Saturday, January 28, 2012

Төмөртэй хүн баяждаг


Төмөртэй хүн баяждаг
Манай үеийнхэн багадаа төмөр утсаар дугуй түрж нааддаг байв. Тэр үед төмөр утас ч элбэг олддог байж. Энэ үеэс л төмөр утас ямар чухал болохыг анх мэдэрсэн гэх үү дээ.

Гэтэл өдгөө манай улс төмрийг өмнөд хөршөөсөө импортолж байна. Саяхан л хог шиг хөглөрдөг байсан төмөр утас яагаад ийм үнэ цэнэтэй болчихов. Ерээд оноос хойш төрсөн банди нар төмөр утсаар дугуй түрж тоглохыг бараг мэдэхгүй байх. Төмөр ч үнэд орсоор. Манай улсын хувьд төмөр утасны түүхий эд болох төмрийн хүдрээ 2005 оноос урд хөршдөө экспортолж эхэлжээ. Ашигт малтмалын газар /АМГ/ -ын мэдээлснээр өдгөө манайд төмрийн хүдрийн 26 ашиглалтын лицензийг гадаадын хөрөнгө оруулалттай 20 гаруй компани эзэмшиж байгаа аж.

Манай сэтгүүл өмнөх дугаартаа “Экспортын татвар эдийн засгийг эмчилнэ”, “Төмрийн хүдэр төрсөн нутагтаа тоосоо шилгээн, өмнө зүг рүү урссаар” гэсэн нийтлэлүүдээрээ уул уурхайн зарим бүтээгдэхүүнд экспортын татвартай болох төмрийн хүдэр, төмөр боловсруулах үйлдвэрийг байгуулах асуудлыг хөндсөн. Цаашид Монгол Улс төмрийн хүдрээ өнөөдрийнх шиг тонн тонноор нь экспортын татвар ч үгүй зөөгөөд л байх хэрэг үү. Төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлох эхний бөгөөд эцсийн шалтгаан нь юу вэ. Үйлдвэржилтийн хар хайрцагны бодлого гэж байна уу?

Манай улсын экспортын 90 орчим хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байна. Тиймээс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, экспортод гарч буй зарим нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх бодлогыг Гаалийн ерөнхий газар баримталж байгаа юм байна. 2012 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд татварын бодлогоор ийн хамжилцах аж. Мөн ГЕГ-ийн мэргэжилтнүүд “Ашигт малтмалын нөөцийг урт удаан хугацаанд үр өгөөжтэй ашиглах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд экспортын татвар зайлшгүй тавих шаардлагатай” гэв.

Баримт 1

Дэлхийн төмөр экспортлогч гол дөрвөн орны нэг болох Энэтхэг улс жилдээ 200 гаруй сая тонн төмрийн хүдэр олборлож, агууламж багатайгаа Хятадад экспортолдог байна. Үүнийг нь Хятад улс дээд зэргийн агуулга бүхий хүдэртэй хольж, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэлдээ ашигладаг аж. Энэтхэгийн Парламент Түүхий эдийн аюулгүй байдлын тухай хуулийг баталжээ. Тус хуулинд улс орныхоо стратегийн чухал түүхий эд болох төмрийн хүдрийг дотооддоо гүнзгийрүүлэн боловсруулалт хийж, ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээх, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг багасгах зэрэг заалтыг шинээр оруулж өгчээ.

Хуулийн зорилго нь эдийн засгаа дэмжсэн, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх бодлогыг өвөртөлсөн нь өдгөө үр дүнгээ өгч байгаа аж. Манай улсаас ялгарах нэг онцлог нь энэтхэгчүүд төмрийн хүдэртээ экспортын татвар ногдуулдаг байна. Энэтхэгийн эрх баригчид бүтээгдэхүүний үнэ өндөр байхад экспортын татвараа нэмэгдүүлж, үнэ буурахад татвараа бууруулдаг уян хатан бодлого баримталдаг байна. Тиймээс төмрийн хүдрээ бүрэн боловсруулах аж үйлдвэрийг байгуулахаар шинэ төслийн техник эдийн засгийн үндэслэл ч одооноос тодорхой болж байгаа юм байна. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сараас экспортын төмрийн хүдрийн төмөр замын тарифаа долоон хувиар нэмжээ.

Баримт 2

Манай улстай хамгийн ойр буй Казахстан улсаар жишээ татъя. Тус улсын төмрийн хүдрийн нөөц 16.6 тэрбум тонн буюу дэлхийн нөөцийн зургаан хувийг эзэлж байна. Тус улс нь хар, өнгөт төмөрлөг ба ховор металлын нөөц олборлолт, үйлдвэрлэлтээрээ дэлхийн 170 гаруй орноос арваннэгдүгээр байрт жагсжээ. Манайхтай зэрэг зах зээлийн шилжилт хийсэн улсын нэг. Тус улс 2003-2009 онд л гэхэд 9.34 тэрбум ам.долларын хар, өнгөт төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргажээ. Гэтэл аж үйлдвэржилт нь яралзтал хөгжиж байхад тус улсын эдийн засаг манайх шиг 20 хувиар огцом өссөнгүй. Казахстаны “Казахмыс”, Хятадын “Gichuan Group LTD” хамтран Хятадын хөгжлийн банкны хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар жилдээ 25 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн комплекс барьж, ирэх 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хувьсгал гэдэг үгийг эдийн засагтай холбон ярих дуртай болсон улстөрчид болоод холбогдох байгууллагынхан аж үйлдвэрийн хувьсгал хэрхэн хийдгийг хаяанд буй Казахстанаас бэлээхэн харж болох нь.

Баримт 3

Төмрийн хүдрийн арвин нөөцтэй гэж андуурсан уу, бид. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхийн төмрийн хүдрийн нөөц 1998 онд 213 тэрбум тонн байсан бол өнөөдөр 140.6 тэрбум тонн болтлоо буурчээ. Эсрэгээрээ төмрийн хэрэгцээ ч өссөн дүнтэй гарч. “Дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 91 хувиас илүү нь 10-хан оронд төвлөрч байгаа нь төмөр үнэд орохын шинж” хэмээн “Металс Монголиа-2011” чуулга уулзалтын үеэр Японы “Кобе Стийл” компанийн ахлах менежер Шохэй Яошида онцолсон билээ. Ази тивд төмрийн хүдрийн 17 хүртэлх хувь нь ногддог байна. Монгол Улсын хувьд төмрийн хүдрийн батлагдсан нөөц 600 гаруй сая тонн буюу дэлхийн нөөцийн 0.5 хувийг эзэлдэг. Энэ нь тийм ч өдөр шөнөгүй зөөгөөд байхаар арвин нөөц биш юм. Монгол Улс нэгэнт төмрийн хүдрийн бага нөөцтэй учраас экспортыг зогсоочих хэрэгтэй гэдэг санааг ч Иргэний танхимд болсон “Монгол Улсын төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын олонх нь тэмдэглэж байсан юм. Манайх энэ оны аравдугаар сарын байдлаар л гэхэд 4.8 сая тонн төмрийн хүдрийг “шороогоор” нь экспортолсон байна.

“Өнгөрсөн онд манай улсын төмрийн хүдрийн экспорт 2005 оныхоос 20.1 дахин өсч, нэг тонныг нь дунджаар 68 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн үнээс 2.4 дахин хямд борлуулсан” хэмээн Монголын төмөрлөг, машин механизм үйлдвэрлэлийн үндэсний холбоо/МТММҮҮХ/-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү ярив. Монголчууд бараг бүгдээрээ “Оюутолгой”, “Тавантолгой”-д анхаарлаа хандуулж буй энэ үед хар төмөрлөгийн үйлдвэрийн төрийн бодлого алдагдсанаас арван сарын хугацаанд л бид 671.9 сая ам.долларын ашгаа алдах жишээний байна гэж тэрбээр нэмж хэлсэн. Манай улсын гангийн болоод төмрийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300-гаад мянган тонн боловч үүнийхээ 80 гаруй хувийг өмнөд хөршөөсөө импортлох болжээ. Бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд хөрсөн дээр буугаад ирэхээр төмрийн хэрэгцээ нэг сая тоннд хүрч, барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувь өсөхөөр байгаа аж.

Баримт 4

Төмөрлөг боловсруулах аж үйлдвэрлэлийн салбар уналтад орсон хэмээн Иргэний танхимд болсон “Монгол Улсын төмөрлөгийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлгийн оролцогчид хэлж байлаа. Манай улс 1980-аад оны үед төмөрлөг боловсруулалт, машин үйлдвэрлэлийн салбарын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд явуулж байсныг МТММҮҮХ-ны техник технологи эрхэлсэн захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан сануулсан. Сонирхуулахад, тухайн үед төмөрлөг боловсруулах томоохон 20 гаруй үйлдвэр, 400 орчим цех, тасагт 7000 гаруй суурь машин ажиллаж байжээ. Зөвхөн Улаанбаатар хотын Авто заводод л гэхэд жилдээ 800 гаруй автомашин, 15 мянган ширхэг дугуйнд иж бүрэн засвар хийж, 880 орчим тонн эрэг, боолт үйлдвэрлэсэн байна. Мөн 450 гаруй тонн авто сэлбэг, резин техникийн эдлэл шинээр үйлдвэрлэн, ОХУ, Дорнод Сибирьт экспортолж байсан “сайхан дурсамж” тодрох ажгуу.

Гаалийн ерөнхий газрын сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс үзэхэд импортоор оруулж ирсэн нийт бараа бүтээгдэхүүний 40 орчим хувь буюу гурван тэрбум ам.доллар зөвхөн төрөл бүрийн төмөрлөг бэлдэц, цувимал утас, өндөр чанарын ган, машин механизм, авто машины техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги сэлбэг хэрэгсэл авахад зарцуулсан байна. Үүнийг бид өмнө нь үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй илүү гарснаа экспортолж байжээ.

Уул уурхайн олборлох үйлдвэрлэл нь хөрөнгө оруулалтын 65 хувийг эзэлж, үр ашиг нь 18 хувь байдаг бол төмрийн хүдэр баяжуулахад хөрөнгө оруулалт 20 хувь, ашиг нь 32 хувь. Харин боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт нь 15 хувь боловч үр өгөөж, нь 60 хувь байдаг болохыг Зөвлөх инженер С.Арслан сонирхуулав. Гэтэл манай улс дахин сэргээгдэхгүй байгалийн баялгаа гадагш нь зөөж, 80-60 гаруй хувийн ашгаа алдаж байгааг “Танан импэкс” компанийн металл боловсруулалтын технологич инженер Ц.Ядамрагчаа ярилаа.

Баримт 5

“Болд төмөр Ерөө гол” компани нь Орос Монголын хамтарсан Улаанбаатар төмөр замаас ч олон вагонтой болж таарах нь. Тус компани нь өөрийн дөрвөн зүтгүүртэй бөгөөд жилдээ зургаан сая тонн буюу 1.2 тэрбум ам.долларын төмрийн хүдрийн баяжмал зөөх төмөр замын хүчин чадлыг бүрдүүлжээ. Хэрэв хоногт 500 вагоноор зөөгөөд байвал Баянголын ордод тогтоогдсон 110 сая тонн нөөцийг аравхан жилийн дотор бүрэн зөөж дуусахыг Эрдэс баялгийн үндэсний ассоциацийнхан ярив. Металлургийн салбарынхны ярьж буйгаар төмрийн хүдрийн ордуудын гол бүс нутаг нь Дархан, Сэлэнгийн бүс аж. Тиймээс Баянголын орд нь тус бүс нутагтаа томоохонд тооцогдох юм билээ.

Өнөөгийн байдлаар манай улсын төмөр замаар тээвэрлэж буй төмрийн хүдрийн баяжмал нь Улаанбаатар төмөр замын нийт ачаа эргэлтийн 30-аад хувийг эзэлж байгаа аж. Харин Замын-Үүдийн хилийн боомтоор урд хөрш рүү гарч байгаа ачааны 40-45 хувийг төмрийн хүдэр эзэлсэн байна. “Болд төмөр Ерөө гол” компани нь Баянголын орд газарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар авч хүдэр олборлон баяжуулж, бүтээгдэхүүнээ 100 хувь БНХАУ-д экспортолж байгаа юм.

Тус компани нь 98 км төмөр зам бүхий Хандгайт өртөөг байгуулж, хоногт 200-300 вагон буюу 12600-18900 тонн төмрийн хүдэр зөөж байгааг “Хатан Ерөө гол” орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийхөн ярилаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий технологич М.Авирмэд хар төмөрлөг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, тэр дундаа цутгуурын үйлдвэрийг Дархан Сэлэнгийн бүсэд хөгжүүлэх боломжтой болохыг тэмдэглэсэн юм. Түүний хэлснээр “Болд төмөр Ерөө гол” компани төмрийн хүдрээ боловсруулаад гаргаж болохгүй гэж үү?

Эрдэс баялгийн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Х.Владимир “Нүүрсээр ган хайлуулах технологи манай улсад хамгийн тохиромжтой нь. Германчуудтай хамтарч судалгаа хийсэн. Өнгөт, хар төмөрлөгийн цогцолборыг байгуулахад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үйлдвэр ашиглалтад орсноор 2500-3000 ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарсан” хэмээн сонирхуулсан юм.

Эцэст нь

Хүннү гүрний үед “төмөртэй хүн баяждаг” хэмээх хэлц үг анх бий болжээ. Хүннүчүүд Түрэгээс төмрийн татвар авдаг байсныг өдгөө түүхчид тайлбарлаж байна. Төмрийн хүдрийн орд газруудын хүдрийн доторх төмрийн агууламж 50 хувиас дээш бол “баян”, 25-50 хувь бол “хэвийн”, 25 хувиас бага бол “ядуу” хүдэр хэмээн нэрлэдэг аж. Манай төмрийн хүдэр агууламжаараа дээрх үзүүлэлтээр бол “баян” гэсэн ангилалд багтах аж. Баруун Европын ихэнх улсын орд төмрийн хүдрээр ядууд тооцогдож, Англи, Герман, Бельги 1980- аад оноос, Франц 1993 онд төмрийн хүдэр олборлохоо бүрэн зогсоожээ. Харин хойд Америкийн олборлож буй төмрийн хүдрийн чанар муудаж байгаа бөгөөд хүдрээ сорчлон олборлож байгаа гэнэ. Зөвхөн Канад, Мексик л 61-63 хувийн төмрийн агууламжтай хүдрээ олборлосоор. Дэлхий дээр жил бүр хоёр тэрбум гаруй тонн төмрийн хүдэр олборлож байгаагаас Хятад улс дангаараа дэлхийн олборлолтын 40 гаруй хувийг бүрдүүлж байна. Дэлхийн төмрийн хүдрийн хэрэгцээ цаашид өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Хятадынх 68 хувь, Япон, Өмнөд Солонгос, Тайванийх 18 хувь, Баруун Европынх есөн хувь болохыг шинжээчид дүгнэж байна.

Төмрийн хүдрийн олборлолт, экспортоороо тэргүүлэгч Бразил улс 2012 онд жилийн гангийн үйлдвэрлэлээ одоогийн боловсруулж буй 41 сая тонноо 59 сая тоннд хүргэж, цаашлаад 78 сая тонн болгох зорилт тавьжээ. Төмрийн хүдрийн түүхий эд нийлүүлэгч “ВНР Billiton”, “Rio Tinto” компани нь баруун Австралид төмрийн хүдрийн орд газрууддаа 116 сая ам.долларын хөрөнгө оруулан Британи Австралийн “Найрамдал” хамтарсан үйлдвэр байгуулж, дэлхийн төмрийн хүдрийн нийлүүлэлтийн гуравны хоёрыг хяналтдаа авах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа нь төмөртэй хүн баяждагийн тод жишээ биз ээ.

Нүүрс, алт, зэсээр баян Азийн цээжинд орших Монгол агууламж өндөртэй ч нөөц нь харьцангуй бага төмрийн хүдрээ экспортлохын хэрэг байна уу. Хүссэн, хүсээгүй удахгүй төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэх ажээ.

Мөн Төмрийн хүдэрт экспортын жишиг үнэ тогтоож,татвар ногдуулах зайлшгүй шаардлага байгааг мэргэжлийн байгууллагуудынхан хэлж байгаа билээ. Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “2012 оны улсын төсөвт уул уурхайн бүтээгдэхүүнд экспортын таван хувийн татвар тавьсан боловч уул уурхайн холбоод, МҮХАҮТ, аж ахуй нэгжийн хүсэлтээр тэглэсэн” гэлээ. Түүхэнд байгаагүй зарлагатай гэх төсөвт экспортын татвар “жийргэвч” болохгүй гэж үү.

Монголын төмрөөр “цангасан” бүтээн байгуулалтын төслүүд хэдийд ярайтал сүндэрлэхийг төмрийн хүдрийн эзэд л мэдэх бололтой. Төмөртэй хүн баяжих нь баараггүй, томрох нь тодорхой болохыг дээрх баримт, үйл явдлуудаас харж болох нь. Төмөрт төрийн бодлого үгүйлэгдэж байна.

Б.Тогтох http://mongolianeconomy.mn/

No comments:

Post a Comment