Tuesday, March 20, 2012

Ойрын 5 жилд нийт 6877 инженер техникийн ажилтан, 33585 мэргэжилтэй ажилчны хэрэгцээ байна

“Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр“ Засгийн газрын 2009 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан. Уг хөтөлбөрийг хэрэжүүлэхээр тусгай төлөвлөгөө гаргаж ажилласан ба төлөвлөгөөний 6 зорилтын хүрээнд 49 үйл ажиллагааг 2010-2016 онуудад хэрэгжүүлэхээр тусгасан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг яам, агентлаг, нийслэл, аймгуудаас гаргуулан нэгтгэн авч үзэхэд 2011 оны байдлаар бүрэн биелсэн 25 /51,0%/, 90 хувийн биелэлттэй 7 /14,3%/, 70 хувийн биелэлттэй 8 /16,3%/, 50 хувийн биелэлттэй 6 /12,2 %/, 30 хувийн биелэлттэй 3 /6,1%/ үйл ажиллагаа байна. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааны биелэлтийн дундаж хувь 2011 оны байдлаар 83,3 хувьтай байна.
Үйлдвэржүүлэлтийн хөтөлбөрийн 2011 оны хэрэгжилтийг тоймлон авч үзвэл:
Монгол Улсын үйлдвэржүүлэлтийн өнөөгийн байдал
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд өсөлттэй байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2011 онд 2056.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 182.2 тэрбум төг буюу 9.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 16.8-77.3 хувь, нарийн боов, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, малын мах, талх, амтат ус, ундаа, шингэн сүү, тамхи, архи, жүүс, шар айраг, цэвэр ус, бетон зуурмаг зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-86.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2011 онд оны үнээр 5626.7 тэрбум төг болж, үүний 3513.8 тэрбум төг буюу 62.4 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
2011 онд “Ухаа-худаг” коксжих нүүрсний ордод нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц ашиглалтад орсон, Оюутолгойн төслийн барилгажилт төлөвлөлтийн дагуу хэрэгжиж байна. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хоршоо биржийг дэмжих чиглэлээр нийт 54.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр 2000 орчим ажлын байр шинээр нэмэгдэж, 757.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Түүнчлэн 2008 онд манай улсад барилгын материалын 400 гаруй үйлдвэр ажиллаж нийт барилга угсралтын ажлын материалын хэрэгцээний 30 орчим хувийг хангаж, 70 хувийг импортоор нийлүүлж байсан бол 2009-2011 онд 150 гаруй үйлдвэр ашиглалтанд шинээр орж нийт барилга угсралтын ажлын хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 60 хувийг импортоор нийлүүлж байна.
Үйлдвэржүүлэлт ба хувийн хэвшил
Манай улсад 90 гаруй мянган хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс 50 мянган аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 900 мянга орчим хүн ажиллаж ДНБ-ний 73.7-74.3 хувийг, татварын нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна.
2011-2016 онд хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 19.3 их наяд буюу улсын нийт хөрөнгө оруулалтын 54 хувийг эзлэх тооцоотой байгаа бөгөөд төрийн үйлчилгээг хөнгөвчилж шуурхай болгох алхмуудыг 2010-2011 онуудад хийлээ. Төрөөс олгодог тусгай зөвшөөрөл, лицензийн тоог 30 хувиар цөөлж нэг цэгийн, нэг цонхны, цахим гааль, цахим татвар, бизнес ширээ үйлчилгээнүүд 21 аймаг, нийслэлд бүрэн нэвтрээд байна. Түншлэл, хамтын ажиллагаа, хэлэлцэл шинэ шатанд гарч төр, хувийн хэвшлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлүүд байгуулагдан, шинэтгэлийн бодлого шийдвэр гаргах үйл явцад хувийн хэвшил түүний төлөөллийн байгууллагууд оролцдог боллоо.
Боловсон хүчний хангамж
Аж үйлдвэрийн салбарт ажиллагчдын тоо 2011 оны эцэст 56797 болж өмнөх оныхоос 2508 хүн буюу 4.6 хувиар өссөн байна. Хүн амын насны бүтцийн онцлогоос шалтгаалж нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа нь ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлж, ажлын байрны хэрэгцээг бий болгож байна. Ойрын 5 жилд нийт 6877 инженер техникийн ажилтан, 33585 мэргэжилтэй ажилчны хэрэгцээ байна.
2012-2016 оны үйлдвэржилтийн зорилтууд
Ойрын хугацаанд түүхий эдийн нөөц, байршил, бүс нутгийн онцлог, дэд бүтцийн өнөөгийн болоод ирээдүйн чиг хандлага, гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нягт уялдуулан улсын төсөв, зээл тусламж, хувийн хэвшил, концессын гэрээгээр хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн 23 үйлдвэр, барилгын материалын 27, хүнд аж үйлдвэрийн 10, Дархан, Багануурын үйлдвэр технологийн парк түүнд байгуулагдах үйлдвэрүүд зэргийг барьж байгуулахаар төлөвлөж байна.
ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО

No comments:

Post a Comment