Sunday, March 13, 2011
Одой хүний үгс
Акутагава Рюноскэ "Одой хүний үгс" (хэсэгчлэн), 1926
Орчуулга: Сүрэн
Эх сурвалж: http://surensuren.blogspot.com
Амьдрал
Амьдрал гэдэг шүдэнзний хайрцагтай адил. Тун чухал зүйл мэт хандах нь тэнэгээс тэнэг явдал. Гэхдээ эс тэгвээс аюултай.
... мөн
Амьдрал гэдэг хуудас нь дутуу ном мэт. Бүгд нийлээд бүхэл бүтэн болно гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ л бүхэл.
Биеэ зөв авч явах ёс
Нэгэн сурагч охин "үнсэлцэхдээ нүдээ аних ёстой юу, эсвэл нээсэн байх уу?" гэж миний найзаас асуусан гэнэ. "Хайрлаж дурлах зөв ёсны" тухай охидын сургуульд заадаггүйд би энэ охинтой хамт ихэд харамсана.
Ангараг
Ангараг гариг дээр амьдрал байдаг уу гэж асуух нь бид таван мэдрэхүйгээрээ ангарагийн оршин суугчдыг мэдэрч чадах уу гэж асууж буйтай адил хэрэг. Гэвч амьдрал зөвхөн та бидний таван мэдэрхүйгээрээ мэдэрч чадах зүйлээр хязгаарлагдахгүй. Хэрэв ангараг гаригийн оршин суугчид бидний таван мэдрэхүйг хальж давсан орчинд амьдардаг гэж үзвэл, тэд өнөө шөнө ч гэсэн навчис хийсгэх салхитай хамт Гинзагаар алхаж байж магад.
Дайчны дасгал сургууль
Дасгал сургууль хийж буй дайчид дөрвөн зүгийн сэлмийн аваргуудтай сэлэм зөрүүлэх нь байлдах урлагаа сайжруулахын тулд гэж бодож байлаа. Гэвч одоо бодоход, надаас илүү хүчтэн энэ дэлхийд үгүй гэдгийг л тэд эрж байж. (Миямото Мүсашигийн намтар уншсаны дараа)
Гюго
Бүх Францыг бүтээж чадах зүсэм талх. Гэхдээ яаж ч бодсон масло дутжээ.
Нэгэн хөрөнгөтний логик
"Урлагийн хүмүүс урлагаа худалдаж би хавчны консерв худалдах нь онцын ялгаагүй л зүйл. Гэвч урлагийн хүмүүс урлагийн бүтээлээ дэлхийд байхгүй эрдэнэс мэт нандигнана. Урлагийнханы жишгийг дагавал би жаран сэнээр зардаг хавчны консервээ гайхуулах ёстой доо. Жар наслахдаа мунхаг би урлагийн хүмүүс шиг тийм ичгүүргүй, биеэ тоосон тэнэг зан гаргаж үзээгүй"
Цэрэг
Төгс цэрэг даргынхаа тушаалыг үг дуугүй дагах ёстой. Үг дуугүй дагана гэдэг огт шүүмжлэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл төгс цэрэг юуны түрүүнд ухаанаа алдах хэрэгтэй.
... мөн
Төгс цэрэг даргынхаа тушаалыг үг дуугүй дагах ёстой. Үг дуугүй дагана гэдэг огт хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл төгс цэрэг юуны түрүүнд хариуцлагагүй этгээд байх ёстой.
Туйлын завгүй
Биднийг хайр дурлалын адал явдлаас ухамсар ухаан биш туйлын завгүй байдал аварч байна. Хайр дурлалд бүрэн уусахын тулд юуны түрүүнд цаг зав хэрэгтэй. Вэртэр, Ромэо, Тристан зэрэг эрт цагийн дурлагсад - бүгд хийх ажилгүй завтай хүмүүс.
Эр хүн
Жинхэнэ эр хүн хайр дурлалаас илүү ажил төрлөө чухалчилна. Үүнд хэрвээ эргэлзэж байвал Бальзакийн хайрын захиа уншаад үзээрэй л дээ. Бальзак Ганск гүнтэнд "энэ захиаг гар бичмэл болговол тэдэн франк" гэж бичиж байв.
Үг ба үйл
Үг үйл нь зөрдөггүй хүн гэсэн сайхан нэр зүүхийг хүсвэл юуны түрүүнд өөрийгөө хамгаалж зөвтгөх урлагт суралцах хэрэгтэй.
Мэх
Нэг ч хүн хуурч мэхэлж үзээгүй гэгээнтэн байж болох ч хүн төрлөхтөнг хуураагүй гэгээнтэн үгүй. Лам нарын хүнийг хөтлөн чиглүүлэх арга нь айдаст тулгуурласан сэтгэлийн макиавеллизм.
Эмэгтэй хүний царай
Эмэгтэй хүн хүсэлд автахдаа жаахан охин шиг царайтай болдог нь гайхалтай. Гэхдээ тэр хүсэл нь нарны шүхэрт ч чиглэсэн байж болох.
Толстой
Бирюковын бичсэн Толстойн намтрыг уншихад Толстойн "Миний өчил" болон "Миний итгэл" бүгд худал болох нь илт. Гэвч ийнхүү худал бичсэн Толстой шиг зовж шаналсан зүрх энэ дэлхийд үгүй. Түүний худал зарим хүмүүсийн үнэнээс илүү улаан цус урсгана.
Хоёр эмгэнэл
Стриндбэргийн амьдралын эмгэнэл "үзүүлж харуулахад хязгаар үгүй" буюу бүх юм нь ил байсанд оршино. Харин Толстойн амьдралын эмгэнэл эсрэгээр юу ч ил байгаагүйд оршино. Тиймээс Толстойн амьдрал Стриндбэргээс илүү их эмгэнэлээр төгссөн.
Тэд
Үнэнийг хэлэхэд би, хайргүй байж тэр хоёр яаж ийм эвтэй найртай амьдарч чаддаг байна гэж гайхдаг байлаа. Харин тэд дурлалт хосууд яаж ийм эвтэй найртай амиа хорлож чаддаг байна гэж гайхах юм.
Огюү Сорай
Огюү Сорай хайрсан буурцаг зажилангаа эртний хүмүүсийг долоон үгээр муу хэлэх дуртай. Хайрсан буурцаг зажилах нь мөнгөө хэмнэхийн тулд гэдгийг би ойлгох ч эртний хүмүүсийг юунд муулдгийг ойлгохгүй явлаа. Харин одоо хуучны хүмүүсийг муулах нь үеийнхнийгээ муулахаас хамаагүй хоргүй болохыг мэдэв.
Зохилч
Шүүмжлэгч: Чи зөвхөн ажилчин хүмүүсийн амьдралын тухай бичдэг биз дээ.
Зохиолч: Бүхний тухай бичсэн хүн байсан юм уу?
... мөн
Жаран хөлт: хн, жаахан яваад үз л дээ.
Эрвээхэй: хн, жаахан нисээд үз л дээ.
Wednesday, March 9, 2011
Том намыг том лидер авч явахаас “том хулгайч” авч явахгүй
Эрх баригчид насны ойгоо тэмдэглэлээ. Ойн өдрөөр нь төрж буй шинэ иргэдэд баяр хүргэхээр тус намын дарга Нэгдүгээр төрөх эмнэлгээр айлчилж, ээжүүдэд цэцэг бэлэглэв шүү дээ. Энэ үед нэгэн ээж “Хүүгээ тан шиг хүн болгоно оо…” хэмээн талархан амлахыг цэнхэр дэлгэцээр харуулж байна. Хүүгээ хулгайч болгож яах нь вэ дээ, бүсгүй минь. МАН-ын дарга Сү.Батболдыг Монголын хамгийн том хулгайч, бэрд, луйварчин хэмээн учир мэдэх нөхөд бүгд л цохон зүхэхийг сонсохгүй байна гэж үү. Үнэхээр энэ уравгар царайт нөхөр хаагуур хэрхэн туучиж ирээд эрх баригч намын тамгыг цүнхлээд, улмаар Засаг төрийн тэргүүний суудалд зайдалж дөнгөв өө.
Авсан, хийсэн ажил бүр нь луйврын шинжтэй. Чингис зочид буудлыг Засгийн газраас бонд гаргуулаад авчихсан. Бороо, Тавантолгойн ордын хайгуулыг төсвийн мөнгөөр хийлгэчихсэн. Үүнээс Бороогийн ашиг шимийг хэдэн канадтай хуваагаад залгичихсан энэ эрхэм эцсийн эцэст хэн бэ. Ямар ч зардал гаргалгүйгээр дааж давшгүй орлого ууталж суудаг нь юу юу вэ?
Бас болоогүй, Тавантолгойн хувьцааг өвлүүлэхгүй, өмчлүүлэхгүй гэнэ. Аав ээжийн нь идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүхэн үр хүүхдэд нь өвлөгдөх л ёстой биз дээ.
Эх орныхоо баялгаас хүртэж амжаагүй шахам таалал төгсчихвөл тэр хувьцаа тэгээд л өнгөрөө гэнэ. Би хувьцаагаа охиддоо үлдээмээр байна Сү овогтоо. Намайг үхчихвэл миний хувьцааг хэн авах гэж байгаа юм бэ. Монгол төр үү, эсвэл та юу. Баялгаасаа хүртэх хувьцааг өвлүүлэхгүй, өмчлүүлэхгүй гэхийн цаад утга энэ улс иргэдээ цагаас нь эрт буцаагаад байх бодлого барих нь гэхээс өөрөөр тодорч уншигдахгүй байна, Ерөнхий сайдаа. Алсын Лондонд гэртэй хүнээс ар халхын төлөөх сэтгэл түмэнтээ хүсээд ч гонжийнжоо гэж үү.
Ерэн жилийн турш томоороо байсан МАН-ын рейтинг ингэтлээ унасан түүх урьд хожид үгүй. Эрхэм Сү.Батболд та энэ намын дарга байгаагүйсэн бол магадгүй Намбар гуайн хүү ч өөр нам, өр шир ярин өрвийн сөрвийн гүйхгүй ч байхсан уу. Том шуналтай хүнээр том нам удирдуулахаар эл намын энгийн гишүүд ч шуналын тулам, бэрд мэт харагдаад байна. Магадгүй, та байгаагүйсэн бол танай намыг олигархиудын хэмээн онцлохгүй ч байхсан уу. Олигархи гэж юу вэ гэхээр “Мэдэхгүй ээ, Сү.Батболдыг л олигархи гэх юм билээ” гэлцэх жиг жугийг та бодвол дуулаа байлгүй.
Том лидерүүд жижиг намыг ч аваад явчих энгийн жишээ нь Н.Энхбаяр аж. МАХН-ыг Дээд шүүх бүртгээгүй байхад л нам гэж харагдаад байхад ерэн жилийн түүхтэй энэ том нам ердөө хэсэг бүлэг олигархийн цуглуулга мэт харагдахын учир юув, МАН-ынхаан. Танай намын дарга Сү.Батболдыг хөөрхий хөдөлгөөний тэргүүн, иргэн Н.Энхбаяртай халз ярилцлагын ширээнд урьвал яасийм. Сү овогт Намбар овогтын өмнөөс эгц хараад эрс тэс ярьж чадах уу. Оросоор “Болыному кораблю. Большое плавание” гэдэг дээ.
Том хөлөг том далайд л гардаг. Тэр том хөлгийг жижиг жолоодогч огтхон ч хөдөлгөж дийлэхгүй нь тодорхой. Зохих ч үгүй. Үнэндээ том намыг том лидер л авч явахаас “том хулгайч” авч явахгүй… Тэгээд ч Тавантолгой гэхчлэн ийм том орд, энэ Монголын хувь тавилангийн асуудлыг уул уурхайн баялаг дагасан ашиг сонирхолтой Ерөнхий сайдаар удирдуулсан Засгийн газар шийдвэрлэнэ гэдэг хэрээс хэтэрсэн тэнэг хэрэг биш үү. Бараг зуун жилийн түүхт намыг нам унагаж буй нөхөр нэгэн үе дэлхийн цээжинд морин туурайн тамга үлдээж явсан монгол түмнийг сөхрүүлэхгүй гэх баталгаа хаана байна.
У. Цайдам
Эх сурвалаж: “Нийгмийн толь”
Монголын “Ардчилал”-ын “Нууц ажиллагаа”-ны нууцаас
Энэхүү сонин дурсамж нь 2010 оны “Хувийн мөрдөгч” сонины №04-т нийтлэгдсэн бөгеөд “Ардчилсан хувьсгал”
хэмээх нууц үйл ажиллагааны нууцаас бичсэн учир олны анхаарал татаж байна.
…1989 оны 8 дугаар сарын 9. Намайг зуслан дээрээ амарч байтал НАХЯ-ны сайд, дэслэгч генерал Жамсранжав дуудуулжээ. Сайдад ирснээ илтгэхэд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооноос манай яамны дэргэд суудаг зөвлөхүүдийн аппаратын мэдэлд чамайг шилжүүллээ. Жил орчим ажиллана. Цалин дээрээ рублиэр урамшуулал авах байх гэв. Сайдтай уулзчихаад өрөөгөөрөө ортол дотуур холбооны утас дуугарав.
Зөвлөхүүдийн бүлгийн М.К.Смирнов мэнд мэдмэгцээ оройн 23 цагт Зөвлөлтийн тусгай албаны нууц уулзалтын байранд уулзая гээд сансрын нэг байр, хаалганы дугаарыг хэлэв. Би ердийн л нэг нууц ажиллагаа байна гэж бодлоо. Тухайн үед зөвлөлтийн цэргийг гаргах ажиллагаа ид дундаа өрнөж байв. Зөвлөлтийн 37 дугаар хүч нэмэгдүүлсэн армийн Арвайхээр орчимд байрлуулсан дивизийн халхлалтанд байсан пуужингийн тусгай ангийг сэм гаргахтай холбоотой асуудал байх гэж таамаглалаа. Учир нь уг онц нууц ангийг шилжүүлэн тээвэрлэхэд Улаанбаатарыг чиглэн явж буй баруун аймгуудын улсын бэлтгэлийн тууврын хонины маршрут маш олон газраар огтлолцоод байв. Хятадын тагнуулын албад манай дотоодын шилжилт хөдөлгөөн, тээвэр, цэргийн маневрыг тагнахдаа тууварчдыг хятадууд элсүүлэх гэж оролдож байсан билээ. Тэр үед жолооч, тууварчид л тусгай зөвшөөрөлгүйгээр улс орноор хөндлөн гулд хэрж чаддаг байсан. Харин Арвайхээрээс зүүн зүг 13 км-т Онгийн голын эрэгт байрласан орос дивизийн халхлалт дор орших тэрхүү онц нууц пуужингийн анги нь тактикийн цөмийн пуужин бүхий салбар байсан болов уу гэж одоо боддог юм. Байр нь тэнд боловч бие бүрэлдэхүүн нь цаг үргэлж зэвсэг техниктэйгээ манай улсын өмнөд районуудаар хэрэн явдаг байлаа…
Тэр орой их бүгчим байснаа 22 цагийн үед учиргүй ширүүн бороо орлоо. Гэрээс гараад цув нөмөрч явган алхсан болохоор болзсон цагаасаа 10 минут хоцорч очив. Миний таних М.К.Смирновоос гадна огт танихгүй гурван орос хүн, манай албаны Т, Ф, Ц, Д, Ж нар ирчихсэн кофе ууж суулаа. М.К.Смирнов бол монгол хэлээр ус цас, бүр 1976 онд Монголд томилогдон ирсэн хүн. Аав нь өвөг эцэг нь бас хадам аав нь хүртэл Монголд алба хааж, ажиллаж бүр байлдаж явсан гэдэг. 1982 онд эхнэр нь элэгний хорт хавдраар нас барсан, зовлон үзэж яваа эр байлаа. Хоёр ихэр хүү нь Москвад дээд сургуулийн оюутан. Мань эр жилийн өмнөөс Орос хэлний дээдийн нэг залуухан багш хүүхэнтэй уулзаад байх болсныг би мэдэх юм. Тэр нь нөхөргүй болохоор буруу нь ч юу байх вэ. 36 настайдаа ЗХУ-ын аюулаас хамгаалахын хурандаа болсон азтай эр. Нэг дүү нь Афганистанд, нөгөө нь Никарагуад цэргийн тагнуулчаар ажилладаг гэсэн. Ийм нэг хээгүй сайхан орос эр миний найз, хамтран зүтгэгч минь байлаа. М.Смирнов 1990 онд нутаг буцаж, 2002 онд тагнуулын албанаасаа тэтгэвэрт гарсан боловч тусгай албаны сургуульд хичээл заасан шиг амьдарч байгаа.
Түүнтэй хамт амьдарч байсан нөгөө монгол хүүхэн нь 2000 онд онгоцны ослоор өөд болсон билээ…
Смирнов биднийг хооронд нь танилцууллаа. Надаас өмнө ирсэн хэдийг тэр оросуудтайгаа танилцуулж амжаагүй байж. Намайг ороход тэд Б.Бат-Эрдэнийг хэр олон жил түрүүлэх тухай ярьж байсан юм. Смирнов олон юм ярилгүй шууд эхэлдэг зангаараа “За бид бүгд хамтарч Бүгд Найрамдах Монгол Ард улсад өөрчлөн байгуулалтыг эрс түргэтгэн яаралтай хийх ажлыг гардах хэрэгтэй боллоо. ЗХУ-ын удирдагчид 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдөр энэ асуудлаар тодорхой нууц шийдвэр гаргасан. Манай Улс төрийн товчоо Монголын удирдлагыг дэндүү үхээнц, зориг зүрх муутай байна. Өөрчлөн байгуулалт хийх хүсэл эрмэлзэлгүй, тулгамдсан маш олон хурц хүнд асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй байна гэж үзлээ. Иймд Б.Батмөнх тэргүүтэй удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сайн дураар нь огцруулах шийдвэрт хүргэх тийм хүчтэй, маш нүргээнтэй юм хийхийг та бидэнд ЗХУКН-ын Төв Хороо, ЗХУ-ын УАХХ итгэн найдаж үүрэг болголоо гэв.
Монголчууд бид таг дуугүй сууцгаав. Ийм үг сонсоно гэж зүүдэлсэн ч үгүй. Балмагдсандаа ч тэр үү, дэд хурандаа Ж кофегоо өмд рүүгээ бүр тодруулбал нууц эрхтэнийхээ эгц дээрээс асгачихлаа. Энэ хөгтэй явдал тэнд уригдсан монголчуудыг тайвшруулсан. Эхлээд оросууд дараа нь монголчууд хөхрөлдөж гарав. Ж инээхтэй манатай, саарал брюк нь салтаа орчимдоо өтгөн кофенд хүрэн хар болсон байв. Ж-г өмдөө баахан зүлгэсний дараа Смирнов бидний хийх зүйлийг хуваарилснаа танилцууллаа. Би ЗХУ-ын УАХХ-ны 9 дүгээр газрын ажилтан, дэд хурандаа Богдановын /энэ нь хуурамч нэр овог, жинхэнэ нэрийг нь би хэзээ мэдээгүй/ удирдлага дор ажиллах болов. Доороо авч ажиллуулах долоо, найман хүнийг би өөрөө олох боллоо. Тэд Богдановыг хэзээ ч харах ёсгүй. Ямар зорилго тавигдсаныг ч мэдэх учиргүй гэлээ. Бидэнд тэр дор нь зөвлөлтийн рубль тус бүр 5000-ыг өгөв. Богдановын нөгөө хоёрыг Сёмин, Турчинов гэх бөгөөд азидуу царайтай Турчинов нь тэр их мөнгийг гаргаж ирээд тарааж өгөхдөө гарын үсэг ч авсангүй. Бид өөр өөр чиглэлээр ажиллах ба дараа өөр нууц байранд нийлж уулзах болов. Нэг нууц байрыг нэг л удаа ашиглана гэж анхаарууллаа. Ж.Батмөнх болхидуу хүн боловч НАХЯ, БХЯ, ГХЯ-д түүний үнэнч нөхөд олон байгааг бид бүгд ойлгож байлаа.
Орос хурандаа Богдановтой хамт хариуцан хийх ажил маань тун олон хүн олон ажил байв. Бид тус тусдаа орос зааварлагч нартайгаа нэг өрөөнд орж суугаад ажлаа ярьж гарлаа. Богданов түс тас эр юм.
Афганистанд, Йеменд, Кубад байсан гэв. Афганд Ерөнхийлөгч Х.Аминыг авч хаяхад оролцсон хүн юм байна. Ийм бужигнуулах ажилд сахиусан тэнгэрүүд огтоос хэрэггүй гэнэ. Бидэнд нам засагтаа үнэнч, авгайдаа үнэнч, ажил тасалдаггүй, архи уудаггүй, ам нь үдээстэй, эсвэл онц сурдаг, өсч дэвжих хүн хэрэггүй. Харин ерөнхийдөө хог шаар болох зам руугаа орсон хүмүүс хэрэггэй. Гэхдээ бүр хогийн юм байж бас болохгүй. Мөнгө, мөрийтэй тоглоом, хүүхэн, гоё ганган юманд дуртай хүмүүс хэрэгтэй байлаа. Хоёулаа эхний ээлжинд дөчөөд хүн олоод зохион байгуулахад хангалттай байв. Богданов “Чи бид хоёрт хамгийн заваан ажил ноогдсон шүү. Бусад нөхөд хамаагүй цэвэрхэн юм хийнэ. Харин цус урсгах ямар нэг юм байж хэрхэвч болохгүй. Бид та нөхдөд илүү сайн сайхан ирээдүйг нээх гэж ийм зүйл хийж байна гэсэн юм. Даалгавраа аваад түүний хамт доош буухад орос цэргийн ангийн ямбийдуу УАЗ -469 зогсож байлаа. Намайг шөнийн 2 хагаст гэрийн гадаа буулгаад одов. Гэртээ ормогц өглөө болтол хадгалахын тулд 850 рублийн нэг боодол мөнгөө диван доогуураа хийгээд унтсан билээ…
Манайд зодоон цохион мөрийтэй тоглоом, хүүхэн шуухан, жижиг сажиг хулгай, валютын дам гээд янз бүрийн хэргээр бүртгэлтэй байдаг олон арван хүн байлаа. Тэднээс хорин хүнийг сонгож аваад анкетыг нь 4 дүгээр хорооллын нууц байранд Богдановтой уулзан танилцуулав. Зураач, жүжигчин, инженер, офицер, сэтгүүлч, багш тэдгээр хүмүүсийн дотор нэг ч эмэгтэй хүн байгаагүй. Тэдний намтар түүх, амьдрал будилаан хэрэг зэрэг нь Богдоновт ихэд таалагдав. Арав гаруй нь манай байгууллагад мэдээлэл өгдөг байлаа. Зарим нь урамшуулалтай зарим нь манайхны шантаажаар. Жишээ нь: нэг нөхөр өөрийн шавь оюутан охиноо согтуудаа хүчиндсэн байв. Цаад охин нь онгон амьтан биш, үйлдвэрийн чехүүдтэй явдаг байж. Гэвч онгон охиныг согтуурхаж хүчиндсэн гэсэн шантааж мань хүнд хүчтэй нөлөөлж бүр 1994 он хүртэл нөхдөө матдаг байлаа…
Надад тун аюултай, харанхуй манан руу явж байгаа мэт санагдсан ч ажил бол ажил байлаа. Тэгээд ч би улс орны удирдлагын арчаагүй, урагшгүйд сэтгэл дундуур явдаг нэгэн байсан. Улс улам бүр хөгжиж байна гэх боловч тэр нь ард түмэнд мэдэгддэггүй байв. Би эхлээд сонгосон хорин хүнтэйгээ нэг бүрчлэн уулзахаар боллоо. Хамгийн түрүүн нэг зураачтай уулзав. Тусгай алба тийм юм ярьж байгаад нилээн гайхсан ч гэсэн саналыг дуртай хүлээн авлаа. Түүнд 500 рубль гардуулав. Тэр бөөн баяр. “Ахиад cap, cap өгнө. Чамаас зарцуулалтын тайлан нэхэмжлэхгүй. Хүссэнээрээ зар” гэж хэллээ. Нэг оюутан залууг тун амархан элсүүлэв. Тэр манай мэдээлэгч учир 500 рубльд унаад өглөө. Өөр нэг сэтгүүлч залуутай уулзахдаа мөнгө өгсөнгүй. Тэр миний саналыг шууд дэмжив. “Хэрэв шоронд суухад хүрвэл би тэсэхгүй амиа хорлоно шүү. Би шоронд сууж чадахгүй шүү” гэв. Тэрбээр эхнэр хүүхэдтэй боловч гомо байсан билээ…
С. Авирмэд: Бороогийн ордыг нохойн замаар оруулж, 50 тонн алтыг маань гадныханд бэлэглэчихсэн хүн чинь Баабар энэ хоёр шүү дээ
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл явж байгаа. Энэ хуулийн төслийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Манай өнөөдрийн нийгэмд болж байгаа хар бараан, уур хилэн, бухимдал бүхэн 1997 оны хуулиас улбаатай гэвэл гайхах байх. Энэ хуулиас болж Бороогийн 50 тонн алтаа алдчихлаа. Сүхбаатар аймгийн нутаг дахь цайрын ордоо цөлмүүлж байна. Оюутолгойгоо луйвардуулчихлаа, өнгөрсөн зууны турш монголын геологчдыгаа хүч хөлсөөр бий болсон, хэдэн үедээ идэж барахгүй их баялгаа гадаадынханд, олигархуудын гарт булаалгачихлаа, байгаль орчин суйрлээ, нинжа гэх бүхэл бүтэн “арми”, “хүн-сүрэг” бий боллоо.
Тусгаар тогтнол алдагдахад хүрч, эдийн засгийн аюулгүй байдалд аюул занал учирч байна. Монгол хүн малаа бэлчээх, өтгөсөө оршуулах газар ч хязгаартай болчихлоо гээд энэ хуулийн аюул гамшгийн тухай яриад байвал барагдахгүй. 1997 оноос хойш Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх талаар олон удаа яригдаж байгаа. Өөрчлөлт ч хийсэн. 2006 онд хийсэн нэмэлт нь Оюутолгойг луйвардах санаа буюу 66-гаас илүү хувийг нь канадуудад бэлэглэх тухай байсан. Ирэх дөрөвдүгээр сарын 30-ны дотор багтааж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж Ерөнхийлөгч саяхан айлдлаа. Тэр их сонирхолтой үг л дээ. 14 жилийн турш өөрчилж чадаагүй хуулийг хэдхэн хоногийн дотор багтааж өөрчилж батална гэдэг.
Сураг сонсох нь ээ, Ерөнхийлөгчийн өөрийнх нь санаачилгаар, хөшигний цаана энэ хуулийг олигархиудын таалалд нийцсэн нэг хувилбар хийчихээд түүнийгээ ихэд нууцалж УИХ-д оруулахад бэлэн болсон юм билээ. Бүх нийтийн санал авна, тусгана гэж их рекламдсан л даа. 2005 оноос хойш бидний хийсэн хэд хэдэн хувилбар бэлэн бий. УИХ-ын архивт болоод бидэнд ч байгаа. Тэрийг огт мэдээгүй, сонсоогүй дүр үзүүлээд байна. Саяхан цагаан сарын өмнө тус хуульд нэг өөрчлөлт оруулсан. Сонссон бол роялтиг өөрчилж сайхан болгосон гэх. Үнэн чанартаа бидний гаргаж байгаа коксжих нүүрс, цайр, хайлуур жонш, төмөр зэрэг бүтээгдэхүүний роялтиг буюу Монголын ард түмэнд ногдох хувийг багасгасан байгаа юм. Ийм хулгайг сая хийчихлээ. Үүнийг ард түмэн ерөөсөө анзаараагүй.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх дөрөвдүгээр сарын 30-наас өмнө Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх тухай мэдэгдэл хийлээ. Ингэж яаравчлах нь ямар учиртай гэж та бодож байна?
-Одоо гол нь шинэ хуулийн төсөлд стратегийн орд гэдгийг энэ хуулиас авч хаях. Хуульд стратегийн орд гэсэн ойлголт байх юм бол гол чухал орд гэсэн ойлголт байгаад ард түмэн дийлэнх хувийг авна. Тиймээс үүнийг авч хаях гэсэн бодлого явж байгаа гэсэн. Сая явагдсан нүүрсний чуулга уулзалт байна. Бас монголын эдийн засгийн чуулга уулзалт гэж. Энэ бүхэн өнгөн дээрээ Монгол Улсыг хөгжүүлнэ гэж байгаа боловч цаанаа гадныханд дулдуйдсан, тэдний эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа яваад байгаа юм.
Та бүхэн харсан байх. Тэнд Монгол төрийн томоохон хэмжээний илтгэл тавигдаагүй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аар хэлэлцэгдсэн илтгэл, манай нөлөө бүхий эрдэмтдийн илтгэл огт байгаагүй. Уулзалтаар онигоо болсон нэг юм гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг удаагийн чуулгыг өөрөө удирдсан. Ерөнхийлөгч үнэндээ ашигт малтмалын талаар эрдэмтэн биднээс болон жирийн оюутнаас илүү мэдлэгтэй байж чадахгүй.
Тэр хүн айлтгалыг нь хийгээд явж байх юм. Энэ бол зүгээр нэг тоглоом. Дахиад л гадны хөрөнгө оруулалтаар Монголын баялгийг ашиглая гэсэн нэрийн дор бидний өмчийг гадныхны эрх ашигт нийцүүлж урд хөршийн асар их хэрэгцээг хангах гэсэн ийм л муухай бодлого яваад байна.
Яг шуудхан хэлэхэд, тэр том гүрний. Бур тодорхой хэлбэл, Канад гэж гүрний том бодлогын дор эдийн засгийн алуурчид гэж Латин Америк, Африкийн асар их баялгийг хэдэн арван жилийн турш мөлжсөн туршлагадаа тулгуурласан үйл ажиллагаа яваад байгаа юм. Зүгээр л харахад, Сaol Mongolia 2011 гэж нэрлэсэн байна. Хэнд зориулж, яагаад ингэж нэрлэсэн юм. Энэ нэрийг Монгол Улсын гурван сая орчим хүний хэд нь ойлгодог бол. Нэр нь хүртэл форум гээд явж байна. Хэрвээ монголчууддаа зориулсан юм бол эхлээд бид дотроо ярих ёстой. Засгийн газар, УИХ-ын түвшинд ярих хэрэгтэй.
Үгүй бол геологич, уул уурхайнхан, эрдэмтдийнхээдунд эхлээд ярих ёстой. Төрийн хар хайрцагны бодлого гэж заавал байх учиртай. Өнөөдөр тэр хар хайрцаг энэ “тэр байхгүй болж. Зүгээр л тарааж өгье. Урд хилээр газрын баялгаа шүүрэн шанага шиг савируулж гаргая гэсэн асар хорон бодлого явж байна. Энэ бодлогын цаад эздийг тодорхой нэрлэвэл, өнөөгийн Засгийн газрын тэргүүн Сү.Батболд, тэр С.Баярцогт, Д.Зоригт гэж хүн. Бид тэднийг сайд, УИХ-ын гишүүн гэж нэрлэж чаддаггүй юм.
Эдийн засгийн алуурчдын үйл ажиллагаа яваад байгаа юм
-Яагаад. Тэднийг иргэд сонгосон шүү дээ?
-Төрийн сайд, Монгол Улсын Их хурлын гишүүн гэдэг нь их хүндтэй хүн байх ёстой. Үнэхээр ард түмний итгэлийг даасан хүн байх учиртай. Тэр С.Баяр гэдэг этгээд санаачлаад Д.Зоригт, Сү.Батболд, С.Баярцогт гэж этгээд, дээр нь нэмээд Д.Сугар, Б.Энэбиш гэх этгээдүүд өнөөгийн Монголын асар их баялгийг хэмжээ хязгааргүй хэрэгцээтэй урд хөршийн ёроолгүй сав руу бидний гурван сая хүнд ногдсон их баялгийг маань савируулж байна.
Эд нар мөнхийн сайд байх юм шиг өөрийнхөө орлогыг нэмэгдүүлэх гэсэн бодлоор хандаж ажилласан. Энэ бүхнийг хааж, барьж тогтоох зүйл нь манай Ашигт малтмалын тухай хууль байх ёстой юм. Гэтэл батлагдсан хууль маань ийм үзэл баримтлалтай учраас арван хэдэн жилийн турш өөрчлөгдсөнгүй, өөрчлөхийг ч хүссэнгүй.
-Ашигт малтмалын хуулийн тухай Ерөнхийлөгч ямар бодолтой байдаг юм бол?
-Ц.Элбэгдорж 2005 онд Ерөнхий сайд байхдаа Оюутолгой бол Фрийдландын өмч гэж зарласан хүн. Ер нь гадаад гүрний бодлогоор ажил хийдэг хүн юм болов уу гэж би дүгнэж байна. Ирэх дөрөвдүгээр сард Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хийнэ гэх юм. УИХ дөрөвдүгээр сарын 4,5-нд цуглана. Хориод хоногийн дотор энэ өргөн хүрээтэй хуулийг өөрчилнө гэж амалж байгаа явдал бол цаанаас авсан даалгавраа хэрэгжүүлэх гэсэн санаа гэж би ойлгож байгаа.
Монгол Улсын эрх ашгийн төлөө, монголчуудын өмчийг эзэнд нь өгөх гэсэн бодлоготой байсан бол энэ хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой. Одоо та бүхэн сайн чих тавиарай. Өөрсөддөө зориулсан хууль оруулж ирэх сураг дуулдсан.
-Яг ямар өөрчлөлт оруулах талаар танд мэдээлэл бий юу?
-Бид сургийг нь сонссон. Хэн хийсэнгэдэгньтодорхой.Ашигт малтмалын газарт Австралид төгссөн гэх нэг шавилхан эмэгтэй суугаад бүх эрдэмтэн, иргэний хөдөлгөөн, судлаач, иргэдийн саналыг авсан гэсэн жүжиг тоглож байгаа. Бидний санал тэртэй тэргүй тодорхой, түүнийг авах ч үгүй. Өгөөд ч нэмэргүй. Яагаад гэвэл засгийн эрхэнд энэ нөхдүүд байсан тохиолдолд Монгол Улсын эрх ашигт нийцсэн хууль хийхгүй.
Б.Бат-Эрдэнэ, Д. Ганхуяг зэрэг эх оронч гишүүд арваад бий
-Энэ 76 нөхрийи дунд итгэл даах, иргэдийн эрх ашгийгхамгаалсан хүн байна уу. Удахгүй Ерөнхийлөгч үүрэг өгсөн гээд тэр хуулийн өөрчлөлтийг дор нь өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлээд баталчих байх. Тэгэхлээр түүнээс яаж. ямар арга замаар сэргийлэх вэ?
-Энэ УИХ-ын гишүүдийг иргэд 76 тэнэг, 76 ухна гэдэг. Миний бодлоор тэгж туйлширч болохгүй. Тэр 76 дотор миний бодлоор арваад эх оронч бий. Ардчилсан болон ах намаас, нийлсэн арван хэдэн хүн. Жишээлбэл, МАН-аас аварга Д.Бат-Эрдэнэ, гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир байна. Мөн Ш.Сайхансамбуу наанатай цаанатай. АН-аас бидний болон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалан олон жил дуугарч буй Д.Ганхуяг, З.Энхболд. Сүүлийн үед хүчтэй дуугарч буй С.Эрдэнээ, Г.Баярсайхан гишүүн байна.
Эд бол тууштай эх оронч. Ялангуяа эх орныхоо баялгийг тэр олигархиудын гараас салгаж Оюутолгойн гэрээг хүчингүй болгох, Тавантолгойн ордыг үр ашигтай ашиглах талаар сүүлийн хэдэн жил тэмцэж байна. Тэгэхлээр цаана нь гишүүн Ш.Сайхансамбуугийн хэлснээр хорь гаруй яаж ч болдоггүй, хуучинсаг гэх юм уу, эх орны эрх ашгийг мартчихсан олон жил парламентад суусан хоёр намаар нийлсэн нөхөд байна гэж байгаа. Цаана нь учраа олохгүй намаа дагаад намирдаг хэд бий. Үндсэндээ 50-аад хүн бий гэдэг. Яг асуудал шийдэхээр 38 хүний 19 нь асуудал шийддэг болгож Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны харгайгаар олон зүйлийг шийдэж байна.
Сая л гэхэд тэр роялтиг өөрчилчихлөө. Ш.Сайхансамбуугийн хэлснээр тэр хорин хэд дээр Ерөнхийлөгч нэмэгдчихвэл бид Ашигт малтмалын хуулиа аварна гэхэд хэцүү болно. Иргэний хөдөлгөөнийнхөн, эх орончдын тэмцэж байгаа тэмцэл үргэлжилнэ. Миний хувьд улстөрч биш, улс төрийн тэмцэлд оролцдоггүй. Би судлаач, эрдэмтэн, иргэн хүнийхээ үүргийг биелүүлж үнэн мөнийг ард түмэндээ хүргэхийг зорьж байна.
-Оюутолгойн гэрээг нэг нь сайн, нөгөө нь муу болсон гэдэг. Монгол улсыг хөгжүүлэх боломж нээгдлээ гэх. Гэтэл нөгөө талд нь энэ гэрээг маш муу болсон гээд буй. Таны хувьд энэ гэрээг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Оюутолгойн ордын талаар би хамгийн сайн мэднэ гэж өөрийгөө боддог. Энэ ордыг ашиглах техник технологи, эдийн засгийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийсэн, дүгнэлт гаргасан цөөхөн хүний нэг нь би. 2003 оноос хойш зөвхөн Оюутолгойгоор дагнан ажиллаж байна. Оюутолгойн талаар гарсан, Айвенхоугийн гаргасан тооцоо судалгаа, сонин хэвлэлд гарч байгаа бүхнийг анхааралтай судалдаг. Оюутолгойн ордыг ашиглах гэрээ байгуулсныг манай сэтгүүлчид эхлээд шударга бус гэж дүгнэдэг байсан. Дараа нь луйврын гэрээ гэх болсон. Яагаад ингэж нэрлэх болсныг ард түмэн мэддэг болсон. Хамгийн сүүлд колончлолын гэрээ гэж бүр аймшигтай дүгнэлтэд хүрээд байна.
Оюутолгойн гэх 5-6 Эрдэнэт, 40-50 Бороо, 2-3 Асгтай тэнцүү баялагаас бидэнд юу ноогдох вэ гэдэг нь одоо хүшртэл тодорхойгүй
-Колончлолын гэрээ гэдгээ та тодруулж ярихгүй юу?
-Шударга бусын шударга бус гэдэг нь луйврын гэсэн үг. Онож хэлсэн үг. Яагаад луйврын гэрээ гэж хэлэв гэхлээр хүн бүрийн мэддэг 34 хувийг Монголын ард түмэн авна. 66 хүртэл хувийг Айвенхоу авна гэдэг хуулийн энэ заалт нь Монголын ард түмний асар их баялаг монголчуудын бус Канадын тэр луйварчин компанийн мэдэлд өгчихсөн. Айвенхоу Майнз нь олон улсын тавцанд луйварчин компани гэдэг нь нотлогдчихсон шүү дээ.
Айвенхоу болон Фрийдланд нь Америк, Бирмид явуулсан үйл ажиллагаагаараа олон улсын луйварчин гэдэг нь нотлогдчихсон. Яахав, Рио Тинтог олон улсын том компани гэж ярьдаг. Гэхдээ гадны хүн ирээд Монгол Улсын төлөө зүтгэхгүй нь ойлгомжтой. Айвенхоу болон Рио Тинто хоёр Монголын эрх ашгийн төлөө үйлчлэхгүй гэдэг нь тодорхой болсон. Тэр нь ч хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой орчихсон байгаа. Оюутолгойн тухайд нөөцийн, эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, бүр гадаад бодлогын гээд маш өргөн хүрээтэй асуудал ярих болдог.
Би мэргэжлийнхээ дагуу геологийн олборлох уурхай, баяжуулах боловсруулах технологи, дээр нь эдийн засгийн талаар тооцоо, судалгаа хийдэг, дүгнэлт өгдөг. Ер нь Монголын ихэнх орд миний гараар орсон учраас Оюутолгойн гэрээг нүүр бардам Луйврынх гэж байгаа юм. Хамгийн гол асуудал бол бидэнд юу ногдох вэ гэдэг. Танд надад юу ногдох юм бэ гэж. Тэр говьд малаа хариулж яваа малчин, энд эксел бариад таксинд яваа жолоочид юу ногдох юм. Гэрээнд энэ талаар юу ч байдаггүй. Энэ тухай хэн ч юу ч ярьдаггүй.
Их бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын хөгжил дэвшил, говьд 3000 хүн ажлын байртай боллоо гэсэн суртал ухуулга явж байдаг. Гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд ашгийн 34 хувийг бид 66 хувийг тэд авна. Тэгвэл ашит нь хэд юм бэ гэдэг асуудал өнөөг хүртэл нэг мөр болоогүй байна. Баабар гэж этгээд олон жилийн турш Оюутолгойн гэрээг байгуулаагүйгээс бид өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэж суртал нэвтрүүлэг тараасан. Дараа нь нүүрс бол үнс гэж цуурхал тараах гэж оролдсон. Гэтэл нүүрс алт болчихлоо. Нэг сая ам .доллар гэж их мөнгө сонсогдож байгаа байх.
Энэ бол юу ч биш, Эрдэнэт л үүнийг өгдөг юм. Оюутолгойг ойлгохын тулд хамгийн сайн мэдэх зүйлтэйгээ жиших нь зөв болов уу. Бид Эрдэнэтийг сайн мэднэ. Оюутолгойн ордыг Эрдэнэттэй жишвэл хүн сайн ойлгоно. Би эхлээд Оюутолгойн нөөцийн талаар хэдэн тоо хэлье. Зэсийн нөөц 45 сая, алтны нөөц 1800 тонн, мөнгө нь 6000 орчим тонн гэж тогтоогдчихсон байгаа. Энэ нөөцийг Эрдэнэттэй жишье. Эрдэнэтийн зэсийн нөөц 7-8 сая тонн. Тэгэхлээр Оюутолгой гэдэг нь 6-7 Эрдэнэт гэсэн үг. Бидний хамгийн сайн мэдэх Бороогийн ордын нөөц 40 тонн. Тэгвэл 1800-г 40 тоннтой жишвэл бараг Бороогийн ордоос 40-50 дахин илүү алтны нөөцтэй гэсэн үг.
Нөгөө монголчуудыг шуугиулаад байгаа Асгатын мөнгөний орд гэж бий. Асгатын орд одоо тогтоогдсоноор 3000 тонн гэдэг. Тэгвэл 2-3 Асгаттай адил. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орд гэдэг нь 5-6 Эрдэнэт, 40-50 Бороо, 2-3 Асгаттай тэнцүү гээд ойлгочихож болно. Асар их баялаг. Гэтэл энэ их баялгаас бидэнд юу ногдохов гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Стандартын дагуу хийсэн Техник эдийн засгийн үндэслэл СГЭЗҮ тооцоо байхгүй. Айвенхоу Майнзийнхан сүүлийн хэдэн жил монголчуудыг хуурмаг тооцоогоор мэхэлсэн.
Тэр бүрт нь бид дүгнэлт гаргаж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 6-нд гэрээ хүчин төгөлдөр болсон. Түүний өмнө ТЭЗҮ-ээ хийж дуусгах ёстой байсан, дуусгаагүй. Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын төсвийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг. Монголыг тэжээж байгаа үйлдвэр. Оюутолгой нь Эрдэнэт үйлдвэрээс зургаа дахин том юм бол бид тэр хэмжээний юм л хүлээх ёстой. Зургаан Эрдэнэт шиг биш юм аа гэхэд дор хаяж гурван Эрдэнэт шиг юм өгөх ёстой. Эсвэл 45 Бороо шиг ашгийг бидэнд өгөх ёстой.
Тэр Баабарын хэлж байгаагаар жишвэл нэг сая гэдэг юу ч биш шүү дээ. Баабар гэж хэлдгийн учир нь тийм хүмүүс Тавантолгой, Оюутолгойн ордыг гадныханд өгөх гээд сурталдаад байна. З.Энхболд гишүүн Тадныхны захиалгаар юм бичдэг, хөлсний бичээч” гэж хэлсэн. Үнэн шүү дээ. Ингэж тал талаас нь Засгийн газраас СБаярцогт, Д.Зоригт мэт нь их бүтээн байгуулалт эхэллээ гээд сурталдаад байдаг. Тийм биш.Энэ ярьсан бол нэг тал нь. Нөгөө тал нь нийгмийн асуудал. Оюутолгойг яаж ашиглах юм бэ.
Оюутолгой Эрдэнэтээс зургаа дахин их юм бол, бүр дор хаяж гурван Эрдэнэтийн үйлдвэр байна гэж ойлгож байгаа. Өнөөгийн Эрдэнэт бол 100 мянган хүнтэй хот. Салхитаас 160 км төмөр зам, мөн хэмжээний өндөр хүчдэлийн шугам, засмал зам, Дулааны цахилгаан станц Орхоноос татсан ус дамжуулах хоолой, дээр нь сургууль цэцэрлэг гээд бүх юм бий. Бид Оюутолгойгоос ийм зүйлийг хүлээх хэрэгтэй. Гэтэл гадныхан Оюутолгойг яаж ашиглах вэ гэхлээр Хан Богд Даланзадгад Баян-Овоо, Улаанбаатар зэрэг дөрвөн газар ажилчдыг нь тараан байршуулж онгоц болон автобусаар ажилчдыг нь зөөнө гэж байгаа.
Монголын гүн рүү чиглэсэн ямар ч автозам, төмөр зам, өндөр хүчдэл байхгүй. Цаашаагаа буюу Хятад руу зөөх нэг засмал зам гарч байгаа. Эндээс ямар дүгнэлт гарч байна гэхлээр уг ордыг ашигласнаар Өмнөговийн Ханбогд сум орчимд орчин үеийн хот, дэд бүтэц үүсэхгүй, металлургийн үйлдвэр мөддөө байгуулагдахгүй. Бүх түүхий эдийн нэг замаар урагш сорох урхагтай. Дээр нь Эрдэнэтээс зургаа дахин их юм бол түүнээс зургаа дахин их бүтээгдэхүүн гарна гэсэн хүлээлт байх ёстой.
Эрдэнэт жилд 120 мянган тонн зэс агуулсан түүхий эд олборлодог. 23 хувийн зэс агуулсан 500 мянган тонн баяжмал гаргадаг. Ер нь аливаа үйлдвэрийн хүчин чадал жигд байх ёстой. Гэтэл Оюутолгойг яаж хийж байна гэхлээр хүчин чадал нь маш их хэлбэлзэлтэй. Доод тал нь 30-аад жилийн дараа 100-гаад мянган тонн зэс олборлох. Эхний жилүүдэд буюу 1-25 жилд 400-900 мянган тонн зэс олборлох тооцоо хийсэн байна. Дэлхий дахинд үйлдвэрийн хүчин чадал жигд байна гэдгийг алдагдуулсан хачин юм хийсэн.
Хүч чадал жигд бус байна гэдэг нь зардал хэлбэлзэж эдийн засгийн үр ашит муутай байдаг. Өөрөөр хэлбэл, эхний жилд 10 эксковатор ажиллаж байсан бол дараа жил нь олборлолт буурахаар тав ажиллах жишээтэй. Энийг олон жил яриад дийлээгүй. Тэдний ганц зорилго юу гэхлээр гэрээ байгуулсан 30 жилийн хугацаанд аль болох өндөр хүчин чадлаар хамат баялгийг цөлмөх гэсэн бодлого барьж байна. Энэ талаар тэр ТЭЗҮ-д бүгд бий. Үүнийг нь тэр С.Баярцогт, Д.Зоригт мэт нь хэлдэггүй, ил гаргадаггүй юм.
Өмнөговьд улс доторх улс үүсэх нь
-Тэгэхлээр өрмийг нь хамаад хусмыг нь үлдээнэ гэдэг шиг зүйл Оюутолгойд тохиолдох гээд байна гэсэн үг үү?
-Тийм. Бидний цөөн хэдэн хүн л энэ талаар ярьж хэлж байна. Үйлдвэрийн хүчин чадал жигд байх ёстой гэж би хэлсэн шүү дээ. Эрдэнэт л гэхэд 30 жилийн турш жил бүр 120 мянган тонн ззс гаргаад ирлээ. Гэтэл Оюутолгойн 45 сая тонн нөөцийн 20-оод саяыг буюу хамгийн чанартай хамгийн баян хэсгийн нөөцийг гэрээ байгуулсан хугацаандаа цөлмөөд л хаях бодлого барьж байна. Энэ үг Оюутолгойн гэрээ ямар болсон бэ гэсэн асуултад тодорхой хариулт болж чадна. Гэрээний геологи. үр ашиг, нийгмийн талаас ярилаа. Одоо улс төрийн талаас хэдэн үг хэлье.
Монгол Улсын эрх ашигт нийцүүлж гэсэн үг хуудас бүхэн дээр нь байх ёстой. Гэтэл би эрээд олоогүй. Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан, иргэдийн эрх ашигт нийцүүлсэн гэдэг ч юм уу, манайд өндөр үр ашиг өгсөн гэдэг ч юм уу тийм нэг үг, өгүүлбэр ч тэнд байхгүй. Ийм гэрээ хийсэн учраас би Төрийн сайд УИХ-ын гишүүн гэж хэлж чадахгүй байгаа юм. Саяхан бухимдаад Ерөнхий сайдаасаа эхлүүлээд хулгайч луйварчин гээд хэлчихсэн. Үүнийхээ хариуцдагыг хүлээнэ. Энэ гэрээг шударга тэгш, олон улсын шаардлагад нийцүүлсэн бие биенээ хүндэтгэсэн эрх тэгш гэрээ гэж хэлэхгүй.
Тийм учраас луйврын гээд байгаа юм. Колончлолын гэрээгэдгийг би улс төрийн агуулгаар нь хэлсэн юм. Өмнийн говййн бас нэг бүс ялгаад байна. Гэрээнд ингээд тусгагдсан, тусдаа хилтэй, гаальтай. Одоо бүс нутгийн зөвлөдийн удирдлага нь өнөөгийн УИХ-ын гишүүд байгаа гэж дуулдсан. Баян-Өлгийн казах, Хэнтийн буриад Хөвсгөлийн халхыг барагтай бол ажилд авахгүй. Улс дотор улс үүсгэх гээд байгаа юм. Зөвхөн өмнөговийнхныг л түрүүлж авна. Оюутолгой, Тавантолгойн орд бол Монголын гурван сая хүнд ногдсон эрт үеэс өвлөгдөн ирсэн баялаг.
Гэтэл өнөөгийн хэдэн хулгайч нийлээд дараагийн үр хойчдоо үлдээлгүйгээр цөлмөх гээд байна. Бидний үр хүүхэд тэдний хойч үед юу ч үдээхгүйгээр хуу хамж гарган одоо л баяжих гэхдээ ийм бодлого барьж байна. Жишээлбэл, түрүүн ярьдаг Сoal 2011 гэх чуулганы бодлого чиглэл үүнд чиглэгдсэн. Тэр чуулганы дараа Монгол Улсын иргэн гэхэд хэцүү нэг хүнэнцэр монголын нүүрсийг ойрын үед жилд 100-150 :ая тонн гаргах бололцоотой гэсэн тоо хэллээ. Мэдээж бидэнд .баялгаа гаргаж их ашиг олох гэсэн тэмүүлэл байна.
Өнгөрсөн жил 25 сая тонн нүүрс олборлож 17-18 саяыг нь урагш гаргасан гэсэн тоо бий. Ер нь монголчуудын өрийн хэрэгцээ жилд наймхан сая тонн. Тэгэхлээр хэрэгцээнээсээ 3-4 дахин их нүүрс гаргая л даа. Өнөөдрийн гаргах хэрэгцээ ямар байна гэхээр дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар давчихсан байдаг. Гэтэл өнөөдөр манайхан 40-60 хэдэн ам.доллараар урагш гаргаж байна. Энержи ресурс, Айвенхоугийн зэрэг 3-4 үйлдвэр тэнд нүүрс гаргаж байгаа. “Энержи ресурс”-ынхан хилээс 300 орчим км-ийн зайтай байж хамгийн өндөр үнээр буюу 60 хэдэн ам.доллараар урагш гаргаж байна.
Бусад нь бараг хил дээр байж 40 гаран ам.доллараар гаргадаг. Нөгөө Хөшөөтийн уурхайгаас бас тийм үнээр нүүрс зөөнө гэж сонссон. Ийм үнээр 100-150 сая тонн нүүрс гаргах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Сoal 2011 чуулганаас гаргана гэдэг бол Монгол Улсын эсрэг гэмт хэрэг. Үеийн үед ашиглах, бидний үр хүүхэд хойч үе ашиглах их баялгийг өнөөдрийн хэдэн хулгайч ингэж гаргаж болохгүй. Хэдийг гаргах вэ гэдэг нь манай улсын хар хайрцагны бодлого байх ёстой.
Тэр жилд 100-150 сая тонныг гаргана гээд байгаа нөхдүүд бол гадаадын эдийн засгийн алуурчдын Монгол дахь гар хөлүүд юм. Эх орон хэрэггүй, англи хэл халтар хултар сурсан нөхдүүд байх шиг. Дээр нь С.Баярцогт, Д.Зоригт, Сү.Батболд гэх мэт нөхөд байгаа учраас бухимдахгүй байхын арга алга.
-Тэгэхлээр Оюутолгойг нөгөө Бороо гоулд шиг хувь заяа хүлээж байгаа гэсэн үг үү. Өндөр чадалтай техниктехнологи ашиглаад хэдхэн жилийн дотор гол баялгийг нь аваад явчихсан шиг зүйл давтагдах гээд байна уу?
-Яг тийм. Би сэтгэл эмзэглээд нэг юм бичих гээд сууж байна. “Оюутолгойг яг Бороо шиг цөлмөнө” гэж. Бороогийн ордын анхны ТЭЗҮ-ийн 1970-аад оноос хийж эхэлсэн юм шүү дээ. 20-иод жил хийсэн. Монголын том том эрдэмтэд оролцож байлаа. Хэдэн жил болоод Берлин явдат, германчууд нааш ирдэг. Зөвхөн ТЭЗҮ хийх гэж шүү дээ. 1980 хэдэн онд бид дуусгаад Бороогийн ордыг яаж, ямар байдлаар ашиглах вэ гэдгийг толгойдоо хийчэхсэн байсан. Бид Бороогоос жилд хоёр тонн алт олборлож, 20 жил ашиглахаар төлөвлөж Засгийн газраас баталсан “Алт” хөтөлбөрт тусгачихсан байсан.
Гэтэл 1997 оны хар хууль гарч ирээд нөгөө лицензүүдийг хамаагүй өгч эхэлсэн. Тэр үеэр энэ Сү.Батболд гэгч Бороог авчихсан. Сү.Батболдод би ТЭЗҮ-ийг хийж өгсөн. Жилд гурван тонныг олборлох боломжтой гэсэн тооцоо гаргаж өгсөн. Гэвч мань хүн дам дамаа зараад эцэст нь Канадын Сентерра Гоулдод очсон. Таван жилийн дотор тэд 8-9 тонноор аваад дуусгачихсан. Нөгөө бидний 20 жил иднэ гэж тооцоолж байсан ордыг ингэж л гадныхан цөлмөж байгаа юм. 2000 онд нөгөө Баабар гэж этгээд тэдэнтэй тогтвортой байдлын гэрээ гэгчийг үзэглэсэн. Эхний гурван жил татвараас 100 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх татварын хөнгөлөлт үзүүлсэн. Нөгөө хэд нь тавхан жилийн дотор цөлөмчихсөн гашуун түүх бий.
Энийг ерөөс эргэж ярьдаггүй юм. Би Сангийн яам, Үйлдвэр худалдааны яамнаас та нар, Бороогийн ордоо яаж ашиглачихав, бүх татвараас чөлөөлчихсөн Сүхбаатар аймгийн Цайрын ордыг яаж ашиглаж байна гэдгээ Оюутолгойн ордыг ашиглахаас өмнө дүгнээч ээ гэж хэлсэн. Хэн ч хийдэггүй, хэн ч мэддэггүй.Оюутолгойг Бороогийн орд шиг ашиглана. Түүхий дутуу ТЭЗҮ-ийг тэр Д.Зоригт гэгч шахаж байгаад Оюутолгойг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулчихлаа. Саяхан би нэг ноцтой зүйл Айвенхоугийн сайтаас олж үзлээ.
2010 оны зургадугаар сарын 10-нд нөгөө ТЭЗҮ-ээ дахиад тодотгочихсон байна. Монгол Улсад хийж байсан ТЭЗҮ-ээс өөр. Үндсэн шийдлүүдтэй. Энэ юү гэхлээр та бүхэн санаж байвал 2009 оны сүүлч 2010 оны эхээр Оюутолгойн тал нөөцийг авч талыг нь хаях гэж байна гэсэн яриаг гаргасан. 45 сая зэсийн 22-23 саяыг, 1800 тонн алтны талыг авах гэж байна гэж. ТЭЗҮ-ийн үндсэн шийдлээр тийм маргаан шийдвэрлэгддэг, засварлагддаг учиртай. 2009 оны арванхоёрдугаар сарын 16-нд Эрдэс баялгийн зөвлөлөөр ороход нь бид тэр шүүмжийг хэлээд тэр ТЭЗҮ буцсан юм.
Тэгээд ТЭЗҮ-ээ засахгүй байсаар байгаад 2010 оны гуравдугаар сарын сүүлчээр Эрдэс баялгийн зөвлөлөөр дахин орсон. Зөвлөлийнхөн иргэний хөдөлгөөнийнхөн болон бидний эрдэмтдийг урьсан. Ингээд хуралдахад харамсалтай нь дээрээс Д.Зоригт гэгч “Ямар ч хамаагүй аргаар наад ТЭЗҮ-ээ гарга” гэсэн үүрэг өгчихсөн байсан юм билээ. Гэхдээ зөвлөлийнхөн бидний үгийг сонссон. Оюутолгой төслийн удирдагч Кийт Маршал шахагдаад ирэхээр “За 23 сая дээрээ наймыг нэмлээ. Оюутолгойн нөөц 31 сая тонн боллоо шүү” гэж хэлсэн.
Үүнийг тэнд байсан Эрдэс баялгийн зөвлөлийнхөн, иргэний хөдөлгөөнийхөн гэрчилнэ. Бид нөөц 45сая гэж зүтгээд дийлээгүй. Гэхдээ нөөц 31 сая болсон нь нэг амжилт гээд гарцгаасан. Гэтэл тэр бүхнийг хаяад Хөрөнгө оруулалтын гэрээг дөрөвдүгээр сарын эхээр баталчихсан. Бидний зүгээс нөгөө 31 сая тонноор хийсэн ТЭЗҮ-ээ гаргаад ир гэхэд “Хийж байна” л гэсэн хариуг өгсөөр ирсэн. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн П.Цагаан телевизээр ярихдаа “Оюутолгойн ТЭЗҮ бэлэн болчихсон. Удахгүй орж ирнэ” гэж байсан.
Гэвч өнөөг хүртэл бидэнд ирээгүй байна. Дээгүүрээ С.Баярцогт, Д.Зоригт нарт очсон байж магадгүй. Би интернэтээр мэдээллийг олж үзсэн. Бидэнд амлаад байсан 31 сая байхгүй. Нөгөө 23 сая тонныг ашиглах хувилбар хэвээр байна лээ.
-Нөөц нь 31 сая болсон учир түүгээрээ ТЭЗҮ-ээ хийгээгүй гэсэн үг үү?
-Хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргасан Оюутолгойн ордыг ашиглах цогцолбор төлөвлөгөө гэж ТЭЗҮ-тэй дүйцэхүйц баримт бичиг өнгөрсөн зургадугаар сарын 10-нд гаргасан байна лээ. 600 гаруй хуудастай. Тэрийг нь олоод үзсэн чинь юун бидэнд амалсан 31 сая тоннын нөөц. Нөгөө тал нөөцийг ашиглаад бусдыг нь хаях яг хэвээрээ. Зэс 23 сая тонн, алт 1800-гаас 600 тонн болчихсон. Тэр гаргасан нэг хувилбар нь нөгөө 45 саяас 11-12 сая тонныг 27 жилийн хугацаанд авах. Нөгөө нэг хувилбар нь арай урт буюу 59 жилд 23 сая тонн зэс олборлоно гэж.
Энийг л монголчуудын хэлдгээр өрмийг нь аваад хусмыг нь хаяна гээд байгаа юм. Гэрээ байгуулсан 30 жилийн хугацаандаа хамгийн чанартай, сайн нөөцтэй хэсгээс хамаг юмыг аваад явах гэж байна. Хамгийн муу, нөөц багатай, ашиглахад хүндрэлтэй хэсэг нь монголчуудад үлдэнэ. Ингэж л монголчуудыг доромжилж, биднээр тоглож байна. Өөрөөр хэлбэл, эзэнд нь мэдэгдэлгүйгээр өөрийн эрх ашигт нийцүүлж, яг гэрээний хугацаанд хамаг өрмийг нь хамна гэсэн үг.
Үнэндээ энэ Оюутолгойн гэрээ нь Монгол орныг хөгжүүлэх бус урд хөршийн эдийн засгийг дэмжих, иргэдийн амьдралыг нь дээшлүүлэх боддогоор явж байна. БНХАУ-ын төр засгийн бодлого гэж бодохгүй байна. Америк, Канадын төрийн бодлого ч байж магадгүй. Улс үндэстэн дамнасан томоохон корпорациудын бодлого. Оюутолгойд ажил эхэллээ, монголын 3500 иргэн ажилтай боллоо л гээд байна. Гэтэл манай ажилгүй иргэд хэд билээ. Миний бодлоор 200 мянга дөхнө. Албан ёсны тоогоор 40-50 мянга гэсэн байх. Ямартай ч 100 мянган ажилгүй хүн бий.
Тэгэхлээр 100 мянгын 3500 нь ажилтай боллоо гэхэд баярлаад байх зүйл биш. Тэнд ажиллаж байгаа монголчууд маань Эрдэнэтийн үйлдвэрийн ажилчдаас бата цалин авч байгаа сураг дуулдсан. Мэргэжилтэн нэртэй баахан хятад ороод ирчихсэн, өндөр цалин хүртээд сууж байгаа гэсэн. Тэдний шалан дээрээ асгачихсан хоолны үлдэгдэл, хаясан нус цэрийг манай монгол охид цэвэрлэдэг. Хятад иргэн 20 кг-аас дээш ачаа өргөх ёсгүй, тэр хар бор ажлыг нь монголчууд л хийх ёстой, газрын доорхи хүнд нөхцөлд хууль зөрчөөд 12 цаг ажиллуулах жишээний. Ийм байхад бид баярлаад байх, их бүтээн байгуулалт гээд хөөрцөглөөд байх хэрэггүй болов уу.
-Та вэб сайтаас нь хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргасан Айвенхоугийн төлөвлөгөөг олоод үзэж. Харин тэдэнтэй гэрээ үзэглэсэн сайдууд болон Монголын төрийнхөн энэ талаар мэдсэн баймаар юм. Яагаад дуугарахгүй байгаа юм бол?
-Мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэд ер нь Монголын төрийн сайд биш, Айвенхоугийн төлөөний хүмүүс гэж ярьцгаадаг шүү дээ.Тэдний ярьж байгааг нь сонсоод байхад монголын ард түмний эрх ашгийн төлөө биш, Айвенхогийн эрх ашгийг хамгаалж яриад байдаг учраас Айвенхогийн сайд ч гэж ярьцгаах болсон байна лээ.
Баяр, Баярцогт, Зоригт, Сугар, Энэбиш нар эдийн засгийн алуурчдын гар хөл болчихсон гэж яригдаж байна. Таны ажиглаж байгаагаар Тавантолгойн гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцсэн, бидэнд ашиггай болж чадах болов уу?
-Ямар ч байсан мэргэжлийн бус хүмүүс энэ гэрээ хэлцлийг хийж байна. Тэдэнд, Засгийн газарт геологи, уурхайн үйлдвэрийн арвин их туршлагатай, мэдлэг боловсролтой зөвлөх ч байхгүй. Тэдний гаргасан зар сурталчилгаа, мэдээллээс үзэхэд цаана нь гадаадын, мэргэжлийн бус хүмүүс байна гэдэг нь мэдэгдээд байдаг. Бас Тавантолгойг ашигласнаас ямар үр ашиг гарах, монгол хүн бүрт хэд ногдох вэ гэдэг үндэслэлтэй тооцоо, судалгаа байхгүй.
Хуурамч, шаарддага хангахгүй, зарим тооцоо байгаа юм шиг. Тэрийгээ ил гаргаж тавихгүй, баахан хувьцаа амлаж ард иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллгаа явагдаж байна гэдгийг баттай хэлж чадна. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, энэ ордын ашиглах баталгаатай нөөц нь одоо зарлаад байгаа 6.4 тэрбумаас хэд дахин бата гэдгийг л нотолж чадна. Түүнийг ашиглах үр ашиг нь энэ нөөцөөс шалтгаална шүү дээ. Нөөцөө ч зөв тодорхойлж чадаагүй байж, үр ашгийн талаар яриад ч хэрэггүй.
-Манай улстөрчдийг гадныхны лоббигоор явж байна гэх яриа гарах болсон. Тавантолгой ордод ажиллах компани аль хэдийнэ шалгарсан гээд байх юм. Энэ бодитой юу?
-Лобби гэдэг чинь их л зөөлөн сонсогдож байна. Соёлтой орнуудад хуулийн дагуу л шийддэг байх л даа. Манайд юун лобби, зүгээр л монголоор нь луйвар байна уу гээд л асуучих. Баяр, Баярцогт, Зоригт гурвыг дээр нь одоо их мэдэмхийрээд байгаа Сугар, Энэбиш нар эдийн засгийн алуурчдын гар хэл болчихсон, монголын эдийн засгийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаад байна гэж бодож байгаа шүү.
-Тавантолгойг тойрсон олон хардлага үүсээд байгаа. Түүний нэг нь Австралын компанитай холбоотой. Энэ улсын компани шалгарна гэж яригдаад байгаа. Ерөнхий сайдын тус улсад хийсэн айлчлал нь үүнтэй холбоотой юу?
-Сү.Батболдод би лав итгэхгүй. Бороогийн ордыг нохойн замаар оруулж, 50 тонн алтыг маань гадныханд бэлэглэчихсэн хүн чинь Баабар энэ хоёр шүү дээ. Тэгэхээр энэ хүн Австралид очоод юу амласныг яаж мэдэх вэ дээ.
-Могойн голын нүүрсний ордыг түшиглээд дулааны станц барина гэж яригдах болсон. Хэрвээ тэгвэл Хөвсгөл байгаль экологийн сүйрэл авчирна гэдэг. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Могойн гол бол яах аргагүй стратегийн орд. Манай хангайн бүсийн Архангай, Завхан, Хөвсгөл, Булган аймагт нүүрсний орд байхгүй шүү дээ.Энэ аймгууд хэдэн зуун км-ээс нүүрсээ татдаг. Могойн голын нөөц бага байсан ч гэсэн стратегийн орд. Энэ ордын нөөцийг гамнаж, хэмнэж ашиглах ёстой. Дулаан станц барихыг үгүйсгэж болохгүй. Гол нөхцөл нь уурхай нь ч, цахилгаан станц нь үндэсний үйлдвэр байх ёстой. Тэгэхдээ бүр төрийн өмчийн үйлдвэр байх нь зөв байх. Хэрэв би буруу ойлгоогүй бол, энэ ордын нүүрсийг их хэмжээгээр олборлож экспортлох тухай ярьцгааж байна гэх юм. Энэ үнэн бол, хатуухан хэлвэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа болно.
-Ер нь манай улсын стратегийн ач холбогдолтой ордуудын хувь заяа цаашид хэрхэх бол. Энэ талаар танд ямар таамаг, бодол байдаг вэ?
-Ашигт малтмалын хуулиа даруй өөрчлөхгүй бол бух стратегийн орд Бороо шиг, Оюутолгой шиг “нохойн замаар” орно. Гэхдээ өөрчилнө гээд саяын “роялти” шиг нууцгайхан батлаад, одоо нууцлаад байгаа Ашигт малтмалын тухай хууль шиг хийвэл, байдал сайжрахгүй. Хэрэв нууцлаагүй юм бол сарын дараа хэлэлцэх гээд байгаа тэр хуулийнхаа төслийг сонин хэвлэлд нийтэлчих л дээ. Тухайлбал, танай сонин тэрийг нь нийтэлж чадна биз дээ. Эрхэм Ерөнхийлөгчөө, таниас хичээнгүйлэн хүсэж байна, тэр бэлэн болсон хуулийнхаа төслийг ил тод хэлэлцүүлээч ээ. Үүнийг танай сониноор дамжуулан гуйя.
-Та саяхан телевизээр Монгол Улсын хамгийн том хулгайч бол Ерөнхий сайд гэж хэлсэн. Түрүүн та цухас дурьдлаа. Энэ үгийг яагаад хэлэх болов. Үнэхээр тэр хүн хулгайч юм бол өнөөдөр Ерөнхий сайд хийгээд явж баймгүй юм?
-Хулгайч байтугай, эх орноосоо урвагчид энэ төрд нэлээд хэд байна гэдгийг олон нийт хэлээд л байгаа шүү дээ. Хулгайч гэж хэн нэгний өмчийг нууцаар, хууль бусаар авсан хүнийг хэлнэ гэж би ойлгож байна. Ашигт малтмал гэдэг бол, төрийн монголын ард түмний, нийтийн өмч. Үүнийг үндсэн хуулиар баталгаажуулчихсан. Батболд гэдэг хүн энэ нийтийн өмчийг гадаадын нэг компанид нууц гэрээгээр зарчихсан, дараа нь мөн нууц гэрээгээр энэ ордыг ашигласнаас гарах ашгийн тодорхой хувийг хүртсэн.
Миний ойролцоо тооцоогоор өнөөгийн Ерөнхий сайдын энэ ордоос хулгайгаар авсан ашиг хэдэн арван сая доллар болох байх. Гэтэл Монгол Улсын төсөвт орсон, монголын ард түмний хүртсэн ашиг нь бас хэдэн арван сая доллар болох байх. Батболд бол Монголын энэ баялгийг ганцаараа эзэмшигч биш. Зах зээлийн хэлээр бол зуучлагч байж болох юм. Хэрэв Бороогоос улсын төсөвт орсон орлогыг монголын хүн бүрт жигд тараавал, хүн бүрт хэд ногдох бол, Батболдод хэд ногдсон бол. Хэрэв хулгай хийгээгүй юм бол, би буруу аргаар нийтийн өмчөөс завшчихжээ, би буруугаа хүлээлээ гээд бүх үнэнээ баримтаар нотлоод улсын төсөвт тушаачих.
Хэрэв МАН шударга үнэний төлөө, ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа нь үнэн юм бол ийм луйварчин, хулгайч, тохиолдлын хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилохоо болимоор байна гэх юм. Энэ үнэн бол, хатуухан хэлвэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа болно.
М. БаатарЭх сурвалж: “Нийгмийн толь”