Friday, January 15, 2016

Бат хааны цэргийн тооны асуудалд

Түүхч Т.Сүхбаатар

1235 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотноо Өгэдэй хаан их хуралдайг зарлан хуралдуулсан. Уг хуралдайгаар баруун зүгийн орнуудыг (Орос, Европ) байлдан эзлэх төлөвлөгөө боловсруулж хэлэлцсэн байна. Баруун зүгийн аян дайныг манлайлан удирдагчаар Зүчийн хүү Бат томилогдсон байна. Батын эзэмшил нутаг тэр зүгт байсан болохоор түүнийг томилсон бизээ. Бат их хаан Өгэдэйг дагаж өмнөд Хятадыг эзлэх аян дайнд оролцохдоо их жанжны яруу суу билгээ харуулж ихэд үнэлүүлсэн билээ. Түүний зөвлөхөөр тухайн үед 60 орчим настай Сүбээдэй, мөн “Бурундай” хэмээх нэрээрээ өрнөдөд алдартай Боролдай жанжин нар явсан байна. “Сүбээдэй жанжин цэрэг удирдахаас илүүтэй эрх мэдэлдээ эрэмшсэн хан хөвгүүдийн эе эвийг олж, нэгэн удирдлагын дор зохицуулах ихээхэн төвөгтэй үүргийг хүлээсэн юм.”(Цолмон,2006,х.10) Энэ аян дайныг хан хөвгүүдийн, ахмад хөвгүүдийн аян дайн хэмээн бас нэрлэдэг. Учир нь энэ удаагийн аян дайнд Чингис хааны алтан ургийн 13 хан хүү оролцсон. Зүчийн хүү Орд, Бат, Бэрх, Шейбан, Тангут, Цагаадайн хүү Байдар, ач Бүри, Өгэдэйн хүү Гүюг, Хадан, ач Хайду, Тулуйн хүү Мөнх, Бүжэг, Чингис хааны тав дахь хүү Хүлгэн нар оролцсон юм. Бат хаан энэ аян дайнд ихэд анхаарч ач холбогдол өгч маш сайн бэлтгэсэн. Учир нь энэ түүний анхны бие даасан аян дайн байлаа. Байлдааны тактик цэргийн бэлтгэл гээд бүхий л зүйл дээр анхаарч ялангуяа 1223 онд Калка голын эрэгт Оросуудтай байлдаж үзсэн Сүбээдэй жанжны зөвлөгөөг голлон анхаарч байсан ажээ. Юуны өмнө тэрээр баруун зүгт тагнуул туршуул явуулан тагнуулын мэдээ маш ихээр цуглуулсан нь байлдааны нэг арга тактик байсан нь лавтай. Бат хаан баруун зүгт хийх аян дайныг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд: Нэгдүгээрт: Зүүн хойд Оросыг эзлэн авах Хоёрдугаарт: Өмнөд Оросыг эзлэн авах Гуравдугаарт: Зүүн болон төв Европыг эзлэн авах “Монголын их цэрэг 1235-1236 оны өвөл Эрчис (Иртыша) мөрний эх, хойд Алтайд цуглаж дайны бэлтгэлээ хийсэн байна.” (Каргалов,1966,х.21) Цэрэг бүр өөрийн 3-4 хос морь, 2-3 нум, түүнд хэрэглэх саадаг, байлдааны илд, сэлэм, хутга, жад, бугуйл, сөргөө, бугуйл, хэрэм хана эвдэх, шатаах байлдааны техник хэрэгсэл гээд аян дайнд хэрэгтэй бүхий л зүйлсийг бэлтгэн зохион байгуулсан байна. Баруун зүгийн аян дайнд явсан цэргийн тоо өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй олон жилийн турш маргаантай хэвээр л байна. Оросын болоод өрнөдийн түүхчид Монгол цэргийн тоог голдуу ихэсгэж Орос цэргийн тоог дардаг нь өөрсдийн ялагдлыг зөвтгөх гэсэн үйл ажиллагаа юм. Хуучин нийгмийн үед ч Монголын түүхчид Бат хааны цэргийн тоог мөн л ихэсгэж бичиж байсан нь тухайн үеийн үзэл сурталтай холбоотой юм. 1966 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын түүх”-д “Монголын дөчин түмэн цэрэг Камыг гатлан Ижил мөрний Болгаруудыг бут цохиод газар орны нь хоосолжээ.” (БНМАУ-ын түүх,1966,х.255) хэмээн бичсэн байдаг. Энэ нь ойролцоогоор 400.000 орчим цэрэг болох юм. Монгол Улсын Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний хүрээлэнгээс гаргасан бүтээлд “Бат хааны цэрэг 120.000 байсан ба түүнээс 5 түм (50.000) нь Монгол цэрэг, 7 түм (70.000) нь түрэг цэрэг байсан.” (БХЭШХ,1996,х.254) хэмээн өгүүлжээ. Оросын түүхч В.В.Каргалов “энэ дайнд Чингисийн удмын 12-14 хаан оролцсон бөгөөд тэд бүгд нэг нэг түмт удирдаж явсан гэж үзвэл 12-14 түмт (120-140 мянган цэрэг) авч Оросын ванлигуудын нутагт цөмрөн орсон байх ёстой” (Каргалов,1966,х.25) гэжээ. Мөн тэрээр өөр нэг зохиолдоо Бат хааныг “150 мянган цэрэгтэй хөдөлсөн” (Каргалов,1980,х.6) хэмээн харилцан адилгүй тоог авч хэрэглэсэн байна. “Бат хаан Чингисийн угсааны 14 хан хүүг дагуулан “150 мянган цэрэгтэй” Орос орны зүг хөдөлсөн” (Россия путь сквозь века,2010,х.117) хэмээн Оросын түүхчдийн хамтын бүтээлд дурдсан байна. Зөвлөлтийн судлаач Н.Ц.Мункуев “Бат хааны мэдэлд 139,000 цэрэг байжээ” (Мункуев, 1977,х.396) хэмээн дүгнэсэн байдаг. Мөн Оросын түүхч А.В.Шишов өөрийн бүтээлдээ “Бат хааны удирдлага дор 120-140,000 цэрэг байсан” (Шишов, 2001,х.146) гэж үзжээ. Мөн А.К.Алексеев өөрийн бүтээлдээ “Бат хааныг 120-140 мянган цэрэгтэй баруун зүгт хөдөлсөн” (Алексеев, 2006,х.54) хэмээн өгүүлсэн байна. Ер нь Оросын судлаачид “120-140 мянга” (Хафизов, 2000,х.65) гэдэг тоог нийтлэг авч ашигладаг. 120-140 мянга гэдэг нь 14 хан хүү тус бүр нэг түмтийг толгойлж явсан учир 120-140 мянган цэрэг байсан хэмээн шууд тусган авч үзсэн байх нь элбэг. Оросын судлаач Б.В.Соколов өөрийн бүтээлдээ “Оросын Рязань хотыг Монголын 60.000 цэрэг бүслэн хаасан” (Соколов, 2003,х.123) тухай өгүүлсэн байдаг. Рязань хот бол Монголчуудын дайралтад хамгийн анх өртсөн хот тиймээс Бат хааны мэдэлд нийт зургаан түмэн цэрэг байсан гэсэн санаа юм. Нэрт эрдэмтэн Л.Н.Гумилев баруун зүг хийсэн аян дайнд оролцсон монгол цэргийн тоог “30-40 мянга” (Гумилев, 2000,х.116) байсан гэж үзсэн байна. Г.В.Вернадский “Бат хааны баруун зүгт хөдөлсөн их цэргийн гол цөм нь 50 мянган цэргээс бүрдэж байсан бөгөөд янз бүрийн туслах хүчний цэрэгтэй нийлээд 120 мянга эсхүл түүнээс ч илүү байж магадгүй” (Вернадский, 2008,х.46) гэсэн тоо гаргасан байна. Судлаач Ч.Чойсамба "Бат хааны байлдан дагуулал" зохиолдоо "Бат хааны удирдлага дор 40.000-50.000 цэрэг байсан байх магадлалтай” (Чойсамба, 2012,х.90) Хувьсгалын өмнөх Оросын түүхчид болох И.Н.Березин, Б.И.Иловайский, Д.И.Тройцкий нар Н.М.Карамзиний хагас сая цэрэг гэдгийг арай багасгаж “300 мянга” (Пензев, 2006,х.51) гэж үзсэн байна. Зөвлөлтийн үеийн түүхч К.В.Базилевич, В.Т.Пашуто, Е.А.Разин, А.А.Строков, нар “400-500 мянга” (Пензев, 2006,х.51), Э.Кульпин дунд сургуулийн сурах бичигтээ “20-30 мянга ба 120-140 мянга, гээд судалгаандаа 400-600 мянга” (Кульпин, 1998,х.30) гэж үзсэн байна. Хаант Оросын үеийн судлаач М.И.Иванин Бат хааны цэргийн тоог “164 мянга байсан бөгөөд Европт цөмрөн орох үед 600 мянга хүрсэн” (Иванин, 1875,х.181) хэмээн дурджээ. А.Х.Халиков өөрийн зохиолдоо Батын цэрэг “Европт орох үедээ 600 мянган цэрэгтэй байсан дунджаар 150 мянга орчим цэрэгтэй” (Халиков, 1994,х.18) байсан гэж өгүүлжээ. М.Г.Сафаргалиев С.А.Аннинскийн зохиолоос иш татан “Бат хааны цэрэг 610 мянга байсан бөгөөд түүний 160 мянга нь монголчууд байсан” (Сафаргалиев, 1960,х.35) хэмээн дурджээ. К.Пензев харин “баруун зүг 2-3 мянган морин цэрэг, 5 мянга орчим явган цэрэг хөдөлсөн” (Пензев, 2006,х.137) гээд үүнийгээ дараах сонирхолтой байдлаар тайлбарласан юм. · “Бат хаан хос морьтой (К.Пензев Оросын түүхчдийн ихэвчлэн заадаг 30 мянган цэрэг гэдэг тоог хөтөлгөө морины хамт 60.000 гэж авч үзжээ) хөдөлсөн бол 240 мянган тах, 1 сая 920 мянган тахны хадаас шаардлагатай гэсэн үг. Тиймээс 1237 он гэхэд Ижил мөрний эрэг дагуу Бат хаан морьд тахлах төмөр, дархны газар гээд үйлдвэрийн баазтай байх шаардлагатай. Морь тахлахад 3 цагийн ажил орно. 60 мянган адууг тахлахад 180 мянган цагийн ажилтай. Төмрийн дархны газар өдөрт 12 цаг ажиллахад 4 адууг л тахалж чадна. Зогсолтгүй ажиллахад сард 120 адуу тахална. Тэгвэл 60 мянган адууг тахлахын тулд 500 төмрийн дархан туслахын хамт хэрэгтэй. 1625 оны байдлаар Оросын хотод 15 төмрийн дархны газар байсан. 500 дархны газар 1625 оны Оросын 33 хоттой адилхан юм. Тэгвэл Бат хаанд Каспий орчимд ийм нөөц байгаагүй. Морины тах ба хадаас 4кг татдаг, 60 мянган адууны тах 240 тонн төмөр болно. Энэ 240 тонн төмрийг Бат хаан хаанаас олсон нь түүхийн оньсого юм. Монголд төмрийн үйлдвэр тухайн үед байгаагүй билээ Тиймээс Бат хааныг Оросод өвөл халдахдаа маш хязгаарлагдмал цөөн тооны цэрэгтэй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй” (Пензев, 2006,х.133-135) хэмээн тайлбарлажээ. И.Я.Коростовец 30 мянга, А.В.Венков, С.В.Деркач, нар 30 мянга, И.Б.Греков, Ф.Ф.Шахмагонов нар 30-40 мянга, Д.В.Чернышев 55-65 мянга, Г.В.Вернадский, Э.Хара-Даван нар “150 мянга” (Хара-Даван, 1991,х.155), М.Берган, Жон Мэйн, Ж.Ж.Саундерс, Ж.Ведерфорд нар 150 мянга, И.В.Куркин, И.В.Волкова, С.В.Леонов нар “хамтын бүтээлдээ 70 мянга” (Куркин, ба бус, 2005,х.187), Л.де.Хартог 120 мянга, Буриадын судлаач Я.Халбай 170 мянга, А.М.Анкудинова, В.А.Ляхов нар 300 мянга, С.М.Соловьёв 300 мянга, А.Доманин “600 мянга” (Доманин, 2010,х.139) гэж тус тус харилцан адилгүй тоог авч үзсэн байна. Оросууд ихэвчлэн нэг нэгнээсээ шууд иш татан баримт нотолгоогүйгээр голчлон ам дамжсан яриа эсвэл сүүлд зохиогдсон он тооллын бичигт тулгуурлан Бат хааны цэргийн тоог гаргасан нь харагдаж байдаг. Ялангуяа В.В.Каргаловын зохиолоос ихээр эш татан 120-140 мянга гэсэн тоо гаргадаг. В.В.Каргалов чухам хаанаас ямар аргаар ийм тоо гаргаж ирсэн нь сонирхолтой юм. В.В.Каргалов “энэ дайнд Батыг дагаж 12-14 хан хөвгүүд явсан бүгд тус тусдаа нэг нэг түмт хариуцаж явсан бөгөөд нийт 120-140 мянган цэрэг оролцсон” (Каргалов, 1966,х.25) гэсэн гаргалгаа гаргажээ. К.Пензев харин В.Каргаловын 120-140 мянга гэсэн цэргийн тоонд нэлээд шүүмжлэлтэй улс суурьтай ханддаг. · “120-140 мянган цэрэг гэж үзвэл тэдгээр нь дор хаяж 2-3 морьтой явсан гэж үзвэл бага даа л 300 мянга орчим адуу болно. Дээр нь байлдааны зэвсэг техник зөөх адуу, арын албаны хүмүүсийн адууг оруулж тооцвол асар их тоо гарах нь ойлгомжтой. Энэ бол тал хээрийн байлдаан биш байсныг бодолцох хэрэгтэй” (Пензев, 2006,х.137). Тэрээр 2-3 мянган морин цэрэг, 5 мянган явган цэрэг гэдэг дээрээ баттай нотолгоо гаргажээ гэж үзэж болохоор байна. Плано Карпини Батын бүх цэргийн 3/4 нь эзлэгдсэн орнуудаас дайчлагдсан цэрэг байсан гэж бичсэн байдаг. Зарим судлаачид цэргийн тоог гаргахдаа нийт хүн амын тоотой уялдуулан гаргасан байна. Тухайлбал: Л.Н.Гумилёв, Э.Хара-Даван нар “XIII зуунд Монголын хүн амыг 400 мянга байсан” (Пензев, 2006,х.65). гэж үзсэн байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага тоо юм. “XIII зууны Оросын хүн амыг Л.Н.Гумилев 5-6 сая орчим байсан” (Пензев, 2006,х.66). гэж үзсэн бол Э.С.Кульпин “Батын довтолгооны өмнөх Оросын хүн амыг 7-8 сая орчим байсан” (Кульпин, 1998,х.30) гэж үзжээ. Түүхчид судлаачид Монголчуудын цэргийн тоог ихэвчлэн хүн амын 10%-иар тооцож үздэг. Энэ жишгээр Монголын хүн амыг 1 сая гэж үзвэл нийт Монголын эзэнт гүрний цэрэг 100-120 мянгын хооронд хэлбэлзэж байсан байх ёстой. Харин Оросын нийт цэрэг энэ 10 хувиар тооцож үзвэл хамгийн бага даа 600-700 мянга орчим юм. Оросын судлаач С.Смирнов “Оросын вангууд нийлбэр дүнгээрээ 100 мянга орчим мэргэжлийн цэрэг, 500 мянга орчим журамт цэрэг гаргах боломжтой” (Курушин, 2006,х.188 ) гэж үзсэн юм. “Чингис хааныг нас барах үед нийт их цэрэг 123.000 орчим байжээ. Зүүн жигүүр нь 62000, баруун жигүүр нь 38000, эзэн хааны харуулд 1000, Зүчид 4000, Цагаадай 4000, Өгөөдэй 4000, бусад 10000 цэрэг” (Тарнбул, МакБрайд, 2003,х.36) байжээ. · “Гүюгийн захирсан Монгол Улсын гол цэрэг, мөн Мөнхийн захирсан Монгол цэрэг, Байдарын захирсан Сартуул орны цэрэг, Батын захирсан өрнө дахины цэрэг тус тусын газар орноос өмнө хожид хөдөлж 1236 оны хавар Болгар улсын хил дээр урьдын болзсон ёсоор цуглан ирэв. Монгол 5, Турк 7, нийт 12 түмэн цэрэг цуглав” (БХЭШХ, 1996,х.254). Баруун зүгт хийсэн аян дайнд бүх цэргийн 50% гэвэл 40-50 мянган цэрэг оролцсон байх ёстой. Доктор Ж.Базарсүрэн өөрийн бүтээлдээ “Их Монгол Улс бэлтгэл, сургууль, сахилга сайтай гадаад 95 мянган, дотоод 10 мянган, нийт 10,5 түмэн цэрэгтэй болжээ” (Базарсүрэн, 2009,х.23) хэмээн өгүүлсэн байна. 10 түм гэдэг нь 100.000 орчим цэрэг эрс гэсэн үг юм. Эцэст нь тухайн үеийн Монголын нийт хүн ам 1 сая орчим дотор хэлбэлзэж байсан гэвэл цэргийн тоог 10 хувиар тооцвол 100 мянга орчим, түүнээс баруун зүгт хийсэн их аян дайнд хамгийн ихдээг 40-50 мянган цэрэг л оролцсон байх талтай. 130 мянган цэрэгтэй, нэг цэрэг 1-3 хөтөлгөө морьтой байсан гэж үзвэл 390 мянган агт морь хэрэгтэй тэр хэмжээгээр хүнс тэжээл, морьд тахлах ажил шаардагдана. 390 мянган морь дор хаяж 234 мянган тонн өвс хэрэглэх хэрэгтэй болно. Монгол адуу дор хаяж 200-400 кг ачаа даах чадвартай. Дунджаар нэг адуу 250 кг өвс ачна гэж үзвэл нийт 234 тонн өвсийг ачихын тулд 936 мянган морь хэрэгтэй гэсэн тооцоо гарна. Нэг дор сая гаруй адуу цуглуулна гэдэг байж болох ч бас байж боломгүй асуудал биз ээ. Оросыг байлдан дагуулсны дараагаар Бат хаан Европт цөмрөн орох үед түүний цэрэг 30-40 мянга орчим байсан юм. Оросыг байлдан дагуулах үед нэг түм гаруй цэргээ алдсан хийгээд Гүюг цэргээ авч буцсан нь үүнд нөлөөлсөн. Бат өөрийн цэргийн тоог дагаар орсон хийгээд олзлогдсон хүмүүсээр нөхөн хангалт хийгээд 40-50 орчимд хадгалж чадаж байжээ. Лигницийн тулалдааны үед Хайду, Байдар нар 2 түм орчим цэрэгтэй байсан бол үүнтэй зэрэгцээд шахуу Мохийн хөндий Шайо голын тулалдаанд Бат хаан 25-30 мянга орчим буюу 2-3 түм орчим цэрэгтэй байсан юм. Үүнээс үзэхэд 40-50 мянга орчим цэрэгтэй байсан нь тодорхой харагдаж байна. Дүгнэлт Дээр дурдсан бүх тоо баримтыг нягтлан судалж үзэхэд Оросын судлаачид Бат хааны цэргийн тоог үндсэн 3 хэсэгт хувааж авч үздэг нь харагдаж байна. Нэгдүгээрт: 30-40 мянга, гэсэн тоог баримтлагчид, Хоёрдугаарт: 50-70 мянга, гэсэн тоог баримтлагчид Гуравдугаарт: 120-150 мянга гэсэн тоог баримтлагчид. Тухайн үеийн Монголын хүн амтай харьцуулаад үзэхэд бүх дайчилгааны нөөц боломжоо ашиглаад ч ихээхэн хэмжээний 300 мянга, 600 мянган цэргийг Монголчууд гаргаж чадахгүй нь ойлгомжтой юм. 1237-1242 оны Орос, Европ руу хийсэн энэ дайнд цөөхөн тооны 5-10 мянган морьт цэрэг, 30 мянган морьт цэрэг ч гаргаад ч урт удаан хугацааны энэ аян дайнд ялалт байгуулах боломжгүй нь харагдаж байна. Харин 4-5 түм буюу 40-50 мянган цэрэг гаргах боломжтой бөгөөд энэ нь хамгийн боломжтой бодитой тоо юм. Зүүн хойд болон өмнөд Орос, Европт явуулсан аян дайнд оролцсон Бат хааны цэргийн тоо 40-50 мянгын хооронд хэлбэлзэж олзны хүмүүсээр нөхөн хангагдаж байсан. Тиймээс цаашид Бат хааны цэргийн тоог эзлэгдсэн улс орнуудаас дайчилсан цэргүүдийн хамт нөхөн хангалт хийгээд 40-50 мянгын хооронд эцсийн байдлаар авч үзэх нь зүйтэй биз ээ. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Алексеев.А.К., (2006). Политическая история Тукай-Тимуридов. Москва Базарсүрэн.Ж., (2009). Чингис хааны цэргийн зэр зэвсэг. Улаанбаатар БНМАУ-ын түүх I боть.,(1966). Улаанбаатар БХЭШХ., (1996). Монгол цэргийн түүхийн товчоон. Улаанбаатар Вернадский.В.Г., (2008). Монголчууд ба Орос орон. Улаанбаатар Гумилев.Л.Н., (2000). От Руси до России. Москва Доманин.А., (2010). Монгольская империя Чингизидов Чингис хаан его преемники. Москва Иванини.М.И., (1875). О Военномь искусть и завоеванияхь монголо-татарь и средне-азиятскихь народовь при Чингись-хань и Тамерлань. Санкт-Петербург Каргалов. В.В., (1980). Конец ордынского ига. Москва Каргалов. В.В., (1966). Монголо-татарское нашествие на Русь XIII век. Москва Кульпин.Э.С., (1998). Золотая Орда. Москва Курукин И.В., Волкова И.В., Леонов С.В., (2005). История Отечества. Москва Курушин. М.Ю., (2006). Сто великих военных тайн. Москва Мункуев.Н.Ц., (1977). Заметки о древних монголах// татаро – монголы в азии и европе. Москва Пензев.К., (2006). Великая Татария история земли. Москва Пензев.К., (2006). Русский Царь Батый. Москва Россия путь сквозь века., (2010). Русь и Монголы XIII в. Москва Сафаргалиев.М.Г., (1960). Распад Золотой орды. Саранск Соколов.Б.В., (2003). Сто великих войн. Москва Тарнбул.С, МакБрайд.А., (2003). Армия Монгольской империй. Мосва Халиков.А.Х., (1994). Монголы, Татары Золотая Орда и Булгария. Казань Хара-Даван.Э., (1991). Чингис хан как полководец и его наследие. Элиста Хафизов.Г., (2000). Распад Монгольской Империи и образование Улуса Джучи. Казань Чойсамба.Ч., (2006). Бат хааны байлдан дагуулал. Улаанбаатар Цолмон.С., (2006). Монголын Алтан ордон улс. Улаанбаатар Шишов.А.В., (2001). 100 великих военачальников. Москва
http://sukheeax.blog.gogo.mn/read/entry549793

No comments:

Post a Comment