх 7200 бүтээгдэхүүн Европын холбооны улсуудад экспортлох боломжтой гэж бид хөөрөөд л байгаа. Европын 28 улсын 600 сая орчим хүнтэй, төлбөрийн өндөр чадвартай зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ татваргүй гаргах боломжийг Европын холбоо манай ардчилсан ёс, чөлөөт зах зээлийг зорьсон чармайлтыг дэмжээд бидэнд нээж өгсөн нь үнэн. Гэтэл нөгөө хэдэн ноолууран цамцнаасаа хэтрэхгүй байна. Яагаад гэвэл бидэнд стандарт нь байхгүй, стандарт байхгүй болохоор өрсөлдөх чадвар байхгүй. Зэсийн үнэ уналаа, нүүрсний үнэ савлалаа гэвэл сандраад эхэлдэг эдийн засгийн өрөөсгөл байдлыг халъя гэвэл стандарттай болохоос өөр арга байхгүй.

Боловсролын системд л гэхэд улсын болон хувийн сургууль, хятад, солонгос, турк сургууль гээд бүгдээрээ өөр өөр стандарттай. Монголд сургууль төгсөж байгаа хүн ямар стандартаар төгсөж байгаа нь ч ойлгомжгүй. Барилгад л гэхэд хэн нэгэн хүн стандарт зохиогоод л барьчихаж байна шүү дээ. Тэр нь тэгээд нурлаа л гэнэ, шатлаа л гэнэ. Хоёрдугаар төрөхийн жишээг бид мэдэж байгаа. Засвар хийчихлээ гэсэн чинь дээвэр нь нураад уначихсан. Ямар стандартаар барихаараа тэгдэг юм бүү мэд. Нураахын тулд барих стандарт гэж баймааргүй юм. Тэгэхээр стандарттай болно гэдэг бол амин чухал асуудал. Хяналт, аюулгүй байдлыг тогтоох, авлига хээл хахуулийг устгах, хүнд суртлыг багасгах, ерөөсөө төр нийгмийн харилцааг эрүүлжүүлэх асуудлын нэг зангилаа нь энэ.

ТӨРИЙН АЖИЛ, БИЗНЕСИЙН АЖЛЫГ БИ ХЭЗЭЭ Ч ХОЛЬЖ ХУТГАЖ БАЙГААГҮЙ

-Тавантолгой ч бас олигтой юм болохгүй нь. Гурван сайд л мэдээд байх шиг байна. Батболдын хувийн сонирхол угаасаа тэнд байсан гэсэн яриа байгаад хариулт өгөхгүй юу?

- Энэ ордыг анх 1997 онд “BHP” гэдэг дэлхийн хэмжээний том компани авсан байдаг. Уг нь бол нэлээд дээр үед нээгдсэн, тодорхой судалгаа хийгдчихсэн байсан. Монголын Засгийн газар тухайн үед Румыний, Хойд Солонгосын Засгийн газар гэх мэт олон газарт хандаж хамтарч ашиглая гэсэн санал тавьж байсан байдаг юм билээ. Тэр үед нүүрсний үнэ ханш өнөөгийнх шиг өндөр байгаагүй, дэд бүтэц хөгжөөгүй, хөрш орны зах зээл бий болоогүй зэрэг олон хүчин зүйлээс хамаарч, Тавантолгойг ашиглах төсөл явж өгсөнгүй. Ингээд “BHP” орж иржээ. Гэтэл дээрх шалтгаанаар бас л ашигггүй байсан учраас лицензийг нь 1998 онд буцаагаад өгчихсөн юм. Уг лицензийг Монголын “Майн инфо” гэдэг компани авчихаад хөдөлгөх гэсэн боловч чадал тэнхээ нь дутаж. Ер нь бол “BHP” чадаагүй юмыг Монголын нэг компани чадна гэдэг боломжгүй л дээ. Тэгээд манай “Алтай холдинг”-д хамтаръя гэсэн санал тавьсан. Нэг их том юм санаж, ашиглаж эзэмших тухай яриа байгаагүй. Лицензийн төлбөрийг нь хамтраад хийе, яваандаа ашиглах асуудал хөндөгдөх байх л гэж байсан. Тэр залуучуудыг би их үнэлж хүндэтгэдэг юм. Гадагш нь зарчих боломж байсан боловч тийм амин хувиа хичээсэн байдлаар хандаагүй, үндэснийхээ компанид санал тавьсанд нь баярладаг.

Ингээд 1999 оноос манай хоёр хамтрахаар боллоо. Гэхдээ хэрэгтэй ашигтай гэдгийг нь мэдэж байсан ч яаж ашиглах аргаа олохгүй, мэдэхгүй л байлаа. Зах зээлийн нөхцөл ашиггүй хэвээрээ байгаад байдаг. Харин 2000 оноос хойш нүүрсний зах зээл сэргэх хандлага гараад ирэхээр үндэсний хэд хэдэн компани бидэнтэй нэгдэж, хамтарсан.

Миний оролцоо тэнд байснаар энэ орд гадагшаа зарагдсангүй. Энэ бол бодит үнэн. ОХУ-ын Ерөнхий сайд М.Фрадковын манай улсад хийсэн айлчлалын үеэр О.Дерипаска тэргүүтэй том бизнесменүүд, “Северсталь” гэх мэтийн томоохон компаниуд санал тавьж, худалдаж авъя гэж байлаа. 51 хувийг нь төрдөө өгчих. 25 хувийг нь Оросын компаниуд авъя. 24 хувийг нь та нар өөрсдөө ав. Бид өөрийн эзэмших 25 хувьдаа зохих хэмжээний төлбөр, урьдчилгаа төлье гэж нэлээд их хэмжээний мөнгөний тоо хэлж байлаа, тэд. Тухайн үеийн ашиг хонжоогоо бодоод зарчихсан бол, тодорхой хувийг нь эзэмшээд ч юм уу явсан бол ямар ч хууль эрх зүйн зөрчил байгаагүй. Хуульд стратегийн ордын 51 хувь нь төрийн өмч байна л гэж байгаа шүү дээ.

Гэхдээ бид, манай “Алтай холдинг” асуудалд тэгж хандаагүй. Энэ бол үндэсний хэмжээний асар том орд байна, төр, ард түмэн мэдэх нь зөв л гэж үзсэн. Тиймээс лицензийг нь худалдаагүй. Хөршийн болон гуравдагч орны компаниуд асар их хэмжээний үнэ төлбөр санал болгож байхад охиноо хадамд гаргахгүй гэж байгаа эцэг шиг харамлаад л, лицензийн төлбөрийг нь төлөөд, бас техник эдийн засгийн тодорхой хэмжээний үндэслэл, төслийг нь хийгээд байгаад байсан. Нэг хүрз нүүрс ч аваагүй. Эцэст нь төрдөө өгсөн.

Оролцогч Монголын компаниуд гаргасан зардлаа нөхөж авъя, гэхдээ мөнгөөр биш, тодорхой хэмжээний газрыг Тавантолгойн ордын хажууд эзэмших маягаар авъя гэсэн санал тавиад тухайн үеийн Засгийн газар зөвшөөрсөн. Ухаа худаг бол Тавантолгойн орд газрын нийт талбайн дөрвөн хувьтай л тэнцэнэ гэж яригддаг шүү дээ. Ухаа худагийг ашиглах болоход “Алтай холдинг” тэнд хөрөнгө оруулалт хийж, ашиглах улс төр, эдийн засгийн сонирхол байхгүй ээ, гаръя гэж “Энержи ресурс”-ийнхэнд хэлээд, өөрийн хувиа үндэсний компаниудад зараад, татвараа төлөөд гарсан баримт нь байгаа. Ингээд өгчихсөн хэрнээ одоо Ерөнхий сайд байгаа миний бие өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлээд авч ашиглана гэвэл энүүн шиг утгагүй юм байхгүй. Өмнө нь хуулийн дагуу эзэмшээд аваад явчихаж болох байсан юмнаасаа татгалзчихаад одоо хууль зөрчиж оролцоно гэдэг эрүү саруул ухаанд бол огт ойлгогдохгүй шүү дээ.

Тавантолгойг тунгалаг, ил тод, нээлттэй компани болгоно гэдгээ би дээр хэлсэн. Хувьцааг нь шударгаар хуваарилахын зэрэгцээ, олон нийтийн хяналтад бүрэн байлгана. Тавантолгойн хувьцааны ашиг, менежмент яаж явж байна гэдгийг 2.8 сая монгол хүн хянана. Өөрийнхөө юмыг эзэн нь мэдэж байх ёстой шүү дээ. Ард түмэндээ хэтэрхий их таалагдах гэсэн зарим хэсэг энэ ордыг 100 хувь ард түмэнд өг, энэ тэр гэж хийрхдэг. Хэрвээ ингэвэл ямар ч үнэ цэнэгүй болохоос өөр өөрчлөлт гарахгүй. Үнэ цэнэтэй байлгахын тулд 51 хувийг нь төр мэддэг, иргэд өөрсдөө хувьцаагаа оруулчихсан, хөрөнгийн зах зээл дээр үнэлгээ нь бодитой байх ийм төслийг Ерөнхий сайдын хувьд би хариуцаж хийнэ.

-Нэгэнт иймэрхүү сэдэв хөндөгдөнийх, Таны нэрийг холбож ярьдаг “Чингис” зочид буудал, Бороогийн алтны ордын асуудлаар тайлбарыг тань сонсмоор байна…

- Асуултад хариулахын өмнө өөрийнхөө тухай хэдэн үг хэлье. Боловсрол олох, ажлын дадлага туршлага суух, бизнес эрхлэх, төрд алба хаших гээд аль ч цагт надад их сайхан боломж нөхцөл тохиож байсан хувь заяандаа би баярладаг.

Москвад Олон улсын харилцааны сургууль төгсөж ирээд тэр үеийн Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яаманд ажилд орсон. Тэнд зургаан жил ажиллах хугацаандаа төрийн ажлын дадлага туршлага олж, завсарт нь бас Англид мастер хамгаалсан. 1992 оноос хойш хувийн секторт орж, найман жил ажилласан. 2000 оноос төрийн ажилдаа эргэж орсон.

Бизнес хийж байхдаа би бизнесээ л хийж байсан. Улс төрд орж ирээд төрийн ажлаа л хийсэн. Төрийн ажил, бизнесийн ажлыг би хэзээ ч хольж хутгаж байгаагүй. Ийм байж болохгүй гэдэг зарчмыг би барьсаар ирсэн.

“Чингис” зочид буудлын хувьд социализмын үеийн сэтгэлгээгээр, ЭЗХТЗ-ийн орнуудын том том хурал хийж байх зориулалтаар төлөвлөсөн том танхимуудтай, ашигтай талбай багатай, бусад ижил төрлийн буудлаасаа орлогын хувьд ч илүү гарахааргүй барилга байсан. Тухайн үеийн Засгийн газраас гаднын хөрөнгө оруулагч хайсан боловч ашиг багатай болохоор авах газар олдохгүй, 1991-1993 оны хооронд хаягдчихсан байсан юм. Тэгээд үндэсний компаниудын дунд тендер зарласан. Тендерт манай “Алтай трейдинг” компани оролцож, 65 хувийн гүйцэтгэлтэй, тоногдож хулгайлагдсаар бараг балгас болчихсон барилгыг авсан нь үнэн. Аваад барилгын ажлыг дуусгаж, үйл ажиллагаанд оруулсан нь ч үнэн. Ажилд оруулаад төлбөр татварыг нь улсад бүрэн төлсөн нь ч баримтаар байгаа. Бусад буудлуудын хувьчлалтай харьцуулах юм бол хэдэн арав, зуу дахин өндөр үнээр авсан. Хаягдсан барилгыг аваад дуусгаж, төрд төлөх ёстой төлбөр тооцоог нь бүрэн хийж, олон зуун хүнийг ажлын байраар хангаж байгаа тийм л объект. Хэрвээ зөв ойлгох юм бол хэрэгтэй, шударга зүйл хийгджээ гэдэг нь ойлгогдоно. Хаягдсан барилгын жишээ бий шүү дээ. Аравдугаар хорооллын спорт комплекс байж л байна. “Чингис” зочид буудлын хувь заяа тийм замаар орохоос бид аварсан. Ер нь бол хийж бүтээсэн зүйлийг дагаж л шүүмжлэл өрнөдөг юм шиг байгаа юм. Юу ч хийхгүй байвал юу ч ярихгүй шүү дээ.

Бороогийн ордыг 1960-аад онд Германы геологчид нээсэн юм байна лээ л дээ. Гэхдээ тэр үед ашиглах нөхцөл нь бүрдээгүй байж. 1990-ээд оны эхээр “Моррисон Кнудсен” хэмээх Америкийн компанид өгсөн. Энэ компани манай IV цахилгаан станцын өргөтгөл энэ тэрийг хийсэн маш компани. Тэд хэсэг хугацааны дараа буюу 1994 онд энэ төсөл одоохондоо эдийн засгийн хувьд үр ашиггүй юм байна гэж үзээд манай Засгийн газарт буцаагаад өгсөн байдаг юм. Яагаад гэвэл 2003 оныг хүртэл алтны үнэ их бага, дэлхийн зах зээл дээр нэг унци нь 250-300 долларын хооронд хэлбэлзэж байж. 2003 оноос хойш нэмэгдсээр одоо 1000 гараад явчихлаа. Нөгөө талаар ордын алтны агууламж харьцангуй бага байсан юм билээ. Нэг тонн хүдэрт 3.0 грамм алт байх тийм агууламж бол бусад ордтой харьцуулахад хэд дахин бага гэсэн үг. Унци нь 320 доллараас доош байх юм бол ашиггүй гэсэн тооцоо тухайн үед гарч байжээ.

Улмаар 1996 онд нээлттэй тендер зарлагдаж, үндэсний дөрвөн компани, зарим нэг гаднын компани оролцсоноос манайх буюу “Алтай трейдинг” авсан. Аваад “Алт” хөтөлбөрийн хүрээнд ажил болгох гэхээр алтны үнэ өсөөгүй, ашиг багатай байсан тул гаднын хөрөнгө оруулагчийг татаж оролцуулах хэрэгтэй болсон. Бидэнд үнэнийг хэлэхэд тийм ордыг үйл ажиллагаанд оруулчих хэмжээний хөрөнгө ч байсангүй. Гаднын буюу Канад, Австралийн тэр хөрөнгө оруулагч 80 гаруй сая долларын хөрөнгө оруулсан. Манайх зөвхөн орд газраараа хувь оруулж, яваандаа эзэмших хувь маань 5.0 хувь болсон. 15 жилийн өмнөх бизнесийн орчин, хууль эрх зүйн нөхцөл одоотой харьцуулбал шал өөр. Ердөө тавхан хувьтай учраас “Алтай трейдинг” олборлолт ашиглалтын үйл ажиллагаанд үндсэндээ огт оролцоогүй. Ногдол ашиг ч хүртээгүй, өнөөх таван хувиа тэдэнд худалдсан. Төлөх ёстой татвар төлбөрөө бүрэн хийсэн.

Харин Канадын тэр компани тухайн үеийн “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн дагуу хөнгөлөлт эдэлсэн байдаг юм. Тэр хуулиар буюу Тогтвортой байдлын гэрээгээр 2.0 сая доллараас дээш хөрөнгө оруулсан гаднын компани орлогын албан татвараас эхний гурван жилдээ 100 хувь, дараагийн гурван жилдээ 50 хувь чөлөөлөгдөх ёстой байсан юм. “Алтай трейдинг” хувиа зараад, татвараа төлөөд гарсан нь тусдаа асуудал. Гэтэл үүнийг хольж хутгах гээд байдгийн учрыг би олдоггүй юм.

НАМЫН УДИРДЛАГЫН ХҮРЭЭНД ЯМАР НЭГЭН ЗӨРӨӨТЭЙ, ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ

-МАХН гэсэн нэрийг өөрчлөх тухай яриа олон жил дуншсаны эцэст Таны үе дээр хийгдлээ. Ярьсан ч хийхгүй яваад байсан нь тодорхой хэмжээний эрсдэл байна гэж үзсэнийх байх. Та, таны нөхөд эрсдэлээ тооцсон уу, эрсдэлээс болгоомжлоогүй юу?

-Эрсдэлгүй юм гэж амьдралд байхгүй л дээ. Эрсдэлгүй амьдаръя гэвэл юу ч хийхгүй зүгээр сууж бай л гэсэн үг. Гэхдээ эрсдэл хийж байна гээд байгаагаа нураагаад байвал болохгүй. Чиг хандлага зөв гэдгээ мэдрэх, тооцоо судалгаа үндэслэлээ сайтар гаргах учиртай. Бүгдээрээ ярьж буруугүйг тогтоож, олонхийн байр суурийг баримталбал эрсдэл тэгж айгаад байх зүйл биш. Дийлэнх олонхийнхоо санаа бодолд захирагдаж явдаг нь ардчиллын нэгэн үнэ цэнэ. Үзэл бодлын зөрөө байж болно оо. Гэхдээ олонхдоо захирагдах ёстой. Бүр эсрэг тэсрэг санаа бодолтой нь өөрийнхөөрөө амьдарч ч болно.

Манай нам нийгмийнхээ ардчилалтай хамт ардчилагдаад, шинэчлэгдээд, түүх уламжлал, ахмад, дунд, залуу үеийнхээ хэлхээ холбоосыг зангидаад явж байгаа улс төрийн хүчин. Шинэчлэгдэж чадаж байгаа нь дотоод ардчилалтай байгаагийн шинж. Ардчилалтай намаас орж гарах, зарим хэсэг нь бүрмөсөн орхиод шинэ нам байгуулах энэ тэр нээлттэй асуудал шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд манай намын гишүүд энэ өөрчлөлтийг бүрэн дүүрэн дэмжиж хүлээж авсан. Манай намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд хөдөө орон нутагт, намын анхан шатны байгууллагууд дээрээ сая очиж ажиллахад энэ байдал тодорхой байна.

Намын нэр сольсонтой холбоотойгоор ямар нэгэн эрсдэл гарах, нам 2012 оны сонгуульд хүссэн үр дүндээ хүрэхгүй бол намын даргын хувьд хариуцлагыг хамгийн түрүүнд хүлээнэ гэдгээ би Их хурлын индэр дээрээс гишүүддээ хандаж хэлсэн.

Саяхан намын бат илэрхийлэхээ солилоо. Энэ үеэр намын гишүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь бидний өөрчлөлтийг иргэд дэмжиж байгаагийн нэг илрэл мөн. Цөөн тооны хүн гарч байгааг яриад байгаа хэрнээ орж байгааг нь ярихгүй, анзаарахгүй байна л даа.

- Арав гаруй мянган хүн шинээр элслээ гэж ярьж байсан байх аа?

-Арав биш ээ, хорь гарч байгаа байх. 90 жилийн ойн хоёр гуравхан хоногт л гэхэд 3000 гаруй гишүүд шинээр орсон байна лээ. Тэрний өмнө 14.000 гэсэн тоо байсан.

-Гарсан нь 269 бил үү?

-Албан ёсоор гарсан нь 269. Илүү олон хүн гарсан гэж ярьж байгаа. Тоо баримтад л тулгуурлах хэрэгтэй шүү дээ.

Шинээр элсэгчид цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Үзэл бодлын зөрүү, хувь хүний элдэв асуудлаас болоод намаас гарсан, түдгэлзсэн хүмүүс буцаж орж ирж байна. АИХ-ын дарга байсан Ж.Гомбожав гуай намдаа эргэж ирлээ. Бавуугийн Лхагвасүрэн гуай надтай уулзаад “Би намдаа эргэж орно оо” гэсэн. Ойрын үед нэлээд хэдэн хүн, тэр дотроо төр нийгмийн томоохон зүтгэлтэн хүмүүс эргэж орохоор саналаа тавиад байгаа.

-Намаас гишүүн нь гарч, өөр нам байгуулж болох байх л даа. Гэтэл тэрийг нь танай намын дарга байсан, энэ намаас дэвшиж Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүн толгойлоод, санаачлаад явж байгаад Та хэрхэн хандаж байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд ойлгохгүй л байгаа. Ардчилсан нийгэмд өөрийнхөө жам ёсны эрхийг эдлээд гарна аа гээд гарч байгааг нь хүндэтгэх хэрэгтэй ч Н.Энхбаяр дарга гараад явж байгааг ойлгохгүй байгаа. Яагаад ийм ойлгомжгүй алхам хийснийг нь өөрөөс нь асуувал дээр байх.

-Та 2-3 удаа уулзсан гэсэн. Юу ярьж байх юм бэ?

-Та нартай зарим асуудлаар үзэл бодлын зөрөөтэй байна аа л гэж байна лээ.

-Ер нь бол таныг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн Энхбаяр гуай мөн үү?

-Намайг бизнес хийж байгаад шууд улс төр лүү ороод ирсэн юм шиг төсөөлдөг юм шиг байгаа юм. Би сургууль төгсөөд төрийн албанд 6-7 жил ажиллаж байсан тухайгаа дээр хэлсэн. Тэрний дараа бизнесийн салбарт 7-8 жил хүч үзсэн. Тэр үедээ улс төрийн идэвхтэй байр суурин дээр байсан. Дундаж давхарга зонхилсон нийгэм илүү хөгжин дэвших боломжтой, илүү аз жаргалтай нийгэм байдгийг Герман, Швед, Канад, Норвеги гэх мэтийн нийгмийн чиг баримжааг орхигдуулаагүй, төрийн зохицуулалт давамгайлж байгаа улс орнуудын жишээ харуулж байна. Энэ тогтолцоог би зөв гэж боддог. Энэ чиглэлд миний үзэл баримтлал бүрэлдсэн гэж хэлж ч болох юм. Ийм үзэл баримтлал 2000 онд дэд сайд болоод л бий болчихсон юм биш л дээ.

Би 1995-1996 оноос эхлээд улс төрийн үйл ажиллагаанд оролцож ирсэн. Л.Түдэв гуайн охин Дарьбумтай би хамт ажиллаж байлаа. Тэр хүн намайг анх МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж байлаа. Л.Түдэв гуай ч урьж уулзаж байсан. Нэг удаагийн залуучуудын байгууллагын хурал дээр У.Хүрэлсүх даргатай танилцаж байснаа санаж байна. 1996 оны сонгуулийн дараа МАХН-ын талыг баримтлагч компани гэгдэж, бас жаахан нүд үзүүрлэгдэх байдалд хүртэл орж байсан.

Намынхаа улс төрийн үйл ажиллагааг дэмжиж, амаргүй бэрхшээлтэй байх үед нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байв. 1997 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэ жилийн арга хэмжээн дээр талийгаач Л.Энэбиш гуайтай нэг ширээн дээр хамт сууж таарлаа. Энэбиш гуай “Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг юм даа, хө. Намыг дэмжээд нэг томоохон хөгжмийн аппарат хэрэгсэл аваад өгчихөөч. Үзэл суртлын, олон нийтийн арга хэмжээ явуулах юмгүй болчихлоо” гэлээ. Тэгэхээр нь нэлээд том, гудамж талбайд арга хэмжээ явуулахад шаардлагатай хөгжмийг 1998 оны зун хандиваар өгөхөд Л.Энэбиш гуай, Ө.Энхтүвшин, С.Баяр, Н.Энхбаяр дарга, талийгаач У.Уламбаяр нар хамт хүлээж авч байсан. Одоо энэ Энхбаярынх гэгдээд байгаа “Зууны мэдээ” сониныг гарч эхлэхэд санхүүгийн дэмжлэг бас үзүүлж байсан.

Бас улс төрийн намуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өөрсдийн дуу хоолойг нэмэрлэх зорилгоор хэсэг залуучууд нийлээд нам бусчуудын хөдөлгөөн байгуулж байлаа. Ц.Мөнх-Оргил гишүүн, Танхимын С.Дэмбэрэл, би гэх мэт хүмүүс тэнд нэгдэж байсан юм. Тэр үед би намд элсээгүй байсан үе. Намын үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг энэ нөхдийг татаж, дэмжиж ажиллах нь зүйтэй гэж тухайн үеийн намын удирдлагууд үзээд Н.Энхбаяр, Л.Энэбиш, Ө.Энхтүвшин, С.Баяр дарга нар бүгдээрээ сууж байгаад уулзаж байсан. Үүнд нь би одоо ч талархалтай ханддаг. Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, би гэх мэт олон залуус орж ирснээр намын үйл ажиллагаанд шинэ өнгө аяс, арга барил бий болгоход тодорхой хувь нэмэр болсон байх гэж боддог.

Хэн нэгэн хүн хөтлөөд л, түүнд нь хөтлөгдөөд л явж байсан гэж хэлэхэд хэцүү л дээ. Ерөөсөө энэ нийгмийн харилцаа чинь хүн хоорондын харилцан хүндэтгэл дээр тогтдог гэж би боддог юм шүү дээ.

- Одоогийн намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх та хоёрын харилцаа ямар байдаг вэ? Хүрэлсүх нь намын даргынхаа үгэнд орохгүй, дураараа аашилдаг, нэг талд нь У.Хүрэлсүх, Шадар сайд М.Энхболд хоёр суучихаад Батболдыгоо буланд шахчихдаг гэсэн яриа гадуур байх юм байна шүү дээ?

-Намын үйл ажиллагаа дүрмийнхээ дагуу л явдаг. Нам дүрмээрээ ажиллах ёстой гэж би үздэг. Намын дарга гаргах шийдвэрээ гаргаж, хийх ёстой ажлаа хийж байгаа. Энд ямар нэг зөрчил, гажуудал огт гараагүй, гарах ч үгүй. Яагаад гэвэл манай нам өөрийн гэсэн түүх уламжлалтай, зарчимтай, манай намын бодлого, боловсон хүчний нэг давуу тал үүндээ байдаг. Хүрэлсүх даргын хувьд энэ шалгуурыг бүрэн дүүрэн хангаж чадаж байгаа, эрч хүчтэй, намын лидер боловсон хүчний нэг. Хувь хүний хувьд зарим үед, тодорхой нөхцөл байдалд байр сууриа шулуухан, хатуухан хэлбэрээр илэрхийлэх үе байдаг л даа. Түүнийг нь дөвийлгөх, хэвлэлийн сенсаац сэдэв болгож хөөсрүүлэх оролдлого байх юм байна шүү дээ.

М.Энхболд даргын хувьд нам дээрээ ч, Засгийн газарт ч миний түшиг тулгуур болж, санаа сэтгэлээ бүрэн ойлголцож, бие биенийг дэмжиж, нөхөж ажиллаж байгаа хүн. Ерөөсөө намын удирдлагын хүрээнд ямар нэгэн зөрөөтэй бөгөөд зөрчилтэй асуудал огт байхгүй.

“ЧИ ЧАДНА АА” ГЭСЭН. БИ “ЗА, БИ ХИЧЭЭЕ ЭЭ” ГЭСЭН

- Таныг нэлээд зөөлөн аядуу байр суурьтай хүн гэсэн дүгнэлт байдаг. Олон нийтийн зүгээс намын дарга, Засгийн газрын тэргүүн хүн хааяа захиргаадчихдаг, зандарчихдаг байх ёстой гэсэн уламжлалын ч юм уу шаардлага тавих нь бий. Нөгөө талаар төрийн байгууллага, өндөр дээд албан тушаалтанд тооцох хариуцлага чанга байх ёстой гэх нь бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Би өөр бодолтой байдаг шүү. Дарга байхаар бужигнаад л, гараад явахаар нь нам жим болчихдог, дарга чангахан дуугарахаар яралзтал ажиллаад, дуулгавартай гүйцэтгэгчийн царай гаргаад байх арга хэлбэр буруу гэж боддог. Үүрэг хариуцлагатаа л эзэн бай. Өөрийнхөө хариуцсаныг ямар нэгэн даргын ташуургүйгээр хийж л байх ёстой.

Хариуцлага хүлээх, хүлээлгэхийн тухайд асуудлыг арай өөр өнцгөөс харах ёстой. Тогтолцооных нь хувьд янзлах ёстой зүйл бий. Төрийн албанд меритократын буюу карьерийн тогтолцоог оруулах нь зөв гэж би үздэг. Гэнэт нэг нөхөр гарч ирээд яамны газрын дарга болдог, ялсан намын сайдын ойрын хүн албан тушаалын шатаар алгасч харайдаг, эсвэл тодорхой эрх ашгийн төлөөлөл болчихдог энэ гажуудлыг арилгах ёстой. Төрийн албаны шинэчлэл урагшилж байгаа ч гэсэн зөрчил байна аа. Яаманд наад зах нь таван жил ажилласан хүн газрын дарга болох ёстой. Үүнийг нь хуульчилж өгөх хэрэгтэй. Түүнтэйгээ хариуцлагын асуудлыг давхар уяж өгөх нь зөв болно. Карьерийн тогтолцоон дээр байгаа хүнд бүх зүйл тодорхой байна. Анх төрийн албанд орох асуудал нь сонгон шалгаруулалтаар хийгддэг, цаашаа ажилласан жил, туршлага, чадвараараа дүрэм журмынхаа дагуу албан тушаалын шатаар өгсдөг болох нь зүйд нийцнэ. Энд бас л стандарт хэрэгтэй. Төрийн алба, төрийн албаны харилцааг стандартад оруулах ёстой.

Гэхдээ тогтолцооны өөрчлөлтийг хүлээгээд суулгүйгээр хариуцлага тооцох, өөрчилж солих асуудал байна аа. Ажил аваад нэг жил гаруй болж байна. Яамд, хөдөө орон нутгаар нэлээд явлаа. Бодлого зорилтоо тодорхойллоо. Түүнийг хэрэгжүүлэх үйл явцад хэн нь яаж хандаж байна, аль нь хариуцлагагүй, чадваргүй байна гэдэг нь ил болж эхэллээ. Гарч байгаа дүгнэлтийг үндэслээд хариуцлага тооцох шаардлага гарч байна. Тэгэхээр ойрын үед хэд хэдэн салбарууд дээр энэ асуудлыг ярина.

- Та санамсаргүй байдлаар Ерөнхий сайд болсон хүн. Өмнөх Ерөнхий сайд биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх болоод Танд санал тавьснаар шийдэгдсэн. Тэр үед юу бодогдож байв? Нөгөө талаар С.Баяр даргын нөлөөн дор таныг байдаг гэх нь ч бий. Намыг ч, Засгийг ч хэрэг дээрээ С.Баяр л өөрийнхөө гарт барьж байна гэж бичдэг…

-Танай хэвлэлийнхний хардлага л даа. Өмнөх Ерөнхий сайд ажлаа өгөх болохдоо намайг сонгосон нь тохиолдлынх биш болов уу. Би яамны жирийн мэргэжилтнээс хэлтсийн дарга, дэд сайдаас сайд хүртэл алба хашсан, бизнесийн хүрээний туршлагатай, эдийн засгийн гадаад харилцааг хариуцдаг Үйлдвэр худалдааны сайд, гадаад бодлогын асуудал хариуцдаг Гадаад харилцааны яамыг толгойлж, төрийн албыг төвшин төвшинд нь хийсэн, тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн хүн болов уу гэж боддог юм. Өөрийгөө магтаж байгаа хэрэг биш шүү. Тэдгээрт хуримтлуулсан туршлага маань төрийн энэ өндөр албан тушаалыг хашихад чухал хөшүүрэг болж байна.

Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үгэндээ би гол зорилгоо тодорхойлсон. Өгүүлбэр болгонд нь хийх ажлын зорилт тусгагдсан, нэг ёсны миний мөрийн хөтөлбөр юм. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө өгүүлбэр өгүүлбэрийн араас хөөцөлдөөд явж байна даа. Гоё сайхан, ерөнхий үг ярьж олонд таалагдахын тулд биш хэрэгтэй, ажил болох үг хэлэхсэн гэж боддог. Товчоор хэлбэл хэлэхийн төлөө хэлэх биш, хийхийн төлөө хэлэх юмсан гэж хичээдэг.

Баяр даргын хувьд бол өөрийнх нь хэлсэн нэг үг бий шүү дээ. “Авч чадсан юм, өгч чад. Байхын тулд байх биш, чадахын тулд бай. Бүү зууралд, цагаа мэдэр. Явахдаа явсан шиг яв” гэсэн байх аа. Хэлсэн үгэндээ байж чаддагаа олон юман дээр харуулсан хүн. Эргэж орооцолдоод л, нөлөөлөө хадгалах гээд ч юм уу, Батболд оо наадах ажил чинь яаж байна, тэрийг нэг бодоорой, энэ хүнийг ингэчихмээр байна гэх мэтээр нэг ч удаа хандаагүй. Анх ажил өгөхдөө би иймэрхүү юм хийх гэж зорьж байсан юм, ийм ажлыг эхлүүлсэн, ингэвэл зүгээр болов уу гэж нэг хэлж байсан. Тэрнээс хойш бид хоёр Ерөнхий сайдын, Намын даргын ажил төрлийн талаар огт яриагүй. Намайг дуудаад “Би өөрийг чинь Ерөнхий сайдад санал болгох гэж байна. Чи чадна аа” гэсэн. Би “За, би хичээе ээ” гэсэн. Тэгээд л хаячихаад яваад өгсөн шүү дээ.

-Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадах уу. Засгийг огцруулах санаархал, сөрөг үзэл бодол Засгийн газар байгуулагдсан өдрөөс хойш л дагасаар өнөөг хүргэлээ. Ер нь хамтарсны оноо, алдаа юундаа байна вэ?

-Ямар ч намын үндсэн зорилго улс орноо хөгжүүлэх, иргэдийнхээ сайн сайхан амьдралын баталгааг бүрдүүлэхэд оршдог. Намууд энэ зорилгоо хэрэгжүүлэхдээ өөр өөр байр сууринаас хандаж сөргөлдөж, үзэлцэх үе байдаг. Сонгуулиар жишээлбэл өөрсдийн үзэл баримтлалаар өрсөлдөх ёстой нь ойлгомжтой. Өрсөлдөөн шударга байх ёстой. Түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх ёстой. Энэ хүрээнд парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох чиглэлд зөвхөн эрх баригч, парламентад суудалтай нам биш нийт намуудын хийх зүйл бий. Өргөн хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа.

Хамтарснаар алдаж байгаа бол шүүмжлэх, тэр ч байтугай огцруулах асуудал хөндөх нь зөв. Хэрвээ болж бүтэж байгаа бол түүнийг дэмжих, түших ёстой. Зөвхөн сөргөлдөхийн тулд сөргөлдөгч, эвдлэн нураахын тулд огцруулагч байх учиргүй. Түүнчлэн тэврэлдсэнээр бүх юм бас сайхан болчихгүй л дээ. Хамтраад Засгийн эрхээ барьсан, барьдаг жишиг ардчилсан орнуудад зөндөө л байна.

Манайд хамтарсан Засгийн газар ажилласнаар олон чухал асуудлыг гацаанаас гаргаж, боломж нөхцөл бүрдүүлснийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Засгийн газар улс орны хэмжээний томоохон зорилтууд, дэвшүүлсэн бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ урагшлуулахын тулд нэгдэж хамтарч түүнийхээ үр дүнг үзэх ёстой. Засгийн газар 2012 оны сонгууль хүртэл хамтарч ажиллах нь зөв гэсэн байр суурийг би хувь хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч, МАН-ын даргын хувьд ч баримталж байгаа. Амаргүй зүйлүүд нам дотор ч, нам хооронд ч бий. Гэхдээ бид том эрх ашигтаа захирагдаж чадаж байгаа. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна.

-Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу? Гэргийг тань монголчууд танина. Бас нэг нөхөр “Morgan Stanley”-д ажилладаг, компанийнхаа эрх ашгийг төлөөлж, аавдаа нөлөөлж магадгүй гэсэн яриа гарснаас бусдыг тэр бүр мэдэхгүй байх.

- Ажил төрөл нь өөдрөг яваа эр хүний ард үнэхээр багана түшиг болсон эмэгтэй хүн байдаг гэдгийг би сайн мэднэ. Амьдралаараа ч үүнийг ойлгож байна. Эвсэг дулаан, өнөр өтгөн, бахархаж болох сайхан гэр бүл надад бий.

Гэргий Отгонтуяа маань уг нь эдийн засагч хүн. Бас соёл урлагийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Бизнесийн гэхээсээ илүү нийгэм, соёлын чиглэлд, хүний оюун сэтгэлгээнд гэгээ гэрэл нэмэх гэсэн эрмэлзэл санаачилга гарган ажиллаж байгаа. Урлаг, соёлыг дэмжих “Төгөлдөр” сан байгуулж, нэлээд ажил өрнүүлж, цаг заваа зориулж байгаад олон нийт талархалтай хандаж байх шиг байдаг. Дэлхийн сонгодог болон үндэсний урлагийн хөгжлийг дэмжихэд голлон анхаардаг.

Хүүхдүүдээ хүн болгож төлөвшүүлэх нэргүй хэрнээ нөр их ажлын гол ачааг гэргий маань үүрдэг. Сонирхолтой хэрнээ ээдрээтэй тэр ажил их чухал. Эхнэр маань сүүлийн үед “Өсвөр насны бурхад” гэсэн Америкт бестселлер болсон цуврал сонирхолтой ном, өөр хэд хэдэн бүтээл орчуулж хэвлүүлэх гэж байгаа. Гэр бүлийн үнэт зүйл, хүүхэд-аав ээжийн харилцааг хөндсөн, монгол ээж, аавд хэрэгтэй, их чухал, сонин ном байна лээ.

Том хүү АНУ-д сургуулиа дүүргээд нэг жил хэртэй “Morgan Stanley”-д ажилласан нь үнэн. Гэхдээ хэвлэлд гарсан шиг юм болоогүй. Болох ч боломж байхгүй. Дэлхийд нэр хүндтэй том компанид монгол залуу ажиллана гэдэг нэр төрийн хэрэг биз дээ. Би миний хүүг ажилд аваач гэж гуйгаагүй нь ойлгомжтой. Баттүшиг маань боловсрол, мэдлэг, чадвараараа тэндхийн тэр том шалгуурт тэнцээд ажилласанд аавын хувьд баярладаг. Сая Америкийн нэр хүндтэй нэг том сургуулийн мастерт шалгалт өгөөд тэнцэж, сургуульдаа орж байгаа.

Хоёр дахь хүү Самади Англид сурдаг. Одоо Парист боловсролын солилцооны хөтөлбөрөөр оччихсон байгаа. Гурван бага нь эндээ, аав ээжтэйгээ ерөнхий боловсролын дунд сургуульд сураад, бужигнаж байна даа.

-Та ярилцлагынхаа төгсгөлд монголчууддаа, манай сонины уншигчдад хандаж товч үг хэлэхгүй юү?

-Бид ихээхэн хариуцлагатай үед ирээд байна. Улс орны хөгжил урагшаа явна аа. Энэ бол ойлгомжтой зүйл. Хүнээс хамаарахгүй юм ч байна, хамаарах нь ч байна. Хүнээс хамаарах тал дээр нь үйл явцыг хурдлуулах, дэм өгөх, хичээн шамдах нь чухал. Хурдлуулах шаардлага байна аа гэдэг нь нийгмийн хүсэмжлэл болоод байна. Шийдвэр гаргах төвшиндөө үүнийг ойлгож, эрмэлзэж зүтгэж байгаа нь сайн хэрэг. Амьдралаа сайжруулж, нөгөө яриад байгаа дундаж давхарга гэдгийг бодитоор бий болгомоор байна. Ядуурал, ажилгүйдэл, авлига гэж ярьсаар, амтай болгоны эх орон, ард түмэндээ жигтэйхэн хайртайгаа харуулахын тулд барьдаг лоозон боллоо шүү дээ. Энэ бүхнийг шийдэх хэрэгтэй. Шийдэхийн тулд ярих биш, хийх хэрэгтэй.

Ажил хийх боломж хамтарсан Засгийн үед, өнөөгийн түүхэн нөхцөлд илүү таатай байдлаар тохиож байна. Нөгөө талаар илүү хариуцлагатай байх сорилтын өмнө бид иржээ. Нээлттэй засаглалыг бид хөгжүүлэх ёстой. Шилжилтээс хөгжил дэвшил рүү алхаж орох цаг ирсэн. Эдийн засгаа чанарын өөр төвшин рүү, өрсөлдөх чадвартай байх чанар луу шилжүүлье. Хатуу болон зөөлөн дэд бүтцээ яаж хөгжүүлэх вэ гэдгээ тодорхой болгоё. Асуудлын цөмд хүн байх ёстой. Хүнээ хөгжүүлж чадвал зорилго, үйл ажиллагаа тодорхой болно, зорьсондоо хүрэх зам нээлттэй болно. Тиймээс бүгдээрээ дор бүрнээ хичээе гэж хэлмээр байна даа.
Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг ерөөе.

-Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Алган дээр харагдах 15 орд

Манай улс эрдэс баялгийн 15 ордыг стратегийн ордод тооцон албан ёсоор жагсаалтад оруулсан билээ. Үүнээс гадна 27 ордыг нэмэх санал бий. Дээрх ордуудыг ямар чиглэлээр ашиглаж болох, нөөц нь хэдий хэмжээгээр агуулагдсан гээд дэлгэрэнгүй мэдээллийг манай сонин цувралаар хүргэж байна.

Энэ удаа Бороогийн алтны үндсэн ордыг танилцуулж байна. Бороогийн алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Улаанбаатар хотоос 140 км, УБ-Дархан-Сүхбаатарын засмал замаас 10 км зайд оршж бөгөөд Баянгол сумын төв Баруунхараа хотоос 19 км, Мандал сумын төв Зүүнхараа хотоос 25 км зайд оршдог. Зүүнхараа хотын цахилгаан шугам сүлжээнээс эрчим хүчээр хангагдаж, үйлдвэрийн зориулалттай усыг 12 км зайд орших Бороо голоос татаж авдаг болно.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийн алтны ордод 1982-1989 онд явуулсан Монгол-Германы хамтарсан экспедицийн хайгуулын ажлын үр дүнд В болон С1 зэргээр тооцоолон БНМАУ-ын "Улсын ашигт малтмалын нөөцийн комисс"-ын 1992 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 08 тоот тогтоолоор 43 тн алтны нөөц баталжээ.

"Бороо гоулд" ХХК 1999-2000 онд хийсэн хайгуулын ажлын үр дүн болон Монгол-Германы хайгуулын экспедицийн үр дүнд тулгуурлан ордын геологийн нөөцийг геостатикийн аргаар 42, 56 тонноор тогтоожээ. 2001-2004 онуудад нөөцийн тооцоог нарийвчлан тогтоох зорилгоор судалгаа хийж, нэмэлт өрөмдлөгийн ажил явуулахад "Улсын нөөцийн комисс"-оор батлагдсан нөөцтэй ижил байжээ.

Монгол Улсын Засгийн газрын "Алт" хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор тухайн үеийн Эрчим хүч, уул уурхайн үйлдвэрийн яам 1996 оны нэгдүгээр сард Бороогийн алтны үндсэн ордод ашиглалт явуулах эрх олгох нээлттэй тендерийг зарлаж "Алтай трейдинг" ХХК шалгарсан байна. Ордыг ашиглах техник эдийн засгийн үнэлгээг боловсруулах, ижил төстэй уурхайнуудын технологи, тоног төхөөрөмжийн судалгаа явуулах, зэрэг ажлуудыг гүйцэтгэсээр 1997 оны гуравдугаар сард Их Британийн "Азиа майнинг инвэстмент Корпораци"-тай хамтран "Бороо гоулд" ХХК-ийг үүсгэн байгуулж, ордын нөөцийн баталгаажуулалтын, нарийвчилсан болон ашиглалтын өмнөх хайгуулын ажлуудыг хийж гүйцэтгэхээр уг ордын ашиглалтын лицензийг алтны олборлолт явуулах хамгарсан компанийн нэр дээр шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу "Бороо гоулд" ХХК нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийн алтны ордын ашиглалтын лицензийг 1997 оны долдугаар сарын 14-нд "бүртгэлийн 198 дугаарт шинэчлэн бүртгүүлсэн байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр унасан тухайн үед "Бороо гоулд" ХХК-ийн хувь нийлүүлэгчид шинээр хөрөнгө оруулагч идэвхтэй хайсны үр дүнд "Сентерра гоулд" ХХК-тай хамтран ажиллахаар болсон байна.

Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу "Бороо гоулд" ХХК 1998 оны доддугаар сарын 6-ны өдөр Сангийн сайд Б.Батбаяртай 10 жилийн хугацаатай "Тогтвортой байдлын гэрээ" байгуулсан. Уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2000 оны тавдугаар сарын 9-ний өдөр Сангийн сайд Я.Очирсүхтэй байгуулж гэрээний хугацааг таван жилээр, хөрөнгө оруулалтын хэмжээг 10 сая ам.доллараар нэмэгдүүлжээ. Бороогийн алтны үндсэн ордын хайгуулыг Монгол-Германы хамтарсан экспедиц гүйцэтгэж тэр үеийн ханшаар 12.970.000 шилжих рубль зарцуулсан тооцоог гаргаж, Засгийн газрын 1997 оны 234 тоот тогтоолд заасан аргачлалаар 2.557.000 ам.долларын хайгуулын зардлын нөхөн төлбөрийг улсын төсөвт буцаан төлөхөөр тогтжээ.

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын зардлыг улсын төсөвт буцаан төлөх тухай журмын дагуу Монгол-Германы экспедицийн хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Уул уурхайн албатай гэрээ байгуулан буцаан төлж байна. Уг гэрээнд тусгаснаар хуваарийн дагуу өмнөх онуудад 1,028 сая ам.доллар, 2005 онд 619,0 мянган ам.долларыг төлсөн бөгөөд 2006 онд 577,7 мянган ам.доллар төлөхөөр төлөвлөгджээ. Бороогийн алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нугаг дэвс-гэр дээр үйл ажиллагаа явуулж, сум хөгжүүлэх санд 2004-2005 онд 700000 ам.доллар оруулсан байна.

Бороогийн алтны үндсэн ордод хийсэн хайгуулын ажил, тооцоолсон нөөцийг баталгаажуулах зорилгоор уг ордод нэмэлт хайгуулын ажил явуулсан. Энэ ажилд тус компани 4,5 сая ам.доллар зарцуулсан тухай тайлан мэдээ ирүүлжээ. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 38 тонн алтыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгээд байна. Уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2005.12.31-ний байдлаар 4,333 мянган тонн хүдэр боловсруулж, 17241.12 кг алт олборлон 258867.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулаад байна.

Ц.Онон /Зууны мэдээ/

Wednesday, March 16, 2011

“МАХН” гэдэг үнэт капитал

“МАН сэргэж МАХН түүх болов” хэмээн ууган намынхан дөрвөн сар хагасын өмнө тунхаглаж байлаа. Гэтэл тэр үйл явдал гурав дахь хүчин сэргэх боломжийг нээж өөрсдөд нь том “хавх” болох юм гэж тухайн үед МАН-ын удирдлага төсөөлөөгүй биз ээ. Хэсэг хүн МАХН-ынхаа буурийг сахиж хоцорсон нь өдгөө шинэ хүчнийхэн тойрон төвлөрч улс төрд өөр нөхцөл байдал үүсэх голомтыг өдөөчихөөд байна. Хэдийгээр Улсын дээд шүүхээс намуудын жагсаалтад бүртгүүлэх албан ёсны хариугаа аваагүй байгаа ч Онц их хурлаа хийж удирдлагаа сонгосон МАХН-ынхан парламентад суудалгүй намууд төдийгүй иргэний хөдөлгөөнүүд хамтарч байр сууриа илэрхийлэх таатай хөрс суурийг нэгэнт бүрдүүлжээ. “МАХН” гэдэг нэр “үнэт капитал”-д тооцогдож, ямар аргаар боловч халааснаасаа гаргахгүй хэмээн МАН-ынхан толгойгоо өвтгөж байх зуур “жижиг” гэгддэг намууд мөнөөх МАХН гэдэг нэр дээрээ үлдэгсдийг тойрон хүчээ нэгтгэх тийш шуударлаа.

Тэдгээр намууд ээлж дараалан хэлэлцүүлэг зохион байгуулж буйн нэг нь ҮШН, МУНН-ын хамтран зохион байгуулсан “Үндэсний эрх ашиг ба тусгаар тогтнол” гэсэн арга хэмжээ байв. Тэнд голлон үг хэлэгчдийн нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан юм. Тэрбээр өнөөгийн Монголын үндэсний эрх ашгийн гол захиалга нь сөрөг хүчин тул шинэ хүчнийг бий болгохын төлөө хамтарч ажиллахыг парламентаас гадуурх намуудад хандаж хэллээ. “Засгийн газар муу ажиллах нь аймаар зүйл биш. Орон бүрийн Засгийн газар муу ажилладаг. Харин өнөөдөр УИХ-д сөрөг хүчингүй болсон нь хамгийн аймаар зүйл” гэж МАХН-ын дарга хэлэв. Чухам энэ эмзэг сэдэв дээр парламентын бус намууд нэгдэж хамтрах нь тодорхой боллоо. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Муу Засгийн газрыг, муу үйл ажиллагааг шүүмжлэх сөрөг хүчин байхгүй болсон. Зоригтой, тогтвортой сөрөг хүчин заавал байх ёстой. Ингэвэл муу Засгийн газрыг солих боломж нээлттэй. Үүний тулд ард түмэн нэгдэж ажиллах ёстой. Муу системийн муу тал нь дургүй ч гэсэн дургүй хүнээ сонгоход түлхдэг. Сонгууль будилаантай болдог. Ийм байдлаар удвал Арабын ертөнц шиг хувьсгал болдог. Муу Засгийн газрыг солих, ард түмэнд ирээдүйдээ итгэх үнэт зүйл бий болгох ёстой юм. Үүний тулд сөрөг хүчин хэрэгтэй” гэсэн нь МАХН ба бусад намын хамтын ажиллагааны гол чиглэлийг тодорхойлсон үг болов. Засгийн газар ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой байтал үүний эсрэгээр ажилладаг болсон. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл худлыг үнэн болгохын төлөө зүтгэж буй, Монгол Улс улам бүр хаалттай болж байгаа зэрэг нь үндэсний эрх ашигт харшилж байгааг тэрбээр анхаарууллаа. Аливаа улс оронд үндэсний эрх ашигтай хослоод үндэсний үнэт зүйл байдаг. Үндэсний эрх ашиг тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж байдаг бол үндэсний үнэт зүйлс тогтвортой байдаг. Улс орон нээлттэй байх тусмаа тусгаар тогтнолоо бэхжүүлж, хаалттай байх тусмаа алддаг гэдгийг 1911 оны хувьсгалаар Манжаас салах боломж олсон Монгол, Төвдийн хийсэн сонголтоор жишээ татан Н.Энхбаяр дарга хэлж байв.

Тухайн цагт монголчууд аль болохоор гадагш нээлттэй байхаар тэмүүлсэн нь хожмын тусгаар тогтнолд нь эерэгээр нөлөөлсөн бол төвдүүд шашнаараа бамбайлан хаалттай байх зам сонгосон нь тусгаар тогтнолоо алдах замд хөтөлжээ. Үндэсний үнэт зүйлээ япончууд байгалийн гамшиг нөмөрсөн өнөө цагт хэрхэн харуулж байгааг энэ үеэр ярилцлаа. Үнэт зүйл болох самурайн зарчмаа хадгалсан япончууд аюулын өмнө халширч цөхрөлгүй хэрхэн эв найртайгаар гамшгийг сөрч буй нь монголчуудад үлгэр авах дуурайлал гэж байлаа. Японд суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Жигжид хамгийн түрүүнд гадаадынхныг аварна гэсэн ойлголт Японд байхгүй. Аюулд хэн хамгийн ойрхон байна, түүнийг түрүүлж аварна гэсэн зарчим үйлчилж байгаагаас монголчуудаа татахад жаахан бэрхшээл үүсч байгаа тухай утсаар ярьжээ. “Би эхэлж аврагдах ёстой” гэсэн монгол зарчмаар биш, аюулд өртсөндөө эхэлж туслах зарчмаар хөдөлж буй арлын орныхон шиг үнэт зүйлээ эрхэмлэх ёстойг хэлэлцэцгээв.

Нэг орны колони байсан Монгол орон одоо буруу замаар орж хэд хэдэн орны давхар колони болсныг ардчиллын анхдагчдын нэг Д.Нинж хэлж байлаа. Шууд болон шилжсэн утгаараа Монгол Улс тусгаар тогтнолоо аажмаар алдаж байгааг, монголчууд соёл уламжлалаа гээж буйг, боловсрол хэмээн хэт туйлшраад монгол хүмүүжлээ орхисныг судлаач Л.Эрдэнэтуул шүүмжиллээ. Ардчиллын өлгий болсон АНУ-д хэвлэлийн эрх чөлөө алдагдсаныг энэ үеэр ярилцсан юм. Арабын ертөнцийн хувьсгалаас гадна АНУ-ын 50 мужид Үйлдвэрчний эвлэлүүдийг дэмжих иргэдийн жагсаал цуглаан ид өрнөж байгаа ч түүнийг ор тас мэдээлэхгүй, хөндлөнгийн бусад орны зарим хэвлэлүүд л цухас дурдаж буй ажээ. Зарим муж улсад 100 мянган хүн оролцсон жагсаал болж байгаа гэжээ. Үндсэн хууль үйлчлэхээ больж, Үндсэн хуулийн шүүх, Дээд шүүх асар их улстөржиж, ядуурал ихэсч, албан бус эдийн засаг давамгайлаад ирэхээр аяндаа улс орнуудад хувьсгалын тохироо бүрддэгийг оролцогчид ярилаа. Албан бус эдийн засаг авлига, хээл хахууль дээр тогтдог ажээ. Ийм байдал Монголд нүүрлэж сөрөг хүчнийг эрхгүй шаардаж байгааг парламентаас гадуурх намууд сануулж байна. Улс төрийн дахин хуваарилалт үүсч буйг дохиолох болсон эдгээр намууд нийлж шинэ хүчний орон зайг дүүргэн улмаар УИХ-ын 2012 оны сонгуульд хүч хавсран оролцоно гэдгээ хандлагаараа илэрхийлэх болов. “Архивт амар амгалан түгжинэ” гэж МАН-ын удирдлагын төсөөлсөн МАХН гэдэг нэр ийнхүү сөрөг хүчин үүсгэх “оньс” болоод эхэллээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

“Угаасаа байхгvй юм чинь, ёс журмыг Монголчуудаас эрээд яадаг юм бэ!»

Сүүлийн үест Японд болж буй үйл явдалтай холбогдуулан Монголд олон жил ажиллаж байсан судлаач КИМYРА АЯАКО -гийн бичсэн “Тархины тураал” нийтлэлийн хэсгээс толилуулж байна.

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ.
Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн
харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.
Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?
Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.
Өнөөдрийн Монголд дээр өгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хөгжиж байгаа л орон.
Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд
хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.
Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.
Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.
Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.
Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.
Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.
Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.
Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно.
Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.
Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.
Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална.
Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бvv гараасай
гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.
Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.
«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зөрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгvй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагvй. Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.
Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.
Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.
«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.
Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ
монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.
Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.
Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.
Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.
Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй.
Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.
КИМYРА АЯАКО

Тавантолгой тойрсон тав, зургаан асуулт

Тавантолгойн хөрөнгө оруулагчийн тендерийн шалгаруулалт хийгээд, дэлхийд томд тооцогдох уг ордыг хэрхэн ашиглавал зохистой талаар ид маргаан өрнөж анхаарал татаж буй. Энэ сэдвээр бичсэн УИХ-ын гишүүн, эдийн засагч Р.Амаржаргалын нийтлэлийг хүргэж байна.







Бид “Тавантолгой”-н стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа онцгой анхаарах зүйл бий. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангах чадвар, эл чиглэлд хийх алхмууд юм. Манай эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн хувийн жин дөнгөн данган 6 хувьтай байдаг. Үүнийг л ойрын жилүүдэд ядаж 20 хувьд хүргэх шаардлагатай байгаа юм. Энэ зорилтыг шийдэж чадахгүй бол бид бусдын түүхий эдийн хавсрага байсан чигээрээ л “насыг барна”. Тиймээс Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах үйл ажиллагаа нь алсдаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хангаж чадах эсэх, нөгөө яригдаад байгаа Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах нөхцөл бүрдэх эсэх, эдгээрийг угтах-дагалдах дэд бүтцийг байгуулах эсэх тухай нэг ёсны шалгуур үзүүлэлт байх ёстой юм.

Харин уг зорилтыг бүрэн шийдэхүйц, Монголын ирээдүйн шинэ хувь заяаг шийдвэрлэх бүтээн байгуулалтын гогцоог олж харсан төсөл л шалгарах ёстой хэмээн үзэж байна. Яг өнөөдрийн хувьд үнэндээ Засгийн газар хөнгөн хуумгай хөдлөөд байна уу даа гэсэн бодол хэн хүнд төрөх нь мэдээж. Учир нь Засгийн газрын түшмэд яарч сандран ахиухан мөнгө амласан нэгэнд өгөх, урьдчилгаа мөнгө авч, тараахыг урьтал болгож буй ул суурьгүй байдал ажиглагдаж байна.

Дээр өгүүлснээр стратегийн хөрөнгө оруулагчийн талаар сонголт хийхдээ дараах хэд хэдэн зүйлийг анхаарах учиртай хэмээн бодож байна.

1. “Эрдэнэс Тавантолгой” IPO хийж босгосон хөрөнгөөрөө Зүүн Цанхийн хэсгийн олборлолтын ажлыг эхлүүлнэ. Уурхайн ашиглалт, Угаах үйлдвэр гэсэн ажил хийгдэх гэнэ. Энэ бол зөвхөн ухаад зөөгөөд байна гэсэн үг.


2. Гэтэл эдгээр ажлыг хийснээрээ “Тавантолгой”-г эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулж чадахгүй. Харин ч хэсэгчлэн хувааж (булаацалдаж байгаа дарга нар нэг нэг хэсэг авах гэж) хамгийн дээж “өрөм” гэмээр Баруун Цанхи гадныханд өгөх нь гэсэн хардалт гадуур тархаж байна.


3. Баруун Цанхид IPO хийх тухай төлөвлөгдөн, яригдаж байгаа юм. Тэгтэл IPO хийх цаг хугацааг хэн, хэрхэн тогтоох вэ? Мэдэхгүй.


  • А. Уурхай бүрэн байдлаар ажиллаж тодорхой хэмжээний үр өгөөжийг өгдөг болсон цагт IPO хийх нь сонгодог утгаараа хамгийн үнэлгээ сайтай IPO болдог. Харин бид хамгийн бага ажил хийгдсэн үед нь хамаг хөрөнгөө зарахаар зэхэж байна.
  • В. Бэлтгэл ажлууд нь бүрэн хангагдсан уу? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Уурхайн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажил ямар төвшинд байна вэ. Мөн зөвхөн уурхай бус бусад дагалдах ажлын бэлтгэл хангагдсан уу. Үнэндээ бол, техник эдийн засгийн үндэслэл ч гүйцэд бус байгаа хэмээн мэргэжлийнхэн шүүмжилдэг. Түргэн зуур мөнгөтэй болох гээд яаруу, сандруу хямд үнэлгээтэй, түүхий ажил болбол хоёр, гурван жилийн дараах хариуцлагыг хэн үүрэх вэ.
  • С. Үнэлгээ бол маш хүнд асуудал. Газар доорхи нөөцөөрөө ирээдүйд олох бэлэн мөнгөний урсгалыг /cash flow/ тооцож байгаа. Гэтэл ажил юу ч хийгдээгүй, дэд бүтэц байхгүй тохиолдолд сайн үнэлгээ гарна гэж хэлэхэд хэцүү. Үнэ хүргэх бололцоог санаатай үйлдэл, эс үйлдлээрээ чангааж буй нь улмаар нийгмийн асар том тэсрэлтийн учиг болох аюултайг санууштай.
  • D. Бас нэг асуудал. Тавантолгойн хувьцааны 30 хувийг зах зээлд гаргана гэдгийг чухам ямар үндэслэлээр, хэрхэн, хэн тогтоосон билээ? Энэ бол цээжний бангаар нэг том сайдын амнаас унасан л тоо. Эдийн засгийн гэхээсээ илүүтэй иргэдээ “урхидан-хахуульдах” зорилготой л байсан болов уу. Ямар ч байсан хамгийн үнэтэй өөрийн хөрөнгийг /equity/ хамгийн хямд үед нь маш их хэмжээгээр гадагшаа гаргаж байгааг гэмт хэрэг гэж үзэж байгаа юм.

4. Сорчлон ашиглах хандлага: Оросын Донбассын уурхай 100 тэрбумын нөөцтөй гэгддэг. Үүнээс 10 тэрбум нь коксжсон нүүрс. Тэрнийгээ сорчлон ашиглаад, үлдсэн 90 тэрбумын нөөцийг одоо чухам яахыгаа мэдэхгүй, бараг хэнд ч хэрэггүй болсон шахуу гунигтай түүх ойрхон байна. Энэ алдааг давтахгүйн тулд Таван толгойн зургаан тэрбум тонн нүүрсийг бүхлээр нь иж бүрэн ашиглах ёстой гэсэн дүгнэлт бүр социализмын үед гарсан байдаг. Тэгэхээр төсөл шалгаруулах үндсэн нөхцөл нь энэ байх ёстой.

5. Түүнээс гадна дэд бүтцийг мартаж болохгүй: Одоогийн байгаа дэд бүтцийн хэмжээнд хэдий хэмжээний нүүрс олборлон, тээвэрлэх боломжтой вэ. Жижиг Тавантолгой шиг хүрздэн, машинаар зөөх гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл үгүй. Үнэндээ ямар, ямар дэд бүтцийг ямар хүчин чадалтайгаар нэмж бүтээн байгуулах шаардлагатай байгааг ч гүйцэд тооцоогүй л явна, бид. Ямар ч байсан уурхай ажиллуулаад, нүүрс гаргаад, зарим хэмжээгээр зөөх төвшинд хүрэх бололтой. Гэтэл үнэхээр нүүрс чигээр нь зөөхөд тээвэрлэлтийн хязгаарлалттай тулгарах асуудлыг нарийн тооцсон хүн байна уу. Угаах үйлдвэрийн ихээхэн хэмжээний хаягдал болон эрчим хүчний нүүрсийг тэгвэл хааш нь хийх вэ. Байгаль орчныг бохирдуулж, хаягдал болгоод өмнө зүгийн говийн бүсийг нүүрсний хаягдлаар дүүргээд орхих уу.

6. Эдийн засаг хүсээд байгаа хэмжээгээр үсрэлттэй хөгжих үү, энэ эдийн засгийн тооцоог хэн хийсэн бэ, Хөрөнгө оруулалтын банкны гоё өнгө будагтай танилцуулгын ар талын тоонуудын ул үндсийг Монголд сайтар шалгаж нягталж үзсэн хүн нэг ширхэг байгаа билүү, үгүй билүү, ер нь. Хөрөнгө оруулалтын банк хэлсэн болохоор л шууд нүдээ аниад хувь заяагаа атгуулаад яваад байдаг бид. Гэтэл нөгөө баруунд бол энэ Хөрөнгө оруулалтын банкны нөхдүүдийн “тоог” байнга нягталж байхгүй бол дэлхийг ч нураах хэмжээний алдаатай тооцооллууд хийгээд байсныг нь харуулах хямрал гараад байдаг.

7. Өөрөөр хэлбэл, нүүрсний уурхайг эргэлтэд оруулах гаргалгааг бид хийгээд буй боловч, дараагийн ашиглалтын шатанд тулгарах бодит аж ахуй, менежментийн болон, байгаль орчин, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн загвар түүний хувилбаруудын талаар ямар ч төлөвлөгөө Монгол Улсын Засгийн газарт алга байна. Энэ бүгдийг эрхбиш нэг тунгаана биз дээ хэмээн найдахаас, одоохондоо.

Нэг зүйлийг сайтар ойлгоосой

Манай Тавантолгойн нүүрс нэг тоннын үнээр нь бодоод үзвэл үнэндээ тийм ч гайхамшигтай үнэтэй эд биш. Гэтэл гадныхны сонирхлыг татаад байгаа нууц нь юунд оршино вэ. Энэ бол бусад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний түүхий эд болдогтоо л оршиж байгаа юм.

Дахин хэлэхэд түүхий эд. Монгол Улс одоохондоо нөгөө л хөрш улсуудынхаа түүхий эдийн хангагч орон болох хувь заяагаараа явж байна. Энэ замаас салж монгол хүний боловсролын төвшинг ахиулах, эдийн засгийн шинэ тутам салбарууд бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг шийдэлд хүргэх сонголтыг хийх ёстой юм. Иргэдийнхээ саналыг төр засаг нь худалдаж авдаг, худалдахад түлхсэн сонголт болох вий хэмээн болгоомжилж байна.

Боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах, эрчим хүч, кокс химийн бүтээгдэхүүн, ган, барилгын материал, зэсийн эцсийн бүтээгдэхүүний нэмүү өртөг Монгол нутагт бүтээгдэж, монгол хөрсөнд, монгол хүнд “шингэдэг” болох, түүнчлэн бүс нутгийн интеграцийн салшгүй нэг хэсэг болох асар их бололцоог ашиглах эсэх нь Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар хэнийг шалгаруулах вэ гэдгээс шууд хамаарах юм.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

Sunday, March 13, 2011

Александра Давид-Неэль авхайн

banzragch turbold
Александра Давид-Неэль авхайн Посвящения и посвященные в Тибете номны доорхи өгүүлбэрүүдээс харахад Оросууд буриадуудаар дамжуулан Монгол, Төвдийг судлан, тагнаж, харилцаж байжээ. 1907 онд Орос Англи улсууд гэрээ хийж өөр өөрсдийн сонирхолын бүсийг тогтоохоп Төвд Англид, Монгол Оросод хамаарагдахаар заажээ. Тэгээд Өргөөд байрлах Оросын консулынхан мэдээж Богд хаантай энэ сонирхолын үүднээс харьцаж байсан нь тодорхой. 11 оноос хойш Николай хаантай Монголын төлөөлөгчид хэд хэдэн удаа уулзаж зэр зэвсэг, цэргийн сургагч нар авах гэрээ хийсэн байдаг. Гол нь ингэх шалтгаан байсны нэг нь Орос Японы 1905 оны дайнд Орос улс ялагдсан нь нөлөөлсөн бизээ. Япон улс Хятадад халдах магадлал өндөр байсан ба Монголоос Япончууд Оросод халдвал Газар нутгийнхаа ихэнхийг алдах эрсдэл байжээ. Нөгөө талаас Монголчууд Англи Америк Француудад тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэхээр хандаад эдгээр улсуудаас хариу авч чадаагүй шалтгаан нь энэхүү 1907 оны 8 сарын 31 ны гэрээнээс болж байсан байна гэж үзэх, 2-рт Европ тивд дайн байлдаантай байсан нь Монголын асуудал, мантай байж гэж үзэхээр байна. Улмаар 1913 оноос эхэлж 1915 онд эцэслэн байгуулсан 3 улсын хоорондох Хиагтын гэрээ нь үндсэндээ 1919 онд Цагаан Оросууд Улаантануудад Екатеринбургт бут цохиулахад хүчин төгөлдөр бус болж, Хятадууд энэ завшааныг ашиглан хэдий дотооддоо улс төрийн хямралтай байсан хэдий ч Монгол руу Сүй Шү Жаныг гамин цэргийн хамт илгээсэн байна. Барон Унгерн өмнө Монголд амьдарч, Ховд дохь Орос консулыг хамгаалж байсан тул Монголыг маш сайн мэддэг байжээ. Ингээд өөрийн морин дивизтэйгээ 1920 онд Өргөөг чиглэж 4 удаагын оролдлогынхоо үр дүнд Өргөөг авч чаджээ. Мөн онд Улаантанууд Эрхүү, Читийн районд хэдийн ирсэн байсан ба Манж гүрний харъяанд байсан Урайнхайн хязгаарт өөрсдийн цэргээ байрлуулсан байсан тул Гамин цэрэг зарим Монгол ноёдуудаас цэрэг гаргуулан цугтаа Урианхайн хязгаарыг чөлөөлөхөөр байлдсан ч Улаантанд бут цохиулан ялагдсан байна. Ингэж Урайнхайн хязгаар автономт Монгол улсаас гарч, Орос улсын харъяанд орох эхлэл тавигджээ. Цагаантан, Гамингууд Монгол нутагт учир нь олдохгүй үймж байх зуур Богд хаан нэгэнт хүчирхэгжих нь тодорхой болсон Улаан Оросуудаас тусламж авахыг хүссэн Ардын намынхны бичиг дээр тээнэгзэлж байсны эцэст тамгаа даржээ. Ингээд Улаан Оросуудад Хиагтыг дайрч, Хүрээ рүү цэргээ оруулах нөхцөл бүрдсэн тул 1921 онд Улаан арми цэргээ илгээж, бид 70 жил коммунизмын замаар явах эхлэл тавигджээ. Япон улс ч Хятадад дайран орж Манжго улсыг байгуулж, Оросуудын хувьд ирэх аюул нь тодорхой болсон тул Монгол улсыг улам, зэвсэгжүүлж эхэлсэн байна. Монголд ч Япон гүрнийг Оросуудаас салахад тус болно гэдэгт итгэсэн лам хуврагууд, эрхээ ямбаа алдсан ноёд Хөвсгөл, Архангайд 1932 онд энэ тэнд бослого өрнүүлээд дарагдсан байдаг. Монголын хэд хэдэн ерөнхий сайд нар өөрсдийн үзэл бодлоосоо болж Оросод очин өчиггүй буудуулж нас барж байсан нь Орос улсын зүгээс Монголчуудыг өөрсдийн үгээр байлгаж, үзэл бодлоо тулгах байсныг гэрчилнэ. Анхны 7-ын нэг гэгдэх, Богдын үед 12 онд Эрхүүд сурч байсан орос хэлтэй Чойбалсаныг тодорхой эрхэлсэн албан тушаалгүй байхад нь Оросууд эргүүлэн дэвшүүлж гарган иржээ. Оросын Сталины зүгээс нилээд олон жилийн турш лам нараа устга гэсэн шаардлагыг өмнөх тэргүүнүүд биелүүлээгүй байсан тул Чойбалсан Оросуудын шахалт, мөн Чойбалсанд зарим нөхдүүдтэйгээ тооцоо бодох шалтаг шалтгаан ч байсан тул хэлмэгдүүлэлтийг хийж эхэлжээ. Хэлмэгдүүлэлттэй залгаад Халх голын дайн, дэлхийн 2-р дайн дэгдэж Монгол улс ЗХУ"-тай хамт бат зогссон, бас дэлхийн нийтийн имперализмын талаархи үзэл бодол өөрчлөгдсөн, Оросууд Монголчуудын тусгаар тогтнолыг Барууныханд тулгасан зэрэг нь бидний тусгаар тогтнолыг дэлхий нийтээр 1945 онд хүлээн зөвшөөрөх үндэс болжээ. Ингээд 1945 оноос хойш Монгол улсад дараа дараачийн улс орнууд ЭСЯамдаа нээж эхэлсэн байдаг. НҮБ-д Монгол улсыг элсэх эхний хүсэлтийг зөвшөөрөөгүй нь Хөрөнгөтөн улсууд НҮБ-д Оросын нөлөөний коммунист орныг оруулахыг хүсээгүй, бас Хятадын Тайван нь НҮБ-д суудалтай бөгөөд Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй ганц улс байсан зэрэгтэй холбоотой байв. Тайван НҮБ-д суудлаа алдаж, Хятадууд НҮБ-д суудалтай болсон үйл явдал нь биднийг НҮБ-д 1961 онд элсэх боломжтой болгожээ. Бидэнд түүхийг шүүх, хэн нэгэн түүхэн хүний гавъяаг өөрийнхөөрөө дүгнэх шаардлага байна уу даа гэж хааяа бодогдох юм даа. Өөрсдийгөө тухайн цаг үед аваачаад амьдарч байсан бол яах байсан бол гэж нэг удаа бодох хэрэгтэй буй зээ.
Эцэст нь хэлэхэд энэ бүх олон нугачааг эх оронч сэтгэлээрээ давж, амь нас амьдралаа зориулан бидэнд өнөөдрийн өдрийг хүргэн өгсөн үе үеийн эрэлхэг зоригтон бүх Монголчуудаа хүндэтгэн дурсаж сөгдье.
Монгол улс мөнхөд оршиг
Төрболд
".Неужели истинно русский человек не поймет, сколь опасно допущение англичан в Тибет; японский вопрос – нуль в сравнении с вопросом тибетским: маленькая Япония, угрожающая нам, отделена от нас водой, тогда как сильная Англия очутится с нами бок о бок".
Военный министр А. Н. Куропаткин посылает в Тибет очередного агента, подъесаула Уланова с целью оперативного сбора военных данных и рекомендацией Николая II постараться "разжечь там тибетцев против англичан". Через три недели "неожиданно" начинается русско-японская война, а чтобы окончательно пресечь российскую авантюру, 18 марта 1904 г. британский экспедиционный корпус вторгается в пределы Тибета и буквально расстреливает тысячную тибетскую армию во главе с генералом Лхавангом. России теперь уже не до решения "тибетского вопроса". XIII далай-лама Тибета спешно покидает Лхасу, стремясь прорваться в Россию, но принужден остановиться в Урге (ныне Улан-Батор) фактически под полным китайским контролем. Его дальнейшие попытки найти убежище и понимание на территории России пресекаются безразличием уже к "тибетскому вопросу" российского царя, "воплощения Белой Тары". Последняя просьба далай-ламы от 24 ноября 1905 г. к Николаю II: "Великий Государь, как не оставлял ранее своим покровительством, так и впредь не оставляй покорного Тибета", – оседает незамеченной в архивах.
27 августа 1906 г. Англия и Китай подписывают соглашение о совместном решении тибетских экономических вопросов. Далай-лама понимает, что на Россию больше рассчитывать не приходится, и направляется по "приглашению" императрицы в Пекин, где около года ожидает приема, начавшегося с унизительного поклона Владычице Поднебесной Империи. 31 августа 1907 г. Англия и Россия подписывают договор, в соответствии с которым Тибет "представляет сферу интересов Великобритании", а Монголия – России. МИД России отзывает из Тибета команду своих агентов (Бадмажапов, Бимбаев, Дибданов, Дылыков, Галсанов и др.). После смерти императрицы Цыси Китай вводит в Тибет войска. Далай-лама опять вынужден искать политического убежища, на сей раз на территории британской колонии в Сиккиме, где с ним и встретилась автор этой книги. После китайской революции 1911 г. Монголия и Тибет объявляют в 1912 г. о своей независимости от Китая, что подтверждает международная конференция юристов в Симле.
Российские буддисты во главе с хамбо-ламой Агваном Доржиевым готовятся к торжественной встрече в 1913 г. в Петербурге XIII далай-ламы, главы суверенного теперь государства. Его Святейшество намерен установить дипломатические отношения с Россией и освятить построенный преимущественно на деньги тибетцев и монголов первый в столице европейского государства тибетский буддийский храм. Но в начале февраля 1913 г. министр иностранных дел России Сазонов доводит до сведения английского посла Бьюкенена, что русское правительство придерживается соглашения 1907 г. и… никакого визита, никакого традиционного канонического освящения (даже по сей день!) санкт-петербургского буддийского храма Верховным Иерархом Тибетской Буддийской Церкви.
В двадцатые годы советское правительство делало попытки установления дипломатических отношений с Тибетом, послав туда несколько секретных миссий, но недоверие тибетского правительства, во многом обусловленное ростом воинствующего атеизма в России, с одной стороны, противодействие британских колониальных властей – с другой, и, наконец, с начала 30-х годов – ставка сталинского правительства на Мао Цзэдуна, который считал Тибет неотъемлемой частью Китая, окончательно прекратили эти попытки.