Wednesday, March 16, 2011

“МАХН” гэдэг үнэт капитал

“МАН сэргэж МАХН түүх болов” хэмээн ууган намынхан дөрвөн сар хагасын өмнө тунхаглаж байлаа. Гэтэл тэр үйл явдал гурав дахь хүчин сэргэх боломжийг нээж өөрсдөд нь том “хавх” болох юм гэж тухайн үед МАН-ын удирдлага төсөөлөөгүй биз ээ. Хэсэг хүн МАХН-ынхаа буурийг сахиж хоцорсон нь өдгөө шинэ хүчнийхэн тойрон төвлөрч улс төрд өөр нөхцөл байдал үүсэх голомтыг өдөөчихөөд байна. Хэдийгээр Улсын дээд шүүхээс намуудын жагсаалтад бүртгүүлэх албан ёсны хариугаа аваагүй байгаа ч Онц их хурлаа хийж удирдлагаа сонгосон МАХН-ынхан парламентад суудалгүй намууд төдийгүй иргэний хөдөлгөөнүүд хамтарч байр сууриа илэрхийлэх таатай хөрс суурийг нэгэнт бүрдүүлжээ. “МАХН” гэдэг нэр “үнэт капитал”-д тооцогдож, ямар аргаар боловч халааснаасаа гаргахгүй хэмээн МАН-ынхан толгойгоо өвтгөж байх зуур “жижиг” гэгддэг намууд мөнөөх МАХН гэдэг нэр дээрээ үлдэгсдийг тойрон хүчээ нэгтгэх тийш шуударлаа.

Тэдгээр намууд ээлж дараалан хэлэлцүүлэг зохион байгуулж буйн нэг нь ҮШН, МУНН-ын хамтран зохион байгуулсан “Үндэсний эрх ашиг ба тусгаар тогтнол” гэсэн арга хэмжээ байв. Тэнд голлон үг хэлэгчдийн нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан юм. Тэрбээр өнөөгийн Монголын үндэсний эрх ашгийн гол захиалга нь сөрөг хүчин тул шинэ хүчнийг бий болгохын төлөө хамтарч ажиллахыг парламентаас гадуурх намуудад хандаж хэллээ. “Засгийн газар муу ажиллах нь аймаар зүйл биш. Орон бүрийн Засгийн газар муу ажилладаг. Харин өнөөдөр УИХ-д сөрөг хүчингүй болсон нь хамгийн аймаар зүйл” гэж МАХН-ын дарга хэлэв. Чухам энэ эмзэг сэдэв дээр парламентын бус намууд нэгдэж хамтрах нь тодорхой боллоо. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Муу Засгийн газрыг, муу үйл ажиллагааг шүүмжлэх сөрөг хүчин байхгүй болсон. Зоригтой, тогтвортой сөрөг хүчин заавал байх ёстой. Ингэвэл муу Засгийн газрыг солих боломж нээлттэй. Үүний тулд ард түмэн нэгдэж ажиллах ёстой. Муу системийн муу тал нь дургүй ч гэсэн дургүй хүнээ сонгоход түлхдэг. Сонгууль будилаантай болдог. Ийм байдлаар удвал Арабын ертөнц шиг хувьсгал болдог. Муу Засгийн газрыг солих, ард түмэнд ирээдүйдээ итгэх үнэт зүйл бий болгох ёстой юм. Үүний тулд сөрөг хүчин хэрэгтэй” гэсэн нь МАХН ба бусад намын хамтын ажиллагааны гол чиглэлийг тодорхойлсон үг болов. Засгийн газар ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой байтал үүний эсрэгээр ажилладаг болсон. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл худлыг үнэн болгохын төлөө зүтгэж буй, Монгол Улс улам бүр хаалттай болж байгаа зэрэг нь үндэсний эрх ашигт харшилж байгааг тэрбээр анхаарууллаа. Аливаа улс оронд үндэсний эрх ашигтай хослоод үндэсний үнэт зүйл байдаг. Үндэсний эрх ашиг тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөж байдаг бол үндэсний үнэт зүйлс тогтвортой байдаг. Улс орон нээлттэй байх тусмаа тусгаар тогтнолоо бэхжүүлж, хаалттай байх тусмаа алддаг гэдгийг 1911 оны хувьсгалаар Манжаас салах боломж олсон Монгол, Төвдийн хийсэн сонголтоор жишээ татан Н.Энхбаяр дарга хэлж байв.

Тухайн цагт монголчууд аль болохоор гадагш нээлттэй байхаар тэмүүлсэн нь хожмын тусгаар тогтнолд нь эерэгээр нөлөөлсөн бол төвдүүд шашнаараа бамбайлан хаалттай байх зам сонгосон нь тусгаар тогтнолоо алдах замд хөтөлжээ. Үндэсний үнэт зүйлээ япончууд байгалийн гамшиг нөмөрсөн өнөө цагт хэрхэн харуулж байгааг энэ үеэр ярилцлаа. Үнэт зүйл болох самурайн зарчмаа хадгалсан япончууд аюулын өмнө халширч цөхрөлгүй хэрхэн эв найртайгаар гамшгийг сөрч буй нь монголчуудад үлгэр авах дуурайлал гэж байлаа. Японд суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Жигжид хамгийн түрүүнд гадаадынхныг аварна гэсэн ойлголт Японд байхгүй. Аюулд хэн хамгийн ойрхон байна, түүнийг түрүүлж аварна гэсэн зарчим үйлчилж байгаагаас монголчуудаа татахад жаахан бэрхшээл үүсч байгаа тухай утсаар ярьжээ. “Би эхэлж аврагдах ёстой” гэсэн монгол зарчмаар биш, аюулд өртсөндөө эхэлж туслах зарчмаар хөдөлж буй арлын орныхон шиг үнэт зүйлээ эрхэмлэх ёстойг хэлэлцэцгээв.

Нэг орны колони байсан Монгол орон одоо буруу замаар орж хэд хэдэн орны давхар колони болсныг ардчиллын анхдагчдын нэг Д.Нинж хэлж байлаа. Шууд болон шилжсэн утгаараа Монгол Улс тусгаар тогтнолоо аажмаар алдаж байгааг, монголчууд соёл уламжлалаа гээж буйг, боловсрол хэмээн хэт туйлшраад монгол хүмүүжлээ орхисныг судлаач Л.Эрдэнэтуул шүүмжиллээ. Ардчиллын өлгий болсон АНУ-д хэвлэлийн эрх чөлөө алдагдсаныг энэ үеэр ярилцсан юм. Арабын ертөнцийн хувьсгалаас гадна АНУ-ын 50 мужид Үйлдвэрчний эвлэлүүдийг дэмжих иргэдийн жагсаал цуглаан ид өрнөж байгаа ч түүнийг ор тас мэдээлэхгүй, хөндлөнгийн бусад орны зарим хэвлэлүүд л цухас дурдаж буй ажээ. Зарим муж улсад 100 мянган хүн оролцсон жагсаал болж байгаа гэжээ. Үндсэн хууль үйлчлэхээ больж, Үндсэн хуулийн шүүх, Дээд шүүх асар их улстөржиж, ядуурал ихэсч, албан бус эдийн засаг давамгайлаад ирэхээр аяндаа улс орнуудад хувьсгалын тохироо бүрддэгийг оролцогчид ярилаа. Албан бус эдийн засаг авлига, хээл хахууль дээр тогтдог ажээ. Ийм байдал Монголд нүүрлэж сөрөг хүчнийг эрхгүй шаардаж байгааг парламентаас гадуурх намууд сануулж байна. Улс төрийн дахин хуваарилалт үүсч буйг дохиолох болсон эдгээр намууд нийлж шинэ хүчний орон зайг дүүргэн улмаар УИХ-ын 2012 оны сонгуульд хүч хавсран оролцоно гэдгээ хандлагаараа илэрхийлэх болов. “Архивт амар амгалан түгжинэ” гэж МАН-ын удирдлагын төсөөлсөн МАХН гэдэг нэр ийнхүү сөрөг хүчин үүсгэх “оньс” болоод эхэллээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

No comments:

Post a Comment