Friday, August 10, 2012

Гавьяа нь үгүйсгэгдсэн түүхэн зүтгэлтэнтэй холбогдох зарим асуудал


 Монгол улс дахь дундат эртний түүхт цөөн хэдэн хотын нэг Ховд хот нь Зүүн гарын их хаан Галданбошготын үндэслэн байгуулсан 1685 оноос эдүгээг хүртэл 327 жил, харийн эзэмшлийн эхлэл үе буюу Манжийн цэргийн тарианы суурин бэхлэлт хот болсон 1717 оноос хойш 295 жил, мөн л харь манж улсын эрх баригчдын бодлого шийдвэрээр одоогийн оршин буй Буянт голын хөвөөнд суурьшсан 1762 оноос хойш 250 жил, 1912 онд хотыг манжийн эзэрхийллээс чөлөөлж Монголын баруун хязгаарт эрх чөлөөний галыг асааснаас хойш 100 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.


Ховд хотын түүхэн замналын гол гол үеийг ийнхүү тодотгохын учир гэвэл бидний дунд хотын үүсэл, мөн болж өнгөрсөн түүхэн үйл явцуудыг бодит бусаар ойлгож төөрөлдөх хандлага саяхныг хүртэл гарсны санамж болгож, цаашид нягтлан үзэхэд тустай гэж бодсоных юм.


Хотын үүслийг 1762 оноос эхлэн тооцож, 2012 онд Ховд хотын 250 жилийн ойг тэмдэглэх тухай үзэл хандлага өнөөг хүртэл газар аваад байсан бөгөөд орон нутгийн “Ховдын толь” сониноос санаачлан, түүхчид, эрдэмтэн судлаачид, сонирхогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Ховд хотын үүслийг 1685 оноос хөөх ёстойг бататгасны дараа 2012 онд Ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлсний 100 жилийн ойг тэмдэглэх учиртай гэсэн шийдэлд хүрсэн билээ.
Өнөөгийн нөхцөлд зөвхөн хотын үүслийн асуудлаар будилснаар зогсохгүй бусад түүхэн үйл явцуудын тухайд ч засаж залруулах, сэргээн гаргаж тавих асуудал цөөнгүй байна. Үүний нэг нь Ховдын хязгаарыг чөлөөлөх хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж, ялалтанд хүргэсэн түүхэн зүтгэлтэнтэй холбогдох асуудлууд юм.
Дээрхийн адилаар эл асуудалд ч бас түүхч судлаачид, өргөн олон нийтийн анхаарлыг хандуулах нь зүйтэй хэмээн энэхүү  өгүүллийг бэлтгэн толилуулж байна.
******

Манжийн эрхшээлд 150 гаруй жилийн нүүр үзсэн Ховд хотоос харийнхныг хөөн гаргасан 1912 оны чөлөөлөх үйл ажиллагаа нь тэр үед Монгол даяар өрнөөд байсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн томоохон хэсэг нь бөгөөд тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал, гадаад дотоод шалтгаанаас улбаатай элдэв хүчин зүйлсийн нөлөөн дор, сөрөг үр дагавар, адармаа нугачаагаар дүүрэн байсныг түүх гэрчилж байна.
Энэ хүрээнд хөндвөл зохих гол зүйлийн нэг нь тухайн цаг үед болж өнгөрсөн зарим чухал зүйлүүд ямар нэг хэмжээгээр бүрхэгдэж, улмаар гажуудан, хэдийгээр үүрд биш ч гэсэн тодорхой хугацааны туршид далдлагдан дарагдаж ирсэн явдал юм. Юуны өмнө энд Ховд хотыг  чөлөөлсөн түүхэн хөдөлгөөнийг амжилттай болоход нөлөөлсөн субьектив хүчин зүйл, тухайлбал үүнд ямар хүмүүс хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн вэ гэдгийг авч үзэх ёстой.


1911 онд Жавзандамба хутагтыг автономит Монголын хаан ширээнд өргөмжилөн, Өргөө хот дахь Манжын амбанд тулган шаардах бичиг өгч “...үүнээс хойш бид Манж хятадын эрх дархад захирагдахгүй болсон учир та нар бүгд нутаг буцах ёстой” гэдгийг мэдэгдэн”52, Сан до амбаныг дагалдагсадынх нь хамт хөөн явуулснаар Монголын төв хэсэг Манжийн эрхшээлээс гарсан хэдий ч алс баруун хязгаарт байдал түүнтэй адил байсангүй.
Богд хаан, болон Монголын Засгийн газраас нутгийн баруун хязгаарт байгаа Манжийн амбан түшмэлүүдийг гурван өдрийн дотор Монгол нутгийг орхин явахыг зарлигдсан ч, зайлан одох нь бүү хэл хамгаалан суухаар бэлтгэж байжээ...


Тэрээр Ховдын хязгаарын бүх эрхийг Засгийн хэргийг эрхлэх Халх жасаанд шилжүүлэн өгөхийг шаардсан2 ба Ховдын манж амбан энэ шаардлагыг үл хэрэгсэж, цэргээ зузаатгаж, хотын хэрмэн бэхлэлтийг батлан, шинээр хамгаалалт байгуулж эхэлснээр барахгүй Богдын Засгийн газрын өөдөөс эсэргүүцэн тэмцэх нь тодорхой болсон тул жасааны хэргийг шийтгэн захирч байсан С.Магсаржав тамгаа өвөртлөн Их хүрээнд очиж байдлыг мэдэгдсэн99 байна. Хүрээнээс арга хэмжээ авч эхлэх хооронд Бээжин дэх эрх баригчдаас Ховдын амбантай холбоо барин, хотыг өгөхгүй байх тушаал буулгажээ. Зэргэлдээх Шинжаанаас цэрэг ирүүлэхээр амалснаас гадна Шар сүмийн амбан захирагчаар томилогдсон хятад эхнэртэй Балт ван ... тэргүүтэй япон опицерүүд бүхий хүчийг явуулна56 гэсэн аж.
Тухайн үеийн Сибирская Жизнь сонинд А.В. Бурдуковын мэдээлснээр “....гамингууд Жалханз хутагтын элчийг баривчилснаар байдал эгзэгтэй болох нь илт болсон57” учир Өргөө хотоос Монгол цэрэг хөдөлсний зэрэгцээ баруун хязгаарын нутаг хошуудаас цэрэг дайчлах ажил эхэлжээ.  Зарим сурвалж болон ном зохиолуудад тэмдэглэгдсэнээр Өргөө хот дахь тухайн үеийн автономит засгийн газраас баруун хязгаарыг түвшитгэн тогтоох сайдаар  томилогдсон С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нар Ховд урианхайн хязгаарт цэрэг дайчлах ажлыг эхлүүлсэн ч баруун хязгаарт төдийлөн өндөр нэр нөлөөг олоогүй байснаас энэ ажил олигтой урагшлахгүй байсан гэх. Тухайлбал хошууд хэн хэдийг гаргах талаар маргалдан хэмлэлдэж байснаас гадна дайчилсан цэргүүд нь таран дутааж байв..67. Жишээлэхэд Дөрвөдийн Далай хан Галсаннамжил манж амбантай холбоотой учир Магсаржавд цэрэг гаргаж өгөхөөс эрс татгалзав72 гэснийг дараах мэдээ баримтаас тодруулан шинжиж болно. Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж байгаа баруун хязгаарт цэрэг дайчлан хуралдуулах ажлын үеэр Ж.Дамдинсүрэнгээс С.Магсаржавд бичсэн нэгэн захидалд “....сартуул бэйс Жалчин, сайд бэйс Го нарын хошууны цэрэг 80 гаруйг олсноос, бусад цэрэг ор үгүй, ямар газар бүхүйг мэдэхгүй...”, “Чадамгай түшмэд нараас мордуулж олон хошууны цэргийг шаардан хөөмүй. Хөсгөөн нэн шамдваас зохих билээ...Тийм боловч ер яаваас дав болохыг гүн  Яа та хянан тогтоож толилох ажаамуу.... Хөнгөнөөр хөдөлж үл болох тул эрхбиш та бүхнийг хүлээмүй зээ...7 (Л.Алтанзаяа),
Мөн “Тэнэг Дамдинсүрэн, Магсаржав нараас...” хэмээн эхэлсэн, Ховд улиастайг түвшитгэн тогтоох сайд Го бэйс буюу Гончигдамбад илгээсэн захидалд “..Уул аймгийн цэргүүд эрхэм хошуу Сэцэн бэйс Жалчин, Эрдэнэ бэйс Сүнсүрэн, гүн Маньбазар нарын дөрвөн хошууны цэрэг ирж, бусад нь өдий хүртэл чимээгүй. Бид манж түшмэд жич худалдааны иргэдэд ухуулах бичгийг шийтгэн  Ховдод өгсөн. Одоо эрхбиш эрхмийн бие түргэн ирэгтүн. ...Дамбийжанцан лам хэмээгч мөн энд буйг мэдэгдэн, ялдраа амар сайныг эрж, захидал мэтийг бариулав”14  гэсэн байх. Мөн Дамдинсүрэнгээс баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд, бэйс Р.Наваанцэрэнд илгээсэн захидалд “....танай хошууны зэрэг мөн аймгийн зургаан хошууны цэрэг уван цуван зэвсэггүй ирэв. Бусад нь чимээгүй...иймд бид нар ер Монголын сүрийг бадруулж, чинадасын дайсныг дайчилахуйд үнэхээр боловч, уг хэрэг чухлын тулд энэхүү ирсэн хэдэн цэргийг дагуулан мордож, Хар усны газар шинийн зургааны өдөр буудаллав....9  (Л.Алтанзая) гэжээ.
Чухам ийм үед өөрийгөө Ойрадын их тэмцэгч, үндэсний баатар Амарсанаагийн хойт дүр хэмээн хэдийнээс зарлаж, хязгаар нутагт нэг ил гарч, нэг алга болж, олныг шуугиулахын зэрэгцээ нэр алдар, нөлөө сүр нь түмний нүдэн дээр өсөн нэмэгдсээр байсан Жа лам буюу Дамбийжанцан хүмүүст нөлөөлөх хосгүй чадвараа дайчлан ихээхэн хүчин зүтгэл гаргасны ачаар баруун хязгаарт оршин суудаг 10 гаруй ястан үндэстнүүдийн төлөөлөгчдөөс бүрдсэн таван мянга орчим морьт цэрэг цугларсан байна...67. Зарим ном зохиолд 3000 цэрэг гэж бий. 
Дээр өгүүлснээр Богдын зарлигийг үл хэрэгсэхээр барахгүй Жалханз хутагтын элчийг барьж хорин, (хороож) Монголын баруун хязгаарын томоохон суурин болох Ховд хотыг өгөхгүй гэдгээ илэрхийлээд байсан Манж хятадуудыг хүчээр хөөн явуулах бэлтгэлийг хангах зорилгоор Өргөө хотоос албан ёсоор томилогдсон Жалханз хутагт болон жанжин С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нарын зүтгэлтнүүд, хязгаар нутгийн ноёд, түшмэд, ард олны зүгээс зорьсон хэргээ амжилттай болгоход чухал тусыг үзүүлнэ хэмээн хамгийн их найдлага тавьж байсан хүн гэвэл мөнөөх “Амарсанаагийн хойт дүр” буюу Жа лам байсан нь тодорхой байдаг.
Энд нэг сонирхолтой мэдээг дурьдахад Дамбийжанцан 1911 оны сүүлч үед Хангилцагт байхдаа Бурдуковоос цагаан тугалгаар цутгасан тамгыг нь гуйж, тамга дээр өөрийн нэрээ сийлүүлээд, чухал захидал бичиг дээр дарж байхад хэрэгтэй юм гэж байсан, дараахан нь Бурдуковтой тааралдаад хүзүүндээ зүүсэн сахиуснаасаа нөгөөх тамгыг дарсан бичиг гарган, “энэ бол өөрийн хүн гэж батлах таних тэмдэг юм. Сүүлд Дамбийжанцангийн цэрэг ирэхэд энэ тэмдэгээр таних учиртай юм” гэж нууцлан хэлснээс үзвэл тэмцэлд эртнээс бодлоготой бэлтгэж байсныг нь гэрчилж байна.     


1912 оны 4 сарын 20-доор Улаангомд болсон дөрвөд баядын ван ноёдын онцгой чуулган дээр манж цэргийн захирагчид Ховд хотоос цэргээ сайн дураараа гаргахаас татгалзсны хариуд тэднийг хүчээр хөөн зайлуулах шийд гаргажээ. Хэдийгээр ийнхүү шийдсэн ч гэлээ үйл хэргийг өрнүүлэх, тухайлбал нутаг хошуудаас цэрэг цуглуулах ажлыг хэрхэн зохион байгуулах тухайд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байсны зэрэгцээ чуулганд оролцсон зарим ноёд жишээ нь дөрвөдийн Далай хан Галсаннамжил “Бээжинтэй миний ганц ч цэрэг байлдахгүй шүү” хэмээн дургүйцлээ илэрхийлэх зэрэг санал зөрөлдөөн үүсч, яг тэр эгзэгтэй үед Жалханз хутагт тэнд байгсдад дэргэдээ сууж байсан Жа ламыг танилцуулан ноёдын анхаарлыг татаж60 чадсан. Чуулганд оролцогсдын дотор түүнтэй танилцсан, эсвэл хажуу хавийнхнаас түүний тухай сонссон хүмүүс олон байсан тухай тэр үед Ховдын хязгаарт байсан А.В.Бурдуков, Герман гаралтай судлаач Констен нарын дурсамжид үндэслэн Оросын эрдэмтэн И,Ломакина бичжээ.
Чуулган болсны дараахан Дамбийжанцангийн ухуулгын үйл ажиллагаа идэвхжиж,Их хүрээнд Богд хаанд захидал бичиг хүргүүлсэн ба нутгийн ноёд болон тэдний элч төлөөлөгчид ламын дуулгавартай харъяат нар болон нэгдэж байсан71
“....Зургадугаар сард удтал сураггүй байсан Дамбийжанцангаас элч ирж, хувиарт цэрэг эрчүүдийг нэн даруй гаргаж, Ховд руу явуулах тухай дөрвөд, баяд урианхайн бүх ноёдод захидал бичгийг хадгийн хамт гардуулжээ”73.      
Тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулж жанжин Ж.Дамдинсүрэн, Магсаржав нараас Жа ламд өөрт нь бичсэн 2 захидлаас эш татья.   “......Дамдинсүрэнгийн бие Жаргалант өртөөний газраа зарлигийг хүлээсэн тул тамга, цэргийг шилжүүлэн захиргаж, хойш буцаж сургахыг олохоор мордов. Магсаржавын бие цэрэгтэй хамт Жаргалант өртөөний газраа хүрч, Баруун хязгаараас олсон чимээ зэргийг цөм албан бичгээс толилох тул үл давхарлавай. Магсаржав би язгуураас бүдүүн хөдхи, сурч төсөөлсөн нь үгүй. Язгуурын хүнд тушаалд холбогдсон нь үнэхээрийн айн түгшиж барахгүй, хэрхэх зүйлийг үл олмуй. Гагцхүү өршөөлт багш, сайд бламтнаа эрдэм өршөөлд шүтэн дагалдаж, морь нохой  мэт зүтгэхийг чин үнэнхүүгээс залбиран бүхий тул аль газраа бараалхаж, элдэв учрыг зөвлөн тогтоож гүйцэтгэвээс зохих ба уналга, ачлага бүрдэх хүртэл цэргүүдийг түр энд агуулваас болох эсэх, жич ван Па (Балт ван Л.А)-д Жалханз гэгээн багш лугаа бүгдээр зөвлөн тогтсон эх, Орос улсын элчин сайдтай тогтсон гэрээ бичгийн хуулга нэгийн хамтаар өргөн хүргүүлснийг толилж, тус тусад нь сурган ухуулахыг хүлээсүгэй хэмээн, үүний тул захиа бичиж, ариун цагаан хадгаар туйлын өршөөлт багш, сайд Ноён хутагт бламтанаа амгаланг эрж өргөв. Санасан бүгд бүтэх сайн өдрөөс” 20 хэмээн С.Магсаржав бичсэн бол
Ж.Дамдинсүрэнгийн бичсэн өөр нэг захидалд “........багш бламтны тамга цутган үйлдэж буй. Элчин түшмэл арван тавны үесээр гармуй за. Урьд манай цэргийн тухай учир лавлан гаргаж, таван яамнаа нэр жагсаан өргөсөн нэгэн хэрэг, бас Баруугийн сүмийн нэгэн хэрэг ба дараа удаа мэдүүлж ирсэн хэдэн зүйлийн бичгүүдийг тухай бүр молхи би вээр сайдуудад харуй тушаахыг гуйвч, дав даруй шийтгэн гаргасангүй тул маш ичингүйрэвч хэнд хэлмүй. Эрхбиш тушаал гарах болов уу хэмээн санамуй. Үүний тул хэдэн үсгийн захидал бичиж, түмэн амгаланг айлтган өргөв. Баярын шинэ таван 2” хэмээснийг 1913 оны 2 сарын 11-нд ....Гадаад яамны эрхэлсэн түшмэл гэдэг албан тушаалтай байхдаа бичсэн захидал бололтой хэмээн доктор Л.Алтанзаяа тайлбарласан байдаг.




Эдгээр нь Ховд хотыг байлдан эзэлсэний дараа Жа лам Дамбийжанцанг Баруун хязгаарыг захирах сайд байх үед бичигдсэн захидлууд бөгөөд Дамдинсүрэн, Магсаржав нарын аль аль нь түүнд шавийн ёсоор хандаж, өөрсдийн үйл хэрэгт тулгарсан адармаат зүйлс, бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдэж, гэтлэн давах чиг замыг заалгахыг хүсэн гуйсан утгатай байгаа нь тодорхой байна. Үүний зэрэгцээ Дамдинсүрэнгийн захидалд “........багш бламтны тамга цутган үйлдэж буй. Элчин түшмэл арван тавны үесээр гармуй за” гэсэн нь сонирхол татаж байна. Энэ нь Жа ламыг Баруун хязгаар нутгийн эзэн захирагч болоод байсан тэр үетэй давхцах бөгөөд магадгүй хязгаар нутгийг захирах сайдын тамгыг цутган хүргүүлэх хэргийг итгэлт шавь, хамтран зүтгэгч Дамдинсүрэн хариуцан хийж байсан байж магадгүй юм.             
Ховд хотыг чөлөөлөх үйл явцын (тулалдаан) өмнөх болон дараа үеийн нөхцөл байдалтай холбоотой эдгээр болон бусад мэдээ сурвалжаас үзэхэд Жа лам буюу Дамбийжанцан нь энэхүү чөлөөлөх хөдөлгөөнд баруун хязгаарынхныг уриалан зоригжуулах үзэл санааны “туг” нь болж байсныг илтгэж байна.  Бүүр XIX-р зууны сүүлч буюу 1890-н хэдэн оноос эхлэн Монгол нутгаар янз бүрийн дүрээр үзэгдэн, олны гайхшийг төрүүлж, эх нутгаа манж хятадын дарлал мөлжлөгөөс цэвэрлэнэ, ойрадын баатар Амарсанаагийн үйл хэргийг үргэлжлүүлэн гүйцэлдүүлэнэ хэмээн хэнээс ч айхгүй зарлаж явсан, тэрбээр Ховд хотыг чөлөөлөх байлдааны ажиллагааг зохион байгуулж, зоригжуулан удирдсан, манж хятадуудыг хотоос хөөн явуулсны дараа ялалтаа бататган хамгаалах, тэр ч байтугай Үенчийн Цагаан түнгээс (Цагаан түнх) цааш хятадууд болон хасаг киргизийн дээрэмчдийн үүрлээд байсан хязгаар нутгийг тэднээс цэвэрлэж, улмаар нэгтгэн авах бодлого баримтлаж, үүнийхээ төлөө тэмцэж байсан мэдээ сэлтүүд бий.
Тодруулбал манж хятадуудын бүгсэн Ховд хотын хэрмийг бүслэн дайралтыг эхлэх тохиромжтой мөчийг хүлээж байтал “Тал хайрхан” уулын цаанаас Ховдын зүг дөхөж яваа дайсны нэмэлт хүчний тухай мэдээ аваад Жа лам гайхалтай хурдан шалмаг, зоримог хөдлөн, хэрмийн гадна Магсаржавыг цэргүүдийн хамт хамгаалалтанд үлдээгээд өөрөө халхчуудыг удирдан дайсны нэмэлт хүчний эсрэг дайралтанд оруулжээ. Тэрээр хүмүүсийнхээ ард сэлээдий буугаа барин явж, гэдрэг эргэх гэсэн болгоныг чичлэн сануулж байсан69 гэдэг. Хэрмийг дайрахын өмнө Дамдинсүрэн, Магсаржав Дамбийжанцан нар цэрэг эрчүүдийн хүчийг хувиарлан, фронтын дагуу давхилдаж, цурам хийлгүй хоносон81 тухай Бурдуков бичиж үлдээжээ.
Баатарлаг дайчин үйлсийнх нь төлөө Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Жалханз хутагт Дамдинбазарт Самади багш цол, Дамбийжанцанд үе улиран залгамжлах “Эрдэнэ бишрэлт, Хүчин төгөлдөр, Догшин ноён хутагт,  Номун хаан” цол, мөн Ховдын хязгаарт хошуу нутаг олгох хамгийн эрхэм хүндтэй шагналыг урт шар торгон хадагны хамт ирүүлсэн. Магсаржавт Хатанбаатар цол, дөрөвдүгээр зэргийн ван буюу бэйсийн хэргэм, Дамдинсүрэнд Манлай баатар цол гурав дугаар зэргийн ван буюу бэйлийн хэргэм хүртээсэн ба эдгээр баатруудын манлайд Жа ламын нэр машид дуурсаж байсан79 тухай ч тэмдэглэгдэн үлдсэн аж. 
Тэр үеийн түгээмэл хэвлэлийн нэг байсан “Огонек” хэмээх Оросын зурагт сэтгүүлийн 1912 оны намрын нэгэн дугаарт “Шинэчлэгдэж буй Монгол улс болон энэ оны 10 дугаар сарын 21-ны Орос, Монголын зөвшилцөл” гэсэн гарчиг бүхий бүтэн нүүр материалын хамгийн эхний багананд “... Дамбийжанцан лам болон түүний хамтран зүтгэгчдийн чин халуун ухуулга сурталчилгаанд зоригжсон үндэсний мэдрэмжийн өрнөлт нь өшөөт хятадыг эсэргүүцсэн зэвсэгт тэмцэл болон асав. Энэ намар Монголын цэргүүд багаахан арми болон нэгдэж, Ховдын хэрмийг дайран эзэлжээ...43” хэмээгээд 9 зургаас бүтсэн гэрэл зургийн зохиомжын гол дунд нь Жа ламын 2 зургийг тавьж, “Монгол цэргийн ерөнхий командлагч” гэсэн тайлбар хийсэн байжээ. 


Хэрмийг дайран эзэлсний дараа Жалханз хутагт Жа лам нар  Хотоос зайдуу газарт, цаашид хэрхэх тухай ярилцсан бөгөөд тэр үед Бурдуков дэргэд нь байж тэдний яриаг сонсчээ. Бурдуковын тэмдэглэснээр хутагтуудын ярилцаж байсан гэрт түүнийг явж ороход “......аль аль нь нэлээд ууртай байгаа нь анзаарагдсан. Олзлогдсон хүмүүсийн тухай тэдний бодол санаа тэс өөр...80” болох нь мэдэгдсэн байна. “....Амгаланг сахихыг чухалчилдаг Жалханз гэгээн хэрмэнд хоригдож байгаа хятадуудын тухай Орос консулын тавьсан саналыг хүлээж авахыг ятгаж, харин Жа лам болохоор – хятад цэргүүд ирвэл эд нар бидэнд садаа болохоор барахгүй дайсантай нийлж, хүчийг нь нэмнэ! Алгуурлаад хүлээгээд байх хэрэггүй. Цэргээ авч Цагаан түнгийг (Цагаан түнх) дайран Шар сүм рүү явъя. Торгуудууд болон бусад ястан үндэстнүүд бидний л талд орно. Хил хязгаар ч цааш тэлж, хилд ойрхон Ховдын хязгаарт байнга тулгарч байдаг аюул үгүй болно шүү дээ хэмээн Жалханзыг  ятгаж...,81” байсан гэх. Тэгээд зогссонгүй Жа лам тэр жилийнхээ намар,өвөл нь дурьдагдсан зүгт цэрэглэн мордож, Магсаржавын хороог Гурван сэнхэрийн орчимд хамгаалалт болгон үлдээгээд, хэсэг бүлгээр ард олныг уулгалан түйвээсээр байсан дээрэмчдээс баруун хязгаарыг цэвэрлэн түвшитгэх ажлыг амжилттай гүйцэтгэснээр барахгүй баруун хил хязгаарыг бататган,тэлж өргөжүүлэх бодлоо хойшид ч орхиогүй байдаг.    
Энэ мэт хэтийн бодлогыг баримтлаж байснаас гадна тэр хүн ямар нэг заавар тушаалын дагуу бус дан ганц өөрийн зүрх  сэтгэлийн дуудлагаар бүхнийг манлайлан их хэргийг үүсгэж, улмаар гавьяа байгуулан, үүнийхээ хүчинд хаан эзнээс баруун хязгаар нутгийг захирагч сайдын зэрэг зиндааг нэгэнт зөвшөөрүүлсэн байсан билээ. Гэвч түүний өөрийнх нь түрэмгий догшин авир, үйлдэл хийгээд тухайн үед Монголд шургалан, нөлөө сүүдрээ лавхан шургуулаад байсан зарим нөхдийн далд хорон явуулга, адармаат хэрэг явдлын эрхээр 1914 онд баривчлагдан цөлөгдөж, хүчин буурсан, хожим нь 1922-1923 оны өвөл Баруун Монгол болон шинжааны хил орчимд Маажинсан уулнаас холгүй Хар элсний говьд өөрийн байгуулсан  бэхлэлт цайзандаа мөн л хууран мэхлэж, отон хороох аргыг хэрэглэн түүнийг барьж, толгойг нь авахаар очсон тухайн үеийн “Ардын засаг”-ийн зүтгэлтнүүдийн гарт хороогдон, эгэл ертөнцийг орхисноос нь хойш түүний тухай сайнаар дурссан ганц ч үг, үгүүлбэрийг Монголын хойч үе олж мэдэлгүйгээр XXI зууны босгыг алхжээ.
Тэрээр түүхэн үйл явдлыг зориудаар нуун далдалж, мушгин гуйвуулсан худал зүйлийг зохион хүмүүсийн ой ухаанд хоногшуулан итгүүлж болдогийн шалгарсан жишээг өдгөө эндээс олж харж болох юм.
Жишээ болгож манай нэгэн түүхчийн 1960-н хэдэн онд хэвлүүлсэн түүхэн зохиолд Дамбийжанцангийн тухай хэрхэн өгүүлснийг сөхөж үзье.
“...Жич: Энэ завсар тэмдэглэх нь: Монгол оронд манжийн ноёрхолыг устгах хөдөлгөөн баруун хязгаарт өрнөсөн цаг үед Дамбийжанцан хэмээх нэгэн зальт оргодол лам Ховдын газраар тэнүүчлэн явж, Богд хааны шашин төрд туслах учир түүхтэй, их Монголын Амарсанаагийн угсааны хүн1, “Амарсанаагийн хүү Төмөрсанаа түүний хүү Дамбийжанцан”2 гэж өөрийгөө өргөмжлөн нэрлэж, Хоу нэрт газар Да нэрт хүн хаан сууна гэсэн түүх ном буй3 гэх зэргээр үймүүлэн бачилж явсаар Ховд хотыг Манжаас чөлөөлсөн гавъяатай хүн хэмээн итгэгдэж, Богд хаанаас “Эрдэнэ бишрэлт Хүчин төгөлдөр, Ноён хутагт Номун хаан” хэмээх цол тамга4 шагнагдсан байна. Чухмыг хэлбэл тэрхүү зальт оргодол Дамбийжанцан нь ямарч үндэсгүй худал цуу тараан бачлан мэхэлж явсан төдийгүй, “Богд хаан суусан хойно жинхэнэ хаан суух хуучин түүх буй”5 гэхчилэнгээр ятган цуурхуулж, автономит Монголын хаан Богд Жавзандамбатай эрх мэдэл булаацалдах хорт санаа өвөрлөж явсан байна. Дамбийжанцан бол 1912 онд Ховд хотыг чөлөөлөх хэрэгт оролцоогүйгээр үл барам, Монголын ард түмний тусгаар тогтнолын заналт дайсан байсан бөгөөд Ардын хувьсгалын дараа Бодоогийн хувьсгалын эсэргүү хуйвалдаантай сүлбэлдэж явсан гадаадын тагнуул байжээ” гэсэн байдаг.   
Үүнд тухайн түүхчийг буруутгах нь утгагүй зүйл бөгөөд гагцхүү улс төрийн бодлого, намын үзэл суртлын улмаас судлаач түүхчийн судалгааны эх сурвалж болсон баримт материалуудыг ч ийнхүү гажуудуулан засварлаж үйлдсэн, мөн аливаа бүтээлийг үзэл суртлын хэмжүүрээр  цагдан хянадаг байсан нь нэгэнт тодорхой зүйл билээ. Зөвхөн түүхчдийн бүтээл төдий бус урлаг уран зохиолын бүтээлүүд, ч ялгаагүй. Жа ламыг түүхэн өгүүлэмжээс арчин хаях, эс бөгөөс түүнийг аль муугаар мушгин гутаах даалгаврыг дээд зэргээр биелүүлсэн байдаг. Жишээ нь “Ичээнд нь”, “Хатанбаатар” кинонуудыг дурьдаж болно. “  
Тийм болохоор дурьдан буй үед манай түүхч судлаачдад тухайн сэдвийн хүрээнд үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзлэл огт төрөөгүйгээр барахгүй, хөндсөн ганц нэг зүйл нь олон түмнийг түүхийн үнэнээс халхлан төөрөлдүүлэхэд ихээхэн нэрмээс болсон байна.
Гэсэн ч түүнтэй холбоотой нууцлаг сонин асуудлууд нь үгүүлэн буй үйл явдлыг өрнөж байх үед Монгол нутгаар явж судалгаа хийж байсан гадаадын хүмүүс, нэн ялангуяа манай хойд хөршийнхний анхаарлыг татсан хэвээр байжээ. Тухайлбал түүнтэй дотно нөхөрлөж, сайн харилцаатай байсан А.В.Бурдуков, нэрт судлаач эрдэмтэн Ю.Н Рерих, П.К. Козлов, академич И.М Майский, Б.Я. Владимирцов, Г.Н. Потанин, Г.Е..Грум-Гржимайло, археологич, угсаатны зүйч Д.А. Клеменц, угсаатан судлаач, профессор А.М.Позднеев, эрдэмтэн судлаач В.Казакевич, В.И.Роборовский. Иозеф Гелет, О.Латтимор, Оросын хувьсгалч Б.Шумяцкий, нэрт судлаач Фердинанд Оссендовский, Шведийн судлаач жуулчин Хеннин Хаслунд нарын бүтээлүүдэд ямар нэг хэмжээгээр тэмдэглэгдэн үлдэж, Хожим нь Оросын эрдэмтэн Инесса Ломакина Жа ламын амьдрал үйл хэргийн талаар дагнасан судалгааны ном бүтээсэн байна.


Гадны судлаачдын сонирхолд ийнхүү өртсөөр байсан нь нэгд түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хоёрт гэвэл ер бусын авьяас чадвар, олны дунд олсон нэр нөлөө, алдар гавъяатай нь холбоотой юм. Жа лам буюу Дамбийжанцан нь удирдан зохион байгуулах асар их авьяастай, хурц ухаантай, хүмүүст нөлөөлөх хосгүй чадвартай, элдэв янзын ид шид үзүүлдэг, эмч домч, ховсдогч нэгэн байсан тухай дээрх хүмүүсийн үлдээсэн мэдээ материалд тэмдэглэгджээ.Тэр ч байтугай түүнийг үнэхээр хороогдсон эсэх тухайд эргэлзсэн санаа бодолтой судлаачид ч бий юм.    


Энэ хүн чухам хэн байсан тухай, гарал угсаа, төрж өссөн газар ус, ураг удмынх нь талаар тухайн үед ч, түүнээс хойш ч нотлогдохуйц ямар нэг баттай мэдээлэл олдоогүй, үнэхээр бурхны шашны хуврага хүн байсан уу, эсвэл Ф.Оссендевскийн бичсэнчилэн өшөө авагч цэрэг эр байсан уу, магадгүй өөрийнх нь аймшиггүйгээр зарлан тунхаглаж явсанчилан Ойрадын баатар Амарсанаа жанжны хувилгаан дүр, (нэг яриандаа өөрийгөө Амарсанаагийн ач хүү Дэмбээжалцан гэж танилцуулсан) байсан уу, тэрчилэн Астарханаас гаралтай Халимаг эсвэл Орос хүн байсан уу, үгүй бол өөрийн итгэлт найз Бурдуковт нэгэнтээ ярьснаар Улиастайгаас Хаалган орох зам дээр Түшээт хан аймгийн Бадрах гүний нутаг Аших хурган чулуу хэмээх газарт төрж бага наснаасаа өмнөдТөвдийн оронд ном үзэхээр яваад олон жилийн дараа эргэж ирсэн нь үнэн байв уу гэдэг нь огт тайлагдсангүй.
Монгол орныг харийн мөлжлөгөөс чөлөөлөх тухай үзэл санаагаа ил цагаан зарлан, ард олныг тэмцэлд уриалан гарч ирсэн тэр цагаасаа эхлэн хоёр, гурван ч удаа баривчлагдан хоригдож, тэр бүрийдээ улам хүчтэй болон гарч ирж, үйл хэргээ үргэлжлүүлсээр байсан байдаг.
Ховдыг чөлөөлснийхөө дараа Ховдын хязгаарын захирагч сайд,болж, нэлээд бие даасан шазруун бодлого явуулж эхэлсэн нь тухайн үед Ховдод байсан Оросын Консул, Мөн Халхын улс төрийн зүтгэлтнүүдэд болгоомжлол төрүүлж эхэлсэн нь гарцаагүй. Захирагч ламтан Ховд голын хөвөөнөө Шар цэх болон Мүнжигт шинэ хот байгуулж эхэлсэн, баруун Монголын олон хошууны ноёд бүгд түүнд сүслэн дагаж, өргөл даллага өргөн, богино хугацаанд чамгүй ихээр баяжсан, түүнчилэн Ховд дахь Орос консулаас Кош-агач Ховдын хооронд өвс тээвэрлэх тэмээн хөсөг гарга хэмээн үүрэгдэхэд нь бид энэ нутгийн эзэн нь мөн юм бол нутаг усаа мэдэх ёстой гэсэн бодлого баримталж,тээврийн хөлсөө нэмэгдүүлэх болзол тавих мэтээр эсэргүүцсэн106, Ховдод байсан орос цэргүүдээс хэрэглээний мод түлээ бэлдсэний хураамж татвар авах журам тогтоосон зэрэг нь тэнд байсан Оросын консулыг ихэд сандаргасан байдаг. Бурдуковын бичсэнээр журамлан тогтоосон татвар хураамж нь хүн сандраад цааргалаад байхааргүй өчүүхэн бага хэмжээтэй “нэг тэмээ ачаанаас ердөө 60-80 копек”104 авахаар болзол тавьсан байсан аж.
Ховд дахь Оросын консул Люба энэ мэтийг дурьдан Петербург руу байн байн захидал бичиг илгээх болсон ба “Нэр алдар эд баялаг, хүч нөлөө бүхнийг гэнэтхэн олж аван өндөрт хүрсэн хүнийг яах тухай асуудлыг хэлэлцэхэд өндөр зиндааны өдий төдий хүмүүс оролцсон байна”106 
Улмаар Петербургаас Монгол дахь Жа лам буюу Лувсандамбийжанцангийн хорт ажиллагааг зогсоохын тулд61 баривчлан, Орост аваачихаар шийджээ. Үүнд Жа ламын өөрийнх нь хэтэрхий хатуу харгис байдал ч бас томоохон шалтаг болсон аж. Тухайлбал консул Люба “Ховдын хязгаарт амьдарч байгаа долоон овгийн Монголчуудын гомдол”105 гэдгийг Петербургт илгээж, Жа ламыг хамгийн түрүүчийн гомдол саналыг үндэслэн цаазлах юм уу жанчин гэсгээж болно гэдгийг мэдэгдэн, “Ганцхан жилийн дотор зуу гаруй нэр нөлөө бүхий Монголчууд захирагч ламтанд зодуулж жанчуулсан ба алагдаж хороогдсон хүмүүсийн ойр дотныхныг голомтоор нь хүйс тэмтэрсэн байна. Жа ламын ойрын хүнд морь өгөхдөө алгуурласан хүнийг хүртэл газар дээр нь хөнөөх явдал байна” гээд уг гомдол нь Жа ламын харгислалаас өөрсдийг нь чөлөөлж өгөх гуйлтаар төгссөн”105  байжээ. 


Түүнээс гадна Дамбийжанцангийн захиргаанд байж, нэгэн хороог удирдаж байсан Баяр тайж, хуарангийн сахилга бат алдсан, бохир заваан байсныхаа төлөө шийтгэл хүртэж, шийтгэлээ хүлээхгүй гэж эсэргүүцсэнийхээ төлөө тушаалаа өгч Өргөөд хүргэгдэх ял авсандаа хорсон, Ховдын Консулын дэргэд зугатан ирээд Дамбийжанцангийн эсрэг элдвийн муу зүйлийг сэдэн хов хутгаж, консулыг ятган дэмжиж байсан нь111 ч Любагийн уг үйл ажиллагаанд хүчтэй түлхэц болжээ.
Магадгүй тэр хүмүүсийг өөртэйгээ адилхан хатуу чанд зарчимд сургах гэснээсээ болж тэдний дургүйцлийг ихээхэн төрүүлж байсан бололтой. Тэрбээр суурьшин суусан газартаа маш цэвэрч нямбай байхыг эрхэмлэдэг байсан гэдэг. “....лам нарын олон гэрүүд эгнээ эгнээгээр баригдаж, жижиг сүм дуган нь түүн дундаас бараг харагдахгүй болтлоо өнөр өтгөн болсон Мүнжигт байхдаа хийдийг цэвэр байлгах тухай тушаал гаргасан учраас лам нар хэдийгээр шинэ журамд дургүй ч гэсэн хийдийн гортигоос гадагш гарч бие засах ёстой байсан, хог новш, ялгадсанд дарагдсан Богдын өргөөтэй харьцуулахад Мүнжигийн хийд маш цэвэрхэн хийд байсан..”111, Дамбийжанцан цэргийн хуаран сүм хийд, албан байранд гэнэт гэнэтхэн шалгалт хийж, дэг журамгүй явдал илэрвэл хатуу шийтгэдэг байсан, лам нарыг архи уулгах байтугай тамхи татахыг хориглосон, өөрөө архи ч уудаггүй, тамхи ч татдаггүй хүн байсан97 тухай түүнтэй маш ойр дотно байж, хамгийн сайн мэддэг цөөн хүний нэг болсон Бурдуков өгүүлсэн байдгийг бодоход худлаа хэлээгүй нь лав байх.           
1914 оны 2-р сарын эхээр Ховд дахь Оросын консулын 160 тоот зааварчилга болон хувийн зөвлөмж, “Ховдын баг цэргийн захирагч”-ийн хувийн зөвлөмж, 336 тоот нууц заавраар явагдсан Жа ламыг баривчлах ажиллагааг Сибирийн буудлагын 41-р хорооны ахмад Булатов ахлан гүйцэтгэсэн байдаг. Тэрээр Koш-Агачийн хасагуудыг Монгол рүү нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцээр хийхээр очиж байгаа дүр эсгэж, хууран мэхлэх аргаар энэ ажиллагааг явуулсан тухайгаа илтгэн бичсэн нь Москва хотноо Оросын Гадаад бодлогын архивт хадгалагдаж байдаг110 аж.
Энэ тухай Бурдуков бичихдээ “Дамбийжанцан зөвхөн тэмээ дайчлах тухай оросуудын үл биелэгдэх шаардлагыг эсэргүүцсэн ба ер нь оросуудын командлах гэсэн санаархалыг эсэргүүцэж байсны учраас л баривчлагдсан болохыг хэн ч мэдэлгүй хоцров”113 гэсэн байдаг 
Хожим нь Оросын Монгол судлаач түүхч Ломакина энэ бүх үйл явдалтай холбогдох  баримтуудыг цуглуулан судалж үзсэний эцэст “...Жа ламыг баривчилсан явдал хууль ёсных байсан уу?” гэсэн асуулт тавиад, “Төрсөн газар орон дээрээ царай нь хувиран барайж” Оросуудаас амь горилж байсан зоригт эх оронч хатанбаатар Магсаржавын удирдсан цэргүүдийн зэвсгийг хураах нь хууль ёсны үйлдэл байсан уу? Эцсийн эцэст жирийн бус харин цэргийн анги бүлгийг захирч байсан Монгол жанжинд ахмад Булатов тушаал өгөх эрхтэй байсан гэж үү? Мэдээжээр үгүй. Зүгээр л зоргоороо авирлах явдал энд газар авч, хятадтай харилцаагаа тасалсан гадаад Монголын Засгийн газар ганц найдвар нь болсон Оростой муудалцахгүй гэсэндээ ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Энэхүү баривчлагаа бол улс төрийн золиослолт байсан юм. Дээр нь нэмж хэлэхэд Жа ламын энэхүү идэвх зүтгэл, асар ихээр алдаршсан явдал нь Богд хааныг ч болгоомжилоход хүргэжээ!123  хэмээн халаглан бичсэн билээ. 
Ийнхүү Жа ламаас ихэд болгоомжилж, зориудын “ажиллагаа” явуулах болсон гэдгийн илрэл нь Монгол дахь Оросын дипломат төлөөлөгч гэгдэж байсан И.Я.Кростовецийн “Жа ламын үйл ажиллагааны байр байдал ихээхэн төвөгтэй байдалд хүргэх учир түүний эсрэг мөрдөн мөшгих арга хэмжээ авч эхэлсэн юм”62 гэснээс тодорхой харагдах ажээ.
(Баривчлах ажиллагааг явуулсан тухай ахмад Булатов илтгэхдээ “Хил хавийнТашант гэдэг газарт хасгуудыг шилжүүлэн өгөх тухай хэлэлцээр хийх гэж байгаа хэмээн жанжин С.Магсаржавд итгүүлж, ганцааранг нь дуудуулан авч ирсэн бөгөөд захирагч Жа ламтай тэднийг уулзуулах боломжгүй хэмээн цааргалсаар байсан түүнд “Эрхэм та мориндоо мордоод надтай хамт Жа лам руу явагтун” хэмээн тушааж эхэлсэн ба хууртагдсанаа мэдэн, царай барайж, дуугүй даган явсан Магсаржавыг дагуулан Жа ламыг баривчилж байх хооронд удирдлагаасаа тусгаарлагдсан цэргүүдийнх нь зэвсгийг хурааж гарыг нь мухарласан, зэвсэгээ өгөхгүй гэж эсэргүүцсэн Монгол цэргүүдийн өөдөөс тэдний тушаалаар гал нээж, нэлээн хэдэн Монгол хүний амь нас хорогдсон”123 тухай бахархалтайгаар дүрслэн бичсэн ажээ)
Баривчлагдах үедээ Жа ламын бие илаарь биш байсан тухай Булатовын илтгэл мэдүүлгээс гадна Бурдуковын дурсамжид үгүүлсэн байдаг бөгөөд чухам энэ байдлыг нь ажиллагаа явуулахад ашигтай нэг хүчин зүйл болгосон ч байж болох юм.      
Жа лам баривчлагдан цөлөгдөж Сибирийн шорон гяндан дамжсаар, эцэст нь Астарханд гэрийн хорионд сууж байсан ба Орост хувьсгал гарч, дайн самуун дэгдэж эхэлснийг ашиглан нутгийн зүг буруулан оджээ. Тэрээр 1918 онд Ховдын хязгаарт ирэн дахин төвхнөж эхэлсэн байдаг. Жа ламыг Монгол руу зүглэсэн даруйд Монголын Засгийн газар болон Монгол дахь Оросын төлөөний бүх этгээдүүдэд түүнийг Монголын хил рүү оруулахгүй байх, баривчлан буцааж хүргүүлэх зааврыг Петербургаас илгээсэн байна.
 Дамбийжанцанг Монголд буцаж ирэхэд хэдхэн жилийн өмнө баруун хязгаарыг харийн мөлжлөгөөс чөлөөлөхийн төлөө бүхнээ зориулан тэмцэж, ялалтанд хүргэснийх нь бүхий л үр өгөөж урвуугаараа эргэсэн байжээ.
1915 оны 5 сарын 5-нд байгуулсан “Автономит Монголын тухай гурван улсын зөвшилцөл” гэгчийн үрээр Монгол улсын нутаг дэвсгэр урьдын адил Хятадын нэгэн хэсэг гэгдэх болж, Өргөө Улиастай, Ховдод хятадын амбан сайдуудыг суулган, Монголчууд тэдний захиргаанд байх болжээ. Тэрчлэн 1911 оноос хойш төлөгдөөгүй үлдсэн байсан Монголчуудын өрийг барагдуулна хэмээн нэхэмжилж эхэлсэнээс гадна хятад цэргийн анги нэгтгэлүүдийг оруулан ирж байршуулав. Ийм үед нутгаа тэмцэн ирсэн эх оронч Жа ламын урам хугарахаас ч аргагүй.


Гэсэн ч тэвчээр зааж Ховдыг чөлөөлөх үед Самади багш цолоор шагнуулсан Жалханз хутагт болон хатанбаатар Магсаржав зэрэг хуучин нөхөд, хамтран зүтгэгчидтэйгээ уулзан санал бодлоо солилцсон байна. Тэдний аль нь ч ялгаагүй өнгөн дээрээ ихэд хүндэтгэн угтах хэдий ч нэг л хөндий, зай барьсан байдалтай уулзаад, холдон одож байсан гэдэг. Тэглээ гээд тэр “гандан буурсангүй”. Хязгаар нутгийн голдуу ноёд түшмэдүүдээр дахин өөрийгөө хүрээлүүлж, хөл дээрээ босож аваад, Шинжаантай хил залгаа өмнө тийш одон, Хар элсний говьд өөрийн бэхлэлт цайзыг байгуулж, олон тооны албат иргэд эзэмшил хөрөнгө бүхий нэгэн болж, тун чиг өвөрмөц байдлаар “тусгаар тогтносон” ажээ.


Түүнийг Орост цөллөгөнд байх хойгуур “хятад талыг онцгой тууштай баримтлагч баядын их нөлөө бүхий ноён, дөрвөдийн зүүн хурлын дарга Чагдаржав бэйсийн хүү баядын ноён Нацаг бэйл тэргүүтнүүд Монголын баруун хязгаарыг дахин хятадын харьяат болоход идэвхтэй нөлөө үзүүлжээ.  Дамбийжанцан хязгаар нутгийг захирч байхдаа Нацагийн хятадад талтайг сайн мэдэх тул түүнийг зориуд дарж, идэвхийг нь сааруулж байв. Нацаг бүүр түрүүн Үрүмчийн дүтүүнтэй эхлээд хятад худалдаачнаар, дараа нь өөрийн элч төлөөлөгчөөр дамжуулан нууц холбоо тогтоосон ба хятадууд Үрүмчийн дүтүүнээр дамжуулан тэднийг талархагч ноёдод цалин пүнлүү өгөх болов. Хятадаас ийм пүнлүүг эхлээд Нацаг авах болж, жилийн дараа бас хоёр гурван ноён авдаг болов. Нацаг бэйлийн талынхны тоо хурдан өсөв120 гэснээс үзэхэд баруун хязгаарын захирагч Дамбийжанцан баривчлагдан цөлөгдсөн нь дайсан этгээдүүдэд хамгийн тааламжтай нөхцөл болсон бололтой.           
 Хэдийгээр түүнийг Монголд дахин орж ирэхэд нэгэн цагт “Монголын алдарт хүн” Жа ламтай уулзаж, хамтран зүтгэхийн хүслэн болж явсан цагаантны Барон Унгерн, улаантны талд орсон Магсаржав нарын аль аль нь өөрийнхөө талд орохыг урин дуудсан авч алины нь ч хүлээж авсангүй158, өөрийнхөө замыг хөөжээ.
 Энэ мөчид түүний 1917 оны 6 сард Астраханаас Монгол руу А.В. Бурдуковт бичиж байсан “....Энэ жил намайг цагдаагийн хараа хяналтаас гаргаж байгаа хэдий ч миний бие Монгол орныг хятадын дарлалаас хамгаалж байсныхаа төлөө санаа сэтгэл, бие махбодын ямар ч сайн сайхан юмыг үзээгүйгээр үл барам, зөвхөн өөдгүй муу явдалтай л учирсан болохоор энэ жилдээ тийшээгээ явах хүсэл алга...”241 хэмээсэн цөхрөнгүй үгс эрхгүй санаанд бууна.
1922 онд цэргийн шүүхээс түүнд цаазаар авах ял оноож, Ардын засгийн газраас түүнтэй холбоотой тунхаг бичгийг үйлдэн тараав. Тэрээр мөн л 1914 оных шиг хууран мэхлэх аргаар, Халимагийн иргэний дайны баатар, улаан цэргийн дарга Харти Хануковын төлөвлөгөө заавраар отон хороожээ. Зарим түүхэн ном зохиолд Ардын засгийн газрын даалгавраар тэр үеийн Дотоодыг хамгаалах газрын дарга Балдандорж, бэйс Дугаржав, Нанзад баатар нарын хүмүүс эрхлэн гүйцэтгэсэн гэдэг ч эдгээр нь мөнөөх Харти Хануковын заавраар ажилласан хэмээн зааварлагч өөрийн илтгэлдээ тодорхой тэмдэглэжээ.  
Харти Хануковын илтгэлд Дамбийжанцанг Бээжин дэх Хятадын эрх баригчидтай хуйвалдан Монголыг эзлэн авах нууц хэлэлцээр хийж байсныг нь илрүүлсэн мэтээр бичсэнийг нь Монгол судлаач И.Ломакина олж үзсэн байдаг. Жа лам хамтран зүтгэж байсан бүх хүмүүсээсээ сайн дураараа зам салж, зожигрох болсон, өөрөөр хэлбэл цаазаар авахуулах болсныхоо өмнөхөн Сү шю Жанаар удирдуулсан хятадын Ан – Фүгийн цэргүүдэд хүнд хохирол амсуулж24, Монгол эх орныхоо эрх чөлөөний төлөө тэмцсээр байсан тухай Хенин Хаслунд  номондоо өгүүлжээ.
Гэтэл ийнхүү манж хятадаас Монгол орныг чөлөөлөх тэмцэлд амьд явсныхаа утга учрыг зориулж, тэднийг яс махнаасаа үзэн яддаг байсан Жа Ламыг Хятадын эрх баригчидтай хуйвалдан Монголыг эзлэх оролдлого хийсэн ялд унагаж, отон хороосон байна. Энэ явдлаас хойш, тун ч удалгүй Монгол төрийн зүтгэлтнүүдэд зохиомлоор ял төлөвлөж, хоморголон устгах хэлмэгдүүлэлт эхэлж, хамгийн анхныхад нь Бодоо, Да лам Пунцагдорж, Тогтох гүн нарыг Дамбийжанцан буюу /Жа лам/-аар дамжуулан холбоо барьж,хятадын цэргүүдийг авч ирэх бодолтой байснаа илчилсэн хэмээн буудан хороосон ажээ 
 “Хутагт ламтан 1923 онд таалал төгсөөгүйсэн бол “ардын дайсан гэсэн хаяг зүүж, бусдынхаа хувь тавиланг хуваалцах байсан”180 гэж боддог тухайгаа Ломакина бичжээ. Харин бидний тухайд бол хуваалцдагаа хуваалцаад, харин ч бусдаасаа хамгийн түрүүнд хэлмэгдэн цаазлуулжээ хэмээн дүгнэх байна.
 Энд өгүүлэгдсэн мэдээ сурвалжууд болон өгүүлэмжүүдэд үндэслэн бидний зүгээс дараах саналуудыг дэвшүүлж байна.
Нэгд: 1911 оны сүүлчээс хойш Ховдын хязгаарт бий болоод байсан нөхцөл байдлын талаар мөшгөн судалж үзэхэд манж хятадын эрх баригчдын нөлөөнд хэтэрхий автсан болон тус тусын салангид бодолтой олон ноёдыг нэгэн итгэл бишрэл дор нэгтгэж, их цэргийг хуралдуулах үйл хэрэгт Дамбийжанцан гол үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой байгаа бөгөөд хэрвээ энэ хүн гарч ирээгүйсэн бол Ховдыг чөлөөлөх хөдөлгөөн тийм амжилттай болох байсан эсэхэд эргэлзэх үндэслэлтэй гэж үзэв
Хоёрт: Жа лам буюу Дамбийжанцан нь 1912 онд Ховд хотыг чөлөөлөх хөдөлгөөнийг оройлон удирдсан гол удирдагч жанжин болох нь түүхэн мэ



com
Дамбийжаа чинь ОРОС болоод ХУЖАА нарын гар хөл болж, Ардийн Засгийг устгаад Баруун Аймгуудыг таслан авч "Ойрд Улс " гээчийг байгуулах гэж санаархаж байгаад алуулсан түүхэн үнэнтэй шүү дээ!!! Эхнээсээ цагаан орос, дараа нь улаан оросын тагнуул болж Монголд ирж байсан УРВАГЧ даа!!! Үхсэнийх нь Ховдыг чөлөөлөхөд оройлон удирдсан гэж????? сананаас бүү үлгэр зохио!!! Ховд хотыг чөлөөлөхөд оролцсон, гэхдээ оросуудын тушаалаар оролцсон түүхэн баримттай!!! Хэсэг цэрэг удирдаж байсан баримт бий!! Тэр бүгэж байгаад алуулсан Маажинсан уул гэдэг нь Одоо Хятадын Гансу мужийн нутаг манай хилийн цаана буй нутаг даа!! Хужаа нар ц ер нь угаасаа ойрд мойрд нэр барьсан УРвагч ХУЛГАЙ нараар Монголын төрийг бусниулдаг байсан түүүх бий дээ!! 

com
Энэхүү түүхэн тэмдэглэлийг унаад тодруулмаар зарим зүйл санагдлаа.Үүнд 1.Орос,Халимаг,Монгол зэрэг улсуудад амьдарч байсан Жа лам хэмээгдэх Дамбийжанцан гэгч хүний гарал угсааг олж тогтоогоогүй цагт энэ хүний холбогдолтой түүх домогийн төдий тэмдэглэл дурсамж яриа нь түүний үзэл санаа бодлого зорилогыг үнэн зөвөөр төдорхойлоход бүрэн дүүрэн хангалтгүй юм. 2.Ховд хотыг манжийн амбаны мэдэл,түүний хамгаалалтын цэргүүдээс чөлөөлөх дайралтанд хатан баатар Магсаржав,манлай баатар Дамдинсүрэн нарын хамт Дамбийжанцан өөрийн биеээр удирдсан цэрэгтэйгээ оролцож ямар гавьяат үйлийг бүтээсэн бэ? 3.Ховд хотыг чөлөөлөх тэр үед Манжийн амбанд туслахаар Тал хайрхан уулын цаанаас ирж яваа хятад цэргийн хүчийг угтаж байлдсан бол яг хэдийд ямар нэртэй газар юу болсон тухай түүхийн аль хэсэгт нотлох баримттайгаар тэмдэглэгдсэн байна вэ? гэх зэргийг сайтар нягтлан үзэхгүй бол Дамбийжанцан гэгч нь Манжийн дарлалаас салахыг хүссэн Монголчуудыг ашигласан "ӨШӨӨ АВАГЧ",Монголыг оростой ойртуулахгүйгээр байлгаж дотроо зөрчил хагаралтай,өөрийгөө хамгаалах хүч чадваргүй байдлыг нь ашиглаж баруун хэсгийг нь салган тусгаарлаж эзэгнэх, эсвэл Монголын хаан болох санаатай нэгэн байж дээ гэж ойлгогдохоор учир Монгол Манжаас тусгаар тогтносон,Ховдыг чөлөөлсний 100 жилийн ой зэрэгтэй холбон үзэхэд учир дутагдалтай мэт.

Tuesday, August 7, 2012

Хаадын хаад

Алангоо эхийг өнгөрсөний дараагаар отгон хүү болох Бодончар нь хэдийгээр өмч хөрөнгийн хувь хүртсэн ч эрх мэдлийн төлөө их бага хэмжээний тулаануудыг хийснээр Монголчуудын дунд нилээн нэр хүнд бүхий удирдагч болж чадсан байна.
Тэрээр Чингис хааны өвөг дээдэс Боржигон овгийг үндэслэсэн бөгөөд Боржигон гэдэг үг нь эртний монголоор "Цэнхэр нүд" утгатай, түүний үр сад, ач зээ нар нь цэнхэр нүд, улбар шар үстэй байсан төдийгүй цэвэр цусны Монголчуудын овогийг үүсгэж чаджээ. Энэхүү овогийг Нирун "Гэрлийн үр сад" гэж бас нэрлэдэг байсан байна. Монголчуудыг ийнхүү ямарваа нэгэн гадны нөлөөгүйгээр тоогоо нэмэгдүүлж, хүчээ хуримтлуулж байх үед мөнхийн өрсөлдөгч эд хөрөнгийн уурхай болох Хятад улс ч бас төр засаг улс төрийн хувьд эмхлэн цэгцлэгдэж байсан төдийгүй нийслэл хот нь одоогийн Бээжинд нүүж ирсэн байна. Гэсэн хэдий ч хойд зүгийн нүүдэлчиийн байнгын довтолгооноос болж анхны хаан болох Сунг өөрийн байр суурийг төдийлөн бэхжүүлж чадахгүй байснаар ч ул барам Шар мөрний хойд эргийг нүүдэлчдэд бүрэн алджээ. Энэхүү нүүдэлчид нь Монголчууд болон Манжуудаас (Манжууд мөн адил Монголын нутаг дэвсгэрээр нүүдэллэн амьдардаг байсан нүүдэлчдийн үр удам) уг гаралтай Киданууд байсан байна. Киданууд цаашдаа Шар мөрнөөс хойш Хятадын хойд хэсгийг эзлэн орших болсон бөгөөд Ли (Төмөр) овогийг үүсгэжээ.
Киданууд нүүдэлчин овгуудаас хамгийн хурдан хятадчлагдсан гэж болно. Өөрийн байлдах ур чадвар, нүүдэлчин шинж чанараа алдсанаар Жүрчид овогийн нүүдэлчдэд шахагдаж 1125 он гэхэд Кидан гүрэн оршин тогтнохоо бүрэн болсон юм.
Чингис хааны өвөг аав болох Хабул хааны үед Монголчууд ихээхэн хүчирхэг болсон боловч удаан хугацаагаар үргэлжилээгүй юм. Гэсэн хэдий ч Хятадуудыг удаа дараа шахан заналхийлж байсан учираас Алтан улсын хаан найрамдахыг уриалж өөрийн ордон Бээжин лүү урж байжээ.
Хабул хааныг маш эелдэг дотноор хүлээн авч ихээхэн хэмжээгээр дайлж байсан боловч Хабул хаан эртний өвөг дээдэс Хүннүчүүдтэйгээ адил энэхүү нүүр хуурсан эелдэг байдал, дипломат харьцаанд ач холбогдол нэг их өгөхгүй харьцаж байсан төдийгүй нэг удаагын цайллаган дээр Хабул хаан өөрийн өмнө тавьсан бүхий л амттан хоолыг идэж барьж, маш их хэмжээгээр архи дарсыг ууж, дууч эмсийг татан чангааж биеэ авч явж байсан бөгөөд эцэст нь Алтан хаантай дарс тулгаж ууж байхдаа сахалнаас нь татсанаар энэхүү цайллага дууссан байна. Хэдийгээр ингэж ёс бус харьцаж байсан ч Алтан улсын хаан асар их хэмжээний бэлэг сэлт өгч найрамдлыг дахин дахин хүсч явуулж байжээ.
Хабул хаан маш олон хүүхэдтэй тэдгээр нь бүгд их зоримог, дайн ч, догшин ширүүн зантай байсан учираас Хиад (Ширүүн хүчтэй уулын горхи) овгийг үүсгэжээ.
Хабул хааны үед Монголчууд Хянганы нуруугаар нутаглан амьдардаг байсан Татаруудтай дайтаж эхэлсэн боловч төдийлөн амжилт олохгүй байсан бөгөөд нэгэн удаагын тулаанаар Хабул хаан хөнгөн шархдаж тулалдааныг өндөрлсөн байна. Энэ үед сайн бөө удгадууд нь Татар угсааныхан байсан учираас эдгээр бөө нар Хабул хааныг эмчилсэн боловч бүр дордож удалгүй өнгөрчээ. Үхлийн шалтгааныг Монголчууд бөө удган нарт байгаа гэж үзэж бүх бөө удгадыг алж дуусгажээ. Улмаар энэхүү дайн нь өс хонзонгын шинж чанартай болж улам бүр хурцадмал байдалтай болсон байна. Хабул хааны хойчоор Амбагай сонгогдсон байна. Амбагай хаан нэгэн удаагын тулаанаар Татаруудад дахин баригдан Хятадын Алтан хаанд хүргэгдэж цаазлагджээ. Цаазлах энэхүү арга нь хэрэгтэнийг модон илжигэнд суулгаж эмээлэнд нь бэхэлсэн урт шор модоор амьдаар нь шорлож алдаг байна.
Амбагай хаан үхэхдээ миний үхлийг та бүгд хэд дахин нугалж төлөх болно гэж зөгнөж хэлж байжээ.
Үүний дараагаар Хабул хааны хүү Хотолаг хаан ширээнд өргөмжилжээ. Хотола хаан маш том биетэй, их хүчтэй хүн байсан бөгөөд нэг өдөрт нэг хөхүүр айрга ууж, бүтэн хонины махыг торохгүй иддэг, аав Хабул хааныгаа дуурайсан эрэлхэг зоригтой, түргэн ширүүн зантай, ярихыг нь сонсоход тэнгэр дуугарч буй мэт сүртэй, нүцгэн гараараа жирийн хүнийг нэг цохилтоор нурууг нь хугалчих чадалтай, өвөл зуны аль ч улиралд цээж нүцгэн явдаг, задгай галын дэргэд цасан дээр нүцгэн унтчихдаг нэгэн байсан байна.
Нэгэн удаа эргүүлээр явж байгаад Татарын жижиг ангитай тааралджээ. Морины хурдаар давхин орсон боловч морь нь намагт гүнзгий шигдэн гарч чадахаа болсонд тэр даруй эмээл дээрээ үсрэн босож явган байлдаж хөөж явуулсаныхаа дараагаар намагт суусан мориныхоо сүүлнээс нь татан гаргаж буцахдаа морио үүрч явж байжээ.
Хэдий тэрээр хүч чадлын хувьд олноос онцгой байсан ч Татаруудаас өнгөрсөн хаадынхаа өшийг олигтой авч чадахгүй байсаар нэгэн тулалдаанд гэдэсэндээ үхлийн шарх авч өнгөрсөн байна.

hardware-csms.blogspot

Монголчуудын угсаа гарал (Franklin Mackenzie "Dschingis Khan" номноос)


Христын тооллоос өмнө одоогийн Монголын нутаг дэвсгэрт Индогерманаас угсаа гаралтай нүүдэлчид амьдардаг байсан бөгөөд эдгээр нүүдэлчид нь өндөр хамартай, цэнхэр нүдтэй, улбар шар үстэй хэл ярианы хувьд Индогерман бүлд хамаарагддаг хүмүүс байжээ. Санксрит нь энэ бүлийн хэлнээс гаралтай юм. Энэ үед турк угсааны нүүдэлчид ч бас монголын нутаг дэвсгэрт нүүдэлдэггүй байсан байна. Эдгээр нүүдэлчид анх морьдыг уналганд гаршуулсан бөгөөд өмнөд Туркменистанаас хойд Хянганы нуруу хүртэлх газраар нүүдэллэн амьдардаг, хэдийгээр тэд газар тариалан эрхэлддэггүй байсан боловч нийгмийн зохион байгуулалт нь маш нарийн байжээ. Нум сумыг гаргууд эзэмшсэн, цахилгаан мэт довтлон орж ирдэг, салхи мэт ул мөргүй алга болдог, жилийг 12 хувааж амьтдын нэрээр нэрлэдэг байсан төдийгүй гар урлал нилээн хөгжсөн байсан нь Монголын нутаг дэвсгэрээс олддог олдворуудаас тод харагддаг байна. Хэр удаан эдгээр хүмүүс нь амьдарсан болон хэр их хэмжээгээр Монголчуудад уусан орсон нь одоо хэлэхэд хэцүү юм. Олдсон олдворуудаас харахад эдгээр хүмүүс нь өндөр хамар, улбар шар үс, үсний сүлжилт нь Чингис хааны гэх зурагнуудаас харж болох юм. Оросын экспедицийн Ноён уулаас олсон олдвор нь байгалийн хөргөгч болох өндөр уулны мөсөн дотроос олдсон бөгөөд эд өлгийн зүйл нь маш сайн хадгалагдсан байжээ. Эсгий, арьс, нэхий эдлэл, бага зэргийн даавуу давуу дээрх гар урлал нь өмнөд Европоос гаралтай байж болох юм. Мөн Алтай Таван Богдоос нэгэн хосын шарил олдсон байна. Эмэгтэй нь европ, эрэгтэй нь монголжуу царайтай, байснаас гадна эргэн тойронд хоол хүнсний зүйл тавьсан байжээ.
Хүннү гүрний иргэд нь үндсэн хоёр угсаанд хуваагддаг байсан үед индогерман дийлэнх иргэдийн багаахан хэсгийг эзэлдэг байсан бөгөөд 5 орчим угсаа нь л уг гаралтай байсан байх магадлалтай юм. Хүннүчүүд ихээхэн хэмжээний дайралтыг хятадлуу хийдэг байсан учраас хятадууд тэр үеэс их судалж судар бичигтээ хүннүчүүдийн тухай үлдээсэн төдийгүй туршуул илчээр олон тооны хүмүүс явуулдаг байжээ.
Нэгэн илч Хүннүгийн хааныд очсон байна. Тэрээр толгой дээрээ гялалзсан өндөр малгай тавьсан, урт нөмрөгтөй маш тансаг торгон хувьцастай байжээ. Харин Хүннүчүүд энэхүү илчийг их л тохуурхсан байдалтай харцгааж шоолон угтсан бөгөөд хаан нь хэлэхдээ:
Бидний хувьд дайн бол зүгээр гар урлал, газар тариалан. Бид хэзээ ч та нар шиг ёслол төдий зүйл, ёс журамд ач холбогдол өгдөггүй. Бид хонь үхрийнхээ махыг идэж, сүүг нь ууж, арьс үсээр нь хувьцасладаг. Бид хамгийн ихдээ л нум сум харвах, морин дээр бат бэх суух дасгал хийдэг. Бусад үед эрх чөлөөтэй, жаргалтай, хийх юмаар багатай амьдардаг. Удирдлагын арга маань ч бас энгийн өөд өөдөөсөө харж байгаад хөндлөнгийн хүний туслалцаагүйгээр ярилцаж асуудлаа шийддэг. Харин хятадууд та нар өөрсдийн хүчийг энхийн цагт байшин барилга барих зэрэг зүйлд зарцуулдаг хэн нэгэн үхэхэд хүртэл тансаг эд хэрэглэлээ авч оршуулдаг. Ийм учраас танай хүмүүс хэрэгтэй цаг нь ирж байлдах болохоор амархан ялагддаг. Ийм учраас та бүгд айдсаасаа болж шавар хэрэм барьж түүндээ шаналж байна. Чи ч гэсэн өөрийгөө хар!!! Толгой дээр байгаа аальгүй малгай чинь хүйтнээс хамгаалах уу? Наад урт даавуу чинь хөлдөхөөс аварч чадах уу?

Удалгүй Хүннүчүүд Туркуудэд шахагдсан бөгөөд хятадууд ч бас энэ талаар судар бичигтээ үлдээсэн байна. Христийн тоололын 3 дугаар зуунд Туркуудэд шахагдсан Хүннү гүрнийхэн ихээхэн хэмжээний дайралтуудыг хятадлуу хийдэг болсон. Одоогийн Манж угсаатанууд монголчуудаас гаралтай юм. Зарим хэсэг нь буюу цагаан Хүннү нар европ зүг лүү нүүсэн байна.
Аварууд Монголын анхны эзэнт гүрнийг үндэслэсэн бөгөөд хэл яриа нь монгол алтай язгуурт харьяалагддаг болсон байна.
Домогт гардагчилан Монголчуудын уг гарал Тэнгэрээс заяат Бөртэ чоно гэргий Гоо маралын хамт Тэнгис далайг гатлан ирж Онон мөрний хөвөөнд нутаглав гэжээ.
Тэнгис далай гэдэг нь Байгал далай байх боломжтой бөгөөд Цагаан Хүннүгийн зарим иргэд буцаж нүүж ирсэн байх үндэслэлтэй юм.
Бас нэгэн домогт Чингис хааны өвөг дээдэс болох Алангоо маш царайлаг нэгэн байсан бөгөөд бага залуудаа бэлэвсэн хоцорчээ. Нэгэн өглөө гэрийн тооноор гэрэл тусаж сэрсэн бөгөөд Алангоо чарлах гэж оролдсон боловч далдын хүчинд захирагдан чадахгүй хэвтсээр байжээ. Жижиг гэрэл улбар шар үстэй, цэнхэр нүдтэй хүн болон хувирч хэвлийд нь гэрэл шингээсэн байна. Энэ үзэгдэл олон удаа давтагдсан боловч Алангоо хэнд ч хэлээгүй байсаар 3 хөвгүүнтэй болжээ. Эдгээр 3 нь урд хоёр ахтайгаа ямар ч төсгүй байсан бөгөөд шөнөөр ирэгчтэй төстэй цэнхэр нүд, улбар шар үстэй байжээ.

Монголын нууц товчооноос 1 бүлэг 21
Гэвч, та нар учирыг мэдэгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл, миний хэвлийд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзан гарч одох бүлгээ. Дэмий яахан өгүүлнэ та. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яаж болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учирыг мэднэ гээд
Энэ бүхнээс үзэхэд сүүлд гарсан 3 хүүхэд буюу Чингис хааны өвөг нь хар тэргүүтэй биш буюу Улбар шар үстэй, цайвар шаргал царайтай байсан гэж бүрэн үзэж болох юм.

hardware-csms.blogspot

Монголчууд худал хэлдэггүй

ингис хааны бага хүү Толуй Багдад Ираны зүгт томоохон хэмжээний тулаануудыг хийж ихээхэн амжилт олж байжээ. Талекүн хотыг эзэлж авсны дараагаар Вахид-ад-Дин гэгч шүлэгчийг барьж эцэгтээ хүргүүлжээ. Тэрээр Лалын орнуудаар хийсэн тулалдааны талаар болон Чингис хаан, ялангуяа Толуй ноёны талаар ихээхэн хэмжээний баримтуудыг перс хэлээр бичиж үлдээсэн байна.
Нэгэн удаа тэрээр Чингис хааны бие хамгаалагч, баруун гарын мянганы ноён, хормосогч цэргийн жанжин, Борчийн үеэл дүү Өгүлэн чербигийн гэрт байтал хоёр бие хамгаалагч цэргийг дагуулан нэгэн ээлжийн ахлагч орж иржээ. Ээлжийн ахлагч Өгүлэн чэрбийд хэлэхдээ
Урьд шөнө эргүүлүүдийг шалган явахад энэхүү хоёр манаач морин дээрээ унтаж байхад нь би мэдэж ташуурдан сэрээгээд өглөө эрт таньд авч ирж байна. Хэрхэхийг ноён та мэдтүгэй гэж хэлжээ.
Өгүлэн черби уг хоёр манаачаас үнэн худлыг лавлан асуусанд хоёул гэмээ хүлээн, үнэнийг өчсөн байна. Өгүлэн черби сонсоод үнэн учрыг мэдэв, ямар шийтгэл авахаа та хоёр мэдэж байна уу? гэж асуусанд хоёр манаач гэмээ хүлээн чимээгүй шийтгэлээ авчээ.
Нэгийг нь тэр дор нь цаазлан нөгөөхийн үснээс толгойг нь зүүж бүх цэргийн хуарангаар явуулсны дараагаар үлдсэн этгээдийн толгойг авч шийтгэлийг хүлээлгэсэн байна.
Энэхүү шийтгэлийг Вахид-ад-Дин ихээхэн хараад ихээхэн гайхаж Өгүлэн чербигээс
Уг хоёр хоёулаа байсан дээрээс нь ийм хүнд ял авахаа мэдэж байсан байж, бид нар манаан дээрээ унтаагүй гэж хэлсэн бол ээлжийн дарга нь баримт байхгүй учраас баталж чадахгүй уг хоёр ингэж шийтгүүлэхгүй байсан шүү дээ гэж хэлсэнд Өгүлэн черби
Чи үнэхээр гайхаж байна уу?
Танай ард түмэн худал хэлэх, хүнийг гүтгэх, хэлсэн үгэндээ хүрч чаддаггүй харин Монгол хүн 1000 удаа алах ял хүлээсэн ч хэзээ ч худал үг хэлдэггүйгээрээ ялгаатай. Худал хуурмаг явдал, Хүнийг гүтгэх, Хэлсэн үгэндээ хүрэхгүй байх явдлууд та бүгдийн дарамт ачаа болдог. Тийм ч учраас хамгаас хүчтэй бид бүхнийг бурхан гэсгээл болгож та бүхэн үрүү илгээсэн юм гэж хэлжээ.

hardware-csms.blogspot

Мөнх хөх тэнгэрийн ташуур

Чингис хааны шилдэг генералууд Зэв, Сүбээдэй нар Султан Мухамедын үхлийн дараа хойд Ираны нутаг дэвсгэрийг эрхшээлдээ оруулж, цааш Кавказийн зүг өөрсдийн анги нэгтгэлийг авч хөдөлжээ. Эхний хот Каузминийг (Qazwin) бут цохиж тэр хотдоо 40 000 Мусламыг үгүй хийсэн байна. Цааш Азербаджан луу цөмрөн орсны дараагаар томоохон хотын нэг болох Тэбрисийг бүсэлж, их хэмжээний мөнгө нэхсэн байна. Тэбрис хотынхон гучуурыг цаг тухайд нь хэлсэн ёсоор төлснөөр хотоо авч үлдэж чаджээ.
Иран болон Хуучин Зөвлөлт холбоот улсын уулзвар болох Могханы талд тэд өвөлжсөний дараагаар Христын хаант улс Георгын нутаг дэвсгэр лүү цөмрөн оржээ.
Георгийн хаант гүрэн гуравдугаар Георг хааны удирдлага доор ихээхэн хөгжиж хүчирхэгжсэн төдийгүй байнгын шашны мөргөлдөөний улмаас маш сайн бэлтгэгдсэн армитай байсан байна.
Гурвадугаар Георге хаан монголчуудын эсрэг бүрэн тоноглогдон, зэвсэглэгдсэн 10 000 цэргийг явуулсан боловч Чингис хааны бүтээсэн дайны машин болох Зэв Сүбээдэйгийн армийн ганцхан удаагийн цохилтонд бүрэн устаж дууссан байна. Монголын арми цааш Кура голын хөндлөн гаталж Тиблис хотын чиглэл рүү дайралтаа үргэлжлүүлжээ.
Георг хаан өөрийн үлдсэн цэргүүдийг дагуулан Тиблис хотоо хамгаалахаар урьдчилан очиж тулаанд бэлтгэжээ. Монголын арми шууд Тиблис хотын өөрсдийн бай болгоогүй бөгөөд эхлээд Георгийн хаант улсын өмнөд хэсгээр тэнүүчлэн их хэмжээний дээрэм тонуул, аллагыг үйлдсэн бөгөөд үүний дараагаар Тиблис хотын өмнөх Кунаны талд хүрч очсон байна. Сүбээдэй баатрын харуул анги Тиблис хотын өмнө эцсийн хүчээ хуримтлуулсан Георгийн хаантай байлдан төөрөгдүүлж байх явцад Зэв жанжины гол хүч ар талаас нь довтолж бүрэн ялалтыг хорогдол багатайгаар авчээ. Георг хаан тэндээс өөрийн хэдхэн итгэлт хүмүүсийн хамтаар зугатан гарч Тиблис хотод бүгжээ.
1221 оны ялалтын дараагаар Монголчууд Георгийн хаант улсын өмнөд хэсгийг бүрэн тонож шатааж дуусгаад дахин Тиблис хотод ирж гувчуур нэхсэн байна. Тиблисээс гувчуур авсаныхаа дараагаар Урми нуурын дэргэдэх Марагха хотод ирж мөн алба гувчуур нэхсэн боловч шаардлагийг биелүүлээгүй учираас Монголчууд Марагха хотын бэхлэлтийг эвдэж эхэлсэн бөгөөд нэг өдрийн турш үргэлжилсэн тулааны дараагаар хот бууж өгчээ.
Нэгэн үеийн түүхч Ибн ал-Атхир ын бичиж үлдээснээр Монголчуудын эмэгтэйчүүд нь хүртэл байлддаг бөгөөд монгол цэргүүд ямарч хүний үнэргүй, санаанд оромгүйгээр аллага хийдэг гэж бичжээ.
Марагха хотоос цааш Хамадхан хотод очиж мөн бууж өгөхийг шаардсан ч энэ удаад хотынхон бас л татгалзаж цэргүүдээ хотын өмнө жагсаан угтжээ. Монголчууд энэ удаа хүчийн хувьд харьцангуй давуу байсан учираас ганцхан удаагын тулалтанд бүрэн цохигдож үлдсэн хэдэн Мослемууд хотын бэхлэлтээс эсэргүүцсэн боловч мөн удалгүй дийлджээ.
Эндээс монголчууд 2 хуваагдаж цөөн хэдэн цэрэгтэй анги нэгтгэл нь Испахан хотоос алба гувчуур авч буцан иржээ.
Чингис хааны 2 жанжиндаа Кавказаас цааш Европийг эзлэх зарлиг өгснөөр 2 анги нэгтгэл дахин нэгдэж Могханы тал руу хөлгийн жолоо эргүүлсэн байна.
Энэ хооронд Георг хаан дахин цэрэг цуглуулж байсан бөгөөд хэдийгээр 2 жанжины ирж байгааг мэдсэн ч тэр даруй угтан байлдахыг хүсэлгүй хүч чадлаа хуримтуулсаар байжээ.
Монголчууд хэд хэдэн хотыг эвдэж, тонож дуусаад Георгийн хаант улсын захад ирэхэд Георг хаан 30 000 мянган (зарим эх сурвалжаас үзэхэд 60 000) цэрэгтэйгээр хүлээж байсан байна.
Тулаан эхлэхийн өмнө Зэв жанжин 5000 шилдэг цэргийг шилж эсрэг этгээдийнхээ ард талд байрлуулжээ. Сүбээдэй баатар тэр хооронд өөрөө толгойн ангийг толгойлж Георгийн их хүчтэй дөнгөж тулгармагцаа дийлдсэн мэт буцан зугтсан байна.
Георг хааны цэргүүд олон удаагын ялагдалын дараагаар анх удаа Монгол цэргүүдийн арыг харсандаа хөөрч хэт их мэрийж хөөснөөр эмх замбараагаа алдасны дараагаар Зэв жанжины бэлтгэсэн тагнуулын анги ард талаас нь ядах юмгүй цохисноор эх сурвалжуудаас үзэхэд дор хаяж 30 000 цэрэг хүйс тэмтрэгджээ.
Монголчууд цааш төв хот Тиблисийг энэ удаад түйвээгээгүй бөгөөд цааш одоогын Азарбаджан Каспийн тэнгисийн эрэгт тулж иржээ.
Ширван хотод монголчууд түр буудаллаж Чамка хотыг эзэлэх төлөвлөгөөгөө боловсруулж байсан байна. Чамка хот нь уулын өндөрлөгт байрладаг маш бат бөх хэрэмээр хүрээлэгдсэн байсан тул энэ удаад олон хоног тулалдсан боловч онцын амжилт гаргаж чадахгүй байсан боловч Зэв жанжин энэ удаад дахин гайхамшигтай шийдэл гаргасанаар дахин ялалт байгуулжээ.
Монголчууд үхсэн хүн, малын сэгээр холоос хэрэм босгож түүнийгээ өргөжүүлсээр морьтойгоо хэрэмийг давсан байна.

Муслимийн ертөнцөд хийсэн олон жилийн дайн, алба гувчуурын дараагаар лалын шашины бүх орноор өлсөглөн, ядуурал нүүрлэж цэцэглэн хөгжиж байсан улс орноор ядарж туйлдсан хөгшид, эмэгтэйчүүд, дайнд тахир дутуу болсон цөөн хэдэн эрчүүд үлджээ.
Тухайн үеийн нэрт зохиолч Саадигийн тэмдэглэж үлдээсэн нэгэн түүхэнд:
Би бээр Испахан хотын хамгаалагч найзтай байж билээ.
Тэр бух шиг том биетэй, айдасыг мэддэггүй, сэлэм нь үргэлж хэн нэгний цусанд улаанаар будагдсан явдаг хэрвээ тэр дайсан луугаа сэлмээ далайгаад ойртох юм бол ямар ч хүн айдсаасаа болж чичирдэг харин энгийн үед инээд наргианд дуртай нэгэн байсан.
Олон жилийн дараагаар Испахан хотод буцаж очиход нөгөө найзтайгаа тааралдаж билээ.
Хэдийгээр тэр надтай насаар ойролцоо ч явахдаа хөгшин хүн шиг бөгтийж явдаг, нүүр царай нь зовлон шанлалын улмаас үрчийж цайсан, нүдэнд нь айдас шингэж нүүрэн дээр нь хар хөлс нь цувсан нэгэн болж өөрчилөгджээ.
Би: Ямар гээчийн аймшигт хувь тавилан чамайг ийм болгож орхио вэ? гэж асуухад
Гунигтайгаар инээгээд найз маань: Монголчууд!!! Монголчууд!!!
Монголчууд миний зүрх зоригыг нэг мөсөн мөхөөсөн. Би тэдний эсрэг байлдсан ч, аз миний эсрэг байлдаж байлаа.
Ямар гайхамшигаар би амьд үлдсэнээ үнэхээр мэдэхгүй байна. Миний хөлний улнаас толгой хүртэл цусанд будагдсан байсан гээд цааш ярих тэнхэлгүй болсноор бид 2 ын богинохон уулзалт өнгөрсөн юм.
Бас нэгэн тэмдэглэлд:
Георг хаан Багдад луу илч илгээж хэлэхдээ
Монголчууд үгүй хийсэн хүмүүсээ тоолдоггүй, харин амьд үлдсэн хүмүүсээ тоолдог. Хэрвээ хэн нэгэн этгээд тэдэнд олзлогдож байгаад ирлээ гэж хэлвэл, үгэнд нь үнэмших хэрэггүй, оронд нь, ямар ч өршөөлгүй аллага, хүний үнэргүй явдал гаргасан гэж хэлвэл итгээрэй гэжээ.
Мөн тухайн үеийн түүхч Чүвэнигийн бичиж үлдээснээр
Хэдэн жилийн дараагаар би Чингис хааны эзэлсэн хотуудаар явж байхад, нэгэн үед мандан бадарч байсан улс орны ямарч ул мөр үлдээгүйгээс гадна хэдэн мянган иргэд байсан газар ердөө л хэдэн хүүхэд хөгшид харагдаж байлаа. Кростан Ирак зэрэг орнуудад хамгийн ихдээ л хүмүүсийн 10 ны нэг л үлджээ. 

hardware-csms.blogspot.com

Ертөнцийн төгсгөлийг үз

Өмнөд Кавказаас эргэсэн Зэв, Сүбээдэйн арми монголчуудын хувьд огт судлагдаагүй Өмнөд Европын Уралаас Волга мөрөн хүртэлх өргөн уудам тал нутагт орж иржээ.
Энэ өргөн уудам тал нутаг нь Турк, Азиас гаралтай хамгийн хүчирхэг Каучак нүүдэлчдийн эзэмшил байлаа.
Харин одоогийн Орос улс Киевийн өндөрлөгөөс өтгөн ургасан Сибирийн ой хүртэлх нутаг дэвсгэрийг эзэмшин оршиж байсан байна.
Каучак иргэд нь 12 дугаар зууны эхэн үед Азиас нүүж Хар далайн эрэг одоогийн Украйны ойролцоо ирсэн нүүдэлчид бөгөөд үүнээс өмнө олон Монгол угсааны нүүдэлчидтэй хаяа залган нүүж байжээ.
Эндээс Каучакууд 2 хуваагдсан байна, нэг нь одоогийн Болгар чиглэл рүү үлдсэн нь тэр хавиараа сууршиж, Турк угсааны нүүдэлчидтэй холилдон уусч нилээн томоохон шинэ нүүдэлчдийг үүсгэсэн байна.
Оросууд шинээр нүүж ирэгсдийг Половцер(Polowzer) зэвхий царайтнууд, Германчууд мөн адил зэвхий саарлууд буюу (Fahlen) гэж нэрлэж байсанаас үзэхэд эдгээр нь Хүннү гүрний үед байсан Индоевроп угсааныхан байх үндэслэлтэй юм.
Зарим нэгэн Каучакууд христийн шашинд орж байхад зарим нь өөрсдийн үндсэн бөө шашиндаа үнэнчээр үлдэж байсан ч амьдралын хэв маяг нь нүүдэлчин хэвээрээ буюу Монголчуудаас төдийлөн ялгагдах зүйлгүй, хавар болгон сууршмал иргэд болох оросын зах хязгаараар довтолж, хүүхэд, охид, эмэгтэйчүүдийг нь олзолж, олзолсон иргэдээ Лалын орнуудад худалддаг байжээ.
Удалгүй зарим отог аймгууд нь аажмаар сууршиж, ихэнхи нь оросуудтай гэрлэж нүүдэлчин шинж чанараа бага багаар алдаж уусч эхэлж байсан байна.
Зэв Сүбээдэй баатрын арми Кавказаас ийнхүү Каучакуудын эзэмшил тал нутаг руу орж ирэхэд аль хэдий нь Каучакууд бэлдчихсэн, Христ шашинтай Алануудтай (Оросын зах хязгаарын хүмүүс байх) нийлэн тулалдахаар зэхэж байжээ.
Трек, Кума гийн хооронд болсон тулалдаан нэг хоногийн турш аль аль талдаа онцын ашигтай байдал гаралгүйгээр үргэлжилсэн бөгөөд харуй бүрий болж цэргүүд төдийлөн ялгагдахаа болж эхлэхэд тулаан түр завсарласан байна.
Сүбээдэй баатар тэр оройгоо нэг элчийг томилж Каучакын хаан луу явуулсан бөгөөд элч хэлэхдээ:
Аланууд бол бид нарын хувьд харийнхан, харин бидний шашин шүтлэг, удам угсаа адилхан.
Ийм байхад Христүүдтэй нийлж цусан төрлийнхөнтэйгээ та нар байлдана гэж үү?
Та нарын итгэл үнэмшил чинь ондоо биз дээ!
Хэрвээ та нар бидэнтэй нийлбэл, баяртайгаар бид угтах бөгөөд олзолсон иргэд, алт эд агуурсаа дуртайяа хувааж байх болно.
Гэсэн хэдий ч Каучакууд элчийг нь алж, тэр даруйдаа өөрийн холбоотондоо хэлсэн байна.
Дараагийн өдөр нь Монголчууд ядах юмгүйгээр дийлсэн бөгөөд Алануудыг олзолж тэндээс сайн эрс, шилдэг цэргүүдийг нь шилж Хятад луу цөлжээ.
Энэ удаа монголчуудын зүгээс ямар ч найрамдал байгаагүй бөгөөд олзолсон бүх Каучакуудыг үгүй хийсэн байна.
Дүрвэсэн иргэд 2 хуваагдаж нүүсэн бөгөөд ойролцоогоор 50000 иргэд 10000 илүүтэй гэрийг авч Дунай мөрнийг гаталж Буцантийн хаант улсаас тусламж гуйж очжээ.
Харин ихэнхи хэсэг нь Каучакын хаан Кутаныг дагаж эртний дайсан болох Оросуудаас тусламж гуйж очжээ.
Зэв, Сүбээдэй нарын 3 түмэн цэрэгтэй арми эхний ээлжинд зугтагсадыг дагаагүй бөгөөд баруун тийш эргэж одоогын Ростовыг тонож, цааш Дон мөрнийг гаталж, Асовш нуурын эргээр дайрч Керчийн хөндийгөөр Хар далайн чиглэл рүү явжээ.
Энэ нь Чингис хааны захиас байсан бөгөөд баруун тийш Атлантын далай хүртэлх газар нутгийг үзэх, буюу монголчуудын ойлгоцоор дэлхийн төгсгөлд хүрэх санаа байсан байна.
Монголчууд цааш Крим хагас аралаар дайрч өнгөрсөн бөгөөд ингэж явахдаа төрөл бүрийн хэл, шашинтай жижиг овог отгуудыг тонож Судак(Sudak) хагас арал дээр очиж түр хугацаагаар буудалжээ.
Судак нь тэр үедээ маш том хөлөг онгоцны зогсоолтой, худалдаа наймаа өндөр хөгжсөн, ялангуяа хүний наймааны хамгийн том захтай, каучакуудын олзолж өгсөн хүмүүсийг Египет хүртэл зардаг байжээ. Тэрч бүү хэл францууд хүртэл энэ наймаанд их оролцдог байсан байна.
Монголчуудыг ирж буй сургаар Судакын худалдаачид өөрсдийн ихэнхи эд агуурсаа авч Хар тэнгисээр хөндлөн гарч Туркийн аюулгүй боомтууд руу дүрвэсэн байлаа.
Судакыг бүрэн тонож, галдан шатааж дуусгасны дараагаар Одоогын Краков луу эргэсэн байна.
Краков нь тэр үедээ Каучакуудын нийслэл нь байсан бөгөөд тэдгээр нь нүүдэлчид байсан учраас өндөр хана хэрэмэн хамгаалалтгүй хэдхэн шавар байшин, монголчуудтай адил хэдэн гэрээс тогтсон томоохон суурин байжээ.
Краковыг эзэлсний дараагаар тэр өвөлдөө Ростовын ойролцоо өвөлжиж хаврыг хүлээсэн байна.
Тэнд байх хугацаандаа тагнуул ангиасаа шинэ мэдээг хүлээн авснаар дараагийн тулаанд бэлдэж эхэлжээ.
Мэдээ нь
Оросын ноёдууд нийлж, монголчуудын эсрэг ихээхэн хэмжээний хүч хуримтлуулж дайтахаар зэхэж байгаа тухай байлаа. Оросууд тухайн үед олон жижиг ханлигуудаас тогтож байснаас тэр дундаа Киевийн ноён хамгийн хүчирхэг нь байсан байна. Киев нь тухайн үедээ дэлхийн томоохон хотуудын нэгэнд тооцогдож байжээ.
Киевийн хойд талд Ростов Сустал -ын ханлигт тухайн үед одоогийн Москва хот дөнгөж гэж жижиг хот байсан, харин баруун талд Халитч гэдэг төв хоттой Галзиан -ны ханлиг баруун талаараа Унгар, Польшийн эзэнт гүрнүүдтэй хил залган, хойд талд Новгород нийслэлтэй Новгород ханлиг оршиж байжээ.
1222 оны эцсээр Каучакын Кутан хаан монголчуудаас айн дүрвэж, Митислав ноёноос тусламж гуйн очиж охиноо суулгаснаар холбоотон болсон байлаа.
Кутан хаан өнөөдөр тэд бидний нутгийг ядах юмгүй авсан маргааш тэд ийш та нарын нутагийг авхаар ирэх болно гэж мэдээлжээ.
Мөн оросууд адилхан шашинтай Аланууд монголчуудад ядах торох юмгүй дийлдсэнийг сонссон байсан байна.
Энэ бүх мэдээнээс үндэслэж Оросын ханлигууд нэгдэж, зэвсэг барин эсрэг тэмцэх үү? Эсвэл түр хугацаагаар дүрвэхүү гэдгээ хүртэл ярилцаж байжээ.
Олон аймшигт мэдээнээс сүрдсэн оросууд
Эдгээр харийнхан хаанаас ирэв ээ?
Тэдгээр иргэд домогт гардаг Пристер ноён уу?
ингэж олон удаа цуглан ярилцсаны эцэст:
Бүх ханлигууд өөрсдийн ноёдын доор цэрэг цуглуулж Киевийн ноён Митиславын удирдлагаар Монголчуудын эсрэг хөдөлжээ.
Оросын цэргүүд харахад сүрдэм том биетэй, гялалзсан хүнд хуяг дуулгатай, морьд нь хүртэл бүрэн тоноглогдсон ялангуяа Боярууд нь алтадсан хуяг дуулгатай, хар өнгийн савхин урт түрийтэй гутал углаж сүр жавхлантайгаар Днепр мөрний сав газраар Монголчуудыг угтан хөдөлжээ.
Монголчуудын арми тухайн үед ердөө л 3 түмэн цэргээс бүрдэж байлаа.
Тулаан эхлэхийн өмнө Зэв, Сүбээдэй нар 10 хүнийг илч болгон, түүн дотор мөн нэг христ шүтлэгтнийг оросын ноёдууд рүү хөдөлгөж, энэ хугацаанд цаг хожин яахыг хэлцсэн байна.
Илч омог бардам хэлэхдээ
Бид бүхэн танай газар нутгыг эзлэн түрэмгийлээгүй, эвдэн сүйтгээгүй билээ.
Харин та бүгд зэвхий царайтан Каучакуудын үгэнд орж бидний эсрэг цэрэг хөдөлгөжээ.
Бурхан биднийг эртний бидний боол болох зэвхий царайтнуудыг гэсгээхээр илгээсэн билээ. Хэрвээ та бүхэн өөрсдийн дундаас бидний боолуудыг гаргаж өгвөл өөрсдийн газар нутаг, эд агуурсаа хадгалан үлдээж болно.
Оросууд Монголчуудын энэхүү үйлдлийг айж байна гэж ойлгосон бөгөөд даруй элчийг алсан байна.
Үүний дараагаар Монголчууд дахин элчийг томилон илгээж дайны товыг зарласан байна
Элч ирж хэлэхдээ
Бид бүхэн та нарт ямар ч муу зүйлс хийгээгүй байхад, та нар дахин муусайн зэвхий царайтнуудын үгэнд орж, манай элчийг алжээ.
Хэрвээ хүсэж байвал иртүгэй!!!
Мөнх тэнгэр бидний шүүгч байх болно!!!
Энэ удаад оросууд элчийг алаагүй байна.
Үүний дараагаар Оросын бүх ханлигууд, Каучакуудын хүч нэмэгдүүлсэн морьтонгуудтай нийлж Днепр мөрний ойролцоо Монголчуудын ирэхийг хүлээн цэргээ засжээ.
Урьдын адил Зэв жанжин өөрийн хүмүүсийн хамт толгойн анги болон эхэнд нь очсон байна.
Монголчуудын ирж буудалласан байхыг оросын тагнуул анги шөнө дөлөөр очин ,
Сэгсгэр жижиг морьдтой, эсгий, ширэн хувьцас бүхий жижигхэн биетэй эрс гал тойрон суухыг харсан бөгөөд өөрсдийн ноёддоо очин байдлыг илтгэсэн байна.
Үүний дараагаар Митислав ноёны арми толгойн ангиар явж байхдаа монголын хэдхэн хүнээс бүрдсэн тагнуул ангитай тааралдсан бөгөөд ядах юмгүйгээр бүслэн авч бүгдийг нь тэр дор нь үгүй хийж эхний ялалтыг авсан байна.
Митислав ноёны удирдлаган доор байсан Каучакууд дийлэгдсэн эрсийн толгойг морьныхоо сүүлэнд зүүж их л сүр бардамаар бусад ноёдуудад үзүүлэн давхилджээ. Оросын арми Монголчуудын эдлэл хэрэглэл, морьд, олзлогсодыг харж нөгөө сүр дуулиан болоод байсан арми ердөө л энэ үү гэцгээн ихээхэн хөөрч байснаас гадна бүх Ханлиг, ноёдууд ялалтыг зөвхөн өөрийн хүчээр авч нэр алдраа дуурсгах хүсэл нь оволзож байжээ.
Энэ бүхэн Монголчууд дийлдэж байгаа биш харин Зэв, Сүбээдэй нарын нарийн бодож олсон төлөвлөгөөний дөнгөж эхлэл байсан юм.
Оросын арми 82 000 мөн Каучакуудын 10 000 морьтонгоос бүрдсэн нүсэр арми Монголын 30 000 хүнтэй армитай тулаахаар Днепр мөрний эрэгт хоёр талаас цэргээ зассан байна.
Энэ хооронд Зэв жанжин бүх цэргийн дундаас 5000 шилдэг цэргийг шилэн эсрэг талынхаа ард талд гарч амжжээ.
Тулаан эхэлж нэг их удаагүй байхад Монголчууд эмх замбараагаа алдан хэсэг хэсэг болон буцан дутаасан байна.
Үүнийг харсан эрх мэдэл нэр алдарт дуртай, нэгдсэн зохион байгуулалт байхгүй оросын нүсэр арми ар талаас нь хөөсөн бөгөөд хэсэгчилэн зугтсан Монголчуудтай байлдах тоолондоо хоорондоо холдон, жижиг тулаан бүрт өөрсдийгөө ялж байгаа мэт санагдаж улам бүр улангасан байжээ.
Иймэрхүү янзаар 9 хоногийн туршид Монголчуудыг хөөсний дараагаар Оросын армийн толгойн анги буюу Каучакууд Калка голын эрэгт таран эмх замбараагүй зугтаж байсан монголчуудын арми биш харин маш нарийн зохион байгуулалтай жинхэнэ Монголын армийг олж харсанаар, олон хоногийн ялагдал зугталт өгөөш байсаныг мэдсэн байна.
Ингээд шилдэг 5000 цэрэг бүхий Зэвийн толгойлсон анги хойд талаас нь Сүбээдэйн толгойлсон Монголын бүх хүчин урд талаас нь цохин 1223 оны 3 сарын 31 ны өглөө буюу Оросын тоололоор гэгээн Ерамесийн өдөр бүрэн устгаж дуусгажээ.
Үүний дараа Оросын сүрдэмээр армиас дөнгөж 10 хан хүн амьд гарч Киев хотынхоо бэхлэлтэнд очсон байна.
Энэ бол бүх христ шүтлэгтэнгүүдийн хувьд аймшиг байлаа.

http://hardware-csms.blogspot.com

Дайлах урлаг, бизнес хоёр адил уу?

Сүүлийн үед бичлэгүүд маань бизнес чиглэл рүү нилээд хазайж байгаагаа өөрөө ч ажиглах боллоо. Учир нь би өөрөө хувийн хэвшлийн салбарынх буюу бизнес эрхлэгч юм. Гол онцлог нь би байнга хэлэх дуртай "оргүй хоосноос баялаг бий болгогч" салбар буюу оюуны салбарт л ажилладаг юм. Энэ нь өөрсдийн эрдэм мэдлэг, чадвар зэрэг гарт шууд үл баригдах баялагыг эргэлтэнд оруулахыг хэлж байгаа юм л даа. Анх их сургуульд эдийн засгийн анхан шатны хичээлүүд орж байхад энэ нь нэг л "уйтгартай, залхуутай, ач холбогдолгүй" хичээлүүдийн тоонд ордог байв гэж.. Тэр үед хурдхан шиг бүх мэргэжлийн хичээлээ үзэж дуусгаад үйлдвэрлэл, практикт гарах гэж яарсан, бага сага зүйл гадарлаж хэдэн зуухан мөр код дотор ажилладаг "мундаг" оюутан байваа.
За сэдвээсээ хазайх гэж байна. Тэгээд сүүлд хэдэн жил ажиллаж, овоо зэгсэн туршлагажсаны дараа буюу өөрийн гэсэн өмчлөл бүхий хувийн хэвшил дээрээ гарсны дараа л эдгээр хичээлүүд ямар ач холбогдолтой, зах зээлийн нийгэм гэж юу болох, хөрөнгө капитал зэргийн мөн чанарыг ухаарч эхлэснээр бизнесийн мэдлэгийн ач холбогдолыг ойлгож эхлэсэн гэх үү дээ, энэ талаар нилээд ном унших дуртай болсон юм.

Саяхан "Бизнес төлөвлөгөө ба Сүнз" номыг уншиж байхад Дайлах урлаг нь бизнес ажиллагаатай адил мөн чанартай болох санааг дэвшүүлсэн байсан нь миний бизнесийн мөн чанарын талаар өмнө бодож явсан яв цав таарч ёстой "загтнасан газар маажих" адил боллоо. Эртний хятадын алдарт жанжин Сүнз нь 13 бүлэг бүхий судар бичгийг өнөө үлдээсэн нь дэлхий алдарт бизнесменүүдийн уншиж судладаг чухал судар гэнэ. Уг номны бизнес төлөвлөгөө гаргах хэсэг нь санаа авууштай зүйлс их байсан ч надад Сүнзийн дайлах урлагын бичвэрүүд ихээхэн сонирхол татаж байв.

Дайлах буюу аян дайн нь бусдын газар нутаг, эд баялагыг эзлэн түрэмгийлэх шинж чанартай байдаг бол бизнес нь газар нутаг дахь хүмүүсийн хэрэглээг хангахаар эзлэн авдаг нь адил шинж чанартай. Мөн үүнийг эзлэн авсан эсвэл эзлэхийг хүсэгч нэгтэй өрсөлдөх тул энэ нь дайны ажиллагаа болно гэж хэлж болох. Жишээ нь:

Тагнуулын ажиллагаа:
Аливаа дайныг эхлэхээс өмнө заавал тагнуулын ажиллагааг явуулж өрсөлдөгчийн талаарх бүхий л мэдээ баримт болон тухайн дайны ажиллагаа явагдах газар нутгын талаар хангалттай мэдэж авсан тохиолдолд л дайныг эхлэх хэрэгтэй гэж өгүүлжээ. Өөрөөр хэлбэл маркетингийн судалгааг явуулж өрсөлдөгч компаний бүхий л үйлдэл, ажиллагааг мэдэж авсан бол өрсөлдөөнийг эхлүүл.

Сул тал руу довтлох:
Дайсны хамгийн хамгаалалт султай тал руу цохилт өгөх. Ухаалаг жанжид өрсөлдөгчийн сул талыг сайн мэддэг ба үүнийг тулаанд голлон ажиглана. Бизнест бол өрсөлдөгч этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний сул талыг олж харж үүнээс илүү гарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах.

Удаан эхлэл, хурдан ажиллагаа:
Дайн гэдэг нь эдийн засгийн томоохон ажиллагаа тул дайныг эхлүүлэхээс өмнө бэлтгэлийг сайтар базааж авах бөгөөд сайн жанжин дайнд нэг сайн бэлдээд шууд хөдөлдөг. Харин тулааны үед хөдөлгөөн маш хурдтай бөгөөд шуурга шиг довтолгон орж, утаа адил замхран одно. Бизнест эхлэхийн өмнө сайтар төлөвлөж, бүх зүйлийг нарийвчлан сайтар тооцоолох бөгөөд харин ажиллагаа эхлэсэн даруйд гүйцэтгэлүүд хурдан, чанартай явагдах ёстой.

Тулааны идэвхжил:
Тулаанд цэргүүд өглөө их эрч хүчтэйгээр ороод, үдэд саарч, үдэш дуусдаг. Өөрөөр хэлбэл өдөржин зууралдсан тулаан нь огт ашиггүй бөгөөд эцсийн үр дүн багатай. Тулаан маш хурдан, оновчтой байхаар сайтар төлөвлөгдсөн байх ёстой бөгөөд цохилтыг хурдан өгч, тэр даруйд үр дүн харагдах ёстой. Бизнест энэ нь хамаг байдгаа шавхан өрсөлдөгчтэй удаан зууралдах хэрэггүй бөгөөд энэ нь эцэст аль алины дампуурлаар төгсч болзошгүй ба эсвэл гуравдагч хүчтэй этгээд та хоёрыг салам цохиж зах зээлийг эзэлж ч болох. Иймээс тухайн стратегийн ажиллагааны үр дүн гарахгүй удах шинжтэй стратегийг өөрчлөх хэрэгтэй.

Дайсны чадал:
Ухаалаг жанжин нь өөрөөс хэт хүчтэй дайсантай тулахаас аль болох зайлсхийдэг бөгөөд дайсан өөрөөс хэд дахин их бол зугтна, 2 дахин их бол ухраад салгаж тулна, адил бол ухаалаг тулна, цөөн бол довтолно, хэд дахин цөөн бол бүслэнэ. Энэ нь бизнест өөрийн салбарын бусад компанитай өрсөлдөхтэй адил бөгөөд хэт хүчирхэг компанитай шууд өрсөлдөөн зарлаж тэмцэлдэх нь огтоос ашиггүй болохыг харуулж буй юм.

гэх мэтчилэн дайтах урлагын тухай дүрмүүд олон бий бөгөөд цааш дэлгэрэнгүйг нь Сүнзийн өөрийн эх ном эсвэл Бизнес төлөвлөгөө ба Сүнз номоос уншина бизээ.
Сүнзийн уг дайлах урлагыг практикт хамгийн сайн харуулсан нь яах аргагүй манай өвөг дээдэс буюу Чингис, Бат, Зэлмэ, Сүбээдэй гэх мэт алдарт жанжид юм. Тэр үеийн тулааны талаар уншиж байхад өөрийн эрхгүй тэдний цэргийн чадварыг биширч догдолдог юм. Учир мэдэх хүмүүс Монголчуудад тэр үед уламжлан хадгалж ирсэн "Таван өнгөт хөлгөн судар бичиг" гэж яг ийм тулааны урлагын судар байсан ба манай өвөг дээдэс маань тэрхүү бичгийг сайтар мэддэг байж. Харин Их Юань гүрэн унаж Монголын Их хаан Төмөр Бээжингээс хөөгдөх үед тэрхүү судар алдагдсан гэдэг. Ам ярианаас бол монголчууд хөөгдөн зугтахдаа 5н замаар салж зугтсан бөгөөд эд хөрөнгө, хүн ард, ном судар гэсэн хөсгүүдийн зөвхөн судар бичиг бүхий хөсгийг хятадууд хөөсөн гэдэг. Одоогийн өвөр монгол орчимд судартай хөсөг гүйцэгдэхэд судруудыг ууланд нуусан бөгөөд үүнийг нилээд хэдэн үеэрээ эрж байсан гэдэг. Тэр нөгөө хятадын кино нь дээр хүртэл "Сэрүүн салхи сэвшин үлээж, сэлгүүцэхээс өөр ажилгүй нада, Сэтгэл сэргэм юутай сайхан" гэж балайрдаг хэн билээ нэг овжин залуутай кино дээр нэг хосгүй судар л хайгаад байдаг шүү дээ. За тэр чинь тэгвэл уг сударыг хайж байгаа нь өдгөө кино болж хүмүүсийг зугаацуулах байж л дээ. Дараахан нь хятадын нэг жанжин хэдхээн цэрэгтэй орж ирээд Хархоринг маань түймэрдэж орхиод (сүүлд комминустууд сүйтгэх төөрөгтэй байсан юм байлгүй дээ) явсан нь хятадууд цэргийн эрдэмд монголчуудыг хол хаясны илрэл гэж үздэг байна.

За сэдвээсээ хазайсан давхижийна. Манай улс анх 90 оны эхээр зах зээлийн системд шилжиж байх үеийн бизнесийнхэн Монголын Нууц Товчоонд гардаг хагархай бутархай ханлиг, овог отгуудтай адил байсан мэт санагддаг. Жижиг жижиг ханлигууд хоорондоо дайтаад, эсвэл эв найрамдалтай зэрэгцэн оршиод л.. Тэр үед баахан л тохиролцооны дэлгүүр, лангуунууд байдаг байсан шүү дээ.. Жижиг жижиг ХХК-ууд л юм даа.
Удалгүй эдгээр аймгуудаас зарим овжинууд нь бусдыгаа залгиад, дарсаар томорч эхлэцгээнэ. МСиЭс, Номин, Түшиг, САПУ, Женко, Ньюком гэх мэтчилэн холдинг, групп, корпорациуд ванлигууд болно биз дээ. Энэ үеэс эхлээд маркетинг, менежментийн жинхэнэ дайны ажиллагаанууд явагдаж эхлэсэн гэж бодогддог. Урьд 100-ын ундаа гээд энд тэндгүй эрүүл ахуйн ч шаардлага хангаддаггүй гаазтай ус савлаад зардаг байсан ХХК-уудыг МСиЭС КокаКола шууд 150-иар дараа биз дээ. Энэ чинь л аян дайн байхгүй юу...
Тэгвэл одоо Хүнсий салбарт Өгөөж, Талх Чихэр, Стимо, Бамбууш гэх мэтчилэн,
Барилгын салбарт Цаст констракшн, Эрэл, ...
Нийтийн түргэн хоолны салбарт Хаан бууз, Зочин бууз, Хүрээ бууз, өвөө бууз, эмээ бууз ...
Үүрэн телефон холбооны салбарт Мобиком, Скайтел, Юнител ... гээд дайнууд болж байна даа.

За тэгээд ванлигууд бүүр томроод улс оронг дамнаад ч байлдана. Хамгийн тод жишээ нь






















Майкрософт болон Нээлттэй Эх бүхий Програм хангамжийн ертөнц буюу бусад гээд.
Билл Гэйтс маш олон талбарт маш олон томоохон дайн хийж суудаг:
Internet Explorer vs Firefox, Mozilla, Opera, ...
C# vs Java, PHP, Perl, Python, ...
Media Player vs Mplayer, RealPlayer, Quicktime, ...
Windows vs Unix, Linux, MacOS, ...
MS Office vs OpenOffice, ...
MSN vs Yahoo, Google...
Zune vs iPod ...
гээд л байлдаж өгнө дөө.

За тэгээд ер нь амьдрал гэдэг өөрөө тэмцэл юм хойно бусадтай иймэрхүү маягаар тэмцэлддэг байж харин хамгийн хэцүү тэмцэл бол тэгээд өөрөө өөртэйгээ тэмцэлдэх, өөрийгөө ялах ялалт л гэж бодж байна. Хамгийн хэцүү дайсан болох залхуурал, зуршил, сул талаа ялсан бол та бусадтай тэмцэлдэж чадах болжээ гээд бодчиход нэг их буруудахгүй биз.

Links:
The Sun Tsu - The Art of War
Software Wars
Бат, Сүбээдэй нар Дорнод Европт

Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот

Өчигдөр шөнөжингөө хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ.

Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ.

Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана.

Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана ………

Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн шалтгааныг археологийн олдвор, түүхэн баримт сэлтийг үндэслэн шинжлэх ухааны талаас нотлон харуулахыг зорьсон баримтат бүтээл байсан юм. Баримтат киног үзэж дуусангуут араас нь яагаад ч юм дээрх зураглал толгойд эргэлдээд салахгүй байлаа. Хувилай хааны хүчирхэг усан флот далайн хар салхинд сүйдсэний дараагаар түүхэн сурвалж бичгүүдэд амьд үлдсэн гэмээн тэмдэглэгдсэн Монгол цэргүүдийн хувь заяа хэрхсэн бол гэж бодохоор болдогсон бол эргүүлэн лавшируулан судалж үзмээр санагдаж байсан юм.

Хэдийгээр энэ мэт олон асуулт эргэлдэж байсан ч үзсэн киноныхоо хүрээнд киноны уран бүтээлчид, археологчид, түүхчдийн дэлгэн харуулсан баримт нотолгоо болон интернэтэд тавигдсан бусад судалгааны нийтлэлүүдийг бага сагаар уншиж, сониучирхасан асуулт бүртээ хариулт өгөхийг оролдсоноо та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Олон олон түүхэн баримт бичиг, зохиол туурвилаас Хувилай хааны байгуулсан хүчирхэг Юань гүрэн, Японыг эзлэхээр хоёр ч удаа оролдлого хийн харамсалтайгаар төгссөн эмнэлэгт түүхийг бид мэдэх болсон. Харин уг баримтат киноны бусдаас ялгарах онцлог нь Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн тэнгисийн хар салхи Япончуудын хараал хийсний үр дүнд дэгдсэн үү эсвэл усан флотын далайд гарсан он цаг хугацаа, газар нь үнэхээр байгалийн аймшигт үзэгдэлтэй нэгэн мөчид таарсан азгүйтэл байв уу гэдгийг шинжлэх ухааны талаас тайлбарлахыг оролдсон Японы археологчид, түүхч эрдэмтэдийн баримт, олдворууд байлаа.

НАМАЙГ ХОРГООХ НЭГДЭХ АСУУЛТ: Хувилай хааны гайхамшигт усан флотыг харанхуй ёроолд живүүлсэн хар салхи хэрхэн дэгдэв?

Өнөөдрийг хүртэл Kamikaze /divine wind/ гэх далайн хар салхины тухай Японы ард түмний дунд яригддаг нэгэн домог бий. Японы арлыг эзлэн түрэмгийлэх атгаг санааг агуулсан басхүү ард түмнийг зовлон гасланд унагахыг оролдох гадны хар хүчээс аварч байдаг нэгэн далдын ид шид байдаг нь тэнгисийн догшин хар салхи юм. Өөрөөр хэлбэл Японы арлуудыг эзлэн түрэмгийлэхээр далай тэнгисийг гатлан ирэгч хэн бүхэн эх газарт мөр гаргах хувьгүйгээр тэнгисийн харанхуй ёроолд үүрд нойрсох болно гэсэн домог яриа юм.

Тиймээс Японы ард түмний итгэж буйгаар Хувилайн хүчирхэг флотыг сүйрэлд хүргэсэн цорын ганц шалтгаан бол Kamikaze-гийн домгоор биелэлээ олсон далайн хар салхи юм.

Усан доорх Археологийн Олдворыг Судлах Окинава Нийгэмлэгийн археологч, түүхч эрдэмтэн Кензо Хаяашида, ард түмний дунд яригдах энэхүү домгыг дурьдаад, үхлийн хар салхи дэгдсэн тэрхүү цаг хугацаа нь Хувилай хааны хүчирхэг усан цэргийн флот Япон руу халдан довтолсон он цагтай давхцсан байж болох уу гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахыг оролдлоо.

Түүхэн баримт НЭГ: 900 гаруй усан онгоц хөлөглөсөн 25 мянга гаруй цэрэг бүхий Хувилайн хааны анхны флот 1274 оны намар буюу 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас, Японыг эзлэхээр хөдөлсөн байна. Энэ бол Хувилай хааны Япон руу хийсэн анхны аян дайн байлаа. Ингээд 10 сард Цюсима аралд хүрч хэдэн өдрийн ширүүн тулааны дараа тус арлыг эзлэн авчээ. Цаашлаад Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Хэрэг бишдэж эхлэж буйг ойлгож, хүчирхэг дайчин эрсээс айн бэмбэгнэсэн Япончууд цэргийн хүчээ чангатгаж эхлэв.

Харин Япончуудын аз болоход 10 сарын сүүл буюу 20-ны орой далайн хүчит хар салхи дэгдэж Монголын усан флотын талаас илүүг далайн ёроолд живүүллээ. Монгол цэргийн сүр хүчээс сүнсээ зайлтал айсан Япончууд хар салхи дэгдээх хараалын ном уншиж байсантай холбоотой гэж бичиж үлдээсэн нь их байдаг.

Үнэхээр хараалын домтой холбоотой гэж үү?

Тэгвэл баримтат кинон дээр гарах шинжлэх ухааны тайлбарыг эргэн харий.

Баримтат кинон дээр далайн хар салхи судлалаар дэлхийд нэрд гарсан судлаач эрдэмтэн Жулиан Хемин хар салхины талаар шинжлэх ухааны тайлбар өгнө.

7 дугаар сараас 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудын эрэг орчмоор далайн хар салхи хамгийн ихээр идэвжиж дэгддэг болохыг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бичвэрүүдээс харж болохыг эрдэмтэн хэллээ.

Киног үзсэний дараа “typhoon” гээд гүүгэлдлээ. Үнэхээр л олон жилийн дунджаас харахад 7-11 сарын хооронд хар салхи хамгийн идэвхитэй мөнхүү далайн хар салхины хүч хамгийн өндөр байдаг нь харагдсан. /Дараах хүснэгт/

Тэгвэл Монголын усан флотын дайралт идэвхитэй хийгдэж байсан гол арал болох Такашимагийн эрэг орчмоор хамгийн сүүлд хэзээ хар салхи дэгдсэнийг харий.
2003 оны 9-р сард Японы Такашима арлаар хүчтэй хар салхи дэгдэж байжээ. Мөн түүнчлэн Японд асар их хохиролыг авчирч байсан хүчит хар салхи болсон он дарааллыг харахад 7-11 сарын хооронд Японы зүүн өмнөд хэсгээр гол голомт нь дэгдэж баруун хойшоо таран хар салхины хүч сулардаг байна. Эндээс харахад магадгүй Хувилай хааны хоёр ч удаагийн усан флот түүхэнд хамгийн том хамгийн хүчирхэг гэж тэмдэглэгдэн үлдсэнтэйгээ адилхан хамгийн азгүйн байж болох юм.

Тэгвэл Хувилай хааны илгээсэн эхний усан цэргийн флот 10 сарын 20-нд Такашима арлын ойролцоо живсэн бол хоёр дахь флот нь далайн хар салхинд хэзээ өртсөн байх вэ?

Түүхэн баримт ХОЁР: Эхний илгээсэн усан флотын тэн хагас нь далайн хар салхинд сүйрсэн тухай мэдээ авсаны дараа Хувилай хаан их сэтгэлээр унасан гэх боловч Японыг эзлэх төлөвлөгөөнөөсөө няцаахгүй байдаг. Түүний үнэнч шадарлагч туслахууд 7н жилийн турш судалгаа хийж өмнөх усан флотоосоо илүү хүчирхэг ангийг бэлтгэжээ. Энэ бол дэлхийн далай тэнгисийн усан цэргийн түүхэнд хамгийн хүчирхэг нүсэр гэж тэмдэглэгдсэн 4000 гаруй байлдааны хөлөг онгоц, 250 мянга гаруй цэргийг нэгтгэсэн асар том тэнгисийн анги байлаа.

Ингээд 1281 оны 6 сард Хувилай хааны 2 дахь хүчирхэг усан флот Японы Цюсима арал дээр хөл тавьсан байна. Хувилай хааны илгээсэн хоёр дахь усан флот дайралтаа Цюсима, Хиродо, Хаката (одоо Фукуока) болон Такашима арлуудаар хүчтэй хийж байжээ.

Ингээд Монгол цэргийн дайралт 6-р сараас 8-р сарын хооронд тасралтгүй үргэлжилж харамсалтай нь 8-р сарын 2-нд мөн л далайн хар шуурганд өртөж гол хүчээ алдан сүйрчээ. Монгол цэргийн дайралт идэвхитэй хийгдэж байсан гэх дээрх нэр бүхий арлууд нь Японы зүүн өмнөд хэсгийн арлууд бөгөөд өөрөөр хэлбэл хар салхи судлаач эрдэмтэний хэлснээр хар салхи үүсдэг голомт бүс нутаг гэсэн үг юм. Ингээд хоёр дахь усан флот мөн л хар салхи идэвхитэй дэгддэг сарууд болох 7-11-р сар гэж үзвэл Хувилай хааны хоёр дахь усан флот 8 сард далайн хар шуурганд өртсөн байгаа юм.

ДҮГНЭЛТ: Магадгүй энэ бүгдээс харахад Япончууд Хувилай хааны сүр хүчит флотоос айн, хар салхи дэгдээх divine wind буюу Kamikaze хар домыг хийж байсан байж болох ч шинжлэх ухаан талаас нь харахад Монголын усан цэрэгт яалт ч үгүй азгүйтэл таарсан байж болох талтай.

Монголын усан цэрэг ийнхүү хар салхинд өртөж сүйрсний дараагаас Kamikaze –гийн хар домд итгэх итгэл Япончуудын дунд улам хүчээ авч өнөөдрийг хүртэл энэ үзэл нь хүчтэй хадгалагдсаар ирсэн байж болох талтай. Гэхдээ үзэгч миний өнцгөөс харахад энэ бол азгүйтэл бөгөөд Монголын усан цэрэг сүйрсний дараагаас улам хүчээ аван итгэгдсэн домог болов уу гэж бодно.

Магадгүй шинжлэх ухааныг үгүйсгэх бас нэг дүгнэлт байж болох талтай. Өөрөөр хэлбэл та бидний мэдэх “Secret” киноны онол, итгэл бишрэлийн хуулиар харахад шүү дээ.

Хувилай хааны усан цэргийн сүр хүчээс айсан Японы эрх баригчид, ард түмэн болон цэргүүд далайн хар шуурга үүсгэх хар домын хараалыг маш хүчтэй хийсний улмаас хар салхи үүссэн байж болно. Тэрхүү олон мянган хүний хүсэл айдсаар дүүрсэн хар дом нь биелэлээ олж, улам цаашлаад Хувилай хааны флотыг сүйрүүлсэн хар салхи үүсэх он цаг сар, болон газрууд нь яг тэр чигтээ тогтсон байх талтай ч юм уу.

Ингээд өөрсдийнхөн хийсэн хараалаар Японы ард түмэнд асар их хохирол уй гашууг авчирсан олон олон хар салхиуд 7-р сараас11-ны сарын хооронд болж мөнхүү Монгол цэргийн дайралт идэвхитэй явагдаж байсан тэрхүү арлуудын ойр орчим нь далайн хар салхи гарах голомт болон тогтсон ч юм билүү. /Монгол цэргийн дайралт хийж байсан аралууд/
Тэгээд бодоод байхад “Secret”-ээс үүссэн хар салхи анхдагч уу, шинжлэх ухаан анхдагч уу гээд эргэлзээ надад бас л төрчихлөө.

Сүүлд нь нэмж хэлэхэд Хувилай хааны усан флотыг сүйрүүлсэн Kamikaze гэх нэр Японы тэнгисийн цэргийн үхлийн цохилт буюу Японы тэнгисийн армийн сүр хүчийг илтгэх үг болсон байна лээ. Японы Kamikaze-гийн тэнгисийн армийн сүр хүчийг илтгэсэн үхлийн цохилт нь та бүхний мэдэх Сувдан эрэг кинон дээр гарах тэрхүү ажиллагаа юм.

НАМАЙГ ХОРГООХ ХОЁР ДАХЬ АСУУЛТ: : Хар салхинаас хэн, яаж амьд гарав?

“Хувилайн сүйдсэн флот” баримтат кинон дээр ч, түүхэн эх сурвалжууд дээр ч тэнгисийн хар салхинаас амьд гарсан Монгол цэргүүд Японы гүн рүү дайтаж явсан тухай өгүүлнэ.

Тэгвэл Япончуудын далдын хар хүчээр дэгдээсэн байж болох тэрхүү хар салхинаас ямархан тэнгэрлэг хүч Монгол цэргүүдийг авч гарсан бол?

“Хувилайн сүйдсэн флот” кинон дээр гарч буй Японы эрдэмтэн Кензо Хаяашида 15 жилийн турш далайн тэнгисийн олдвор дээр судалгаа хийсэн арвин туршлагатай эрдэмтэн юм. Тэрбээр энэ хугацаанд Хакада болон Такашима арлуудын эрэг орчмын далайн гүнээс олдсон, усан онгоцны 500 гаруй модон эд ангийг судалж үзэхэд нэгэн сонирхолтой баримт олдсон байна.

Хувилай хаан хоёр дахь усан флотоо 4000 мянга гаруй хөлөг онгоц байхаар тооцож тэрхүү хөлөг онгоцуудыг нэг жилийн дотор барьж дуусгах зарлигийг шадар жанжинууддаа буулгажээ. Далай тэнгисийн байлдааны зориулалттай хөлөг онгоц бүтээхэд тухайн үедээ хөлөг онгоц хийх технологоо гайхуулж байсан дундад улсын уран дархачууд, солонгосын хөлөг онгоц хийдэг ажилчид гардан ажиллаж харин монгол жанжид зөвхөн хянан шалгах үүрэг гүйцэтгэж байв.

Нэг жилийн дотор 4000 гаруй далай тэнгисийн байлдааны хөлөг онгоцыг бүгдийг дуусгаж чадсан болов уу?

Кензо Хаяашидагийн судалгааны багийхан улаан лакаар дурайтал бичсэн Хятад ханз үсэг бүхий хөлөг онгоцны үйрч бутарсан мод олжээ. Энэ нь Chinese inspection government /Хятадын хянан шалгах хороо гэх үү дээ/ гэсэн утга бүхий ханз байлаа. 13-р зуунд тус хороо нь Дундад иргэн улсад хийсэн гол мөрний хавтгай ёроолтой завийн чанар стандартыг шалгах, хянан зохицуулах үүрэг бүхий газар байсныг түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангасан гол мөрөнд гарч болох хөлөг онгоц дээр баталгаа болгон энэхүү тамгыг дардаг байжээ. Энэ бүхнээс харахад Хувилай хааны 4000 гаруйн хөлөг онгоцонд далай тэнгисийн хүчит давалгаанд үл тэсэх, байлдааны бус зориулалттай хөлөг онгоц байсан гэсэн үг юм.

Тэнгисийн цэргийн түүхчид судлаачдын үзэж байгаагаар 13-р зууны технологоор 4000 гаруй байлдааны зориулалт бүхий, чанартай далай тэнгисийн хөлөг онгоцыг бүтээхэд дор хаяж 2-3н жил хэрэгтэй гэнэ.

Иймээс магадгүй тухайн үед Хувилай хааны жанжинууд хөлгийн тоог гүйцэхийн тулд гол мөрний хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар тоноглож флотонд нийлүүлсэн байх магадлалтай байна.

Энгийн эдгээр онгоц нь далайн хар салхины эхний хүчтэй давалгаанд нь зомгол болон үйрсэн нь дамжиггүй юм.

Тэгвэл далай тэнгисийн бусад хөлөг онгоцонд юу тохиолдсон бол? Зориулалтын, чанартай хөлөг онгоцууд хэдийг хүртэл тэсэж чадах байсан вэ?

Кензогийн багийхан далайн харанхуй ёроолд 700 гаруй жил нуугдсан бас нэгэн нууцийг ил болгох олдвор олжээ. Энэ нь далай тэнгисийн хөлөг онгоцын бат бөх чанарын амин сүнс болсон мөнхүү тэнцвэр хадгалагч тэнхлэгийн тулгуур модны үлдэгдэл юм. Тус тэнхлэг модыг шинжилэхэд чанарын шаардлага хангахааргүйгээр хийгдсэн байжээ.

Далай тэнгисийн хөлөг онгоцын хамгийн гол хэсгийг яагаад ингэж хайнга стандартын бус хийсэн байж болох уу?

Хятадын өнцөг булан бүрээс авчирсан хамгийн сайн уран дархадаар хөлөн онгоц хийх ажлыг гүйцэтгүүлж байсан гэж дээр дурьдсан. Хэдийгээр Хувилай хаан ойрын шадар туслахуудаа тухайн улсын албатаар бүрдүүлж тэд ч Хувилай хаанд үнэнч зүтгэж байсан хэдий ч энгийн ард иргэд эх орныг нь эзлэн түрэмгийлсэн харийн хаанд таагүй хандаж байсан байдаг. Хятадын түүхэн олон сурвалж бичгүүдэд энгийн ардын гаргаж байсан бослого тэмцэлийг тэмдэглэн үлдээсэн нь олон. Иймээс зориудаар энэхүү үйлдлийг хийсэн байж болох юм гэсэн таамгийг олдвор дээр хийсэн шинжилгээн дээр үндэслэн Кензогийн багийхан гаргажээ.

Иймээс чанаргүй угсарсан тэнхлэгтэй хөлөг онгоц болон гол мөрний зориулалттай хавтгай ёроолтой хөлөг онгоцууд хамгийн түрүүнд далайн ёроолд живэхэд хүрсэн бизээ.

Мэдээж асуулт хэзээд үлддэг. Үүнтэй адил аймшигт хар салхинаас амьд үлдсэн Арахаан тэргүүтэй Монгол дайчдын /зарим эх сурвалжид Монгол жанжин Арахааныг Шар тэнгисийн орчим таалал төгссөн гэдэг бол энэ баримтат кинон дээр Арахааныг тэр шуурганаас амьд үлдсэн гэж хэлж байлаа/ хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэж, тэднийг чухам ямархан хатуу ширүүн тавилан хүлээж байсныг тэнгэр мэдэх бизээ. Магадгүй энэ бүгдийн нууцыг бидэнд хэлэх баримт олдворууд ар араасаа олдох ч биз.

2003 онд Японы Нагасаки мужийн хотын Арайке тэнгисийн /Ariake sea/ эрэг орчмоос Хувилай хааны үеийн нэгэн газрын зураг олджээ. Энэхүү газрын зураг нь Японыг эзлэхээр ирсэн Монгол цэргүүдийн хэрэглэж байсан газрын зураг болох нь олон талаар батлагддаг.

Газрын зураг олдсон Арайке тэнгис /Ariake sea/ нь Хувилай хааны усан флотын гол дайралтаа хийж эцэст сүүлд нь далайн хар салхинд сүйрсэн Хакашима арлаас баруун урагшаа буюу Японы өмнөд зүгийн гол газрын нэг юм.

Тэгэхээр хар салхинаас амьд үлдсэн Монгол цэргүүд Японы дотор газар руу бага багаар нэвтрэн орж байсны баримт нь энэхүү газрын зураг бизээ.

Заа ингээд бичлэг минь дуусаж байна.

Хэрэв Хувилай хааны хүчирэг усан флот дайралт хийсэн тэрхүү цаг хугацаатай хар салхины идэхижилтийн үе таараагүй бол /мэдээж одоогийн батлаж буй шинжлэх ухаан талаасаа/ Монгол цэргүүд Японыг төвөггүйхэн эзлэн улмаар дэлхийн түүх ямархан байдалтай бичигдэх байсан болоо гэдэг асуулт ахиад л ургаад явчихлаа. Магадгүй өнөөдөр хил хязгааргүй олон улс орныг Монгол гэдэг ганцхан нэрээр хаяглах байсан ч юм билүү хэн мэдэхэв.

Холбоотой зураг, олдворууд:
Археологч, судлаач эрдэмтэн Кензо Хаяашида

Жич: Киноноос үүдсэн асуултандаа хариулт өгөхийг оролдлоо. Түүхч биш учраас зөрүүтэй зүйл байж болзошгүй юм. Ямартай ч дараах материалуудыг харж үндэслэн бичсэн болно.
Ашигласан материал:
  1. “Khubilia’s lost fleet” documentary film5 http://www.dsgtv.mn/index.php//home/post/1201
  2. Б.Номинчимэд, “Шулмын салхи буюу Хувилайн сүйдсэн флот: http://greathistory.blogspot.com/2007/08/blog-post.html
  3. Ш.Баатар: “Хувилайн эзэнт гүрэн”: http://shbaatar.blogspot.com/
  4. “Empire of Khubilia Khan” documentary film by NHK TV
  5. Worst typhoon history in Japan: http://tornadoeshurricanes.suite101.com/article.cfm/super_typhoon_vera_1959
  6. Tropical and pacific typhoon: http://en.wikipedia.org/wiki/Pacific_typhoon
  7. Shoddy ships sank invasion of Japan: http://nautarch.tamu.edu/shiplab/randall/Upgrade2005/New Scientist.htm
  8. Archeology of Kamikaze: http://nautarch.tamu.edu/shiplab/randall/Randall Index 002.htm
  9. Mongolian Great History book by B.A.Hopkins
  10. Google map