Saturday, April 4, 2015

Х.Дашзэвэг: Би Элбэгээгийн тухай ихийг ярьж чадах ч энэ удаа больё


2010-06-25
УИХ-ын гишүүн асан, эдийн засгийн ухааны доктор Хэнмэдэхэвийн Дашзэвэгтэй нийгэм, улс төрийн талаар ярилцлаа. Тэрбээр улс төр, бизнесийн олон олон үйл явдал, акцын амьд гэрч байж болох төдийгүй сүүлийн үед нэлээд нуугдмал амьдралтай байсан гэхэд хилсдэхгүй. "Миний өрөөний үүдэнд сум байна" гэж мэдэгдсэнийхээ төлөө "Сум" Дашзэвэг хочтой болсон түүх бий.
С.ЗОРИГ, С.ЧИМЭДЦЭРЭН АГСАН ХОЁР ЭНЭ КОМПАНИЙН ТАЛД БАЙСАН
-Сайн байна уу, улс төрд дуулиан тарьж явсан хүн гэнэт яагаад сураг тасрав. Улс төрөөс бүр хөндийрөхөөр шийдсэн хэрэг үү. Одоо хаана ямар алба залгуулж явна вэ?
-Ах нь 2000 оноос хэсэг хугацаанд ажилгүй байлаа. Энд тэнд компаниудад зөвлөх хийж, хоног өдрийг өнгөрөөж байгаад Москвад эрдмийн ажил хийж, эдийн засгийн докторын зэрэг хамгаалаад ирлээ. Одоо МУИС-д багшилж байна даа. Надад улс төрд орохгүй шалтгаан байсан учраас л тэр. Тиймээс би 10 жил хэвлэлээр ганц ч үг дуугарсангүй. Үнэнийг хэлэхэд шахалт дарамт байсан учраас тэр. Нэг хэсэг миний өрөөний үүдэнд сум тавихаас эхлээд элдэв байцаалт, цаашилбал дарамталж, зарим нэг нь хэвлэл мэдээллээр буруу зөрүү яриад хүнд байсан. Нэг талаас хэвлэл, нөгөө талаас хуулийнхны дарамт байсан учраас цаашид улс төрд явах нь аюултай болсон.
-Таны өрөөний үүдэнд чухам ямар зорилгоор сум тавьсан хэрэг вэ. Та юу гэж бодож байна?
-Төмөртогоо гишүүн бид хоёрын өрөөний үүдэнд байлдааны сум тавьсан юм. Яахаараа ч Төрийн ордонд байлдааны сум байж байдаг юм. Энэ тухай надад одоо болтол тагнуулынхан хариу өгдөггүй юм. Тэр үед над руу утсаар заналхийлэхээс эхлээд дарамт байсан. Учир нь би тодорхой зүйлийг мэддэг, түүнийг нь ярих вий гэхдээ л ингэдэг хэрэг. Миний хувьд С.Зоригийн хэргийг илрээсэй гэсэн бодолтой байсан. Би тэр үед архи уудаг байсан, сум үүдэнд тавихад ч халамцуу байсан. С.Зориг, Д.Энхбаатар, Үндсэн хуулийн Чилхаажав, Их сургуулийн Ч.Баясах бид хэд муушги тоглодог сайхан нөхөрлөдөг улс байлаа.
-Казиногийн хууль батлах гэж бөөн л хэрэг мандсан. Эцэст нь хэдэн хүнийг авлига хээл хахуулийн хэргээр шоронд хорьсноор төгсгөл болсон. Гэтэл манай улсад Макаогоос орж ирсэн мөнгө эргэж төлөгдсөн эсэх нь одоо ч бүрхэг байдаг гэсэн. Таны хувьд бол ямар нэг зүйлийг хэлэх байх?
-Казиногийн тендерт Югославын компани Макаогийн компанитай өрсөлдөж байсан юм. Тендер бол өөр хэрэг, казиногийн хууль бол тусдаа. Тэгэхээр энэ хоёрыг ялгаж, салгаж ойлгох учиртай. Энэ хоёр компани тендерт өрсөлдөөд баахан мөнгө ороод ирэхгүй юу. Түүнийг нь Монгол Улс аваад үрчихсэн. Одоо болтол төлөөгүй. Ойролцоогоор гурван сая доллартай тэнцэх мөнгийг Монголын банкинд Макао оруулсан. Яг тэр үед багш нар цалингийнхаа төлөө жагсаал зохион байгуулж байсан. Тэгэхээр нь Засгийн газар тэр мөнгөөр багш нарын цалинг тавьчихсан хэрэг. Тэд одоо болтол нэхээгүйг бодоход бохир мөнгө байсан байж таарна даа.
Ингээд бодохоор бохир мөнгө олж ирсэн гавъяатай хүмүүсийн заримд нь шүүхээс ял өгөөд шоронд суулгасан. Монголын шүүхийг буруу шийдвэр гаргасан эсэхийг би мэдэхгүй. Тэр Югославын компани одоогийн энэ Чингис зочид буудлын нэг давхарт байрлаж, туршилтын журмаар үйл ажиллагаа явуулж байсан юм. УИХ-ын гишүүн С.Зориг, С.Чимэдцэрэн агсан хоёрын хувьд энэ компанийн талд байсан. Чингис зочид буудал ч бас түүхтэй. Манай энэ одоогийн Ерөнхий сайд гол босс нь байгаа юм. Энэ ч яахав. Харин Макао тэр үед Хятадтай нэгдэх гэж байсан учраас өөртөө байгаа мөнгөө эрх чөлөөтэй газар руу угаах сонирхол байсан. Үүнд л Монгол Улс өртөхгүй юу. Тэр үеийн манай УИХ-ын гишүүд Макаод очиж, тэр мөнгийг Монгол руу татах хэлцэл хийсэн байгаа юм. Тэд Монголд ирж нөхцөл байдалтай танилцахад манай гишүүд нисдэг тэргээр Хагийн хар нуурт аваачиж зугаацуулсан юм билээ. Харин Макаогийн талаас танайд казиногийн хууль алга байна. Тэгэхээр бидэнд эрх зүйн орчин хэрэгтэй гэдэг шаардлага тулгасан.
-Энэ үед УИХ дээр казиногийн хууль хэлэлцэж хэрэгтэй, хэрэггүй гээд маргаж байсан. Тэгэхээр Макао болон Хагийн хар нуур явсан гишүүд л зүтгүүлээд байж дээ?
-Зөвхөн тэд ч биш манай зарим гишүүн дэмжсэн. Тэр үеийн УИХ-ын гишүүн С.Болдхэт гэхэд л Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс болгоод казино байгуулъя. Тэгэхдээ Монголчууд ордоггүй, зөвхөн гадаадынхан ирж тоглож байх санал гаргаж байсан, би ч дэмжиж л байсан.
Энэ зөв санаа байсан. Сүүлд ч гэсэн МАХН казиногийн хууль хэрэгтэй байжээ гэдгийг ойлгосон шүү дээ. Эндээс бодоход хуулиндаа байгаагүй юм. Зөвхөн тендерт л учир байсан байгаа биз. Макао бол Засгийн газрынхаа төсвийн ихэнхийг мөрийтэй тоглоомоор бүрдүүлдэг дэлхийд зартай, мөрийтэй тоглоомын орон. Өмнөд Солонгост гэхэд л зөвхөн гадаадынхан ордог казино бий шүү дээ. Манай МАХН-ын залуу лидерүүд очоод банк дампууртал тоглоо биз дээ.
МАНАЙ Д.ЭНХБААТАР НАДАА ГОМДОЖ ЯВДАГ БАЙХ
-Тэгэхээр С.Зоригийн аллагыг казиногийн тендертэй холбож үзэх гээд байна. Тийм үү?
-Тухайн үед эрх ашиг, сонирхлын үүднээс ч тэр, бусад зүйлээс шалтгаалан казиногийн тендер дээр гишүүд хоёр талцан маргаж байлаа. С.Зориг, Д.Энхбаатар хоёр ямар сайн найзууд билээ дээ. Гэтэл тэр хоёр хүртэл казиногийн асуудлаас болж муудалцаж байсан шүү дээ. С.Зоригийн аллагын гол учир энэ болохыг тагнуулынхан ч мэдэж байсан шүү дээ. С.Зоригийн аллагад эхнэр Булган ч буруутай. Хүн яах вэ дээ, амьд явах хэрэгтэй байна шүү дээ. Том эрх ашгийн төлөөх түүх ингэж эхэлсэн учиртай.
-С.Зориг та хоёрын хувьд тоглодог гээд сүрхий дотно байсан байх. Тэр хүн танд юу гэж хэлж ярьдаг байв?
-С.Зориг надад нэг удаа чи тэр Чингисийн казинод битгий оч, архи дарс битгий уу. Түүний оронд надтай муушги тоглож бай. Бид алдлаа ч халаасаа гөвж, нөгөөгийнх нь, халаасанд л орно биз гэж байсан. Тэнд очоод чиний ёс зүй ч хүрэхгүй, тэднийг дагаж далдаганах хэрэггүй. Цаадуул чинь нэг юм хийх гээд байна шүү гэж сануулж л байсан. Бид хэд тоглодог байсан. Нэг их том мөрийтэй тоглох биш. Ажлын алжаал тайлах зорилгоор тоглодог байлаа. Харин манай Д.Баттулга огт тоглодоггүй байсан. Манай Д.Энхбаатар надад гомдож явдаг байх.
-Д.Энхбаатар яагаад танд гомдоно гэж?
-Д.Энхбаатарыг шалгаж байхад би гэрчийн нэг ч мэдүүлэг өгөөгүй. Тэр үед чинь хэцүү байлаа. Намайг халамцуу үед үг алдуулах гээд юм юм л болно. Харин би Д.Баттулгын тухай юу ч мэдэхгүй. Д.Энхбаатарын хувьд бол гарцаагүй авлига авсан. Бидэнтэй тоглохоо болиод хаа нэг тоглохоороо доллар задлах уу гээд нүдэн дээр илт бийлэгжүү болчихсон юм. Тухайн үед Хууль зүйн сайд байсан Батчулуун тендерийн комиссын дарга байж байгаад ял авчихсан юм. Мэдээж хүний үгээр хүн чинь юм авч л таараа. Мань хүн чинь их зөөлөн шүү дээ.
X.XУЛAH БИДНИЙ ХООРОНД ХОВ ИХ ХУТГАСАН
-Өнөөдөр авлигын хэргээр шоронд сууж байсан хүмүүс төрийн алба залгуулаад явж байна шүү дээ. Энэ талаар?
-Ц.Элбэгдорж шударга нийгэм, авлига хээл хахуулийн эсрэг гээд байсан хаа байна. Хамгийн том авлигад өртөж байсан хүнийг улсын онцгой салбарт бригадын генерал болгочихсон л байна ш дээ. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл шударга бус Ерөнхийлөгч шударга бус хүмүүсээр хүрээллээ бий болгочихсон байна. Казиногийн хууль хэлцэгдэж байх үед энэ Х.Хулан бидний хооронд хов их хутгасан. Тэр казиногийн хууль хэрэгтэй гэж санал өгсөн хэрнээ Хувьсгалт намынхан дээр очоод өөр зүйл ярьдаг байсан. Мань хүн тэгэхэд С.Баяртай суух гэж байсан юм билээ л дээ.
-Тэр Югославын компани Чингис зочид буудалд байрлаж байснаас үүдээд та Ерөнхий сайд Сү.Батболдтой холбох шиг болсон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Наяад оны сүүлээр намайг "Үнэн" сонины сурвалжлагч байхад БНМАУ, БНСЮУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байсан юм. Тэр нь Сэлбэ голын хөвөөнд Сэлэнгэ нэртэй зочид буудал барих тухай юм. Тэгээд барилгын ажил эхлүүлсэн нь одоогийн энэ Чингис зочид буудал байхгүй юу. Үүний гол босс нь одоогийн манай Ерөнхий сайд учраас нэр дурьдсан байх. Тэр Засгийн газар хоорондын гэрээ байж байтал нийгэм задарсан. Энэ үед БНСЮУ дотоод төрийн хямралд орж, БНМАУ-тай гэрээ хийсэн эрх мэдэл бүхий хүмүүсийн нэг хэсэг нь өөрийн улсын мөнгийг гадаад валют болгоод Европын аль нэг банкинд шилжүүлсэн бололтой.
Тэр мөнгийг хааш нь гаргаж угаах вэ гэж арга бодож ядаж байтал Монгол, Югослав хоёр улсын Засгийн газар хоорондын зочид буудал барих гэрээг үндэслэн оруулж ирсэн хэрэг. Энэ бол мөнгө угаах нэг хэлбэр. Гэхдээ Макаог бодвол арай үндэслэлтэй орж ирсэн мөнгө гэж манай талийгаач Чимэдцэрэн ярьдаг байсан. Тэр бол гурван Чингис зочид буудал барих хэмжээний мөнгө. Энэ мөнгөнөөс хишиг хүртсэн баячууд өнөөдөр төрд бий.
-Таныг УИХ-ын гишүүн байхаа больсноос хойш хэсэг хугацаанд гадаадад хүн гаргах гэж хулхидсан гээд л яриад байсан. Энэ юу болсон юм?
-Би УИХ-д суухаа болиод ажилгүй байгаад байлтай биш. Нэг жуулчны компанид зөвлөх хийж байлаа. Тэгээд нэг удаа 12 хүн аваад Солонгос явтал зарим нь зөрчилтэй байгаад хил дээрээс буцахгүй юу. Үүнийг дотоодоос "шургасан" гэж би боддог. Үүнээс болж эрүү үүсгэгдэн шалгагдсан. Гэхдээ энэ нь миний буруу биш, цаад байгууллагын л буруу байсныг ийн шуугьсан хэрэг.
-Дээр та МАХН-ынхан тоглодог гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан Д.Бадраагийн амийг Ц.Түмэнгэрэл хороосон. Энэ хэрэг гарахын урьд шанө МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, энэ хурал дээр Д.Бадраагийн амыг барих тухай ярилцсан гэсэн шум гадуур их байсан л даа. Таны хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?
-Би үүнийг нарийн мэдэхгүй. Гэхдээ МАХН-д мөнгөөр тоглодог хэдэн залуус бий. Одоо Хадгаламж зээлийн хоршоо, банкны мөнгөөр тоглоод байна гэдэг чинь мөнгөөр тоглож байгаа хэрэг. Үүний ар талд хэдэн акулууд бий. Миний мэдэх юм бол Д.Бадраагийн ах Д.Зоригт сайд бол дүүгийнхээ амины төлөөсөнд сайдын суудалд заларсан хүн. Ерөөсөө л төлөөсний сайд. МАХН-ын акулууд түүний амыг таглах гэж ийн сайдын суудал өгсөн л байхгүй юу. Уг нь Д.Зоригт бол зөв шударга, Ардчилсан намд байхаар сайн залуу байна лээ.
БИ УГ НЬ АНХ 1990 ОНД ТЭДЭНТЭЙ ХАМТ Л БАЙСАН
-Манай улс төрийг гадны гар хөл болсон л гэх юм. Энэ хэр үнэний ортой зүйл юм бол?
-Аливаа улс төр хүндээ биш тогтолцоондоо байдаг юм. Тэгэхээр би хүний тухай яримааргүй байна. Бидний нэг гол алдаа нь хүнээ гээд байдаг. Монгол Улсын нийгмийн тогтолцоонд гадны нөлөө бий. Хятадын колони болгох их гүрнүүдийн бодлого улс төрчдөд нөлөөлсөн. Би үнэнийг хэлэхэд Чингис хаанд дургүй байдаг юм. Дэлхийн талыг эзэлж явсан их хаан маань хамаг ардынхаа cop болсон эрчүүдийг аваад дэлхийгээр нэг хядуулахыг хядуулаад хаяхыг нь хаячихсан. Тэгээд ард үлдсэн сохор доголон нөхөд, хөгшдийн дорой ген одоо яваад байгаа юм. Гэтэл өнөөдөр Чингис хаанаа магтаад л байх юм. Бид Манж хаантай, Төвд хаантай байлаа. Тэр дэлхийн талыг эзэлсэн хааны үр сад хаачсан бэ гэвэл бас л нэг бодмоор зүйл байгаа биз.
Би улс төрд байхдаа дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзсэн. М.Энхсайхан, Р.Амаржаргал, Ж.Наранцацаралт, Ц.Элбэгдорж нар юм. М.Энхсайханыг хүндэлдэг, манай Ж.Наранцацралт бол шударга хүн байсан. Элбэгээ бид хоёр бол бүх зүйлээ хувааж явсан андууд л байсан. Одоо бол намайг гэдэггүй. Ардчилсан хувьсгалын ой болж баахан улсыг шагналаа шүү дээ. Гэтэл миний нэр байхгүй л байгаа байхгүй юу. Би уг нь анх 1990 онд тэдэнтэй хамт л байсан. Гэтэл хаа хамаагүй хүнийг дуудаад одон тэмдэг өгөх жишээтэй л байна. Би Элбэгийн тухай олон зүйлийг ярьж чадах ч энэ удаад больё.
-Бид хоёр их гүрнүүдийн нөлөө гээд ярилаа. Тэгэхээр социалист нийгмийн үед өөрөөр хэлбэл орос ах нарын нөмөрт байх үед манай гайгүй шиг сэхээтнүүд дандаа орос эхнэртэй байсан. Учир нь тэдний өвөрт нь амьд чагнах төхөөрөмж тавьсан гэсэн үг. Энэ талаар?
-Ю.Цэдэнбал, Д.Содном гээд орос эхнэртэй хүмүүсийн тухай боддог л юм. Тухайн үед ЗХУ хоёрдугаар дайнд ялалт байгуулчихсан, дэлхийн бодлогыг тодорхойлж байсан их гүрэн. Бид ийм гүрний нөлөөнд байсан улс орос эхнэр авах бүү хэл л юм болно. Энэ бол байх асуудал. Нөгөө талаас чиний хэлж байгаа шиг зүйл ч байсан нь мэдээж. Энэ цаг үед алдсан ч юм их бий, оносон ч юм их бий. Бид одоо урьдах зүйлээ ярихаа больё, цаашид яахав ээ гэдгээ л бодмоор байна.
Л.Гумилөв хэлсэн байдаг. "Монголчууд 500 жилийн настай, сая ч хүрэхгүй хүний ихэнх нь тэмбүүтэй, эрчүүдийн дийлэнх нь лам болчихсон, ямар ч амьдрах чадваргүй" гээд бичсэн байдаг даа. Энэ бол их эмгэнэл. Сайн юмны муу үр дагавар гэж бий, муу юмны сайн үр дагавар гэж бий. Үүний жишээ нь еврей үндэстэн байна, дэлхий нийтэд дарамтуулж байсан нь цаашид өөрийгөө авч явах чадвартай болгосон байдаг. Ингээд бодохоор Монголын нийгэм ерээд оноос хойш маш сайн явж ирсэн шүү. Өнөөдөр Монголын төр олигархиудын гарт орлоо. Тиймээс Монголын нийгмийг цэвэрлэх цаг болсон. Би энэ олон зүйлийг яриад л байна, миний ярьж байгаагийн гол зорилго нь Монголын төр олигархиудын гарт орлоо шүү гэдгийг уншигч олонд хүргэх байлаа.
-Ард түмний амлалт биелүүлэх ч билүү нэг холбоо энэ хавар бас л шуугиулаад авсан. Үүний ар талд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг байсан гээд шуугьсан. Энэ тухай ямар нэг юм хэлэх байх даа?
-Чухам цаана нь хэн байсныг би мэдэхгүй. Г.Уянга бол сайн л хүүхэд би бас л хүндэлж явдаг. Тэр нийгэмд цочроо өгдөг хүмүүсийн нэг. Ер нь нийгэм цочирч байх учиртай. Харин төр, засаг маань цочирч байна уу, үгүй юу гэдэгт л байна. Уянга тэр мөнгийг өгүүлэхийн төлөө биш, өгвөл ямар хортойг ард түмэнд мэдрүүлэхийн төлөө тэмцэх байсан юм. Тэмцэл нь буруу гэх гээд байна л даа. Манайхан тэмцэхдээ өөрсдийгөө ард түмэнд таниулахын тулд л тэмцэж байгаагаас хэтрэхгүй юм. Энэ мөнгө нийгэмд ямар их хор хөнөөл учруулж байна гээч. Энэ нь 70 мянгаар тогтсон нь их юм.
-Одоо ахиад тараах гэж байна шүү дээ?
-Энэ нь яван явсаар социалист хувьсгал болно. Ахиад битгий ард түмэнд мөнгө тараагаач гэж хүсмээр байна. Тэр мөнгө эргээд л олигархиудын гар дээр хуримтлагдаж очдог. Үнэндээ мөнгө өгдөг бол олигархиудыи алсын бодлого гэж би шууд хэлнэ. Нөгөө талаар ард түмний ухамсар нэн дорой байна. Нэг сая төгрөг өгнө гэхээр нь итгээд л сонгодог.
-Сонгууль гэснээс өнгөрсөн 2008 оны сонгуулиар үймээн дэгдэж таван хүний амь эрсдсэн. Одоо яг хоёр жил өнгөрлөө. Энэ тухай ид ярьж байна. Энэ талаар ямар дүгнэлт хэлэх вэ?
-Шууд хэлэхэд Монголын нийгэмд бухимдсан ард түмний бухимдал л байсан. Ерөөсөө л ард түмэн өөрсдөө итгэж сонгосон сонголт буруу байгаагийнх, өнөөх л ухамсар дорой байгаа юм. Өөрсдөө сонгоод эргээд эсэргүүцнэ гэдэг өөрсдийн л буруу. Өнөө "Чоныг хаан болгосон хонь чи буруутай" гэдэг үг бий. Цаашдаа ч төрд мөнгөтэй л хүн байх болно. Долдугаар сарынх шиг үймээн ч байх болно. Энэ байдал маш олон жил үргэлжлэх хандлагатай байна.
-Манай улс төр нийгэм хаашаа ч яваад байгаа юм. Үнэндээ ардчилсан ч юм шиг, социалист ч юм шиг сонгодог утга бол үгүй л байна?
-Олигархи нь өөртөө ашигтай улс төрийн шийдвэр гаргана уу гэхээс ард түмний төлөө хэзээ ч шийдвэр гаргадаггүй юм. Энэ бол шуудхан хэлэхэд зэрлэг капитализмын шатандаа явж байгаа юм. Энэ замаар явж байгаад харамсч байна. Ийн явсаар байгаад зүүний хувьсгалд очно. Зах зээлийн өрсөлдөөн буруу замаар явж байна, жишээ нь Монголын нефтийн зах зээлд хоёр гуравхан компани хуйвалдаад үнийг зэрэг нэмэхээс эхэлдэг. Ерөөсөө зах зээлийн чөлөөт өрсөлдөөн гэж байхгүй, түүнийг олигархиуд хазаарладаг.
3. МАКАОГООС АВСАН МӨНГИЙГ “СУМ” ХЭМЭЭХ Х.ДАШЗЭВЭГ Л МЭДНЭ ГЭДЭГ
Энэ нь зөвхөн 2008 онд байгаагүй зүйл. Ерээд онд Да.Ганболд Ардчилсан намын сонгуулийн мөнгийг Макаогоос босгочихсон тухай яриа одоо ч тасраагүй. Тэр бүү хэл энэ мөнгөний өрийг төлөхөөр Казиногийн хууль батлуулах гэж зүтгэсэн УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг казиногийн тендер будилуулсан хэргээр хорьж, энэ хэрэг замхарсан билээ.
Эндээс авалцсан гал ч тэднийг ялагдалд хүргэсэн гэдгийг уншигч та надаар хэлүүлэх юун. Харин би олныг үл нуршин Баабарын нэгэнтээ бичиж байсан нийтлэлээс хэсэглэн сонирхуулъя. Тэрбээр өгүүлэхдээ “Казиногийн хэргийг үүсгэх гол шалтаг нь УИХ-д МҮАН-аас сонгогдсон Хэнмэдэхийн Дашзэвэг гэгч байлаа. Үнэндээ эрүүл гэхэд эргэлзээтэй нэгэн” гэж эхэлдэг юм л даа. Тэр өгүүллийн өрнөл хэсэгт “Цагаан солиотой болчихсон энэ хүн нэгэн гоё криминал зураглал босгож ирээд цагдаагийнханд мэдэгджээ.
Тэр зураглал ёсоор Да.Ганболдын өрөөнд нэг удаа ортол Д.Энхбаатар, Да.Ганболд нар цүнх дүүрэн мөнгө тоолоод сууж байсан гэнэ. Дашзэвэгийг ороод ирэхээр тэд сандралдан ширээгээр нэг дэлгэсэн боодол боодол доллароо цүнхлээд Дашзэвэгт нэг боодол 100-тийн доллар бэлэглэсэн аж……
Сонирхолтой яриагаа тэрээр ганц цагдаад төдийгүй, Тагнуулын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын хороо, ойр хавийнхаа найз нөхдөд “цааш нь битгий хэлээрэй, их нууц шүү” гэсэн анхааруулгатайгаар ярьжээ” хэмээсэн нь бий. Юутай ч Макаогоос мөнгө босгосон гэх Да.Ганболд, тендер будилуулсан гэх хэргээр шоронд суусан Д.Энхбаатар нар бөөн доллар дунд хамт сууж байхыг Х.Дашзэвэг олоод харчихсан байна.
Харин Х.Дашзэвэгийн тагнуул, цагдаад мэдэгдсэнийг Баабар олоод мэдчихдэг бас аюул шүү. Тэр нийтлэлд Х.Дашзэвэгийг доош хийж байгаа нь зүгээр ч нэг өмөөрөл байгаагүй нь харагдана. Төдий их мөнгөнөөс муу Х.Дашзэвэгт ганц боодлыг өгсөн нь багдажээ ч гэж хардахаар. Ахиухан, гурван боодлыг өгчихсөн бол гэдэг далдхан зэмлэл хаа хаанаа л нуугдаж байх шиг. Нэгэнтээ би хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон УИХ-ын гишүүн асан Х.Дашзэвэгтэй ярилцаад сууж байхад энэ талаар хэд хэдэн удаа цухуйлгаад өнгөрч байсан юм.
Даанч миний ярилцах сэдэв, зорилго өөр байсан болохоор энэ тухай тэгтлээ ухаагүй юм. Ингэхэд “сум” хэмээх хочит УИХ-ын гишүүн асан Х.Дашзэвэг юугаа ярих гээд хэнээр амаа үдүүлээд яваад байдаг юм бол доо.

No comments:

Post a Comment