Saturday, September 22, 2012

Эх орны даалгавраар Дилов хутагт В.Жамсранжав хилийн чанадад.

Шинэ үеийн тагнуулын байгууллагын эх үүсвэр 1922 онд Дотоодыг Хамгаалах Газар нэртэйгээр байгуулагдсан үеэсээ эхлэн улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж ирсэн юм.

1920-иод оны сүүл үеэс Япончууд БНМАУ-ын дорнод, зүүн өмнөд хилээр довтлох бэлтгэл хийж байхад, Гоминьданы хятад манай баруун хилд цэргийн хүч хуралдуулан, түвдийн 6 дугаар Банчин Богд Гэлэгнамжилын нэр нөлөөг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж байжээ. Иймд Банчин Богдын санаа зорилго, Хятад, Японы манай улсын талаарх байр суурь, Банчин Богдын хань харилцаа, үйл ажиллагааг судлан тодруулах үүрэг Дотоодыг Хамгаалах Газар болон Цэргийн тагнуулын байгууллагын өмнө тулгарчээ. Энэхүү зорилтыг шийдвэрлэхийн тулд олноо Дилав хутагт хэмээн алдаршсан В.Жамсранжавыг /1882-1965/ хилийн чанадад нууцаар гаргаж, түвдийн 6 дугаар Банчин хэмээх Гэлэгнамжилын дэргэд суурьшуулан, түүний санаа, зорилго болон Япон, Хятадын зүгээс манай улсын эсрэг явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг тагнан мэдэх тагнуулын арга хэмжээ зохиосон байна.

Дотоодыг Хамгаалах Газраас Жамсранжавыг таван настайгаасаа Дилавын хувилгаан дүрээр тодорч, хийдэд дөч гаруй жил шавилан сууж, буддын шашны боловсрол, хүмүүжил олсон, төрийн хэргэм ямбанаас хуваалцаж явсан тамгагүй хутагт, бурхан шашны томоохон зүтгэлтэн, нэр нөлөө бүхий хутагт лам учир Банчин Богдод итгэгдэх үндэслэлтэй хэмээн үзсэн ба мөн дээд ангийн ламын хувьд мал хөрөнгөө хураалгаж, Эрэгдэндагвын “38”-ын хэрэгт холбогдон баривчлагдаж, 2 жил тэнсэн харгалзах ялтай суллагдсан, 1928 онд Дотоодыг Хамгаалах Газраас Банчин Богдод мөргөхөөр явах зөвшөөрөл хүссэн боловч хойшлогдсон зэрэг асуудалтай нь холбогдуулан түүнийг “Монголоос оргон ирэв” гэсэн халхавчаар Банчин Богд руу явуулах төлөвлөгөө зохион хэрэгжүүлэхээр болжээ.

Дилав хутагт даалгавар ёсоор 1931 оны 2 дугаар сарын 26-ны шөнө сойвон Санжийн Гэндэн, лам Намжил, Гүнчин, Даваа, Шижир нарын хамт гарч явсаар Дорноговь аймгийн Өлгийн хийд дээр очиж, тэндээс өөрийн шавь Содномдаржааг газарчнаар дагуулан нутгийн хилийг Модон-Овоо гэдэг газраар нэвтрэн гарчээ. Түүнийг ийнхүү явахад Дотоодыг Хамгаалах Газраас 1931 оны 2 дугаар сарын 25-нд “Үүнийг үзүүлэгч Шижир болвоос таван хүнийг хязгаар нэвтрүүлэхээр яваа нь үнэнтэй тул энэхүү хуудас шийтгэн олгов. Тохиолдох ангийн тэргүүлэгч үүнийг үзээд биеэр явж, хязгаар нэвтрүүлэн гаргаваас зохино” хэмээснээс үзэхэд тусгай даалгавартай гарсны нэгэн нотолгоо юм.

1931 оны 3 дугаар сарын 16-нд Дотоодыг Хамгаалах Газарт ирсэн нэгэн зурвас бичигт: “Зохих газраа, өчүүхэн бид Улаанбаатар хотоос мордсоноос замын зуур найрамдалтайгаар мэнд сайн явж, Шанхай уулын /Өмнөговь/ хошууны зүүн өмнө хязгаар Модон-Овооны зүүн талаар нэвтэрсэн ба гаргаж өгсөн нөхөр буцсан зэргийг аяндаа бүрнээ толилох тул одоо уг явдлаа яахан дүүрнээр бүтээхийг туйлаас эрмэлзэн зүтгэхийг гаргав” хэмээсэн байна.

Дилав хутагтыг хил давуулсаны дараагаар Монгол, Өвөр Монголын нутагт болон Монголоос дүрвэн гарсан иргэдийн дунд түүнийг “Эрэгдэндагвын 38-ын хэрэгт шийтгэгдээд эх орноосоо оргон гарлаа” хэмээн зарласан нь эхэн үедээ хүмүүст үнэмшлийг төрүүлсэн халхавч болсон хэдий боловч хожим цаг үеийн ээдрээт нөхцөл байдлын улмаас энэ халхавч нь жинхэнэ “оргодол” болгон хувиргажээ.

Хил гарсаны дараа Дилав хутагт Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны ноёнтой учран оргож яваа байдлаа мэдүүлэн хэлж, зөвшөөрлийн бичиг аваад Дархан бээлийн хошуунд очмогц лхарамба Шаравтай танилцан, улмаар Батхаалгын сүм дээр суурьшжээ. Батхаалганд байхдаа Сөнөд ван болон Япончуудтай ойр дотно харилцан хурал номын ажил эрхлэн амьдарч эхэлсэн байна.

1932 оны 6 дугаар сарын 28-нд Бээжин хотноо сойвон Гэндэнтэй очиж, Банчин Богдтой уулзан мөргөж, түүний хамт Нанжин хотноо болох хуралд очиж, Халхын тухай асуудал хэлэлцэх төлөөлөгчөөр сонгогдон, тэдний итгэлийг олж, үүргээ биелүүлэх ажилд орж эхэлсэн байна.

1934 онд Япончууд Шилийн голд орж ирэхэд Дилав хутагт Өвөр Монголын тэргүүн ноён Дэмчигдонров ванг түшиглэн Монголын Засгийн явдлын зөвлөлд орж, улс төрийн үйл ажиллагаанд оролцон Японы цэргийн эрхтнүүдтэй уулзаж, дотно харилцаж, Хятад, Өвөр Монголын аль нутагт дураар зорчих тамга бүхий эрхийн бичигтэй болжээ. Улмаар Нанжингийн засгийн газрын хууль байгуулах хорооны тэргүүлэгч, Банчин Богдын яамны Монгол хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллажээ.

1939 онд тэрээр Чунцин хотноо суурьшсан бөгөөд мөн онд Япончууд Баруун Сөнөдийн нутаг Бүтэмжийн говьд нутаглаж байсан 1932 онд дүрвэн гарсан Ганжуурваа хувилгааны зуун өрх айл, Дархан бээлийн хошуугаар нутаглаж байсан Очирдарь хувилгааны ная гаруй өрх айл, Дунд гүний хошууны Хүрд Хар-Усаар нутаглаж байсан хорь гаруй айлыг цуглуулан 1941 онд “Дилавын хошуу” гэгчийг байгуулж, даргаар нь Намсрайг томилсон байна. Япон, Хятадын зүгээс Дилав хутагтын нэр нөлөөг ашиглан халхын оргодлуудаар хошуу байгуулсан нь тус улсын эсрэг тагнуулын бааз суурь болгон ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилготой байсан бөгөөд Дилав хутагт тухайн хошуунд удаан суурьшаагүй байна.

1938 оноос эхлэн Дилав хутагт Дотоодыг Хамгаалах Газраас үндсэндээ холбоогоо таслан хөндийрч, Хятадын гүн тийш амьдран суух болжээ. Түүний дэргэд болон түүнтэй харилцаа холбоо барьж байсан зарим мэдээлэгч, тагнуулчид түүнийг урвасан, өөрсдийг нь элдвээр сэжиглэсэн, Япон, Америкийн тусгай албанд элсэгдэн ажиллах болсон гэх мэтийн утга зөрүүтэй мэдээг Дотоодын Хамгаалах Газарт өгч байжээ. Мөн Дилав хутагтыг дагалдан явсан хүмүүс түүний хувийн амьдрал болон шашны асуудалд нь оролцож, зааж зааварлах болсон, “Гүн” нэрээр ажилласан мэдээлэгч нууцаа задруулсан, 1937-1939 онд Монголд их хэлмэгдүүлэлт болсон зэрэг нь Дотоодыг Хамгаалах Газраас хөндийрөх шалтгаан болсон бололтой.

Түүнчлэн түүнд үүрэг даалгавар өгч явуулсан хүмүүс 1937-1939 онд хэлмэгдэж үгүй болсон, түүний тагнуулын ажлаар явсан үнэн шалтгааныг мэдэх хүнгүй болж, анхны “оргодол” хэмээх нэр нь туйлын үнэн болж хувирсан зэрэг ээдрээт нөхцөл шалтгааны улмаас эх орондоо эргэж ирэх боломжгүй болсон байна.

Дилав хутагтыг түшиглүүлэн суурьшуулах, түүнтэй холбоо бариулахаар хүмүүсийг нэг биш удаа явуулж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд харин нэг удаа холбоо бариулахаар очсон хүн Японы тусгай албанд баригдсаныг суллуулан буцах боломжийг нь бүрдүүлэн өгч байжээ.

Япончууд 1942 онд Дилав хутагтыг Түвдэд явуулж, 9 дүгээр Богдыг тодруулах ажилд ашиглахаар төлөвлөсөн байна. Түүнийг Гонконгд очиход Английн тагнуулынхан мэдэж, Гоминьданыханд мэдэгдсэнээр Чунцинд мэхлэн аваачжээ. Тэнд очоод Гоминьданы Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан хуучин танил О.Латтимортой хамт сууж, Гоминьданы улс төрийн зөвлөлийн зөвлөхөөр ажиллах болжээ. Ийнхүү тэрээр Гоминьданы Засгийн газраас зөвшөөрөл авч, 9 дүгээр Богдыг тодруулах ажлаа үргэлжлүүлэхээр Түвдэд очсон боловч төдийлөн идэвх гаргалгүй Өвөр Монголд буцаж ирсэн байна. Дэмчигдонров ван 1942 оны сүүлийн хагасаас өөрийн гурав дахь хүү Очирбатыг Жибзундамба хутагтын хувилгаан болгохыг Далай ламаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Дилав хутагтад 70 мянган юань өгч, Лхаст явуулахаар шийдсэн байна. Дилав хутагт энэ мөнгийг Бээжинд суугаа Английн Элчин сайдын яамаар дамжуулж, Түвд рүү гуйвуулаад өөрөө Чуулалт хаалгаас гарч, Хөх хот, Бугат Хөхнуураар дамжин Түвдийн нийслэл Лхаст очжээ. Ингээд Түвдэд хэдэн жил ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул Чунцинд дахин буцан ирж, дахин Чан Кайшигийн дэргэд ажиллах болжээ.

1949 оны 3 дугаар сард Америкийн эрдэмтэн профессор О.Латтиморийн тусламжтайгаар Америкт очиж, Балтимор хот дахь Жон Хопкинсийн Их Сургуулийн Гадаад хэлний салбарт зөвлөх багшаар ажиллаж байгаад 1950-1952 онд цагаач халимагуудтай хамтран Нью-Жерси мужид Грийвүүд Акридэд буддын шашны анхны сүмийг байгуулагдахад ширээт ламаар залагджээ. Үүнээс хойш Дилав хутагт нь тус сүмд шашны ажил эрхлэхийн зэрэгцээ өөрийн улс төрийн дуртгал намтрын талаар тэмдэглэлүүд бичих болсон байна. Тэрээр 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотод нас баржээ.

Түүнийг 1930 онд Б.Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан баривчилж, 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэснийг 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлын 4 дүгээр тогтоолоор хэргийг цагаатгасан байна.

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал үүрд хэвээр байгаасай гэсэн бодол, сэтгэл, итгэл Дилав хутагт В.Жамсранжавын сэтгэлээс уяатай байсан нь дамжиггүй юм.

No comments:

Post a Comment