Sunday, April 1, 2012

Дэлхийн дундаж цалин хэд вэ?

Баян юм уу, ядуу хүн гэж байдаггүй, дэлхийн бүх орлогыг хүн бүр тэнцүү хувааж авдаг байсан бол нэг хүн ер нь хэр хэмжээний орлоготой байх байсан бол.

“BBC”-д мэдээлснээр дэлхийн нийт орлого жилд ойролцоогоор 70 их наяд ам.доллар байдаг юм байна. Ингээд дэлхий долоон тэрбум хүнтэй гэж бодохоор нэг хүн жилд 10 мянган ам.долларын орлоготой байна гэсэн үг.

Гэхдээ шууд ингэж тооцоолох нь өрөөсгөл. Учир нь, долоон тэрбум хүн амын зарим нь ажил хийдэггүй, өөр нэг хэсэг нь хүүхдүүд байдаг. Тэгвэл тэднийг хасч тооцвол дэлхийн хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ хэд юм бол оо.

НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэсэг эдийн засагч энэ талаар судалж тооцоо гаргажээ. Дэлхийн 72 оронд судалгаа хийсэн байна. Тэдний тооцоолсноор дэлхийн дундаж цалин сард 1480 ам.доллар, жилд 18 мянган ам.доллар гэсэн хариу гарчээ.

Энэ нь АНУ, Их Британийн дундаж цалингаас хоёр дахин бага бол Польшийнхтой тэнцүү, Болгарынхаас хоёр дахин их тоо юм байна. Тэдгээрээс дундаж цалин хамгийн бага орон Тажикстан байсан бөгөөд жилийн дундаж нь ердөө 2700 ам.долларын юм байна. Монгол Улсын хувьд сард 415 ам.долларын дундаж цалинтайгаар 72 орноос 66 дугаарт жагсчээ.

Харин цалингийн дундаж хэмжээгээрээ Люксенбург тэргүүлсэн бөгөөд тус улсад дундаж цалин ойролцоогоор жилд 48 мянган ам.доллар байдаг гэнэ. Гэсэн ч сард 1480 ам.доллар буюу өдөр 75 ам.долларын цалин авна гэдэг олонхийн хувьд муугүй сонсогдож байгаа ч бодит байдал дээр дэлхийн хүн амын гуравны нэг нь өдөрт хоёр ам.доллараас бага орлоготойгоор амь зууж байгаа юм.

Б.Тамир

No comments:

Post a Comment