Monday, April 6, 2015

Эсэргүү Шижээгийн салан тусгаарлагч байсныг нотлосон шинэ баримтууд


Золбингийн Шижээ бол 1920-иод оны сүүлч үеийн Монголын гол удирдагч байсан билээ. Тэрбээр 1937онд Москвад баривчлагдан цаазлагдсан юм.
1932 оны эцсээр Сталины тушаалаар Шижээ, Бадрах нарын 1920-иод оны сүүлч үеийн үйл ажиллагаатай холбоотой зарим баримт бичгийн Зөвлелт улсын онц нууц болгон 80 жилийн хугацаатай задлахыг хориглосон хугацаа өнгөрч оны эцсээр дуусаж, Оросын түүхчид тэдгээр баримтыг дэлгэв. Оросын түүхч В.Нефедов 2013 оны 1-р сард "Монголын удирдагч Шижээ улсаасаа урвасан нь" нэртэй ном хэвлүүлсэн байна.
1928 оны төрийн эргэлтээр Золбингийн Шижээ, Өлзийтийн Бадрах нарыг төрийн дээд удирдлагад гаргасан нь Коминтерний нарийн зохион байгуулсан ажиллагаа байжээ. Коминтерний удирдагч Григорий Зиновьев Монголын баруун бүс нутаг буюу Дөрвөдийг тусгаар улс болгох санаагаа хэрэгжүүлэхийн тулд ойрад гаралтай, зүүний үзэлтэн тэдгээр залуусыг ашигласан аж. Шинжааны Цайдам нуурын монгол гаралтай Шижээ Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улсыг байгуулах коминтерний төлөвлөгөөг голлон хэрэгжүүлэхээр томилогдон 1928 оны 5-р сард МАХН-ын дарга төдийгүй Монголын гол удирдагч болон дэвшсэн байна.
Шижээгийн нэр төрийг өсгөхийн тулд Коминтерн 1928 оны 8-р сард Форд-М маркийн 16 машин бэлэглэснийг Шижээ ёстой нэг улсын эзэн хуний есоор захиран зарцуулсан байна. Эхнэрээсээ гадна 2 нууц амрагтаа тэдгээр машинаас тус бүр нэгийг бэлэглэж байжээ. Шижээ 1929 онд хуучны Ховдын хязгаар, Дервөд 2 аймгийг нийтэд нь Дөрвөдийн автономит аймаг болгох санал гаргасан байна. Гэвч Шижээгийн санаачилж Бадрахын хүчлэн зүтгүүлсэн тогтоолын төсөл МАХН-ын Төв Хорооны олонх болох халхчуудын хүчтэй эсэргүүцэлд өртөн унажээ.
Ингэмэгц Коминтерн цуутай террорист, зүүн эсер Яков Блюмкинээр ахлуулсан чекистүүдийн бүлгийн Монголд Шижээгийн хүсэлтээр ирүүлсэн байна. Бодоо, Сүхбаатар, Данзан нарыг хөнөөхөд гол үүрэгтэй оролцсон Я.Блюмкин Улаанбаатарт ирүүтээ Чойбалсан, Гүрсэд, Лхүмбэ, Гэндэн, Лувсаншарав нарыг айлган сүрдүүлэх ажлаа эхэлсэн байна. Нефедовын өгүүлснээр, Гэндэнгийн машинд цагийн механизмтай мина тавьж дэлбэлэхэд жолооч Баасан нь амь үрэгдсэн ба ийнхүү дэлбэлснээ Блюмкин Гэндэнд утсаар хэлж байсан гэнэ.
1930 оны 1-р сард БНМАУ-ын угтал болох Дөрвөдийн автономит аймгийн тухай Төв хороо хэлэлцэхээр болжээ. Төв хороны 35 гишүүний 27 нь халхчууд байсан бөгөөд тэд бүгд Блюмкинд дарамтлуулсан учир Коминтерний санал болгосон төслийг дэмжихэд бэлэн болсон байв. Гэтэл огт санаанд оромгүй явдал тохиов. Коминтерний төлөөлөгч В.Черномордюк, ОГПУ-гийн төлөөлөгч Я.Блюмкин нарын сууж явсан машин руу хүн гал нээж, тэд шархдан үрэгджээ. Энэ явдал Москваг цочроож, тэр үед гол дайсан Троцкийгоо дараад ЗХУ-ын удирдагч болчихоод байсан Сталины анхаарлыг татжээ. Сталин ямар учраас зэвсэгт халдлага болсныг мэдүүтээ Коминтернийг зэмлэж, Дөрвөдийн асуудлыг нэгжилээр хойшлуулсан байна.
Черномордюк, Блюмкин нарт халдах ажлыг Дэмид, Соднодаржаа нар хийсэн хэмээн Шижээ Коминтернд мэдээлсэн байна. Амар, Гэндэн, Дэмид, Чойбалсан, Гүрсэд нар 1931 оны эхээр Дөрвөд буюу Чандмань уулын аймгийг Увс, Ховд 2 аймаг болгон хуваах шийдвэрийг гэнэт гаргажээ. Увс, Ховдын бүрэлдэхүүнд хил залгаа халх сумдыг уугуул аймгаас нь тасдан оруулж, Увс, Ховдын угсаатны бүтцэд өөрчлөлт оруулжээ. Энэ явдалд Коминтерн ихэд балмагдан сандарч байсан ч Коминтерний удирдлагын төлөө Сталины хийж байсан ширүүн дайралтын улмаас хариу үйлдэл үзүүлж чадсангүй. Хөрөнгө хураалт, хамтрал коммун, шашин сүм хийдийг эрчимтэй дайрсан зэргээс болж Монголд ард түмний бослого гарах нөхцөл нэгэнт бүрдээд байв.
Шижээ, Бадрах, Лхүмбэ нар 1932 оны 2-р сард татвар нэмэгдүүлэх санал гаргасан нь бослогод түлхсэн алхам болжээ. 1932 оны 3-р сараас 11 аймаг ардын бослого нэгэн зэрэг гарав. Корпус командлагч, сайд Сондом, дэд сайд Өлзийбат нарын удирдсан МАХЦ-ийн ангиуд босогчдыг дарахаар 1932 оны 4-р сард хөдлөв. Дайрагч нисэххүч, хилийн зэвсэг хэрэглэн дайтсан МАХЦ-ийн 12 мянга цэрэгбосогчдыг 1932 оны 9-р сард бүрэн устган дарав. 1932 оны 4-р сард Сталин Коминтерний удирдлагыг эрс зэмлээд Монголд барууны товч бодлого явуулахыг Гэндэнд даалгажээ. Шижээ, Бадрах нар огцорч ЗХУ руу нэг ёсны цөллөгт явжээ. Дөрвөдийг Монголоос тусгаарлахыг дэмжигч халх ястан Лхүмбэ, тусгаарлахыг эрс эсэргүүцэгч өөлд ястан Баасанжав нар албан тушаалдаа үлдсэн нь сонирхолтой.
Шижээ 1928-1932 онуудад БНДАУ байгуулах оролдлогынхоо талаар 317 хуудас тайлан бичиж Коминтернд илгээснийг Сталин уншаад 1932 оны 10-р сард орчуулуулан уншаад "Онц нууц, 8 жил үл задлах архивт" хэмээн цохсоноор уг асуудалтай холбоотой бүх баримт тийнхүү чанадын чанадад орж далдлагдсан байна. 1935 онд Өвөрхангайн халх Гэндэн мөн Өвөрхангайн халх Лхүмбэ Буриадын хувьсгалын эсэргүү хэргээр баривчлан цаазлахыг идэвхийлэн оролдсоны цаана Дөрвөдийн асуудалд өөр саналтай байсны өш хонзон гэж Оросын түүхч үзсэн байна.
Лхүмбиийг оросуудын гарт өгч яргалуулах гэсэн ч тэд яргалах нь бүү хэл өмөөрөх байдалтай байсан тул дахин эх оронд нь татан авчирч хилс хэрэг хүчээр тулган цаазалсан билээ. Мөн уг хэрэгт Дөрвөдийн асуудлаар эрс шийдэмгий байсан Шижээ, Бадрах, үе үе гуйван дайвж явсан Чойбалсан нарыг холбон шийтгэх гэсэн ч Коминтерний шинэ удирдагч Н.Бухарин эрс хаалт тавьснаар Гэндэн, Дэмид, Амар нар яаж ч чадаагүй бололтой. 1937-1940 онуудад явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед Монголд Дөрвөдийн асуудалд холбогдсон бараг бүх хүн хэлмэгдэн цаазлагдсан нь цаанаа далд өш хонзонтой холбоотой гэж түүхч Нефедов тэмдэглэжээ.
Гэндэн, Дэмид нар Дөрвөдийн талынхныг утсгах замаар байр сууриа бэхжүүлэх бодолтой байсан ч тэд өөрсдөө өс хонзонд өртөн хэлмэгдсэн билээ. Маршал Дэмидийн ЗХУ руу явж байгаа учир битүүлгээр алагдсаны ард ОГПУ буюу хожмын НКВД-ийн том хүн, цуут алуурчин Я.Блюмкин, мөн Блюмкиныг ивээгч Батлан хамгаалахын ардын комиссарын 1-р орлогч, Маршал Н.Тухачевский нар байсан гэж түүхч нотолжээ. Энэ хүмүүс бүгд цаазлагдсан билээ. Сталин Монголыг бутаргах санааг дэмжихгүй байсны учир бол 1929 оноос Хятадыг эзлэхээр дайн эхлүүлсэн Японоос болгоомжилж байсантай холбоотой ажээ.
Монголчуудыг талдаа татаж Алс Дорнод, Сибириэ хамгаалахын туд Сталин бутаргах нь бүү хэл харин ч Ар, Өвөр монголыг нэптэхийг уриалдаг байсан нь ийм учиртай аж. Харин ХКН ялснаар Сталин Монголын нэгдлийг дэмжихээ больжээ.

Saturday, April 4, 2015

Тэнгэрээс ямар нэгэн удирлдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо.


Индиана Мужийн Блүүмингтон дахь Индианагийн Их сургууль, монголч эрдэмтэн Христофер Этвүүд :
- Гэхдээ нэг онцлог нь Монголоос өөр үндэстнүүд Чингис хааныг хэдий генефондын талаар залгамжилж болох ч хэлний талаар өөр,
хоёрт Чингис хааныг нийтээр дуртай хүлээж авдаггүй. Харин Монголчуудын дотроос Чингис хаанд дургүй хүнийг олохгүй ээ.
Ер нь Монголын түүхийн бүх юм зөв байсан. Тэнгэрээс ямар нэгэн удирлдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо.
Бараг хоёр жилийн өмнө Индиана Мужийн Блүүмингтон дахь Индианагийн Их сургуулиар орж, монгол судлалын нэрд гарсан эрдэмтэн мэргэдтэй уулзан, ганц хоёр үг солих завшаан тохиосон билээ. Тэдний нэг нь Христофер Этвүүд. Эхлээд Этвүүд багшийг зурагнаас нь харахад хямсгар ч байж мэдэх, туранхай жижигхэн хүн шиг санагдсансан. Харин нүүр тулан уулзахад тийм биш, харин ч хөгжилтэй, яриа хөөрөөсөг, их найрсаг хүн ажээ. Туранхай жижигхэний хувьд би бүүр ч алд дэлэм зөрүүлсэн байсансан.
Христофер Этвүүд багшийг хэрвээ номын ширээний араас өөр газар таарвал магад хөл бөмбөгчин ч юм уу гэмээр чийрэг чанга хүн байв. Цэгцтэй, санаагаа тов тодорхой илэрхийлдэг энэ хүн Монгол хэлээр нэлээд өвөрлөгч аялгуу оруулж ярина. Анх монгол хэлийг өвөр монголд сурсан гэхээр аргагүй биз. Харин ч тэрээр уран санаа, түүхэн баялаг мэдлэгээр дүүрэн яриандаа өдгөө бидний тэр бүр яриандаа хэрэглэхийг больсон олон сайхан үг, хэллэгийг хавчуулах нь түүний сонирхолтой яриаг улам ч сонсууштай болгоно. Хэдий бидэнд ч, эл эрдэмтэн багшид ч цаг зав хомс байсан ч хоёр цаг гаруй сууж билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийг манай улсад айлчлахад Этвүүд багш орчуулагчаар нь явсан. Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкэрийг Монголд айлчлахад нь орчуулга ч хийж явсан гэнэ лээ. Саяхан 8 сарын эхээр Улаанбаатар болсон Монголч эрдэмтэдийн Их хуралд Этвүүд багш бас оччихсон харагдсан. Энэ зун мөн Миннесота мужийн Их сургуульд Монголын түүхийн сэдвээр лекц уншихаар уригдсан гээд ойрд бидэнд уулзаж учрах завдал гарсангүй.
Түүний эрдэм ажлын гол бүтээл нь “Монгол ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” /Encyclopedia of Mongolia and the Mongol Empire/ ажээ. Тэвхийсэн зузаан эх хувиа үзүүлж байсан. Одоо энэ ном нь хэвлэгдэж олны хүртээл болжээ. Amazon.com-оор ороод хайвал олдох байх. 100$ орчим долларын үнэтэй эд. Ганц хүнийх бүү хэл хэд хэдэн хүний бүтээл гэхэд ч ахадмаар ажээ. Энэхүү нүсэр бүтээлийг нь хараад монголчууд маань эх түүхийнхээ хувьд бас нэгэн сайхан бүтээл туурвилтай, лавлах материалтай болжээ хэмээн олзуурхан баярлаж билээ. Ийнхүү Этвүүд багш Америка гүрэнд, дэлхий дахинд Монголыг маань сурталчилч явна.
Тэрээр өдгөө Индианагийн Их сургуульд “Монголчуудын байлдан дагуулал”, “Орчин цагын өвөр Монгол”, “20 дугаар зууны Монголчууд”, “Ордос дурсгал”, “Монгол хэл” зэрэг хичээлүүд заадаг ба тухайлан судалдаг сэдэв нь “Монгол болон өвөр Монгол дахь үндэсний хөдөлгөөн”, “Эзэнт гүрний үеийн монгол, хятад мэргэд”, “Монголын гэр бүлийн түүх” гэнэ.
***
Бидний яриа хар аяндаа л өрнөлөө. Учир юун гэвэл Христофер Этвүүд багшид би өөрийн бичсэн “Хувьгүй хаан Аригбөх” номоо сонирхуулан барихад тэрээр “Аригбөхийн талыг барьж бичсэн үү?” гэлээ.
- “Тэгэлгүй яах вэ” гэвэл Тэрээр :
- Ер нь монголын түүх бичлэгт Аригбөх, Галдан бошигт хоёрын зөв, Занабазар, Хубилай хоёрын буруу, Ойрдуудын зөв, Халхуудын буруу гэсэн дүгнэлт нэлээд түгээмэл болсон байна гэв.
- Таны хувьд аль талыг нь зөвтгөж байна вэ? Гэвэл..
- Би одоо Хубилай болон Аригбөх нарын хэнийх нь зөв буруу байсны тухай ярихгүй, харин Галдан, Занабазар хоёрын тухайд гэвэл би Занабазарын талыг баримтална. Яагаад гэвэл нэгдүгээрт Галдан нь хэдий Зүүн гарын хаант улсыг нэгтгэж, өргөтгөсөн боловч улс дотроос нь түүнийг эсэргүүцсэн сөрөг хүчин ихэссэн.
Миний бодлоор Занабазар Манж улсад бууж өгсөн нь Монгол улсад халамжтай болсон, тэгсэнгүй болбол Зүүн гар улс шиг хядуулж, эсвэл яг казах шиг оросын харьяанд орж магадгүй байсан. Хэрвээ Оросын харьяа болсон бол 1911 онд тусгаар тогтнолоо олох асуудал байхгүйгээр, бүүр хожим Казахстан шиг 1991 он хүртэл бараг оросын харьяат байсан байх болов уу гэж бодож байна.
Нөгөө талаар Галдан нь шарын шашныг хэт их хурц маягаар баримталж, Занабазарын барьсан сүм хийд, уран барилгыг сөнөөсөн нь монголын соёлын хөгжилд нэлээд харштай болсон.
Ер нь халхын түүхийн элдэв нугачааг үзвэл Халх Монголчууд бүх зүйлийг яг зөв хийсэн гэж бодогддог. 1691 онд манжид бууж өгөөгүй бол Оросын харьяат болох боломжтой байсан. 1911 онд Чин улсаас салаагүй бол өвөр Монгол шиг хятадын харьяат болох байсан. 1915 онд байгуулсан Хиагтын гурван улсын гэрээ хэвээрээ байсансан бол 1949 онд тусгаар тогтол байгуулахад их хэцүү байсан. Тийм учраас хэдий тухай тухайн үеүүдэд буруу гэж байсан ч автономыг цуцалсаны үр дүнгээр 1991 оны хувьсгал гарсан гэж болно. өмнөх түүхэн дэх бүх буулт, ухралтууд нь эцэстээ монголын бие даасан байдлыг хамгаалан хадгалсан үйл явц байсан гэж хэлж болно.
Ер нь бүх юм зөв байсан. Тэнгэрээс ямар нэгэн удирлдлагатай байсан ч юм болов уу гэж бодогдмоор оо.
- Ази, Европыг дамнасан Монголын эзэнт их гүрэн байгуулагдсанаасаа хойш нэгэн жаран хүрэхгүй хугацаанд оршин тогтноод задарсан. Энэхүү задралын шалтгааныг Та хэрхэн үзэж байна вэ?
- Ил хаант улс, Алтан ордон, Цагаадайн улс гэх мэтийн орнууд, мөн Аригбөх ч, Хубилай ч тэр, аль нь ч Монголын эзэнт гүрнийг нэгтгэн захирч чадахгүй байсан гэж бодож байна. Мөнх хааныг нас барахад л Монголын Их гүрэн задрах нь зайлшгүй болсон.
Хэрвээ Аригбөх хаан болсонсон бол хаант улсын төв Монгол хэвээр байх байсан. Хубилай хааны улс нь өвөр Монголд төвлөрч байгаад Дайду буюу Бээжинд урагшлан шилжсэн. Хубилай хаан хэрвээ тэгэж нүүлгээгүйсэн бол дараа нь Марко Поло гэх мэтийн харь орны улсууд очихгүй байх магад. Хэрвээ Марко Поло Дайдуд очоогүй бол дараа нь Колумб Америкийг нээхгүй ч байсан байх магадгүй. Тийм учраас Хубилай хаан түүхийн том гавьяатан. Монгол эзэнт гүрний түүхэнд нэгээхэн том алхамыг хийсэн хүн.
Монголын эзэнт гүрэн задарсаны бас нэг гол шалтгаан нь Мөнх хааныг нас барахад түүнд Бөртэ үжин, Туркина, Ойгул хаймиш гэх мэтийн нэр нөлөө бүхий том хатан байгаагүй учраас хаан орыг баригч хүн байсангүй. Хэрвээ тийм нэгэн нөлөө бүхий хатан байсансан бол нийт алтан ургийнханыг хамруулсан Их хуралдай хийх боломж байсан байж магадгүй юм.
Зарим монгол хаад өөрийн хатанд их дуртай байжээ. Хубилай тийм байв. Чингис хаан, өгөөдэй хаан ч тийм байв. Гэхдээ Мөнх хааны хамгийн хайртай хатан нь өөрөөс нь өмнө нас барсан учир түүнийг нас барах үед голлох хүн байсангүй. Ийнхүү хааны оронд түр барих хүн байгаагүйгээс хаант их улс задарсан.
- Та Монголын түүхэнд гүйцэтгэсэн Хубилайн үүргийн талаар…?
- Өөрийгөө дэмжигчдийг цуглуулаад хууль бус хуралдай хийж, Их хааны ширээг хууль бусаар булаасан түүхэн дэх анхны хүн нь Хубилай юм. Аригбөх Хубилайгаас нэг сарын дараа өөрийгөө хаанд өргөмжлүүлсэн.
Рашид-ад-Дин Хубилайн хуралдааны он, сар, өдрийг огтхон ч дурдаагүй. Тийнхүү он, сар, өдрийг нь тодорхой бичээгүй нь мартаж, цалгардсаных бус байх аа. Хубилайг Аригбөхийн дараа хуралдай хийж, хаанд өргөмжлөгдсөн гэсэн тийм нэгэн сэтгэгдэл төрүүлдэг юм байна.
Хожим Монголчууд Хятадаас зугтах үед зарим хаад Аригбөхийн үртэс байсан. 1388 онд Есүдэр Хубилайн үртэс хааныг алуулаад Аригбөхийн нэг үртэсийг хаан болгосон байжээ. Монголын түүхийн нэлээд хэдэн хаад Аригбөхийн үртэс байсан. Мөн өгөөдэйн үртэс ч хаан байсан. Саганцэцэний эрдэнийн товчоос үзэхэд тэр өөрөө Даян хааны үртэс байсан учраас Хубилайн талыг баримтлаад Аригбөхийн үртэс хаан ширээнд суусныг ер дурдсангүй. Тэгээд Хубилайгаас хойшхи бүх хаадыг түүний үртэс/үр сад/ болгосон байна.
- Өнөөдөр зарим түүхийн материалуудыг харж байхад Хүннү нарыг монголын өвөг дээдэс байсан гэхэд эргэлзээ төрөхөөр баримтууд тааралддаг шүү?
- Өмнө нь энэ сэдвээр доктор М.Саруул-Эрдэнэ бид ярилцаж байсан. Миний үзэхэд Хүннүгийн хүмүүс нэлээд олон монгол угсаатны өвөг дээдэс байж магадгүй ч гэсэн тэдний ярих хэл нь монгол хэл биш, түркийн хэл байсан гэж бодож байна.
Хэлний талаас нь авч үзвэл монголын дээдэс нь Хүннү гэхээсээ Сяньби нар нь илүү ойр байдаг. Сяньбийн гаралтай улсууд нь Табгач, Жүжан /Нирун/ нар, европд бол Аварууд байсан.
- Аварууд үнэхээр Монгол угсаатан мөн гэж үү?
- Мөн гэж бодож байна.
- Тэгвэл Скифүүд..?
- Тэд Перс. Хэлний талаар монгол биш. Арьсны талаар ч мөн цагаан байсан. Хүннү нар нь харин арьсны талаар монгол байсан бололтой байдаг.
- Энэтхэгт түрж орсон Ари нарыг зарим судлаачид Төв Азиас ирсэн, Монголын өвөг дээдэс гэх юм билээ?
- Ари үндэстнүүд Европоос Оросын өмнөд хэсэг, Хар тэнгэсийн хойт тал нутгаас нүүж ирсэн улс гэж би боддог. Онцлон судлаагүй юм байна.
- Таныг монголын түүхийг сонирхож, монголын түүх судлаач болоход юу нөлөөлөв?
- Өмнөд насны шүтэн барилдлага байсан болов уу даа, бүү мэд. Дээд сургуульд байхдаа голдуу монголын эзэнт гүрний түүхийн хичээлд суудаг байлаа. Жувейни, Нууц товчоо, Марко Поло нарын номыг уншаад Монголын түүхийг их сонирхох болсон. Эхлээд эзэнт гүрний үеийг сонирхсон. Дараа нь 1986-1988 он хүртэл өвөр монголд 2 жил байсан. өвөрмонголын өнөөгийн байдлыг их сонирхож байлаа. Тэр үед өвөр монгол нь дөнгөж л дэлхий нийтэд мэдэгддэг болоод байсан учир хэн ч мэддэггүй сэдэв байсан. Дараа нь Монгол Улс бүр нээлттэй болж, дэлхийд бас нэгэн сайтар судлагдаагүй сэдэв гарсан. Монгол залуус та нар Жак Вейдерфордийн “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” гэдэг номыг уншив уу?
- Уншсан. Бүүр эх хэл дээрээ уншсан шүү. Та түүнтэй танил уу?
- Үгүй. Утсаар ярьсан.
- Тэрээр Монголын түүхийг тусгайлан судалсан хүн үү?
- Үгүй, хүн төрөлхтөний түүхийг судалсан байна. Энэ номондоо эрдэм шинжилгээ, уран сайхан хоёрыг хосуулсан бичсэн гэсэн.
- Түүний номыг Монгол хэл рүү хэн орчуулсан бэ?
- Монголын түүхч, археологич, доктор Х.Лхагвасүрэнгийн Чингис хаан гэдэг хувийн их сургуулиас эрхэлж орчуулан хэвлүүлсэн байна билээ.
- Хэролд Лэмб гэдэг хүний бас нэгэн ном гарсан байна. Та түүнийг харав уу?
- Тэрийг би үзсэн. Түүнийг хэрэглэсэн сурвалж бичгүүд нь голдуу Персийн сурвалжууд.
Вейдерфорд, Лэмб хоёрын ялгаа нь Вейдерфорд Монголд хэдэнтээ очиж монгол хүмүүстэй ярилцаж, үйл явдал болсон газар нутгийг нүдээр үзэх завшаантай байсан бол Лэмбд тийм завшаан байсангүй. Вейдерфорд номондоо Чингис хаан ганцхан Александр шиг байлдаач биш өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэн байгуулагч гэж илэрхийлсэн. Лэмб бол Чингис хааныг зүгээр нэг дайчин байсан гэж үзжээ. Баахан дээрэмдсэн, дайтсан талыг нь илүү бичсэн байна.
- Таны хувьд Чингис хаан хэн бэ?
- Миний бодлоор Чингис хаан бол ганц биеийн гавьяагаар тийм олон том үйл явдал хийсэн хүн биш. Түүний үйл хэргийг үндэстний хувьд, гэр бүл, шадар нөхдийнх нь хүрээнд авч үзэх хэрэгтэй. Чингис хаан бол янз бүрийн санал бодолтой, үндэс угсаатай хүмүүсийг өөртөө татаж, нэгэн зорилгын төлөө нэгтгэж чадсан, тэднийг хүч чадлаа өөртөө бүрнээ шавхан зориулахад хүргэсэн их сайн зохион байгуулагч, сайн менежер, менежментийн агуу их ухаантай хүн.
Нэг онцлог нь Чингис хаан ээж, эхнэрийнхээ үгийг дагахад бэлэн байсан. Зарим хүмүүс монголын байлдан дагууллыг ганцхан алан хядлагын талаас үздэг нь буруу, гэхдээ түүнийг хэт багасгах нь мөн л буруу. Сайн муу аль ч талаас нь үзэж дүгнэх хэрэгтэй.
“Нууц товчоон”-ы зохиогч нь монгол хүн учраас харь үндэстний хүнийг алан хядсан тухай ерөөсөө яриагүй байна. Ганцхан татаруудыг хядсан тухайд л ярьсан байна. Татаар бас монголын нэг хэсэг учраас түүнийг бичиж болно гэж үзжээ.
- Нууц товчоонд Чингис хаан Чонос овгынхоныг далан тогоонд буцалгаж алсан гэдэг. Гэтэл тэр далан тогоонд буцалгасан тухайд манай түүхчид нэлээд маргаантай байдаг. Зарим нь тогоонд буцалгаагүй, харин тийм нэртэй газарт алсан гэсэн ч санал гаргадаг. Энэ талаар таныг санал?
- Тэр сэдвийн тухайд монголчуудын өөрсдийнх нь бичсэн эх сурвалжууд нь хүртэл ялгаатай байна. Нэг сурвалж нь “Нууц Товчоо”, нөгөө нь “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” юм. Энэ сурвалжийг уг нь монголоор бичсэн.
Энэ бол Сармаань гэгч хүн 1288 онд Хубилайд өргөсөн “Магад хууль” гэдэг номын хятад орчуулга байна. Энэ хоёр монгол сурвалж бичигт хэн буцалгасан нь зөрөөтэй байдаг. “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”-д Жамуха өөрийн чоносын харьяатуудыг буцалгасан гэдэг. Түүний энэ харгис байдлаас болж олон овог аймгууд түүнээс салж, Чингист ирж нийлсэн гэдэг. Миний хувьд “Нууц товчоо”-нд бичсэн нь зөв гэж бодож байна.
“Нууц товчоо”-г 1252 онд бичсэн байна. Сармааний зохиол нь 1288 онд бичигдсэн. Тэгэхээр хожуу бичигдсэний хувьд Сармааны зохиол нь өөр зарим шинэ баримт ашиглаж, “Нууц товчоо”-г залруулсан юм байгаа болов уу, эсвэл нууц товчоонд юу бичсэнийг үзээд дургүй болоод зөрөөд өөрчилсөн ч байж магад юм, алийг нь ялгаж хэлэхэд хэцүү.
Түүнээс гадна энэхүү Далан тогоог орчуулгын талаас яаж тайлбарласан, газрын нэр ч юм уу, яагаад “далан тогоо” гэсэн нь ч бас л судлууштай асуудал.
- Та “Монголын Нууц Товчоо”-г 1252 онд бичигдсэн гэлээ. Гэтэл эрдэмтэд хүртэл 1240 онд бичигдсэн гэдэг дээр ямагт санал нэгдэж ирсэн шүү дээ? “Нууц Товчоо”-нд ч Хулгана жилийн Хуран сард Их хуралдай хуралдаж байхад бичиж төгсгөлөө хэмээн бичсэн биш үү?
- 1240 онд “Нууц товчоо” бичигдэх боломж байхгүй. Яагаад гэвэл Гүюг хаан Дорнод Европын аян дайнаас бүр 1241 онд буцаж ирсэн. Гэтэл “Нууц товчоо”-нд Гүюг хааныг Дорнод Европын дайнаас буцаж ирсэн тухай тодорхой бичигдсэн байгаа.
“Нууц товчоо”-д Өгөөдэй хаан миний дараа миний үртэс дотроос “өвсөнд ороовч үхэр долоохгүй, өөхөнд оровч нохой шиншихгүй” хүн гарвал өөр хүний үртэсийг хаан ор суулгаж болно гэсэн бол Жувейний “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-нд “өвсөнд ороовч үхэр долоохгүй, өөхөнд оровч нохой шиншихгүй” хүн байсан ч миний үртэс дотроос хаан суух ёстой гэж зөрөөтэй бичсэн байна. Сүүлчийнх нь Өгөөдэй хааны үзэл баримтлал мөн.
Тийм учраас миний бодлоор Өгөөдэйн үртэс бус өөр хүний үртэс Мөнх хааныг хаан болсоны дараа л “Нууц Товчоо” бичигдсэн гэж бодож байна. Зарим улсууд 1252 онд Их хуралдай байгаагүй учраас “Нууц Товчоо” энэ онд бичигдэх бололцоогүй гэдэг. Монголын том хурал жил болгон болдог байсан. 1252 онд ч мөн Их хуралдай болсон гэж бодож байна. Тэгэхээр “Нууц Товчоо” нь Мөнх хааныг 1251 онд хаан болсоны дараа түүний зарлигаар бичигдсэн.
- Тэгвэл хэн бичсэн байх вэ?
- Түүнийг бүү мэд ээ.
- “Нууц товчоо”-г Шихихутаг, Елүй Чуцай, тэр ч бүү хэл өгөөдэй хааныг өөрөө бичсэн гэсэн таамаглал ч байдаг...?
- Хэн бичсэнийг зарим баримтлалаар таамаглаж болно. Жишээлбэл энэ бичээч маань Шихихутагийг их талархан бичсэн атлаа Мухулайн үйлдлийг их багасгаж бичсэн байдаг. Мөн хятад, перс зэрэг гадаад орнуудын үйл явдлыг ерөөсөө ойлгодоггүй, газарзүйн огтхон ч мэдлэггүй хүн байсан байна.
Тийм учраас түүнийг монголоос гараагүй хүн гэж үзэж болно. Мөн Өүлэн үжинг их дээдэлдэг хүн байжээ. Энэ мэт баримтлалуудыг авч үзвэл “Нууц Товчоо”-г бичсэн хүн бол Шихихутагийн шавь бөгөөд Өүлэн үжиний ордонд амьдарч байсан хүн болов уу.
Шихихутаг, Өгөөдэй нар “Нууц Товчоо”-г бичих боломжгүй. Хэдий “Нууц Товчоо”-г бичсэн хүн нь ордны дотоод амьдралыг сайн мэддэг ч гэсэн 1220-1230-аад оны үеийн үйл явдлуудыг биечлэн үзсэн хүн биш юм. Яагаад гэвэл “Нууц Товчоо”-д зарим алдаа бий. Жишээ нь Мухулайд 1206 онд Гүй ван гэсэн цол өргөмжилсөн гэж бичжээ. Энэ бол худлаа. Мухулайд энэ цолыг өргөсөн нь 1216 онд Хятадад хойт хэсгийг эзэлсэний дараах явдал юм.
Гүй ван бол Хятад хэлний нэг цол хэргэм. Чингис хаан 1206 онд яагаад Хятад цол хэргэмийг ашиглаж байсан нь ойлгомжгүй байна.
“Нууц товчоо”-нд хойт Хятадад хийсэн Чингис хаан болон Өгөөдэй хаан нарын байлдааны ажиллагааг хооронд нь хутгаж бичсэн байдаг. Тухайлбал Тулуй хааны хойт Хятадад хийсэн байлдаан нь Чингис хааны үеийн байлдаан биш, харин 1232 онд Өгөөдэйг хааны үед болсон билээ.
- Сорхугтани хатныг бичсэн гэсэн таамаглал ч бий..?
- Алтан ордны дотоодын улс төрийн учрыг маш сайн мэддэг, нэр нөлөө бүхий Сорхугтани бэхи шиг хүн энэ мэтээр алд дэлэм андуурч бичих боломж байхгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ хүн бол Шихихутагийн шавь. “Нууц товчоо”-г 1252 онд бичихэд 30-35 настай байсан байж магадгүй. Тиймд 20-30-аад оны үйл явдлыг биечлэн үзээгүй, хүнээс сурвалжилж мэдсэн хүн нь илэрхий байдаг. Хэдийгээр тийм ч гэсэн энэ түүхийг уран сайхны талаас маш их чадалтай, дүрийг их нарийн илэрхийлсэн, бичгийн их чадвартай, авьяастай хүн байжээ. Хэрвээ Өгөөдэй хаан юм уу, Сорхугтани хатан нар бичсэн бол ордны дотоод амьдралын талаар тийм илэн далангүй ярихгүй байх болов уу. Ер нь ямар нэгэн улс төрч, улс төрийн үйл явдлын гүнд байсан хүн түүх бичихдээ тэгэж их илэн далангүй ярьдаггүй гэж би бодож байна.
- Түүхэн хүмүүсийн нэрийг ажиглавал сонирхолтой зүйл их байдаг санагдана…? Тэр үеийн монгол хүний нэрэнд түрэг гаралтай үг их байжээ дээ.?
- Тийм шүү. Тухайлбал Аригбөхийн Ариг гэсэн нь “цэвэр”, “ариун” гэдэгтэй адил утгатай турк үг. Тэгэхээр Аригбөх нь Ариунбөх гэсэн уг болов уу. Хубилайг “Лу Алтантовч”-д Хувилгаан сэцэн хаан гэсэн. Гэхдээ энэ нь бүддийн шашныг маш их хүндэтгэж, Манзширийн хувилгаан хэмээгдэж байсан учраас хувилгаан гэдэг утгыг хожим нь нэмсэн болов уу.
Язгуур нь “хувь” байж болно. Хүний нэрэнд “лай” гэдэг дагавар их байдаг. “хувьтавилан” гэсэн үг байж ч болох. Гүюг хааны хатан Огулхаймишийн “огул” нь “хүү”, “хаймиш” “хайсан” гэсэн түрэг гаралтай үг. Тэгэхээр энэ хатны нэр нь “Хүү хайсан” болно. Уг нь хүүтэй болмоор байдаг, тэгээд охин гарахаар нь тийм нэр өгсөн байж болно.
- Хөлөг хааны нэрийг та тайлбарлаж өгнө үү? Зарим үед Хөлөг морины Хөлөг ч гэж ойлголдог тал бий.
- Хөлөг хааны нэр нь “Үлэгү” буюу “Илүү” гэсэн утгатай үг. Түргээр ч мөн адил “Үлэгү” гэдэг нь “том” гэсэн утгатай. Түүнээс биш хөлөг морины Хөлөг огтхон ч биш ээ.
- Монголын эзэнт гүрний үеийн түүхээс судлагдаагүй атар онгон хэсэг байдаг уу?
- Тийм юм зөндөө бий. Жишээлбэл Ил хааны онгон нь “Шахи кү” гэдэг газарт байгаа тухай сурвалж бий. Яг ийм нэртэй уул Иранд байгаа. Өлзийт хаан лалын шашин, сүннит, шийтийн шашны алийг нь сонгох вэ гэсэн нэгэн том маргаан мэтгээн хийх үед Тарамтааз гэдэг уйгур гаралтай нэгэн монгол ноён Лалын шашны зарим улсууд эгчтэйгээ гэрлэж болно гэж үздэг. Зарим нь авга эгчтэйгээ гэрлэж болно гэдэг учир эдгээр шашин дэмий. Бид монголынхоо уугуул шашныг баримталж явбал зүйтэй гэжээ.
Дэвид Морган хэмээх персийн судлаач бичсэн номондоо энэ баримтыг иш татаад “Бүдүүлэг монголчууд лалын шашныг ерөөсөө ойлгохгүй байсан нь илэрхий байна” гэж дүгнэжээ. Энэ бол их буруу. Лалын шашинтнуудын хувьд аавын ах дүүгийн охидтой гэрлэхэд цааргалах юмгүй, харин ч дуртай байна. Харин монголчуудын хувьд аавын ах дүүс нь цус нэгтэй тул гэрлэж болохгүй учир байна. Тэгээд ч монголчууд өөрийн овгын хүмүүсийг ах дүүгээ гэж үздэг. Монгол хүний бодлоор аавын талын охинтой гэрлэвэл эгч, дүүстэйгээ гэрлэж байгаатай яг адил. Энэ персийн судлаач учраас монголчууд бүдүүлэгтээ юм ойлгохгүй байгаа гэж ярьж байгаа нь буруу, үнэн хэрэг дээрээ овгын гадуур, овгын дотуур хуримлахын ялгааг л харуулж байна. Монголчууд бүдүүлэг биш ээ. Тарамтаазын хэлсэнээр монголчууд овгын гадуур гэрлэх замтай байжээ. Харин исламд бол шашны соёлын нөлөөгөөр овгын дотуур гэрлэх чиг баримтлалтай байгаа.
- Алтан орд, Цагаадайн хаант улсын нэрийн тухайд ойлгомжтой. Харин Ил хаант улсын нэрийн талаар…?
- Ер нь бол “Ил болху” гэсэн үгнээс гарсан байна. “Ил” бол номхон буюу дагасан, “болху” бол урвалга хийдэг буюу тэрсэлдсэн гэсэн утгатай. Судлаачид Ил хаан гэдгийг үг дагадаг хаан гэж үзсэн байна. Гэхдээ зарим шинэ тайлбар ч гарсан. Гүюг хааны тамган дээр “Ил болху иргэн дор хүрвээс Аюутугай, биширтүгэй” гэсэн нь “дагасан болон тэрсэлдсэн иргэн дор” гэсэн утгатай үг байна. Монгол хэлэнд буян нүгэл, хар цагаан, сайн муу гэх мэтээр эсрэг утгатай холбоо үг байдаг. Түүний адил “ил болху” гэсэн нь эсрэг утгатай хоршоо үг юм.
Миний бодоход Ил хаан өөрийн байр суурь тогтвортой биш байсан учраас Юань гүрний дэмжлэгийг хүлээж авах бодолтой байсан. Тиймээс улсаа Ил улс гэж нэрлэсэн байна. Тэгвэл Юань гүрний дэмжлэгийг хүлээж авах магадлалтай болно. Яагаад гэвэл хойноос нь Алтан ордны улс, баруун хойноос нь Цагаадайн хаан довтолж байсан учраас хүчирхэг Юаниас дэмжлэг авах учиртай гэж бодож байсан. Чингис хааны удмын зарим хүмүүс Чингис хаан Персийн тэр газрыг ямар нэгэн алтан ургийн хүнд өмчилж өгөөгүй учраас энэ газар нутаг нь алтан ургийн нийтийн өмч гэж үзэж байсан. Чингис хаан амьд мэнддээ хувиарласан хувиарт Ил хаант улсын газар нутаг ороогүй. Тийм учраас энэ газарт Хаант Улс байгуулна гэдэг нь Чингис хааны гэрээсийг зөрчиж байна. Иймд Ил хаан өөрийн байр суурийг Чингис хааны соёрхолоор батлагдсан Алтан орд болон Цагаадайн ордны улсаас баахан буурай гэж бодож байсан байна.
Тийм учраас улсынхаа нэрийг Ил буюу дагасан хаант улс болгосон гэж үзэж байна. Ил хаант улсын хаан нь хаан ширээнд суухдаа ч Юан гүрний хаанаас батламжыг хүлээж авдаг байжээ.
- Монголчуудын тэр цагт хүчирхэг болсоны шалтгааныг түүхчид янз бүрээр л тайлбарладаг. Тооны олноор, зарим нь цэрэг дайны урлагаар, Л.Гумилев бол эрчимийн онол ч гэж гаргасан санагдана. Таны хувьд бол энэ хүчирхэгжлийг юугаар тайлбарлах вэ?
- Хүчирхэг болсоныг учрыг юуны түрүүнд цэргийн талаас нь үзэх хэрэгтэй. Монгол нүүдэлчид нь уугаасаа байлдааны аргад тухайн үеийн европынхоноос хамаагүй илүү сайн байсан нь мэдэгдэж байдаг. Түүний морьт цэрэг их хүчтэй байсан. Гэхдээ Чингис хааны үеийн монголчууд ганцхан морьт цэрэгтэй биш хот, балгадыг эвдлэх чадалтай байсан нь тэдний хүчин чадлыг үлэмж өсгөсөн.
Хожим Юань улс мөхсөний дараа Эсэн тайш гэх мэтийн 15-16 дугаар зууны үеийн монгол хаад Мин улсад олон удаа довтолсон ч гэсэн хот балгадыг эвдэлж чадаагүй. Тэд Чингисийн үеийн цэргийн эрдэм чадлыг алдаж мартсан байсан.
Харин Гэхдээ Чингис хаан хойд Хятадыг эзлэх үедээ 1211 онд хот балгадыг эвдэлж мэдэхгүй байсан ч маш хурдан сурч хоёрхон жилийн дараа эвдэлж эхэлсэн байна. Ийнхүү Чингис хаан хөрш орнуудын цэргийн арга тактикийг маш хурдан авч, бүтээлчээр ашигласны ачаар монголчууд тийм хурдан хүчирхэгжиж чадсан. Түүн дээр Чингис хааны зохион байгуулах менежментийн ухааныг нэмэх хэрэгтэй. Ер нь нүүдэлчид цэргийн талаар хүчтэй ч гэсэн улс төрийн талаар их задгай, зорилго нэгтэй болж нэгдэхдээ их муу байсан. Харин Чингис хаанаас Мөнх хааныг нас барсан хүртэл монголчууд үндсэн нэг зорилготой, их нэгдэл нягтралтай байсан байна. Уур амьсгалын юм уу, биологийн эрчим хүчээр юм байж болохыг үгүйсгэхгүй.
Аливаа үндэстний бууралт, өсөлтийг хэдэн зуун жилээр тооцож, одоо тэгнэ ингэнэ гэдэгт би итгэхгүй байна. Түүх гэдэг нь тийм механик шиг юм биш ээ. Цаг цагаараа явдаг. Гэхдээ би Гумилевийн зохиолыг нарийн судлаагүй. Ер нь бол Гумилев шиг судлаачдын судлал нь бодитой баримтыг үндэслэсэн биш, нэлээд хийсвэр онолын юм учраас би одоог хүртэл нэг их сонирхсонгүй.
- Саяхан Казахын нэг түүхч Чингис хааныг Казах хүн байсан, өнөөгийн монголчууд бол Чингисийн хойчийг залгамжлагчид биш, харин жинхэнэ залгамжлагчид нь Казахууд байсан гэж бичсэн байна билээ. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
- Үндэстний залгамжлал нь нэг талаар генефонд, нөгөө талаар хэл соёл байдаг. Орчин цагийн Монголчуудын соёл нь Чингис хааны үеийн Монголчуудынхаас ялимгүй өөр. Гэхдээ генефондын талаар Чингисийн монголыг бүрнээ залгамжилж байгаа. Хэлний талаар мөн үсэг бичиг жаахан өөрчлөгдсөн ч ярих хэл нь яг монгол хэл учраас Чингисийн залгамж мөн гэж үзэж байна.
Өөр үндэстнүүдийн хувьд Чингисийн Монголыг залгамжилж буйг илэрхийлдэг зарим нэгэн зүйлс бий. Тухайлбал Афганы хазар нарыг зөвхөн генефондын талаар монгол гаралтай гэж болно. Казакын цагаан ястнуудын зарим нь Чингис хааны үртэс, өөрөөр хэлбэл Зүчи хааны үртэс мөн. Зарим нь Аргун овгын үртэс ч байдаг. Татааруудын дотор ч Монгол гаралтай хүн байж магадгүй. Гэхдээ нэг онцлог нь Монголоос өөр үндэстнүүд хэдий генефондын талаар залгамжилж болох ч хэлний талаар өөр, хоёрт Чингис хааныг нийтээр дуртай хүлээж авдаггүй. Харин Монголчуудын дотор Чингис хаанд дургүй хүнийг олохгүй ээ.
Английн нэгэн Генефондыг судлаач эрдэмтэн Чингис хааны үртэс одоо 18 сая хүн ам болсон гэж судалгаа хийсэн байна билээ. Монголчууд зөндөө олон байсан. Одоо ч байна. Гэхдээ Чингисийн монголуудын залгамжыг хамгийн тодоор илэрхийлэх хүмүүс нь өнөөгийн Монгол Улсын болон өвөр Монголын монголчууд мөн юм.
- Монголын түүх, ер нь дэлхийн түүхийг судалж, үзэж байхад сэтгэлийг ихээр татсан ямар түүхт хүн байна вэ?
- Монголын түүхийг үзэж байхад хамгийн дотно сэтгэгдэж байгаа нь Инжинаши юм.
- Яагаад?
- Инжинаши өвөр монголд, суурин ба нүүдэлчин хоёр соёлын хооронд амьдарч байсан. Хятадын уран зохиол их сонирхож, хүндэтгэн үздэг, сайн мэддэг байсан ч монгол үндэстэндээ их хайртай байсан. Би америкийн хүн ч гэсэн Монголын судлаач. Би ч бас хоёр соёлын хооронд зогсож байх шиг байна. Инжинашийн олон үндэстний соёлыг адил тэгшээр хүндэтгэх үзлийг би их хүндэтгэн үздэг. Түүний зохиолыг унших их дуртай.
- За баярлалаа. Монголын түүх сонирхогчдод, ялангуяа судлаачдад маш сонирхолтой сайхан зүйл ярьж өглөө. Таны эрдэм номын ажилд улам их амжилт хүсэн ерөөе.
Ярилцсан Б.Номинчимэд

Монголын нийгэмд өрнөсөн шударга ёсны хувьсгалыг зогсооно гэвэл санааны гарз


2014-10-01 02:06


2014 оны УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр эхлэнэ. Энэ удаагийн УИХ-ын намрын чуулган улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх хариуцлагатай цаг үед эхлэж байгаагаараа онцлог болоод байна.
Төрийн зарлага орлогоосоо хэдэн дахин давж,  гадаад өрийн асуудал үндэсний аюулгүй байдалд орох хэмжээнд хүрч, төгрөгийн ханш үнэгүйдэж, улс орны нийгэм эдийн засгийн байдалд хямрал бодитой нүүрлэж ирлээ. Ийм хүндхэн цаг үед Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар дор бүрнээ хариуцлагатай ажиллаж, улс орныхоо ирээдүйг харсан зөв шийдвэр гарган ажиллах шаардлагатай боллоо.
Дэлхийн хөгжингүй улс орнуудын түүхийг харахад улс орны хэмжээнд ийм хүндхэн нөхцөл байдал тулгарахад хатуу чанга хууль цааз, шударга шүүх, авлигатай тэмцэх замаар улс орны эдийн засгийг сэргээсэн жишээ цөөнгүй байх юм.
Монголчууд бид дээр дооргүй л “төрөөс төрсөн тэрбумтан”-нууд хэмээн зарим хүмүүсийг ил далд ярьдаг хэлдэг. Тэгвэл одоо, төрийн өмчийг хуйвалдаан, хулгай, авлига, шударга бус замаар өөрийн болгосон эдгээр хүмүүстэй хариуцлага тооцон, тэдний хууль бус орлого хөрөнгийг хураах замаар улс орныхоо эдийн засгийг сэргээх боломжтой. Төрийн хуулийг онц ноцтойгоор зөрчин, төрийн болон бусдын өмчийг нэг ч төгрөгийн өртөггүйгээр зохион байгуулалттайгаар луйвардах замаар өөрсдийн өмч болгодог төрийн албан тушаалтнуудыг шалгах шаардлага эндээс үүсэж байна. Тэднийг төрийн өмчийг үнэгүйдүүлэн өөртөө авахад нь тусладаг, улмаар эндээс авлига, шан харамж авдаг хууль шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудын сүлжээг задлан олон нийтэд ил болгох нь зүйн хэрэг юм. Энэ асуудлын Монголчууд бид бүх шатанд бүрэн хэрэгжүүлж чадна. Монгол улсын гуравдах Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг төрийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр яллаж чадсан шиг тийм “шударга шүүхийн байгууллагын ажилтнууд” энд үгүйлэгдэж байна.
Төрийн өмч хөрөнгийг мэдээлэлд ойр байгаа байдлаа урвуулах, эрх мэдлээрээ сүр далайлгах, хууль шүүхийхэнтэй хуйвалдан тэдэнд авлига өгөх замаах өөрийн болгосон жишээг бид олныг дурьдаж болно. Олон нийтэд мэдэгдсэн ийм “цуутай хэргүүд”-ийн дуулиан тэгсгээд намддаг нь юуны учир вэ. Энэ бүхэн ихэнхдээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “мөнгөний өмнө хууль хүчгүйддэг” явдалтай холбоотой. Тийм болохоор юуны өмнө энэ асуудлын улс орны хэмжээнд нэг мөр шийдвэрлэх учиртай.

Дээрх дурьдсанчлан төр олон нийт, бусдын өмчийг өөрийн болгосон олон газрууд байдгаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа баримт нотолгоотойгоор яригддаг нэгэн байгууллагыг жишээ болгон авч үзье. Төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж өөрийн болгодог бүхэл бүтэн групп байна гэвэл та итгэх үү, тэд энэ бусармаг үйл хэргээ шүүх прокуроруудын тусламжтайгаар өөртөө ашигтайгаар шийдвэр гаргуулж, олон жил сунжруулж, бусдыг залхааж эцэст нь бусармаг хэргээ гүйцэлдүүлдэг байна. Энэ бол тэртээх 1993 онд Монгол улсын дархан хилийг хууль зөрчин орж ирсэн МИ-8 нисдэг тэргийг хувьдаа завшсанаар эхлэсэн “Оюуны ундраа” 20 жил дамнан үргэлжилсэн луйварын тухай мэдээлэл юм. Энэ талаар хангалттай мэдээ, нотлох баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг тул энд”Оюуны ундраа” групийн зүгээс төр болон бусдыг хохироосон хохирлын тухай ганц жишээг  товч мэдээлье.
Огноо Хууль бус үйлдлийн   нэршил Төр болон бусдад  учруулсан хохиролын хэмжээ  Шалтгаан   Тайлбар
1. 1993 -1997 он Улсын хил зөвшөөрөлгүй нэвтэрсэн МИ-8 нисдэг тэргийг завшив Зүй нь бол төр шууд улсын орлого болгох ёстой ч С.Отгонбаяр ЗГ-т 650 сая төгрөгөөр зарсан Хууль бус хуйвалдаан Хожим нь энэ гайтай МИ-8 ОБГ-ын 15 залуугийн аминд хүрч сүйдсэн
2. 1997 он “Peace bridge”  зочид буудлыг үнэгүйдүүлж авав 2,5 тэрбумаар дуудлага худалдаанд ялж авсан нэртэй боловч үнэн хэрэгтээ захиргааны хэргийн  шүүхээр орж 700 сая төгрөгөөр зарах шийдвэр гаргуулан үүнийгээ 10 жилийн түрээсээр төла  болсон Шүүх Шүүх цагдаагийнханд хөнгөлттэй үйлчилдэг зочид буудал болсон гэх
3. 1998 он Төрийн өмчийн “Лхам” худалдааны төвийг МИ-8 төлбөр нэрээр үнэгүй шахам авч түүнд 2 гэрчилгээ гаргуулан Зоос банкнаас  400 саяын зээл авав “Зоос” банк,”Глоб кредит” ХЗХ-ийг  дампууруулахад оролцсон, шүүхээр өөртөө ашигтай шийдвэр гаргуулсан -давхардуулсан гэрчилгээ- шүүх 1 үл хөдлөх хөрөнгө дээр 2 гэрчилгээ хууль бусаар гаргуулсан
4. 2003 он Багануурын МААТ-ын хэрэг ОХУ-д бүртгэлтэй “МААТ” гэгч компанийг “зохиомлоор” бий болгон  Багануур дүүргийн иргэдийн дулааны төлбөрийг хураан авч “Оюуны ундраа”-д шилжүүлж, их хэмжээний мөнгө завшсан -ТӨХ-г залилсан-Шүүхийн шийдвэр өөрийн талд гаргуулсан Хаана ч байхгүй МААТ гэгч компанийг мөнгө угаах зорилгоор хуурамчаар бий болгосон
5. 2008 он С.Отгонбаяр ОБ-ын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдож 4 жилийн ял авав Хувийн машинаа ОБГ шахсан, Нөөцийн бензинийг “Симба” Батаад зарж, тал үнийг нь бэлнээр хувьдаа  авсан хэргээр яллагдсан Эмнэлгийн магадлал хуурамчаар үйлдэн ял эдлэхээс зайлсхийн эмчилгээ хийлгэх нэрээр Солонгос явсан Анхан, давж заалдах шатны шүүхээс түүнийггэм буруутайд тооцсон. 
 Өршөөлийн хуулиархэрэгсэхгүй болгожээ.
6. 2010 он “Оюуны  ундраа” групп Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг эзэмшдэг В.И.Армин  өөрийн “Инфрастракчер” ХХК-иа бэлэглэв Тээвэр хөгжлийн банкинд хохирол учруулаад зугатсан -       Цагдаа-       Прокурор 2001-04.22-нд Нийслэлийн прокуророос Арминийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэн МУ-ын  хилээр гаргахгүй байх шийдвэр гарсанч маргааш нь хил давсан
7. 2012 Оюуны ундраагийн яриад байдаг “Инфрастракчер” ХХК хүчингүй “Инфрастракчер” ХХК-ийн 51 хувь нь шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсоор Арминд байгааг нотолжээ -       УБЕГ-аас тогтоосон Хүчингүй гэрчилгээ барин “Инфрастракчер” ХХК-ийн 51 хувийг эзэмшихээр завдаж буй
Эндээс та бүхэн зөвхөн нэгхэн компани шүүх, хууль, авлигаар далайлган бусдын өмчийг хэрхэн завшиж болдгийг харлаа.
corruptionАвлига, хээл хахуульд идэгдсэн нийгэм хөгжих ямар боломжгүй. Учир нь нийгмийн олон салбарт хэрэгжүүлэх төсөв хөрөнгийг цөөн хэдэн эрх мэдэлтгүүд, тэдний халаасны олигархи компаниуд “хувалз” мэт ховх сордог учраас улс орны төсөв хөрөнгө их байх, нийгмийн бодлогод хэдий хэмжээний хөрөнгө зардал гаргахаас үл хамааран ул орны хөгжил байрандаа үлддэг жамтай.
Тиймээс бид хөгжлийг хүсвэл юуны өмнө хууль шүүхийн салбарт шинэчлэлийг нэн даруй хэрэгжүүлэх учиртай. Шинэчлэлийн Засгийн газрыг анх байгуулагдахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг энэ чиглэлд дорвитойхон эхлүүлнэ байх хэмээн найдаж байсан боловч харамсалтай нь тэрээр авгай хүүхэн, ор дэрний асуудлаас илүүтэй гарч чадахгүй, шинэчлэлийг хийж амжихгүй нь өдгөө хэн бүхэнд ойлгомжтой болов. Үүний цаана хууль шүүхийн шинэчлэлийг хэрхэх вэ гэдэг асуудал нээлттэй хэвээр үлдэж байна. Энэ асуудалд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлага гарган ажиллаж байна. Түүний санаачилсан хууль шүүхийн салбарын шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар оруулан хэлэлцэж батлаж чадвал энэ чиглэлд бид нэг алхамаар урагшилсан хэрэг болно.
Улс орон үнэгүйдүүлэн алдсан өмчөө эргүүлэн авах хэрэгтэй. Олон арван жил төрийн өмчийг хууль бусаар эзэмшиж авсан этгээдүүдээс төр төмөр нүүрээ харуулж, хууль шүүхээр яг таг тооцож тогтоон төрийн өмчид авах нь зүйтэй. Нэгэн жишээг дурьдахад өнөөгийн Хятад улсыг удирдаж, хөгжлийг бий болгож яваа Хятадын төрийн тэргүүн Си Зян Пин авлигачидтай хатуу тэмцдэгээрээ алдартай нэгэн. Түүний энэ тэмцэл нь хятад гүрний хөгжлийг урагшлуулахад саад болж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын авлигыг таслан зогсооход чиглэсэн болороор Хятадын ард түмнийхээ дэмжлэгийг авч байна. Авлигачидод орох байх газаргүй болсон тэр цагт улс орны хөгжилийн хурдац нэмэгдэнэ.
Тэгвэл энэ үйл хэрэгт Монгол улсын Ерөнхийлөгч, Монголын ард түмэн хүсэл зориг нэгтэй байна. Ард түмний нүдэн дээр төрөөс, тендерээс тэрбумтан төрдөг явдал эцэс болох ёстой. Хууль шүүхийн байгууллагын ажилтнууд “шалгах шаардлагагүй” гэх нэрийн дор асуудлыг будлиантуулдаг, авлигатай холбогддог явдал дахин гарах  ёсгүй.
Худлыг мохоож, хулгайг цээрлүүлэн, авлигыг таслаж, авсныг нь шийтгэх эрхзүйн  орчныг бүрдүүлэх боломж УИХ-ын эрхэм гишүүд та бүхний гарт байна.
Ц.Баатар
Эх сурвалж: www.tashuur.mn

ХАРИЙН ҮЗЭЛ СУРТАЛД ТУЛГУУРЛАСАН ҮНДЭСТНИЙ ЭРХ АШИГ БАЙХ БОЛОМЖГҮЙ


"МОНЦАМЭ мэдээ" сонины "Ардчилсан хувьсгалын партизанууд хаа явна" булангийн энэ удаагийн зочноор улс төр-эдийн засаг судлаач Х.Болорболдыг урьлаа. Сүүлийн үед олон түмний анхаарлыг ихээр татсаар буй "Эдийн засгийн алуурчны наминчлал" зэрэг 7 номыг орчуулан гаргаж, өнөөгийн Монголын нийгэм улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд гүнзгий задлан шинжилгээ хийсэн нэн сонирхолтой нийтлэл, сонин болон телевизийн зочин болсон энэ эрхэм 1990 оны ардчилсан хувьсгалтай хэрхэн холбогдож байсан нь манай уншигчдын анхаарлыг зүй ёсоор татна гэдэгт итгэлтэй байна.

Өмнө нь уулзаж, сониндоо 5 цуврал ярилцлага хийж байх явцдаа 1990 оны ардчилсан хувьсгалд өөрийн гэсэн үүрэгтэйгээр оролцсоныг чинь анх сонсож мэдээд гайхаж л суулаа. Анх хэрхэн энэ хөдөлгөөнд татагдан оролцов? Юуны өмнө хоёулаа нэг зүйл дээр тогтоё. Юу гэхээр би гаргасан номыг ч харлаа, сониндоо өгсөн ярилцлагыг чинь ч дахин уншсаан. Иймээс тэр үйл явдалд оролцогчийнхоо хувьд ажиглаж харсан зүйлсээ, санаа оноогоо зүгээр л хуваалцая?

Бололгүй яахав, тэр үеийн үйл явдлуудын зорилго цаад мөн чанарыг бид хожим удалгүй ухаарсан даа… Тэр үед би 1986 онд ЗХУ-д автоматик телемеханикийн инженерийн мэргэжлээр төгсөж ирээд /дараа нь эдийн засагч, санхүүчийн мэргэжил эзэмшсэн/ нийслэлийн усан хангамжийн системийн телемеханик - алсын удирдлагын систем байгуулах ажлыг удирдаж гардан хийж босгож явлаа. Ингээд 1989 оны сүүлчээс ардчилсан хөдөлгөөн Монгол даяар өрнөхөд анхны цуглаанд бол мэдээгүй учир оролцоогүй ээ. Харин 1990 оны 1-р сард СОТ-3-ын байранд болсон цуглаанаас хойш дараа дараачийн арга хэмжээнүүдэд нь идэвхийлэн оролцож, тэр үеийн хотын УБ хотын ХЗЭ-ийн хорооны байрны дугуй заалаар ажил тараад байнга орж гардаг нэгэн байж билээ.
Ер нь ардчилсан хөдөлгөөнд идэвхийлэн оролцох болсон шалтгаан нь бол хэт хуучинсаг марксист коммунист үзэл суртлыг, хамгийн гол нь тэр үеийн МАХН-ын нэрийг барьсан эрдэм боловсрол султай ч энэ үзэл сурталаар халхавчаа хийж байсан арчаагүй этгээдүүдийн удирдлагын арга барилыг нь хүлээн зөвшөөрдөггүй байсантай маань шууд холбоотой.

Яагаад ийм болсон гэж ?

Коммунист үзэл суртал бол социалист үзэл баримтлалыг хэт гуйвуулж даварсан, эрс туйлширсан, мөн чанартаа бол даян дэлхийн коммунист хувьсгал гээч троцкист хэлбэр нь байсан. Ер нь энэ хэт туйлширсан коммунист үзэл суртал, троцкистуудын тарьсан гай зовлонг цэвэр социалист үзэл баримтлалаас ялгаж зааглаж ойлгох зайлшгүй хэрэгтэй юм.
Нийгмийн баримжаатай социалист чиг баримтлал нь И. Сталинг нас барснаас бүрэн гажиж троцкистууд түүнийг цэвэр утопи-коммунист үзэл болгон хувиргасан юм. 1956.12.26-нд болсон ЗХУКН-ын 20-р бүгд хуралд тавьсан Хрущевын "Нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг тэмцэх тухай" гэсэн нэртэй боловч үнэн хэрэгтээ социалист үзэл баримтлал, бүх ололт амжилтыг гүтгэн гуйвуулсан нууц илтгэлийг тавьж "ордны эргэлт" хийсэн тэр цагаас хойш энэ үзэл санааг бүрэн төрөл арилжуулж тэр үеийн троцкист хувьсгалч коммунист хэлбэртээ орсон түүхтэй. 
Иймээс тэр үеийн агуулгаар (!) гуйвуулсан хулхи-социалист /үнэндээ бол дэлхийн коммунист үзэл гэгч еврейн үзэл суртал болж төрөл арилжсан/ үзэл сурталд хэн ч итгэхээ больсон, бүүр энэ үзэл суртлаар хоолоо олж идэж байсан дарга нарын хувьд ч итгэхээ больчихсон байсан, гагцхүү эрх мэдэл засаглалд л орох, суудал дээрээ үлдэж байх хэрэгсэл нь болчихсон байсан шүү дээ. Иймээс коммунист намын үзэл сурталчид төрийн эрхэнд гарч ирсэн, энэхүү үзэл суртал нь бүрэн мухардалд орчихсон, социалист улс орнуудын удирдлагууд ч гэсэн төрийн хүмүүсийн улс орноо өөд нь татах үүрэг ролио орхисон, зөвхөн үзэл суртлаар л “амьдардаг” болчихсон байсан тийм үе байсан. Чухам эндээс л бүх уруудал, доройтол эхэлсэн байдаг. Хэрвээ одоо санаж байгаа бол энэ бодит байдлыг манай олон хүмүүс гал тогоондоо суучихаад цай уунгаа хайр найргүй шүүмжлэн ярилцдаг байлаа шүү дээ.
Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ нь юу гэвэл нэг талаас тэр үед социалист систем капиталист системтэй Хүйтэн дайны нөхцөл байдалд цэрэг улстөр, эдийн засгийн талаас маш хүчтэй хавчилтанд байсан гэдгийг, нөгөө талаас коммунист үзэл суртлын энэ дампуурал дээр нь дөрөөлж байгаад өрсөлдөгч талын тусгай албуудын шаргуу явуулж байсан мэдээллийн бүслэлт, үзэл суртлын дайн нь кино, дуу хөгжим, хэрэглээний эд юмс, зарим нэг зориуд мэдээллүүдээр дамжин залуучууд бидний дунд ихээхэн амжилт олоод эхэлчихсэн байсан.
Гэсэн хэдий ч тэр үед бүх нийтээрээ ажил хөдөлмөр эрхэлдэг, ёс суртахуун ингэж уначихаагүй, хамгийн гол нь социалист эдийн засгийн харилцаа нь, эдийн засгийн хавчлагын улмаас жаахан ч гэсэн бүтээж байсан нийгмийн баялагийн хуваарилалт нь харьцангуй шударга байсан юм шүү. Үүнийг би тэр үеийн бүх зүйлийг зөвтгөх, хамгаалах гэж бус харин тухайн үеийн үйл явдлуудын түүх, цаад агуулга, мөн чанарын хувьд хэлж байна.

Тийм ч учраас ганц манайд биш бас социалист орнуудад "гал тогооны хувьсгалчид" гэсэн нэршлийг гаргаж ирж байлаа шүү дээ.

Тийм байсаан. Яг ийм үзэл санаа нь тэр үеийн хэт хуучинсаг коммунист дэглэмийг хүлээн зөвшөөрдөггүй уур амьсгалыг нийгмийн тодорхой хүрээнд нэгэнт бий болгоод байсан тул ардчилсан хувьсгалыг үндэстний эрх чөлөөний хувьсгал гэсэн утга агуулга, зорилгын үүднээс халуунаар хүлээн авч дэмжин нэлээд идэвхийлэн оролцож байлаа. Миний хувьд тухайлбал, зарим үед нь бүүр тодорхой хэлбэрээр тусалж арга хэмжээг нь дэмжин оролцдог байж дээ.
Энэ үеийн миний санаанаас гардаггүй нэг зүйл бол 1990 оны 3 дугаар сарын 7-9-нд Сүх жанжны талбай дээр анх улс төрийн өлсгөлөн зарласан алхам байдаг. Түүнээс өмнөхөн бид өнөө дугуй заал зэрэгт Ардчиллыг дэмжигчид энэ тэмцлээ хэрхэн амжилт ялалтанд хүргэх вэ гэдэг талаар нэлээд хэдэн удаа цуглан ширүүн маргаж шүүн хэлэлцэж байлаа. Нэлээд хэдэн удаа ярилцсан юм шүү дээ, энэ талаар. Эцэст нь нэгдүгээрт бусад улс орон, дэвшилтэт хүн төрөлхтний анхаарлыг Монголд өрнөж байгаа ардчилсан хөдөлгөөнд хандуулъя, хоёрдугаарт, өлсгөлөн зарлах нь тухайн үед МАХН-ын эрх баригчдын “анхаарлыг” татахын тулд тэмцлийн энэ аргыг сонгож авсан түүхтэй. Гэхдээ бүх зүйл бас ч тийм тунгалаг ойлгомжтой байгаагүйг тэмдэглэх ёстой! Ялангуяа дараа нь МАХНамын Улстөрийн товчоо бараг шууд л далан таваар бууж өгснийг, тэгээд улстөрд дахин орж ирээгүйг бодоход, ялангуяа дараа нь өрнөсөн үйл явдлуудын цаад зорилгыг нь тооцвол… Ер нь бусад орнуудад бас болж өнгөрсөн энэ хувьсгалыг Барууны тусгай албадын явуулсан ажиллагаа болохыг түүхэн факт, баримт баримтуудаар нотолсон байгаа... Хүйтэн дайн бол тархины угаалгын, үзэл суртлын, мөн эдийн засгийн бүслэлт, хорлон сүйтгэлийн жинхэнэ дайн байсан, тэгвэл ямар ч дайнд тусгай алба, тагнуул шийдвэрлэх үүрэгтэй оролцдог шүү дээ...

Нэг зүйлийн гэнэт саналаа. Анхны улс төрийн өлсгөлөнг ер нь хэн санаачилсан юм бэ гэсэн асуултыг миний бие 1996 онд "Ардын эрх" сонины улс төрийн албаны дарга асан, "Хонх"-ны талийгаач С.Цогтсайханаас асуухад Р.Хадбаатар гэдэг залуу анх санаачилсан юм аа" гэж хэлснээр түүнтэй анх ярилцлага гаргаж сониндоо нийтлүүлж байсан юм байна шүү.

Тийм ээ. Хадаа гэдэг залууг анх ийм санаа гаргасан гэдэг. Гэхдээ улстөрийн тэмцлийн ийм аргыг хэрэглэхийг “эелдгээр” чихэнд нь дуулгасан байх бүрэн үндэслэл бас бий, ялангуяа дараа нь өрнөсөн үйл явдлуудыг холбон авч үзэх юм бол…

Энэ чинь 90 оны хоёрдугаар сарын 14-нд шиг санаж байна, МҮЭ-ийн Соёлын төв ордонд хуралдсан.

Тэр хуралд би оролцоогүй л дээ. Ажилтай байсан тул мандат нэгэнт тараачихсан байсан. Яагаад гэвэл хуралд оролцох хүсэлтэй хүн маш олон байсан тул мандатын тоо хязгаартай байсан даа. Гэхдээ тэнд очсноо, хэсэг нөхдийн хамт гаднаас нь сонсож ярилцан зогсож байснаа санаж байна. Бас Цахилгаан гуай ирж Их хурлын үйл ажиллагаанд баяр хүргэн үг хэлж дараа нь тэр Дарь, Сүхбаатар зэрэг хэсэг хүмүүстэй хамт Үйлдвэрчний эвлэлийн төв ордны орох хаалганы дээд тавцан дээр гарч ирж байсанг санаж байна. Гэвч тун ч чиг удалгүй V-VI сарын үеэс МоАХ болон МоАН-ын удирдлагын хүрээнд гарсан хагарал зэргээс үүдэн МоАХ-г анхнаасаа ойлгон дэмжиж байсан ардчиллын маань үзэл санаа гуйвж хазайж орхисон гэж би боддог. Эхэндээ МоАХ-ын хүрээнд эхлээд бол яг өрнөдийн маягийн ардчиллын ийм агуулга, зорилго тийм ч хүчтэй байгаагүй, харин өргөн массын дэмжлэггүй шахам байсан соцдекууд бол эхнээсээ яг ийм үзэл санааг бүүр бэлдчихсэн байсан гэж боддог. Харийн үзэл суртлын өнцгөөр улс нийгмээ, аж амьдралаа харвал харийн хүмүүсийн тэр ашиг сонирхолын үүднээс харж байгаа гэсэн үг шүү дээ. Соцдекүүд “барууны маягийн ардчилсан” энэ өөрчлөлтөөс хамгийн их завшиж ирсэн хэсэг ба өнөөгийн АН-ын бүх удирдлагыг гартаа оруулж энэ намыг барууны чиглэлийн нам болгон хувиргасан байгааг харж болно. Гэвч ихэнх гишүүд нь одоо хир нь барууны үзэл баримтлал гэдгийг цаад мөн чанар, далд зорилгыг ойлгоогүй явж байдаг. Одоо ч үзэл баримтлал гэдэг юм энэ хоёр намын хувьд сонин биш гэдэг нь, өөр юм л чухал байгаа нь улам бүр харагдаж байна шүү дээ. АНам МАХН-аас ялгарахын тулд барууны нам болсон гэж үү? Арай ч дэндүү "механикаар" бодож байгаа юм биш үү? Анхны соцдекүүдэд хэн зөвлөж чиглүүлж хэн тэдэнд бүх талаар тусалж байсан бэ?!
Яг үүнтэй төстэйгөөр Октябрийн хувьсгалыг ч тэр үед Лондон, Цюрих, Нью-Йоркт сууж байсан мэргэжлийн хувьсгалчид - социал демократууд, троцкистууд гаднын капиталын бүх талын дэмжлэгтэйгээр хийсэн нь, 1917-1922 оны иргэний дайн, 1922-24 оны өлсгөлөн бас 1937 оны хядлагыг зохион байгуулсан нь одоо бол түүхэн факт баримтууд шүү. Ганцхан жишээ хэлэхэд л, бид бүхний кинонд дээрээс харж байсан, ер нь хамгийн сайн мэдэх буу, тэр үеийн хувьсгалчдын гол зэвсэг, бүх алаан хядлагыг хийж байсан маузер бол тэр үеийн Оросын армийн зэвсэглэлд байгаагүй, Германы мөн Щвейцарийн үйлдвэрлэлийн автомат гар буу шүү дээ... Одоо болохоор тэндээс “Хулгайчийг бариад аваарай” гэж бас хөлсний үзэл сурталчид эсвэл хүний амаар будаа идэгчид “Коминтерны энэ тэр” гэж хүмүүс үрүү давшиж хамгийн чангаар хашгирч байгаа.
Гэвч энэ бүхний дараа нь социал демократ багийг нөмөрсөн троцкист большевик хувьсгалчдыг 1940-аад оноос ЗХУ-ын засгийн эрхнээс авч хаяж байж л сая нэг хядаан зогсож бүтээн байгуулалтууд эхэлж олон зүйлүүд өөрчлөгдсөн түүхтэй… Үүнийг бүүр барууны судлаачдын бүтээлүүдээс ч бас хараад шалгачихаарай. Түүх ер нь нэг бол цав цагаан эсвэл хав хар байдаггүй, үүнийг нөхцөлдүүлсэн гадна дотоод хүчин зүйлүүд л гэж харин байдаг. Гол нь сургамж нь л чухал юм даа.
Хэрвээ одоо санаж байгаа бол манайд ч 1990-онд үндэстний эрх чөлөөний тэмцлийн тэр үзэл санаа нь МоАХ-ын удирдлагын хүрээнд л гэв гэнэт хүлээн авсан байсан өрнөдийн маягийн ардчилал болон хувирч өөр зүгт өөр агуулга, өөр зорилготой болон хувираад явчихсан юм шүү.

Тэр үед манай хойд урд хөршид ч ардчиллын давалагаа хүчтэй байсан шүү дээ.

Хятадад ч ардчиллын үзэл санаа гарч ирж бүүр Тянь-ань-Мины талбайд хэсэг оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж дарагдаж байсан. Одоогийн улам бүр хөгжиж хүчирхэгжиж байгаа “хятад маягийн коммунист” төртэй Хятадыг бид харж “атаархаж” байна. Харин ЗХУ-д Горбачёвын эхлүүлсэн “перестойка” улам гүнзгийрч өрнөдийн маягийн ардчиллыг хүлээн авахдаа “улс гүрнээ бүтнээр нь хадгалах” эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулж 80-аад хувь нь хадгалахын төлөө байна гэж гарсан ч Ельцин, Кравчук, Шушкевич нарын 3 удирдагч Беловежийн төгөл дэх нэгэн амралтын газар сэм уулзаж ЗХУ-ыг, социалист системийг тараах гэрээнд гарын үсгээ зурсан түүхтэй. Тэгээд энэ тухайгаа Ельцин хааш нь эхлэж мэдэгдсэн гэдгийг олж мэдвэл гайхана даа! Үүнийг нь тэр үеийн ЗХУ-ын ерөнхийлөгч Горбачёв ч мэдээгүй байсан гэдэг. Тэр перестройкыг эхлүүлсэн ч дараа нь бүх нөлөөгөө, албан тушаалаа алдсан. Харин үүнийг нь хожим барууны нэг том улстөрч, Хүйтэн дайны гол үзэл сурталч дүгнэж хэлэхдээ “Рим урвагчдад хөлс төлдөггүй” гэж хэлсэн байдаг. Улс орноо, социалист блокын олон зуун сая ард түмнүүдийг капиталын дарангуйлалд зүгээр тавиад өгчихсөн, үнэндээ бол ерөнхийлөгчийн албан үүргээсээ “урвасан” этгээд шүү дээ, одоо ч тарьсан гай нь үргэлжилж байна. Түүнийг энэ бүх тусгай ажиллагаандаа ашигласан хүмүүс ч хожим ингэж тавласан байгаа юм даа. Ийм хүмүүсийн тухай Наполеон “Улс нийгмийг сүйтгэхэд нэг л олиггүй урвагч хангалттай” гэж хэлсэн байдаг.
Ер нь тэр үед Барууны улстөрчид, банк санхүү том бизнесийн бүлэглэлүүд социалист системийн энэ задралыг их анхааралтай ажиглан бүх зүйлээр “тусалж” тэдний хэвлэлүүд нь их дэвэргэж галд тос нэмэж байсан гэдэг бол бас түүхэн фактууд юм. Манайд ч гэсэн илээр бол "Ройтер"-ийн нэг сурвалжлагч хүүхэн манай “ардчилсан” удирдагчдыг байнга дагаж явдаг байсан шүү дээ. Гадаад орнуудад байдаг Барууны олонх сэтгүүлчид ганцхан сэтгүүлчийн ажил хийдэггүй юм байна лээ. Үүнийг нь бас олон эх үүсвэрээс үзээд судлаад шалгачихаж болно шүү.

Тэр бас саяхан Монголд ирээд явж байна гэж саявтархан дуулсан юм байна шүү.

Аа тэгээ юу, 20 илүү жилийн өмнө хийлцсэн ажлынхаа үр дүн, биелэлтийг нь газар дээр нь ирж харж дүгнэж цэгнэж манай байдлыг судалж яваа юм байлгүй дээ /инэээв/. Тэд нар манай ардчилсан хөдөлгөөний удирдлагатай тун ойр дотно болчихсон байсан шүү дээ. Ер нь өлсгөлөнгөөс хойш өрнөсөн үйл явдлууд үндсэндээ хаашаа явж байсан бэ гэвэл анх үүсч мэндлэхэд нь дэмжиж байсан, тусалж байсан масс буюу өргөн олон түмнийхээ хүсэн хүлээж байсан тэр чиглэлд бус харин өөр зүгт явсан тул дэмжлэгээсээ салчихсан л даа.

Тэгсэн байх шүү. Асар их дэмжлэг хаа сайгүй л мэдрэгдэж байснаа өлсгөлөн ялалтаар өндөрлөснөөс хойш нам гүм шахам болоод л, өнөөх МоАХ маань ердөө л инерцээрээ явж эхэлсэн санагдана.

Үнээн. Харин үүнээс хойш МоАХ-ны удирдлага нь "айдаггүйгээ авдартаа хийчихсээн " гэсэн шиг голдуу тусдаа цөөхүүлхэнээ хуралддаг, эцсийн шийдвэрийг дангаараа гаргадаг болчихсон. Энэ мэт бүх үл ялиг мэт санагдах өөрчлөлтүүдийг хүмүүс яахав янз бүрийн хэлбэрээр ойлгож мэдэрсэн байх. Хамгийн гол нь удалгүй Ардчилсан Монголын төрөөс “санаачлан” баталсан алдарт 20-р тогтоол ялангуяа Монголын ард түмэнд, эдийн засагт маш хүнд алсын уршигтай том цохилт, олон юмны эхлэл болсон доо… Харин энэ үеэс өмнөх удирдагчид Москвад очиж зөвлөгөө авдаг байсан бол манай шинэ ардчилсан удирдлагууд Баруунд очиж даалгавраа авдаг болчихсон юм даа. Өмнөх удирдлагад маань алдаа байсан хэдий ч тэр үеийн социалист үзэл суртал, эдийн засгийн механизм нь өөрөө хүний нийгмийн баримжаатай байсан учир манайд орчин үеийн эдийн засгийн суурь бүтцүүд цоо шинээр хөгжиж бүтээн байгуулалтууд өрнөж хүн ард маань эрүүлжиж тооны хувьд өсч чанар нь сайжирч орчин үеийн мэдлэгтэй боловсон хүчнүүд, бүхэл бүтэн инженер, технологуудын давхарга, мэргэжлийн ажилчид бий болж байсан. Манай ардчилсан удирдагч нар ч капиталистууд бидэнд яг ингэж хандаж манай улс орныг хөгжихөд туслах байх гэсэн ойлголт, гэнэн төсөөлөлтэй байсан байх. Тэр үед нийгэм тэр чигээрээ бушуухан л элбэг дэлбэг баян тансаг амьдралд үсрээд орчихоор тэсч ядаж байсан, ингэж ч ухуулж ятгаж ойлгуулж байсан юм шүү. Харин юу болсныг нь өнөөдөр бид бүгд харж байна. Энэ бол бидний гэнэн итгэмтгий, гол нь өөрсдийгөө голдог, өөрсдийнхнөө сонсдоггүй, өөрсөддөө итгэдэггүй, заавал гаднын ивээлд багтах гэж зүтгэдэг, хамгийн гол нь эрх баригчдын маань өөрсдөө сэтгэж хийж дараа нь хариуцлагыг нь хүлээхээс дөлдөг араншин юм уу даа. Бид одоо хоёр намын толгойд гаднын ивээл доорхи хоёр олигарх бүлэглэл байгааг харж байгаа биз дээ. Тэд одоо улс эх орон, түмэн олны төлөө гэхээсээ илүү зөвхөн олигарх төр дэх байр суурийн төлөө "хүүе мэдэхгүй" болтлоо улайрсан, талцсан байгаа шүү дээ.

Тийм ээ, 20-р тогтоолыг маш сайн санаж байна. Тэр үед нэг эмэгтэй банканд орж ирчихээд "Энэ засаг миний халаасанд гараа хийлгүйгээр мөнгөний маань хагасыг хулгайлчихлаа" гэж дуу алдаж байсан шүү дээ?

Тийм ээ, тэгэхээс ч өөр яахав. Гэтэл яг эсрэгээр нь тэр үед манай ардчилагчдын шаргуу шаардлагаар байгуулагдсан Монголын анхны парламент болох УБХ-д сонгогдсон "ард түмний элч" нар маань дээр нь мэдэж энэ шийдвэрийг гаргалцсан Д.Бямбасүрэнгийн засгийн газрын гишүүд, түүнийг гаргахад оролцсон олон хүн эрх мэдэл, мэдээлэлд ойр дөт байснаа ашиглан банкин дахь мөнгөө татан авч "хатуу юм болгож" амжсан гэдэг. Энэ нь ч удалгүй илчлэгдсэнээр зарим нь огцорч байсан санагдана. Гэтэл илчлэгдээгүй хүмүүс мэдээж цөөнгүй үлдсэн бөгөөд тэд өөрсдийнхөө явцуу хүрээнийхэнд төрийн маш нууц мэдээг тарааж ашигласан байдаг. Тэр үед энэ нь багахан мөнгөний асуудал байсан хэдий ч энэ бол манайдаа төрийг ашиглаж өмч хөрөнгийг завших, ер нь өнгө, мөнгөний төлөөх цоо шинэ үзэл суртал, нийгмийн үзэгдлийн эхлэлийн тэр цэг байсан. Удалгүй шинэхэн ардчилагчдаас зарим нь улс төрөөс шууд хөндийрч том бизнесмэнүүд болсоон. Тэр үед бас Баруун аймгуудад ч зарим мэдээлэл авсан хүмүүс банкнаас мөнгөө тэр чигээр нь татан авч "чулуу болгож" байна гэж шуугиж байсан. Энэ нь нийгэмд эргэлзээ төрүүлээд ирэхийн цагт Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай телевизэд ярилцлага өгөхдөө байсхийгээд л "Ёстой тийм юм байхгүй. Та бүхэн амгалан тайван байж болноо" /инээв/ гэсэн хариулт өгч байв шүү дээ. Харин энэ “санаачлага” бол "Ардчилал гэдэг бол юу бодож байгаагаа ярь ярь, харин гагцхүү тушаасныг л хий гэсэн үг гэдгийг дахин баталж байгаа хэрэг юм.

Тийм ээ, энэ үеэс л Монгол дахь ардчилал, энэхүү гаднаас хуулбарласан, үнэн хэрэг дээрээ бол гаднаас бидэнд тулгахыг эртнээс хүсч байсан тэр ардчилсан парламентын хэмээх “дундаа хийдэг” засаглалын "зэс нь цухуйж" эхэлсэн нь харамсалтай…

За үүний дараахь өмч хувьчлалын асуудал байна. Энэ нь хамгийн түрүүнд үйлчилгээний салбарыг хувьчлахаас эхэлсэн. Эхлээд дэлгүүр хоршоо, үсчин энэ тэр гээд л. Хамгийн гол нь тэр үед ардчилсан хөдөлгөөний тухайн үеийн голлох үзэл сурталчид бидний хүсэн хүлээж байсан үндэстний эрх чөлөөний давалгааг яг барууны өрнөдийн маягийн ардчиллын үзэл санаагаар агуулгыг нь сольж орхисон. Тэд ардчиллыг хувийн өмч, чөлөөт зах зээл гэсэн үг гэж ухуулж ятгаж эхэлсэн шүү дээ. Ардчиллыг хэрэв олонхийн засаглал гэдэг утгаар нь аваад үзвэл хувийн өмч нь заавал цөөнх ноёрхолоо тогтоодог гэдгийг тэд одоо ч сайн ухаж ойлгоогүй л яваа бололтой, гэсэн ч тэд өөрсөддөө бол ард түмний өмчийн багагүй хэсгийг “чөлөөтэйгөөр” хувийнхаа өмч болгож авсан даа. Яг энэ үзэл суртлаар, гаднынхны өгсөн даалгавраар улс орныхоо үндэстний үйлдвэрлэлийн бүх суурь баазуудыг эвдэн бусниулж боловсон хүчнээ үрэн таран хийж заримыг нь гадаадад очиж тэдний хар ажлыг хийж амь зуулгахаар үнэгүй “экспортлосон” доо. Тэд яах гэж бүх зүйлийг харсаар байж эвдэн бусниулсныг, нурааж байгааг одоо ч ойлгодоггүй. Мэдээж, гаднын неолибралчид монголчуудыг социалист баримжаагаа эргүүлэн буцаан авах вий гэдгээс болгоомжилж эдийн засгийн суурийг нь, өмнөх амь амьжиргааг нь устгаж үгүй хийх, тэгээд тэдний бичиж өгсөн “рецептээр” амь зуудаг болгох зорилго тавьж байсан нь ойлгомжтой, гэхдээ төрийн бүх мэдээлэлд ойр байсан эрх баригчид маань үүнийх нь үр дагавруудыг ойлгож ухамсарлахгүй байсан гэдэгт итгэж чадахгүй байна. Эсвэл олсон мэргэжил боловсрол нь тэдэнд ийм боломж олгодоггүй юм юуу, бүү мэд.
Баруунд өчнөөн хурц асуудлууд байсаар атал бидний цөөхөн монголчуудыг ардчилалд оруулж жаргаах гэж биш тэдэнд Монголын геоулстөрийн байршил нь, байгалийн нөөц баялаг нь л хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Гэтэл үүний цаана энэ бүгдийн хууль ёсны эзэн монгол ард түмэн нь - үндэстэн хүн зон нь гэж юм бас байдаг юм шүү дээ.

Тэд үүнийг санаатайгаар үйлдсэн үү, эсвэл санамсаргүйгээр бусдад ашиглагдсан уу гэсэн асуулт зайлшгүй гарнаа даа?

Тийм ээ. Гэхдээ тэдний дийлэнх нь эх орноо сүйтгэчихье, хүн ардаа ажилгүй болгож ядуурал гуйланчлалд унагая гэсэн зорилго байгаагүй байх. Тэдэнд ардчилал гэсэн үг нь л, тэгээд үүний удирдагчид байх нь л чухал байсан байх. Ингэснээрээ тэр хүмүүс ардчиллын давалгаан дээр шал өөр үйл ажиллагааг зүтгүүлж байгаа нь удахгүй тодорхой болж эхэлсэн л дээ. Тэр үеэс л эхлээд би гайхаж гүн гүнзгий эргэлзээнд орж эхэлсэн л дээ. Яг одоо ч үүгээр том хоолоо олж идэж яваа тэдэнд “Ардчилал бол хүн бүхэнд амаа нээх эрхийг өгдөг, харин хүн бүрт амаараа хоол идэх эрхийг бол өгдөггүй” гэсэн барууны ёжтой үг байдгийг сануулах хэрэгтэй байх. Мэдээж хэрэг, энд өрнөдийн маягийн, хувийн өмчийг зах зээлийг тахин шүтсэн ардчилал гэсэн утгаар нь хэлж байна. Баруунд ч нийгмийн дийлэнх олонх нь хувийн өмчгүй, харин амины өмчтэй байдаг юм шүү. Нийгмийн баримжаатай нийгэмд хүн хүнээ ямар нэг хэлбэрээр мөлжихийг хүлээн зөвшөөрдөггүй тул хувийн өмч нь эдийн засгийн харилцааны талаасаа дотоод зөрчилд орж байгаа юм.

Тэр үед МоАХ-г чин сэтгэлээсээ дэмжиж байсан хүн олон байсныг, маш сайхан хүмүүс байсныг одоо сайн санаж байна. Түүнчлэн болж буй өөрчлөлтийг огт ойлгохгүйгээсээ болгоомжлон цэрвэх, бүүр эрс эсэргүүцэх нь ч цөөнгүй байсаан. Гэтэл УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа телевизээр мэдэгдмэгц л байдал намжиж, төвийг сахих явдал, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс дөө, "за ингэх л ёстой юм байлгүй дээ" гэсэн аядуу дагалдсан уур амьсгал, хандлагад олон нийт аргагүй орсон шиг санагддаг юм шүү.

Ажил дээрээ МоАх-ын салбар зөвлөлийг байгуулж, удалгүй хожим нь УБХ-ын гишүүнээр сонгогдсон талийгаач Галсандорж, Батцэнгэл бид хэд очиж салбар зөвлөлийнхөө анхдугаар хуралдааныг зохион байгуулж байв. Тэр үед МоАХ-ны үйл ажиллагааг тухайн нийгмийнхээ болохгүй байсан бүх зүйлийг өөрчлөе, шинэчлэе гэж ойлгож зүтгүүлж байж дээ. Харин хамт олны хувьд гэвэл анхнаасаа л ойлголт муутай, сэрэмжлэн болгоомжилж ханддаг байсан даа. Би ч ардчиллын талаар удалгүй санал бодол зөрөлдөж эхэлсэн, ялангуяа хэдхэн удирдагчдыг даган хуваагдаж хуйларч байсан олонхийг хараад энэ бүхэнд гутаж ийм улстөрийг хаяж орхин одсон доо. Хамгийн гол нь надад амьдралаа өөрөө аваад явчих нарийн мэргэжлийн мэдлэг боловсрол, гол нь өөртөө итгэх итгэл бол байсаан.

За тэгвэл энэ үед чин сэтгэлээсээ дэмжиж тусалж байсан тохиолдол?

Өө тэр бол байлгүй яахав, ер нь олон хүмүүс байсан даа. Ялангуяа арван жилийн ангийн маань анд Баярсайхан тэр үед Шастиний нэрэмжит III эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байлаа.. Хэрвээ чи санаж байгаа бол өлсгөлөнгийн эмчээр ажиллаж байсан л даа. Ер нь тэр үед гэнэн цайлган сэтгэлтэй, эх оронч олон сайхан хүмүүстэй уулзаж танилцаж байсаан. Одоо ихэнх нь тааралдаж харагдахаа больжээ. Тэр үед бид их сайхнаар төсөөлж бодож байсан, гэвч удалгүй бүх зүйл өөр чиглэлд явж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн гэх үү дээ.

За сайн санахгүй л юм. Харин өлсгөлөнгийн үеэр тэнд үйлчилж байсан нэг эмч ахыг бол сайн санаж байна.

Тэр найз маань одоо гадаадад амьдарч байгаа. Бид хааяа уулзалдахаараа л тэр үед болж өнгөрсөн бүхнийг, ажиглаж харснаа, эмзэглэн харамсдаг зүйлсээ хуваалцддаг л юм. Тухайн үед бидний ойлгон төсөөлж зүтгүүлж байсан тэр үйл хэрэг маань ийнхүү шал өөр гольдролоор яваад өгсөнд үнэхээр харамсдаг. Хэдийгээр бид нэг системийн гажуудлаас салж чадсан ч түүнээсээ ч хэцүү бэрх капиталист системийн дөнгө дарамтанд орсныг, ядаж өмнөх системийн үед бүтээсэн байсан нийгмийн баялагаа үрэн таран хийсэнд, эдийн засаг, боловсон хүчнээ ямар нэг хэмжээнд хадгалж авч үлдээгүйд их харамсдаг. Одоо манайд Баруунд нийгмийн ухааны эсвэл бизнес эдийн засгийн сургуульд суралцсан “капиталист” боловсролтой залуус нилээд болжээ. Харийн үзэл суртлын өнцгөөс өөрийн эх  орныг харна гэдэг бол зөвхөн тэдний эрх ашгийн тэр өнцгөөс харж байна гэсэн үг шүү дээ. Барууны сургуулиуд гол зүйлүүдээ хэзээ ч хэлж зааж өгдөггүй юм аа. Гагцхүү өөрсдийн "цэргүүдийг" л бэлдэж авдаг. Энэ бол түүхэн баримт фактууд шүү.
Одоо эдгээр үзэл суртал нь хямрал мухардалд орж, эдийн засгийн неолиберал капиталист онол нь бүрэн дампуурчихаад байгааг мөн зөвхөн харийн үзэл сурталжсан “нийгмийн ухаанаар” хөгжил баялагийг бүтээдэггүйг, улс орон хөгждөггүй гэдгийг ойлгох ёстой доо. Харин байгалийн шинжлэх ухаан бол огт өөр хэрэг ээ, ер нь 1+1=2 бол Африкт ч хүртэл 2-той тэнцүү байдаг гэдэг үг байдаг даа. Энэ бол байгалийн шинжлэх ухаан бол хаана ч бодит үнэнд нийцэж байдаг, энэ л хүн төрөлхтний хөгжил баялагийг бүтээдэг тэр гол хүчин зүйл гэсэн үг юм.

Тийм шүү. Ялангуяа 1996 оны УИХ-ын сонгуульд "Ардчилсан холбоо" эвсэл анх ялж, засгийн эрхийг авсныхаа дараа маш олон томилгоо хийхдээ олон ч алдаа гаргасанд дэмжигчид нь гомдон бухимдсанаас энэ хөдөлгөөнөөс шууд салан зайлж, яг эсрэг зүгт нь буюу нөгөө үзэн ядаад байсан МАХН руугаа "хөлгийнхөө жолоог" залсан.

Тэр үнэн л дээ, тийм хүмүүс мэр сэр байсан л байх. Миний хувьд энэ бүхнээс холхон байсаан. 1996 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсныхаа дараа тун удалгүй төрийн хариуцлагатай албан тушаалд хэнбугайг ч томилж болдог цаг ирснийг, бүүр төрийн албан тушаалуудыг олзоо хувааж байгаа мэт фракцууд хуваан авч болдгийг, нийгмийн өмчийг залилан цөлмөж болдгийг, төрийн банкыг хулгайлж болдог цаг ирснийг харуулж манай нийгмийг өөрөө өөрийгөө сүйрүүлэх замд уруу татсан даа. Түүнийг нь 2000 оны сонгуульд ялсан МАХН ч яруу тод харуулан үргэлжлүүлж монгол нутгийн баялгийг алга дарам цаасаар гадаадынханд өгч болдгийг, газар нутгийг ам амаар нь хувьдаа авч болдгийг, нийслэлийн ам газар болгоныг хуйвалдан авч завшиж болдгийг харуулсан даа. Энэ бүхэн нь Монгол улсыг, монголын ард түмнийг дотоодын олигархуудын дээрэнгүйлэл, гадаадын неоколоничлолд оруулах бүх алхамуудыг маш түргэсгэсэн. Тэр үеэс л Монголын төрийг улстөрийн албан тушаал гэдгээр халхавчлан самарч эхлэх бүх үүд хаалгыг дэлгэн хаясан даа. Хувь хүн өөрийн өмч машиныг жолоодохын тулд, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж байхын тулд жолооны курст суралцаж шалгалт өгч тэнцэж байж л эрхтэй болдог байтал улс нийгмийг, нэг бүхэл бүтэн салбарыг авч явах хүн яахаараа ядаж мэргэжлийн байх бүр цаашилбал ажлын туршлага, мэдлэгтэй байх албагүй юм бэ? Улстөрчид ядаж ёс суртахууны хариуцлага ч хүлээж сураагүй байгаа шүү дээ. Ийм учраас миний хувьд эргэлзээ маань улам лавширсан. Ер нь тэдний хэн нь ч зүтгүүлээд байсан нөгөө ардчилсан үзэл санаа гэдгээ капиталын эздийн ноёрхол болгон илбэдэн хувиргаж дунд нь бүүр тэнцүүгийн тэмдэг тавьчихсан шүү дээ...

С. Энх-Амар: Улс орон ардчилсан байхын тулд заавал олон намын тогтолцоотой байх ёстой, хоёрдугаарт, эдийн засаг нь чөлөөт, зах зээлийн тогтолцоотой байх ёстой. Тэгээд чөлөөт зах зээлийн тогтолцоотой байсан гэдгээ тунхагласан боловч өмнө нь байж байсан үйлдвэрлэл, ялангуяа баялагийн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан манай тэндэхийн хүмүүсийн сахилга бат, хариуцлага, олон үеийнхний байгуулан босгосон энэ их өмч хөрөнгө үрэн таран болж буйг би нүдээрээ харж байсан л даа, харамсалтай хэрэг шүү. Өмч хувьчлал гэдэг айхтар хуй салхи шууруулсан л даа. За миний хувьд арай түлхүү мэдрэгдсэн нь хэвлэл мэдээллийн салбар юм. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарыг хувьчилсан явдалд туйлын харамсаж явдаг цөөнгүй хүний нэг. Юу гэхээр "Чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа хэрэгжихийн нэг зайлшгүй нөхцөл нь төр засагт өөрийн гэсэн хэвлэл мэдээлийн хэрэгсэл байх учиргүй ээ" гэсэн тулгалт байна. Тэгээд ч энэ нь дэлхий нийтийн жишиг тул үүнийг заавал даган мөрдөх ёстой юм байх аа. Ингээд л төр засгийн гэсэн статустай байсан Монгол телевиз, улмаар "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинууд ээлж дараагаараа хувьд очсон буюу "Олон нийтийн телевиз" гэсэн ойлгомжгүй статустай болон хувирсан. Гэтэл хэн ч биш байсан сэжиг бүхий этгээдүүд,хувь хүмүүс, мэдээж нам холбоод, компаниуд өөрийн гэсэн хүчирхэг сонин сэтгүүл, FM, телевизүүдтэй болоод авчихлаа. Гэтэл жирийн ард хүн ийм өргөн эрхээр хангагдсан байхад Монголын төр, засгийн газар нь ийм эрхгүй үлдэж хоцорсон нь нь дандүү гэхэд багадмаар харамсалтай, гутамшигтай явдал гэж одоо ч үздэг. Монголын төр, засгийн газрын ард түмнээ гэсэн бодлого, зорилт, үйл ажиллагааг нь одоо хэнбугай нь олон түмэндээ таниулан сурталчлах болж байнаа? Өргөн утгаараа энэ бусармаг алхам нь Монгол төрийн уламжлалт тогтсон ёс, бүтцийг булшлах гэсэн, төр түмний харилцааг тасалдуулах гэсэн л алсын бодлогын тусгал гэж дүгнэдэг.

Энд санал нэг байна. Өмч хувьчлалыг өөрсдөө ядаж бодож тунгаалгүйгээр, хамгийн наад захын энгийн шударга байдлыг ч уландаа гишгэж гадныхны зөвлөгөө, шахалт зааварчлагаар яаран сандран хийж бүх зүйлүүдийг эвдэн бусниулсан шүү дээ. Бүх зүйл асар том залилан болоод дууссан даа. Би өмнөх ярилцлага дээрээ одоогийн энэ неолиберал ардчилал ба коммунист үзэл суртал гэдэг чинь нэг л бүлэглэлийн бүүр тодорхой хэлбэл, дэлхийн санхүүгийн интернационалын (ФинИнтерн) санаачилж зүтгүүлж ирсэн төслүүд юм шүү гэж хэлж байсан. Тэд манай олигархуудыг ч дараа нь зүгээр орхихгүй ээ, ямар ч төр улсын "учрыг" олохоос тэнд мөнгөө хадгалж байгаа хувь этгээдүүдийг бүүр ч амархан байдаг байна… Энэ бүхний гол зорилго бол дэлхийн улс түмнүүдийг нийгмийн болон амины өмчнөөс нь бүрэн салгаж тэднийг мөнхийн эрхшээлдээ оруулж авах гэсэн цаад зорилготой асар том явуулга юм шүү. Хэрэв одоогийн энэ "ардчиллыг" хувийн өмч, чөлөөт зах зээл, хүний эрх гэгч хоосон тунхаглалаас нь, цаад далд зорилгоос нь салгачихвал энэ үзэл суртал нь цаад эзэддээ ч огт хэрэггүй, огт биш болчихно гэдэг нь бүүр ч ойлгомжтой...
Маш товчхон хэлбэл, ер нь хувьсгал гэдэг бол 18-р зууны үед гарч ирсэн төрийг үүний ард дахь нийгмийн бүх баялагийг хүчээр булаан авах номлол юм. Үүнтэй холбогдуулаад нэгэн түүхийг сөхөе л дөө. Хэрвээ санаж байгаа бол тухайн үеийн МоАХ-ны нэг удирдагч нь Лениний "Төр ба хувьсгал" зохиолыг нь сугавчлаад л явдаг байсан гэдэг дээ.

Тэр хүн хэн бэ, тэр үзэл суртлын тухай жаахан дэлгэрэнгүй яриач?

Одоо хэн гэдэг нь тийм сонин биш ээ. Тэдний уншиж цэнэг авч байсан тэрхүү "Төр ба хувьсгал" зохиолыг хэзээ хаана түүхэн ямар нөхцөл байдалд ямаршуу зорилго, шалтгаанаар бүтээгдсэн түүхэн үйл явдал их сонин байдаг.
1917 оны бидний хэлж бичиж заншсанаар бол Октябрийн социалист хувьсгал /ОСХ/ нь Орост тухайн үеийн барууны зарим гүрнүүдийн тусгай албадын зохион байгуулсан, гаднаас нь бэлтгэж санхүүжүүлсэн ийм л хувьсгал шүү дээ. Тэр хувьсгалын хамгийн анхны удирдагчид нь болох большевикууд/социал демократууд/, эсерүүд/социал хувьсгалчид/, кадетууд/үндсэн хуулийн ардчилсан үзэлтнүүд/ нь бүгдээрээ шахам Баруунд цагаачлан сууж бэлтгэгдэж байсан мэргэжлийн хувьсгалчид юм. Тэд 1917 оны Оросын Хоёрдугаар сарын хувьсгал, түүнээс 8 сарын дараах дээрх ОСХ-ыг дэглэсэн байдаг. Үндсэндээ Орост хувьсгал хийхээр гадаадад бэлтгэгдсэн боловсон хүчин байж.
Ленин л гэхэд Хоёрдугаар сарын Хувьсгалын үеэр Швейцарийн Цюрих хотод амьдарч байсан байна. Гэхдээ өнөөгийн Оросын зарим цагаач нар шиг элдэв хар бор ажил эрхлээгүй гэж байдаг. Гэвч оросын хувьсгалчид өндөр тэтгээмжтэй хангалуун сайхан амьдарцгааж байсан ба "Төр ба хувьсгал" зохиол бол Ленин ОСХ-аас өмнө тэнд байхдаа бичсэн, тэнд хэвлүүлсэн бүтээл нь шүү дээ. Тэд тэр үед, дэлхийн I дайнд Оростой дайтаж байсан Германы нутгаар дамжин лацадсан галт тэргээр Орост ОСХ-ыг хийхээр их мөнгөтэй орж ирсэн байдаг! Эдгээр хувьсгалчдыг хөлсөлж байсан тэр хүчний гол зорилго бол ердөө л хүчирхэг Оросын эзэн хаант гүрнийг түлхэн унагаах, Сибирийн байгалийн их баялагт хүрэх, ЕвроАзийн бүс нутагт ноёрхлоо тогтоох гэсэн геоулстөрийн санаархалд нь сааад болж байсан улсыг сөхрүүлэх явдал байж. Ер нь барууны социал-демократ үзэл гэдэг нь яг бидний ойлгож байгаа шиг нийгмийн баримжаат ардчилсан үзэл санааны арай өөр өнгө аяс, цаад зорилготой юм. Тухайн үеийн соц-дек үзэл гэдэг бол угтаа жижиг хөрөнгөтний үзэл санааг зүтгүүлдэг, үүнийгээ бусад улс оронд тулган хүлээлгэх гэж зүтгэдэг үзэл санаа байсан аж.
Тийм учраас дахиад хэлэхэд Лениний "Төр ба хувьсгал" зохиол бол угаасаа ямар нэг улсын дотор талд нь ийм үзэл санаагаар дамжуулан тэрхүү улс орныг задлан бутаргах гэсэн үзэл санааны номлол, барууны шалгарсан энэ технологийн нэг жишээ юм. Яг энэ үзэл санаагаар 1917 оны ОСХ-аар троцкист большевикууд засгийн эрхэнд гараад 1922 он хүртэл үргэлжилсэн, ахан дүүсээ хядсан цуст иргэний дайныг өдөөснөөс 10 сая хүний амийг хороосоон. Эмх замбараагүй байдал, хүчирхэг эзэнт гүрний задрал, үүнээс үүдсэн олон удаагийн өлсгөлөн гуйланчлал, ажилгүйдэл, ядуурал, хүмүүсийг нь туйлд нь хүргэж байсан хувьсгал шүү дээ. Гэвч сүүлдээ большевикууд 2 талд хуваагдсан байна...
Тэрхүү хувьсгалын үзэл санааг манай ардчилсан хувьсгалчид ямар нэг хэмжээгээр уншиж судалж байсан бололтой. Тэгээд 1991 оны хувьсгалдаа эргээд ороход яг тэр хувьсгалын үзэл санаанууд нь яг хэвээрээ давтагдсан байдаг юм. Бараг 70-80 жилийн өмнөх хувьсгалын үзэл санаа одоо нэр хаяг нь л "ардчилал" болсон ч үндсэн санаа нь хэвээрээ байсан.
Ер нь "Юу ч ярьж байсан энэ бол эцэстээ мөнгө баялагийн тухай л асуудал байдаг" гэсэн америк зүйр үг байдаг л даа. Тиймээс тэр үзэл санааг анх Монголд оруулж ирсэн, Монголд нэвтрүүлсэн, тэр үзэл санаагаар Монголын нийгэм, улс түмний аж амьдралыг өөрчлөх гэж байгаа энэ хүмүүсийн гэнэн санаа нь Монголын ард түмнийг үнэхээр үнэнч шударга тийм нийгмийн тогтолцоонд хүргэе гэсэн зорилго байсан ч тэрхүү дуурайгаад байгаа номлолынхоо цаад мөн чанарыг нь, хүргэдэг үр дагваруудыг нь ойлгоогүй байгаа хэрэг. Тэрхүү үзэл санаа нь бол Киплингийн хэлснээр “Том тоглоом”-доо зөвхөн ашиглах, ялангуяа барууны үзэл сурталчид, улстөрчдөд Орос, Хятад гэсэн өөрсдийнхөө геополитикийн гол өрсөлдөгч нарынхаа яг бөөрөнд нь байрласан манай эх орны байрлал нь стратегийн хувьд чухал байсан гэсэн дүгнэлт хийж болж байна. Үүнийг л бид ойлгох ёстой доо. Одоо дээрээс нь байгалийн баялагийн асуудал нэмэгдэж байгаа нь байдлыг тун ноцтой болгож байна.

Зөв зөв. Барууны элитүүд XX зууны бүх түүхийг нөхцөлдүүлсэн гэж их бичдэг болжээ, энэ их сонирхолтой санагддаг юм.

Ер нь дэлхийн II дайнаас хойшхи капиталист систем, социалист систем хэрхэн бүрэлдэн тогтносон түүхийг заавал авч үзэх ёстой л доо. Бид үүнийг ерөнхийд нь "Хүйтэн дайны үе" гэж нэрлэдэг шүү дээ. 1944 оны VII сарын дундуур, дэлхийн II дайн дуусахаас өмнө АНУ-ын Бреттон Вуудс хотод дэлхийн II дайны дараах дэлхийн санхүүгийн систем ямар байх, энэ санхүүгийн ертөнцөд чөлөөтэй хөрвөж байх цорын ганц нөөцийн валютын /доллар/ талаар олон улсын гэрээ хийсэн байдаг. Хамгийн гол асуудал бол чухам тэр үед л Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэх зэрэг даяар олон улсын байгууллагууд байгуулагдсан юм шүү дээ. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз? Энэ тухай АНУ, Германы мөн Оросын авторуудын судалгааны бүтээлүүд бий шүү.

Их сонин байна л даа. Юу гэхээр дэлхий нийт, дэвшилтэт хүн төрөлхтний нийтийн дайсан фашист Германтай тэмцэхээр Барууны гүрнүүд нь өөрийнхөө эвлэршгүй дайсан ЗХУ-тайгаа хэл амаа ололцож холбоотон болж авч байгаад тэр дайснаа ичээнд нь нухчин дарчихаад, хоёулаа энх тайвнаар зэрэгцэн оршиноо гэж зөвшилцөж, өөр өөрийнхөө зарчим, зүй тогтлоор хөгжихөө хүлээн зөвшөөрсөн хэрнээ бараг сүүлчийн буун дууны маргаашнаас эхлээд л социалист системийгээ задлан нураахаар тагнуулын болоод бүх чиглэлээр, фронтоор гэе л дээ дайрч давшилж эхэлсэн шүү дээ, тийм үү? Энэ талаар жаал дэлгэрүүлэх үү?

Юуны өмнө, ер нь Гитлерийг хэн анх гаргаж ирсэн юм бэ гэдэг асуулт гардаг. 1918 онд дэлхийн I дайнд ялсан Их Британи, АНУ, Франц зэрэг гүрнүүдтэй энэ дайнд ялагдсан Герман Версалийн гэрээг байгуулсан байна. Энэ дайнд дотор талд нь 1918 оны 11 сард социал демократ-коммунист хувьсгал гарч ялагдсан, энэ дайны асар их төлбөрт унасан байсан Веймарын Герман улс маш эмгэнэлтэй хэцүү байдалд орсон байсан. Немцийн маркын инфляци хэдэн мянган хувьд хүртэл өсч заримдаа бол хүн гуанзанд орж хоол идээд төлбөрөө хийх болоход л идсэн хоолных нь үнэ нь өсчихсөн байдаг байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр үеийн герман хүмүүс энэ байдалд цөхөрч олноороо амиа хорлож байсан, тэр бүү хэл гэр бүлээрээ амиа егүүтгэсэн тохиолдол олон гарч байлаа. Гэтэл ийм гүн гүнзгий хямралд 1918 онд орчихсон байсан улс 1933 он гэхэд ердөө л 15-хан жилийн дараа Гитлер ардчилсан сонгуулиар тайван замаар засгийн эрхэнд гарч ирж дараа нь 1939 оны 9 дүгээр сарын 1-нд Польшид дайран довтолсноор дэлхийн II дайныг дэгдээх хүртэл хугацаан дахь фашист Германы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг, ялангуяа цэргийн аж үйлдвэрлэлийн энэ “ид шидийг” нь хэн хангасан байсан бэ гэсэн асуулт гарцаагүй тавигддаг. Энэ бүхнийг бас л нөгөөх дэлхийн санхүүгийн интернационал “болгоосон” гэж хэлж болно оо. Тэд энэ бүхнийг санхүүжүүлж бий болгосноороо Гитлерээр Европыг тэр чигт нь "нэг гар"-т хийлгэсэн, ЗХУ руу чиглүүлсэн болох нь одоо нэгэнт тодорхой болсон түүхэн фактууд шүү. Өдгөө энэ бүхэн нэгэнт нууц биш, эргэлзэн маргаад байх биш зүйл болсон шүү дээ. Энэ тухай Гитлерийн Майн Кампт ч шууд хэлээгүй ч бас байж л байгаа, баримтат кинонууд ч гарсан байгаа.
Харин Гитлер Польшид довтолсны дараачаас Холбоотны гүрнүүд Оросын талд орсон нь Орос улс Германаас цэргийн хүчин чадал, аж үйлдвэрлэлийн чадавхиараа сул дорой байсантай л холбоотой. Тиймээс ер нь дайныг аль болох удаан сунжруулахын тулд арай сул доройгийнх нь талд орж тусалсан түүхэн баримтууд байдаг шүү дээ. Тэр түүх л давтагдсан хэрэг. Иймээс ялангуяа дайны эхний 2 жилд оросуудын хэрэглэж байсан бүх буу зэвсэг, тэр бүү хэл хувцас хунар, хоол хүнсийг нь Баруунаас хангаж байсан шүү дээ. Харин ингэж алалцахад нь дайтаж байгаа хоёр талд зэвсэг, бусад эд зүйлээр тусалж төлбөрт нь алт, үнэт эдлэлүүдийг нь хамж байсан бол бас л шалгачихаж болох түүхэн факт баримтууд юм. Ер нь өөрсдөө дайн дэгдээчихээд дайтаж байгаа хоёр талд хоёуланд нь асар их зээл өгч ашиг хийдэг нь капиталистуудын түүхэн араншин шүү дээ. Түүхэнд энэ тухай өчнөөн нотолгоо баримтууд бас судалгаанууд байдаг.

Эндээс нэг сонин дүр зураг харагдаж байнаа даа? Өөрсдөө дэлхийн дайныг зориудаар дэгдээчихээд дайтаж буй талуудад аль алинд нь туслаад байнаа даа? тэгсэн хэрнээ "Бид бол холбоотнууд" гээд Германд дайн зарлачихсан байдаг. Гэтэл дайн эхэлсэн 1939 оноос хойш 1945 оны II сарын Потсдамын гэрээ байгуулагдтал үндсэндээ хоёрдугаар фронтоор хүчтэй давшихгүй, өөрөөр хэлбэл Барууны гүрнүүд II дайнд жинхэнээсээ оролцохгүй байлаа.

Тиймээ, яг ийм үйл явдлууд болсон, түүхэнд байж байгаа шүү дээ. Тэд ер нь маш нарийн аргатай шүү, үүний нэг баримт бол одоо ихэнх хүмүүс энэ бүхний тухай дуулаа ч үгүй байгаа явдал юм! Энэ бүхнийг хожим ил болсон түүхийн архивын хэвлэгдсэн материалуудыг ямар нэг хэмжээнд олж уншиж байж л ойлгосон доо. За эргээд дэлхийн санхүүгийнхээ асуудалд хандахад тэр үед оросууд Бреттон Вуудсын гэрээг нь зөвшөөрч, гарын үсэг зурсан байсан боловч дайн дуусмагц Сталин энэхүү долларын системийг соёрхон батлахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Яагаад гэвэл улс орон юу үйлдвэрлэж байсан ч түүнийг нь өөр аль нэг улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлж гадаад худалдаа хийнэ гэдэг нь эдийн засаг, санхүүгийн колоничлолын дөнгө мөн юм гэдгийг ойлгож байсан хэрэг.

Би санаж байна, эрт цагаас өрсөлдөгчөө сулруулахын тул үндэстнийх нь мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэж гаднаас зориудаар зах зээл рүү нь маш ихээр оруулснаар мөнгөний инфляцийг нь хөөрөгддөг байсан гэж. Үүнийг бүүр Наполеон Бонапарт 1812 онд Орос руу довтлохынхоо өмнөхөн хэрэглэж байсаан гэж дуулсан санагдах юм.

Тийм байхгүй юу. Улс орныг дотроос нь сулруулах, ард түмнийх нь хувь заяаг эрхшээж байхын тулд нэг бол мөнгөний системийг нь гадна талаас нь барьчихдаг, эсвэл хуурамч мөнгөн тэмдэгтийг гаднаас нь оруулж эдийн засаг, нийгмийн эмх замбараагүй байдлыг буй болгон гааруулдаг. Нэгэнт эмх замбараагүй болсон улс өөрөө улс төрийнхөө хувьд ч, гадаад бодлогынхоо хувьд ч суларчихдаг. Энэ бол зүй тогтол шүү. Тэр үед Сталин "Бид 27 сая хүнийхээ амь насаар дэлхийн түүхэнд гарч байгаагүй ийм том дайнд асар их хохирол амсаж байж ялахдаа өөр нэг улсын колоничлолын дөнгөнд орох гэж энэ ялалтыг байгуулаагүй юм" гэж хэлсэн байдаг.
Ер нь "түүхийг" ялсан тал нь өөртөө тааруулж бичдэг гэж нэг онож хэлсэн үг бий, өнөөдөр тухайн тэр түүхэн хүмүүсийг элдвээр харааж гүтгэж гүжирдэж байгаа өчнөөн ном зохиолуудыг өндөр санхүүжилт амлаж захиалж "бичүүлсэн", манайд ч гаднын санхүүжилтаар их орчуулж пиардах болж дээ. Ер нь дайсандаа хараалгуулж гүтгүүлж байгаа бол чи зөв замаар явж байсан, байгаа юм байна гэж ойлго, харин магтуулж шагнуулж байгаа бол тэдний замаар буруу явж байна гэсэн үг гэдэг түүхэн турш шалгагдсан мэргэн зарчим байдаг. Өнөөдөр дэлхийд ч, манайд ч яг л ийм юм болж байна...
1945 оны 8-р сард АНУлс Японы Хирошима, Нагасаки хотуудад дэлхийд анх удаа атомын 2 бөмбөг хаяж сүр хүчээ үзүүлсэн юм. Үүний цаад зорилго нь бас Сталинг /социалист блокыг/ буулган авах байсан боловч чадаагүй байна. Үүний дараахан У.Черчилль 1946 оны 3 дугаар сард АНУ-ын Фултон хотод очиж анх "Төмөр хөшиг" гэдэг алдартай үгтэй лекцээ уншсан түүхтэй юм. Үүнээс хойш Хүйтэн дайн гэдэг ойлголт, үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй юм даа. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл тэр үед тавигдсан тэрхүү "Төмөр хөшиг"-ийг наад талаас нь социалист системийн улсууд тавиагүй, харин цаад талаас нь тавьсан нь, бүх учир дахиад л мөнгө, санхүүгийн асуудлуудад ирж тулж байгаа нь ойлгогдож байгаа биз дээ. Учир нь Баруунд II дайны дараахи ялалтын хөөр баярууд мөн нэгэн зэрэг тэнд түр зуур бий болгосон байсан “нийгмийн дулаарал” ч удалгүй дуусч жирийн хүмүүсийн амьдрал, аж байдал капиталист жамаараа унаж нийгэм нь хямарч гарц хайж социалист үзэл баримтлалыг сонирхож дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд энд тэнд гарч байсан учир социализмын “халдвар” авахуулахаас элитүүд нь болгоомжилж ийм хөшиг татсан хэрэг.
1945-1975 оны яг энэхэн түүхэн зурвас үед социалист орнуудад нийгмийн хөгжил дэвшил жинхэнэ ёсоороо асар хурдтай цэцэглэж эхэлсэн байдаг. Төлөвлөгөөт бас дээрээс нь хүмүүсийн сэтгэлийн сэдэл дээр суурилсан эдийн засгийн өсөлт жинхэнэ гайхамшгийг бүтээж байсан гэдэг. 1949 онд ЗХУ атомын бөмбөгтэй болсон нь үүнд нэн чухал улстөр, цэрэг стратегийн ач холбогдолтой болсон байдаг. Асар богино хугацаанд асар их хурдацтай хөгжиж эдийн засаг, хүн ардын амьдралын түвшин чанар дээшилж байсан байдаг. Албан ёсны статистикуудаас үүнийг харж болно, бас Барууны судлаачдын бүтээлүүдэд ч элит хэсэг нь социалист системийн энэ их хурдацтай хөгжлөөс болгоомжилж контрарга хэмжээнүүд боловсруулж байсан тухай бичсэн ч байгаа…
Ингээд 1980-аад оны төгсгөл үе хүртэл социалист системийг дотор талаас нь янз бүрийн аргаар тусгай албад, үзэл сурталыг ашиглан дотроос нь задалж байсан байдаг. Үзэл суртал,мэдээллийн зарлаагүй сэм явуулж байсан дайнд ялагдсан нь хожим жинхэнэ ялагдал болсон доо. Нөгөө жинсэн өмд, цагаан бохь, лаазтай ундаа, пиво, "Битлз"-ийн дуунууд бол залууст нь, нийгэмд нь үзүүлж байдаг сэтгэл зүйн дайны маш хүчирхэг хэрэгслүүд юм даа. Битлз бол 1960-70-аад оны Барууны нийгмийн хямрал, залуусын эсэргүүцлийн хөдөлгөөн дээр гарч ирсэн тухайн үеийнхээ эрх чөлөөний билэг тэмдэг байсан хамтлаг шүү дээ. Ер нь жинхэнэ түүхийг судлах, түүхэн ой санамжаа сэргээх хэрэгтэй байна даа, бидэнд.

За тэгэхээр нэг асуулт гарч ирнээ дээ. Яагаад социалист систем хурдацтай хөгждөггүй байсан юм бэ гэж?

Энэ систем бол өөрийнхөө хөдөлмөрөөр бий болгосон баялагаар, материаллаг баялагаар баталгаажсан мөнгөөр хөгждөг тийм систем байсан. Харин одоог хүртэл яваад байгаа капиталист систем бол мөн чанартаа дэлхийн мөнгийг хэвлээд л түүгээрээ бусдын бүтээсэн, олборлосон баялагийг сольж авдаг систем шүү дээ. Зөвхөн Америк төдийгүй энэ хөрвөдөг валюттай гээд байгаа улсууд бүгдээрээ. Тэр мөнгөөр нь бүтээсэн хөрөнгө, баялагаа өгөхгүй байгаад үз л дээ…яахыг нь! Гэхдээ доллараас татгалзах зорилготой хүчирхэг БРИКС холбоо гарч ирээд улам олон орнууд нэгдэж байгаа. Доллар дэлхийн валют байхаа болих цаг тун удахгүй болсоон.
Өнөөдөр дэлхий дээр тусгаар тогтносон 203 орчим улс байна. Түүний 193 нь НҮБ-ын гишүүн юм. Гэвч дэлхийн бүх улс, ард түмнүүдээс "G7" хэмээх долоохон улс л баян байгаа юм. Тэгэхээр барууны эдгээр улсын баян хангалуун байдал гэдэг нь тэр улсууд ардчилалтай байснаас, хүний эрхийг дээдэлснээс, зах зээлийн системтэй байснаас нөхцөлдсөн хэрэг хараахан бас биш ээ. Гагцхүү бусад улс орон, ард түмнүүдтэй дэндүү шударга бус тэнцвэргүй худалдаа хийж үүнийгээ халхлах гэж хүч түрэн үзэл сурталаа тулгаж хийж ирсний л "үр дүн" юм даа. Барууны орнууд бүгд толгой дараалан маш их гадаад өртэй байгаа. Үүнийг бас интернэтээс шалгачихаж болно шүү. Энэ бол тэд хийж бүтээж байгаагаасаа хамаагүй их бараа бүтээгдэхүүн, бодит нөөц баялагийг зээлээр аваад нэгэнт хэрэглэчихсэн байгаа гэсэн үг шүү дээ. Харин энэ бүгдийг тэгвэл хэн тэдэнд өгсөн бэ?.. Ийм учраас ардчилал гэдэг бол тэдний жинхэнэ үнэт зүйл хараахан биш ээ, харин "зэвсэг" нь гэдгийг л ойлгох ёстой юм даа, бид.

За цаг хугацаа гэдэг бүхний шалгуур болох юм даа. "Агуу их зүйл алсаас л улам сайн тодорно" гэсэн эртний үгтэй юм. Ингээд 20 илүү жилийн өндөрлөгөөс эргээд харахад МоАХ Монгол улсын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн байна вэ?

МоАХ бол мэдээж хэрэг тухайн үедээ тогтнож байсан хэт хуучинсаг коммунист үзэл санаа нурахад үүрэг гүйцэтгэсээн. Гэвч энэ холбооны гишүүдийн ихэнх нь эргээд дээрх капиталист ардчиллынхаа үндсэндээ золиосууд л болсон. Тэр хүмүүсийн итгэл зүтгэлийг зөвхөн ашиглаад л, нийгмийг нь улс гэрийг нь нураахад ашиглаж фон болгоод л өнгөрсөн дөө. Ер нь бид бол жинхэнэ олонхийн засаглал, шударга эрх тэгш байдал байсан бол ийм ардчиллын эсрэг байгаа юм биш шүү дээ. Бидэнд таалагдах эсэхээс үл шалтгаалан энэ үзэл санаа чинь бидний олонхийн ойлгож бодож байсан тэр төсөөлөл биш байна аа. Иймээс энэ үзэл санааг ашиглан манай улсад 22 жил хэрэгжүүлээд байгаа энэ бодлого, үйл ажиллагаа нь манай улсын, Монгол төрийн, манай ард түмний дийлэнхийн эрх ашгийн эсрэг байнаа гэдгийг л би хэлэх гээд байна. Иймээс бидэнд өөрсдөд маань тохирсон үндэстний монгол үзэл санаа л нэн чухал байна даа.

Ингэхэд та яагаад анхнаас нь улс төрөөр замнасангүй вэ? Улс төрөөс татгалзах учир шалтгаан байсан хэрэг үү?

Мэдээж хэрэг, би энэ үзэл санаанд эргэлзэж эхэлсэн, тэгээд ч улстөрөөр хоолоо олж идэх шаардлага надад байгаагүй. Богинохон хугацаанд хамт явсан ч бидний анх тавьж байсан зорилтуудаас олон зүйл дээр буцсныг би олж харсаан. Дараа нь би энэ бүхнийг гүнзгийрүүлэн судалсны үндсэн дээр ардчилал, чөлөөт зах зээл, хувийн өмчийн үзэл санаа нь манай нийгмийн олонхийн бодол төсөөллөөс шал ондоо зорилготой юм байна гэдгийг хувьдаа эрт дээр үед олж мэдсэн л дээ. Үүнийг банк санхүү, эдийн засгийн үүднээс нь судлахаар энэ нь улам баталгаатай болж ирсэн. Тийм учраас дахин хэлэхэд "ардчилал" гэдэг үзэл санааныхаа зөвхөн гоё сонсогдох нэр нь биш ээ, харин харийн энэ үзэл суртлын цаад агуулга нь, энэ суртлыг зүтгүүлж байгаа хүчний тавьж байгаа зорилго нь манай улс нийгмийн олонхийн төлөө байна уу, үгүй юү гэдгийг л бид олж харах ёстой гэж хэлэх гээд байна. Тийм учраас харийн энэ үзэл суртал бидний өнөөдрийн амьдралыг сүйтгээд зогсохгүй манай ирээдүй хойчийг үнэхээр бусниулж байгааг олж харах л хэрэгтэй байна даа. Их Дампуурлын 22 жилийг үдэх цэг тавих цаг болжээ. Нүдээ нээн харах юм бол манай улс нийгмийн амьдралын бүх тал дээр ноцтой байдал нэгэнт бүрэлдчихээд байгааг олж харахад хялбархан байнаа. Иймээс бидэнд Үндэстний Эрх Ашгийн үзэл санаа нэн чухал байнаа. Үүнийг л бид сануулахыг оролдож байгаа юм.

С.Энх Амар: Миний хувьд, МУИС-ийн түүхийн ангийг төгссөний хувьд аливаа түүхэн үйл явдалд төвийг баримталсан судлаач, ажиглагч, түүхийг тэмдэглээч, жирийн бичээч хүний хувьд оролцохыг хүссэн гэмээр юм уу даа. Тэр бүх үйл явдлуудаас аль болох хоцрохгүйг, аль аль талыг бодитойгоор харж ойлгохыг хичээдэг байсан юм шүү. Ер нь төвийг сахисан ажиглагч байна гэдэг тун зөв шийдэл гэж би ойлгодог. Яагаад гэвэл өөрөө алдаа нүгэл хийхгүйгээс гадна хамгийн гол нь бусдаар нүгэл хийлгэхгүй, тийм алхамд уриалан дуудахгүй, түүнд түлхэхгүй шүү дээ. Яахав хэн нэг нь чамайг "хар амиа бодлоо чи" гэж хэлвэл хэлнэ л биз. Ямар ч байсан хэн нэгний "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохгүй" л байгаа биз дээ? Өөрөөр хэлбэл бусдад хорлол хийхгүй гэсэн үг. Энэ чинь та бидний хүн болж төрсний гол утга учир шүү дээ. Би санаж байна. Ерээд онд оросуудын тухай бичсэн номоо гадаадын нэг судлаач за байз "Бусдыг жаргаах гээд өөрсдөө зовлонд унасан үндэстэн" гэсэн шүү нэрлэсэн байж билээ. Оюутан ахуйдаа нийгмийн сэтгэл зүй, социологийг жаал харсан юм уу даа, шинэ хөдөлгөөний бүтэц бүрэлдэхүүнийг анх сайтар ажиглахыг оролдсоон. Анхнаасаа нүдэнд туссан тааламжгүй зүйл бол хэтэрхий эрээвэр хураавар, улс төрийн хувьд шаардлагад нийцэхгүй тийм хүмүүс "гол дүрд" тоглоод ч байх шиг санагдаж билээ. Нэг үгээр хэлбэл "хэтэрхий хөнгөн жингийн бөхчүүд" зодоглох гээд байсан. Тэгээд ч зодоглосон чиг. Эргээд харахад хувь хүнийхээ хувьд нэлээд комплекстой цөөнгүй хүн өндөр авлаа. Тэднийг засардаг юм болов уу гэж нэлээд харсан ч харин чиг "намын бамбайн" доор орж аваад улам л эрчлэгддэг юм байна. За сая Н.Энхбаярыг баривчиллаа. Энэ үйл явцыг харахаар тэр Саддам Хуссейн, Муаммар Каддафи нарыг түлхэн унагасан жүжгийн жижигрүүлсэн хувилбар л яваад байна уу гэж бодсон шүү?

Каддафийн хувьд гэвэл Ливийн ард түмнийг түүхэндээ хүрч байгаагүй амьдралын өндөр стандартад хүргэсэн үндэстний удирдагч байсан шүү дээ. Мэдээж хэрэг, түүнд хачин зангууд, түүнийг үйлдсэн гэж байгаа “алдаанууд” бол байгаа байх. Гол нь Арабын социалист Ливи улс хөрөнгөжиж төр нь барууны корпорациуд, банкуудад л гэхэд хуримтлал энэ хөрөнгөнөөсөө 50 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулчихсан улс байлаа. Гэтэл дотроос нь хэдэн ухвар мөчид залуусыг төр улс үрүү нь турхирснаар тэнд эмх замбараагүй байдал үүсгээд гаднаас нь тэднээр далимдуулж "ардчилал" тогтоох нэрийн доор цэргийн хүч оруулсан шүү дээ… Одоо тэр их хөрөнгө оруулалтыг буцааж нэхэх төр улс гэж байхгүй болгосон тул энэ олон тэрбум долларын хөрөнгийг нь дайчлан хураан авч байгаагаа, бүх газрын тосыг нь хуваан авч байгаагаа барууны банкууд, компаниуд зарлаж эхэлсэн биз дээ. Каддафи төрийн хүний ёсоор ард түмнээ гаргуунд нь хаяж өгч зугтаж амиа хоохойлоогүй шүү. Харин Ливийн хууль ёсны Ерөнхийлөгчийг тэрхүү зэрлэг ухаангүй сүрэг залуусаар хороолгож байгааг дэлхийгээр нэг онлайнаар үзүүлээд баярлалдаад байгаа нь ер нь ямар ёс суртахуун бэ? Хэнд тэд юу сануулах гээд байна вэ? Эндээс дэлхий дахин ер нь хаашаа явж байна вэ?
Залуус гэдэг бол ихэнхдээ амьдралын туршлагагүй, хөнгөн хийсвэр, амархан элдэв “үгэнд” ордог, гэр бүлгүй бол бүүр ч ямарваа нэг хийж байгаа зүйлдээ хариуцлага хүлээдэггүй улсууд байдаг. Дээр нь өөрөө бодохоос илүүтэйгээр хэн нэгэн удирдагчийг дагаж хуйлардаг сэтгэл зүйн нэг онцлог байна л даа. Яг үүнийг нь л ашигласан хэрэг шүү дээ. Одоо түүнээс хойш тэнд харин жинхэнэ аймшигт үйл явдлууд өрнөж байгаа …

Тийм шүү. Залуу насны далавч нь, бас сүүдэр нь максимализм, оптимизм, критицизм, коллективизм, нигилизм байдаг хойно арга ч үгүй юм даа

Яг үнэн. Залуу хүн өөрийн гэсэн амьдралын зөв үзэл санаа хараахан тогтож амжаагүй байдаг тул арай жаахан хүчтэй, боломжтой нэгнийгээ дагадаг шүү дээ. Энэ өнцгөөс нь “Залуу нас гэдэг бол өдөр ирэх бүр улам багасаж байдаг нэг дутагдал юм” гэж хэлсэн нэг үг байдаг даа. Гэхдээ шүүн тунгааж эргэцүүлэн бодож өөрөө бие даан шийдвэр гаргаж сурсан залуус бас байдаг аа. Ийм улсууд л Монголын ирээдүй гэж бодож явдаг даа.
Хэн ч төөрөлдөж алдаж эндэж болно. Харин алдаж эндэж төөрөлдөж яваагаа ухаарч энэ алдаагаа засч байгаа ийм л хүн жинхэнэ хомо-сапиенс - Оюун ухаант Хүн шүү дээ. Үүнтэй холбоотой, "ганцхан үхэр л зуршлаа өөрчилдөггүй", эсвэл "Үхсэн хүнд л ухаарах тэгээд алдаагаа засах боломж байдаггүй" зэрэг мэргэн сургамжтай үгсүүд бусад ард түмнүүдэд бас байдаг.

Сүүлийн өдрүүдийн үйл явдлыг харж байхад Үндсэн хуулинд "Монгол улсын газрын хэвлийд байгаа баялаг Монголын ард түмний өмч мөөн" гэж заачихсан байхад өөр гадаадын эрхмүүд тэрбум тэрбум доллараар хоорондоо заралцаад л гүйж явах юм даа?

Хамгийн аймшигтай нь энэ бүх адал балмад явдлууд болж байхад Монголын нийгмийн оюун санаа энэ бүхнийг хүлцэнгүй хүлээж авах тийм зүйлсийг л хийгээд байгаад улсууд бас байнаа. Монголчууд хэлдэг дээ, хамгийн том нүгэл юу вэ гэж. Энэ бол сэтгэлээр хийсэн нүгэл шүү дээ. Хүний итгэл сэтгэлийг хуурч мэхэлж оюун санааг хордуулж байгаа нүгэл бол хамгийн хүнд нүгэл гэж үздэг шүү дээ. Гэсэн хэдий ч зарим хүмүүс сэрж эргэн тойрноо харж эхэлсэн нь ажиглагдаж байгаа.

Ерэн онд ч ажиглагдаж байлаа, одоо ч хэвээрээ л байна. Юу гэвэл тэр үед ч, одоо ч хэн гудамж талбайд гарч жагсаж байна? Нөгөө л ядуус ардууд маань. Харин манай сэхээтнүүд, нөгөө цагаан захтнууд, үндэстний баялаг шахам өөрсдийгөө өргөмжиллдөг алдартай зохиолчид, найрагчид, найруулагч, жүжигчид, бусад алдартнууд хаа явнаа? Энэ ямар гээчийн үзэгдэл вэ?

Би энэ тухай юу хэлж чадах вэ дээ, тэднээс л асуу. Ер нь бол бид нар нэг зүйлийг л байнга толгойдоо барьж байх ёстой гэж боддог. Бидний амьдралд, манай нийгэмд тулгараад байгаа хамгийн гол асуудлууд маань юу вэ гэдгийг? Гэтэл жижиг сачиг асуудлуудаас болоод том асуудлуудаа анхаарлын гадна орхиж болохгүй юм. Бас сайхан үг яриа сонсоод цаддагаа, хоосон гэдсээ илдэгээ болимоор юм. Үүнийг зөвхөн сэтгэл зүйн засал гэдэг юм шүү. Үүнийг зальтай “далдыг харагчид” л хийдэг биз дээ. Хэсэгхэн хугацааны дараа дахид л “гэдэс” хонхолзож эхэлнэ шүү дээ.

Тэр үеийн ардчилагчид, ардчиллын алтан хараацай нарт хандаж юу хэлэх вэ?

Энэ ардчилал гэдэг үзэл санаа маань бидний анх ойлгож төсөөлж байсан тийм агуулгатай, зорилготой эд биш байна шүү гэдгийг ухаарч үүнийг эргэн харах цаг нь болжээ. Одоо бол бидний тархи оюун санаанд харийн хүмүүс зориуд суулгаж өгсөн энэ үзэл санааг бид өөрсдийнхөө үзэл санаа гэж ойлгож эндүүрээд явж байгаагаа эргэн харах цаг болжээ л гэж хэлмээр байна. Тэд хүний сэтгэхүй, сэтгэцийн онцлогийг шинжлэх ухааны түвшинд анх таньж мэдсэн, үүнийгээ маш чадварлаг ашиглаж манипуляциа хийдэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
Бас У.Черчилл “Дундаж нэг сонгогчтой 5 минут ярилцахад л ийм ардчиллын эсрэг байх тэр гол шалтгаан гарч ирдэг” гэж хэлсэн байдгийг санахад бас илүүдэхгүй буй заа. Өөр нэг, ардчиллын тухай хэлсэн үгийг зориуд гуйвуулж орчуулж тараасан мөртлөө энэ мэт олон сургамжтай үгсийг нь зориуд орхисон байдаг...
Бидэнд одоо Монголын нийгмийн олонхийн туйлын тэр хүсэл эрмэлзлэлийг дээдэлсэн Үндэстний Эрх Ашгийн Үзэл Санаа хэрэгтэй байна даа.

МоАХ-ноос Монголын ард түмэнд үлдээж байгаа түүхэн сургамж юу вэ?

Түүхэн сургамж бол харийн үзэл санаа, зарчим дээр тулгуурласан Үндэстний Эрх Ашиг гэж байх боломжгүй юм.

Эцэст нь ирэх сонгуулийн тухайд юу хэлэх вэ?

Сонгуулийн тухайд бол “Аливаа нэг зүйлийг зөвхөн нэг л янзаар дахин дахин бүүр дахин дахин хийгээд байгаа мөртлөө өөр үр дүнг хүлээж сууна гэдэг бол адгийн тэнэгийн ажил” гэж нэг ухаантан хэлсэн байдаг нь л санаанд орж байна. Энэ бол бидэнд бүгдэд нь хамаатай үг юм даа.

                                               Хөөрөлдсөн С.Энх-Амар