Tuesday, June 26, 2012

БНМАУ-ын Засгийн газраас НҮБ-д элсэхээр өгсөн анхны өргөдөл


Монгол улс НҮБ-д элсэхийн тулд 1946-1949,1952, 1955-1957, 1961 онд нийт таван өргөдөл гаргаж, ес дэх удаагийн оролдлогоороо Хятадын төлөөлөгчид хурлыг орхин гарсны дараа санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны энэ өдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон юм.

Тус хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын хүмүүс төлөөлөгчөөр АНУ уруу явсан билээ. Энэ түүхэн үйл явдлыг сануулах үүднээс тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газраас НҮБ-д элсэх тухай өгсөн анхны өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мөн төлөөлөгчөөр явсан Ю.Цэдэнбалаас Ерөнхий сайд Х.Чойбалсанд АНУ-аас явуулсан цахилгаан мэдээг сонирхуулъя.

Нью-Йорк хот

Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгби Ли танаа

Эрхэмсэг ноён оо!

Нийтийн амгалан ба аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт, түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн талбарт улс түмэн хоорондоо хамтран ажиллах үйл хэрэгт Нэгдсэн Үндэстэний Байгууллага чухал ач холбогдолтой болохыг үзээд, Нэгдсэн Үндэстэний Байгууллагын үндэс суурь болсон зарчмуудад урамшин, энэ зарчмуудыг бүрэн зөвшөөрч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүнд элсүүлэн авах тухай хүслийг Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Их Хуралд уламжилж өгөхийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь таниас хүсэх завшаан тохиолдов.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүслээ Аюулгүйн зөвлөл ба Ерөнхий Их Хуралд илэрхийлэхийн хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн нь өөрийн их хөрш Зөвлөлт Холбоот Улсад эд материалын тус нэмрийг үзүүлэн, нэгдсэн үндэстэний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзмой.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм аа.

Нэгдсэн Үндэстэний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурал мэдэхгүй бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар үнэхээр итгэж баймой.

Үүний хамт Нэгдсэн Үндэстэний Байгууллагын дүрмээс үүсэн гарах бүх үүргийг манай улс өөртөө хүлээж авах ба энэ дүрмийн бүх зүйл үүдийг дагаж гүйцэтгэхэд бэлхэн байгаа гэдгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын өмнөөс илэрхийлэх нь чухал хэмээн би бээр үзмой.

Ерөнхий нарийн бичгийн дарга ноён оо!

Энэ дашрамыг ашиглан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Монголын ард түмэн ба хувиасаа Нэгдсэн Үндэстэний Байгууллага ба танд төгс амжилтыг хүсье.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны сайд Х.Чойбалсан

Улаанбаатар хот 1946 оны 6-р сарын 24-ны өдөр.

Төлөөлөгчөөр явсан Ю.Цэдэнбалаас Ерөнхий сайд Х.Чойбалсанд АНУ-аас цахилгаан мэдээг явуулжээ.

Маршал Х.Чойбалсан Танаа

Аюулгүйн зөвлөлийн хурлууд дээр суулцав. Удтал маргалдан ярьсаны эцэст Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстэний Байгууллагын гишүүн болгохын төлөө зургаан улс гар өргөв.

Харин Америк, Англи, Голланд улсууд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Улс Үндэстэний гишүүн болгохгүй гэж гар өргөсөн ба мөн Австрали, Египет хоёр улс саналаа өгсөнгүй болно.

Удахгүй нутагт буцахаар нүүнэ.

Цэдэнбал, Нью-Йорк, 1946 оны есдүгээр сарын 3.

Эдгээр баримт нь Монгол Улсын Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм.

No comments:

Post a Comment