Thursday, May 17, 2012

Бананана Монгол Улс

Юу ч мэдэхгүй байна гэдэг бол Гутамшиг биш, харин юу ч сурахыг хусэхгүй байна гэдэг бол жинхэн Гутамшиг…

Платон (МЭӨ 428/427)

“Banana republic” буюу “бананан улс” гэж төрийн удирдлага нь авилгалд живэн гадны эрхшээлд орсон, үүний улмаас  тухайн улс тогтвортой үйл ажиллага явуулан эзэнгүй болж , бодлого нь алдагдаж, дур зоргороо аашлах нь  нэмэгдэн, доройтон муудсан  улс орныг хэлдэг. Төв америкийн Гондурас, Никарагуа, Панам улсуудад олон арван жилийн турш улс төр, эдийн засаг, нийт ард түмний аж амьдралыг гадил экспортлогч  болох UFC (Chiquita) ,  SFC (Dole)  корпорацууд  шийддэг байсанаас энэ нэр томъёог анх хэрэглэсэн байдаг. Америкийн эдгээр компаниуд  тус  улсуудад  засгийн газраас нь илүү  хүчтэй  нөлөөтэй болж, хөрөнгийн хэмжээгээрээ нийт хүн амынх нь хөрөнгийг нийлүүлснээс ч  хавьгүй их болжээ.  Эрх мэдэл, хөрөнгө мөнгөөрөө тухайн орны асуудалд  шийдвэр гаргах хүртэл хэмжээнд хүрсэн байв.



Цаашилбал зөвхөн тус улсын бус, тухайн бүс нутгийн улс төрд хүч түрэн орж нөлөө үзүүлсэнээр тэд  хэд хэдэн цэрэг дайны үйл ажиллагаг явуулахад хүргэж байв. Тухайлбал энд 1954 онд америкийн цэргийн Гватемал руу хийсэн довтолгоог дурьдаж болох  юм. Мөн олон тооны  төрийн эргэлтүүд  хийгдэхэд  тэд шууд  оролцсон  билээ.  Өнөөдөр  энэ орнууд бух салбар нь  доройтолд орсон, бусдын далд удирдлаган доор одоо болтол байдаг “Зомби” улс хэвээр байгаа билээ.



Бананан улсын шинж тэмдэгүүд  гэвэл  нийт бүтээгдхүүн, баялагийн хуваарьлалт нь тэгш бус, хөгжөөгүй  дэд бүтэц, хоцрогдсон боловсрол  болон эрүүл мэндийн салбартай , гадны хөрөнгө оруулалтаас  маш их хамааралтай болж, эдийн засгаа чадан ядан зээлэр  торгоож байдаг.  Өндөр инфляци, төсвийн алдагдал ноёрхож тухайн үндэстний мөнгөн тэмдэгт  үнэгүйдсэн. Дээр нь сөнөсөн эдийн засаг, худалдагдсан эрх баригчид , гадны асар их өр, авилгал цэцэглэсэн,  цалингийн  дундаж хэмжээ бага, дотроо эв нэгдэлгүй, хүн амынх нь дийлэнх хэсэг ядуугийн туйлд хүрсэн.

Энэ шинж тэмдгүүдийг нь  уншихаар Танд өөрийн эрхгүй өнөөгийн  Монгол улс нүдэнд харагдах болов уу. Өнөөдөр монголчууд бид латин америкийн эдгээр улс орнуудын араас орж, чигэрээ тэдний муу түүхийг давтах замдаа оржээ. Нэгэн тодхон жишээг дурьдвал, сүүлийн хоногуудад монголчууд “ авилгалийн эцгийн“  тавьсан ямар ч хэрэггүй жүжгийг үзэн,  идэвхтэй оролцож  2 тал болон буруу зөрүүг  шүүж байсаар бидний ирэдүйд онцгой ач холбогдол бүхий асуудлыг анхааралгүй,  ойлгоолгүй өнгөрсөн.  Энэ бол Овоо толгойн  нөөцийн эрх  хятадийн Chalco  компанид шилжих явдал юм. Экс-ийн асуудалд ард олны анхаарлыг зориудаар залан хандуулав уу,  эсвэл  тохиолдол уу? Эсвэл  бүх тохиолдлын ард эрх баригчдын хорт муу логик яваад байгаа юм биш биз дээ гэсэн бодол төрж байна… Ямар ч байсан асуудал ноцтой хэмжээнд хүрсэнийг энэхүү лицэнзийн эзэн солигдсон явдал баталлаа.

Аргентин , Болив зэрэг улсууд удаан хугацаанд тууштай тэмцэн байж, хувийн мэдэлд алдаад байсан эрчим хүчнийхээ салбарыг буцаан төрийн буюу ард түмний мэдэлд арайхийж оруулж байхад Монгол улс эрчим хүчнийхээ монополи эрхийг хувийн ч бус, бүр гадны улсын, төрийн компанид  шилжихэд мэдээгүй юм шиг өнгөрөөж байгааг  юу гэж нэрлэх вэ?!  Бүр Chalco компани  мэдэгдэлдээ “Бид  Монгол улсад мэдэгдэх шардлагагүй  …“  гэсэн нь бид нар  монголчуудын  эрх мэдэлтэнгүүдтэй  ярилцан тохирсон гэсэн үг  бизээ.

Хэрэв  бид ирээдүйд улсынхаа нүүрсний экспорт, олборлолт,  тээвэрлэлт, борлуулалтын 20 хувийг  хянаж буй хятадын энэхүү төрийн компанитай ямар нэгэн хэмжээнд зөрчилдөн асуудалд орон тэдний хүслээр  шийдэгдэхгүй тохиолдолд:

Урд хөрш дарамт үзүүлэн хамгийн наад зах нь хилээ хааж,  эдийн засгийн эмбарго  хийх, цаашлаад  асуудал улам хурцдан, төрийн өмчөө хамгаалах нэрийн доор, мөн Монгол улсын бүх нутаг дэвсгэрээр тарсан 56 000 Хятадын харъяат болон өдөр тутам 300-500-аар өсөн нэмэгдэж буй Монгол дахь өөрийн иргэдийнхээ “эрх ашгийг  хамгаална” гэсэн үндэслэлээр  Хятад улс цэргээ оруулад ирээхийг үгүйсгэх аргагүй  байдалтай боллоо.

Бидэнд үүнийг өөрчлөн засах ганцхан арга байгаа нь 2012 онд Сонгуулийн хувьсгал хийх юм. Нийт сонгогчид , ялангуяа хөдөө орон нутагт амьдардаг нутаг нэгтнүүддээ хандаж хэлэхэд, өнөөдөр төрд шургалсан “дайсны цэргүүдийг” ТА БҮХЭН сонгоод байна. Иймд энэ алдаагаа давталгүй, энэ улсынхаа ирэдүй зөвхөн Танаас, надаас шалтгаалахыг гүн ухамсарлан, мөнгө, худал амлалтанд  дахин хуурагдалгүй, юмны жинхэнэ учрыг  ойлгохуйц мэдээлэлтэй байж, буруу ухуулгад авталгүй , тархиа угаалгалгүй,  жинхэнэ ЗӨВ МОНГОЛ хүмүүст шинэ төрд  гарч ирэх боломжийг олгон, сонголтоо зөв хийхийг та нараасаа хичээнгүйлэн  хүсэж байна.

Энэ үндэстнийг  “Бананан улс” болгосон, төрд  орсон монголын бирдүүдийг  дахиж улсыг удирдах боломж олгохгүй байхыг Монгол  хүсэл  шардаж  байна.

Даруй шинэ төр, Үндсэн хуулиа  өөрчлөн, урдийн хийгдсэн бидний мэдэх бүх олон улсын “БООЛЫН ГЭРЭЭ”-нүүдийг  хүчингүй болгосны дүнд л Монгол  Үндэстэн сэргэнэ босно.

Ч.Өрлөг

 

Sunday, May 13, 2012

Хубилайн эзэнт гүрний үеийн Монгол хатан, нярайн муми олдлоо /фото/



Өнөөдөр МУИС-аас Хубилайн эзэнт гүрний үеийн Монгол хатан, нярайн муми олдсон тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2012 оны 4 сарын 5-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнх : "Манай сумын 4-р багийн нутагт Дунд нурууны Шүүтийн өвөлжөөний хадны агуйд эртний хүний оршуулга давсан дотор муми маягаар хадгалагдаж байна. Сүүлийн үед ашиг хонжоо хайсан хүмүүсийн хөлд энэ дурсгал сүйдэх аюултай болж байна. Иймд дээрх оршуулгыг нэн яаралтай шинжлэн судалж өгнө үү" гэсэн хүсэлтээ өөрийн биеэр албан бичгээр МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуульд хүргэж өгчээ.

 Энэхүү мэдээллийн мөрөөр МУИС-ийн НШУС-иас археологич, доктор У.Эрдэнэбат ахлагчтай судалгааны багийг 2012 оны 4 сарын 11-18-ны хооронд тухайн газарт томилон илгээж Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгааны түүхэнд ховорт тооцогдох олдворуудыг малтан шинжилж авран хамгаалж чадсан байна.

МУИС-ийн томилолтоор Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт ажилласан археологичид Дунд нурууны Шүүтийн агуйгаас гадна Бургаст. Гозгор толгой хэмээх газар Монголын дундад зууны үеийн түүхэнд холбогдох хадны оршуулгын нийт 3 дурсгалыг малтан шинжилсэн юм. Судлаачдыг очиход нутгийн иргэд эртний булшийг тонож сүйтгэсэн байжээ. Шүүтийн агуйд давсан дотор оршуулсан байсан гэх эртний хатмал шарилыг ухвар мөчид хүмүүс нэгэнт устгасан бөгөөд оршуулганд хэрэглэсэн гэрийн хана, модон эмээлийг эвдэж хаясан байв. Энэ булшнаас үлдсэн хүний яс болон дээл хувцасны үлдэгдлийг МУИС-ийн НШУС-д авчран судалж буй аж.

Бургаст хэмээх газраас олдсон хадны оршуулгаас X11I-X1V зууны үеийн 60 гаруй настай эрэгтэй хүний шарил ба хүүрт өмсгөсөн дээл хувцас, бүсний арал, нумын модны үлдэгдэл олдсон байна.

Харин Гозгор толгой хэмээх газар Юань гүрний үеийн монгол хатныг дөнгөж төрсөн, нэхий өлгийд боосон нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан байжээ. Хэдийгээр уг булшийг нутгийн малчид ухаж төнхөн, зарим эд зүйлсийг эвдэж устгасан боловч үлдэж хоцорсон эд өлгийн дурсгалын дотор Монголын Эзэнт Гүрний түүхэнд холбогдох, манай оронд байтугай дэлхийд анх удаа биет байдлаар олдож байгаа ховор нандин олдворууд цөөнгүй байжээ.

Тухайлбал, эндээс XIII-XIV зууны үеийн монгол эхнэр хүний өмсөж байсан богтаг малгайн үлдэгдэл, брахми "ом" үсэгтэй болон элдэв-очир урласан бүтэн зэс хөөмөл чимэглэл, малгайн шанаавчин дээр сувдаар хэлхэж хийсэн сүйхэн чимэг, ювуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, бүтэн цас толь, шүдийг нь хугалсан модон сам олджээ.

Шарилын дор тэмээний ноос зулж зээг тавьж оёсон гоёмсог хээ угалзтай эсгий ширдэг дэвссэн байв. Ширдэгний хээ угалз, хийж урласан загвар хийц зэрэг нь Төв Азийн эртний нүүдэлчид ба Хүннүгийн эсгий ширмэлийн урлагийн технологи дундад зууны монголчуудад цаашид уламжлагдан хөгжсөн болохыг нотолж буй бөгөөд Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт Гүрний хуучин нутаг дэвсгэрээс анх удаа биетээр олдож байгаа эрдэм шинжилгээний ховор үнэт олдвор юм.

Гозгор толгойн булшны он цагийг тогтооход туслах чухал хэрэглэгдэхүүн бол хус модоор бэхэлгээ хийж үйсээр ороож алтан хээтэй улаан торгоор бүрсэн богтаг малгай юм. Энэ булшнаас хатан хүний малгайн оройд өд тогтоох зориулалттай, хус модоор сийлбэрлэж хар бэхээр зураг зурж чимэглэсэн модон суурь олдсон байна. Мөн богтаг малгайг хийхдээ үйсэн дээр монгол бичгээр бичсэн ул мөр мэдэгдсэн байна. XIII зууны үед Монголд ирсэн гадаадын элчин жуулчдын тэмдэглэснэар баян чинээлэг, язгууртан эхнэрүүд малгайгаа улаан өнгийн торгоор бүрэх бөгөөд богтаг малгайн өндөр, гоёл чимэглэлийн байдал нь эзнийхээ нас намба, зэрэг зиндааг илтгэдэг байв.

Түүнээс гадна Гозгор толгойн хадны оршуулгаас улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон нь ёроолдоо хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээстэй юм. Энэ нь уг аяганы эзний овгийн үсэг бололтой байгаа бөгөөд одоогийн байдлаар "хиян" гэж уншигдаж буй. Хэрэв энэ нь буруу биш бол Гозгор толгойн хадны хонгилд оршуулсан залуу хатан нь Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн болж таарна.

Нэхий өлгийд өлгийдсөн Юань улсын үеийн дөнгөж төрсөн монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлджээ. Аз болоход булшийг хөндөж тоносон хүмүүс хүүхдийн ясыг тарааж цацаж хаяагүй байсан байна. Энэ олдвор бол ерөөс дэлхийд цөөхөн тохиолдох эртний хүн судлалын ховор хэрэглэгдэхүүн бөгөөд монгол хүний гарал удмын түүхийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож байна.

Гозгор толгойн хадны оршуулгаас хүний яснаас гадна хонины хонттой шаант, дунд чөмөг, дал, богтосны яс олдсон нь талийгаачид хойлгын идээ болгон гуя, хаа дагалдуулдаг эртний Монголын оршуулгын зан үйлийн гэрч юм.

Хулгайч нар хатны булшийг тонохдоо дээлийг тасдан хадны хонгилын урд буланд бөөгнүүлэн хаясан байв. Цэцгэн хээтэй, улаан өнгөтэй торгоор хийсэн, зөв энгэртэй, бүсэлхийгээрээ олон хуниастай урт хормойтой, урин цагийн дээлийн үлдэгдэл олдсон. Хормойн хуниасны дотор талд савхиар хатуулга хийж оёсон бөгөөд дээлийг бүдүүн нэхээстэй өрмөгөөр доторлож байсан ажээ. Дээлийн цээжинд ханцуйг залгаж оёхдоо цЗцгэн хээтэй хөх торгоор 4 см өргөн эмжиж оруулга хийжээ. Зах болон энгэрийн хэсэг үрэгдэн алга болсон боловч ар шилний хэсэгт мөн өмнө дурдсаны ижил хөх өнгөөр эмжиж шар торгон утсаар даруулж оёжээ. Торго угтаа улаан өнгөтэй байсан боловч олон зууны туршид өнгөө алдан гандаж шарласан байна. Дээлийн торгон дээрх дөрвөн дэлбээтэй цэцгэн хээг алтлаг өнгийн гялалзсан саатай утсаар нэхсэн нь зарим газар мэдэгдэж байна.



Баянхонгор аймгийн нутгаас шинээр илрүүлэн олсон олдворууд нь Монголын эртний түүхийг судлан боловсруулахад чухал түлхүүр болох төдийгүй нийт Евразийн нүүдэлчдийн археологийн судалгааны түүхэнд нээлт болж  буй гэнэ.
хүрнэ.

Уг дурсгал нь дундад эртний нүүдэлчдийн үхэгсдээ оршуулж байсан өвөрмөц зан үйл болох хадны болон агуйн оршуулгын соёлд багтах нь гарцаагүй бөгөөд урьд өмнө нь ийм давсанд оршуулсан хадны оршуулга Монгол ба Төв Азиас огт илэрч судлагдаж байгаагүй аж.

Ж.Галмандах