Thursday, April 14, 2011

“ТВ9″ телевизийн мэдээллийн албаны дарга Б.Отгон: Тавантолгойг эзэмшдэг эрх мэдэлтнүүд Монгол төрийг хүчгүйдүүлж байна

“ТВ-9″ телевиз Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун сухайтын боомт хүртэл нүүрсний зам дагасан сурвалжлага хийгээд иржээ. Тэнд байдал ямар байгаа талаар “ТВ-9″ телевизийн мэдээллийн албаны дарга Б.Отгонтой ярилцлаа.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Томилолтын сониноосоо манай уншигчидтай хуваалцаач?

-Өнгөрсөн долоо хоногт байгаль орчноо гэсэн сэтгэлтэй нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхөнтэй хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Гашуун сухайтын боомт хүртэл нүүрсний зам дагасан сурвалжлага хийж дөрөв хоног яваад ирлээ. Оюутолгой, Тавантолгой гэсэн том уурхайнууд ашиглалтад орсноор Монгол Улс хөгжиж, монголчууд ажлын байртай болох, ашиг олох тухлй л улс төрчид ярьдаг. Тэнд очихоороо дарга нартай нь уулзаад, бэлдсэн газраар нь ороод, хоолыг нь идчихээд л ирдэг учраасрал ямар байгааг мэддэггүй.

Гэтэл тэнд нүүрсний зам дагасан амьдрал хүнд, байгаль экологийн сүйрэл болж хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх дээд зэргээр зөрчигдөж байна. Монголын алдарт 33 говийн нэг Галбын говьд цаашид хүн амьдрах уу, үгүй юу гэдэг асуудлыг ч ярих цаг болж. Тавантолгойн хувьцааны ихэнхийг авсан хэдэн хүн хууль зөрчиж, байгаль орчин бохирдуулж байхад ямар ч арга хэмжээ авахгүй, нуун дарагдуулж байгааг олон нийтэд ил болгохоор яваад ирлээ.

-Баялгийн уурхай болсон энэ нутгийн иргэд хэрхэн амьдарч байна. Амьдралд нь өөрчлөлт гарч байна уу?

-Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг “Ажнай” тэргүүтэй хэдэн компанид өгсөн хэр нь энэ компаниудынхаа мэдэлд орчихсон. Өмнөговьчуудад, Монголын ард түмэнд хүртээлтэй зүйл алга. Тэр компанийн хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрсэн байна. Тэнд 40-50 хятад компани нүүрс тээвэрлэлт, хөрс хуулалт, олборлолт хийж байна. Тэд Монгол Улсад бүртгэлтэй эсэх нь мэдэгдэхгүй. Борлуулах үйл явц бүхэлдээ хятадуудын гарт оржээ.

Монгол жолооч нүүрс тээвэрлээд Гашуун сухайтын боомтоор гараад 10 км явах эрхгүй байхад хятадууд Монголын нутаг дэвсгэрт 252 км газар нэвтрээд, нүүрсийг нь олборлоод, зөөгөөд хөрсийг нь хуулаад, ачиж байна. Өнөөдөр Монголоор дүүрэн ажилгүйчүүд байгаа. Ажилгүйчүүд яагаад тэнд очиж машин барьж болохгүй гэж. Бид яагаад өөрсдөдөө ажлын байр бий болгодоггүй юм. Тэнд ажил хайж очсон монголчууд шахагддаг бол хятадууд аль гэрэл, цахилгаантай гэсэн газар гэрээ бариад баазаа байгуулсан байна. Энд Монголын хууль үйлчлэхгүй.

-Нүүрсний том тэргүүд говийн хөрсийг сэндийчиж байгааг манай сонин өнгөрсөн намар цуврал сурвалжлагаараа хүргэж байсан. Өөрийн нүдээр харахад ямар байна?

-Нүүрс тээвэрлэж 252 км замаар долоон жил болж байгаа мөртлөө орон нутгийн Тавантолгой компани ганц километр засмал зам тавьсангүй. 100 тоннын даацтай 5000 том тэрэг говийн эмзэг хөрсөн дээгүүр өдөр шөнөгүй явж талхалж байна. Зам нь одоо машин явах боломжгүй болж эвдэрсэн учраас жолооч нар аль дуртай газраараа давхиж байна.

Түүнээс болоод хөрсний цөлжилт, талхжил, хуурайшилт болж байна. Говьд хамгийн тулгамдсан асуудал бол усны хомсдол. Цөлжилтийн улмаас ургамал, биологийн төрөл зүйл устаж, газрын гүний ус доошилж хөрсөн дээрээ ямар ч усгүй болжээ. Иргэд нэг литр усыг 30 төгрөгөөр худалдан авч байна. 2000 оны үед нүүрсний зам аагуу малчид амьдарч байсан бол одоо нэг ч айл алга.

Зам нь машин явахад хэцүү учраас осол их гардаг. Эвдрэх, онхолдох, мөргөлдөх бол жирийн үзэгдэл. Бидний явах замд дугуй нь хагарсан, онхолдсон машин хэд таарсан. Өнгөрсөн жил арван залуу амь насаа алдсан, түүнээс олон хүн гэмтэж бэртэн, гахир дутуу болсон байна. Дайн байлдаан, цунами болдоггүй манайх шиг улсад ийм олон хүн үхнэ гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс энэ байдалд анхаарлаа хандуулах цаг болжээ.

-Сурвалжлагын явцад хамгийн их сэтгэл зовоосон зүйл юу байв?

-Бид өндөр чанарын, коксжих нүүрсээ Хятад руу гаргаад, дэлхийн зах зээлд 150 доллараар үнэлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсээ байгальд нь хог болгон хаяж байгаад харамссан. Гэтэл Ашигт малтмалын хуульд “Уурхайг сорчилж ашиглаж болохгүй” гэсэн заалт байдаг. Гэтэл энэ хуулийг зөрчөөд сорчилж ашиглаад байхад хяналт тавьдаг төр засаг алга. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар байна. Гэтэл уурхайн аман дээр 25 доллар буюу арав дахин хямд үнээр өндөр чанарын коксоо экспортолж байгаа юм билээ.

Гашуун сухайтын хилээс арав гаруй км-ийн наана байдаг “Цагаан хад” нүүрс буулгах газарт очлоо. Говийн Багадархан цаазат газрын бүсэд ордог энэ газраар дамжин жилдээ найман сая орчим тонн нүүрс гаргаж байна. Тэнд хилээр гаргах бүх нүүрсийг буулгаад, буцаагаад ачиж байна. Тэнд нүүрсний хаалт, хамгаалалт, шороо тоосноос сэргийлсэн юу ч байхгүй. Дарга нар “Цагаан хад”-нд очиж үзэх хэрэгтэй. Оршин сууж байгаа иргэд нь “Бидэнд эрүүл мэнд, ирээдүйнхээ тухай бодоход хэцүү байна” гэж ярьж байна лээ. Энд дэлгүүр, гуанз нь юаниар гүйлгээ хийдэг. Тэнд хятад хүн ажиллахгүй газар алга. Пүүн дээр нь хүртэл хятад хүн сууж байх юм.

-Орон нутгийн Тавантолгойн удирдлагатай уулзсан уу?

-Уурхайн даргатай нь уулзахад бидэнд мэдээлэл өгөөгүй. Гэхдээ тэднээс авах ч шаардлагагүй л дээ. Хамгийн гол нь бид хэн нэг даргын ажлыг сурталчлах гэж яваагүй. Иргэдээс авсан мэдээлэл хангалттай байсан. Энд ирээд ч холбогдох хүмүүстэй уулзаж байна. Хууль зөрчөөгүй гэж хэдж байгаа сайд ч байна. Гашуун сухайтын боомтод дараалалд зогсож байгаа машины цувааг тоолж барахгүй. Дөрвөн минут тутамд 100 тоннын даацтай машин хилээр гардаг гэхээр тэр их мөнгө хаашаа ордог юм бол. Долоон жилийн турш тасралтгүй нүүрс зөөсөн гэхэд Өмнөговь аймаг яаж хөгжив, ард иргэд нь юу авав гэдэг сонин. Энэ бүгдээс дүгнэхэд Таванголгойг эрх мэдэлтэй хүмүүс эзэмшдэг болохоор хууль үйлчлэхгүй, Монгол төр хүчгүйдэж байгаа юм.

М.Гангар
Эх сурвалж: “Зууны мэдээ”

No comments:

Post a Comment