Sunday, July 1, 2012

Занадуг Юнескод бүртгэв

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Долоннуур дахь "Юань гүрний дээд нийслэл (Занаду) ба Дунд нийслэл"-ийг Дэлхийн өвд бүртгэжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо ОХУ-ын Санкт-Петрбург хотод болсон 36 дахь уулзалтаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Занаду нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Өвөрмонголын анхны түүхийн дурсгал болж байна. Занаду нь Юань гүрний үеийн эртний хотуудаас хамгийн удаан оршин тогтносон, бас хамгийн сайн хадгалагдсан хотын туурь аж. Шинжээчдийн хэлснээр Занаду нь Юань гүрний  (1271-1368)  сэргэлт, уналтыг харуулаад зогсохгүй төв Азийн нүүдэлч соёл иргэншилтэй монголчууд  болон тариаланч Хан үндэстэн хоёрын өвөрмөц нэгдлийг харуулсан түүхэн баримт болон үлдсэн юм.

Хубилай хааны үед Юань гүрний анхны нийслэл байсан Занаду нь хожим зуны ордон болсон аж. Юань гүрний 11 хаадын зургаа нь Занаду ордонд угсаа залгамжилсан байдаг. Ид цэцэглэлтийн үедээ 100 мянга орчим хүн хотын ханан дотор амьдарч байсан гэдэг. 1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр дутаасны дараа галдан шатааснаар хот сөнөжээ. Занаду нэг тал нь 2200 метр орчим урттай тэг дөрвөлжин ханаар хүрээлэгдсэн "Гадаад хот", түүний зүүн өмнөд хэсэгт 1400 метр урттай тал бүхий тэг дөрвөлжин хэлбэртэй "Дотоод хот", мөн хааш хаашаа 550 метр урттай Хубилай хааны зуны ордноос бүрдэж байв. Өвс, ногоонд хучигдсан эртний эзэнт улсын нийслэл хотын туурийг археологийн хайгуул, шинжилгээний явцад илрүүлсэн юм. Археологичид 2008 оноос хойш 1078 барилгын туурь, 700 гаруй суурь, 29 гудамж нээж илрүүлсэн аж.

“Хотын ус зайлуулах систем орчин үеийн боловсронгуй системээс дутахааргүй ухаалаг, нарийн зохион байгуулалттай байжээ” хэмээн Өвөрмонголын музейн тайлбарлагч, Занаду археологийн төслийн дарга Тала гэгч ярьсан байна. Археологичид өвсөн доор хучигдсан байсан хотын тууриас христийн болон буддын сүм, лалын мөргөлийн газруудын ул мөр олдсон тул Занаду өрнөдийн орнуудтай харилцаа холбоо сайтай байсныг гэрчилжээ. Венецийн аялагч Марко Поло (1254-1324) 1275 оны орчим Монголын эзэнт гүрэнд очиж, Хубилай хаанд нэр нүүр олж, Занаду ордонд суурьшсан гэдэг билээ. Эртний эзэнт гүрний нийслэлийг Хятадаар Шанду гэдэг аж. Венецийн аялагч Марко Поло 1275 онд Шандуд ирсэн бөгөөд өөрийн аяллын тэмдэглэлдээ гайхамшигтай хот хэмээн дурьдсан байдаг нь барууны ертөнцөд "Мөрөөдлийн хот Занаду" хэмээх ойлголтыг бий болгожээ. Харин “Занаду” хэмээх үгийг Вэбстерийн шинэ толь бичигт “яруу тансаг ордон, харш” хэмээн тодорхойлсон байдаг гэнэ.

Занадуг Дэлхийн өвд бүртгэх ажил 1996 оноос эхэлсэн юм. Хотыг сэргээн засах ажлыг 2002 онд эхлүүлж, хуулийн дагуу хамгаалалтад авахаар болсон байна. Эртний хотын туурийг хүмүүст үзүүлэхийн тулд доторх бүх тайлбарыг монгол, хятад, англи хэл дээр бичсэн гэнэ. Туурийн археологийн малтлага дуусаагүй боловч зарим хэсгийг нь хүмүүст үзүүлдэг байна. Учир нь малтлагыг зөвхөн зургаагаас аравдугаар сарын хооронд цаг агаар тогтуун үед хийдэг гэнэ.


Н.ЭНХ

No comments:

Post a Comment