Tuesday, March 27, 2012

Олигархи чи хэд наслах вэ?

Олигархи гэж өөрийн өчүүхэн амьдралын төлөө бусдын амьдралыг хулгайлагчдийг хэлнэ.

Хаан байна уу, ерөнхийлөгч байна уу, жирийн иргэн байна уу гэдгээсээ үл шалтгаалан хүн төрөлхтний амьдрал төрөх ба үхэл хоёроор хашигдсан. Бүхий л зүйл цаг хугацаатай үүрдийн зүйл гэж байдаггүй. Харин зуурдын хорвоог үүрдийн мэт санаж, дураараа авирлаж дунд чөмгөөрөө жиргэж, үхэхээ мэдэхгүй аашлах тэр хүн дэндүү өрөвдөлтэй бас хорсолтой. Маргааш үхнэ гэдгээ мэдэхгүй бусдын аз жаргалыг, амьдралыг устгаж сүйтгэж, өөрийн утсан чинээ улаан амины төлөө луйвар, хулгай хийж өдөр хоногийг амьтай голтой өнгөрөөнө гэдэг харамсалтай бас өрөвдөлтэй. Үхлийн тухай мэдлэг байхгүй бэртэгчингүүд зөвхөн өнөөдрөөрөө л амьдарна. Харин тэдний маргааш харанхуй. Тэдэнд маргааш гэж байхгүй.

Монголын олигархи гэх тодотголтой хүний үнэргүй луйварчид Монгол хүүгийн ирээдүйг, Монгол ээжийн сэтгэлийг, Монгол залуугийн боловсролыг, Монгол гэр бүлийн аз жаргалыг, Монгол улсын тусгаар тогтнолыг ямар ч үнэ цэнэгүй, маргаашгүй болгосон. Аз жаргалтай хүн шиг амьдрах ёстой Монголын ард түмэнд гуйлгачин, траншейнчин, эмзэг бүлэг, өвгөнт мэтийн доромжилсон нэр хоч өгч түүндээ инээж бах таваа хангана. Өөрсдийгөө бүхний дээгүүр тавьсан луйварчид хэний ачаар, хэн болчихоод өнөөдөр ард түмнээ доромжлон суугаа юм бэ. Буруу замаар будаа тээсэн, бусдын амьдралыг зовлон болгосон хүн хэзээ ч сайхан амьдардаггүйг олигархиудын хувь тавилан харуулдаг (М.Каддафи, Б.Ладен, С.Хуссейн шиг ичгүүртэйгээр амь насаа алдах уу).

Нэг сонгуулиас нөгөө сонгууль, нэг албан тушаалаас нөгөө албан тушаал гэсэн амьдралын хэмнэлтэй арчаагүй хүнэнцэрүүд, мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй, албан тушаалаас өөр дурлах дургүй луйварчид Монголд дэндүү олширлоо. Хүн төрөлхтний бахархал болох ёстой Монгол эх орныг минь лиценз, хууль, гэрээ, гэрчилгээ нэрийн дор ухсан нүх, ширгэсэн горхитой үлдээхийг хэн хүснэ вэ. Хэдхэн халтар төгрөгний төлөө 2700000 Монгол хүний амьдрал, аз жаргалыг хэн булаана вэ. Тэр хүн яг таны хажууд зогсчихоод намайг сонгоорой гэж хээвнэг хулгайн бодлоо нуун инээж байгаа гэдгийг битгий мартаарай. Сайн сайхан л амьдрахыг хүсэж байгаа бол та олигархиудад өөрсдийн маргааш, үр хүүхдийнхээ ирээдүйг битгий л даатгаарай. Гадныхантай хуйвалдан Монгол хүнээ, Монгол нутгаа хамт сүйрүүлэх тэдэнд юу ч биш.

Шунаж, луйвардаж, дээрэмдэж авсан бүхнээ авсандаа хийгээд энэ хорвоогоос явахгүйгээс хойш, үүрдийн амьдрал гэж байхгүйгээс хойш олигархи чи ахиж ард түмнээ битгий шулаач. Ард түмэн чамайг үзэн ядаж, чиний гэр бүлийг үүрд хараан зүхэж, луйварчны удам гэдэг хоч өгнө гэдгээс чи айхгүй байна уу. Чиний амьдрал удахгүй эцэслэнэ, чиний хөрөнгө чамайг аврахгүй, эцсийн эцэст чи Монгол хүн гэдгээ мартваа. Монгол хүн мөртлөө Монгол орноо дээрэмдэж байгаагаа, Монгол ахан дүүсээ шулж байгаагаа нэг ухаарах гээд үзээрэй. Чи үхэхийнхээ өмнө дэндүү их харамсана, гэхдээ чиний гэмшил оройтсон байна. Чи өөрийгөө мянга зүхээд, толгойгоо мянга шаагаад өнгөрсөн цаг хугацаа өнгөрсөнөөрөө л үлдэнэ.

Олигархи чи маргааш үхнэ харин Монголын ард түмэн үүрд амьдарна гэдгийг анхаараарай!!!

Д.Сүхбаатар /FACT.MN/

No comments:

Post a Comment