Thursday, May 5, 2011

ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН БУЮУ “ЧИНГИСИЙН ГӨЛӨГ”-НҮҮД

1934 оны 11 сарын 24-ний үдэш Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд нэгэн зоог болжээ. Зоогонд И.Сталин, К.Е.Ворошилов, В.М.Молотов тэргүүтэй ЗХУ-ын удирдагчид, Монголын талаас П.Гэндэн тэргүүтэй хүмүүс оролцож. Зоог дээр И.Сталин, П.Гэндэн нар харилцан бие биенийхээ эрүүл мэнд болон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хундага өргөжээ. И.Сталин хундага өргөхдөө “...хэрэв та нар унтах юм бол Япон та нарыг бут цохино. Монголын ван, ноѐд Японыг эсэргүүцэж байна. Гэхдээ энэ эсэргүүцэл нь сул байна. Ван, ноѐдын тийм сул эсэргүүцэл ашиг өгөхгүй. Бид энэ хундагыг эсэргүүцэж чадах, тэмцэж чадах тийм Монголчуудын төлөө хундага өргөе.” гэв. Яг энэ мөчид П.Гэндэн “Ура” хэмээн хашхирчээ. Тэгэхэд нь И.Сталин “Ура” хашхирах амархан, ажил хэрэг дээрээ Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй... энэ хундагыг эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол орны төлөө өргөе” гэжээ. Хариуд нь Гэндэн түрүүнд өөрийнх нь төлөө нэгэнт хундага өргөчихсөн учраас И.Сталинг алгасаад В.М.Молотов, К.Е.Ворошилов, Г.Я.Сокольников болон бусад хүмүүсийн төлөө хундага өргөснөө, 100 мянган рублийг тооцооноос хасаж өөрөөр хэлбэл ЗХУ-д төлөх Монголын өрийг устгахыг санаачлагч, угсаа нэгтэн бөгөөд шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж. З. Элиавагийн төлөө хэмээн онцлон хундагатайгаа тогтоожээ. Тэгмэгц И.Сталин инээмсэглэж “Чингис хааны цэргийн жанжин Зэв Гүрж нутгаар өнгөрөхдөө гүрж айлын гэрт буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог бол одоо Элиавдун болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг” хэмээн хэлэв. Энэ хундага өргөлтийн ар дахь далд утгатай үгсийн учрыг тайлбарлах нэг их шаардлагагүй болов уу. Чухам эндээс Гэндэнгийн Сталинтай тэрсэлдэж эхэлсэн тухай бидний
үед хүрч ирсэн домог эхэлдэг юм. Сталиныг ингэж хэлмэгц П.Гэндэн “Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм” гэж хэлсэн гэдэг. Харамсалтай нь энэ үг хамт байсан хүмүүсийн дурсамж ярианд л яригддаг болохоос биш, албан ѐсны уулзалтын протоколд үлдсэнгүй. Дараа нь тэд “Чапаев” кино үзжээ. Киноны үеэр И.Сталин, П.Гэндэнд Чапаев нойрноос болж ялагдсан тухай хэлээд өнөөгийн монголын байдал, тусгаар тогтнолтой холбон ярьж монголчууд олсон амжилтдаа тайвширч болохгүй, Хэрэв та нар унтах юм бол Япон мэт хүчирхэг дайсантай хийх тэмцэлд зайлшгүй ялагдана . . . танай арми нэг дивизээс хэтрэхгүй байна. Япончууд нэг морин дивизийг мото механикжсан хэсэг, нисэх онгоцоор дэмжүүлэн илгээхэд Улаанбаатарыг эзлээд авна. Үүн дээр нэмж хэлэхэд танай цэрэг дайн туулаагүй. Танай цэргийн хагас нь Япончуудад сайн дураар бууж өгч магадгүй. Хэдэн хувь нь урвагчид байх бол?!” хэмээн асуужээ. “Хэдэн хувь нь” энд би дахин онцлоѐ. “Хэдэн хувь нь урвагчид байх бол?! Гэндэн урвагчид гарахгүй гэхэд О.Дашчирав маш бага хувь гарна” хэмээн үг алдахад Я.В.Щеко- “Командын бүрэлдэхүүнээс сайн дураараа бууж өгөх хүмүүс бий” хэмээн бас нэг үг алдав. Энэ яриа цаашлаад Монголд үзүүлэх ЗХУ-ын техник, хүн хүчний тусламжийн тухай яриа болон өрнөж эцэстээ “Олон улсын харилцаа харилцан туслалцах гэрээ хэмээх зүйл байдаг. Түүний дагуу гэрээ байгуулсан улсууд гадны довтолгооны үед бие биедээ тусалдаг юм. Тийм баримт ЗСБНХУ ба Францын хооронд байж болох юм. Хэрэв Герман Францад довтолбол ЗХУ Францад туслана. Герман ЗХУ-д довтолбол Франц ЗХУ-д туслана. Хэрэв тусламж хүсэж байвал тодорхой тохиролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол хожимдоно” гэсэн И.Сталины үгээр өндөрлөжээ. П.Гэндэн чухам энэ үеэс л өөрийгөө ЗХУ-ын удирдлагын өмнө хувь хүний хувьд хэн болох, монгол улсын удирдагчийн хувьд хэн болохоо улс төрч хүний хувьд ойлгон ухаарч эхэлсэн болов уу гэж хожмын өрнөсөн үйл явдлуудтай уялдуулан дүгнэж үзэхэд өөрийн эрхгүй бодогддог юм. Ганц өдөр хүний үзэл бодол, үйл хөдлөл, ер юм бүхэн 100 хувь өөрчлөхгүй л дээ. Энд би улс төрч хүний оюуны задралыг хэлж байгаа юм. Чухам яг энэ үеэс П.Гэндэнгийн өмнө ЗХУ-ын удирдагчдыг үг дуугүй аялдан дагах уу, үндэсний язгуур эрх ашгаа эрхэм болгож өөрийн үзлээр явах уу гэдэг аль ч үеийн улс төрч, төрийн тэргүүнүүдийн өмнө тавигддаг ацан асуулт тулгарсан юм. Гэндэн 3 дахь замыг олж сонгосон. П.Гэндэн Монголын улс төрийн амьдралд хөл тавьснаасаа хойш яг 10 дахь жилийнхээ нүүрэн дээр И.Сталины багийнхантай энэхүү хүнд хэцүү, алсдаа Монгол улсын хувь заяанд туйлын чухал нөлөө үзүүлэх яриа өрнүүлжээ. Төр улсын төлөө зүтгэхдээ түүнд алдсан ч юм бий, оносон ч юм бий. Цаг үеийн мөн чанарыг таньж мэдэх улс төрийн цараа, хараа дутсанаас Ц.Дамбадорж, Ж.Цэвээн, Н.Жадамба нартай албан тушаал, эрх мэдлийн дайн хийж, түүнийгээ коминтернд ашиглуулан төр улсдаа тус биш ус хийж, эрх мэдэл, нэр нүүрээ бодож нөлөөгөө алдахгүй бэхжүүлэх санаа өвөрлөн гадны зохион байгуулсан нугалаа завхрал, нууц хуйвалдааны гар хөл болж ижил нөхдөө егүүтгэн явсан бараан намтар түүнд бий. Тэр угаас ам хэл түргэн, үг яриа хурц, омголон цочмог нэгэн байж. Нөгөө талаар олсон боловсрол бага ч хар ухаан сайтай, түргэн гүйлгээ сэтгэдэг удирдан зохион байгуулах байгалийн авьяастай хүн байжээ. Энэ бүх шинж чанарууд нь монголын нам, төрийн томоохон албан тушаалд байх бүхий л үеийнх нь турш сайн муугаар илрэн гарч байлаа. Гэвч тэрээр алдахынхаа хэрээр ухаажсан хүн юм. ЗХУ-ын хэтэрхий өргөн фронтоор хүч түрэн орж ирж буй нөлөө, тулгалтын эсрэг боломжийнхоо хэрээр тэмцэхийг оролдсон ч өдөр ирэх бүр их гүрний шинжийг олж буй хүчирхэг улсын улс төрийн бодлогын өмнө хүчин мөхөсдөв. Хорсон бачимдахдаа мөнөөх цочмог омголон зангаараа дургүйцлээ илэрхийлэн, ЗХУ-ыг “Улаан империализм” хэмээж, Сталинд халамцуухан голдуудаа чанга үг хэлэх болжээ. Түүний улс орынхоо бие даасан эрх мэдлийн төлөө бачимдан тэмцэхдээ ийм алхам хийж дээ хэмээн бахархан бодож болох боловч улс төрч хүнийх нь хувьд авч үзвэл туйлын бодлогогүй, болчимгүй алхам байлаа. Нэг талаар өөрийгөө зольж, зориг гаргасан ч нөгөө талаар монголын төрийн удирдлагын зоригийг мохоож, хүчийг сулруулан эвийг эвдэх боломжийг ЗХУ-ын удирдлагуудад олгосон юм. Дуулгаваргүй, өөрийнхөө бодсоноор байх гээд байвал П.Гэндэн шиг болно шүү, тэр ердөө л Чингис овогтой “гөлөг” гэдгийг И.Сталин, П.Гэндэнгийн дараах монголын төрийн удирдлагад сайтар ойлгуулсан юм. Ер нь Гэндэнг монголын төрийн удирдлагаас шахан зайлуулах ажил явуулга Л.М.Караханыг Москвад очсон үеэс эхлэн Кремльд бэлтгэгдэж эхэлсэн бөгөөд тэрээр П.Гэндэнгийн тухай янз бүрийн шугамаар цуглуулсан хэд хэдэн мэдээллийг өвөрлөн очсон юм. Тухайн үед ЗХУ-ын хувьд олон улсын гадаад байдалтай холбогдон Монголд шинэ дэг журам тогтоох, шинэ удирдагч томилох шаардлага гараад байлаа. Шинэ дэг журам нь ЗХУ-ын Улс төрийн бодлогын чиг шугамыг үг дуугүй аялдан дагах, шинэ удирдагч нь түүнийг үг дуугүй хэрэгжүүлэгч байх ѐстой. Энэ нь 1934 оны 10 сарын 21-нээс 12 сарын 02, 1935 оны 12 сарын 30-наас 1936 оны 1 сарын 7-нд монгол, зөвлөлтийн удирдагчдын уулзсан олон удаагийн уулзалт ярилцлагууд дээрх ЗХУ-ын удирдлагын байр сууриар тун тодорхой илрэн гарч байв. Чухам энэ үеэс Зөвлөлтийн сталинч удирдлага Монголын удирдагчдад илт дарамт үзүүлэх болж хоѐр улсын харилцааны улс төрийн хэлбэр төдий тэнцвэрт харилцааг бүрмөсөн устгаж, монгол улсыг өөрийн зөвхөн нөлөөний хүрээний нутаг биш бүр дагуул, бамбай улс болгох алхамд нэг мөр шилжин орсон юм. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд нь Сталинчуудад Монгол улсын Засгийн газрын тэргүүн Гэндэнгийн улс төрийн бие даасан байдал, үзэл бодол, үйл ажиллагаа саад болж, тэдэнд таалагдахгүй хүмүүсийн жагсаалтад эн түрүүнд оров. Гэндэн ямар үйлдлээрээ тэдэнд үл таалагдав. Юуны өмнө Гэндэн монгол улсын тэргүүн, удирдагч гэдгээ эрхэмлэн үзэж ард түмний дунд нэр хүндтэй байдгаа мэдэрдэг, тэр ч үүднээсээ зөвлөлтийн элдэв шахалт тулгалттай санал зөрөлдөн, хэр хэмжээндээ эсэргүүцэж байлаа. Хэдэн жишээ дурдья. Монголд суугаа Зөвлөлтийн Бүрэн эрхт төлөөлөгчөөс Москва руу илгээсэн нэгэн мэдээлэлд П.Гэндэн Зөвлөлтийн дипломатчтай ярилцаж байхдаа “Бид ЗСБНХУ- ыг Зөвлөлтийн өөрийнх нь болон мөн дэлхийн хувьсгалынх нь төлөө биш харин манай үндэсний тусгаар тогтнолыг хэлбэрэлтгүй бэхжүүлэх үүднээс л түшин тулж байгаа юм” гэлээ хэмээн бичсэн байдаг. Зүүний нугалааны дараа буюу шинэ эргэлтийн бодлого эхэлсэн, “Лхүмбийн хэрэг” мандсан, Гэндэн засгийн эрхэнд гарсан үеэс Монголд Зөвлөлтийн нөлөө өсөх
үйл явцыг сааруулах оролдлого хийгдэж эхэлсэн нь ажиглагддаг. Энэ нь юуны өмнө монголд
ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч нарыг цөөлөх явдлаар илэрсэн гэж хэлж болно.
Зөвлөлтийн сургагч мэргэжилтнүүдийг цомхотгох, ажил дээрээ үлдсэн сургагч мэргэжилтнүүдийг албан тушаалдаа тэнцэх эсэхийг нь шалгах, түүнчлэн мэргэжилтнүүдийн
оронд монголчуудыг томилох арга хэмжээг нягтлан шалгах үүрэг бүхий комисс байгуулж
түүгээр үл барам удирдлагын дунд болон зарим дээд шатны албан тушаалыг “монголчлох”
оролдлого хийв. ЗХУ-аас Монголд суугаа бүрэн эрхт төлөөлөгч С.Е. Чуцкаевч монголд ажиллаж буй сургагч ажилтнуудын бэлтгэл муутай, үл тохирох хүмүүс байгааг олон тооны баримтаар дурдан нотлож, энэ нь монгол дахь ЗХУ-ын бодлогод хор хохирол учруулж байгааг Зөвлөлтийн
удирдлагад анхааруулжээ. 1933 оноос Монценкооп, Монголтрансс, Монгол банк болон Мал тариалангийн яам зэргээс олон тооны сургагч, ажилтнууд эгүүлж татагджээ. (1933 оны эцсийн байдлаар Монголд 4000 гаруй оросын албан хаагч, сургагч нар байжээ.) Мөн энэ үеэс экспорт, импортын худалдааг дан ганц ЗХУ-тай хийж байгааг эргэн харах асуудал ч яригдаж эхэлсэн байна. Энд би П.Гэндэнд холбогдох хоѐр баримтыг сонгон авч түүн дээр үндэслэн 1935-1937 онд П.Гэндэнгийн эргэн тойронд болсон үйл явдлыг өгүүлэхийг оролдьѐ. 1935 онд ЗХУ-аас БНМАУ-д суух бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон В.Х.Тайров, (БХК(б)Н-ын ТХ-ны онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн үүргийг хавсарсан) П.Гэндэнг шууд л албан тушаалаас нь зайлуулах улмаар ЗХУ-д аваачиж тэнд нь үлдээх санал шаардлагуудыг тавих болжээ. 1935 оны 10-р сард дээрх саналаа Монголын комисст дахин тавихад, комисс П.Гэндэнг ерөнхий сайдаас зайлуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. В.Х.Тайров 1935 оны 9 сард ЗСБНХУ-ын ГХАК-т бичсэн захидалдаа “Гэндэн шууд урвахаар бэлтгэн зөвлөлтийн эсрэг санаа сэтгэлийг өдөөхөд чиглэсэн ухамсартай тооцоолсон бодлого явуулж байна” гэсэн бөгөөд К.Воршиловт бичсэн захидалдаа түүнийг (Гэндэнг) Чан-Кайшитай адилтгасан байна. Харин С.Е.Чуцкаев монголын нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж П.Гэндэнгийн байр суурийг сайтар гадарладаг хүний хувьд 1935 оны 10 сарын 28-нд “маш нууц”-ын зэрэглэлтэй дэлгэрэнгүй захидлыг И.Сталинд бичсэн байна. Тэрээр захидалдаа “Тайров ... маргашгүй, бодитой үнэн зөв мэдээ баримт гаргаж ирэхгүй байна. Тэр П.Гэндэнгийн “зөвлөлтийн эсрэг” хэлсэн зүйлийг Монголын бусад ажилтнуудын өөрт нь дамжуулсан яриа хөөрөө, дам сургаар багцаалж байна. Тэгэхдээ тэрхүү ярьж хэлж байгаа хүнийх нь өчүүхэн явцуу ашиг хонжоо харсан шалтгаан болоод дотоод агуулгыг нь шүүн тунгаасангүй... Гэндэн бидэнтэй эцсээ хүртэл явахгүй гэдгийг би үгүйсгэхгүй. Хэрэв япончууд монголд орж ирвэл тэрээр тэдэнтэй нийлнэ гэж хувийн яриандаа хэлж чадахыг, тэр ч бүү хэл ингэнэ гэдгийг үгүйсгэхгүй боловч... Гэндэн бодож тооцоолсон, ухамсартай өдөөн хатгалга явуулж, урван тэрслэхээр бэлтгэж байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй...БНМАУ-ын тусгаар тогтнолын үзэл санааг баримталдаг, шинэ эргэлтийн бодлогын туйлын үнэ цэнтэйд итгэлтэй байдаг болон Монголын бие даасан байдалд халдахгүй гэсэн ЗСБНХУ-ын удирдлагын эргэлзээгүй хүслийг хүлээн зөвшөөрдөг хэр нь Гэндэн нь заримдаа ийм итгэл үнэмшилд харшлах санаа бодол илэрхийлэх, тэр ч бүү хэл тийм шийдвэр гаргаж чадах хүн. Иймд түүнтэй тэвчээртэй, нөхөрсөгөөр хандаж ажиллахыг шаардана. Тайров тэгж чадахгүй байна... Гэндэн өөрийгөө үнэлж мэддэг, өөрийгөө ард олны цорын ганц удирдагч гэж үздэг (энэ нь үндэсгүй ч юм биш), ба сохор бүдүүлгээр буюу сайтар бодож тунгаагаагүй шүүмжлэлийг өөрийнх нь эрх мэдэлд шууд халдаж байна гэж үздэгээс бүр илүү ойлгомжтой болж байна. Эрх мэдлээ хамгаалахын тулд тэрээр их хол явах хүн. Гагцхүү ЗСБНХУ-ыг тулж түшсэн нөхцөлд тэрээр БНМАУ-ын эзэн байна гэдгээ эргэлзээгүй ойлгож мэддэг... Тайров, Гэндэнг халах нь ердийн зохион байгуулалтын ажил гэж үзэж байна... Энд Тайровын бас нэг төөрөгдөл харагдаж байна. ... Гэндэн ардуудын амьдралд гүнзгий орсон ба түүнийг авч хаях, ялангуяа хэт яаравчлах нь улс төрийн том хэрэг явдлыг бий болгоно. 1 дүгээрт: - Засгийн газрын даргыг халахад БНМАУ- ын тусгаар тогтнол зөрчигдөхгүй гэж цөөн тооны идэвхтэн төлөөлөгчдийг итгүүлэхэд бэрх, 2 дугаарт: - Энэ үйл явдлыг өргөн олон ардууд чухам юу гэж үзэх, тэр ч бүү хэл лам нар ч энэ үйл явдлыг ЗСБНХУ-ын эсрэг ухуулга хийхдээ ашиглах боломжтой болно... Гэндэнг хэтэрхий яаран улс төрийн хувьд бэлтгэлгүйгээр халах буюу Монголд энэ тухай хэтэрхий их яриа гарах нь эсрэгээр улс төрийн хувьд ялангуяа одоо ихээхэн аюултай гэж би үзэж байна” гэжээ.
Захидлыг И.Сталин хүлээн авсан байна. Дараа нь С.Е. Чуцкаев П.Гэндэнг ЗХУ-д Дэмидийн
хамт ирэхэд нь буюу 1935 оны 12 сарын 12-ны 17 цагт “Националь” зочид буудалд ганцаарчлан
уулзжээ. Уулзалт дээр С.Е.Чуцкаев П.Гэндэнд ерөнхийдөө аядуу байхыг, засгийн ажлаа орхиод
намын ажилд шилжин ажиллавал зүгээр гэдгийг битүүгээр хэлжээ. Гэндэн түүнийг бүрэн
ойлгосон эсэх нь бүү мэд. Гэндэнтэй уулзсаны дараа С.Е.Чуцкаев Г.Дэмидийг уулзах шаардлагатай байна гэж хэд хэд хүссэнийх нь дагуу 1935 оны 12 сарын 20-ны орой гэртээ уулзжээ. Уулзалтын үед голчлон Г.Дэмид ярьжээ. С.Е.Чуцкаев өөрөө товчхон ярьж асуулт тавьж байсан бөгөөд Г.Дэмидийн ярианы гол сэдэв нь П.Гэндэнг буруутган муушаахад чиглэжээ. Ер нь Г.Дэмид 1934 оноос зөвлөлтийн удирдах болон төлөөний хүмүүст МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчдийн үзэл бодлын болон үйл ажиллагааны талаар их ярих болсон бөгөөд ярихдаа ТХ-ны 11 тэргүүлэгчийг гурвал (тройка), наймуул (восмерка) гэж 2 хуваан тройкад Гэндэн, Мэнд, Намсрайг оруулж восмеркад нь өөрийгөө болон Б.Элдэв-Очир, Д.Лувсаншарав, Х.Чойбалсан, А.Амар, Д.Яндаг, О.Дашчирав, Х.Лувсандорж нарыг нэрлэж восмерка дотор бас нааш цааш явдалтай хүмүүс бий гэдгийг ч хэлдэг байжээ. Одоо Г.Дэмидийн, С.Е.Чуцкаевт хандан ярьсан ярианаас товчхон та бүхэнд толилуулъя. “Халхын сүмийн мөргөлдөөн, Япон-Манжуурын түрэмгий санаархлын дараа Япончууд гүнзгий давшсан үед яах вэ? гэсэн яриа удирдагчдын дунд үүссэн. Тэгэхэд Гэндэн өвчтэй хүний нь хувьд Элдэв-Очирыг ЗХУ-руу дүрвүүлэхийг санал болгож, ТХ-ны бусад тэргүүлэгчид ч мөн адил Холбоот Улсад явах болно гэсэн санал гаргаад өөрийн тухайд Монголоос хаашаа ч явахгүй, харин ч үлдэж япончуудтай ажиллах болно гэсэн. Энэ нь найман гишүүний (восмерка) зэвүүг хүргэж тэднийг Гэндэнгийн эсрэг сонор сэрэмжтэй байх болгосон... Манжуур станц руу Японтой хэлэлцээ хийх төлөөлөгчдийг явуулахдаа зөөлөндүү байхыг Самбууд зөвлөж, ямар нэгэн маргаан ЗХУ болон Япончуудын хоорондын харилцаагаар шийдэгдэх асуудал гарсан үед манжуурынхтай дайсагналцах явдлыг өдөөн турхирах нь монголчуудын хувьд утгагүй гэсэн, ... Улаанбаатарт өөрийн төлөөлөгчдийн газраа байгуулах гэсэн япончуудын шаардлагад буулт хийхийг санал болгосон... Гэндэн нэг хязгаараас нөгөө рүү тасралтгүй тэвдэн цовхчиж байгаа нь удирдлагын олонхийн өмнө “энэ чинь юун хүн бэ” хэмээн харагдаж тэрээр ажил удирдаж чадахгүй нь бүгдэд маш тодорхой боллоо гэхэд нь С.Е.Чуцкаев: -Гэндэн бүх талаар гуйвж байгаа боловч ардуудын дунд ихээхэн нэр хүндтэйг нь харгалзвал өөрийгөө тойруулан удирдлагыг нэгтгэх чадвартай цорын ганц хүн гэж үзэж байна гэхэд Дэмид – татгалзаж байгаагаа илэрхийлээд түүнээс доргүй нэр хүндтэй хүн бол Чойбалсан, түүний тойронд удирдлага гарцаагүй нэгдэж болох юм гээд үүнээс үндэслэн ТХ-ны олонхи болсон бид одоо үед зохион байгуулалтын асуудал тавих хэрэгтэй юм гээд энэ бол найман нөхдийн нэгдсэн санал, тэд танд болон Элиава мөн зөвлөлтийн бусад нөхдөд уламжлахыг хүссэн юм гэхэд нь Чуцкаев –Амар мөн ийм саналтай байна уу? хэмээн асуухад нь Дэмид – Амар энэ асуудлаар шууд юм хэлээгүй боловч тэрээр Гэндэнг монголын ард түмний хувь заяаны тухай боддоггүй, сэтгэл зовнидоггүй, харин гагцхүү өөрийн хувийн сонирхлоор амьдарч буй хүн гэж тодорхойлсон ... гэхэд нь Чуцкаев - ... Үдийн зоог дээр зөвлөлтийн нөхдүүд намайг ЗХУ-аас урвасан гэж сэжиглэж байгааг би мэдэж байна хэмээн Гэндэн мэдэгдсэнийг юу гэж бодож байна гэж Дэмидээс асуухад – Гэндэн асуудлыг халамцуугаар хатуухан тавихын тулд үдийн зоог дээр ахиухан ууна гэж надад ярьсан гээд ... бүр Улаанбаатараас явахын өмнө Гэндэн намайг ЗХУ-д удаан хугацаагаар саатуулах төлөвтэй тул надтай адилхан эхнэр хүүгээ авч явахыг зөвлөсөн, мөн Дэмид Лхүмбийн хэргийг том, зөв хэрэг гэж үздэгээ хэлж харин энэ хэрэгт Гэндэн Намсрай нар холбогдолгүй олон хүмүүсийг хутгалдуулсан гэжээ. ДХГ Гэндэнгийн бүрэн мэдэлд байдаг тэрээр Намсрайгаар хүссэнээ хийлгэдэг хэмээн ярьжээ. Эцэст нь лам нарын асуудлаар их л олон зүйл хэлж, Гэндэн лам нартай тэмцэл явуулахыг хүсэхгүй байна”гэжээ. Тэрээр энэ ярианы тэмдэглэлийг Б.С.Стомоняковт маргааш нь хүргүүлсэн бөгөөд түүний ярилцлагыг дүгнэсэн дүгнэлт нь туйлын сонин байдаг. Тэрээр “... Энэ яриа Улаанбаатарын захидалтай харьцуулахад шинэ зүйл алга. Зохион байгуулалтын дүгнэлт хийж буй нь сонин юм. Харин энэ яриа Улаанбаатарын захидлын мэдээллийн эх үүсвэрийг, мэдээлэгч болон түүний зохиогчдыг, зарим харилцан үйлчлэлийг илрүүлж байна. Хоѐрдугаарт ямар ч наймуул, гурвал тэргүүлэгчдийн дунд байхгүй нь илэрхий харагдаж байгаа нь чухал. Амар, Дэмидийн бүлэгтэй эв санааны нэгдэлгүй бололтой. Долоогийнхонд бүрэн тохиролцоо алга. Дэмидийн ярьсан энэ бүх зүйл Дэмид, Элдэв-Очир, Лувсаншарав нарын ярианы бүтээгдэхүүн мөн” гэжээ. Сталин энд яригдсан бүх зүйлийг Гэндэнд тулган асууж хариуд нь –Гэндэн, миний тухай хэн ингэж ярьдаг байнаа гээд гайхаад байдгийн, 1936 оны 3-р сард Гэндэнг нам, төрийн бүх албан тушаалаас нь зайлуулж ЗХУ-д цөлсний учир энд л байгаа болов уу? Эндээс бид хэд хэдэн гаргалгаа хийж болно.
1. П.Гэндэн ерөнхий сайд болмогцоо бие даасан, үндэсний онцлогоо харгалзсан бодлого
явуулж эхэлжээ. Үүнд нь зүүний нугалаа, 1932 оны ардын зэвсэгт бослого түүний улмаас авч
хэрэгжүүлж эхэлсэн шинэ эргэлтийн бодлого болон тухайн үеийн дотоод улс төр, эдийн засгийн байдал нөлөөлсөн байна. 2. Монголын нам, төрийн удирдлага дотор зөвлөлтийн удирдлагад таалагдах, өөрсдийн байр суурийг бэхжүүлэх явцуу эрх ашгийг урьдал болгосон хуваагдал үүссэн байна. Энэ нь Зөвлөлтийн удирдлагад монголын удирдагчдын үзэл бодол, үйл ажиллагаа, зан чанарын талаар чөлөөтэй мэдээлэл олж авах үүд хаалгыг нээж улмаар дуртай зүгтээ чиглүүлэн удирдаж байх боломжийг олгожээ. 3. Зөвлөлтийн удирдлага өөрийн бүрэн эрхт төлөөлөгч, сургагч, зөвлөхүүдээр дамжуулан монголын улс төр, аж ахуйн үйл ажиллагааны шийдвэр гаргах эрх мэдлийг 1929 оноос үндсэндээ гартаа авч эхлээд байсан бөгөөд энэ нь Гэндэнгийн засаглалын үед хумигдаж эхэлсэн нь Зөвлөлтийн удирдлагын зүгээс П.Гэндэнд сөрөг хандах уур амьсгалыг бүрдүүлсэн. 4. Монголын гадаад улс төрийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж монголын Дорнод хилтэй шууд залгаа Японы ивээл дорхи Манж Го хэмээх тоглоомын улс байгуулагдсан ба ЗХУ энэ үед Манжуураас бүрэн шахагдаж стратегийн онцгой ач холбогдолтой бүсийн хувьд Алс дорнодод зөвхөн БНМАУ-тай л үлдээд байв. Түүнчлэн японы нөлөө Манжуур төдийгүй Өвөрмонголд хүчтэй болж Баргын автономит мужийг Манж Го улсын бүрэлдэхүүнд байгуулав. Ийм нөхцөлд 1935 оны 5-р сард Манжуур өртөөнд БНМАУ, Манж Го-гийн хооронд эхэлсэн хэлэлцээрийн үед П.Гэндэнгийн баримталсан байр суурь зөвлөлтийн удирдлагад огт таалагдсангүй. 5. Монголын дотоод, гадаад улс төрийн нөхцөл байдалтай уялдан лам нарын асуудлыг шийдвэрлэх, цэрэг батлан хамгаалахын хүч чадлыг бэхжүүлэх, зөвлөлтийн цэргийг монголын нутаг дэвсгэр дээр байршуулах зэрэг асуудлаар П.Гэндэн, А.Амар нарын болгоомжлон цэнэсэн байр суурь зөвлөлтийн удирдлагын монголд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн улс төр, үзэл суртал, цэрэг стратегийн бодлого үйл ажиллагаатай зөрчилдөж улмаар тэднийг албан тушаалаас нь зайлуулах, алж устгах хүртэл арга хэмжээ авахад хүргэсэн байна. П.Гэндэнг 1936 оны 3 сарын 22-нд Монголын нам, төрийн удирдлагаас зайлуулсныг бид мэднэ. Зөвлөлтийн удирдлага П.Гэндэнг зайлуулахдаа В.Х.Тайровын саналыг хүлээн авч харин С.Е.Чуцкаевын сануулга, зөвлөгөөг хэрэгссэнгүй. И.Сталин 1936 оны 3 сарын 19-нд БХК(б)Н-ын ТХ-ны Улс төрийн товчооны 38 дугаар хурлаас гарсан шийдвэрийг В.Х.Тайровт явуулжээ. Уг цахилгаанд “...-Гэндэнг огцруулах, түүний хүсэлтээр өвчний учир авч хаясан болон түүний алдааны тухай мэдээ хэвлүүлэхгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх, ийм зүйл нийтлүүлэх нь ... Гэндэнгээр төлөөлүүлсэн ноцтой урсгал Монголд байсан, Гэндэнг Москвад байхад БНМАУ ба ЗХУ-ын засгийн газар хооронд улс төрийн ямар нэг санал зөрөлдөөн илэрсэн мэт хувилбар зохиох бололцоо Япончуудад олгоно гэдгийг сануулах ... Гэндэнг Төв хорооноос гаргасан тухай дүгнэлтийг түүний алдааг тайлбарлахгүйгээр хийх боломжгүй юм. Түүнээс гадна П.Гэндэнг ТХ-ноос гаргасан тухай дүгнэлт болон түүний алдааг хэвлэн нийтлүүлэх нь түүнийг Москвад бүрэн эрхт төлөөлөгчөөр томилох боломжгүй болно. Иймд Гэндэнг Москвад томилох учир ТХ-ны тэргүүлэгчид үлдээхийг ТХ-нд зөвлөгтүн” гэжээ.
Эндээс харахад П.Гэндэнг төрийн удирдлагаас зайлуулж, ТХ-ны тэргүүлэгч хэвээр нь үлдээн ЗХУ-д БНМАУ-аас суух бүрэн эрхт төлөөлөгчөөр томилохоор төлөвлөж байсан бололтой. (Д.Намсрайг Тувад бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон билээ) Гэвч үйл явдлын цаашдын өрнөл өөрөөр эргэж П.Гэндэнг МАХН-ын ТХ-ны дарга агсан Ц.Дамбадоржийг дайрсан улс төрийн дайрлага яг ижил нөхцөлтэйгээр дайрлаа. Ц.Дамбадорж эмнэлэгт учир битүүлгээр нас барсан бол П.Гэндэн, өөрийнх нь мэдэж зөгнөж байснаар ЗХУ-д удаан хугацааны амралт эмчилгээнд гэр бүлийнх нь хамт явуулж улмаар 1937 оны 7 сарын 17-ны өдөр Сочи дахь “Кавказская” зочид буудалд байхад нь ЗХУ-ын ДХАК-ын Азов хар тэнгисийн хязгаарын удирдах газрын ажилтан Кабаев нар очин баривчилсан юм. П.Гэндэнд- 1932 оноос японы тагнуул болж, түүний даалгавраар ЗХУ-аас улс төр, эдийн засгийн харилцааг таслан японы хараат феодалын улс байгуулах зорилго бүхий алан хядагч бослогын өргөн хүрээтэй байгууллагыг БНМАУ-д байгуулж тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэсэн ял тулган хатуу харгисаар байцаажээ. Байцаалтын дүнд П.Гэндэн “-Би 1932 оноос эхлэн японы тагнуулын газраас байгуулсан хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүнд Лхүмбэд элсэгдэн орсон. 1932 оны 11-р сард Лхүмбэ, Өлзий-Очир бид гурав Их Монголын хувьсгалын эсэргүү байгууллагыг байгуулж тангарагт гарын үсэг зурсан. Лхүмбэ нь Дэмидтэй ярилцан тохирч Гиваапилийг элсүүлсэн. Би Мэнд, Намсрай нарыг элсүүлж Лхүмбэд шилжүүлсэн. Лхүмбэ энэ байгууллагад бүгд 2000 хүн оролцож байгаа гэсэн” мэдүүлэг өгөөд гол төлөв томоохон албан тушаалын 35 хүнийг нэрлэжээ. П.Гэндэнгийн энэ мэдүүлэг нь 25 хуудас бөгөөд 1937 оны 8 сарын 30-нд өгсөн гэжээ. Мэдээж түүнээс ийм л үг авах гэсэн. “Лхүмбийн хэрэг” гэгчийн үлдэгдэл 2000 хүн үлдсэн гэдгийг П.Гэндэнгээр хэлүүллээ. Ийнхүү Монголд улс төрийн их хядлага эхэллээ. Сталинчууд 2000 бүү хэл түүнээс 10, 20 дахин их “хувьсгалын эсэргүү, японы тагнуулуудыг” монголчууд дундаас олж илрүүлэн нөгөө ертөнц рүү илгээсэн юм. Тэд нар ч бас Чингисийн гөлөгүүд байлаа.
Ийнхүү Монгол улёын ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг удаан хугацаагаар тамлан зовоож байж эсэргүү байсан гэсэн хилс хэргийг тулган хүлээлгээд зогссонгүй, түүгээр энэ худал мэдүүлгийг гаргуулан авч Монголын төр, нийгэм, цэрэг армийн олон шилдэг зүтгэлтнүүдийг баривчилж, хэлмэгдүүлэх ажиллагаа эхэлжээ.

Монгол улсын 1929 оны хүн амын тооллогын баримтын хүндийн жин нь 30 кг байна


1929 оны Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнэбулган уулын хошууны Өлзийт сумын 9 дүгээр хорины хүн амын тооллогын баримтыг сонирхуулахад Булган сум 15, Баян-уул сум 15, Мандал -уул сум 15, Эрдэнэ-уул сум 15, Хануй сум 15, Оюут сум 15, Орхон сум 15, Өлзийт сум 18 хоринтой байсан бөгөөд бүгд 8 сумын 121 хорины хүн ам тооллогод хамрагдсан ажээ. Өлзийт сумын 9-р хорины тооллогын бүртгэлд: • 20 өрхийн 108 хүн тооллогод хамрагдсан.
-Үүнээс энгийн хар хүн 45, лам хүн 8, бүгд эр хүн 53, эмэгтэй хүн 55, бүх хүн ам 108
-Эрхэлсэн ажлын талаар гэрийн ажилтай 19, оёдол хийдэг 24
• төвд хэл мэддэг:
- 18-25 насны хүн 1, 26-45 насны хүн 5, 46-с дээш насны хүн 2 байна.
• Малын дүнг авч үзвэл:
-Адуу: морь -46, гүү-32, төл- 7
- Үхэр: эр үхэр -86, охин үхэр -105, төл-44
- Сарлаг: эр сарлаг -2, охин сарлаг 2, төл-1
-Хайнаг: эр хайнаг -1, охин хайнаг- 4, төл-4,
- Хонь : эр хонь-122, эм хонь 327, төл-157_
- Ямаа: эр ямаа-27, эм ямаа-54, төл 49
Тоо .бүртгэлийн хэргийг эрхэлж хянаж гүйцэтгэсэн, хорин гэрийн дарга Самдан
Туслан хавсарсан Нацагдорж
Энэхүү бүртгэлийг баталсан хорины өрхийн хурлын дугаар 2
Хурлын дарга Гэндэн
Нарийн бичгийн дарга Шарав
Монгол улсын 19 он 9 сарын 28-ны өдөр хэмээжээ.

Энэхүү Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнбулган уулын хошууны 8 сумын 1929 оны хүн амын тооллогын баримт нь 68 см –ийн зузаантай, 6690 гаруй хуудастай, сураар үдсэн, данс хэлбэртэй, хүндийн жин нь 30 кг бөгөөд үйлдсэн арга, хэмжээний хувьд өвөрмөц сонин баримтад зүй ёсоор орно.

Үндэсний төв архив. Ү.Дэлгэрмаа




/Жич: Энэ материалыг олж аваад блогтоо тавьж байхдаа өдгөөгийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын тухай бодож суулаа. Энэ нутаг миний сэтгэлд их ойр болсон нутаг л даа. Яагаад ийнхүү энэ нутгийг санах болов гэвэл энд дурдагдан бүхий Цэцэрлэг мандалын аймгийн Эрдэнэбулган хошууны Мандал уул сум, Эрдэнэ уул сум, Оюут сум нь одоогийн Эрдэнэмандал сум болсонтой холбоотой юм. 1993 оны хуртай зун анх хөрсөн дээр нь хөл тавьж байсан тэр өдөр саяхан мэт л санагдаж байна. Б. Даваасүрэн /

Монгол-Төвдийн гэрээ /1913 он/



Монгол- Төвдийн гэрээ бичиг. 1913 он.

Монголын Олноо өргөгдсөний хоёрдугаар он, арван хоёр сарын хорин еснөө Нийслэл Хүрээнээ хэлэлцсэн гэрээ бичиг.
Монгол, Төвд тус бүр Манж, Хятадын эрх мэдлээс ангижран, тусгаар байгуулсан бөгөөд язгуураас шашин шүтлэгийн хэлхээ холбоо нэгэн болох учир, үүнээс хоёр улс харилцан бие биесэд тус бололцох тухайг өөр өөрийн засгийн газрын заавраар найрамдлын гэрээ хэлэлцэх тухай.
Богд хааны зарлигаар томилогдсон Гадаад яамны сайд нягт билигт да лам Равдан, эрхэлсэн түшмэл жанжин Манлайбаатар бэйс Дамдинсүрэн,
Төвдийн хаан Далай ламын зарлигаар томилогдсон гүжир Луузан, Агваан, донир Агваанчойнзон, мөнгөн сангийн тэргүүлэгч Ишжамц, бичээч Гэндэггалсан нар хэлэлцэн тогтсон нь:
Нэг. Төвд улсын эзэн Далай ламаас Монгол улсын тусгаар байгуулсныг зөвшөөрөн хүлээсэнээс гадна Монгол улс Жибзундамба ламыг монголын хаан болгон өргөмжилсөнийг басхүү зөвшөөрөн хүлээв.
Хоёр. Монгол улсын эзэн Жибзундамба лам Төвдийн тусгаар байгуулсныг зөвшөөрөн хүлээсэнээс гадна Төвд улсын хаанд Далай ламыг өргөмжилсөнийг басхүү зөвшөөрөн хүлээв.
Гурав. Монгол, Төвд хоёр улс үүнээс буддын шашныг хэзээд бадран дэлгэрүүлсээр байхыг хичээх хэрэгтэй.
Дөрөв. Хоёр этгээд эдүгээгээс гадаад, дотоодын харшлах дайсан тохиолдох аваас хэзээд харилцан хамгаалан тусалмой.
Тав. Хоёр улсаас албан, амин ба шашин шүтлэгийн буюу ямарваа хэргээр явагчдийг харилцан туслалцмой.
Зургаа. Хоёр улс харилцан худалдаа нэвтрүүлэх зэрэгт үл саатуулахаас гадна мөн харилцан боловсруулах газар байгуулавч болно.
Долоо. Хоёр улсын харъяат нар харилцан мөнгө хүүлэх хэрэг буй аваас эрхбиш өөр өөрийн засгийн газраа мэдүүлж гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв тэр ёсоор эс үйлдвээс аль ч албаны газар авч хэрэгсэхгүй. Хэрвээ үүнээс урьдаар гарсан хэрэг бөгөөд нэгэн этгээд хэтэрхий хохирсон зүйл буй аваас аль ч газар алба болгон авч хэлэлцмой. Бүх хошуу, шавийн дунд авсан нь бус болбаас зөвхөн авсан этгээдээс төлүүлбээс зохимой.
Найм. Эдгээр зүйлд нэмэн хэлэлцэх хэрэг буй аваас хоёр улсын засгийн газраас тусгай төлөөлөгч нарыг томилон гаргаж, хянан хэлэлцүүлж, нэмэн тогтоолговоос болмой.
Ес. Энэхүү гэрээг хоёр этгээд гар тавьсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болмой.

VIII Богд Жибзундамба хутагт нууцаар мэс ажилбар хийн, гэрэл зураг сонирхдог байжээ


VIII Богд Жибзундамба хутагт нь Монголын шарын шашны тэргүүн төдийгүй Монгол улсын эзэн хааны хувьд XIX зууны эцэс, XX зууны эхэн үеийн монголын улс төрийн бүхий л үйл явдалд тэргүүлэх үүрэг, нөлөөтэй оролцож ирсэн шашин, төрийн нэрт зүтгэлтэн юм. Түүний улс төрийн үйл ажиллагааны гол онцлог нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэнд оршино. Тиймээс түүний намтар, үйл ажиллагааг нэхэн судлахгүйгээр тухайн үеийн монголын түүхийг үнэн бодитойгоор нээн гаргах бололцоогүй юм.
VIII Богд Жибзундамба хутагтын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг түүхчдийн хүрээнд шүүн хэлэлцэх ажил ардчилалын үеэс эхэлсэн гэж үздэг.
Өнөөдөр эргэн харахад, VIII Богд Жибзундамба хутагтын намтар судлалд зарим ахиц гарч байгаа боловч төдийлөн олигтой урагшилж чадахгүй, нэг түвшиндээ эргэлдэж, тусгайлан хийгдсэн дорвитой судалгаа илт үгүйлэгдсээр байна. Мөн VIII Богд Жибзундамба хутагт хувь хүний хувьд хэн байсан бэ? гэдэг асуулт хариултгүй шахам, олон нийт « сохор түвд»,« архичин», « садар самуун явдалтан» гэсэн өрөөсгөл ойлголтоосоо салж чадаагүй хэвээрээ байна.
Гэтэл И.М.Майский, А.Ф.Оссендовский зэрэг гадаадын эрдэмтэд, жуулчид, Я.Цэвэл, Дэндэв нарын хуучин цагийн бичгийн сэхээтэн нарын дуртгал, дурсамж, аян замын тэмдэглэлд VIII Богд Жибзундамба хутагтын талаархи үзэл сурталчлагдсан хуучин хэвшмэл ойлголт, төсөөллүүдийг залруулах маш сонирхолтой олон мэдээ байдаг ажээ.
Бид, VIII Богд Жибзундамба хутагт хар тамхи татах, архи уух, мөрийтэй тоглох, завхай зайдан явах, элдэв хараал хэлэхийг хориглосон, хор холбогдлыг нь ухуулан сэнхрүүлсэн олон зарлиг лүндэн гаргаж, заримыг нь барлан хэвлэж аймаг, хошуудаар тархааж байсан, ном судрыг эрхэмлэж тухайн үедээ хамгийн баян цуглуулгатай номын сантай байсан, эрдэм номтой хүмүүст түүх, уран зохиолын ховор сонирхолтой номуудыг олж цуглуулах , орчуулах, хуулбарлан олшруулах зарлиг буулгаж эрдмийг хөхиүлж байсан, 1924 онд Богд Жибзундамба хутагтыг нас барсны дараа түүний номын сангийн номыг судар бичгийн хүрээлэнд шилжүүлэхэд олон машин ном болж байсан, тэрхүү номууд нь эдүгээ ч УННС-ийн сан хөмрөгийн ховор эрдэнэс болж байдаг, Богд гэгээнтэн Хаант Орос улсаас хүний анатомийн ном, мэс ажилбарын багаж хэрэгсэл захиалан авчруулж, нууцаар мэс ажилбар хийж байсан, гэрэл зураг сонирхон оролддог байсан гэх мэтчилэн олон баримтыг сөхөн тавьбал түүний хувийн зан чанар, үзэл бодлыг тодруулах, нийтэд ойлгуулахад багагүй хувь нэмэр болно.
Богд хаантаны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор Богд хаантаны зарлигаар 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Ийнхүү монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож байжээ.
1919, 1920 оны үеийн Монголын улс төрийн хоёр дахь бүлэглэл болох Ардын нам буюу Консулын бүлгийнхэн Богд хаантай шууд харилцаж байсангүй, гагцхүү түшмэдийн намтай нэгдсэнээс хойш хамтын үйл ажиллагааны хүрээнд Богд хаантай харилцаж байжээ.
Түшмэдийн нам буюу Хүрээний бүлгийнхэн уг бүлгэм үүсэн тэрлэж эхлэх үеэсээ Богд хаантай харилцаж, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. Тус бүлгэм болон МАН-аас Богд хаантай харилцах харилцаа нь Хаант Орос улсын консул Орлов, ЗОУ-тай харилцахад тусламжийн бичигт Богд хаантаны соёрхлыг олж, тамга даруулан баталгаажуулах хүрээнд ихэвчлэн явагдаж байв.
Богд хаан Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Монгол Ардын Намын хүсэлтийг зөвшөөрөн соёрхохдоо цагийн байдлыг сайтар дэнслэн хэсэг хугацаанд түдгэлзүүлж байсан нь тодорхой учир шалтгаантай юм. Энэ нь ЗОУ-д эзэн хаангүй төрийг байгуулж, дотоодод нь иргэний дайн дэгдэн, дотор зуураа самуурч байсан, нөгөөтэйгүүр АНУ, Япон зэрэг улсаас тусламж хүсэн, түүний хариуг хүлээж байснаар тайлбарлагддаг.
Богд хаан АНУ, Япон зэрэг улсаас тусламж олох горьдлого бараг үгүй болсон нөхцөлд ЗОУ-аас тусламж хүссэн МАН-ын тусламжийн бичигт «өөртөө эзэрхэх улсыг байгуулж, Богд Жибзундамба хутагт юугаан эзэнд дахин өргөмжлөх» болзолтойгоор тамга дарж өгсөн байдаг.
ЗОУ-д тусламжийн хэргээр одсон намын төлөөлөгчдийн харилцааны нууц түлхүүрт Богд хааныг “ Бутков”, “ Буянов” хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд намын төлөөлөгчид тусламжийн хэргийн бүтээмжийн талаар Нийслэл Хүрээнд үлдсэн гишүүдээрээ дамжуулан Богд хаантанд тухай бүр айлтгал өргөж, тогтмол харилцаатай байсан.
1920 оны эцсээр Монгол орны улс төрийн байдал үндсээрээ өөрчлөгдөж, барон Унгерн өөрийн цэргийн хамт монгол нутагт цөмрөн орж, монгол орныг гамин цэргээс чөлөөлж, Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд нь залахад туслахаар ирлээ хэмээн сурталчлах болов. Ийм нөхцөлд, Богд хаан барон Унгерний цэргийн хүчийг ашиглан монгол нутгаас хятад цэргийг хөөн гаргаж, автономит засгаа сэргээн босгох тактик баримталж, барон Унгернийг цэргийн хамт Нийслэл Хүрээнд нэвтрэн орох зөвшөөрөл олгожээ. Чингэснээр барон Унгерн монгол цэргийн хүчинд дулдуйдан Нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлж, 1921 оны 2 сарын 22-нд Богд хааныг хаан ширээнд нь дахин залж, Автономит Монгол улсыг сэргээн байгуулсан билээ. Энэ нь аль ч утгаараа түүхэн дэвшилт үйл явдал байв. Богд хаан барон Унгернд анхнаас нь хэзээ ч бүрэн итгэж байсангүй. Барон Унгерний цуст аллага, дээрэм тонуул, ЗОУ-ын эсрэг дайнд монгол орныг түшиц болгон ашиглах бодлого нь Богд хаан, барон Унгернийг ахархан хугацаанд зааглан салгаж, эрс зөрчилдөхөд хүргэсэн юм.
Барон Унгерн Нийслэл Хүрээнээс мордохын өмнө Богд хаанд бичсэн захидалдаа “Богд хааныг өөрөөс нь салж, улаантны талд орсон хэмээн зэмлээд, Богд хааныг удалгүй большивикуудын гарт үрэгдэж, улс орноо мөхөхөд хүргэнэ. Надад монголын хязгаараас гарч явахаас өөр гарц үлдсэнгүй” хэмээсэн нь үүний хамгийн тодорхой баримт болж байна.
Монголын хувьсгалчид ЗОУ-ын цэргийн хүчний тусламжтайгаар барон Унгернийг бут цохиж, Нийслэл Хүрээнд довтлон ирэхэд Богд хаантанаас тусгай элч заран угтуулж, ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр засгийн эрхийг Ардын Түр Засгийн Газарт шилжүүлэн, улмаар 1921 оны 7 сарын 11-нд Богд Жибзундамба хутагт хэмжээт эрхт хаанаар өргөмжлөгдөн, өдгөөгийн улс төрийн нэр томъёогоор “эвслийн” засгийн газар байгуулагдсанаар монголд үндэсний ардчилсан хувьсгал ялжээ.
Ийнхүү Монголын автономит эрхийг хадгалж хамгаалах, сэргээх, улмаар эрхийг нь ихэтгэн өргөтгөх тэмцэлд Түвдийн Далай ламын сангийн нягтлан бодогч түшмэлийн хүү /Жибзундамба хутагт нь 1870 онд төрсөн бөгөөд 1874 онд VIII Богдоор тодрон Монголд ирсэн/, Монгол улсын шашин-төрийг /теократ төр/ хослон баригч эзэн хааны хувьд өөрт ноогдсон түүхэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

Монголын довтолгооны үеийн тухай 1293 онд зохиогдсон 43 метр урт зурагт ном Японд бий.


"Монголын довтолгооны зурагт ном" (Moko Shurai Ekotobo- 蒙古襲来絵詞)-ын зургаас
Монгол улсын хувь заяа түүхэн тодорхой үед дэлхийн олон улс оронтой холбоотой байсны улмаас тухайн улс орнуудад Монголын тухай өгүүлсэн ном зохиол үлэмж арвин бий. Японд буй Монголын түүхэнд холбогдох эртний материалд 1293 онд зохиогдсон гэгддэг "Монголын довтолгооны зурагт ном" (Moko Shurai Ekotobo- 蒙古襲来絵詞). зүй ёсоор орно. Уг номонд Японыг дайлсан Хубилай хааны 1274, 1281 оны хоёр удаагийн довтолгооныг зургаар үзүүлжээ.
Энэ номыг дээрхи хоёр тулалдаанд биеэр оролцож явсан Такэзаки Сүэнага нар өөрсдөө тулалдаанд хэрхэн байлдсанаа үзүүлэх зорилгоор зуруулсан бөгөөд хоёр дэвтрээс бүрдэнэ.
Нэгдүгээр дэвтэр нь 23 метр гаруй, хоёрдугаар дэвтэр нь ойролцоогоор 20 метр урт юм. Энэхүү зурагт ном нь Монголын Их Юань гүрний цэргүүдийн хэрэглэж байсан зэр зэвсэг болон хөлөг онгоцны төрх, байлдааны арга барил, хувцас хэрэглэл зэрэг олон зүйлийг тодруулахад чухал сурвалж болдог юм. Одоо уг ном Япон улсын Шинто шашны Кикүжи сүмд хадгалагдаж байна.

ЗӨВЛӨЛТ-ОСПАН-МОНГОЛ


Монгол Улсын түүх 5 боть номын 5-р ботийн 257-р талд “1947-1948 онд Хятадын зүгээс БНМАУ-ын газар нутгийн баруун хэсгээр Зэвсэгт халдлагаа улам өргөжүүлж байв. Хятадын тал хил дээр гарч буй хэрэг явдлыг хэлэлцэн зохицуулах гэсэн манай талын санаачлагыг хүлээж авахгүй байв. Иймд БНМАУ-ын баруун ба баруун өмнөд хил хязгаарын тайван байдлыг алдагдуулагчдад цэргийн хүчээр цохилт өгсөн юм. Тэр үеэр шалгарсан дайчдаас Х.Даваадорж, Б.Тэгшээ, С.Лхагвадорж, Б.Гаваан, Их.Нэхийт, нутгийн ард Б.Бадам нар БНМАУ-ын баатар цолоор шагнагдсан юм” гэсэн 4 өгүүбэр бий. Гэтэл энэ үед дөрөв байтугай өгүүлбэрт багтах үйл явдал монголын баруун хил хязгаарт болж өнгөрсөн бөгөөд энэ бүгд нь манай шинэ цагт гарсан түүх бичлэгт бас л бүрхэг бүдэг тусан өнгөрсөн нь харамсалтай.
Баруун хязгаарт болсон байлдаан тулгаралт нь БНМАУ-ыг НҮБ-д элсэхийг хүссэн 1940-өөд оны хүсэлтэд ихээхэн саад тээг болсон бөгөөд энэ тухайд ч 5 ботид мөн л хуучин хандлагаар бичиж орхисныг засаж залруулмаар. Энэ сэдвээр би дараа өгүүлнэ гэж орхиод 1940-өөд оны үед монголын баруун хил дээр Оспан хэмээх хасаг эрийн үйл ажиллагаатай холбогдуулан хэдэн зүйл хэлэхээр шийдэв.
Энэ тухай би 1992 онд бичиж нэгэн сонинд нийтлүүлж байсан бөгөөд эдүгээ ялимгүй засварлаж уншигч олонд хүргэж байна.
Оспан: Хасгийн оргодол, дээрэмчин, монголын баруун хилийг 40-өөд оны турш үймүүлсэн этгээд хэмээн цоллогдож ирсэн хүний нэр манай түүхэнд үлджээ. Түүний тухай дуулаагүй хүн уг нь монголд бараг байхгүй байх. Гэтэл хаанаас гараад ирсэн хүн, юу хийж яваад яах гэж монголын баруун хилийг үймүүлэгч дээрэмчин болж, хүн алж хүрээ талах болов гэдгийг манай түүх бичлэг үнэндээ дув дуугүй өнгөрч, таг чиг даржээ.
Гэсэн хэдий ч манай улсын баруун хилээр Оспан гэгч нэгэн этгээд дээрэм тонуул хийж, хүн амьтан хядсан тухай элдэв зүйл кино, уран зохиол, дурдатгал, дурсамжинд байдаг. Тэгэхлээр Оспан гэдэг нь хятадын төлөөний этгээд юмуу, эсвэл зүгээр л нэг дээрэмчин юм уу гэсэн асуулт гарч хариу өгье гэхээр тодорхой бичсэн зүйлгүй учир мухардаад байдаг ийм нэгэн зовлонт байдал буюу түүхийн цулгуй орхисон зай манай түүх бичлэгт бий. Энэ зайд бичигдэх ёстой түүх бичигдээгүй үлдсэний цаад учир шалтгааныг том улсуудын орооцолдсон улс төрийн түүхэн асуудлыг жижиг улс хөндөж болдоггүй бичигдээгүй нэгэн хууль коммунист дэглэмийн үед баттай үйлчилж байсантай холбон үзэхээс өөр аргаүй. Гэтэл бүх зүйл ил тод, хэнээс ч хараат биш, хэнд ч юу ч хэлж чадах бүрэн эрхт бие даасан монголын түүх бичлэгт энэ тухай мөн л тоомжиргүй хандаад байгааг юунаас эрэхээ би мэдэхгүй байна. Тэгвэл юу болж өнгөрөв?
1. КОМИНТЕРН, ХЯТАД ХОЁР
1919 онд дэлхий нийтийн люмпен пролетарийн удирдах хүчний үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, тэднийг хувьсгалт дарангуйллын онол, аргаар зэвсэглэх практик үйл ажиллагааг явуулах үүрэг зорилт бүхий дэлхийн хувьсгалын штаб гэж нэрлэгдсэн III коммунист интернациональ буюу коминтерн хэмээх байгууллага байгуулагдсаныг эрхэм уншигч авхай нар сайн мэдэх билээ.
Энэ байгууллагын дотоод зохион байгуулалт, гадаад үйл ажиллагааны нүсэр их ажлын тухай олныг үл нуршин зөвхөн хятадад чиглүүлж явуулсан ажлынх нь маш багаахан хэсгийг аргагүй сэдвийн агуулгадаа захирагдан товч өгүүлсү.
1915 оны 1 сарын 1-нд хятад оронд Манж Чин улсын ноёрхлыг түлхэн унагаж Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдав. 1912 оны 8 сарын 25-нд Бээжинд гоминдан /үндэсний нам/ хэмээх нам зохион байгуулах хурлаа хийж удирдагчаар нь ядуу тариачин гаралтай 45 настай Гонконгод боловсрол эзэмшсэн Сун Ятсенийг сонгов. Энэ нам нь хятадын үндэсний хөдөлгөөний эрх ашгийг хамгаалж байсан бөгөөд бүрэлдэхүүнд нь барууны хүчин зонхилж байлаа. Гэвч Сун Ятсен Зүүний чиг шугамыг хүчтэй баримталж “Ардын гурван зарчим” гэсэн онолоо тууштай хамгаалж байв. Энэ гурван зарчим нь /1. Үндэсний үзлийн зарчим, харь манжийн ноёрхлыг түлхэн унагаж хятадын хан үндэстний байр суурийг бэхжүүлэх, 2. Ардын Засгийн зарчим-Хятадад ардчилсан бүгд найрамдах засаг тогтоох, 3. Ардын жаргалын зарчим-газар тариалангийн шинэтгэл хийх, том аж үйлдвэрийг улсын болгох/ хэрэгжих явцдаа хятадын дотоод дахь үндэсний маргаанаас шалтгаалан ихээхэн бэрхшээлийг хятадуудын дотоод амьдралд бий болгож байв.
Хятадад хэдийгээр бүгд найрамдах улс байгуулагдаж дэвшил хөгжлийн зүг тодорхой алхамууд хийж эхэлсэн боловч улс төрийн үзэл баримтлал нь тодорхой биш, өөрсдийгөө тухайн үзлийг хамгаалагч гэж үзсэн олон тооны бүлэглэлүүд бий болж дотоодын гүн гүнзгий хямрал тэмцэлд идэгдэж эхэлсэн. Чухам энэ үеэс их гүрнүүд өөрийн эрх ашгийн үүднээс хятадад нөлөөнийхөө хүрээг өргөжүүлэхийн төлөө идэхтэй өрсөлдөж эхлэв. Энэ үеэс хойшхи түүхэн он дарааллын хуудсыг сөхөн нэг харъя.
-Сун Ятсен засгийн эрхээ Юань Шикайд алдан аргагүйн эрхэнд Японд цагаачлан очиж 1914 оны 6 сарын 8-нд Токиод Чжунхуа гоминдан /Хятадын хувьсгалт нам/ гэдэг улс төрийн нууц нам байгуулав.
-Хятадын өмнөх хэсэгт уг намыг дэмжсэн байгууллагууд байгуулагдаж улмаар Юань Шикайн байр суурийг ганхуулж эхлэв.
-1917 онд Октябрийн хувьсгал ялж, 1919 онд Коминтерн байгуулагдав.
-1921 оны 4 сард Сун Ятсенийг Бүгд Найрамдах Хятад улсын ерөнхийлөгчөөр сонгов.
-Коминтерний шууд тусламжтайгаар 1921 оны 6 сарын 1-нд Хятадын коммунист нам байгуулагдаж даргаар нь Хятадын анхны марксистын нэг гэгддэг Бээжингийн их сургуулийн улс төр эдийн засгийн ухааны профессор Ли Дажао сонгогдов. Удалгүй ХКН гоминданы намын бүрэлдэхүүнд оров.
-1923 оноос эхлэн хятадын талын буюу гоминданы хүсэлтээр Зөвлөлтийн “Сайн дурын” зөвлөхүүд хятадыг зорьж эхлэв.
-1923 оны 1 сарын 26-нд Сун Ятсен, А.А.Иоффе нарын гарын үсэг зурсан Зөвлөлт-Хятадын хэлэлцээр байгуулагдаж дараахан нь большевик М.М.Бородин тэргүүтэй бүлэг коммунистууд Сун Ятсений нам, улс төрийн зөвлөхөөр нь, 1924 оны 10 сард цэргийн ерөнхий зөвлөхөөр нь иргэний дайны баатар В.Х.Блюхер нар хүрэлцэн ирэв. Уригдаж ирсэн цэрэг, улс төрийн зөвлөхүүд дараах ажлыг хийсэн байна.
1. Сун Ятсений засгийн газрын армийн анги нэгтгэлүүдийг эмхлэн журамлав.
2. Хувьсгалт цэргийн сургууль байгуулав.
3. Гоминданы намын шинэ дүрэм зохиож хатуу сахилга баттай, хүчирхэг Зүүний улс төрийн хүч болгох талаар эрчимтэй ажил өрнүүлжээ. Энэ үе бол коминтерн, хятад хоёрын түншлэлийн дээд оргил нь гэж хэлж болохоор үе байлаа. Гэвч хүсэхэд хясна гэгчээр Хятад оронд коминтерний бодлогыг бантан болгож орхисон хэд хэдэн огцом эргэлт гарав. 1925 оны 3 дугаар сард Сун Ятсен нас нөгчиж, удалгүй гоминданы дотор хагарал гарч дараахан нь Хятадын Үндэсний хувьсгалт засгийн газрын цэргийн ерөнхий командлагч Чан Кайши баруун тийш огцом эргэлт хийн гоминданыг коммунистууд болон зүүний элементүүдээс цэвэрлэх ажиллагаа явуулж эхлэв. Яг энэ үед барууны орны сонинуудад “...Хятад улс Азид коммунизмын талбар болон хувирахаар заналхийлж байна гэсэн болгоомжлол их гүрнүүдэд бий. Үүнтэй холбоотойгоор энэ аюулыг устгах талаар арга хэмжээ авах хэлэлцээр байгуулсан” гэж бичиж байлаа. Англи, АНУ, Франц, Япон, Италийн төлөөлөгчид Бээжинд цуглаж өөр өөрийн эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар зөвлөлдөж байсан нь үүнийг нотолно. Коммунизмыг тогтооно, коммунизмыг арчина гэдэг хоёр ухагдахуун тухайн үедээ залуухан улаан импери, идэрхэн хар импери хоёрын газар нутаг, эрх ашгийнхаа хүрээг тэлэх гэсэн бодлогынх нь халхавч болж байлаа. Тэдний хэн хэн нь хятадын ядуу тариачин Ван овогтод хайртай байгаагүй юм. Харин хэн хэн нь Ван овогтны хагалж байгаа газар, хариулж яваа гахайнд нь л хайртай байлаа.
1930-аад оны эхэн болж ирэхэд Хятад орон хэд хэдэн хэсэгт хуваагдаж, хөл толгой нь мэдэгдэхгүй байдалд орлоо.
Коминтерн чухам энэ үед хятадыг нэг гараараа дал мөрий нь алгадан дотночилж нөгөө гараараа элэг бөөрийг нь унатал дэлсэж байв.
Хятадын Зүүн, зүүн хойд болон өмнөд районуудад нөлөөгөө алдсан коминтерн, хятадын баруун хэсэгт 1930-аад оны эхнээс эхлэн эрчимтэй ажиллаж хятадын ноёрхлоос ангижрахыг эрмэлзсэн шинжааны уйгар казах голлосон олон үндэстнийг тусгаар тогтнолын төлөө тэмцэлд уриалж эхлэв.
Хятадын баруун хойд энэ хязгаарт 20 шахам үндэстний 7 сая шахам хүмүүс амьдран сууж Сан-си, Тан-су, Нан-шян, Хөх нуур, Шинжаан гэсэн 5 томоохон засаг захиргааны нэгжид хуваагдаж байв. Энэ дундаас Шинжаан мужид 3 сая орчим Уйгур 450.00 гаруй казакууд оршин сууж байлаа.
2. ЗӨВЛӨЛТ, ШИНЖААН, МОНГОЛ ГУРАВ
Энэ үед Шинжааны хавь буюу ер нь баруун хойд Хятадад Чан Кайшийн гоминданчууд ноёрхож байсан бөгөөд тэдэнтэй Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/, хувьсгалт Засгийн газар байр сууриа булаалдан тэмцэж байлаа. Харин Шинжаан болон бусад мужийн хүн амын хувьд Чан Кайшийн гоминдан ч бай, хувьсгалт Засгийн газар ч бай ялгаагүй хятадаас салах гэсэн нэгэн ойлголт баттай байсан бөгөөд чухам энэ эмзэг газрыг зөвлөлтүүд олж дарж байсан юм. ЗОУ энэ чигт явуулах үйл ажиллагаагаа Монголоос чиглүүлэн удирдаж байсан бөгөөд тэр үед монголын нам, төрийн удирдлагад коминтерний сонгон тавьсан бидний зүүнтэн хэмээн нэрлэдэг хүмүүс зонхилоод байв. Ер нь хятадын эсрэг нутгийн ард түмний бослого хөдөлгөөнийг зохион байгуулах, салан тусгаарлах үйл ажиллагааг гардан явуулах бүлэг хэсгүүдийг 1920-иод оны эцсээр коминтерний нэрийн дор Зөвлөлтийн удирдлага туйлын эрчимтэй явуулж эхэлсэн бөгөөд үүний уршиг хаялага нь ч монголд тусаж манай баруун хязгаар салаад явчих шахсан юм. Энэ тухай яривал ихээхэн зай, цаг орох тул мөн дараагийн хэсэг болгон үлдээж зөвхөн нэг л тодруулга хийе.
Тэр үеийн намын удирдлагад нилээд өндөр суурь эзэлж байсан Ө.Бадрах Монголын баруун хязгаарыг бие даасан автономит муж болгон Шинжааны хасаг, монголчуудтай харилцаа тогтоон Шинжааныг түшиглэсэн улс байгуулах зорилт тавьж үүнийг нь коминтернээс монголд ажиллаж байсан Кучумов, Коняев, Черномордик гэх мэтийн хүмүүс дэмжиж байсан баримт бий.
Коминтерний явуулга бүтэмжтэй эхэлж 1931 оноос Шинжаанд тусгаар тогтнолын төлөө хүчтэй хөдөлгөөн өрнөж улмаар 1933 оны 4 дүгээр сард Шинжаанд ардын Бүгд Найрамдах Засаг тогтов. Энэ үеэс эхлэн Шинжаан нь бие даасан гадаад, дотоод улс төрийн бодлого явуулах болж Хятадад ёс төдий захирагдах боллоо. Шинжааны БНУ нь ЗХУ болон Англитай дипломат харилцаа тогтоож - Эзэрхэг түрэмгийг эсэргүүцэх –үндэсний мөргөлдөөн ба хятадын доторх өөр хоорондын байлдааныг устгах, ястан үндэстний эрхийг тэгшитгэх, - Шинэ Шинжаан улс байгуулах гэсэн зорилтуудыг тунхаглан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Шинжааны Засгийн газрын бодлогыг үндсэндээ коминтерний заавар халхавчийн дор зөвлөлтийн удирдлага тодорхойлж байсан бөгөөд аажимдаа хувьсгалт дэг журам, үзэл санаа хүчтэй болсоор байсан бөгөөд нөгөө талаар Гоминданыхан нөлөөгөө бэхжүүлэн, хүчээ хуримтлуулж ХАЧА-ийн түрэлтийг зогсоох, АНУ болон Англиас тусламж авах бодлогыг явуулж байлаа. Ийнхүү 1930-аад оны дунд үед Хятадын баруун хойд район туйлын олон эрх ашгийн мөргөлдөөний талбар болон хувирч билээ. Коминтерний удирдлага ч И.Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдагчдын гарт бүрэн шилжлээ.
3. ОСПАН
1939 оны эцсээр Шинжааны засгийн газраас Алтайн хасгуудын буу зэвсгийг хураан авч, ноёд тайж нарыг феодал хэмээн баривчилж эхлэв. Энэ үйл ажиллагааг эсэргүүцэж хасгийн Расхаан, Эсим нарын толгойлсон бослого гарч бослого нь цаашдаа хасгийг хятадаас бүрэн тусгаарлах хөдөлгөөн болон өрнөсөн юм.
Босогчдын эгнээд явсан Оспан гэгч нэгэн эр хятадын цэргийг тагнах, харуул манааг довтлон буу зэвсэг, хөрөнгө мөнгө олзлоход их л тодрон шалгарч удалгүй босогчдын дунд “хасгийн эрэлхэг баатар” хэмээн алдаршиж, яваандаа бослогын удирдлагыг гартаа авчээ.
Оспан нь Шинжаан мужийн Алтайн Эрчим голын Арал гэдэг газар хасгийн 12 керей отгийн Молох овогтны доторх Айтуган молох ястан Исламын гэрт 1899 онд төржээ. Тэрээр эхнэр Баян, хүү Нягаметдола, Шердиман охины хамт амьдарч байсан бөгөөд хүүхэд үедээ доголон болсон, бие томтой, юманд өөрийн санаснаар ханддаг, гөжүүд зожиг зантай, бусдын зөвлөлгөөг сонсдоггүй нэгэн байжээ. Нутгийнхан нь түүнийг “төхөр огоз” буюу “хазгар шар” хэмээн хочилдог байв.
Нэг талаас гоминдан, нөгөө талаас босогчдын шахалт түрэлтэд хүчтэй автсан Шинжааны засгийн газар оршин тогтнох чадвараа алдан алдсаар 1942 оны эцсээр гоминданы засгийн газарт бууж өгсөн байна. Гоминданы төв засгийн газар Шинжааны хувьсгалт засгийн газрын толгойлогч цэргийн жанжин Арбайд /Шин Шичай/ ЗХУ-тай тогтоосон харилцаагаа бүрмөсөн таслахыг хатуу шаардсаны эцэст 1943 оны 3 дугаар сараас эхлэн Шинжаанд байсан Зөвлөлтийн цэргийн сургагч мэргэжилтнүүдийг гаргаж эхлэв.
Зөвлөлтийн удирдлага хүнд байдалд орсон боловч гарах арга замаа түвэггүйхэн олов. Энэ бол Оспаныг хятадын эсрэг ашиглах тактик байв. Харин яаж гэдгээ их л нухацтай бодож болгоосны эцэст монголоор дамжуулан энэ үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэрлэсэн юм. Учир нь ЗХУ өөрөө хятадад хүн хүч, зэр зэвсэг, хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байгаа шүү дээ. Харин Монгол бол Оспанд, хасагт туслаж болно. Үүнийг хувьсгалыг экспортлож байна гэж хэн ч хэлэхгүй. Хэлбэл монголыгоо бариад өгчихнө. Энэ ажиллагааг гардан удирдах ажлыг ЗХУ-ын Аюулаас хамгаалах яамны тагнуулын газрын дарга хошууч генерал Ланфанг, зөвлөх Греднев, Хба ДЦХЭГ-ын зөвлөх хошууч генерал Пахомов, зөвлөх Артоманов, Монголд суугаа элчин Иванов, Зөвлөлтийн байгалийн фронтын командлагч Рубин нар хариуцан гүйцэтгэсэн юм. Харин Монголын талынхан туслах дүрд тоглож байлаа.
Ингээд Оспан руу хэд хэдэн удаа тагнуул явуулж, аажим аажмаар итгэлийг нь олж эхлэв. Оспан 1943 оны дунд үед тагнуулаар очсон хүнд ийнхүү ярьжээ. “1940 онд бослого гаргаж одоог хүртэл Хятадтай тэмцэж байна. 1943 оны 7 дугаар сарын сүүлчээр 80 орчим хүмүүсээ монголтой харилцаа барьж болох боломж байгаа эсэхийг ажиглуулахаар монголын хил орчим явуулсан. Тэд хилийн шугамыг мэдэхгүйгээс хил нэвтрэн орж монголын хилийн манаатай тулгаран буудалцаж дөрвөн хүнийг алж, хоёр хүнээ алуулсан. Үүнийг нэхэн санахгүйгээр эв найрамдлын харилцаа тогтооход бэлэн байна.




Монгол, Хятадаас тусгаарлаж тусгаар улс болсны нэг адил хасаг бид төрсөн нутаг дээрээ тусгай улс болохыг хүсэж Хятадтай тэмцэн 3 жил болж байна. Хятадын хүчинд хавчигдах хүнд үе тохиолдвол манай гэр бүлийн хүмүүсийг түр байлгаж биднээс Хятадтай тэмцэхэд туслана уу. Мөн эд бараагаар гачигдаж байгаа тул бага зэрэг бараа, сайн дуран нэгийг өгнө үү” гэжээ. Харилцаа тогтоохыг зөвшөөрч байгаа Оспаны энэ хариуг сонсоод зөвлөх Пахомов, ДЯЯ-ны орлогч сайд Дүйнхэржав нар “Монгол Шинжааны хилийн шугам Хайртын даваан дээр 2 талаас уулзаж чухал яриа хийе” гэсэн хариу явуулж Оспанд бэлэг болгон 36 метр даалимба, нэг цай, нэг дуран өгчээ.
1943 оны 10 сарын 5-нд Монголын ДЯЯ-ны орлогч сайд Дүйнхэржав, зөвлөх Пахомов нартай Оспан өөрийн туслах 40-өөд хүнтэй ирж анхны уулзалт хийлээ. Оспан энэ уулзалт дээр Хятадын эсрэг тэмцэж бослого гаргасан тухайгаа танилцуулаад монголын талаас зэвсэг, бараа таваарын тусламж хүссэн бөгөөд 10 дугаар сарын 6-нд хоёр талын хамтарсан хэлэлцээр байгуулсан байна. Хэлэлцээрээр дараах асуудлыг тохиролцжээ. Үүнд: -Эв найрамдлын хэлэлцээ тогтоолоо, -“Алтайн хасгийн бослогын байгууллагаас өөрсдийн Үндэсний эрх чөлөөнийхөө төлөө явуулж буй тэмцлийг монголын зүгээс талархан дэмжинэ.
-Монголын тал хүсэлт ёсоор буу зэвсэг, таваарын зохих тусламж үзүүлнэ. –хэрэв хэрэг тохиолдвол босогчдын байгууллагын гэр бүл ба өөрсдийн биеийн монголын нутагт байрлуулж болно. –монголын талаас биет туслалцаа үзүүлэх зорилгоор 40-50 хүнийг босогчдын штабт суулгана, -энэ хэлэлцээрийг нийтэд дэлгэрүүлэхгүй нууцална гэсэн байна. Уулзалтын үеэр босогчдод винтов 27, сум 2600, маузер 10, бөс бараа 600 м Оспанд өөрт нь англи автомат 1000 сумтай өгсөнд Оспан хариуд нь морь 82, хивс 8, алт 137 граммыг бэлэглэв.
1943 оны 11, 12 дугаар сард Оспан гоминданы хятадын цэрэгт түрэгдэн монгол улсын хилийн дотор байрлахаар 360 өрхийн 2200 гаруй хүмүүстэй нэвтрэн ирсэнд монголын тал хэд хэдэн газар нутаг заан суулгасан байна. Үүнээс хойш Оспаныг мөшгөсөн гоминданы цэргийн анги монголын хилийг зөрчих болж хилийн тулгаралт байнга гарах болов. 1944 оны 2 сарын 25-нд Ховдын Булган голын Алаг тохой дахь застав дээр Х.Чойбалсан, зөвлөлтийн элчин Иванов, Байгалын фронтын командлагч Рубин, зөвлөлтийн тагнуулын газрын дарга Ланпанг, ДЯЯ-ны сайд Шагдаржав, зөвлөх Греднев нар Оспантай уулзав.
Үүний дараахан буюу 1944 оны 3 сарын 1-нд Ховдын Булган сумын төвд Оспаныг баяр ёслолын байдалтай хүлээн авч орос винтов 395, сум 200,000, хөнгөн пулемёт 30, хүнд пулемёт 6, автомат 45, гранат 2000-ыг цэргийн яамны хэлтсийн дарга дэд хурандаа Сүхбаатарын Галсан гардуулж өгсөн байна.
1944 оны 3 сарын 5-нд Оспан, маршал Чойбалсанг тусгай бэлдсэн монгол гэрт урин ирүүлж уулзжээ. Удалгүй “Босогчдод туслах цэргийн групп” байгуулж улмаар түүнийгээ цэргийн зөвлөл болгон өргөтгөснөө сүүлд нь бүр “Алтайн эрх чөлөөт хасгийн түр засгийн газар” гэсэн нэр өгч, Оспаныг “Баатар хаан” хэмээн өргөмжлөв. “Баатар хаан” Оспан ч гоминданы Хятадыг балбаж эхлэв. 1944 оны 3 сарын 11-нд Хятадын цэргийн Лю Зухайн дивизийн гол хүчинд монгол, зөвлөлтийн нисэх эскадрил, цөөн хүнтэй морин цэргийн хүчээр Оспантай хамтран цохилт өгөв.
1945 оны зуны дунд үе гэхэд Шинжааны Алтайн босогчид баруун хойт хэсгийн Ил тарвагатайн аймгийн босогчидтой нэгдэн гоминданы хятадыг үндсэндээ шахан зайлуулж чадсан байна.
Ингээд одоогийн хятадын нутгийн бараг тал нь буюу Алаша хүртэлх өргөн уудам нутаг зөвлөлтийн гарт орж ирэв.
1945 оны 9 сард зөвлөлтүүд энэ нутаг дэвсгэр дээр Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс байгуулж шинэхэн улсынхаа Засгийн газрын ерөнхий сайдаар Алейхаан гэгч хүнийг тохоон томиллоо. Энэ том улсын бүрэлдэхүүнд Шинжааны Алтай аймгийн оруулж аймгийн тэргүүнээр нь “Баатар хаан” Оспаныг баталжээ.
Оспанд ёстой л газар тэнгэр хөмрөх шиг санагдсан байхдаа, үүнийг би санахдаа өөлдийн Амарсанаагийн үйл явдалтай таацуулан боддог бөгөөд түүх давтагддагийн нэг жишээ, их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэр мэт.

4.ОСПАНЫ ТӨГСГӨЛ
1945 оны дунд үеэс эхлэн Оспан монгол улсын баруун хил хязгаарыг байнга зөрчин дээрмийн чанартай халдлага өдүүлэх болов. Тэрээр хилийн цэргийн болон хил орчмоор оршин суугчдыг олзлон аваачиж эрүүдэн тамлах, эд хөрөнгө, мал хүнс дээрэмдэх зэргээр онц хэрцгий авирлаж эхлэв.
Оспаны энэ үйл ажиллагааг таслан зогсоох улмаар Оспаныг устгах асуудал монголын ДЯЯ-ны өмнө нэн чухал асуудал болон тавигдлаа. Энэ асуудлыг монголын тал өөртөө бүрэн авсан бөгөөд овоо босгосон орос эзэд ор сураггүй алга болсон мэт байв.
Оспаныг устгах талаар явуулсан ажиллагаанууд дотроос хоёрыг сонгон авч уншигч та бүхэндээ товчхон толилуулъя.
Оспаны үйл ажиллагаанд хил орчмын ардууд ихэд жигшин дургүйцэж даруй сөнөөн дарахад бүхий л талаар тусалж байлаа. Оспан маш их хартай, харуул хамгаалалт сайтай, газар нутгийн байдлаа сайн мэддэг учир богино хугацаанд байрлалаа хурдан өөрчилдөг зэргээс шалтгаалан түүнийг тохиолдлын газар устгачихаж болохгүй байлаа. 1948 оны 1 дүгээр сард Оспан руу Өбчин овогтой Сагадай гэдэг хүнийг оргодол маягаар явуулав. Сагадай нь 1909 онд Шинжаан мужийн хар Булган гэдэг газар төрсөн, 1933 онд Монголд амьдрахаар нүүж ирсэн хүн байлаа. Сагадай Оспаны дэргэд очоод түүнд итгэгдсэнээр барахгүй хамгийн ойр дотно шадар хүмүүсийнх нь нэг болжээ. Тэрээр Оспаныг боломж гармагц устгах даалгавар л хүлээж байлаа. Гэтэл яагаад ч юм төвөөс тийм даалгавар ирэхгүй байж байтал Оспан Сагадайг өөрийнхөө хамгийн шилдэг эрчүүд гэгддэг хорь шахам хүмүүсийн хамт гэртээ дуудуулжээ. Очтол Оспан, шилдэг 21 эрийнхээ даргаар нь Сагадайг томилж Монголын хилийн цэргийн дарга нараас хэн нэгийг нь эсвэл торгууд нараас нэг хүнийг амьд хэл болгон барьж ирэх даалгавар өгөв.
Сагадай хэсгээ удирдан 1948 оны 5 сарын 27-ны шөнө Хавтаг уулын орчмоор хил нэвтэрч, 6 сарын 1-нд Ховдын Булган сумын нутагт ирлээ. Нэг бол өөрийнхөндөө алуулах, эсвэл оспаныханд алуулах эгзэгтэй мөч Сагадайд тулгарав. Гэвч тэр ухаан сийллээ.
Сагадай хэсгээ хоёр хувааж ихэнхийг нь Булган голын өмнөх Ээвийн улаан үзүүрт нутаглаж байгаа торгууд айлаас амьд хэл олзлох даалгавар өгөөд өөрөө нөгөө хэсэгтэйгээ хамт Булган сумын ойролцоох Цөөхөр нуурын хөвөөнд тэднийг хүлээж байхаар тохирчээ. Хэл баривчлах хэсэг явсны дараа Сагадай бид энд хүлээхээ болъё. Баян суудлын Хар үзүүрт байгаа манай хасгийн хуучин өвөлжөөнд очиж хүлээе. Та нар тэнд яаралгүй сэмхэн яваад оч. Би энэ тухай нэг чухал даалгавар нөгөө хэддээ өгөхөө мартсан тул очиж хэлээд ирье гээд ганцаараа салж амжсан байна. Сагадай Булган сумын төв дээрх тагнуулын тасагт ирж болсон явдлаа дуулгав. Мэдээг авсан монголын хилчид тэднийг бүслэн авч 4 хүнийг алж, 3 хүн баривчилжээ. Бусад нь зугтааж амжсан байна. Энэ тулгаралтад хилийн албаны офицер Лхагвадорж, бэлтгэл офицер ард Халтмат нар амь үрэгдсэн бөгөөд Лхагвадорж улсын баатар болжээ.
Сагадай ирснийхээ дараа “... Та нөхөд анх намайг явуулахдаа бүрэн итгэж даалгасан бол би Оспаны дэргэд очсоныхоо дараахан л тун түвэггүйхэн тонилгочихоод толгойг нь авч ирэх байсан юм. Намайг өвдөж байгаад эдгэрсний дараа Оспан нэг өдөр уулзаж – Би суурьшил алдаж зүдэрлээ. Чи ч шоронд орж арай чарай гэж ирээд өвчилж хүнд зовлон эдэлж явна, хоёул морь унаж хээр салхинд явж уйтгар гунигаа сэргээе гэв. Ингээд бид хоёулахнаа хоёр сайн морь унаж Оспан өөрөө маузер, дуран зүүж, надад нэг винтов өгөн гэрээсээ 20 км алс гарсан. Бид айл амьтангүй элсэн дунд зугаалан бүтэн өдөржин явахдаа Оспан мориноосоо бууж элдвийг сонирхон, ялангуяа тогтмол үйлддэг мөргөлийнхөө цагт морь буугаа над өгөөд мөргөлөө хийж байсан юм. Яг энэ үед нь би түүнийг алж элсэнд булчихаад явчихаж болох байсан боловч ийм даалгавар аваагүй учир аль нэг талаар буруудахаас болгоомжлон тэвчин өнгөрөөсөн юм. Харин сүүлд нууц хайрцагтай бичгийг авч үзээд энэ нь Оспаныг алаад баримт болох зүйл авч ир гэсэн үг болохоос зайлахгүй гэж бодоод дээрх байдлаар дахин тийм завшаантай үе тохиолдвол алъя гэж бодож явтал Оспан гэнэт даалгавар өгч нааш явуулчихлаа” хэмээн харамсангүй ярьж суужээ.
Үүний дараа Оспаныг устгахаар улсын баатар Дандар ахлагчтай хэсэг хоёр удаа оролдсон боловч амжилт олсонгүй. Эхний удаа Оспаны байрлаж байгаа гэж мэдэгдсэн таван гэрийг бүслэж автомат, винтовоор нэг зэрэг галлажээ. Тэдний эсрэг хэн ч гарч ирсэнгүй. Дандарынхан үүргээ биелүүллээ. Оспаныг устгалаа гэж үзээд хойш буцсан байна. Гэтэл тэнд болсон үйл явдлын үр дүнд ганцхан эмэгтэй хүүхдийн хөл шархадсанаас өөр ямар нэг хохирол гараагүй болох нь хожим тодорхой болжээ. Хоёр дахь удаад нь Оспан зүүн өмнө зүгийн битүү аманд бүгсэн учир хэсгийнхэн очиж чадалгүй буцжээ. Үүнээс хойш түүнийг устгах томоохон оролдлого хийгээгүй байна. 1949 оны 9 сард Шинжааны засгийн газар Хятадын Коммунист Нам, ХАЧА-д бууж өгөхөө албан ёсоор зарлав. Энэ үеэс эхлэн Шинжаан, Ган-су мужид гоминдаан, америкийн даалгавраар ажиллаж байсан бүлэглэлүүд Шинжааны төв, Урүмчид сууж байсан америкийн дэд консул Дуглас Маккараны заавраар Оспаныг тойрон нэгдсэн байна. Дараахан нь Маккаран ч өөрөө Оспан дээр хасгийн нөлөө бүхий том эздийн хамт ирж нийлжээ.
Д.Маккаран тэнд 1 сар гаруй хугацаанд байж байгаад Түвдээр дамжин Энэтхэг явсан байна. Оспан 1950 оны 4 сараас эхлэн ХАЧА, Дорнод Туркистаны цэргийн ангиудын цохилтод хэд хэдэн удаа өртөж, сарнин бутрав. Оспан 1951 оны 2 сарын сүүлчээр Энэтхэг рүү оргон гарах гэж яваад Хөх нуурын орчим Хайцай гэдэг газар ХАЧА-ийн ангид баригдаж Урүмчи хотод хүргэгдэн тэндээ цаазлагджээ. Олны өмнө дүүжлэн хороосон гэдэг.
Түүхэнд өгүүлсэн “Гоминданы зүгээс монголын энх цагийн бүтээн байгуулалтыг таслахын төлөө байнга хил зөрчиж байв” гэсэн нэг өгүүлбэрийн цаадах бодит үйл явдал ингэж өрнөжээ.
Архивын Ерөнхий Газрын дарга доктор
Дэмбэрэлийн Өлзийбаатар

Wednesday, May 4, 2011

Засагт ханы зөрчил...

Халх Монголчууд манжийн захиргаанд ороогүй байсан 1550-1691 онд Халхын баруун гар Засагт ханы хошуу, Хотгойдын Убаш хунтайжийн хошуу Урианхайн хошуу, Сартуулын хошуу гэсэн 4 хошуу байжээ. Засагт ханы хошуунд Бэсүд, Гурван олхонууд, Хоёр эржигнэн зэрэг хожим арван хошуу болж бутарсан нутгийн ардууд багтан харъяалагдаж байжээ. Хотгойдын Убаш хунтайжийн хошуунд хожим Ар таван хотгойд гэсэнгэж алдаршсан таван хошууны ардууд багтаж байсан аж. Сартуул нэг хошуунд Сартуул, Тангуд хоёр отгийнхон хамрагджээ. Урайнхай нэг хошуунд хожим дайчин бэйсийн, дархан гэж нэрлэгдсэн хоёр хошууны хүн зон нар оролцжээ. Засагт хан гэдэг нэр алдар 16-р зууны үед үүсчээ. Засагт хан аймгийг үе залгамжилсан 18 хан захирч ирсэн байна. Хамгийн сүүлчийн хан нь 1912-1923 онд байсан Эрдэнэ бишрэлт засагт хан, засаг төрийн жүн ван доржпаламын Цэрэн гомбожав байв. Богд хаант улсын үед байснаар хилийн дээсийг бичвэл, Засагт хан аймаг баруун талаараа Ховдын хязгаар, дөрвөдийн үнэн зоригт ханы аймаг, дөрвөдийн тогос хүлэг далай ханы аймаг, хойгуураа Хөвсгөлийн хязгаар, зүүн хойт талаараа Сайн ноёнхон аймаг, урдуураа БНХАУ-тай хиллэлдэг байжээ. Одоогийнхоор бол Завхан, Говь-Алтай бүтнээрээ дээр нь Ховд, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгийн зарим сумдыг хамарч байсан байна. Түүхийн аль ч цаг үед засаг захиргааны нэгж өөрчлөгдөж ирсэн байна. Үүний дотор 20 зуунд бүрч илүү хөдөлгөөнд оржээ. Энэ зууны эхэнд Засагтхан аймагт 20 хошуу, тамгатай 3 хутагтын шавь хамарч байв.

***
Манж нар Өвөр монголыг эзлэн авснаар тэдний цэргийн хүч улам өсчээ. Халхын эрх баригчид Манжтай найрсаг харилцах замаар тэдний талаас ирэх аюулыг сааруулахыг оролдож байв. Өөрсдийн нь ашиг сонирхолд нийцэж байсан учир Манж нар Халхын эрх баригчдын энэ оролдлогыг хэсэг хугацаанд дэмжиж байв.
1636 оны өвөл Сэцэн хан адуу, тэмээ, булга зэрэг зүйлсийг өргөн, найрамдахыг хүссэний хариуд, 1637 оны 1 сард Манжийн Абахай хаан бэлэгтэй хариу элч илгээж байжээ. Мөн 1637 оны 3 сард Түшээт хан хоёр алтан нум, гурван мориор бэлэг хүргүүлэн, элч заран найрамдал холбоотой байхаа илэрхийлж байжээ. Манжийн эрх баригчид Өвөр монголыг эзлэхдээ эрх баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн хэрэглэснээр амжилт олсон юм. Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын улмаас хугацаа хожих зорилгоор манжийн хаадтай найрамдалт харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага Халхын эрх баригчдад тулгарсан ажээ. Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар талаасаа аюулгүй байх, нөгөө талаас монголчууд нь болзошгүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын сонирхол нэгдэж нийгмийн харилцаа хэсэг хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй холбоотой байв.
Тухайн үед Монголын их хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм. Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон захирч байв.
Манж нар Хятадыг байлдан эзлэхдээ, Халхын ноёдын үйл ажилгаанд зарим нэгэн хориг тавьсан юм. Үүнд, 1636 онд Манжийн Дээд Эрдэмт хаан Халхыг Хятадтай худалдаа хийхийг албан ёсоор хориглосон зарлиг буулгажээ. Энэ нь нэгд, Монгол-Хятадын хооронд холбоо тогтохоос сэргийлсэн, хоёрт, монголчууд худалдаалахдаа агт мориор голдуу арилжаалдаг учир хятадын цэргийн хүчин чадал нэмэгдэхээс болгоомжилсон хэрэг бололтой. Нөгөөтэйгүүр 1638 онд Манжийн хаан Халхын гурван ханыг жил бүр цагаан тэмээ нэжгээд, саарал морь наймыг Чингийн эрх баригчдад ёсны бэлэг хэмээн бариулах зарлиг буулгажээ. Ингэснээрээ манжийн хаан Халхын хан нарын эрх мэдлийг хязгаарлаж, эрхшээлдээ оруулахыг санаархжээ. Хэдийгээр монголд манжийн түрэмгийллийг хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй байсан ч харийн түрэмгийлэл илт нүүрлэсэн үед монголчууд удаа дараа нэгдэх оролдлого хийжээ.
1970 онд Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал сурвалж болсон юм. XVI зууны сүүлч, XVII зууны эхээр Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно. Үйсэн дээр бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь "хан хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж байхаар заажээ. Уг хуулиуд нэгэнт буй болсон дотоодын хямралыг гэтлэн давахын тулд Халхын хүчийг нэгтгэх бодлогыг тууштай явуулахыг тэр үеийн зарим зүтгэлтэн хичээж, Халхын улс төрийн хямралыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх гэсэн хэрэг байв.
1639 онд Халхын ноёд Ширээ цагаан нуур хэмээх газар цугларч, Түшээт хан Гомбодоржийн 5 настай хөвгүүн Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Тийнхүү Занабазар нь монголын түүхэнд анхдугаар богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан юм. Ширээ цагаан нуурын чуулганд оролцогсод уг түүхт үйл явдлыг тохиолдуулан, Шар бөсийн орд байгуулсан нь Халхын их хүрээний үүсэл болжээ.
Халхын ноёд шинэ өргөмжлөгдсөн шашны тэргүүн Өндөр гэгээн өөрсдийн харъяатаас хувь өмч болгон өргөснөөр шавь хэмээх дахргын үүсэл тавигджээ. Тийнхүү Халхын шашны тэргүүнийг өргөмжилсөн нь шашны тугийн дор Халхыг нэгтгэх гэсэн оролдлого байсан юм.
Мөн 1640 онд Халхын-Ойрадын ноёдууд Тарвагатайн улаан буурай гэдэг чуулган нийлж, цаг үеэ дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас монгол ойрдын Их цаазыг баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа. Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай, Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх, Тэнгэрэй тойн нарын зэрэг Халх Ойрдын Төр, шашны, зүтгэлтэн болон Хөх нуурын монголчууд, Ижил мөрний гол Торгуудын төлөөлөгчид бүгд 28 том ноёд оролцжээ. Тэдгээр ноёд нь тухайн үеийн монгол улсын төрийн арамд гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв. Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт монгол угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад оршиж байв. Тийнхүү Халх,Ойрд хоёр нэгдэж, харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ явдал удаан үргэлжилсэнгүй.
Тухайн үеийн монгол төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа оролдсон боловч тэр үед монгол улс төрийн бутралыг даван туулах улс төр, эдийн засаг хараахан бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.
Халхын ноёд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлэх оролдого хийхийн зэрэгцээ Эеэр засагч хаан суугаад удаагүйг харгалзан, Манжийн хүчийг дотроос нь задлах, угсаа нэгтнээ харийн дарлалаас чөлөөлөх зорилгоор 1644 Өвөр монголын ноёд элч илгээж байсан байна. Үүний үр дүнд Сөнид аймгийн тэнгис ван Халхын ноёдын ятгалганд орж, харъяат ардаа дагуулан, 1646 оны хавар Сэцэн хан нутагт байснаа, 1639 онд өмнө зүг нүүн одож, Манжид дагасан байв. Тэнгис нь Манжийн хаантай ураг холбосон эфү байв.
1647 онд Засагт хан Субадай манжийн бодлогыг шууд эсэргүүцэн захидал илгээж байсан ба Манжид дагаар орсон хүмүүсийг буцаахыг Халхын ноёд нэхэмжлэн шаардаж байв.
1650 онд Засагт хан Омбо-Эрдэнэ тайж хөх нуурын орчим газрыг ав хийх нэрийдлээр уулгалж байсан ажээ. Халхын талаар явуулах Манжийн төрийн бодлого нь Хятадыг эзлэн авсан 1644 оноос буюу Нурхаачийн ач Фулинг Чин улсын хаанд өргөмжилсөн үеэс эрс өөрчлөгдсөн юм. Учир нь Хятадыг байлдан эзлэхдээ, ар талаасаа довтлуулахгүйн тулд хэсэг хугацаанд Халхтай бэлэг бүхий элч солилцож, найртай харилцахад хүрсэн бөгөөд Хятад улсыг эзлэх зорилгоо биелүүлэсний дараа манжийн цэрэг улс төр, эдийн засгийн хүчин чадал үлэмж нэмэгдсэндээ эрдэн, Манжийн зүгээс Халхад өөрийн бодлогоо тулган шаардах нь давамгайлах хандлагатай болов.
Эеэр засагч хаан 1647 онд Засагт хан, 1648 онд Түшээт хан, Сэцэн хан нрын элчийг тус тус хүлээн авахгүй буцаасан атлаа мөн 1648 оны намар Халхын Сайн ноёны дээд дөвөг Данзан ламын элчийг зориуд найрсагаар хүлээн авчээ. Энэ нь Түшээт хан, Сэцэн ханыг Манжийн эсрэг зэвсэг барин тэмцэснийг зэмлэн эрх сүрээрээр далайлгах хэрэг байснаас Гадна Халх эрх баригч ноёдын хооронд яс хаяж өсөрдүүлэн нэг хэсгийг нь талдаа хахуулдан татаж, нөгөөг нь эсрэг хүч болгон, хооронд нь тэмцэлдүүлэх гэсэн бодлого байжээ.
Байдлыг хурцатгахгүйн тулд Түшээт хан, Сэцэн хан нарыг төлөөлж, Засагт хан манжийн эеэр засагч хаантай биеэр очин уулзжээ. Засагт хан тийнхүү чармайлт гаргаж, Халх болон Манжийн хааны хороондын харилцааг хэлэлцээрийн замаар зохицуулах гэсэн боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин Манжийн хаан хариуд нь Халхын хан нар хөвгүүд, дүү нараа Манжийн хааны ордонд ирүүлэхийг шаардсан юм. Энэ нь тэд нарын хүүхэд, дүү нарыг барьцаа болгон авах гэсэн хэрэг тул Түшээт хан, Сэцэн хан нар зөвшөөрсөнгүй.
1651 онд Халхын Түшээт хан, Сэцэн хан нар 1000 морь, 100 тэмээг Манж хаанд өргөн, жилийн амгаланг айлтгаж найрамдахыг хүсчээ. Энэ нь Тэнгисийг дэмжиж, Манжийн цэрэгтэй шууд зэвсэглэн байлдаж байсныг бодвол, буулт хийсэн хэрэг боловч Манж нарын Халхад явуулж бодлого эрчимжиж буй үед ямар нэгэн зүйлээр шалтгаалан Халхад цэрэглэн орохоос сэргийлсэн бололтой. Чухам ямар шалтгааны улмаас Халхын дотоодоо хагарал гаргасныг дурдаагүй болвч 1653 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Бунтир албат харъяатаа авч, Манжмйн хаанд дагаар орсонд тшшнийг засаг чин ван өргөмжилж Чулаалт хаалганы гадна нутаглах газар олгожээ.
Бунтир бол Халхын анх удаа Манжийн талд урван орсон этгээд юм. Үүнээс үзвэл, Халхын ноёд дотроо хагаралдаж, зарим нь Манжийн түрэмгий бодлогыг сөрөн зогсож байхад, нөгөө зарим нь Манжийн хааны сайхан амлалт, зэрэг хэргэм, шан харамжинд татагдан дагаж орорхыг санаархах болсон байна. Сэцэн хан, Түшээт хан нар Бунтирыг буцааж нэхэмжилсэн боловч Манжийн зүгээс эрс эсэргүүцэн няцаасан юм. Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой хан хүчинд автагдан, зарим талаар буулт хйин, Манжтай найрамдах бодлогыг явуулж байсан боловч харин шууд дагаж орохыг хүсэхгүй байсан юм.
Манжийн зүгээс Халхын дотоод хэрэгт хутгалдан орох нь улам бүр нэмэгдэж, элдэв шахалт хавчлага чангарч байх тэр эгзэгтэй үед Сэцэн хан Шолой 1652 онд, Түшээт хан Гомбодорж 1655 онд удаа дараа нас барсан нь Халхын улс төрийн байдалд ноцтой хохирол учруулжээ।
***

1657 онд Засагт Хан Норов бишрэлт нас барж, хvvхдvvдийнх нь дунд хан суудлын төлөөх тэмцэл гарчээ. Тvvний том хөвгvvд болох Чу мэргэн, Вансvг хоёрын дунд зөрчил vvсч улмаар хоорондоо дайтаж хожим Вансvг ялж Засагт Хан болов.
Сибирийн Орос улс Хотгойдоор дамжуулж Монголын бусад аймгууд болон Манж улстай худалдаа хийхийг хvсч байжээ. Гэвч цагийн явцад Орост илvv том зах зээл хэрэгтэй болж байлаа. Энэ эрэлтийг мэдэрсэн Засагт Хан Хотгойдоор дамжуулалгvйгээр шууд Оростой худалдаа хийхээр болов. Хотгойдуудын хувьд худалдааны боломжоо алдана гэсэн vг.
1662 онд Хотгойдын Алтан Хан Эринчин Засагт Хан луу довтолжээ. Засагт Хан Вансvг цэргээ авч байлдсан боловч дийлдсэн байна. Энэ боломжийг ашиглан Эринчиний холбоотон Чу мэргэн Засагт Хан болов. Гэвч тvvнийг удирдагчаа гэж хvлээн зөвшөөрөөгvй хэсэг өрх Тvшээт Ханы нутаг руу зугтаж одсон нь асар их хор уршигтай зөрчилийн / Засагт Хан, Тvшээт Хан / vндэс болсон байна.
1670 онд Засагт Хан Норов-Бишрэлтийн бага хvv Сэнгvм Манжийн эзэн хааны тушаалаар Засагт Хан хэмээн томилогдов. (Чахундорж 1655 онд Манжийн нөлөөг хvлээн зөвшөөрсөн тул 1656 оноос эхлэн Халхын хангуудыг Манжийн эзэн хааны соёрхолоор томилж байх болжээ.)
Сэнгvм : "- нэгэнт нөхцөл байдал өөрөөр эргэсэн тул 1662 онд дvрвэсэн айлуудыг буцааж өг" гэж Тvшээт Ханаас нэхжээ. Гэвч Чахундорж тэдгээр айлуудыг Засагт Ханд буцааж өгөхөс татгалзсан байна. Хямрал дахин эхлэв.

GNZ
Д. Зоригт 2010-06-15 15:49 бичсэн.
Хожим Засагт Хан, Түшээт ханы хоорондын хямралын нэг шалтгаан нь Хөх хотоор дамжуулж хятадтай наймаа хийхэд хэн онц эрх эдлэх вэ, бие биеийн худалдаачдыг хэрхэн хамгаалах вэ гэдэгт байв. Хотгойдын Алтан хан, Засагт Хан 2 Орос, хятадыг холбосон худалдааны замаа булаацалдаж байлдсан ба энэ хямрал нь ужгарсаар Түшээт хан, ЗуунГар, Хошууд гэсэн талууд татагдан орж 1688-1691 оны Монголын гунигт алдааны эх үүсвэрийг тавьсан билээ.
Галдан Халхыг эзэлье гэж халх руу дайраагүй бололтой байдаг. Галдан Халхын Засагт хантай холбоо тогтоосон байж. Энэ гэхдээ их уламжлалтай эд. Уг нь бол Эрдэнэбаатар Хунтайж хэмээх Хойдын Отгочин ноёны үед (энэ хүн нь Зүүнгарын ойрдуудын хаан, бүх ойрдын хаан биш, учир нь торгууд, хошууд нар тусдаа байж Түшээт ханы халхыг дэмждэг байсан) Зуунгарын Ойрдууд болон Халхын 3 хангууд нийлж (дээр нь хөх нуур, халимаг урианхай гэх мэт жижиг ханлигууд бас орно) Харийн дайсан буюу орос, манж нарын эсрэг Монгол-Монгол гэсэн холбоо байгуулж байжээ. Тэр үеийн Түшээт хан нь (Чахундоржийн аав) их ухаантай хүн байсан ба Сэцэн хан ч мөн (Шолой) их алсын бодолтой хүн байж. Гэвч энэ 2 хөгшин учир битүүлгээр хоёул ойр ойрхон гэнэт нас барсан байдаг. Мөн Эрдэнэбаатар Хунтайж ч таалал төгссөн байна. Тэдний хүүхдүүд болох Чахундорж, Сэнгэ, Галдан, Занабазар, Зэвт нар эв эеээ сахиж чадсангүй. Чахундорж аавыгаа нас бараад удаагуй байхад (1655) засгийн эрхэнд гарч улмаар хорчингийн ноёдуудад урхидуулан манжийн хааны бэлэг сэлтэнд автаж эхэлсэн хүн юм.
Засагт Хан бол бие дааж Түшээт ханаас тусдаа бодолго баримтлах болсон Түшээт хан Чахундорж увайгү бодлогоос болсон юм.
Сэцэн ханд нялх жаал хан болж, түвд номонд баригдсан нэг авга лам нь үнэндээ төрийн эрх барих болсон нь Манжийн гар хөл болсон хүн байв.
Засагт хан нь анхнаасаа л манжийн эсрэг тууштай тэмцэж, Зүүнгартай байгуулсан гэрээндээ үнэнч үлдсэн Халхын цорын гантс ханлиг байв.
Засагт хан үе үе өвөр монголын түмэд аймгийг довтолж, хөх хотыг манжийн савраас салгахыг хичээж байлаа гэжээ. Харамсалтай нь Хотгойдын Алтан ханыг дээрэлхэж Оростой хийдэг наймааных нь замыг булааж авах гэж байгаад Хотгойдуудадтай эвдрэлцэн дайдсан нь түүний хүчийг ихээхэнсулруулсан юм. Энэ үед хүн амын цөөн хэсэг нь Түшээт хан руу дүрвэж гарчээ. Зүүнгарын ойрдуудтай нийлж хотгойдуудыг дарсны дараа Засагт хан , Түшээт ханаас айлуудаа буцааж авахыг хүсчээ. Түшээт хан гаргаж өгөөгүй байна. Ингээд энэ 2 аймаг хоорондоо олон жил хямран байлдсан юм. Засагт Хан ч хэд хэд солигдож, Засагт Ханыхан сүүлдээ дийлдэхэд хүрч Галдантай ураг барилдаж, холбоотныхоо үүргээс хөндийрөөд байсан Зүүнгарыг Түшээт ханы эсрэг тэмцэлдээ ашиглахыг зорисон бололтой. Удалгүй Засагт Ханы охин Галдангийн бага дүүтэй хуримлахаар иржээ. Энэ үед Тушээт хан гэнэт довтолж хуримлахаар цуглаад байсан бүх ноёд тайж нарыг хүйс тэмтэрчээ. Галдан үүнд өөрийгөө их буруутгаж байсан байдаг. Эртнээс Түшээт хан догшроод хэцүү байна гэж Засагт ханыхан анхааруулсаар байтал ажиггүй байсан байна. Хоёрдугаарт Түшээт хан ямар ч гэм зэмгүй олон хүнийг хороосон ба бүр төрсөн дүүг нь өчиггүй алсанд их хорссон бололтой. Ингээд 1688 онд Галдан 30,000 цэргээ авч засагт ханд ирээд ойрдуудад үнэнч Халхуудтай хавсран Төв Халхын Түшээт Ханы Чахундорж, мөн Ойрдын Хошууд аймгийн Очирт Сэчний ач хүүгийн цэргээс бүрдэх холбоотны армийг 2 ч удаа хиар цохисон байдаг. Занабазар, Чахундорж нар гэхдээ аль 1660 аад он гэхэд л Манжийн нөлөөний бүс болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Учир нь Чахундоржийг хан болсноос хойш Манжууд өөрсдийн үзэмжээр халхын нутгийг хэд хэдэн хошуу болгож, эрх мэдэл энэ тэнцүү ноёдыг олон тоогоор дэвшүүлэх бодлого хийж байсан нь харагддаг. Зуунгар Ойрдууд Хошууд Засагт Хан Түшээт хан Хотгойд Сэцэн хан хамтдаа, бие биедээ илүү итгэж, нэгдмэл Монголын үзэл санааг сахиж байсан бол Манжууд хэзээ ч ар Монгол руу халдаж зүрхлэхгүй байсан. Харамсалтай нь, Чахундорж гэж эрх хүүхэд аавынхаа захиасыг огоорч эрх мэдэл эд хөрөнгөнд шунан ядаж яваад улсаа ч алдаж, өөрөө ч өлмөн зэлмэн, цагаач, дүрвүүл маягаар явсаар хүний нутагт их сэжигтэй байдлаар ясаа тависан юм.

Tuesday, May 3, 2011

Монголын үрсийг “Манкурт” болгох санаархал 1

Л. Нямаа
Олон жилийн өмнө юмсан. Ардын уран эохиолч С.Эрдэнэ Москва явж ирээд ярихдаа “Ч.Айтматовтай уулзлаа”Фүжи ууланд авирсан нь” жүжгээ надад үзүүлэх гэж “Собирмэник театр дээр очоод олж чадсангүй тасалбар нь сарын өмнө дууссан гэж байна гэснээр миний горьдлого дуусаад “Зуунаас урт өдөр” романы тухай ярилцав. Би Айтматовоос “Манкурт” боолын домгийг яаж олсон вэ гэж асуухад Айтматов: “Танай домог шүү дээ гэж өгүүлж билээ Домогт өгүүлэх ину: “Тэд олзны хүнд аймшигтай эрүү шүүлт тулган толгойг нь ширлэж оюун санааг нь хөнөөдөг байна… Манкурт боол ямар омог төрлийн хэн болохыг мэдэхгүй нэрээч мэдэхгүй, хүүхэд ахуйгаа, эцэг эхээ дурсан санаж мэдэхгүй, нэг үгээр хэлбэл өөрийгөө хүн гэж ухаж мэдэхгүй болдог байна… Манкурт боол бол эзэндээ морь нохой мэт үнэнч зүтгэдэг. Бусадтай хавьтаж нийлэх гэж огт үгүй… Найманы эх Манкурт боол хүүдээ өлгийн дуу дуулж өгөв өлгийн дуу хүүд тун сайхан санагджээ. Хүүгийн нар салхинд идүүлж тас харласан царайд нэг амьд ямар нэгэн бүлээн цус илэрснээ болив… Найманы эх бас өнөө оюун баларсан хүүгийнхээ ухаан санааны дүлий хаалгыг балбаж: -Чи хэний хүүхэд вэ? Нэр чинь хэн билээ? Чиний эцэг Донинбай шүү дээ гэж ухааруулахыг оролдсоор байжээ…
-Жолимоон “Миний хүү” гэж дуудан тэмээн дээрээс эргэн харж хүүе битгий” харва! гэж амжиж өгүүлж Акмэгаа эргүүлэх гэж давиртал сум шуугих огцом чимээ гарч буруу талын сүвээ рүү нэвт шаах нь тэр… энэ бол үхлийн харвалт байлаа. Найманы эх тонгойн тэмээний хүзүүнээс зуурсаар алгуурхан унав”. Манкуртын домог ийнхүү төгсөв. Манкуртын домгийг зохиолч юуны учир романдаа оруулсан юм. Энэ романы агуулга ямар нөлөөтэй юм бол? Ч.Айтматов энэ асуултанд: “Ухаан санааг чинь дээрэмдэж өрөлбө бахиар хушга хавчиж байгаа юм шиг толгойг чинь хавчиж тэмээний тас татсан шийрээр уураг тархийг чинь алгуур сорж, үл үзэгдэх төмөр цагираг углажээ… Оюун ухаан сэтгэлд байгаа үнэт зүйлийг булааж сүйтгэдэг тухай өгүүлжээ.
Ч.Айтматов романдаа Манкуртын домгоор уншигчдад хэлсэн далд санаа нь юу вэ? Аливаа улс төрийн дэглэм, үзэл суртал, хэвшмэл номнол хүнд суртал хүнийг “Манкуртын боол” болгодог юм шүү!” гэж өнөөгийн хүн төрөлхтөнд сануулжээ. Бид коммунист үзэл сурталд толгойгоо ширлүүлсэн Манкуртууд байжээ. Бидний үр хүүхэд, ач, гуч, нар хүнд сурталтан эрхтэн дархатны гараар толгойгоо ширлүүлж Манкурт боол болох нь ээ! Дэлхийд нээлттэй, ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийг Үндсэн хуулиндаа тунхагласан Монгол Улс “Манкурт боол”-ын өсч бойжин, амьдарч урлагийн суут бүтээлийг галдаа шатаагчид мөн үү? Биш ээ гэж хариулахын учир үүнийг өгүүлэх нь: Хүн төрөлхтөн ирээдүйд амьдрах нийгмээ оюунлаг ёс зүйтэй ертөнц хэмээн төсөөлж дэлхийн улс орнууд их зүйлийгбодож, санаа хийж эхэллээ. Үүний хамгийн сүүлийн жишээ нь саяхан Казакстан улсын шинэ нийслэл Астана хотод оюуны соёлын бүх дэлхийн чуулга уулзалт юм. Энэ чуулган хүний хөгжилд анхаарлаа хандуулж орчин үөд болон ирээдүйд хүний төлөвшлийг юуны урьд оюуны чадамж, оюуны соёлтой нь түлхүү холбон оюунлаг боловсролд суралцах чадвар гэж тодорхойлсон тухай энэ чуулганд оролцоод ирсэн Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Д.Цэнбэл “Өдрийн сонин”-д бичсэн байна, Ертөнцийг юу аврах вэ? гэдэг аугаа том асуулгыг өөртөө тавиад мэргэдээс хариултыг сонирхвол П.Достоевский “Ертөнцийг гоо сайхны ухамсар аварна”, Дээрхийн гэгээнтэн Далай лам, Д.Урианхай нар “Ертөнцийг ёс суртахуун аварна”, А.Солженицьен “Ертөнцийг үнэн үг аварна”, А.Мэтью “Ертөнцийг яруу найраг аварна”, Сэнгийн Эрдэнэ “Ертөнцийг пантэеизм буюу байгальд шүтэх үзэл аварна” хэмээсэн бол саяхан Астанад болсон дэлхийн чуулган: “Ертөнцийг оюунлаг хүн аварна” хэмээжээ. “Оюунлаг хүн” хэмээх ойлголт саяхны ойлголт бишээ. Аугаа их удирдагч Чингис хаан “Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй, Мунхаг хилэнгээс илүү муу дайсан байдаггүй” хэмээн айлджээ. Оюунтай төрсөн Өүлэн ээж гэж нууц товчоо маань хүүрнэдгийг бид юу эс андах билээ. Оюун ухаан, оюунлаг чанарын тухай, оюунлаг хүмүүний тухай хүн төрөлхтөн санаашран бодсоор 21 дүгээр зуунтай золгосон юм. Оюунлаг хүмүүн тэнгэрээс бууж ирж биднийг гийгүүлэхгүйн нь мэдээж боловч сүүлийн үед “Индиго”, “Кристал”, хүүхдүүд төрж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллүүд шуугиж байна. 21 дүгээр зуун түүнээс цааших он жилүүдэд амьдрах хүмүүнийг яаж төлөвшүүлэх вэ? гэдэг хэцүү асуудал ирээдүй судлаачдын толгойг өвтгөж байна. Энэ цаг үед К.Марксын “Хүн төрөлхтөн ирээдүйд өсөх нь хүмүүжлээс шалттаална” гэсэн ухаалаг үг улам хүчтэй сонсогдох боллоо. Өнөөдөр дэлхий дахинд өс зүйтэй, оюунлаг, эрүүл саруул, урлаг уран зохиолын үнэт чанар хүнд, хүүхэд багачуудад үзүүлэх сайн нөлөөллийн тухай бичих болов. Эрүүл саруул оюунлаг өс зүйтэй урлаг уран зохиол гэж юу вэ? гэдэг асуултанд сэтгэл судлаач Лаура Сөкивөльч хариулахдаа: “Хүмүүн эрүүл саруул байх, өртөнцийг гэрэл гэгээтэй харахад хөтөлдөгэрүүл саруул мэдрэмж, сэтгэл хөдөлгөөн бэлэглэдэг урлаг уран зохиолыг хэлнэ хэмээжээ. Эндээс бид хүүхдүүддээ ямар уран зохиол уншуулах вэ? гэдэг асуултанд хариулахын тулд бид сүүлийн 20 жилд ямар зохиол уншуулсан билээ? Хүүхдүүд маань хэн болсон билээ? гэсэн асуултанд хариулах хэрэгтэй болно. Энэ асуултын хариулт нүдэн дээр маань харагдаж, үзэгдэж гайхашруулж байгаа учраас хариулах нь илүүц гэж үзэж бид хүүхдүүддээ юу уншуулах вэ? гэдэг асуултанд хариулахыг хичээсү. Энэ асуултанд хариулахын тулд яруу найрагч номын дүү Дашийн Оюунчимэгийн тусламжаар Орос, АНУ, Англи, Кембрижийн сургалтын хөтөлбөрт 1-8 дугаар ангийн хүүхдүүдэд хичээлээс гадуур уншуулдаг номын нэрсийг авч үзлээ.
Манай дунд боловсролын хичээлээс гадуур унших зохиолд… Р.Чойном “Шоронгийн дуу” шүлэг, Б.Явуухулангийн “Социлизмын үөд болсон Орос, Хятадын хилийн мөргөлдөөний тухай “Үсүри мөрөн дээр бодсон бодол» шүлэгоржээ. Энэ хөтөлбөрт зохиол сонгохдоо даанч хариуцлагатай ханджээ гэж харамсах, гайхах сэтгэл төрөв. Шинэ хөтөлбөр, стандарт боловсруулж байх үед хөдөөгийн муу багш би “Оюун сэтгэлийн мөслөг” хэмээх өгүүлэл бичиж “Өдрийн сонин”-д “Нээлттэй сургууль” нийтлэл нийтлүүлж уран зохиолын хичээл агуулга, заах аргыг өөрчлөх санал тавьж хөтөлбөрт оруулах зохиолыг сонгохдоо зөвхөн уран чадвараар сонгохыг санал болгосон юм. Хөтөлбөр стандарт боловсруулах ажилд оролцсон миний найз: Хөтөлбөрөөс зохиолыг нь хасна гэхээр зохиолчид маань “Боож үхэхээс” наахнуур юм ярих юм гэж хэлснээр үлгэр дууссан юм. 2009 оны зургаадугаар сарын долоонд болсон Монголын зохиолчдын их чуулган дээр дунд сургуульд уран зохиол заахаа больж байгаа тухай олонтоо яригдсансан. Миний олж дуулснаар ерөнхий боловсролын сургуульд уран зохиол заадаггүй, уншуулдаг АНУ, Англи зэргийн орнууд бий. Энэ орнууд хүүхдүүдийг уншиж чадахгүй бага цагт багш нь уншиж өгдөг номын нэртэй, уншиж чаддаг болсон хойноо өөрөө унших номыг хүүхдүүдийн тоогоор хэвлээд гэрт нь, ангид нь номын санд тавиад өгдөг л орнууд шүү дээ. Ерөнхий сайдаа! БСШУ-ны сайдаа! Галуу дуурайж Хэрээ хөлөө хөлдөөнө гэсэн нэг үлгэр, цэцэн үг байдаг даа. Энэ цэцэн үг, үлгэрийг албан тасалтаандаа томоор бичиж хадаад өдөр бүр уншиж байхад илүүдэх юун. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх ину: Көмбрижийн хөтөлбөрт 1,2 дугаар ангийн унших, уншуулахзохиолыгхарж үзэхэд хөтөлбөрт ирсэн зохиолууд нь зул сарын баяр, эрүүл мэнд, шувуу, ус, цөл, уулс, эдэлбэр газар зэрэг өргөн агуулгатай, унших хэлбэрийг зааж өгсөн тухайлбал: Дуулдахаар, группээр унш гэж заасан байх юм. Хэрвээ Монгол Улсын дунд боловсролын тогтолцоонд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаа шулуудаад зүтгэвэл бэлтгэл ажлын хүрээнд хүүхэд биө дааж унших, багшдаа уншуулах дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлийг орчуулах, хэвл үүлж хүүхдэд хүргэх төрийн бодлого баймаар байна. Монголын үрсийг 21дүгээр зууны Манкурт болгохгүй юмсан гэж нэгэн үзүүрт сэтгэлийг барьж яруу найрагч Д.Оюунчимэг нар “Хөх дэвтэр” хэвлэлийн газар байгуулж дэлхийн улс үндэстнүүдийн хүүхдийн шилдэг зохиол бүтээлүүдийг сонгон орчуулж “Эрдэнэсийн сан”, “Дэлхийн хүүхдийн шилдэг зохиол” “Хөх дэвтэр” гурван цувралаар хэвлэн сурталчлах ажлыг эхлээд 2009-2010 онд 20 дугаар зууны хүүхдийн уран сэтгэлгээний оргил болсон “Бөгжний эзэн” тэргүүний 18 ном хэвлүүлээд “Нарлинтийн он дарааллын түүх” тэргүүтэй 48 номын эхийг бэлтгээд заримыг нь хэвлүүлж эхлээд байна.
Хөх дэвтэр хэвлэлийн газрын зорилго нь юуны түрүүнд хүүхдийн шилмэл зохиолын 108 боть гаргах, Монгол орны сургалтын тогтолцоонд Кембрижийн хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл тэрхүү хөтөлбөрийг 1-8 дугаар ангид хичээлээс гадуур бие дааж унших номыг анги ангиар нь орчуулж хэвлүүлээд, сургалтанд ашиглах боломжийг бүрдүүлэх явдал юм. Бас Монголын ард түмний 2220 жилийн түүхэндээ бүтээсэн аугаа их аман болон бичгийн уран зохиолын дээжсийг хэвлэж гаргах болно. Жишээлбэл:Бидэнд үлдсэн ганцхан Хүннү дуу:
Тансаг сайхан Килан уулаа алдаад бид
Таван хошуу мал маань өсөхөө болив Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх Тэртээ ууландаа яаж хүрэх билээ Өнөр баян Яньчжи уулаа алдаад бид Үзэсгэлэнт хатад минь өнгө зүсээ алдав
Ямархан нутгийн зосоор одоо Яажшуухан хатад маань хацраа гоодох билээ.
Доктор Я.Ганбаатарын судалгаалаас авав. Сократ мэргэн “Тоо бодож тоочин болноо, яруу найраг уншиж хүн болно” 20 дугаар зууны нэрт сурган хүмүүжүүлэгч, гоо сайхны боловсрол олгодог дэлхийн ганцхан сургууль болох Паблишийн сургуулийн захирал В.А.Сухомлиский “Хийл, хутга хоёр нэг халаасанд багтахгүй” хэлсэн үгийг санахул бид Монголын залуу үөийнхнийг “Хүмүүнлэг боловсрол-хүмүүжлийн тухай” үндэсний хэмжээнд ярилцмаар болсон байна шүү! гэж бодном.Монголын түүхийн хар өдөр “Долдугаар сарын нэг”-ний хэрэг явдлын дараа Монгол Улсын ерөнхий сайд асан С.Баяр “Залуу үеийн хүмүүжлийн тухай ярилцах цаг болжээ” гэж дуугарахад дотроо баярлаж хэлэх үгээ бэлтгэх ухааны юм болж байв. Гэвч энэ үш усанд хаясан чулуу шиг алга болсондоо. Би тэр хэрэг явдлыг зурагтаар харж суухдаа “Бид хойч үөийнхээ нэг хэсгийг алджээ” гэж бодсон. Саяын Манкуртууд, Бандалууд олширвол өнөөдөр байшин барилга, урлагийн дахин давтагдашгүй бүтээл, морин хуураа шатаалгаад маргааш эх орноо шатаалгах юм байна гэж харамссан. Энэ харамсал минь энэ нийтлэлийг бичихэд хүргэв. Тэнгэр мэт шүтдэг төр засгийн гурван өндөрлөг Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд нартаа хүсэх нь:
НЭГЭН ЗҮЙЛ:
Хөх дэвтэр хэвлэлийн газраас гаргаж байгаа дэлхийн хүүхдийн шилдэг бүтээлийн цувралыг хэвлүүлэх, сургууль, хүүхдэд хүргэх асуудлыг төрийн бодлогын төвд тавьж ном хэвлэх тоог 1 -8 дугаар ангид хүүхдийн тоотой харьцуулан тогтоох, энэ насны хүүхэдтэй айл өрхийн тоог ч бодолцох, 700 гаруй сургуульд номын санд 5-15 ширхэг ноогдохоор тооцоолж хэвлүүлж номын тоо олширвол номын үнэ багасч хүүхэд бүхэнд хүрэх сайхан боломж нээгдэхийг ухаарч ойлгохыг дэмжих жил бүрд улсын төсвөөс энэ асуудалд буюу Монгол хүүхдийн хөгжлийн төлөө жил бүр нэг тэрбумаас доошгүй төгрөг суулгаж үр дүнг тооцож. хянах. Одоогоор бид хичнээн гүйсэн боловч яам тамгийн газрынхан элдэв шалтаг тоочиж харж үзэхийг хүсэхгүй бидний өмнө хүнд суртлын мөсөн уул босгож байна.
12 жилийн сургалттай сургуульд хүмүүнлэг ухааны хичээлийн хөтөлбөрийгн стандартыг ард нийтээр хэлэлцүүлж төгс боловсолтой болгох. Саяхан доктор Д.Ганбаатар “Их засаг сонинд өгсөн ярилцлагандаа: “Дэлхийн уран зохиолоос реалист ба рөалист бус сэтгэлгээний зохиолуудад 6-7 дугаар ангийн хөтөлбөрийг оруулж өгсөн тухайлбал: Ж.Н.Сартрын “Хан туурь” гэх мэт…” гэж хариулсан нь тархинд минь гэрэл татуулав. ЕБС-ийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нь тохируулан Т.Аюурзана онож нэрлэснээр “Хүнд зохиол” сэтгэл судлаач, утга зохиол судлаач Лаура Эскивельчийн “Ухаалаг” уран зохиол уншуулахгүй хоосон магтаал юм уу С.Долгор, Дулмаа хоёр хэрэлдэж нүүрээ маажилцав гэх мэт зохиол уншсаар байгаад сэтгэлгээ нь мөсдөж 11 дүгээр анги төгсөөд их дээд сургуульд оюутан болсон залууст Гуржавын Нямдорж: Хоёр түнэлийэ хооронд Хүдэр манан татахад Модон хөл минь даарав гэсэн гурван мөрийг уншихад “Модон хөл даарна” солиотой мөр байна” гэх буюу зохиолч яруу найранчид нь Ж.Жосөийн Алдарт “Улиссей”-ийг уншаад орчуулга нь муу ч юм уу “тэнэг зохиолч” гэж нэрлээд сууж байна. Юутай харамсал… Би Хэнтийд ажиллаж байхдаа Г.Баатарсүх эахиралтай өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд Харвардын их сургууль төгссөн залуу эмэгтэй багштай хамт ажиллаж байсан юм.Тэр дэлхийн уран зохиолыг дэндүү мэднэ. Тэр сургуульд мэргэжил харгалзахгүй дэлхийн уран зохиолыг судлуулах цаг. зохиолын тухай чөлөөт ярилцлага болон маргаан мэтгэлцээний цаг байдаг тухай ярьдагсан. Оросын аугаа физикч Ландау Ломоносовын Их сургуульд оюутнуудаас физикийн бус уран зохиолын ялангуяа Ф.Достоевскийн алдарт романуудыг асууж шалгалт авдагтухай ярьсансан. Чингис хааны шарилыг эрэх “Гурван гол” шинжилгээний ангийн нэг удирдагч “Имамури” сонины ажилтан ноён Эмото Өндөрхаан хотод болсон уулзалт дээр: Японы хүүхдүүд 3000 хакү цээжилж утгыг тайлж уран сайхны сэттэлгээгээ хөгжүүлдэг гэж ярьсансан. Би энэ бүхнийг дурьдахдаа төр засгийн удирдлагууд болон бүх шатны сургуулийн удирдлагуудыг нэгийг ухаараасай гэж бодном.
НЭГЭН ЗҮЙЛ:
Отрын хоёр жилд бэптгэлийг сайтар хангаж “21 дүгээр зууны Монгол хүний төлөвшлийн боловсрол” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулж Монгол хүний хөгжил, хүмүүжил боловсролын асуудлыг хүүхэд судлал, боловсрол судлал, сэтгэл судлал зэрэг олон ШУ-ны уулзварыг авч үзэх тодорхой дүгнэлт өгч ШУ-ны шийдвэр гаргаж хэрэгжүүлэх арга замыг зөв тодорхойлох нь Монгол орших уу эс орших уу? гэдэг асуултанд зөв хариулах гарц хэмээн мунхагланам. Энэ бодлого шийдвэр Монголын үрсийг “Манкурт” болгох санаархлаас хамгаалж авч үлдэх болно. Үүний тулд энэ бяцхан нийтлэлийг бичив. Болгоон Соёрхогтун.


“Оюу толгой төсөл”-ийн гэрээний талаар МҮХАҮ-ийн танхимаас:

-Стратегийн орд газруудыг ашиглах эрхтэй компаниудыг нээлттэй хувьцаат компаний хэлбэрээр байгуулах.
-Стратегийн орд газруудад түшиглэн байгуулсан ХК-ийн “Алтан хувьцаа”-г Монгол Улсын Засгийн газар хугацаагүй эзэмшсэн байх.
-Стратегийн орд газруудад түшиглэн байгуулсан ХК-ийн хувьцааг 100 хувь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг байх.
-Стратегийн орд газрууд дээр түшиглэн байгуулагдсан ХК-иуд нь хөрөнгө оруулалтын зорилгоор саналын эрхтэй хувьцаа нэмж гаргавал Монгол улсын засгийн газрын эзэмшдэг хувь хэмжээг алдагдуулахгүйгээр үнэ төлбөргүй нэмж өгч байх зэргээр шинээр үүсэх компаниудын тулгуур нөхцөлийг бий болгон холбогдох үүсгэн байгуулалтын гэрээ хэлцлүүдийг хэрэгжүүлэх нь нийтийн эрх ашигт нийцнэ гэсэн дүгнэлт саналыг Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгойн төслийн гэрээг боловсруулах ажлын хэсэгт хүргүүлж байсан билээ.

Засгийн газар Оюу толгойн орд газрыг ашиглахаар Айвенхоу болон Рио Тинто-той Хөрөнгө оруулалтын гэрээ, Айвенхоутай хувь нийлүүлэгчдийн “нууц” гэх гэрээ байгуулахдаа дээрх зарчмыг огт баримтлаагүй төдийгүй УИХ-ын 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол, Монгол улсын олон хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд бодитой аюул занал учруулж болохуйц гэрээ байгуулсан байна.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасны дагуу “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь Монголын хөрөнгийн биржээр хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг арилжих” ёстой. Энэ заалтын дагуу Стратегийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүгд хувьцаат компаний хэлбэртэй байх бөгөөд Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байх ёстой.

Гэтэл хуулийн энэ заалтыг хэрэгсэлгүй Оюутолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч Оюутолгой ХХК нь хаалттай компаний хэлбэртэй байхаар гэрээ байгуулсан. Үүнээс үүдэн ашигт малтмалын баялаг ордын ашиглалтын тусгай звшөөрөл эзэмшигч этгээд өөрийн хувьцааг нийтэд санал болгох үед үнийн өсөлтөөс олж буй асар их хэмжээний орлогын 34 хувийг Монголын тал хүртэх боломжгүй болгосон бөгөөд харин Оюутолгой ордын газрыг ашиглахаар Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаны дараа Торонто, Нью-Йоркийн бирж дээр Айвенхоугийн хувьцааны үнэ 4 дахин өсөж, 10 орчим тэрбум долларын хөрөнгө босгосон байна. Монголын засгийн газар үүний 34 хувийг эзэмшсэн бол олох байсан 4 тэрбум шахуу долларын орлогоо алджээ. Хэрвээ Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг мөрдсөн бол Айвенхоугаас жилийн 6,8 хувийн нийлмэл хүүтэй /улирал бүр өр болон түүний хүүг тооцоод дараагийн улиралд өмнөх улирлын хүүгээс хүү тооцох/ зээл авч өөрийн 34 хувьд оногдох санхүүжилтээ хийгээд олон жилийн турш ногдол ашгаараа хуримтлагдсан асар их хэмжээний өрийг төлсөөр байгаад гэрээний 30 жилийн хугацаа өнгөрөхөд 700,0 сая шахам долларын өртэй үлдэх /УИХ-ын дэргэдэх судалгааны газраас гаргасан тооцоогоор/ цөхцөл байдалд хүрэхгүй байсан билээ. Эндээс харахад Ашигт малтмалын тухай хуулийн ганцхан заалт болон МҮХАҮТ-ын дээрх дүгнэлт, саналыг хайхралгүй орхисон нь үндэсний эдийн засагт ямар их хэмжээний хохирол учруулж байгааг илэрхий харууллаа.

2. Айвенхоутай байгуулсан нууц гэгдээд байгаа хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3(B) дэх заалтад Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дахь заалтын дагуу компаний хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг зөвхөн Монголын тал хариуцана гэсэн Монголын талын энгийн хувьцааны эзэмшлийн хувийг 24 хувь болгон буулгаж, УИХ-ын 57 дугаар тогтоолоор баталсан “Оюутолгой ордыг ашиглах хөр өнгө оруулалтын гэрээний тухай тогтоолын 1-р заалтыг зөрчих нөхцөл бүрдүүлсэн.

3. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 10.2(B) заалтын дагуу аль ч үед энгийн хувьцааны нийт хөрөнгөд эзлэх жин 60 хувиас хэтрэхгүй гэсэн заалт нь Монголын талын эзэмшил компаний нийт хөрөнгөнд хамгийн дээд тал нь 20,4 хувь (60%*34%=20,4%) байх хязгаарлалт тавьж, УИХ-ын 57-р тогтоолын 1-р заалтыг зөрчих нөхцөл бүрдүүлсэн байна.

4. УИХ-ын 57-р тогтоолын 2-р заалт нь Засгийн газарт Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах үүрэг өгсөн боловч Хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг болох хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол улсад хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн. Үүнд:

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9,1, 10,1(a) заалтууд нь Компаний тухай хуулийн 3,3, 33,1 дэх хэсгүүдэд тодорхойлсон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө оруулах үндсэн эрхийг хязгаарласан.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15,10 (г) заалт нь Монголын талын хувьцаа эзэмшил 50 хувьд хүрсэн тохиолдолд ч Айвенхоу майнз нь менежментийн эрхийг бүрэн хэмжээгээр, хязгаарлалтгүйгээр хадгалах бөгөөд компаний ТУЗ-ийн бүх хурал болон хувь нийлүүлэгчдийн бүх хуралд заасан асуудлаар шийдвэрлэх саналын эрхтэй байна гэж заасан нь Компаний тухай хуулийн 3,3, 33,1, 33,5 хэсгүүдэд тодорхойлсон хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааныхаа тоогоор санал өгөх үндсэн эрхтэй гэсэн зарчмын ач холбогдолтой заалтыг зөрчсөн.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6,2(a), 6.4(c) заалтуудын дагуу зөвхөн Айвенхоу майнз группын аль нэг компанийг маш өндөр төлбөртэйгөөр /гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дээрх зардлын 6 хувиар/ менежментийн баг хэмээх нэр доор хөлслөх шардлага тавьсан нь Компаний тухай хуулийн 89 дүгээр зүйлийн заалтыг зөрчсөн сонирхолын зөрчилтэй хэлцэл болсон бөгөөд компаний нийт зардлыг маш их хэмжээгээр өсгөх, тэр хэмжээгээр Монголын талын өрийг өсгөхөд хүргэх заалт болсон. Эдийн засагчдын тооцолсноор зөвхөн 1 жилийн менежментийн хөлс гэгч нь Монголын бүх төрийн албан хаагчдын 2 сарын цалинтай тэнцэж байна.

Гэрээний 14.2(в) заалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.8-д заасан Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байхаар зааж мөн хуулийг зөрчсөн байна.

Гэрээний 15.10 (б) заалт нь УИХ-ын 57-р тогтоолын 3-т анхын хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааг 50 хувь хүргэх гэсэн заалтыг зөрчиж, энэхүү гэрээг анх удаа сунгасны дараа буюу 30 жилийн дараа хэрэгжүүлэхээр зохицуулж, уг заалтыг шууд зөрчсөн.

Хувь нийлэгчдийн гэрээний 15.6 (a)-д Оюу толгой төслийн хэрэгжих хугацаанд “Эрдэнэс МГЛ” компанийг 100 хувь төрийн өмчлөлтэй байна гэж заасан нь өмч хувьчлах тухай бодлогыг тодорхойлох талаар УИХ-ын хуулиар олгосон эрхийг хязгаарлах заалт болжээ.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 5.2-т Компаний тухай хуулийн 12 дугаар бүлэг буюу Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам тогтоосон хэсгийг хэрэглэхгүй байхаар компаний дүрэмд тусгана гэж заасан нь Компаний тухай хуулийг шууд зөрчсөн байна.

Түүнчлэн Хувь нийлэгчдийн гэрээг хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг байхаар үйлдсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 29.4, 30.4 хэсгүүд, УИХ-ын 57-р тогтоолын 2-р заалтыг хэрэгсэхгүй байх нөхцөл бүрдүүлсэн. Мөн Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.5(b)-д давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бүрэн захиран зарцуулах эрхтэй байхаар заасан нь Монголын талтай Оюу толгой ордыг хамтран эзэмшигч этгээд нь анхлан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаас өөр этгээд болох, уг ордын хувь эзэмшлийн дийлэнх хувийг цаашид өндөр үнээр авах болон барьцаанд тавих боломжийг Айвенхоу-д олгосон байна.

Энэ бүхнээс дээрх хоёр гэрээний бүтэц болон агуулга нь УИХ-ын 2009 оны 57-р тогтоол болон Монгол улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн буюу хэрэгсэхгүй байх, Оюу толгой ордыг эзэмших Монголын талын хувь эзэмшлийг уусган багасгаж, уг ордын хяналтыг алдах, Монголын талын хувь эзэмшлийг хөрвөх чадваргүй болгож олон улсын зах зээл дээр хувьцааны үнэлгээний өсөлтөөс орлого хүртэх боломжгүй болгох, их хэмжээний өндөр хүүтэй зээлийг Монголын тал зөвхөн Айвенхоу компаниас авч, санхүүгийн хараат байдал үүсэх зэрэг ноцтой сөрөг үр дагавар дагуулж байгаа нь илэрхий байна.

Эдгээр гэрээгээр УИХ-ын шийдвэрийн болон Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүртэх ёстой орлого эрс багсан, олон жилийн туршид ямар ч ашиг хүртэлгүй зөвхөн Айвенхоугаас авсан зээл, түүний улирал тутам тооцож хуримтлуулсан өрийг төлсөөр байх нөхцөл бүрэлдсэн байгаа нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, эдийн засгийн хараат бус байдалд харшилж байгаа тул тус хоёр гэрээг эргэн харах, цуцлах хүртэл арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.

МҮХАҮТ