Tuesday, September 27, 2011

Монголын нүүрс үнэ хямдаараа толгой цохиж явна

Өнгөрсөн зууны ядуу буурай Монгол Улс XXI зуунд өмнийн говийнхоо нөөц баялгийн ачаар “Азийн чоно” хэмээн өргөмжлөгдөөд байгаа.

Хоёр сая хүнийхээ аж амьдралыг “хоёр толгой”- гоо ашиглаад хялбархан өөд татах боломжтойг дотоод, гадаадын судлаачид хэдийнэ тогтоосон. Энэ нь ч үнэн гэдгийг сүүлийн жилүүдийн эдийн засгийн огцом өсөлтөөс харж болно. Гэхдээ өөрсдийн баялгаа бусдад алдаад, ашгийн ихэнхийг харь орныхонд өгөөд байна уу гэсэн үзэл бодол нийгэмд давамгайлж байна.

Монголын төр Оюутолгойн 34 хувийг л эзэмшиж, 30 жилийн дараа 50 хувьд хүргэх гэрээ хоёр жилийн өмнө байгуулсан. Одоо үүнийгээ засах гээд төр засгийн удирдлагууд гүйсээр, гуйсаар явна. Харин Тавантолгойн тухайд гэрээ хэлцэл хийгээгүй ч баялгаас нь хүртээд эхэлсэн.

Нүүрсний экспорт 2008 онд 4169.3, 2009 онд 7113.2, 2010 онд 16635.1 мянган тоннд хүрсэн. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ онд 22.5 сая тонн нүүрс экспортлох таамаг бий. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн огцом өсөлтийг дагаад Монголын нүүрснээс олох ашиг ч өссөн. Харамсалтай нь алдагдалтай наймаа хийгээд байгаагаа анзаарах хүн алга.

Хятадын нүүрсний хэрэглээний өсөлт Монголын хөгжлийн түлхүүр


Дэлхийн нүүрсний хэрэглээ 2009 онд 1.8 хувиар өссөн бол өнгөрсөн онд 6.8-аар өсч, энэ онд найман хувьд хүрэх таамаг гарчээ. Харин Хятадын нүүрсний хэрэглээ жилд 10 хувиар өсч байна. Энэ нь нефтийн нөөцийн бууралт болон Японд эрчим хүчний хямрал болсонтой холбоотойгоос гадна улс орнуудын хүн ам болон эрчим хүчний хэрэглээний өсөлттэй хамаатай юм.

Дэлхийн олборлож буй нүүрсний талыг Хятад Улс хэрэглэдэгт хэн ч гайхахгүй. Хятад нөөц, олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг ч 1.3 их наяд хүний хэрэглээг хангахад хүрэлцэхгүй нь тодорхой. 2010 онд тус улс 177 сая тонн нүүрс импортолсны 129 сая нь эрчим хүчний зориулалттай, 48 сая нь коксжих нүүрс эзэлж байна.

Хүн бүрийн анхааралд өртөөд буй коксжих нүүрсний гол хэрэглээ нь ган хайлуулалт юм. Дэлхийн нийт ган хайлуулалтын 60 хувьд коксжих нүүрс ашигладаг. Харин ган хайлуулалтын 50, коксжих нүүрсний хэрэглээний 60 хувь Хятадад ногддог. Гэхдээ өнгөрсөн онд дэлхий нийтийн хэрэглээ 800 сая тоннд хүрсэн бөгөөд Хятадын хэрэглээ 500 хол давсан юм. Энэ их хэрэглээг хангахад Хятадын нөөц хаанаа ч хүрдэггүй учраас гаднаас импортлодог.

2010 онд 48 сая тонн коксжсон нүүрс импортлосны 15 саяыг Монголоос авсан байна. Судлаачдын үзэж буйгаар 2013 онд Хятадын хэрэглээ 65 сая тоннд хүрч, 30 сая гаруйг Монголоос авах таамаг гарчээ. Монголын коксжсон нүүрс Хятадын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа нь үнэн. Гэхдээ Монголын нүүрсний салбарын ирээдүй бүрхэг байгаа нь ч бас үнэн.

Манай экспортын нүүрсний 96 хувийг авдаг, дэлхийн номер нэг хэрэглээтэй улс бол Хятад гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл манай төр бодлогоороо Тавантолгойгоос Хятад уруу 150 километр төмөр зам тавихын оронд ОХУ тийш 700 гаруй километр тавих шийдвэр гаргачихсан билээ.

Монголын нүүрс хамгийн хямд

Хятадад нүүрс экспортлогч гол орон Индонез, Орос, Австрали, Вьетнам бөгөөд сүүлийн үед Монголын экспорт өсч дээрх улсуудтай толгой холбож эхэлсэн. Манай улс дангаараа 2010 онд Хятадын нийт нүүрсний импортын 10 орчим хувийг эзэлж, энэ жил 12 хувьд хүрэх гэнэ. Ийм атлаа манай экспортын нүүрсний үнэ бусад орнуудтай харьцуулахад хамгийн багад тооцогдож, үнэ хямдаар толгой цохиж явна.

Гаалийн мэдээнээс үзэхэд нэг тонн нүүрсний экспортын үнэ 2010 онд дунджаар 52.7 ам.доллар байсан бол Хятадын дотоодын үнэ 83-166 ам.доллар байсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүрсний үнэ Хятадын дотоодын зах зээлийн үнээс хоёр дахин бага байжээ.

Саяхан Хятадын Үндэсний статистикийн газар “Хятадын нийт импортолсон нүүрсний дундаж үнэ тонн тутамд 115 ам.доллар” гэсэн судалгаа гаргажээ. Гэтэл Монголын Статистикийн үндэсний хорооны судалгаагаар экспортлож буй нүүрсний дундаж үнэ 100 ам.доллар гэж тогтоожээ. 15 ам.доллар гэдэг бага мөнгө биш. Энэ сарын 15-ны байдлаар Монгол Улс 12.7 сая гаруй тонн нүүрс экспортлож 1.27 тэрбум гаруй ам.доллар олсон байна. Хэрэв нүүрсээ 115 ам.доллараар экспортолсон бол 190 сая орчим ам.доллар илүү олж, нүүрснээс олсон орлого 1.46 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байлаа.

Монголын болон Австралийн коксжих нүүрсний үнийг харьцуулбал нүүрсний төрөл, үзүүлэлтээр төстэй боловч үнийн зөрүү асар их. Австралийн коксжих нүүрсийг Монголынхоос 2.22-2.28 дахин их үнээр БНХАУ худалдан авч байна.

Уг нь “Биржийн нэр зарлах тухай” Засгийн газрын 2007 оны дөрөвдүгээр сарын 4-ний 88 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар жишиг үнэ тогтоох тухай тогтоол баталсан. Үүнд “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” гэсэн жагсаалт гаргаж, Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл гаргадаг “www.coalworld.net” цахим хуудсанд байршуулсан нүүрсний үнийг баримтлан жишиг үнэ тогтоохоор болсон. Үүний дагуу Ашигт малтмалын газар 7-14 хоног тутам, ЭБЭХЯ сар бүр нүүрсний үнийг гаргаж, өөрийн цахим хуудсанд байршуулж, олны хүртээл болгож байгаа. Тэгсэн хэдий ч хууль хэрэгжихгүй, жишиг үнээс доогуур үнээр экспортож байгааг доорх хүснэгтээс харж болох юм.

Монгол Улсын нийт экспортын 32 хувийг нүүрс эзэлдэг. Үүний дийлэнх хувийг БНХАУ-д нийлүүлж байгаа. Ойрын жилүүдэд энэ хэмжээ 40-50 сая тоннд хүрэх бөгөөд 2025 онд 90 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо гаргасан. Иймээс зарим томоохон компанийн удирдлагуудад хандаж хэлэхэд дан ганц өөрсдийгөө бодолгүйгээр, Монголын эрх ашгийн төлөө, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулбал нүүрснээс олох ашиг хэдэн зуун саяар нэмэгдэх боломжтой.

Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч болох нүүрсний салбарт шийдвэр гаргагчид ч өөрсдийн эрх ашгийн үүднээс бус эх орныхоо хөгжлийн төлөө хандвал тустай сан.

Б।Бат-Эрдэнэ Монголын үнэн/

No comments:

Post a Comment