Thursday, April 21, 2011

-Монголын төр Хятадын стратегийн ченжүүдээс долоон дор байна уу-

100 тэрбумын бонд хүлээж суутал сүүлчийн шуудай ноолуур Монголын хилээс гарлаа

Зүүн аймгийнхны энэ хаврын ноолуурыг Хятадууд худалдаж аваад дууслаа. Төвийн бүсийн ноолуур борлогдож дундаа оржээ. Нэг кг ноолуурын ханш 71-72 мянгад хэлбэлзэж байна. Баруун аймгийнхны ноолуурыг авахаас өмнө засаг 100 тэрбумаа гаргаасай гэж үйлдвэрийн эзэд ярьцгааж байна. Дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн үнэ есөн ам.доллар, нэг тонн ноолуур 112 ам.доллар байх юм.

Гэтэл манай улсын хөгжил уул уурхайгүйгээр урагшлахгүй гээд байдаг. Алт, зэс, нүүрс нэгэн цагт дуусна. Манайхан өнө эртнээс нааш мал сүргийнхээ үр шимээр амьдарч, хөгжиж ирсэн. Ялангуяа ямаан сүргийн дуусашгүй "алт" болсон ноолуураа юунд үнэгүйдүүлж, гаалийн ямар ч татваргүй хилээр гаргана вэ. Төрөөс үндэсний үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд нь дэмжлэг үгүйлэгдэж байгааг үйлдвэрийн эзэд болон ченжүүд ярьж байна.

"Mongol ibexc cashmere" компанийн гүйцэтгэх захирал П.Чойжилсүрэн: Монголын төр хятадын стратегийн ченжүүдээс дор байна
"Манай арьс шир, ноосны үйлдвэрлэл Хятадуудад очсон. Одоо ноолуурын үйлдвэрүүд хүнд байдалд орлоо. Түүхий эдийн үнэ 100 хувь Хятад ченжүүдийн мэдэлд байна. Монголын ямаа хоёр дахин хорогдсон. Гэтэл дэлхийн зах зээлд ноолууран бүтээгдэхүүний орон зай онгорхой, нэг кг ноолуурын үнэ 110 гаруй ам.долларт хүрчээ. Хятад улс ямаа өсгөхгүй байх бодлого барьж буй энэ үедээ манай зах зээлд эзэн суух гээд байна.

Гэтэл төрөөс ямар ч дэмжлэг алга. 1990 оноос хойш хэдэн мянган тонн цагаан алт урд хөрш рүү ямар ч татваргүй хөвөрсөн. Жилийн жилд л төр, засгаасаа дэмжлэг авсан Хятад ченжүүд ноолуурыг үнэ цохин авч дотоодын үйлдвэрүүдийг үүдээ барихад хүргэж байна. Гаалийн татвартай болгох асуудлыг Засгийн газарт тавьсан боловч хойшлууллаа. 100 тэрбумын бондын тухай яриад таг боллоо" гэв.

Үндэсний томоохон үйлдвэрлэгч "Говь" компани жилд 1000-аас дээш тонн ноолуур бэлтгэх хүчин чадалтай боловч энэ жилийн тухайд 600 тонныг л бэлтгэх бэнчинтэй байгаагаас харахад жил ирэх тусам үйлдвэр өргөжих биш буурч байна гэж П.Чойжилсүрэн ярьж байсан.

Монголд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө дутмагаас шаардлагатай түүхий эдээ авч чадахгүй байгаа ажээ. Энэ нь үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ харьцангуй хямд зарснаас хуримтлал бий болгож чаддаггүйтэй холбоотой. Нөгөө талаар Монголын арилжааны банкуудын зээлийн хүү дэлхийн аль ч орноос өндөр, эргэн төлөгдөх хугацаа нь богино байгаа нь үйлдвэрээ өргөтгөх түүхий эдээ авахад хүнд гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

“Төгс кашмер” үйлдвэрийн захирал Ж.Батбилэг: Бүх ноолуур Монголоос гарчихлаа
"Манайх жилд 10 тонн утас ээрч, 30 мянган ширхэг ноолууран цамц үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч одоогоор нэг ч кг ноолуур авч чадаагүй банкны зээл хүлээж байна. Зүүн аймгийн ноолуур гараад дууслаа. "Говь", "Буян" компани мөнгө гар-гаж нэг кг ноолуурыг 70 мянгаар авсныг эс тооцвол бүх ноолуурыг Хятадууд авлаа" гэв.

Монголын ноос ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу: Хуйвалдаж, эцэст нь юу ч үлдээсэнгүй
"Хятадын наймаачид, тэдний гар хөл бологч ченжүүд түүхий эдийн зах, хил, гааль дахь эмх замбараагүй, зохион байгуулалтгүй байдлыг овжин ашиглаж хуйвалдан өндөр үнээр авсан бохир ноолуураа ямар нэгэн татвар төлөлгүйгээр Хятад руу экспортод гаргаж байна. Судалгаанаас харахад жил бүр дунджаар 700-1000 тонн бохир ноолуур хил, гаалиар татвар төлөлгүйгээр гарсан мэдээ байдаг.

Монголд бэлтгэгдэж байгаа бохир ноолуурын 40 гаруй хувь нь "хуйвалдааны замаар" хил, гаалиар гарч байгаагаас үйлдвэрлэл түүхий эдээр гачигдах бас нэг бодит нөхцөл бүрддэг. Тиймээс Засгийн газарт түүхий ноолуурт гаалийн татвар тогтоох асуудлыг тавьсан. Засгийн газрын ээлжилт хуралдаанаар хэлэлцэнэ" гэж ярьж байна.

Ц.Мягмарбаяр

No comments:

Post a Comment