Thursday, March 19, 2015

Татвар төлөгч аж ахуй нэгжүүдийн тухай /2015.03.15/

 УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга , Ерөнхий сайд нарт захидал илгээснийг толилуулж байна.
Монгол улсын маань хүн ам саявтархан 3 сая болж “хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг” гэсэн ардын эдийн засгийн ухаанаар бодвол цаашдын хөгжилд маань эерэг үр дүнг авчрах чухал үйл явдал боллоо. 3 сая хүн амын маань 1.2 сая нь статистикийн хэлээр бол эдийн засгийн идэвхтэй хүн ам, үүнээс ажиллагсад нь 1 сая орчим. “Эдийн засгийн идэвхгүй” гэж нэрлэдэг хүн ам маань 700 илүү мянга үүн дотроо суралцдаг нь 32%, хөгжлийн бэрхшээлтэй нь 8%, өндөр настан, тэтгэвэрт 29 %. Цэцэрлэгт 207 мянга,  ЕБС сургуульд 506 мянга, МСҮТ-д 43 мянга, их дээд сургууль, коллежид 178 мянга гэх мэтээр үзвэл “миний эх орон мянга мянган суралцагсадын “эх орон” билээ. 1 сая хүүхэддээ бид “за” гэж хэлээд “хүүхдийн мөнгө” хэмээх “тэтгэвэр”-ийг бас өгдөг.

2015 онд “эдийн засгийн идэвхгүй” хүн амаа идэвхжүүлж идэвхтэй хүн амаа улам дэмжих төрийн бодлого нь системтэй, иж бүрэн болж чадаагүй нөхцөлд эдийн засгийн идэвхтэй хүн ам нь ДНБ-ээ 6-7%-д тогтоон барих хүнд хэцүү зорилтыг биелүүлэх гэж чардайх болно. Үүний голыг бизнесийн регистэрд бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж буй 59843 аж ахуй нэгж, төр нь хэрэв татвар, зээл, бизнесийн орчинг нь сайжруулаад өгчихвөл “амилаад” явчих боломжтой, үйл ажиллагаа явуулаагүй байгаа 53759 (2014 онд, харин 2013 онд энэ тоо 44674 байсан) аж ахуй нэгж нугалах болно.

Татвар төлдөг талааас нь судлаад үзвэл 2014 онд 75008 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын тайлангаа ТЕГазарт ирүүлсэний 49620 нь 10 сая хүртэл борлуулалтын орлоготой, 10-100 сая хүртэлх 13975, 100 саяас тэрбум хүртэл 8681, 1-5 тэрбум  хүртэл гэх мэт явсаар 5-10 тэрбум  хүртэл борлуулалтын орлоготой нь ердөө 349,10 тэрбумаас дээш нь ердөө 404 болоод л явчиж байна. Эндээс маш энгийн асуулт гарч байна: Яагаад өдий болтол Монгол улс жижгийг нь дунд, дундыг нь том, томыг нь бүр том болгодог эдийн засаг, татвар, төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлж чадахгүй байна ? Чадахгүй байгаагийн “ ид шид” нь юундаа байна?

Энд би нэмэгдсэн өртгийн болон бусад татвар төлөгчдийн талаар дурьдсангүй,  татварын ачааллын талаар ч мөн адил. Гэхдээ хүн амын тоо, зах зээлд эргэлт хийх боломж, зах зээлийн багтаамжтайгаа харьцуулбал манайд татварын бодит ачаалал нөгөө ярьж бичээд байдаг ”Азидаа татварын ачаалал хамгийн бага орон” гэх мэт худал тооцоогоор бус жижиг зах зээлтэй том ачаалалтай л улсын тоонд орно. Саявтархан би “Misery index”, монголоор орчуулбал “Шаналалын индекс” гэж хэлж болох судалгаа үзлээ. Дэлхийн 80 гаруй орныг хамруулсан, инфиляц, банкны зээлийн хүүгийн хувь хэмжээ, ажилгүйдлийн түвшин, нэг хүнд ноогдох ДНБ-ээр тооцоолсон энгийн мөртлөө их бодитой индекс байдаг юм байна. Монголын жишээн дээр тооцож үзлээ, тэгсэн чинь Монгол улс маань бараг Сахарын дэд хэсгийн орнуудтай харьцуулж болохоор, хамгийн муу 20 улсын тоонд орохоор  байна. Ийм шаналгаатай бизнесийн орчинд төр, төтвар төлөгчтэйгээ яаж харьцаж, ямаршуухан татварын эрхзүйн орчин бүрдүүлсэн бэ ? Татварын болон эдийн засаг, бизнесийн орчины холбоотой гол хууль, тогтоомж үүнд хариулт өгнө: Муу, бас дээр нь эрүүжүүлсэн. Тэгэхлээр одоо Монгол улс татварын шинэчилэлээ иж бүрэн яаралтай хийж, эдийн засгийн ил тод байдал, татварын өршөөлийг хослуулах, татварын өршөөлийн хууль болон бусад эрүүгийн гэх мэт хуулиуддаа “эрүүжүүлсэн” байдлаас нь өөрчилж “эрүүлжүүлсэн” орчинг эрс шийдэмгий бүрдүүлэх цаг болжээ. Татварын албадаас 2006-2014 онд хууль хяналтын байгууллагад 15.5 тэрбум төгрөгийн зөрчил бүхий 545 тохиолдлыг гарган шилжүүлсэн байна. Энэ нь одоогийн татварын ерөнхий хуулийн заалтын дагуу хийсэн ажил нь. Шийдэгдсэн эсэх нь тодорхой бус. Гэтэл үүнээс өөр, маш “сонин” байж болох бас нэг өөр статистик байх юм. 2012-2014 онд авилгалтай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газраас татварын ерөнхий газарт хяналт шалгалт хийлгэхээр, (уул нь хуулиараа бол татварын ерөнхиий газар нь хэнд, хэзээ, яаж хийхээ өөрөө мэддэг дэлхийн жишиг байдаг) нийт 182 бичиг ирүүлж тэр нь 6066 татвар төлөгчийг хамарсан байх юм. Дээр нь дээр дурьдсан хоёр байгууллага голлон 2012-2014 онд татвар төлөгчийн тухай мэдээлэл авахаар 496 албан тоотоор 5194 татвар төлөгчийг хамарсан “хүсэлт” ирүүлсэн байх юм. Нийт дүнгээрээ 2012-2014 онд 678 төрлийн албан тоогоор 11260 татвар төлөгчийн асуудлыг хөнджээ. Өөрөөр хэлбэл 2012 онд 197, 2013 онд 276, 2014 онд 205 албан тоот явуулж, энэ нь тооцоолоод үзвэл 2012 онд 1,8 хоногт 1 албан тоот, 2013 онд 1,3 хоногт 1 албан тоот, 2014 онд 1,7 хоноод 1албан тоот явуулсан байна. Маш шуурхай ажиллаж байгаа биз ?! Бас нэг баримт. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн хийсэн бодлогын судалгааны тайлангаас  үзэхэд 2014 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 2093 хүнийг цагдан хорьж үүнээс “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлээр 939 буюу нийт цагдан хоригдсон хүмүүсийн 44%-ийг эзэлж байна.”Оргон зайлж болзошгүй” гэдэг үндэслэлүүд дотор “гадаадад гарах магадлалтай” гэсэн үндэслэл байдаг бөгөөд энэ л үндэслэлээр хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, Жастин Капла төдийгүй монголын олон арван аж ахуй нэгжийн захирал, албан тушаалтнууд “чөлөөтэй зорчин явах эрхээ” хасуулдаг практик түгээмэл болсон. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл нь хэт субьектив бөгөөд хэнийг баривчлах, хэнийг цагдан хорих нь бараг үзэмжийн болсон энэ гаж үзэгдлийг бид хуулийн засаглал зөв хэрэгжиж байна гэж үзсээр л байх уу? Цагдан хорих арга хэмжээ нь таслан сэргийлэх хамгийн сүүлийн арга хэмжээ байх ёстой гэдэг НҮБ-ийн зарчим байсаар байтал, НҮБ-ийн эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2010 онд манай улсад энэ талаар сануулж, зөвлөсөөр байтал бараг л хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ болчоод хүний эрх, эрх чөлөөг зөрчсөөр л байх уу? Хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа хүний эрхтэй холбоотой асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй гэж хуулиндаа заачихаад өөрчилөе гэхээр үндсэн хууль зөрчинө гэсэн тайлбар хийгээд үүнд нь УИХ-ын зарим байнгын хороо нь “үнэмшээд” яваад л байх уу? Та бид дээр дурьдсан бодлогын судалгаа тайланг нэг олж уншаад нухацтайхан дүгнэлт хийж, цаашид холбогдох хууль тогтоомжоо өөрчлөх цаг болсон бус уу? Одоо тэгвэл арай өөр нэг статистик харцгаая...Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2013 онд 25362, 2014 онд 27318 болж 7.7%-иар  өссөн байна. Үүний дотор гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1076 бүртгэгдэж өмнөх оныхоос 658 хэрэг буюу 2.6 дахин(!) нэмэгджээ. 2015 оны эхний 2 сард 5314 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 862 хэрэг буюу 19.4 хувиар өсчээ. 2013-2015 онд жил бүрийн эхний 2 сарын байдлаар авч үзвэл 2013 онд 4295 хэрэг, 2014 онд 4452, 2015 онд 5314 хэрэг болж өссөн байна. Бодит байдал ийм л байна, юуг нь юутай харьцуулахаа Та бүхэн дотроо тунгаана буйзаа...

Та бүхэнд татварын шинэчлэлт хийж, монголынхоо татвар төлөгч аж ахуй нэгжүүддээ, хууль эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлж өгөх хүсэл зориг, итгэл үнэмшил байгаа гэдгийг би мэднэ, үүнд огт эргэлздэггүй. Гагцхүү та бидэнд цаг хугацааны шахуу орчинд шинэчлэлээ хэрхэн яаж оновчтой хийхээ зөвшилцөх л чухал байна. 2015 оны 7 дугаар сарын 1 гэхэд Монгол улс татварын эрх зүйн болон эдийн засгийн оновчтой орчинтой улс болцгоое. Татварын ерөнхий хуулиасаа эхэлж өөрчлөн төр ба татвар төлөгчийн хооронд шударга, ил тод, үр дүнтэй харилцааны эрх зүйн үндсийг бүрэлдүүлж “Төр оршихуй дор татвар оршихуй” төдийгүй “Татвар төлөгч оршихуй дор төр оршихуй” харилцааг бүрдүүлцгээе. Жижиг нь дунд, дунд нь том, том нь улам том болох сэдэл хөшүүргийг  агуулсан, бүгдээрээ татвараа төлөх эрмэлзэл рүү түлхсэн, хөтөлсөн татвар ногдуулалт, төлөлтийн орчинг бий болгоцгоое. Татварын маргаан шийдвэрлэх механизм нь зөв бүтэц, тогтолцоотой, төр ба татвар төлөгчийн эрх үүргийн тэнцвэрийг хангасан, татварын холбогдолтой аливаа маргаан, зөрчил шударгаар шийдэгдэж байдаг тийм институц байхаар бодож өөрчлөлт хийцгээе. Эрсдэл дээр суурилсан татварын хяналт шалгалт, татварын алба нь татвар төлөгчөө дарамталдаггүй, харин тусалдаг, зөвлөдөг, татвар төлөгч нь айдаггүй, шаналдаггүй татварын харилцааны цоо шинэ орчин бий болгоцгооё. “Татварын гэмт хэрэг” гэдэг тодорхойлолтоо зөв болгож өнөөгийнх шиг юм л бол “эрүүжүүлээд” байдаг тогтолцоогоо “эрүүлжүүлж” цагдаа, АТГ, шүүх, прокурор, эрүүгийн хуулиндаа холбогдох өөрчлөлтүүд оруулж, татварын шүүх байгуулах, татварын харилцааг эрүүжүүлэх бус иргэнжүүлэх чиглэл рүү явцгаая. Монгол улс бизнесийн орчин, эдийн засгийн болон өмчийн эрх чөлөөгөөрөө дэлхийд эхний 50-д орох зорилт тавьж бодитойгоор хэрэгжүүлцгээе. Үндсэн хууль маань эхэлдэг “ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн” гэсэн өгүүлбэр үндсэн хуулийн дээд эрх зүй, амин сүнс байдаг зарчмаа мөрдөж, дэлхий дахинд “Hotel Mongolia” гэсэн муухай нэр авснаасаа салцгаая. Өмнө дурьдсан “Misery index” - “Шаналалын индексээ” онцгой анхаарч, шаналал, дарамтгүй, улам их баялаг бүтээж, ажлын байр олноор бий болгох “олуулаа” бизнес эрхлэгчдийг бий болгоцгооё. Бид хүүхдүүдийнхээ төлөө “За “ гэж хэлээд мөнгө зарцуулаад явж байгаа. Одоо тэгвэл тэр мөнгийг нь бий болгодог татвар төлөгчдийнхөө төлөө “За” гэж хэлцгээе. Энэ бол хамгийн үр дүнтэй “За” болох болно.

 ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН (ИЗНН)С.ДЭМБЭРЭЛ

Tuesday, March 17, 2015

Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн

Саяхан ажил төрлийн шугамаар Африкийн орнуудаар яваад ирлээ. "Африк...Африк... Ерөөсөө бид Африкийн араас оржээ. Бидний ирээдүй бол Африк юм байна. Африк шиг болсон хойноо л амаа барих юм байна л даа..." энэ мэт үгс амны уншлага болсон өдрүүдэд чихэнд танил, мэдрэхүйд ойрхон эл газар хөл тавив. Сонссон чихээ хэн ч хараадаггүй шиг үзсэн нүдээ зүхэлтэй нь биш дээ. Нүд эрээлжлүүлсэн тод өнгийн алаг бошинзтой ч нүүрэндээ галгүй, нуруундаа хүүхдээ хүлсэн хүүхнүүд, саарь даг болсон хөлөө нуухгүй ч цоргисон харцанд нь сүүдэр унасан хүүхдүүд, хагсарч хатсан хөрс шороо, хатуу юм аа гэж хэлэхэд ч "гоёдмоор" бүрсгэр амьдрал...


Тэнд өнгөрүүлсэн өдрүүд бодлыг минь хүндрүүлэн сэтгэлээс гарч өгөхгүй одоо ч санааширч явна. Байгаль, тэр дундаа хорвоо ертөнцийн хүчил төрөгч болсон ой мод хэмээх хүчирхэг хүчин зүйлтэй сүүлийн хэдэн жил хувь заяагаа холбож яваа хүний хувьд, эсвэл зүгээр л эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэлдээ тээж яваа хүнд бодлоос хуваалцмаар санагдаад үзэг цаас чадан ядан нийлүүлж сууна. Ярихаас бичих нь хавьгүй ултай зүйл хэмээн бичгийн хүмүүс хэлдэг билээ. Хэдийгээр би бичгийн хүн биш ч өөрийн эмзэглэл, эргэцүүллээ уншигчидтай хуваалцахаар зориглолоо.

Ойлгон хүлээж аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Нигер гэдэг нэр бүгдэд танил сонсогдож байгаа байх. Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Нигер улс. Энэ улс өөрийн орны хамгийн том мөрөн, хүн ардаа тэжээн тэтгэгч Нигер хэмээх их мөрнийхөө нэрээр нэрлэгджээ. Их усны нэрээр нэрлэгдсэн энэ улс далайд гарцгүй орон юм. Өмнө талаараа Нигери, Бенин, хойд талаараа Алжир, Ливи, баруун талаараа Буркина-.Фасо, Мали, зүүн талаараа Чад улстай хиллэдэг.


Нутаг дэвсгэрийн хувьд "1,270,000 км2 орчим бөгөөд баруун Африкийн хамгийн том газар нутагтай улс гэгддэг. 16 сая хүн амтай, тэдний нь дийлэнх нутгийнхаа өмнөд болон баруун хэсгээр төвлөрөн амьдардаг юм байна. Нийслэл хот Ниамей нь энэ дэлхийн хамгийн ядуу, хөгжил доройгоороо алдартай, зовлон зүдгүүр, гуниг харуусал дүүрэн хот юм. Дэлгүүр хоршоо ч гэж бараг байхгүй, хотдоо ганцхан том захтай тэp зах гээд байгаа газар нь хүмүүс тэргэнцэр дээр юмаа тавьж зардаг.

Тэнд будааг 50 гр-аар, элсэн чихрийг 20 гр-аар зарж байна. Арай ч дээ гэж хэлэх ч багадмаар санагдаж байгаа биз. Гэвч энэ бол нүдээр харсан, зүрхээрээ мэдэрсэн бодит үнэн билээ. Бид дэндүү сайхан эх орондоо, дэндүү цамаархан туйлж, хоолоо голж, хоорондоо хэрэлдэн хайран сайхан цагаа үрж хэтэрхий болчимгүй амьдарцгааж байх шиг айдас төрснөө нуумгүй. Нууж чадахгүй байгаа учраас ийнхүү бичиж байгаа юм. Бид юу зөгнөөд, юу ёрлоод ингэж орилолдож байна вэ гэсэн айдас Африкт төрсөн юм.

Энэ бол ганцхан надад төрсөн мэдрэмж, айдас биш гэдгийг баттай мэдэж байна. Нигер улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь Тенера гэж нэрлэгдэх алдарт цөлөөр бүрхэгдчихсэн атал үлдсэн нутагт нь ч цөлжилтийн аюул нүүрлэн аюулын харанга дэлдэж байна. Цөлжилт гэдэг ямар ч тивд, аль улс оронд нүүрлэх гамшиг бөгөөд газар нутгийг шууд сэхээнд оруулдаг "өвчин" гэдгийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл цөлжилт бол газар дэлхийд тусдаг нэгэн төрлийн "ДОХ" юм.

Ийм гамшигт өвчинд нэрвэгдсэн газар нутаг дээр амьдарч, аж төрж буй хүмүүсийн нүднээс жаргал, инээд баясал, гэрэл гэгээ эрэх нь утгагүй санагдаж, уулзсан хүмүүсээ хараад дотроо өөрийн эрхгүй шимширч явлаа. Хүн гэдэг муухай амьтан ажээ. Би тэдгээр хүмүүсийг харж өрөвдөхөөсөө илүү "Монгол минь ийм болчихвол яанаа" гэсэн аминчхан айдаст автаж байсан нь хачин. Бусдын зовлонг үзээд эх орноо илүү их хайрлах сэтгэлд автсан нь сонин юм шүү. Гэвч би Нигер улсад байсан мөч бүрдээ босгоны цаахан талд чимээлэн буй аюулыг маш тод мэдэрсэн юм.

Африк тив юм юмтай, цатгалан газар байсан гэдгийг дэлхий нийт өнөө ч бахдан ярьдаг. Яг л өнөөдрийн манайх шиг. Жишээ нь Нигер улс уранаар маш баялаг орон. Ерөөсөө энэ улсын эдийн засаг нь газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурладаг. Уран олборлолтоор Австри, Канад хоёрын дараа ордог гэхээр том сонсогдож байгаа биз. Тэгээд яагаад хөгждөггүй юм бэ гэж та гайхаж байгаа байх. Далайд гарцгүй гачлантай байршил, хүн амын боловсролын буурай төвшин, урагш муутай дэд бүтэц, дэндүү сул дорой эрүүлийг хамгаалах бодлого, байгаль орчны аймшигт сүйрэл...гэж хэн хүнгүй хариулдаг.

Хариулт нь тун энгийн байгаа биз. Ийм асуулт тавихад, ийм л хариулт өгдөг. Тэгвэл яг үнэн хариултыг амьдрал шал өөрөөр илэрхийлж байна. Аливаа гадаадын хөрөнгө оруулагчид, олборлогчид ерөөсөө л дээрэмчид байдаг юм байна гэдгийг би тэнд өөрийн нүдээр харлаа. Дээрэмчид дээрэмдээд л гараад явдаг юм байна. Хөөрхий цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг эх орондоо, цөлжсөн хөрсөн дээрээ ам нь ангалзаад л хоцордог юм байна.

Та энэ орон яагаад харийн олз хайгчдад тэгтлээ тонуулсан юм бэ, төр засаг гэж байдаггүй юм уу гэж асуух нь дамжиггүй. Тусгаар тогтносноосоо хойш гурван ч удаа цэргийнхний засаглалын нүүрийг үзэж зовсны эцэст дөнгөж саяхан 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгууль явуулж байсан орон аж. Нигер улсын хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг, түүнийхээ хэрээр мэдлэг боловсрол муутай юм байна. /Тэгсэн хэрнээ англи, франц хэлээр тивээрээ ярьж байна. Гэвч энэ нь тэдэнд дэвшил болсонгүй. Харин ч эх хэлнээсээ, ёс заншилаасаа, эх орноо хайрлах сэтгэлээсээ холдсон байна. Одоо манайхан гадаад хэлгүй л бол хүн биш гэж үзэх шахуу хавчин хээнцэрлэж байна. Энэ бүхэн яг л энэ улс орон шиг болохын эхлэл шиг санагдана/

Төр засаг нь тогтворгүй, ард иргэд нь мэдлэг боловсрол муутай ийм оронд гадаадын дээрэмчдэд үйлчлэх урвагчид тэр дороо гараад ирдэг байна.

Энэ бол хүний хорвоогийн бас нэгэн муухай жам юм даа. Хамгийн гол нь энэ явдал ганцхан тэнд биш манайд ч нүүрлээд байгаа болохоор үүнийг би онцолж байгаа юм шүү. Урвагчдыг түшиглэсэн дээрэмчид уул нурууг нь ухаж төнхөөд юу байгааг нь бүгдийг нь аваад гардаг юм байна. Ард нь алдагдсан ертөнц л хоцордог ажээ. Нигерт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн арав гаруй компани бүгд Монголд оччихсон байгаа тухай тэндэхийн хариуцлагатай албаны хүн хэлэхэд би өөрийн эрхгүй цочсон юм.

Энэ үг бол тун удахгүй манай Монгол ч гэсэн алдагдсан ертөнц болохын дохио юм. Эрчүүд нь яасныг бүү мэд, авгай хүүхнүүд нь гэдсэндээ нэгийг тээж, гартаа нэгийг тэвэрчихээд Нийгмийн хамгааллын яамныхаа үүдэнд гуйлга гуйн зогсоно. Алдагдсан ертөнцийн амьдрал ийм л байдаг юм байна. Өнөөдөр энэ улсын хөрс, хүмүүс хоёр яг адилхан хатаж хагсжээ. Хатдагаа хатсан, цөлждөгөө цөлжсөн энэ улсын нүүр царайг хүүхэд цувуулсан хүүхнүүд, хүйтэн зэвсэг мөрлөсөн цагдаа хоёр л тодорхойлж байна. Манайхан сүүлийн үед эко цагдаа байгуулна гэж их ярьдаг болсон.

Байгалиа хамгаалах гэж тэр гэнэ лээ. Энэ тийм ч зөв шийд биш бололтой. Надад лав Нигер улс байгаль хамгаалах нэрийн дор улсаа цагдаажуулсан юм шиг санагдсан. Нэг талаас цэрэгжиж, цагдаажсан орны иргэдийн зовхи нь унжаастай, тэмцэх чадваргүй болдог юм шиг санагдсан. Бас нэг зүйл нүдэнд тод ажиглагдсан нь энэ улсын шашин шүтлэг юм. Энэ улсын ард иргэдийн дийлэнх нь Исламын шашин шүтдэг аж. Лалын шашин энэ улсыг сульдаасан бас нэг шалтгаан ч байж мэднэ.

Учир нь ажилгүй иргэдийн дийлэнх нь өдөржин мөргөхөөс өөрийг хийдэггүй юм шиг харагдсан. Энд мод магнаг болжээ. Модоо мөчирлөж, түүнийгээ цуглуулан зарим иргэд нь амьдралаа залгуулж байна. Бараг бүх мод нь тахир дутуу болж мөчирлүүлсэн байхыг харлаа. Мод нь сүйрсний гол шалтгаан коко кола, үнэртэн хоёрын гол түүхий эд эндэхийн өвөрмөц модны давирхайнаас гардагтай холбоотой гэнэ. Үүнийг араб давирхай гэдэг аж. Тэрхүү давирхайнаас болж тус улсын ой мод дайрлаганд өртжээ. Гадны дээрэмчид газар нутгийнх нь доорхийг ч, дээрхийг ч цөлмөн одсон байна.

Хаа газрын амьдрах нөхцөл, ажлын хар борыг гололгүй хийж явдаг хятадууд тэнд оччихсон замыг нь барьж байна. Хэвлийдээ "бөмбөрцөг"-тэй, нуруундаа бяцхан хүүхэд хүлсэн хүүхнүүд зовлонд дарлуулчихсан, тэр бүхнээ нуух гэсэн мэт нүд гялбам тод тод өнгийн цэцэг хуаран бошинз намируулан алхаж байгаа нь өрөвдөлтэй санагдаж байв. Илэн далангүй ярихад энэ газар мөргөл, нөхөн үржихүйн ажил хоёр л тасардаггүй юм шиг. Өөр тэдэнд хийж байна даа гэж харах юм алга.

Ганц Нигер ч биш ер нь Африк тивд хүүхдүүд өлсгөлөнгийн гамшиг, өвчний гамшиг хоёроор хорвоог орхисоор байна. Тэд энэ дэлхийд хүн болж төрчихөөд золгүй тавилангаар буцан одох нь хөөрхий. Нэлээн хэдэн жилийн өмнө шилдэг шүлгээр тодорч байсан, нэгэн африк хүүхдийн гэнэн атлаа өр өвдөм шүлгийг энд зориуд оруулмаар санагдсан юм.

Би төрөхдөө хар л байсан.
Би томроод ч хар л байсан.
Би нарны туяанд ч хар л байдаг.
Би айсан ч хар л байдаг.
Би өвдсөн ч хар л байдаг.
Би үхэхдээ ч хар л байх болно.

Харин цагаан залуу чи...
Төрөхдөө ягаан.
Томрохоороо цагаан.
Нарны туяанд улаан.
Даарахаараа хөх.
Айхаараа шар.
Өвдөхөөрөө ногоон.
Үхэхээрээ саарал.

Тэгчихээд намайг өнгөт арьстан гэж дуудна...



Африк бол газар нутгийн хэмжээгээрээ Евразийн дараа дэлхийд хоёрт ордог тив. Африк тивд 50 гаруй том, жижиг улс оршдог. Хагас зуун жилийн өмнө эдгээр улсын ихэнх нь Европын том гүрнүүдийн эрхшээлд байв. Тамир тэнхээ, эд баялагийг нь сорон томорч байсан тэдгээр эзэрхэг гүрнүүдийн эсрэг 1960-аад оны эхэн үеэс энэ тивийн ард түмэн босч тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл өрнүүлж эхэлсэн юм.

Энэ том тэмцэлд Африкийн ард түмэн ялж байв. Харин ялсаны дараа сэхэх тавилан тэр бүрт заяадаггүй юмсанж. Африкийн орнуудын улс төр, эдийн засгийн байдалд олон арван жилийн дарангуйлал арилшгүй ул мөрөө үлдээж одсон нь өнөөдөр ч илхэн. Дийлэнх нь тарчиг ядуу амьдралтай, боловсролгүй болж хоцорсон нь ямар ч туг өргөөд өндийх тэнхэлгүй болгожээ. Колоничлогчид тэднийг үргэлж хооронд нь хагаралдуулж, цаг үргэлж туйлдуулж байснаас болж энд тэндгүй толгой, энд тэндгүй хил хязгаар үүссэн байх юм.

Сая сая африк иргэн дайн, ган гачиг, өлсгөлөнгөөс зугтан дүрвэцгээжээ. Эзэд нь хаян явсан газар нутагт юу үүсч, юу нүүрлэх нь тодорхой шүү дээ. "Зүүн Африкийн нутаг дахь чулуужсан олдворууд анхны хүн энэ тивд үүссэнийг баталдаг. Өөрөөр хэлбэл Африк тив бол хүн төрөлхтөний өлгий нутаг гэсэн үг. Тиймээс дэлхийн бүх хүн энэ тивийн ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийг хичээдэг билээ" хэмээн нэгэн африк залуу бичсэн байна. Тийм ээ. Би ч гэсэн тэгж хүсч байна.

Гэхдээ Африкт сайн сайхныг хүсэхээс илүү алаг нүдний цөцгий шиг, амин голын Монгол эх орноо ийм болчих вий битгий ийм болоосой гэж бүр илүү хүсч, залбирч байна. Хүн гэдэг ийм л аминчхан байдаг юм байна.



Мажигийн Тунгалаг

/Нигер-Улаанбаатар 2012 он/

Д.Бямбасүрэн: Монгол төрийн бодлогыг гадаадын хөрөнгө оруулагчид тодорхойлдог болжээ

Зууны мэдээ
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, эдийн засгийн ухааны доктор Дашийн Бямбасүрэнг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.
-Та сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?
-Тавтай сайхан байна, Хонин жилийн Хавар сайхан эхэлж байна.
-Хонь жилийн эхэнд тантай уулзсаных энэ онд  улс орны эдийн засаг, төр засгийн байдал, иргэдийн амьдрал ямар байх талаар таны бодлыг сонирхоё?
-Эдийн засгийн хувьд эрээн бараан юм бишгүй байна. Гэхдээ амны билгээс ашдынх гэж, Монголын заяа өндөр юм болохоор урагштай  юм бий, түүний хажуугаар сэтгэл зовоосон зүйлүүд  ч чамгүй байна.
-Хэдхэн хоногийн өмнө шийдлийн Засгийн газрын 100 хоног  өнгөрлөө. Түүнд дүн тавих ёстой улстөрийн намууд, сөрөг хүчний төлөөлөл дуугарсангүй. Та энэ талаар дүгнэлт хийв үү?
-Засгийн газрын 100 хоног гэдгээс өмнө миний хувьд нэрийг нь жаахан өөлмөөр санагддаг. Чингис хаан Монгол Улсаа байгуулахдаа Их Монгол Улс гэж нэрлээд Монгол Улсын төр гэж явсан. Сүүлд Манжийн төрийн үеэс эхлэн Тэнгэр тэтгэгчийн төр, Эвээр засагчийн төр, Энх-Амгалангийн төр, Найралт төвийн төр гэхчлэн цоллож, хамгийн сүүлд Бадаргуулт төрөөр төгссөн. Манай улс төрийн хүчнүүд Манжийн төрийн үеийг дууриаж засгаа байгуулчхаад гоё нэр цол өгдөг боллоо. Түрүүчийнх нь “Шинэчлэлийн” Засгийн газар гэдэг нэртэй байсан. Юун шинэчлэх байх вэ дээ, бүгдийг нь хямрааж хаячхаад алга боллоо.
Шинээр байгуулагдсан Засгийн газар өөртөө “Шийдлийн” гэсэн нэр өгсөн. Хүнд үед засгаа хөдөлгөж төрөө шинээр байгуулна гэдэг маш том алхам. Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн асар өндөр төвшинд, зоримог, зөв шийдвэрүүд гаргах ёстой.
Гэтэл 100 хоногт явуулсан үйл ажиллагааг нь харахад шинэ Засгийн газар маань төрөлхийн сульдаатай гарчихжээ.
Хүнд үед засгаа хөдөлгөж төрөө шинээр байгуулна гэдэг маш том алхам. 
Олон салбарын бодлогыг нэг бүрчлэн тоочих боломжгүй ч эдийн засаг, хүмүүсийн сонирхож байгаа гол салбарыг нь аваад үзэхэд ямар ч ахиц гарсангүй.
Асуудлыг нэг талаас нь барьж аваад нөгөө талаас нь хазаад тэгээд жаахан долоож байгаад эргүүлээд тавьж байгаатай адил санагдах юм. Уг нь ийм үед ажиллаж байгаа Засгийн газарт бодох хоёр л зүйл байдаг.
Нэгд, эдийн засгийнхаа төрхийг өөрчлөх ёстой. Үүний тулд боловсруулах үйлдвэрүүд рүү өгөх хэдийгээ боловсруулж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ дэмжих, экспортын шинэ эх үүсвэрийг нээх чиглэлд том бодлого хэрэгтэй байсан. Аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлого гэсэн баримт бичгийн төслийг би үзсэн л дээ.
Социализмын үеийн муухан техникумын сурах бичгүүд дээр ч арай тэрнээс дөнгүүр юм бичдэг байсан. Гэтэл тийм юмыг төрийн бодлого гэж нэрлээд явж байгаа нь өрөвдөлтэй. Засгийн газрын хоёр дахь бодох зүйл нь хямралын үед төрийн бодлогын архитектур, зохиомжийг өөрчлөх ёстой. Энэ бол татварын бодлого, зээлийн бодлого, мөнгөний бодлого, цалин хөлсний бодлогоо өөрчлөх ёстой гэсэн үг. Гэтэл тэрийгээ хийж чадсангүй. Чадах ч нөхцөл байсангүй.
Өмнөх Засгийн газар нь төрийн бодлогынхоо бүх механизмыг цуцалж, хүчингүй болгоод баячуудад нь 30 жилийн тогтвортой байдлын гэрчилгээ өгөөд, арай ядууханд нь таван жилийнхийг өгч, бүр жижгүүдийг нь хоосон хаяад, ингээд  эдийн засгийнхаа орон зайг задлаад хаячихсан юм.
Үүнээс болж зохицуулалт хийх ямар ч боломж байхгүй болсон. Энэ талаас нь Засгийн газарт  би сэтгэл дундуур байгаа. Сэтгэл дундуур байх бас нэг шалтгаан нь Монголын төрийн бодлогыг Монгол түмний эрх ашиг, нийгмийн тогтвортой байдал, аюулгүй байдлын асуудал тодорхойлохоос илүү гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашиг тодорхойлдог боллоо.
Он гарснаас хойш хийсэн хоёр гол ажил нь Урт нэртэй хуулийг өөрчлөх тухай болон  Гацуурт дахь Ноён уулын орд газрын асуудал байлаа. Түүн дээр хамаг цагаа барлаа. Монгол төр гаднын нэг компанийн өмнө сөхрөх гэж яйжганасаар байгаад хугацаа алдаж байгаа нь харамсалтай.
Гэтэл эдийн засгийн ерөнхий байдал улам хүндэрлээ.Төгрөгийн ханш унасаар байна. Хуучин өрнүүд дээр шинээр нэмэгдэж сүүлдээ инээдтэй байдалд орж байна шүү дээ.
-Ийм байдалд хүргэсэн зүйл нь дотоодын улстөржилт. Түүнээс болж гаднын  хөрөнгө оруулагчид үргэж,  байдал хүндэрсэн гэж дээр доргүй  тайлбарлах юм?
-Манай эдийн засгийн амьдрал, суртал ухуулгын хүрээг аваад үзвэл маш сонин дүр зураг харагддаг. Ялангуяа 2012 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхээ болилоо, үүнээс болж эдийн засаг сүйрлээ гэж өдөр, шөнөгүй улигладаг, номлодог, сурталддаг хүрээ бий болсон.
Үүнийг бодитойгоор аваад үзье л дээ, “Эрдэнэт”  гэхэд л манай эдийн засагт их чухал үүрэгтэй, түшигтэй, өөрийн болгож авсан, нутагшуулсан технологитой  ийм үйлдвэр. Тэгвэл “Эрдэнэт”-ээс хойш сүүлийн арван жилд юу хийв.
“Эрдэнэт”-ээс тав дахин илүү хүчин чадалтай Оюу толгойг ашиглалтад орууллаа. Гэрээгээ арчаагүй хийгээд алдчихлаа. Тэр үед Ерөнхий сайдаасаа өгсүүлээд салбарын сайд нар маань орлогын 70 гаруй хувь нь Монголд орж, ашгийн 59 хувийг Монгол авах нь гэж зарим нь  толгойгоороо дэнчин тавьж байгаад Их хуралд оруулж гэрээгээ батлуулж алга ташаад байсан шүү дээ.
Өнгөрсөн жил Оюу толгой хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 150 тэрбум төгрөг л өгсөн. 70 биш долоон хувь нь Монголд үлдлээ, бусад мөнгөө аваад гарчихсан. Бусад орд ч адил. Тухайлбал, Таван толгойгоо ашиглалтад орууллаа.
Таван толгой  бол Монголд байтугай Ази тивд  ховорт тооцогдох  коксжих нүүрсний орд газар. Жилдээ 20 сая тонн нүүрс олборлоод байхад Монголыг өлхөн тэжээгээд байхаар уурхай. Гэтэл түүнийгээ  тав хуваагаад алдчихлаа. Газрын тосоо олборлолоо. Монголд олборлосон газрын тосыг Монголын дотоодод боловсруулахгүй гэж гэрээ зураад гаднын компанид өгчихсөн. Өнөөдөр өөрсдөө  гаднын компаниас  газрын тос гуйгаад сууж байна. Уранаа бас  гадныханд өглөө. Уран бол дэлхийд маш их үнэтэй эрчим хүчний эх үүсвэр. Гэтэл түүнийгээ өгч, баахан хэрүүл маргаан хийж эцэст нь 100 сая ам.долларын өртэй хоцорлоо.
Монгол ядуу хэвээрээ, өртэй хэвээрээ, эдийн засаг нь улам хямарсан хэвээр хоцорлоо.
Таван толгой дээр  “Чалко”-д өртэй үлдсэн, түүнийгээ гурван жилд төлж чадахгүй. Өнөөдөр 133 сая ам.доллар буюу 250 тэрбум төгрөгийн өртэй байгаа шүү дээ. Араас нь Ерөөгийн төмрийг алдлаа, Сүхбаатар аймаг дахь Төмөртийн орд, цайрын баяжмалаа алдлаа. Дорнодын металлургийн ордоос сорчилж байгаад тавиад туучихлаа. Монгол ядуу хэвээрээ, өртэй хэвээрээ, эдийн засаг нь улам хямарсан хэвээр хоцорлоо.
Үүнээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр, уул уурхайгаа ашиглах чиглэл, уул уурхай Монголыг тэжээнэ, тэтгэнэ хэмээн явуулж байгаа ухуулга, уул уурхайд гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулагчид гэдэг маань ерөөс үндэстэн дамнасан луйварчин корпорациудын ашиг сонирхол Монголд орж ирээд байна гэсэн үг.
Тэд Монголыг цөлмөөд гараад явахад  тэдний гарыг долоосон Монголын суртал ухуулагчид, нийтлэлчид, улстөрчид, сайд нар, эрх мэдэлтнүүд баяжаад үлдэхээс биш Монголд юу ч үлдэхгүй. Үүнийг ойлгож, өөрсдөө цэвэрших асуудал чухал.
-Хөрөнгө оруулагчид цаашид ч орж ирнэ. Харин тэдэнд  тавих шалгуур ямар байх ёстой бол? 
-Монголын хуулийг хүндэтгэдэг, Монгол төр нь баялгийнхаа эзэн гэдгийг ойлгодог, ард түмэн нь тэрний өмчлөгч нь юм байна, хянадаг юм байна гэдгийг ойлгодог, ийм компаниуд Монголтой түншилж, удаан хугацаанд найдвартай хамтарч ажиллахыг үгүйсгэхгүй. Тэрнийг дэмжих хэрэгтэй. Өнөөдөр Ноён уулын тухай яриад л байна. Гэтэл “Сентерра Голд” өмнө нь   алтны ордыг  яаж ашиглалаа. Арван жил олборлоно гэж тогтвортой байдлын гэрээ хийчхээд эхний таван жилд бүх алтыг нь ухаж аваад хаячихсан, татвар бараг төлөөгүй.
Тэдний Ази, Африк руу явсан мөрийг нь харвал цусан мөртэй архаг луйварчин л юм билээ
Тэд Киргизэд алтны орд эзэмшихдээ 18.1 хувийн нөөц ашигласны төлбөр төлсөн бол манайд тавхан хувийг төлж байгаа. Ийм байдлаар Монголыг цөлмөж амташчихаад салж өгөхгүй байгаа юм. Тэдний гадаад орнуудад ажилласан туршлагаас үзэхэд сэтгүүлч, ухуулагч, эдийн засагч гээд салбар бүрийн үй түмэн хүнийг хахуульдаж худалдаж аваад суртал ухуулга хийлгэдэг.  Гадна талдаа түүнээс ч хүчтэй суртал ухуулгын баг бий болгочхоод хулгай нь баригдаад ирэхээр “Монголд биднийг хавчиж байна”, “Монголд хөрөнгө оруулагчдын орчин муудлаа” гээд дэлхий даяар шуугьж орилуулдаг.
Тэрэндээ бүр  гаршчихсан. Тийм хүмүүстэй бид түншлэх гээд байх юм. Хэн нь хэн бэ гэдгийг эргэж харвал яасан юм бэ. “Рио Тинто”-г орж ирэхэд Монголчууд дэлхийн том компани гээд угтаж байсан. Гэтэл орж ирээд яав.
Орд газраа бусдад шилжүүлэх гэж оролдлоо, анхны хөрөнгө оруулалтаа нэмлээ, татвар төлөхгүй Нидерланд руу зугтах гэж үзлээ, татвараа дутуу төлж үзлээ, ажилчдаа мянга мянгаар нь  халлаа. Тэдний Ази, Африк руу явсан мөрийг нь харвал цусан мөртэй архаг луйварчин л юм билээ.  Ийм компани Монголд орж ирээд Монголыг гэхгүй нь лавтай. Энэ  бүхнийг сайтар  харж, дүгнэлт хийх ёстой болж  байх шиг. 
-Манай хуулийн орчин тогтворгүй, дээр нь цоорхой ихтэй. Тийм хуулиар гэрээ хийдэг, дараа нь Арбитрт очоод  уначихдаг, тэгээд шүүхийг зүхэх юм. Дотооддоо  хариуцлага эзэнгүйддэг боллоо?
-Ашигт малтмалын хуулийг 1997 онд баталсан нь Монголын газрын хэвлийг нээгээд гаднын өлсгөлөн шувуудад тоншуулах хууль болсон. Гэхдээ зарим зүйл заалт нь нааштай байсан. Гэтэл 2006 онд “Айвенхоу Майнз”-ийн захиалгаар хуулиа өөрчилсөн. Тухайн үед уул уурхайн орд газруудыг ил далд эзэмшиж байсан ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд Их хуралд сууж байсан. Гаднын нэг компани орж ирээд ганц юм хэлэхэд манайхан хуулиа өөрчилж эхэлдэг.
Тухайлбал, Гол мөрний эх, урсац бүрэлдэх газрыг хамгаалах тухай хууль байна. “Сентерра Голд-ийн шаардлагаар хуулиа өөрчлөх гэж гурван жил дараалан он дамнуулж  оролдоод сая тэрийгээ хийлээ. Уул уурхай мэддэг хүн энэ салбарын сайд болж байсан удаа байхгүй. Нэг мэдсэн хятад хэлний орчуулагч, нэг мэдсэн нэхмэлчин, эсвэл бие хамгаалагч аваачаад уул уурхайн сайдаар тавьчихсан байдаг. Яагаад ингэж байна гэвэл, цаанаасаа Монголын уул уурхайг сонирхогч этгээдүүдийн идэш болгож хаях, сайд нь тэдний гарт байх, тийм л болзол төрүүлээд байдаг.
Нэг мэдсэн хятад хэлний орчуулагч, нэг мэдсэн нэхмэлчин, эсвэл бие хамгаалагч аваачаад уул уурхайн сайдаар тавьчихсан байдаг
Тийм болохоор хуулиа үргэлж зөрчинө, тэр нь явсаар торгууль болоод буцаад ирдэг. Арбитрыг би буруутгахгүй  байна. Арбитр улс орон болгонд, олон улсын хэмжээнд байдаг. Олон улсад нэр хүндтэй Шведийн юм уу, Лондоны арбитр байна.
Тэд аж ахуйн маргааныг шийддэг. Лондоны шүүх дээр гэхэд л  манай улс “Марубени” корпорацитай хийсэн  маргаанаа аваад ирж байсан удаа бий. Тэр бол зуун жилийн өмнөх жишгээр шийдсэн хэрэг.
Өнөөдөр ч ялгаагүй шударга ёсны  тэр л жишиг үйлчилнэ. Тиймээс ямар ч маргаан байхгүй. Харин тэдэнд очтолоо заваарна гэдэг Монголын төрийнхний, эрх мэдэлтнүүдийн, энэ түшмэлүүдийн хийж байгаа ажил шүү дээ.
-Тэгэхээр  асуудал эргээд бидний сонголттой холбогддог. Сонгууль болгоны өмнө хуулиа өөрчилдөг, одоо ч ярьж байна. Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх  бол ямар өөрчлөлт  хэрэгтэй вэ?
-Үндсэн хуулийн дараа орох гол хууль маань Сонгуулийн тухай хууль. Түүгээр бид төрөө байгуулдаг. Гэхдээ энэ хууль 1996 оноос  эхлэн сонгууль болгоны өмнө өөрчлөгдсөөр байгаад тогтвортой төвшинд хүрч чадсангүй. Харин ч 2012 оны сонгуулийг харахад улам бүр гүнзгийрч заваарах тийшээ хандлаа. Улс төрийн намууд үндсэндээ хэдэн баячуудын халаасыг царайчилж амьдарч байна. Орон нутгийн намуудыг нь тэндээс гарсан нэг баян очоод тэжээчихнэ.
Тийм болохоор сонгуулиар  тэр нөхрийг гаргахын төлөө  сурталчилгаа хийгээд гүйдэг. Энэ АН-д ч, МАН-д ч, бусад намд ч бий. Сүүлдээ намууд улаан цагаандаа гарч нэр дэвших эрхийг киноны билет шиг  худалддаг болсон.
Бүрэн эрх нь дуусч байгаа Их хурлынхан өөрсдөдөө зориулж хуулиа өөрчлөхдөө яавал дахин сонгогдох вэ гэдгээ л боддог. Тийм болохоор хууль нь сайжрах тийшээ биш улам муудах тийшээ явдаг.
Үндсэн хуулийн дараа орох гол хууль маань Сонгуулийн тухай хууль. 
Сонгуульд санал өгч байгаа сонгогчдын хувьд амьдрал ядуу зүдүү хүнд байх үед нүнжигтэйд нь санал өгнө гэдэг философи гаргаж ирсэн. Эхлэл нь  Хөвсгөл аймгийн 13 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахад тавигдсан.
Ингээд мөнгө тараасанд нь санал өгч эхэлсэн. Гэтэл мөнгө тараасан хүн нь сонгогчдод хэдэн төгрөг өгчхөөд улсаасаа эргүүлээд тэрбумаар нь идчихдэг. Сүүлдээ тэр хүмүүс маань  яаж байна гэвэл Монголынхоо юмыг идэж бараад, одоо газар шороогоо, хойч үе ирээдүйнхээ амьдралыг барьцаанд тавьж иддэг боллоо. Oрон даяар сонгуульд хариуцлагатай хандах цаг болсон.
-Хариуцлагыг яаж бий болгох вэ?
-Хүмүүс надтай уулзаад янз бүрийн юм ярьдаг. Зарим нь хувьсгал хийх цаг боллоо гэнэ, зарим нь бослого гаргах цаг болсон л гэнэ. Гэтэл эднийг хэн сонгосон юм бэ. Бид сонгосон шүү дээ.  Сонгууль болохоор мартаж бялдуучилж, өмнө нь орж гүйсээр байгаад тэр хүмүүсээ гаргаад ирдэг. Энэ маань эргээд төрд ямар байдлаар буудаг вэ гэвэл, жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг хар. 2006 онд бүрдсэн М.Энхболдын Засгийн газар байна. Тухайн үедээ Их эвслийн гэж нэрлэж байсан, би бол цоохор гэдэг юм.
Хэдэн компанийн захирал сайд болж төрийн мөнгийг хувааж идсэн. Тийм Засгийн газартай байгааг харахад Украин санаанд ордог. Украины олигархиуд  мужуудаа  хуваагаад авчихсан. Хоорондоо өрсөлдөөд бүр болохоо байхаар Америкаас, Латвиас, Шведээс  сайд хөлсөлж авч байна. Улс орны хувь заяа ингэж эргэнэ. Тиймээс Сонгуулийн хуулийг үндсээр нь өөрчлөхгүйгээр бид урагшаа явахгүй.
-2012 оны сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд оруулсан шинэлэг зүйл нь  намын жагсаалт. Цаашид ч ийм байдлаар явах бололтой. Ийм байж болох уу?
-Намын жагсаалтаар Их хуралд орж ирсэн хүн бол ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээ биш. Тэд намын даргын сонгосон хүмүүс. Тэр жагсаалтын толгой дээр намын даргын нэр бичээстэй байгаа, аль ч намынх ялгаагүй. Тэр намын дарга олон түмний өмнө гарч намынхаа  бодлого, үйл ажиллагааг сурталчлаагүй, олон түмнээс дэмжлэг аваагүй атлаа Их хуралд ороод сууж байгаа. Энэ нь явсаар  Үндсэн  хуулийн том асуудал  болж магадгүй.
Өмнө нь нэг тойргоос хэдэн хүн өрсөлдөхөөр болж хоорондоо тойргоо наймаалцах, эвсэн хуйвалдах явдал газар авсан. Дарханд Өмнөговьд юу болж байсныг хүмүүс сайн мэднэ. Үүнээс үзэхэд сонгууль гэдэг маань өнгө төдий ардчиллын будаг болж хувирчээ. Өөрчлөхгүй бол болохгүй.
Олон түмнээс дэмжлэг аваагүй атлаа Их хуралд сууж байгаа нь Үндсэн  хуулийн том асуудал  болж магадгүй
Магадгүй Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт оруулж төрийн байгуулал, бүтцийг өөрчилж байж асуудлыг шийдэж байж ч болох юм. Гэхдээ миний харж байгаагаар эд Сонгуулийн тухай хуулиас бусдыг хийж чадахгүй. Дүр үзүүлж худал баахан хашгираад өөрсдөө сонгогдох талаас хуульдаа завсар оруулаад бүрэн эрх нь дуусах байх.
-“Хоёр нам нэг л биш” гэдэг үгийг та олон жилийн өмнө хэлсэн. Өнөөдөр АН засаг барьж, эцэстээ эрх мэдэлгүй шахам, төр ямар ч жолоодлогогүй болчихлоо. Цаашид яах вэ, хэнд найдах болж байна аа, бид?
-Хоёр намын хувьд ямар цаг үе байв гэдэг сонин асуудал. 1990 оны эхэн үед бол Монголын нийгмийг ардчилсан зарчмаар, хүн төрөлхтний нийтлэг үнэлэмжийн баримжаагаар явуулъя гэсэн тодорхой чиг шугамтай байлаа. Тэр үеийн МАХН/МАН/-ынхан бол социализмынхаа  үнэт зүйлээ хадгалъя, социализмын төрийн зохицуулалт, механизмыг авч явъя гэсэн иймэрхүү баримжаатай байсан.
Гэтэл 2004 оны сонгуулиас хойш 2006 оны цоохор засгийн үеэс эхлэн намуудын хоорондын ялгаа алга болж хэн нэг нь гарч ирээд нөгөөдөхтэйгөө эвсэж хуйвалддаг болсон. 2008  онд түүнээс бүр ч дор юм болж хүний амь хохирч, олонх болсон МАХН/МАН/-ынхан АН-ын нөхдүүдийг даллаж засагт оруулаад   Оюу толгойн гэрээний асуудлыг С.Баярцогт гэж тавьтиргүй хүний нуруун дээр тохож, хуйвалдаж баталсан.
2012 онд АН олонх биш ч олуулаа болчихлоо гээд эвсэл байгуулж хэсэг явснаа болохгүй нь гээд нөгөө МАН-тайгаа нийлчихлээ. Энэ хоёр нам Монголын эдийн засгийг хорлох бодлогынхоо хувьд ижил төвшинд, тэр нь их идсэн, энэ нь бага идсэн гэх юм байхгүй. Сайн, муу гэж дүгнэхэд өнгө ялгарахгүй.
Оюу толгойн гэрээний асуудлыг С.Баярцогт гэж тавьтиргүй хүний нуруун дээр тохож, хуйвалдаж баталсан
Одоогийн байдлаар ардчилсан нийгмийн нөхцөл дотор тоталитар нийгмийн үеийн авангард зарчмаар ажиллаж байгаа улстөрийн бүлэглэлүүд л болж хувирлаа. Энэ улстөрд бий болсон маш том эмгэнэл. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа би АН-ынханд хандаж нэг ил захидал бичсэн юм. Сонин дээр гарсан даа  “Ардчиллын төгс ялалт  ба шинэ сорилт” гээд. Энэ сорилтыг АН-ынхан даасангүй.
Харин ч АН сонгуульд гарч ирэнгүүтээ мөрийн хөтөлбөртөө огт байгаагүй, Монголын газар шороог гадныханд худалдах, төрийн механизмыг задлах гэх мэт янз бүрийн арга хэмжээ явуулж ирлээ. Одоо улстөрийн намуудыг бүхэлд нь авч үзвэл, Монгол орон 2000 оноос эхлэн худал, хуурмагийн оронд амьдарлаа. Бүх нам худал амлалаа. Нэг нь ч түүнийгээ биелүүлсэнгүй. Тэгээд дахиад сонгуульд ороод л ирнэ. Сүүлийн үед популизм гэж амтай болгон ярих болж, түүнийг  монголчилвол молигодох гэсэн үг шүү дээ. Улстөрийн намууд молиго үмхүүлэгч субьектүүд болж хувирсан.
-Ноён уулыг тойрсон асуудлаар та юу хэлэх вэ, төр засаг болон монголчууддаа. Монголчууд аливаа асуудлаар таны амыг харж, дуугарахыг тань хүлээдэг шүү дээ?
-Ноён уул 50 тонн алтны нөөцтэй, зарим нь 70 тонн нөөцтэй гэж яриад байгаа. Алт Монголд бий. Оюу толгойд 1,800 тонн алтаа тавиад туучихлаа.  Ард нь УИХ гаслаад бараг бүтэн улирлыг тууллаа. Алтандаа гол нь  биш. 50 тонн алт байгаад тэрийгээ олборлоод, хэдэн жил ч олборлох юм, тэрнээс нь хэчнээн хэмжээний  татвар авах юм, хэдийг нь Монголбанкинд тушаах ч юм. Түүгээр Монголын эдийн засаг аврагдах уу гэвэл, худал.
Сонирхол юу вэ гэхээр хэд хэдэн талын асуудал байгаа юм. Нэгд, Бороогийн алтыг хямдхан авч татвар төлөхгүйгээр идэж ашигласан, Монголын улстөрчид, суртал ухуулагчдын дунд өөрийнхөө бэлтгэл хүчин, дэмжигчдийг бий болгосон “Сентерра Голд” гэдэг компани л тийшээ амташчихсан үхэр шиг зүтгэж байгаа юм. “Сохор үхэрт худаг бүү үзүүл” гэж монголчуудын ярьдаг туйлын үнэн. Тэр “Сохор үхэр”-ийн толгой дээр Монголын Тагнуулын газрын дарга байсан генерал хүн очоод сууж байна. Монгол төрд ямар нөлөөтэй, ямар сувгаар яаж мэдээлэл цацах вэ, яаж монголчуудыг мунхруулах вэ гэдгийг тэр нөхөр маш сайн мэдэж байгаа.
Нэг талын асуудал нь энэ. Нөгөө тал нь манай Их хурлынхан, Засгийн газар эхэлж асуудлыг боловсруулаад Их хуралд оруулж хэлэлцүүлж байна. Энэ юуг харуулж байна гэвэл, Их хурал, Засгийн газрын дотор олонх нь “Сентерра Голд”-ийн гар долоож амьдардаг, тэдний үгээр  явж байгаа юм. Энэ бол няцаагдашгүй баримт.
Гурав дахь тал гэвэл, нутгийн хүмүүс уул усаа аварч үлдье гээд явж байна, эрдэмтэд Хүннүгийн булшийг бид гүйцэд судалж амжаагүй гэж байна. Миний бодоход төр, засаг энэ асуудлаар тавхан минутын дотор байр сууриа зөв тодорхойлох  боломжтой.
Тэгэхгүй байна. Хүннү бол хүн төрөлхтний үүслээс хойш дэлхийд тодорсон, маш том ул мөрөө үлдээсэн угсаатан. Хүннүгээс Монголчууд төрж гарсан. Хүннүгийн улсыг бид Монголын эхний төр байсан гэж үздэг шүү дээ. Хүннүгийн Ноён уулын булшнаас олдсон олдвор хүннүчүүд гэдэг бол Тэнгэр уулынхаа урдуур явахаар одоогийн Афганистан, Газар  Дундын тэнгис хүрч нутаглаж байсан.
Тэнгэр уулынхаа хойгуур явахаар Хар далайн цаад зах хүртэл Скитүүд буюу Оросуудын Скипүүд гэж нэрлэдэг хүмүүстэй удам угсаа нэгтэй байсан гэдгийг баталдаг юм.
Ноёын уулыг Монгол Улс тэр чигээр нь түүх, соёлын дурсгалт дархан газар болгох ёстой 
Тэгэхээр хүн төрөлхтний түүх, соёлын энэ их том өв  ганц Монголын юм биш, энэ хүн төрөлхтний үнэт зүйл. Энэ аманд нь эрдэмтэн чи булш ух, тэр аманд нь би алт ухая гэхгүйгээр Ноёын уулыг Монгол Улс тэр чигээр нь түүх, соёлын дурсгалт дархан газар болгох ёстой байсан. Үүнийг шийдээгүй.
Шийдээгүйн учир нь үе үеийн Засаг дарга нар нь гадна, дотнын жижиг луйварчидтай хуйвалдаж алтыг нь ухуулж ашигласаар ирсэн. Засаг дарга нар  нь бүгд мэдэж байсан. Бүгд тэндээс хувь хүртэж, зөвшөөрөл өгч нууцаар ухуулсаар ирсэн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын төр засаг түүх, соёлын дурсгалыг төлбөрт авах  нэг тонн алтаар хэмжиж, түүний төлөө өгөх гэж байгаа юм байна, худалдагдчихсан төр гэсэн харамсалтай ойлголт төрж байна.
-Ноён уулыг судалгаа, шинжилгээний эргэлтэд яаж оруулах нь  зохистой бол. Гэхдээ одоогоор манай эдийн засаг муу, боломжгүй гэж байна? 
-Ноён уулыг төр хамгаалалтад авч, цаашид олон улсын эрдэм шинжилгээний том анги ажиллуулж судалгаа шинжилгээ хийлгэвэл Хүннү  гаралтай улс олон.
Тэр дотроос Монгол, Уйгар, Түрэг, Манжууд бүгд Хүннү гаралтай. Хамтарсан судалгаа хийнэ гэвэл өвгөд дээдсийнхээ түүхийг судлая гээд бүгд ороод ирнэ. Судалж чадна. Хүннүгийн булшнаас олдсон олдвор гэдэг маш үнэтэй зүйл. Ноён уулаас олдсон хивсний хээн дээр байгаа зургийн ачаар бид өнөөдөр Факторын соёл иргэншилтэй нэг гэдгээ мэдсэн. Скипүүдтэй нэг соёл иргэншилтэй гэдгээ ойлгож авсан.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Ярилцлагаа маргаашийнхаа төлөө өнөөдөр бид юу хийх вэ гэсэн асуултаар жаргаая?
-Эхлээд хариуцлагагүй хүмүүстээ хариуцлага тооцож, энэ нөхдүүд Монголыг ингэж хохироож байжээ гэдгийг дэлхий нийтэд ил болгох хэрэгтэй. Далд явах юм бол асуудал шийдэгдэхгүй. Нууц, буруу гэрээ хийж байсан хүмүүсийн зарим нь “Толгойгоо ав” гэсэн  шүү дээ. Тэр  толгойг нь  хүлээж авья л даа. Авчраад тушааг. Ард түмэн шийдэг.