Tuesday, March 17, 2015

Д.Бямбасүрэн: Монгол төрийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид тодорхойлдог болжээ

Зууны мэдээ
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, эдийн засгийн ухааны доктор Дашийн Бямбасүрэнг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.
-Та сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?
-Тавтай сайхан байна, Хонин жилийн Хавар сайхан эхэлж байна.
-Хонь жилийн эхэнд тантай уулзсаных энэ онд  улс орны эдийн засаг, төр засгийн байдал, иргэдийн амьдрал ямар байх талаар таны бодлыг сонирхоё?
-Эдийн засгийн хувьд эрээн бараан юм бишгүй байна. Гэхдээ амны билгээс ашдынх гэж, Монголын заяа өндөр юм болохоор урагштай  юм бий, түүний хажуугаар сэтгэл зовоосон зүйлүүд  ч чамгүй байна.
-Хэдхэн хоногийн өмнө шийдлийн Засгийн газрын 100 хоног  өнгөрлөө. Түүнд дүн тавих ёстой улстөрийн намууд, сөрөг хүчний төлөөлөл дуугарсангүй. Та энэ талаар дүгнэлт хийв үү?
-Засгийн газрын 100 хоног гэдгээс өмнө миний хувьд нэрийг нь жаахан өөлмөөр санагддаг. Чингис хаан Монгол Улсаа байгуулахдаа Их Монгол Улс гэж нэрлээд Монгол Улсын төр гэж явсан. Сүүлд Манжийн төрийн үеэс эхлэн Тэнгэр тэтгэгчийн төр, Эвээр засагчийн төр, Энх-Амгалангийн төр, Найралт төвийн төр гэхчлэн цоллож, хамгийн сүүлд Бадаргуулт төрөөр төгссөн. Манай улс төрийн хүчнүүд Манжийн төрийн үеийг дууриаж засгаа байгуулчхаад гоё нэр цол өгдөг боллоо. Түрүүчийнх нь “Шинэчлэлийн” Засгийн газар гэдэг нэртэй байсан. Юун шинэчлэх байх вэ дээ, бүгдийг нь хямрааж хаячхаад алга боллоо.
Шинээр байгуулагдсан Засгийн газар өөртөө “Шийдлийн” гэсэн нэр өгсөн. Хүнд үед засгаа хөдөлгөж төрөө шинээр байгуулна гэдэг маш том алхам. Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн асар өндөр төвшинд, зоримог, зөв шийдвэрүүд гаргах ёстой.
Гэтэл 100 хоногт явуулсан үйл ажиллагааг нь харахад шинэ Засгийн газар маань төрөлхийн сульдаатай гарчихжээ.
Хүнд үед засгаа хөдөлгөж төрөө шинээр байгуулна гэдэг маш том алхам. 
Олон салбарын бодлогыг нэг бүрчлэн тоочих боломжгүй ч эдийн засаг, хүмүүсийн сонирхож байгаа гол салбарыг нь аваад үзэхэд ямар ч ахиц гарсангүй.
Асуудлыг нэг талаас нь барьж аваад нөгөө талаас нь хазаад тэгээд жаахан долоож байгаад эргүүлээд тавьж байгаатай адил санагдах юм. Уг нь ийм үед ажиллаж байгаа Засгийн газарт бодох хоёр л зүйл байдаг.
Нэгд, эдийн засгийнхаа төрхийг өөрчлөх ёстой. Үүний тулд боловсруулах үйлдвэрүүд рүү өгөх хэдийгээ боловсруулж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ дэмжих, экспортын шинэ эх үүсвэрийг нээх чиглэлд том бодлого хэрэгтэй байсан. Аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлого гэсэн баримт бичгийн төслийг би үзсэн л дээ.
Социализмын үеийн муухан техникумын сурах бичгүүд дээр ч арай тэрнээс дөнгүүр юм бичдэг байсан. Гэтэл тийм юмыг төрийн бодлого гэж нэрлээд явж байгаа нь өрөвдөлтэй. Засгийн газрын хоёр дахь бодох зүйл нь хямралын үед төрийн бодлогын архитектур, зохиомжийг өөрчлөх ёстой. Энэ бол татварын бодлого, зээлийн бодлого, мөнгөний бодлого, цалин хөлсний бодлогоо өөрчлөх ёстой гэсэн үг. Гэтэл тэрийгээ хийж чадсангүй. Чадах ч нөхцөл байсангүй.
Өмнөх Засгийн газар нь төрийн бодлогынхоо бүх механизмыг цуцалж, хүчингүй болгоод баячуудад нь 30 жилийн тогтвортой байдлын гэрчилгээ өгөөд, арай ядууханд нь таван жилийнхийг өгч, бүр жижгүүдийг нь хоосон хаяад, ингээд  эдийн засгийнхаа орон зайг задлаад хаячихсан юм.
Үүнээс болж зохицуулалт хийх ямар ч боломж байхгүй болсон. Энэ талаас нь Засгийн газарт  би сэтгэл дундуур байгаа. Сэтгэл дундуур байх бас нэг шалтгаан нь Монголын төрийн бодлогыг Монгол түмний эрх ашиг, нийгмийн тогтвортой байдал, аюулгүй байдлын асуудал тодорхойлохоос илүү гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашиг тодорхойлдог боллоо.
Он гарснаас хойш хийсэн хоёр гол ажил нь Урт нэртэй хуулийг өөрчлөх тухай болон  Гацуурт дахь Ноён уулын орд газрын асуудал байлаа. Түүн дээр хамаг цагаа барлаа. Монгол төр гаднын нэг компанийн өмнө сөхрөх гэж яйжганасаар байгаад хугацаа алдаж байгаа нь харамсалтай.
Гэтэл эдийн засгийн ерөнхий байдал улам хүндэрлээ.Төгрөгийн ханш унасаар байна. Хуучин өрнүүд дээр шинээр нэмэгдэж сүүлдээ инээдтэй байдалд орж байна шүү дээ.
-Ийм байдалд хүргэсэн зүйл нь дотоодын улстөржилт. Түүнээс болж гаднын  хөрөнгө оруулагчид үргэж,  байдал хүндэрсэн гэж дээр доргүй  тайлбарлах юм?
-Манай эдийн засгийн амьдрал, суртал ухуулгын хүрээг аваад үзвэл маш сонин дүр зураг харагддаг. Ялангуяа 2012 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхээ болилоо, үүнээс болж эдийн засаг сүйрлээ гэж өдөр, шөнөгүй улигладаг, номлодог, сурталддаг хүрээ бий болсон.
Үүнийг бодитойгоор аваад үзье л дээ, “Эрдэнэт”  гэхэд л манай эдийн засагт их чухал үүрэгтэй, түшигтэй, өөрийн болгож авсан, нутагшуулсан технологитой  ийм үйлдвэр. Тэгвэл “Эрдэнэт”-ээс хойш сүүлийн арван жилд юу хийв.
“Эрдэнэт”-ээс тав дахин илүү хүчин чадалтай Оюу толгойг ашиглалтад орууллаа. Гэрээгээ арчаагүй хийгээд алдчихлаа. Тэр үед Ерөнхий сайдаасаа өгсүүлээд салбарын сайд нар маань орлогын 70 гаруй хувь нь Монголд орж, ашгийн 59 хувийг Монгол авах нь гэж зарим нь  толгойгоороо дэнчин тавьж байгаад Их хуралд оруулж гэрээгээ батлуулж алга ташаад байсан шүү дээ.
Өнгөрсөн жил Оюу толгой хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 150 тэрбум төгрөг л өгсөн. 70 биш долоон хувь нь Монголд үлдлээ, бусад мөнгөө аваад гарчихсан. Бусад орд ч адил. Тухайлбал, Таван толгойгоо ашиглалтад орууллаа.
Таван толгой  бол Монголд байтугай Ази тивд  ховорт тооцогдох  коксжих нүүрсний орд газар. Жилдээ 20 сая тонн нүүрс олборлоод байхад Монголыг өлхөн тэжээгээд байхаар уурхай. Гэтэл түүнийгээ  тав хуваагаад алдчихлаа. Газрын тосоо олборлолоо. Монголд олборлосон газрын тосыг Монголын дотоодод боловсруулахгүй гэж гэрээ зураад гаднын компанид өгчихсөн. Өнөөдөр өөрсдөө  гаднын компаниас  газрын тос гуйгаад сууж байна. Уранаа бас  гадныханд өглөө. Уран бол дэлхийд маш их үнэтэй эрчим хүчний эх үүсвэр. Гэтэл түүнийгээ өгч, баахан хэрүүл маргаан хийж эцэст нь 100 сая ам.долларын өртэй хоцорлоо.
Монгол ядуу хэвээрээ, өртэй хэвээрээ, эдийн засаг нь улам хямарсан хэвээр хоцорлоо.
Таван толгой дээр  “Чалко”-д өртэй үлдсэн, түүнийгээ гурван жилд төлж чадахгүй. Өнөөдөр 133 сая ам.доллар буюу 250 тэрбум төгрөгийн өртэй байгаа шүү дээ. Араас нь Ерөөгийн төмрийг алдлаа, Сүхбаатар аймаг дахь Төмөртийн орд, цайрын баяжмалаа алдлаа. Дорнодын металлургийн ордоос сорчилж байгаад тавиад туучихлаа. Монгол ядуу хэвээрээ, өртэй хэвээрээ, эдийн засаг нь улам хямарсан хэвээр хоцорлоо.
Үүнээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр, уул уурхайгаа ашиглах чиглэл, уул уурхай Монголыг тэжээнэ, тэтгэнэ хэмээн явуулж байгаа ухуулга, уул уурхайд гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулагчид гэдэг маань ерөөс үндэстэн дамнасан луйварчин корпорациудын ашиг сонирхол Монголд орж ирээд байна гэсэн үг.
Тэд Монголыг цөлмөөд гараад явахад  тэдний гарыг долоосон Монголын суртал ухуулагчид, нийтлэлчид, улстөрчид, сайд нар, эрх мэдэлтнүүд баяжаад үлдэхээс биш Монголд юу ч үлдэхгүй. Үүнийг ойлгож, өөрсдөө цэвэрших асуудал чухал.
-Хөрөнгө оруулагчид цаашид ч орж ирнэ. Харин тэдэнд  тавих шалгуур ямар байх ёстой бол? 
-Монголын хуулийг хүндэтгэдэг, Монгол төр нь баялгийнхаа эзэн гэдгийг ойлгодог, ард түмэн нь тэрний өмчлөгч нь юм байна, хянадаг юм байна гэдгийг ойлгодог, ийм компаниуд Монголтой түншилж, удаан хугацаанд найдвартай хамтарч ажиллахыг үгүйсгэхгүй. Тэрнийг дэмжих хэрэгтэй. Өнөөдөр Ноён уулын тухай яриад л байна. Гэтэл “Сентерра Голд” өмнө нь   алтны ордыг  яаж ашиглалаа. Арван жил олборлоно гэж тогтвортой байдлын гэрээ хийчхээд эхний таван жилд бүх алтыг нь ухаж аваад хаячихсан, татвар бараг төлөөгүй.
Тэдний Ази, Африк руу явсан мөрийг нь харвал цусан мөртэй архаг луйварчин л юм билээ
Тэд Киргизэд алтны орд эзэмшихдээ 18.1 хувийн нөөц ашигласны төлбөр төлсөн бол манайд тавхан хувийг төлж байгаа. Ийм байдлаар Монголыг цөлмөж амташчихаад салж өгөхгүй байгаа юм. Тэдний гадаад орнуудад ажилласан туршлагаас үзэхэд сэтгүүлч, ухуулагч, эдийн засагч гээд салбар бүрийн үй түмэн хүнийг хахуульдаж худалдаж аваад суртал ухуулга хийлгэдэг.  Гадна талдаа түүнээс ч хүчтэй суртал ухуулгын баг бий болгочхоод хулгай нь баригдаад ирэхээр “Монголд биднийг хавчиж байна”, “Монголд хөрөнгө оруулагчдын орчин муудлаа” гээд дэлхий даяар шуугьж орилуулдаг.
Тэрэндээ бүр  гаршчихсан. Тийм хүмүүстэй бид түншлэх гээд байх юм. Хэн нь хэн бэ гэдгийг эргэж харвал яасан юм бэ. “Рио Тинто”-г орж ирэхэд Монголчууд дэлхийн том компани гээд угтаж байсан. Гэтэл орж ирээд яав.
Орд газраа бусдад шилжүүлэх гэж оролдлоо, анхны хөрөнгө оруулалтаа нэмлээ, татвар төлөхгүй Нидерланд руу зугтах гэж үзлээ, татвараа дутуу төлж үзлээ, ажилчдаа мянга мянгаар нь  халлаа. Тэдний Ази, Африк руу явсан мөрийг нь харвал цусан мөртэй архаг луйварчин л юм билээ.  Ийм компани Монголд орж ирээд Монголыг гэхгүй нь лавтай. Энэ  бүхнийг сайтар  харж, дүгнэлт хийх ёстой болж  байх шиг. 
-Манай хуулийн орчин тогтворгүй, дээр нь цоорхой ихтэй. Тийм хуулиар гэрээ хийдэг, дараа нь Арбитрт очоод  уначихдаг, тэгээд шүүхийг зүхэх юм. Дотооддоо  хариуцлага эзэнгүйддэг боллоо?
-Ашигт малтмалын хуулийг 1997 онд баталсан нь Монголын газрын хэвлийг нээгээд гаднын өлсгөлөн шувуудад тоншуулах хууль болсон. Гэхдээ зарим зүйл заалт нь нааштай байсан. Гэтэл 2006 онд “Айвенхоу Майнз”-ийн захиалгаар хуулиа өөрчилсөн. Тухайн үед уул уурхайн орд газруудыг ил далд эзэмшиж байсан ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд Их хуралд сууж байсан. Гаднын нэг компани орж ирээд ганц юм хэлэхэд манайхан хуулиа өөрчилж эхэлдэг.
Тухайлбал, Гол мөрний эх, урсац бүрэлдэх газрыг хамгаалах тухай хууль байна. “Сентерра Голд-ийн шаардлагаар хуулиа өөрчлөх гэж гурван жил дараалан он дамнуулж  оролдоод сая тэрийгээ хийлээ. Уул уурхай мэддэг хүн энэ салбарын сайд болж байсан удаа байхгүй. Нэг мэдсэн хятад хэлний орчуулагч, нэг мэдсэн нэхмэлчин, эсвэл бие хамгаалагч аваачаад уул уурхайн сайдаар тавьчихсан байдаг. Яагаад ингэж байна гэвэл, цаанаасаа Монголын уул уурхайг сонирхогч этгээдүүдийн идэш болгож хаях, сайд нь тэдний гарт байх, тийм л болзол төрүүлээд байдаг.
Нэг мэдсэн хятад хэлний орчуулагч, нэг мэдсэн нэхмэлчин, эсвэл бие хамгаалагч аваачаад уул уурхайн сайдаар тавьчихсан байдаг
Тийм болохоор хуулиа үргэлж зөрчинө, тэр нь явсаар торгууль болоод буцаад ирдэг. Арбитрыг би буруутгахгүй  байна. Арбитр улс орон болгонд, олон улсын хэмжээнд байдаг. Олон улсад нэр хүндтэй Шведийн юм уу, Лондоны арбитр байна.
Тэд аж ахуйн маргааныг шийддэг. Лондоны шүүх дээр гэхэд л  манай улс “Марубени” корпорацитай хийсэн  маргаанаа аваад ирж байсан удаа бий. Тэр бол зуун жилийн өмнөх жишгээр шийдсэн хэрэг.
Өнөөдөр ч ялгаагүй шударга ёсны  тэр л жишиг үйлчилнэ. Тиймээс ямар ч маргаан байхгүй. Харин тэдэнд очтолоо заваарна гэдэг Монголын төрийнхний, эрх мэдэлтнүүдийн, энэ түшмэлүүдийн хийж байгаа ажил шүү дээ.
-Тэгэхээр  асуудал эргээд бидний сонголттой холбогддог. Сонгууль болгоны өмнө хуулиа өөрчилдөг, одоо ч ярьж байна. Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх  бол ямар өөрчлөлт  хэрэгтэй вэ?
-Үндсэн хуулийн дараа орох гол хууль маань Сонгуулийн тухай хууль. Түүгээр бид төрөө байгуулдаг. Гэхдээ энэ хууль 1996 оноос  эхлэн сонгууль болгоны өмнө өөрчлөгдсөөр байгаад тогтвортой төвшинд хүрч чадсангүй. Харин ч 2012 оны сонгуулийг харахад улам бүр гүнзгийрч заваарах тийшээ хандлаа. Улс төрийн намууд үндсэндээ хэдэн баячуудын халаасыг царайчилж амьдарч байна. Орон нутгийн намуудыг нь тэндээс гарсан нэг баян очоод тэжээчихнэ.
Тийм болохоор сонгуулиар  тэр нөхрийг гаргахын төлөө  сурталчилгаа хийгээд гүйдэг. Энэ АН-д ч, МАН-д ч, бусад намд ч бий. Сүүлдээ намууд улаан цагаандаа гарч нэр дэвших эрхийг киноны билет шиг  худалддаг болсон.
Бүрэн эрх нь дуусч байгаа Их хурлынхан өөрсдөдөө зориулж хуулиа өөрчлөхдөө яавал дахин сонгогдох вэ гэдгээ л боддог. Тийм болохоор хууль нь сайжрах тийшээ биш улам муудах тийшээ явдаг.
Үндсэн хуулийн дараа орох гол хууль маань Сонгуулийн тухай хууль. 
Сонгуульд санал өгч байгаа сонгогчдын хувьд амьдрал ядуу зүдүү хүнд байх үед нүнжигтэйд нь санал өгнө гэдэг философи гаргаж ирсэн. Эхлэл нь  Хөвсгөл аймгийн 13 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахад тавигдсан.
Ингээд мөнгө тараасанд нь санал өгч эхэлсэн. Гэтэл мөнгө тараасан хүн нь сонгогчдод хэдэн төгрөг өгчхөөд улсаасаа эргүүлээд тэрбумаар нь идчихдэг. Сүүлдээ тэр хүмүүс маань  яаж байна гэвэл Монголынхоо юмыг идэж бараад, одоо газар шороогоо, хойч үе ирээдүйнхээ амьдралыг барьцаанд тавьж иддэг боллоо. Oрон даяар сонгуульд хариуцлагатай хандах цаг болсон.
-Хариуцлагыг яаж бий болгох вэ?
-Хүмүүс надтай уулзаад янз бүрийн юм ярьдаг. Зарим нь хувьсгал хийх цаг боллоо гэнэ, зарим нь бослого гаргах цаг болсон л гэнэ. Гэтэл эднийг хэн сонгосон юм бэ. Бид сонгосон шүү дээ.  Сонгууль болохоор мартаж бялдуучилж, өмнө нь орж гүйсээр байгаад тэр хүмүүсээ гаргаад ирдэг. Энэ маань эргээд төрд ямар байдлаар буудаг вэ гэвэл, жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг хар. 2006 онд бүрдсэн М.Энхболдын Засгийн газар байна. Тухайн үедээ Их эвслийн гэж нэрлэж байсан, би бол цоохор гэдэг юм.
Хэдэн компанийн захирал сайд болж төрийн мөнгийг хувааж идсэн. Тийм Засгийн газартай байгааг харахад Украин санаанд ордог. Украины олигархиуд  мужуудаа  хуваагаад авчихсан. Хоорондоо өрсөлдөөд бүр болохоо байхаар Америкаас, Латвиас, Шведээс  сайд хөлсөлж авч байна. Улс орны хувь заяа ингэж эргэнэ. Тиймээс Сонгуулийн хуулийг үндсээр нь өөрчлөхгүйгээр бид урагшаа явахгүй.
-2012 оны сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд оруулсан шинэлэг зүйл нь  намын жагсаалт. Цаашид ч ийм байдлаар явах бололтой. Ийм байж болох уу?
-Намын жагсаалтаар Их хуралд орж ирсэн хүн бол ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээ биш. Тэд намын даргын сонгосон хүмүүс. Тэр жагсаалтын толгой дээр намын даргын нэр бичээстэй байгаа, аль ч намынх ялгаагүй. Тэр намын дарга олон түмний өмнө гарч намынхаа  бодлого, үйл ажиллагааг сурталчлаагүй, олон түмнээс дэмжлэг аваагүй атлаа Их хуралд ороод сууж байгаа. Энэ нь явсаар  Үндсэн  хуулийн том асуудал  болж магадгүй.
Өмнө нь нэг тойргоос хэдэн хүн өрсөлдөхөөр болж хоорондоо тойргоо наймаалцах, эвсэн хуйвалдах явдал газар авсан. Дарханд Өмнөговьд юу болж байсныг хүмүүс сайн мэднэ. Үүнээс үзэхэд сонгууль гэдэг маань өнгө төдий ардчиллын будаг болж хувирчээ. Өөрчлөхгүй бол болохгүй.
Олон түмнээс дэмжлэг аваагүй атлаа Их хуралд сууж байгаа нь Үндсэн  хуулийн том асуудал  болж магадгүй
Магадгүй Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт оруулж төрийн байгуулал, бүтцийг өөрчилж байж асуудлыг шийдэж байж ч болох юм. Гэхдээ миний харж байгаагаар эд Сонгуулийн тухай хуулиас бусдыг хийж чадахгүй. Дүр үзүүлж худал баахан хашгираад өөрсдөө сонгогдох талаас хуульдаа завсар оруулаад бүрэн эрх нь дуусах байх.
-“Хоёр нам нэг л биш” гэдэг үгийг та олон жилийн өмнө хэлсэн. Өнөөдөр АН засаг барьж, эцэстээ эрх мэдэлгүй шахам, төр ямар ч жолоодлогогүй болчихлоо. Цаашид яах вэ, хэнд найдах болж байна аа, бид?
-Хоёр намын хувьд ямар цаг үе байв гэдэг сонин асуудал. 1990 оны эхэн үед бол Монголын нийгмийг ардчилсан зарчмаар, хүн төрөлхтний нийтлэг үнэлэмжийн баримжаагаар явуулъя гэсэн тодорхой чиг шугамтай байлаа. Тэр үеийн МАХН/МАН/-ынхан бол социализмынхаа  үнэт зүйлээ хадгалъя, социализмын төрийн зохицуулалт, механизмыг авч явъя гэсэн иймэрхүү баримжаатай байсан.
Гэтэл 2004 оны сонгуулиас хойш 2006 оны цоохор засгийн үеэс эхлэн намуудын хоорондын ялгаа алга болж хэн нэг нь гарч ирээд нөгөөдөхтэйгөө эвсэж хуйвалддаг болсон. 2008  онд түүнээс бүр ч дор юм болж хүний амь хохирч, олонх болсон МАХН/МАН/-ынхан АН-ын нөхдүүдийг даллаж засагт оруулаад   Оюу толгойн гэрээний асуудлыг С.Баярцогт гэж тавьтиргүй хүний нуруун дээр тохож, хуйвалдаж баталсан.
2012 онд АН олонх биш ч олуулаа болчихлоо гээд эвсэл байгуулж хэсэг явснаа болохгүй нь гээд нөгөө МАН-тайгаа нийлчихлээ. Энэ хоёр нам Монголын эдийн засгийг хорлох бодлогынхоо хувьд ижил төвшинд, тэр нь их идсэн, энэ нь бага идсэн гэх юм байхгүй. Сайн, муу гэж дүгнэхэд өнгө ялгарахгүй.
Оюу толгойн гэрээний асуудлыг С.Баярцогт гэж тавьтиргүй хүний нуруун дээр тохож, хуйвалдаж баталсан
Одоогийн байдлаар ардчилсан нийгмийн нөхцөл дотор тоталитар нийгмийн үеийн авангард зарчмаар ажиллаж байгаа улстөрийн бүлэглэлүүд л болж хувирлаа. Энэ улстөрд бий болсон маш том эмгэнэл. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа би АН-ынханд хандаж нэг ил захидал бичсэн юм. Сонин дээр гарсан даа  “Ардчиллын төгс ялалт  ба шинэ сорилт” гээд. Энэ сорилтыг АН-ынхан даасангүй.
Харин ч АН сонгуульд гарч ирэнгүүтээ мөрийн хөтөлбөртөө огт байгаагүй, Монголын газар шороог гадныханд худалдах, төрийн механизмыг задлах гэх мэт янз бүрийн арга хэмжээ явуулж ирлээ. Одоо улстөрийн намуудыг бүхэлд нь авч үзвэл, Монгол орон 2000 оноос эхлэн худал, хуурмагийн оронд амьдарлаа. Бүх нам худал амлалаа. Нэг нь ч түүнийгээ биелүүлсэнгүй. Тэгээд дахиад сонгуульд ороод л ирнэ. Сүүлийн үед популизм гэж амтай болгон ярих болж, түүнийг  монголчилвол молигодох гэсэн үг шүү дээ. Улстөрийн намууд молиго үмхүүлэгч субьектүүд болж хувирсан.
-Ноён уулыг тойрсон асуудлаар та юу хэлэх вэ, төр засаг болон монголчууддаа. Монголчууд аливаа асуудлаар таны амыг харж, дуугарахыг тань хүлээдэг шүү дээ?
-Ноён уул 50 тонн алтны нөөцтэй, зарим нь 70 тонн нөөцтэй гэж яриад байгаа. Алт Монголд бий. Оюу толгойд 1,800 тонн алтаа тавиад туучихлаа.  Ард нь УИХ гаслаад бараг бүтэн улирлыг тууллаа. Алтандаа гол нь  биш. 50 тонн алт байгаад тэрийгээ олборлоод, хэдэн жил ч олборлох юм, тэрнээс нь хэчнээн хэмжээний  татвар авах юм, хэдийг нь Монголбанкинд тушаах ч юм. Түүгээр Монголын эдийн засаг аврагдах уу гэвэл, худал.
Сонирхол юу вэ гэхээр хэд хэдэн талын асуудал байгаа юм. Нэгд, Бороогийн алтыг хямдхан авч татвар төлөхгүйгээр идэж ашигласан, Монголын улстөрчид, суртал ухуулагчдын дунд өөрийнхөө бэлтгэл хүчин, дэмжигчдийг бий болгосон “Сентерра Голд” гэдэг компани л тийшээ амташчихсан үхэр шиг зүтгэж байгаа юм. “Сохор үхэрт худаг бүү үзүүл” гэж монголчуудын ярьдаг туйлын үнэн. Тэр “Сохор үхэр”-ийн толгой дээр Монголын Тагнуулын газрын дарга байсан генерал хүн очоод сууж байна. Монгол төрд ямар нөлөөтэй, ямар сувгаар яаж мэдээлэл цацах вэ, яаж монголчуудыг мунхруулах вэ гэдгийг тэр нөхөр маш сайн мэдэж байгаа.
Нэг талын асуудал нь энэ. Нөгөө тал нь манай Их хурлынхан, Засгийн газар эхэлж асуудлыг боловсруулаад Их хуралд оруулж хэлэлцүүлж байна. Энэ юуг харуулж байна гэвэл, Их хурал, Засгийн газрын дотор олонх нь “Сентерра Голд”-ийн гар долоож амьдардаг, тэдний үгээр  явж байгаа юм. Энэ бол няцаагдашгүй баримт.
Гурав дахь тал гэвэл, нутгийн хүмүүс уул усаа аварч үлдье гээд явж байна, эрдэмтэд Хүннүгийн булшийг бид гүйцэд судалж амжаагүй гэж байна. Миний бодоход төр, засаг энэ асуудлаар тавхан минутын дотор байр сууриа зөв тодорхойлох  боломжтой.
Тэгэхгүй байна. Хүннү бол хүн төрөлхтний үүслээс хойш дэлхийд тодорсон, маш том ул мөрөө үлдээсэн угсаатан. Хүннүгээс Монголчууд төрж гарсан. Хүннүгийн улсыг бид Монголын эхний төр байсан гэж үздэг шүү дээ. Хүннүгийн Ноён уулын булшнаас олдсон олдвор хүннүчүүд гэдэг бол Тэнгэр уулынхаа урдуур явахаар одоогийн Афганистан, Газар  Дундын тэнгис хүрч нутаглаж байсан.
Тэнгэр уулынхаа хойгуур явахаар Хар далайн цаад зах хүртэл Скитүүд буюу Оросуудын Скипүүд гэж нэрлэдэг хүмүүстэй удам угсаа нэгтэй байсан гэдгийг баталдаг юм.
Ноёын уулыг Монгол Улс тэр чигээр нь түүх, соёлын дурсгалт дархан газар болгох ёстой 
Тэгэхээр хүн төрөлхтний түүх, соёлын энэ их том өв  ганц Монголын юм биш, энэ хүн төрөлхтний үнэт зүйл. Энэ аманд нь эрдэмтэн чи булш ух, тэр аманд нь би алт ухая гэхгүйгээр Ноёын уулыг Монгол Улс тэр чигээр нь түүх, соёлын дурсгалт дархан газар болгох ёстой байсан. Үүнийг шийдээгүй.
Шийдээгүйн учир нь үе үеийн Засаг дарга нар нь гадна, дотнын жижиг луйварчидтай хуйвалдаж алтыг нь ухуулж ашигласаар ирсэн. Засаг дарга нар  нь бүгд мэдэж байсан. Бүгд тэндээс хувь хүртэж, зөвшөөрөл өгч нууцаар ухуулсаар ирсэн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын төр засаг түүх, соёлын дурсгалыг төлбөрт авах  нэг тонн алтаар хэмжиж, түүний төлөө өгөх гэж байгаа юм байна, худалдагдчихсан төр гэсэн харамсалтай ойлголт төрж байна.
-Ноён уулыг судалгаа, шинжилгээний эргэлтэд яаж оруулах нь  зохистой бол. Гэхдээ одоогоор манай эдийн засаг муу, боломжгүй гэж байна? 
-Ноён уулыг төр хамгаалалтад авч, цаашид олон улсын эрдэм шинжилгээний том анги ажиллуулж судалгаа шинжилгээ хийлгэвэл Хүннү  гаралтай улс олон.
Тэр дотроос Монгол, Уйгар, Түрэг, Манжууд бүгд Хүннү гаралтай. Хамтарсан судалгаа хийнэ гэвэл өвгөд дээдсийнхээ түүхийг судлая гээд бүгд ороод ирнэ. Судалж чадна. Хүннүгийн булшнаас олдсон олдвор гэдэг маш үнэтэй зүйл. Ноён уулаас олдсон хивсний хээн дээр байгаа зургийн ачаар бид өнөөдөр Факторын соёл иргэншилтэй нэг гэдгээ мэдсэн. Скипүүдтэй нэг соёл иргэншилтэй гэдгээ ойлгож авсан.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Ярилцлагаа маргаашийнхаа төлөө өнөөдөр бид юу хийх вэ гэсэн асуултаар жаргаая?
-Эхлээд хариуцлагагүй хүмүүстээ хариуцлага тооцож, энэ нөхдүүд Монголыг ингэж хохироож байжээ гэдгийг дэлхий нийтэд ил болгох хэрэгтэй. Далд явах юм бол асуудал шийдэгдэхгүй. Нууц, буруу гэрээ хийж байсан хүмүүсийн зарим нь “Толгойгоо ав” гэсэн  шүү дээ. Тэр  толгойг нь  хүлээж авья л даа. Авчраад тушааг. Ард түмэн шийдэг.

No comments:

Post a Comment