Monday, January 7, 2013

ГУРАВ. НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН НАР ШАШНЫ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ ХИЙЖ БАЙСАН НЬ

Түүхийг судалж үзвэл улс төрийн том зүтгэлтэн нар шашинд өөрчлөлт шинэчлэлт хийсэн явдал олон байдаг. Христосын шашин ч, Исламын шашин ч Жүд шашны дотор үүсэхдээ шинэ шашин зохиож байна гэж үзэж байгаагүй. Гэтэл эдгээр хүмүүсийн хийсэн өөрчлөлт шинэчлэлт нь эцэстээ бие даасан шинэ шашныг буй болгосон байдаг. Түүхэнд хамгийн алдартай шашны шинэчлэл бол Мартин Лютер (1483- 1546) -ын Христосын шашинд хийсэн шинэчлэл[30] юм. Түүний шинэчлэлийн гол агуулга бол Христосын шашинтан зөвхөн Католик сүм хийд, тэргүүн хамба, Пап нарт захирагдаж, өргөл барьц төлөх албагүй, Библийг хүн болгон уншиж шууд тэнгэр бурхандаа даатган аврагдаж болно гэж үзсэнд оршино. Түүний энэ санаа 1517 онд нийтэлсэн 95 сэдэв бүхий тунхаг бичиг [31]-т нь тусгалаа олсон. Мартин Лютерын шашны шинэчлэлийн үр дүнд Христосын шашны хамгийн том салбар болох Протестант шашин үүсэж европчуудын оюун санааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Тэгвэл Чингис хаан нь Шумер, Хүннүгээс уламжлалтай тэнгэр шүтлэгт дараах уламжлал шинэчлэлийг хийжээ:

1.Хүннүгийн үед тэнгэр шүтлэгтэй байсан боловч өдөр наранд, шөнө саранд мөргөж байсан[32]-ыг үзвэл Политеизм(polytheism) -ын шинжтэй байжээ. Чингис хааныг хаан суух болтол Хамаг Монгол улс нь эцэг тэнгэр, эх газарт мөргөж байсан[33] нь Политеизмоос Дуалист сэтгэлгээн(Dualism)-д шилжсэнийг харуулна. Тэгвэл Чингис хаан нь Монотеизм(Monotheism) буюу цорын ганц Мөнх тэнгэрийн тухай ухагдахууныг буй болгосон нь Монголчуудын шашны сэтгэлгээнд хийсэн том өөрчлөлт шинэчлэлт болжээ. Монголчуудын шашны сэтгэлгээний энэхүү үзэгдэл нь орчин үеийн нийгэм-антропологи судлалын үндсийг тавигчийн нэг Эдуард Бернетт Тайлор (1832-1917) -ын хувьслын онолтой тохирдог.

2.Монголчууд эртнээс тэнгэрийг шүтэж байсан боловч бөө мөргөлийн нөлөө маш хүчтэй байжээ. Бөө мөргөл нь хэдийгээр үндэстний шүтлэг бишрэл боловч зарим сөрөг үр дагавартай байв. Тухайлбал:

1). зөвхөн бөө удган нар л сүнс онгод, тэнгэр газартай харилцаж чадна гэж үзэж байсан, гэтэл ард иргэд ба хаад ноёд бөө удган хэмээх дундын зуучлагчгүй өөрөө шууд дээд тэнгэртэйгээ харилцахыг хүсэж байжээ. Жишээ нь: “Алтан товч”-д “Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч,тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:

'Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо, би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо, би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо, би.
Хан тэнгэр эцгийн өршөөлөөр
Харь дайсныг дарлаа, би' гэж мөргөв”[34] гэжээ. Эндээс үзвэл Чингис хаан нь дайснаа дарж төр улсаа байгуулаад бөө удганд биш, тэнгэрт мөргөжээ. Түүний дайснаа дарж, эзэн хаан болсон нь бөө удганы хүч биш, харин тэнгэрийн хүч гэдгийг Чингис хаан тодорхой хэлсэн байна.

2). Бөө удган нар төрийн хэрэгт оролцон хутган үймүүлэх явдал үе үе гарч байсан. Тийм болохоор эрүүл ухаантай төрийн зүтгэлтэн нар бөө удган нарыг төрөөс холдуулахыг хүсэж байсныг үгүйсгэх аргагүй. Энэ тухай МНТ-д “Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүлрүүн: 'Мөнх тэнгэрийн сахиус, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй' гэсэнд, Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол”[35] хэмээн тэмдэглэснээс илт харагдана. Чингис хаанаас өмнө, бас түүнээс хойш ч энэ мэтийн үйл явдал олон тохиолдож байсан юм.

3). Зарим бөө удган нарын нэр хүнд өсөж, тойрон хүрээлэгчтэй болж байсан нь эзэн хааны нэр хүнд, эрх мэдлийг сулруулж байжээ. МНТ-д “Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харьяат иргэн, Дэв тэнгэрт очжээ” [36] хэмээн тэмдэглэгдсэн байдаг нь үүний тод жишээ юм.

Чингис хаан нь эдгээр байдалд чиглүүлэн бөөг дарж, тэнгэртэйг шүтэх ёсыг Мөнхтэнгэризм болгон хөгжүүлж төрийн шашин болгожээ. Энэ нь Мартин Лютерийн шашны шинэчлэлээс 300 жилийн өмнө байсан юм. Нөгөө талаас Чингис хаан нь улс төрийн өрсөлдөгч нараа дарж дуусаад төрийн хувьд нэгдэлтэй болгосон бол дараагийн ээлжит алхамдаа шашны өрсөлдөгчөө дарж шүтлэг бишрэл, үзэл санааны хувьд нэгдэлтэй болгосон явдал байв. Энэ нь Монголын нэгдэл ба цаашдын дэлхийг байлдан дагууллын үндэс суурь болж байсан нь эргэлзээгүй.

Чингис хаан Тэв Тэнгэр хэмээх бөөг дарахаас өмнө 1206 онд нэгэнт Үсүн өвгөнийг шашны тэргүүн Бэх цолд өргөмжлөөд байсан юм. МНТ-д : “Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: 'Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай' гэж зарлиг болов”[37] гэжээ. Энэ нь шашны зохион байгуулалтын хувьд ч бөө удганаас харьяат бус болсныг харуулж байгаа юм.


НОМЗҮЙ:
29. Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" XVII зуун
30. Martin E. Marty. Martin Luther (The Penguin Lives Series). New York: Viking (2004) ISBN 0-670-03272-7
31. The Ninety - Five Theses on the Power and Efficacy of Indulgences - Disputation of Doctor Martin Luther on the Power and Efficacy of Indulgences by dr Martin Luther ( 1517 ). Full English Text: 95 Theses http://www.conradaskland.com/blog/2008/11/martin-luthers-95-theses-in-latin-and-english/
32. 司马迁 (前145年或前135年-前86年), 史记 - 匈奴列传 而单于朝出营,拜日之始生,夕拜月
33. “Монголын нууц товчоо” 1240 он ( УБ 2006 он)
34. Лувсанданзан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой" XVII зуун
35. “Монголын нууц товчоо” 1240 он ( УБ 2006 он) Зүйл- 244
36. Дээрх ном. Зүйл- 245
37. Дээрх ном. Зүйл- 216


©Зохиогч: Гүн ухааны Доктор Г.Гэрэлбаатар

No comments:

Post a Comment