Saturday, October 27, 2012

Чингис хааны цэргийн ноёд

Хан хүмүүний есөн билгийн нэг нь “Түшиг сайн өрлөгүүд” хэмээн “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх"-нд өгүүлжээ. Чингис хаан нэгэн удаа: “Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авч, хатгалдах өдөр болбоос Жүрчидэй, Хуйлдар хоёрыг Урууд, Мангудтайгаа урдаа байгуулваас бүгд сэтгэлээ амруулах бөлгөө би” хэмээсэн гэж “Монголын нууц товчоо”-нд бичсэн буй.
Үнэхээр ч төрийн итгэлт түшээ баатар, ноёдгүй байх аваас хэдий аугаа ч гэлээ ганц хаан юу болохсон билээ. Их хаантан есөн өрлөгтэй байсан хэмээгддэг авч тэр нь хожмын сударчдын “бүтээл" бөгөөд үнэхээр байсан гэвээс анхны есөн өрлөгийг лав эл арвын дотроос сонгож түшсэн байх магадлал туйлын өндөр бөлгөө хэмээхийг дашрамд дурдсу.
Чингис хаан Тэмүжин Их Монгол Улсын хан ор суумагцаа хийсэн шинэчлэлийн нэг нь ноёд баячууд гагц удам залган цэрэг захирдаг байсан ёс заншлыг халсан явдал. Тэгээд цэрэг захирах авьяас чадвар төгөлдөр “Монголын нууц товчоо"-ны хэллэгээр "Эрдэмтэн, бие, шил сайтан” бөгөөд хаан төрдөө үнэнч, амь хайргүй зүтгэгсэд, гавьяатныг сонгон томилох болжээ.
Хаантан: “Арван хүмүүнийг байлдаанд зохих ёсоор засан тулалдаж чаддаг хүнд мянгат, түмтийг ч өгч болно. Тийм хүн тэднийг байлдаанд удирдаж чадна” хэмээн зарлиг буулгасан гэж “Судрын чуулган”-д өгүүлжээ. Тиймээс түүний цэрэг ард хэн ч бай, гарал үүслээсээ үл хамааран гагцхүү авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ шалгарч, эзэн хаандаа үнэнч байваас ямар ч албан тушаалд томилогдох боломжтой болсон ба эл зарчмыг төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавьсан нь тухайн үед өөр хаана ч байгаагүй шинэлэг зүйл байсан бөгөөд цэрэг ардыг албандаа үнэнч зүтгэхэд нь чухал нэгэн хөшүүрэг болж байсан нь дамжиггүй.
Чингис хаан бас нэгэн удаа өгүүлэхдээ: “Есүнбай лугаа адил баатар эр байхгүй, тийм авьяастан ч үгүй. Гэхдээ тэр бэрх аянд зүдэрдэггүй, өлсөж цангахыг ч тоодоггүй болохоороо хамт буй бусад бүх хүн, нөхөд, дайчдад өөртэйгээ адилхан аяны хүндийг даадаг гэж боддог. Гэтэл тэд нь аян замын бэрхийг тийн даах хүчин мөхөс бөлгөө. Ийм болохоор тэрбээр цэргийн ноён байж таарахгүй.
Гагцхүү өлсөх, цангах гэж юу болохыг мэддэг, түүгээрээ бусдын байдлыг жишиж мэдэрдэг, тэгээд аян замд цэргээ өлсгөж цангаадаггүй, морь малаа турааж тамирдуулахгүй байлгаж чаддаг, тийм тооцоотой явдаг хүнийг л зөвхөн цэргийн ноён болгож болно” хэмээсэн гэдэг Энэ бол эгэл жирийн мэт авч хамгийн зөв зохистой шалгуурын нэг байсан бөгөөд аливаа шатны удирдагчийг томилохдоо одоо ч санаж явах ёстой чухал зүйл гэдэг нь ойлгомжтой.
нэ мэт бодит амьдралаас урган гарч, Их хаантны дэвшүүлэн тавьсан шалгууруудыг даван гарсан монгол цэргийн ноёдын дотроос үе хэтийдсэн өрлөг баатрууд олон төрөн гарсан билээ. Тэдний нэг нь Сүбээдэй баатар. Тэрбээр Чингис хааныг Хорезм буюу Сартаулын шахтай дайтах үед Зэв ноёны хамт анх Кавказыг давж өрнө зүг хүлгийн жолоо хандуулан перс, түрэг, алан, армян, гүрж, орос, болгар, башкир, кибчакийн нутгаар довтолгон хурдавчилсан аяныг хийсэн нь дэлхийн цэргийн урлагийн түүхнээ хосгүй гайхамшигт аялан дайлалт хэмээн тооцогдох болсон бөлгөө.
Бат хааны удирдсан монгол цэрэг орос, кибчаг болон польшоор дайрч, хүчирхэг рыцариудыг хүртэл бут цохин Унгарыг эзэлж, Адриатын тэнгис хүрсэн их аян дайныг төлөвлөж, удирдан гүйцэтгэгчийн нэг нь мөн л Сүбээдэй баатар байв. Гэхдээ түүний үйл ажиллагаа гагц өрнө дахинаар хязгаарлагдаагүй юм. Хятад, Тангудад хийсэн аян дайнд ч алдар нэр нь дуурсаж атаатан дайсныхаа өвдгийг чичрүүлж байжээ.
1232 оны эхээр монгол цэрэг хятадын Жиян Зэү хотыг дайлж цэргийн ноёдыг нь баривчилсанд Алтан улсын ахалсан сайд Ван ян Хад гэгч Сүбээдэй баатрыг биеэр уулзуулж өгөхийг хүсчээ. Сүбээдэй түүнтэй уулзваас Хад: “Таныг тэнгэрээс заяасан баатар эр хэмээсэн нь үнэн ажээ. Эдүгээ Таныг олж үзэв. Би одоо нүд анин үхсү” хэмээсэн гэдэг.
Дайснаа хүртэл ийн бишрүүлэх нь гагцхүү аугаа их өрлөг баатрын, ховорхон тохиох сүр хүчин болой. “Чингис хаан, Сүбээдэй хоёртой стратегийн ур чадварын хувьд зөвхөн Наполеон л эн зэрэгцэж чадна” хэмээн цэргийн нэрт түүхч Лидделл Харт өгүүлсэн бол орчин үеийн судлаач Ричард А, Габриэл “Түүнтэй тактикийн гайхамшигаараа гагц Ханнибал, Скипио хоёр л эгнэх агаад тэрбээр стратегчийн хувьд Македоны Александр, Цезарь хоёртой л эн зэрэгцэх их жанжин" хэмээн өгүүлсэн байдаг.
Сүбээдэй баатар лугаа адил тэр цагийн дорно, өрнийхний сайн мэдэх болсон өрлөгүүдийн нэг нь Зэв. Тэр ч бүү хэл монголын түүх сударт Зэвийн нэр гол төлөв Сүбээдэйн өмнө бичигддэг нь цаанаа учиртай биз. Түүний уг нэр нь Зэв бус Зургаадай бөлгөө. Анхлан Чингис хаантай дайтаж асан Тайчуудын Бэсүд овгийн залуу баатар. “Хүйтний байлдаан” хэмээн түүхэнд тэмдэглэсэн 1202 оны нэгэн тулалдааны төгсгөлд Чингис хааныг харваж сүйдлэх дөхсөн эр.
Байлдаанд Чингис хааны цэрэг ялж түүнийг олзолсон бөгөөд хаантан түүнээс “Миний зэвлэх (байлдааны) ам цагаан хулын аман нурууг нь хэн хуга харвалаа?” хэмээн асуусанд “Уулан дээрээс би харвалаа. Өдгөө хаан үхүүлвээс алганы төдий газар үхэж хоцорсу. Соёрхогдвоос хааны өмнө цээл усыг оггору (цалгитал), цэгээн чулуу цуур (хагартал) довтолж өгсү” гэжээ.
Эл чин зоригт үгийг сонсоод Чингис хаан “Дайсан болж байсан хүмүүн алсан, дайсагнаснаа нууж, үгээ буцах ажгуу. Энэ хэлснээс (үзвэл) алсан, дайсагнаснаа (үнэн) мөнөөр заан (хэлэх) буюу. Нөхцөлт (нөхөрлөж болох шударга) хүмүүн буюу. Зургаадай нэрт ажгуу. Мөн зэвлэх ам цагаан хулын минь аман нурууг харвасны тул Зэв гэж нэрлэж Зэв болгоё чамайг” хэмээгээд “Дэргэд минь яв” гэж зарлиг буулгажээ.
(Монголчууд байлдааны хуяг нэвтлэгч сумыг “Зэв” гэдэг). Түүнээс хойш Зэв ноён Чингис хааны шадар нөхрийн нэгэн болж, олон удаагийн байлдаанд ганц ч ялагдаж үзээгүй бөгөөд түүний удирдсан байлдаан, тулалдаанууд нь Чингис хааны цэргийн урлагийн түүхэнд ч ур  чадвараараа ялгаран томоохон байр эзэлдгийг өрнө, дорнын түүхчид тодруулан тэмдэглэсэн нь цөөн бус.
Чингис хааны цэрэг анх хилийн дээс алхаж Алтан улсыг дайлсан 1211 онд Зэв ноён Гүйгүнэг баатрын хамт Цавчаал боомт хүрэхүй сахиул цэргийн хүчин нэн их агаад бэхлэлт нь ч бэрх чанга ажээ. Түүнийг үзээд Зэв ов зохион “Эднийг өдөж хөдөлгөж ирүүлээд тэнд хүч сорьё” хэмээгээд хүчин мөхөсдсөн дүр эсгэж эргэн буруулсанд хятад цэрэг омогшин боомтоосоо гарч нэхэн уулыг бүрхэж ирэхүйеэ Зэв гэнэт эргэн довтолж бут цохив гэдэг.
Бас нэгэн удаа Дүн чан хотыг дайлах үед хотыг сахигчдын хүчин бас л нэн их агаад бэлтгэл сайтай байсан тул цайзыг эвдэж эс чадаад мөн л ов зохион тэднийг дийлэлгүй орхин одож буй мэтээр ухран гарч нутгийн зүг эргэж зургаа хоногийн газар оджээ. Гэтэл Зэвийн цэрэг тийнхүү алс хол одсон тухай мэдээ авсан хотынхон ихэд хөхөн баясаж сонор сэрэмж алдан найр цэнгэл болж байх үед нь эргэн ирж нэгэн шөнө гэнэдүүлэн довтолж эзлэн авч байжээ. Энэ мэт Зэв ноёны удирдсан гайхамшигт уран байлдааны ажиллагаанууд цэргийн урлагийн түүхнээ онцгой хуудас болон мөнхөрсөн билээ.
Чингис хаан 1217 онд өрнө зүг дайлаар мордохдоо өмнөдийн хэргийг бүхлээр нь Мухули-д итгэн даатгаж, оройн дээд дайчин хар туг, зарлигийн алтан гэргэ гардуулахдаа “Энэ тугийг мандуулж миний ёсоор явтугай" хэмээн зарлиг болж байсан нь тэрбээр ямархуу итгэлтэй өрлөг баатар байсныг харуулах бас нэг баримт. Монгол цэргийн гол хүч өрнө фронтод дайчлагдаж одсон тэр үед Мухули ердөө 4-5-хан түмэн цэргийн хүчээр 15 түмэн морьт цэрэг, 50 гаруй түмэн явган цэрэг бүхий хүчирхэг Алтан улсыг мохотгон хазаарлах онцгой хүнд, бараг биелж болшгүй гэмээр үүргийг хүлээн хоцорчээ.
Энэ нь монгол цэрэг Сартаулыг дайлаар мордсон үед хүчин тарамдалгүй, бат ар талтайгаар амжилттай дайтах нөхцлийг бүрдүүлэх гол зорилготой байв.
Түүхэнд өгүүлснийг үзэхүл, “Алтан улсын цэрэг, жанжнууд Мухулийн нэрийг сонсмогц хирдхийн цочиж, буруулан дутаах болсон бөгөөд Алтан улсын цэрэг түүнийг “Улсын ван” хэмээн анхлан дуудах болжээ. Тийн болохоор Чингис хаан түүнийг бэлгэ дэмбэрэлтэй сайн үг, хэмээн сайшааж, түүнд мөнхүү “Улсын их (гоо) ван” цол шагнаж, Алтан улсыг дайлах цэргийн их ноёноор томилсон гэдэг.
Эл гурваас гадна Боорчу, Зэлмээс эхлээд бусад өрлөг баатрууд нь ч хаан эзэндээ туйлын үнэнч байхын үлгэр болдог байсан агаад “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр гагцхүү “Сэтгэлийн хүлгээр нөхөрлөсөн” үнэхээр огтхон ч илүү хардаггүй, амиа хоохойлдоггүй дайчин нөхөд байжээ. Жишээ нь, Боорчу бол Тэмүжиний багын нөхөр агаад анх найман шарга морьдоо дээрэмдүүлээд ганцаар нэхэн ядаж явах замд нь учирч харамгүй их тус болсон. Гурван мэргид довтлон ирж Бөртэ үжинийг нь булаахад ч хамт зоволцон байж, Бурхан Халдунд гурвантаа бүслэгдэх үед нь Зэлмийн хамт дэргэдээс нь үл салан хамгаалж байв.
Далан нөмөргөсийн байлдааны дараа өдөржин шөнөжин бороо зүсрэн байсан үед Чингис хааныг тайван амраахын тулд нөмрөгөөрөө халхлан шөнөжин зогсохдоо өрөөсөн хөлөө ганцхан удаа сольж байсан хэмээх домог нь түүний үнэнчийн туйлыг өгүүлсэн баримт гэж болмой. Тэгээд ч худал зүйл гамч зангүй тул Чингис хаанд буруу, зөвийг нь хэдийд ч чигч шударгаар хэлж зөвлөдөг байсан учир хаантан Их Монгол Улсын хан ширээнд залрахдаа “Боорчу, Мухули хоёр зөв явдлыг минь зүтгүүлж, бурууг минь больтол ятгаж энэ оронд хүргэв” хэмээн сайшааж байжээ.
Зэлмэ гэхэд Тайчуудын Аучу баатрын цэрэгтэй Ононы хөвөөнд тулалдсан байлдааны үеэр Чингис хааныг шархдахад бусад хүнд үл итгэн өөрөө сахиж, хагсаж бүхий цусыг нь амаараа шимж, хааныг алжаах буй хэмээн холдож ч чадалгүй шимсэн цусаа хажуудаа асгаж, залгихыг залгисаар амийг нь аварч байв. Тэр үеийн нүүдэлчид сумандаа хор түрхэн харвадаг байсан учраас тэрхүү хор нь цусанд нэвчин орвоос туйлын аюултай байдаг байснаас Зэлмийн тэрхүү үйлдэл нь өөрийнх нь аминд ч хүрч мэдэх амь золисон үйлдэл байсан байна.
Тэгээд ч зогсохгүй ухаан сэргэсэн Чингис хааныг “Би ундаасаж байна” гэхэд нь уух юм олж өгөхөөр дайсны хүрээн дунд баригдахаас үл эмээн ганцаараа орж, бүрсэн тараг олж ирж хаантныг ундаалж байсан нь мөн л чин үнэнч хийгээд аюумшиггүй зоригтой, овжин ухаантайн жишиг гэлтэй.
Наян ноён гэвээс анх тайчуудаас салж, аавынхаа хамт Чингис хааныг зорин ирэхдээ өөрийн эзэн Таргудай Хирилтугийг дажин болж байж, амь дүйн барьж авч явсан боловч хан эзнээ тийн дайсанд нь хүргэх зохисгүй үйл” хэмээн сэтгэж зам зуураасаа суллан тавьж байсан хүмүүн. Чингэснийг нь харин хаантан ихэд таашаан “Тус хан эзнээ тэвчин ядсан их ёс төрийг сэтгэжихүй!" хэмээгээд "Наяа төвийн түмнийг мэдтугэй” гэж зарлиг болгож байжээ.
 Энэ мэтчилэн Зэв, Сүбээдэй, Мухули тэргүүтэн, Чингис хааны дэргэдийн их өрлөг баатруудын тухай дуртгаваас тун ихийг өгүүлэх болно. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Чингис хааны хөвгүүн Зүч, Цагаадай, Өгөөдэй, Тулуй нар ч цэргийн гарамгай ноёд байлаа. 1206 онд Их Монгол Улсыг байгуулах үед мянганы ноёноор томилогдсон 95 хүн цөм хэн нь хэнээсээ дутахааргүй шалгарсан ноёд байв.
Ер нь Чингис хаан цэргийн авьяаслаг ноёдыг сонгон олох “нүдтэйгээс” гадна аравтын ноёноос эхлэн түмний ноён хүртэл цэргийн даргалах бүрэлдэхүүнд нэгэн ижил хатуу шаардлага тавьж, тэднийг сурган боловсруулахад ихээхэн анхаарч байсан нь цагийг эзэлсэн суу билэгт өрлөг баатрууд төрөн гарах нөхцлийг бүрдүүлж байжээ. Тэрбээр цэргийн хүн хэн ч бай эн түрүүнд хаан эзэндээ үнэнч шударга зүтгэх, хууль дүрэм, цэргийн цаазыг ягштал биелүүлж, хатуу чанд сахилгатай байх, олзонд үл шунах, цэргийн эрдэм төгс, тэсвэр тэвчээртэй байхыг шаардаж, бие даах чадвар сайтай байхыг онцгойлон үздэг байв.
Тийм учраас хамгийн дээд эрх мэдэл эзэн хааны гарт байвч, аливаа нэг байлдааны ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ монгол цэргийн ноёд харьцангуй бие даасан шийдвэр гаргах боломжтой  байдаг байжээ. Тухайлбал, тавигдсан зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа бүрэн чөлөөтэй явуулах эрх чөлөө тухайн хүнд ногдох бөгөөд гагцхүү хаантантай байнгын холбоотой байх зарлигийг хүлээдэг. Энэ нь тэдний хувьд стратегийн сэтгэлгээ, уран сэтгэмжээ хөгжүүлэхэд нь ихээхэн боломж олгож, ур чадвараа сайжруулахад нь түлхэц болж өгдөг байж.
Цэргийн ноён хүн хувийн ийм чанартай байхаас гадна захирагдагсаддаа хүнлэг хандаж байхыг хаантан чухалчлан захидаг байсан агаад “Энгийн ардын дунд нялх тугал мэт номхон бай! Дайн тулаанд орохдоо харин амьтан шүүрэх өлөн харцага мэт довтолтугай! Хэмээж байсан гэдэг. Эрдэм чадалтай даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх талаар Чингис хааны “Хишигтэн" цэрэг өвөрмөц нэгэн сургуулийн үүрэг гүйцэтгэж байжээ. Олон дайнд Чингис хаан, түүний шадар нөхөд болох авьяаслаг ноёдын шууд удирдлагын дор оролцож, үлгэр дууриал авч явсан хорчин, турхаг, хэвтүүлийн дотроос хожим нь цэргийн шалгарсан ноёд олноор төрөн гарсан билээ.
Чингис хаан цэргийн ноёдынхоо ур чадварыг дээшлүүлэх талаар сургалтын янз бүрийн хэлбэр ашигладаг байсны нэг нь ноёдын чуулган юм. Жил жилийн эхэн ба төгсгөлд эл чуулганаар сургалт, байлдааны бэлтгэл болон засаг захиргааны бусад ажлаа дүгнэн цэгнэж, дараагийн зорилгоо дэвшүүлэн, хааны цааз зарлигийг сонсгодог байжээ. Тиймээс энэ ажлыг Чингис хаан онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж “Жилийн эхэн ба адагт ирж бидний санаа бодлыг сонсож байдаг түмт, мянгат, зуутын ноёд л цэргийг захирч чадна.
Гэртээ хоцорч бидний санал бодлыг эс сонсогсод усанд хаясан чулуу, хулсанд буусан сум мэт үгүй болно. Тийм хүмүүн цэрэг захирч үл болно” гэж зарлиг буулгасан байна. Олон ноёдын алдаа дутагдал, ололт амжилтыг цэгнэдгийн хувьд энэ чуулган дадлага туршлага солилцох, сургамж үлгэр авах чухал индэр болдог байжээ. Мөн ноёдын “Хурилдай” болон “Их эе” нь цэрэг дайны чухал асуудлыг хэлэлцэж, цэргийн ноёд, зөвлөгч нар өөрсдийн санал бодол, шийдвэрийн хувилбаруудыг чөлөөтэй өгүүлж, харилцан маргаж, ярилцсаны эцэст хамгийн ашигтай хувилбарыг сонгон баталж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлдог байснаараа эзэн хааны залгамж хойч үеийнхэн болон цэргийн ноёдын хувьд амьд сонирхолтой сургуулийн үүргийг гүйцэтгэдэг байсан гэж болно.
Даргалах бүрэлдэхүүнийг сурган боловсруулахад 1204 оноос эхлэн ашиглах болсон, одоогийн хэллэгээо бол “Цэргийн зөвлөхийн” буюу “Хосолмол, хамтын удирдлагын" арга барил өвөрмөц сонин бөгөөд онцгой ач холбогдолтой зүйл байв. Анх Өгэлэчэрийг “Хутусхалчантай эедэлдэж явутгай” хэмээн зарлиг болсон бөгөөд 1206 онд Хунан, Мөнхүр, Хэтэ гурвыг дүү Зүчдээ, Харачар, Мөнх, Идухадай, Хөхөчөс нарыг Цагаадайд, Жибэгээг Xacap, Чаурханыг Алчидайд “зөвлөхөөр” тус тус томилж, Боорчи, Мухули тэргүүтэн ноёд, Додай, Дохолху тэргүүтэн чэрби нарыг хүртэл “Хунан, Хөхөчөс хоёртой эедэлдэж, хамаг үйлсийг үйлдэгтүн” гэж зарлиг болсон нь “зөвлөхийг” бүр ч өргөн. хэмжээгээр хэрэглэх болсон баримт юм.
Тэгэхдээ цэргийн залуу ноёдын дэргэд хашир туршлагатай хүмүүсийг томилохоос гадна чадварлаг ноёд, өрлөгүүдийн хажууд залуу ноёдыг дагалдуулдаг байв. Хамтын удирдлагын ийм хэлбэр тэр цагт өөр хаана ч байгаагүй бөгөөд ноёдын нэг нэгний дутагдлыг харилцан нөхөрлөн залруулж өгдөг нь үр өгөөжтэй арга байлаа. Ийм хосолмол удирдлагын хэлбэрийг хэдийгээр огт өөр зорилгоор ч гэлээ бүр XX зуунд Орос, Монгол болон бусад зарим орны цэрэгт, тухайлбал “Комиссарын тогтолцоо”-ны хэлбэрээр хэрэглэж байсан нь сонин.
Чингис хаан ийнхүү дайнд хэрэгтэй бүхэнд цэрэг, ноёдоо сургах олон хэлбэр ашиглаж, нөхөд, ноёд, цэрэг, үр ачаа сургахдаа бас өөрийн биеэр үлгэрлэх аргыг нэн түрүүнд хэрэглэж ирсэн нь тодорхой байдаг. Чингис хаан байлдаанд манлайлан орж шархдан, өөрөө алгинчилж явсан баримтууд, бас хятадын эрдэмтэн Чан Чунь бумбад бичсэн захидалдаа “Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө явсан” хэмээсэн үг ч үүнийг нотолно. Их хаантан “Манай худалдаачид алтан хатгамалт хувцас, тансаг бараа авч ирэхдээ тийм эд зүйлээс ашиг олно гэж бат итгэлтэй байдаг.
Түүн лүгээ адил цэргийн ноёд нум сум харвах, морь унах, халз тулалдахад хөвүүдээ сайн сургаж, дасгал сургууль хийлгэж байх хэрэгтэй. Худалдаачид ажлаа мэддэг учраас түүн дээрээ авхаалж самбаатай, овжин байдагчлан хөвгүүдээ цэргийн эрдэм ухаанд сургаж аймшиггүй, чин зоригтой болгох хэрэгтэй” хэмээж, бас “Цэргийн ноён архи дарсанд дуртай болвоос өөрийн мянгат, зуут, аравтынхаа ажил хэргийг цэгцтэй байлгаж үл чадах агаад ажил үүргээ бүтэлтэй дуусгаж хүчрэхгүй”, “Түмт, мянгат, зуутын ноёд цэргээ хэзээ ямагт бүрэн бүтэн дэг журамтай байлгаж, тушаал буулгасан үед өдөр, шөнө ялгалгүй хэдийд ч аянд хөдлөхөд бэлэн байх ёстой” гэж зарлиг болгон буулгаж байжээ.
Чингис хаан олон жилийн дайн байлдааны практик, цэргийн байгуулалтын туршлагадаа тулгуурлан цэрэг, ноёдоо энэчилэн системтэй сургаж чадсаны үр дүнд дэлхий дахинаа суу алдраа дуурсгасан цэргийн гайхамшигт олон ноёд, баатрууд төрөн гарсан билээ.
Доктор, профессор Ж.БАЗАРСҮРЭН

Tuesday, October 16, 2012

Ю.Цэдэнбал Давст уулыг Оросуудад өгөхийг эсэргүүцэж байжээ

Саяхны нэг өдөр хүндэтгэж явдаг өвгөн зохиолчтой санаандгүй таарав. Тэрбээр өөрийн шинэ бүтээл туурвилын тухай ярьж байснаа “Чи сонинд ажиллаж байгаа бил үү. Би чамтай нэг хүн танилцуулна. Түүнд их чухал материал байгаа. Чамд хэрэг болж юуны магад” хэмээлээ. Би ч тэгсгээд мартчихаж. Хэд хоногийн дараа залгаж “Өнөөдөр чамтай нөгөө хүнээ танилцуулна. Чи завтай биз дээ” гэв. Ингээд хуучны ном зохиол, сонин хэвлэл цуглуулдаг Т.Чүлтэм гуайтай танилцуулсан юм. Тэрбээр миний багад хөврүүлж тоглодог байсан урд хөршийн “СҮҮ” гэсэн цэнхэр хальс өгч “Үүнийг нэг сонсоод үзээрэй” гэлээ. Их бүдэгхэн сонсогдох хальсан дээр С.Аварзэд гуай Давст уулын тухай ярьсан байлаа. Тэрбээр 1957 онд Гадаад явдлын яам/ГЯЯ/- ны сайдаар ажиллаж явсан хүн юм. Хальсан дээрх бүдэгхэн яриаг 1989 оны долдугаар сарын 21-нд дипломатч Б.Дашцэрэн соронзон хальсан дээр буулгаж авсан байна. Уншигч Та бүхэндээ ГЯЯ-ны сайд асан С.Аварзэдийн яриаг бүрэн эхээр нь хүргэе.


-Хэлэлцээ хийхийг хэн санаачилсан юм бэ. Яагаад хэлэлцээ хийх болов?

-Хилийн асуудлын талаар яриа гардаг байсан. Увсын хойд талын тагна, тувачууд мал хөөх, хил давуулж алдсан малыг буцааж өгөхгүй байх, хадлан бэлчээрийг зүй бус ашиглаж байна гэж манай ардуудаас хэл ам гомдол гаргадаг байсан. Ер нь хилийн хэлэлцээ хийх асуудлыг би Цэдэнбалаас сонссон. Бодвол тэр санаа Зөвлөлтөөс гарсан болов уу гэж боддог юм. Хэлэлцээ хийх төлөөлөгчдийн дунд геологич Дүгэрсүрэн байсан. Би Цэдэнбалд хэлж байж түүнийг бүрэлдэхүүндээ авсан юм. Дүгэрсүрэн гуай ямар ч гэсэн тэр хавийг геологийн баялаг ихтэй газар гэдгийг мэдэж байсан. Түүнээс асуухад жигтэйхэн их баялагтай, ураны хүдрийн орд газартай, өөр үнэт металлууд ч бий гэсэн. Энэ нь стратегийн түүхий эд юм л даа. Стратегийн тийм их материал тэнд байдаг нь үнэн юм шиг байгаа юм. Яагаад гэвэл сүүлд Зөвлөлтийн төлөөлөгчид ирээд төлөвлөгөө өгсөн. Увсаас хойш Тэсийн голоос хойшхи бүх нутгийг өөртөө оруулаад зурчихсан тийм гар зургийг санал болгосон юм.


-Өөрөөр хэлбэл, зураг дээр зурсан тэр хэсгийг Зөвлөлтийн нутаг гэж байгаа хэрэг үү?

-Үгүй ээ. Ер нь авна л гэсэн үг шүү дээ.


-Авъя гэж хүссэн үү, өг гэж шаардсан уу. Эсвэл хүсэлт тавьсан юм уу?

-Газар нь ч маргаангүй манайх. Авна гэж шаардлага тавьсан. Яагаад гэвэл Оросууд бүх социалист лагерийг хамгаалж байна. Иймээс бид ашиглах хэрэгтэй. Монголчууд дангаараа чадахгүй. Ашиглах чадал байхгүй гэж үзсэн хэрэг. Тэгэхээр тэнд тийм стратегийн чухал түүхий эд байсан нь үнэн байх. Тэгээд сүүлд нь өөр нэг хүн сонирхсон юм. “Би, юу байдаг юм бэ” гэж асуусан. Вольфрам, уран бий гэсэн. Би ч Зөвлөлтийн талд “Миний мэдэхгүй асуудал байна. Нэгдүгээрт, хилийн асуудлыг манайд Ардын их хурлын тэргүүлэгчид, өөрөөр хэлбэл төрийн дээд байгууллага шийдвэрлэдэг. Нэг хэсэг хүмүүс гэрээнд гарын үсэг зураад өгчих ёсон байхгүй. Хоёрдугаарт, энэ хил түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй” гэж хэлсэн. Манай төлөөлөгчдийн байр суурь түүн дээрээ хатуу зогсчихгүй юу. Нөгөөдүүл чинь өнөөх зургаараа Тэсийн голоос хойш Тагнын нурууг оруулаад цөмийг нь авчихаж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, газрын зургийг зураад хийгээд ирсэн. Тэд урьдаас сайн бэлтгэсэн байгаа юм. Би ч ерөөсөө хөдлөөгүй. Молотов намайг шахаад байдаг. Ю.Цэдэнбал дарга байхдаа, түүнээс өөр мэддэг хүн алга гээд хөдлөхгүй л байгаад байлаа.


-Та түүнийг ашиглаад асуудлыг хойш тавиад байсан юм байна шүү дээ?

-Үндсэндээ тийм. Ер нь л мухардалд оруулсан. Мухардалд оруулахгүй гэхээр буулт өгнө гэсэн үг. Буулт хийнэ гэдэг чинь түүхэн хилээ өгнө гэсэн үг. Тийм учраас ямар ч гэсэн мухардалд оруулсан. Тэгээд л суугаад байлаа. Цэдэнбал ирээд шийднэ биз гээд. Ямар ч гэсэн өгчихөж болохгүй юм гээд л... Тэгж байтал нэг өдөр Молотов уурлалаа. “Что вы цепляетесь за этот клочок земли” Тэр, алгын чинээхэн газраас юу гэж зуураад байгаа юм бэ?/ /орч/. Танай страна /улс орон/ чинь бүтнээрээ манайх байж болох тийм үе байсан юм шүү. Жишээлбэл гээд дэлгэрүүлээд баахан ярьсан.


-Үүнийг Молотов хэлж байгаа юм уу?

-Молотов хэлж байгаа юм. Тэгж байснаа ямар баяраар ч билээ, шинэ жилээс наана гэрээг зурна гээд. Би ч хэлдгээ л хэлсэн. Молотов голдуу явган явдаг байсан. Нэг орой хурал тарсны дараа “Проводите меня пожалуйста” Гаргаж өгөхгүй юу /орч/ гэж байна. Бид хамтдаа жаахан явлаа. Тэгсэн нөгөөдөх чинь “Видали этих министерчиков иностранных дел” Гадаад явдлын яамны иймэрхүү сайд шуу юмсыг үзэхээрээ л нэг болсон доо, бид нар /орч/ гээд л их занангуй хэлж байна. Би ч мэдэж л байлаа. Намайг хэллээ дээ гэж. Тэгэж байснаа шинэ жилээр түргэн зуръя гэж байна. Би ч мэдэхгүй л гэлээ. Шинэ жил өнгөрлөө. Тэднийг жаахан ухралт хийж эвлэрэлд хүргэдэг юм болов уу гээд би хүлээгээд байдаг. Нэг өдөр хэлэлцээ шиг юм боллоо доо. Улстөрийн товчоонд танилцууллаа. Танилцуулж байсан чинь Цэдэнбал даргын нарийн бичиг, нэг цаас аваад ороод ирсэн. Москвагаас илгээсэн телеграмм /цахилгаан утас/ гэж байна. Ю.Цэдэнбал явуулсан юм байх даа гэж бодлоо. Тэгсэн биш юм аа. Хрущевын нэртэй “ЦКМНРП” /МАХНын Төв хороонд/ гэсэн цахилгаан утас байна. “Поведение Вашего министра иностранных дел вызывает удивление в Москве” Танай Гадаад явдлын яамны сайдын байдал Москвад хачирхал төрүүлж байна /орч/ гэсэн байх юм. Дамба гуай “Энэ юу гэж байгаа юм бэ?” гэж байна. Дамба гуай битүүхэндээ миний талд байгаад байсан л даа. Цааш нь ямар шугам барих вэ гэж асуулаа. Энэ л шугамаа барих уу гэлээ. Тэгэхээс яах вэ гэж байна. Ер нь улсын хилийг өөрчилнө гэдэг бол хэн нэг төлөөлөгчийн саналаар болох зүйл биш л дээ. Төрийн дээд байгууллага шийдэх ёстой гэлээ. Миний ганц тулгуурладаг юм тэр. Тэгтэл хэн энэ хэлэлцээрийг авч явах вэ гэж Улстөрийн товчоон дээр яриа гарсан юм билээ. Тэгж байгаад Цэндэд өгчихсөн.


-Цэнд өөрийн чинь оронд хэлэлцээ хийх болж. Цаашид хэлэлцээ яаж явагдсан бэ?

-Бүү мэд. Би тэгээд эмнэлэгт хэвтчихсэн. Гэтэл хилийн хэлэлцээ төгсөж, гарын үсэг зуржээ. Цэнд зургаа авахуулж байна гэнэ гэж дуулдсан. Уг нь хэлэлцээрийн үед хоёр хөгшин малчин Увсаас авчирсан юм. Нэг оройн хурал дээр тэр хоёрыг эксперт /шинжээч/ гэрч болгож үйл явдлыг уялдуулах гэж оролдсон. Тувачууд яаж түвэг болдгийг тэднээр яриулж байгаа ухаантай юм. Ерөөс мал төл байлгадаггүй алдаршсан хэсэг улс байдаг юм чинь гэлээ. Тэгээд ч нэмэр болоогүй.


-Ер нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс орж байсныг санаж байна уу?

-Манай талаас цөөхөн орсон шүү дээ. ДЯЯ-ны орлогч сайд Батаа, Хязгаарын цэргийн удирдах газрын дарга ЦэдэнИш нар орсон. Батаа, Цэдэн-Иш нарыг Цэдэнбал томилсон. Геологич Дүгэрсүрэнг би саналаараа оруулсан. Багш “яавлаг” Шагдарсүрэн орчуулагчаар оролцсон юм.


-Хэлэлцээ дуусч асуудал ч намжсан юм байна. Өөрөө түүнээс хойш ГЯЯ-ны сайдаар хэр удсан билээ?

 -Хэлэлцээрийн дараа л ГЯЯ-ны сайдаас буусан шүү дээ.


-Буулгахдаа ямар нэгэн шалтгаан хэлсэн үү?

-Ямар нэгэн шалтгаан байхгүй. Хэлсэн юм ч байхгүй. Тэгэхэд Унгарт элчин сайд явуулах хэрэгтэй болж, намайг томилсон. Тэр үед намын XIII Их хурал болж, миний бүх албан тушаал, сонгуульт ажлаас огцруулсан.


-Хилийн хэлэлцээртэй холбоотой юу?

-Битүүхэндээ тиймэрхүү утгатай юм уу даа. Намайг Унгарт явуулсан. Унгарын намын XIV Их хурал боллоо. Цэнд төлөөлөгчөөр очсон юм. Тэр Янош Кадараас /Унгарын удирдагч/ манай Элчин сайдын яамны ажиллагааны талаар тодорхойлолт гаргаж өгөхгүй юу гэсэн юм билээ. Тэгснээ сүүлдээ жаахан эргэсэн. Хожим намайг салах ёс гүйцэтгэхэд, нэгэнт ах дүү намын тал асуудал тавихад Улстөрийн товчоо ярилцаад ийм хариу өгсөн гэж бичиг үзүүлсэн. Тэр нь их том бичиг. Дандаа хэтрүүлсэн магтаал байсан.


-Матаас биш магтаал болжээ?

-Дан магтаал. Тэгсэн чинь намайг ороход архи уудаг, хөрөнгөтөн орны дипломатуудтай их юм ярьдаг. Югослав, Энэтхэг бас хаанахын билээ дээ. Австрийн дипломатуудаар дамжуулж барууны орнуудтай харилцаж байсан гэх маягтай үг гарлаа. Тэдэнтэй би муугүй харилцаатай байсан юм л даа.


-Унгарын намын Улстөрийн товчооны тодорхойлолтыг манай Төв хороонд ирүүлсэн үү. Удирдлага хүлээж авсан байх даа?

-Авсан байлгүй. Үүнийг Төв хороонд явуулчихсан гэж байсан.


-Одоо тэр чинь Төв хорооны архивт байх нь ээ?

-Тэгээд намайг ажил муу хийсэн гэж байна. Ах дүү намын Улстөрийн товчооноос намайг тэгж дүгнээгүй шүү дээ гэж би хэллээ. За тэгээд л таг болсон. Тэр /Унгараас ирсэн тодорхойлолт/ лав устсан болов уу.


-Энэ чинь 1950, 1960 он үед үү?

-1960 онд Содовын дургүйг би хүргэчихсэн юм. Ажил ердөө хийхгүй, төрөл садангаасаа урьж аваачаад, үйлчилж гүйгээд л. Бүр ажил нураагаад. Ажил хийхгүй бол асуудлыг өөрөөр тавина гэж Содовт би анхааруулсан. Гурав дахь анхааруулга нь тэр юм. Тэгээд л хэн нь хэнийгээ буцаах вэ гэдэгт хүрсэн. Одоо бол зөвхөн тэр Давст уулын тухай л яриа болсон юм шиг ойлгодог бололтой. Давст уул бол нэг хэсэг газар. Чухамдаа Увсын хойд тал тэр чигээрээ орсон юм. Тэсийн голоос хойшлоод Тагнын нуруу даваад маш өргөн газар. Түүн дээр бас Хөвсгөл аймгийн баруун хойт хэсэг, Шишигтийн гол гэж сайхан газар бий. Шишигтийн нуруу гэж сайхан нуруу бий. Бас их баялагтай. Тэр бүх газрыг ердөө анх гар зургандаа л Зөвлөлтийн тал оруулж зураад авчирсан. Бараг түүгээрээ л авсан болов уу.


-Ер нь нийт хэчнээн хэмжээний газар нутаг байв?

-Зурагтай бол хэлж цөхөх юу байх вэ дээ. Өргөөшөө 30 километр, уртаашаа Тэсийн голоос Хөвсгөл хүртэл 60-70 километр. 2000 орчим ам.дөрвөлжин километр газар. Баялаг ихтэй газар байсан шүү.


-Тэнд айлууд нутаглаж байсан уу?

-Нутаглалгүй яах вэ. Тэр айлууд бол санаж байгаа даа.


-Тухайн үеийн манай удирдлагууд тэр газар нутгийг өгөхгүй байж болоогүй юм байх даа?

-Яг үнэндээ өгөх дуртай хүн байгаагүй ээ. Ямар олиг байх вэ дээ, газар нутгаас нь тасдаад авна гэхээр хэний ч дургүй хүрнэ биз дээ. Нэг удаа Бал /Цэдэнбал/ дарга намайг дуудаад “Дээрээс шахаад байх юм. Ядуу буурай орны зовлон барагдах биш дээ, Аварзэд минь. Юутай ч асуудлыг нааштай шийдэхээр ярилцаж байгаа. Чи түр тогтож хүлээж бай” гэхэд миний нүднээс нулимс гарах гэж байсан шүү. Ингээд бодохоор тухайн үеийн төрийн удирдлагууд өгөх дургүй байсан юм билээ.

Т.Зөнбилэг

Thursday, October 11, 2012

Ч.Хурц: Монголчууд 30 жилийн дараа 656 сая ам.долларын өртэй хоцорно

Оюутолгой төсөл нь дор хаяж 50 жилийн хугацаанд эрэгжих төсөл хэмээн гурван жилийн өмнө гэрээг үзэглэсэн. Гэвч энэ гэрээг монголчуудад үр ашгаа өгөхгүй, хэтэрхий муу хийгдсэн гэж үзэх хэсэг байсан юм. Гэрээг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байсан хүний нэг бол Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц юм. Түүнтэй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцлаа.

-Оюутолгойн гэрээ монголчуудын хувьд “шүдний өвчин” боллоо. Засч сайжруулах, Монголын талд ашигтай болгох гээд л асуудлууд ар араасаа хөвөрсөөр байна. Таны хувьд анхнаасаа энэ гэрээнд засвар хийх хэрэгтэйг сануулж байсан хүний нэг. Оюутолгойн хувь заяаг цаашид юу хүлээж байна вэ?
 -Хөрөнгө оруулалтын гэрээний гарчгаас эхлээд ярья л даа. “Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто интернэшнл холдинг лимитед компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ” гэдэг. Эндээс харахад ямар эрхзүйн чадамж бүхий хуулийн этгээдуүд юунд хөрөнгө оруулж байгаа нь мэдэгдэхгүй байна.

Аливаа гэрээ хэлцлийг гарчиг агуулга нь тодорхойлдог. Засгийн газар болон гэж байгаа нь буруу байхгүй юу. Монгол хэлэнд “болон” гэдэг чинь эхнийхээ үгийг задалж тодотгодог болохоос тэгш өгүүлэгдэхүүн биш. Олон улсын гэрээ эрхзүйн мэргэжилтэн хүн бол шууд харангуут анзаарч гурван этгээдтэй гэрээ хийчихээр хариуцагч байхгүй, тэгш эрхийн бус орчин үүсдэг гэж үздэг.

Хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн хэсэгт гэхэд “Хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз Оюутолгой, Монголия инк ” гээд энэ үгнээс эхлэн Монголын Засгийн газрын хөрөнгө оруулалтын эрхзүйн үндэслэлийг хасч гарчигтайгаа зөрөөд явчихаж байгаа биз. Гэрээний бүх үндэслэл нь Оюутолгойн ордыг эзэмших юм уу, Оюутолгой гэдэг төсөл юм уу, Оюутолгойд оруулчихсан хөрөнгө оруулалтын гэрээ юм уу гээд л гарчигнаасаа задаргаа нь ойлгогдохгүй. Дотор нь ороод заалт бүрийг үзэхээр жинхэнэ гэрээнд заасан заалт хавсралт гэрээнд заасан заалт хоёр нь зөрж мөргөлдөөд эхэлдэг.



-Жишээ нь ямар заалтууд байна вэ?


-Ганц зүйлийг л энд хэлье л дээ. Анхны хөрөнгө оруулалт гэдэг нэг тоо байх ёстой. Гэтэл энэхүү гэрээний хавсралт гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ есөн тэрбум доллараар өснө гэжээ. Цаашид ч Айвенхоу хөрөнгө нийлүүлэлтийг шаардах эрхтэй. Монголын Засгийн газар юу хянаж хөрөнгө оруулж оронд орох болж байна ойлгомжгүй.

Оюутолгой төсөл гэвэл Монголын коксжих нүүрсний 12 орд, тухайлбал Саусгоби энэ бүгд Оюутолгойн төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Тэгэхээр тийм төсөл байхгүй. Ерөөсөө Айвенхоу Майнз, Рио Тинтой холбогдсон бүх заалтууд орчихсон. Нэгдүгээрт бидний авч байгаа зээлийн жилийн хүү нь 6.8 хувь байна. Хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн гэрээнд болохоор улирал тутамд орж ирсэн тоног төхөөрөмжийн үнэ, материалаар зээлийн дүнг гаргаад түүн дээр тэр улиралд ноогдох хувийг нэмээд дараагийн улирлын хүүг тооцохдоо нөгөө хүү нэмсэн зээлэн дээрээ нэмээд хийчихэж байгаа юм.

Тэгэхээр яг тооцоолоод үзэхэд давхар хүүгийн системийг хувь нийлүүлэгчийн системээр хийчихсэн байгаа юм. Ийм эрхийг нэг ТӨК- ийн захирлын гарын үсэг зурж баталгаажуулдаг эрх биш. Засгийн газар гарын үсэг зурч баталгаажна. Хөрөнгө оруулалтын гэрээнд 6,5 хувь, нийлүүлэгчийн гэрээгээр тооцохоор есөн хувь болдог. Бид хөрөнгө оруулагчийн гэрээ хүчинтэй гэж төлбөр төлөх болж байна уу, хувь нийлүүлэгчийнх хүчинтэй болж байна уу аль нэгээр бид төлбөрөө төлөх юм.

Оюутолгой төсөл анх орж ирэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2,7 тэрбум байсан. Дараа нь 4,2 хувиас нэмэгдсээр 5,6 хувь болсон. Тэд өөрсдөө техник эдийн засгийн үндэслэлээ ярихдаа бид дахин тодруулга хийгээд 4,2 хувь болголоо гэсэн. Энэ гэрээний тоо баримтуудад жигд юм нэг ч байхгүй. Хариуцагч байхгүй ийм гэрээн дээр бид хэнтэй юу ярьж харилцан хариуцлага хүлээх болж байна.


Ямар ч улс орон өөрийнхөө хуулийг гадны компанийн гэрээнд зориулж засварладаггүй. Манай улс бол асар олон хуулинд засвар оруулсан. Монголын тал дандаа үүрэг хүлээж, гадны тал дандаа эрх эдэлнэ. Үүнийг шударга тэгш эрхийн гэрээ гэдэггүй юм. Энэ бүхнийг ингээд задлаад ярих юм бол чи бид хоёр нэг өдөр байтугай 10 хоног ярилцахад ч багадна.



-Оюутолгойн гэрээг өөрчлөх нь хөрөнгө оруулагчдаа алдах цаашлаад олон улсад манай улсын нэр хүндийг унагана гэж ярих хэсэг байна?


-Хүн хүн өөр өөрийнхөөрөө ярьдаг байх. Хэдий их айлгана төдий их сүр хүчийг бадруулна. Тэгэхээр одоо бол айлгах систем нэлээд их газар авсан байна. Гэрээ байгуулахаас алдаатай байна гээд байхаар гадны хөрөнгө оруулагч гараад явчихна. Харин гэрээг байгуулчихвал хөрөнгө ороод ирнэ гэж байсан. Байгуулахын тулд биш тэгш эрхийн хувиар гэрээг байгуулдаг.

Анх энэ Оюутолгой чинь гэрээ биш, хууль гэж орж ирсэн. Оюутолгой хөрөнгө оруулалтын хууль гэсэн нэртэйгээр орж байсан юм. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн Монголын Засгийн газар, ийм гэрээ хийсэн хүмүүсийн хариуцлагын тухайн асуудлыг хөндөж ярих ёстой. Түүнээс энд хэн нэгнийгээ буруутгах гээд эрүү үүсгэх гээд байгаа зүйл биш. Цаана нь Монголын ард түмний хувь заяа гэж хэн ч үл хязгаарлах эрх хэмжээ алдагдсан байгаа.



-Оюутолгойг Бороо Гоулд шиг хэдхэн жилийн дотор цөлмөчих юм биш биз. Юун 30 жил болох вий гэсэн эмзэглэл бас нэг хэсэгт нь байна?


-Бороо Гоулд шиг л юм болно. 15 жилд тогтвортой гэрээ хийгээд эхний таван жил татваргүй. Түүний дараагийн таван жил ашгийн 50 хувь татвар авна гэсэн. Гэтэл эхний таван жилд л бүгдийг нь гаргачихсан шүү дээ. Ашиг хуваана, ашиг гаргана гээд ирэхээр гадны хөрөнгө оруулагч тэнэг биш бол бидэнд төлөх ашиг байхгүй, та нарт авах ашиг байхгүй. Гагцхүү монголчууд зээлийг төлнө. Би дандаа төлбөр төлнө. Бид зээлийн хүү төлнө, хүүгийн хүү төлсөөр байтал нэг л өдөр Оюутолгойн орд олборлоод дууссан байна. Тэгээд бид өртэй хоцорно.



-Яагаад өртэй хоцорно гэж?


-Манай судлаач эрдэмтэд Оюултолгойн гэрээний дагуу Монголын авсан зээл, зээлийн хүүг улирал тутам, хүүгийн хүүг төлөхөд жилд олон сая ам.доллар алдагдалтай гарна. 34 хувийг нэмлээ гэхэд улам л өрөнд орно. Бүх роялти, ашиг орлогын татвар гээд тэднийхэээс авч болох бүх мөнгөө аваад байхад л бид 30 жил өр төлөөд, өртэй хоцорно.


-Яагаад?

-Маш тодорхой. Монголд орлого болон орж ирэх мөнгө, жил жилээр бичиж байгаа өр хоёр чинь ихээхэн зөрүүгээр жил бүр өр өснө. Энэ жилийн өрөө төлөөгүйгээс хойтон миний өр нэмэгдээд байгаа. Намайг сайд хийж байхад үйлдвэрийг барихдаа долоон жилийн дотор анхныхаа хөрөнгө оруулалтыг нөхөж чадахгүй бол үйлдвэрийг барихыг хориглодог байсан. 30 жил зээлийн хүү төлөөд бид өрөнд орсон хэвээрээ л байна. Дээр нь 30 жилийн дараа 656 сая ам.долларын өртэй хоцорно. Бүх юмаа хүнд зүгээр ашиглуулаад өөрөө өртэй хоцорно.



-Та Бороо Гоулдын дүү орд илэрч байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Бид судалгаа хийгээд байна л даа. Зарим улсын төр засгаас явуулж байгаа бодлого нь Монгол Улсад юу байна түүнийг нь бүгдийг хамаад гарга гэсэн систем яваад байна. Авч байгаа юм нь хэдэн төгрөгийн үнэтэй, ямар ашигтай юм, тэр хамаагүй. Одоо хууль энээ тэрээ гээд хэрүүлээ хийгээд будилж байхад нь бүгдийг цөлмөөд аваад хил давуулаад бай, тэр асгасны дараагаар нь бид юу болгохыг мэднэ гэсэн ийм л систем ажиллаж байна. Дорнод аймагт маш сайхан орд газар бараг дүү Бороо Гоулд гарах гэж байна л даа.

“Алтан цагаан овоо” гэж алтны орд газар. Мөн цайр, зэс, хар тугалгатай холимог металлын орд юм шиг байгаа юм. Энэ ордын техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд 10 жилийн дотор бүгдийг нь авч гарахаар тооцоо хийж байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалтын эхний таван жил татвар авдаггүй, дараагийн таван жил 50 хувиар багасна гэдгийг далимдуулаад бүгдийг нь авна.

Уг нь тогтвортой байдлын гэрээг цэрэг дайны байдалд орчихсон улс орны Засгийн газруудтай хийдэг юм гэнэ билээ. Ер нь байнгын үймээнтэй тогтворгүй улс орнуудтай ийм гэрээ хийдэг юм гэсэн. Төр засаг нь тогтвортой ажилладаг манай улсад зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээг л хийх ёстой. Тогтвортой байдлын гэрээг хийгээд ард түмнээ сүйрүүлчихлээ шүү дээ.



-Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаа ярихдаа манайх татваруудаа аваад 71 хувийн ашиг хүртэх боломтой гэж байна. Та болохоор өрөнд орно гээд...

-Н.Алагаа чинь Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал. Тэгэхээр тэр байгууллага чинь гишүүн байгууллагынхаа эрх ашгийн төлөө л явдаг. Тийм учраас тэр хүний яриад байгаа юмыг яаж ойлгох нь манай ард түмний боловсролын ерөнхий түвшингийн асуудал. Ямар байлаа ч гэсэн 29/71 хувь үлгэр. Хуваах ашиг байхгүй байхад элэнцийн 71 хувь байдаг юм бэ. Яагаад хуваах ашиггүй байдаг юм бэ гэхээр хөрөнгө оруулалт, зардлаа туйлын их нэмээд жилийн ашигт ажиллагааны түвшин “0” гээд үйлдвэрээ хаана.



-Манайд Оюутолгойн төслийн хэрэгжилтэд хяналт тавих боломж байдаг юм уу?

-Ер нь гадаадын хөрөнгө оруулалтын стратегийн ач холбогдолтой орд газрыг эзэмшихтэй холбогдсон асуудлыг авч үзэхэд Монголын зөвхөн дотоодын хяналт мэргэжлийн байгууллагын төлөөлөл техник технологи болон Монголын талын өмнө хүлээсэн гэрээний үүргийг хэрхэн биелүүлж буйг тэдний зардлаар хянаж байх ёстой л доо. Ямар техник технологиор ашиглаж байна.

Анх оруулсан төслөө хэрэгжүүлж байна уу гэдгийг хянаад сууж байдаг Монголын төлөөлөгчийн газар байх ёстой. Тэр төлөөлөгчийн газар техник технологид нь бүгдэд нь хяналт тавих ёстой. Одоо хяналт тавих эрхгүй байхаар хуулиа хийсэн учраас хэрвээ Монголын орд газрыг сүйтгэчихээд гарахад бид яаж ч чадахгүй хэмжээнд хүрээд байна. Хариуцлага хүлээх хүн байхгүй.

Бид хариуцлагагүйн тогтолцооны дээд зэргийн хуулиудыг бид хийгээд байна шүү дээ. Хариуцлагагүй байна гэдэг бол улс орон дампуурахын шинж. Засгийн газар хэлж байгаа нь “Яалаа гэж дээ бид буруутай биш шүү дээ. УИХ-д санал оруулсан Айвенхоу Майнзын гэрээнд бид тогтоол гаргаад өгсөн” зөв юм хийсэн. Монголын тусын тулд гарын үсэг зурлаа гэсэн бол чи хариуцлагыг нь давхар хүлээх л хэрэгтэй. Ийм хариуцлагагүй УИХ, Засгийн газар байж болохгүй хариуцлагыг чангатгана

 -Ярилцсан танд баярлалаа.

П.Нансалмаа
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”

Wednesday, October 10, 2012

Энэтхэгийн Мон угсаантан буюу Монгол гэдэг нэрийн учир

Миний бие Бакуларинбучийн нутаг Ладакт 2009 онд очих завшаан тохиолдож тэндэхийн нутаг орны байдалтай танилцахын зэрэгцээгээр Монгол гэдэг нэртэй холбогдсон мэдээ сэлтийг олж билээ. Ладак нь Хималайн уулсын баруун хойт салбар Зангскар, Ладак болон Каракорумын нуруудын хоорондох үржил шимт гол мөрний хөндийд орших бөгөөд далайн түвшнээс дундчаар 4000- аас 5000 метр өргөгдсөн нутаг юм.

Зун нь нэмэх 36 хэм хүртэл халж, өвөлдөө хасах 50 хэм хүртэл бууж хүйтэрнэ. 11-р сараас дараа жилийн 5-р cap хүртэл уул даваа нь цасаар хаагдаж бусад нутгаас тусгаарлагдана. Манай эриний өмнөх үеэс феодалын том, жижиг хаант улс байж байгаад 1947 онд Энэтхэг тусгаар тогтноход түүнтэй нийлж Жамму-Кашмир муж улсын бүрэлдэхүүнд оржээ.

Хүн ам нь голчлон Дардс, Мон гэдэг хоёр овог угсаанаас бүрэлдэнэ. Дардс омгийнхныг баруун Азиас ирсэн Индо-аръяа гарлын хүмүүс гэж үзнэ. Тэдний олонхи нь Лалын шашинтан болой. Дардс гэдэг нэр нь сүүлдээ Дрок болон хувирсан бөгөөд тэд үлгэр туульсыг ихээр хайлдаг уламжлалтай. Тэдний хамгийн алдартай дууль нь Гэсэрийн тууж юм.

Тэрхүү туужид Дээд тэнгэр энэ ертөнцийн хүн амьтанд тус хүргүүлэхээр Гэсэрийг илгээжээ. Тэрээр анх ядуу хүний дүрээр ирж тэр нутгийн хааны гүнж Бреугмод дурласан ч бүсгүйн эцэг эх охиноо түүнд өгөхөөс татгалзжээ. Гэсэр олон гайхамшигт эр зоригийн үйлийг бүтээхэд Брөугмог түүнтэй суулгажээ. Гэсэр Хятадын хааныг эмчлээд буцахад гүнж нь түүнийг даган оргоход Хаан хойноос нь луугаар хөөлгөж Гэсэр тэрхүү луутай тулалдаж ялалт байгуулан нутагтаа ирээд хоёр хатантайгаа амар сайхан жаргасан тухай өгүүлдэг ажээ.


Мончууд нь Өвөр Хималайн Кулу болон Монхали одоогийн Манали нутгаас МЭӨ 2 дугаар зуунд Зангскар болон дээд Ладакийн нутагт ирж суусан Аръяачуудтай төсөө бүхий овог аймаг байжээ. Мончуудын амьдарч байсан нутгийг За-зун гэж нэрлэж байсан бөгөөд түүнийг мончуудын уугуул нутаг гэж үздэг юм байна. Тэдгээр Мон могспон гэдгээр захируулсан олон жижиг улс аймгуудад хуваагдаж байжээ.

Могспон гэдэг нэр Маспон болж түүнээс Мон гэдэг удмын нэр гарсан гэж үздэг юм байна. Тэрхүү мончууд хавчиг толгой, гонзгой нүүртэй, монхордуу хянган хамартай, хавтгай хацартай, бүлтгэр том нүдтэй, тариан шаргал царайтай, зөөлөн хар үстэй, сахал ихтэй, биерхүү дунд зэргийн нуруутай улс байв гэж Энэтхэгийн сурвалж бичигт дурдсан байна.

Энэтхэгийн Ашок хааны илгээсэн (МЭӨ 272-231) Буддын шашныг дэлгэрүүлэх Элчийг Ладакийн Мончууд талархалтайгаар угтан авч тэрхүү шашныг тэнд хөгжөөсний дээр 2- р зууны үеийн Мон-булш, Мон- суварга, Мон-цайзны туурь болон Майдар, Манзушри бурхадын тэр үед хийсэн хөрөг дурсгалуудын үлдэгдэл Ладак нутгаас ихээхэн олддог нь Мончууд Бурханы шашныг шүтэн тэнд амьдарч байсныг харуулмуй.


Зүүн өмнөд Хималайн бүс нутаг одоогийн Энэтхэг улсын Ассамын нутагт манай эриний өмнөх үед Монгол аймгууд оршиж байжээ гэж “Энэтхэгийн шинэ түүх” номонд дурдсанаас үзвэл тэнд бас Мон угсаатан байсан байж болох юм. Ер нь Памирын уулсаас Хималайн нурууны дагуу орших Ладак, Төвд, Балба, Сикким, Бхутан, Бирм зэрэг үндэстнийг Монголжуу угсаатан гэж нэрлэдэг нь чухамдаа Мон угсааны улсууд байж болох юм.

Төвдөөс хойш ой шугуй ихтэй өндөр уулын нутагт анхны оршин суугчид нь Мон байжээ гэж Төвдийн сурвалж бичигт гардаг бол Хятадын түүхчид Төвдөөс хойших нутагт амьдардаг зэрлэг аймгууд нь Мон юм гэж тэмдэглэжээ. Монгол нутагт амьдарч байсан овог аймгууд ч Мон угсаатан байсан нь Чингисийн үеийн түүхийн баримт бичигт тусгалаа олжээ.

Толуй хааны гэргий Сорхогтаны “Их засгийн алтан дээд гэриэ” зэрэг олон сударт Мон гэрээс бие, Мон амин хэм, Мон онол гэх зэрэг олон нэр томъёо байдгийн дээр Мон голлож амьдрахыг төр хэмээмүй, Мон онолоор Монголоор амьдрах эрх гэх зэргээр өгүүлдэг нь Мон угсаатан эртнээс нааш Монгол нутагт байсныг гэрчилж байнам. Энэ бүхнээс аваад үзэхэд Мон гэдэг удам угсаа төв Азид түгэн амьдарч байсан нь тодорхой болж байнам.

Тиймээс ч Хэнтэйн гурван голын сав нутагт амьдарч байсан овог аймаг өөрийгөө “Хамаг Монгол Улс” гэж нэрлэсэн нь бид хамаг Мон угсаатны Дээд эзэн буюу гол цөм нь гэсэн утгыг илэрхийлсэн байж болох юм. Үүнтэй холбогдуулан дурдахад Ладак нутагт Буддизмын өмнөх үеэс одоо хүртэл оршин тогтнож ирсэн Бурханы шажинт “Шаргола” гэдэг нэгэн тосгон байна.

Манайд Шарайголын гурван хаан гэдэг жүжиг байдаг нь тэрхүү Шарголын нэр ч байж болох юм. Ладакийн Буддийн судлалын Төв хүрээлэнгийн эрдэмтэн Прем сингЖина “Ладакийн хүн ам, газар зүй” гэдэг номондоо тэрхүү Шаргола гэдэг үгийг “Lord of the first rising” (нэн тэргүүнээ мандах Дээд эзэн) гэж тайлбарлаж, “Гола” гэдэг үгийг Англи хэлний “Lord" гэдэг үгээр орчуулжээ. Lord гэдэг нь Бурхан, Дээд эзэн, Захирагч, язгууртан, гол юм, гол цөм, амин чанар, үүрийн цолмон гэсэн олон утгатай ажээ.


Сорхогтан хатан “Алтан дээд гэриэ” номондоо Чингис хаан Монгол улс бий болсон болон Мон амин чанарын тухай өгүүлснийг дурджээ. Өгүүлбээс: Чингис хаан Сартуул улстай хийсэн долоон жилийн дайнаас буцах замдаа 1225 онд Алтай уулсын орчим Бух тарам гэдэг газар бууж өвөлжихдөө хүү Толуй болон түүний гэргий Сорхогтаны хамт Тоул Алтайн Эзэн Тоул чу мэргэнийд зочлон тав хоног саатах зуур Тоул чу мэргэн тэдэнд анхны амь үүссэн газрын нэр, гал бүл бий болсон, хижи гөрөөсний үлгэр, Мон ухамсрын түүх, Моныг голлон амьдрахын түүх зэргийг тайлан ярьсан нь Мон угсаатан Алтай нутагт байснаар барахгүй Монын учир холбогдлыг сайтар мэдэж байжээ гэж үзэж болохоор байна. Чингис хаан түүний гайхамшигт ухааны зөнг магтан биширч түүнд ‘‘Тоул ухайтай мэргэн” цол хүртээж улмаар түүнтэй ярихдаа,

...Алтайн уулсын ар өвөр хоёрт их засаг байгуулж
Далайгаас далай хүртэл түвшин сайхныг тогтоож
Далан гурван сууг мэдвэл зохихуйг амжилт болгож
Моныг голлогч улсуудыг Монгол улс болгосон
Мянга есөн зуун дөчин гурван мэрэгшлийг
Мон амин чанар болгож Монгол ухамсрыг нээсэн
Монгол зөнд нэн гүн гэгээрсэн хаан байна, Би гэсэн нь Монгол нутагт Мон угсаатан байсан төдийгүй түүгээр улс болон монгол ухамсар бий болгосныг ярьж байжээ.
Ингэхлээр Мон, гол гэдэг хоёр үгнээс Монгол гэдэг үг гарчээ гэж энд цохон тэмдэглэж байгаа миний санааг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай болов уу гэж бодном. Ташрамд дурдахад, манай эртний нийслэл Хархорин хотын нэр Ладакийн нутагт байгаа 8,000 орчим метр өргөгдсөн Каракорум нурууны 5,800 метр өндөр Каракорумын давааны нэрээр нэрлэгдсэн юм биш байгаа гэж би мунхагланам.

Учир юун хэмээвээс, тэрхүү даваагаар эртнээс нааш Төв Ази болон Энэтхэгийн аянчид нааш цааш зорчиж байсан бөгөөд түүний нэр нь “Кхара” (ордон буюу гэр орон гэсэн утгатай) “Карун” (эвээл, өршөөл) гэсэн Санскрит хоёр үгнээс бүрдсэн байж болох юм. Тийм сайхан нэртэй, дэлхийн хамгийн өндөр давааны нэрээр хотоо нэрлэсэн байж болох талтай нь сонирхол татаж байнам.


Эцэст нь, Бид Хүннү гүрний 2220 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан Хүннү болон түүний дараах монгол удмынхан Энэтхэгийн түүхтэй хэрхэн холбогдож байсныг судалж үзлээ. Энэтхэгийн түүхч Ишвари Прасадын бичсэн “Энэтхэгийн шинэ түүх” номонд энэ тухайд сонирхолтой олон мэдээг дурджээ. Тухайлбал:
Манай эриний өмнөх 3-р зууны үед Аръяачууд хойт Энэтхэгт дайран орж сууршиж байсан үеийн 2 дугаар зуунд Хүннүчүүд Энэтхэг рүү үе үе дайран орж дээрэм тонуул хийгээд буцдаг байжээ.


Манай эриний дөрөвдүгээр зууны үед Энэтхэгт томоохон улс гүрэн бий болж олон түмний тусын тулд нилээд зүйлийг хийж байсан үед Хүннүчүүдийн удаа дараагийн дайралт ихээхэн бэрхшээл учруулж байжээ. Гупта удмын Скандрагуптагийн үед (455-467) Хүннүчүүд Энэтхэгт олон удаа дайран орж Хаан тэдний довтолгоог зогсох, гэж улсын сан хөмрөгөө хоосруулахад хүрч байжээ.


530 оны үед Энэтхэгийн Яшодхарма хаан Хүннүгийн эсрэг холбоо зохион байгуулж Синдхү мөрний эрэг дээр Хүннүг ялан хөөж байжээ. Одоо Дели хотоос холгүй Хүнү нэртэй нэгэн тосгон байгаа нь сонин байна. Хүннүгээс хойш монгол угсаатан Энэтхэгийн түүхтэй мөн ахин дахин холбогдож байжээ. Өгүүлбээс:
Чингисийн удмын цус бүхий доголон Төмөр хаан 1398 онд Энэтхэг рүү дайран орж Дели хүртэл давшихад Энэтхэгийн Тугалак хаан 40,000 явган цэрэг, 10,000 морин цэрэг, 120 зайн бүхий хүчээр эсэргүүцэн тулалдсан авч ялагдаж километр хиртэй газар доогуурх нүхээр нуугдан явж ойгоор гарч Гужрат уруу зугтаж байсан түүхтэй.

Төмөрийн тэрхүү дайралтын үеэр хойт Энэтхэг түүхэндээ хэзээ ч үзээгүй хүн болон эд материалын аймшигт их хохирол амссан ажээ. Тиймээс ч одоо хүртэл Энэтхэгчүүд хүүхдээ айлгахдаа “Ий төмөр" гэдэг нь манай “Ий мангас" гэдэгтэй адил буюу. Та Делид очвол Төмөрт сүйтгэгдсэн Тугалакийн хотын туурийг үзэж болно.

Төмөрийн тавдахь үе, эхийн талаас нь үзвэл Чингисийн алтан урагтай холбоо бүхий Бабур хаан 1525 онд 12,000 цэрэгтэйгээр Энэтхэг рүү дайран орж хойт Энэтхэгийн хаан Ибрахим Лодийн давуу хүчийг ялан хаан ширээг нь булаан авснаас хойш түүний үр садын үед Моголын их Эзэнт гүрэн Энэтхэгт 19-р зуун хүртэл ноёрхож байгаад Английн колоничлолд орсон түүхтэй.

Иймэрхүү мэдээг энд цухас дурдаж байгаа минь Монгол, Энэтхэгийн    харилцааны судалгаанд хэрэг болох бол уу гэж найднам.
Судлаач З.Бат-Отгон “Монгол хатан ухаан” гэдэг номондоо Сорхогтан хатан 1248 онд бичсэн “Мон гэриэ” номондоо тэрээр Толуй хааны зарлигаар 1228 онд “Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр судар" (Тэр нь Монголын нууц товчоо байсан гэнэ)-аа бичсэн тухай мэдээг иш татсан нь сонин байна. Үүнийг цааш нь судпан тодруулж болох юм.

Үүнийг бичихэд Энэтхэгийн түүх соёлын холбогдол бүхий доорх ном зохитлыг ашигласан болно. Үүнд:
“New history of India” (in Hindi) by Ishwari Prasad, printed Indian Press, Allahabad
“Ladakh, Land and people” by Prem Singh Jina, Central institute of Buddhist Studies

Проф. Ж.Гэндэндарам (СГЗ, дуун хөрвүүлэгч , зохиолч)

Sunday, September 30, 2012

Б.Ринчен гуайн бас нэгэн “нууц”



БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Иваненко зохиолч, профессор Б.Ринчентэй ярилцсан тухай тэмдэглэл
1958 оны зургаадугаар сарын 11. Нууц.

Ринченг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Прот
околын шинжтэй яриа болсны даргаа Б.Ринчен БНМАУ-ын дээд дунд сургуулиудад орос, монгол хэл зааж байгаа асуудлыг хөндөв. Эдүгээ орос хэлийг судлахад зөвхөн социалист төдийгүй капиталист орнуудад ихээхэн ач холбогдол өгч байгааг Б.Ринчен тэмдэглэв. Гэтэл БНМАУ-д энэхүү онцгой асуудалд төрийн байгууллагууд болон эрдэмтэд, мөн түүнчлэн энэ салбарт ажиллаж буй Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн зүгээс ч хангалттай анхаарал тавихгүй байна. Иймэрхүү хандлагын уршгаар БНМАУ-д олон жилийн туршид монголын дунд сургуулиудад зориулсан орос хэлний сурах бичиг байхгүй байжээ.

Дунд сургууль төгсч буй охид, хөвгүүд орос хэл муу мэдэж байгаагийн учир нь заримдаа дээд, дунд сургуулиудад тохиолдлын чадвар муутай хүмүүс орос хэл зааж байгаад оршино. Энэ чухал асуудлыг зогсонги байдлаас гаргахын тулд Б.Ринченгийн үзэж байгаагаар, БНМАУ-ын дээд, дунд сургуулиудад орос хэл заах аргыг үндсээр нь шинэчлэн өөрчлөх шаардлагатай ажээ. Их сургуулийн орос хэлний тэнхимийг чадвартай монгол боловсон хүчнээр бэхжүүлэх, энэ зорилгоор 3-4 авъяаслаг горилогчийг сонгон орос хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхээр 2-3 жилийн хугацаагаар Москва явуулах.

Монголын дунд сургуулиудад зориулсан орос хэлний тусгай сурах бичиг хэвлэх. Ийм сурах бичгүүдийг зохиоход зөвлөлт, монголын эрдэмтэд ч оролцож болох ажээ. Мөн түүнчлэн Б.Ринчен монгол цагаан толгойг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байна.

Энэхүү үйлст, Ринченгийн үзэж байгаагаар казак, узбек, киргиз болон бусад түрэг хэлнүүдийг шинэ цагаан толгойд шилжүүлэх салбарт чадвартайгаа харуулсан зөвлөлтийн нэрт түрэг судлаач Юдахин, Кононов, Бураков нар ихээхэн туслалцаа үзүүлж чадах ажээ. Ринчен, дээр дурдсан зөвлөлтийн мэргэжилтнүүд, мөн түүнчлэн Москвад байгаа нэрт монголч эрдэмтэн Лигетти (БНМАУ-ын ПГУА-ийн дэд ерөнхийлөгч) нартай хамтран ажиллаж, монголын ард түмэнд буянтай энэ ажилд идэвхитэй оролцохын тулд түүнийг Лувсандэндэвтэй хамт Москва 2-3 cap томилон ажилуулахыг БНМАУ-ын Шинжлэх ухаан, Дээд боловсролын хороонд санал болгосон байна.

Монгол хэлний шинэ цагаан толгойн тухайн Ринчен ярихдаа тэр нь гадаад үсгээр дүүрсэн, механик орчуулга маягтайгаас гадна хуучин монгол бичгийн зөв бичих дүрэм нь шинэ цагаан толгойн бичлэгээс хялбар, нилээд шинжлэх ухаанлаг болохыг онцлон тэмдэглэж байлаа. Монгол хэлэнд шинэ цагаан толгойг оруулах үед хэт яарсан гэж Ринчен үзэж байна. Тухайн үедээ Засгийн газар, цагаан толгой зохиох ажлыг дунд сургуулийн боловсрол ч байхгүй, монгол хэлний мэдлэгээр харанхуй хүн болох Дамдинсүрэнд даалгаж алдаа хийсэн гэж тэрээр үздэг аж.

Цааш нь Ринчен, орос хэлний тэнхимийн эрхлэгчээр Монгол улсын их сургуульд шилжин ажиллахыг тэнд ажиллаж байгаа зөвлөлтийн мэргэжилтнүүд түүнд санал болгосон боловч тэрээр энэ албан тушаалаас түр түдгэлзсэн тухайгаа мэдэгдэв. Хэдийгээр орос хэл түүний хоёр дахь төрөлх хэл боловч эхлээд БНМАУ-ын сургуулиудад монгол хэл судлах ажлыг сайжруулан зүгшрүүлэх, дараа нь дээд сургуулиудад орос хэл заах ажил хийх нь өөрийн үүрэг гэж үзэж байгаагаа тэрээр онцлон тэмдэглэв.

Ринчен, монголын шинэ цагаан толгойг төгөлдөржүүлэх асуудлаар зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран зөвлөгөөн хийх боломжийн талаар миний саналыг сонирхов. Монгол хэл мэдэхгүй болохоор хөндсөн асуудлаар саналаа хэлэх бололцоогүй байгаагаа хариу мэдэгдэв. Түүнээс гадна энэ асуудал БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрийн бүрэн эрхэд орж байна. Зөвлөлтийн түрэг судлаачид болон бусад эрдэмтэн мэргэжилтнүүдтэй уулзалт зохиохын тухайд гэвэл энэ талаар ЗСБНХУ-ын шинжлэх Ухааны Академи, БНМАУ-ын Шинжлэх ухаан, Дээд боловсролын хорооны шугамаар тохиролцож болох юм.

Ринчен зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй уулзах хүсэлтэй байгааг нь Элчин сайдад мэдэгдэхийг хүслээ. Түүний хүсэлтийг биелүүлэхээ амлахын хамт энэхүү асуудлыг Засгийн газар буюу БНМАУ-ын Шинжлэх ухаан, Дээд боловсролын хороонд тавих нь илүү тустай болох биз гэдгийг тэмдэглэсэн билээ. Монгол хэлийг судлах асуудпыг Ринчен дахин хөндөж ярихдаа эдүгээ монгол судлалд тус оронд ч хилийн чанадад ч маш бага анхаарч байгааг харамсан тэмдэглэлээ.

Зөвлөлт Холбоот улсад Козин, Владимирцов нарын томоохон эрдэмтэд монгол судлаачид байсан боловч тэднийг нас барсны дараа ЗСБНХУ-д Монголын түүх, монгол хэл мэдлэг нэрт монгол судлаач нэг ч үлдээгүй гэж ярилаа. Тэрээр Профессор Санжаевыг бичиг үсэг муутай хүнд тооцож байлаа. Б.Ринчен монгол судлаач эрдэмтдийг бэлтгэхгүй байна гэж ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийг зэмлэх аястай үг хэлж байв.

Б.Ринченгийн мэдээгээр, Хятадад 1 сая гаруй монгол амьдардаг боловч монгол судлаачдыг бэлтгэхэд мөн л бага анхаарал тавьдаг ажээ. Тэрээр 1957 онд Өвөр Монголд очиж Хятадад амьдарч буй монголчуудын хэл, ахуй байдал, соёлыг судалжээ.

Өвөр монголд хуучин монгол бичгээ хадгалан үлдээж төгөлдөржүүлсээр байна гэж Ринчен хэлэв. БНМАУ-ын Засгийн газар, эдийн засаг, соёлын салбарт урагш томоохон алхам хийсэн ажээ. Эдүгээ Өвөр монголд нийтээрээ бичиг үсэгтэй бүс нутаг хэдийн бий болоод байгаа гэнэ.

Тэрээр энэхүү киноны зохиолыг эдүгээ түүний номыг редакторлож буй зөвлөлтийн зохиолч Костицинтай хамтран бичиж чадах боловч үүний тулд Б.Ринчен Москвад очих, Эсвэл Костицин Улаанбаатарт ирэх шаардлагатай гэж Б.Ринчен хэллээ.

Б.Ринчен монголын зохиолчдын ажлын төлөвлөгөөний асуудлаар ярихдаа зохиолчдод төлөвлөгөө байхгүй. Монголын Зохиолчдын эвлэл энэ талаар маш муу ажиллаж байна гэлээ. Гэвч МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүд оролцсон зөвлөгөөний дараа зохиолчид ажлаа шинэчлэн өөрчилж эхэлсэн боловч тэд өмнө нь тавьсан зорилтуудыг биелүүлж чадахгүй гэж тэрээр бодож байгаа ажээ.

Монголын сэхээтнүүдийн үйл ажиллагааны асуудлаар Б.Ринчен ярихдаа Монголын ард түмэн авъяаслаг, ЗСБНХУ-д янз бүрийн сургууль төгссөн мэргэжилтнүүд өөрийн мэдлэгээ шинэ Монголын бүтээн байгуулалтанд ашиглахаар чармайж БНМАУ-ын Засгийн газрын хоёр дахь тулгуур болж байна гэж онцлон тэмдэглэв.

БНМАУ-д сургууль төгссөн мэргэжилтнүүдийн тухайд гэвэл тэд шударга хөдөлмөрлөж байгаа боловч чадвар муутай, ЗХУ-д боловсрол олсон мэргэлжилтнүүдийн хэмжээгээр Засгийн газарт туслаж чадахгүй юм гэлээ. Дээд, дунд сургуулиудыг ЗСБНХУ-ын сургуулиудын түвшинд хүргэхийн тулд БНМАУ-д бас л их ажиллах хэрэгтэй байна гэж Б.Ринчен онцлон тэмдэглэв.

Монголын боловсон хүчин ялангуяа хүн эмнэлэг, урлаг, гэгээрэл, соёлын салбарт болон намын боловсон хүчин маш эрчимтэй өсөж байгааг Б.Ринченд хэллээ.
Б.Ринчен олон тооны монголчуудыг, түүний дотор өөрийн хоёр хүргэн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Хөдөө аж ахуйн яамны сайд Н.Жагварал болон Эрүүлийг хамгаалах яамны сайд Туваан нарыг түүний үзэж байгаагаар чадвартай, авъяаслаг ажилтнууд боловч хариуцлагатай албан тушаалд дэвшмэгц эх оронч үүргээ түргэн умартан, залхуу,энэ тухай бага дурсах буюу огт дурсахгүй өнгөрч байгааг эмзэглэн хүлээж авдаг тухай ЗСБНХУ-ын Гадаад явдлын яаманд бид хэдийнэ мэдэгдсэн билээ.

Үүн дээр нэмж энэ асуудалд монголчууд тааламжгүй байдгийн шинэ баримтыг жишээ татаж болох байна. 6 дугаар сарын 12-нд зөвлөлтийн зурагт хуудас, дардас, ил захидлын үзэсгэлэнгийн урьдчилсан үзлэг дээр МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Ц.Намсрай, Соёлын яамны сайд С.Сосорбарам, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дарга Дүйнхэржав, Зураачдын холбооны дарга Н.Чүлтэм нар Москвад болсон Залуучуудын VI чуулганд оролцогч орнуудын төрийн далбааг үзүүлсэн зурагт хуудас дээр БНМАУ-ын төрийн далбаа байхгүй байгаад дургүйцлээ илэрхийлж байлаа.

Зурагт хуудас дээр социалист бүх орнууд, мөн түүнчлэн капиталист ихэнх орнууд, түүний дотор Швейцар зэрэг бага орнуудын далбаа байсан учраас Ц.Намсрай сэхээтнүүд, ялангуяа оюутнууд үүнийг буруугаар хүлээн авна гэдгийг үндэс болгон энэ зурагт хуудсыг хуулан авахыг санал болгоход Н.Чүлтэм БНМАУ-ын төрийн далбааг нэмж зурья гэсэн боловч түүний зурагт хуудсаар солихоор санал нэгдсэн болно.

«Международная жизнь» сэтгүүлд 1958 No6 «Ах дүү орнуудад» буланд бүх орнуудыг дурдсан боловч БНМАУ байхгүй байсныг монгол нөхөд дурамжхан хүлээн авч байлаа. Ярианы явцад 1958 оны соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд заасан хамтарсан кино бүтээх асуудлыг хөндөв.

Дээр дурьдсаныг харгалзан ЗСБНХУ-ын Соёлын яам, соёлоор харилцах улсын хороо Зөвлөлт Монголын найрамдлын нийгэмлэг, социалистлагерийн орнуудын ололт, амжилтын тухай сурталчилдаг бусад байгууллагууд цаашдын ажилдаа үүнийг харгалзан үзэж байгаасай хэмээн хэлэхийг хүссэн болно. БНМАУ-д суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх В.Иваненко гэжээ.

Үндэсний төв архивын ахлах зааварлагч арга зүйч М.Байгалмаа

Saturday, September 22, 2012

Эх орны даалгавраар Дилов хутагт В.Жамсранжав хилийн чанадад.

Шинэ үеийн тагнуулын байгууллагын эх үүсвэр 1922 онд Дотоодыг Хамгаалах Газар нэртэйгээр байгуулагдсан үеэсээ эхлэн улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж ирсэн юм.

1920-иод оны сүүл үеэс Япончууд БНМАУ-ын дорнод, зүүн өмнөд хилээр довтлох бэлтгэл хийж байхад, Гоминьданы хятад манай баруун хилд цэргийн хүч хуралдуулан, түвдийн 6 дугаар Банчин Богд Гэлэгнамжилын нэр нөлөөг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж байжээ. Иймд Банчин Богдын санаа зорилго, Хятад, Японы манай улсын талаарх байр суурь, Банчин Богдын хань харилцаа, үйл ажиллагааг судлан тодруулах үүрэг Дотоодыг Хамгаалах Газар болон Цэргийн тагнуулын байгууллагын өмнө тулгарчээ. Энэхүү зорилтыг шийдвэрлэхийн тулд олноо Дилав хутагт хэмээн алдаршсан В.Жамсранжавыг /1882-1965/ хилийн чанадад нууцаар гаргаж, түвдийн 6 дугаар Банчин хэмээх Гэлэгнамжилын дэргэд суурьшуулан, түүний санаа, зорилго болон Япон, Хятадын зүгээс манай улсын эсрэг явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг тагнан мэдэх тагнуулын арга хэмжээ зохиосон байна.

Дотоодыг Хамгаалах Газраас Жамсранжавыг таван настайгаасаа Дилавын хувилгаан дүрээр тодорч, хийдэд дөч гаруй жил шавилан сууж, буддын шашны боловсрол, хүмүүжил олсон, төрийн хэргэм ямбанаас хуваалцаж явсан тамгагүй хутагт, бурхан шашны томоохон зүтгэлтэн, нэр нөлөө бүхий хутагт лам учир Банчин Богдод итгэгдэх үндэслэлтэй хэмээн үзсэн ба мөн дээд ангийн ламын хувьд мал хөрөнгөө хураалгаж, Эрэгдэндагвын “38”-ын хэрэгт холбогдон баривчлагдаж, 2 жил тэнсэн харгалзах ялтай суллагдсан, 1928 онд Дотоодыг Хамгаалах Газраас Банчин Богдод мөргөхөөр явах зөвшөөрөл хүссэн боловч хойшлогдсон зэрэг асуудалтай нь холбогдуулан түүнийг “Монголоос оргон ирэв” гэсэн халхавчаар Банчин Богд руу явуулах төлөвлөгөө зохион хэрэгжүүлэхээр болжээ.

Дилав хутагт даалгавар ёсоор 1931 оны 2 дугаар сарын 26-ны шөнө сойвон Санжийн Гэндэн, лам Намжил, Гүнчин, Даваа, Шижир нарын хамт гарч явсаар Дорноговь аймгийн Өлгийн хийд дээр очиж, тэндээс өөрийн шавь Содномдаржааг газарчнаар дагуулан нутгийн хилийг Модон-Овоо гэдэг газраар нэвтрэн гарчээ. Түүнийг ийнхүү явахад Дотоодыг Хамгаалах Газраас 1931 оны 2 дугаар сарын 25-нд “Үүнийг үзүүлэгч Шижир болвоос таван хүнийг хязгаар нэвтрүүлэхээр яваа нь үнэнтэй тул энэхүү хуудас шийтгэн олгов. Тохиолдох ангийн тэргүүлэгч үүнийг үзээд биеэр явж, хязгаар нэвтрүүлэн гаргаваас зохино” хэмээснээс үзэхэд тусгай даалгавартай гарсны нэгэн нотолгоо юм.

1931 оны 3 дугаар сарын 16-нд Дотоодыг Хамгаалах Газарт ирсэн нэгэн зурвас бичигт: “Зохих газраа, өчүүхэн бид Улаанбаатар хотоос мордсоноос замын зуур найрамдалтайгаар мэнд сайн явж, Шанхай уулын /Өмнөговь/ хошууны зүүн өмнө хязгаар Модон-Овооны зүүн талаар нэвтэрсэн ба гаргаж өгсөн нөхөр буцсан зэргийг аяндаа бүрнээ толилох тул одоо уг явдлаа яахан дүүрнээр бүтээхийг туйлаас эрмэлзэн зүтгэхийг гаргав” хэмээсэн байна.

Дилав хутагтыг хил давуулсаны дараагаар Монгол, Өвөр Монголын нутагт болон Монголоос дүрвэн гарсан иргэдийн дунд түүнийг “Эрэгдэндагвын 38-ын хэрэгт шийтгэгдээд эх орноосоо оргон гарлаа” хэмээн зарласан нь эхэн үедээ хүмүүст үнэмшлийг төрүүлсэн халхавч болсон хэдий боловч хожим цаг үеийн ээдрээт нөхцөл байдлын улмаас энэ халхавч нь жинхэнэ “оргодол” болгон хувиргажээ.

Хил гарсаны дараа Дилав хутагт Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны ноёнтой учран оргож яваа байдлаа мэдүүлэн хэлж, зөвшөөрлийн бичиг аваад Дархан бээлийн хошуунд очмогц лхарамба Шаравтай танилцан, улмаар Батхаалгын сүм дээр суурьшжээ. Батхаалганд байхдаа Сөнөд ван болон Япончуудтай ойр дотно харилцан хурал номын ажил эрхлэн амьдарч эхэлсэн байна.

1932 оны 6 дугаар сарын 28-нд Бээжин хотноо сойвон Гэндэнтэй очиж, Банчин Богдтой уулзан мөргөж, түүний хамт Нанжин хотноо болох хуралд очиж, Халхын тухай асуудал хэлэлцэх төлөөлөгчөөр сонгогдон, тэдний итгэлийг олж, үүргээ биелүүлэх ажилд орж эхэлсэн байна.

1934 онд Япончууд Шилийн голд орж ирэхэд Дилав хутагт Өвөр Монголын тэргүүн ноён Дэмчигдонров ванг түшиглэн Монголын Засгийн явдлын зөвлөлд орж, улс төрийн үйл ажиллагаанд оролцон Японы цэргийн эрхтнүүдтэй уулзаж, дотно харилцаж, Хятад, Өвөр Монголын аль нутагт дураар зорчих тамга бүхий эрхийн бичигтэй болжээ. Улмаар Нанжингийн засгийн газрын хууль байгуулах хорооны тэргүүлэгч, Банчин Богдын яамны Монгол хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллажээ.

1939 онд тэрээр Чунцин хотноо суурьшсан бөгөөд мөн онд Япончууд Баруун Сөнөдийн нутаг Бүтэмжийн говьд нутаглаж байсан 1932 онд дүрвэн гарсан Ганжуурваа хувилгааны зуун өрх айл, Дархан бээлийн хошуугаар нутаглаж байсан Очирдарь хувилгааны ная гаруй өрх айл, Дунд гүний хошууны Хүрд Хар-Усаар нутаглаж байсан хорь гаруй айлыг цуглуулан 1941 онд “Дилавын хошуу” гэгчийг байгуулж, даргаар нь Намсрайг томилсон байна. Япон, Хятадын зүгээс Дилав хутагтын нэр нөлөөг ашиглан халхын оргодлуудаар хошуу байгуулсан нь тус улсын эсрэг тагнуулын бааз суурь болгон ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилготой байсан бөгөөд Дилав хутагт тухайн хошуунд удаан суурьшаагүй байна.

1938 оноос эхлэн Дилав хутагт Дотоодыг Хамгаалах Газраас үндсэндээ холбоогоо таслан хөндийрч, Хятадын гүн тийш амьдран суух болжээ. Түүний дэргэд болон түүнтэй харилцаа холбоо барьж байсан зарим мэдээлэгч, тагнуулчид түүнийг урвасан, өөрсдийг нь элдвээр сэжиглэсэн, Япон, Америкийн тусгай албанд элсэгдэн ажиллах болсон гэх мэтийн утга зөрүүтэй мэдээг Дотоодын Хамгаалах Газарт өгч байжээ. Мөн Дилав хутагтыг дагалдан явсан хүмүүс түүний хувийн амьдрал болон шашны асуудалд нь оролцож, зааж зааварлах болсон, “Гүн” нэрээр ажилласан мэдээлэгч нууцаа задруулсан, 1937-1939 онд Монголд их хэлмэгдүүлэлт болсон зэрэг нь Дотоодыг Хамгаалах Газраас хөндийрөх шалтгаан болсон бололтой.

Түүнчлэн түүнд үүрэг даалгавар өгч явуулсан хүмүүс 1937-1939 онд хэлмэгдэж үгүй болсон, түүний тагнуулын ажлаар явсан үнэн шалтгааныг мэдэх хүнгүй болж, анхны “оргодол” хэмээх нэр нь туйлын үнэн болж хувирсан зэрэг ээдрээт нөхцөл шалтгааны улмаас эх орондоо эргэж ирэх боломжгүй болсон байна.

Дилав хутагтыг түшиглүүлэн суурьшуулах, түүнтэй холбоо бариулахаар хүмүүсийг нэг биш удаа явуулж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд харин нэг удаа холбоо бариулахаар очсон хүн Японы тусгай албанд баригдсаныг суллуулан буцах боломжийг нь бүрдүүлэн өгч байжээ.

Япончууд 1942 онд Дилав хутагтыг Түвдэд явуулж, 9 дүгээр Богдыг тодруулах ажилд ашиглахаар төлөвлөсөн байна. Түүнийг Гонконгд очиход Английн тагнуулынхан мэдэж, Гоминьданыханд мэдэгдсэнээр Чунцинд мэхлэн аваачжээ. Тэнд очоод Гоминьданы Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан хуучин танил О.Латтимортой хамт сууж, Гоминьданы улс төрийн зөвлөлийн зөвлөхөөр ажиллах болжээ. Ийнхүү тэрээр Гоминьданы Засгийн газраас зөвшөөрөл авч, 9 дүгээр Богдыг тодруулах ажлаа үргэлжлүүлэхээр Түвдэд очсон боловч төдийлөн идэвх гаргалгүй Өвөр Монголд буцаж ирсэн байна. Дэмчигдонров ван 1942 оны сүүлийн хагасаас өөрийн гурав дахь хүү Очирбатыг Жибзундамба хутагтын хувилгаан болгохыг Далай ламаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Дилав хутагтад 70 мянган юань өгч, Лхаст явуулахаар шийдсэн байна. Дилав хутагт энэ мөнгийг Бээжинд суугаа Английн Элчин сайдын яамаар дамжуулж, Түвд рүү гуйвуулаад өөрөө Чуулалт хаалгаас гарч, Хөх хот, Бугат Хөхнуураар дамжин Түвдийн нийслэл Лхаст очжээ. Ингээд Түвдэд хэдэн жил ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул Чунцинд дахин буцан ирж, дахин Чан Кайшигийн дэргэд ажиллах болжээ.

1949 оны 3 дугаар сард Америкийн эрдэмтэн профессор О.Латтиморийн тусламжтайгаар Америкт очиж, Балтимор хот дахь Жон Хопкинсийн Их Сургуулийн Гадаад хэлний салбарт зөвлөх багшаар ажиллаж байгаад 1950-1952 онд цагаач халимагуудтай хамтран Нью-Жерси мужид Грийвүүд Акридэд буддын шашны анхны сүмийг байгуулагдахад ширээт ламаар залагджээ. Үүнээс хойш Дилав хутагт нь тус сүмд шашны ажил эрхлэхийн зэрэгцээ өөрийн улс төрийн дуртгал намтрын талаар тэмдэглэлүүд бичих болсон байна. Тэрээр 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотод нас баржээ.

Түүнийг 1930 онд Б.Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан баривчилж, 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэснийг 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлын 4 дүгээр тогтоолоор хэргийг цагаатгасан байна.

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үүрд хэвээр байгаасай гэсэн бодол, сэтгэл, итгэл Дилав хутагт В.Жамсранжавын сэтгэлээс уяатай байсан нь дамжиггүй юм.
2010.1.21-нд МОНЦАМЭ агентлаг мэдээлснээр бол, Туркийн Амасья хотын музейд, Анатолийн хойгийг захирч байгаад 1297 онд нас барсан Жумадарын\монгол хаан Хүлэгийн ач\ занданшуулсан шарил байна. Мөн тэнд Анатолийг 20 жил захираад 1320 онд тэнгэрт хальсан монгол ноён Ишбугийн шарил буй гэнэ /Посольство Монголии в Турции установило, что в городском музее Амасья хранятся мумии внука хаана Хулэгу Жумудар, который правил Анатолией и умер в 1297 году, а также монгольский ноён Ишбуга, который на протяжении 20 лет правил Анатолией и умер в 1320 году. Эту работу посольство проводит с целью установить наследие, связанное с историей и культурой Монголии в Турции. Посольство выяснило, что кроме мумии, в Музее ценностей исламских тюрков г.Истанбула и во Дворце-музее Топкани хранятся произведение Рашид-ад Дина "Сборник летописей", родословная запись монголов, история Монголии XIII-XIV веков. Г.Батцэцэг

Friday, August 10, 2012

Гавьяа нь үгүйсгэгдсэн түүхэн зүтгэлтэнтэй холбогдох зарим асуудал


 Монгол улс дахь дундат эртний түүхт цөөн хэдэн хотын нэг Ховд хот нь Зүүн гарын их хаан Галданбошготын үндэслэн байгуулсан 1685 оноос эдүгээг хүртэл 327 жил, харийн эзэмшлийн эхлэл үе буюу Манжийн цэргийн тарианы суурин бэхлэлт хот болсон 1717 оноос хойш 295 жил, мөн л харь манж улсын эрх баригчдын бодлого шийдвэрээр одоогийн оршин буй Буянт голын хөвөөнд суурьшсан 1762 оноос хойш 250 жил, 1912 онд хотыг манжийн эзэрхийллээс чөлөөлж Монголын баруун хязгаарт эрх чөлөөний галыг асааснаас хойш 100 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.


Ховд хотын түүхэн замналын гол гол үеийг ийнхүү тодотгохын учир гэвэл бидний дунд хотын үүсэл, мөн болж өнгөрсөн түүхэн үйл явцуудыг бодит бусаар ойлгож төөрөлдөх хандлага саяхныг хүртэл гарсны санамж болгож, цаашид нягтлан үзэхэд тустай гэж бодсоных юм.


Хотын үүслийг 1762 оноос эхлэн тооцож, 2012 онд Ховд хотын 250 жилийн ойг тэмдэглэх тухай үзэл хандлага өнөөг хүртэл газар аваад байсан бөгөөд орон нутгийн “Ховдын толь” сониноос санаачлан, түүхчид, эрдэмтэн судлаачид, сонирхогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Ховд хотын үүслийг 1685 оноос хөөх ёстойг бататгасны дараа 2012 онд Ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлсний 100 жилийн ойг тэмдэглэх учиртай гэсэн шийдэлд хүрсэн билээ.
Өнөөгийн нөхцөлд зөвхөн хотын үүслийн асуудлаар будилснаар зогсохгүй бусад түүхэн үйл явцуудын тухайд ч засаж залруулах, сэргээн гаргаж тавих асуудал цөөнгүй байна. Үүний нэг нь Ховдын хязгаарыг чөлөөлөх хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж, ялалтанд хүргэсэн түүхэн зүтгэлтэнтэй холбогдох асуудлууд юм.
Дээрхийн адилаар эл асуудалд ч бас түүхч судлаачид, өргөн олон нийтийн анхаарлыг хандуулах нь зүйтэй хэмээн энэхүү  өгүүллийг бэлтгэн толилуулж байна.
******

Манжийн эрхшээлд 150 гаруй жилийн нүүр үзсэн Ховд хотоос харийнхныг хөөн гаргасан 1912 оны чөлөөлөх үйл ажиллагаа нь тэр үед Монгол даяар өрнөөд байсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн томоохон хэсэг нь бөгөөд тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал, гадаад дотоод шалтгаанаас улбаатай элдэв хүчин зүйлсийн нөлөөн дор, сөрөг үр дагавар, адармаа нугачаагаар дүүрэн байсныг түүх гэрчилж байна.
Энэ хүрээнд хөндвөл зохих гол зүйлийн нэг нь тухайн цаг үед болж өнгөрсөн зарим чухал зүйлүүд ямар нэг хэмжээгээр бүрхэгдэж, улмаар гажуудан, хэдийгээр үүрд биш ч гэсэн тодорхой хугацааны туршид далдлагдан дарагдаж ирсэн явдал юм. Юуны өмнө энд Ховд хотыг  чөлөөлсөн түүхэн хөдөлгөөнийг амжилттай болоход нөлөөлсөн субьектив хүчин зүйл, тухайлбал үүнд ямар хүмүүс хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн вэ гэдгийг авч үзэх ёстой.


1911 онд Жавзандамба хутагтыг автономит Монголын хаан ширээнд өргөмжилөн, Өргөө хот дахь Манжын амбанд тулган шаардах бичиг өгч “...үүнээс хойш бид Манж хятадын эрх дархад захирагдахгүй болсон учир та нар бүгд нутаг буцах ёстой” гэдгийг мэдэгдэн”52, Сан до амбаныг дагалдагсадынх нь хамт хөөн явуулснаар Монголын төв хэсэг Манжийн эрхшээлээс гарсан хэдий ч алс баруун хязгаарт байдал түүнтэй адил байсангүй.
Богд хаан, болон Монголын Засгийн газраас нутгийн баруун хязгаарт байгаа Манжийн амбан түшмэлүүдийг гурван өдрийн дотор Монгол нутгийг орхин явахыг зарлигдсан ч, зайлан одох нь бүү хэл хамгаалан суухаар бэлтгэж байжээ...


Тэрээр Ховдын хязгаарын бүх эрхийг Засгийн хэргийг эрхлэх Халх жасаанд шилжүүлэн өгөхийг шаардсан2 ба Ховдын манж амбан энэ шаардлагыг үл хэрэгсэж, цэргээ зузаатгаж, хотын хэрмэн бэхлэлтийг батлан, шинээр хамгаалалт байгуулж эхэлснээр барахгүй Богдын Засгийн газрын өөдөөс эсэргүүцэн тэмцэх нь тодорхой болсон тул жасааны хэргийг шийтгэн захирч байсан С.Магсаржав тамгаа өвөртлөн Их хүрээнд очиж байдлыг мэдэгдсэн99 байна. Хүрээнээс арга хэмжээ авч эхлэх хооронд Бээжин дэх эрх баригчдаас Ховдын амбантай холбоо барин, хотыг өгөхгүй байх тушаал буулгажээ. Зэргэлдээх Шинжаанаас цэрэг ирүүлэхээр амалснаас гадна Шар сүмийн амбан захирагчаар томилогдсон хятад эхнэртэй Балт ван ... тэргүүтэй япон опицерүүд бүхий хүчийг явуулна56 гэсэн аж.
Тухайн үеийн Сибирская Жизнь сонинд А.В. Бурдуковын мэдээлснээр “....гамингууд Жалханз хутагтын элчийг баривчилснаар байдал эгзэгтэй болох нь илт болсон57” учир Өргөө хотоос Монгол цэрэг хөдөлсний зэрэгцээ баруун хязгаарын нутаг хошуудаас цэрэг дайчлах ажил эхэлжээ.  Зарим сурвалж болон ном зохиолуудад тэмдэглэгдсэнээр Өргөө хот дахь тухайн үеийн автономит засгийн газраас баруун хязгаарыг түвшитгэн тогтоох сайдаар  томилогдсон С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нар Ховд урианхайн хязгаарт цэрэг дайчлах ажлыг эхлүүлсэн ч баруун хязгаарт төдийлөн өндөр нэр нөлөөг олоогүй байснаас энэ ажил олигтой урагшлахгүй байсан гэх. Тухайлбал хошууд хэн хэдийг гаргах талаар маргалдан хэмлэлдэж байснаас гадна дайчилсан цэргүүд нь таран дутааж байв..67. Жишээлэхэд Дөрвөдийн Далай хан Галсаннамжил манж амбантай холбоотой учир Магсаржавд цэрэг гаргаж өгөхөөс эрс татгалзав72 гэснийг дараах мэдээ баримтаас тодруулан шинжиж болно. Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж байгаа баруун хязгаарт цэрэг дайчлан хуралдуулах ажлын үеэр Ж.Дамдинсүрэнгээс С.Магсаржавд бичсэн нэгэн захидалд “....сартуул бэйс Жалчин, сайд бэйс Го нарын хошууны цэрэг 80 гаруйг олсноос, бусад цэрэг ор үгүй, ямар газар бүхүйг мэдэхгүй...”, “Чадамгай түшмэд нараас мордуулж олон хошууны цэргийг шаардан хөөмүй. Хөсгөөн нэн шамдваас зохих билээ...Тийм боловч ер яаваас дав болохыг гүн  Яа та хянан тогтоож толилох ажаамуу.... Хөнгөнөөр хөдөлж үл болох тул эрхбиш та бүхнийг хүлээмүй зээ...7 (Л.Алтанзаяа),
Мөн “Тэнэг Дамдинсүрэн, Магсаржав нараас...” хэмээн эхэлсэн, Ховд улиастайг түвшитгэн тогтоох сайд Го бэйс буюу Гончигдамбад илгээсэн захидалд “..Уул аймгийн цэргүүд эрхэм хошуу Сэцэн бэйс Жалчин, Эрдэнэ бэйс Сүнсүрэн, гүн Маньбазар нарын дөрвөн хошууны цэрэг ирж, бусад нь өдий хүртэл чимээгүй. Бид манж түшмэд жич худалдааны иргэдэд ухуулах бичгийг шийтгэн  Ховдод өгсөн. Одоо эрхбиш эрхмийн бие түргэн ирэгтүн. ...Дамбийжанцан лам хэмээгч мөн энд буйг мэдэгдэн, ялдраа амар сайныг эрж, захидал мэтийг бариулав”14  гэсэн байх. Мөн Дамдинсүрэнгээс баруун хязгаарыг сэргийлэн батлах сайд, бэйс Р.Наваанцэрэнд илгээсэн захидалд “....танай хошууны зэрэг мөн аймгийн зургаан хошууны цэрэг уван цуван зэвсэггүй ирэв. Бусад нь чимээгүй...иймд бид нар ер Монголын сүрийг бадруулж, чинадасын дайсныг дайчилахуйд үнэхээр боловч, уг хэрэг чухлын тулд энэхүү ирсэн хэдэн цэргийг дагуулан мордож, Хар усны газар шинийн зургааны өдөр буудаллав....9  (Л.Алтанзая) гэжээ.
Чухам ийм үед өөрийгөө Ойрадын их тэмцэгч, үндэсний баатар Амарсанаагийн хойт дүр хэмээн хэдийнээс зарлаж, хязгаар нутагт нэг ил гарч, нэг алга болж, олныг шуугиулахын зэрэгцээ нэр алдар, нөлөө сүр нь түмний нүдэн дээр өсөн нэмэгдсээр байсан Жа лам буюу Дамбийжанцан хүмүүст нөлөөлөх хосгүй чадвараа дайчлан ихээхэн хүчин зүтгэл гаргасны ачаар баруун хязгаарт оршин суудаг 10 гаруй ястан үндэстнүүдийн төлөөлөгчдөөс бүрдсэн таван мянга орчим морьт цэрэг цугларсан байна...67. Зарим ном зохиолд 3000 цэрэг гэж бий. 
Дээр өгүүлснээр Богдын зарлигийг үл хэрэгсэхээр барахгүй Жалханз хутагтын элчийг барьж хорин, (хороож) Монголын баруун хязгаарын томоохон суурин болох Ховд хотыг өгөхгүй гэдгээ илэрхийлээд байсан Манж хятадуудыг хүчээр хөөн явуулах бэлтгэлийг хангах зорилгоор Өргөө хотоос албан ёсоор томилогдсон Жалханз хутагт болон жанжин С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нарын зүтгэлтнүүд, хязгаар нутгийн ноёд, түшмэд, ард олны зүгээс зорьсон хэргээ амжилттай болгоход чухал тусыг үзүүлнэ хэмээн хамгийн их найдлага тавьж байсан хүн гэвэл мөнөөх “Амарсанаагийн хойт дүр” буюу Жа лам байсан нь тодорхой байдаг.
Энд нэг сонирхолтой мэдээг дурьдахад Дамбийжанцан 1911 оны сүүлч үед Хангилцагт байхдаа Бурдуковоос цагаан тугалгаар цутгасан тамгыг нь гуйж, тамга дээр өөрийн нэрээ сийлүүлээд, чухал захидал бичиг дээр дарж байхад хэрэгтэй юм гэж байсан, дараахан нь Бурдуковтой тааралдаад хүзүүндээ зүүсэн сахиуснаасаа нөгөөх тамгыг дарсан бичиг гарган, “энэ бол өөрийн хүн гэж батлах таних тэмдэг юм. Сүүлд Дамбийжанцангийн цэрэг ирэхэд энэ тэмдэгээр таних учиртай юм” гэж нууцлан хэлснээс үзвэл тэмцэлд эртнээс бодлоготой бэлтгэж байсныг нь гэрчилж байна.     


1912 оны 4 сарын 20-доор Улаангомд болсон дөрвөд баядын ван ноёдын онцгой чуулган дээр манж цэргийн захирагчид Ховд хотоос цэргээ сайн дураараа гаргахаас татгалзсны хариуд тэднийг хүчээр хөөн зайлуулах шийд гаргажээ. Хэдийгээр ийнхүү шийдсэн ч гэлээ үйл хэргийг өрнүүлэх, тухайлбал нутаг хошуудаас цэрэг цуглуулах ажлыг хэрхэн зохион байгуулах тухайд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байсны зэрэгцээ чуулганд оролцсон зарим ноёд жишээ нь дөрвөдийн Далай хан Галсаннамжил “Бээжинтэй миний ганц ч цэрэг байлдахгүй шүү” хэмээн дургүйцлээ илэрхийлэх зэрэг санал зөрөлдөөн үүсч, яг тэр эгзэгтэй үед Жалханз хутагт тэнд байгсдад дэргэдээ сууж байсан Жа ламыг танилцуулан ноёдын анхаарлыг татаж60 чадсан. Чуулганд оролцогсдын дотор түүнтэй танилцсан, эсвэл хажуу хавийнхнаас түүний тухай сонссон хүмүүс олон байсан тухай тэр үед Ховдын хязгаарт байсан А.В.Бурдуков, Герман гаралтай судлаач Констен нарын дурсамжид үндэслэн Оросын эрдэмтэн И,Ломакина бичжээ.
Чуулган болсны дараахан Дамбийжанцангийн ухуулгын үйл ажиллагаа идэвхжиж,Их хүрээнд Богд хаанд захидал бичиг хүргүүлсэн ба нутгийн ноёд болон тэдний элч төлөөлөгчид ламын дуулгавартай харъяат нар болон нэгдэж байсан71
“....Зургадугаар сард удтал сураггүй байсан Дамбийжанцангаас элч ирж, хувиарт цэрэг эрчүүдийг нэн даруй гаргаж, Ховд руу явуулах тухай дөрвөд, баяд урианхайн бүх ноёдод захидал бичгийг хадгийн хамт гардуулжээ”73.      
Тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулж жанжин Ж.Дамдинсүрэн, Магсаржав нараас Жа ламд өөрт нь бичсэн 2 захидлаас эш татья.   “......Дамдинсүрэнгийн бие Жаргалант өртөөний газраа зарлигийг хүлээсэн тул тамга, цэргийг шилжүүлэн захиргаж, хойш буцаж сургахыг олохоор мордов. Магсаржавын бие цэрэгтэй хамт Жаргалант өртөөний газраа хүрч, Баруун хязгаараас олсон чимээ зэргийг цөм албан бичгээс толилох тул үл давхарлавай. Магсаржав би язгуураас бүдүүн хөдхи, сурч төсөөлсөн нь үгүй. Язгуурын хүнд тушаалд холбогдсон нь үнэхээрийн айн түгшиж барахгүй, хэрхэх зүйлийг үл олмуй. Гагцхүү өршөөлт багш, сайд бламтнаа эрдэм өршөөлд шүтэн дагалдаж, морь нохой  мэт зүтгэхийг чин үнэнхүүгээс залбиран бүхий тул аль газраа бараалхаж, элдэв учрыг зөвлөн тогтоож гүйцэтгэвээс зохих ба уналга, ачлага бүрдэх хүртэл цэргүүдийг түр энд агуулваас болох эсэх, жич ван Па (Балт ван Л.А)-д Жалханз гэгээн багш лугаа бүгдээр зөвлөн тогтсон эх, Орос улсын элчин сайдтай тогтсон гэрээ бичгийн хуулга нэгийн хамтаар өргөн хүргүүлснийг толилж, тус тусад нь сурган ухуулахыг хүлээсүгэй хэмээн, үүний тул захиа бичиж, ариун цагаан хадгаар туйлын өршөөлт багш, сайд Ноён хутагт бламтанаа амгаланг эрж өргөв. Санасан бүгд бүтэх сайн өдрөөс” 20 хэмээн С.Магсаржав бичсэн бол
Ж.Дамдинсүрэнгийн бичсэн өөр нэг захидалд “........багш бламтны тамга цутган үйлдэж буй. Элчин түшмэл арван тавны үесээр гармуй за. Урьд манай цэргийн тухай учир лавлан гаргаж, таван яамнаа нэр жагсаан өргөсөн нэгэн хэрэг, бас Баруугийн сүмийн нэгэн хэрэг ба дараа удаа мэдүүлж ирсэн хэдэн зүйлийн бичгүүдийг тухай бүр молхи би вээр сайдуудад харуй тушаахыг гуйвч, дав даруй шийтгэн гаргасангүй тул маш ичингүйрэвч хэнд хэлмүй. Эрхбиш тушаал гарах болов уу хэмээн санамуй. Үүний тул хэдэн үсгийн захидал бичиж, түмэн амгаланг айлтган өргөв. Баярын шинэ таван 2” хэмээснийг 1913 оны 2 сарын 11-нд ....Гадаад яамны эрхэлсэн түшмэл гэдэг албан тушаалтай байхдаа бичсэн захидал бололтой хэмээн доктор Л.Алтанзаяа тайлбарласан байдаг.




Эдгээр нь Ховд хотыг байлдан эзэлсэний дараа Жа лам Дамбийжанцанг Баруун хязгаарыг захирах сайд байх үед бичигдсэн захидлууд бөгөөд Дамдинсүрэн, Магсаржав нарын аль аль нь түүнд шавийн ёсоор хандаж, өөрсдийн үйл хэрэгт тулгарсан адармаат зүйлс, бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдэж, гэтлэн давах чиг замыг заалгахыг хүсэн гуйсан утгатай байгаа нь тодорхой байна. Үүний зэрэгцээ Дамдинсүрэнгийн захидалд “........багш бламтны тамга цутган үйлдэж буй. Элчин түшмэл арван тавны үесээр гармуй за” гэсэн нь сонирхол татаж байна. Энэ нь Жа ламыг Баруун хязгаар нутгийн эзэн захирагч болоод байсан тэр үетэй давхцах бөгөөд магадгүй хязгаар нутгийг захирах сайдын тамгыг цутган хүргүүлэх хэргийг итгэлт шавь, хамтран зүтгэгч Дамдинсүрэн хариуцан хийж байсан байж магадгүй юм.             
Ховд хотыг чөлөөлөх үйл явцын (тулалдаан) өмнөх болон дараа үеийн нөхцөл байдалтай холбоотой эдгээр болон бусад мэдээ сурвалжаас үзэхэд Жа лам буюу Дамбийжанцан нь энэхүү чөлөөлөх хөдөлгөөнд баруун хязгаарынхныг уриалан зоригжуулах үзэл санааны “туг” нь болж байсныг илтгэж байна.  Бүүр XIX-р зууны сүүлч буюу 1890-н хэдэн оноос эхлэн Монгол нутгаар янз бүрийн дүрээр үзэгдэн, олны гайхшийг төрүүлж, эх нутгаа манж хятадын дарлал мөлжлөгөөс цэвэрлэнэ, ойрадын баатар Амарсанаагийн үйл хэргийг үргэлжлүүлэн гүйцэлдүүлэнэ хэмээн хэнээс ч айхгүй зарлаж явсан, тэрбээр Ховд хотыг чөлөөлөх байлдааны ажиллагааг зохион байгуулж, зоригжуулан удирдсан, манж хятадуудыг хотоос хөөн явуулсны дараа ялалтаа бататган хамгаалах, тэр ч байтугай Үенчийн Цагаан түнгээс (Цагаан түнх) цааш хятадууд болон хасаг киргизийн дээрэмчдийн үүрлээд байсан хязгаар нутгийг тэднээс цэвэрлэж, улмаар нэгтгэн авах бодлого баримтлаж, үүнийхээ төлөө тэмцэж байсан мэдээ сэлтүүд бий.
Тодруулбал манж хятадуудын бүгсэн Ховд хотын хэрмийг бүслэн дайралтыг эхлэх тохиромжтой мөчийг хүлээж байтал “Тал хайрхан” уулын цаанаас Ховдын зүг дөхөж яваа дайсны нэмэлт хүчний тухай мэдээ аваад Жа лам гайхалтай хурдан шалмаг, зоримог хөдлөн, хэрмийн гадна Магсаржавыг цэргүүдийн хамт хамгаалалтанд үлдээгээд өөрөө халхчуудыг удирдан дайсны нэмэлт хүчний эсрэг дайралтанд оруулжээ. Тэрээр хүмүүсийнхээ ард сэлээдий буугаа барин явж, гэдрэг эргэх гэсэн болгоныг чичлэн сануулж байсан69 гэдэг. Хэрмийг дайрахын өмнө Дамдинсүрэн, Магсаржав Дамбийжанцан нар цэрэг эрчүүдийн хүчийг хувиарлан, фронтын дагуу давхилдаж, цурам хийлгүй хоносон81 тухай Бурдуков бичиж үлдээжээ.
Баатарлаг дайчин үйлсийнх нь төлөө Олноо өргөгдсөн Богд хааны зарлигаар Жалханз хутагт Дамдинбазарт Самади багш цол, Дамбийжанцанд үе улиран залгамжлах “Эрдэнэ бишрэлт, Хүчин төгөлдөр, Догшин ноён хутагт,  Номун хаан” цол, мөн Ховдын хязгаарт хошуу нутаг олгох хамгийн эрхэм хүндтэй шагналыг урт шар торгон хадагны хамт ирүүлсэн. Магсаржавт Хатанбаатар цол, дөрөвдүгээр зэргийн ван буюу бэйсийн хэргэм, Дамдинсүрэнд Манлай баатар цол гурав дугаар зэргийн ван буюу бэйлийн хэргэм хүртээсэн ба эдгээр баатруудын манлайд Жа ламын нэр машид дуурсаж байсан79 тухай ч тэмдэглэгдэн үлдсэн аж. 
Тэр үеийн түгээмэл хэвлэлийн нэг байсан “Огонек” хэмээх Оросын зурагт сэтгүүлийн 1912 оны намрын нэгэн дугаарт “Шинэчлэгдэж буй Монгол улс болон энэ оны 10 дугаар сарын 21-ны Орос, Монголын зөвшилцөл” гэсэн гарчиг бүхий бүтэн нүүр материалын хамгийн эхний багананд “... Дамбийжанцан лам болон түүний хамтран зүтгэгчдийн чин халуун ухуулга сурталчилгаанд зоригжсон үндэсний мэдрэмжийн өрнөлт нь өшөөт хятадыг эсэргүүцсэн зэвсэгт тэмцэл болон асав. Энэ намар Монголын цэргүүд багаахан арми болон нэгдэж, Ховдын хэрмийг дайран эзэлжээ...43” хэмээгээд 9 зургаас бүтсэн гэрэл зургийн зохиомжын гол дунд нь Жа ламын 2 зургийг тавьж, “Монгол цэргийн ерөнхий командлагч” гэсэн тайлбар хийсэн байжээ. 


Хэрмийг дайран эзэлсний дараа Жалханз хутагт Жа лам нар  Хотоос зайдуу газарт, цаашид хэрхэх тухай ярилцсан бөгөөд тэр үед Бурдуков дэргэд нь байж тэдний яриаг сонсчээ. Бурдуковын тэмдэглэснээр хутагтуудын ярилцаж байсан гэрт түүнийг явж ороход “......аль аль нь нэлээд ууртай байгаа нь анзаарагдсан. Олзлогдсон хүмүүсийн тухай тэдний бодол санаа тэс өөр...80” болох нь мэдэгдсэн байна. “....Амгаланг сахихыг чухалчилдаг Жалханз гэгээн хэрмэнд хоригдож байгаа хятадуудын тухай Орос консулын тавьсан саналыг хүлээж авахыг ятгаж, харин Жа лам болохоор – хятад цэргүүд ирвэл эд нар бидэнд садаа болохоор барахгүй дайсантай нийлж, хүчийг нь нэмнэ! Алгуурлаад хүлээгээд байх хэрэггүй. Цэргээ авч Цагаан түнгийг (Цагаан түнх) дайран Шар сүм рүү явъя. Торгуудууд болон бусад ястан үндэстнүүд бидний л талд орно. Хил хязгаар ч цааш тэлж, хилд ойрхон Ховдын хязгаарт байнга тулгарч байдаг аюул үгүй болно шүү дээ хэмээн Жалханзыг  ятгаж...,81” байсан гэх. Тэгээд зогссонгүй Жа лам тэр жилийнхээ намар,өвөл нь дурьдагдсан зүгт цэрэглэн мордож, Магсаржавын хороог Гурван сэнхэрийн орчимд хамгаалалт болгон үлдээгээд, хэсэг бүлгээр ард олныг уулгалан түйвээсээр байсан дээрэмчдээс баруун хязгаарыг цэвэрлэн түвшитгэх ажлыг амжилттай гүйцэтгэснээр барахгүй баруун хил хязгаарыг бататган,тэлж өргөжүүлэх бодлоо хойшид ч орхиогүй байдаг.    
Энэ мэт хэтийн бодлогыг баримтлаж байснаас гадна тэр хүн ямар нэг заавар тушаалын дагуу бус дан ганц өөрийн зүрх  сэтгэлийн дуудлагаар бүхнийг манлайлан их хэргийг үүсгэж, улмаар гавьяа байгуулан, үүнийхээ хүчинд хаан эзнээс баруун хязгаар нутгийг захирагч сайдын зэрэг зиндааг нэгэнт зөвшөөрүүлсэн байсан билээ. Гэвч түүний өөрийнх нь түрэмгий догшин авир, үйлдэл хийгээд тухайн үед Монголд шургалан, нөлөө сүүдрээ лавхан шургуулаад байсан зарим нөхдийн далд хорон явуулга, адармаат хэрэг явдлын эрхээр 1914 онд баривчлагдан цөлөгдөж, хүчин буурсан, хожим нь 1922-1923 оны өвөл Баруун Монгол болон шинжааны хил орчимд Маажинсан уулнаас холгүй Хар элсний говьд өөрийн байгуулсан  бэхлэлт цайзандаа мөн л хууран мэхлэж, отон хороох аргыг хэрэглэн түүнийг барьж, толгойг нь авахаар очсон тухайн үеийн “Ардын засаг”-ийн зүтгэлтнүүдийн гарт хороогдон, эгэл ертөнцийг орхисноос нь хойш түүний тухай сайнаар дурссан ганц ч үг, үгүүлбэрийг Монголын хойч үе олж мэдэлгүйгээр XXI зууны босгыг алхжээ.
Тэрээр түүхэн үйл явдлыг зориудаар нуун далдалж, мушгин гуйвуулсан худал зүйлийг зохион хүмүүсийн ой ухаанд хоногшуулан итгүүлж болдогийн шалгарсан жишээг өдгөө эндээс олж харж болох юм.
Жишээ болгож манай нэгэн түүхчийн 1960-н хэдэн онд хэвлүүлсэн түүхэн зохиолд Дамбийжанцангийн тухай хэрхэн өгүүлснийг сөхөж үзье.
“...Жич: Энэ завсар тэмдэглэх нь: Монгол оронд манжийн ноёрхолыг устгах хөдөлгөөн баруун хязгаарт өрнөсөн цаг үед Дамбийжанцан хэмээх нэгэн зальт оргодол лам Ховдын газраар тэнүүчлэн явж, Богд хааны шашин төрд туслах учир түүхтэй, их Монголын Амарсанаагийн угсааны хүн1, “Амарсанаагийн хүү Төмөрсанаа түүний хүү Дамбийжанцан”2 гэж өөрийгөө өргөмжлөн нэрлэж, Хоу нэрт газар Да нэрт хүн хаан сууна гэсэн түүх ном буй3 гэх зэргээр үймүүлэн бачилж явсаар Ховд хотыг Манжаас чөлөөлсөн гавъяатай хүн хэмээн итгэгдэж, Богд хаанаас “Эрдэнэ бишрэлт Хүчин төгөлдөр, Ноён хутагт Номун хаан” хэмээх цол тамга4 шагнагдсан байна. Чухмыг хэлбэл тэрхүү зальт оргодол Дамбийжанцан нь ямарч үндэсгүй худал цуу тараан бачлан мэхэлж явсан төдийгүй, “Богд хаан суусан хойно жинхэнэ хаан суух хуучин түүх буй”5 гэхчилэнгээр ятган цуурхуулж, автономит Монголын хаан Богд Жавзандамбатай эрх мэдэл булаацалдах хорт санаа өвөрлөж явсан байна. Дамбийжанцан бол 1912 онд Ховд хотыг чөлөөлөх хэрэгт оролцоогүйгээр үл барам, Монголын ард түмний тусгаар тогтнолын заналт дайсан байсан бөгөөд Ардын хувьсгалын дараа Бодоогийн хувьсгалын эсэргүү хуйвалдаантай сүлбэлдэж явсан гадаадын тагнуул байжээ” гэсэн байдаг.   
Үүнд тухайн түүхчийг буруутгах нь утгагүй зүйл бөгөөд гагцхүү улс төрийн бодлого, намын үзэл суртлын улмаас судлаач түүхчийн судалгааны эх сурвалж болсон баримт материалуудыг ч ийнхүү гажуудуулан засварлаж үйлдсэн, мөн аливаа бүтээлийг үзэл суртлын хэмжүүрээр  цагдан хянадаг байсан нь нэгэнт тодорхой зүйл билээ. Зөвхөн түүхчдийн бүтээл төдий бус урлаг уран зохиолын бүтээлүүд, ч ялгаагүй. Жа ламыг түүхэн өгүүлэмжээс арчин хаях, эс бөгөөс түүнийг аль муугаар мушгин гутаах даалгаврыг дээд зэргээр биелүүлсэн байдаг. Жишээ нь “Ичээнд нь”, “Хатанбаатар” кинонуудыг дурьдаж болно. “  
Тийм болохоор дурьдан буй үед манай түүхч судлаачдад тухайн сэдвийн хүрээнд үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзлэл огт төрөөгүйгээр барахгүй, хөндсөн ганц нэг зүйл нь олон түмнийг түүхийн үнэнээс халхлан төөрөлдүүлэхэд ихээхэн нэрмээс болсон байна.
Гэсэн ч түүнтэй холбоотой нууцлаг сонин асуудлууд нь үгүүлэн буй үйл явдлыг өрнөж байх үед Монгол нутгаар явж судалгаа хийж байсан гадаадын хүмүүс, нэн ялангуяа манай хойд хөршийнхний анхаарлыг татсан хэвээр байжээ. Тухайлбал түүнтэй дотно нөхөрлөж, сайн харилцаатай байсан А.В.Бурдуков, нэрт судлаач эрдэмтэн Ю.Н Рерих, П.К. Козлов, академич И.М Майский, Б.Я. Владимирцов, Г.Н. Потанин, Г.Е..Грум-Гржимайло, археологич, угсаатны зүйч Д.А. Клеменц, угсаатан судлаач, профессор А.М.Позднеев, эрдэмтэн судлаач В.Казакевич, В.И.Роборовский. Иозеф Гелет, О.Латтимор, Оросын хувьсгалч Б.Шумяцкий, нэрт судлаач Фердинанд Оссендовский, Шведийн судлаач жуулчин Хеннин Хаслунд нарын бүтээлүүдэд ямар нэг хэмжээгээр тэмдэглэгдэн үлдэж, Хожим нь Оросын эрдэмтэн Инесса Ломакина Жа ламын амьдрал үйл хэргийн талаар дагнасан судалгааны ном бүтээсэн байна.


Гадны судлаачдын сонирхолд ийнхүү өртсөөр байсан нь нэгд түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хоёрт гэвэл ер бусын авьяас чадвар, олны дунд олсон нэр нөлөө, алдар гавъяатай нь холбоотой юм. Жа лам буюу Дамбийжанцан нь удирдан зохион байгуулах асар их авьяастай, хурц ухаантай, хүмүүст нөлөөлөх хосгүй чадвартай, элдэв янзын ид шид үзүүлдэг, эмч домч, ховсдогч нэгэн байсан тухай дээрх хүмүүсийн үлдээсэн мэдээ материалд тэмдэглэгджээ.Тэр ч байтугай түүнийг үнэхээр хороогдсон эсэх тухайд эргэлзсэн санаа бодолтой судлаачид ч бий юм.    


Энэ хүн чухам хэн байсан тухай, гарал угсаа, төрж өссөн газар ус, ураг удмынх нь талаар тухайн үед ч, түүнээс хойш ч нотлогдохуйц ямар нэг баттай мэдээлэл олдоогүй, үнэхээр бурхны шашны хуврага хүн байсан уу, эсвэл Ф.Оссендевскийн бичсэнчилэн өшөө авагч цэрэг эр байсан уу, магадгүй өөрийнх нь аймшиггүйгээр зарлан тунхаглаж явсанчилан Ойрадын баатар Амарсанаа жанжны хувилгаан дүр, (нэг яриандаа өөрийгөө Амарсанаагийн ач хүү Дэмбээжалцан гэж танилцуулсан) байсан уу, тэрчилэн Астарханаас гаралтай Халимаг эсвэл Орос хүн байсан уу, үгүй бол өөрийн итгэлт найз Бурдуковт нэгэнтээ ярьснаар Улиастайгаас Хаалган орох зам дээр Түшээт хан аймгийн Бадрах гүний нутаг Аших хурган чулуу хэмээх газарт төрж бага наснаасаа өмнөдТөвдийн оронд ном үзэхээр яваад олон жилийн дараа эргэж ирсэн нь үнэн байв уу гэдэг нь огт тайлагдсангүй.
Монгол орныг харийн мөлжлөгөөс чөлөөлөх тухай үзэл санаагаа ил цагаан зарлан, ард олныг тэмцэлд уриалан гарч ирсэн тэр цагаасаа эхлэн хоёр, гурван ч удаа баривчлагдан хоригдож, тэр бүрийдээ улам хүчтэй болон гарч ирж, үйл хэргээ үргэлжлүүлсээр байсан байдаг.
Ховдыг чөлөөлснийхөө дараа Ховдын хязгаарын захирагч сайд,болж, нэлээд бие даасан шазруун бодлого явуулж эхэлсэн нь тухайн үед Ховдод байсан Оросын Консул, Мөн Халхын улс төрийн зүтгэлтнүүдэд болгоомжлол төрүүлж эхэлсэн нь гарцаагүй. Захирагч ламтан Ховд голын хөвөөнөө Шар цэх болон Мүнжигт шинэ хот байгуулж эхэлсэн, баруун Монголын олон хошууны ноёд бүгд түүнд сүслэн дагаж, өргөл даллага өргөн, богино хугацаанд чамгүй ихээр баяжсан, түүнчилэн Ховд дахь Орос консулаас Кош-агач Ховдын хооронд өвс тээвэрлэх тэмээн хөсөг гарга хэмээн үүрэгдэхэд нь бид энэ нутгийн эзэн нь мөн юм бол нутаг усаа мэдэх ёстой гэсэн бодлого баримталж,тээврийн хөлсөө нэмэгдүүлэх болзол тавих мэтээр эсэргүүцсэн106, Ховдод байсан орос цэргүүдээс хэрэглээний мод түлээ бэлдсэний хураамж татвар авах журам тогтоосон зэрэг нь тэнд байсан Оросын консулыг ихэд сандаргасан байдаг. Бурдуковын бичсэнээр журамлан тогтоосон татвар хураамж нь хүн сандраад цааргалаад байхааргүй өчүүхэн бага хэмжээтэй “нэг тэмээ ачаанаас ердөө 60-80 копек”104 авахаар болзол тавьсан байсан аж.
Ховд дахь Оросын консул Люба энэ мэтийг дурьдан Петербург руу байн байн захидал бичиг илгээх болсон ба “Нэр алдар эд баялаг, хүч нөлөө бүхнийг гэнэтхэн олж аван өндөрт хүрсэн хүнийг яах тухай асуудлыг хэлэлцэхэд өндөр зиндааны өдий төдий хүмүүс оролцсон байна”106 
Улмаар Петербургаас Монгол дахь Жа лам буюу Лувсандамбийжанцангийн хорт ажиллагааг зогсоохын тулд61 баривчлан, Орост аваачихаар шийджээ. Үүнд Жа ламын өөрийнх нь хэтэрхий хатуу харгис байдал ч бас томоохон шалтаг болсон аж. Тухайлбал консул Люба “Ховдын хязгаарт амьдарч байгаа долоон овгийн Монголчуудын гомдол”105 гэдгийг Петербургт илгээж, Жа ламыг хамгийн түрүүчийн гомдол саналыг үндэслэн цаазлах юм уу жанчин гэсгээж болно гэдгийг мэдэгдэн, “Ганцхан жилийн дотор зуу гаруй нэр нөлөө бүхий Монголчууд захирагч ламтанд зодуулж жанчуулсан ба алагдаж хороогдсон хүмүүсийн ойр дотныхныг голомтоор нь хүйс тэмтэрсэн байна. Жа ламын ойрын хүнд морь өгөхдөө алгуурласан хүнийг хүртэл газар дээр нь хөнөөх явдал байна” гээд уг гомдол нь Жа ламын харгислалаас өөрсдийг нь чөлөөлж өгөх гуйлтаар төгссөн”105  байжээ. 


Түүнээс гадна Дамбийжанцангийн захиргаанд байж, нэгэн хороог удирдаж байсан Баяр тайж, хуарангийн сахилга бат алдсан, бохир заваан байсныхаа төлөө шийтгэл хүртэж, шийтгэлээ хүлээхгүй гэж эсэргүүцсэнийхээ төлөө тушаалаа өгч Өргөөд хүргэгдэх ял авсандаа хорсон, Ховдын Консулын дэргэд зугатан ирээд Дамбийжанцангийн эсрэг элдвийн муу зүйлийг сэдэн хов хутгаж, консулыг ятган дэмжиж байсан нь111 ч Любагийн уг үйл ажиллагаанд хүчтэй түлхэц болжээ.
Магадгүй тэр хүмүүсийг өөртэйгээ адилхан хатуу чанд зарчимд сургах гэснээсээ болж тэдний дургүйцлийг ихээхэн төрүүлж байсан бололтой. Тэрбээр суурьшин суусан газартаа маш цэвэрч нямбай байхыг эрхэмлэдэг байсан гэдэг. “....лам нарын олон гэрүүд эгнээ эгнээгээр баригдаж, жижиг сүм дуган нь түүн дундаас бараг харагдахгүй болтлоо өнөр өтгөн болсон Мүнжигт байхдаа хийдийг цэвэр байлгах тухай тушаал гаргасан учраас лам нар хэдийгээр шинэ журамд дургүй ч гэсэн хийдийн гортигоос гадагш гарч бие засах ёстой байсан, хог новш, ялгадсанд дарагдсан Богдын өргөөтэй харьцуулахад Мүнжигийн хийд маш цэвэрхэн хийд байсан..”111, Дамбийжанцан цэргийн хуаран сүм хийд, албан байранд гэнэт гэнэтхэн шалгалт хийж, дэг журамгүй явдал илэрвэл хатуу шийтгэдэг байсан, лам нарыг архи уулгах байтугай тамхи татахыг хориглосон, өөрөө архи ч уудаггүй, тамхи ч татдаггүй хүн байсан97 тухай түүнтэй маш ойр дотно байж, хамгийн сайн мэддэг цөөн хүний нэг болсон Бурдуков өгүүлсэн байдгийг бодоход худлаа хэлээгүй нь лав байх.           
1914 оны 2-р сарын эхээр Ховд дахь Оросын консулын 160 тоот зааварчилга болон хувийн зөвлөмж, “Ховдын баг цэргийн захирагч”-ийн хувийн зөвлөмж, 336 тоот нууц заавраар явагдсан Жа ламыг баривчлах ажиллагааг Сибирийн буудлагын 41-р хорооны ахмад Булатов ахлан гүйцэтгэсэн байдаг. Тэрээр Koш-Агачийн хасагуудыг Монгол рүү нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцээр хийхээр очиж байгаа дүр эсгэж, хууран мэхлэх аргаар энэ ажиллагааг явуулсан тухайгаа илтгэн бичсэн нь Москва хотноо Оросын Гадаад бодлогын архивт хадгалагдаж байдаг110 аж.
Энэ тухай Бурдуков бичихдээ “Дамбийжанцан зөвхөн тэмээ дайчлах тухай оросуудын үл биелэгдэх шаардлагыг эсэргүүцсэн ба ер нь оросуудын командлах гэсэн санаархалыг эсэргүүцэж байсны учраас л баривчлагдсан болохыг хэн ч мэдэлгүй хоцров”113 гэсэн байдаг 
Хожим нь Оросын Монгол судлаач түүхч Ломакина энэ бүх үйл явдалтай холбогдох  баримтуудыг цуглуулан судалж үзсэний эцэст “...Жа ламыг баривчилсан явдал хууль ёсных байсан уу?” гэсэн асуулт тавиад, “Төрсөн газар орон дээрээ царай нь хувиран барайж” Оросуудаас амь горилж байсан зоригт эх оронч хатанбаатар Магсаржавын удирдсан цэргүүдийн зэвсгийг хураах нь хууль ёсны үйлдэл байсан уу? Эцсийн эцэст жирийн бус харин цэргийн анги бүлгийг захирч байсан Монгол жанжинд ахмад Булатов тушаал өгөх эрхтэй байсан гэж үү? Мэдээжээр үгүй. Зүгээр л зоргоороо авирлах явдал энд газар авч, хятадтай харилцаагаа тасалсан гадаад Монголын Засгийн газар ганц найдвар нь болсон Оростой муудалцахгүй гэсэндээ ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Энэхүү баривчлагаа бол улс төрийн золиослолт байсан юм. Дээр нь нэмж хэлэхэд Жа ламын энэхүү идэвх зүтгэл, асар ихээр алдаршсан явдал нь Богд хааныг ч болгоомжилоход хүргэжээ!123  хэмээн халаглан бичсэн билээ. 
Ийнхүү Жа ламаас ихэд болгоомжилж, зориудын “ажиллагаа” явуулах болсон гэдгийн илрэл нь Монгол дахь Оросын дипломат төлөөлөгч гэгдэж байсан И.Я.Кростовецийн “Жа ламын үйл ажиллагааны байр байдал ихээхэн төвөгтэй байдалд хүргэх учир түүний эсрэг мөрдөн мөшгих арга хэмжээ авч эхэлсэн юм”62 гэснээс тодорхой харагдах ажээ.
(Баривчлах ажиллагааг явуулсан тухай ахмад Булатов илтгэхдээ “Хил хавийнТашант гэдэг газарт хасгуудыг шилжүүлэн өгөх тухай хэлэлцээр хийх гэж байгаа хэмээн жанжин С.Магсаржавд итгүүлж, ганцааранг нь дуудуулан авч ирсэн бөгөөд захирагч Жа ламтай тэднийг уулзуулах боломжгүй хэмээн цааргалсаар байсан түүнд “Эрхэм та мориндоо мордоод надтай хамт Жа лам руу явагтун” хэмээн тушааж эхэлсэн ба хууртагдсанаа мэдэн, царай барайж, дуугүй даган явсан Магсаржавыг дагуулан Жа ламыг баривчилж байх хооронд удирдлагаасаа тусгаарлагдсан цэргүүдийнх нь зэвсгийг хурааж гарыг нь мухарласан, зэвсэгээ өгөхгүй гэж эсэргүүцсэн Монгол цэргүүдийн өөдөөс тэдний тушаалаар гал нээж, нэлээн хэдэн Монгол хүний амь нас хорогдсон”123 тухай бахархалтайгаар дүрслэн бичсэн ажээ)
Баривчлагдах үедээ Жа ламын бие илаарь биш байсан тухай Булатовын илтгэл мэдүүлгээс гадна Бурдуковын дурсамжид үгүүлсэн байдаг бөгөөд чухам энэ байдлыг нь ажиллагаа явуулахад ашигтай нэг хүчин зүйл болгосон ч байж болох юм.      
Жа лам баривчлагдан цөлөгдөж Сибирийн шорон гяндан дамжсаар, эцэст нь Астарханд гэрийн хорионд сууж байсан ба Орост хувьсгал гарч, дайн самуун дэгдэж эхэлснийг ашиглан нутгийн зүг буруулан оджээ. Тэрээр 1918 онд Ховдын хязгаарт ирэн дахин төвхнөж эхэлсэн байдаг. Жа ламыг Монгол руу зүглэсэн даруйд Монголын Засгийн газар болон Монгол дахь Оросын төлөөний бүх этгээдүүдэд түүнийг Монголын хил рүү оруулахгүй байх, баривчлан буцааж хүргүүлэх зааврыг Петербургаас илгээсэн байна.
 Дамбийжанцанг Монголд буцаж ирэхэд хэдхэн жилийн өмнө баруун хязгаарыг харийн мөлжлөгөөс чөлөөлөхийн төлөө бүхнээ зориулан тэмцэж, ялалтанд хүргэснийх нь бүхий л үр өгөөж урвуугаараа эргэсэн байжээ.
1915 оны 5 сарын 5-нд байгуулсан “Автономит Монголын тухай гурван улсын зөвшилцөл” гэгчийн үрээр Монгол улсын нутаг дэвсгэр урьдын адил Хятадын нэгэн хэсэг гэгдэх болж, Өргөө Улиастай, Ховдод хятадын амбан сайдуудыг суулган, Монголчууд тэдний захиргаанд байх болжээ. Тэрчлэн 1911 оноос хойш төлөгдөөгүй үлдсэн байсан Монголчуудын өрийг барагдуулна хэмээн нэхэмжилж эхэлсэнээс гадна хятад цэргийн анги нэгтгэлүүдийг оруулан ирж байршуулав. Ийм үед нутгаа тэмцэн ирсэн эх оронч Жа ламын урам хугарахаас ч аргагүй.


Гэсэн ч тэвчээр зааж Ховдыг чөлөөлөх үед Самади багш цолоор шагнуулсан Жалханз хутагт болон хатанбаатар Магсаржав зэрэг хуучин нөхөд, хамтран зүтгэгчидтэйгээ уулзан санал бодлоо солилцсон байна. Тэдний аль нь ч ялгаагүй өнгөн дээрээ ихэд хүндэтгэн угтах хэдий ч нэг л хөндий, зай барьсан байдалтай уулзаад, холдон одож байсан гэдэг. Тэглээ гээд тэр “гандан буурсангүй”. Хязгаар нутгийн голдуу ноёд түшмэдүүдээр дахин өөрийгөө хүрээлүүлж, хөл дээрээ босож аваад, Шинжаантай хил залгаа өмнө тийш одон, Хар элсний говьд өөрийн бэхлэлт цайзыг байгуулж, олон тооны албат иргэд эзэмшил хөрөнгө бүхий нэгэн болж, тун чиг өвөрмөц байдлаар “тусгаар тогтносон” ажээ.


Түүнийг Орост цөллөгөнд байх хойгуур “хятад талыг онцгой тууштай баримтлагч баядын их нөлөө бүхий ноён, дөрвөдийн зүүн хурлын дарга Чагдаржав бэйсийн хүү баядын ноён Нацаг бэйл тэргүүтнүүд Монголын баруун хязгаарыг дахин хятадын харьяат болоход идэвхтэй нөлөө үзүүлжээ.  Дамбийжанцан хязгаар нутгийг захирч байхдаа Нацагийн хятадад талтайг сайн мэдэх тул түүнийг зориуд дарж, идэвхийг нь сааруулж байв. Нацаг бүүр түрүүн Үрүмчийн дүтүүнтэй эхлээд хятад худалдаачнаар, дараа нь өөрийн элч төлөөлөгчөөр дамжуулан нууц холбоо тогтоосон ба хятадууд Үрүмчийн дүтүүнээр дамжуулан тэднийг талархагч ноёдод цалин пүнлүү өгөх болов. Хятадаас ийм пүнлүүг эхлээд Нацаг авах болж, жилийн дараа бас хоёр гурван ноён авдаг болов. Нацаг бэйлийн талынхны тоо хурдан өсөв120 гэснээс үзэхэд баруун хязгаарын захирагч Дамбийжанцан баривчлагдан цөлөгдсөн нь дайсан этгээдүүдэд хамгийн тааламжтай нөхцөл болсон бололтой.           
 Хэдийгээр түүнийг Монголд дахин орж ирэхэд нэгэн цагт “Монголын алдарт хүн” Жа ламтай уулзаж, хамтран зүтгэхийн хүслэн болж явсан цагаантны Барон Унгерн, улаантны талд орсон Магсаржав нарын аль аль нь өөрийнхөө талд орохыг урин дуудсан авч алины нь ч хүлээж авсангүй158, өөрийнхөө замыг хөөжээ.
 Энэ мөчид түүний 1917 оны 6 сард Астраханаас Монгол руу А.В. Бурдуковт бичиж байсан “....Энэ жил намайг цагдаагийн хараа хяналтаас гаргаж байгаа хэдий ч миний бие Монгол орныг хятадын дарлалаас хамгаалж байсныхаа төлөө санаа сэтгэл, бие махбодын ямар ч сайн сайхан юмыг үзээгүйгээр үл барам, зөвхөн өөдгүй муу явдалтай л учирсан болохоор энэ жилдээ тийшээгээ явах хүсэл алга...”241 хэмээсэн цөхрөнгүй үгс эрхгүй санаанд бууна.
1922 онд цэргийн шүүхээс түүнд цаазаар авах ял оноож, Ардын засгийн газраас түүнтэй холбоотой тунхаг бичгийг үйлдэн тараав. Тэрээр мөн л 1914 оных шиг хууран мэхлэх аргаар, Халимагийн иргэний дайны баатар, улаан цэргийн дарга Харти Хануковын төлөвлөгөө заавраар отон хороожээ. Зарим түүхэн ном зохиолд Ардын засгийн газрын даалгавраар тэр үеийн Дотоодыг хамгаалах газрын дарга Балдандорж, бэйс Дугаржав, Нанзад баатар нарын хүмүүс эрхлэн гүйцэтгэсэн гэдэг ч эдгээр нь мөнөөх Харти Хануковын заавраар ажилласан хэмээн зааварлагч өөрийн илтгэлдээ тодорхой тэмдэглэжээ.  
Харти Хануковын илтгэлд Дамбийжанцанг Бээжин дэх Хятадын эрх баригчидтай хуйвалдан Монголыг эзлэн авах нууц хэлэлцээр хийж байсныг нь илрүүлсэн мэтээр бичсэнийг нь Монгол судлаач И.Ломакина олж үзсэн байдаг. Жа лам хамтран зүтгэж байсан бүх хүмүүсээсээ сайн дураараа зам салж, зожигрох болсон, өөрөөр хэлбэл цаазаар авахуулах болсныхоо өмнөхөн Сү шю Жанаар удирдуулсан хятадын Ан – Фүгийн цэргүүдэд хүнд хохирол амсуулж24, Монгол эх орныхоо эрх чөлөөний төлөө тэмцсээр байсан тухай Хенин Хаслунд  номондоо өгүүлжээ.
Гэтэл ийнхүү манж хятадаас Монгол орныг чөлөөлөх тэмцэлд амьд явсныхаа утга учрыг зориулж, тэднийг яс махнаасаа үзэн яддаг байсан Жа Ламыг Хятадын эрх баригчидтай хуйвалдан Монголыг эзлэх оролдлого хийсэн ялд унагаж, отон хороосон байна. Энэ явдлаас хойш, тун ч удалгүй Монгол төрийн зүтгэлтнүүдэд зохиомлоор ял төлөвлөж, хоморголон устгах хэлмэгдүүлэлт эхэлж, хамгийн анхныхад нь Бодоо, Да лам Пунцагдорж, Тогтох гүн нарыг Дамбийжанцан буюу /Жа лам/-аар дамжуулан холбоо барьж,хятадын цэргүүдийг авч ирэх бодолтой байснаа илчилсэн хэмээн буудан хороосон ажээ 
 “Хутагт ламтан 1923 онд таалал төгсөөгүйсэн бол “ардын дайсан гэсэн хаяг зүүж, бусдынхаа хувь тавиланг хуваалцах байсан”180 гэж боддог тухайгаа Ломакина бичжээ. Харин бидний тухайд бол хуваалцдагаа хуваалцаад, харин ч бусдаасаа хамгийн түрүүнд хэлмэгдэн цаазлуулжээ хэмээн дүгнэх байна.
 Энд өгүүлэгдсэн мэдээ сурвалжууд болон өгүүлэмжүүдэд үндэслэн бидний зүгээс дараах саналуудыг дэвшүүлж байна.
Нэгд: 1911 оны сүүлчээс хойш Ховдын хязгаарт бий болоод байсан нөхцөл байдлын талаар мөшгөн судалж үзэхэд манж хятадын эрх баригчдын нөлөөнд хэтэрхий автсан болон тус тусын салангид бодолтой олон ноёдыг нэгэн итгэл бишрэл дор нэгтгэж, их цэргийг хуралдуулах үйл хэрэгт Дамбийжанцан гол үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой байгаа бөгөөд хэрвээ энэ хүн гарч ирээгүйсэн бол Ховдыг чөлөөлөх хөдөлгөөн тийм амжилттай болох байсан эсэхэд эргэлзэх үндэслэлтэй гэж үзэв
Хоёрт: Жа лам буюу Дамбийжанцан нь 1912 онд Ховд хотыг чөлөөлөх хөдөлгөөнийг оройлон удирдсан гол удирдагч жанжин болох нь түүхэн мэ



com
Дамбийжаа чинь ОРОС болоод ХУЖАА нарын гар хөл болж, Ардийн Засгийг устгаад Баруун Аймгуудыг таслан авч "Ойрд Улс " гээчийг байгуулах гэж санаархаж байгаад алуулсан түүхэн үнэнтэй шүү дээ!!! Эхнээсээ цагаан орос, дараа нь улаан оросын тагнуул болж Монголд ирж байсан УРВАГЧ даа!!! Үхсэнийх нь Ховдыг чөлөөлөхөд оройлон удирдсан гэж????? сананаас бүү үлгэр зохио!!! Ховд хотыг чөлөөлөхөд оролцсон, гэхдээ оросуудын тушаалаар оролцсон түүхэн баримттай!!! Хэсэг цэрэг удирдаж байсан баримт бий!! Тэр бүгэж байгаад алуулсан Маажинсан уул гэдэг нь Одоо Хятадын Гансу мужийн нутаг манай хилийн цаана буй нутаг даа!! Хужаа нар ц ер нь угаасаа ойрд мойрд нэр барьсан УРвагч ХУЛГАЙ нараар Монголын төрийг бусниулдаг байсан түүүх бий дээ!! 

com
Энэхүү түүхэн тэмдэглэлийг унаад тодруулмаар зарим зүйл санагдлаа.Үүнд 1.Орос,Халимаг,Монгол зэрэг улсуудад амьдарч байсан Жа лам хэмээгдэх Дамбийжанцан гэгч хүний гарал угсааг олж тогтоогоогүй цагт энэ хүний холбогдолтой түүх домогийн төдий тэмдэглэл дурсамж яриа нь түүний үзэл санаа бодлого зорилогыг үнэн зөвөөр төдорхойлоход бүрэн дүүрэн хангалтгүй юм. 2.Ховд хотыг манжийн амбаны мэдэл,түүний хамгаалалтын цэргүүдээс чөлөөлөх дайралтанд хатан баатар Магсаржав,манлай баатар Дамдинсүрэн нарын хамт Дамбийжанцан өөрийн биеээр удирдсан цэрэгтэйгээ оролцож ямар гавьяат үйлийг бүтээсэн бэ? 3.Ховд хотыг чөлөөлөх тэр үед Манжийн амбанд туслахаар Тал хайрхан уулын цаанаас ирж яваа хятад цэргийн хүчийг угтаж байлдсан бол яг хэдийд ямар нэртэй газар юу болсон тухай түүхийн аль хэсэгт нотлох баримттайгаар тэмдэглэгдсэн байна вэ? гэх зэргийг сайтар нягтлан үзэхгүй бол Дамбийжанцан гэгч нь Манжийн дарлалаас салахыг хүссэн Монголчуудыг ашигласан "ӨШӨӨ АВАГЧ",Монголыг оростой ойртуулахгүйгээр байлгаж дотроо зөрчил хагаралтай,өөрийгөө хамгаалах хүч чадваргүй байдлыг нь ашиглаж баруун хэсгийг нь салган тусгаарлаж эзэгнэх, эсвэл Монголын хаан болох санаатай нэгэн байж дээ гэж ойлгогдохоор учир Монгол Манжаас тусгаар тогтносон,Ховдыг чөлөөлсний 100 жилийн ой зэрэгтэй холбон үзэхэд учир дутагдалтай мэт.