Wednesday, January 20, 2016

Ч.Хүрэлбаатар: Сонгууль өнгөрч л байвал галав юүлсэн ч яахав гэсэн байдлаар хандаж байна

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-МАН-ын бүлгээс Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монголбанкны ерөнхийлөгч нарт бүх зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэх шаардлага тавьсан. Шалтгаан нь юу байв?
-Өнгөрсөн оны 11-р сард 2016 оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэж баталсан. Бодлогоо хэлэлцэж, баталж байх үедээ огт яриагүй асуудлыг одоо ярьж байна.  Эдийн засгийн бодлогод хандаж байгаа эрх баригчдын хандлага үнэхээр айдас төрүүлж байна.  Үнэхээр эдийн засгаа хямралаас гаргая, ард иргэдийн амьдралыг сайжруулъя гэвэл төсвийн, мөнгөний бодлогын баримт бичигт хэрэгжүүлэх арга хэмжээгээ суулгах хэрэгтэй.  Уг нь бодлогоо олон талаас нь харж, судалгаа үндэслэлээ сайтар гаргаж байж, хэлэлцүүлэг хийж байж баталж хэрэгжүүлбэл сайн үр дүн гарна. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ сарын 6-нд “Инфляцийн төвшин буурсан учраас зээлийн хүү буурах боломжтой. Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх боломжууд гарч ирлээ. Тийм болохоор ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн хүүг таван хувь болгоно” гэдгийг олон нийтэд зарласан. Монголбанкны ерөнхийлөгч Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг барьж байдаг. Банкуудын холбооны тэргүүн Ж.Үнэнбат үүнийг дэмжиж байгаас харахад манай арилжааны банкууд санал нэг байгаа юм байна гэж бид үзсэн. Нэгэнт ийм боломж бүрдсэн байгаа юм бол тэтгэвэр, малчид, цалин, жижиг дунд бизнесийн зэрэг бүх зээлийнхээ хүүг буулга, зээл төлөх хугацааг нь сунга гэдэг шаардлагыг МАН-ы бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт тавьсан. Нэг салбарыг онцлоод байх шаардлагагүй ээ. Үүнийг шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа.
-Эдийн засаг хямарчихлаа гээд яриад байна. Энэ онд манай орны эдийн засгийн өсөлт ямар хэмжээнд байх бол?
-Дэлхийн эдийн засгийн байдлын төлөв байдлыг хэлээд дараа нь Монголынхоо эдийн засгийн байдлыг хэлье. Өнгөрсөн оны 12-р сард Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн байдал хүнд байна гэж үзээд өмнө хийж байсан тооцоогоо өөрчилсөн. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.2 хувь гэж үзэж байснаа буулгаж 2.9 хувь болголоо. Энэ оны эхээр гарч байгаа хөрөнгийн зах зээл дээрх өөрчлөлтүүд, түүхий эдийн үнийн өөрчлөлтүүд ч 2016 оныг амаргүй жил болох юм байна гэдгийг харуулж байна. Тухайлбал, түүхий нефтийн үнэ нэг торх нь 30 ам.доллараас доошоо буучихлаа шүү дээ. Дахиад ч унана гэж байгаа. Зэс, алтын үнэ унаж байна. Хөрөнгийн биржүүд ч хэлбэлзэлтэй, савлагаатай байгаа. Хятадын хөрөнгийн бирж он гарсаар хоёр өдөр ажилласангүй шүү дээ. Энэ бүхнээс үзэхэд үндсэндээ Монгол Улсын эдийн засаг гадаад орчиндоо амаргүй боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтийн дунджаас илүү гарахаа байсан шүү дээ. Мөн 2016 оны төсвийг хийхдээ Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг 4.1 хувьтай байна гэж оруулж ирсэн. Харин манай эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк 0.8 хувь, Олон улсын валютын сан 0.6 хувь гэж тооцсон байсан. Дэлхийн эдийн засаг 2.9 хувьтай өснө гэж хэлж байгаа Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.8 хувь тооцсон нь нэг юм хэлээд байгааг л бид ойлгох ёстой.  Манай улсын эдийн засгийн бодлогын алдаа засагдаагүй дээр нь гадаад орчин ихээхэн муудаж байгаа. Би энэхүү тооцоо дахиад ч буурах болов уу гэж бодож байгаа. Бодлогын алдаанууд засагдаагүй дээр нь гадаад орчин муудаж байгаа учир манай эдийн засгийн байдал энэ 2016 онд улам хүндэрнэ гэдгийг хэлэх байна.
-Та 2015 оны улсын төсөв 200 шахуу тэрбум төгрөгөөр тасарсан гэж ярьсан. Одоо сонгууль хүртэл гайгүй байж байгаад цаашаа бүр дордоно гэх хүн ч байна?
-2015 оны төсвийг хоёр удаа тодотгосон шүү дээ. Хоёр тодотгоно гэдэг чинь төсвийг гурван удаа баталсан гэсэн үг. Батлах болгондоо төсвийн орлогыг бууруулж баталсан. Хамгийн сүүлд он дуусахаас 45 хоногийн өмнө төсөвт тодотгол хийж төсвийн орлогыг 900 тэрбум төгрөгөөр бууруулсан. 2015 оны төсвийн гүйцэтгэлээс харахад  төсвийн орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарчихсан байна.  Энэ Засгийн газрыг дахиад л шүүмжилмээр байна. 45 хоногийн дараах төсвийн орлогоо тооцож чадахгүй байж улс орныг хямралаас гаргах уу? энэ эрх баригчид.  Би бол чадахгүй гэж бодож байна. 2016 оны төсөв яах бол гэж та асууж байна. 2016 оны төсөв бол маш буруу тооцоотой, бараг тоо бүхэн нь буруу шахуу дампуу төсөв ш дээ. Миний хувьд 2016 онд төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасрах байх гэсэн болгоомжлол байгаа. 2016 оны зургадугаар сард болох сонгууль хүртэл хамаг юмаа шавхаж цацаад дараа нь галав юүлсэн ч яахав гэдэг хандлагыг энэ эрх баригчид гаргаж байна даа. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэдэг шийдвэрийг УИХ дэмжлээ. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олговол төсөв дээр 110 тэрбум төгрөг нэмэх ёстой. Өөрөөр хэлбэл  төсвийн тодотголыг хийх шаардлагатай гэсэн үг. Харамсалтай нь УИХ-ын чуулган дээр төсөв тодотгохгүй оны сүүлд олгогдох мөнгийг урагшлуулаад өгнө гэж хэлж байна. Сонгуулийн дараа галав юүлсэн ч яахав гэдэг тийм байдлаар хандаж байна уу даа гэж харж байгаа.
-УИХ дахь МАН, АН-ын бүлэг аль аль нь хүүхдийн мөнгө, оюутны мөнгө, одонгийн мөнгийг бүгдэд нь өгөх хэрэгтэй гээд яриад байгаа шүү дээ. Хүмүүс ч мөнгөний марафон эхлэх нь гэж ярьж байна?
-Мөнгөний марафон эхэлчихлээ. Уг нь ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох зэргийг 2016 оны төсөв, мөнгөний бодлогодоо суулгах ёстой байсан юм. Ардчилсан намын рейтинг тасралтгүй уруудаад байгаа учир сандарч ийм арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм болов уу гэж харж байгаа. Дөрвөн жил улс орноо, эдийн засгаа самарчихаад сонгууль болоход 6 сар дутуу байхад олонд таалагдах гэж оролдож байна уу л гэж харж байна.  Үнэхээр та бүхэн санаж байгаа бол тэтгэврийн зээлийн хүүг буулгаач гэсэн санал тавьж байхад Ерөнхий сайд ч тэр, асуудал эрхэлсэн сайд нь ч “Энэ бол зах зээлийн механизмаар зохицуулагддаг асуудал. Захиргаадалтын аргаар шийдэж болдоггүй зүйл ээ” гэж хариулж байсан. Өөрсдөө өнөөдөр ипотекийн зээлийн найман хувийг таван хувь болгоно гэсэн шийдвэр гаргаж байгаагаас үзэхэд нөөц бололцоо байна гэж бодож байх шиг.
-Оюу толгойн хоёр дахь ээлжийн бүтээн байгуулалт эхэлнэ гэсэн хүлээлт бий. Түүнээс орлого ороод эхлэхээр төсвийн тодотголыг хийчих юм биш үү?
-Үндсэндээ Оюу толгой дээр их найдлага тавьж байх шиг байна. 2009 онд батлагдсан Оюу толгойн ажил хэвийн явж байхад Н.Алтанхуягийн Засгийн газар нэг захиа явуулаад л зогсоосон биз дээ, санаж байгаа юу? Зогсоогүй байсан бол ингэж 4 жил алдах байсан уу.  Хөрөнгө оруулагч буюу Оюу толгойн хоёрдахь ээлжийн санхүүжилтийг олгоно гэж амлаад байгаа банкууд 2016 оны сонгуулийн дүнг харж таарна. Тэд чинь тэнэг хүмүүс биш. Маш их мөнгө өгөх гэж байна шүү дээ. 2016 оны сонгуулийн дүн ямар гарах нь уу гэдгийг харж байж л мөнгөө өгнө. Сонгуулийн наана мөнгө орж ирнэ гэж өөрсдийгөө хуурах ямар ч шаардлагагүй. Энэ бол ойлгомжтой зүйл. Тэгэхээр 2016 оныхоо сонголтыг ард түмэн зөв хийцгээгээрэй гэж хэлмээр байна.  
-Төсөв хүндэрнэ, Оюу толгойн хөрөнгө оруулалт сонгуулийн наана орж ирэхгүй гэж та ярилаа. Гэвч аль аль нам нь мөнгө тараахыг багасгах талаар санал гаргахгүй. Харин ч бүгдэд нь өгөх хэрэгтэй гэж ярьж байна. Түүнийгээ ч дэмжицгээж байгаа. Тэгэхээр улам л хүндрэх юм биш үү. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?
-Та бүхэн санаж байгаа бол 2016 оны төсвийн бараг бүх санал хураалтан дээр би эсрэг санал өгч байсан. Яагаад гэхээр 2016 оны төсөв алдаатай, тоо болгон нь худлаа, хариуцлагагүй дэлхийн эдийн засгийн байдал, Монголын эдийн засгийн төлөв байдлыг мэдрээгүй тэс хөндлөн төсөв болж байсан учир бүх санал дээр эсрэг байр суурьтай байсан. Ийм төсөв ерөөсөө батлагдаж байгаагүй юм. Хямралыг улам эрчимжүүлэх төсөв болоод байгаа учир эсэргүүцсэн юм. Жишвэл хатгаа тусчихсан хүнд гэдэс гүйлгэлтийн намжаах фатлазол өгч байгаатай яг адилхан зүйл болсон. Тайлбарлаж, ойлгуулах гэж зөндөө оролдсон. Яг л эсрэгээр нь шийдвэрээ гаргаж байсан, энэ эрх баригчид.
-Тэгвэл эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэвэл одоо ямар гарц байна вэ?
-Эдийн засгийн өсөлтийг бий болгоё гэвэл мэдээж эхлээд төсөв, мөнгөний бодлогын алдаагаа засах хэрэгтэй. Зөв бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх хэрэгтэй, савлаад байх шаардлагагүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй. Дээрээс нь экспортыг нэмэгдүүлэх бүх арга хэмжээг авах хэрэгтэй. . Экспортыг нэмэгдүүлэх гэхээр одоогийн ганц төмөр зам, ачааны машинаар зөөгөөд дийлэхгүй. 7 жил амаараа барьсан төмөр замаа бодитоор барих хэрэгтэй.  Хэрвээ төмөр замтай байсан бол эдийн засгийн байдал, валютын ханш өнөөдрийн байдалд хүрэхгүй байсан. Аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд бензиний үнэ маш их нөлөөлнө. Би бензиний үнийг буулга гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Хил гарангуут нэг литр бензиний үнэ 900 гаруй төгрөг байгааг ойлгох хэрэгтэй.
-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт та орж ажилласан. Түүгээр 50 хүртэл хувьд нь гар тооллого давхар явуулья гэж тохирсон. Энэ талаар?
-Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт С.Бямбацогт дарга, Н.Энхболд бид гурав намын бүлгээ төлөөлж орж ажилласан. Ардчилсан намаас А.Бакей, Б.Гарамгайбаатар, М.Батчимэг нарын гишүүд орсон. Хар машинд итгэх итгэл ард түмний дунд уначихсан шүү дээ. Манай намын хувьд хар машины тооллогын дэргэд давхар гар тооллого хийчихье гэсэн санал тавьж байсан. Ардчилсан нам болохоор хар машин эцсийнх байна. Гар тооллого хийхгүй гээд хоёр тал болчихсон л доо. Ингээд дундын хувилбар болгоод 50 хувь хүртэлхийг давхар гар тооллого хийхээр болсон.
-Хар машины дүн, гар тооллогын хариу хоёр зөрвөл яах вэ?
-Хар машиныхаар болно гэж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин

No comments:

Post a Comment