Sunday, February 16, 2014

Солонгосын байлдан дагуулагч сод жанжин Хорчи Саритай

     1229 онд Өгөдэй монголын их хаанд өргөмжлөгдөөд монголын цэргийг ази, европыг дамнуулан хэд хэдэн чиглэлээр давшилтанд оруулсны нэг хэсэг болох Хорчи Саритайгаар толгойлуулсан монголын аялан байлдах цэрэг Солонгосыг бүрэн эзлэх зорилго тавьжээ. Энэ талаар Өгөөдэй хааны илгээлт бичигг "Хааны зарлигийг сонс. Тэнгэрийн хүчин энэ байна. Бид та нар бууж өгөх, эсхүл тэмцэлдэх үү гэдгийг асуулгахаар Саритай хорчийн цэргийг явууллаа. Бид монгол хаадынхаа их улсад биднийг дөрвөн талаас тойрсон бүх улсыг хураан авна. Хэрэв та нар мөчөөрхвөл, бид хэн үл дагасныг ташуур жанчин, дагуулах болно" хэмээн өгүүлжээ. Дипломат бодлогын үүднээс эелдэг бус энэ илгээлтэд бүх дэлхийг эзлэн авч, монголын аугаа их эзэнт гүрэн байгуулах гэсэн эрмэлзэл нэвт шингэсэн байна. Алтан улсын эсрэг хийсэн дайны үеэр монголын цэрэг солонгосын хязгаарт анх хүрч, тэднээр алба бариулах амлалт авсан бөгөөд энэ үеэс солонгост монголын элч нар очих нь олширч, хааныхаа нэрийн өмнөөс монгол язгууртнуудын эрх ашигт зориулан албан татвар бэлэг сэлт шаардах болсон юм. Ийнхүү 1225 онд монголын элч албан татвар аваад Чингис хаандаа буцаж явах замдаа Амноккан мөрөн гатлах үедээ алуулжээ. Энэ явдлаас хойш солонгостой албан харилцаа тасарч, албан татвар өгч түшмэг байх амлалтаасаа буцсан байна.
 
 
     1231 оны зун Саритайн цэрэг Солонгос хрэх замдаа Ляодуны хойгт цөмөрч Хайжоу, Сьюаньчэн зэрэг арав гаруй хотыг цөөхөн хоногт эзэлж, зүрчидийн жанжин Гэбуайны цэргийг хиартал цохиод, Ялу голын савд ихэд бэхэлсэн Шичэн хотыг унагааж, Ляодуны хойгийг үндсэнд нь зүрчидүүдээс цэвэрлэжээ. Улмаар Саритай их цэргээ дагуулан Амноккан мөрнийг гаталж, солонгост цөмрөн орсон эхний өдрөөс шуурхайлан давшиж, Хамчинсинд хүрч очиход орон нутгийн түшмэд Ким Ган, Чо Сун Чхан нар хотоо буулган, монголчуудад дагаар оров. Ийнхүү Саритай жанжин солонгосын хүн амд хандан дагаар орохыг уриалж, тэдий өмч хөрөнгө, амь насыг хамаалах амлалт өгсөн нь өөртөө талархах хүч олж, түүгээр дамжуулж байлдан дагуулах явдлаа хөнгөвчилж, хүн хүчээ гамнахыг зорьсон хэрэг байв. Түүний энэ бодлого ч зохих амжилтанд хүрч байлаа. Тухайлбал, монголчуудын албанд орсон Чо Сук Чхан цэргийн тойргийн дарга нарт бичиг захидал явуулж: "Монголын цэрэгг бууж өгөн, баяр хүргэе" гэжуриалж байжээ. Мөн Саритайтай нууц холбоо тогтоож, гэрээ байгуулсан Хон Бок Вон Сочёнд солонгосын хаадын эсрэг бослого гаргаж, монголчуудыг ирэхэд урван орж, хил залгаа нэгэн мужийн захирагч болжээ. Энэ нь хорчи Саритай жанжин их цэргийн довтолгооны өмнөх бэлтгэлийг сайтар базааж, тагнуулын мэдээлэл цуглуулах, нууц холбоо хэлхээ үүсгэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байсны үр дүн байв.
 
 
     Энэ үед солонгосын эзэн хаан монгол цэрэг хорчи Саритай жанжинаар удирдуулан халдан ирснийг сонсоод сайд жанжидаа гэртээ цуглуулж, монголын довтолгооноос хамгаалах аргыг ярилцаж, гурван бүлэг цэргийг хөдөлгөн тогтоон барих, их жанжин Чве Сониөнийг хойд хязгаарын морьт элчээр томилж, бүх мужуудаас нийслэлд цэрэг татаж ирүүлэхээр шийджээ. Энэ үед монгол цэрэг Хамчинсин хотьгг эзлээд, улс орны гүн рүү орсон ч довтолгооны эхэн үеэс хүн амын эсэргүүцэл ширүүсчээ. Тухайлбал, монголын хороо цэрэг Чхальчжу хотод ирэхэд хамгаалах цэрэг, хүн ард ширүүн эсэргүүцсэн тул эхлээд аргаар дагуулахыг оролдоод улмаар бүслэн туйлдуулж буулган авав. Дараагаар нь монгол цэргийн эхний ангиуд 1231 онд Кучжу цайзад тулж ирэхэд, энд ойр хавийн хотуудын хамгаалах цэргийн ангиуд цугларсан байна. Монголчууд цайзын өмнө хаалганаас довтолж, бүслэн дайрсан анхны өдрүүдэд солонгосын цэргийн толгойлогч Ким Кён Сон монгол цэргүүд цөөн байсныг далимдуулан цайзнаас гарч гадагшаа амжилттай тулаан хийв.
 
 
     Гэвч Кучжуд монголчуудын гол хүч хүрэлцэн очиж цайзын төлөө ширүүн тулалдаан өрнөжээ. Саритай жанжин цайзын хойд хаалга руу 30 шилдэг цэргээр дайруулсан ч амжилт олсонгүй тул хотын эргэн тойрон түймэрдэхээр шийдэж хуурай өвс ачсан олон тэрэг дөхүүлсэнд, цайзаас төмөр шоруудыг улайсгаж шидлэн шатаахад тэсэхүйеэ бэрх халуун илч гарч, аргагүй ухран гарчээ. Саритай жанжин дахин хэдэн дайралт зохион байгуулсан нь амжилтгүй болж, 30 хоногийн турш Кучжуг бүсл эн байснаа түр орхихоос өөр аргагүй бол сон нь Солонгосын удирдагчдад цэргээ татан бүрдүүлэх бололцоо олгожээ. Ийнхүү Саритай цайзыг дайрч байсан цэргээ авч тус орны төвд тулалдаж буй ангиудтайгаа нийлүүлжээ.
 
 
     Есдүгээр сарын эцсээр Солонгосын цэрэг умар зүг хөдлөн явсаар Тонсоньёк хэмээх өртөөнд хүрч очив. Тагнуул нь "зүүн чиглэлд дайсан байхгүй" гэж мэдээлэхэд цэргүүд нь морины эмээлийг авч түр үдлэхэд, нэг хүн уулан дээр гарч "дайсны цэрэг айсуй" гэж мэдээлэв. Тэр завсар монголын найман мянган морин цэрэг гэнэт гарч ирэн дайрахад тэд тал тал тийшээ бутран зугтжээ. Энэ тулаан солонгосын цэргүүдэд үлэмж хохирол учруулснаар, Анбук цайзад одож бүгэхээс өөр аргагүй болгожээ. Хорчи Саритай 1231 оны 10 дугаар сарын эхээр шинэ сэлбэг хүч араас залгуулахыг хүсэхийн хамт Солонгосын эрх баригчдыг буулгах талаар ухуулга хийв. Солонгосын эрх баригчид монгол жанжны эдгээр илгээлт бичигт хариу өгсөнгүйгээр үл барам элч нарыг нь саатуулсан ажээ. Иймд монголчууд сэлбэг хүчээ авч, Кучжу цайзыг дахин нэг дайрахад ширүүнээр эсэргүүцэн тэмцэлдэж, монголчуудын ар талд аюул учруулж, цаашаа өмнө зүг давшихад нь саад боллоо. Иймд Саритай жанжин хүчтэй цэргийн анги явуулж уул хотыг 28 харвах оньсоор ханыг нь тал бүрт нураан эвдэж байтал 50 км зайд Солонгосын цэрэг нэмэлт хүчээр айсуй мэдээг авсан тул угтан хөдөлжээ.
 
 
     Энэ тулалдаанд монголын морин цэрэг Солонгосын цэргийн эхний эгнээг үтэр түргэн хугацаанд сэт цохин, хэрэг явдал муугаар эргэсэнд солонгос цэргийн дарга нар цайзад орж бүгэхээр шийдвэрлэв. Гэтэл монголын морин цэрэг зам хааж ирэхэд ширүүн тулаан дахин өрнөж, солонгосын цэрэг хиартал цохигдож, бараг тэн хагасаас илүү хувь нь жагсаалаас гарч, ихэнх дарга нар нь амь үрэгдэв. Энэ тулалдаан солонгосын эрх баригчдаас монголчуудтай зэвсэг барин шийдвэртэй тэмцэх гэсэн хамгийн сүүлчийн оролдлого болжээ. Ийнхүү монголчууд Кучжу цайзыг дахин дайрч 11 дүгээр сард олон газраас олзлогдогсдыг энэхүү цайзруу туун аваачиж ханыг нэвтэлсэн ч гэнэт дайралтаа зогсоон солонгосын нийслэл Кэгены зүг зүтгэх болов. Энэ бол Саритай жанжин хүн хүчээ хямгадахын зэрэгцээ, бүр том нүүдэл хийж, солонгосын гол хүчийг цаг алдалгүй буулгаж авах гэсэн зоримог шийдвэрээс шалтгаалжээ. Бүр аравдугаар сараас Саритайн 2 элчийгхорьж байсан Пхенчжүхотыг дайран эзэлж, ойр хавийн гацааны захирагч нарыг устгаж элч нарынхаа өшөөг авсан байна. Үүний дараа монгол цэргүүд Сонымун, Нэсонган зэрэг хот суурингуудыг булаан эзэлж нийслэлийн хажууд тулж иржээ.
 
 
     Энэ үед солонгосын эзэн хаан айн балмагдаж тусгай төлөөлөгч Мин Хигайг монголчуудад найрамдал байгуулья хэмээн зарсанд Саритай жанжин хариу өгсөнгүй. Арванхоёрдугаар сард монголчуудын гол хүч нийслэлийн дөрвөн хаалганд тулж очин, Хынванса сүмийг дайрахад дахин Мин Хигийг зарж найрамдлын хэлэлцээр хийж болохыг мэдэхийг оролдов. Саритай жанжин хэлэлцээ явуулахыг зөвшөөрсөн боловч байлдаанаа зогсоохыг бодсонгүй. Харин улам ч эрчимжүүлж солонгосын талыг дуулгавартай болгохоор шийджээ. Тэр завсар Саритай нэмэгдэл хүч ирүүлэхийг гэдрэг гуйж улмаар 12 дугаар сарын 6-нд нийслэлийн өмнө зүг орших газарт цөмрөн орж замд таарсан Кванчжу, Чхончжу, Чхунчжу хотыг дайрч эсэргүүцэл үзүүлсний төлөө залхаан шийтгэв. Монгол цэргүүд энэ үед өөрөө өөрсдийгөө хүнсээр хангаж байсан тул тусгай ангиуд байгуулагдан, ойр хавьцаа явж ард иргэдээс хүнс тэжээлийг хураан авч байлаа. Энэ үед солонгосын нийслэл Кэгёны ойр тойронд монгол жанжин Подо, Чукку, Танго нарын цэрэг амжилттай тулалдаж байв.
 
 
     Тэр завсар монголчууд Кучжугийн эрэлхэг хамгаалагчдын эсэргүүцлийг ямар ч хамаагүй аргаар дарахын тулд шинэ сэлбэг хүч татаж цайзыг дахин дайрахдаа дайралтыг Саритай жанжин өөрөө биечлэн удирдсан байна. Монголчууд хотыг чулуу харвах оньсоор харваж, хотын хана хэрмийг авирч давахын тулд довтлох тусгай шат тавин давшихад хамгаалагчид урт модонд хадсан хутгаар хатган, юу тааралдсанаараа нүүр нүдгүй балбаж, ширүүн эсэргүүцэв. Хотын хамгаалагчид нэн зоримог байлдсан тул дайралтыг удирдсан монголын нэгэн цэргийн дарга "Би бага наснаасаа олон тулалдаанд оролцож явлаа. Гэвч ийм эрэлхэг баатарлагаар тэмцэгч хүмүүсийг үзсэнгүй" гэж Кучжугийн хамаалагчдыг зүй ёсоор магтсан нь тэмдэглэгдэн үлджээ. Саритай жанжин өөрийн хүн хүчийг хямгадахын тулд хуурамч боловч үнэмшихэд болохуйц захидлыг солонгосын хаан бичсэн мэт болгож, цайзыг хамаалагчдын толгойлогч Пак Сод явуулжээ. Гэвч цайз эсэргүүцлээ зогсоосонгүй. Харин монголчуудын сүр хүчинд автсан солонгосын эрх баригчид үнэхээр буулгаж өгөхөөр санаа тавих болжээ. Ингээд 1232 оны нэгдүгээр сард Кучжуд хааны ордны төлөөлөгчид ирж "Төр улс, цэрэг маань бууж өгөв, Та нар байлдахаа байж бууж өг" гэжээ. Цайзын хамгаалагчид эхэн удаагаа Солонгосын удирдлагьш элч нарын үгийг сонсохгүй байсан боловч эцсийн бүлэгг монголчуудад бууж өгөхөөс аргагүй байдалд оржээ.
 
 
     Цайзыг удаан хугацаагаар хамгаалж удирдлагынхаа шийдвэрийг үл тоосон хэргээр толгойлогчийг цаазлах болоход монгол түшмэл өмгөөлөн амийг аварсан байдаг. Тухайлбал цаазьга тавцанд аваачсан хойно Саритайн төлөөний түшмэл "Хэдүйгээр бидний өмнө ялт хэршйг үйлдсэн боловч энэ хүн та нарт үнэнч байсан бус уу. Иймд түүний амийг бүрэлгэж яахан болох вэ" гэснээр цайзын зоригт толгойлогчийн амийг өршөөжээ. Үүгээр монголчууд дайсныхаа эр зоригийг ч гэсэн үнэлж чаддагаа нэгэнтээ нотлон харуулсан байдаг.
 
 
     Саритайн хорчийн удирдсан монголын цэрэг ийнхүү анхны довтолгооноор тус орны нилээд хэсгийг эзлэн авч улмаар хааны ордонд хүчтэй шахалт үзүүлэн солонгосыг бүхэлд нь өөрийн хараат улс болгож чадав. Өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн Саритай жанжин 1232 оны гуравдугаар сард урьд эзлэн авсан 40 гаруй хот, мөн бусад чухал хотуудад суух 72 д аргач буюу захирагч нарыг томилоод цэргээ авч солонгосын нутгаас гарчээ. Энэ нь Саритай жанжны цэрэг удирдах их авьяас билэг, дээр нь уран нарийн дипломат бодлого, тагнуулын үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалсан нь ойлгомжтой юм.
 

Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа

Нийтэлсэн: 2013-08-29 08:30:35
Өмнөд солонгосчууд Монголд хөл тавьж, “сайн уу, өвөг дээдсийнхээ нутагт ирлээ” хэмээн мэндчилснээс хойш хэдийнээ хорь гаруй жил өнгөрчээ. Эхэн үедээ тэд найрсаг байлаа. Гэвч одоо өөрчлөгджээ. Тэд эзэн мэт дээрэнгүй болсон ажээ. Тэдний энэ авир сүүлийн үед ердөө л хэвлэлийн өдөр тутмын мэдээ болов.
 
Тэд монгол эмэгтэй ажилчдаа дарамтлах, зодох нь ердийн мэт болсон төдийгүй хүн амины хэрэгт холбогдсон ч үл тоон тохуурхах ажээ.   Гэвч энэ бол санамсаргүй үйл явц бус, харин хорин жилийн турш аажим хэрэгжсэн үзэл суртлын үр дагавар байсан юм.
 
Солонгос хүмүүс Монголд анх хөл тавих үеэс “монгол, солонгосчууд угсаа нэгтэй, Монгол нь эртний солонгос өвөг дээдсийн газар нутаг юм шүү” гэх тэдний үзэл монгол хөрсөнд соёолжээ. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд Монголд ирэх нь өвөг дээдсийнхээ шороонд дахин хөл тавьж буй хэрэг байв. 
 
Энэ суртал ухуулга юуны өмнө их хэмжээний санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрөөр дамжин Монголын шинжлэх ухааны байгууллагуудад гайхалтай гэмээр амжилттай хэрэгжсэн ажээ.
 
Одоо энэ үзлийг ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС-ийн Монгол, хэл соёлын сургууль, Алтай судлалын төв, Археологи-антропологийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг шинжлэх ухааны гол байгууллагууд нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөрсдөө гадаад, дотоодод түгээх болсон ажээ. 
 
Тухайлбал, МУИС-ийн доктор С.Дулам тэргүүтэй хэлнийхэн монгол, солонгосчууд домог ба хэлээр холбогдсон ард түмэн гэж лекц, илтгэл тавдаг бол МУИС-ийн Археологийн тэнхимийн доктор Д.Түмэн дорнод монгол ба солонгосчууд антропологийн хувьд нийтлэг гэж бичжээ (Д.Түмэн Солонгосоос шагнал хүртсэн).
 
Тэгвэл 2011 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж гэгч “ОУ-ын монголч эрдэмтдийн их хурал” дээр генийн хувьд хүннүтэй хамгийн ойр ах дүү ард түмэн бол монгол-солонгос гэж албан ёсоор зарлав.     
 
Хувийн их, дээд сургуулиуд үүнээс хоцорсонгүй. Ялангуяа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатарын их сургууль энэ үзлийг тараагч нэг голомт болжээ. Тухайлбал, тус сургуулийн солонгос судлаач, доктор Б.Сумъяабаатар дээрх үзлийн анхны монгол номлогчдын нэг ажээ.
 
Мөн 2012 онд Чингис хаан дээд сургуулийн багш, доктор Б.Балжинням дээрх үзэлд үйлчилсэн агуулгатай “Дэлхийн монголчуудын түүх” гэх олон боть хэвлүүлж, сүр дуулиантайгаар нээлт хийж байв. 
 
Солонгос ах дүүгийн үзэл зохиолч-нийтлэлчдийн хувьд тун мөлжүүртэй сэдэв болжээ. Арван жилийн өмнө нийтлэлч Б.Батбаяр “Солонгос ахтай болъё” нэртэй өгүүлэл хэвлүүлж, үүндээ ах нь сургаж дүү нь сонсдог тийм харьцаа солонгос-монголд хэрэгтэй гэж бичсэн байдаг.
 
Харин тухайн үед тэр монгол, солонгос гарал нэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа онцолсон бол 2009 онд Солонгост хуралд очихдоо бодлоо өөрчилсөн байв. Одоо тэр монгол, солонгос нэг язгууртай ард түмэн гэж сурталчилж явна.  
 
Авлигад идэгдсэн Монголд ерөнхийлөгч, ерөнхий сайдууд нь ч дээрх үзлийг дуртай нь аргагүй хүлээн авчээ. Монголын аахилсан бүдүүн дарга нар хоёр орны албан уулзалтын үеэр ч, болор жүнз бүхий зоогийн тансаг ширээний ард ч “ах дүүс минь” гэх долигносон үгийг нөгөө талд сүүлийн хорин жилийн турш хэлж иржээ.
 
Харин солонгосчууд айхтар хүмүүс тул тэдний үг бүрийг бүртгэн баримтжуулж боть ном болгожээ.  Ийнхүү “үнэн”-ийг мөнгө ба өнгөөр хэмжих хорвоод Монголын ард түмэн манкурт боол лугаа адил ой санамжаа арчуулан хөөрхийлөлтэйгээр мэхлэгдэн тэнэх ажээ.
 
 Тэднийг дээрлэхэж, оюуныг нь зэрэмдэглэж ханах биш. Одоо өнөөх цол, зэрэгтнүүд Монгол Улсын Засгийн газрын ивээл дор дэлхийн монголчуудын гарал үүслийн түүхийг бичиж, дунд сургуулийн хичээлийн агуулгад оруулах гэж байгаа ажээ. Тэд Монгол орны ирээдүй-хүүхэд бүрийг онилжээ.    
 
Гэвч үнэнийг мөнгөөр хэмжиж болдоггүй, үргэлж нууж чаддаггүй ажээ. Үнэн хэзээ нэгэн цагт илэрдэг. Тэгвэл тэр цагийг монгол залуус зөвхөн өөрийн хүч хөдөлмөр, оюунаар урин дуудаж эхэлжээ. Тэдний нэг нь судлаач Батбаярын Хэрлэн юм. 
 
Б.Хэрлэн АНУ-д био-анагаах инженерийн мэргэжлээр суралцахын сацуу “Фамили Трий ДНХ” компанид судлаачаар ажилладаг юм. Түүний хэлснээр тэр өөрийн үндэстний гарал үүслийг танин мэдэж, үүнд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээс хүссэн тул 2008 оноос монголчуудыг генетик талаас нь бие даан судалж эхэлжээ (http://www.tsahimurtuu.mn).
 
Б.Хэрлэн судалгаагаа илүү нарийн мэдээлэл өгч чадах эрэгтэй хүний Y хромсомын ДНХ дээр явуулж байгаа бөгөөд үр дүнг нь олон улсын судалгааны сэтгүүлд хэвлүүлээд байна (http://rjgg.org/index.php/RJGGRE/article/view/123). 
 
Монголчуудын Ү-ДНХ-ийн гапло бүлгүүд (генийн кодууд)-ийг бусад үндэстнүүдтэй харьцуулсан түүний судалгаа “монголчууд нь солонгосчуудаас (мөн хятад, түвд, япончуудаас) удамшлын хувьд хол зөрүүтэй” гэдгийг баталжээ.
 
Монголчуудын давамгайлагч гапло бүлэг нь C3 ажээ. Харин солонгосчуудад O гапло бүлэг давамгай ба солонгосчуудад түгээмэл гапло бүлгүүд монголчуудад бараг байсангүй (Зарим харьцуулалтыг хүснэгтээс харна уу. Эх сурвалж: http://www.tsahimurtuu.mn/index.php/stories/2012-05-10-04-44-52/2123-2012-03-06-11-08-42).
                  
Б.Хэрлэн бас нэг сонирхолтой дүгнэлт хийжээ. Бид алтай, киргиз, якутуудыг өөрт хамгийн ойр хүмүүс гэж боддог боловч энэ нь эндүүрэл ажээ. Тэд монголчуудтай ойр холбоогүй байв. Харин казахууд монголчуудад илүү ойр байжээ. Гэхдээ тэрээр нэг ташаа ойлголтыг няцааж байна.
 
Юуны өмнө, Чингис хааны үед монгол түрэмгийлэгчид ирж хүчирхийлэл үйлдсэнээс өнөөгийн казахууд хавтгай нүүр, онигор нүдтэй болоогүй, харин казах хүмүүс хамаагүй урт удаан үйл явцын үр дүнд үүсчээ. Үүнээс үүдэн казахууд өөрсдийгөө монгол, эсвэл Чингис хаан казах гэж маргах шаардлагагүй болсон ажээ.   
 
Гэвч энэ бүхнээс Б.Хэрлэнгийн судалгаа нэг зүйлээрээ хамгийн их ач холбогдолтой байсан юм. Түүний судалгаа Монголын шинжлэх ухааны байгууллага, их сургуулиуд болон өндөр цол, зэрэгтнүүдийн өнөөгийн үнэн дүр төрхийг илчиллээ. Тэр үүгээрээ Монголд мэдлэг, эрдмийн цол, зэргүүд ямар хуурамч вэ гэдгийг харуулав. 
 
Сүүлийн хорин жилийн хугацаанд Монголд монголчуудын гарал үүслийн талаар ийнхүү олон тооны ном, судалгааны өгүүлэл, нийтлэл, тайлан хэвлэн гаргажээ. Тэгвэл одоо тэдгээр ном, өгүүлэл хэнд, юунд хэрэгтэй вэ? Тэд хүчинтэй юу? Гэхдээ хичнээн худал хуурмаг байсан ч тэд нэг зүйлд хэрэгтэй байж магадгүй. Тэд мөнгөөр хэмжигддэг үнэн, хүчингүй мэдлэг ямар байдгийг, энэ нь ард түмнийг хэрхэн хохироож буйг харуулах жишээ матриал болж болох юм.     
 
 
О.Алтан