Thursday, May 21, 2015

Луйврын орон

Энд тэндгүй луйвар. Эргээд харахад л луйвар...Ингэж хэлэхэд хүргэсэн хөл толгойгүй луйврын хэргүүдтэй учирч, суудлаасаа босох завгүй суут луйврын хэргүүдийн материал уншиж суудаг  ажилтай болсоор даруй хэдэн сарыг үдлээ. Ардаа өдий төдий хүний аж амьдралыг зовлонд унагачихсан, адармаатай юм юу ч байхгүй шахам байхад ч аргалж байгаад адармаа болгож хууль хүчнийхэн дунд танил талгүй хүчин мөхөс иргэдийн өмч хөрөнгө, оюун санаагаар тоглодог, тоглож байгаад хүссэн шийдвэрээ гаргуулдаг аалзны тор шиг хэлхээ энэ орныг хэржээ. Энэ тор хэзээ, хэрхэн яаж тасарч үгүй болох нь ч эргэлзээ төрүүлнэ. Алдарт шүүхийн шинэтгэлийн эцэг өөрөө ч хүчрэх нь нэгэнт өнгөрчээ. Авторын хувьд тэр энэ лагайнаас цэвэр мултарч гарч чадахгүй л болов уу гэсэн гунигт бодол эзэмдэнэ. Бид яагаад нэг алхах гээд заавал арагшаа хэд алхаж шаварт унадаг юм бол. Бидний хийх гэсэн зүйл хичнээн зөв эхлэлтэй байсан ч төд  удалгүй эргээд өөрсдийнхөө ухсан нүхэнд яагаад заавал өнхөрч унацгаадаг юм бол.  Өнөөдөр шүүхийн шинэтгэл өнөөх л толгой компаниуд, том том баячууд, тэдний томилгооны цөөн хэдэн тэрбумтан шүүгчийн өлмийд эвхэрч байна. Монголын Төр тэдэнд өндөр цалин, тусгай хангамж олгоод ч тэд өөрийг нь томилсон эздийнхээ зангаанаас гарах эр зориг, шударга оршихуйг олж буусангүй. Улам л тэнгэрт залрав. Үг хэлсэн болгоныг мэдэгдлээр айлгаж, шоронгоор далайлгаж суудаг ширэн нүүртнүүд болон даналзсаар  гэнэн цайлган монголчуудынхаа залаан дээр завилж авав.  
Тэдний энэхүү хэмжээгүй эрх дарх Монгол улсыг луйврын орон болгож байна.  Ирсэн гийчдийн маань зарим нь  цэцэн мөрөөдөл ярьж, цаасан дээрх компани үзүүлж манайхныг луйвардаж байдаг бол зарим нь холоос зорьж ирж ажиллаад, хөрөнгө оруулалтаа хийчихээд дотоодын бүлэг дээрэмчдэд бас луйвардуулдаг. Суусан уугуулууд маань ч өөр зуураа луйвардаж байдаг, хөндлөн гулд хэрэлдээн. Нэг нөхөр луйвардуулчихлаа гэж гурван жил орилж байснаа эргээд нөгөөдөхтэйгөө нийлж аваад  дараагийн хүмүүсийг луйвардаж байх жишээтэй. Ямар нэгэн ёс суртахууны  булчирхайн тухай ойлголт бүр ч байхгүй болжээ. Ийм хөндүүр булчирхайгүй орныг луйврын орон, дээрэм тонуулын газар гэж нэрлэхээс ч яахав.
Шүүх засаглал нь юунаас ч эмээх, ичих, дальдрах зүйлгүй болсон оронд шүүхийн хамгийн харгис засаглал тогтдог юм байна. Гэтэл ард түмний өнө мөнхийн хүсэл Шүүхийн хараат бус байдал л байдаг . Тэдний хувьд шүүхэд итгэх итгэл, шүүхийн тунгалаг оршихуйд найдах найдваргүй болох ямар вэ. Ийм улсын мөрөөдөл аль зэрэг хол сунах бол. Аль зэрэг томрох бол. Түүнийхээ төлөөсөнд аль зэрэг урт удаан зовох бол. Бас аль зэрэг ихийг золих бол.  
 Шүүхийн шийдвэрээр бусдын хөрөнгийг луйварддаг шинэ зууны шилдэг технологи хийж чадсан болохоор манай улс төр бизнес дамнасан олигархи бүлэглэлүүд тэнд өөрийн хүнээ томилохын тулд цусгүй тулаан хийдэг болсон юм байна. Энэ тулааны ялагчид шүүхээр дээрэм хийлгэдэг гэмт хэргийг эдүгээ жинхэнэ цэцэглүүлж байна гэхэд хилсдэхгүй.
Энэ удаа би бээр онгоцноос өөр унаа хөлөглөдөггүй, оргил дээгүүр л дүүлж явдаг  оройгүй баян нэгэн улстөрчийн хийсэн луйврын талаар сурвалжилсан юм.  Энэхүү луйврын золиос болсон нөхдүүд нь орос монгол нийлсэн дөрвөн иргэн байх юм. 
Монгол Улсын иргэн Т.Батсүх, Д.Буяннэмэх, ОХУ-ын иргэн К.Д.Романовский, В.И.Яковлев народоогоос 10 жилийн өмнө буюу 2005 онд "Таван толгой" ХК-ийн 1023100 ширхэг хувьцаагхудалдан авчээ. Нэгэнт хувьцаа худалдан авсан болохоор Хөрөнгийн биржид бүртгүүлж таарна. Тийн бүртгүүлэхдээ нэгнийхээ нэр дээр буюу ноён  К.Д.Романовскийнхаа нэр дээр бүртгүүлсэн байна. Чингээд  хувьцааны ногдол ашгийг  хүртээд явдаг байж. Тэдний бизнес өргөжиж, улмаар  2007 онд Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай "Говь-Урал" гэдэгкомпанид хамтран ажиллажээ. Мэдээж бизнес эрхэлж буй болохоор зээл хөөцөлдөж,  Тээвэр, хөгжлийн банкинд өөрсдийн өмч болох "Таван толгой" ХК-ийн 1023100 ширхэг хувьцаагаа барьцаалж  500.000 мянган ам.долларын зээлийг  2008 онд авсан байна. Нэгэнт банктай харилцаанд орж байгаа учраас "Говь-Урал" компанийн өмч болох  ноён К.Д.Романовскийн нэр дээрх  хувьцаа тус банкны барьцаанд шилжсэн байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал монголчуудыг тойроогүйчлэн “Говь-Урал” ХХК мөн хямралд өртөж,  банкны зээлийн өрийг төлөхөд хүндрэл учирсан тул дээрх нөхдүүд барьцаалуулсан хувьцаагааборлуулж, зээлийнхээ өрийг төлөх шийдвэрт хүрч. Гэвч хачирхалтай нь Тээвэр, хөгжлийн банкнаас  “зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгөөд зогсохгүй шүүхэд хандан зарга үүсгэсэн нь монголын гурван шатны шүүхээр гурван жил үргэлжилсэн маргаан болон хувирч, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж ашигласан гэх эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага мөн олон сар мөрдөн шалгажээ. Эндээс л луйврын сценари бичигдэж эхэлсэн бололтой. Энэ хооронд хувьцааны үнэ өсч, луйварын багийнхны хорхойг гозгонуулж эхэлж. Банк ч  улангасан яарч, шүүх нь ч гялс шийдвэр гаргав. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр энэ сценарийг хэрэгжүүлэх гол хүн болсон нь хэргийн түүхээс илхэн уншигдана.  
Олон сар, жил үргэлжилсэн хэрэг  маргаан эрүүгийн хэргийн хувьд прокурорын хэрэг хэргэсэхгүй болгох тогтоол гарч, иргэний заргын хувьд Улсын дээд шүүхийн 2013 оны 405 дугаар тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгджээ. Тодорхой хугацаанд үргэлжлээд ийнхүүнэг мөр шийдвэрлэгдсэн асуудлыг “Тавантолгой транс” ХХК, Тээвэр, хөгжлийн банк дахин амилуулж сэргээсэн нь гайхалтай.
Захиалагчид яарахын хэрээр нөгөө дөрөвт дарамт ихэсч байсан нь ойлгомжтой. Монгол хэл мэдэхгүй К.Д.Романовскийг мэхэлж, тохиролцоонд хүрсэн мэт хуурамч баримт ч үйлдэж. Энэ нь хууль зөрчиж хийгдсэн учир хүчин төгөлдөр бус болох нь шүүхээр нотлогдсон байна. Гэтэл энэ хуурамч хэлцлийг үндэслэн хувьцааг нь “Таван толгой транс” ХХК-ын өмчлөлд шилжүүлэхээр шүүгч шийдвэрлэжээ. Ийнхүү шүүгч маань  захиалагчиддаа түргэн шуурхай “ажиллаж” өгснөөр өнөө дөрвийн “Говь-Урал” ХХК-иас Тээвэр, хөгжлийн банкинд барьцаалуулсан “Таван толгой” ХК-ийн 1 023100 ширхэг хувьцааг хууль бусаар барьцаанаас нь чөлөөлж, луйврын багт өгөх шийдвэр гэгч гарч ирсэн байна.  "Говь-Урал" компанийн өмч болох нь угаас тодорхой 1023100 ширхэг хувьцаа яагаад  "Тавантолгой транс" ХХК-д шилжив гэсэн асуулт дээрх шийдвэртэй зэрэгцэн гарч ирж таарна.  
Шүүхийн энэ шийдвэр “Таван толгой транс” ХХК болон Тээвэр, хөгжлийн банк хоорондоо үгсэн хуйвалдаж, эвлэрлийн гэрээ байгуулсан жүжиг найруулж, шүүхэд тоглоомын баримт бичиг бүрдүүлэн өгсний үндсэн дээр гарсан нь илт.
Үгсэн хуйвалдсан, нийлж бусдыг луйвардахаар тохиролцсон хэмээн яагаад дүгнэхэд хүрч буй маань уншигчдад сонин байгаа байх. Учир нь банкинд нь  хувьцаагаа барьцаалсан харилцагчдаа барьж идэхээр шийдэхээсээ өмнө “Тээвэр, хөгжлийн банк”-ны удирдлага Д.Энхтайван “Таван толгой транс” ХХК-ынхан буюу Ажнай хэмээн олны дунд овоглогддог, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй зад заргалдаж, зай завсаргүй сонин хэвлэлээр байлдаж байсан билээ. Одоо түүнийг хэвлэлд өгсөн ярилцлагандаа юу ярьж байсныг иш татан хүргэе.
-Та олон жил заргалдлаа. Ингэхэд энэ хэргийн улмаас хэн хожиж, хэн хохирсон юм бэ?
-Маргалдаж байх хооронд хувьцааны ноогдол ашиг 4.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа ашиглаад “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк”-ны хувийн данс руугаа хийсэн нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрсэн. Ийм гэмт хэрэг хийчихсэн хүн шоронд сууж байх ёстой.
-Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад та ер нь хандаж байв уу?
-Бид Эрүүгийн цагдаагийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Авлигатай тэмцэх газар, прокурорт гээд бүх газарт олон удаа хандсан. Энэ хэрэг ерөөсөө Армен гэгчтэй холбоотой. Тэр хүн Д.Бат-Эрдэнэтэй хувьцаагаа зарах гэж уулзаад, банкны салбарыг доройтуулахын тулд зээл авсан. Авсан зээлээ төлөх үед компаниасаа гараад явчихсан. Ингэж олон түмнийг хохироож байна. Банкны 2.5 сая доллар, түүний ноогдол ашиг болох 4.5 тэрбум төгрөг энэ бүгд зургаан жил болоход гараад явчихсан, банкинд нэг ч төгрөг орж ирээгүй. Нийт 4.5 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр Д.Бат-Эрдэнэ авч ашиглаад яваад байдаг...
Түүний “Тээвэр, хөгжлийн банк”-тай холбогдсон түүхийг орхиод энэ удаагийн хэрэгт холбогдох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн талаар хэрхэн мэдэгдэл хийж байсныг хэсэгчлэн хүргэхэд ийм байна.
Одоо харин тэд гэнэт тоглоомын нэг талд гарцгаан гар барилцсан нь ямар учиртай вэ гэсэн асуулт гарч ирнэ.   
Тэдний “дайн” яагаад гэнэт зогсож, арай л алуурчин гэхээс наахнуур цоллож байсан мэргэжлийн дээрэмчин (Д.Энхтайваны тодорхойлдог байснаар) Ажнай-н Д.Бат-Эрдэнэтэйгээ нийлж нөгөө дөрвийн хөрөнгө болох банкинд нь барьцаанд байсан хувьцааг хууль бусаар авах гэж оролдож байна вэ. Үнэн хэрэгтээ том мөнгө олох нэгдсэн зорилго, том луйвар хийх нэгссэн төлөвлөгөө нь тэднийг энэ хэрэг дээр нэгтгэсэн хэрэг. Улмаар  эдгээр хувьцааны 2010-2012 онд хуваарилсан ногдол ашгийг “Таван толгой” ХК  болон “Таван толгой транс” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувийн харилцах дансаараа дамжуулан авч ашигласныг нуух, мөн 2013 онд хуваарилсан ногдол ашгийг нь хувьцаа эзэмшигчдэд олгохгүй байх зорилго л тэднийг “найзлуулсан” гэсэн үг.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр хуурамч нотлох баримтаар буруу шийдвэр гаргалаа гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа шуугисан. Гэвч эрх мэдэл, мөнгө, хэвлэл гээд бүгдийг захирч байдаг улстөрчийн гар тэрхүү шуугианыг дарчихдаг байсан.
Тийм учраас буруу шийдвэр гэж дүгнэж байгааг ахин нэг тодруулах нь зүйтэй болов уу. ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн гаргасан тодорхойлолт гэх баримт нь эрх зүйн чадамжгүй баримт юм. Гэсэн ч шүүгч С.Амардэлгэр тэрхүү хуурамч баримтаар хувьцааны эзэн, ноёнК.Д.Романовскийг шүүх хуралд оруулаагүй. Шүүхийн гадаа байлгаж байгаад хөрөнгийг нь бусдад шилжүүлсэн гэсэн үг. 
ОХУ-ын иргэн К.Д.Романовскийг удтал сунжирсан маргаан дарамтад оруулсан гэдгийг дээр дурьдсан. Тэрээр банкны зээлийн өрийг дарах гол хэрэгсэл болох 1023100 ширхэг хувьцаа болон 2010 оноос хойшхи хувьцааны ногдол ашгаасаа сайн дураараа татгалзах боломжгүй болох нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл С.Амардэлгэр шүүгч “К.Д.Романовский нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хувьцааны асуудал огт хамаагүй гэж өөрийн хүсэл зоригийг төрөлх хэл-орос хэл дээрээ бичсэнийг мэргэжлийн орчуулагч монгол хэлнээ хөрвүүлж, түүнийг нотариат гэрчилсэн” мэтээр хэрэгт авагдсан баримт нотолгоог улаан цайм гуйвуулж “дүгнэлт” хийгээд  булхайтай “шийдвэр”-ээ гаргачихсан.
Луйврын багийнханд К.Д.Романовский нь хэрэг маргаан нэгэнт шийдвэрлэгдэж дууссан, 2011 онд Тээвэр, хөгжлийн банк, “Говь-Урал” ХХК-тай хамтран гурвалсан гэрээ байгуулсан, “Тавантолгой транс” ХХК хувьцааг авахаар шилжүүлсэн мөнгөө  шаардсаар байгаад бүр 2011 онд эргүүлэн авсан зэргийг хэлж, та нарын хэрэг маргаанд оролцох боломжгүй, харин миний хууль ёсны эрхийг зөрчихгүй байхыг шаардаж буйгаа тодорхой тайлбарлаж байжээ. Өөрөөр хэлбэл, Тээвэр, хөгжлийн банк, “Тавантолгой транс” компанийн хоорондын маргаанд гэрчээр оролцохгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн үг. Гэтэл шүүгчийн сүрхий дүгнэлтээ суурилж хийсэн орос, монгол хэл дээр бичигдсэн баримт нь орос хүн байтугай орос хэлний наад захын мэдлэггүй хүн бичсэн, түүнийг нь монгол хэлнээ орчуулаагүй болохыг орчуулгын товчооны удирдлага М.Мөнхжаргал нь илэрхийлдэг. Тэрээр бүр “Манай товчоо ийм алдаатай, буруу зүйл орчуулаагүй. Тамга тэмдгийг маань ашигласан байна” гэж мэдүүлж эсрэгээр нь нотолсон байх юм. Тэрхүү хуурамч тодорхойлолтыг нотариатч (эхнэр нь) батлаад явуулахдаа “Оросоос монгол хэл рүү бус, харин эсрэгээрээ монгол хэлнээс орос руу хөрвүүлсэн орчуулга болохыг тэмдэглэжээ. Шүүгч С.Амардэлгэр энэ үл бүтэх баримтаар  ОХУ-ын К.Д.Романовскийг шүүх хуралд оролцуулалгүйгээр түүний өмчлөх эрхийг эзэддээ шилжүүлэх шийдвэр гаргачихсан юм.  Шүүгч маань орос хэлний мэдлэггүй байжээ гэж дүгнэхээс би хувьдаа ичиж байна. (Тэр хүн чинь дээрээс томилогдсон шүүгч шүү дээ) Мөн  орос хэл мэдэхгүй байж болох ч шүүхэд ирүүлсэн баримтыг сайтар судлах нь түүний хуульчилсан үүрэг байлтай. Мөн алдах нэр хүндтэй, нэр хүнд нь бүх зүйл нь байх учиртай шүүгч хүн гэж ахин тодотгомоор байна.  
Дээрээс нь зээлийн барьцааны зүйл болох үнэт цаасыг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ. Мөн  хууль зөрчсөн хэлцэл нь хийсэн үеэсээ л хүчин төгөлдөр бусад тооцогдох тул тэрхүү хэлцлийг хийгдсэнээс хойш гурван жил хагасын дараа хүчин төгөлдөр гэж тооцох хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй юм. Шүүгч С.Амардэлгэрийн энэхүү алдаатай шийдвэрээс болж ОХУ-ын иргэн К.Д.Романовский болон “Говь-Урал” компани 5-6 тэрбум төгрөгөөрөө хохирчихоод байгаа гэсэн тооцоо байна. “Таван толгой” ХК-ийн ногдол ашиг болох 3,7 тэрбум төгрөгөө тэд авч чадсангүй. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар нотлогдсон “Ногдол ашгийн 3,7 тэрбум төгрөг ямар замаар явсаар УИХ-ын гишүүн, Ажнай-н Д.Бат-Эрдэнийн данс руу орчихсон бэ” гэдэг  асуулт энэ хэрэг доторх маш ихээр анхаарал татаж байгаа баримт юм.  Ноён Д.Бат-Эрдэнэ орос монгол дөрвөн нөхрийн хувьцааг булааж эзэмшлээ зузаатгах зорилго агуулсан нь бараг л тодорхой харагдана. Эцэс төсгөлгүй заалдаж, дэлгэц болгоноор харааж байдаг “Тээвэр, хөгжлийн банк”-ны Д.Энхтайвантай ч энэхүү хамтарсан залилангаар нэг завинд сууж аван дуугүй болгох бодол байсан биз.  Д.Энхтайван ч ямар ч аргаар хамаагүй мөнгө “босгож” амь тариа залгах хүсэлтэй биз. Ийм л явдал болоод байна. Маш их товчилж бичихэд шүү дээ.
Бизнест буруу жишиг, бохир соёл нутагшжээ. Энэ бол бидний маш том эмгэнэл. Энэ бол Монголд ашиггүй, манай хөрөнгө оруулалтын орчинд хэрэггүй зүйл. Ашгийн төлөөх зорилго хөлдөө ямар ч хуульт ёсыг хаман авдаг, зөвхөн “мөнгө улаан” гэх зарчим ноёрхдог байж болох уу. Ийм бизнесменүүдтэй хэн түншлэх юм бэ. Мөн эд маань яг ном ёсоороо улсдаа татвар төлдөг үү гээд олон асуулт ар араасаа урган гарч ирнэ.
Дараагийн нэг эмгэнэл нь нийтлэлийн эхэнд дурьдсан шүүх засаглалд учирсан эмгэнэл. Энэ эмгэнэл явсаар Монголын том эмгэнэл болж үлдэх нь. Шүүх маань ноёдод бөхөлздөг, ардад таахалздаг болчихлоо. Шүүх мөнгөтэй эрхмүүдийн халааснаас гарч чадахгүй байгаагаас болоод  Монгол эцэс төгсгөлгүй луйврын хэрүүлд идэгдэж байна. Харин халдашгүй бүрэн эрхэт саарал байшинд орж суусан зарим этгээд улам гаршиж, улам завшиж байна.
Эцэст нь ганцхан баримт хэлэхэд, Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос 2012, 2014 онд хийсэн шалгалтаар К.Д. Романовскийн нэр дээр байдаг манай хоёр энгийн иргэн, ОХУ-ын нэг иргэний нийлсэн 1 023 100 ширхэг хувьцааны 2010 оны ногдол ашиг болох 1 341 730 000 төгрөг, 2011 оны 1 411 912 800 төгрөг, 2012 оны 155 847 100 төгрөгийг одоо УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк” дахь харилцах дансанд шилжүүлсэн болохыг тогтоосон байна. Мөн 2013 онд хуваарилагдсан 790 гаруй сая төгрөгийн ногдол ашгийг зохих эзэнд нь өгөхгүй “Таван толгой” ХК-д хадгалж байна. Компанийн тухай хуулийн заалтууд, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүд цаас болж байна. Учир нь хэзээ ч хэрэгждэггүй учраас.
Дашрамд хэлэхэд сэтгүүлч миний бие банктай холбоотой асуудлуудаас аль болох тойрч явдаг. Учир нь банк бол эмзэг сэдэв. Банкны бүх юм яг шүүгчийнх шиг нэр хүнд дээрээ явдаг. Тэр нэр хүнд унавал тэр банк унана. Гэтэл сүүлийн үед эдийн засгийн энэ төрлийн хэргүүд дээр банкууд илтэд хууль зөрчсөн үйлдлүүд хийсэн нь ил байна. Банк улстөрчдийн буюу баян хүний атга, арга чарган дээр оршдоггүй. Тэдэнд итгэдэг мянга мянган иргэдийн итгэл дээр оршдог. Хэрэв тэд харилцагчдаа золиод л эхэлбэл шилэн байшингийнхаа цонхонд цав суулгаад эхэлж байна гэсэн үг. Энэ явдал битгий жишиг болчихоосой билээ хэмээн чин сэтгэлээсээ залбиран энэхүү нийтлэлээ  өндөрлөсүү.
Б. Ганчимэг

No comments:

Post a Comment