Saturday, January 2, 2016

Еврейчүүд яагаад хэлмэгдсэн бэ?

2010 оны 4-р сарын 11, Ням гариг,

“Еврейн шашин=Хуучин гэрээ”

“Христийн шашин=Хуучин гэрээ+Шинэ гэрээ”

“Лалын шашин=Хуучин гэрээ+Коран судар”

Дээрх гурван шашинд “хуучин гэрээ судар” аль алинд нь байдаг.Үүнээс харахад тэдний шүтэх бурхан нь “Туйлын ганц бурхан” гэдгийг бэлхнээ ойлгож болно.Харин “Хуучин болон Шинэ гэрээ” хэмээн хуваасан байдаг нь ганц Христийн шашин бөлгөө.Бурхан Израйлын ард түмэнд амалсан хамгийн анхны амлалтыг “Хуучин гэрээ” хэмээн нэрлэх ба бурхан Исүсийг хүн төрлөхтний тусын тулд илгээж нийт хүн ардад амалсан амлалтыг “Шинэ гэрээ” хэмээн хэлдэг.Энэ хоёрыг өөр хооронд нь ялгахын тулд Христийн шашны зүгээс өгсөн нэр болно.Еврейн шашинд  “Хуучин гэрээг” Ариун судар хэмээх үзэх бөгөөд харин Лалын шашинд хамгийн агуу зөгнөгч Мухамедийн хэлж сургасан номлолыг эмхэтгэн нийлүүлсэн Коран судрыг үндсэн сургааль хэмээн үзнэ.Гэхдээ бас тэд хуучин гэрээгээ дээдлэн хүндэлдэг юм.

Эдгээр шашнууд бүгд бодит хэлбэр дүрс бүхий биет бурхан шүтэхийг цээрлэдэг хэдий ч Христийн шашин, тэр дундаа Католик шашинд icon (ариун хөрөг), Ариун Мариягын хөрөг зэоэг байх ба үүгийг Лалын болон Еврейн шашинтны зүгээс үзэхэд биет бурхан шүтэж буй мэт харагддаг.

“Еврейн шашин болоод Христийн шашны хамгийн том ялгаа”

Еврейн шашин болоод Христийн шашны хамгийн том ялгаа нь Исүсийг ертөнцийг авран гэтэлгэгч хэмээн хүлээн зөвшөөрөх үү, эс зөвшөөрөх үү гэдэгт байдаг.Хуучин гэрээнд ертөнцийг авран гэтэлгэгч Jewish Messiah-н бууж ирсэн тухай өгүүлдэг нэг хэсэг буй.Христийн шашинд Исүсийг ертөнцийг аврагч хэмээн үздэг бол харин Еврейн шашинд ертөнцийг авран гэтэлгэгч их бухан энэ гариг дээр одоогоор залраагүй буй хэмээн үзнэ.

Еврейн шашны сургаальд их бурханы таалалд оршсон туйлын ганц ард түмэн бол гагцхүү еврей үндэстэн бөгөөд, бурханд анх амласан үүргээ бодитоор биелүүлсэн цагт авран гэтэлгэгч их бурхан тэдэнд заларч еврейн шашинтнуудын төлөөх диваажингын улс орныг цогцлоон бүтээж өгнө хэмээх ухагдахуун байдаг.Христийн шашин бол Еврейн нийгмээс төрж мэндэлсэн шинэ шашин бөгөөд Исүс Христ бол дан ганц еврейчүүд бус нийт хүн төрлөхтнийг авран гэтэлгэхийн тулд тэдний үйлдсэн гэм нүглийн золиос болж цовдлуулсан хэмээн сургадаг. Эндээс еврейн шашин нь гагцхүү еврей үндэстний төлөө гэх тодорхой үндэстний хүрээллийн шашин гэх дүгнэлт хийж болох ба харин Христийн шашныг нийт хүн төрлөхтнийг авран гэтэлгэх гэсэн зорилго бүхий нийтийн шашин хэмээх дүгнэлт хийх боломж харагдана.

Еврейн шашин болоод Лалын шашин хоорондын тэмцэл

Өнөөдөр Палестиний асуудлыг шашин хоорондын асуудалтай холбон тайлбарлаж, еврейн болоод лалын шашинтнууд өвөр хоорондоо олон жилийн турш алалдан тэмцэлдэж ирсэн мэтээр буруу ташаа ойлгох хүмүүс их байдаг буйзаа.Гэвч еврейн болоод лалын шашинтнууд эв найрамдалтай аж төрж хамтран цэцэглэн хөгжиж байсан цаг хугацаа түүхийн хуудаснаа арвин буй.Еврей хүний хэлмэгдлийн хариуцлагыг лалын шашинтнууд гэхээсээ илүүтэйгээр Европын христийн шашинтнууд үүрэх ёстой мэт бодогдоно.Энэ асуудлын тухай юуны түрүүнд еврейн шашин ба еврей хүний түүхийн тухайх Японы ард түмний ойлголтын талаар дурьдая хэмээн бодно.

“Еврей хэмээх нэртэй холбоотой ном зохиолууд”

Jewish Studies буюу еврей судлал ба Jewish History буюу еврейн түүх гэх мэт ном зохиолууд дэлхий дахинаа олон зуугаар тоологдох хувиар туурьвигдан гарсаар буй.Еврей үндэстнүүдийн бүхий л салбарт гаргаж буй амжилтийг бодитоор харж үнэлвээс энэ нь мэдээжийн зүй тогтол байх талтай.АНУ-н алдартай олон их дээд сургуульд Еврей судлалын тэнхим хэмээх байгууллагууд байдаг.Түнчлэн Еврей судлалын олон улсын байгууллагуудын уулзалт семинар жил бүр дэлхийн аль нэг оронд зохион байгуулагдаж байдаг.

Япон улсад ч мөн “Еврей” гэх нэртэй холбоо бүхий ном зохиолууд хэвлэгдэн гарсаар байна.Эдгээр ном зохиолуудыг харж байхад үндсэн хоёр ерөнхий бүлэгт хуваагдаж буй мэт санагдана.Нэгдүгээрх нь бизнесийн тухай.Өөрөөр хэлбэл Еврей үндэстэн мөнгө хөрөнгө цуглуулах, түүнийг бүтээх тал дээр бусад үндэстнээс хэр илүү гайхамшигт чадвартай болохыг тайлбарласан ном зохиолууд байна.Зарим тохиолдолд Еврей хүмүүс өөрсдөө ч урьд хожид дуулж сонсож байгаагүй Еврейн үзлийг өөр бусад зүйлстэй холбон тайлбарласан номууд ч байдаг гэнэ.

Хоёрдугаарх нь Япончууд Еврей хүнтэй ямар их ижил төстөй болохыг магтан дуулсан номууд юм.Үүнийг Японы уламжлалт шашин болох Шинто шашны зан заншил, уламжлал, сүм хийд, эсвэл эртний Хэблай хэл болоод Япон хэлний ижил төстөй талуудыг онцлон тэмдэглэсэн зүйлс байдаг.Тэдгээрийн дунд Еврей болоод Япон нь гарал үүсэл нэг хэмээн нотлохыш оролдож байр сууриа хатуу хамгаалах хүмүүн ч цөөнгүй.Гэхдээ эдгээр нь “Еврей судлал” хэмээх салбараас арай өөр зүйл буйзаа.

“Япон хүн болоод Еврей хүн”

1970 онд зохиолч Isaiah Ben-Dasan-ний туурьвисан “Япон хүн болон Еврей хүн” хэмээх зохиол гарч тэр даруйдаа бест селлер болсон юм.Энэ номын зохиолч Isaiah Ben-Dasan гэгч нь бодит хүн бус зохиолчын зохиосон оноосон нэр бөгөөд жинхэнэ бодит хүн нь Ямамото Шичихэй байлаа. (Орчуулагчын зүгээс хийх нэмэлт тайлбар:Тэрээр 1921 оны 12-р сарын 18 өдөр Христийн шашинт эцэг эхийн дундаас эдүгээгийн Токио хотын Сэтагаяа дүүргийн Сан-гэн-жаяа гэдэг газар мэндэлсэн бөгөөд Христийн шашны бага дунд ахлах сургууль дүүргээд дайн эхэлсэн тул дэлхийн 2-р дайнд их бууны ангид алба хааж байжээ.Дайн дууссаны маргааш олзны цэрэг болж Филлипины Манила хот дахь хорих газар 2 жил хоригдож 1947 онд эх орондоо буцаж ирнэ.1956 онд “Ямамото хэвлэлийн компанийг” үүсгэн байгуулж “Япон хүн болон Еврей хүн” зохиолоо хэвлэн гаргасан түүхтэй.) Японд энэхүү номыг уншаагүй хүмүүн тун цөөхөн буйзаа.Энэ номд “Япон хүн нь аюулгүй байдал хийгээд усыг үнэгүй зүйл хэмээн ойлгодог” хэмээх алдарт үгээ тэмдэглэн үлдээсэн байдаг ба энэ нь хожмоо олон салбарт хэрэглэгдэх ишлэл үг хэллэг болон уламжлагдсан юм.Энэ үгээр тэрээр Японы аюулгүй байдлын бодлогыг дэлхий нийтийн зүгээс, еврей хүний зүгээс харахад хэр хэмжээний нялх түүхий зүйл болохыг илэрхийлхийг оролдсон юм.Япон хүний үндэсний онцлогыг тайлбарлахын тулд тэднийг жишин харьцуулах үндэстнээр Еврей үндэстнийг сонгосон байдаг.Израйл улсаас Япон улсад сууж асан элчин сайд Elie Cohen 2008 онд “Эндүүрэм ижилхэн Япон хүн болон Еврей хүн” хэмээх номоо гаргасан билээ.Тэрээр элчин сайдаар ажиллаж байх үедээ Оомото байгууллагын төв байрлах Аяабэ болоод Камэ-ока хотод олонтаа зочилж байсан ба уулзалт ярилцлагын үеэр Япон хүн болод Еврей хүний ижил төстөй талуудын тухай их ярьдаг байж билээ. Мөн Marvin Tokayer болон бусад хүмүүсийн туурьвин бичсэн Японы уламжлалт Шинто шашны дэг даяг зан заншил болоод эртний Израйлын еврей шашны дэг даяг зан заншил нь өөр хоорондоо ямар ижилхэн болох тухай өгүүлэх ном уул овоо мэт арвин буй.Өөрөөр хэлбэл дэлхий дээр хэвлэгдэн гарч буй Еврей үндэстэнтэй холбоо бүхий ном зохиолууд болон Япон улсын дотоодод хэвлэгдэн гарах еврейн тухай өгүүлэх ном зохиолын онцлог ялгаа нь Япон хүний оршихуйн зүй тогтолыг тайлбарлахын тулд Еврей үндэстэнтэй харьцуулан жишсэн хэлбэртэй байдаг онцлогтой юм.

“Еврей үндэстэн юуны учир хэлмэгдэв”

МЭ 70 онд Ерусалем хот эзлэгдэн булаагдаж их бурханы өргөө сүм эвдлэгдэн сүйтгэгдэж үүний улмаас еврей үндэстэн дэлхий нийтээр тарж бутарсан билээ.Улмаар өөрийн гэх улс оронгүй болсон тэд өөрсдийн тусгаар улсаа байгуулсан 1948 он хүртэлх бараг 2000 жилийн туршид аж төрж асан газар орныхоо ард түмэнд уусалгүй өөрсдийн үндэсний оршихуйн зүй тогтлоо хамгаалан хадгалж ирж чадсан билээ.Үүний цаана “Еврейн” гэх өөрсдийн шашны дор оюуны нэгэн том нэгдлийг үүсгэн түүнийгээ хамгаалах үйл хэргээр дамжуулан хамтын үзэл хамтын оршихуйг хамгаалан ирсэн юм.Үүний зэрэгцээ өөрсдийн шашинд хандах хүчтэй сүсэг бишрэл нь Европчуудын зүгээс тэднийг хэлмэгдүүлэх гол шалтгаан болсон хэмээн эдүгээ тайлбарлаж буй.Гэхдээ би хувьдаа орчин цагт явагдаж буй еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл нь Исүсийг цовдлож орхисон Еврейн үндэстнийг үзэн ядах гэх шашны үзэл суртлаас бус хэмээн бодно.Боловсролын төвшин, эдийн засаг, санхүүгийн чадвар өндөр, дасан зохицох чадамж зэрэг олон үзүүлэлтээрээ тэд нүүдэллэн очсон орон нутагтаа тэр даруй хүчирхэгжих тул өөрсдийн улс орныг еврейчүүдэд эзэмдүүлэхгүй гэсэн санаа бүхий үндэсний үзэлтнүүдийн зүгээсх хавчлага нь сүүлдээ хомроголон устгах хүртлээ гаарсан хэмээн боддог.Орчин цагт бол тухайн улс гүрний хууль эрх зүйн орчныг оновчтой овжноор ашиглаж нийгэмд дэвшин хөгжих еврейчүүдийн чадамжыг үзэн ядах, атаархан хорсох сэтгэл эдгээр асуудлын уг сууринд оршин буй буйзаа.

Дараагийн хэсэгт дээрхтэй холбогдуулан еврей үндэстний гашуун түүхийн тухай хамтдаа судалж үзэе хэмээн бодож байна.

(Эх материал:(Nonprofit Organization) Япон улсын “Израйл Палестины энх тайван судлалын төв” эмхэтгэсэн Яно Хироми, Япон хэлнээс орчуулсан:Айзэнкай Монгол төв А.Батбаяр)

Энэхүү цахим хуудаст нийтлэсэн материал болон зургыг хуулбарлах, олшруулахыг хориглоно.

No comments:

Post a Comment