Monday, January 30, 2012

Монгол эрчүүддээ хандсан Өвгөдийн уриалга

Уриа дор нэгддэг
Утаан дор сарнидаг
Уухайн дор цугладаг
Уулс бүрхэж хурдаг
Хар сүлдэндээ мөргөдөг
Хас тэнгэртээ сөгддөг
Хамаг Монголдоо зүтгэдэг
Хаан эздийн эрэлхэг баатруудаа!
Сэлэмний ир чинь зэврээгүй бол
Нумын хөвч чинь тасраагүй бол
Илд бамбай чинь цуураагүй бол
Эх дэлхий тань цөмрөөгүй бол

Мөнх тэнгэрийн хүчинд сөгдөөд
Монгол түмний заяаг шүтээд
Хөх толбот үрсээн хамгаалж
ХҮН түмний удмыг залгуулая

Онгод тэнгэрүүд хүчээ өгөхөөр
Олон мянгаараа хуран цуглаад
Оршихуйн төлөөх үнэн тулаанд
Олон эрчүүдээ уриалан дуудлаа

Жигд зүсэлсэн морьдоон унаж
Жирийн баатрын зүстэй байж
Эр хүний андгайг давтаж
Эгэлгүй хүчийг хураан цуглуулая

Энэ цагийн эрчлээсээс гарч
Их Монгол улсаан сэргээж
Энэгүй сүр хүчийг олж
Их Суу Залийн ивээлд багтаж

Сүрдээн өргөж
Сүлдээн тахиж
Галаан сахиж
Гаднаан жагсаж

Монгол эрсийн суу ухааныг
Дэлхийд харуулах цаг болж
Морьтон ардын сүр хүчийг
Дахин мэдрүүлэх үе иржээ

Энэ үеийн тулаанд бид
Эрэлхэг зоригтой тулахдаа
Эрдэм хэтийдсэн эрсийг
Эхний эгнээнд жагсаана.

Халуун амь сүлдийг
Хан тэнгэрүүд хамгаална
Хамаг суу ухаанаар
Хамтарч тэд тэмцэнэ.

Шударга үнэнчийг шилж
Шуналт этгээдүүдийг илрүүлж
Хаан эзний тааллаар
Хамаг олноор шийтгүүлнэ.

Ганхсан төрийг бөхөлж
Ган шиг эрчүүдээр мануулна.
Хурсан ус шиг дайсныг
Хуу хаман хөөнө.

Хуйвалдсан булхайг цохиж
Хуурамч дүртнийг сүлж
Харийн хорыг шүүж
Хатан ухааныг сэргээнэ.

Мунхарсан түмнийг сэргээж
Мухар сүсгийг гэгээрүүлнэ
Монгол төрөө цэвэрлэж
Мөнхөрөх алдраа дуурсгана.

Өөр хоорондоо эвтэй байж
Өстөн дайсныг эрэмгий дарж
Өсөх багачуулаа эрдэмтэй өсгөж
Өвгөд дээдсээ эрэмбэтэй хүндэлж

Уухай түрлэгээр хөгжиж
Улс Монголоо хөгжүүлж
Нар Сар Галаан шүтэж
Наран Хасаа сүлдэлж

Өндөр дээд Бурхан Халдунд
Өглөө болгон дээжээн өргөж
Өнгөрсөн бүх гутамшиг алдааг
Өршөөл эрэн өчиж наминчилна

Буурал дээдсийн онгод амарч
Бумбын орондоо тайван заларна.
Эргэх хорвоогийн өнгө жигдэрч
Энх цагийн ЭРИН эхэлнээ.

Мөнх хөх тэнгэрт
Мөнгөн саран мэлтэрнэ
Мөнхөд асах гал дүрэлзэнэ.
Мөнх орших наран гийнэ.

Уухай Уухай Уухай
Үнэн үргэлж ялдаг юм
Уухай Уухай Уухай
Монгол Үндэстэн ялна.
Бүү эргэлз. Бат итгэ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол үндэстэн мандах болтуухай!

С.Батаа 2012 он
http://www.mongolchuudaa.com/-

No comments:

Post a Comment