Thursday, August 2, 2012

Хувилай хааны мөрөөр Япон улсад

Монголын баримтат киноны хэсэг уран бүтээлчид Япон улсад ажиллаж байна. Тэд Юань гүрний арми Япон улсыг довтолсон тухай түүхэн баримтат кино бүтээх төслийн урьдчилсан судалгааны ажлыг гүйцэтгэх зорилгоор энэ аялалыг зохион байгуулжээ.

“Хувилай хаан Японыг дайлаар мордсон тухай” гэсэн ажлын нэртэй энэ төслийг Монголын Шинжлэх Ухааны Хялбаршуулсан Баримтат Кино Бүтээгчдийн Нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа бөгөөд аялалын баг Япон улсын төв болон өмнөд нутгаар нийт 20 шахам  арал, хот, тосгон, нутгаар аялж монголчуудын довтолгоонтой холбоотой 30 гаруй түүхийн дурсгалт газар орон, хөшөө дурсгалтай танилцаж, судалгааны ажил хийсэн байна.

Тухайлбал, монголчууд Японы гол арлуудад хамгийн ойрхон дөхөж довтолгоноо эхлүүлсэн Ики арал, гол тулалдаанууд өрнөж байсан Хакатагийн булан, Монголын флот далайн шургаанд сүйрсэн Такашима арал, Хувилайн сүүлчийн буюу 5 дахь элчийг цаазалсан Камакура хот зэрэг гол гол түүхэн газруудыг судалгааны аялалд хамруулжээ.

Уран бүтээлчид 2011 онд олдсон монголын байлдааны хөлөг онгоцны үлдэгдэл, монгол цэргийн булш, довтолгоонтой холбоотой эд зүйлийг хадгалж байгаа түүхийн музей зэрэг олон газарт зочилж, уламжлалт түүхийн баримт сэлтийг баталгаажуулахын зэрэгцээ нутгийн ард иргэдтэй уулзаж, тэдний ой той, аман уламжлалаар өвлөгдсөн олон сонирхолтой баримт, мэдээг цуглуулсан байна. Төсийн багийнхан мөн тулаанд үрэгдсэн хоёр талын дайчид, аррд иргэдийн дурсгалыг хүндэтгэн ёслол үйлдэж явжээ.

“Бид дэлхийн өөр хаана ч монголчуудын байлдан дагуулалтай холбоотой ийм цогц баримт, эдд өлөгтэй тааралдахгүй болов уу. Түүхийг, ялангуяа, дайсантайгаа холбоотой түүхийг эрхэмлэн хадгалж, баримт сэлтийг үр хойчдоо үлдээж чадсан японы ард түмнийг үнэхээр биширмээр байна. Мөн аялалын явцад гүн дэмжлэг үзүүлж, чин сэтгэлээсээ тусалсан бүх япон хүмүүс, Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд гүн талархал илэрхийлэе” гэж киноны уран бүтээлчид ярьж байна.

Баримтат киноны ерөнхий продюсерээр Төрийн соёрхолт   жүжигчин Д.Сосорбарам, ерөнхий найруулагчаар Б.Бадрал, ерөнхий зураглаачаар Г.Жамсран нар ажиллаж байгаа бөгөөд судалгаа, шинжилгээний урьдчилсан шат дууссаны дараа, 2013 онд зураг авалт эхлэх юм байна. Юань гүрний арми 1274, 1281 онд хоер удаа Япон улсыг довтолсон юм. Эхний довтолгоонд 900 хөлөг онгоц бүхий 25 мянган цэрэг, хоер дах довтолгоонд 3000 хөлөг, 140 мянган цэрэг оролцож тэдний ихэнхи тухай бүрд тохиосон далайн хар шуурганд өртөн сүйрсэн билээ. “Монголын түүхийн энэхүү адармаатай, тэр болгон нийтийн хүртээл болоогүй хуудсын талаар монголын үзэгчдэд тодорхой ойлголт өгөх нь хамгийн гол зорилго” гэж төслийн багийнхан онцолж байна.

Т.МАШАa

No comments:

Post a Comment