-Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нүүрлээд байна уу. Монголын эдийн засгийн жолоодлогогүй байдал хямралыг уриад байна уу.
-Улстөрчид дэлхийн эдийн засаг руу хямралыг түлхэх нь ойлгомжтой. Дэлхийн хямрал нөлөөлөх нь нөлөөлнө. Гэхдээ үндсэн хямрал бол монголчуудын бүтээл. Нэгдүгээрт Засаг төр эдийн засгийн тодорхой бодлогогүй. Хоёрдугаарт дэлхийд өссөн эрдсийн үнийн өсөлтөөс Монгол Улс 68 хувийн татвар мэтээр тэрбум ам.доллар олчихсон байгаа. Түүндээ зөв менежмент хийж чадаагүйгээс уул уурхайгаас бусад салбарыг унагаж байна.
-Их мөнгөтэй болох нь буруу биш биз дээ?
-Юу нь буруу байх вэ. Харамсалтай нь манай улстөрчид энэ мөнгөнд хөөрөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мэтийн олон улсын санхүүгийн байгууллагуудын үгийг сонсохоо больчихсон.
-Харин ч тэдний үгээр яваад ядуураад байна гэж хүмүүс ойлгодог.
-Тийм биш. Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд Монголд явуулах үйл ажиллагаагаа багасгаж эхэлсэн. Энэ нь нэгдүгээрт манайхан тэдний үгийг сонсохоо больсон. Хоёрдугаарт тэднийг хүссэн, урьсан дэлхийн олон орон бий. Жишээлбэл Пакистан, Афганистан гээд. Валютын сан ч мөн адил. Түрхэн зуурын мөнгөний бараа хараад хөөрч, сагсуураад л монголчууд ийм байдалд орчихлоо.
-Бид яах ёстой байсан юм бэ?
-Бусад орны туршлагаас харж байхад дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс олсон мөнгөндөө менежмент хийдэг юм байна. Манайх харин барилгад хийчихэж байгаа байхгүй юу. Манайд саяхан барилгын салбарт томоохон тэсрэлт боллоо шүү дээ. Түүнээс болоод барилгын үнэ нэмэгдсэн. Тэгээд нэмэгдсэн үнэ дээр банкууд санхүүжилт хийсэн. Гэтэл үнэ хэрэг дээрээ барилгын их бүтээн байгуулалт хөдөлмөрөөр бий болоогүй учраас эрдсийн түүхий эдийн үнэ унангуут бүгд нурж байгаа байхгүй юу. Монголд анх удаа ийм их мөнгө хуримтлагдсан учраас тэр их мөнгийг удирдах туршлага байдаггүй аж. Бусад оронд удирддаг юм байна. Энэ нь бид дэлхийн эдийн засгаас бус өөрсдийн юм үзээгүй, ойворгон зангаас болж хямралд орж байгааг баталж байна.
-Иргэнд бүрт 1.500.000 төгрөг өгөх боломж бий юу?
-Ямар ч боломж байхгүй.
-Яагаад. Их мөнгө биш шүү дээ.
-Мөнгөний үнэ цэнэ хийсэн бүтээснээр хэмжигдэнэ. Сая 500 мянган төгрөгөө өгөөд барааныхаа үнийг бас сая 500 болгочиход амархан. Тэгж өөрсдийгөө хуурч болно. Өнөөгийнхөө амьдралын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор сая 500-г өгөх боломж байхгүй. Би сонгуулийн өмнө ч хэлж байсан. Одоо тэрэнд хууртах хэрэггүй. Амлагч нар ч үүнээс болж цаг алдах хэрэггүй.
-Макро эдийн засгийн өсөлт гээд гоё тоонуудыг эрх баригчид харуулж байна. Тэрнээс нь надад наалдаад байгаа юм мэдэгдэхгүй юм.
-Эдийн засгийн хувьд өнгөрсөн жилүүдээс өсч байгаа. Мөн амьжиргааны түвшингийн ялгарал их болж байна. Хэдийгээр бид хөгжиж байгаа боловч хөршүүдээсээ бага хурдтай хөгжиж байна. Энэ бол ухралт гэсэн үг.
-Таны ярианаас УИХ, Засгийн газраас хямралаас өөр юм бидэнд наалдахгүй бололтой. Энэ унхиагүй байдал зарим иргэдийг засаглал солих тухай ярихад хүргэж байна.
-Ер нь бол бид төрөө байгуулдаг хамгийн үнэтэй замыг сонгосон. Бид төрөө байгуулах нь зайлшгүй. Гэхдээ өөрийн эдийн засгийн таарсан механизмаар сонгох шаардлагатай. 76-г сонгох гэж хэдэн төгрөг гаргав. Орон нутгийн сонгууль түүнээс дутсангүй. Сонгуулиуд мөнгийг үрэн таран хийж байна. Дараа нь мөнгөө олох гэж төрөө бузарлаж байна. Тэгээд тэр мөнгөө дандаа урагш нь аваачиж хүнд өгч байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай, бас хямрал ирж байна. Бүр дампуу юм болно. Зарим хүмүүс залхсан, ядарсандаа бус эдийн засгийн мэдрэмжээрээ Ерөнхийлөгчийн засаглалыг хүсч байж магадгүй. Намайг ингэж ярихаар хүнд (Энхбаярт) зориулж яриад байна гээд яриулахгүй байсан байхгүй юу. Одоо харин механизм гэдгийг ойлгож байгаа болов уу. Эдийн засгийн бодлоготой, нэгдэж чаддаг тийм байх ёстой л доо. Өнөөдөр хоёр сая 600 мянган Ерөнхийлөгчтэй болчихоод хэдэн биентэйгээ зөрж давхиад байна.
-Манай орныг зах зээлийн эдийн засагт шилжсэн гэдэгт Европын холбоо санал нийлдэггүй гэнэ.
-Тэр улс төрийн шалтгаантай болов уу гэж би боддог. Хойд, урд хөршүүдийг маань судлаад үзэхэд либерал зах зээлтэй орон гэж үзэхэд хэцүү л дээ. Энэ хүрээнд л нэг тийм юм яваад байгаа болов уу. Хоёр талынх нь улсуудыг зах зээлд ороогүй гэчихээд Монголыг дөвийлгөөд байхгүй байхаа. Монгол зах зээлийн эдийн засагтай орон мөн. Гэхдээ төрийн оролцоо ихтэй учраас бахархмаар зах зээл биш л дээ. Төрийн оролцоогүй зах зээл гэж байдаггүй. Харин зах зээлээ дэмжих гэж төр зах зээлд оролцдог байхгүй юу. Манайх одоо авлига авах, дарамтлах гэж зах зээлд оролцоод байна.
-Энхсайханы Засгийн газраас өнөөгийн Засгийн газар бараг арав дахин их төсөвтэй.
-Жаахан мөнгөн дээр тансаглаад сурчихсан байна. Үйлдвэрлэлээр бус үнийн өсөлтөөр олсон их мөнгө болохоор одоо яах вэ гэдэг асуудал тавигдаж байна. Ер нь бол хийсэн бүтээсэн хэмжээндээ амьдарсан бол өнөөдөр ийм юм болохгүй л дээ.
-Мөнгөөр санал хураалт явагдаж байна.
-Сонгогчдод буруу өгөх шаардлага алга. Ядуурал өөрөө тэднийг маргаашийн бодлогод биш өнөө маргаашаа харсан ойр зуурын юманд хууртаж саналаа өгөхөд хүргэж байна. Энэ нь нэг хэсэг үргэлжилнэ. Тиймээс бодлого ярьсан нэр дэвшигч тойргоос шахагдаж байгаа юм. Энэ ч бас үргэлжилнэ. Ийм учраас би эдийн засгийн бодлоготой бай гэж хэлээд байна.
-Таны үзэж байгаагаар бид Африкийн орнуудын эгнээнд шилжиж байна уу?
-Яагаад тэдний эгнээнд шилжих гэж. Бид чинь тэднээс хориод жилээр хоцрогдож байна. Тэд жараад онд колони байсан. Колониос мултарсан чинь колоничлогч орнууд нийгмийнх нь өмнө ёс суртахууны хариуцлага хүлээгээд тэднийгээ хөгжүүлж өгч байна. Дэлхийн том судалгаанууд дандаа Африкаар хийгдсэн байдаг. Гол хоцрогдсон орнууд Африк, Азиар хийгдсэн байдаг. Харин төв Азиар хийгдсэн судалгаа алга. Өндөр хөгжилтэй орнууд Монгол ийм хоцрогдсон орон байгаад ямар ч хариуцлага хүлээхгүй. Оросын оронд Америк байсан бол биднийг сэгийтэл татаад гаргаад ирнэ. Гэтэл Орос маань өөрөө амар биш байгаа. Тийм учраас өөрсдийгөө хаана, ямар байдалд байгаагаа зөв тодорхойлох хэрэгтэй байна.
No comments:
Post a Comment