Thursday, April 21, 2011

Монгол Улс хүнсний хангамжаа Солонгосчуудад алдав буюу АНХААР!

Хүнсний хомсдол дэлхий даяар нүүрлэжээ. Энэ нь сүүлийн үед улс орнуудад эдийн засгийн төдийгүй улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, бүр тэднийг хувьсгалд түлхэж буй эвгүй зүйл болон хувирч байна. Судлаачдын дүгнэж буйгаар дарангуйллаас гадна хүнсний үнийн өсөлт Ойрхи Дорнодын хувьсгалын чухал шалтгаан болсон байна. Хүмүүс өлссөн учраас шүү дээ. Хувьсгалын чимээ Ойрхи Дорнодоос хальж Хятадад ч дуулдав. Хятад хүмүүс гудамжинд гарч, “Бидэнд хоол хэрэгтэй” гэж бичсэн уриа лоозонтой жагсаж эхэлжээ.

Хүнсний үнийн өсөлт одоо дэлхийн аль ч орны жинхэнэ толгойны өвчин болсон. Энэ л хөгжиж буй орнуудын эдийн засгийн хамаг ололт амжилтыг үгүй хийнэ. Үүнээс болж Хятад зэрэг улсын ард түмэн өөрийн орны үсрэнгүй үйлдвэржилтийн үр шимийг олигтой хүртэж чадахгүй байна. НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага ч хүнсний хямралд их зовинож байна. Ирээдүйд байдал улам хэцүүднэ гэж тэд үздэг. Хүн ам зүйн судалгаагаар 2012 оноос дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрэх ба 2025 он гэхэд 8 тэрбум, 2050 онд 9 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Гэтэл, байгалийн нөөц хязгаартай төдийгүй, дэлхийн цаг агаарийн дулаарал, үүнээс үүдэлтэй ган, үер зэрэг байгалийн гамшиг, хөрсний элэгдэл зэргээс болж улс орнууд их хэмжээний ургац алдаж байна. Ургац муудсанаас шалтгаалан хүнсний үнэ сүүлийн хэдэн жил огцом нэмэгджээ. Тухайлбал, 2006-2008 онд дэлхий даяар цагаан будааны үнэ 217%, улаан буудайн үнэ 136%, шар буурцагны үнэ 125%, эрдэнэ шишийн үнэ 138%-иар тус тус өсжээ. Эрдэмтдийн тооцоогоор 2050 он гэхэд хүнс дэлхийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болно. Ингэхээр биднийг ойрын ирээдүйд ямар асуудал хүлээж буй нь тодорхой.

Яг энэ үед солонгосчууд Монголын Халх голын сав газарт 270 мянган га бүхий хөрс шороог тариалангийн зориулалтаар ашиглахаар боллоо. Юуны өмнө, энэ бол монголчуудын хувьд их хэмжээний газар нутаг ажээ. Жишээ авъя. Өнөөдөр Монгол Улсын улаан буудай тариалдаг нийт талбай 300 мянга орчим га. Үүнтэй харьцуулж үзэхэд солонгосчууд Халх голд Монгол Улсын нийт тариалангийн талбайтай ойролцоо хэмжээний газар мэдэж ашиглахаар болж байна. Үүнээс гадна, солонгосчууд судалж байгаад Халх голын бүс дэх хамгийн үржил шимтэй хэсгийг нь сорчилж авчээ.

Өмнөд Солонгос улс гуравдагч ертөнцийн орнуудад наад зах нь 99 жилээр газар түрээслэн эзэмших зорилт хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, саяхан солонгосчууд шар буурцагны тариалан эрхлэхээр Мадагаскар улсад 99 жилээр газар түрээсэлж авчээ. Гэвч, тус улсын ард иргэд үүнийг зөвшөөрсөнгүй эрх баригчдаа хүчтэй эсэргүүцсэнээр солонгосчууд тэнд газар түрээслэх боломжгүй болсон юм. Гэвч, солонгосчууд хилийн чанадад газар ашиглахын тулд янз бүрийн арга мэх хэрэглэсээр л байна. Тэд Монголыг тойрсонгүй. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ро Мү Хён 2006 онд Монголд айлчлахдаа санал тавьснаар тэдний дээрх ажил эхэлжээ. Улмаар, 2010 онд Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Түндэмүн сауны солонгос эзэд Халх голыг хөгжүүлэх төсөл нэрээр Халх голын бүсэд 170 мянган га газар түрээслэн авах шийдвэрийг Монголын засаг захиргаагаар гаргуулав. Гэвч, энэ нь Монгол Улсын хуулийг зөрчсөн төдийгүй, монгол даргын авилгын хэргийн сэжүүрийг сэтгүүлчид олон нийтэд мэдээлсэн тул шийдвэрийг аргагүй цуцалжээ. Гэхдээ, солонгосчууд Монголын төрийн эрх баригчидтай нь шууд ажиллаж, бүр Их хурал, Засгийн газраар асуудлыг хэлэлцүүлэн зөвшөөрүүлж авав. Тэд Өмнөд Солонгосын төрийн КОЙКА байгууллага хэрэгжүүлэх Загвар аж ахуй хөгжүүлэх төсөл нэрээр Халх голд орж ирэх нь тэр.

Өнгөрсөн гуравдугаар сард дээрх төслийн нээлт болж, гэрээнд Монгол Улсын Засгийн Газрын сайд болон БНСУ-ын КОЙКА байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зурав. Энэ арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн нь анхаарал татсан үйл явдал байлаа. Ерөнхийлөгч энэ төсөл нь ялангуяа гадны улсуудын хөгжилд чухал гэдэг санааг онцолж, төслийг шуурхайлахыг сануулсан. Тэрээр: “Зүүн хойд азийн, улмаар Ази номхон далайн эдийн засгийн хөгжилд Монголын Халх гол төслөөр дамжуулан хувь нэмэрээ оруулж байна гэсэн үг. Төмөр зам, авто зам тавигдахыг хүлээлгүй цаг алдалгүй ажлаа эхлүүлцгээе!” гэж хэлсэн юм.

Солонгосчууд болон манай эрх баригчид энэ төсөлд хэдэн сая ам. долларын хөрөнгө оруулж, нутгийн монголчуудыг ажилд авч, Дорнод Монголд хөгжлийн загвар бий болно гэх мэдээлэл бидэнд өгч байна. Монголын нийт тариалангийн талбайг бүгдийг нь нийлүүлсэнтэй тэнцэх шахуу хэмжээний газраа ашиглуулах тус төслөөс жилд 35 тэрбум төгрөг буюу 30 орчим сая ам. доллар л Монголчуудад орлого болон хуваарилагдах юм байна. Энэ бол манай УИХ-ын 76 гишүүний жил бүр тойрогтоо зарцуулах гэж авдаг мөнгөний талд нь ч хүрэхгүй мөнгө. Үүнийг эс тооцвол Монголд хэрэгтэй зүйл тус төслөөс мэдэгдсэнгүй.

Яг үнэндээ, Халх голын төсөл дэлхийн хүнсний хямрал гүнзгийрч буй энэ үед Монголд хөгжлийн загвар бус, харин “шинэ колони”-ийн загвар байгуулах төсөл гэж л харагдаж байна. Колоничлол гэдэг нь товчхондоо колоничлогч нар колони улсынхаа баялгийг хямд өртгөөр өөрийн улсруу зөөхийг хэлнэ. Халх голд солонгосчууд асуудлыг мэдэж, нутгийн монгол хүмүүсийг хямд ажиллах хүч болгон ашиглах ба монголчуудын гол хүнс улаан буудай, төмс бус, харин өөрсдийн хүнс дүүпүү хийх шар буурцаг болон гахайн тэжээл зэрэг ургамал тариалах бололтой. Тэд Халх голын хөрсөнд ургуулсан хүнсийг Солонгосруу зөөх юм. Зам тээврийн асуудал ч шийдэгдсэн гэж хэлж болно. Монголын зүүн бүсийн төмөр замын бодлого тодорхой болж, одоо, Өмнөд Солонгосын компаниуд 3 тэрбум ам. долларын хөрөнгөөр Монголд төмөр зам байгуулж, тодорхой хугацаанд өөрсдөө мэдэж ашиглах ба манай ашигт малтмалын орд газруудаар төлбөрийг нь тооцож асуудлыг шийдэх санал тавьж байгаа юм байна. Бас, Халх голын төсөл солонгосчууд Монголд бэхжиж, хүнсний хангамжийн баазаа байгуулах ажлын зөвхөн эхлэл болохоор байна. Өмнөд Солонгосын талаас Монголд байгаль хамгаалах төслүүд хэрэгжүүлж хөрс, экологийн судалгааг ч сүүлийн үед эрчимтэй хийж байгаа юм. Монголын баруун хязгаарын сангийн аж ахуй байсан Гуулингийн талд ч солонгосчууд үзэгдэж эхэлсэн талаар мэдээлэл ирж байна.

Ийнхүү, Монгол Улс Халх голд өөрийн ард түмнийг бус, гадаад улсын хүнсний хангамж баазтай болж байна. Гэвч, Монгол Улс гадны улсуудыг хүнсээр хангах чадалтай орон уу гэвэл тийм биш. Харин ч бүр эсрэгээр, хүнсний хомсдол нүүрлэсэн хэдхэн орны жагсаалтад багтдаг юм. Газар тариалан эрхлэх нутаг хомс Монгол нь сүүлийн 20 жилийн турш гадаад улсаас хүнсний тусламж тасралтгүй авч байгаа юм. Тухайлбал, Монгол Улс Япон, АНУ, ОХУ, Энэтхэг, Хятад, Франц, Вьетнам, Казахстан зэрэг улсуудаас их хэмжээний улаан буудай, цагаан будаа, төмс зэрэг хүнсний тусламж авч байна. Гэвч, энэ байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Хэрэв дээрх орнуудад бидэнд хүнс илүүлчлэх боломжгүй байдал үүсвэл Монголд ирэх хүнсний тусламж зогсоно. Харин, тэр үед сүүлийн ганц тариалангийн бүс нутгаа гадныханд мэдүүлсэн Монгол Улс дотоодын нөөцдөө тулгуурлан ард иргэдээ хүнсээр хангах боломжоо аль хэдийн алдсан байх болно.

Монгол Улсын ирээдүй тун бүрхэг байна. Өнөөдөр, Монгол Улсын төр уул уурхайн солиоролд автаад, хөгжлийн асуудлыг эрүүл ухаанаар харж, шийдэх чадамжаа бүрэн алджээ. Уг нь, ард түмэн өнөөгийн ерөнхийлөгчид эцсийн найдвараа өгч байлаа. Тэртэй тэргүй хяналтгүй УИХ, Засгийн газар нь өөрийн ард түмний эрх ашиг бус, харин харь улсуудын эрх ашгийг төлөөлсөн бүлэглэлүүдийн тулааны талбар болсон энэ үед тэр л аврагч болон харагдаж байв. Яагаад гэвэл, тэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн. Гэвч, одоо найдвар талаар өнгөрч байна. Манай ерөнхийлөгчэд ядаж ард түмнээ устай нь үлдээх бололцоо байсан юм. Монгол орны нийт усны нөөцийн 10-хан хувь нь гүний ус. Тэгвэл хэдэн сая жилийн турш говийн хөрсөнд арайхийн бүрэлдсэн олон сая тонн устай нуурыг тогтвортой байдлын гэргээгээр гадаадын нэг компанид зүгээр өгчихөв. Уг нь, гэрт амьдардаг монголчууд 100 литр усыг 100-500 төгрөгөөр худалдаж авдаг юм. Тэгвэл тэр олон сая тонн усыг монголчууд өөрсдөө худалдаж авдаг үнээр тооцвол толгой эргэм их мөнгөний тоо гарна. Харин, гадны компани үүгээр ч зогссонгүй говийн уудам хөрсөнд ус хайх ба ус илрүүлбэл түүнийг нь монголчууд ашиглах эрхгүй болжээ. Монголын эрх баригчид ийм гэрээг 30 жилийн хугацаатай (20, 20 жилээр дахин сунгагдахаар) байгуулав. Гэтэл, одоо бүр монголчуудын хүнс хоолоо базаах хөрс шороог ч гадныханд мэдүүллээ. Өөрөөр хэлбэл, монгол хүний амьд явах суурь эрхийг зөрчсөн ноцтой асуудал буюу монгол хүн юу ууж, юу идэх вэ гэсэн асуулттай бид нүүр тулаад байна.

Үүгээр эрхэм ерөнхийлөгчийн болон аль нэг улсын нэр хүндэд халдах зорилго ер тавьсангүй, харин, юу болж буйг л бичсэн гэдгээ хэлье. Ерөнхийлөгч Монголын ард түмнийг хорлох санаа агуулаагүй гэдэгт мэдээж итгэлтэй байна. Гэхдээ, манай ерөнхийлөгчийн өөрийнх нь ихэд чухалчлан үзэж буй Ойрхи Дорнодын ард түмэнд ардчилал заах тухай яриа, гадны улсыг хүнсээр хангах бодлого нь Монголын ард түмний бодит амьдралаас дэндүү хол хөндий байна. Ядаж, ерөнхийлөгч маань тааруухан зөвлөхүүдтэй юм. Манай ерөнхийлөгчийн эдийн засаг, гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөхүүд нь хэн гэдэг, ямар мэдлэг боловсролтой хүмүүс байна вэ? Тэд юу хийж юу, зөвлөж байна вэ?

Одоо, Монголын ард түмэн Халх голын хөрс шороог өөртөө авч үзэх, дээрх төслийг зогсоох асуудлыг өөрсдөө хэлэлцэж нэг мөр шийдэх хэрэгтэй гэж үзэж байна. Хүнсний хямрал дэлхийд нүүрэлчихсэн байхад гадны хүнсний тусламжаас хамааралтай Монгол Улс өөрийгөө хүнсээр хангах бие даасан бодлого явуулах цаг нэгэнт болсон. Бидэнд Чили Улсын бэлэн туршлага ч байна. Чиличүүд зэсийн уул уурхайгаас олсон орлогоосоо хөдөө аж ахуй, газар тариалангаа бие даан босгоход хөрөнгө оруулсны үр дүнд өнөөдөр хөдөө аж ахуйн хүчирхэг орон болоод байна. Онцлог нь тэд бүгдийг өөрсдөө хийсэн. Харин, Монгол Улс зэсээс олсон орлого болох 800 сая орчим ам. долларыг яаж хөдөлгөхөө мэдэхгүй байсаар 2008 оны сүүлээр тохиосон эдийн засгийн хямралын үеэр хийсгэчихсэн байдаг юм. Хэрэв бид хариуцлагад суралцаж, хүнээ сургаж, хөдөө аж ахуйгаа өөрсдөө хөгжүүлбэл Халх голд солонгос эзэнтэй 3000 хөлсний монгол ажилчин биш, харин хөдөө аж ахуйн компаний 3000 монгол захирал ард түмнээ тэжээж байх тийм ирээдүй байна гэж хэлье!

Бидэнд зөвхөн өөртөө найдах итгэл л хэрэгтэй.

Е.Өвбилэг

No comments:

Post a Comment