Monday, January 18, 2016

Бэсүдэй овогт Намсрайн Нагаанбуу ахдаа

Тэнгэрийн хүү, анд, хорвоогийн багш, ах та минь тэнгэртээ буцаад 21 хонолоо. Энэ цагийнхний ойлголт, төсөөллөөр түүхч, гүн ухаанч, зохиолч, зурхайч хүн шиг янз янзаар харагдаж үнэлэгддэг ч Угтай (эцгийн ясаараа), Удамтай (эхийн цусаараа), Угсаатай (биеийн болон оюун санааны удамшлаараа) олны төлөө сэтгэлээ чилээсэн ЦАГААН ЯСТАН, түмний төлөө санаа тавьдаг ЯЗГУУРТАН, төрийн үйлд амиа үл хайрлан зүтгэдэг АЛТАН УРГИЙН хөвүүн билээ. Монголчуудын аминаас аминд амьд ёс зүйгээр удамшдаг хүн ухаан, онцгой оноолттой нэгнийх нь тайлж, буулгадаг язгуур гүн ухаан, тодорхой цаг хугацаа орон зайд зориулж онож хэрэгжих онол - эши болгон гурамсан холбоо, сэтгэлгээгээр буулгаж, тайлж тайлбарласан бүтээлүүд тань дээрх үнэлэлт дүгнэлтийг тэдэнд төрүүлдэг байх.
Мөнхгалын, тэнгэр шүтлэгт Монгол та дээд 99-н тэнгэрийнхээ төгс биежилт, амьд ухаан эрдэм байсан төдийгүй үүнийгээ бидэндээ болон хүн төрөлхтөнд цагаан дээр хараар, цаасан дээр үгээр буулган тайлбарлаж, таниулсан их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч, сэцэн билээ.
Миний хувьд та өндөр удмын мэдээлэлтэй түүнийгээ Нагаанбуу хэмээх нэртэй амь болон амьдрагч биен дээрээ төгс төгөлдөржүүлж, өвөг дээдсийнхээ захиасыг биелүүлсэн, удмаа баталж, бөхлөсөн, Монгол ухаан, эрдмийн багш, хүндэт ах минь билээ.

Өнөөдөр Монголчууд бид
-Монголоосоо – Монголоо хайцгааж байна.
-Монголоосоо – Монголоо олцгоож байна.
-Монголдоо – Монголоо дэлгэрүүлж, түгээцгээж байна.
Ийм ч учраас бид хоёр ерөөлөөр учирцгаасан.
Ингээд цаашаа өнөө цагийн Монголчууддаа арай ойлгомжтой, хялбаршуулсан байдлаар Нагаанбуу ахынхаа бүтээлүүдээс товч утга, яаж бид ухаарч ойлгож, амьдрал ахуйдаа хэрэглэх тухай өөрийн ухаарч, ойлгосноор тайлбарлаж илэрхийлэхийг оролдоё:
Жишээ болгон – Монголчуудын тэнгэр шүтлэгт дурдагддаг 99 тэнгэр хэмээх ойлголтыг авая.
Уг нь бол өвөг дээдсээ шүтдэг, тэднийхээ амьд сэрүүн үргэлжлэл нь өөрийгөө гэж мэддэг, тэднээс нь өвлөгдөж, удамшиж ирсэн оюун ухаан, ой санамжаа тэнгэр хэмээн нэрлэдэг язгуур монголчуудын хувьд мэдээж  миний энэ оролдлого илүүц тул хүлцэл өчих нь зүйтэй.
Саяхан үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн төсөл өргөн баригдаж хэвлэл мэдээллээр цацагдаж, олны дунд яригдаж хэлэлцэгдэх үед их хурлын 76 гишүүдийн тоог 99 болгохоор төсөлд тусгагдсан нь маргаан үүсгэснийг бүгд анзаарсан байх. Энд нэг талаас ядарч, ядуурч, доройтсон олон түмний төрдөө гомдсон бухимдал. 76-н газрын гавын гайг 99 болгож яахын гэх төөрөгдөл, түүнд нь тааруулж оноо авах гэсэн бэртэгчингүүдийн тоглолт, нөгөө талаас өнөөдөр дэлхийд байгаа парламентын засаглалтай орнуудын гишүүд хэдэн сонгогч төлөөлдөг болох тухай, тэр жишгээр бол манайд харин ч 130-аад их хурлын гишүүд байхаас бид ард түмэн та нараа бодоод 76 ба 130 гишүүн гэсэн 2 хязгаарын дундаж 99 гэсэн тоог төсөлд тусгасан гэх түмний дургүйцлийг улам дэвэргэсэн тулгалт тайлбар. Бүр эмгэнэлтэй нь Үндсэн хуулийн шинэчилсэн төслийг боловсруулсан УИХ-н арваад гишүүдтэй ажлын хэсгийг ахласан Нямжавын Батбаяр гишүүнтэй холбон гал тахьдаг, тэнгэр мэнгэр, элэнц хуланц, диван галавын ямар ч хэрэггүй болсон бөөгийн 99 тэнгэрийг сэргээх гэлээ гэх Монголын иргэний үнэмлэхтэй харь цустнуудын, Монголоо алдагсдын доромжлол. Гэтэл бодот байдалдаа үеийн үед Монголчууд хүчирхэг байх үедээ мөрдөж байсан төрийн тогтолцоон дахь Их Хуралдайн ноёдын тоо 95 - 99 байсан нь түүхэн баримт.

Яагаад бид 99-н тоог бэлгэдэж хувь бие хүн төдийгүй төр улсынхаа бүтцэд ёсчлон даган мөрдөж ирэв?

Нагаанбуу ахын бүх бүтээлд ямар нэг байдлаар Монголчуудын өвөг дээдсээ шүтдэг, тэнгэр шүтлэгийн гол ухагдахуун болох тухайн хүн бүр дээд 99 үе өвөг дээдсийнхээ амьд үргэлжлэл, удамшил байдаг гэдгийг уншсан хэнбугай ч ухаарахаар тайлбарласан байдаг. Тухайлбал “Итгэхүйн Ухаан” номныхоо 174-175-р хуудсанд :
“Монголын бөө мөргөлд тэнгэрийн тухай хамгийн олонлог ухагдахуун нь 99 тэнгэрийн ойлголт. Энд үүсэл сэдлийн түүхийн талаар ярилцах боломжгүй Мөнх тэнгэр, ялангуяа 99 тэнгэрийн ухагдахуун яагаад үндэстэн угсаатны хэмжээнд өргөн даяар итгэгдэн шүтэгдэх болсон учир шалтгааны талаар товч үгүүлсү.
Мөнх тэнгэр бодот байдал. Энэ бодот байдлыг мөнх утгаар нь хийсвэрлэж хаадын болон өмнөх бүхий л үеийн өвөг дээдсийн гарал заяатай домогшуулан холбосон, “одоо” тулгарсан үүрэг – ирээдүй цагийн үнэн гаргалгаанд хүргэх шаардлага “Мөнх тэнгэр” онол” юм.
Бүр 99 тэнгэр гэх нь цаад утгаараа өвөг дээд удам ухагдахууны тэмдэг бэлгэдэл бөгөөд түүний зураг зураахай нь (Зурхай – зураг ухагдахуун. Түүнийг үйлдэн шинжихүй нь зураахай. Бас хурдан морины гарааг зураахай гэмүй) хүний алганд байдаг гэнэ. Хүн арван хуруутай бөгөөд түүнд бүрэн 55 цагаан тэнгэр агуулагддаг гэх ба энэ нь 1-10 хүртэл тооны нийлбэр 55 байдаг. Энэ нь эхээс заяасан бүрэн заяа бөгөөд хар тэнгэрс нь тэднээс эхлэл буюу 1, төгсгөл буюу 10 дутуу тул 44 хар тэнгэр болдог нь эр буюу эцэг тэнгэрс аж.
Нэгэнт тэнгэрийг эцэгтэй адил алс хязгааргүй бас ч хатуу зөөлөнтэй дүрслэсэн, газрыг өсөн төлжих тэжээн тэтгэх халамжаар дээдлэсэн энэ тоо нь эхийн талын 55 удам эцгийн талын 44 үеийн удамшил (гени) “Би”-д хадгалагдаж байдаг гэсэн онол болжээ”.
176-р хуудсанд :
“Гэтэл анх төрөх, энх амьдрах, мөнх удамших үзэгдэл нь үнэндээ зуурдын хэсэгхэн хугацаа тул 9 тэнгэрийн хүлээцтэй, харин амьд байх энх амьдрахуй нь урт насаар хэмжигдэх тул 81-ийн бэлгэдэлтэй гэж хамгийн том найр ой 81-ний найр байдаг байжээ. Энэ тохиолдлоор 81 овог аймаг, 81 унь гэх мэт харилцан шүтэлцээтэй тоон бэлгэдлүүд олон бий. Энэ нь 9+81+9=99 тэнгэрийн гаргалгаа бөгөөд бас 55+44=99, 3x33=99,33+33+33=99 гэх мэт тоон бэлгэдлийн олон үйлдлээр тайлбарладаг.”

177-р хуудсанд :
“Гэхдээ энэ тэнгэрүүд нь угтаа хүний тархи толгойд удамшин хадгалагдсан 55+44=99 удам угсааны ой ухааны амин санаа эрдмийн хадгаламж болно”.
Иймд уншиж, ухаарч амжаагүй хүмүүст зориулж товч тайлбарлая. Үүнийг уншигч та болон үл уншигч хэнбугай ч, аль нэг намын гишүүн байхаас үл хамааран, тэр байтугай нигер, нангиад, англо сакс гарлаасаа ч үл хамааран ямар ч хүн өөрийг нь үүсгэж, бүтээсэн эцэг эх хоёроосоо генийн хувьд бие нь ижил төстэй удамших төдийгүй оюун санаа нь ч бас удамшдаг. Дэлхий дээрх бүх амьд зүйл хэлбэр ба ухамсраараа удамшдагтай адил. Яргуй яргуйгаараа, чоно чоноороо, ялаа ялаагаараа удамшдаг шиг. Өвөг дээдэс маань ертөнцийн энэ хууль, хорвоогийн жам зүйг сайн мэдэх тул үр хойчис бидэндээ шүтээн болгон дээдлэж хүнээрээ, монголоороо байгаасай хэмээн захиж, сатаарч самуурч осолдохвий гэх захиас нь өнөөдрийн хэлбэржсэн ёслол маягаар харагдаж, ойлгогдож буй бөө мөргөлийн зан үйлийн тайлга, тахилга дах 99 тэнгэрийн дуудлага. Бодот байдалдаа уул нь маш энгийн зүйл шүү дээ энэ 99 тэнгэр. Үүнийг бичигч Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие эсвэл үүнийг уншиж буй та бид бүгд эцэг (яс) талаасаа дээд 44 үеийн, эх (цус) талаасаа дээд 55 үеийн мэдээллүүдийг авсан эцэг 44 + эх 55 = 99 үеийн мэдээллийг агуулагч + 1 тухайн амь = 100 тэнгэр болон төгөлдөржсөн бодгал. Ямар нэг хүний сэтгэл түүний илрэл болох ааш араншин, үйлдэл зэрэг нь тухайн тохиолдолд илэрч буй уг хүний 99 тэнгэр буюу 99 өвөг дээдсийн хэн нэгнийх нь удамшсан оюун санаа (ой санамж) гадагшилж буй хэлбэр юм. Ийм ч учраас муу юм бүү бод, хэл, үйлд гэх сургаал захиасууд, харааж биш ерөөж амьдрах ёс зүй нь дээд удмын 44 ба 55 үе дотроосоо мууг нь өөр дээрээ бүү амьлуулаасай гэх гүн ухаан юм. УИХ-н гишүүн бүр өөрийнхөө дээд 99 үеээсээ сайныг нь амьлуулаасай, 99 УИХ-н гишүүн бүгд төрөө зөв амьлуулаасай гэж бэлэгдэх нь Монгол төрийн уламжлал сэргэж, төрийн хар хайрцаг (удамшсан хар толгойнууд) амин чанартаа шилжиж эвлэлдэж эелэлдэх ирээдүй тул та бүхэн минь зөвөөр ухаарцгаана уу.

Жич : Одоогийн УИХ-н гишүүдийн тоо 76 байгаа нь дордохын долоогоос чөтгөрийн зургааруу буулгасан санаатай харийнханы шургуулсан биднийг хооронд нь тэрсэлдүүлсэн муу ёрын тоо гэдгийг шинж тэмдэг, дохионы онол гадарладаг бүх хүн мэддэг болно. Үргэлжлэл бий.

Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү

No comments:

Post a Comment