Sunday, January 17, 2016

ТЭНГЭРИЙН САХИУС БУЮУ ХҮННҮ НЭРИЙН ТУХАЙ НЭГЭН БАРИМТ


Миний бие 1997 онд Токиогийн Боловсрол Соёлын Их сургуульд суралцаж байх ахуйдаа Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номыг орчуулан хэвлүүлж, анхны номоо өлгийдөн авч ихэд баярлаж явсансан. Тэр бүтээл монголын сэхээтэн голдуу, түүх соёл сонирхдог олон хүний анхаарал, сонирхлыг татаж тэгэсгээд борлогдон дуусч одоогоор дахин хэвлэгдээгүй байгаа юм.
Монголын гайхамшигт зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай “ Өдрийн сонин”-ны №191/1999.10.20/ дугаарт “ Тэнгэрийн сахиус” буюу зоргоор хүүрнэхийн ид шид” хэмээх шүүмж бичиж, Шиба гуайтай амьд ахуй цагт нь уулзсан болоосой гэж халаглаж, энэ ном тархинд минь ямар нэг гялгар хурц юм суулгачихлаа, түүгээр нь чухам хэдийд юугаа гэрэлтүүлж чадах эсэхийг одоохондоо мэдэшгүй гээд “ номын орчуулга ч давгүй бололтой” хэмээн өчүүхэн надад урам хайрлаж байсан нь санаанд тодхон, сонины шарласан хуудсанд үлджээ. 
С.Эрдэнэ баавай “ миний өвчтэй газар”-ыг хатгасан хэдэн сайхан санаа байна гэж Шиба гуайд талархсан байдаг. Үүний нэг нь яах аргагүй Хүннү нарын нэр нэршил буйзаа. Тэрбээр “ Хүннүгээс эхэлсэн монгол түүх домгийг алийг яаж барах буй. Тэр талын миний мэдлэг Шиба гуайд дөхөхгүй нь мэдээж” хэмээн даруухан өгүүлээд Хүннүгээс эхлэн монголын нүүдэлчдийн их түймэр Евро Азийн их талын захаас захыг идсэн тухай өгүүлснийг нь онцолсон байлаа. 
Шиба гуай “ Тал нутгийн тэмдэглэл” зохиолдоо Хүннү нарыг зүгээр нэг дурьдаагүй нь ойлгомжтой. 
“ Монгол нутгийн хээр тал тэнгэртэй ойрхон байдаг тухай билээ. Уг газар ердөө л тэнгэр газар хоёроос бүтэх агаад хүний бараа ховор тул тэдний амьдрал тэнгэрт байдаг болов уу гэмээр. 
.... Мөнөөх бүлэг хүн хөх огторгуйтай нийлэн алдсан эх газартаа амьдран сууж, хонин сүргийнхээ явдал даган хөдөлсөөр заримдаа манхан говио туулж ирээд / умард зүгийн тэдэнд учирлаж хэлэх үг байсан л байх даа/ гэвч тариачны улсаас хүнс хувцас дээрэмдэн авах ажгуу. Хүмүүс тэднийг ХҮННҮ гэж нэрийднэ. 
Ийнхүү ХҮННҮ нарын халдлага дээрэм бэрхтэй тул Жао улсын Ү Лин вантан үгүй энэ байлдаж дайтахын хэрэг, цэрэг зэвсгийн хувцас жаягийг бүр энэ ХҮННҮ нараас өөрөөс нь сурвал дээргүй юү хэмээн цэрэг зэвсэг, дайтахуйн ухаан, хувцас хэрэглэлийн их хувьсгалыг хийсэн байдаг. Энэ тухай баримтыг Сыма Цзяны “ Түүхэн тэмдэглэл” шашдираас Шиба гуай эшилсэн нь бий. (Энэ дашрамд хэлэхэд энэ агуу шашдир Б.Галааридын орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдсэн ) 
“ Ху / хүннү/ - гийн ёсоор хувцаслаж морин дэл дээр дайтья “гэсэн уриа Хан үндэстний хувьд олон мянган жил цэрэг батлан хамгаалах системийнх нь толгой үзэл санаа байсан гэхэд хэлсдэхгүй. Ингээд бодохоор монгол үндэстний хувь заяа Эрдэнээ гуай Шиба гуайн хэлдэгээр Тэнгэрийн сахиус нь ХҮННҮ нартай түүний эх газар нутагтай нь холбоотой болж байна. 
Түүгээр зогсохгүй ХҮННҮ нарын хувцас хэрэглэл хүний хөдөлгөөнд бүрнээ зохицсон дайн тулааны цагт ч энхийн цагт ч өмсөж болохуйц биед эвтэй хялбар бөгөөд ханцуй урт нарийн хулсны нүх адил, урт өмд өмсдөг, өвдөгнөөс доогуурхан хүртэл урт түрийтэй ээтэн хоншоорт гутал өмсдөг зэрэг нь үнэхээр прагматик төдийгүй хан үндэстний урт нэлэмгэр ханцуй, өмдгүй, гуталгүй төрхнөөс юутай давуу байсныг хаантан олж хараад хувцас хэрэглэлийн хувьсгалаас ялалтын эхээ олж харсан гэсэн үг юм. За тэгээд европ цэргийн хувцасны эх болсныг бас санаарай. Өмд өмсөцгөөе.....Европ хувцасны өвөг яах аргагүй ХҮННҮ нар. 
“The old Huns”. ХҮННҮ хэмээх үг европд очоод Hun гэх болсон. Шиба гуайн багш нь “ эрт цагт Хан улсын хүн хээр талд ХҮННҮ хүнтэй санаандгүй таарлаа гэж бодье. ХҮННҮ хүн морьтой явах тул нангиад хүн ихэд ширвээтэж та хэн бэ гэж асуулаа. Түүний хариуд ХҮННҮ хүн морин дээрээсээ БИ ХҮН байна гэж хариулжээ. Энэ үгээр энэ үндэстэн нэршсэн юм гэж ярьсан гэдэг. Монгол хэлний хүн бичгийн хэлээр хүмүн болно. Энэ нь ХҮННҮ тэй дуудлага төсөөтэй. ХҮННҮ нар манай эриний 2 дугаар зуун орчимд одоогийн манай монгол нутагт, (дэлхийн түүхийн томоохон бичвэрүүдэд хятадын хойт хавьд гэж голдуу бичигддэг) сураг тасарч нэг хэсэг нь одоогийн Киргиз хавь руу нүүж оджээ. Хамгийн гайхалтай нь манай эриний 4 дүгээр зуунаас Европд үзэгдэх болжээ. Тэд энэхүү ихэмсэг морьтон ардыг HUN гэж дууддаг байна. Киргиз хавиас өвсний сөл усны тунгалгийг мөшгиж явсаар Дунай мөрөн хавийн тал газар бараадан баруун зүүн Готуудыг эрхшээлдээ оруулсан байдаг. ХҮННҮ хаан Аттила Унгарын өндөрлөг тал нутагт хэрэн суурьшсан билээ. 
Хятадууд Чин улсын сүүл хавьд дэлхийн улс орны нэрүүдийг ханз үсгээр оноож нэрлэх шинэчлэл хийхдээ Унгар улсын нэрийг англи европ бичлэгийг эх үндэс болгосон байж магадгүй юм. HUNGARY хэмээх бичлэгтэй төсөөтэй ч “хионгяари” буюу орчин цагийн хятад хэлний хионг хэмээгч нь ХҮННҮ –г тэмдэглэдэг ханз үсэг. Энэ нь сьюнъяари гэж дуудагддаг. Саяхнаас хонгяари гэж дуудах болсон тухай Шиба гуай бичжээ. Юутай ч HUNGARY буюу Унгар гэсэн үгийг ХҮННҮ гийн ханз үсэг оролцуулж бичих болсон нь сонирхолтой юм. Эд өнөөх ХҮН нарын удам угсаа шүү дээ гэж Чин улсынханд хэлж өгсөн ч байж магадгүй нь гэж Шиба гуай үздэг. 
Европын Аттила хааны олдворууд дотор дөрөө, сэлэм, хүрэл хэрэглэл олноор гарахын сацуу ХҮННҮ нарын нөөц газар одоогийн Эрхүүгээс алс баруунш Енисей мөрний дээд эх Минишенскийн хотгороос, бас Сибирийн өмнөд тал Аржяны хөлдүү булшаас гарсан скиттүүдийн хүрэл тогоо жалавч хүртэл олон олдвор гарч байгаа тул ХҮН нар чухам уугуул ямар арьстан бэ гэдэг нэг мөр яг таг Монголчууд мөн гэж хэлмээргүй хэлүүлмээргүй үндэстнүүд захаас аваад гарах болжээ. Харин Монголын Ноён уулын булшнуудаас гарч буй олдвор монголчууд өөрсдөө л бусниулаад үрэн таран хийчэхгүй бол дэлхийн эрт цагийн энэ хүчирхэг үндэстэн ХҮННҮ судлалд том үүрэг гүйцэтгэж ирсэн одоо ч гүйцэтгэсээр байгаа юм. ХҮННҮ нарын язгуур гарвал төрхийн талаар одоогоор 100% нэг мөр болгож эрдэмтэд тогтоогүй байна. “ Цагаан арьстан гэхгүйн баталгаа алга” гэж Японы Үчида Гинпү нарын эрдэмтэд үзэх нь ч байна.
Манай түүх судлал дэлхийд тэгтлээ хүчирхэг биш. Бид өөрсдөө л хүчирхэг гэж боддог болохоос. Дэлхийн түүхэн эх сурвалж бичгүүдийг ялангуяа хятад, англи, орос, япон зэрэг эх хэлээр нь судалгааны ажилдаа чөлөөтэй ашигладаг эрдэмтэд байгаа ч олон биш байна. Бас хэн нэгэн улс төрчийн зарлиг ч бас мөнхийн биш. ХҮННҮ мандсаны 2220 жилийн ойг тэмдэглэж сүржигнээд уугуул газрыг нь ухуулж төнхүүлэхийг нь дэмжиж байгаагийн учрыг хэн бүхэн ойлгохгүй байна. 
Харин түүхийн эх сурвалжийн баталгаа нотолгоо болох зүйл Ази тивийн цээжин дээрх манай Монголын нутаг орноос хангалттай гарч байна. Энэ олдворуудаа нүдний цөцгий мэт хайрлаж хамгаалж явах цаг иржээ. Бүүр тулгамдаж байна. 
Гэтэл яг энэ цаг үед Монголын төр засаг өөрсдөө Тэнгэрийн сахиус Ноён уулаа дэлхийн захын нэг наймаачинд тэр байтугай ногоон үзэлтнүүдийн цуутай дайснуудад ухуулахаар ХУУЛЬ хийж байгаад дээрэмдэхээр болж байна. Тэрийгээ Ноён уулын булш бунханд хүрэхгүй ойртохгүй гэж хуурч, алсуураа байгаль экологийн тэнцвэрт ноцтой хохирол учруулах замаар байгаль газар шороог нь хордуулах замаар алт олборлодог бодит үнэнийг нүдэн балай чихэн дүлийгээр арилжиж байгаа юм. 
Ноён Уул тойрсон олон мянган жилийн төр улсын оршин тогтнох, амьд үлдэх, Монгол үндэстэн гэж байх эсэх, Монголчуудын уг гарвалын төлөө халуун амь бүлээн цусаа зориулж хамгаалж ирсэн түүхийн доторхи монголчуудын хичээл зүтгэлийг хорь хүрэхгүй хулгайч нар бүлэглээд устгах гэж байгаад монголчууд эмзэглэж байна бус уу. Шүлэнгэтээд санаархаад олон мянган жил болсон ийм төр улсыг ийм амархан нурааж байгаад эмзэглэхгүй монгол хүн байна уу. Ноён ууланд монголын ноёдын булш бунхан сахиус нь оршиж байдаг гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж устгуулж байгаад бухимдаж байгаа юм. 
Засаглалын хямрал бий болгож байгаад эдийн засгаа уналтад оруулж, өр зээлд бариулж, дээр нь дэлхийн хэмжээний том удирдагч болох гэсэн хувь хэнээрхэл, улсаа аажим аажмаар устгаж байгаагийнхаа хариуцлагаас эвтэйхэн мултарч аль нэг орон олон улсын байгууллагын нөмөр нөөлөгт орох гэсэн увайгүй гэхэд дэндүү увайгүй, монгол оронд элэггүй удирдагч нарын эдийн засаг улс төрийн буруутай үйлдлүүдээс болж аргагүй мөнгөгүйн эрхээр Ноён Уулаа хүртэл зарахад хүрч байна. 
Эцэст нь Сэнгийн Эрдэнээ гуайг хэрэг болгон дурьдсаных Монголын ардчиллын анхны зүтгэлтнүүдийн нэг Монгол Улсын баатар, Сэнгийн Эрдэнийн хүү Э.Бат Үүл Та үзэл нэгтнүүддээ хандаж үгээ хэлж Ноён Уулаа авч үлдэхэд Монголын ард түмэнд туслаач гэж хүсье. Таны эцэг тэнгэрийн орноос тэнгэрийн сахиусаа харж байгаа даа.
С.Жаргалсайхан.

No comments:

Post a Comment