Wednesday, April 1, 2015

Митар Тарабичийн зөгнөл

2013 оны 12-р сарын 7. 12:44

Уншигч таны амралтын өдөрт зориулан "Гэрэлт Цалиг" сэтгүүлд нийтлэгдсэн сонирхолтой нийтлэлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэж байна.

Сербийн тариачин МитарТарабич (1829-1899) 19-20 дугаар зууны гол үйл явдлуудыг гайхалтай зөгнөн хэлсэн байдаг. Түүний энэ зуунтай холбоотой зөгнөлүүд нь ч биелж эхлээд байна.

Митар Тарабич (1829-1899) Сербийн нэгэн тосгоны бичиг үсэггүй тариачин байсан бөгөөд үе үе ер бусын зөн мэдрэмж нь сэрдэг байжээ.

Тэрээр сүсэг бишрэлтэй нэгэн учраас сүмийн лам Захарий Захарич (1836-1918)-д юу үзсэн харснаа ярьдаг, нөгөөх нь яриаг нь тусгай дэвтэрт тэмдэглэдэг байж. Ламтан нас барсны дараа уг дэвтэр гэрт нь хадгалагдаж байтал 1943 онд Болгарын цэргүүд нутгийг нь эзлэхдээ золтой л шатаачихсангүй. Өнөөдөр энэ дэвтэр ламтны ач хүү Деян Маленковичийн хамгийн үнэтэй эд болоод байна.

Нострадамус(1503-1566)-ын зөгнөлүүдийг тайлж унших хэрэгтэй байдаг бол Тарабичийнх энгийн ярианы хэлээр тодорхой байдаг. Хорьдугаар зууны эхээр Сербийн хаант улсын тухай зөгнөлүүд нь ар араасаа яг таг биелж эхлэнгүүт олон нийт анхаарлаа хандуулж, Тарабичийн “хар зөн” биеллээ гэцгээсэн аж.

Дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл хүртэлх үе(1903-1918)-ийнүйл явдлыг зөгнөсөн нь

«Хаан хатан хоёрыг алуулсны дараа засгийн эрхэнд Карагеоргиевич гарч ирнэ. Тэр үед бид туркүүдтэй дахин байлдана. Христ шүтлэгт дөрвөн улс Турк рүү дайрч, бид хилээ Лим голыг хөвөөлөн тогтооно. Тэр цагт бид Косовог төвхнүүлж хариугаа авна».

Түүхэн баримтууд:

1903 – Александр, Драга Обренович хоёрыг харуулынхан аллаа. Сербийн удирдагчаар Петр Карагеоргевич тодорлоо.

1912 – Балканы анхдугаар дайн Турк болоод Балканы холбооны орнууд(Болгар, Серб, Грек, Черногор)-ын хооронд болж, Балканы холбоо ялан Серб улс хилээ Лим гол хүртэл тэллээ. Косово Туркийн мэдлээс Сербэд шилжив.

«Энэ дайнаас хойш удалгүй өөр нэгэн том дайн эхэлж маш их цус урсана. Хэрвээ энэ цус гол байсан бол түүний урсгал нь гурван зуун килограммын бул чулууг амархан урсгаж орхихсон билээ. Голын нөгөө талаас манайхаас хоёр дахин их хүчтэй хүчирхэг арми бидэн рүү довтолно... Тэд замд таарсан бүхнээ устган нураасаар нутгийн гүн рүү орно... Бидний хувьд хүнд цаг үе эхэлнэ... Манай арми бараг л бууж өгөөд байтал хар морьтой нэгэн ухаантан толгойд нь гарч ирээд “Миний ард түмээн, ялалтын төлөө урагшаа. Серб ахан дүүс минь урагшаа” гэж хашгирна. Манай арми сэргэж, дайсныг эгүүлэн голын тэртээ рүү хөөнө...”

Түүхэн баримтууд:

1914 – Сараевт Сербийн үндэсний үзэлтэн Гаврило Принцип Австрийн хаан суудлын ирээдүйн эзэн Франц Фердинандыг эхнэртэй нь алсны дарааАвстри-Мажарын эзэнт улсСерби рүү довтлов. Орон нутгийн энэ дайн удалгүй дэлхийн нэгдүгээр дайн болон өргөжиж 32 орон татагдан оролцлоо. Австрийн арми Сербийн төв хэсгийг яах ийхийн зуургүй эзлээд байтал генерал Александр Мишич (хар морьтон) Сербийн армийг удирдан дайснуудыг Дрин голын цаад руу хөөлөө.

«Дараа нь хойд зүгээс бүр том арми бидэн рүү довтолж, манай газар шороо хоосрон эзгүйрч, олон хүн өлсгөлөн, өвчнөөс болж үхэцгээнэ. Серб гурван жил харан-хуйд умбана. Энэ зуур манай цохигдон сар-нисан арми хилийн чанадад, тэнгисээр хүрээлүүлсэн газарт байх болно. Тэнд да-лайн чанадын анд нөхөд нь тэднийг хооллож анагаана. Тэд шарх нь анихын цагт хөлөг онгоцоор эргэн ирцгээж Серб болон бидний ахан дүүс амьдарч буй бүх улс орныг чөлөөлнө».

Түүхэн баримтууд:

Арванхоёрдугаар сарын 15-нд Сербийн умард талаас Герман довтолж сүйрлийн цохилт өглөө. Сербийн засгийн газар, үлдсэн цэргүүд 1916 оноос эхлэн Грекийн Корфу арал дээр байрлав. Дахин зохион байгуулагдаж хүчээ сэлбэсэн Сербийн арми Салоникт ирж холбоотны цэрэгт нэгдэв. Удтал зууралдсан хүнд бэрх дайны дараа Сербийг чөлөөлж, нутгийнх нь хагас нь Австри-Мажарын хэсэг болчихоод байсан хорват, словен зэрэг бусад славянуудтай нэгдлээ. Германд эзлэгдээд байх үеэр Сербийн олон хүн өвчин, өлсгөлөнгөөс болж үхжээ.

«Багштан минь, би танд бас хэлэх зүйл байна. Эзлэн түрэмгийлэгчид таныг загалмайлах өдөр Кремнад ирж гурван жил болоод мөн тэр өдрөө буюу гэгээн Лукийн өдөр (Аравдугаар сарын 18) эргэн одно. Гэхдээ та дайны эцсийг үзэхгүй. Та энэхүү даян дэлхийн нядалгааны сүүлийн жилд насан хутгийг олно. Турктай хийсэн болон нөгөө том дайн хоёр ачийн чинь амийг авч одно. Нэг нь таныг үхэхээс өмнө, нөгөө нь дараа нь талийгаач болно».

Түүхэн баримтууд:

Германы арми Кремнад гэгээн Лукийн өдрөөр ороод гурван жилийн дараа мөн өдрөө эргэн гарлаа. Захарий Захарич Дэлхийн нэгдүгээр дайны эцсийн жил буюу 1918 онд нас барлаа. Мөн онд хоёр ачийнх нь нэг нь түүнийг үхэхээс өмнө, нөгөө нь дараа нь нас барав.

Дэлхийн хоёрдугаар дайн (1918-1945) дуусталх үеийн үйлявдлыг зөгнөсөн нь

«Хүндэт багштан минь сонс доо. Нэг дэх том дайны дараа Австри алга болж, Серб болохоор томоос том жинхэнэ хаант улс болж хувирна. Бид өрнийн ахан дүүстэйгээ сэтгэл нэг амьдарцгаана».

Түүхэн баримтууд:

1918 – Австр-Мажарын эзэнт гүрэн нуран унав. 1918 онд серб, хорват, словенуудын эзэнт улс гэж албан ёсоор нэрлэгдсэн шинэ улс өөрийгөө зарлан тунхаглав. Гэвч үндсэрхэг үзэлт намуудын улс төр, нийгэм, эдийн засгийн байнгын толхилцоонд мэрүүллээ.

«Нэлээд хэдэн жил бид амар жимэр, хайр энэрэл дүүрэн, гэдэс цатгалан амьдарна. Гэхдээ энэ нь мөнхөд үргэлжлэхгүй. Манайхан үзэн ядалтын хоронд хордоно... Дахиад л цус урсана... Аймшиг. Хэзээ хаана гэдгийг мэдэхгүй ч энэ бүхний буруутан нь үзэн ядалт байх болно».

Түүхэн баримтууд:

Сербүүд засгийн эрхэнд давамгайлж, улс төрийн намуудад ч олонх болж, хорват, словен зэрэг үндэсний цөөнхдөө автономи эрх өгөхөөс татгалзсан нь хаант улсыг улстөрийн самууралд орууллаа. Степан Радич тэргүүтэй хорватууд, тэдний холбоотнууд сербүүдийн дарангуйллын эсрэг, төвлөрсөн тогтолцооны эсрэг тэмцлээ. Черногорын үндэсний парламентын гишүүн нэгэн Радичийг хоёр хамтрагчтай нь цуг үхтэл шархдуулсны дараагаар хорватууд парламентыг орхин Загребт төвлөсөн өөрийн гэсэн тогтолцоог бий болголоо. Иргэний дайн гарах аюул тулгармагц сербийн хаан Александр 1929 оны нэгдүгээр сард 1921 оны үндсэн хуулийг хүчингүй болгож, парламент, мөн улстөрийн бүх намуудыг тараагаад засгийн газрын дэглэм бий болсныг зарлалаа. Үндэсний нэгдлийг сэргээхээр найдсан эзэн хаан дараа нь улс орныг хуваадаг уламжлалт хуваарилалтыг халж, улс орноо Югославын хаант улс гэж зарлалаа.

«Манай хаант улсын эзэн суудалд гарсан хүнийг ална. Түүний бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдүүд нь үлдэнэ. Хаан титмийг алуулсан хүний ойрын хамаатан өмсөж, өнчин хүүхдүүдэд санаа тавьж, шударга удирдахыг хичээнэ. Гэвч ард түмэн түүнд дургүйлхэж, шударга бус хэмээн буруутгана. Цэргийнхэн түү-нийг унагаж, шоронд хорино. Английн хаан, хатан хаан хоёр л түүнийг үхлээс аварна. Эзэнгүй болсон хаан суудалд манай алуулсан хааны хүү сууна. Гэвч тэр хэдхэн өдөр л хаанчилна. Цэргүүд түүнийг далайн чинадад хүргэж орхино. Яагаад гэвэл манай орон дахиад л харийн харгис хэрцгий армид эзлэгдэж, Европ даяараа хар хүчний эрхшээлд автана.

Түүхэн баримтууд:

1934 оны аравдугаар сарын 9-нд Македоны алан хядагч, хорватын салан тусгаарлагчдын хамсаатан нэгэн тэр үед Францад албан ёсоор айлчилж байсан Александр хааныг хөнөөв. Югославын шинэ хаан нь насанд хүрээгүй хүү Петр II боллоо. Засгийг түүний нэрийн өм-нөөс талийгаач Александрын үеэл, ханхүү Павел Карагеоргиевич тэргүүтэй зөвлөл удирдаж байлаа. Олон түмний танил биш Павел цэргийн дарга нарын бослогоор суудлаасаа ховхорсныхоо дараа Англи руу аврал эрэн оджээ. 1939 онд Дэлхийн хоёр-дугаар дайн эхэллээ. 1941 оны дөрөвдүгээр сард Германы арми Югослав руу довтоллоо. Европын ихэнх орон фашистуудын эрхшээлд оров.

«Оросууд дайнд шууд оролцохгүй. Зэрлэг арми өөр рүү нь довтлохын цагт л хариу барина. Тэр үед Оросын хаан нь улаан хаан байна».

Түүхэн баримтууд: Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Орос төвийг сахиж байв. 1941 оны зургадугаар сарын 22-нд түүний нутаг руу гурван сая цэрэгтэй Германы арми нэвтрээд бут цохиуллаа. ЗХУ-ын төрийн тэргүүн нь коммунист намын удирдагч Иосиф Сталин байв.

«Тэр үед духан дээрээ одтой хүмүүс бий болж Ужицед байрлан яг 72 хоног болох боловч дайсны шахалтан дор Дрин голын тэртээ рүү ухарна. Өлөн хоосон, хэцүү хатуу цаг эхэлнэ... Сербүүд өвөр хоорондоо дайсагнаж, бие биенээ цавчиж эхэлнэ. Харь газрын булаан эзлэгчид бие биендээ уурссан сербүүдийг дооглон инээлдэх болно. Дараа нь цагаан морьтой, цэнхэр нүдтэй, духан дээрээ одтой хүн гарч ирнэ. Харгис дайснууд түүний хойноос ой мод, ус гол, тэнгис далайгаар хөөцөлдөвч нэмэргүй. Тэрээр манай орноос дайсныг хөөж, эзэнт улс минь өмнөхөөсөө илүү их нутагтай болно. Орос орон далайн чинадын агуу их эзэнт улсуудтай холбоо тогтоон Европ тивийг боолчилсон хар хүчийг устгана».

Түүхэн баримтууд: Хорватын коммунист Иосип Броз Тито тэргүүтэй Югославын коммунист нам Герман, Италийн булаан эзлэгчид, мөн хоорондоо байлдаж буй Серб, Хорватын үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг зэвсэгт бослого зохион байгууллаа. Титогийн армийн цэргүүд малгай дээрээ улаан таван хошуутай байжээ. Тэдний эхэлж чөлөөлсөн нутаг нь Ужице хот, тэр орчмын газар нутаг байлаа. Тэд Герман, Италийн булаан эзлэгчдийн эсрэг 73 өдөр сөрөн зогсоод Босни руу, Дрин голын цаад руу шахуулав. Югослав даяар партизаны дайн өрнөлөө.

1945 оны тавдугаар сард ЗХУ, АНУ, Англи, Францын холбоотны хүч Германыг ниргэлээ. Мөн оны эцсээр нэгдсэн Югослав улсыг сэргээв. Тито Белград хот руу цагаан морьтой орж ирэн хааны ордныг өргөөгөө болгов. Италийн нэгээхэн хэсгийг Югослав өөртөө нэгтгэв.

Хоёрдугаар дайны дараах үйл явдлыг зөгнөсөн нь(1946 оноос хойш)

[Энэ хэсэгт Захарич зөнчийн айлдварыг бус, харин түүнтэй ярьсан ярианаасаа эш татжээ.]

«Митар надад хэлэхдээ цэнхэр нүдтэй, духан дээрээ одтой эр манай үнэн алдарт шашинт орос ахан дүүстэй олон жилийн нөхөрлөлөө тасална. Бид л чамайг хаан суудалд суулгасан шүү хэмээн тэд байнга сануулах нь түүнд эс таалагдана. Оросуудтай айхтар муудалцаж, манай газар дээр цус урсана. Энэ шарх түргэн эдгэрч, дахин андууд болцгооно. Гэхдээ харагдах өнгө нь тийм болохоос хуурамч нөхөрлөл. Бие биенээ хуурч, худал хэлж буйгаа мэдэхгүй дүр эсгэцгээнэ гэсэн юм».

Түүхэн баримтууд: 1948 онд Тито өөрийг нь 1920-иод оноос улс төрийн хувьд бэлтгэж, дараа нь Югославт коммунист нам байгуулахаар илгээсэн хүн болох Сталины даалгаврыг биелүүлэхээс татгалзав. ЗХУ түүнийг коммунизмын үндсэн зарчмаас ухарсан гэж буруутгана. Тито намдаа хайр найргүй цэвэрлэгээ явуулж, сөрөг хүчний удирдагчдыг цаазалжээ. 1953 онд Сталин үхсэний дараа хоёр орон нөхөрсөг харилцаагаа сэргээсэн боловч үл итгэлцэл оршсоор байв.

«Агуу том дайны дараа дэлхий дахинаа энх амгалан болно. Хар, цагаан, улаан, шар олон шинэ улс бий болно. Улс орнууд хоорондоо дайтахыг зөвшөөрдөггүй олон улсын шүүх байгуулагдана. Энэ шүүх бүх хаадаас илүү чухал. Хаа нэгтээ дайн эхэлбэл шүүх шударгаар нягталж, уур хилэн, үзэн ядалтыг хайр, амар амгалангаар солихыг хичээнэ».

Түүхэн баримтууд: 1945 онд Нэгдсэн үндэстний байгууллага байгуулагдаж, улс хоорондын зөрчлийг гэрээ, хэлэлцээр, эвлэрэл, зуучлал, арбитрын шүүх, хуулийн зохицуулалт зэрэг арга хэрэгслээр шийдэхэд туслах болов.

1946-1970-аад онуудад Ази, Африк, Ойрхи дорнод, Латин Америкийн хэдэн арван орон тусгаар тогтнов.

«Хэсэгхэн хугацааны дараа том хаад эл шүүхийг тоохоо больж, өөрийн дураар болж эхэлнэ. Үүнээс болж олон жижиг дайн гарна. Мянга мянган хүн үхнэ. Гэхдээ том дайн хаа ч болохгүй».

Түүхэн баримтууд: Солонгосын дайн (1950-1953), Вьетнамын дайн (1959-1975), Афганы дайн (1979-1988) гэхчлэн өнөөг хүртэл хаа сайгүй жижиг дайнууд гарсаар байна…

«Израилийн эргэн тойронд хэд хэдэн дайн болсны эцэст энх амар тогтоно. Эдгээр дайнд ахан дүүс алал-цаж, эцэст нь тэд эвлэрч тэврэлдэх боловч хонзон мөнхөд үлдэнэ... Эдгээр дайнуудыг зальтай, муу санаатай том хаад өдөөнө. Харин бие биеэ алж байгаа хүмүүс үүнийг харанхуй тэнэгээсээ болж үйлдэнэ».

Түүхэн баримтууд: Ойрхи Дорнодод 1947 онд Израйль улс байгуулагджээ. 1967 онд хөрш арабын орнууд, Израйлийн хооронд Зургаа хоногийн гэгдсэн дайн дэгдсэн. 1975 онд Ливанд Иран, Сири, Палестин, Израйлийн оролцоотой иргэний дайн дэгдсэн. Иран, Ирак (1980-1988), Ирак, Кувейт (1991 хоорондоо дайтсан г.м.

«Манай орон олон жил энх амгалан оршино. Олон үеийнхэн дайны тухай зөвхөн ном судар, хачирхалтай хий үзэгдлээс (кино, зурагтыг хэлжээ. –Орч.) олж мэдэн амар амгаланд төрж амар амгаланд насан хутгийг олно».

Түүхэн баримтууд: Югославт 1965-1966 онуудад хийсэн эдийн засгийн шинэтгэл жинхэнэ хувьсгал болж, улс орон санхүүгийн хувьд найдвартай бэхэжжээ. 1950-1960-аад онд зурагт, радио эрчимтэй хөгжлөө.

“Манай эзэнт улс бүхний хүндлэлийг хүлээсэн хүчирхэг орон болно. Хүмүүс цагаан талх, улаан буудайн гурилыг хүссэнээрээ иддэг болно. Бүгдээрээ морьгүй сүйх тэргээр зорчино. Хүмүүс тэнгэрээр нисдэг болж, Тара уулнаас хоёр дахин өндрөөс газар руу харах болно».

Түүхэн баримтууд: Югослав эдийн засгийн ер бусын таатай байдалд шилжсэн. Суудлын тэрэг, автобус, онгоц ердийн хэрэглээ болж, өөрийн гэсэн нисэх компанитай болжээ.

«Серби нь цагаан морьтой, цэнхэр нүдтэй хүн удирдахаар ирэхээс өмнө нэн сайхнаар хөгжинө. Тэр хүн нэгэн шинэ шашин маягийн зүйл авчирна. Тэрээр хаан суудалд суугаад эрүүл саруул, хүч чадал төгс байж бараг зуу насална. Тэр хүн анд маш хорхойтой бөгөөд нэгтээ цагаан мориноосоо унаж хөлгүй болно. Тэрээр насан өндрөөс бус, харин энэхүү шархнаасаа болж үхнэ».

Түүхэн баримтууд: Титогийн үедЮгославийн эдийн засаг хурдацтай хөгжиж, амьдралын түвшин байнга дээшилж байлаа. Тэрээр 87 насалжээ. Тэр моринд, анд хорхойтой ч ямар нэгэн онцгой тохиолдол болсонгүй. Хөлөө тайруулсан ч тэр нь үхлийн шалтгаан болоогүй билээ.

«Түүний дараа манай орныг ямар нэгэн комисс удирдах ч урьд өмнийнх шиг хэзээ ч байхгүй. Манай хаант улсад өлсгөлөн, ядуурал гэж юу болохыг мартах хэдий ч ахан дүүс биесээ үзэн ядаж, муу муухайг сэтгэж эхэлнэ».

Түүхэн баримтууд: 1991 онд Тито нас барсны дараа Югославыг хамтын байгууллага болох Дээд зөвлөл удирдах боллоо. Наяад оноос эхлэн Сербийн Косовод эмх замбараагүй байдал үүслээ. Косовог бие даасан улс болгохын тулд хүн амын олонх болсон албаничууд серб, черногор үндэстнүүдийн эсрэг харгислал үйлдсэн билээ.

«Манай хил болоод түүний цаадтайд шинэ ард түмэн бий болно. Энэ ард түмэн үнэнч сайн хүмүүс бөгөөд бидний уур хилэнг үл тоон ахан дүүсэг сэтгэлээр хандах болно. Бид өөрсдийн тэнэглэлээс болоод бүхнийг мэддэг, чаддаг мэт загнаж, тэднийг шинэ шажиндаа татан оруулахыг оролдовч тэд зөвхөн өөртөө л итгэдэг, өөр хэнд ч итгэдэггүй учраас үр дүн гарахгүй. Тэд эрэлхэг хүмүүс учраас үүний улмаас ихээхэн гай үүснэ».

Түүхэн баримтууд: 1991 оны зургадугаар сард Хорват, Словени тусгаар тогтнолоо зарласны дараа Югославын холбооны засгийн газар ихэвчлэн сербүүдээс бүрдсэн цэрэг илгээж тэднийг дарахыг оролдлоо. Арван өдрийн дайны дараа сербүүд Словенд ялагдлаа. Хорватад болохоор дайн долоон сар үргэлжиллээ. Хорват, Словен тусгаарлаж, 1991 оны есдүгээр сард Македон салан тусгаарласнаар үндсэндээ Югослав гэж байхаа болилоо. Босни, Герцеговин 1992 оны гуравдугаар сард мөн ийм шийдвэр гаргаж, үүний дараа зэвсэгт мөргөлдөөн гарсан нь Босни-хорват-сербийн дайны эхлэл боллоо.

«Энэ зовлон өчнөөн жил үргэлжлэвч тэдгээр ард түмэн ногоо ургах мэт үржих учраас хэн ч түүнийг зогсоож дийлэхгүй. Олон жилийн дараа төрөгсөд илүү шударга, ухаалаг учраас тэдэнтэй хэлэлцээр хийн бид эндээ, тэд тэндээ амар жимэр аж төрөх болно».

Түүхэн баримтууд: Босни-хорват-сербийн дайн (1991-1995) таван жил үргэлжиллээ. Энэ мөргөлдөөний бас нэг гол хүчин зүйл нь олон улсын дипломат болон цэргийн оролцоо билээ. Олон улсын хамтын нийгэмлэгүүд санаачлага гаргаж, эвлэрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр асуудал намжжээ. “Тэд тэндээ, бид эндээ” гэдгийг Хорватад зөвхөн хорватууд амьдрах болсныг хэлсэн бололтой.

«Хоёрдугаар дайны дараа бүгд амар жимэр, элбэг дэлбэг амьдарч эхэлсэн нь ердөө гашуухан хий дүр болохыг харж байна уу? Яагаад гэвэл олон хүн Бурханыг мартаж, зөвхөн хүний оюун ухааныг шүтнэ... Гэвч хүний ухаан гээч Бурханы мэдэл хийгээд Бурханы мэдлэгийн дэргэд далай тэнгисийн уснаа ганц дуслыг дусаах төдий өчүүхэн билээ».

Түүхэн баримтууд: Шинжлэх ухааны дэвшил, урьд өмнө нь ер бусын гэгдэж байсан аливаа үзэгдлийг тайлбарлах чадвар нэмэгдсэн нь шашингүйн үзэл илүү бодитой, “илүү шинжлэх ухаанч” гэх үзэл хүчтэй түгэхэд нөлөөлсөн юм.

«Хүмүүс дотроо зурагнууд бүхий хайрцаг зохион бүтээнэ. Гэхдээ нэгэнт насан хутгийг олсон надтай холбогдож чадахгүй. Уг нь энэхүү зурагтай төхөөрөмж нөгөө ертөнцтэй нэгэн толгойны хоёр үс мэт ойрхон байнам. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүн ертөнц даяар юу болж буйг харж чадна».

Түүхэн баримтууд: Компьютер, зурагт бүтээв. Интернет, зурагт, дүрс хураагуур сая сая хүний амьдралд нөлөөлж байна.

Интернэтэд «Ghost» («сүнс») и «Detector» («детектор») гэсэн түлхүүр үгсээр эрвэл «цахилгаан соронзон хэмжигчийг богино долгионы зуух, өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугамны цахилгаан соронзон долгионыг илрүүлэх, хэмжих зориулалтаар бүтээсэн. Ийм хэмжигчүүд нь хоёроос долоон миллигауссын хязгаар дотор цахилгаан соронзон долгионы тус-ламжтайгаар сүнс байгааг судлаачдад мэдээлдэг. Ер бусын үзэгдэл судлаачид ихэвчлэн“TriField EMF Detector”, “TriField Natural EM”» загварын детекторуудыг хэрэглэдэг гэсэн байна.

«Хүмүүс газар нүхлэн ухаж, өөрсдөд нь гэрэл гэгээ, хурд, эрч өгөгч алт олборлоно. Дэлхийн гадарга дээр хэвлий дэхээс нь хамаагүй илүү алт, гэрэл гэгээ байдаг учраас Дэлхий гашуудан нулимс асгаруулах болно. Газар эдгээр нээлттэй шархнаас болж шанална. Хүмүүс тариан талбайгаа тордохын оронд ухаж болох, болохгүй бүх газар руу дайрна. Уг нь эрчим хүч эргэн тойронд хангалттай байгаа ч “Нааш ирцгээ, намайг авцгаа. Та нарын эргэн тойронд чинь хаа сайгүй байгааг минь та нар харахгүй байна уу?” гэж хэлж даанч чадахгүй. Гагцхүү олон он улирсны дараагаар л хүмүүс энэхүү энергийн талаар бодож, энэ бүх нүхнүүдийг ухах нь ямар их тэ-нэглэл байсныг ойлгоно».

Түүхэн баримтууд: “Хар алт” хэмээгч нефтьнээс машин, цахилгаан үүсгэгч, онгоцонд хэрэглэх түлш гаргаж авлаа. Нефтийн орд хайх нь нэлээд эрсдэлтэй ч 1980-аад онд эрлийн техникийг төгс сайн болгожээ. Гэхдээ л олж илрүүлсэн орд нь эдийн засгийн хувьд үр өгөөжгүй байх эрсдэл их байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2050 он гэхэд манай гарагийн нефтийн бүх нөөц дуусна.

«Энэ энерги уг нь хүнд өөрт нь байгаа ч түүнийгээ илрүүлэн ашиглаж эхэлтэл олон он улирна. Тийм болохоор хүн өөрийгөө таньж чадалгүй асар олон жилийг үднэ. Номноос бүхнийг мэдэж, бүгдийг сурч болно гэж боддог эрдэмтэд олон болно. Өөрийгөө танин мэдэхүйд хамгийн гол саад нь тэд болох бөгөөд хүмүүс нэгэн цагт ийн ойлгохоороо тийм эрдэмтдийн үгэнд орсноор ямар их алдаж байснаа мэдэрч харамсах болно.

Хүмүүс юу ч мэдэхгүй атлаа бүхнийг мэднэ, чадна хэмээн бодож асар олон тэнэг зүйл хийнэ. Цэцэн ухаантнууд Дорно зүгээс ирж, тэдний цэцэн ухаан тэнгис далай, хил хязгаарыг гатлах боловч хүмүүс энэхүү чин үнэнийг худал хэмээн зарлаж, цэцэн ухааныг хүлээн зөвшөөрөхгүй. Тэдний сэтгэлд чөтгөрөөс ч дор хорлол шингэнэ. Тэдний ухаанд нэг ч үнэн үгүй боловч тэд хий хоосныг үнэн хэмээн итгэнэ.

Манайд ч гэсэн дэлхий даяартай нэгэн адил болно. Хүмүүс цэвэр агаарыг, энэхүү бурханлаг ариуныг, энэхүү бурханлаг сайхныг үзэн ядаж, муу усны нүхэнд шургална. Хэн ч шаардаагүй байхад тэд өөрсдийн хүслээр ийн шийднэ. Энд, Кремнад ногооны олон талбай зэрлэг нуга болон хувирч, олон олон байшин хаягдан эзгүйрнэ. Дараа нь орхиж одсон хүмүүс эрүүл агаараар эмчлүүлэхийн тулд эргэн ирцгээнэ. Сербид эмэгтэй хүнийг эр хүнээс ялгахад хэцүү, бүгд адилхан хувцасладаг болно. Энэ гай манайд хилийн чинадаас нэвтэрч бүхнээс удаан үлдэнэ. Хурим найран дээр бүсгүй нь аль, хархүү алин болохыг ойлгоход бэрх болно. Хүмүүс хэн бэ, юуны төлөө амьдарч байна гэдгээ өдрөөс өдөрт улам бүр муу мэдддэг болно. Тэд өвөг нь хэн, өндөр өвөг нь хэн болохыг мэдэхгүй төрцгөөнө. Тэд бүхнийг мэддэг гэж бодох ч хэрэг дээрээ юу ч мэдэхгүй».

Түүхэн баримтууд: Дэлхий даяараа тосгон суурингаа орхиж, том хотууд руу ажил эрэн одоцгоож байна. Үсээ богино тайруулж, өмд өмссөн эмэгтэйчүүд олон боллоо.Мөн бутач үрс Тарабичийн үеийнхээс хавьгүй олон болно.

«Дэлхий даяар анагаах эмийг нь хэн ч олохгүй хэцүү өвчин дэлгэрнэ. Бүгд л “Би мэднэ, би мэднэ. Яагаад гэвэл би эрдэмтэй, авьяастай” хэмээвч хэн ч юу ч хийхгүй. Хүмүүс хичнээн их бодоод чхаа сайгүй, бүр өөрт нь хүртэл буй найдвартай эмийг Бурханы тусламжтайгаар олох ёстой ч олж чадахгүй. Хүмүүс өөр ертөнцийг зорьж, амьдралгүй цөлийг тэндээс олно. Гэвч тэр үедээ ч тэд бүхний тухай Бурханаасилүүг мэдэж байна хэмээн бодоцгооно... Хүмүүс Саранд нисэн хүрч, амьдрал эрэн одод руу очивч манайхтай адилыг эс олно. Тэнд амьдрал байгаа ч тэд түүнийг нь ойлгохгүй, энэ бол амьдрал хэмээн олж харахгүй...

Хүмүүс илүү ихийг мэдэх тусмаа бие биенээ улам бага хайрлаж хамгаална. Тэдний хоорондын уур уцаар дэндүү их болсноос ойр дотнын хүнээ бодох биш, элдэв янзын төхөөрөмжинд санаа тавих болно. Хүн дэргэдийн хөршдөө биш, төхөөрөмжинд илүү найдах болно...

Умард зүгт алсын алсад амьдардаг ард түмэн дунд жижигхэн хүн гарч ирээд хүмүүсийг хайр, хүнлэг сэтгэлтэй бай хэмээн сургавч эргэн тойронд нь алдар хүндэд дурлагчид дэндүү олонцуглаад тун хэцүү болно. Тэдний хэн нь ч жинхэнэ өглөг гэж юу болохыг ойлгож мэдэхийг хүсэхгүй. Гэхдээ тэр жижигхэн хүний ухаантай номнууд, хэлсэн бүх үг нь үлдээд хожмын хүмүүс өөрсдийгөө хуурч байснаа ойлгоно.

Янз бүрийн тоотой ном уншиж бичдэг хүмүүс өөрсдийгөө бүхнээс ихийг мэднэ хэмээн бодоцгооно. Эдгээр эрдэмт хүмүүс өөрийн тооцоолсноор аж төрж, тоо юу гэж хэлснээр бүхнийг хийх болно. Ийм эрдэмт хүмүүс дунд сайн нь ч бий, саар муу нь ч бий. Муу хүмүүс нь муу үйл үйлдэнэ. Тэд агаар, усыг хордуулж, тэнгис далай, гол мөрөн, газар шороон дээгүүр тахал тарааж, хүмүүс гэнэтхэн янз бүрийн өвчнөөр үхэцгээнэ. Ухаантай, сайхан сэтгэлт хүмүүс нь тооны ухаан сохор зоосны ч үнэгүй, ердөө ертөнцийг мөхөл рүү чирч буйг ойлгоод цэцэн ухааныг бодлоосоо эрнэ».

«Сайн санаат хүмүүс илүү ихээр бясалгахын цагт бурханы үнэнд дөхөж очих боловч муу хүмүүс Дэлхийг нэгэнт хоосолж, хүмүүс асар олноороо үхэж эхэлсэн байх тул нэгэнт оройтно. Тэр цагт хүмүүс хотоос зугатан гурван загалмай бүхий уулыг эрэх болно. Тэд тэнд л уужим амьсгалж, тэндээс л ус ууж чадна. Хэн хүрч чадсан нь өөрийгөө хийгээд орон гэрийнхнээ аварч чадах ч энэ нь удахгүй. Яагаад гэвэл өлсгөлөн эхэлнэ. Хот тосгодод хоол хүнс дүүрэн байвч бүгд хортой. Хэн өлссөндөө түүнээс идсэн нь тэр дороо үхнэ. Хэн дуустал тэсч чадсан нь үлдэнэ. Яагаад гэвэл Гэгээн Сүнс түүнийг аварч Бурханд шадарлуулна.

Агуу их дайн дэгдэнэ. Энэ аймшигт дайнд газар уснаа дайтах нь амар бөгөөд хэн тэнгэрт гарсанд нь гай ирнэ.

Энэ дайнд эрдэмтэд оролцож, их бууны хачирхалтай бөөрөнцөг бүтээнэ. Энэхүү бөөрөнцөг нь тэсрэхдээ хүн амьтдыг алахын оронд амьд бүхнийг ховсдож орхино. Энэ ховсонд орсон бүхэн байлдахын оронд унтаж орхиод дараа нь сэргэнэ.

Манайхан энэ дайнд тулалдахгүй ч бусдууд бидний толгой дээр байлдацгаана. Шатаж буй хүмүүс тэнгэрээс Пожега (Хорватын хот)-д унаж ирцгээнэ. Дэлхийн хамгийн захад далайгаар хүрээ-лэгдэн орших, хэмжээгээрээ манай Европтой тэнцүү ганцхан орон л санаа амар, амгалан тайван байх болно... Тэнд нэг ч их бууны бөөрөнцөг дэлбэрэхгүй.

Гурван загалмай бүхий уулнаа нуугдахаар яарсан хүн тэндээс аврал олж, хожим нь элбэг хангалуун, аз жаргалтай амьдрах болно. Яагаад гэвэлдахиад дайн болохгүй...

Гэрэлт Цалиг сэтгүүл

No comments:

Post a Comment