Sunday, December 18, 2011

Дэлхийн түүх

2011 оны 12-р сарын 17

-Ертөнцийг захирсан нь-

Дэлхий ертөнц эдүгээг хүртэл тэр аяараа хэний ч өлмий дор сөгдсөн удаагүй. Тэгвэл аль улс газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн том буюу дэлхийн хэмжээнд дөхөж очсон юм бол?

Манай гаригийн газрын гадаргын хүн, амьтан суурьших боломжит хэсэг (Антарктидийг оролцуулалгүйгээр) ойролцоогоор 136,433,400 ам дөрвөлжин км талбайг эзэлдэг байна. Харин улс гүрнүүдийн дотроос бүх цаг үеийн хамгийн өргөн уудам нутгийг өөртөө нэгтгэж чадсан орон хэмжээгээрээ дэлхийн гуравны нэгийг эзэлж байжээ. Уншигч та бүхэнд улс төр, эдийн засаг, цэрэг армийн хувьд ялгуусан байлдан дагуулалт хийж газар нутгийн хэмжээгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн орнуудыг буурах дарааллаар хүргэж байна.

Үзэл суртлын хувьд улс гүрнүүдийг нэгтгэн авч үзэж доорх жагсаалтад нэмэн оруулсан байна. Бие даасан тусгаар улс болохынх нь хувьд авч үзвэл “Их Монгол” улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн түүхийн ихэнх жагсаалтад хоёрт бичигддэг. Харин зарим түүхч Монголын эзэнт гүрэн нь(1206-1405) түүхэн дэх хамгийн том, үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн байсан гэж үздэг.

Манай өвөг дээдэс хамгийн хүчирхэг үедээ 40 саяас илүү хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэмшиж байжээ. Түүхчид “Британийн эзэнт гүрэн”-ий газар нутгийг Монголоос хамаагүй том байсан хэмээн үзэж түүхэн дэх “хамгийн том эзэнт гүрэн” гэж тэмдэглэсэн байдаг нь дагаар орсон болон хараат овог аймгуудын газар нутгийг оруулаагүй тооцсон байдагтай холбоотой гэж үзэх тал ч байдаг байна.

Дээрх жагсаалтад бүх цаг үеийн дотор тодорхой цаг хугацаанд хүчирхэгжиж газар нутгаа үлэмж хэмжээнд тэлж чадсан улс орнуудыг багтаажээ. Ийм төрлийн жагсаалт нэлээдгүй олон байх боловч өөр өөрийн онцлог, түүхэн баримт бичгийн маргаантай асуудлуудаас үүдэн ондоо байх талтай аж. Ямартай ч энэхүү жагсаалт 47 улс орныг байр эзлүүлсэн байгаагаас бидний өвөг дээдэс Чингис хааны бий болгосон Монголын эзэнт гүрэн гуравдугаарт оржээ. Энд ажиглагдсан бас нэгэн сонирхолтой зүйл нь Монголоор овоглосон олон үндэстэн ястны бүрдүүлсэн улс гүрнүүд уг жагсаалтад багтсан байгаа юм. Хоёроос дээш нэр нь гарсан улс Монголоос өөр байгаагүй нь бидний өвөг эцэг зөвхөн Чингис хаан гэлгүй бүх цаг үеийн туршид ямар агуу сэцэн мэргэн ухаантай байсныг харуулж байгаа хэрэг болов уу.

Нийт 47 улсаас тэр дундаа томоохон гэж үзвэл 37 орноос монгол гаралтай улс найм байна. Гайхаж бишрэм түүх, соёл, үзэсгэлэнт байгальтай Монгол орон өнөөдөр 1,5 сая гаруй ам дөрвөлжин км газар нутагтай бол Чингис хааны ач Хубилай хаан тэртээх XIII зуунд өнөөгийнхөөс 22 дахин том газар нутгийг өөрийн мэдэлдээ захирч байжээ.

Их Британийн хамтын нөхөрлөлийн хаант улс
• Тодорхой цаг хугацаанд эзэлсэн газар нутгийн дээд хэмжээ 1917-1922 он (36,666,630 ам дөрвөлжин км )

• Бүх цаг хугацааны туршид газар нутгийн тэлсэн дээд хэмжээ (39,808,890 ам дөрвөлжин км)

Их Британийн хаант улс нь 1917-1922 оны хооронд асар их хүчирхэгжиж, түүхэнд хэний ч бүтээж чадаагүй агуу гүрнийг бий болгож чаджээ. Бүх цаг хугацааны туршид газар нутгийн хувьд хамгийн том байх үедээ АНУ-ын зүүн тэнгисийн эрэг орчим болон бусад өөртөө нэгтгэсэн бүс нутгийг багтааж байв. Хожим нь задран бутарч, XIX зууны сүүл XX зууны эхэнд дахин өргөжин тэлсэн байна.

Социалист эзэнт гүрэн
• Нийт комминуст үзэл сурталтай орнууд (35,742,000 ам дөрвөлжин км)

• Coциалист орнуудын нэгдэл (25,598,500 ам дөрвөлжин км)

Kоммунист улсууд хэзээ ч нэг удирдагчийн ташуур дор байгаагүй хэдий ч Жозеф Сталин 1948-1953 оны хооронд ЗСБНХУ-ын төрийн удирдлагыг бие даан гартаа барьж байсан юм. Тухайн үед үзэл суртлын дор нэгдсэн эзэнт гүрэн нь Орос тэргүүтэй социалист орнууд болон Хятадаар ахлуулсан зүүн зүгийн орнууд хэмээн хуваагдаж байжээ. Нийт коммунист ертөнцийн орнуудын газар нутгийн хэмжээнд эвсэлд үл нэгдсэн коммунист орнууд болох Ангол, Танзань Лаос багтаагүй болно.

Монголын эзэнт гүрэн
• Монголын нийт газар нутгийн хэмжээ Юань гүрний үед (33 ,152,000 ам дөрвөлжин км)

Монголын эзэнт гүрний ноёрхол 1238-1268 оны хооронд оргил цэгтээ хүрчээ. Зарим түүхэн газрын зургууд Сибир нутгийг бүхэлдээ Монголынх байсан хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Гэхдээ үгүй ч байх магадлалтай гэнэ. Нүүдэлчин монголчууд тухайн үед Сибирийн баруун хэсэг дэх үлэмж хэмжээний нутаг руу нэвтэрч чадсан гэдэг.

Гэхдээ Монгол ямар ч цэргээ Якут, Магадан руу илгээгүй бөгөөд Арктикийн бүс нутгийн ойролцоо дөхөж очсон гэх түүхэн баталгаа байдаггүй аж. Ази, Европыг нэгтгэсэн байлдан дагуулалтын энэ үеийг Монголын түүхэн дэх алтан үе гэж үздэг.

Испанийн колонийн эзэнт гүрэн
• Газар нутгийн дээд хэмжээ (19,425,000 ам дөрвөлжин км)

Испани улс нь 1740-1790 оны хооронд хамгийн өргөн уудам газар нутгийг эзэмшиж байжээ. Өмнөд Америкийн тэн хагас, Хойд Америкийн гуравны нэг нь болон Номхон далайн сав газар тухайн үеийн тус улсын мэдэлд байв. Испани Португалын колоничлолын нэгдсэн улс гээд бодоод үзвэл харьцангуй том байх ёстой биш гэж үү хэмээн эргэлзэж байвал үгүй гэнэ.

Тус хоёр улс 1580-1640 оны хооронд нэгэн титмийн дор нэгдсэн хэдий авч, Португал Бразил улсын зөвхөн эрэг хавийн нутаг, зарим өмнөд хэсэг газрыг эзэмшиж байжээ. Тухайн үед Амазоны сав газрыг бүхэлд нь илрүүлээгүй байсан учир тус хэсэг Испанийн газар нутагт багтах үндэслэлгүй. Өмнөд Африкийн хувьд ч Португалийн байлдан дагуулалт дээрхтэй ижил нөхцөл байдалд байжээ.

Оросын холбооны улс
• Газар нутгийн дээд хэмжээ (17,073,280 ам дөрвөлжин км)
Дээр дурьдсанчлан Орос нь холбооны улсуудын нэгтгэгч хүчин буюу социалист ертөнцийн төв цэг байсан билээ. Хэдийгээр тус улсын харьяанд байсан олон улс гүрнүүд салан тусгаарлаж, ганцаараа шахам үлдсэн ч ОХУ өнөөдөр дэлхий дээрх хамгийн том газар нутагтай орон хэвээр байгаа юм.



Фашист дэглэмийн орнууд

• Японы газар нутаг, байлдан дагуулалт (7,417,760)
• Германы газар нутаг, байлдан дагуулалт ( 3,898,000)
• Италийн газар нутаг, байлдан дагуулалт (3,732,341)
• Бусад фашист холбоотон орнууд (646,982 ам дөрвөлжин км)
• Нийт фашист холбоотон орнуудын газар нутгийн хэмжээ ( 15,695,083)

Дэлхийн II дайны үеийн фашист хүчнийхэн нэгдсэн нэг хүний захиргаан дор хэзээ ч байгаагүй билээ. Тэдгээр улсыг тулгуур гурван орон ба жижиг туслагч гүрнүүд хэмээн авч үздэг аж. Үнэн хэрэгтээ зарим нэг жижиг улсын хувьд зөвхөн нэр төдий холбоотой байсан байдаг. Тухайлбал, хоёр орны хоорондох дайсагналд гуравдагч хүчний бага ч гэсэн дэмжлэг, хамгаалалт хэрэг болох нөхцөлд тэдний сунгасан гарыг ашигладаг байж.

Фашизмын дэглэмт гүрнүүдийн хийсэн хамгийн том дайралт бол 1942 оны 8-10 дугаар сарын хооронд Германы арми Сталинградын хаалганд тулан ирж, бүслэлтэндээ байлгах хугацаандаа Египт улс руу дайрч, тус улсын боомт хот болох Александрт 70 км-ээс багагүй зайд дөхөн ирсэн удаатай аж. Харин Японы арми Соломоны арал руу дайрах оролдлого хийсэн хэдий ч АНУ-ын хариу давшилтад Guadalcanal-т бууж ч чадалгүй далай дээр бут цохиулж, багагүй хохирол амссан байдаг.

Уйгур улс
• Газар нутгийн нийт хэмжээ (7,770,000 ам дөрвөлжин км)

Эх захгүй нутгийн эзэн нь болон амьдарч байсан Уйгур улсын газар дэвсгэр Өмнөд Сибир, Монгол, Манжур, Казахстан, Шиньжаны зарим хэсгийг багтааж байжээ.

Уйгурууд (эртний Түрэг хүмүүс) Шиньжаны хэсэг газрыг манай эриний 630 онд Хөх Түргийн салан тусгаарлалтын дараах үе хүртэл захирч байсан түүхтэй. Тэдний ялгуусан байлдан дагуулалтын хүчирхэг үе ойролцоогоор манай эриний 760-795 оны хооронд үргэлжилсэн байдаг. Улмаар тус улс МЭ 850 онд хагаран бутарчээ.




Төмөрийн эзэнт гүрэн
• Газар нутгийн нийт хэмжээ (3,742,550 ам дөрвөлжин км)
Төмөрийн (Доголон Төмөр) эзэнт гүрний үүсэл нь Монголын нүүдэлчин аймаг Барлабаас улбаатай.

Тус улс Трансоксиана (одоогийн Төв Ази), Хорасаны (одоогийн Иран, Афганистан, Узбекстан, Тажикстан)-ы ихэнх хэсгийг эзэмшсэнээр байгуулагдсан түүхтэй. Төмөрийн эзэнт гүрэн 1380-1405 оны хооронд оршин тогтнож байжээ.











Алтан ордны улс (Зүчийн улс)
• Газар нутгийн дээд хэмжээ (тусгаар улс болсны хойно) 3,742,550 ам дөрвөлжин км

• Газар нутгийн дээд хэмжээ (Монголын эзэнт гүрний харьяанд 3,431,750 хавтгай дөрвөлжин км)

Алтан ордны улст баруун монголчууд давамгай байсан бөгөөд Орос, Украины ихэнх газар нутгийг эзэлж улмаар Европ тив рүү нэлээд гүн нэвтэрч чадсан байна. Монголын эзэнт гүрний нэг хэсэг байх үед, салан тусгаарлаж бие даасан статустай оршин тогтнож байх үе хэмээх хоёр өөр газар нутгийн хэмжээтэй байж. Зүчийн улсыг Кипчакын тал нутагт оршин суудаг байсан учир “Кипчакын хаант улс” ч гэж нэрлэдэг байжээ. Тус улсын удаах хаанаар дэлхийд гавьяа нэрээ дуурсгасан Бат хаан тодорсон билээ.

Цагаадайн улс
• Газар нутгийн нийт хэмжээ (3,367,000 ам дөрвөлжин км)
Монголын эзэнт гүрний харьяа орд улс болон 1227 онд байгуулагдсан бөгөөд эзэнт гүрний нэгдмэл байдал үгүй болох хүртэл буюу 1335 оныг дуустал Монголын ноёрхолд байжээ. Үүний дараагаар Цагаадайн улс богино хугацаанд Шиньжань Узбекстаны ихэнх хэсгийг, Казахстан, Киргизстаны газар нутгийн тал орчим хувийг Зүүн ба Баруун ордны улс руу хуваагдахаасаа өмнө захирч байжээ.

Хөх Түрэг
• Газар нутгийн нийт хэмжээ (3,367,000 хавтгай дөрвөлжин км)

Сибир орчимд голчлон суурьшиж байсан орд улс бөгөөд эртний Жу Жан гүрний залгамжлагч юм. Тэд одоогийн Турк ард түмний өвөг билээ. Хөх Түрэг нь V, VI зууны эхэн үе, VII зууны сүүл үе хүртэлх хугацаанд Өмнөд Сибир болон Монголын тал нутгийг захирч байжээ. Улмаар Зүүн ба Баруун орд улс руу салан хуваагдаж хөрш аймгуудын удаа дараагийн дайралтад өртөж хүч чадал нь тарамдсан гэдэг. Харин XI зууны үед хүчирхэгжин дахин гарч ирсэн түүхтэй.

Хүннү гүрэн
• Газар нутгийн нийт хэмжээ (2,849,000 хавтгай дөрвөлжин км)
Хүннү улс Төв Азийн баруун хэсэгт оршин сууж байсан хүчирхэг нөлөө бүхий томоохон овог аймаг байв. Хятадын ард түмэн тэднийг Сүннү хэмээн дууддаг байсан бол энэтхэгчүүд Хуна хүмүүс хэмээн гэдэг байжээ. Хэдийгээр “Хүннү” нэрийг “Нарны хүн” хэмээн утгачилдаг боловч хятадуудын судар бичигт “Хэрцгий боол” гэж бичиж үлдээсэн байдаг байна. Гэвч энэ нь хятадуудын өөрсдийн өгсөн нэр байх магадлалтай аж. Баруун хүннүчүүд IV зуунд Волга мөрөнг гатлан Украинд очиж улмаар Европт суурьшжээ.

Хүннү гүрний хойч Атилла 450-455 оны үед Европыг чичрүүлж байсан түүхтэй. Хүннү гаралтай овог аймгууд ялангуяа урд талын хил орчимдоо нэлээд эмх цэгцгүй байсан бөгөөд Атиллагийн захиргаанд бүрэн нэгдэж чадаагүй тул тэднийг хаант улс гэж дуудахад учир дутагдалтай хэмээн үздэг. Гэсэн хэдий ч Хүннү гүрэн газар нутгаа хүчирхэг Төв Европ тийш хүртэл тэлэн, Балканыг өөрийн эрхшээлдээ оруулж, олон үндэстэн ястны хувь заяаг гартаа атгасан агуу улс байсныг түүх гэрчилдэг билээ.

http://mongolianeconomy.mn/


"Mongolian Economy" сэтгүүлийг та электрон байдлаар бүрэн эхээр нь худалдан авахыг хүсвэл энд дарна уу.

No comments:

Post a Comment