Monday, July 30, 2012

Практакал Шаман гэж хүний бичсэнг хуулан тавив. Сонирхолтой байж магад гээд л....
Аугаа Пачакүтигийн эриний 3-р үе

2012 оны 6-р сарын 21-ний өдөр Аугаа Пачакүтигийн буюу Шинэ Эриний 3-р үе эхэллээ хэмээн “пако” хэмээн нэрлэгддэг Өмнөд Америкийн Андын нуруунаа амьдрагч уугуул бөө нар үзэж байгаа аж. Энэхүү 3-р үе нь 6 сар үргэлжлэх бөгөөд 12-р сарын 21-нд дуусах юм байна. Яг энэ өдөр пако нарын нэрлэдгээр Шинэ Хаанчлал буюу Эрчимийн Шинэ Ертөнцийн үүд албан ёсоор нээгдэх ажээ.
Дээд тэнгэрээс буух билгийн эрчим 6 сарын 21-ний орчим цацарч эхэлсэн бөгөөд аргын эрчим нь харин 12 сарын 21ний орчим цацрах юм байна. Яг 12 сарын 21-ны өдөр тэнгэрээс цацрах арга билгийн эрчимүүд нэгдэн ууссанаар дэлхий маань Шинэ Эрчимийн Хаант улсад шилжих аж. Пако нарын итгэл үнэмшлийн дагуу эрчимийн шинэ эринд шилжсэнээр хүмүүсийн мэдрэмж өндөрсөж, юмсыг харах өнцөг нь улам өргөсөж, шинэ шинэ ойлголт төсөөллүүд бий болох ажээ.

Олонд ихэд хүндлэгдсэн Дон Мариано Киспэ хэмээх нэгэн бөөгийн хэлснээр энэхүү 3-р үеийг ашиглаад хүмүүс бид дотоод сэтгэл рүүгээ төвлөрөн, сүнсээ чиглүүлэх зөв замаа олохыг хичээх ёстой аж. Түүний зөвлөснөөр дотоод сэтгэлийнхээ дуу хоолойг анхааран сонсож, түүнийгээ дагах хэрэгтэй юм. Тэгж чадвал өөрсдийн мөн чанартайгаа нэгдэн уусч, энэ дэлхий ертөнц дээр ямар зорилготой ирснээ ухаарч, түүнийгээ биелүүлэх боломжтой болно.

Пако нарын хувьд хүн бүр дотроо 7 бэлгийг агуулж явдаг байна. Тэдгээрийн зарим нь аль хэдийн биежсэн байдаг бол зарим нь хараахан биежиж амжаагүй байдаг. Энэ л 3-р үеийг ашиглаад хүмүүс бүгд сүүдрээсээ холдож, өөрт байгаа 7 бэлгээ сэргээж, биежүүлэх нь чухал. Бидний дотор орших бүтээлч чанар маань нар буцахаас нар буцах энэ л хугацаанд сэргэх учир түүнийгээ ашиглаад өөрсдийн дотор байгаа бэлгийг задлан, хэрэглэж сурах хэрэгтэй.

Дон Марианогийн зөвлөснөөр энэ 6 сарын хугацаанд бид юм бүхэнд нээлттэйгээр хандаж чадваас гаднас ирэх мэдээлэл бүрийг тэр чигээр нь хүлээн авч, өөрсдийн мөн чанар болон дотоод дахь бэлгээ хэрхэн таних чадварыг олж авах боломжтой. Дон Марианогийн хэлсэн нэгэн сонирхолтой зүйл бол бидэнд байгаа бэлгүүдийн нэг нь бидний анагаах чадвар байж болох ба харин нөгөө нэг бэлэг нь анагааж үл чадах чадвар ч байж болох аж. Хүмүүс бүгд л өөрсдийн чадвараа нуудаг, нуухыг хичээдэг хэмээн тэрээр хэлсэн бөгөөд ирж буй шинэ эринд тийм байдлаар амьдрах боломжгүй гэж цохон тэмдэглэсэн байна. Шинэ эринд бүгд өөрсдийнхөө хэн болохыг бүрэн танин мэдэж, мөн бусдад нээн харуулж, өөрсдийн сүнстэйгээ, дэлхий ээжтэйгээ нэг цул болон амьдрах болно. Угаасаа ч дэлхий ертөнц дээрхи эрчмийн урсгал нуугдмал байдлаар амьдрах ямар ч боломжгүй болох аж. Тийм болохоор энэхүү 6 сарын хугацаанд тохиолдох ямар ч зүйл байлаа гэсэн түүнээс зугтан зайлахын оронд нүүр тулан байж тал талаас нь шинжлэн үзэж, хэрхэхээ шийдэх хэрэгтэй гэж мөн зөвлөжээ.

12 сарын 21 болохоос өмнөхөн буюу 12 оны 12 сарын 12 ны өдөр ариун эрчмийн үүд нээгдэх тул тэр үед Дон Мариано бидэнд хэрхэн түүгээр нэвтрэх тухай заавар өгөх болно.

Thursday, July 26, 2012

Чингис хааныг Дэлгэрхангай ууланд онголсон уу?


Нэгэн баримт дурдъя. 1250-иад оны эхэн үеэс одоогийн Англи, Франц зэрэг орон монголчуудын сүр хүчнээс ихэд эмээн болгоомжилж дипломат харилцаа тогтоох нэрээр Монголын байдлыг мэдэх судлах ажлыг эрчимтэй хийж байв. Ийм зорилгоор Плано Карпини, Вильям Рубрук нарын элчийг илгээж байсан гэдэг. Эд Монголтой харилцаа тогтоохоос илүүтэй тусгай даалгавартай байсан.

Ялангуяа Рубрук 1253 онд Ромын хамба лам IV Иннокентий, Францын ван IV Людвиг нарын даалгавраар Монголд ирэхэд Мөнх хаан ихэд болгоомжлон, улсынхаа нууцыг чандалж байсан гэдэг. Их хааны шарилыг онголсон газрыг тандах тухай Рурбрукт өгсөн даалгаварт байгаагүй гэж үзэх аргагүй. Нууцлахын нэгэн шалтгаан энэ бөлгөө.Эртний ёсоор, ялангуяа хаан хүний шарилыг нутаглуулах нь нийт үндэстэн түмний хойчийн үйлд онцгой нөлөөтэй байдаг гэж үздэг байсан учраас машид шинжилж, үлдэгсэддээ үр өгөөжтэй, хүч ихтэй амьд урсгал хуралдсан газрын олж онголдог байсан. Сайн хүний шарилыг ихэд зөв сайн газар онголж чадваас 1000 жилийн дараа ч эргэн төрөх магадлалтай гэж үздэг.
Хас эрдэнэ мэт хүүрийг чинь авч харъя л Хатан Бөртэд чинь үзүүлье л Хамаг улсад чинь хүргэе  гэх буюу Өмссөн цамц, өргөө гэр, Өрөөсөн оймсыг тэнд онголов… гэж ном сударт өгүүлсэн буй.


Халуун зунаар (Чингис долдугаар сарын 12-нд тэнгэрт хальсан) асар их ажил болж байж авчирсан их хааныхаа шарилыг хаана онголов? Алтай ханы ар болон Бурхан халдунд оршуулах нь Монгол угсаатны ёс заншилд нийцэхгүй. Энэ бол нөгөө “худал тунхаг” буюу хуурамч зарын нэгэн болох нь тодорхой. Хэнтий ханы өвөрт онголсон байж болох ч эрээд олоогүй. Ингэхлээр дөрөв дэх хувилбар нь Их үтэг болж таарч байна.
Үтэг гэдэг нь эхийн хэвлий гэсэн үг. Мөн “хэвтэш” ч гэдэг. Хэвтэшийг бас тэвш гэсэн нь ч бий. Тэгэхлээр Их үтэг гэдэг нь Алтан тэвш гэсэн үг байж болох. Ийм нэртэй, ихэд дээдлэгдсэн нэгэн газар бий. Дундговь аймгийн нутагт байх Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг шиг байгаа юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг юм.

Гэсрэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзангийн хүү Автай (1534-1586) Далай ламаас Очирбат түшээт хан цөл хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэн тахилгат уул-Инэлд “уулсын хаан” (түвдээр Даржаажалба) буюу Дэлгэрхаан цол зарлигаар олгож түүнээс хойш төрийн тахилгатай болгосон бөгөөд Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ. Энэ уулнаа их хааны шарилыг онголсон байж болох хэд хэдэн баримт таамаглал байна.

Дэлгэрхангайн энгэр биед “Тэвшийн” хэмээх салбар жижиг уул буй. Түүний Шүүт (Хөшөөт гэсэн үг байж болох)-ийн амны зүүн хярд онцгой нууц хонхорт нэгэн том булш бий. Тэр хярын дэргэдүүр их тод улбаа зам байдаг. Их эртний зам байж болохоор санагддаг. Түүнийг одоо “Хүрээ зам” гэдэг юм.

Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй (нүх) байх бөгөөд доогуураа булштай холбогддог гэсэн яриа байдаг. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бvдvvн том могойг гэдэг юм. Тэр могой Тэвшийн ууланд байдаг байж магадгүй гэж нутгийнхан ярьдаг.

Дэлгэрхангай уул төв халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эрт төрийн тахилгатай болсон юм. Нийслэлийн ойролцоох Богд уул л гэхэд бүр сүүлд 1778 онд, Отгонтэнгэр 1779 онд, Хэнтий хан 1818 онд төрийн тахилгатай болсон гэдэг.

Дэлгэрхангай уулыг тахихдаа баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хvний хувцас чимэг, суудал ширээ, хэрэгсэл зэргийг өргөдөг байсан тухай брагри ёнзон Дамцагдоржийн “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг. Дэлгэрхангай уулын ар хөндийд жилийн жилд олон мянган адуу отроор нутагладаг Онгон хэмээн газар бий. Онголсон газрыг тvмэн адуугаар талхлуулсан гэдэг шүү дээ.

Дэлгэрхангай уулын ард Ногоон толгой гэдэг эрт цагаас үхэгсдийг нутаглуулж ирсэн газар бий бөгөөд шарилыг онголоход оролцсон зарц барлагуудыг энд хороосон байж тун магадгүй. Тэвшийн булшнаас хойхно нь Хүрэн зараа гэдэг газар хаадын булш гэж хэд хэдэн том булш байх ба энэ нь бага хаадынх байж болох талтай. Учир нь монгол ёсонд үр ач нарыг ихэсийнх нь дээд (толгой) талд оршуулдаг.

Нэрт зөнч Нострадамусын дөрвөн мөртүүдийг Д.Гүн-Үйлсийн хөрвүүлж тайлснаас үзвэл XXI зууны эхээр Монгол Улсын төв цэгээс зүүн урд орших хөндлөн хөх уулын ар дээр тэнгэрийн хөх цэргүүд буун ирж Монгол Улс хөгжинө гэсэн агуулгатай мөр тэнд байна. Нострадамус алдартай эмч байсан болохоор Ордны хавиар нэр нөлөөтэй учраас В.Рубрукийн судалгааны материалтай танилцаж түүний дотроос их хааны онгоны тухай тодорхой мэдээлэл олсон байж болох юм. Тэгээд л ийн яв цав хэлсэн болов уу гэж бодно.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд, их хааныг нэг бол Тэвшид бунхалж онголоод нууцлах үүднээс Алтан тэвш гэж худал тунхаг тараасан, эсвэл Алтан тэвшид онголоод мөнхөд нууцалж Тэвшид бунхан болгосон байж болно.” Мөн Дундговь аймгийн Дэлгэрхангай сум зүгээр ч нэг санаандгүй таамаг биш гэдгийг бас нэг зүйлээр гэрчлэх хэрэгтэй. суманд Чингисын угсааны сүүлчийн хаан Лигдэн хутагтын хөшөө дурсгал, Хар хашаатын амны хадны зураг зэрэг түүх дурсгалын газрууд бий. Тэгэхээр эртнээсээ хаадын угсал гарвал улбаатай байсан биз.

www.times.mn

Sunday, July 1, 2012

Занадуг Юнескод бүртгэв

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Долоннуур дахь "Юань гүрний дээд нийслэл (Занаду) ба Дунд нийслэл"-ийг Дэлхийн өвд бүртгэжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо ОХУ-ын Санкт-Петрбург хотод болсон 36 дахь уулзалтаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Занаду нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Өвөрмонголын анхны түүхийн дурсгал болж байна. Занаду нь Юань гүрний үеийн эртний хотуудаас хамгийн удаан оршин тогтносон, бас хамгийн сайн хадгалагдсан хотын туурь аж. Шинжээчдийн хэлснээр Занаду нь Юань гүрний  (1271-1368)  сэргэлт, уналтыг харуулаад зогсохгүй төв Азийн нүүдэлч соёл иргэншилтэй монголчууд  болон тариаланч Хан үндэстэн хоёрын өвөрмөц нэгдлийг харуулсан түүхэн баримт болон үлдсэн юм.

Хубилай хааны үед Юань гүрний анхны нийслэл байсан Занаду нь хожим зуны ордон болсон аж. Юань гүрний 11 хаадын зургаа нь Занаду ордонд угсаа залгамжилсан байдаг. Ид цэцэглэлтийн үедээ 100 мянга орчим хүн хотын ханан дотор амьдарч байсан гэдэг. 1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр дутаасны дараа галдан шатааснаар хот сөнөжээ. Занаду нэг тал нь 2200 метр орчим урттай тэг дөрвөлжин ханаар хүрээлэгдсэн "Гадаад хот", түүний зүүн өмнөд хэсэгт 1400 метр урттай тал бүхий тэг дөрвөлжин хэлбэртэй "Дотоод хот", мөн хааш хаашаа 550 метр урттай Хубилай хааны зуны ордноос бүрдэж байв. Өвс, ногоонд хучигдсан эртний эзэнт улсын нийслэл хотын туурийг археологийн хайгуул, шинжилгээний явцад илрүүлсэн юм. Археологичид 2008 оноос хойш 1078 барилгын туурь, 700 гаруй суурь, 29 гудамж нээж илрүүлсэн аж.

“Хотын ус зайлуулах систем орчин үеийн боловсронгуй системээс дутахааргүй ухаалаг, нарийн зохион байгуулалттай байжээ” хэмээн Өвөрмонголын музейн тайлбарлагч, Занаду археологийн төслийн дарга Тала гэгч ярьсан байна. Археологичид өвсөн доор хучигдсан байсан хотын тууриас христийн болон буддын сүм, лалын мөргөлийн газруудын ул мөр олдсон тул Занаду өрнөдийн орнуудтай харилцаа холбоо сайтай байсныг гэрчилжээ. Венецийн аялагч Марко Поло (1254-1324) 1275 оны орчим Монголын эзэнт гүрэнд очиж, Хубилай хаанд нэр нүүр олж, Занаду ордонд суурьшсан гэдэг билээ. Эртний эзэнт гүрний нийслэлийг Хятадаар Шанду гэдэг аж. Венецийн аялагч Марко Поло 1275 онд Шандуд ирсэн бөгөөд өөрийн аяллын тэмдэглэлдээ гайхамшигтай хот хэмээн дурьдсан байдаг нь барууны ертөнцөд "Мөрөөдлийн хот Занаду" хэмээх ойлголтыг бий болгожээ. Харин “Занаду” хэмээх үгийг Вэбстерийн шинэ толь бичигт “яруу тансаг ордон, харш” хэмээн тодорхойлсон байдаг гэнэ.

Занадуг Дэлхийн өвд бүртгэх ажил 1996 оноос эхэлсэн юм. Хотыг сэргээн засах ажлыг 2002 онд эхлүүлж, хуулийн дагуу хамгаалалтад авахаар болсон байна. Эртний хотын туурийг хүмүүст үзүүлэхийн тулд доторх бүх тайлбарыг монгол, хятад, англи хэл дээр бичсэн гэнэ. Туурийн археологийн малтлага дуусаагүй боловч зарим хэсгийг нь хүмүүст үзүүлдэг байна. Учир нь малтлагыг зөвхөн зургаагаас аравдугаар сарын хооронд цаг агаар тогтуун үед хийдэг гэнэ.


Н.ЭНХ