Wednesday, March 14, 2012

Алтайн удирдлагууд АТГ-т “айлчилж” байна

Алтай нутаг өнтэй сайхан өвөл болж, урин хавартай золголоо. Сүүлийн жилүүдэд газар ногоо сайхан гарсан тул мал тарга тэвээрэг сайтай, малчин ардын сэтгэл тэнэгэр байна. Мал ид төллөж буй учир малчид өдөр, шөнийг үл хайхран амсхийх завгүй ажиллана. Тэгвэл төрийн үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй, шуурхай хүргэх үүрэг хүлээсэн зарим төрийн албан хаагчдын хувьд тун хатуухан өвөл болж, хаврын урь ээхгүй байгаа бололтой. Өнтэй сайхан өвөлжилж буй Алтайн нутгийн өндөр албан тушаалтнуудыг авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргүүд тойрч гарсангүй. Аймгийн захиргаа “эзэнгүй айл” мэт болжээ.

-Аймаг орон нутгийнхаа ан амьтан, ашигт малтмал, байгаль орчноо хайрлан хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, ухаалгаар хандан арвич, хямгачаар ашиглан, эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй газар тариалангаа хослуулан эрчимжүүлж, найдвартай чанартай, дэд бүтцийг бий болгож, ард иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлж, амьдралыг сайжруулахаар ажиллаж байна гэдэг Засаг дарга Ш.Амгаланбаяр Авилгатай тэмцэх газар шалгагдаад эзгүй. Түүнийг танилынхаа компанид тендергүйгээр үйлчилгээ эрхлэх эрх олгосон. 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосон. Мөн “Агсу Алтай” компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлсэн зэрэг хэргээр шалгаж байгаа аж. Уг нь Монголын үндэсний олон нийтийн телевизээр Алтай нутгийнхаа төлөө гэсэн залуусаа нутагтаа очиж, хөгжилд дэвшилд хамтран ажиллахыг урьж байна гэж ярьж байсан санагдана. Хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах дарга нь авлигын хэрэгт холбогдсонд олон залуус гайхаа биз ээ.

-Манай аймгийн дарга нар авлига авах “хобби”-той болсон юм байлгүй. Сүүлийн үед авлигын хэргээр хот руу яваад ирэхээ больсон. Дараагийнх нь хэн бол гэдгээ хүлээгээд манай захиргааныхан хэцүүхэн ажиллаж байгаа гэж нутгийн иргэд шоглонгуй ярьж байна. Учир нь Аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяраас гадна аймгийн Аудитын газрын дарга С.Төмөрхүү албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр шалгаж, цагдан хорихоор болсон. С.Төмөрхүү даргыг Говь-Алтай аймагт хийсэн аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг удаа дараа нуун дарагдуулсан, их хэмжээний шан харамж авсан гэсэн үндэслэлээр сэжиглэн, шалгасан юм. Зарим дарга нарыг ийнхүү хатуухан жилийг өнгөрүүлж буйтай зэрэгцэн, аймгаас сонгогдсон эрхэм гишүүдийн гурван тэрбум төгрөгийн зарцуулалт иргэдийг гайхширлыг төрүүлж байна.

-Хэдэн төгрөг зарцуулсан гэнэ ээ. Үгүй байлгүй дээ хэмээн дуу алдах нь энүүхэнд. Хөөрхөн худлаа ярьдаг хүүхэд байна шүү гэж шоолох нь ч олонтаа. Эрүүл мэнд, биеийн тамирын талбай байгуулж, 24 сая төгрөг зарцуулав гэхээс эхлээд олон ажлыг үүнд дурдаж болох аж. Төмрөөр хийсэн хашаан дотор цементээр талбай байгуулж, сагсан бөмбөгийн хоёр самбар босгожээ. Дундуураа гар бөмбөгийн тортой. Нэг буланд нь бүдүүн төмөр хоолойг хооронд нь гагнаж хийсэн хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ. Харамсалтай нь хүүхэд түүнд нь тоглож наадах бус бэртэж гэмтэх аюултай аж. Үүнийг хотоос хол, барилгын материалын үнэд орсон, бензин, түлшний үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарладаг сурагтай.

Нүдээ олоогүй энэ мэт явдал дараагийн жишээгээр үргэлжилнэ. Говь-Алтайн аймгийн уяачдын зүүн аймгаас худалдаж авсан хурдан морины тээврийн зардал гэж сум бүрт дөрвөн сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Ингэхээр аймгийн 18 сумын уячдын худалдаж авсан морины зардалд 72 сая төгрөг зарцуулна гэсэн үг. Хувь хүмүүсийн хоббинд шүү дээ. Гурван тэрбумаас хасах нь 72 сая төгрөг тэнцүү..., түүнээс хасах нь тэд гээд нөгөө тойрогтоо зарцуулах мөнгөө “үрдэг” бололтой.

-Гишүүд хийсэн ажлаа эргэж харахгүй байна. Зураг төслийг нь хараад мөнгийг нь баталчихдаг бололтой. Гурван тэрбум төгрөг болохоор дуусдаг ч үгүй байлгүй. Зарцуулсан мөнгө, хийсэн ажил нь амьдралд нэг л тохирохгүй байгаа гэдгийг иргэд хэлж, гайхаж байлаа.

Аав нь эзгүй айл шиг төрийн албан хаагчид нь авлигын хэрэг төвөгт холбогдон нийслэл рүү мордож, төрийн үйлчилгээг үзүүлэх хүнгүй хоцорсон нутгийнхан зутрангуй байна лээ, эрхмүүд ээ. Тэднийг байхгүй гээд амьдрал, асуудлыг түр зогсоож болдогсон бол зогсоогоод л хүлээхсэн. Даан ч цаг хугацааг захирч болох биш.

Магадгүй аймаг аймгаар нь авлигын индекс гаргавал Алтайн төрийн албаныхан тэргүүн эгнээнд шалгарах биз. Гэхдээ энэ нь хэр сайн үзүүлэлт юм бол доо?

Ж.Эрхэс

No comments:

Post a Comment