Wednesday, March 20, 2013

Монголчууд Хятадыг “бүтээсэн нь”


Мянган жил өнгөрөхөд Хятадын эдийн засаг мухардалд оржээ.
Америкийн суут дипломатч Д.Хилл «Ирээдүйг зөгнөхөд иргэншлийн түүхээс өөр хөтөч үгүй. Түүнээс бид орчин үеийн үйл ажиллагааныхаа томьёог шавхан гаргаж авдаг юм аа» гэж тодотгон хэлж байхдаа «улс орны уг үндэс нь соёл иргэншил» хэмээх санааг онцлон илэрхийлжээ. Түүхийн явцад бүрэлдэн тогтсон соёл иргэншлийг үүсэл – хөгжил – уналтынх нь үед соргогоор ажиглаж, анхааралтай судлах нь тухайн орны нууцлаг мөн чанарт нэвтрэх хийгээд уламжлалт харилцаагаа тодорхойлох хөшүүрэг болдог билээ.

Ямагт давамгайлах зөнтэй хоёр их гүрний дунд хавчигдан орших Монголчууд бидний хөрш улстайгаа зохицож нийцэх харилцаа нь өнгөрсөн зуунд, за одоо ч гэсэн айдас – найрамдал, үзэн ядал – найрамдалд тогтож ирсэн гэвэл хэтрүүлэг болохгүй биз ээ.

...Хүй нэгдлийн газар эзэмших системийг Хятадад МЭӨ II зууны үед халжээ. Нийгэм «газар эзэмшигчид» ба «тариачид» гэх хоёр үндсэн давхаргад хуваагдаж, он жил өнгөрөх тусам тэдний ялгаа холдож, улмаар бослого тэмцэл гаарч эхэлжээ. Хятад оронд ээлжлэн тогтсон төрт улсуудын мандал, мөхлийн гол шалтгаан нь газар тариалан байв. Тэд газрын шим, тариачны хүчийг дайчлах замаар л эдийн засгаа хөгжүүлж иржээ. Ийнхүү мянган жил өнгөрөхөд Хятадын эдийн засаг мухардалд оржээ.

Хятадад анх иргэншил үүссэн тэр цаг үеэс ХIII зууны эцэс хүртэл Хятад орон улс төр, байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан «Өмнөд Хятад», «Умард Хятад» гэж хоёр хуваагджээ. Газар тариалан эрхлэхэд туйлын тохиромжтой өмнөд нутагт жинхэнэ Хятад үндэстэн оршин амьдарч байсан бол эрс тэс уур амьсгалтай умард Хятадад нүүдэлчид ба тэдэнтэй цус холилдсон эрлийз Хятадууд аж төрж байлаа. Өмнөд нутгийн Хятад хүн жижиг биетэй, урт шар шүдтэй, шардуу царайтай, загас, ногоо түлхүү хэрэглэдэг. Харин Умард Хятадын хүн том биетэй, цагаан шүдтэй, бяр ихтэй, мах голчилж иддэг нь хэдэн мянган жилийн турш эрхэлж байсан аж ахуй ба байгаль цаг уураас шалтгаалан хувьссан эволюци юм.

Монголчууд 1279 онд Хятад орныг нэгтгэн захирах хүртэл бүс нутгийн энэ хуваагдал эрчимтэй үргэлжилсээр байжээ. Умард Хятадын нутагт Хятад, Тоба, Төвд, Тангуд, Хятан, Монгол, Зүрчид, Солонгос үндэстэн аж төрж байхад өмнөдөд жинхэнэ Хятадын Тан, Сүн улс оршиж байлаа. Энэхүү хуваагдмал байдал нь зөвхөн улс төр, хүн ам төдийгүй эдийн засгийн хөгжлийг ч саланги хуваагдмал байдалд оруулжээ. Тэр үед Өмнөд Хятад эдийн засгийн хөгжлөөрөө Умардаас илт давуу байв. Дэлхийн худалдааны голомт – Араб, Европ тивийн худалдаачид Өмнөд Хятадтай усан замаар, харин далайд гарцгүй Умард Хятадтай Торгоны замаар худалдаа хийж байжээ. Усан замын тээвэр нь цаг хугацаа, зардал хэмнэж байсан бол Торгоны замаар аялах нь дээрэмчдэд олзлогдох, хязгааргүй уудам элсэн цөлд олон сар аялах, төөрөх, бараа таваар үнэ цэнээ алдах эрсдэл дагуулж байлаа.

Ашиг хонжоо хайгч худалдаачид мэдээж усан замаар Өмнөдтэй хийх худалдааг илүүд үзсэн юм. Тиймээс Өмнөд Хятадын нутагт үе залган оршсон эзэнт улсууд усан замын гол боомт – Ханжөу хотод төвлөн нийсэллэдэг байв. Мөн энд цаг агаар илүү зөөлөн дулаавтар тул газар тариалан нэн хурдацтай хөгжжээ. 

Ийнхүү түгжигдмэл Умард Хятад эдийн засгийн хоцрогдсон бүс нутаг болж хувирсан төдийгүй хил залган орших нүүдэлчин аймгуудын байнгын довтолгоонд өртөж, улс төр – эдийн засгийн гүн хямралд автжээ.

1279 онд Хубилай хаан өмнөд, умард Хятадыг бүрэн эзэлж, нэгтгэн захирах боллоо. Тэрээр асар уудам эзэнт гүрний хөгжлийг нэгэн хэмнэлд оруулахыг хүсэж байлаа. Гэвч хэрхэх тухай удтал мухардсны эцэст гарцыг олжээ.

Эзэн хаан гурван чиглэл бүхий цогц бодлого хэрэгжүүлэв.

Хубилай хаан 1271 онд Умард Хятадын Бээжин хотыг улсын нийслэл болгов. Ингээд Өмнөд Хятадыг Умард нутгаас захирах боломжтой болжээ.

Дараа нь Өмнөд Хятадын эдийн засгийн төв – далайн боомт Ханжөу хотоос засаг захиргааны төв – Бээжин хот хүртэл эгц шулуун усан суваг байгуулах зарлиг буулгажээ. Чухам энэ усан суваг л хоёр бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах ёстой байлаа. Хэдэн мянган км үргэлжилсэн усан суваг барих ажил хорь гаруй жил (1279-1300) сунжран үргэлжилж, асар их хөрөнгө, олон мянган хүний амиар бүтжээ.

Усан суваг Ханжөу хотоос эхлэж, Жэ-жян, Хуай-ань мужийг дайран шууд Бээжин хотод хүрнэ. Усан сувгаар аялах замд худалдаачид ачаа бараагаа буулгаж, түр хадгалах зорилгоор Хубилай хаан нэгэн жижиг хот байгуулсан нь эдүгээ Азид хөгжлөөрөө тэргүүлж буй Тяньжин хот билээ. Хотыг «Тэнгэрийн гарам» буюу «Тяньжин» хэмээн нэрлэсэн нь урт усан сувгийн гарам болж тэнгэрийн нийслэл Бээжин хотын наахна оршдог хэмээх гүн утга агуулжээ.

Засаг захиргааны төв нь Ханжөу хотоос Бээжинд шилжсэнээр усан замаар ирэх харийн худалдаачид нийслэл Бээжинд заавал очих шаардлагатай болсон нь мэдээж. Усан суваг баригдаж дуусахад энэ нь албадлага биш харин эрх ашиг болж хувирав. Эрэлт хаана төвлөрнө, тэнд худалдаачид очих нь жам хойно. Өдөр шөнөгүй бараа зөөх усан сувгийн дагууд арилжааны жижиг суурин олноор байгуулагдсан нь өнөөдөр Хятадын эдийн засгийн томоохон районууд болон хөгжжээ. Ийнхүү Хубилай хаан асар их зардал, тэвчээр зааж усан суваг байгуулснаар өмнөд, умард Хятадыг хөгжлийн нэгэн гольдрилд оруулж чадсан бөгөөд нэгэн захиргаанд удтал барьснаар Өмнөд, Умардын Хятадуудыг антропологийн хувьд бараг ижилсүүлсэн билээ.

1368 онд Юань улс мөхөж, Монголчууд тал нутагтаа хөөгдөхөд Хятадын шинэ эрх баригчид нийслэл хотоо өмнөд нутагт шилжүүлэхээр хоёронтоо оролдсон ч тун удалгүй умардын Бээжинд эргэн нийсэллэж байсан, мөн одоо ч Хятад улс энд төвлөсөөр буй нь эдийн засгийн хөгжлийг өмнөөс умард руу татаж, адил тэгш гольдрилд оруулах бодлого, аль эсвэл түүхийн явцад бий болсон зах зээлийн зайлшгүй шаардлага байж болох юм.

Хэрэв тэд өмнөд нутагт төвлөн суувал умард Хятад эзэнгүйрэн хоцрогдох нь зайлшгүй байсан хэрэг.

Эцэст нь Хубилай хаан газар тариаланг эрчимтэй хөгжүүлэхийг оролдож байв. Тэрээр ард түмний тогтвортой хөгжлийг газар тариалангаар хангаж болно хэмээн үздэг байсан бөгөөд үүнийгээ «Улс гүрэн хэмээгч ард иргэдээр үндэс болгомой. Ард иргэд хэмээгч идэж өмсөхөөр үндэс болгомой. Өмсөж идэх хэмээгч газар тариалангаар үндэс болгомой» гэх өвөрмөц философиор илэрхийлж байлаа. Тэгээд тариачдад ашигтай, тэдний урмыг сэргээх зорилгоор татвараас түр чөлөөлж, тариалан эрхлэх технологийг шинэчилж, урчууд, эрдэмтдээр шинэ багаж зэвсэг зохиолгож байв.

Хубилай хааны явуулсан цогц бодлогын үр дүнд Хятадын эдийн засаг үзэгдээгүй хурдацтай хөгжжээ. Ордны бичээч түшмэл Яао-суй «Улс гүрний санаашран түгших зовлон өнөд арилав» хэмээн бахдан бичиж байв. 

Хятад орон таван мянган жилийн иргэншлийн түүхэндээ энэ мэт нэгдэж хөгжсөн тохиолдол огт үгүй бөгөөд энэ утгаар авч үзвэл Монголчууд Хятадын иргэншилд гүнзгий ул мөр үлдээж, нэн аугаа зорилтыг шийдвэрлэж чаджээ.

...Мин улс (1368-1644), Чин улсын (1644-1911) үед тариаланд суурилсан иргэншилийн ач холбогдол өчүүхэн ч багассангүй, харин ч эдийн засгийн хөгжил нь газар тариалангаас улам их хамааралтай болж байв. Яг энэ үед Европт үйлдвэржүүлэлтийн эрин эхэлж, нийгмийн хувьсал, өөрчлөлт нь Өрнөдөд феодализмыг газар тариалантай хамт шахан зайлуулж эхлэв.

ХХ зууны дунд үе хүртэл Хятад дан тариалангийн иргэншлийн орон хэвээр байлаа. 1949 онд Хятад коммунист орон болсноор төрийн оролцоо голлох социалист эдийн засгийн бодлого хэрэгжиж эхлэв. Гэхдээ 1978 он хүртэл Хятад улс нь зөв бодлого хэрэгжүүлэх гарцаа эрэлхийлсэн эдийн засгийн туршилтын бүс нутаг болоод байжээ.

Улс төрийн хийрхэл гаарч, эдийн засаг нь туйлдав.

1970-аад оны үеэс эхлэн хөдөө тосгоны амьдрал муудаж, газар тариалангийн ажиллах хүчний цөм – тариачид шинэ амьдрал хайн томоохон хот суурин бараадах нь нийгмийн үзэгдэл болж хувирав. Дэн Сяо-пин-ы Эдийн засгийн шинэчлэлтийн бодлого нь зах зээлийн эдийн засгийг хүлээн зөвшөөрч, хувиараа эрхлэх аж ахуйг дэмжснээр ардууд жижиг дунд аж ахуй олноор эрхлэх болж, эрэлт хэрэгцээний жамаар хотуудын захаар оршин сууж эхлэв.

1970-1990-өөд оны хооронд тосгоны Хятадууд томоохон хотод шилжин суурьших үйл явц болж өнгөрчээ.

1977 онд V таван жилийн төлөвлөгөөнд Хятад орныг үйлдвэржүүлэх явдлыг эн тэргүүний зорилт хэмээн онцолж, ДНБ-д үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувийг эрс нэмэгдүүлэхээр заажээ. Үйлдвэрийн районуудыг сонгож, хими, барилгын материал, электроник, хөнгөн, хүнсний, төмрийн, машин, тээврийн хэрэгслийн, газрын тосны томоохон үйлдвэрүүдийг шат дараалсан бодлогоор байгуулав.

Зах зээлийн эдийн засагт түшиглэсэн Хятадын онцлогтой социализм нь үйлдвэржүүлэлтийн бодлогыг улс орондоо эрчимтэй өрнүүлснээр 2012 оны байдлаар үйлдвэрийн бүтээгдэхүүн дотоодын нийт бүтээгдэхүүний 53 хувийг хангадаг болоод байна. Тариачид мэргэшсэн ажилчид болжээ.

Эдийн засгийн баялгийн үндэс хувирахад Хятадын иргэншил асар богино хугацаанд хувирч эхэлсэн юм.

Байсаар бүр Хятадын шинэ удирдагч Ши Жинь-пин НТХ-ны Бүгд хуралд (2011.10.17) «Таван мянган жилийн турш тариаланд түшиглэн хөгжсөн Хятад улс одоо үйлдвэржүүлэлт ба томоохон хотуудад тулгуурлан хөгжих иргэншлийн нэн шинэ хэлбэрт шилжин орлоо» гэж мэдэгдэхэд хүрчээ.

Дэлхий дахинд нэн эрт цагаас гол баялгийг бүтээгч, аж ахуйн нэгэн эрин, соёл иргэншлийн уг сурвалж нь газар тариалан байв. Харин XIX зууны үеэс техникт үндэслэсэн үйлдвэржүүлэлт нь газар тариалангийн эринийг эцэс болгож, үйлдвэр дагасан хотуудын шинэ иргэншлийг бий болгожээ.

ХХ зууны шувтаргаар мэдээлэл технологийн эрин үе эхэлж, хүний амьдралын хэв маяг, аж төрөх хэвшил хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна.

Хүн төрөлхтөний эдийн засгийн шаталсан эрин болох газар тариалан – үйлдвэржүүлэлт – технологийн эрин Хятадад нэгэн зэрэг, зэрэгцэн хөгжиж байна. Хоёр зууны өмнө Европт эхэлсэн иргэншлийн томоохон хувьсал нь улс төр, цаг үеийн зөрчлөөс болж Хятадад нэлээд хожуу, тодруулбал шинэ зуунд эхэлж, дээрхи шаталсан иргэншлийн хоёр эринтэй давхцан хөгжиж буйгаараа ихэд онцлог юм.

Газар тариалан эдийн засгийн баялгийг бүтээх гол хэрэгсэл байхаа нэгэнт болиод үйлдвэржүүлэлт, технологийн хөгжил нь Хятадын шинэ соёл иргэншлийг бий болгох уг сурвалж боллоо.

Европ тив үйлдвэржилтийг урьтан хөгжүүлж, дэлхийн шинэ дэг жаяг, зонхилох соёл иргэншлийг буй болгож, ингэснээрээ хоёр зуу орчим жил дэлхийн төв болж байв. Тэд энэ байдлаа хадгалахыг хичээх нь мэдээж боловч тариалангийн иргэншилд суурилж нэн шинэ хоёр иргэншлийг сүлэлдүүлэн хөгжих Хятад улс цар хүрээ, бүтээх баялаг, инерцээрээ тэдний орыг хүч түрэн эзэлж, Ази тивийг дэлхийн төв болгож, улмаар эмзэг чухал олон үйл явдлууд Хятадаас шалтгаалах нөхцөл байдлыг бий болгох болно. Европын хүчирхэг гүрнүүд Хятадын хөрш зэргэлдээх жижиг орнуудад анхаарлаа соргогоор  хандуулж, тэднийг «ивээлдээ» багтаах болсон нь угтаа дэлхийн төвийн байр сууриа алдахгүйг хичээсэн эрмэлзэл билээ.    

Нам гүмхэн орших Монголд үйл явдал хэрхэн өрнөнө вэ?

 Таван мянган жил өрнөсөн Монгол – Хятадын уламжлал арвин харилцаанд үл зохицох соёл иргэншил, үл ойлголцох сэтгэхүй тээглэх авч өнгөрсөн зуунд дэлгэрсэн Өрнөжих оролдлого, өнөө цагт гаарсан эдийн засгийн амин цэг ба түүнийг онилох ашиг сонирхол нь огтлолцдог.

Хятад бол Монголын мөнхийн хөрш бөгөөд бид тэднийг жигшиж зэвүүцэн, эсэргүүцэн зүхэх нь огт утгагүй хэрэг. Гагцхүү өнөөгийн нөхцөл байдалд зохицож, Монгол Улсын ашиг сонирхлыг хангах бодитой арга замыг эрэлхийлэх нь л чухал.

Хятад, Монгол үндэстний иргэншил, бүтээх баялгийн цар хүрээ нь тэс ондоо боловч уламжлалт иргэншлээс үйлдвэржүүлэлт, технологийн эринд шилжин орж буй цаг хугацаа, орчин нөхцөл нь давхцдаг юм. Монголд хөдөө, хотын ялгаа холдож, улмаар төвд тэмүүлэх хэрээс хэтэрсэн процесс өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Хүн төрөлхтөний хөгжил нь аливаа формацийн дагуу заавал дэс дараатай ахидаг бөгөөд түүнийг алгасах, яаран товчлох оролдлого зайлшгүй сүйрдэг болохыг социализмын түүх нотлон харуулав.

Хөгжлийн формац болох газар тариалан – үйлдвэржилт – технологийн эрин бие биенээ халан үүсэх жамтай. Нүүдэлчин иргэншилд тулгуурлан хагас үйлдвэржсэн Монголчууд уул уурхайн баялаг, эдийн засгийн зарцуулалтанд ухаан зарж, үйлдвэржилтийг нэн эрчимтэй хөгжүүлж чадвал ирээдүйн дэлхийн төв – Ази тивд зонхилох байр сууриа зүй ёсоор эзлэх боломжтой.

Харин үйлдвэржүүлэлтийн дараах технологийн эрин бол аливаа зохицуулалтгүй зөнгөөрөө маш хурдацтай хөгждөг үзэгдэл гэдгийг дэлхийн шинэ үеийн түүх харуулж байна.

Гэвч манай оронд «үйлдвэржүүлэлт» хэмээх үг зөвхөн улс төрийн лоозонгийн утгаар хэрэглэгдсээр өдийг хүрсэн нь харамсалтай. Социализмын үед бодлогоор бэлтгэгдсэн ажилчин ангийн сүүлчийн залгамж дээр Монголын аж ахуй тогтож буй нь нууц биш юм. Бидний «хар ажил» гэж доромжлон нэрийддэг «нийгмийн бүтээлч хөдөлмөр»-ийг дэлгэрүүлэн хөгжүүлж чадсан цагт л улс орны аж ахуй илт сэргэн дэвждэг билээ.

Хөгжилд хүрэх урт замд ганцаар туучин ядалдах нь огт утгагүй хэрэг бөгөөд харилцан ашигтай нээлттэй хамтын ажиллагаа амин чухал.

Монгол Улс Хятад улсад экспортлодог ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах сонирхлоо бодит ажил хэрэг болгох шаардлагатай гэдгийг эрдэмтэд ахин дахин хэлсээр иржээ.

Европт газар тариалан – үйлдвэржилт – технологийн эрин ээлжлэн үүссэн бол Хятад, Монголд харин энэ гурван иргэншил төгс биш боловч зэрэгцэн оршиж, ашигтай давуу тал нь хосолж, ингэснээр бусад улс орны нөхөгдөшгүй сул талыг хангаж илүүрхэх өвөрмөц боломжтой болж байгаа юм.

Ингэж гэмээнэ Монгол Улс хэдийгээр хүн ам цөөн, бодит хүч бага боловч газар зүйн онцлог байршил, газрын доорхи үнэт баялагтаа тулгуурлаж, ирээдүйн дэлхийн төв – Ази тивийн чухал үйл явдлууд Монголоос хамаарах, түүнчлэн хөгжлийн түвшин илтэд дээшлэх, харьцангуй таатай орчин бүрэлдэн тогтох төлөвтэй.

Жилийн өмнөөс чих дэлсэх болсон Хятадын төрийн дээд удирдлагын зөрчил нь хөгжлийн арга замын эрэлхийллийн харшилдаан болохоос тогтолцооных нь үндэс ганхсан хэрэг биш бололтой. Хөгжлийнх нь хөдөлгүүр нэгэнт ассан билээ.

Монголын хөгжлийг энэ зуунд тодорхойлох цаг үеийн тохироо, алдах эрсдэлтэй алтан боломжийг амжих атгах нөхцөл Монголчууд бидний гарт байна.

Манай улсыг сүүлийн үед нэн их (бодит ба хийсвэр байдлаар) сонирхох болсон Хятадын бодлогыг сэтгэл хөдлөлөөр бус, нягт судалгаагаар тодорхойлох гарцаагүй шаардлага бий болжээ.

Гашуун нясуун мэт санагдавч Германы аугаа зохиолч Хочхутын үг эрхгүй бодогдоно. – «Хүмүүсийг  хонжоо, үндэстнүүдийг зөвхөн эрх ашиг л холбож чадна».

Ч.Содбилэг

Monday, January 7, 2013

НЭГ. ОВОГ АЙМГИЙН ШҮТЛЭГ УЛС ҮНДЭСТНИЙ ШАШИН БОЛЖ ХӨГЖСӨН НЬ.

Овгийн шүтлэг байснаа нийт үндэстний шашин болж хөгжсөн хамгийн сайн жишээ бол Жүдийн шашин. Үүний тухай “Хуучин Гэрээ”( Old Testament) -д тодорхой тэмдэглэжээ. Уг тэмдэглэл дэх домгийг үндэслэвэл тухайн үед “Усан галав”-ын дараа Израилийн дээдэс Ур гэдэг газар нүүн ирж амьдраад гурван зуу гаруй жилийн түүхтэй болсон байжээ. Энэ үед хүмүүс Ехова( Jehovah, Yahweh, YHWH )- ийг биш, янз бүрийн “хуурамч бурхад”-ыг шүтдэг байсан гэх. Еховагийг шүтдэг нь зөвхөн Абрахам л байжээ. Шүтлэг бишрэлийн ялгаанаас болж тэрээр өөрийн гэр бүл ба цөөн хэдэн хамаатан садангийн хамт тэндээс нүүж, Канаан(Canaan)-д ирнэ. Энэ үед Ехова нь зөвхөн Абрахамын гэр бүлийн шүтээн байв. Монгол бөөгийн үзлээр бол Ехова нь Абрахамын “харсан тэнгэр” ажээ. Ехова бурхан Иаковын зүүдэнд орж “Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна” [4] хэмээн хэлж байсан ч үүний нэг баталгаа юм. Түүний хойно Абрахамын удам бөгөөд Еховад үнэнч Иаковын гэр бүлийн 70 хүн Египетэд нүүж ирнэ. Энэ үед Иаков гэдэг нэрийг Израиль хэмээн сольж Израиль овог аймаг анх үүссэн юм. Тэгэхлээр энэ үеэс “харсан тэнгэр” Ехова нь овог аймгийн шүтээн болсон гэсэн үг. Хожим нь Израилийн 12 овгийн 10-ыг Иаковын, хоёрыг Иосефын хөвгүүдийн нэрээр нэрлэж Израиль үндэстэн бүрэлджээ.

Түүний дараа овог аймгийн шүтээн Еховагийг нийт Израильчуудын шүтэх үндэстний Жүд шашин болсон явдал бол Египетийн дарлалаас Израильчуудыг удирдан чөлөөлсөн Мосейн үйл явдалтай холбоотой. Мөн дээрх “Хуучин гэрээ”-д бичсэнээр Израильчууд Египетэд нүүж ирсний дараа олон жил өнгөрч нэг мэдэхэд фараоны харгис дарлалд орсон байв. Мосейн үе болоход боолчлол бүр оргилдоо тулж, Израиль хүнээс хүү төрвөл алах зарлиг хүртэл гарган хэрэгжүүлэх болжээ. Мосег наян настай байхад нь Ехова түүнтэй уулзаад “Миний ард түмэн Египетэд зовж байгааг би харж байна. Тиймээс би тэднийг чөлөөлнө. Ард түмнээ Египетээс удирдан гаргуулахаар чамайг явуулъя” гэнэ. Гэвч Мосе “Би бол өчүүхэн амьтан. Үүнийг хэрхэн биелүүлж чадах билээ? Тийшээ очлоо гэж бодъё. Израильчууд надаас 'Чамайг хэн явуулав?' гэж асуувал би юу гэж хэлэх вэ?” гэжээ. Түүний хариуд “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар уруу явууллаа гэж тэдэнд хэл” хэмээн Ехова хэлжээ. Тэгээд: “Энэ бол миний мөнхийн нэр” гэсэн [5] байна.

Ингээд Мосе нь Ехова-гийн нэрийг барин Израилийн олон овог аймгийг удирдан Египетээс дутаан фараоны боолчлолоос мултаржээ. Египетээс дутаан гарч Синай ууланд байх зуур Мосе ууланд гарч 40 хоног болоод Ехова бурхны өгсөн зарлиг хэмээн чулуунд бичсэн 10 зурвасыг барьж ирээд ард түмнээ мөрдөн дагахыг шаардсан нь Жүдийн шашны “10 тушаал” (Ten Commandments) [6] хэмээн алдаршжээ. Энэ 10 тушаал нь одоо хүртэл мөрдөгдөж буй Жүдийн шашны үндсэн зарчим бөгөөд хожим нь буй болсон олон шашинд нөлөөлсөн юм. Тэгэхлээр Мосе нь зөвхөн Израиль үндэстний удирдагч байгаад зогсоогүй Ехова-ыг шүтэх шүтлэгийг бүх Израилийн үндэстний шашин болгосон гол зүтгэлтэн болно.

Үүнээс дүгнэж үзвэл: Жүдийн шашны Ехова нь Абрахам, Исаак, Иаков, Мосе зэрэг овог аймгийн ахлагч нарын бурхан шүтээн байснаа нийт Израиль үндэстний Жүд шашин болжээ. Тэгвэл Монголчуудын хувьд ч гэсэн Мөнх тэнгэр нь зөвхөн Чингис хаан ба түүний овог аймгийн шүтээн байснаа нийт Монголын үндэстний шашин болсныг түүхэн баримт харуулна. МНТ-нд: Чингис хаан: "Мөнх тэнгэр мэдтүгэй"[7], "Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. ..."[8], Чингис хаан "Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү мөнх тэнгэр мэднэ."[9], Чингис хаан "Уул нурууг алславч Уг санаагаа нэгтгэж Мөрөн голыг гэтлэвч Мөн санаагаа нэгтгэж Мөнх тэнгэрийн хүчинд Мөрийн хүч нэмэгдэж Гайт Тогтоагийн хөвгүүдийг Гартаа оруулж баривал..."[10], "Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи, үзэх нүд, сонсох чих болж яв”[11], "Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархдуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв"[12], "Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан "[13], "Цэргийг чанга захирч мөнх тэнгэрт залбирч, хорь түмд иргэнийг эзлэхийг оролдогтун"[14], "Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад болтугай!"[15], "...мөнх тэнгэрт ивээгдэж, Сартуул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" [16], "Үхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!" [17], "...Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмсний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид..."[18] гэх зэргээр бичсэн байдаг нь Мөнх тэнгэрийн хүчийг мэдрэн хамгийн анх шүтэн биширч байсан нь гарцаагүй Чингис хаан болох ажээ.

Тэгвэл Мөнх тэнгэрийн шүтлэг нь зөвхөн Чингис хааны шүтлэг байгаад дууссан уу гэвэл тийм биш, түүний байгуулсан Их Монгол улсын нийт иргэдийн шүтлэг бишрэл болсон байв. Үүнийг батлах баримт олон буй. Жишээлбэл: Их Монгол улс нь төрийн тамгадаа "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай"[19] хэмээн бичих болсон нь Чингис хааны шүтэж байсан Мөнх тэнгэр нь зөвхөн хувь хүний шүтээн биш, төрийн шашин болсныг ч илэрхийлнэ. Төрийн тамгаас гадна тухай үеийн гэрэгэ, зоос зэрэг үнэт зүйлс, төрийн бодлого, үзэл санааг илэрхийлсэн албан бичгүүд дээр ч Мөнх тэнгэрийг төрийн төвшин, нийт улс үндэстний хэмжээнд шүтэж байсныг илэрхийлсэн буюу тэмдэглэн тооцсон байдаг. Мөнх хаан Францын хааны элч болох Гильом де Рубрукт: “Бидний Монголчууд цорын ганц нэгэн бурхан (Мөнх тэнгэр) -ыг шүтдэг (Believe that there is only one God). Тэрээр төрж үхэхийн заяаг захирдаг болохоор бид түүнд шударга байдаг” [20], [21] хэмээн хэлж байсан нь Их Монгол улсын үед Мөнх тэнгэрийг зөвхөн хаад ноёд биш, “Бидний Монголчууд” буюу нийт Монголчуудын шүтээн болж байсныг Мөнх хаан батлан хэлсэн явдал юм. Энд гарч буй “цорын ганц нэгэн бурхан” гэдэг нь Мөнх тэнгэрийг заажээ.

Овгийн шүтлэгээс нийт улс үндэстний шашин болж хөгжсөн шашны сэтгэлгээний түүх зөвхөн Еврей Монгол хоёр үндэстэнд тохиолдож байгаагүй. Овог аймгаас улс үндэстэн болж хөгжсөн бараг бүх үндэстэн энэ замыг туулжээ. Үүнд хамгийн анхны зохиомол шашин (байгалийн шашин гэдэг ойлголтын эсрэг утгаар хэрэглэжээ) хэмээх Зороастризмоор жишээлж болно. Заратустра(МЭӨ 628 – 551, МЭӨXIII гэсэн хэллэг ч буй) нь тухайн үеийн олон бурхад, шүтлэг бишрэлийн субъектээс Ахура Мазда(Ahura Mazda, Athura Mazda, Athuramazda, Aramazd, Ohrmazd, Ahuramazda, Hourmazd, Hormazd, Hurmuz, and Azzandara. Хурмаст гэсэн үгийн гарал үүсэлтэй холбож үзэх явдал ч буй) - г эрхэмлэн шүтэхийг онцолсон байдаг. Зороастризм нь Жүд, Христос зэрэг шашинд ихээхэн нөлөөлсөн. Буддын шашин ч Зороастризмоос зарим зүйлийг шингээж авсан гэж ярьдаг. Буддын шашныг ч гэсэн эртний Энэтхэгийн Сакяа улсын Судходана хааны хүү Сиддхартха Гаутама /563- 483/ зохиож түүнээс хойш 300 орчим жил болоод Ашока/273 - 232/ хааны үед сая төрийн дэмжлэгийг олж ихээр дэлгэрч байжээ. Христосын шашныг үүсгэгч Исүс нь өөрийгөө Давид Хааны удам, Израилийн хаан хэмээн үзэж байсан. Давид бол МЭӨ 1000 онд Израилийн хаант улсыг үүсгэн байгуулан нийслэлээ анх Иерусалим хэмээн нэрлэсэн хүн. Хэрвээ Исүсийн тэмцэл ялсан бол тэрээр хаан суух байсныг үгүйсгэх аргагүй юм. МЭ313 онд сая Ромын эзэнт гүрнээс Христосын шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Харин Исламын шашныг үндэслэгч Мухаммед /570-632/ ба Мөнх тэнгэрийн шашныг үндэслэгч Чингис хаан хоёрт ижил төсөөтэй тал буй. Энэ нь тус хоёр хүний улс төрийн тэмцэл ялсан болохоор үүсгэн байгуулсан шашин нь тухайн үеэсээ эхлэн төрийн шашны үүрэг гүйцэтгэх болжээ. Ганц харамсалтай зүйл нь Монголчууд өөрийн шашнаа хөгжүүлж уламжлах талд нь анхаарал тавиагүй, Их Монгол улс бууран доройтохын хирээр харийн шашин, соёлд дагаж оржээ.

Номзүй:

3. О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” 1998 он
4. “Ариун Библи” Эхлэл – 28 http://www.holybible.mn/
5. “Библийн тухай өгүүлдэг миний ном” Хэсэг- 2, Мөн Библийн бусад хэсэг дээр хэд хэдэн газарт энэ тухай өгүүлсэн байдаг. Египетээс гарсан нь 3:1—22; 4:1—20
6. William Barclay, The Ten Commandments. Westminster John Knox Press (2001), originally The Plain Man's Guide to Ethics (1973). ISBN 0-664-22346-X http://books.google.co.jp/books?id=jlwiXdFnaQEC&lpg=PP1&pg=PA5&redir_esc=y# v=onepage&q&f=false
7. “Монголын нууц товчоо” 1240 он ( УБ 2006 он) зүйл-172
8. Дээрх ном. зүйл-187
9. Дээрх ном. зүйл-190
10. Дээрх ном. зүйл-199
11. Дээрх ном. Зүйл- 203
12. Дээрх ном. Зүйл- 208
13. Дээрх ном. Зүйл- 224
14. Дээрх ном. Зүйл- 240
15. Дээрх ном. Зүйл- 256
16. Дээрх ном. Зүйл- 265
17. Дээрх ном. Зүйл- 265
18. Дээрх ном. Зүйл- 267
19. 1246 онд Гүюг хаанаас Ромын Пап Инносент IY -т илгээсэн албан бичиг дээр дарсан Их Монгол улсын төрийн тамгын дардас. Тус бичиг эдүгээ Ватиканы нууц архивд хадгалагдаж буй.
20. Philip Schaff.History of the Christian Church. The Middle Ages. A.D. 1049-1294 - Enhanced Version. Christian Classics Ethereal Library; 1.1 edition (June 11, 2009) B002CZQ3R0
21. The iournal of frier William de Rubruquis a French man of the order of the minorite friers, vnto the East parts of the worlde. An. Dom. 1253., by William de Rubruquis. University of Washington, From the 1900 Rockhill translation

©Зохиогч: Гүн ухааны Доктор Г.Гэрэлбаатар

ГУРАВ. НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН НАР ШАШНЫ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ ХИЙЖ БАЙСАН НЬ

Түүхийг судалж үзвэл улс төрийн том зүтгэлтэн нар шашинд өөрчлөлт шинэчлэлт хийсэн явдал олон байдаг. Христосын шашин ч, Исламын шашин ч Жүд шашны дотор үүсэхдээ шинэ шашин зохиож байна гэж үзэж байгаагүй. Гэтэл эдгээр хүмүүсийн хийсэн өөрчлөлт шинэчлэлт нь эцэстээ бие даасан шинэ шашныг буй болгосон байдаг. Түүхэнд хамгийн алдартай шашны шинэчлэл бол Мартин Лютер (1483- 1546) -ын Христосын шашинд хийсэн шинэчлэл[30] юм. Түүний шинэчлэлийн гол агуулга бол Христосын шашинтан зөвхөн Католик сүм хийд, тэргүүн хамба, Пап нарт захирагдаж, өргөл барьц төлөх албагүй, Библийг хүн болгон уншиж шууд тэнгэр бурхандаа даатган аврагдаж болно гэж үзсэнд оршино. Түүний энэ санаа 1517 онд нийтэлсэн 95 сэдэв бүхий тунхаг бичиг [31]-т нь тусгалаа олсон. Мартин Лютерын шашны шинэчлэлийн үр дүнд Христосын шашны хамгийн том салбар болох Протестант шашин үүсэж европчуудын оюун санааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Тэгвэл Чингис хаан нь Шумер, Хүннүгээс уламжлалтай тэнгэр шүтлэгт дараах уламжлал шинэчлэлийг хийжээ:

1.Хүннүгийн үед тэнгэр шүтлэгтэй байсан боловч өдөр наранд, шөнө саранд мөргөж байсан[32]-ыг үзвэл Политеизм(polytheism) -ын шинжтэй байжээ. Чингис хааныг хаан суух болтол Хамаг Монгол улс нь эцэг тэнгэр, эх газарт мөргөж байсан[33] нь Политеизмоос Дуалист сэтгэлгээн(Dualism)-д шилжсэнийг харуулна. Тэгвэл Чингис хаан нь Монотеизм(Monotheism) буюу цорын ганц Мөнх тэнгэрийн тухай ухагдахууныг буй болгосон нь Монголчуудын шашны сэтгэлгээнд хийсэн том өөрчлөлт шинэчлэлт болжээ. Монголчуудын шашны сэтгэлгээний энэхүү үзэгдэл нь орчин үеийн нийгэм-антропологи судлалын үндсийг тавигчийн нэг Эдуард Бернетт Тайлор (1832-1917) -ын хувьслын онолтой тохирдог.

2.Монголчууд эртнээс тэнгэрийг шүтэж байсан боловч бөө мөргөлийн нөлөө маш хүчтэй байжээ. Бөө мөргөл нь хэдийгээр үндэстний шүтлэг бишрэл боловч зарим сөрөг үр дагавартай байв. Тухайлбал:

1). зөвхөн бөө удган нар л сүнс онгод, тэнгэр газартай харилцаж чадна гэж үзэж байсан, гэтэл ард иргэд ба хаад ноёд бөө удган хэмээх дундын зуучлагчгүй өөрөө шууд дээд тэнгэртэйгээ харилцахыг хүсэж байжээ. Жишээ нь: “Алтан товч”-д “Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч,тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:

'Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо, би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо, би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо, би.
Хан тэнгэр эцгийн өршөөлөөр
Харь дайсныг дарлаа, би' гэж мөргөв”[34] гэжээ. Эндээс үзвэл Чингис хаан нь дайснаа дарж төр улсаа байгуулаад бөө удганд биш, тэнгэрт мөргөжээ. Түүний дайснаа дарж, эзэн хаан болсон нь бөө удганы хүч биш, харин тэнгэрийн хүч гэдгийг Чингис хаан тодорхой хэлсэн байна.

2). Бөө удган нар төрийн хэрэгт оролцон хутган үймүүлэх явдал үе үе гарч байсан. Тийм болохоор эрүүл ухаантай төрийн зүтгэлтэн нар бөө удган нарыг төрөөс холдуулахыг хүсэж байсныг үгүйсгэх аргагүй. Энэ тухай МНТ-д “Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүлрүүн: 'Мөнх тэнгэрийн сахиус, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй' гэсэнд, Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол”[35] хэмээн тэмдэглэснээс илт харагдана. Чингис хаанаас өмнө, бас түүнээс хойш ч энэ мэтийн үйл явдал олон тохиолдож байсан юм.

3). Зарим бөө удган нарын нэр хүнд өсөж, тойрон хүрээлэгчтэй болж байсан нь эзэн хааны нэр хүнд, эрх мэдлийг сулруулж байжээ. МНТ-д “Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харьяат иргэн, Дэв тэнгэрт очжээ” [36] хэмээн тэмдэглэгдсэн байдаг нь үүний тод жишээ юм.

Чингис хаан нь эдгээр байдалд чиглүүлэн бөөг дарж, тэнгэртэйг шүтэх ёсыг Мөнхтэнгэризм болгон хөгжүүлж төрийн шашин болгожээ. Энэ нь Мартин Лютерийн шашны шинэчлэлээс 300 жилийн өмнө байсан юм. Нөгөө талаас Чингис хаан нь улс төрийн өрсөлдөгч нараа дарж дуусаад төрийн хувьд нэгдэлтэй болгосон бол дараагийн ээлжит алхамдаа шашны өрсөлдөгчөө дарж шүтлэг бишрэл, үзэл санааны хувьд нэгдэлтэй болгосон явдал байв. Энэ нь Монголын нэгдэл ба цаашдын дэлхийг байлдан дагууллын үндэс суурь болж байсан нь эргэлзээгүй.

Чингис хаан Тэв Тэнгэр хэмээх бөөг дарахаас өмнө 1206 онд нэгэнт Үсүн өвгөнийг шашны тэргүүн Бэх цолд өргөмжлөөд байсан юм. МНТ-д : “Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: 'Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай' гэж зарлиг болов”[37] гэжээ. Энэ нь шашны зохион байгуулалтын хувьд ч бөө удганаас харьяат бус болсныг харуулж байгаа юм.


НОМЗҮЙ:
29. Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" XVII зуун
30. Martin E. Marty. Martin Luther (The Penguin Lives Series). New York: Viking (2004) ISBN 0-670-03272-7
31. The Ninety - Five Theses on the Power and Efficacy of Indulgences - Disputation of Doctor Martin Luther on the Power and Efficacy of Indulgences by dr Martin Luther ( 1517 ). Full English Text: 95 Theses http://www.conradaskland.com/blog/2008/11/martin-luthers-95-theses-in-latin-and-english/
32. 司马迁 (前145年或前135年-前86年), 史记 - 匈奴列传 而单于朝出营,拜日之始生,夕拜月
33. “Монголын нууц товчоо” 1240 он ( УБ 2006 он)
34. Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" XVII зуун
35. “Монголын нууц товчоо” 1240 он ( УБ 2006 он) Зүйл- 244
36. Дээрх ном. Зүйл- 245
37. Дээрх ном. Зүйл- 216


©Зохиогч: Гүн ухааны Доктор Г.Гэрэлбаатар

ХОЁР. УЛС ТӨРИЙН УДИРДАГЧ НАР ШИНЭ ШАШИН ҮҮСЭЖ БУЙ БОЛОХОД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН НЬ


Энэ тухай исламын шашныг үүсгэж Арабын хойгийг нэгтгэсэн Мухаммед /570-632/ -ын түүх сайхан жишээ болно. Тэрээр овгийн ахлагчийн хүү байсан ч эцэг эх нь эрт нас баржээ. Багаас төрөл садангаа дагаж худалдаа наймаа хийж явсан тул нийгмийн байдлыг гадарладаг нэгэн байв. Мухаммед нь Аллахын зааврыг хүлээсэн хэмээн 40 наснаас шашнаа дэлгэрүүлж эхэлсэн. Тухайн үед Араб нь тогтсон шашин шүтлэггүй, хот улсын зохион байгуулалттай, гар үйлдвэр, худалдаа нийлээд хөгжсөн, баян бүрдээ дагаж тариалан эрхэлдэг, нүүдлийн мал ахуй голлосон орон байжээ. Мухаммедын өсөж төрсөн өлгий Мэкка хотын язгууртан нар түүний шашныг хүлээж авах дургүй, хавчин гадуурхаж, хорлон алахаар завдаж байв. Тийнхүү тэрээр Мединад/тухайн үед Yathrib гэдэг байсныг Медина гэж өөрчилсөн, утга нь зөнчийн хот/ дүрвэн очиж тэндэх иргэдийн дэмжлэгийг олж 622 онд Исламын нэгдсэн зохион байгуулалт болох Уммах /umma islamiya/ -ыг байгуулжээ. Түүний дараа Мэкка хотыг эзлэн улмаар нутаг дэвсгэрээ өргөтгөн Арабын хойгийн нэгдсэн улсыг байгуулсан нь Арабын халифат улс(Caliphate 630 буюу 632-1258) -ын үндэс суурь болсон[22] юм.

13-р зуунд Мөнх тэнгэрийг шүтэгч Монголчууд сэргэн мандаж 1258 онд Арабын халифат улсыг мөхөөсөн. Гэвч нэгдсэн соёл уламжлал, шашин шүтлэг бүхий Исламын ертөнц өнөөдөр хүртэл оршсоор байна. Одоогийн Йорданы Хашемын Хаант Улсын хаан[23] бол Мухаммедын удам юм. Өнөөдөр дэлхийн дээр 15 дүнчүүр хүн Исламын шашныг шүтдэг гэсэн тоо баримт буй. Эндээс дүгнэж үзвэл:

Тийнхүү зөнч мэргэн Мухаммед ба тэнгэрлэг хөвгүүн Чингис хаан хоёрыг харцуулвал:

1.Бүгд тархай бутархай овог аймгаа нэгтгэж нэгдсэн төр улсыг байгуулсан. Түүний үндсэн дээр өнөөгийн Исламын ертөнц ба төв Азийн Монголчууд оршин тогтнож иржээ.

2.Хоёулаа овог аймгийн анхлагч, нөлөө бүхий хүн байснаа нийт улс үндэстний удирдагч болсон. Мухаммедыг амьд сэрүүн байхад нь зөнч, урьдчилан мэдэгч хэмээн шүтэн дагаж байсан(“Коран судар” [24]) бол Чингис хааныг тэнгэрт хальсных нь дараа тахин шүтэх(“Алтан бичиг”[25]) болжээ.

3.Улс үндэстнээ нэгтгэхэд бүгд шашныг ашиглажээ. Ялгаа нь Мухаммед шашнаар эхэлж зэвсгээр дуусгасан бол Чингис хаан зэвсгээр эхэлж шашнаар төгсгөжээ.

4.Энэ хоёр удирдагч оргүй газар овоо босгож цоо шинэ шашин зохиогоогүй, Исламын шашин нь Жүд ба Христосын шашны үндсэн дээр буй болсон Абархамын шашны төрөл байсан бол Чингис хааны Мөнх тэнгэр нь Шумер, Хүннүгээс уламжлалтай Тэнгэр шүтлэгт тулгуурлажээ.

5.1258 онд Арабын халифат улсыг Монголчууд мөхөөсөн явдал бол 620 гаруй жил үргэлжилсэн Исламын шашинтай халифат улс үеэ өнгөрөөж, Мөнх тэнгэрийн шашинтай Монголчуудын сэргэн мандаж түүнийг орлох түүхэн үзэгдлийн бэлэг тэмдэг байсан юм. Монголчууд Багдадыг эзлээд(Siege of Baghdad 1258) 9 түм, зарим сурвалжид бүр 80 түмэн хүнийг алсан гэж бичсэн [26] байдаг. Энэ нь бахархаад байх зүйл биш ч гэсэн Мөнх тэнгэрийн хүчээр шинэ мандсан улс үндэстний эрч хүчийг илэрхийлсэн явдал билээ.

6.Монголчууд нэгэн цагт шинэ шашин, шинэ үзэл суртлаар зэвсэглэж Христос, Ислам, Бумба, Бурхны ертөнцийг өөрийн ноёрхолдоо оруулж байсан боловч түүнээ хөгжүүлж батжуулж чадаагүй байсны улмаас болж тун удалгүй эзэлсэн нутгаа алдах, хайлж уусах замаар орсон. Харин Монголчуудад түр эзлэгдэж байсан ч өөрийн соёл, шашин шүтлэгээ хадгалж байсан үндэстэн дахин сэргэсэн юм.

7.Мухаммедаас хойш олон хүмүүс Исламын шашныг хөгжүүлэх, улам боловсронгуй болгоход анхаарч ирсэн бол Чингис хаанаас хойш Мөнх, Гүюг зэрэг цөөн хэдэн хаадыг эс тооцвол Мөнх тэнгэрийн шашнаа өөд нь татсан хүн байхгүй, гэдрэгээ тухайн газар орны хэл соёл, цус, шашин шүтлэгт уусах, нутагтаа байгаа нь буддизмд орох байдлаар мөхөн доройтжээ.

8.Чингис хаан өөрийгөө Мухаммед шиг зөнч, урьдчилан мэдэгч гэж зарлаагүй ч түүнийг тэнгэрт хальсны дараа бурханчилан шүтэх болжээ. Мусульман хүн "Аллахаас өөр бурхан үгүй, Мухаммед бол түүний элч мөн гэдгийг гэрчилж байна"[27] гэж мөргөдөг бол Монголчууд “Мөнх тэнгэрийн хүчин дор, (Чингис хааны) Их суу залийн ивээл дор” хэмээн хэлж ирсэн байх ба Батмөнх даян хаан Мөнх тэнгэрт зарга заахдаа:
“Дээр тэнгэр эзэн (Мөнх тэнгэр) чи мэд.
Дэд болсон эзэн богд минь (Чингис хаан) чи мэд” /Лувсанданзангийн “Алтан товч”/ хэмээн[28] өгүүлж байснаас үзвэл Чингис хаан нь Мөнх тэнгэрийн дараа орох элч төлөөлөгч болох ажээ.

Номзүй:
22. 小杉泰 『ムハンマド―イスラームの源流をたずねて』 (Historia:山川出版社、2002年5月)
23. Al-Hussein, Abdullah II bin. Our Last Best Chance: The Pursuit of Peace in a Time of Peril, New York City: Viking Adult, 2011. ISBN 978-0-670-02171-0. Official website of his majesty King Abdullah II. http://www.kingabdullah.jo/
24. “Коран судар” Орчуулсан нь Ч. Гомбосүрэн УБ 2006 он http://nom.hicheel.mn/index.php?module=book&cmd=book_show&id=113
25. “Алтан бичиг” ӨМ 2003 он
26.『ブリタニカ国際大百科事典』(1974)pp.158-159「バグダード」(糸賀昌昭訳)
27. Исламын шашны үндсэн таван үйлийн нэгдүгээр, Англиар: There is no god but God; Muhammad is the messenger of God
28. Их Монгол улсын “Алтан гэрэгэ” зэрэг олон сурвалжууд

Хүн байхын утга учрыг юу гэж ойлгох вэ.

Хүний амьдралын утга учир, мөн чанар юу вэ. Төгс амьдрал гэдгийг урт удаан амьдарсанаар, байнгын амжилт бүтээлээр, эсвэл амьдарлын зорилго итгэл үнэмшилдээ тууштай хандаснаар хэмжих үү. Энэ асуултанд ямар ч байдлаар хариулж болох ч амьдарлын зорилго, итгэл үнэмшилдээ үнэнч байна гэдэг амжилт бүтээлээр хачирлаагүй байсан ч эрхэм дээд чанар бололтой.
Ойрадын Галдан Бошгот зуун модны орчим болсон шийдвэрлэх тулалдаанд манжийн их цэрэгт /халх, өвөр монголчууд орсон/ ялагдан улмаар дахин сэхээ авч чадалгүй доройтохдоо Манжийн Энх-Амгалан хааны талдаа урвуулан татах гэсэн элдэв явуулгыг няцаан оронд нь тэнгэрт халихыг эрхэмд үзсэн байдаг. Ингэснээрээ тэрээр баруун ба Халх Монголчуудыг шууд захирч, Дундад Ази болон Төвдийг эрхшээлдээ барьж асан их хааны нэр сүрийг манжийн хааны албат хэмээх өчүүхэн алдраар солилгүй өөрийн амьдарлын зорилго, итгэл үнэмшилдээ тууштай хандан, алдаа онооныхоо хариуцлагыг бүрэн хүлээсэн юм. Түүний үйл ажиллагааг хожим түүхчид сайн муу элдвээр дуудсан ч төв азийг эрхшээсэн хүчирхэг хаан, тууштай эх оронч байсан гэдэгтэй хэн ч маргадгүйн дээр зөвхөн энэ алдар нэрээрээ түүхэнд онцгой байрыг эзэлдэг.
Перс төвтэй Монголын Ил Хааны улсыг үндэслэгч Хүлэгү хааны гарамгай жанжин найман овогийн Хэт Буха сирийн нутагт болсон Айн Жайлутын тулалдаанд өөрсдөөс хэд дахин давуу хүчтэй Мисирийн цэрэгтэй аймшиггүйгээр тулалдан хүчинд автан ялагдсан хэдий ч Егепитийн Мамльюкийн султан Кутузын өмнө бардам зангаа огтхон ч гээлгүйгээр “ Хүлэгү хааны минь үй түмэн цэрэг удахгүй ирж өшөөг минь авах болно. Монголчууд хаана ч хэзээ ч ялагдаж байгаагүй юм. Та нар мөнх тэнгэрийн гэсгээлийг хүртэнэ” хэмээн өчиж цаазлуулсанаараа Монголын байлдан дагуулагчдын омог бардам зан, сүр хүчийг хиртээгээгүй болой.
Хүүхэд залуус та бидний шимтэн уншдаг асан шерлок Холмес цувралын “Бөгтөртэй хүн” зохиолын баатар өөрийн өрсөлдөгчдийн явуулгаар дайсандаа олзлогдон тамлуулж, үүрдийн эрэмдэг нуруутай болсон ч гэсэн найз нөхөд, хайрт бүсгүй нь түүнийг урьдын адил цэх шулуун дайчин эр явсанаар нь дурсаж яваг гэсэндээ өшөө хорслоор жигүүрлэсэн үхлийг сонгосон талаар өгүүлдэг нь үүнтэй адил жишээ юм.
Цагаа олж үхсэний ачаар итгэл үнэмшлээ гээгээгүйгээр үл барам аймшигтай бэрх, золгүй явдлуудаас ангижирсан нэртэй цуутай хүмүүсийн тухай олон ч жишээг дурьдаж болно. Зомын эзэнт гүрний суут цэргийн жанжин Помпей нь Юлий Цезарьтай хийсэн тэмцэлдээ дийлдээд дахиад хэдэн сар амьд явсан бол агуу байлдан дагуулагч тэрээр египитийн хааны зарц нарт доромжлуулсан, орох оронгүй гуйлгачин болж гутамшигийн дээдийг амсах байлаа.
Үүнтэй зэрэгцэн амь аргацаахын тулд, итгэл үнэмшилээ гээж нэр төрөө сэвтээсэн гашуун түүхүүд цөөнгүй байдаг. Загалмайтнуудыг удаа дараалан бут цохиж, Балканы хойг, агуу Византыг байлдан дагуулагч Түрэгийн Баяазит султан Анкарагийн дэргэд болсон доголон Төмөртэй хийсэн тулалдаанд ялагдаж сайн нэрээ хадгалж үлдэхийн оронд олзлогдохыг илүүд үзсэнээрээ амьдарлынхаа сүүлийн жилүүдийг олзонд гутамшигтайгаар өнгөрөөсөн бөгөөд доголон Төмөр хаан аян дайнд явах бүртээ түүнийг торолсон дамнуурганд авч яван өөрийн нэр сүрийг гайхуулдаг байжээ.
Багдадын халиф Мустасим хүч чадал нь ид тэгширч байсан Хүлэгү их хаанд хандан ... ажил амьдарлынхаа гарааг дөнгөж эхэлж байгаа залуу минь, ертөнцийг байлдан дагуулах том санаагаа орхиод буц хэмээн бардамнасан захиа өгч Монголын элчийг дооглон тохуурхасныхаа хариуг үзэж хүчин мөхөсдөхийн үедээ амьд л үлдэж байвал хамаагүй гэсэн өчүүхэн дорд бодлын улмаас улс орноо эзлүүлэн, сүйрэн унахыг, эхнэр хүүхдээ доромжлогдохыг аль альныг нь нүдээр үзэж гутамшиг доромжлолын мууг үзэн эцэстээ цаазлуулсан байдаг.
Иракийн дарангуйлагч асан Саддам Хусейн мөн дээрх шалтгаанаар америкчуудын гарт орсноор хүмүүсийн сэтгэлд хоногшсон гял, цал, өөртөө итгэлтэй бардам, ихэмсэг дүр байдлаа оргүй гээж өтөлж хөгширсөн, туйлдаж ядарсан нэгний төрхийг үзүүлсэнээр лалын уртөнцийн гарамгай лидер, амьд домог, амерканизм, сионизмын эсрэг тууштай тэмцэгч гэсэн өндөр нэр сүрээ сэвтээхийг та бид харсан билээ.
Хүмүүсийн хүсэл тэмүүлэл урт удаан амьдрал нь бүр мөнхийн үргэлжлэх байсан ч хүсэл зориг, баяр таашаалгүй бол хүнд ямар тэсвэрлэшгүй дарамт зовлон болох билээ. Иймээс юм бүхний голыг олох чанарыг бий болгохын тулд хүмүүсийг амьдарлаас бүү гутаж залхаасай, үүнтэй зэрэгцэн үхлээс бүү зугтаасай гэдэг үүднээс амьдарлыг хагас гашуун, хагас амттай хийсэн байж таараа. Гэхдээ онцгой арга замаар итгэл үнэмши, алдар хүндээ авч гарсн жишээг чцөөнгүй дурьдаж болно. Өгөөдэй хааны байлдан дагууллын үед Алтан улсын чухал зангилаа боомтыг хамгаалж байсан хятад жанжин Монголчуудын хүчинд автаж хот нь эзлэгдэх нь тодорхой болсон үедээ өрнө дорнод хийсэн гайхамшигт аян дайнуудаараа амьддаа домог болн суу алдар нь орчлонд түгсэн Сүвээдэй баатарт л зөвхөн бууж өгнө гэсэн шаардлаг тавьсанаар хүн хүчний хохирол баг хүлээх гэсэн монгол цэргүүд түүний хүсэлтйиг хүлээн авч нэрт жанжин өөрийн биеэр морилон очиж буулгаж авсан талаар түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэг үлджээ. Үүнтэй адил дундад зууны үеийн Европын рыцариуд ирүүл тулалдаанд ялагдахдаа өөрөөсөө илүү өндөр сурвалж язгууртайэсвэл гарамгай баатарт бууж өгөхийг өөрийн нэр хүндийг аварч буй хэрэг хэмээн үздэг байсан бол японы самурай нар нэр хүндээ сэвтээснээс үхэхийг илүүд үзэж энэ нь бүр тодорхой дэг жаягтай урлаг болон хөгжиж ирсэнийг та бид мэдэх билээ.
Аливаа хүний нэр хүнд, итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана гэдэг бол баргийн хүнд заяахгүй ур дүй, зориг ухаан, чадал самбаа шаардсан ажил хэдий ч үүнийг гарамгай эзэмшсэн хүн бусдаар өөрийгөө хүрээлүүлэх нигууртай ажээ. Хэрэйдийн Хадаг баатар Тэмүүжин Чингис хааны гэнэтийн довтолгоонд өртөн хүнд байдалд орсон хэдий ч туулын хар шугуйгаас өөрийн эзэн ван хаан тоорил, түүнийхүү Нялх Сэнгүм нарыг дутаах хүртэл тэсэн байлдаж улмаар ноогдсон үүргээ биелүүлмэгц бууж өгөн үнэнч албаынхаа үүргийг хангалттай биелүүлдэг. Түүний энэ үйлдэлийг Тэмүүжин өндрөөр үнэлж хайр энэрлээ хүртээсэн бөгөөд Хадаг баатар цаашдаа ч итгэлийг нь хөсөрдүүлээгүй билээ. Агуу хүмүүсийн намтар түүхийг уншиж судлах явцад Чингис хаан шиг хүний итгэл үнэмшилд хүндэтгэлтэйгээр ханддаш хүн ховор байсан нь түүний агуу их хүч чадлын ундарга нь байсан хэмээн үзэх нь буруудахгүй болов уу. Тухайлбал Чингис хаан өөрийг нь тулааны талбарт үхлүүт шархтуулсан Зургаадай хэмээх цэргийг эр зориг гаргасных нь төлөө өршөөж өөртөө зүтгүүлсэн нь хожмоо түүний нэрийг уртөнц дахинаа дуурсгуулсан домгт жанжидынх нь нэг Зэв болон төлөвшсөн байдаг. Мөн тэрээр өөрийн багын анд Жадраны Жамухыг өөрийнхөө итгэл үнэмшлийг гээгээгүйд нь угтаа буруутгаагүй билээ.
Хүмүүсийн хоорондын харилцаа нь маш эмзэг нарийн төдийгүй олон талтай байдгаас түүнийг нэг загварт оруулж үнэлж дүгнэх, хэн нэгнийг буруутгах эсвэл зөвтгөх нь харьцангуйажээ. Ер нь хүний амьдарлын зорилго итгэл үнэмшлийг сайн муу, зөв буруу гэж ангилах нь хэцүү гэхээсээ илүү шудрага бус талтай гэмээр. Учир нь хүний нийгмийн түүхэнд үнэн ба шудраг ёсыг хүчээр эсвэл олонхоор тогтоож ирсэн нь түгээмэл байх тул тодорхой ард түмэн, хувь хүний түвшинд түүнийг өөр өөрөөр үнэлж тогтоож иржээ. Хувь хүн өөрт болон бусад тулгарсан асуудлуудад нийгэмд эзлэх байр суурь, боловсрол мэдлэг, суурь хүмүүжил, угсаа гарвал, хувийн ашиг хонжооны үүднээс ханддаг. Иймд нэгэнт итгэл үнэмшлээр жигүүрэлсэн зорилгыг хүний амьдарлыг утга учир хэмээн тодорхойлвол буруудахгүй болов уу.
Хэрвээ чи зорилгогүй бол хэн ч биш, тэр зорилго чинь олигтой биш бол агуу ихийг бүтээхгүй ... гэсэн афоризм байдагчлан агуу их хүмүүс гүрэнг цогцлоож, хүмүүсийг соён гэгээрүүлж, хөгжил дэвшилд хөтлөж, нийгмийн дэг журмыг хангахад эрмэлздэг бол эгэл жирийн та бидэн шиг хүмүүс үр хүүхэд хань ижил, ойр дотныхоо хүмүүсийн сайн сайхан амьдарлын төлөө тэмцдэг. Гэвч энэ нь угтаа бол ижил хүний амьдарлын утга учир хөдөлгөгч хүч юм.
Харин хүний хүсэл зориг дууссан буюу мөхсөн тэр газарт амьдрал төгсдөг тул “муу амьд явахаар сайн үх” гэсэн итгэл үнэмшил амьдарлаас ч үнэтэй гэдгийг илэрхийлсэн ардын санаа юм. Үүнийг “Хэрвээ чамд төлөөнөөс нь үхэж чадах ямар нэгэн зүйл байгаа бол чи амьдралаа жирийн амьдарлаас хэд дахин үнэ цэнэтэй болгож байгаа хэрэг” хэмээн ойлгож болох юм.
Нэгэнтээ “Зууны мэдээ “ сониноос уншиж байсан эссэг сийрүүлэн чадан ядан холболоо санал бодлоо сэтгэгдэлд үлдээгээрэй ... Цагаантөмөр Эсэнтайш

Saturday, December 29, 2012

Дэлхий дахины түүх, соёлын хөгжилд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг

Ж.Болдбаатар - МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич 
2006 онд  Монголчууд дэлхийн улс түмний хамт Их Монгол улс тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Түүхт ойг чингэж тэмдэглэхийн учир бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин зуунаас  хоёр зуун буюу XIII-XIV зууны ертөнц дахины түүхийг монголчууд голлон тодорхойлж, дэлхийн дундат зууны түүхэнд хосгүй ул мөр  үлдээсэнд оршино. Түүнчлэн энэхүү ойг тэмдэглэх нь өнгөрснөөсөө сургамж авч, өнөөгөө сайтар ухааран, ирээдүйд сэрэмжлүүлэг болгох ач холбогдолтой юм.
 Түүхийг үзэх өрнөдийн гурвалсан үечлэлийн сонгомол аргаар (1,47) бол монголчуудын дэлхийн талыг эзэгнэж явсан XIII-XIV зуун бол дундад зуунд хамаарч байна.  Монголчуудын хувьд дундад зуун бол 700 орчим жилийг хамарсан бөгөөд төр ёсны хувьд  мандаж, буурч явсан мандал бадрал, бууралт, дахин сэргэлтийг тээсэн буурал түүхийн он жилүүд байлаа.
Тэр үеийн Монголчууд гол төлөв евроцентристүүд юм уу, марксист түүх бичлэгт дүрсэлдэг шиг аллага хядлага, адал балмад явдлын дон шүгэлсэн устган сүйтгэгч, зэрлэг бүдүүлгүүд төдий байсангүй, харин ч дэлхий дахины болсон бүс нутгийн түүхэнд хүндэтгэн дуурьсах хөгжил дэвшлийг авчирсан ард түмэн гэдэг нь түүхийн нугачаа, ээдрээ тайлагдах бүр улам тодорсоор байна.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг олон улсын хэмжээнд тэмдэглэж байгаа энэ үед дэлхий дахины түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг түүхийн үүднээс санан дурсах нь зүйд нийцнэ хэмээн үзэж байна.
Yүнд:
Нэгдүгээрт. Монголчууд дэлхийн дундад зууны үеийн улс төрийн амьдралд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ. 1189 онд Есүхэй баатарын хөвгүүн Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг дахин сэргээж, хан сэнтийд сууснаар Чингис хэмээх алдрыг олсон байна. Хамаг Монголын нэгдлийг сэргээснээр эл ханлиг “Толгойлогчийн эзэмшил” буюу “Chiefdom”-ын (2 ) төлөв байдлаас гарч, төр ёсны чамбай бүрдлийг олж чадсан юм. Чингэснээр Тэмүжин хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа бүртгэх тэмцэлд эрслэн босчээ. Тэрбээр язгуурын монголчуудыг нэгтгэхдээ цэцтэй үг, ончтой санаа, төрийн мяндсан ухаан, ухаалаг менежментээрээ бусдаас гойд ялгарч байлаа.
Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага гучин хоёр удаагийн тулалдаан хийж байж, монгол угсааны нийт 81 ханлиг, аймгийг араасаа дагуулж, Их Монгол  улс байгуулах их үйл хэргийг бүтээсэн билээ.
Улаан барс жил буюу  1206 оны намар цагт Онон мөрний эхнээ Чингисийн орд өргөөнд монгол язгууртан дээдсийн их чуулган-Их Хуралдай хуралджээ. Эл хуралдай язгуурын монголчуудыг нэгтгэх үлэмж их үйл хэргийг орь залуугаасаа 20 гаруй жил оройлон манлайлж, эр тавирсан 45 насандаа бодит биелэл болгосон Тэмүжинг шинэ тулгар нэгдсэн Монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилсөн байна. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “…эсгий туургатан улс энх шударга болж, Барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа  мандуулаад,  Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв” (3,164) хэмээжээ. Ийнхүү монгол угсааны олон ханлиг, аймгуудыг нэгтгэн захирсан Их Монгол улс Өвөр Азид гал голомтоо бадраасан юм.
Их Монгол улсын төрийн шинж чанарын талаар эрдэмтэд хоёр бүлэг санал дэвшүүлж байна. Үүнд:
а. Их Монгол нь төрийн бүрдлийг бий болгож чадаагүй, зөвхөн Чингисийн суу заль, онцгой чадвар дээр (харизм) тулгуурласан ерийн нэгдэл байсан. Оросын зарим эрдэмтэд ингэж үзэж байна. (4)
б.  Их Монгол улс бол орчин цагийн улс төр судлалын “улс” хэмээх ухагдахууны болзлыг бүрэн хангасан улс байсан. Академич Ш.Бира болон монголын олон эрдэмтэд, өрнө, дорнын олон судлаач ингэж үзэж байна. (5, 206 )  Энэ нь ямар ч байлаа гэсэн  Өвөр Азийн бүс нутгийн түүхэнд болсон эргэлтийн шинжтэй үйл явдал байлаа. Ингэж нэгдэн нийлж, нягтарсан эсгий туургатнууд анх удаа нийтлэг нэг нэртэй болж, удалгүй үндэстний хувьд адилсан, сэтгэлгээ нь омогшин бадарч, өөрсдийгөө монголчууд хэмээн урамшин бахархах болжээ.
- Төв Азийн цээжнээ 1206 онд үүсэн байгуулагдсан шинэ тулгар Монгол улс цаашид улам улам дэвшин дээшлэх үү, эсвэл тэгсхийгээд бууран доройтох уу гэдэг нь улс орныхоо хил хязгаарыг тэлж, өрсөн ирэх аюулаас хэрхэн хамгаалахаас шууд шалтгаалах байсан бүлгээ. Учир нь шинэ тулгар Монгол улсыг орчин тойрны нь улсууд ямагт өдөн хатгаж, заналхийлж байлаа. Чингис хаан, түүнийг залгамжлагчид өрсөн ирэх аюулаас урьтан, дорно, өрнө зүг дайн хийж, Наполеон, Гитлер, Александр Македоныхныг бүгдийг нийлүүлснээс илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин нутгаар хаяа тэлж, хүн амын их зонхи төвлөрсөн Хятад, Араб, Европын соёл иргэншилт орнуудыг Монголын эзэнт гүрэнд нэгтгэжээ. Энэ нь:
-Дэлхий дахины төр ёсны хөгжилд өөрийн гэсэн өнгө аястай нүүдэлчдийн төр улсын хэв маяг, зохион байгуулалтын өвөрмөц бүтэц, хэлбэрийг буй болгож чаджээ. Ялангуяа 1206 онд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улс, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрэн бол “төр”, “улс” гэдэг ухагдахууныг жинхэнэ байх ёстой утгаар нь дэлхийн олон үндэстэн угсаатанд, бүр тодруулж хэлбэл өдгөөгийн хоёр их хөршдөө ч ойлгуулж өгсөн юм. Монголчууд нүүдэлчдийн дунд төр ёс, нүүдэлчдийн ардчилалын зарим бүрдлийг тогтоон, түүнийг суурьшмал, тухайн үедээ төр ёс, баттай хэлбэржсэн гэгдэх орнууд ч хүртэл уламжлан авсан бүлгээ. Хүн төрөлхтөний түүхэнд монголчууд парламентат ёсны өвөг гэж хэлж болохоор Их Хуралдай, Сэцдийн зөвлөл зэрэг нүүдэлчдийн ардчиллын шинжийг өөртөө агуулсан өвөрмөц бүрдлүүдийг анх үүтгэн өвлүүлсэн гэж хэлж болно.
Тэр үеийн монголын нийгэмд “Ёс ёмбогор, төр төмбөгөр” хэмээх үзэл ноёрхож, төр ёсыг дээдлэн, хууль цааз, дэг журам нийгмийн амьдралын эгэл хэм хэмжээ болон тогтсон нь эрх зүйн чанд тогтолцоо бүрэлдүүлж чадсантай холбоотой байлаа. Энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол замба тивийн соёл иргэншлийн гол төвүүдийг хамран оршсон их гүрнийг нэгтгэн захирах, засан тохинуулах, хэд хэдэн зуун дамнан тогтнож, өрнө, дорныг ойртуулан даяаршуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн онцгой ач холбогдол бүхий цааз эрхэмж байлаа. Товчоор хэлбэл, “Их засаг” хууль ХIII-ХIV зууны дэлхий дахины хууль цаазынг үндсэн зарчмыг тодорхойлох чиглэлтэй байсан юм.
Чингис хааны байгуулсан төр агуулга, хэлбэрийн хувьд хичнээн гүн бат үндэстэй байсныг өөрийг нь таалал төгссөнөөс хойш эзэнт их гүрний байдлаар 150 жилийн турш үргэлжлэн оршин тогтнож чадсан явдал гэрчилнэ. Монголын эзэнт гүрний төр олон үндэс, язгуур угсааны иргэд харъяатууддаа “Төр бол эрхэмсэг байдаг” хэмээн эгэл үнэнийг ойлгуулж өгсөн нь олон жил хэвийн оршин тогтнох үндэс болж өгчээ. Тодорхой хэлбэл, монголын төр иргэд харъяат нарынхаа эрх ашиг, хүсэл зоригийг зохих түвшинд илэрхийлж, хамгаалж чадаж байсан учраас бүтэн хагас зууныг элээн эзэнт гүрний байдлаар оршин тогтнож чаджээ.
-Чингис хаан Их Монгол улсыг байгуулах үед “Хэн нь хэнийгээ вэ?”, “Хэн өрсөж, хэн хүчирхэг нь хожно”  гэсэн зарчим олон улсын харилцаанд үйлчилж байсан. Их хаан өрнө, дорно руу дайн хийхдээ хэнийг ч эхэлж өдөөгүй, харин найрамдах, чөлөөт худалдаа хийх санал тавьж, найрамдал, энхийг хүсч очсон элчийг нь алж талж, доромжилсны нь төлөө л дайн байлдаан үүсгэж, эрхшээлдээ оруулж байв. Өдвөл сөдөхөөс аргагүй байдлыг тухайн цагийн олон улсын харилцааны нөхцөл байдал шаардаж байлаа.
Монголын улсын Ерөнхийлөгч асан, доктор Нацагийн Багабанди “Дэвшилд шинэчлэл, уламжлалын холбогдол” хэмээх өгүүлэлдээ: “Бидний өвөг дээдэс чинагуухаас инагшлуулан бодож чаддаг байсан учраас л өөрийгөө хамгаалж, энэ зорилгоороо тухайн цагийн ойлголтын хэмжээнд дэлхий ертөнцийн ихээхэн газар нутгийг эзлэх хүртэл өөрийн эрхгүй тэмцэж явсан түүхтэй. Тэр үедээ монголчууд бусад орнуудыг учир шалтгаангүйгээр инад талаас нь дайран давшилж, түрэмгийлэн эзлэж байсан гэх үзлийг эдүгээ шударга судлаачид улам бүр няцаасаар байна. Монголчууд, хэрэв зөвхөн цуст түрэмгийлэгчид л байсан бол ийм том ялалтанд хүрэх байсан уу? Чингис хаан улс гүрнээ хамгаалсан тэмцэлдээ ялж байсны дүнд өөрийгөө ертөнцийг эзэгнэгч гэж мэдрэх түвшинд хүрсэн буй заа. Македоны Александр, Наполеон хоёрын хэн нь ч өөрийгөө тэгж мэдэрч чадсан гэх аргагүй юм. Чингисээс хойш амьдарч үлдсэн Наполеон “Би Чингис шиг аз заяатай байж чадаагүй” гэж хэлсэн нь дайнд ялагдсаныгаа бус, дэлхийг эзэлж чадаагүйгээ бус, харин дайтахын учир шалтгаан өөрийнх нь хувьд утгагүй, өөрөөр хэлбэл, чинад талын эзлэн түрэмгийлэх гэсэн аюул занал байгаагүй нөхцөлд түрэмгийлэх дайн хийснээ ухаарснаа илэрхийлсэн үг бизээ. Ийм ухаарал байгаагүй үед л дайнд ялагддаг.
Чингис хаан өөрийгөө “Замба тивд оршин амьдарч 720 төрлийн хэлээр ярьдаг, 5 өнгийн улс түмний эзэн” боллоо гэж сэтгэж явсан нь чинад талаас учруулж байсан аюулыг сөрөн давсны үр дүн байв. Чинад талын заналхийллийн улмаас л байлдаж байж, дайн хийхээс аргагүй болж байжээ. “Чинад тал дайсагнаагүй бол Чингис түүний удмын хаадууд тэгж явах ямар ч хэрэггүй гэж хэлбэл түүхийн үнэнд нийцнэ. Чингисийн эзэнт гүрэн дэлхийн тал хагасыг хамарсан хувь заяаны учрал ийм байв” /6.121/ хэмээн Монголын байлдан дагууллын учир шалтгааныг жинтэй дүгнэжээ.
-Дайн бол дайн. Эрдэнэт хүний амь, хот суурин сүйдэж байсан. Гэхдээ марксист юм уу, эсвэл Дундат Азийн зарим түүхчдийн бичдэг шиг нэг хотоос л сая, саяар нь алж, талж байгаагүй. Тэр үед нэг сая хүнтэй хот бий болоогүй, сая хүнтэй хот гэдэг ХХ зуунд бий болсон шинэ үзэгдэл байв. Хэрэв тэр цагт монголчууд тэгж яс махан овоо босгож байсан юм бол тэр олон сая хүний яс хохимой хожим Дундат Азийн цөлөрхөг зэлүүд тал нутгаар өдгөө цайран харагдах биш үү. Тийм ямар ч ул мөр эдүгээ алга байна.  Гэтэл тэндээс түүнээс олон мянган жилийн өмнөх археологийн ховор нандин олдвор олдсоор л байгаа. Чингис хаан, түүнийг залгамжлагчид аливаа байлдан дагуулагчийн нэгэн адил сүр хүч үзүүлэхдээ үзүүлж, өршөөх үедээ өршөөж байсан бүлгээ. Харин монголчууд өөрийн шашин суртлыг бусдад тулгаагүй, өөр өөрийн ёс суртал, шашнаа шүтэн амьдрах эрх олгож байсан нь үнэхээр нигүүлсэнгүй, өршөөнгүй сэтгэлээр хандаж байсны илрэл юм. Чингис хаан, түүнийг байлдан дагуулал нь эхэн үедээ “даяарчлах” шинжтэй байснаа сүүлдээ хүн төрөлхтнийг “даяаршуулах” агуулгатай болсон гэж үзэж болохоор байна. Энэ утгаар нь өрнө, дорнын томоохон түүхчид, тухайлбал, Америкийн эрдэмтэн Жек Ведерфорд: Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэгч (7) гэж үнэлжээ.
- Чингис хаан, түүний залгамжлагчид олон улсын элчин харилцаа, дипломат бодлого, үйл ажиллагаанд найрсаг, шинэ өнгө аяс оруулж өгсөн юм. “Их Засаг” хуульд элчин төлөөлөгч солилцох, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, улс хоорондын худалдааны замыг чөлөөлөх асуудлыг хуульчилжээ. Тухайлбал:
- Элч зарлагыг гутаан доромжилж үл болно.
- Хуурамч элчийн амь насыг хөнөөнө
- Элч, албан тушаалтныг унаа, хоол хүнсээр хангана.
- Улс хоорондын арилжаа, худалдааны аюулгүй байдлыг хангана гэх мэтээр заасан байна.
- Байлдан дагууллын явцад тухайн үед аль ч оронд байгаагүй цэрэг дайны өвөрмөц соёлыг бүрэлдүүлж, дэлхийн цэргийн стратеги, тактикт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Францын эрдэмтэн Рене Груссет: “... монгол тактик гэдэг нь хүннү ба түрэгүүдийн эртний тактик, соёлт иргэдийн зах хязгаарыг уулгалан дайрдаг дадлага, туршлага, тал хээрийн ав хомрогоор байнга хуримтлагдан төгөлдөрждөг нүүдэлчдийн тактик болой” ( 8, 56) гэжээ. Монгол цэргийн хүчтэй байсны гол нууц бол хүн бүрийг бага балчираас нь цэргийн сургалтад хамруулж, тасралтгүй шинжтэй байсан, улс орон, хот сууринг эзлэх бүр тэндээс олж авсан цэргийн шинэ зэвсэг хэрэгсэл, арга тактикийг тэр дор нь армидаа нэвтрүүлж байсан, монгол цэрэг, монгол морины хоорондын ээнэгшин дассан байдал, хурдыг ялангуяа суурьшмал орнууд гүйцэхгүй байсан зэрэгт оршино.
- Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулал нь Орос, Хятад хоёр хөршөө хожмын их гүрэн болон төлөвших үндэс суурийг тавьж өгчээ. Оросын гүн ухаантан Чаадаев, Федотов нар Монголын довтолгооны босгон дээр Орос орон “мянган жил унтаа” байсан юм гэж тэмдэглэжээ. Үнэхээр ч Монголын байлдан дагуулалтын өмнө Орос орон шавар, чулуун хэрмэндээ тусгаарлагдсан жижиг ванлигуудаас тогтож байсан билээ. Евразийн хөдөлгөөнийг оройлон манлайлагч, гол онолч, Оросын Шпенглер хэмээн алдаршсан Николай Трубецкой: “Чингис хааны үйл ажиллагаанд нураан эвдэх эрмэлзлэл арай түлхүү байсан хэдий ч түүний бүтээх, зохион байгуулах хүсэл зориг нь  үлэмж их, эерэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч болж байв. Иймд түүхт Орос бол чухамдаа Чингис хааны улсыг залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм” (9, 237) гэжээ. Өнөөгийн Оросын нэрд гарч буй идэр залуу түүхч Р.П.Храпачевский энэ санааг гүнзгийрүүлэн дэмжсэн байна. (10,399) Хятад орон ч саланги тусгаарлагдсан, өөр хоорондоо дайсагналцсан жижиг улсуудаас бүрдэж байсныг түүх гэрчилнэ.
- Чингис хааны үе болон дараа дараагийн монголчуудын амьдрах соёлд бусад улс үндэстнийг өөртөө уусгах бодлого хэзээ ч байгаагүй, ялангуяа Чингис хаанд дан ганц бусдыг түрэмгийлэн эзлэх, тонон дээрэмдэх өрөөсгөл ганц талын хүсэл зориг, хожим шинэ түүхийн үед том гүрнүүдэд үүссэн шиг дэлхийд ноёрхохын тулд эзлэн колоничлох бодлого байгаагүй болно. Монголын эзэнт гүрний бодлого түүхэн бодит нөхцөл шалтгааны улмаас эзэрхэг түрэмгий шинжтэй байсан ч дундат зууны олон улсын харилцааны эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэж байсан төдийгүй, түүнийг зарим талаар харьцангуй шударга дэвшилт шинж төрхөөр баяжуулж байжээ. Энэ үеийн олон улсын харилцааны философи нь дэлхийн эх газрын их зонхид улс төр, шүтлэг бишрэл, олон үзэл бодлын найралт ёс, нээлттэй чөлөөт байдал тогтоох хандлага бүхий байлаа. Түүхэн цаг үеийн эрхээр энэ философи өдгөөгийн олон улсын харилцаанд улам тод томруун илэрч байна.
- Монголчууд дэлхийн дундат зууны улс төрийн түүхэнд дурсан тэмдэглэхээс аргагүй хэд хэдэн аугаа их хүмүүнийг төрүүлжээ. Үүнд юуны өмнө, үлэмж их Чингис хаан зүй ёсоор орно. Эдүгээгийн судалгаанд Чингис хаан бол монголын төрийн сэцэн билэгт зүтгэлтэн, монгол үндэсний гарамгай баатар, аугаа их жанжин, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч хэмээх үнэлгээ илт давамгайлж байна. Дэлхий дахины түүхэнд гарамгай үүрэг гүйцэтгэснийхээ хувьд нэг ч төрийн зүтгэлтэн Чингис хаан шиг судлаачид, зохиолч, сэтгүүлчдийн анхаарлыг сүүлийн 850 шахам жилийн хугацаанд татаж чадаагүй гэж бардаагаар хэлж болно.
Хоёр дахь их хүмүүн бол түүний ач Хубилай сэцэн хаан юм. Судлаачид түүнийг эерэг, сөрөг янз бүрээр үнэлж иржээ. Нэг хэсэг судлаачид хууль бусаар хаан суусан, нийслэлийг Хятад руу шилжүүлсэн, эх нутгаа хөсөр хаясан гэх мэтээр зэмлэн буруутгаж байхад нөгөө хэсэг нь тэр цагийн эрдэм боловсролыг сайтар эзэмшиж, төрийн хэргийг эрдэм соёлоор тохинуулан жолоодож, хууль цааз, ёс журамыг шинэчлэн тогтоосноороо сэцэн хаан хэмээн алдаршсан гэж бичиж байна. Бид нэг талыг хэт баримтлан өрөөсгөл ташимгай үздэг өмнөх тогтолцооны өрөөл татанхай үзлээсээ салах цаг болсон. Хубилай хаан Хархорумд нийслэлээ хэвээр хадгалан, дорно дахиныг захирсан бол ямар сөрөг үр дагавар гарах байсан бэ? гэдэг асуултыг өөртөө тавиад үзье л дээ.
Тэгвэл наад зах нь хүчирхэг хаант засагтай үед төвд тэмүүлэх хүч үйлчилдэг жам ёсоор тэр үеийн 100 сая орчим хятадуудаас наад зах нь 2-3 сая хүн Хархорум, ер нь Монгол нутагт ирж суурьших байсан байх. Тухайн тэр цагт монголчууд нэг сая хүрэхтэй, үгүйтэй байсан гэсэн судлаачдын тооцоо бий. Энэхүү уусгах аюулыг Хубилай хаан эргэцүүлэн нягталж үзжээ. Мөн их хаан Шанду, Бээжин рүү нийслэлээ шилжүүлэхдээ Хятад нутагт төрийн төвөө сонголоо гэж бодоогүй монгол, хятадын эртний хилийн зааг дээр очиж, дорно дахиныг эзэгнэсэн их гүрнийг илбэн тохинуулах холч, голч бодлого явуулна гэж тооцоолжээ. Энэ санаа зөв зүйтэй байсныг түүхэн үйл явц нотлосон билээ. Хубилай хааны түүхэн үүргийг ултай судалсан академич Ш.Нацагдорж “Эзэлсэн газар нутгаа эрхэндээ оруулсан, хүн ард болон тухайн үедээ олон улсын дунд эзлэх байр суурь, эрх нөлөөгөөрөө Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд урьд, хожид гараагүй “, ”Хубилай нүүдэл, суурьшилыг зохицуулах тэдгээрийн тэнцвэрийг олох, Монголыг монгол хэвээр нь үлдээхийг чармайж Монголын соёл иргэншлийг уусан хайлахаас аварсан” (11,96) , Америкийн нэрт эрдэмтэн Морис Россаби: “Хубилай хааны ололт, амжилтыг үгүйсгэх аргагүй юм. Түүний өв богино насалсан авч амьд ахуй үедээ олж авсан амжилт бүтээл нь түүнд өнө мөнхөд үргэлжлэх алдар цууг авчирсан билээ ...Хубилай хаан бол монгол хүн хэвээрээ үлдэж, хэзээ ч төрөлх араншингаа орхиогүй юм” (12) гэжээ. Үүнийг эл илтгэлд тусгайлан дурьдахын учир бол дэлхий дахин, ялангуяа дорно дахины түүхэнд Хубилай хаан болон монголчуудын гүйцэтгэсэн үүргийг үнэн зөвөөр нээн гаргах ач холбогдолтой юм. Хубилай хааныг манай зарим судлаачид, учрыг ойлгоогүй эгэл хүмүүс эх орноосоо урвасан мэтээр ярих нь хөөнд ассан ямаалзгана мэт өнийн бодолгүй хэрэг бүлгээ.
Хоёрдугаарт. Монголын эзэнт гүрэн байгуулагдан Өрнө, Дорныг эдийн засгийн мянга мянган сэжмээр холбож өгснөөр дэлхий дахины эдийн засгийн амьдралд хүчирхэг түлхэц үзүүлжээ. Юуны өмнө, Евро-Азийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүсийг бүрдүүлсэн байна. Монголчуудын эдийн засгийн гүн ухаан, менежмент нь дэлхий дахинд “арилжаа наймаа хийвэл эвлэрнэ, татгалзвал дайтна”, “нэгдсэн мөнгөн тэмдэгт болон эдийн засгийн давуу эрх”, “чөлөөт худалдааны бүс”, “өртөө улаа-мэдээлэл”, “цэргийн буухиа зам” хэмээх үнэхээр шинэлэг ойлголтуудыг бий болгож хэрэгжүүлжээ. Чингис хааныг мянган жилийн манлай хүнээр тодруулахдаа “Вашингтон пост” сонин: “Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно... Тэд Интернет бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр (Чингис хаан Ж.Б) хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан ...” хэмээн тодорхойлжээ. Цааш нь бичихдээ: “Монголчууд Европт хар тахал өвчин түгээсэн юм. Хар тахлын нян дорно зүгээс монголчуудаар дамжин Европ руу тархжээ. Энэ өвчнөөр Европын хүн амын гуравны нэг нь устмагц ажиллах хүчний үнэ цэн өсч, энэ нь улмаар феодалын нийгмийн тогтолцооны үндэс суурийг халж, капитализмыг үүсгэн төрүүлэхэд хүргэсэн байна” (13,33-34) гэсэн анхаарал татам дүгнэлт хийжээ. Чингэхлээр, монголчууд нэгд, эх дэлхий-бидний нэгэн гэр орон гэсэн өдгөөгийн өөдрөг үзлийн эхийг тавьсан, хоёрт, эхийнхээ умайд бадриун чийрэг хүүхэд хүч аван хөдлөх мэт Европын дундад зуун, хамжлагын харилцааны хэвлийд хүчирхэг лугшилт өгч, үлэмж дэвшлийг тээж ирсэн капиталист харилцаанд шилжих шилжилтийн агшинг мэдрүүлж өгчээ. Солонгосын судлаач, нэрт нийтлэлч Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” хэмээх номондоо: “Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол болсон” (13,35) хэмээн тун онож тэмдэглэгдсэн байна. Энэ судлаач бас Монголын эзэнт гүрний дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавъяа, ололт амжилтын нууцыг орчин үеийн “улс орнуудын чөлөөтэй өрсөлдөх чадвар”-ын ойлголтын үүднээс хөндөн үзэж, энэхүү ололт, дэвшлийн үндэс нь “нарийн мэргэжлийн хамтлаг бүрдүүлж, нээлттэй нийгмийн цэргийн олон талт стратегийн бодлого явуулж, технологи, мэдээллийн сүлжээгээр ноёлж, улс орноо инженерчилсэн зохион байгуулалтад оруулж чадсан явдал” хэмээн үзэж, энэ нь өдгөөгийн АНУ-ын дэлхийн эдийн засгийг залан чиглүүлж байгаатай агуулгаараа адил төстэй юм (13,5) гэж тэмдэглэжээ.
- Монголчуудын дээд өвөг-Хүннүгийн үеэс сонгодог шинжтэй болсон нүүдлийн мал аж ахуй нь Их Монгол  улс, Эзэнт гүрний үед аж ахуйн нарийн мэргэшсэн чиглэл, бие даасан тогтолцоо болон бүрэлдэн хөгжжээ. Эл аж ахуй дэлхий дахины эдийн засгийн хөгжлийн нийтлэг шинж, түүхэн хандлагыг агуулах боловч, бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх талаар дэлхийн эдийн засгийн түүхэнд үнэнхүү бие даасан өвөрмөц арга ухаан, технологи, соёлыг бий болгосон юм.
Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй нь өвсний соргог, усны тунгалаг, уулын нөмөр бараадаж, цаг улирлын аясаар нутаг солих “хаваржаа-зуслан-намаржаа-өвөлжөө” гэсэн нүүдлийн амьдралын нэгэн бүхэл бүтэн эргэлтийг буй болгосон байна. Үүгээр нүүдэллэхүй хэмээх үйлдвэрлэлийн бие даасан технологийг боловсруулсан. (14.59) хэмээн зарим судлаачид үздэгт бүрэн тал өгч болох юм.
XIII-XIV зууны үеэс бүрэн бүрэлдэн төлөвшсөн хот айл нь нүүдлийн мал аж ахуй эрхлэх, малчдын хүч хөдөлмөрөө нэгтгэж аж төрөх хэлбэр бөгөөд нүүдэлч малчдын хоорондын цогц харилцааг илэрхийлсэн монголын нийгмийн өвөрмөц үзэгдэл байв.
Гуравдугаарт. Монголчууд Өрнө, Дорныг соёлын түмэн шижмээр холбож, өнөөгийн дэлхий дахины соёлын нийтлэгийн эхийг тавьж, эл үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Гаднын нэгэн түүхч Монголын эзэнт гүрэн бол Евразийн хувьд “Соёлыг ариутгагч ордон” байсан гэж тэмдэглэжээ. Үүнд:
-Монголчууд Өрнөдөд хэвлэх машин, луужин, сампин, дарь зэргийг, мөн эргээд Дорно дахинд ган төмөр, шил, паалан, цайран шил зэргийг анх таниулжээ. Өрнө, дорнын улс түмнүүд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын өдий төдий мэдлэг, туршлагыг бие биендээ хүртээх боломжийг нээсэн байна.
 - XIII зууны үеийн монголчууд түүх-утга зохиолын хосгүй гайхамшигт дурсгалт бичиг-“Нууц товчоо”-г бүтээжээ. Оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов: “Дундат зууны үеийн нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхчдийн анхаарлыг татсангүй гэж хэлж болох бол бас “Нууц товчоо” шиг жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй” (15, 8) хэмээгээд уг бүтээлийг “тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн” (15.8) гэж үнэлжээ. Энэ дашрамд тэмдэглэхэд, XIV зууны эхээр бичиж дуусч, Рашид-Аддины нэрээр алдаршсан “Судрын чуулган”-ыг Оросын дорно дахины их бичгийн хүн В.В Бартольд энэхүү гайхамшигт туурвил бол “аугаа их түүхийн нэвтэрхий толь бөгөөд ийм дурсгалыг дундат зууны үеийн Ази, Европын нэг ч ард түмэн үлдээгээгүй юм” (16.94 ) гэж үнэлснийг монголчууд бид ч зүй ёсоор хуваалцах эрхтэй юм. Учир нь энэхүү бүтээлийг Перс дэх Монголын захирагч Газан ханы удирдлага, чиглэл, Персийн захирагчийн ордонд сууж буй Монголын их хааны бие төлөөлөгч Болд чинсаны шууд оролцоотойгоор туурвиж, “Алтан дэвтэр” хэмээх монголын эртний түүхэн сурвалж дээр тулгуурласан билээ. Түүнчлэн монгол эрдэмтэн гүүш нар “Ганжуур”, “Данжуур” хэмээх Энэтхэгийн хөлгөн их судрыг монгол хэлнээ хөрвүүлж, дорно дахинд түгээсэн анхдагчдын нэг болой. Эдгээр хөлгөн их цоморлиг монголын оюуны хөрснөө урган төлжиж, үндэсний мэт баттай соёолон дэлгэрчээ.
-Монголчууд XIII зууны үед дорно дахинд хамгийн том сургуулийг үүсгэн байгуулж байв. Хубилай хааны зарлигаар 1287 онд байгуулсан “Улсын хөвгүүдийн сургууль” нэртэй анхны их сургуулийг Германы нэрт монголч эрдэмтэн Хайсиг абугай “Билгийн далай” хэмээх “Эзэн хааны академи” гэж  нэрлэсэн байна. Хубилай хаан түүнийг залгамжлагчдын удирдлагын ивээл дор Монголын од зүйн мэдлэгээс улбаалж, Араб, Хятад, Энэтхэгийн дэвшилтэт аргыг хэрэглэн одон орны судлал, тухайн үеийн дэлхий дахины одон орон судлалаас илүү өндөр түвшинд хүрч, гайхам том амжилтанд хүрч байлаа.  Дундад зууны үеийн монгол эрдэмтэн Тогтох Ляо /Кидан гүрэн/, Цзин улс /Зүрчидийн алтан улс/, Сүн улс /Хятадын/ зэрэг гурван улсын түүхийг найруулан зохиосон нь дэлхийн түүх судлалын эрдэнэсийн санд зүй ёсоор орж, олон үндэстний хэлээр орчуулагджээ. Энэ бүхэн нь дэлхий дахины шинжлэх ухаанд монгол хүний оруулсан үнэт хувь нэмэр билээ.
- Монголчууд дундат зууны үед худам, дөрвөлжин, тод, соёмбо, али гали, вагиндра зэрэг зургаан тооны үсэг бичгийг зохион хэрэглэж, бас хожим кирилл, латин үсгийг бусдаас дам авч, өдгөө худам монгол, кирилл үсэг соёлтой үндэстэн дэлхий дахинд хуруу дарам цөөн. Бидний худам монгол бичиг буюу хүмүүн бичгийг гаргууд эзэмшсэн хүн өдгөөгийн таталган бичээчтэй /стенографист/ дүйнэ. Нэгэн жишээ дурдвал, Монголын бичгийн хүн Дашням гүн Засаг ноёныхоо хэлсэн ярьсныг морины давхиан дунд тэмдэглэж чаддаг гаргуун бичээч байжээ. Түүнээс хэн нэг нь та юу чаддаггүй вэ? хэмээн асуухад:
Би муухай бичиж чадахгүй, алдаатй бичиж чадахгүй, удаан бичиж чадахгүй гэж хэлсэн гэдэг.
-Монгол газраа бурхны шашин гурвантаа дэлгэрэх явцад уламжлалт монгол соёл, иргэншил, ахуй амьдралын салаа мөчир бүхнээ буйлан шингэж нүүдэллэн аж төрөх хэв маяг, зан заншил лугаа нийцэн зохицсон өөрийн өвөрмөц өнгө аяс, дүр төрх бүхий монголын бурхны шашин нэгэнт бүрэлдэн тогтсон байна. Бурхны шашин Их Монгол улс, Эзэнт гүрний хувьд төрийн шашин болж хөгжин дэлгэрснийг тэмдэглэх хэрэгтэй юм.  “Харьцангуйн онол”-оороо алдаршсан суут эрдэмтэн Эйнштейн: “Бүх шашны дотроос шинжлэх ухааны гэгдэх цорын ганц шашин бол буддизм” хэмээжээ. Монголын 300 гаруй эрдэмтэн лам нар буддын их, бага 10 ухааны салбарт билэг оюунаа сорьж, олон зуун бүтээл туурвисан нь он цагийн элэлийг дааж  эдүгээ ч ач холбогдлоо алдаагүй байна.
- Монголчууд шүлэглэг, хөгжимлөг сэтгэлгээгээрээ бусад улс үндэстний уран сайхны соёлд үл давтагдах шинжтэй ая данг буйлуулан төлжүүлж ирсэн ард түмэн.Их Монгол улс, Эзэнт гүрний үед энэ соёл улам гүнзгийрэн хөгжиж, өрнө, дорнын олон олон дэвшилттэй соёлын бүтээлтэй найрсан баяжиж, шинэ өнгө аяс, утга агуулгыг илэрхийлэх болов. Монгол түмэн хэзээнээс зөвхөн төр, иргэний баяр цэнгэл, найр наадмаар төдийгүй үлгэр тууль ярих, эрдэнэт мал сүрэгтэйгээ харьцах, тоглож наадах, тоо бодохдоо хүртэл аялан шүлэглэж, уран үгийн онч, ая дангийн донж маягийг олж чаддаг нь тэр улс түмэнд байдаггүй, байгаль-газар зүй, нүүдлийн амьдрал ахуйн онцлогоос үүдэлтэй өвөрмөц сонин үзэгдэл юм. Тухайлбал, ардын уртын дуу нь говь талын зэрэглээ, хөвч хангайн сүрийг бадрангуй хөглөж, монгол хүний гүн бодлогошронгуй, тал шигээ уужим талбиун сэтгэлийн тансаг илэрхийлэл, монгол дуу хөгжмийн язгуур урлагийн сүмбэр уул, хураангуйлбаас үг, аяыг хэл, сонсголондоо нутлан ширгээсэн  монгол түмний уран сайхны соёлын сонгодгийн сонгодог нь болон төлөвшсөн юм. Үүнийг жинхэнэ ёсоор нь дуурсган амьлуулагч нь монгол хүний цээл хоолой төдийгүй монгол үндэсний хөгжмийн зэмсэг-гайхамшигт морин хуурын увидас бөлгөө. Түүнчлэн бусад улс үндэстэнд бараг байдаггүй өвөрмөц өнгө дуурьсгалтай язгуур урлагийн төрөл бол монгол хөөмий билээ. Ер нь монголчуудын хөгжмийн үндсэн сэтгэлгээ нь таван эгшигтийн /пентатоника/ хүрээнд багтах бөгөөд байгаль-цаг уур, аж төрөх онцлогоос шалтгаалж, ястнуудын болон нутаг нутгийн хөг хоорондоо ялгагдах онцлогтой байдаг. Мөн эрийн гурван наадам, уран нугаралт, оньст тоглоом зэрэг өнөөгийн дэлхий дахины анхаарал татаж буй үндэсний уламжлалт өвөрмөц олон гайхамшгийг нэрлэж болно.
-Монголчууд дундат зууны үеэс Леонардо да Винчи, Х.Рембрантын зургаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран нүд, билгийн мэлмийтэй ард түмэн.Монголын дүрслэх урлаг Их Монгол улс, Эзэнт гүрний үед Ази, Европын орнуудын урчуудын арга барил, бүтээл туурвилаар баяжин хөгжиж, хожим түүнээс улбаалан даяар дуурсагдах алдрыг олсон байна. Тухайлбал, XVII зууны үед Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Очирдарь бурхан, язгуурын таван бурхан, найман мөнгөн суваргыг өрнө, дорнын соёлт орнууд өндрөөр үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж, бүртгэн хамгаалж байгаа нь монгол хүний дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан бодит хувь нэмэр юм. Францын нэрт урлаг судлаач Нийл Бегин: “Занабазар бол Дорно дахины дүрслэх урлагийн аугаа их мастер” хэмээн үнэлжээ. Өндөр гэгээн эрхий хурууны өндөгний хэртэй эрдэнийн чулуун дээр 16 Найдан (бурхан) сийлж, “Монголын нэг өдөр” зургийг бүтээсэн марзан хэмээх Шарав ерийн чихрийн цаасны хэмжээний цаасан дээр 800 зааныг нүд, хумс, тавхайтай нь амьд мэт дүрслэн зурж, монгол хэл бичгийн сартваахи хэмээх Шагж багш 12 хуудастай “Ногоон дахь эхийн тууж”-ийг сухар сөөм орчим хэмжээний /5-6 см/ хуудсан дээр багтаан хялгасаар бичсэнийг түүх үеийн үед дамжин өгүүлж, тэдний ур дүй, ухаан чадлыг биширнэм.
Чингис хааны үеийн монголчуудын хурд дэлхийн хөгжилд хүчирхэг түлхэц үзүүлснийг зүй ёсоор тэмдэглэх ёстой.
Тэр үеийн монголчуудын хурд эдүгээгийн интернетийн хурдтай зүйрлэхүйц байсан. Их Монгол улс, Эзэнт гүрний үеийн монголчуудын сэтгэлгээний хурд, далайц, монгол хүн, монгол морины хурдыг тухайн үеийн дэлхий дахин гүйцэж чадаагүй юм. Өдгөө ч зарим судлаачид хөгжлийн сурвалжийг XIII-XIV зууны монголын хурдаас хайх хэрэгтэй гэж бичиж байна. Эдүгээ бидний монголчууд хөгжихийн тулд тэрхүү хурдыг шинэ нөхцөлд, шинэ агуулгаар сэргээх нь чухал байна.
Ийнхүү монголчууд дундат зууны үед дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг үүсгэн байгуулснаараа төдийгүй, хүн төрөлхтний төр ёс, эдийн засаг, соёлын хөгжилд баларшгүй ул мөрөө үлдээж, бахархан дурсах бичгийн болон эд өлгийн соёлыг үлдээснийг дээр дурьдсан баримт сэлт нотолж байна.
Эдүгээ бид дэлхийн цараар сэтгэж, нутгийн хэмжээнд бүтээж байж сая Чингисээр овоглосон Монголоо авч үлдэнэ. Хийхтүн, Бүтээхтүн!  

Эшлэл, зүүлт
1.    Түүхийн судалгаа, сургалт арга зүйн тулгамдсан асуудлууд. УБ.2001
2.    The Cambridge History of China. Allen Regemes and Border States (907-1368), Vol.6, edited by H.Franke and D.Twitehett, Cambridge, 1994, p. 342 Chiefdom хэмээх англи үг. Chief нь толгойлогч, тэргүүлэгч dom нь эзэмшил. Чингэхлээр “толгойлогчийн эзэмшил” гэж орчуулж болох юм. Анх Кембрижийн түүхч, антропологчид энэ нэр томъёог хэрэглэж, Х-ХII зууны Монголын ханлиг аймгуудад төрийн бүрдэл бий болоогүй “Chiefdom”-оос хэтрээгүй гэж үзсэн. Энэхүү илтгэлийг тэрлэгч энэ санааг дэмжингүй талд байгаа боловч 1189 онд Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг сэргээснээр төр улсын чамбай бүрдэл бий болгосон гэж үзэж байна.
3.    Монголын нууц товчоо. УБ.1976
4.    Т.Д.Скрынникова. Харизма и власть в эпоху Чингис-хана. М.1997
5.    Ш.Бира. Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. III. УБ.2001
6.    Н.Багабанди. Шинэ зууны өмнөх бодлого, зөрөлт. УБ.1998
7.    Жек Ведерфорд. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан. УБ.2003 он.
8.    Рене Груссет. Чингис хааныхны монголчууд. УБ.2004
9.    Николай Трубецкой. Наследие Чингис хана. АГРАФ. М.2000
10.    Р.П.Храпачевский. Военная держава Чингис хана. М.2005
11.    Ш.Нацагдорж. Хубилай сэцэн. УБ.1998
12.    Morris Rossabi. Khubilai Khan. His Life and Times. University of Calipornia press. Berkeley. Los Angeles. London.
13.    Ким Жон Рэ. Мянган жилийн түүхэн хүн. (Хойч үеийн Чингис хаануудад зориулав) (Улаанбаатар-Сөүл, 1999 он) номноос дам эш татав.
14.    Б.Сумъяа. Монголын нүүдэлчдийн соёл оршихуй, эс оршихуй. УБ, 1998
15.    Б.Я.Владимирцов. Общественный строй монголов. Монгольский кочевой феодализм. Л.1934
16.    Академик В.В.Бартольд. Сочинения. том I. Туркестан в эпоху монгольского нашествия. Издательство восточной литературы. М.1963.

Tuesday, December 25, 2012

Batboldoos

Хүннүгээс өмнөх түүх байсан тэр нь дэндүү гайхамшигтай түүх байсан гэдгийн баталгаа нь Нанхиадын мэргэн сайдын үгэнд байсан учир /Дунхуг мөхөөхийн тулд түүхийг нь мартуул,түүхийг нь мартуулахын тулд бичиг соёлыг нь өөрчил/түүнийг олж мэдэх хүсэл бий болж ухаж эхэлсэн маань өөрийн үндэстний түүхээ улам их сонирхон судлах бас нэгэн шалтгаан болсон юмаа.Тэгээд Тройгийн тулаанд,Ром Грекийн байлдаанд Монгол овог аймгууд бүр 13 р зууны нэрээрээ оролцож байсаныг мөн Скифүүдийн тухай ,цаашлаад Перун бурхан оддын сүмд энх тайвныг тогтоосоноос эхлэн цаг тоололыг тоолж эхэлсэн тухай гэрэлттэг хэсэг хүммүс дэлхийд нууц мэдлэгийг хамгаалан үлдсэн тухай тэдний хойчис нь скифүүд болох тухай луу одны тухай ,луугийн хүүхдүүд дэлхийг захирах тухай,рептилиод наци үүссэн тухай яагаад Европ ,дорно дахинд луутай холбоотой домогууд байдаг тухай ,Алтан ураг яаж үүссэн болон ижил төстэй домогууд Еврейн домог болон Талмудын сургаальд байгааг ,Яагаад Алтан ураг болон Еврей нарыг мөрдөн мөшгих болсон талаар гээд ....маш олон сонирхолтой хоорондоо уялдаа холбоотой байх магадлалтай олон мэдээ баримтыг олж үзсэн.Монголчууд мөнх тэнгэрийг шүтдэг луу одыг тахидаг ,долоон бурхан одоо тахидаг зан үйлийн эхийг бараг гадарласан даа.Монголчуудын хувьд ой санамжаа сэргээх түүхээ судлах явдалыг төрийн бодлогын хэмжээнд тавих хэрэгтэй бөгөөд үндэсний нэгдэлийг бий болгож чадвал Монголын төрд соруудаа зүтгүүлж хөгжил цэцэглэлтийг маш богино хугацаанд авчиран дэлхий нийтийг гацаанаас энэ удаа ч гаргах үүрэг нь энэ л миний ардад заяатай юм даа гэдгийг далд ухамсартай гүнзгий ойлгосон нэгэн болоод түүхтэй холбоотой уншсан судалснаа Монголчуддаа хүргэх зорилготой энэ груупыг нээн ажиллуулж байгаа билээ.Би мэргэжлийн түүх ч биш болохоор мэргэжлийн хэллэг болон этикийн алдаа гаргаж байгаа байхаа гол нь өөрийн мэдэж байгаагаа бусдад хүргэх мэдэхгүйгээ мэдэж авах үнэн сэтгэл агуулж байгааг хүлээн авна уу
 
Batbold Batdelger

Wednesday, November 21, 2012

BBC: Хятадын түүхийг мэдье гэвэл Хубилай хааныг судлах хэрэгтэй

Хүн төрөлхтний түүхэнд дэлхий дахинаа алдаршин үлдсэн түүхийн дурсгалт хэдхэн агуу байгууламж байдгийн нэг нь хятадын их цагаан хэрэм юм.

Энэхүү агуу байгууламжийг чухамдаа ямар шалтгаанаар барьж байгуулсныг сөхөн сийрүүлбээс өөр гаргалгаа ч гарах тал бий.

Энэ тухай “BBC” агентлагийн цахим хуудаснаа томоохон нийтлэл гаргасан байна. Үүнийг эх хэл дээрээ сийрүүлэн уншигч танд хүргэе.

Олон зууны түүхийн тоосонд дарагдсан ч өнөө хэр хүч нөлөөгөө алдалгүй дэлхий дахинд дуурсагдсаар байгаа Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны удам Хубилай хааны  тухай түүхийн сурвалжит олон бичээс байдгаас сөхөн тэмдэглэж байна.

Дэлхийн талыг эзэлж нэгэн туурган дор тогтоон барьж байсан XIII зууны зэрлэг хэмээх тодотголтой үлдсэн Монголын эзэнт гүрний тухай мэдэхгүй хүн цөөхөн биз ээ.

Тал нутгаас урган гарч дэлхийг байлдан дагуулж чадсан  үндэстэн одоог хэр нь оршин тогтносоор байгаа.

Тэртээ 1227 онд Чингис хаан насан эцэслэсэн. Түүнээс өмнө тэрээр номхон далайгаас европ хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэн өөрийн хүүхдүүддээ эзэмшил болгон хуваан өгсөн байдаг.

Түүнээс хойш Тулуйн хүү Хубилай энэ эзэнт гүрнийг өргөжүүлэн, газар нутгийг нь улам тэлж, бадраасан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Хубилай хаан төрийн эрхийг барих болсноор өвөг эцэг Чингис хаан, Өгөдэй хааны гүйцээж амжаагүй их хэргийг дуусгахаар сэтгэл шулуудан Хятадын Сүн улсыг дайлаар  морджээ.

Улмаар агуу тулалдаануудын дараа Сүн улсыг сөхрүүлэн улсынхаа нийслэлийг байгуулан Бээжин хэмээн нэрлэж байлаа.

Хятадын Сүн улс тэр үед аль хэдийнэ бүрэлдэн тогтоод нэгэн мянган жилийг үдсэн их гүрэн байсан юм. Сүн улс Хубилай хааныг яагаад өөртөө татав. Энэ асуулт түүхчдийн сонирхлыг өдгөөг хүртэл татсаар ирсэн.

Ромын хүчирхэг эзэнт гүрэн хэдэн зууны турш эрхшээлдээ оруулж чадаагүй дэлхийн талыг монголчууд нэгэн жарны дотор эзлэн, улмаар бүхэл бүтэн мянган жил оршсоор ирсэн Сүн улсыг эзлэн түрэмгийлсэн нь санаанд оромгүй хувьсал байсан хэмээн “Хубилай Хаан” номын зохиолч Жон Мен номдоо дурдсан байдаг.

Харин Хонконгийн их сургуулийн түүхч Шун Зоу монголчуудын талаар “Хятад үндэстэн бол өөрийн соёл иргэншлийг бий болгосон. Хятадын түүхтэй дэлхийн соёл иргэншлийн түүх  нягт холбоотой. Энэ түүхийг зэрлэгүүдийн түүхээс ч харж болно. Зэрлэгүүд бол хүн, гэхдээ хятад хүмүүс биш, тэд хүн хэдий ч маш балмад цус нь буцламтгай зэрлэгүүд” хэмээн нэгэн номдоо бурангуйгаар тэмдэглэсэн байдаг.



Түүхийн сурвалжуудад монголчууд…

Хятадын түүхийн эх сурвалжид монголчуудыг зэрлэгүүд, мангасууд хэмээн бичжээ. Энэ нь нэгэн төрлийн амьтан хэмээснээс утга ялгарахгүй гэж хэлж болно.

Мөн түүнчлэн түүхийн сурвалжуудад монгол хүмүүсийн тухайд “Тэд маш өөр царай төрхтэй. Үүнтэйгээ адил асуудлыг шийдэх арга нь ч өөр. Хятадууд тэднийг мэдэж чадаагүй. Юу хийх гэж байгаа, юу санаж сэдэж хэрхэн ямар үйлдэл хийх нь тааварлахын аргагүй” хэмээн бичсэн байна.

Монголчуудын ахуй амьдралын тухайд, тэд бөх барилдаж нааддаг, хоолойгоороо чанга өвөрмөц дуугардаг /хөөмийлөх/ маш удаан тасралтгүйгээр нэг өнгөөс нөгөө өнгөнд шилжин дуулдаг. Түүнчлэн хүчиллэг исгэлэн ундаа ууж, их хэмжээгээр мах иддэг гэжээ.

Харин Хятад хүмүүс бол тэднээс хамаагүй өөр бөгөөд нийгмийн ялгаатай язгууртан, ажилчин, ядуус хэмээн ялгардаг цогц нийгэмтэй. Хятадууд гоёмсог торго дурдангаар хувцас хэрэглэлээ хийдэг. Бие биеэ хүндэтгэн урлаг хэмээн ойлголтыг эртнээс бий болгож чадсан хэмээн өгүүлсэн байна. Ингэж түүхийн эх сурвалжуудад хятад, монгол хүмүүсийн хоорондын ялгааг өгүүлсэн ном товхимлууд олон бий.

Сүн улсын хувьд 70 сая хүн амтай, түүнээс дайчлан татсан асар хүчирхэг армитай байсан. Энэ нь Хубилай хааны монгол баатруудаас тоо, хүч чадлаараа бараг 100 дахин их хүчтэй байсан. Гэвч тэд монголчуудад нэлээд хэдэн тулаанд ялагдаж, тэдний сүүдэр дор орсон юм. Монголчуудын цэргийн нууц нь байлдааны өвөрмөц тактик байлаа.

Монголын эзэнт гүрэн

Хубилай хаан зүүн европ руу хийсэн хан хөвгүүдийн аян дайнд ашигласан чавхан бууг Сүн улсын эсрэг дайнд оновчтой ашиглаж чадсан юм. Тэрээр персээс тэр үеийн цэргийн инженерүүд гэж болох дархчуулыг урин авчирч чавхан буунууд хийлгэсэн аж.

Тэдгээр буунууд нь 100 кг-ийн хүнд чулууг 200-300 метрийн тусгалтайгаар шидэх чадалтай бүтээгдсэн байна.

Мөн агаарт нисэх замдаа олон хэсэг бутарч үхлийн зэвсэг болж хувирах шаварт багцалсан сумны зэв бүхий бөмбөлгүүдийг ч бүтээлгэжээ.

Түүнийг шидсэний дараа их тоос манан татаж орчныг харах хязгаар багасдаг бөгөөд Сүн улсын багширсан их цэргүүдэд жигд хүртээмжтэй тусдаг байж.

Шавар нь тоос манан татуулж, харин багцалсан сумны зэв бүгд шахуу хятадын цэргүүдийн биед зоогддог байсан.

Энэ зэвсгийн эсрэг Сүн улсын жанжид цэргээ тархай байрлалд байруулах шаардлагатай байсан ч монгол морьтон баатрууд ийм завдал өгөлгүй тоос манан дундуур дайснаа бүслэн авч тал талаас нь дайрч хиар цохидог байлаа. Ийм тулааны аргаар Хятадын урд мужуудыг ядах юмгүй эзлэн авсан аж.

Тэдгээр эзлэгдсэн газруудад өнөөгийн Хятадын урд нутгийн Юнань, Вьетнам, Бирм, Шинжан зэрэг төв азийн орнууд ч орж  байжээ. Мэдээж хэрэг тэдний дунд өнөөгийн түвд ч мөн орж байв. Эдгээр гайхалтай дайн байлдааны овжин арга, тактикуудыг ашиглан монголчууд асар их бүрэлдэхүүн бүхий цэргийн хүчтэй Сүн улсын армийг дайнд ядах юмгүй ялжээ.



Хубилай хааны ордон

Монголчуудын түүхийг илүү танин мэдэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн хүн бол Италийн худалдаачин Марко Поло. Тэрээр Их хаантай нэлээд ойр дотно танилцаж чадсан гадны цөөхөн хүмүүсийн нэг юм.

Марко Поло Хубилай хааны ордонг тодорхойлохдоо, түүний сууц үл ялиг намхан, таван гарцтай, хаан өөрөө зүүн дээд хэсэгт нь суудаг байсан. Түүний өөрийн орж гардаг хаалга нь сууцны голд байрлах бөгөөд бусад үед тэр хаалгаар хэн ч орж гадраггүй байсан хэмээн тэмдэглэжээ. Ийм төрлийн сууцыг өмнө нь хаана ч харж байгаагүй.

Дээвэр хэсэг нь өндөр бөгөөд саруулхан. Хана нь алт мөнгөөр бүрсэн, эрдэнийн чулуу шигтгэсэн байсан. Дотроо маш саруулхан бөгөөд нэг дор зургаан мянган хүн зэрэг орох багтаамжтай сүрлэг ордон байжээ. Харин шал нь тод улаан шар өнгөтэй, зарим хэсгээрээ ногоон, хөх өнгийн хээтэй гялалзан харагддаг байсан аж. Энэ нь урьд өмнө ямар ч хааны сууж байгаагүй тансаг харш байсан. Үүнээс үзэхэд Хубилай хаан суурин соёлыг шохоорхон эрхэмлэж байсан нь илэрхий хэмээн бичсэн байна.

Өнөөгийн хөгжлийн өндөр төвшинд хүрсэн Бээжин хотыг бий болгосон хүнээр Хубилай хааныг нэрлэдэг. Сүн улсыг мөхөөж өөрийн байгуулсан Юань гүрнийг эзлэн авсан Хятадын нутагт суурьшуулснаар өнөөгийн хятадын суурь тавигдсан юм. Харин үүнийг Хятадууд хожмоо эзлэн сууж өөрсдийн бүтээн босгосон хот, соёл иргэншил хэмээн нэрлэсэн байдаг.

Харин өнөөдөр бол монголчуудын ихэнх хэсэг Хятадын 56 дахь бага ястан болжээ. Түвд, уйгаруудын нэгэн адил. Хятадуудын уламжлал, тэдний түүх нэгэнтээ салахын аргагүй холбогдсон байна. “Зэрлэгүүд Хятадын өв уламжлал, ёс заншлаас суралцан тэдний дотор оршсоор иржээ” хэмээн зохиолч түүхч Шун Зоу бичжээ.



Хубилай хааны цадиг судлаач Жон Мен Хятадын тухай

Эрт цагийн монголчууд хувцсаа зөвхөн бүсээр бүслэж тогтоон өмсөж эдэлдэг байсан. Харин Юань гүрний үед энгэрийн товч хэмээх ойлголт бий болсон аж. Энэ нь өнөөгийн Хятадын үндэсний хувцас болон уламжлан ирсэн байна. Нэг үгээр хэлбэл түүхийн урт хугацааны туршид энэхүү хувцсыг Хятадууд өөриймшүүлэн авч хоцорчээ гэсэн үг.

XV-XVI зууны буюу шинэ үеийн Мин улсын үед дээрх хувцас, өв уламжлал бүхэлдээ хятаджин эргэн ирсэн байна.Түүнчлэн хооллох соёл ч хятаджин, олон нэр төрөл болон хөгжжээ. Үүний нэгэн тод жишээ бол цайны данх юм.

Цай бол Хятадын соёлын чухалд тооцогдох нэгэн зүйл. Энэ нь нэгдмэл байдлыг илэрхийлдэг.

Мин улсын өмнөх үед Хятадад цайны данх гэсэн ойлголт байгаагүй. Харин эдгээр соёлуудыг Хятадууд овжноор ашиглан өөрт нийцүүлэн өөрийн соёл болгон шингээж чадсан гэж үзэж байна.

Таван зуухан жилийн өмнө гэхэд хятадууд унадаг дугуй гэгч энэ зүйлийг тоож ч авч хэлэлцэж байгаагүй. Унадаг дугуйг “гадаад чөтгөр”-үүдийн унаа хэмээдэг байсан нь түүхэнд бичигдэн үлдсэн байна.

Харин унадаг дугуйг нийтийн хэрэглээ болгон бүх нийтээрээ унаж хэрэглэхэд тухайн үеийн гадаад дотоод явж юм үзэж нүд тайлсан жентельмэн хятадууд нөлөөлсөн хэрэг.

Мөн дахин нэгэн баримт сөхвөл өнөөгийн  хөгжлийн оргил болоод буй Хятадууд 50 жилийн өмнө л европ хоолнуудыг амталж эхэлжээ.Энэ нь цаг үеийн хатуу чанд бодлого нийгмийн амьдралтай нь холбоотойнх биз.

1949 оноос Япончуудтай газар нутгийн маргаан дэгдээж, дээрээс нь Тайваньчууд газар нутаг тусгаарлах болсноор гадаад улсуудтай дугтралцах болсон аж. Харин энэ бүх таагүй байдал 1980-аад оноос намжиж Хятадаас гадаад оронд ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж тэр хэрээрээ барууны соёлтой танилцаж эхэлсэн түүхтэй.

Дэлхий дахинд алдартай түргэн хоолны сүлжээ МакДональдс ресторан энэ улсад 20 жилийн өмнөөс танигдаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Хятадад МакДональдсийн 14 мянган цэг ажиллаж байгаа.Үүнтэй адил гадаад орнуудын бараа бүтээгдэхүүнүүд ч  саяхны танилууд билээ. Япон, Герман машин, цахилгаан бараа европ хувцас эдлэл хэрэглэл зэргийг нэрлэж болохоор байна.



Христофер Колумб Хятадыг зорьсны учир

Хэрэв Хубилай хаан байгаагүй бол тухайн үеийн Хятадууд XIX зуун хүрэх байсан эсэх нь эргэлзээтэй. Их хаан түүхэнд алдаршин нэрээ үлдээж чадсан учраас л түүнийг судлахаар орон орны түүхчид бүхэл бүтэн  эрдэм шинжилгээний баг бүрдүүлэн ажиллаж байна.

Марко Пологийн тэмдэглэн үлдээсэн  түүхийн сурвалжуудад үндэслэн европчууд Азийг тэр дундаа хятадын соёл иргэншлийг судлахаар хүлгийн жолоо залж байсан. Тиймээс ч Христофер Колумб хятадыг судлахаар яваад эргэн ирэх  замдаа Америкийг  нээсэн хэмээдэг. Үүнээс үзэхэд дэлхийн түүх тал газрын Монголчуудыг судлахаас эхлэлтэй ч гэж хэлж болно хэмээн Жон Мен номдоо тодорхой өгүүлжээ.

Хубилай хаан өөрийн төсөөлж байсан мөрөөдлийн гүрнээ байгуулж чадсан. Гэвч тэрээр арлын японыг л эзэлж чадаагүй. Олон  тооны хөлөг онгоц бүтээж арлыг эзлэхээр дайлаар мордсон боловч далайн хар салхинд цохигдон энэ үйлдэл нь бүтэлгүйтсэн билээ.

Энэ бүх  байлдан дагууллын эцэст тэр өтөлж, тамир тэнхээ сульдан өвчилсөн юм. Түүний хаан ширээг залгамжлах хүү нь нас барж, мөн  хайрт хатан нь өөд болсноос хойш төдий л удалгүй 1294 онд Их хаан өөрөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Харин түүний цогцлоон байгуулсан эзэнт гүрний нэр сүр, түүх өнөөг хэр мөнх оршсоор байгаа билээ.

Их хааны насан эцэслэснээс хойш 80 жилийн дараа Юань гүрэнд дотоодын зөрчил, бослого самуунд автан нуран унах суурь нь тавигдаж эхэлжээ. Хятадын түүхийг бүрэн мэдэхийн тулд Хубилай хааныг бүрэн судлах ёстой хэмээн “Хубилай хаан” номын зохиолч түүх судлаач Жон Мен өгүүлжээ…

Орчуулсан Э.Мөнхнасан

Thursday, November 1, 2012

Бүрхэг шөнийн тэргэл санар

Монгол хэл, бичиг соёл бага, дунд, дээд боловсрол олж буй хүн бүхэн Д.Нацагдоржоор хэсэг хэсэг өвчилдөг. Анх Цагаан толгой үзэж төгссөний дараа ”Хэнз хурга”, дунд сургуульд ”Миний нутаг” шүлгээр, их сургуулийн нэгдүгээр курст ”Харанхуй хад” өгүүлэгийн задаргаагаар... гэхчлэн. Ганцхан бид ч тэгдэг юм биш юм билээ. Нэг өвөр монгол найз минь хэлж байсан юм. “Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд... гэж миний төрсөн Тэнгэр элс, миний цөлөгдсөн Бадайн жаран элсийг хэлж байгаа, багтаж байгаа гэж боддог. Бахардаж сөхрөөд энэ шүлгийг уншихад булчин шөрмөс минь чангарч, зориг зүрх минь эрчлэгдэж байсан. Энэ шүлгийн ид шидээр соёлын хувьсгал, шорон, цөллөгийг давж гарсан...” гэж. Ер бусын дотоод эрч хүч, хайр нигүүлсэл, түүх гэрэлтсэн шүлэг. Найрагчийн ийм их хайрыг ямар азтай бүсгүй амссан бол гэх бодол аандаа төрнө. Социалист реализмийг цогтой хамгаалагч уран зохиол судлаачид их найрагчийн гэргий Дамдины Пагмадулам руу өнөөг хүртэл шороо цацсаар байгааг гайхавч барагдахгүй. Ямар их үзэн ядалт, үгүйсгэл, үл тоомсорлол вэ л гэж халагламаар.

Д.Нацагдорж, Д.Пагмадулам

Яг л ийм л учирлалаар найруулагч Баатарын Бадрал Пахгмадуламын тухай киногоо ”Бүрхэг шөнийн тэргэл саран” хэмээн нэрийдсэн биз. Тэдний амьдралын хөшигний цаадхи бүх нууцыг дэлбэ татан харвал энхрий охин, эхнэрийнхээ төлөө өөрийгөө зольж, өөрийнхөөрөө дуусч байгаа эр хүний дүр зураг харагддаг. Гай зовлон ганц түүгээр дуусалгүй эхнэр Пагмадуламыг нь харанхуй руу шидэж, төрсөн охин нь эцэг эхээрээ овоглож, тэднээрээ хайрлуулж, толгойг нь түшиж чадалгүй, айж хулмаганаж, судлаач нэртэй туршуулуудад ээрүүлж өнгөрсөн амьдрал... Ёстой нөгөө ”Тунгалаг тамир” кинонд “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэж халаглан харуусч дуун алддаг шиг. БҮРХЭГ ШӨНӨ л дөө. Сар ч үгүй, од ч үгүй яг ийм л шөнө байсан байх...


Пагмадуламын намтар дахь үнэн ба худлуудыг хооронд нь хэрэлдүүлье.

Худал: Нацагдорж орос эхнэртэй, орос охинтой байсан... (Ю.Цэдэнбал нарын зэрэг орос эхнэртэй зүтгэлтнүүдийг нийгэмд эерэг харагдуулах хуучин цагийн пиарчид. Тэр бүү хэл түүний орос охиныг Монголд авчирсан болоод түүний нэрээр бизнес хийсэн, музейг нь устгаж, архивийг нь самарсан шинэ цагийн пиарчдын л ажил. Ийм увайгүй өчүүхэн шалтгаан гэж бас байдаг аа)

Үнэн: Нацагдорж Пагмадуламтай 1922 онд гэрлэсэн. Охин Цэрэндулам нь 1923 онд мэндэлсэн. Охиныг Пагмадуламын аав Муж Дамдин өргөж авч өсгөсөн. (Энэ хүн мужаан биш язгууртан. Богд хаант Монгол улсын тайж. Муж хэмээх нь түүний овог бөгөөд Эзэн Чингисийн өрлөг жанжин Боорчийн шууд угсааны хүн)

Худал: Пагмадулам хар тамхичин байсан. Ясчин хятадтай суусан... (Бас л өнөөх соцреалистуудын ажил. Ингэж бичсэнийх нь төлөө тэднийг монголын бүх эмэгтэйчүүд эхчүүдийг гутаан доромжилсон ч гэж ялласан ч болно)

Үнэн:
Монголын анхны эмэгтэй парламентч. Энэ хуралд Ардын хувьсгалын анхны долоогоос Х.Чойбалсангаас өөр хэн ч сонгогдоогүй гэж бодоход шүү. Манж, хятад, орос, герман хэлтэй. Анх баруунд боловсрол эзэмшиж, Германд суралцсан. Шүлэг бичдэг байсныг нь ч бид нарийн тодорхой мэдэхгүй, бүтээлүүдээс нь үлдэж хоцорсон нь үгүй. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга. Шинэ үндсэн хууль батлалцсан хүнээ ингэж гутааж, муучилж, доромжилж, мартаж манантуулахын учир шалтгаан чухам юунд байсан юм бол? Ингэж болдог шинжлэх ухаан, ийм суртал ёстой нам, засаг, тийм хүндлэлгүй эмэгтэйчүүдийн байгууллага чухам Монголд л байдаг байх. Түүнд зүүсэн шошго “Монгол хүнийг гутаан доромжилж болох хятад хүнтэй суусан монгол хүүхэн” гэх хоч. Харин цаг хугацааны өнөөгийн өндөрлөгөөс дүгнэвэл, зорилго нь аргаа зөвтгөхийн учир хятад байтугай чөтгөртэй суусан ч цагаатгаж болох цаг үе байсныг огоорч боломгүй. Өнөөг хүртэл бид ийм л ойлголттойгоор нүдээ боолгож, чихээ бөглүүлж, хэд хэчнээн ч он жилийг өнгөрөөв. Эвлэрэв. Хүлээв.

Зүүн гараас Д.Пагмадулам, Д.Цэрэндулам, Балжид. 1925

Нэхэн саная. Цаг хугацааны хүчин зүйлтэй нь харгалзуулан дүгнэя. Мөрдлөгө хавчлага, үргэлжийн айдас түгшүүр, тэгээд шорон гяндан... Үртэй хүний гол долоо тасардаг гэдэг дээ. Үр удмаа эсэн мэнд авч үлдэхийн тулд China town-д очиж, хятадтай суусан дүр үзүүлэн, хар тамхи татдаг гэх цуу тарааж, гай зовлон охиноос нь, үрээс нь л холуур өнгөрч байвал юу ч хийхэд бэлэн явсан эх хүний л үйлдлүүд... Пагмадуламын амьдралыг товчхондоо ингээд л дүгнэчихэж болно. Тэр хүн хэзээ, хэрхэн энэ орчлонгоос явсныг хэн ч мэдэхгүй, тэр бүү хэл төрсөн охин нь ч мэддэг гэхэд эргэлзээтэй гэж болохоор.

Гэхдээ л бидний дунд тэр өдрүүдийнх нь тухай багагүй мэдэх түүхэн гэрч үлджээ. Өдгөө 94 настай Ёндонжамцын Цэрэндулам гуай цэргийн ансамблийн бүжигчин, гавъяат жүжигчин. Энэ настан буурал олон жил сэтгэлдээ хадааж явсан үнэн мөнийг Б.Бадрал найруулагчийн кинонд анх удаа хүрнэлээ. Урьд өмнө хаана ч дурсагдаагүй баримтыг дэлгэлээ гээд шагнал, зэмлэлийн аль нь ч ирсэн гэсэн уран бүтээлчид баярлах гомдох нь юу л бол. Нуугдаж, зугтаж, айж, бэтгэрч, ганцаардсан эгэл жирийн монгол эмэгтэйн тухай гунигтаэй дурсамж киноны хамгийн оргил болоод гол тайлал нь болжээ.

Зүүн гараас Д.Пагмадулам, Гэсэржав, орос хэмээх Долгор


Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгалаа, үр хүүхдэд нь төгрөг мөнгө өглөө л гэнэ. Хэдэн халтар төгрөг тэртээх жилүүдийн бүрхэг шөнүүдийн зовлон, шаналалыг тайтгаруулж чадна гэж үү? Цаг наашилж, цас битүүрчихээд байхад нэр төрийг нь сэргээх, үнэн мөнийг нь тогтоохоос зайлсхийж, таг дуугүй, хэлмэгдүүлсэн гайтуулсан хэвээр сууна гэдэг л жинхэнэ гэмт хэрэг санагдана.

Төрийн хошой шагналт Д.Намдаг агсан доктор Ч.Билигсайхан багшид хэлж байжээ. “Бид чинь энэ тухай ярихгүй гээд нэг юман дээр гарын үсэг зураад гараад ирсэн хүмүүс шүү дээ” гэж. Тэгээд, ямар ч асуултанд нь хариулаагүйг бодоход... Тэр чухам ямар бичиг байв?

Пагмадуламыг бид энэ чигээр нь мартчихжээ гээд төсөөлье л дөө. Нацагдоржийн шүлгүүдийн өнөөх эрчимлэг, энэрэнгүй, түүхэн шинжүүд нь хэвээрээ байх л байх. Гэхдээ л түүний амьдралын түүхийг үнэнээр нь мэдсэн хүний өрөвдөх, гэмших, хайрлах давхар давхар мэдрэмжүүдээр дутах нь гарцаагүй. Үүнийг л авъяаслаг найруулагч Б.Бадрал ТЭРГЭЛ САРГҮЙ БҮРХЭГ ШӨНӨ болгож харсан байх юм.

Зүүн гараас Д.Цэнд-Аюуш, З.Гүндсамбуу (Магсар хурцын гэргий), Д.Пагмадулам

Үнэмшил, өөриймшил хоёроор хомсдсон өнөө үеийнхэнд хандахад, залруулаагүй алдаа л жинхэнэ алдаа гэдэг биш үү. Бид Пагмадулам, Цэрэндулам нарыг цагаатгая. Тал бүрт тарсан энэ гэр бүлийнхнийг түүхэнд нэг гэрт оруулж, элэг бүтэн болгоё. Нацагдоржийнх гэдэг жирийн сайхан айл, Монголын шинэ үеийн сэхээтэн гэр бүл, эрдэмт, билэг төгөлдөр гэргий, зохиолч, яруу найрагч эмэгтэйн тухай үнэн сайхан дурсамжийг хойч үеийнхэндээ үлдээе.

Б.Бадрал найруулагчийн “орчин үеийн домог”-ууд цаашаа үргэлжилнэ гэнэ лээ. Тэртээ 10-аад жилийн өмнө хийгдэж байсан түүний хурц дайчин, баталгаа нотолгоогоор сэхээсэн, үйл явдлын хурц өрнөлтэй жинхэнэ орчин үеийн баримтат киноны цувралуудыг үзэгчид санаж байгаа нь лавтай. Очирбатын Дашбалбар агсныг амьд мэт хийсэн “Шамбалд бичсэн захидал” (2007) кино нь хэдэн жил баримтат киночдийн “аман домог” байлаа. МУИС-ийн бүтээгдхүүн, монгол утга соёл, түүхийн жимээр хөтлөн түүчээлэгч хүрээ хөвгүүн Б.Бадрал, Г.Ням-Очир нар Пагмадуламыг эрж хайгаад, энэ бүтээлээрээ гарцаагүй олжээ.

Бидний амьдрал, түүхэнд дахин ийм “Бүрхэг шөнийн тэргэл саран” бүү тохиолдог, бүсгүйчүүд, хүмүүс бүү хагацан салаг, бүү шаналан тарчлаг гэж залбиръя. Бусдыг нь та Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийнхний хийсэн энэ киног дахин үзсэнийхээ дараа дотроо тунгаан бодоорой гэж хэлэх байна. Youtube-ийн энэ холбоос дээр бүтнээрээ байгаа.

Д.ЭНХБОЛДБААТА

Дагуур Монголын Жамцын хүү буюу “Оодогийн чоно”

Дагуур Жамц Хорлоогийнд орж суув

Цаг цагийн аяст сайн, муу янз бүрээр дуудуулж явсан Монгол Улсын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн хувийн амьдралын нэгээхэн хэсгийг уншигч олондоо хүргэе гэж бодлоо. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл, Чойбалсангийн эх Хорлоо нь хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Хамгийн том хүү Шарав нь 1885 онд төрөөд 1946 онд Улаанбаатар хотноо нас нөгчжээ. Түүний дараа нь охин Нэрэн нь 1887 онд төрөөд 1944 онд хотод нас баржээ.

Тэднийг нийслэлийн Улиастайн амны адагт  хөдөөлүүлж чулуун хөшөө босгожээ. Гурав дахь хүүхэд нь нялхдаа эндсэн байна. Харин дөрөв дэх отгон хүү нь аргын тооллын 1885 онд буюу, билгийн тооллын 15 дугаар жарны хөхөгчин хонин жил Хэрлэн цагаан талбай хэмээх газар төрсөн нь Чойбалсан ажээ. Маршал Чойбалсанг эцэггүй бутач хүүхэд байсан гэж ярьцгаадаг.

Гэвч түүний эцэг нь хэн болох нь нэгэнт тогтоогджээ. Энэ талаар түүхийн ухааны доктор Бат-Очир судалгааны бүтээлдээ: "Нутгийн хүмүүсийн яриагаар бол Чойбалсанг төрөхөөс хэдэн жилийн өмнө Манжуур дахь Дагуур Монголын газраас Суврагачин отогт цагаачилж ирсэн Жамц гэдэг хүн Хорлоогийнд орж суусан байжээ.
Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаа "цагаачин, тэнүүлчин оргонов" хэмээн түүнийг хавчиж гадуурхан нутаг уснаасаа үнэн хэрэгтээ хөөж явуулжээ. Жамц арга буюу тэндээс буруулан зайлж өөрийн тахиж шүтдэг Турагтай уулнаа очиж ан гөрөө хийж ганц биеэр амьдрах болсон байна.


Чойбалсан: Бодоход миний эцэг тэр биз
Гэвч Хорлоо сэтгэл төвдсөнгүй Жамцын хойноос Турагтай уулыг зорин нүүж очоод хоёул нийлэн амьдарсан гэдэг. Удалгүй эв эвдэрч эцэстээ салж сарнихад хүрсэн гэнэ. Чингэхэд Жамц хэлжээ: "Чи хүүхэд олж жирэмсэн болов бололтой. Яг энэ буурин дээр бие шалтгаантай болсон хэрэг. Чиний төрүүлэх үр энэ уулын өлгийд, эхийн хэвлийд олдов.

Чингэхээр эх үр бид гурвын төлөө энд даатгал хийж, шав бумба байгуулъя" хэмээн таван өнгийн том чулуугаар тэмдэг тавьж газрыг сайтар тогтоож нүдэлсэн аж. Хоёр тийшээ салахдаа Хорлоо "Үүнээс хойш чамтай дахин уулзахгүй, царай царайгаа харахгүй" гэж андгай тангараг тавьсан гэдэг юм. Хорлоо отогтоо буцаж ирээд үрээ төрүүлж нярайлахын цагт тулах түших ханьгүй их ядарч зовжээ. Нөгөө Жамц эл учрыг дуулаад нэг өдөр гэнэт хүрээд иржээ.


Хорлоог өргөж тойлж, асарч энэрч байж хүүгээ амар мэнд торүүлжээ" гэжээ. Чойбалсангийн эцэг Жамц хүүдээ Дугар гэж нэр хайрлахыг ламаас хүсэхэд тэрээр зөвшөөрчээ. Жамц ч яваад өгч, тэд дахиад уулзаагүй байна. Тэр үед нутгийнхны нь дунд нэгэн дуу гарчээ.
Дагуур гаралтай Жамц нь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь
Дассан сэтгэлээ татна уу даа
гэсэн дууны бадаг байдаг нь олон түмэнд түгэн үлджээ. Дээрх шүлэгт "Сэтгэлээ татах болсон шүү" гэдгийг шүлгийн толгой холбох ёсыг бодож "Дассан сэтгэлээ татна уу даа" гэж өөрчилснийг өршөөнө үү.

Хорлоо Жамцын хойноос байнга сэмхэн санаа тавьж түүнийг нас барсан, хаана хөдөөлүүлснийг мэдэж авчээ. Тэрээр нэгэн удаа Хонхор хужир гэдэг газар хүү Дугарыг (Чойбалсан) дагуулан очоод хүүгээрээ хадаг дэвсүүлж, зул асаан, арц уугиулан, уйлан хайлж байжээ. Гэвч энэ явдлыг эх нь хүүдээ хэлж тайлбарлаагүйгээс Чойбалсан өөрийгөө бутач гэж бодсоор иржээ. Чойбалсан бүр сүүлд 1942 онд бичсэн өөрийн намтартаа:

"...Би эцгийг мэдэхгүй бөгөөд таних ч үгүй болой. Орос ёсоор хэлбэл би эмэгтэй ард Хорлоогоос хууль бусаар төрсөн хүү мөн болой. Миний эх бол өөрийн ах дүү хоёрын хамт амьдарч, ханилсан эргүй, миний бие ба мөн бас гурван хүүхдийн хамт байсан нь миний санаанд байна" гэж бичжээ. Тэрээр "Миний эх намайг бөгөөд нэгэн хүүрийн газар хүндэтгэл хийлгэж өөрөө их уйлж байсан билээ. Бодоход миний эцэг тэр биз ээ" гэж гэргий Гүндэгмаадаа хожим ярьж байсан гэдэг.

Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд түр үрчлүүлж гурван нас хүрмэгц буцаан авч, төрсөн дүү Нэрэндээ өргүүлжээ. Дугарыг долоон настайгаас нь түвд ном үзүүлж, есөн настайд нь нийслэл хүрээнээ дагуулан ирж Богдод мөргүүлсэн байна. Чойбалсан багадаа их дүрсгүй хүүхэд байсан тул "Оодогийн чоно" хэмээх хочтой явжээ. Тэрээр хийдэд хүргэгдэж, тэнд сахил санваар хүртэж Чойбалсан нэртэй болжээ.

Цэл залуу Чойбалсан хүрээний ганган хүүхнүүдийн нэг Бортолгойтой танилцан гэр бүл болжээ. Хууччуудийн ярианаас сонсоход Чойбалсан нь Бортолгойгийн гэрт орж суужээ. Бортолгой нь одоогийн Төв аймгийн нутагт хөдөө аж төрж байгаад хүрээнд ирж суурьшсан байна. Тэрээр үйлд сайн, угийн уран хүн тул Богд гэгээний оёдолчны ажилд орж муугүй амьдарч байжээ.

Бортолгой нь өөрөө их шүтлэгтэй хүн байсан тул гэрийнхээ ханаар дүүрэн бурхан ном ордог байжээ. Чойбалсангийн өөрийн бичсэнээр "Бид хоёр халуун эв найрамдалтайгаар хоёр биед хань нөхөр бололцон амьдарч хүмүүжиж явсан нь үнэхээр учир ялгавартай холбоо бүхий байсан" гэжээ.
Чойбалсан 1929 оны нэгдүгээр сард, хувийн хашаа байшингаа намын санд сайн дураар хандивлан, түүний шан харамжаар бусдад тавьсан өрөө төлж, өөрөө албаны орон сууцанд суух тухай Намын төв хороонд өргөдөл гаргаж байжээ.

Энэ үед Чойбалсан жүжигчин хүүхэн Дэвээтэй эр эмийн холбоотой болжээ. Тэр үед Чойбалсан нам төрийн өндөр алба, хашаагүй сэтгэл санааны гутралтай, хааяа ууж татахаас ч буцахгүй хэцүү үе байсан гэдэг. Дээрх явдлыг эхнэр Бортолгой мэдсэн ч Чойбалсан хаяж орхиж явсангүй. Чойбалсан хэдийгээр болохгүй бүтэхгүй явдал гаргасан ч Бортолгойн үгнээс гаждаггүй байсан аж.


Дулам даханг зүгээр өнгөрөөжээ
"Шинэ эргэлтийн бодлого" ид эрчээ авч байсан 1935 онд Еронхий сайд Гэндэнгийн санал, Сталины зөвшөөрснөөр Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсоны дараа Бортолгойгоос албан ёсоор салж, өрх тусгаарлажээ. Гэр бүл салахыг Чойбалсан биш. Бортолгой өөрөө санаачилсан гэдэг юм. Бортолгой хэлэхдээ "Чойбалсан чи бол нам төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн.

Над мэтийн шашин мөргөлд автагдсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд нь сэтгэлийн зовлон, Би чамайг нэг жирийн сайн эмэгтэйтэй танилцуулъя" хэмээн Б.Гүндэгмаатай танилцуулсан гэдэг. 1935 оны дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотын дөрөвдүгээр хорооны тавдугаар хорины захиргаанд гаргасан Чойбалсангийн гурван өргөдөл одоо улсын архивт байна.

Тэрхүү өргөдөлд "эр эм болж 14 жилийн нүүр үзсэн Бортолгойгоос бүр мөсөн тусгаарлан салж, аж төрөхөөр санал нийлэлцсэн" гэсэн байна. Чойбалсан өргөдөлдөө "Миний бие чадал бүхий цагт түүний биеийг (Бортолгойг) хэзээ ч харж харгалзах ба тусалж тэтгэж явахаа" илэрхийлсэн байна Чойбалсан хэдийгээр өрх тусгаарласан ч Бортолгойг насан эцэс болтол ямагт харж хандаж явжээ.


Чойбалсан салахдаа, өөрийн өмссөн хувцас, бичиг дэвтэр буу зэвсгээ аваад, үлдсэн хашаа байшин, бүрэн тавилгатай гэр, бусад хогшил хөрөнгийг Бортолгойд өгчээ. Үүний зэрэгцээ хот хөдөө явахад буюу өөрийн хөрөнгө болгож эдэлж хэрэглэхэд нь зориулж "ГАЗ" маркийн суудлын машин нэгийг өмч болгон өгсөн байна. Энэ бүхнийг нотлох баримтыг гурван хувь болгосны нэгийг Улаанбаатар хотын захиргаанд явуулж хадгалуулжээ.


Бортолгойд “Газ” маркийг машин хувьд нь өгчээ
Бортолгой одоогийн "Ногоон нуур"-ын баруун өмнө Хятадын долоо, найман гудамжны хавьд суудаг байжээ. Чойбалсан Бортолгойг байнга эргэж бэлэг сэлттэй очихын зэрэгцээ өөрийн бие хамгаалагч болон таних хүмүүсээр дамжуулан "Маршалын хувийн фонд"-оос эд мөнгө явуулдаг байжээ. Бортолгой нь Чойбалсангаас салаад Дулам Дахан хэмээх түвд хүнтэй ханилсан байна.

Хэлмэгдүүлэлтийн үед Монголд байсан түвдүүд бараг бүгд баригдахад Дулам Дахан зүгээр өнгөрсөн гэдэг. Мөн Бортолгойг өвдөөд бие нь муу байхад Эрхүү хотоос тусгай эмч дуудуулан үзүүлж байжээ. Чойбалсан хуучин эхнэрийнхээ танилцуулсан Гүндэгмаатай 1935 онд гэр бүл болсон байна. Гүндэгмаатай гэр бүл болсны дараа түүний ажил амьдрал нь их л өөдрөг явж иржээ.

1935 онд БНМАУ- ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдаар томилогдсоны дараа Улсын маршал (өрлөг жанжин) цолоор шагнагдаж, 1936 онд шинээр байгуулагдсан Дотоод явдлын яамны сайд, мөн Гадаад явдлын яамны сайд, 1937 онд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939 онд БНМАУ-ын сайд нарийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогджээ. Чойбалсан сууж байсан болон хоёр дахь эхнэрийн алинаас нь ч өөрийн гэх хүүхэдгүй байв. Харин Гүндэгмаатай суугаад хүү Нэргүй, дараа нь охин Сувдыг өргөж авсан байна.



Ханд: Маршал шар будаатай хярамцаг хүртэл иддэг байсан
Чойбалсан орос, монгол тогоочтой тэднээр бүхэл мах чануулж идэх дуртай, хутга барихдаа солгой, шампани дарс уудаг байжээ. Маршалын байрны цэвэрлэгч Ханд өгүүлэхдээ: "Тэрээр хөдөлж аяглахаас эхлээд хоол унд нь хүртэл жирийн биднийхтэй адил их энгийн ер нь хуучны хүн. Сүүтэй цайнд дуртай, ааруул, ээзгий цайнд хийж ууна. Шар будаатай хярамцаг хүртэл иднэ. Ясыг жигтэйхэн сайхан мөлжинө.

Нэг өдөр гал тогоонд орж ирлээ. Хэн нь ч юм нэг чөмөгний яс дутуухан мөлжөөд зуухны тосгуур руу хаяж орхиж. Түүнийг хараад "Үгүй та минь үүнийг хараач. Хэн нь ингэж цамаан загнадаг байна аа. Монгол Улс малаа 200 сая болгоно гэж байдаг. Гэтэл Маршалынх хог дээрээ мөлжүүртэй чөмөгний яс хаяж байдаг. Ядаж чөмгийг нь ташиж иддэг байгаа даа. Хүн амьтан харвал юу гэх билээ" гэж бүр үнэн сэтгэлээсээ дургүйцэж байсныг мартдаггүй юм" гэжээ