Monday, June 20, 2011

ТАРХИ УГААХУЙ

Киргизийн нэрт зохиолч Ч.Айтматовын “Цаазын тавцан” зохиолд Манкурт боол гэж дүр бий. Эзний хэлснээр л бүх зүйлийг хийдэг. Ямар ч өөрийн ухаан бодол, хүсэл тэмүүлэл, хэрэгцээ шаардлага гэж байхгүй. Эцэстээ эзнийхээ тушаалаар ээжийгээ харваж хөнөөдөг. Орчин цагийн хэлээр тархиа бүрэн угаалгасан этгээд юм даа.

Практик туршилт
1950 онд “Miami news” сонин дээр “Тархи угаах тактик” хэмээх шуугиантай нийтлэл гарснаас хойш дээрх нэр томъёо нийгэм, сэтгүүл зүйн үгсийн санд орж ирсэн гэдэг. Улмаар уг нийтлэлийн зохиогч болох сэтгүүл зүйн салбарын нэрээр АНУ-ын ТТГ-ын нууц ажилтан байсан Эдвард Хантер уг сэдвээрээ цуврал бүтээл хэвлэсэн аж. Тэрээр тухайн нэр томъёог хятад хэлний “си-нао”( 洗腦 – xǐ năo) буюу “оюун ухаан цэвэрлэх” хэмээх ойлголтоос зээлдэн авсан байна.
АНУ-ын ТТГ тухайн үед “МК-Ультра” нэрийн дор тархи угаах арга техник боловсруулах анхны нууц туршилтаа хэрэгжүүлж байсан бөгөөд туршилтын зорилго нь хүмүүст зүгээр нөлөөлөх төдий бус, тэдгээрийн сэтгэлгээний хэв маягийг цоо шинээр бүрдүүлэхэд чиглэж байсан аж.
Төслийг санаачлагчид Солонгосын дайнд Умардуудад олзлогдсон өөрсдийн цэргүүдийн үйлдлээс санаа авсан гэдэг. Умардуудыг дэмжиж байсан Москва, Бээжингийн зүгээс Умард солонгосын радио сувгаар дамжуулан АНУ-ын засгийн газар, түүний бодлогыг гутаан доромжилсон мэдэгдэл, ухуулгыг явуулах болсон байна. Урьдын эх оронч залуус олзноос эх орондоо ирснийхээ дараа өөрсдийгөө чөлөөлөгдсөн гэж үзээгүйгээр барахгүй Умард Солонгосчуудын дэмжлэгтэйгээр ухуулах хуудас тарааж, түүгээр үл барам өөрсдийгөө коммунистууд руу буцаахыг шаардаж болсон аж.
Солонгосын дайны төгсгөлөөр Хятадад олзогдогсод 7000 гаруй болж, тэдгээрийн 70% нь гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрөх эсвэл АНУ-ыг Ази дахь дайнаа зогсоохыг уриалсан мэдэгдэлд гарын үсгээ зурцгаасан бол 15% нь хятадуудтай хамтран ажиллаж, зөвхөн 5% нь л аливаа шахалт шаардлагыг эсэргүүцэн хүлээж аваагүй байна. Америкчуудын дээрх үйлдэл дайнд олзогдсон англи, австрали, туркчуудын хувьд таагүй үлгэр дуурайл болсон байна. Гэхдээ америкчуудтай харьцуулахад бусад орны олзлогдогсдын хувьд ийм урвалт тун цөөн байсан тул Америкийн ерөнхийлөгч тусгай байгууллагаасаа учир шалтгааныг нь тайлбарлахыг шаардсан юм.
Солонгос дахь “тархи угаалт”-ын үр дүнгийн талаар олон янзын тааамаг, дүгнэлт байдаг бөгөөд хятадуудын суртал ухуулга ямар ч үр дүнгүй зүйл байсан гэх буюу ерөөс энэ бүхэн нь худал цуурхал гэж нөгөө хэсэг нь шүүмжилдэг.
Ямартай ч ТТГ-ын захирал Аллен Даллес Дэлхийд нэр алдартай мэдрэлийн эмч Харольд Вольфыг 1953 оны сүүлээр “тархи угаах” арга техникийн судалгаанд татан оролцуулсан ажээ. Тэд дундад зууны үеийн “ариун инквизици” буюу шашны залхаан цээрлүүлэх аргуудаас аваад фашист германы хорих газрууд дахь нацист сэтгэл зүйчдийн бүтээлийг нэг бүрчлэн судалж эхэлжээ. Шорон, эмнэлгүүдэд эмч нар марихуан, LSD зэрэг мансууруулах бодисууд хар тамхичдын бие организмд ямар нөлөө үзүүлж буйг тогтоох нууц туршилтууд явуулж байлаа. Тэдгээр эм бэлдмэлүүд түр зуурын нөлөө үзүүлж байснаас биш ямар нэг эрс өөрчлөлт үзүүлсэнгүй. Чухамдаа тодорхой эрс өөрчлөлт, үр дүн л чухал байлаа.
Дараагаар нь Аллен Даллес профессор Эвен Камероныг төсөлдөө татан оролцуулав. Камерон зүгээр нэг шизофрени судлаад зогсохгүй хүний зан байдлыг хянах механизмыг нээх зорилгыг өмнөө тавьсан байсан юм. Ингээд туршилтад “дифференциал ой санамжийн гажиг” буюу мартах ёстой тэр зүйлийг мартуулах аргыг туршихыг санал болгов. Тэрээр өвчтний тааламжгүй дурсамжийг мартуулах, зүүдээ үгүйсгэх, хүчтэй өвдөх мэдрэмжээ дарахыг олон давталтаар хэлэх, цахилгаанаар цохиулах эсвэл урт хугацаагаар буюу жил сараар зүүдэнд автуулах байдлаар бодит байдлаас таслах зэрэг сэтгэцэд нөлөөлөх аргуудыг хэрэглэж эхэлжээ. Энэ нь өвчтний амьдралын бүхий л үйл явдлуудыг ой санамжаас нь ор цэвэрлэх, өмнөх дадал, итгэл үнэмшлийг арилган шинээр бий болгох замаар шинэ бие хүнийг “төрүүлэх”-эд чиглэж байлаа.
Камерон туршилтынхаа талаар “Туршилт 3 үе шатыг дамжина. Эхлээд өвчтний ой санамжийн ихэнх хэсгийг мартуулна. Мэдээж энэ үед тэд ямар учир шалтгаанаар хаана байгаагаа ойлгож байдаг. Хоёрдугаар шат, тэдгээрийн орон зай, цаг хугацааны талаар төсөөллийг арилгана. Гэхдээ ой дурсамжинд ямар нэг зүйл хадгалагдсан хэвээр байдаг. Өвчтөнүүд “Би хаана байна вэ?” гэх асуултад хариулах чадваргүй болно. Энэ байдал нь тэдгээрийн санааг зовоож, түгшүүрт байдалд оруулж байдаг. 3 дахь шатанд санаа зовж түгших байдал оргүй болно. Ингээд бүрэн мартагналын байдалд шилжинэ.
Профессор эрүүл болон шизофрентэй хүмүүсийг цахилгаан шок болон зүүдлүүлэх эм бэлдмэлийн нөлөөгөөр бие хүнийх нь зан байдлын схемийг өөрчилж чаджээ. Тэрээр “бүтэн ой санамжийн гажиг”-ын дараагаар шизофрений ямар нэг шинж тэмдэггүй эрүүл зан байдал бүхий санах ойг тухайн хүнд эргүүлэн авч ирж болохыг баталсан ажээ. Улмаар ТТГ-аас “Хүний зуршил дадлын орчныг судлах нийгэмлэг” хэмээх байгууллага үүсгэж, Камеронд 19 мянган долларыг олгож, эмнэлгийн захирлаар давхар томилов.
Хүний зан байдалд буй стереотипыг арилгахын тулд дээрх нөхцлийг бүрдүүлсний дараагаар шинэ стереотип суулгах, дахин програмчлах ажиллагаа явагдана. Товчхондоо, хүн өнгөрсөн амьдралынхаа чухал, нууц зүйлсийг бүрэн мартсаны дараагаас ТТГ-ын аливаа даалгаврыг үг дуугүй гүйцэтгэх этгээд болох ёстой юм.
1980 онд Канадын “Лидерпост” сонинд Камероны нууц судалгааны агуулгыг задалсан байна. “Зохих хэмжээнээс 75-100 дахин өсгөсөн цахилгаан хүчдлийн нөлөөллийг ашиглахын хамт дуу хуураагуурт бичсэн тушаалыг олон цагаар өвчтөнд сонсгоно. Урт хугацаагаар нойронд автуулахын тулд мансууруулд оруулсан хүнийг доргилттой үгээр бөмбөгдөн, улмаар зан байдлыг нь дахин програмчлана”. Тэрчлэн “нойрны коктейль”-ийн жорыг ч нарийвчлан бичсэн байдаг.
Гэхдээ шүүхийн сэтгэл зүйч Дик Энтонигийн баталж буйгаар ТТГ-ын “тархи угаах” практик оролдлого, туршилт нь үр дүндээ хүрээгүй, онолын төдий асуудал хэвэндээ үлдсэн зүйл аж.
Нийгмийн тархи угаах технологи
Орчин үед “тархи угаах” буюу “ухамсрыг хянах” хэмээх ойлголтоор хүмүүсийн шүүмжлэлт сэтгэлгээ, эрүүл логик сэтгэлгээгээр хандах, дүгнэлт хийх бололцоог хязгаарлах буюу мэдээлэл авах нөхцөлд хяналт тавихад чиглэсэн аргуудыг тэмдэглэх болж. Өөрөөр хэлбэл, мэдээллийн бие даасан хэрэгслүүдийг хавчин хяхаж, суртал ухуулгын замаар нийгмийн буюу хувь хүний итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзлийг өөрчлөхөд чиглэсэн манипуляци хийх явдлыг ойлгодог. Тэрчлэн улс төрийн суртал ухуулга, үзэл суртлын сөрөг талыг томъёолдог. Зөвхөн улс төрд гэлтгүй реклам сурталчилгаа, боловсрол, нийгмийн болон гэр бүлийн харилцааны хувьд зориудаар болон санамсаргүй хэрэглэх нь бий. Шашны явцуу сект хөдөлгөөнүүд өөрийн шүтэн бишрэгчдийг татахын тулд хэрэглэж буй арга техник гэдэг утгаар ч ойлгодог. Угаас нийгмийг ухуулан сэнхрүүлэхэд хүмүүсийн шашны сүсэг бишрэл хийгээд үндэсний үзлийг нь ашиглах нь илүү үр дүнтэй болох нь батлагдсан зүйл.
Хүний тархи угаах буюу итгүүлэн үнэмшүүлэх хөрс суурь бол түүний айдас, амьд үлдэх хүсэл юм. “Айдас бол агуу их багш мөн”. Амьд үлдэх хүсэл, айдсыг төрүүлэх нь тархи угаах гол аргын нэг юм. Үүний тулд хэн нэгэн субъектыг дайснаар зарлаж, хэн нэгний амь нас эсвэл улс орон, хэсэг бүлгийн оршин тогтнолд аюул учруулах гэж байгааг зарлахаас эхлэнэ. Соц-нийгмийн үеийн ардын дайсан, японы тагнуул, эх орноосоо урвагч, орчин цагийн хятадын эрлийз, тагнуул, гадаадынхны гар хөл, хуйвалдагчид зэрэг гадаад дотоод дайсан олж илрүүлэх, түүнд өртөхөөс сэрэмжлүүлэх нь тархи угаах чухал арга техник юм.
Дэлхийн түүхэнд улс орнууд дотоод тогтвортой байдлаа хадгалах, авч үлдэхийн тулд дайсан этгээд олж зарлах, аюул түгшүүр төрүүлэх олон янзын арга мэх хэрэглэж ирсэн. Еврейн хуйвалдаан, НАТО-гийн түрэмгийлэл, империалистуудын хуйвалдаан зэрэг гадаад “аюул”-аас гадна өмнөх нийгмийн удирдлага, тогтолцооноос орчин цагийнх нь онцгой дээр болохыг сануулах зорилгоор Сталины хэлмэгдүүлэлт, гитлерийн хорих лагерь, коммунизмын аюул зэрэг ойлголтыг өргөнөөр ашиглаж ирсэн байна.
Дайсан этгээдээ олж тогтоон, айдас төрүүлсний дараа энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шат руу орно. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэгч этгээд бүхнээс өөр “ариун цагаан” болохоо мэдрүүлж, ард түмнээ өмөөрөн хамгаалахаар тэмцэж буйгаа зарлана.
Тархи угаах технологийн нэг чухал нөхцөл бол мэдээлэл авах боломжийг аль болох хязгаарлах явдал. Цэрэг арми, мөрдөн байцаалт шорон гяндан, шашны сектүүд, террористуудын барьцаалалт зэрэгт хүмүүсийг өрөөсгөл мэдээллээр бөмбөгдөн, улмаар субъектын зүгээс хүсч буй үйлдлээ хийлгэхэд тухайн этгээд “хэзээд бэлхэн” болгох явдал тун түгээмэл.
Иргэний нийгмийн хяналтгүй аливаа төр засаг ард түмнээ бүхий л гадны дайсан этгээдээс хайрлан өмгөөлж, ард түмнээ тэжээн тэтгэхийн тулд амь бие, ухамсар бодлоо үл хайрлан зүтгэж байгаагаа улиглан давтсаар эцэстээ хэн бүхэн өр зүрхнээсээ төр засаг, хайрт удирдагчаа бишрэн шүтэх хэмжээнд очдог ажгуу. Олон түмний тархийг угаахын тулд зөвхөн хоол хүнсээр хангах хангалтгүй тул эрх ямба, мөнгө, шагнал одон медаль, ирээдүйн баталгаа нөхцөл амлах зэрэг олон арга хэрэгслүүдийг ашигладаг.
Эд материалаас гадна сэтгэл хөдөлгөм янз бүрийн зан үйл, ёслол, арга хэмжээ, парад зохион байгуулах нь итгэн үнэмшүүлэхэд том түлхэц болоод зогсохгүй улмаар олон түмэн тэрхүү зан үйлд дасч, хүсч хүлээхэд хүрдэг аж.
За тэгээд зөвхөн хоол өгөөд тэжээгээд, баярлуулаад байхгүй, субъектийн зүгээс бүхий арга замаар тасралтгүй довтолгоо хийнэ. “Чиний буруу, Бидний түмэн зөв. Ер нь хэзээ нэг цагт чиний зөв байх өчүүхэн ч магадлалгүй. Иймээс чамайг өөрчлөхийн тулд бүхий л талаар тусалж байгаа юм” гэх мэтээр тухайн этгээд тунгаан бодох, шүүмжлэх хугацаа завдал ер өгөхгүйгээр ухуулна. Эрүүл сэтгэлгээгээр асуудалд хандах бололцоог хязгаарлахын тулд дээр дурьдсанчлан тусгай эм бэлдмэл, мансууруулах бодис хэрэглэх албагүй, зүгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байхад хангалттай. Ингээд ямар ч худал зүйлийг үнэн гэж итгэтэл нь олон дахин давтах.
Дараагаар нь хувь хүмүүсийг нэг бүлэг, хамтлагт хамааруулан хамт олны дотор “хүмүүжүүлэх” ёстой. Жинхэнэ марксист, коммунист, маоист, чекист, фашист, пионер хүн, мусульман, жинхэнэ эх оронч “Монгол” хүмүүс ямар байх ёстой тэр байдлаар биеэ авч явах тодорхой шалгуур дүрэм тогтооно. Түүнээс гажсан нөхцөлд нийгэм, олон нийт, хамт олны зүгээс гадуурхан, дорд үзэх, дахин нийгэмшүүлэн хүмүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Бүлгийн ёс дүрмийг ширхэгчлэн биелүүлж байгаа бол урамшуулан шагнаж, нэр хүндийг нь өргөн, бусдад үлгэр дуурайл үзүүлж буй баатраар тодруулан алдаршуулна.

Массын тархи угаах арга техник, гарах үр дагаврын талаар Жорж Оруэлийн “Гахайн ферм” бүтээлд тун сонирхолтой хэлбэрээр харуулсан байдаг.

http://www.ulsturj.com/2011/02/blog-post_10.html

Wednesday, June 15, 2011

Туйлын үнэн

by Erdenechuluun Norloo on Friday, 04 March 2011 at 03:14

Шавь багшаасаа:

-Цорын ганц хөдлөшгүй туйлын үнэн гэж бий юу?

-Байхгүй ээ. – гэж багш хариулж. Шавь:

-Байхгүй гэдэг чинь туйлын үнэн мөн үү? – гэж. Багш:

-Бишээ. –гэж. Шавь:

-Тэгвэл тэр туйлын үнэн чинь юунаас шалтгаалаад байнаа. Та энэ аягыг хар л даа, хэнээс ч асуусан ч энэ аягыг энэ ширээн дээр зогсож байна л гэнэ биздээ. Үүнийг өөрөөр хэлэх арга байна уу? – гэхэд багш:

-Тэгвэл чи ширээнээс асууж үзсэн юм уу? Ширээ “би энэ аягыг шалан дээр унагаахгүй гэж барьж тогтоож байна” гэж хариулна даа. Хэрэв чи бас аяганаас асуусан бол ... – гэтэл багшийн санааг ойлгосон нэг шавь:

-Аа, аяга тэгвэл “би энэ ширээг газарт няц даран, газартай хамт тэгшлэх үү, яах уу гэж бодож сууна” гэнэдээ. – гэж хэлж бусдыг инээлгэв.

Багшийн санаанд нэгэн түүх орж ирснийг шавь нарт ярьж өгөв:

Олон жил хамтдаа олон газраар аялсан хоёр найзын нэг нь:

-Би нэг найзын хамт олон жил, олон улс орноор аялж, худалдаа наймаа хийж явсаар гол ус, уул мод, хөндий зэрэг үзэсгэлэн цогц бүрдсэн нэгэн газар ирж, тэндээ суурьшиж амьдрахаар шийдсэн. Бид хоёр ярилцаж, би уулын нөмөрт мал аж ахуй эрхэлж, харин найз маань хөндийд тариа тарьж амьдрахаар болсон. Бид юуны түрүүнд нутгийн иргэдийн туслалцаатайгаар тус тусдаа байшин барьж, малын хашаа саравчийг босгон, тариан талбайгаа хагалж, дараа жилийн хавраас би мал худалдан авч, найз маань талбайдаа тариа буудайгаа үрслүүлж эхэлсэн. Эхний жилүүдэд амьдрал бидний санаснаар цэцгэлж, аж ахуй маань өргөжин тэлж байсан юм. Бидэн дээр нутгийн нэг худалдаачин байнга ирж, бидний тариа буудай, мал махыг хулдан авч, мөн бидэнд хэрэгцээтэй зүйлсийг авчирж өгдөг байсан. Тэр худалдаачин нэгэн царайлаг охинтой байсан бөгөөд тэр охин бид хоёрын хооронд хайр сэтгэлийн холбоо үүссэн байлаа. Жилийн дараа байгаль цаг агаар зангаа хувирган, гурван жил үргэлжилсэн ган болж бидний цэцгэлж байсан аж ахуй унаж, бидний амьдрал хүнд болж эхэлсэн. Гэтэл нэг орой хэн нэгнийх нь яндангаас үсэрсэн оч олон жил хуурай байсан нутгийг тэр чигт нь түймэрдэж, бидний барьж босгосон байшин, агуулах сав, хашаа саравч, тариан талбай бүгд шатаж, бид хоёр хоёулаа хоосорч, тэр нутгийг болон сэтгэлтэй бүсгүйгээ аргагүйн эрхэнд орхин явах болсон. – гэж ярьжээ.

Харин нутгийнхан тэр хоёр залуугийн тухай ингэж ярьж:

-Хэдэн жилийн өмнө манай нутагт тэнэмэл хоёр наймаачин ирж, манай нутгийн хамгийн үзэслэнтэй, бид өөрсдөөсөө ч харамлаад очдоггүй тийм сайхан газар дураараа ирж суурьшин, нутгийн ядуу, өчүүхэн мөнгөнөөс юугаа ч өгөхөд бэлэн хүмүүсийг хямд хөлсөөр хууран ажиллуулж, онгон дагшин газрын модыг тайрж, газры нь хагалан сэндийлж, усыг нь бохирдуулж, тохирсон хөлсөө ч өгөлгүй, эцэст нь нутгийн охиныг бузарлан гомдоосон юм. Тэд бохир луйвар аргаараа хөрөнгөө аривжуулж, хэдхэн жилийн дотор өөрсдөө хүч хүрэхгүй их мал, газар хулдан авч манай нутгийн үржил шимт хөрсийг юу ч үгүй хувхайруулж орхисон юм. Үүний дүнд манай нутаг хэдэн жил дараалан ган гачигд нэрвэгдэн бидний амьдрал хүнд болж эхэлсэн. Ашгүй тэгтэл манай нутгийн лус савдаг тэнэмэл хоёрын орон байр, хашаа савы нь цөмийн шатааж, тэднийг хөөж явуулсан даа. – гэж.

Худалдаачны охин тэр залуусын тухай ингэж ярьсан гэнэ:

-Манай нутагт хоёр тэнэмэл гуйлгачин залуус ирж, суурьших болсон. Тэд манай аавын ачаар овоо хөрөнгөжиж баян болсон ч угийн ховдог, шунахай сэтгэлтэй тэд ханж цадахыг мэдэхгүй бие биентэйгээ уралдаж улам их газар, мал худалдан авдаг байсан. Тэгээд тэд хоёулаа надад ухаангүй дурлаж, үүнээсээ болж хоорондоо муудалцан, бие биенийхээ хөрөнгийг юу ч үгүй болтол нь шатааж, манай нутгийг түймэрдэж өгөөд зугтацгаасан. Би тэр хоёрыг нүднийхээ булангаар ч тоож хардаггүй байсан. – гэж.

Харин хоёр залуугийн нөгөө нь ингэж ярьсан гэнэ:

-Олон жил аян хийж, худалдаа наймаа хийж явсаар ядарч байсан тул нөхрийнхөө ятгалгыг даган хүний нутагт үлдэж суурьших болсон юм. Нутгийнхнаас газар гуйсан боловч биднийг хажиглан хөөсөн тул хэнч очиж амьдрах боломжгүй хувхай газарт бид аргагүйн эрхэнд очиж суусан. Би газар хагалж тариа тарьж амьдрах санал гаргасан ч нөхөр маань зөрүүдлэн мал худалдан авч, би тариагаа тарихаар болсон юм. Ингэснээр хэмнэж болох байсан зардалд илүү мөнгө зарцуулах болж, цуглуулсан жаахан мөнгөө ажлын хөлс, мал, газар авахад өгч дуусгасан. Нутгийн иргэдийг гуйж өндөр хөлсөөр ажиллуулж байсан боловч тэд байнга хөлсөө голон үргэлж хэл ам гаргадаг байлаа. Уйгагүй зүтгэлийн дүнд аж ахуй маань хөл дээрээ босч хүний гар харахгүй амьдрах чадалтай болж эхэлсэн. Гэтэл нутгийн нэг зальтай худалдаачны охин бидний амьдралд жинхэн гай авчирсан. Тэр охинд миний найз сэтгэлтэй байсан боловч, харин худалдаачин түүний охин хоёрт шал өөр бодол байсан юм. Тэр худалдаачин яг л наймаа ярьж байгаа мэт намайг охинтойгоо нийлэхийг ятгаж, охин нь ч надад ил тод сээтэгнэн гүйдэг болсон. Би тэдний миний хөрөнгөнд шунасан нүдний цаана харанхуй хоосон сэтгэл байгааг харж байсан тул тэр охинд ямарч нүүр өгдөггүй байсан. Үүнд хорссон худалдаачны охин нэг л өдөр бидний хөрөнгийг, байшин савыг юу ч үгүй шатааж орхисон, үүнийг тэр эмэгтэй л хийсэн гэдэгт би итгэлтэй байна. – гэж ярьжээ.

Багш шавь нараасаа:

-Та нар энэ дөрвөн өөр ярианаас алийг нь үнэн гэж сонгож авах вэ, энэ нь үнэн гэдгийг ямар шалгуураар сонгох вэ? – гэж асуухад шавь нар дуугүй хэсэг сууцгаав. Нэг шавь:

-Энэ дөрвийн ярианд гомдсон, атаархсан, бардсан, хардсан сэтгэл харагдаж байна. Энэ нь тэднийг үнэнийг харах нүдийг хааж байгаа тул тэд зөвхөн өөрийнхөө харсныг л туйлын үнэн гэж бодно. – гэв. Багш:

-Бүх зүйл юмыг хэн, аль талаас нь харж байгаагаас шалтгаалж байна. Жишээ нь, энэ сарнай цэцэг. Сарнай цэцгийн дээгүүр эргэлдэж байгаа эрвээхэй “тансаг анхилам үнэртэй, өнгөлөг зөөлөн дэлбээтэй цэцэг” гэж хэлнэ. Харин доогуур нь мөлхөж яваа хорхой шавьжууд “хатуу том өргөстэй, бүдүүн иш” л гэж нэрлэнэ. – гэж багш яриагаа дуусгав.

Friday, June 10, 2011

Америкчууд манай улсын гурван том уурхайгаас ховор металл олборлохоо зарлалаа

АНУ-ын “Green Tech­nology Solu­tions” компани манай улсаас ховор металл олборлохоор болсон талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл “Green Technology Solutions” компани яг аль уурхайнуудаас олборлолт хийхээр болсноо пүрэв гарагт зарласан нь ихээхэн анхаарал татаж байна. “Green Technology Solutions” мэдэгдэлдээ ” Манай компани Монгол Улсын Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь Авдрантын уурхайгаас ховор металл олборлоно.

Энэхүү уурхай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 80 километр зайд оршдог. Харин бидний олборлолт хийх дараагийн газар нь Булган аймгийн Дашинчилэн суманд буюу Улаанбаатар хотоос 260 километр зайд байрлах Агуйтын уурхай юм. Түүнчлэн бидний олборлолт хийхээр төлөвлөсөн сүүлийн цэг нь Улаанбаатар хотоос 382 километрийн зайд орших Дорноговь аймгийн Айраг суман дахь Модот-Уулын уурхай болно» гэжээ.

Гэхдээ тэд олборлолтоо манай улсын “Ар-Эрхэс” компанитай хамтран хийхээ мэдэгдсэн байна. “Green Technology Solu­tions”-ын удирдлага саяхан манай улсын «Ар-Эрхэс» компанитай саяхан “Ашгийн оролцооны гэрээ” (РРА)-г байгуулсан. Энэхүү гэрээ нь тухайн орон нутаг болон байгаль орчинд хор хөнөөлгүй, аюулгүй үйл ажиллагаа явуулахад тусална гэж үзэж буйгаа «Green Technol­ogy Solutions »-ын удирдлага мэдэгджээ.

«Green Technolo­gy Solutions” компани цааш мэдэгдэхдээ ” Бид Монгол Улсад ховор металлын бүрэн үйлдвэрлэлээ удахгүй явуулж эхэлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ уурхайнуудын эрдсийн агууламж батлагдаж, бүх зүйл тодорхой болсон байх ёстой. Бид бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаархудалдан авагчтайгаа хэдийн тохиролцоонд хүрээд байгаа» гэжээ.

«Ашгийн оролцооны гэрээ»-ний дагуу ” Green Technology Solu­tions”-ынхон ашгийнхаа тодорхой хэсгийг cap бүр төлбөр болгон өгөх юм байна. Гэхдээ ашгийн яг хэдэн хувийг ” Ар Эрхэс»-т төлөх талаар хоёр талын мэдэгдэлд ямар нэг зүйлийг дурдаагүй аж.

” Green Technology Solu­tions” компанийн ерөнхийлөгч Жон Ширер ирэх долоо хоногоос дээрх гурван уурхайд нарийвчилсан судалгаа хийж эхлэхээ мэдэгджээ.
Эргэн сануулахад “GreenTechnology Solutions”-ынхон манай улсын ” Rare Earth Exporters of Mongolia (REE) компанитай хамтарсан үйлдвэр байгуулж ховор металл олборлохоор болсноо өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй тэд саяхан олборлох ховор металлаа Өмнөд Солонгос, Хятад зэрэг Азийн тэргүүлэгч орнууд руу экспортлохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

Дэлхийн ховор металлын 95 орчим хувийг хангадаг Хятад улсын гол өрсөлдөгч нь манай улс болохыг “Green Technology Solutions”-ын удаа дараа онцолж байсан нь манай улсын нөөц маш их болохыг харуулж байна.

Сонирхуулахад ховор металл нь цахилгаан бараа, автомашины сэлбэг, бүх төрлийн зай гээд өргөн хэрэглээний маш олон зүйлд хэрэглэгддэг. Нэг ёсондоо ховор металл нь орчин цагийн технологийн хөгжилд маш чухал ач холбогдолтой зүйл юм. Тиймээс ховор металлын арвин нөөцтэй манай улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэгчдээс их ашиг хүртэх боломжтой нь харагдаж байна.

Д.Оюунбаатар

Ерөнхий сайд аа, “Багануур бас л нохойн замаар орлоо”

Багануурын уурхай” уул нь стратегийн орд төдийгүй зах зээлийн хүнд үед нийслэлийн цахилгаан станцуудыг хангаж Улаанбаатар хотоо хөлдөөлгүй авч ирсэн.

Төр дээрэлхэн үнийг нь бариад байсан учраас уурхай еөрөө алдагдалтай ажиллаж өдий хүрсэн билээ.

Стратегийн орд газрыг хувьчлах, дүрмийн санд нь өөрчлөлт оруулах, удирдлагыг өөрчлөх зэрэг томоохон асуудал шийдэхэд заавал ч үгүй Засгийн газар салбарын яам оролцдог. Багануурын уурхайн өмчийн одоогийн харьцаа нь 75 хувь төрийн өмч үлдсэн 25 хувь нь хэдэн америк иргэний нэр дээр байгаа юм.

Хэдийд ямар ид шидээр 25 хувийг авчихсаныг хэн ч мэддэггүй. Монголд ирээдүйдээ хэрэгтэй өнгөтэй өөдтэй ашгаа өгөх уул уурхай ашигт малтмалын орд л байвал дотоод гадаадын хэдэн луйварчин нийлж байгаад хувьчлаад авчихдаг уламжлалтай болсныг бид сайн мэднэ. Үүнийг уул уурхайн ашигт ордууд нохойн замаар орох гэдэг. Оюу толгой, Таван толгой, Хөшөөт, Шарын гол бүгд л нохойн замаар орсон. Засгийн газар Оюу толгойгоос зээлэх менгөндөө бялуурч, УИХ сонгуулийн хуультайгаа ид үзэлцэж байх хойгуур Багануурын уурхайг нохойн замаар оруулах хуйвалдаан явагдаж байна.

Ер нь уул уурхай ашигт малтмалын ордуудыг луй-вардаж мэргэшиж гаршсан “том сүлжээ” байдаг гэдэгт бид аль хэдийнээ эргэлзэхээ больж хүлээн зөвшөөрдөг болсон юм. Багануурыг бас л нохойн замаар оруулах операцийг УИХ-ын гишүүн Дамба-Очир толгойлж Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүд гүйцэтгэж байна гэнэ.

Өнгөрсөн жил Засгийн газар Улаанбаатар хотыг нүүрсээр тогтмол хангадаг ганц /урхайгаа харж үзэж байгаа нь энэ эж 12.5 тэрбум төгрөгийг тус уурхайд хөрөнгө оруулалт болгон өгч сайн дүр тоглосон нь уурхайг нэг л мэдэхэд өөрийн болгож авах шуналын урхи байсан гэж хэн мэдэх вэ.

Уурхайг авахын тулд тогтсон арга бий. Эхлээд удирдлагыг нь өөрийн хүнээр тавих ёстой. Өөрийн хүнээр тавихдаа Эрдэнэтийн уурхайн элдэв хог новшийг шахаж байхад мэргэшсэн гаршсан хүн байх ёстой. Багануурын уурхайн даргаар Эрдэнэтийн хүнд гаруудын нэг Мэргэнбаатар гэдэг хүнийг тавина гэж эрхэм гишүүн Ерөнхий сайдад мэдэгдэж, Төрийн өмчийн хороонд санал гаргажээ. Хуучин дарга Дамбапэлжээг тэтгэвэрт нь гаргаад хаячих хэрэгтэй гэдэг дээр тохирсон байна.

Тэгээд л иргэдэд байгаа 25 хувь дээр 12,5 тэрбум тегрөгийг хөрөнгө оруулалт биш мэтээр бичилт хийгээд төрийн мэдлийн хувьцаанд сууж үлдэх сонгодог луйвар явагдаж байна. Энэ мэхийг Төрийн өмчийн хороо гарамгай хийдэг. “Шарын голын уурхай”-г нэг л мэдэхэд 100 хувь гадны хүнийх болсны нэгэн адилаар…

Төрийн өмчийн хороон дээр хувьцааны болон ашигт малтмалын ордуудыг бужигнуулахаараа нэрд гарсан мэргэжилтэн амжилттай ажиллана. Тэр хүн нь ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаад цөөнгүй лиценз , хувьцаа бужигнуулсан туршлагатай одоо Төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын даргаар ажиллаж байгаа Хэрлэн гэдэг нөхөр юм гэнэ. Иргэдээс нууж уул уурхайн зохих хувийг чимээгүй зувчуулдаг үе өнгөрсөн.

Таван толгойгоос иргэд 10 хувиа авсан, жижиг Таван толгойг өмнөговийнхон өөрсдөө ашиглаад хувиа хүртэж эхэлсэн. За яахав олон жил манаж суугаа Багануурын уурхайн өвгөн даргыг тэтгэвэрт гаргаж гэж бодъё.

Харин Багануурын уурхай бол 200 гаруй дээд мэргэжлийн инженер техникийн ажилтантай боловсон хүчин хангалттай байгууллагын хувьд Эрдэнэтээс нэг шахааы бизнесчин авах шаардлаггүй л байхгүй юу. Эдэн дотроос уурхайг удирдаад явчих хүн олон доо олон. Цаанч шахааны бизнесийг нь цэцэглүүлж, хувьцааны луйварчцад нь таалагдаж чадахгүй байна.

Төрийн өмчийн хорооныхон Эрдэнэтээс Багануурт шахсан олон зуун саяын шахааны мөнгийг иргэд хуулийнхан мэдээгүй өнгөрсөн гэж бодоогүй байгаа. Бүгдийг мэдэж байгаа шүү. Багануурын уурхайн 10 хувийг нийслэлийн иргэд горьдож байгаа.

Ерөнхий сайд Сү.Батболд, Уул уурхайг эрхэлсэн сайд Д.Зоригт нар УИХ, Төрийн өмчийн хорооноос эхтэй том луйварчдын хуйвалдааныг таслаад Багануурын уурхайн асуудлыг УИХ-аар оруулаад л 10 хувийг нь ард иргэддээ өгөөд л 51 хувийг нь төрд үлдээгээд “Монгол 999″-өөр удирдуулчихвал мөн их буян болно.

Эсвэл Ерөнхий сайд, эрхэлсэн сайд хоёр дээрх сүлжээнд орчихсон хувь эзэмшчихээд цохиж яваа юм билүү бүу мэд дээ. Наадам ойртож, төр засгийн анхаарал сарниж, энэ хооронд луйварчид амжуулжбайна. Төр иргэд наадамдаж байх хойгуур хормой доогуур чинь Багануурын уурхайг бас л нохойн замаар оруулахаар суйлж байна.

Багануур гэдэг нэртэй ч нийтийн анхаарал хандуулам том асуудал. Даанч Багануур дүүргээс сонгогдсон үүнийгхөөцөлдөх УИХ-ын гишүүн гэж байдаггүй юм гэнэ. Багануурын уурхайн хувь заяаг шийдэх ТӨХ хувьцааны сүлжээчингүүдийн хурал тун удахгүй болно гэнэ.

Багануурын уурхай гэдэг нүүрсний их бассейны орд яг тэнд төрсөн Дашдоржийн Нацагдоржийн шүлэглэснээр ” Уурхай баялгийн охь болсон, “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон” юмсан. Харахын заяа байна уу гэхээс хазахын заяа байхгүй хамаг байдгаа нэг л мэдэхэд алддаг ард түмэн хөөрхий.

(Багануурын уурхайн ажилчдын надад явуулсан захидлаас сэдэвлэв)

Г.Дашрэнцэн


Эх сурвалж: “Нийслэл таймс”