Friday, June 10, 2011

Америкчууд манай улсын гурван том уурхайгаас ховор металл олборлохоо зарлалаа

АНУ-ын “Green Tech­nology Solu­tions” компани манай улсаас ховор металл олборлохоор болсон талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл “Green Technology Solutions” компани яг аль уурхайнуудаас олборлолт хийхээр болсноо пүрэв гарагт зарласан нь ихээхэн анхаарал татаж байна. “Green Technology Solutions” мэдэгдэлдээ ” Манай компани Монгол Улсын Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дахь Авдрантын уурхайгаас ховор металл олборлоно.

Энэхүү уурхай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 80 километр зайд оршдог. Харин бидний олборлолт хийх дараагийн газар нь Булган аймгийн Дашинчилэн суманд буюу Улаанбаатар хотоос 260 километр зайд байрлах Агуйтын уурхай юм. Түүнчлэн бидний олборлолт хийхээр төлөвлөсөн сүүлийн цэг нь Улаанбаатар хотоос 382 километрийн зайд орших Дорноговь аймгийн Айраг суман дахь Модот-Уулын уурхай болно» гэжээ.

Гэхдээ тэд олборлолтоо манай улсын “Ар-Эрхэс” компанитай хамтран хийхээ мэдэгдсэн байна. “Green Technology Solu­tions”-ын удирдлага саяхан манай улсын «Ар-Эрхэс» компанитай саяхан “Ашгийн оролцооны гэрээ” (РРА)-г байгуулсан. Энэхүү гэрээ нь тухайн орон нутаг болон байгаль орчинд хор хөнөөлгүй, аюулгүй үйл ажиллагаа явуулахад тусална гэж үзэж буйгаа «Green Technol­ogy Solutions »-ын удирдлага мэдэгджээ.

«Green Technolo­gy Solutions” компани цааш мэдэгдэхдээ ” Бид Монгол Улсад ховор металлын бүрэн үйлдвэрлэлээ удахгүй явуулж эхэлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ уурхайнуудын эрдсийн агууламж батлагдаж, бүх зүйл тодорхой болсон байх ёстой. Бид бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаархудалдан авагчтайгаа хэдийн тохиролцоонд хүрээд байгаа» гэжээ.

«Ашгийн оролцооны гэрээ»-ний дагуу ” Green Technology Solu­tions”-ынхон ашгийнхаа тодорхой хэсгийг cap бүр төлбөр болгон өгөх юм байна. Гэхдээ ашгийн яг хэдэн хувийг ” Ар Эрхэс»-т төлөх талаар хоёр талын мэдэгдэлд ямар нэг зүйлийг дурдаагүй аж.

” Green Technology Solu­tions” компанийн ерөнхийлөгч Жон Ширер ирэх долоо хоногоос дээрх гурван уурхайд нарийвчилсан судалгаа хийж эхлэхээ мэдэгджээ.
Эргэн сануулахад “GreenTechnology Solutions”-ынхон манай улсын ” Rare Earth Exporters of Mongolia (REE) компанитай хамтарсан үйлдвэр байгуулж ховор металл олборлохоор болсноо өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй тэд саяхан олборлох ховор металлаа Өмнөд Солонгос, Хятад зэрэг Азийн тэргүүлэгч орнууд руу экспортлохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

Дэлхийн ховор металлын 95 орчим хувийг хангадаг Хятад улсын гол өрсөлдөгч нь манай улс болохыг “Green Technology Solutions”-ын удаа дараа онцолж байсан нь манай улсын нөөц маш их болохыг харуулж байна.

Сонирхуулахад ховор металл нь цахилгаан бараа, автомашины сэлбэг, бүх төрлийн зай гээд өргөн хэрэглээний маш олон зүйлд хэрэглэгддэг. Нэг ёсондоо ховор металл нь орчин цагийн технологийн хөгжилд маш чухал ач холбогдолтой зүйл юм. Тиймээс ховор металлын арвин нөөцтэй манай улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэгчдээс их ашиг хүртэх боломжтой нь харагдаж байна.

Д.Оюунбаатар

No comments:

Post a Comment