Thursday, May 21, 2015

Луйврын орон

Энд тэндгүй луйвар. Эргээд харахад л луйвар...Ингэж хэлэхэд хүргэсэн хөл толгойгүй луйврын хэргүүдтэй учирч, суудлаасаа босох завгүй суут луйврын хэргүүдийн материал уншиж суудаг  ажилтай болсоор даруй хэдэн сарыг үдлээ. Ардаа өдий төдий хүний аж амьдралыг зовлонд унагачихсан, адармаатай юм юу ч байхгүй шахам байхад ч аргалж байгаад адармаа болгож хууль хүчнийхэн дунд танил талгүй хүчин мөхөс иргэдийн өмч хөрөнгө, оюун санаагаар тоглодог, тоглож байгаад хүссэн шийдвэрээ гаргуулдаг аалзны тор шиг хэлхээ энэ орныг хэржээ. Энэ тор хэзээ, хэрхэн яаж тасарч үгүй болох нь ч эргэлзээ төрүүлнэ. Алдарт шүүхийн шинэтгэлийн эцэг өөрөө ч хүчрэх нь нэгэнт өнгөрчээ. Авторын хувьд тэр энэ лагайнаас цэвэр мултарч гарч чадахгүй л болов уу гэсэн гунигт бодол эзэмдэнэ. Бид яагаад нэг алхах гээд заавал арагшаа хэд алхаж шаварт унадаг юм бол. Бидний хийх гэсэн зүйл хичнээн зөв эхлэлтэй байсан ч төд  удалгүй эргээд өөрсдийнхөө ухсан нүхэнд яагаад заавал өнхөрч унацгаадаг юм бол.  Өнөөдөр шүүхийн шинэтгэл өнөөх л толгой компаниуд, том том баячууд, тэдний томилгооны цөөн хэдэн тэрбумтан шүүгчийн өлмийд эвхэрч байна. Монголын Төр тэдэнд өндөр цалин, тусгай хангамж олгоод ч тэд өөрийг нь томилсон эздийнхээ зангаанаас гарах эр зориг, шударга оршихуйг олж буусангүй. Улам л тэнгэрт залрав. Үг хэлсэн болгоныг мэдэгдлээр айлгаж, шоронгоор далайлгаж суудаг ширэн нүүртнүүд болон даналзсаар  гэнэн цайлган монголчуудынхаа залаан дээр завилж авав.  
Тэдний энэхүү хэмжээгүй эрх дарх Монгол улсыг луйврын орон болгож байна.  Ирсэн гийчдийн маань зарим нь  цэцэн мөрөөдөл ярьж, цаасан дээрх компани үзүүлж манайхныг луйвардаж байдаг бол зарим нь холоос зорьж ирж ажиллаад, хөрөнгө оруулалтаа хийчихээд дотоодын бүлэг дээрэмчдэд бас луйвардуулдаг. Суусан уугуулууд маань ч өөр зуураа луйвардаж байдаг, хөндлөн гулд хэрэлдээн. Нэг нөхөр луйвардуулчихлаа гэж гурван жил орилж байснаа эргээд нөгөөдөхтэйгөө нийлж аваад  дараагийн хүмүүсийг луйвардаж байх жишээтэй. Ямар нэгэн ёс суртахууны  булчирхайн тухай ойлголт бүр ч байхгүй болжээ. Ийм хөндүүр булчирхайгүй орныг луйврын орон, дээрэм тонуулын газар гэж нэрлэхээс ч яахав.
Шүүх засаглал нь юунаас ч эмээх, ичих, дальдрах зүйлгүй болсон оронд шүүхийн хамгийн харгис засаглал тогтдог юм байна. Гэтэл ард түмний өнө мөнхийн хүсэл Шүүхийн хараат бус байдал л байдаг . Тэдний хувьд шүүхэд итгэх итгэл, шүүхийн тунгалаг оршихуйд найдах найдваргүй болох ямар вэ. Ийм улсын мөрөөдөл аль зэрэг хол сунах бол. Аль зэрэг томрох бол. Түүнийхээ төлөөсөнд аль зэрэг урт удаан зовох бол. Бас аль зэрэг ихийг золих бол.  
 Шүүхийн шийдвэрээр бусдын хөрөнгийг луйварддаг шинэ зууны шилдэг технологи хийж чадсан болохоор манай улс төр бизнес дамнасан олигархи бүлэглэлүүд тэнд өөрийн хүнээ томилохын тулд цусгүй тулаан хийдэг болсон юм байна. Энэ тулааны ялагчид шүүхээр дээрэм хийлгэдэг гэмт хэргийг эдүгээ жинхэнэ цэцэглүүлж байна гэхэд хилсдэхгүй.
Энэ удаа би бээр онгоцноос өөр унаа хөлөглөдөггүй, оргил дээгүүр л дүүлж явдаг  оройгүй баян нэгэн улстөрчийн хийсэн луйврын талаар сурвалжилсан юм.  Энэхүү луйврын золиос болсон нөхдүүд нь орос монгол нийлсэн дөрвөн иргэн байх юм. 
Монгол Улсын иргэн Т.Батсүх, Д.Буяннэмэх, ОХУ-ын иргэн К.Д.Романовский, В.И.Яковлев народоогоос 10 жилийн өмнө буюу 2005 онд "Таван толгой" ХК-ийн 1023100 ширхэг хувьцаагхудалдан авчээ. Нэгэнт хувьцаа худалдан авсан болохоор Хөрөнгийн биржид бүртгүүлж таарна. Тийн бүртгүүлэхдээ нэгнийхээ нэр дээр буюу ноён  К.Д.Романовскийнхаа нэр дээр бүртгүүлсэн байна. Чингээд  хувьцааны ногдол ашгийг  хүртээд явдаг байж. Тэдний бизнес өргөжиж, улмаар  2007 онд Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай "Говь-Урал" гэдэгкомпанид хамтран ажиллажээ. Мэдээж бизнес эрхэлж буй болохоор зээл хөөцөлдөж,  Тээвэр, хөгжлийн банкинд өөрсдийн өмч болох "Таван толгой" ХК-ийн 1023100 ширхэг хувьцаагаа барьцаалж  500.000 мянган ам.долларын зээлийг  2008 онд авсан байна. Нэгэнт банктай харилцаанд орж байгаа учраас "Говь-Урал" компанийн өмч болох  ноён К.Д.Романовскийн нэр дээрх  хувьцаа тус банкны барьцаанд шилжсэн байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал монголчуудыг тойроогүйчлэн “Говь-Урал” ХХК мөн хямралд өртөж,  банкны зээлийн өрийг төлөхөд хүндрэл учирсан тул дээрх нөхдүүд барьцаалуулсан хувьцаагааборлуулж, зээлийнхээ өрийг төлөх шийдвэрт хүрч. Гэвч хачирхалтай нь Тээвэр, хөгжлийн банкнаас  “зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгөөд зогсохгүй шүүхэд хандан зарга үүсгэсэн нь монголын гурван шатны шүүхээр гурван жил үргэлжилсэн маргаан болон хувирч, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж ашигласан гэх эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага мөн олон сар мөрдөн шалгажээ. Эндээс л луйврын сценари бичигдэж эхэлсэн бололтой. Энэ хооронд хувьцааны үнэ өсч, луйварын багийнхны хорхойг гозгонуулж эхэлж. Банк ч  улангасан яарч, шүүх нь ч гялс шийдвэр гаргав. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр энэ сценарийг хэрэгжүүлэх гол хүн болсон нь хэргийн түүхээс илхэн уншигдана.  
Олон сар, жил үргэлжилсэн хэрэг  маргаан эрүүгийн хэргийн хувьд прокурорын хэрэг хэргэсэхгүй болгох тогтоол гарч, иргэний заргын хувьд Улсын дээд шүүхийн 2013 оны 405 дугаар тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгджээ. Тодорхой хугацаанд үргэлжлээд ийнхүүнэг мөр шийдвэрлэгдсэн асуудлыг “Тавантолгой транс” ХХК, Тээвэр, хөгжлийн банк дахин амилуулж сэргээсэн нь гайхалтай.
Захиалагчид яарахын хэрээр нөгөө дөрөвт дарамт ихэсч байсан нь ойлгомжтой. Монгол хэл мэдэхгүй К.Д.Романовскийг мэхэлж, тохиролцоонд хүрсэн мэт хуурамч баримт ч үйлдэж. Энэ нь хууль зөрчиж хийгдсэн учир хүчин төгөлдөр бус болох нь шүүхээр нотлогдсон байна. Гэтэл энэ хуурамч хэлцлийг үндэслэн хувьцааг нь “Таван толгой транс” ХХК-ын өмчлөлд шилжүүлэхээр шүүгч шийдвэрлэжээ. Ийнхүү шүүгч маань  захиалагчиддаа түргэн шуурхай “ажиллаж” өгснөөр өнөө дөрвийн “Говь-Урал” ХХК-иас Тээвэр, хөгжлийн банкинд барьцаалуулсан “Таван толгой” ХК-ийн 1 023100 ширхэг хувьцааг хууль бусаар барьцаанаас нь чөлөөлж, луйврын багт өгөх шийдвэр гэгч гарч ирсэн байна.  "Говь-Урал" компанийн өмч болох нь угаас тодорхой 1023100 ширхэг хувьцаа яагаад  "Тавантолгой транс" ХХК-д шилжив гэсэн асуулт дээрх шийдвэртэй зэрэгцэн гарч ирж таарна.  
Шүүхийн энэ шийдвэр “Таван толгой транс” ХХК болон Тээвэр, хөгжлийн банк хоорондоо үгсэн хуйвалдаж, эвлэрлийн гэрээ байгуулсан жүжиг найруулж, шүүхэд тоглоомын баримт бичиг бүрдүүлэн өгсний үндсэн дээр гарсан нь илт.
Үгсэн хуйвалдсан, нийлж бусдыг луйвардахаар тохиролцсон хэмээн яагаад дүгнэхэд хүрч буй маань уншигчдад сонин байгаа байх. Учир нь банкинд нь  хувьцаагаа барьцаалсан харилцагчдаа барьж идэхээр шийдэхээсээ өмнө “Тээвэр, хөгжлийн банк”-ны удирдлага Д.Энхтайван “Таван толгой транс” ХХК-ынхан буюу Ажнай хэмээн олны дунд овоглогддог, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй зад заргалдаж, зай завсаргүй сонин хэвлэлээр байлдаж байсан билээ. Одоо түүнийг хэвлэлд өгсөн ярилцлагандаа юу ярьж байсныг иш татан хүргэе.
-Та олон жил заргалдлаа. Ингэхэд энэ хэргийн улмаас хэн хожиж, хэн хохирсон юм бэ?
-Маргалдаж байх хооронд хувьцааны ноогдол ашиг 4.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа ашиглаад “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк”-ны хувийн данс руугаа хийсэн нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрсэн. Ийм гэмт хэрэг хийчихсэн хүн шоронд сууж байх ёстой.
-Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад та ер нь хандаж байв уу?
-Бид Эрүүгийн цагдаагийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Авлигатай тэмцэх газар, прокурорт гээд бүх газарт олон удаа хандсан. Энэ хэрэг ерөөсөө Армен гэгчтэй холбоотой. Тэр хүн Д.Бат-Эрдэнэтэй хувьцаагаа зарах гэж уулзаад, банкны салбарыг доройтуулахын тулд зээл авсан. Авсан зээлээ төлөх үед компаниасаа гараад явчихсан. Ингэж олон түмнийг хохироож байна. Банкны 2.5 сая доллар, түүний ноогдол ашиг болох 4.5 тэрбум төгрөг энэ бүгд зургаан жил болоход гараад явчихсан, банкинд нэг ч төгрөг орж ирээгүй. Нийт 4.5 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр Д.Бат-Эрдэнэ авч ашиглаад яваад байдаг...
Түүний “Тээвэр, хөгжлийн банк”-тай холбогдсон түүхийг орхиод энэ удаагийн хэрэгт холбогдох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн талаар хэрхэн мэдэгдэл хийж байсныг хэсэгчлэн хүргэхэд ийм байна.
Одоо харин тэд гэнэт тоглоомын нэг талд гарцгаан гар барилцсан нь ямар учиртай вэ гэсэн асуулт гарч ирнэ.   
Тэдний “дайн” яагаад гэнэт зогсож, арай л алуурчин гэхээс наахнуур цоллож байсан мэргэжлийн дээрэмчин (Д.Энхтайваны тодорхойлдог байснаар) Ажнай-н Д.Бат-Эрдэнэтэйгээ нийлж нөгөө дөрвийн хөрөнгө болох банкинд нь барьцаанд байсан хувьцааг хууль бусаар авах гэж оролдож байна вэ. Үнэн хэрэгтээ том мөнгө олох нэгдсэн зорилго, том луйвар хийх нэгссэн төлөвлөгөө нь тэднийг энэ хэрэг дээр нэгтгэсэн хэрэг. Улмаар  эдгээр хувьцааны 2010-2012 онд хуваарилсан ногдол ашгийг “Таван толгой” ХК  болон “Таван толгой транс” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувийн харилцах дансаараа дамжуулан авч ашигласныг нуух, мөн 2013 онд хуваарилсан ногдол ашгийг нь хувьцаа эзэмшигчдэд олгохгүй байх зорилго л тэднийг “найзлуулсан” гэсэн үг.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр хуурамч нотлох баримтаар буруу шийдвэр гаргалаа гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа шуугисан. Гэвч эрх мэдэл, мөнгө, хэвлэл гээд бүгдийг захирч байдаг улстөрчийн гар тэрхүү шуугианыг дарчихдаг байсан.
Тийм учраас буруу шийдвэр гэж дүгнэж байгааг ахин нэг тодруулах нь зүйтэй болов уу. ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн гаргасан тодорхойлолт гэх баримт нь эрх зүйн чадамжгүй баримт юм. Гэсэн ч шүүгч С.Амардэлгэр тэрхүү хуурамч баримтаар хувьцааны эзэн, ноёнК.Д.Романовскийг шүүх хуралд оруулаагүй. Шүүхийн гадаа байлгаж байгаад хөрөнгийг нь бусдад шилжүүлсэн гэсэн үг. 
ОХУ-ын иргэн К.Д.Романовскийг удтал сунжирсан маргаан дарамтад оруулсан гэдгийг дээр дурьдсан. Тэрээр банкны зээлийн өрийг дарах гол хэрэгсэл болох 1023100 ширхэг хувьцаа болон 2010 оноос хойшхи хувьцааны ногдол ашгаасаа сайн дураараа татгалзах боломжгүй болох нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл С.Амардэлгэр шүүгч “К.Д.Романовский нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хувьцааны асуудал огт хамаагүй гэж өөрийн хүсэл зоригийг төрөлх хэл-орос хэл дээрээ бичсэнийг мэргэжлийн орчуулагч монгол хэлнээ хөрвүүлж, түүнийг нотариат гэрчилсэн” мэтээр хэрэгт авагдсан баримт нотолгоог улаан цайм гуйвуулж “дүгнэлт” хийгээд  булхайтай “шийдвэр”-ээ гаргачихсан.
Луйврын багийнханд К.Д.Романовский нь хэрэг маргаан нэгэнт шийдвэрлэгдэж дууссан, 2011 онд Тээвэр, хөгжлийн банк, “Говь-Урал” ХХК-тай хамтран гурвалсан гэрээ байгуулсан, “Тавантолгой транс” ХХК хувьцааг авахаар шилжүүлсэн мөнгөө  шаардсаар байгаад бүр 2011 онд эргүүлэн авсан зэргийг хэлж, та нарын хэрэг маргаанд оролцох боломжгүй, харин миний хууль ёсны эрхийг зөрчихгүй байхыг шаардаж буйгаа тодорхой тайлбарлаж байжээ. Өөрөөр хэлбэл, Тээвэр, хөгжлийн банк, “Тавантолгой транс” компанийн хоорондын маргаанд гэрчээр оролцохгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн үг. Гэтэл шүүгчийн сүрхий дүгнэлтээ суурилж хийсэн орос, монгол хэл дээр бичигдсэн баримт нь орос хүн байтугай орос хэлний наад захын мэдлэггүй хүн бичсэн, түүнийг нь монгол хэлнээ орчуулаагүй болохыг орчуулгын товчооны удирдлага М.Мөнхжаргал нь илэрхийлдэг. Тэрээр бүр “Манай товчоо ийм алдаатай, буруу зүйл орчуулаагүй. Тамга тэмдгийг маань ашигласан байна” гэж мэдүүлж эсрэгээр нь нотолсон байх юм. Тэрхүү хуурамч тодорхойлолтыг нотариатч (эхнэр нь) батлаад явуулахдаа “Оросоос монгол хэл рүү бус, харин эсрэгээрээ монгол хэлнээс орос руу хөрвүүлсэн орчуулга болохыг тэмдэглэжээ. Шүүгч С.Амардэлгэр энэ үл бүтэх баримтаар  ОХУ-ын К.Д.Романовскийг шүүх хуралд оролцуулалгүйгээр түүний өмчлөх эрхийг эзэддээ шилжүүлэх шийдвэр гаргачихсан юм.  Шүүгч маань орос хэлний мэдлэггүй байжээ гэж дүгнэхээс би хувьдаа ичиж байна. (Тэр хүн чинь дээрээс томилогдсон шүүгч шүү дээ) Мөн  орос хэл мэдэхгүй байж болох ч шүүхэд ирүүлсэн баримтыг сайтар судлах нь түүний хуульчилсан үүрэг байлтай. Мөн алдах нэр хүндтэй, нэр хүнд нь бүх зүйл нь байх учиртай шүүгч хүн гэж ахин тодотгомоор байна.  
Дээрээс нь зээлийн барьцааны зүйл болох үнэт цаасыг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ. Мөн  хууль зөрчсөн хэлцэл нь хийсэн үеэсээ л хүчин төгөлдөр бусад тооцогдох тул тэрхүү хэлцлийг хийгдсэнээс хойш гурван жил хагасын дараа хүчин төгөлдөр гэж тооцох хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй юм. Шүүгч С.Амардэлгэрийн энэхүү алдаатай шийдвэрээс болж ОХУ-ын иргэн К.Д.Романовский болон “Говь-Урал” компани 5-6 тэрбум төгрөгөөрөө хохирчихоод байгаа гэсэн тооцоо байна. “Таван толгой” ХК-ийн ногдол ашиг болох 3,7 тэрбум төгрөгөө тэд авч чадсангүй. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар нотлогдсон “Ногдол ашгийн 3,7 тэрбум төгрөг ямар замаар явсаар УИХ-ын гишүүн, Ажнай-н Д.Бат-Эрдэнийн данс руу орчихсон бэ” гэдэг  асуулт энэ хэрэг доторх маш ихээр анхаарал татаж байгаа баримт юм.  Ноён Д.Бат-Эрдэнэ орос монгол дөрвөн нөхрийн хувьцааг булааж эзэмшлээ зузаатгах зорилго агуулсан нь бараг л тодорхой харагдана. Эцэс төсгөлгүй заалдаж, дэлгэц болгоноор харааж байдаг “Тээвэр, хөгжлийн банк”-ны Д.Энхтайвантай ч энэхүү хамтарсан залилангаар нэг завинд сууж аван дуугүй болгох бодол байсан биз.  Д.Энхтайван ч ямар ч аргаар хамаагүй мөнгө “босгож” амь тариа залгах хүсэлтэй биз. Ийм л явдал болоод байна. Маш их товчилж бичихэд шүү дээ.
Бизнест буруу жишиг, бохир соёл нутагшжээ. Энэ бол бидний маш том эмгэнэл. Энэ бол Монголд ашиггүй, манай хөрөнгө оруулалтын орчинд хэрэггүй зүйл. Ашгийн төлөөх зорилго хөлдөө ямар ч хуульт ёсыг хаман авдаг, зөвхөн “мөнгө улаан” гэх зарчим ноёрхдог байж болох уу. Ийм бизнесменүүдтэй хэн түншлэх юм бэ. Мөн эд маань яг ном ёсоороо улсдаа татвар төлдөг үү гээд олон асуулт ар араасаа урган гарч ирнэ.
Дараагийн нэг эмгэнэл нь нийтлэлийн эхэнд дурьдсан шүүх засаглалд учирсан эмгэнэл. Энэ эмгэнэл явсаар Монголын том эмгэнэл болж үлдэх нь. Шүүх маань ноёдод бөхөлздөг, ардад таахалздаг болчихлоо. Шүүх мөнгөтэй эрхмүүдийн халааснаас гарч чадахгүй байгаагаас болоод  Монгол эцэс төгсгөлгүй луйврын хэрүүлд идэгдэж байна. Харин халдашгүй бүрэн эрхэт саарал байшинд орж суусан зарим этгээд улам гаршиж, улам завшиж байна.
Эцэст нь ганцхан баримт хэлэхэд, Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос 2012, 2014 онд хийсэн шалгалтаар К.Д. Романовскийн нэр дээр байдаг манай хоёр энгийн иргэн, ОХУ-ын нэг иргэний нийлсэн 1 023 100 ширхэг хувьцааны 2010 оны ногдол ашиг болох 1 341 730 000 төгрөг, 2011 оны 1 411 912 800 төгрөг, 2012 оны 155 847 100 төгрөгийг одоо УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк” дахь харилцах дансанд шилжүүлсэн болохыг тогтоосон байна. Мөн 2013 онд хуваарилагдсан 790 гаруй сая төгрөгийн ногдол ашгийг зохих эзэнд нь өгөхгүй “Таван толгой” ХК-д хадгалж байна. Компанийн тухай хуулийн заалтууд, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүд цаас болж байна. Учир нь хэзээ ч хэрэгждэггүй учраас.
Дашрамд хэлэхэд сэтгүүлч миний бие банктай холбоотой асуудлуудаас аль болох тойрч явдаг. Учир нь банк бол эмзэг сэдэв. Банкны бүх юм яг шүүгчийнх шиг нэр хүнд дээрээ явдаг. Тэр нэр хүнд унавал тэр банк унана. Гэтэл сүүлийн үед эдийн засгийн энэ төрлийн хэргүүд дээр банкууд илтэд хууль зөрчсөн үйлдлүүд хийсэн нь ил байна. Банк улстөрчдийн буюу баян хүний атга, арга чарган дээр оршдоггүй. Тэдэнд итгэдэг мянга мянган иргэдийн итгэл дээр оршдог. Хэрэв тэд харилцагчдаа золиод л эхэлбэл шилэн байшингийнхаа цонхонд цав суулгаад эхэлж байна гэсэн үг. Энэ явдал битгий жишиг болчихоосой билээ хэмээн чин сэтгэлээсээ залбиран энэхүү нийтлэлээ  өндөрлөсүү.
Б. Ганчимэг

Хятадын үг.



"... Дээр үед хятадын тандуулч Монголд он жилийг элээжээ. Нутагтаа эгээд, Монгол бол хоёр арслан зөрж хэвтсэн мэт, завсраар нь шургах ямар ч арга учир байхгүй бэрх хэцүү улс үндэстэн байна гэжээ. Харин би хэдэн арга мэдэв, эрийн толгойг архиар, эмийн бөгсийг урхиар оролдож, түмэн цэргийг нь түмэн лам болгож, төрөх удмыг нь таслаад, хөрсний хүйсэнд нь будааны үр, хүүхний хүйсэнд нь хужаагийн үр суулгаваас сая болох янз байна гэсэн аж" гэнээ.

Бодитоор амьдарч байсан гэгддэг босоо оролонгууд

2014 оны 12 сарын 2



Өдөр нь хүн төрхтэй байгаад, шөнө нь чоно болж хувирдаг ороолон гэгч муу ёрын амьтаны тухай үлгэр, домог дэлхийн бараг бүх үндэстэн ястанд бий. Тэр болгонд ороолонг хамгийн хатуу ял шийтгэлээр устгаж байсан байдаг. Тиймээс энэ мэт амьтадын тухай бараг бүгд үлгэр домог, болсон яриа зэргээс сонсож байсан. Харин тэр бүгдэд итгэдэг хүн хэд байсныг хэлэх бэрх. Гэхдээ ороолон байдаг гэдэгт хамгийн их итгэдэг байсан хүмүүс нь европчууд. Ялангуяа, дундад зууны Европт хэдэн мянган хүнийг ороолон гэж буруутган эрүүдэн тамлаж, шатааж хороосон байдаг. Сүүлийн үед "Бүрэнхий", "Өөр амьдрал" гэх мэт кино гарч олон сая үзэгчдэд хүрсний дараа тийм амьтад үнэхээр байсан гэдэгт итгэдэг хүний тоо эрс нэмэгдсэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Гэхдээ түүхэнд үнэхээр жинхэнэ ороолон гэж өөрийнх нь болон олон тооны гэрчийн мэдүүлэгтэйгээр бичгдиж үлдсэн цөөнгүй тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл үнэхээр бодит болсон гэдгийг нь архивт хадгалагдан үлдсэн баримтууд нотолдог гэсэн үг. Тэдгээрийн заримаас танд хүргэе.

20. Меремоисын ороолон Энн

Энэ бүсгүйг ороолон гэж 1623 онд Таллин хотноо бусад 12 эмэгтэй, 18 эрэгтэй хамт шүүн шатаасан байдаг. Тэрээр одоогийн Эстонийн нийслэл Таллинаас холгүй жижигхэн тосгонд төрж өссөн байдаг. Байцаалтын явцад тэрээр  өдөрт нь хүний дүрээр байгаад, шөнөдөө чөнод хувилан анд гарч дөрвөн жилийн турш ороолонгийн амьдралаар амьдарч ан хийдэг байсан гэж мэдэгдэж. Мөн өдөрт нь хүн төрхөнд орохоороо чонын арьсаа тариалангийн талбайд, чулуун дунд нуудаг байсан гэж мэдэгдэж байсан байх юм. Түүнийг нэг адуу, хэд хэдэн хонь, ямаа алсан гэж буруутган шатаасан байна. гэхдээ тэрээр чоно болж хувирч байсандаа өөрийгөө бууруутай гэж хүлээгээгүй байдаг.

19. Кляйн-Крамсын ороолон

Германы Кляйн-Крамс хотын орчим тогтмол ан хийдэг газар байжээ. Германы өнцөг булан бүрээс анд хорхойтой ноёд ирдэг. Гэтэл ойд хачин чоно бий болжээ. Чоно анчдаас огт үргэхгүй, суманд оногдохгүй, яг тулаад ирэхээр л гэнэт алга болдог.  Нэгэн ангийн үеэр морин цэргийн нэгэн офицер нь хэсэг хүүхдүүд байшингаас орь дуу тавин гүйлдэн гарч ирэхийг харжээ. Хүүхдүүдийг хөөсөн хэн ч байхгүй байсан тул тэднээс яагаад орилоод байгаа, хэн айлгаад байгааг нь асуусан байна. Хариуд нь гэрийн эзний хүү нь аавыгаа эзгүй хооронд чоно болж хувираад айлгаад байна гэж. Офицер мэдээж итгэсэнгүй хартал хүүхдүүдийн гарч ирсэн байншингийн цонхон дээр чоно зогсож байснаа хэдхэн агшины дараа жижигхэн хүүхэд болж хувирахыг хараад ихэд гайхсанаа тэмдэглэн үлдээжээ.

18. Генри Гардинн

Тухайн үедээ Ромын ариун эзэнть гүрний мэдэлд багтдаг байсан Лимбург мужид 17 дугаар зуунд Генри Гардинн амьдардаг байжээ. Түүнийг 1605 онд хар шид хэрэглэсэн, чоно болж хувирсан ороолон гэж буруутган шүүсэн байна. Түүнийг болон өөр хоёр эрэгтэйг чоно болж хувираад хүүхэд рүү дайрч идсэн гэж яллажээ. Гардинн өөрийн буруугаа хүлээсэн тул шатаагдах ялаар шийтгүүлж, нөгөө хоёрыг нь суллан тавьсан ч хоёр жилийн дараа барьж авч  шатаасан байна.

17. Дамарксус

Дамарксус, өөрөөр Дементус гэж нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн энэ хүн Эртний Грекийн Аркади нутагт буй Фаррас хотын нударган зодоонч, Олимпын тэмцээнд удаа дараалан оролцож ялж байсан хүн байж. Тэр үеийн Грект Ликайон буюу Чонон уулын орой дээр Ликайяа нэртэй шашны зан үйлийг цөөнгүй явуулдаг байжээ. Энэ ёслолын үеэр Зевс тэнгэрт тахил өргөдөг. Тахил нь хүүхэд, тахилч нь чоно болон хувирдаг хүн. Зевс бурханы тахилчыг чоно болгон хувиргасны дараар тахил болгон өргөж байгаа хүүхэд рүү дайрч алаад идэх ёстой байж. Тахил өргөснөөс хойш тахилч нь 9 жилийн турш чоно хэвээр явна, гэхдээ хүний мах идэх ёсгүй. Дамаркус нь Зевст тахил өргөн чоно болсоны дараа 9 жил хүний махнаас татгалзсан тул Зевс өршөөж буцаан хүн болгон хувиргасан аж.

16. Бургундын ороолон Клаудия Гайар

Анри Боге нэртэй ламтан шулам чөтгөр, ороолонгийн ангууч гэдгээрээ зартай нэгэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Кинон дээр гардаг  Ван Хельсинг шиг. Тэрээр олон зуун хүнийг муу ёртой нөхцсөн гэж шүүхэд татаж шатаалгасан байдаг. Түүний гарт өртөн шатаагдсан олон хүний нэг нь Бургунди нутгийн Клаудия Гайар гэгч эмэгтэй. Нутгийн хэдэн хүн бүсгүйг сүүлгүй чоно болж хувираад бутны хажууд суухыг олон удаа харсан гэж хэлсний дараа түүнийг баривчлан эрүүдэж шүүгээд, дараа нь ял оноон шатаажээ. Шүүх ажиллагааг удирдсан шүүгч нь "Тэр эмэгтэйг буруутай гэдгийг бүх зүйл гэрчилж байсан. Эрүүдэх, тамлах үед яаж ч хүч гаргасан түүнийг уйлж байхыг хэн ч хараагүй, ядаж дусал нулимс ч унаагаагүй" гэж тэмдэглэсэн нь хадгалагдан үлджээ.

15. Овернын ороолон

Рембо де Пине нь Францын хөлсний цэрэг байж. Шонс де Шаптей нэртэй язгууртан газрыг нь булаан авсны дараа
де Пине ой руу зугатан гарч тэндээ зэрлэг араатан шиг амьдардаг болж. Ингэж яваад нэгэн сартай шөнө хүний гэх сүүлийн зүйлээ алдан чоно болон хувирч. үүний дараа ойролцоох фермерүүдийн эдлэн рүү дайрч өвгөд хөгшдийг барьж, хүүхдүүдийг  иддэг байсан юм байх. Ингэснээр нэгэн удаагийн дайралтын үеэр модчин эр урд сарвууг нь тас цавчижээ. Үүний дараа де Пине эргээд хүн төрхөндөө орсон байна. Энэ хэргээс хойш мөчийг таслах нь ороолон болсон хүмүүсийг эргээд хүн төрхөнд  оруулах сайн арга гэж тооцогдох болсон аж.

14. Веретикус

Веретикус нь одоо Их Британийн Уэльс гэж нэрлэгдэх болсон нутгийн хаан, христийн шашныг дагахаас татгалзсан хүн байв. Гэгээн патрик Ирланд нутгаар аялж явахдаа олон омгууд христийн шашинд орохоос татгалзаж, хуучин шашнаа дагаж байгаад ихэд уурлан Веретикус ба түүний дагагчдыг верфольв буюу чонон ороолон болгон хувиргажээ. Тэдгээр нь долоон жил чоно болж амьдраад хэсэг хугацааны дараа хүн болсноо буцаад долоон жил чоно болдог байж. Хүн байх хугацаандаа христийн шашинд дагаар орж ёслол үйлдвэл ахин чоно болохгүй гэсэн шившлэгтэй. Үүний дараанаас ороолонгууд бөөн бөөнөөрөө христийн шашинд орж эхэлсэн аж. 1191 онд Жеральдус Камбернис гэдэг нэгэн хүн ороолонгуудыг христийн шашинд оруулах ёслолыг биечлэн явуулж байсан гэж тангараг өргөсөн ламтаны яриаг тэмдэглэн авсан нь одоо хүртэл хадгалагдаж байна.

13. Ваадтын орлоолон Миши Було, Жанна де ла Пьер, Сюзанна Прево нар
Швейцарийн Ваадт нутагт амьдардаг энэ гурван эмэгтэйг 1602 оны дөрөвдүгээр сарын 22-нд хар шид хэрэглэн ороолон болсон гэж шатаан хороожээ. Гэрчүүд нь тэднийг хүүхэд хулгайлан явж шуламын цуглааны үеэр алж идсэний дараа чөтгөрөөс авсан тусгай тос түрхэн чоно болж хувирдаг болсон гэж мэдүүлсэн тул буруутай гэж үзсэн байна. Гэхдээ тэдний шүүхийн протокол дээр нь алсан хүүхдийнхээ баруун гарыг нь идэж чадаагүй гэж мэдүүлсэн нь үлджээ. Шалтгааныг нь гурван ороолон "Бурхан хүүхдийн баруун гарыг идүүлээгүй" гэж тайлбарласан байдаг.

12. Перенетт, Пьер ба Жорж Гандильоны

1598 онд Альпын нуруунд хоёр хүүхэд жимс түүж явтал тэдэн рүү чоно дайрчээ. Охин газар дээрээ алагдсан, хүү нь хутга авч чоныг шархадуулсан хэдий ч бас алагдсан байна. Энэ хэргийн дараа хотын иргэд уурлаж хилэгнэн чоныг агнахаар ууланд гарчээ. Хэрэг болсон газраас холгүйхэн бөөн шарх, сорви болсон Перенетт Гандильон нэртэй охинтой таарсан байна. Уурласан олон охиныг ороолон гэж үзээд дайрч газар дээр нь алаад цааш Гандильоны эдлэн газар руу дайрсан байна. Гандильоныхон нутагтаа шидтэн, муу ёрын сүснтэй холбоотой гэж хардагддаг байсан тул үүнд гайхах зүйлгүй байж. Ингээд олон хүн дайрч Перенеттагийн ах Пьерийг тамлаж байгаад хар шидтэн, чөтгөрийн өгсөн тос түрхэн чоно болж хувирдаг гэсэн мэдүүлэг авч. Дараа нь Пьерийн хүн Жоржыг мөн эрүүдэн шүүгэээд бас ороолон байсан гэсэн мүдүүлэг авсан тул хоёуланг нь шатаасан байдаг. Эдгээр уурласан олны дунд дээр нэр гарсан "Ван Хельсинг" Анри Боге бас явж байсан байна.

11. Полиньи нутгиийн ороолон Мишель Верден, Пьер Бурго,Филибер Монто нар

1521 онд католик шашны сүмийн гэсгээгч Безансон хотын Жан Бойн гэгч нь Мишель Верден, Пьер Бурго, Филибер Монто гэсэн гурван хүнийг чоно болон хувирдаг, чөтгөртэй гэрээ байгуулсан хэрэгт буруутган тамлажээ. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзвэл ууланд ганцаар явж байсан аянчинг энэ гурав чононд хувиран дайрчээ. Аянчин хутга гарган өөрийгөө хамгаалаад нэг чоныг нь шархадуулжээ. Дараа нь чононуудыг цустай мөрөөр нь хөөсөөр нэгэн байшинд хүрч. Тэгтэл тэнд Мишель Верден эхнэрээрээ шархаа угаалган зогсож байгаатай таарсан байна. Тэр даруй энэ тухай эрх баригчдад мэдэгдэн Верденийг баривчлуулан эрүүдэн шүүхэд хамсаатнуудаа барьж өгчээ. энэ гурав мэдүүлэг өгөхдөө чөтгөртэй сүлбэлдсэн, есөн настай охиныг алж махыг нь идсэн гэж мэдэгдсэн байна. Гурвууланг нь цаазаар авчээ.

10. Анжегийн ороолон Жак Руле

1598 онд хэдэн франц анчин 15 настай эрэгтэй хүүхдийн эрэмдэглэгдсэн цогцос олжээ. Цогцос руу ойртоход хажуунаас нь хоёр чоно үргэн зугатсан байна. Анчид тэр даруй чоныг мөрөөр хөөж. Гэтэл чонын мөр нэг газар очоод тасарч, харин мөр тасарсан газрын ойролцооноос гар нь цул цус болсон, маш урт хумс, үс, сахалтай, хагас нүцгэн хүнийг олжээ. Тэр хүн нь Жак Руле гэгч байв. Түүнийг хүүхдийг алсан хэрэгт сэжиглэн баривчилсан нь ойлгомжтой. Шүүх дээр Руле нь эцэг эхээсээ авсан тосыг түрхээд чоно болон хувирч хүн агнадаг байсан гэдгээ хүлээж. Баригдах хүртэлээ олон хүн барьж идсэн гэсэн байна. Ийм мэдүүлэг өгсний дараа прокурор нэн даруй цаазаар авахыг шаардсан ч шүүх түүнийг сэтгэцийн өвчтэй, мэдүүлэг нь найдваргүй гэсэн шийдвэр гаргаж байсан аж. Түүнийг хоёр жилийн хугацаатайгаар сэтгэцийн эмнэлэгт албан хэвтүүлж эмчилжээ.

9. Пави нутгийн ороолон 

1541 онд Италийн Пави нутагт нэгэн фермер задгай газар явж байсан бүлэг хүн рүү дайрч бүгдийг нь хөнөөжээ. Энэ хэргийн дараа түүнийг удаан хугацаанд ангуучилсны эцэст баривчлан шоронд хорьсон байна. Байцаалтын явцад өөрийгөө ороолон, чоно болж хувирдаг, гээд чоноос ялгаатай нь гэвэл түүний үс нь гадагш бус дотогш ургадаг гэж мэдүүлсэн аж. Үүний дараа мэдүүлгийг нь шалгахын тулд шүүхийнхэн хөл гарыг нь тайрч үзжээ. Мэдээж ямар ч үс олсонгүй, харин сэжигтэн шархаа даалгүй өөд болжээ.

8. Алларизагийн ороолон Мануэль Бланко Ромасанта

Ороолонтой тулгарсан гэх хамгийн сүүлийн үеийн гэж болохоор тохиолдол 1853 онд бүртгэгджээ. Тэр онд Испанийн цуврал алуурчин Мануэль Бланко Ромасантад 13 хүн алсан хэрэгт буруутган шүүсэн юм. Хэрэгтэн өөрийгөө болсон хэрэгт буруугүй, хараал хүрч чоно болон хувирсан хойноо харгис хэрэг үйлдсэн гэж мэдүүлжээ. Түүний өмгөөлөгчид энэ нөхцлийг ял хөнгөлж цагаатгахад хангалттай гэж үзэн давж заалдсан. Гэвч Испаний хатан хаан II Изабелла нь өмгөөлөгчдийн шаардлагыг үл тоон ялыг хэвээр үлдээн эмч нарт чоно болж хувирсан хүнийг судлахыг зөвшөөрсөн байдаг. Үүнээс удалгүй Мануэль шоронд нас барсан.

7. Всеслав Полоцкий

Всеслав нь 11 дүгээр зуунд Киевийн Оросын Полоцк хотын ван байсан хүн. Дараа нь Киевийн ван ч болсон. Тэрээр 57 жилийн турш Киевийн Оросыг захирсан байдаг. Энэ хугацаанд нь хүмүүс тооныг ороолон гэж ихэд эмээн хүндэлдэг байсныг түүхийг бичиг тэмдэглэн үлдээжээ. Всеславыг төрөхд нь нь ихэс нь өлгий шиг ороосон хэвээр салаагүй байсан гэдэг. Ингэж төрсөн хүнийг эртний славчууд далдын шидтэй, чоно болон хувирдаг ороолон гэж үздэг байжээ.

6. Ороолон Ганс

Ганс  нэртэй 18 настай эстони залууг 1651 онд хар шид хэрэглэсэн, ороолон болдог гэж шүүн цаазаар авсан байдаг. Эрүүдэн шүүх явцад Ганс нь өөрийгөө шөнө дөлөөр чоно болон хувирч ан хийдэг байсан гэв. Чоно болж хувирах шидийг  хар хувцастай хүнээс авсан гэж. Ингээд зогсохгүй чоно болоод ан хийж байхдаа өөрийгөө чоно гэж мэдэрч байсан уу эсвэл хүн гэж мэдэрч байсан уу гэсэн асуултын хариуд өөрийгөө араатан гэдгийг мэдэрч байсан гэжээ. Шүүх түүний мэдүүлгийг хар шид хэрэглэсэн хэргийн хөдлөшгүй нотолгоо, хар хувцастай хүн нь муу ёрын сүнс мөн гэж үзээд цаазаар авах ял оноосон.

5. Доль хотын ороолон Жиль Гарнье

Жиль Гарнье нь Францын Доль хотоос холгүй эхнэрийн хамт бусдаас тусдаа амьдардаг зожиг хүн байж. Нутгийнхан түүнийг ид шидтэй гэж ихэд болгоомжилдог байж гэнэ. Гэтэл 1570-аад оны үед Доль хотын орчмоос хэдэн хэдэн хүүхэд алга болоод удалгүй алагдсан байдалтай олдсон хэрэг гарч. Иймд  нутгийн эрх баригчид тэр бүх хэрэгт ороолон буруутай гэж үзээд  агнах тушаал гаргаж. Нэгэн орой хэсэг анчид хүүхэд барьсан чонотой таарч үргээтэл  чоно нь чоно биш жиль Гарнье байхыг хараад ихэд гайхаж. Ингээд түүнийг баривчлан эрүүдэн шүүхэд чоно болгож хувиргадаг тосыг хий үзэгдлээс авсан, дөрвөн хүүхэд алж идсэн гэж мэдүүлсэн тул буруутай гэж үзээд цаазаар авсан байна.

4. Шалонын ороолон 

Энэ ороолонг түүхийн бичээст Деймон Тейлор гэж тэмдэглэсэн байдаг. Түүнийг 1598 онд хүний ухаан санаанд багтамгүй аймшигтай хэрцгий хэрэгт буруутган шүүж цаазаар авсан бөгөөд шүүх хурлын дараагаар энэ хэрэгтэй холбоотой бүх тэмдэглэлийг олны нүднээс далдлан устгахыг тушааж байж. Олон тооны гэрчийн мэдүүлснээс үзвэл Тейлор нь хүүхдүүдийг дэлгүүртээ чихэр жимсээр хууран оруулж хүчирхийлж, дараа нь хоолойг нь хэрчиж хөнөөгөөд  хувцас өмсгөж, нүүрэнд нь оо энгэсэг түрхэн гоёж байгаад мөчөөр нь салган иддэг байжээ. Түүний дэлгүүрийн хонгилоос хүүхдийн ясаар дүүрсэн торхнууд олон олдсон гэдэг.

3. Бяцхан ороолон Жан Гренье

1603 онд Францын жижигхэн тосгондуудаас хүүхдүүд ор сураггүй алга болж эхэлжээ. 13 настай Маргарита Пуарье гэгч охин шөнө харьж явахад нь түүн рүү чоно дайрсан, харин зам дээр байсан төмөр саваагаар өөрийгөө хамгаалж амь гарсан гэж мэдэгдсэн байна. Энэ хэргийн маргааш нь охин тэр хавьцаа явж байгаад 13 настай Жан Гренье гэдэг хүүтэй таарсан байна. Хүү гэтэл шүнө дайрсан чоныг өөрийгөө байсан, төмөр саваа байгаагүй бол хэдэн хэсэг тас татах байсан гэж онгирч эхэлжээ. Хүүг баривчлан шүүгээд сэтгэцийн өвчтэй гэж тогтоосон байдаг.

2. Ливон нутгийн ороолон Тисс

Энэ хэргийг хүний мах идэх, зүүдэндээ явахтай холбоотой хамгийн ээдрээтэй бөгөөд онцгой хэрэг гэдэг. 1692 онд Тисс нэртэй 80 настай өвгөн өөрийгөө ороолон, шөнө болгон өөр хоёр ороолонгийн хамт там руу орж чөтгөр шуламтай тулалддаг гэж мэдэгдсэний дараа тэрс үзэлтэн гэж шүүжээ. Өвгөн өөрийгөө бурханы үнэрч нохой, чөтгөртэй ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байдаг. Гэвч шүүх түүний мэдүүлгийг авч үзсэнгүй сэтгэцийн өвчин гэж үзээд 10 ташуурдах шийтгэл оноосноор хэрэг дуусч.

1. Бедбургийн ороолон Петр Штумп

Ороолонг шүүсэн хамгийн зартай хэрэг 1589 онд болсон юм. Рейн мөрний дагуух Бедбург хотын фермер Питер Штумпыг хүний мах идсэн, цуврал аллага үйлдсэн гэж буруутган шүүжээ. Хатуу эрүүдэн шүүлтийн дараа Штумп өөрийгөө 12 наснаасаа эхлэн хар шид хэрэглэж байгаа, чөтгөрөөс чоно болгон хувиргадаг бүс авсан, 25 жилийн турш хүмүүсийг ангуучлан алж байсан гэж мэдүүлсэн байдаг. Тэрээр хөл хүнд хоёр эмэгтэй, 14 хүүхэд, түүний дотор охинтойгоо цус ойртосноос төрсөн төрсөн хүүгээ идсэн хэрэгт буруутгагдсан юм. Шүүхээс Питер Штумп, түүний охин, холын хамаатан нууц амрагийг нь дугуйнд хүлэн дөрвөн мөчийг нь таслах, арьсыг нь амьдаар нь хуулах, дараа нь толгойг нь тасдах, тэгээд биеийг нь шатаах гэсэн хамгийн аймшигтай хатуу ялаар цээрлүүлсэн байдаг. Эх сурвалж: www.assa.mn