Tuesday, July 26, 2011

Дээд монголчуудын хотжилт буюу хятаджилт

Б.Удвал /Монголын Угсаатны Холбоо ТББ/

Дэлхийн монголчуудын тухай бидний ойлголт

Хэдхэн сарын өмнө тархан суурьшсан монголчуудын тухай энэ сэдэв маш шинэ содон соргог зүйл байлаа. Харин одоо “моодонд” орсон танил сэдэв болсон нь урьд өмнө төдийлөн яригддаггүй байсан хилийн чинад дахь монголчуудад судалгаа хийн танилцуулсан цөөн хүмүүсийн ажлын үр дүн. Монгол үндэстэн нийт хэдүүлээ вэ гэх асуултын хариуд бидний ихэнх нь улсын хүн амын тооллогын дүн болох хоёр сая 700 мянга хэмээх тоог санана. Зарим нь буриад болон өвөрмонголчуудыг нэгтгэн арай ахиу тоо хэлнэ. Энэ нь тэднийг монгол хэвээрээ гэж тооцсоных. Өнгөрсөн он жилүүд үнэндээ “Бид дэлхийн бөмбөрцөг дээр чухам хэдүүлээ хорвоогийн тоос хөдөлгөнө вэ?” гэх асуултыг өөрсөддөө тавихтай мантай өнгөрсөн биз ээ.

Харин сүүлийн үеэс монгол үндэстэн найман саяулаа гэх тоо үзэгдэх, сонстох болжээ. Гэхдээ хэн тэднийг юугаар нь монгол мөн гэж тогтоогоод тийнхүү зарлаж байгаа нь одоогоор тодорхойгүй буюу албан ёсны бус байна. Иймээс Монгол Улсын хүн ам дээр нэмэгдэн нийт найман саяд хүрч буй тэдгээр таван сая гаруй хүмүүс үнэхээр монгол мөн үү гэж эргэлзэх хүн олон бөгөөд энэхүү шүүмжлэл ч зүйн хэрэг юм. Улмаар “Тэд монгол мөн”, “Тэд монгол биш”, “Тэд монгол биш болсон” хэмээх маргаан манай нийгэмд тархжээ. БНХАУ-д аж төрж буй монголчуудыг зөвхөн Өвөрмонголын өөртөө засах мужийн монголчуудаар л төлөөлүүлэн эндүү ташаа ойлгож байгааг засах хэрэгтэй. ӨМӨЗО-оос гадна Хятад Улсын Шинжаань, Чинхай мужуудын нутаг дэвсгэрт Хор, Баоань, Дуншаан, Монгур буюу Цагаан Монгол, Дээд Монгол гэхчилэн олон монгол угсаатан амьдарч байна. Тэднийг Өвөрмонголчууд гэж ойлгож болохгүй. Тэдний засаг захиргаа, оршин суух нутаг дэвсгэр нь өөр, Хятад Улсад багтсан түүх нь ч ялгаатай улс.

Тэднийг заавал таних шаардлагатай юу?

Өвөг дээдэс минь ургийн бичгээ хичээнгүйлэн хөтөлдөг байсан нь дэмий хэрэг бишсэн. Удам угсаа, ахан дүүсээ мэдэхгүй хүн нэгэн талаар сохор мэт байх шиг санагдана. Бид хоёрхон саяулаа хэмээх итгэл үнэмшил, бид найман саяулаа хэмээх итгэл үнэмшлийн аль нь илүү хүчтэй байх вэ? Эх түүхээ танин мэдэж, үндэстний онцлогоо ухан ойлгосноор үндэсний үзэл төлөвшиж, ард түмний өөрсдийгөө ухамсарлах сэтгэлгээ хөгждөг билээ.
Монгол цусаа, монгол ёс заншлаа, монгол уламжлалаа, монгол аж ахуйгаа, монгол хэлээ авч үлдэж, монголоороо байхын төлөө тэмцэж, тэр тэмцэлдээ хөлөө, гараа өгөн, би монгол хэмээх омоглолоо дарж ядан шүлэг найраг бичиж түүнийхээ улмаас эрх чөлөөгөө хасуулан монголоороо байхын төлөө ил, далдаар тэмцэж буй тэдгээр монголчуудыг Та хэн гэх вэ? Монгол Улсын монгол хүн ирсэн сургаар хэлэх ярихыг нь сонсож, хийх хөдлөхийг нь харах гэж яаран, бүр аз байвал найз нөхөр болон гэртээ дайлж цайлахыг хүсдэг тэдгээр монголчуудыг Та юу гэх вэ? Угсаатан судлалын шинжлэх ухаанд тухайн ард түмэн өөрсдийгөө хэн гэж ухамсарлах нь тэднийг аль үндэстэнд хамаарагдах буюу ямар үндэстэн болохыг нь тогтоох гол үзүүлэлт гэж үздэг. Энд өгүүлэгдэж буй монголчууд өөрсдийгөө “БИД МОНГОЛЧУУД” хэмээн цуурайтуулан тунхаглаж байхад бид юу гэх вэ? “Тэд монгол биш” гэж жишим ч үгүй хэлчихээд тэдний тухай ахин зурвас ч бодолгүй амьдрах бидний энэ байдлыг тэд мэдвэл туйлын гомдолтой, даанч харамсалтай биш үү? Сэтгэл, цус нэгт тэдгээр төрөл садныхаа биднийг гэх халуун сэтгэлийг нь мэдэрч, бодит үнэнийг ухааран зөв итгэл үнэмшилтэй алхахыг Та эрмэлзэх үү?

Дээд монголчууд гэж хэн бэ?

Түүхийн хуудаснаа. Энэ нутаг нь 1235 онд Өгөдэй хаан өөрийн хүү Хүдэндээ Хөх нуур орчмыг хувь болгон өгсөн тухай мэдээнээс эхлэн Эвэр тайш, Бүрх тайш, Түмэдийн Алтан хаан мөн Цогт тайж нарын түүхт хүмүүстэй холбогдох ажээ.
Газар нутаг. БНХАУ-ын баруун хойд бүс нутгаар Гансу, Сичуантай хил залган орших нуурынхаа нэрээр овоглосон Хөх нуур буюу Чинхай /Qinghai/ муж гэж бий. Өгүүлэн буй Дээд монголчууд нь энэхүү Хөх нуурын орчмоор нутагладаг ажгуу.
Нэрийн учир. Дээд Монгол гэдэг тэдний нэр харьцангуй хожуу бий болсон бололтой. Дээд монголчууд Хөх нуур Түвдийн өндөрлөгт нутаглах тул газар нутгийн өндөрлөг байдлаар өөрсдийгөө овоглон дээр, дээд газрын хүмүүс гэдэг утгаар Дээд Монгол хэмээн нэрлэсэн гэсэн хувилбар бий.

Дээд монголчуудын хотжилт

Ерөнхийдөө БНХАУ-ын монголчуудад хотжилт нэлээд явагдсан, Хүн амын шилжих хөдөлгөөн нь хүн ам зүйн жирийн л үзэгдэл боловч Дээд монголчуудын хувьд хотын иргэн болно гэдэг жирийн явдал биш. Гэсэн ч эрхгүй тулгарч буй хотжилтын учир шалтгаан хийгээд хотжилт нь юунд хүргэж буй тухай одоо өгүүлье.
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Улаан /Vulan/ хошуу болон хориотой хот болох Дэлхий хот юм. Хошуу хэмээх засаг захиргааны нэгжийг дүйцүүлбэл манай улсын сумтай дүйнэ. Улаан нь төв газарт шилжин суурьших хүн амын шилжих хөдөлгөөн маш эрчимтэй явагдаж байгаа нутгуудын нэг. Нийт хүн амийн тоо 37783. Эдгээрийн 4811 хүн буюу 1085 айл нь малчин өрх. Үндэстний бүрэлдэхүүний хувьд 22586 Хятад, 6538 Монгол тоогоороо толгойлж 2424 Түвд, 3478 Хотон, 1490 Цагаан Монгол, 1150 Салар, 39 Манж гээд цааш Дуншаан, Боань, Ёгор, Ли, Мио, Иүгү, Солонгос, Тужа гэх үндэстэн угсаатнуудаас бүрдэнэ.

Улаанд явагдаж буй хотжилт нь дараахь шалтгаануудтай. Хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ буюу дунд сургуулийн шалтгаан. Улаан хошууны төвд хүн ам ихээр суурьшиж эхэлсэн нь 1993 он. Тэр цагаас өмнө хошууны тосгодод (манай улсын засаг захиргааны нэгжээр багтай дүйцүүлж ойлгож болно) бага, дунд сургуулиуд гэгээрэл боловсролын үйлсээ явуулдаг байж. Энэ үед малчдын хүүхдүүд гэрээс хол явалгүй сургуульдаа сурч чаддаг байсан байна. Харин 1993 онд тэдгээр сургуулиудыг татан буулгаж хошууны төвд төвлөрүүлснээр малчдын хүүхдүүд сургуулиа даган суурьших болжээ. Учир нь хошууны төв дэх монгол үндэстний дунд сургууль нь дотуур байргүйгээс сурагчид эмээ, өвөөтэйгээ шилжин ирж айл болон амьдарч эхэлсэн. Ингээд жилээс жилд мал дээрээс нүүн ирэх суурьшигчдын тоо нэмэгдсээр хошууны төвийн хүн ам нэмэгдэж байгаа нь энгийн нүдэнд ч илт мэдэгдэхүйц болсон байна. Энэ нь Улаанбаатарын хүн ам эрчимтэй өсөж байгаатай адил боловч Монгол Улсын иргэд нийслэлдээ төвлөрлөө гээд дундад улсын монголчуудад тулгарах хятаджих аюул үгүй. Ингээд урьд нь мал дээр монгол ахуйтайгаа ойрхон байсан хүүхдүүд төв газарт шилжиж эхэлжээ.
Малын бэлчээр хүрэлцэхгүй. 1994-1996 онд малчдад бэлчээр хуваан өгөхдөө тухайн үеийнх нь ам бүлийн тоог харгалзан нэг хүнд хэдэн ми газар тооцон хувьчилсан байна (нэг метртэй тэнцэнэ). Энэ үеэс хойш төрсөн хүүхдүүд газаргүй тул малгүй, малгүй тул хотод амьдарна. Тэгээд тэр “хотын хүн”. Тухайн үед төрчихсөн байсан хүүхдүүдэд ч бэлчээр нь хүрэлцэхгүй явдал их бий. Зааглан өгсөн нутаг бэлчээрт маллах малын тоо буюу бэлчээрийн даац хязгаартай тул хүссэн зоргоороо малаа өсгөх аргагүй. Ингээд 3-5 хүүхэдтэй малчин айлын хэн нь мал дээрээ үлдэх вэ, хэн нь хотын хүн болох вэ гэдгийг сонгон шийдэж хотод амьдрах арга хайн эсвэл анхнаасаа хотод суух төлөвлөгөөтэйгөөр боловсролоо эзэмшин “хотын хүн” болно. Ийм замаар нэлээд хүмүүс төв газарт шилжин суурьшиж байна.

Өндрийн өвчин. Хөх нуур Түвдийн өндөрлөг гэгдэх далайн түвшинээс дээш гурван мянга хэдэн зуун метр өндөрт амьдрах нас дээр гарсан буурлуудад өндрийн өвчин гэх аюул тулгардаг. Улаан хошууны төв нь хөдөө малчны бэлчээр нутгаас арайхан нам газар юм. Тиймээс нас дээр гарч мал дагахад хүнд болсон хийгээд өндрийн өвчнөөс зугтсан настангууд хошууныхаа төвд суурьшина. Өндөрлөг газар хүчилтөрөгч дутагдсанаас цусны даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэж үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох гэх зэрэг зүрх, судасны өвчнүүд тулгардаг байна.

Байгаль хамгааллын зорилгоор улсаас малчдыг хот, суурин газар амьдрахыг ил, далдаар дэмждэг тухай учир мэдэх хүмүүс өгүүлнэ. Голмуд хотын Тангула сумын малчдаас газрыг нь 5-10 жилийн хугацаагаар улс зээлдэн авчээ. Энэ хугацаанд улсын газар нутгийн бэлчээрийг амраагаад гэрээт хугацаа дуусмагц эздэд нь буцаан өгөх учиртай. Анх бэлчээрийг авахдаа малыг нь үнэлэн түүнтэй дүйцэхүйц төлбөрийг өгсөн бөгөөд мөн сар бүр тэдэнд мөнгө өгдөг гэнэ. Байгаль хамгаалах энэхүү бодлогын улмаас 5-10 жилийн дараахь малчин ахмадууд нас өндөрт гарч бие гүйцэхээ больсон, залуус нь малд дөргүй аль хэдийнэ хотын иргэн байх сонирхолтой эсвэл хэдийн хотын хүн болсон байх болно. Ингээд л мал маллах хүнгүй болсон тул эргээд малчин дээрээ гарах нь тун цөөн л болов уу? Энэ бол малчин ахуйгаас хотын амьдралд шилжиж буй бас нэгэн шалтгаан.
Мөн үйлдвэрлэлийн зорилготой үйл ажиллагааны улмаас малчид хотод суурьшиж буйн жишээ нь Ван (Томпу гэж нэрлэх нь ч бий) хошуу. 2005-2006 онд 11 айл Ван хошуунаас Улаан хошуунд шилжин суурьшжээ. Тэдгээр айлуудыг ийн шилжихийг шаардсан байна. Учир нь тус хошууны тэр хэсэг нутагт Чинхуа гэх өвөрмонголын компани нүүрсний хүүршүүлэх газар болгон ашиглах болсон ажээ. Ингээд л газрыг нь албан хүчээр худалдан авсан байна. Тэднийг Улаанд нэг дор орон сууцанд суулгажээ. Энэ нь улсын үйлдвэрлэл, эдийн засагтай холбоотой санамсаргүй гэмээр хотжилтын нэгэн шалтгаан болж байгаа юм.

Хотын дээд Монголчууд

Хятад Улс дахь монгол гаралтай хүүхэд залууст хоёр янзын сонголт, түүнийгээ дагаад хоёр янзын хувь заяа бий. Нэг нь монгол үндэстний сургуулиар замнах, нөгөө нь хятад сургуулийг сонгон суралцах явдал. Хотод ажиллаж амьдрах монголчуудад тулгарч буй зайлшгүй нэгэн зүйл бол хүүхдүүдээ хятад сургуульд суралцуулах хэрэгцээ юм. Их, дээд сургууль дүүргэсэн боловсон хүчин ажилтай болоход монгол үндэстний сургууль дүүргэсэн нэгэн, хятад сургууль дүүргэсэн хүн хоёрын байр суурь, боломж ялгаатай буюу хятад сургууль дүүргэсэн боловсон хүчин ажил албан тушаалтай болох илүү бололцоотой байдаг. Улаан хошуун дахь дүр зургаар монгол сургууль дүүргэсэн хүнд монгол үндэстний дунд сургуульд багшлах, соёл урлагийн клубт соёлын ажилтан болох мөн азтай цөөхөн зарим нь захиргаанд ажилд орох боломжтой. Тэдний сонголт энэ хүрээд хязгаарлагдана. Учир нь бусад байгууллагууд ихэвчлэн хятад албан газрууд байх тул тэнд хятад хэлийг төгс эзэмшсэн мэргэжилтэн авахыг эрмэлзэнэ. Улмаар хятад сургууль төгсөгчид ялагдана гэсэн үг.

Хятад сургууль сонгож, хүүхдүүдээ хятад сургуульд сургавал олон боломж нээгдэж, өндөр цалинтай, хүссэн ажил, мэргэжлээ эзэмших боломжтой болно. Ингээд монгол дунд сургууль төгссөн хүүхэд хятад их, дээд сургуульд элсэх гэтэл энэ нь бас л туйлын хүнд даваа буюу бараг л үлгэр ажээ. Монгол үндэстний дунд сургууль дүүргэсэн сурагчид мөн л хэлний бэрхшээлтэй тулгарна. Бас монгол сургуулийн сургалтын байдал ч тохирдоггүй аж. Нэгэнт байдал ийм болохоор хүүхдээ багаас нь хятад бага, дунд сургуульд сургах нь л тэднийхээ ирээдүйн амьдралын сайн сайхны төлөө хийж байгаа том сонголт, шийдэл юм.

Хятад хэл, хятадын соёлд суралцах хэрэгцээ, шаардлага, хүсэл, зорилгоо тэд ийнхүү тайлбарлаж байна. “Наад зах нь хятад хүнтэй хэрэлдэж муудалцахад ядаж адилхан харааж байх хэрэгтэй. Хятад хэл сурсан цагт доромжлол амсахгүй. Нэгэнт бид Хятад Улсад амьдарч байгаа тул хятад хэл сурахгүй бол сайн амьдарч чадахгүй. Ажилд орж чадахгүй. Ажилд орж амьдрахын тулд бидхятад хэл сурах хэрэгтэй. Ядахдаа доромжлол амсахгүй” хэмээсэн нь аргагүй үнэн билээ.

Хятад сургуулиар боловсорсон хүүхэд хэн болох вэ?

Энэ асуултын хариуг Дэлхий хотын хүүхэд, залуусын байдлаар хариулъя. Дэлхий хот бол хөдөөнөөс хотод шилжин суурьших хөдөлгөөн бүрэн явагдаж бараг дууссан гэж хэлж болох газар. Улсаас хот орчмын нутаг бэлчээрийг амраах зорилгоор малчдаас бэлчээр, малыг нь худалдан авч иргэдийг хотод суурьшуулсан байна.
Наранхуар бол 23 настай бүжигчин бүсгүй. Уулзаж танилцаад хэдхэн цаг болсон харь улсын эмэгтэйг (холдуулж бодвол харь улс ч тэдний сэтгэлд Монгол Улсын монгол хүн) гэр гэртээ хонуулах гэж хоорондоо булаацалдан муудалцаж эцэст нь нэг нь гомдсондоо юмуу түрүүлээд гүйж одсон. Наранхуар бүсгүйнд очих болсонд тэрбээр их л баяртай элдэв юм ярилцах гэж хичээнэ. Гэвч бид хоёр ойлголцож чадахгүй байсан нь сэтгэл өвдмөөр байлаа. Тэрбээр хэзээний хуучин найзууд шиг дотночилж түүний оронд хамт унтахаар хэвтсэн ч хэн хэний нь нойр хүрсэнгүй монгол, англи, хятад үг холин ярилцах гэж хичээсээр. Урьд нь хамт явсан залуугаар орчуулуулж байсан ч одоо түүнийг байхгүйд өөрсдөө ойлголцохоос өөр аргагүй. Нэг хоёр үг зөөсөөр, дохио зангаа хэрэглэсээр намайг ихэд баярлуулсан явдал болж үүр цайх үест тэр монголоор овоо зэгсэн ярих болж нэг мэдсэн бид хоёр их зүйлийг ярилцсан байлаа.

Хотжилт буюу хятаджилт

Хөдөөгөөс хот төв газарт шилжих, хотоос хотын зах, хөдөө рүү шилжих нь хүн амын шилжих хөдөлгөөн, нийгмийн хөгжлийн жам ёсны үзэгдэл. Гэвч Хятад дахь монголчуудын хотжилт нь жир бус явдал болж хятаджилтад хүргэж буй нь гашуудалтай. Малын бэлчээрийн даац хүрэлцэхгүй, өндөрлөг уулсын нутагт аж төрөх тэдэнд өндрийн өвчний аюул тулгарна, үр хүүхдээ хүний зэрэгтэй амьдралд хүргэх гэсэн хүсэл, улсын удирдлагаас малчдын хүсэлтийг үл харгалзан бэлчээр, газрыг нь авч байгаа зэрэг явдлууд нь тэднийг зайлшгүй хотжилтод хүргэж буй юм. Улмаар хотын иргэн хотод сайн сайхан амьдрахын тулд яалт ч үгүй хятад үндэстэний замаар замнахыг сонгоно. Хятад үндэстний зам хэмээсэн нь цэцэрлэгээс эхлэн хятад сургуулиар хүмүүжиж улмаар хятадын их дээд сургуульд суралцах, төгсөөд ч хятад албан газар ажиллах буюу хятад хотод хятад хүмүүстэй ижил амьдрахыг нэрлэж буй. Үүний улмаас монгол хэл, соёл, уламжлал алдагдана. Энэ бол Хятад Улс дахь монголчуудын хотжилт. Тэд бидний идэж байгааг идэж, өмсөж буйг өмсөж, үзэж буйг үзэх буюу хүний зэрэгтээ амьдрахыг л эрмэлзэж, харамсалтай нь хүн заяатны хүсэл нь эх хэлээ мартагнахад хүргэж буй ард түмэн. Тэдэнд Монголоо гэх эрмэлзэл, хүсэл сэтгэл, “БИ МОНГОЛ ХҮН” гэх ухамсар нь байгаа цагт тэднийг “монгол биш” гэх эрх хэнд ч үгүй.

Тэрбумаар тоологдох их үндэстний дунд цөөн тоот үндэстэн болон амьдрахдаа угсаа гарлаа хадгалан, Монголоороо оршихын төлөө байгаа бүх боломжоороо тэмцдэг, зарим нь амьдралаараа дэнчин тавьж, тэр их гүрэнд яах ч аргагүй байдалд өөрийн эрхгүй орж байгаа цус нэгт ахан дүүсээ ойлгож үзээсэй хэмээн хүсмээр байна. “Тэдний оронд би байсан бол?” гэж бодож үзээд, муучлан дуугарахаа хойш тавиасай, Монгол Улсын монголчууд.

Saturday, July 2, 2011

Х.ТЭМҮҮЖИН: УИХ-ЫГ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ГАЦААЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй арайхийн ярилцлаа. Арайхийн гэсний учир нь түүнийг 2008 онд УИХ-ын гишүүн болсон цагаас эхлээд л “Хоёулаа нэг ярилцана даа” гэж явсаар гурван жил өнгөрчээ. Гэхдээ энэ бол миний овсгоо муутайнх биш ээ. Харин Х.Тэмүүжин гишүүний овсгоо сайтайгаас болсон хэрэг. Тэрбээр хэзээ ч ам хуурай байдаггүй. Дайралдсан сурвалжлагчдаа л ярилцлага өгчихнө. Энэ төрд болж бүтэхгүй юм байгаа цагт түүний амыг түгжих тухай санахын ч хэрэггүй гэдгийг ойлгосон. Учир нь тэр зөвхөн өөрийгөө хичээж үгэндээ харам сүрхий хүний дүр эсгэх гэж оролдсонгүй. Тиймээс УИХ-ын гишүүд дотроос сэтгүүлчдэд хамгийн их ярилцлага өгсөн нь магадгүй тэр байх. Гэхдээ Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн байтугай Ардчилсан намд элсээгүй байхаас нь үзэл бодлын хувьд ижилсэж нөхөрлөсний хувьд түүний яриа ямагт шинэ санагддаг билээ. Ингээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ярилцах танхим” –ын зочноор уригдлаа.

-Хаврын чуулган Сон­гуулийн хуулиа шинэчилж чадалгүй завсарлах нь. Тэ­гэхээр сонгуулийн ямар хуулиар 2012 оны сонгууль явагдах бол гэдэг анхаарал татаж байна. 2008 оныхоо хуулиар уу?


-Мэдээж УИХ Сон­гуулийн тухай хуулиа баталж чадахгүй бол 2008 онд хэрэгжсэн томсгосон мажоритари ху­вилбар хүчин­тэй байгаа учраас түүгээрээ явах байх. Гэхдээ хаврын чуулган завсарлаж байгаа хэдий ч цаана нь бас намрын чуулган үлдэж байна. Сонгууль явагдахаас зургаан сарын өмнө Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой. Тэгэхээр цаг байна гэсэн үг.

-Өнөөдөр долоодугаар сарын 1. 2008 оны долоо­дугаар сарын 1-нийг монгол­чууд хэзээ ч мартахгүй биз. Гэтэл 2008 оныхоо сонгуулийн хуулийг бариад л 2012 онд явж орчих хэрэг үү. Аймаар биш үү?

-Долоодугаар сарын 1-ний хэрэг юунаас болж үүссэн нь тодорхой байгаа. Сонгуулиас болсон. Яагаад сонгуулиас болсон гэхээр сонгууль шударга бус явагдсан гэж ярьж байгаа. Шударга бус гэдэг нь юуг хэлж байгаа вэ гэхээр “сонгуулийн луйвар” гэж хариулдаг. Тэгээд сонгогчдын нэрсийн жаг­саалт, саналын хуудас тоолох явцад л луйвар орсон болохоор сонгууль шударга болохгүй байна гэж үздэг. Гэхдээ энэ хоёрыг хичнээн будилуулаад ердөө л 5-7 хувийг нь л луйварддаг юм.

-10 хувь ч хүрэхгүй гэж үү?


-Тиймээ, хүрэхгүй. Гэтэл нийт сонгуулийн дүнгийн 40 хувийг будилуулдаг зүйл бол хүн амын тооллого. Аль 1989 онд байна уу даа, (Би яг оныг нь сайн санахгүй байна) тоолсон хүн амын тоон дээр үндэслэсэн тойргийн систем үйлчилсээр байгаа юм. Энэ системийг өөрчлөөгүй цагт санал гээгдэх, санал нэмэх механизм үйлчилсээр байх болно. Өнгөрсөн 20 жилд шилжилт хөдөлгөөн зөндөө хийгдсэн байгаа. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байна. УИХ дээр шийдвэр гаргаж байгаа процессийг ажиглаарай. Ардаа 60 мянган хүний эрх ашгийг төлөөлж байгаа нэг гишүүний саналыг зургаан мянган хүнийг тус тусдаа төлөөлж буй зургаан гишүүн нийлээд л байхгүй болгож байгаа юм. Хүн амынх нь тал нь 20 суудлын төлөөлөлтэй байхад үлдсэн хэсэг нь 56 суудлын төлөөлөлтэй байна. Энэ зарчмаас болоод л 2008 оны сонгуулийн дараа бухимдал үүссэн. Бухимдал хаана үүсэв гэхээр Улаанбаатар хотод. Аргагүй шүү дээ. Өөрсдийнх нь өгсөн санал ямар ч өөрчлөлт авчирахгүй болохоор бухимдаж байгаа юм. Хэрвээ үүнийг өөрчилье гэвэл нэгдүгээрт, мажоритари хувилбараар явуулна гэж тогтвол тойргоо дахин хуваарилах, эсвэл тойргийн ямар нэгэн хил хязгаар тавьдаггүйгээр нь пропорциональ хэлбэрийг сонгох хэрэгтэй. Ийм л хоёр сонголт бий.

-Хүн амын шинэчилсэн бүртгэл явагдсан болохоор одоо тойргийн дахин хуваарилалт хийхэд саадгүй биш үү?

-Тойргийн дахин хуваарилалт хийхэд хуучнаар нь ялаад сурчихсан Ху нам гэх үү Ардын нам гэх үү нэр нь ойлгомжгүй тэр намынхан зөвшөөрөхгүй. Харин тэдний зөвшөөрч болох хувилбар нь юу байсан гэхээр пропорциональ хэлбэр оруулаад 50:26 гэсэн хувилбар эхлээд ярьсан шүү дээ. Гэхдээ үүнийгээ МАХН гэдэг нэртэй байхдаа оруулж ирсэн хувилбар. Харамсалтай нь одоо энэ хувилбараасаа буцчихлаа.

-Одоо Ардын нам 52:24 гэсэн хувилбар яриад байгаа байх аа?

-24:52. Пропорциональ нь 24, мажоритари нь 52 гээд байгаа юм. Хэрвээ 76 жижиг мажоритари болдоггүй юм бол ядаж 52 мажоритари байя л гээд байгаа байхгүй юу. Тойрог жижиг байх тусмаа, орон нутгаасаа хэт хамааралтай болж, жалга довны үзэл арилдаггүй. Нөгөөтэйгүүр мөнгө их хүчтэй нөлөөлдөг. Хэрвээ Ардын намынхны хүсэж байгаагаар одоо байгаа 26 тойргоо дундуур нь хэрчээд 52 болгон хуваах юм бол 2008 оны сонгуулиас ч ухарсан алхам болно. Үүнийг л Ардын нам хүсээд байна. Жижиг мажоритари байх тусмаа мөнгө хүчтэй үйлчилнэ, сонгогчдыг хянахад амар болно. Тийм болохоор ялахад амар гэж бодоод байна.

-Олон түмний дургүйцлийг сөрөн байж хамтарсан Засгийн газар байгуулсны учир бол яаралтай нэг тийш нь болгох учиртай хэдэн том асуудлуудыг шийдэхийн тулд ийм алхам хийсэн гэж бодож байгаа. Гэтэл хамгийн чухал Сонгуулийн хууль дээрээ гацаанд орлоо. Одоо л зөвшилцлийн үр дүн гарах ёстой биш үү?

-Анх зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулахдаа 10 том зорилго тавьсан юм билээ. Түүнээс дөрвөн зүйл нь л хагас дутуу биелсэн байх. Үлдсэн зургаа нь огт байхгүй.

-Ямар дөрөв нь биелсэн гэж… Тэгээд бас хагас дутуу шүү?

-Уул уурхайтай холбоотой томоохон шийдвэрүүд. Оюутолгой, Тавантолгой, тэндээс олж буй мөнгийг иргэдэд хувьцаа болон бэлэн хэлбэрээр тараах, ажлын байр бий болгож амьжиргааны төвшинг дээшлүүлэх чиглэлээр хийгдэх ажлууд багтаж байгаа юм. Нэгэнт уул уурхайн том төслүүд хөдөлсөн болохоор ажлын байр нэмэгдэж тэр жишгээрээ амьжиргааны төвшин ч дээшлэх ёстой гэж ярьж байгаа. Яахав одоогоор том том тоонууд л нисээд байгаа болохоос иргэдийн гар дээр тавигдаж амьдралд мэдэгдсэн зүйл байхгүй байгаа болохоор хагас дутуу гэж хэлэхэд болно. Тэднээс бусад нь тухайлбал, төрийн албаны шинэтгэл, сонгуулийн хууль, Засаг захиргааны шинэтгэл гээд юу ч хийгдсэнгүй. Өнөөх л 360 сумтайгаа, төрийн албаныхан бахь байдгаараа, сонгуулийн хууль ч хэвээрээ л байна. Монголын ард түмэнд хэрэгтэй, амьжиргааг дээшлүүлэх, үрэлгэн байдлаас гаргах, авлигаас ангижрах зэрэг ажлууд нь орхигдоод мөнгөтэй, эрх мэдэлд дуртай хүмүүсийг албан тушаалд томилох зэрэг ажил нь бол сайн хийгдэж байна л даа. Хамтарсан Засгийн газар хамтарсан байдлаа ашиглаж чадахгүй байна гэж л харагдаж байна.

-Хаврын чуулган Сонгуулийн хуулиа шийдэж чадалгүй зав­сарлаж байна. Өдөр хоног нь ч долоодугаар сарын 1-нд тохиолоо. Дөрвөн жилийн өмнө энэ л сонгуулийн тогтолцооноос болж бухимдсан хүмүүс 2012 онд дахиад л энэ тогтолцоогоор санал өгч магадгүй байна. Бухимдал дээд цэгтээ хүрэх юм биш байгаа?

-Магадгүй юм. Учир нь ямар ч өөрчлөлтийн салхи үлээсэнгүй. Сонгууль дөхөх тусам хүмүүс хөдөлгөөнд орж энэ хуулиа яаралтай засахын төлөө байх болов уу гэж бодсон чинь эндүүрчээ. Сонгууль ойртох тусам УИХ-д сууж байгаа хүмүүс “яаж дахин сонгогдох вэ” л гэж боддог юм байна. Сонгуулийн дараахан улс эх орон энэ тэр гээд яриад байсан хүмүүс өөрчлөгдөж байна. Хувь хүний амбиц, эрх ашиг хөндөгдөж эхэлж байгаа байхгүй юу. Бүтэн гурван жил, за одоо бараг дөрөв дэх жилдээ орж байна даа. Энэ хооронд 500-гаас нэг тэрбум төгрөг тойрогтоо тараачихсан хүмүүс сонгуулийн хуулийг өөрчлөх дургүй байгаа. Өөрсдийгөө найдвартай сонгогдоно гэж бодоод болж өгвөл сонгуулийн хуулийн шинэчлэлд саад хийх санаа агуулаад байгаа. Ялангуяа Ардын намынхан иймэрхүү бодолтой байх юм. Болж өгвөл жижиг мажоритари хэвээр нь үлдээчих гээд байна. За энэ бол нэгдүгээр зүйл. Хоёрдугаарт, Ардын намын залуус гэсэн хүчтэй бүлэглэл үүслээ. Тэдгээр залуус ямар хүмүүсээр эгнээгээ өргөтгөсөн бэ гэхээр уул уурхайн баялгаар хармайгаа дүүргэчихсэн өв залгамжлагчдыг татаад оруулчихсан.

-Бага хуралд нь шинээр орсон гишүүдийг хэлж байна уу?

-Тиймээ, тэд бага хурлын гишүүн болцгоосон. Тэд мөнгө тараадаг сонгуулийн механизмыг хүсэж байна. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө л санал худалдаж авах нь тэдэнд амар бололтой. Ингэхийн тулд ерөөсөө л жижиг мажоритари хувилбар руу намаа чирлээ. Шийдвэрийг нь өөрчлүүлж дөнгөлөө. Уг нь МАХН бишээ МАХН нэртэй байхдаа…

-Намын нэрийг нь андуураад байна уу даа…?


-Андуураад байна, харин (инээв)… Одоо энэ Ардын нам МАХН гэдэг нэртэй байхдаа гаргасан шийдвэрээ сая өөрчиллөө. Яагаад өөрчлөв гэхээр тэр мөнгөтэй хэсэг нь УИХ-д орж ирэхийн тулд анх гаргасан саналыг нь хүртэл өөрчлүүлж чадаж байна.

Тэгэхээр тэд эрх мэдэлтэй бол­чихсон, намаа хүссэн зүг рүүгээ удир­­даж чаддаг болчихож. Энэ юуг нотолж байна гэхээр Ардын намын дар­га Сү.Батболд гэдэг хүн намаа захирч чадахаа байсныг л харуулж байгаа юм. Саналаа хагалж “Ийм байна, тийм байна” гэж ярьж ч чадахгүй байна шүү дээ.

-Тэр Засгийн газар дээр саналаа багцалж чадаж байгаа болов уу?

-Түвэгтэй байх шиг байна.

-Ардын намыг анхныхаа тохи­ролцооноос буцааж, намын даргаа эвгүй байдалд ортол түрж байгаа тэр бүлэг бол УИХ-д ч байхгүй, Зас­гийн газарт ч байхгүй хэсэг, тийм үү?


-Өнөөдөр ярианы гол сэдэв энэ л байна. Ард түмнээс сонгогдоогүй, тэд­ний төлөөлөл биш зөвхөн мөнгөтэй хүмүүс УИХ-ыг удирдаж эхэллээ. Тэд УИХ-аар дуртай шийдвэрээ гар­гуулдаг болох нь.

-Тиймээ, яагаад гэвэл тэд мөн­гөтэй…?

-Тийм, мөнгөтэй хэсэг. Гэтэл УИХ-д ард түмний төлөөлөл болж сон­гогдсон гишүүд ямар ч эрх мэ­дэлгүй болчихож. Гишүүдийг тэд санхүүжүүлдэг. Бас дарга нарыг ч тэд мөнгөөр тэтгэдэг. Хууль тогтоох эрх мэдлийг сонгуулиар олж аваагүй байж УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлэх замаар хүссэнээ хийлгэж байна. Бас нөгөө талаас нь бодож үзвэл УИХ-д байгаа хэсгийн далд сонирхлыг ч тэд өдөөж өгсөн. Ийм үзэл бодлуудын нийлбэрээс болоод Сонгуулийн тухай хуу­лийг өөрчлөх дургүй болж өгвөл жижиг мажоритари руу зүтгүүлж бай­гаа юм. Тэгэхээр Ардчилсан намаас болж УИХ гацаагүй. Харин Ардын на­мын Удирдах зөвлөлөөс болж гацаж байна гэвэл илүү оновчтой.

-Үгүй ээ, би бол Урдирдах зөвлөл биш Бага хурал дахь мөнгөтэй ба­цаануудаас болж гац­лаа гэж хэлмээр санагдаад байгаа юм?

-Бага хурлаас нь ч бай ямар ч байсан гацлаа. Ардын намын санал бол­гож байгаа хувилбар бол мөнгөтэй хэс­гийг улс төрд оруулж ирэх гэсэн тэдний лобби төдий юм. Тэд ийм л хү­мүүсийг өвөртөө тээж явна. Нэгэнт хэвлий дотроо тээчихсэн үр могойгоо яаж ч чадахаа болиод улс орныхоо алсыг харсан бодлого дээр гох дэгээ тавьж байна.

-Ардын намын бараг дөрөв дэх үе одоо солигдох гэж байна. Эд мөн­гөтэй амбицтай бөгөөд яахаас ч буцахгүй “зоримог” гэдгээрээ урд үеэсээ ялгаатай. Энэ талаар юу хэл­мээр байна вэ?

-Яахав, үе солигдох нь зөв. Про­цессийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний харж байгаагаар тэд улс төрийн тодорхой үзэл бодолгүй, нийт­лэг эрх ашгийн төлөө энэ улс орныг яаж авч явах талаар ойлголтгүй. Тэ­дэнд юу байна гэхээр маш том амбиц, маш том мөнгө л байна. Амбиц нь юу гэхээр хууль цоорхой ихтэй бай­сан үед уул уурхайгаас олж авсан мөнгөөрөө одоо улс төрийг худалдаж аваад өөрсдийн бизнесийг монополь бол­гож чадах юм байна гэсэн л хүсэл эрмэлзэлтэй болчихсон байгаа. Өмнө нь улс­төрчдийг худалдаж авдаг байсан бол одоо нэг гишүүнийг биш төрийн инс­титуцыг бүхэлд нь худалдаж авч бол­но гээд бодчихсон байна. “Шинэ орос” гэдэг шиг “Шинэ монголчууд” улс төр рүү тэмүүлж байгаа хэрэг. Энэ бол уул уурхайн хөөсрөлийн араас Монголын төрд орж ирж буй Голланд өвчний нэг хэлбэр. Шинэ мөнгөтэй, шинэ хүмүүс төрд орж ирэх нь.

-Тэгэхээр Ардчилсан нам хэн­тэй хамтарч ажиллаж байгаа нь ха­рагдаж байгаа юм. Нам доторх үзэл бодол саналын зөрүүг хагалж чад­даггүй Ерөнхий сайдын танхимын тогтвортой байдлыг хангаад сууж байгааг ойлгож байгаа биз дээ. Асуудлыг жинхэнэ шийддэг нь га­даа байгаа. Тэгэхээр ийм Засгийн газрын хэрэг байна уу?

-Одоо Ардчилсан нам асуудлыг тавих гэж байна. Мэдээж шууд Ерөнхий сайдад хаяглах нь зүйтэй. Танай нам гурван жилийн өмнө ма­най намтай хамтарч Засгийн газар бай­гуулахдаа ард түмний өмнө амласан амлалтдаа хэвээрээ байгаа юу. УИХ-д сонгогдоогүй хэсгийнхээ шахалтад ор­соор байх уу. Хэрвээ орсоор байх юм бол ийм Ерөнхий сайдтай ажиллах шаардлага алга гэдгийг ярих хэрэгтэй. Мэдээж үүний ард хамтарсан Засгийн газрын тухай яригдах л байх. Өмнө нь С.Баяр бүхнийг хагалаад араасаа жаг­сааж чаддаг, зорьсноо хийдэг байсан бол Сү.Батболд өөрийгөө хаана явааг ч мэдэхгүй байна. Ер нь бол тодорхой ги­шүүдээс Сү.Батболдтой холбоотой асуу­дал хөндөгдөх байх аа.

Биднийг ийнхүү ярилцсаны да­раахан УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ерөнхий сайд Сү.Батболдыг огцрох асуудлыг албан ёсоор тавихаа мэдэгджээ.

Friday, July 1, 2011

“Монгол их сонирхолтой улс юм”

“Монгол Улс их сонирхолтой улс юм. Азийн улс гэхээсээ илүү европ шинжтэй улс. Тэгээд зүүн европын улстай улс төр, ардчилалын талаарх төсөөлөл нь ижил. Социализмын зарим нэг үзэл нь одоо ч бат бэх хэвээр” гэж SARR төслийн захирал Брюс М.Кнауфт ярьж байна. Тийм ээ, бид ардчилалтай танилцаад удаагүй. Дөнгөж 20 жилийнхээ нүүрийг үзэж байна. Хорин жилийн тэртээ шинэ сонголтыг хийсэн нь бүс нутаг болоод хоёр хөршөд маань хийгдээгүй сонголт байсан билээ. Бид энэ хугацаанд маш олон дэвшилийг хийсэн ч, алдсан зүйлүүд ч чамгүй байгааг гадны эрдэмтэд хэлж байна.

Ардчилсан улс орнууд дэлхий даяар хичнээн байгааг судалдаг Фрийдом Хаус хэмээх төрийн бус байгууллага бий. Энэ байгууллага ардчилсан улс орныг ногооноор, ардчилал нь хагас байгаа орныг шараар, огт ардчилалгүй улс орныг хөхөөр тэмдэглэдэг ажээ. Энэ судалгаанд манайх бүс нутгийнхаа хувьд ч, хоёр хөршийнхөө дунд ч ганцаархнаа ногооноор цэлийж байна. Энэ нь бидний хувьд бахархууштай хэрэг боловч ардчилалын дархлааны хувьд харьцангуй сул байгааг гадны эрдэмтэд ч тэр, судалгааны байгууллагууд ч тэр хэлдэг. Тиймээс ч энэ байдлыг харгалзан гадны судалгааны байгууллагуудтай “Нээлттэй нийгэм” хүрээлэн хамтран “Социализмын дараах монголчууд” нэртэй бага хурлыг зохиов. Ардчилалын замыг сонгоод удаагүй боловч ардчилалын тогтолцоо нь харьцангуй сул хоёр их гүрний дунд байгаа манай орныг “Бүс нутгийн эрсдэлд өртсөн улс”-ын тоонд хамруулж байна. Арга ч үгүй юм. Манайх шиг шинэ замналыг сонгосон ч буцаад авторитар тогтолцоонд орсон улс орнууд цөөнгүй. Бид эдгээр улсуудын тоонд орчихгүйн тулд “дархлааг” хэрхэн сайжруулах арга замыг сонгох нь хамгаас чухал болоод байна. “Социализмын дараах Монголчууд” хурал дээр Монгол орны ардчилалыг ганхуулж болох дараах таван зүйлсийн тухай ярьсан юм. Авлига, халамжийн систем, төрийн хэтийдсэн том систем, баялагийн тэгш бус хуваарилалт, улс төр-бизнес холилдсон явдал. Монголчууд авлигын эрсдэлийн индексээрээ дэлхийн улс гүрнүүдийн тэхий дунд нь байна. Харин төрийн байгууллагийн авлигын төвшнөөрөө ардчилсан орнуудтай харьцуулвал хамаагүй өндөр төвшинд байгаа юм. Энэ нь манай ардчилалыг дархлаагүй болгож байгаа нэг хүчин зүйл нь болж байгаа аж. Хэдийгээр манай улсад авлигатай тэмцэх тусгайлсан байгууллага байдаг ч энэ нь төрийн оролцооноос ангижирч чадаагүй л байна. “Танай улс авлигатай тэмцэх газраа төрөөс томилдоггүй өөр салбарт харьяалуулаад төрийг гаднаас хянадаг тогтолцоонд шилжмээр байна. Хэрвээ УИХ-аас даргыг нь томилдог байгаа нөхцөлд яавч авлигын эсрэг ажиллаж чадахгүй”. Энэ бол яг нэг жилийн өмнө ярьсан Антони Ким гэх судлаачийн яриа. Жилийн өмнө авлигатай тэмцэх аргачлалаа боловсруулж байна гэж ярьж байсан боловч өнөөдөр хэргэжсэн зүйл алга. Халамжийн тогтолцоогоороо монголчууд ардчилсан орнууд дундаа толгой цохиж явна. “Социализмын дараах Монголчууд” бага хуралд оролцсон Л.Мөнх-Эрдэнэ судлаачийн хэлснээр “Хэрвээ бид бүх мөнгөө халамжлалд зориулах юм бол Монгол Улс хөгжих нь юу л бол. Харин үүнийг илүү ирээдүйгээ харсан томоохон стратегийн зорилтуудад зориулах ёстой” гэж хэлж байна. Манай улсын халамжинд зарцуулж байгаа мөнгөн дүнг бага хуралд оролцсон гадны судлаачид гайхаж байсныг хэлэх хэрэгтэй. Гадны судлаачдын анхаарлыг татаж байгаа дараагийн асуудал бол төрийн хэтэрхий том систем байлаа. Манай улс хэрэгжүүлэгч болон тохируулагч ангентлагийнхаа тоогоор гадны орнуудыг бодвол харьцангуй их байсан юм. “Нэг агентлагт байж болохоор олон тооны тус, тусдаа агентлагууд байна. Түүнийгээ нэгтгээд төрийн ажилчдын орон тоог цөөлөхгүй бол танай орон эргээд социализмын зам руугаа орох гээд байна шүү” гэж гадны судлаачдын сануулсныг уншигч танд хүргэе. Баялагийн тэгш бус хуваарилалтыг ардчилалд сөргөөр тусах дараагийн зүйл гэж бага хуралд оролцогсод үзэж байна. Баялагийн хараалд өртсөн улсуудын тоо жилээс, жилд нэгээр нэмэгдэж байгаа юм. Африкийн ихэнх улсууд хөгжихгүй байгаагийн гол шалтгаан. Тэндээс олсон асар том ашиг өндөр албан тушаалтнуудад ихээр хүрч, жирийн ард иргэдэд юу ч очихгүй байгаа явдал юм. Харин үүнээс гарахгүй байх талаар хөгжиж байгаа орнууд гадны орнуудаас мэргэжилтэн уриад хэрэгжүүлдэг зарчимтай ажээ. Улс төр, бизнесийн салбар хоорондоо холилдож байгааг бага хуралд оролцогсод дараагийн анхаарах ёстой асуудал гэж үзэж байна. Одоо иймэрхүү дүр зураг европийн холбооны улсуудад ч ажиглагдаж байгаа бөгөөд хэрвээ энэ байдал ардчиллын замналаар замнаад удаагүй байгаа манайх улсад нөлөөлвөл хор хөнөөл нь асар их ажээ. Эдгээр таван асуудал монгол орны анхаарах ёстой асуудлуудын нэг болоод байна. Хуралд ирсэн гадны эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар судлаачдын үгийг төр засагт заавал хүргэж шийдвэр гаргахад нь нөлөөлж чаддаг болчихвол дээр дурьдсан эрсдэлүүдээс айх хэрэггүй болох аж.

“Социализмын дараах Монголчууд” бага хурал өнгөрөгч 29-нд өндөрлөсөн юм. Энэ хурал дээр хэлэлцсэн асуудлыг төрийн түшээд мэддэг үү гэдэг нь эргэлзээтэй. Тус хурлын төгсгөлд уригдаж ирсэн УИХ-ын Х.Тэмүүжинээс “Танай улс ер нь судлаачидтайгаа хэр зэрэг хамтран ажилладаг вэ?” гэж асуухад тэрээр “Ер нь бол бараг судлаачидтайгаа хамтардаггүй дээ” гэж хариулсан юм. Үүнийг сонссон гадны эрдэмтэд инээлдэж хоорондоо ярилцаж байгаа харагдав. Юу ярилцсаныг мэдэхгүй ч сайлж яриагүй нь лавтай.

Ямар ч байсан гадны эрдэмтэд, төрийн түшээдийг хамруулсан энэ хурлын ярилцсан асуудал нь үнээхээр тулгамдсан сэдэв байж чадсан юм. Харин энд ярилцсан асуудлыг Улсын Их Хурлын гишүүдэд хүргэвэл сайн сан. Ямарч байсан манай улсад ухрах уу, урагшлах уу гэсэн хоёрхон л сонголт байна. Алийг нь сонгох бол...

Б.БОЛОРСҮХ