Wednesday, September 28, 2011

Монгол оронд хэн өшөө хонзонтой байсан бэ?

Хүн төрөлхтний хөгжлийг ан агнуур, түүврийн анхдагч нийгэм, мал маллах, тариалан тариалхыг гол болгосон хөдөө аж ахуйн нийгэм, хөдөлмөрийн хуваарилалттай, дунд боловсролын мэдлэгийг шаардсан, үйлдвэрлэлийн хүчин чадал нь олон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадах түвшинд хүрсэн аж үйлдвэржилтийн нийгэм болон мэдлэгээр хөгжлийн хөтөлбөр болгосон мэдлэгийн нийгэм гэж гэж хуваадаг. Хүн төрөлхтний ийм нийгмийн олон үе шаттай хөгжлийг “Модернзатц” болон “Постмодернзатц” онолоор судалсаар ирсэн байна. 1990 онд Ардчилал гэгч хувьсгал гарсан тэр үед мал аж ахуйн салбар нарийн хөдөлмөрийн хуваарилалттай болж, механикжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал нь өнөөдрийн малчдын хуваариараа мал маллахтай дүйцүүлэхийн аргагүй хэмжээнд хөгжсөн. Үүнтэй адил газар тариалан бас нарийн хөдөлмөрийн хуваарилалттай, механикжсан, усалгаатай, дунд мэргэжлийн боловсролын боловсон хүчнийг шаардсан хөгжлийн үе шатанд орчихсон байсан байна. 1931 онд Аж үйлдвэрийн комбинат нэртэй аж үйлдвэрийн парк анх байгуулагдаж эхэлснээс аваад 60-аад оны Дархан, 70-аад оны Эрдэнэт, 80-аад оны Бор-Өндөр гэх мэт нь иж бүрэн дэд бүтэц бүхий Аж үйлдвэрийн парк эсвэл хот мөн Аж үйлдвэрийн кластерууд байгуулагдаж, Монгол орон аж үйлдвэржилтийн нийгмийн дунд шатны боловсруулах түвшний үндэстэн болон төлөвшсөн байна.

1978 онд Хятад нээлттэй бодлого гэдгээ гаргаж байх үед 800 сая үсэг бичиг танихгүй тариачидтай, хөдөө аж ахуйн нийгмийн дунд шатанд байсан гэдгийг дэлхийн модернзатцийн онолчид тодорхойлдог. Үүнтэй харьцуулахад Монгол орон дунд боловсролыг дэлгэрүүлж, аж үйлдвэржилтийн нийгмийн дунд шатанд хөгжин орсон бөгөөд мал аж ахуй болон газар тариалангийн аж үйлдвэржилтийн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Монголын 1990 оны хөгжлийн түвшин бол 80-аад оны сүүлийн Фянландын түвшинтэй нэг л түвшинтэй байсан гэдэг нь тодорхой болж байна. Фянланд 80-аад оны сүүлээр аж үйлдвэржилтийн нарийн боловсруулах технологи, мэдлэгийн эдийн засгийн том хот сууринг улс даяар хөгжүүлснээр богинохон хугацаанд мэдлэгийн эдийн засагтай улс орон болж төлөвшиж чаджээ. Харин Монгол орон аж үйлдвэржилтийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшнээс уруудан хөдөө аж ахуйн нийгэмд дахин шилжин орсон нь хүн төрөлхтөнд байж боломгүй ухралт болсон. Ямар өшөө хонзонтой хүмүүс ийм юм хийв? Монголын ард түмэн тунгааж бодож, хийж бүтээсэн зүйлээ зөв үнэнээр нь олж харж, сургамж авах болжээ. 1990-ээд оны үед Монгол орон нэгдэл, аж ахуйн нэгжээ зах зээлийн эдийн засагт тохирсон Үндэстний корпорац болгон өөрчилж, үйлчилгээний салбаруудаа мөн адил Үндэстний корпорац болгон зохион байгуулж, бүх бүс нутгийг мэдлэгийн эдийн засагт шилжүүлж, бүтээн байгуулалтаа эхлүүлсэн бол өнөөдөр монгол орон дэлхийд гайхагдсан хөгжил, цэцэглэлд хүрсэн орон байх байсан. Социализмийн идеологийг устгах ёстой байсан. Гэтэл хөгжлөө устгана гэдэг байж боломгүй ухралт байсан гэдгээс Монголчууд сургамж авах ёстой.
Гурван тэрбум долларийн төсөвтэй, зургаан сая цэрэгтэй “Үндэстний Ардчилсан Намын тэргүүн” гэх тодотголтой Египетийн дарангуйлагч Мубаракийг авлигал авсан, хүний амь насыг хороосноос гадна “Египетийн үндэстний хөгжлийг сааруулсан” гэх үндэслэлээр шүүж байгаатай адилаар Монголыг хөгжлийг 100 жилээр ухрааж, аж үйлдвэржсэн үндэстнийг мухар сүсэг, үсэг бичиг тайлагдаагүй, ядуу зүдүү амьдралд оруулж, хөдөө аж ахуйн нийгэм рүү татсан гэмт хэрэгтнүүдийг тодорхойлж, хуулийн хариуцлага хүлээлгэж, монголын түүхэнд дахин ийм гэмт хэрэг гаргахгүй байх түүхэн сургамж болгох хэрэгтэй.
Монгол оронд хүн төрөлхтний хөгжлийн гайхамшгийг бүтээж, аж үйлдвэржсэн нийгэмд орсон байсан гэдгийг Модернзатцын онолоос дараах тодотголуудыг хийв. Үндэстний хөгжлийн эсрэг сөрөн зогссон аливаа этгээд хуулийн хариуцлага хүлээх ёстой.

Дэлхийн Модернзатцын үйл явц

Модернзатцын үйл явц бол 9 үндсэн онцлогтой.

1. Модернзатц өөрөө хувьсгалын шинжтэй үйл явц бөгөөд хүн төрөлхтний амьдралын хэв маягийг үндсээр нь, цогцоор нь өөрчлөх үйл явц учраас цаг үеийг заагласан мутацийн шинжтэй үйл явц байдаг.
2. Модернзатц нь өөрөө комплекс буюу иж бүрэн цогц үйл явц байдаг учраас Модернзатц нэг л хүчин зүйл эсвэл ямар нэгэн цар хүрээний мутацийн шинжтэй өөрчлөлтийн үйл явц биш. Харин Модернзатц нь хүн төрөлхтний бодлын болон төлвийн хүрээн дэхи бүхий л өөрчлөлтийг агуулдаг. Модернзатц адаглаад аж үйлдвэрийн Модернзатц, хотжилтын Модернзатц, нийгмийн хөдөлгөөний Модернзатц, хэвлэл мэдээллийн өргсжин тэлэх Модернзатц, соёлын Модернзатц, боловсролын Модернзатц, улс төрийн оролцооны цар хүрээний тэлэлтийн Модернзатцыг багтаах ёстой.
3. Модернзатц нь систематик үйл явц юм. Нэг хүчин зүйлийн мутацийн шинжтэй өөрчлөлт нь бусад олон хүчин зүйлийн мутацийн шинжтэй өөрчлөлттэй холбоотой бөгөөд нөлөөтэй байдаг.
4. Модернзатц нь даяарчлалын үйл явц байдаг. Модернзатц 15, 16-р зууны үед Европт үүсч өнөөдөр бүх дэлхийг хамарсан түгээмэл үзэгдэл болсон. Дэлхийн эдийн засаг нэг л тогтолцоо руу мутацийн шинжтэй өөрчлөлт хөгжил гарахыг давтаад Модернзатц өөрөө бүх дэлхийн үйл явдлын мутацийн шинжтэй өөрчлөлтийн хурд урд өмнөхөөс төсөөлөхийн аргагүйгээр хурдасгаж байна.
5. Модернзатц нь урт хугацааны өөрчлөлт шинэчлэлийн үйл явц байдаг. Модернзатцийн бүх өөрчлөлт нь хугацаа шаардахгүй учраас барууны нийгмийн Модернзатц хэдэн зуун жил шаардагдсан байхад өнөөдөр дэлхийг хамарсан Модернзатцийн өөрчлөлт урд өмнө байгаагүй хурдаар өөрчлөгдөж байгаа боловч энэ өөрчлөлт нь урт хугацааны үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй.
6. Модернзатц нь үе шаттай мутацийн шинжтэй өөрчлөлтийн үйл явц мөн. Аливаа нийгэм болон улс орны хөгжлийн түвшин адил бусаас болж адил бус түвшнийг нь эсвэл үе шатыг нь тодорхой болгох хэрэгтэй. Мэдээжийн хэрэг уламжлалт үе шатаас нь эхэлж орчин үеэрээ дуусах нь тодорхой. Аливаа нийгэм ингэж л явж ирсэн.
7. Модернзатц нь нэгэнт ижилших үйл явц мөн. Аливаа нийгэм Модернзатц явагдсанаар бүгд ижил түвшинд хүрэх гэсэн хандлагатай байдаг.
8. Модернзатц нь ухралт үгүй үйл явц юм. Хэрэв нэг үндэстэн, улс орон Модернзатц явагдаж байна л гэж үзвэл ухарсан байх ёсгүй.
9. Модернзатц өөрөө прогрессийн үйл явц. Тиймээс Модернзатц өөрөө ухралт байж болохгүйгээр барахгүй хүн болгон Модернзатцийг хүсдэг.
Дэлхий Модернзатцийг 2 үе шат 6 давалгаанд хуваадаг.
1 дэх үеийн Модернзатц нь 3 өрнөлтэй.
1-р давалгаа. (1763-1870)
Энэ давалгаанд 1-р аж үйлдвэрийн хувьсгал буюу механикжилтийн хувьсгал гарсан. Нийгмийн Модернзатцийн хувьд энэ давалгааний үед нийгмийн хөдөлмөрийн хуваарилалт гарч эхэлсэн юм.
2-р давалгаа (1870-1945)
Эдийн засгийн Модернзатцийн хувьд 2 дахь аж үйлдвэрийн хувьсгал буюу цахилгаанжилт нийгмийн Модернзатцийн үед энэ өрнөлд цахилгаан хэрэгсэл, иргэний суурь боловсролыг дэлгэрүүлэх үе байсан.
3-р давалгаа (1946-1970)
Эдийн засгийн Модернзатцийн хувьд 3 дахь аж үйлдвэрийн хувьсгал нь автоматжилаар эхэлж нийгмийн Модернзатцийн хувьд нийгмийн халамжийн бодлого, дунд боловсролыг дэлгэрүүлэх үе байсан.
2 дахь үе шатын Модернзатц нь 3 өрнөлтэй явагдсан.
4-р давалгаа (1970-2020)
Эдийн засгийн Модернзатцийн хувьд 4 дэх аж үйлдвэрийн хувьсгал буюу мэдээллийн технолгийн хувьсгал нийгмийн Модернзатцийн хувьд интернэт , дээд боловсрол эзэмшүүлэх түгээн дэлгэрүүлэх
5-р давалгаа (2020-2050)
Эдийн засгийн Модернзатцийн хувьд шинэ биологийн хувьсгал буюу биотехнологийн аж үйлдвэрийн хувьсгал байх болно. Нийгмийн Модернзатцийн хувьд хиймэл био-организм хиймэл эрхтэн өөрийгөө нөхөн сэргээх засвар хийж чадах цаашлаад үхэлгүй амьдрал үүсэх үе шат болно.
6-р давалгаа (2050-2100)
Шинэ физикийн хувьсгал буюу шинэ физикийн технологийн хөгжил нийгмийн Модернзатцийн хувьд өөрийн биеэр мэдэрч болох шинэ сансрын орон зайг нээж шинэ эрчим хүчээр амьдрах цаг үе байна.

Хамуг Монголын Хөдөлмөрийн намын хамтын ардчилал, хамтын зах зээлийн эдийн засаг, ард түмний улс төр гэдэг бол өнөөдрийн монголыг мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засагт оруулах зорилготой бөгөөд энэ нь хүн төрөлхнтний дээрхи жам ёстой тохирч байна.
“Өндөр технологийн Аж үйлдвэрийг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлого”-ийг Их хурлаар хэлэлцэхэд УИХ дахь Ардчилсан Намын бүлэг татгалзсан хариу өгсөн. Энэ бол монголын хөгжлөөс татгалзсан хэмээн үзэж байна. Монгол Ардын нам болон Ардчилсан нам хоёр өнгөрсөн 20 жилд монголыг аж үйлдвэржсэн орон байснаас мухар сүсэгт автагдсан, заяагдмал хувь тавиландаа итгэдэг мухар сүсгийн нийгэмд оруулсныг шүүх хэрэгтэй.

Философийн доктор С.Молор-Эрдэнэ “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ" номоо “Орчин үе үгүйлэгдэнэ” гэж нэрлэсэн болон номондоо бид сүүлийн 20 жилд ухралт хийснийг тэмдэглээд 90 оноос өмнө амьдарч байсан хүмүүсийг “ирээдүйгээс ирэгсэд” хэмээн нэрлэсэн нь цаанаа учиртай юм. Ингэж бид хийж бүтээснээ устгачихаад бас ухарчихаад “Бүтээснээсээ илүүг бүтээнэ” гэж ярих нь утгагүй юм. Түүнээс гадна өнөөдөр хүртэл тэд энэ гэмт хэргээ хийгээд явж байгаа.

Эцэст нь мэдлэггүй хүнээр удирдуулах нь бусдын л идэш болдог.

Tuesday, September 27, 2011

Монголын нүүрс үнэ хямдаараа толгой цохиж явна

Өнгөрсөн зууны ядуу буурай Монгол Улс XXI зуунд өмнийн говийнхоо нөөц баялгийн ачаар “Азийн чоно” хэмээн өргөмжлөгдөөд байгаа.

Хоёр сая хүнийхээ аж амьдралыг “хоёр толгой”- гоо ашиглаад хялбархан өөд татах боломжтойг дотоод, гадаадын судлаачид хэдийнэ тогтоосон. Энэ нь ч үнэн гэдгийг сүүлийн жилүүдийн эдийн засгийн огцом өсөлтөөс харж болно. Гэхдээ өөрсдийн баялгаа бусдад алдаад, ашгийн ихэнхийг харь орныхонд өгөөд байна уу гэсэн үзэл бодол нийгэмд давамгайлж байна.

Монголын төр Оюутолгойн 34 хувийг л эзэмшиж, 30 жилийн дараа 50 хувьд хүргэх гэрээ хоёр жилийн өмнө байгуулсан. Одоо үүнийгээ засах гээд төр засгийн удирдлагууд гүйсээр, гуйсаар явна. Харин Тавантолгойн тухайд гэрээ хэлцэл хийгээгүй ч баялгаас нь хүртээд эхэлсэн.

Нүүрсний экспорт 2008 онд 4169.3, 2009 онд 7113.2, 2010 онд 16635.1 мянган тоннд хүрсэн. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ онд 22.5 сая тонн нүүрс экспортлох таамаг бий. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн огцом өсөлтийг дагаад Монголын нүүрснээс олох ашиг ч өссөн. Харамсалтай нь алдагдалтай наймаа хийгээд байгаагаа анзаарах хүн алга.

Хятадын нүүрсний хэрэглээний өсөлт Монголын хөгжлийн түлхүүр


Дэлхийн нүүрсний хэрэглээ 2009 онд 1.8 хувиар өссөн бол өнгөрсөн онд 6.8-аар өсч, энэ онд найман хувьд хүрэх таамаг гарчээ. Харин Хятадын нүүрсний хэрэглээ жилд 10 хувиар өсч байна. Энэ нь нефтийн нөөцийн бууралт болон Японд эрчим хүчний хямрал болсонтой холбоотойгоос гадна улс орнуудын хүн ам болон эрчим хүчний хэрэглээний өсөлттэй хамаатай юм.

Дэлхийн олборлож буй нүүрсний талыг Хятад Улс хэрэглэдэгт хэн ч гайхахгүй. Хятад нөөц, олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг ч 1.3 их наяд хүний хэрэглээг хангахад хүрэлцэхгүй нь тодорхой. 2010 онд тус улс 177 сая тонн нүүрс импортолсны 129 сая нь эрчим хүчний зориулалттай, 48 сая нь коксжих нүүрс эзэлж байна.

Хүн бүрийн анхааралд өртөөд буй коксжих нүүрсний гол хэрэглээ нь ган хайлуулалт юм. Дэлхийн нийт ган хайлуулалтын 60 хувьд коксжих нүүрс ашигладаг. Харин ган хайлуулалтын 50, коксжих нүүрсний хэрэглээний 60 хувь Хятадад ногддог. Гэхдээ өнгөрсөн онд дэлхий нийтийн хэрэглээ 800 сая тоннд хүрсэн бөгөөд Хятадын хэрэглээ 500 хол давсан юм. Энэ их хэрэглээг хангахад Хятадын нөөц хаанаа ч хүрдэггүй учраас гаднаас импортлодог.

2010 онд 48 сая тонн коксжсон нүүрс импортлосны 15 саяыг Монголоос авсан байна. Судлаачдын үзэж буйгаар 2013 онд Хятадын хэрэглээ 65 сая тоннд хүрч, 30 сая гаруйг Монголоос авах таамаг гарчээ. Монголын коксжсон нүүрс Хятадын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа нь үнэн. Гэхдээ Монголын нүүрсний салбарын ирээдүй бүрхэг байгаа нь ч бас үнэн.

Манай экспортын нүүрсний 96 хувийг авдаг, дэлхийн номер нэг хэрэглээтэй улс бол Хятад гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл манай төр бодлогоороо Тавантолгойгоос Хятад уруу 150 километр төмөр зам тавихын оронд ОХУ тийш 700 гаруй километр тавих шийдвэр гаргачихсан билээ.

Монголын нүүрс хамгийн хямд

Хятадад нүүрс экспортлогч гол орон Индонез, Орос, Австрали, Вьетнам бөгөөд сүүлийн үед Монголын экспорт өсч дээрх улсуудтай толгой холбож эхэлсэн. Манай улс дангаараа 2010 онд Хятадын нийт нүүрсний импортын 10 орчим хувийг эзэлж, энэ жил 12 хувьд хүрэх гэнэ. Ийм атлаа манай экспортын нүүрсний үнэ бусад орнуудтай харьцуулахад хамгийн багад тооцогдож, үнэ хямдаар толгой цохиж явна.

Гаалийн мэдээнээс үзэхэд нэг тонн нүүрсний экспортын үнэ 2010 онд дунджаар 52.7 ам.доллар байсан бол Хятадын дотоодын үнэ 83-166 ам.доллар байсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүрсний үнэ Хятадын дотоодын зах зээлийн үнээс хоёр дахин бага байжээ.

Саяхан Хятадын Үндэсний статистикийн газар “Хятадын нийт импортолсон нүүрсний дундаж үнэ тонн тутамд 115 ам.доллар” гэсэн судалгаа гаргажээ. Гэтэл Монголын Статистикийн үндэсний хорооны судалгаагаар экспортлож буй нүүрсний дундаж үнэ 100 ам.доллар гэж тогтоожээ. 15 ам.доллар гэдэг бага мөнгө биш. Энэ сарын 15-ны байдлаар Монгол Улс 12.7 сая гаруй тонн нүүрс экспортлож 1.27 тэрбум гаруй ам.доллар олсон байна. Хэрэв нүүрсээ 115 ам.доллараар экспортолсон бол 190 сая орчим ам.доллар илүү олж, нүүрснээс олсон орлого 1.46 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байлаа.

Монголын болон Австралийн коксжих нүүрсний үнийг харьцуулбал нүүрсний төрөл, үзүүлэлтээр төстэй боловч үнийн зөрүү асар их. Австралийн коксжих нүүрсийг Монголынхоос 2.22-2.28 дахин их үнээр БНХАУ худалдан авч байна.

Уг нь “Биржийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 4-ний 88 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар жишиг үнэ тогтоох тухай тогтоол баталсан. Үүнд “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” гэсэн жагсаалт гаргаж, Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл гаргадаг “www.coalworld.net” цахим хуудсанд байршуулсан нүүрсний үнийг баримтлан жишиг үнэ тогтоохоор болсон. Үүний дагуу Ашигт малтмалын газар 7-14 хоног тутам, ЭБЭХЯ сар бүр нүүрсний үнийг гаргаж, өөрийн цахим хуудсанд байршуулж, олны хүртээл болгож байгаа. Тэгсэн хэдий ч хууль хэрэгжихгүй, жишиг үнээс доогуур үнээр экспортож байгааг доорх хүснэгтээс харж болох юм.

Монгол Улсын нийт экспортын 32 хувийг нүүрс эзэлдэг. Үүний дийлэнх хувийг БНХАУ-д нийлүүлж байгаа. Ойрын жилүүдэд энэ хэмжээ 40-50 сая тоннд хүрэх бөгөөд 2025 онд 90 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо гаргасан. Иймээс зарим томоохон компанийн удирдлагуудад хандаж хэлэхэд дан ганц өөрсдийгөө бодолгүйгээр, Монголын эрх ашгийн төлөө, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулбал нүүрснээс олох ашиг хэдэн зуун саяар нэмэгдэх боломжтой.

Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч болох нүүрсний салбарт шийдвэр гаргагчид ч өөрсдийн эрх ашгийн үүднээс бус эх орныхоо хөгжлийн төлөө хандвал тустай сан.

Б।Бат-Эрдэнэ Монголын үнэн/