Wednesday, March 9, 2011

Том намыг том лидер авч явахаас “том хулгайч” авч явахгүй

Эрх баригчид насны ойгоо тэмдэглэлээ. Ойн өдрөөр нь төрж буй шинэ иргэдэд баяр хүргэхээр тус намын дарга Нэгдүгээр төрөх эмнэлгээр айлчилж, ээжүүдэд цэцэг бэлэглэв шүү дээ. Энэ үед нэгэн ээж “Хүүгээ тан шиг хүн болгоно оо…” хэмээн талархан амлахыг цэнхэр дэлгэцээр харуулж байна. Хүүгээ хулгайч болгож яах нь вэ дээ, бүсгүй минь. МАН-ын дарга Сү.Батболдыг Монголын хамгийн том хулгайч, бэрд, луйварчин хэмээн учир мэдэх нөхөд бүгд л цохон зүхэхийг сонсохгүй байна гэж үү. Үнэхээр энэ уравгар царайт нөхөр хаагуур хэрхэн туучиж ирээд эрх баригч намын тамгыг цүнхлээд, улмаар Засаг төрийн тэргүүний суудалд зайдалж дөнгөв өө.

Авсан, хийсэн ажил бүр нь луйврын шинжтэй. Чингис зочид буудлыг Засгийн газраас бонд гаргуулаад авчихсан. Бороо, Тавантолгойн ордын хайгуулыг төсвийн мөнгөөр хийлгэчихсэн. Үүнээс Бороогийн ашиг шимийг хэдэн канадтай хуваагаад залгичихсан энэ эрхэм эцсийн эцэст хэн бэ. Ямар ч зардал гаргалгүйгээр дааж давшгүй орлого ууталж суудаг нь юу юу вэ?

Бас болоогүй, Тавантолгойн хувьцааг өвлүүлэхгүй, өмчлүүлэхгүй гэнэ. Аав ээжийн нь идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүхэн үр хүүхдэд нь өвлөгдөх л ёстой биз дээ.

Эх орныхоо баялгаас хүртэж амжаагүй шахам таалал төгсчихвөл тэр хувьцаа тэгээд л өнгөрөө гэнэ. Би хувьцаагаа охиддоо үлдээмээр байна Сү овогтоо. Намайг үхчихвэл миний хувьцааг хэн авах гэж байгаа юм бэ. Монгол төр үү, эсвэл та юу. Баялгаасаа хүртэх хувьцааг өвлүүлэхгүй, өмчлүүлэхгүй гэхийн цаад утга энэ улс иргэдээ цагаас нь эрт буцаагаад байх бодлого барих нь гэхээс өөрөөр тодорч уншигдахгүй байна, Ерөнхий сайдаа. Алсын Лондонд гэртэй хүнээс ар халхын төлөөх сэтгэл түмэнтээ хүсээд ч гонжийнжоо гэж үү.

Ерэн жилийн турш томоороо байсан МАН-ын рейтинг ингэтлээ унасан түүх урьд хожид үгүй. Эрхэм Сү.Батболд та энэ намын дарга байгаагүйсэн бол магадгүй Намбар гуайн хүү ч өөр нам, өр шир ярин өрвийн сөрвийн гүйхгүй ч байхсан уу. Том шуналтай хүнээр том нам удирдуулахаар эл намын энгийн гишүүд ч шуналын тулам, бэрд мэт харагдаад байна. Магадгүй, та байгаагүйсэн бол танай намыг олигархиудын хэмээн онцлохгүй ч байхсан уу. Олигархи гэж юу вэ гэхээр “Мэдэхгүй ээ, Сү.Батболдыг л олигархи гэх юм билээ” гэлцэх жиг жугийг та бодвол дуулаа байлгүй.

Том лидерүүд жижиг намыг ч аваад явчих энгийн жишээ нь Н.Энхбаяр аж. МАХН-ыг Дээд шүүх бүртгээгүй байхад л нам гэж харагдаад байхад ерэн жилийн түүхтэй энэ том нам ердөө хэсэг бүлэг олигархийн цуглуулга мэт харагдахын учир юув, МАН-ынхаан. Танай намын дарга Сү.Батболдыг хөөрхий хөдөлгөөний тэргүүн, иргэн Н.Энхбаяртай халз ярилцлагын ширээнд урьвал яасийм. Сү овогт Намбар овогтын өмнөөс эгц хараад эрс тэс ярьж чадах уу. Оросоор “Болыному кораблю. Большое плавание” гэдэг дээ.

Том хөлөг том далайд л гардаг. Тэр том хөлгийг жижиг жолоодогч огтхон ч хөдөлгөж дийлэхгүй нь тодорхой. Зохих ч үгүй. Үнэндээ том намыг том лидер л авч явахаас “том хулгайч” авч явахгүй… Тэгээд ч Тавантолгой гэхчлэн ийм том орд, энэ Монголын хувь тавилангийн асуудлыг уул уурхайн баялаг дагасан ашиг сонирхолтой Ерөнхий сайдаар удирдуулсан Засгийн газар шийдвэрлэнэ гэдэг хэрээс хэтэрсэн тэнэг хэрэг биш үү. Бараг зуун жилийн түүхт намыг нам унагаж буй нөхөр нэгэн үе дэлхийн цээжинд морин туурайн тамга үлдээж явсан монгол түмнийг сөхрүүлэхгүй гэх баталгаа хаана байна.

У. Цайдам
Эх сурвалаж: “Нийгмийн толь”

No comments:

Post a Comment