Monday, April 11, 2011

Стратегийн ордуудын лицензийг эрх мэдэлтнүүд “атгажээ”

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, стратегийн 15 орд газрын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв. Монгол Улсын эрх ашиг нам эвслийнхээс дээгүүр байх ёстой гэсэн үүднээс дээрх гурван гишүүн үзэл бодлоороо нэгдэн, байр сууриа илэрхийлж буй аж.

Тэдний хэлж буйгаар төрийн мэдэлд байх учиртай хэд хэдэн ордын лиценз хувь хүний гар дээр эргэлдэж байгаа гэнэ. Тодруулбал, Нарийн сухайт, Төмөртэйн орд, Цагаан суварга, Бүрэнхааны фосфоритын ордыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэдхэн хүн лицензийг нь авсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэлэв. Бүрэнхааны фосфоритын ордын тухайд Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тогтоогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж.

Тэр ч бүү хэл, Төмөртэйн ордын хувьцааг “Энержи ресурс” олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж арилжсан. Үүний цэвэр ашиг нь 4.5тэрбум ам.доллар. Монгол Улсын нэг иргэнд шилжүүлж тооцвол 800 ам.доллар ногдох хөрөнгө өдгөө тойргийн гадна урссан талаар тэд учирлаж байв. Уг нь 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан байдаг. Дээрх 15 ордоос ганцхан Оюутолгой л хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийгджээ.

Харин үлдсэн 14 нь улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн тул тухайн ордын 50-аас илүү хувь нь улсын өмч байх хуультай. Гэтэл энэхүү заалт өнөө хэр нь хэрэгждэггүй. Хууль батлагдсанаас хойш таван жил, тогтоол гарснаас хойш дөрвөн жил өнгөрсөн ч Засгийн газар төрийн хувь хэмжээг тогтоох ажлыг одоо болтол хийхгүй байгаа гэнэ. Түүнчлэн Тавантолгойн талбайн эдэлбэр газрын дөрвөн хувийг үлдээсэн гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайдын үгийг тэд ийн тайлбарлав. Тухайн талбайн дөрвөн хувьд ордын нийт нөөцийн 20 хувь нь ногддог. Ингэснээр иргэд төдий хэмжээгээр хохирч буйг тодотгов.

Мөн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахдаа хонины морь шиг хойрго хандаж буйг шүүмжиллээ. Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-ын дарга ч чуулганы индэр дээрээс хэлсээр байтал ажил хэрэг болгохгүй байгаа нь учир шалтгаантай хэмээн үзэж байгаа аж. Мөн тэд УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжүүлэхийг шаардав. Хэрэв дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 4320 төгрөг байвал 4.7 жил, 7000 төгрөг байвал 2.5 жилийн дотор Оюутолгой хөрөнгө оруулалтаа нөхөх бүрэн боломжтой талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тайлбарласан юм.

Түүнчлэн Улаан-Овоо, Баянтээг, Адуунчулуун, Налайх, Могойн гол гэхчлэн 39 ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах хүсэлт гаргасан боловч өнөө хэр авч хэлэлцээгүй гэнэ. Улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн эдгээр ордыг тойргийн гадна үлдээж байгаа нь ямар нэгэн шалтгаантайг ч тэд тодотгов. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хамтарсан Засгийн газрын бусармаг үйлдлийг удаа дараа шүүмжил байна. Гэвч тэд алдаагаа засахгүй бололтой. Хяналтын систем үгүй болсноор юу дуртайгаа хийж байгаа тэдний үйлдлийг тасралтгүй шүүмжилсээр байх болно” гэв.

Мөн тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг баадуутай цаг шиг ажилладаг хэмээв. Хүн араас нь түлхүүрдэж хөдөлгөдөг энэ нөхрийг огцрох хүртэл асуулга тавьж, тэмцэнэ гэдгээ ч илэрхийлж байсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан.

Хуулийг хэрэгжүүлж Төмөртийн орд “Энержи Ресурс”, “Мак” компанийн ордын 10 хувийг арилжах ёстой. Гэтэл хаана байна. Мөн Төмөртэйн ордыг өдөр, шөнөгүй зөөсөөр байхад салбарын сайд нь хуруугаа ч хөдөлгөхгүй суугаа салбарын сайдад нь хариуцлага тооцох нь зөв” гэв.

Ийнхүү дээрх гурван гишүүн хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж буй юм. Мөн хуулиа биелүүлж чаддаггүй салбарын сайдад хариуцлага тооцохыг анхаарууллаа. Хэрэв дээрх ажлуудыг ажил хэрэг болгохгүй бол Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг тавих гэнэ. Мөн тэд хурлын төгсөлд хэдхэн олигархийг баяжуулах гэж Ардчилалд ялалт байгуулаагүй юм шүү хэмээн тодотголоо.

Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”

No comments:

Post a Comment