Tuesday, August 7, 2012

Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот

Өчигдөр шөнөжингөө хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ.

Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ.

Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана.

Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана ………

Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн шалтгааныг археологийн олдвор, түүхэн баримт сэлтийг үндэслэн шинжлэх ухааны талаас нотлон харуулахыг зорьсон баримтат бүтээл байсан юм. Баримтат киног үзэж дуусангуут араас нь яагаад ч юм дээрх зураглал толгойд эргэлдээд салахгүй байлаа. Хувилай хааны хүчирхэг усан флот далайн хар салхинд сүйдсэний дараагаар түүхэн сурвалж бичгүүдэд амьд үлдсэн гэмээн тэмдэглэгдсэн Монгол цэргүүдийн хувь заяа хэрхсэн бол гэж бодохоор болдогсон бол эргүүлэн лавшируулан судалж үзмээр санагдаж байсан юм.

Хэдийгээр энэ мэт олон асуулт эргэлдэж байсан ч үзсэн киноныхоо хүрээнд киноны уран бүтээлчид, археологчид, түүхчдийн дэлгэн харуулсан баримт нотолгоо болон интернэтэд тавигдсан бусад судалгааны нийтлэлүүдийг бага сагаар уншиж, сониучирхасан асуулт бүртээ хариулт өгөхийг оролдсоноо та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Олон олон түүхэн баримт бичиг, зохиол туурвилаас Хувилай хааны байгуулсан хүчирхэг Юань гүрэн, Японыг эзлэхээр хоёр ч удаа оролдлого хийн харамсалтайгаар төгссөн эмнэлэгт түүхийг бид мэдэх болсон. Харин уг баримтат киноны бусдаас ялгарах онцлог нь Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн тэнгисийн хар салхи Япончуудын хараал хийсний үр дүнд дэгдсэн үү эсвэл усан флотын далайд гарсан он цаг хугацаа, газар нь үнэхээр байгалийн аймшигт үзэгдэлтэй нэгэн мөчид таарсан азгүйтэл байв уу гэдгийг шинжлэх ухааны талаас тайлбарлахыг оролдсон Японы археологчид, түүхч эрдэмтэдийн баримт, олдворууд байлаа.

НАМАЙГ ХОРГООХ НЭГДЭХ АСУУЛТ: Хувилай хааны гайхамшигт усан флотыг харанхуй ёроолд живүүлсэн хар салхи хэрхэн дэгдэв?

Өнөөдрийг хүртэл Kamikaze /divine wind/ гэх далайн хар салхины тухай Японы ард түмний дунд яригддаг нэгэн домог бий. Японы арлыг эзлэн түрэмгийлэх атгаг санааг агуулсан басхүү ард түмнийг зовлон гасланд унагахыг оролдох гадны хар хүчээс аварч байдаг нэгэн далдын ид шид байдаг нь тэнгисийн догшин хар салхи юм. Өөрөөр хэлбэл Японы арлуудыг эзлэн түрэмгийлэхээр далай тэнгисийг гатлан ирэгч хэн бүхэн эх газарт мөр гаргах хувьгүйгээр тэнгисийн харанхуй ёроолд үүрд нойрсох болно гэсэн домог яриа юм.

Тиймээс Японы ард түмний итгэж буйгаар Хувилайн хүчирхэг флотыг сүйрэлд хүргэсэн цорын ганц шалтгаан бол Kamikaze-гийн домгоор биелэлээ олсон далайн хар салхи юм.

Усан доорх Археологийн Олдворыг Судлах Окинава Нийгэмлэгийн археологч, түүхч эрдэмтэн Кензо Хаяашида, ард түмний дунд яригдах энэхүү домгыг дурьдаад, үхлийн хар салхи дэгдсэн тэрхүү цаг хугацаа нь Хувилай хааны хүчирхэг усан цэргийн флот Япон руу халдан довтолсон он цагтай давхцсан байж болох уу гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахыг оролдлоо.

Түүхэн баримт НЭГ: 900 гаруй усан онгоц хөлөглөсөн 25 мянга гаруй цэрэг бүхий Хувилайн хааны анхны флот 1274 оны намар буюу 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас, Японыг эзлэхээр хөдөлсөн байна. Энэ бол Хувилай хааны Япон руу хийсэн анхны аян дайн байлаа. Ингээд 10 сард Цюсима аралд хүрч хэдэн өдрийн ширүүн тулааны дараа тус арлыг эзлэн авчээ. Цаашлаад Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Хэрэг бишдэж эхлэж буйг ойлгож, хүчирхэг дайчин эрсээс айн бэмбэгнэсэн Япончууд цэргийн хүчээ чангатгаж эхлэв.

Харин Япончуудын аз болоход 10 сарын сүүл буюу 20-ны орой далайн хүчит хар салхи дэгдэж Монголын усан флотын талаас илүүг далайн ёроолд живүүллээ. Монгол цэргийн сүр хүчээс сүнсээ зайлтал айсан Япончууд хар салхи дэгдээх хараалын ном уншиж байсантай холбоотой гэж бичиж үлдээсэн нь их байдаг.

Үнэхээр хараалын домтой холбоотой гэж үү?

Тэгвэл баримтат кинон дээр гарах шинжлэх ухааны тайлбарыг эргэн харий.

Баримтат кинон дээр далайн хар салхи судлалаар дэлхийд нэрд гарсан судлаач эрдэмтэн Жулиан Хемин хар салхины талаар шинжлэх ухааны тайлбар өгнө.

7 дугаар сараас 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудын эрэг орчмоор далайн хар салхи хамгийн ихээр идэвжиж дэгддэг болохыг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бичвэрүүдээс харж болохыг эрдэмтэн хэллээ.

Киног үзсэний дараа “typhoon” гээд гүүгэлдлээ. Үнэхээр л олон жилийн дунджаас харахад 7-11 сарын хооронд хар салхи хамгийн идэвхитэй мөнхүү далайн хар салхины хүч хамгийн өндөр байдаг нь харагдсан. /Дараах хүснэгт/

Тэгвэл Монголын усан флотын дайралт идэвхитэй хийгдэж байсан гол арал болох Такашимагийн эрэг орчмоор хамгийн сүүлд хэзээ хар салхи дэгдсэнийг харий.
2003 оны 9-р сард Японы Такашима арлаар хүчтэй хар салхи дэгдэж байжээ. Мөн түүнчлэн Японд асар их хохиролыг авчирч байсан хүчит хар салхи болсон он дарааллыг харахад 7-11 сарын хооронд Японы зүүн өмнөд хэсгээр гол голомт нь дэгдэж баруун хойшоо таран хар салхины хүч сулардаг байна. Эндээс харахад магадгүй Хувилай хааны хоёр ч удаагийн усан флот түүхэнд хамгийн том хамгийн хүчирхэг гэж тэмдэглэгдэн үлдсэнтэйгээ адилхан хамгийн азгүйн байж болох юм.

Тэгвэл Хувилай хааны илгээсэн эхний усан цэргийн флот 10 сарын 20-нд Такашима арлын ойролцоо живсэн бол хоёр дахь флот нь далайн хар салхинд хэзээ өртсөн байх вэ?

Түүхэн баримт ХОЁР: Эхний илгээсэн усан флотын тэн хагас нь далайн хар салхинд сүйрсэн тухай мэдээ авсаны дараа Хувилай хаан их сэтгэлээр унасан гэх боловч Японыг эзлэх төлөвлөгөөнөөсөө няцаахгүй байдаг. Түүний үнэнч шадарлагч туслахууд 7н жилийн турш судалгаа хийж өмнөх усан флотоосоо илүү хүчирхэг ангийг бэлтгэжээ. Энэ бол дэлхийн далай тэнгисийн усан цэргийн түүхэнд хамгийн хүчирхэг нүсэр гэж тэмдэглэгдсэн 4000 гаруй байлдааны хөлөг онгоц, 250 мянга гаруй цэргийг нэгтгэсэн асар том тэнгисийн анги байлаа.

Ингээд 1281 оны 6 сард Хувилай хааны 2 дахь хүчирхэг усан флот Японы Цюсима арал дээр хөл тавьсан байна. Хувилай хааны илгээсэн хоёр дахь усан флот дайралтаа Цюсима, Хиродо, Хаката (одоо Фукуока) болон Такашима арлуудаар хүчтэй хийж байжээ.

Ингээд Монгол цэргийн дайралт 6-р сараас 8-р сарын хооронд тасралтгүй үргэлжилж харамсалтай нь 8-р сарын 2-нд мөн л далайн хар шуурганд өртөж гол хүчээ алдан сүйрчээ. Монгол цэргийн дайралт идэвхитэй хийгдэж байсан гэх дээрх нэр бүхий арлууд нь Японы зүүн өмнөд хэсгийн арлууд бөгөөд өөрөөр хэлбэл хар салхи судлаач эрдэмтэний хэлснээр хар салхи үүсдэг голомт бүс нутаг гэсэн үг юм. Ингээд хоёр дахь усан флот мөн л хар салхи идэвхитэй дэгддэг сарууд болох 7-11-р сар гэж үзвэл Хувилай хааны хоёр дахь усан флот 8 сард далайн хар шуурганд өртсөн байгаа юм.

ДҮГНЭЛТ: Магадгүй энэ бүгдээс харахад Япончууд Хувилай хааны сүр хүчит флотоос айн, хар салхи дэгдээх divine wind буюу Kamikaze хар домыг хийж байсан байж болох ч шинжлэх ухаан талаас нь харахад Монголын усан цэрэгт яалт ч үгүй азгүйтэл таарсан байж болох талтай.

Монголын усан цэрэг ийнхүү хар салхинд өртөж сүйрсний дараагаас Kamikaze –гийн хар домд итгэх итгэл Япончуудын дунд улам хүчээ авч өнөөдрийг хүртэл энэ үзэл нь хүчтэй хадгалагдсаар ирсэн байж болох талтай. Гэхдээ үзэгч миний өнцгөөс харахад энэ бол азгүйтэл бөгөөд Монголын усан цэрэг сүйрсний дараагаас улам хүчээ аван итгэгдсэн домог болов уу гэж бодно.

Магадгүй шинжлэх ухааныг үгүйсгэх бас нэг дүгнэлт байж болох талтай. Өөрөөр хэлбэл та бидний мэдэх “Secret” киноны онол, итгэл бишрэлийн хуулиар харахад шүү дээ.

Хувилай хааны усан цэргийн сүр хүчээс айсан Японы эрх баригчид, ард түмэн болон цэргүүд далайн хар шуурга үүсгэх хар домын хараалыг маш хүчтэй хийсний улмаас хар салхи үүссэн байж болно. Тэрхүү олон мянган хүний хүсэл айдсаар дүүрсэн хар дом нь биелэлээ олж, улам цаашлаад Хувилай хааны флотыг сүйрүүлсэн хар салхи үүсэх он цаг сар, болон газрууд нь яг тэр чигтээ тогтсон байх талтай ч юм уу.

Ингээд өөрсдийнхөн хийсэн хараалаар Японы ард түмэнд асар их хохирол уй гашууг авчирсан олон олон хар салхиуд 7-р сараас11-ны сарын хооронд болж мөнхүү Монгол цэргийн дайралт идэвхитэй явагдаж байсан тэрхүү арлуудын ойр орчим нь далайн хар салхи гарах голомт болон тогтсон ч юм билүү. /Монгол цэргийн дайралт хийж байсан аралууд/
Тэгээд бодоод байхад “Secret”-ээс үүссэн хар салхи анхдагч уу, шинжлэх ухаан анхдагч уу гээд эргэлзээ надад бас л төрчихлөө.

Сүүлд нь нэмж хэлэхэд Хувилай хааны усан флотыг сүйрүүлсэн Kamikaze гэх нэр Японы тэнгисийн цэргийн үхлийн цохилт буюу Японы тэнгисийн армийн сүр хүчийг илтгэх үг болсон байна лээ. Японы Kamikaze-гийн тэнгисийн армийн сүр хүчийг илтгэсэн үхлийн цохилт нь та бүхний мэдэх Сувдан эрэг кинон дээр гарах тэрхүү ажиллагаа юм.

НАМАЙГ ХОРГООХ ХОЁР ДАХЬ АСУУЛТ: : Хар салхинаас хэн, яаж амьд гарав?

“Хувилайн сүйдсэн флот” баримтат кинон дээр ч, түүхэн эх сурвалжууд дээр ч тэнгисийн хар салхинаас амьд гарсан Монгол цэргүүд Японы гүн рүү дайтаж явсан тухай өгүүлнэ.

Тэгвэл Япончуудын далдын хар хүчээр дэгдээсэн байж болох тэрхүү хар салхинаас ямархан тэнгэрлэг хүч Монгол цэргүүдийг авч гарсан бол?

“Хувилайн сүйдсэн флот” кинон дээр гарч буй Японы эрдэмтэн Кензо Хаяашида 15 жилийн турш далайн тэнгисийн олдвор дээр судалгаа хийсэн арвин туршлагатай эрдэмтэн юм. Тэрбээр энэ хугацаанд Хакада болон Такашима арлуудын эрэг орчмын далайн гүнээс олдсон, усан онгоцны 500 гаруй модон эд ангийг судалж үзэхэд нэгэн сонирхолтой баримт олдсон байна.

Хувилай хаан хоёр дахь усан флотоо 4000 мянга гаруй хөлөг онгоц байхаар тооцож тэрхүү хөлөг онгоцуудыг нэг жилийн дотор барьж дуусгах зарлигийг шадар жанжинууддаа буулгажээ. Далай тэнгисийн байлдааны зориулалттай хөлөг онгоц бүтээхэд тухайн үедээ хөлөг онгоц хийх технологоо гайхуулж байсан дундад улсын уран дархачууд, солонгосын хөлөг онгоц хийдэг ажилчид гардан ажиллаж харин монгол жанжид зөвхөн хянан шалгах үүрэг гүйцэтгэж байв.

Нэг жилийн дотор 4000 гаруй далай тэнгисийн байлдааны хөлөг онгоцыг бүгдийг дуусгаж чадсан болов уу?

Кензо Хаяашидагийн судалгааны багийхан улаан лакаар дурайтал бичсэн Хятад ханз үсэг бүхий хөлөг онгоцны үйрч бутарсан мод олжээ. Энэ нь Chinese inspection government /Хятадын хянан шалгах хороо гэх үү дээ/ гэсэн утга бүхий ханз байлаа. 13-р зуунд тус хороо нь Дундад иргэн улсад хийсэн гол мөрний хавтгай ёроолтой завийн чанар стандартыг шалгах, хянан зохицуулах үүрэг бүхий газар байсныг түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангасан гол мөрөнд гарч болох хөлөг онгоц дээр баталгаа болгон энэхүү тамгыг дардаг байжээ. Энэ бүхнээс харахад Хувилай хааны 4000 гаруйн хөлөг онгоцонд далай тэнгисийн хүчит давалгаанд үл тэсэх, байлдааны бус зориулалттай хөлөг онгоц байсан гэсэн үг юм.

Тэнгисийн цэргийн түүхчид судлаачдын үзэж байгаагаар 13-р зууны технологоор 4000 гаруй байлдааны зориулалт бүхий, чанартай далай тэнгисийн хөлөг онгоцыг бүтээхэд дор хаяж 2-3н жил хэрэгтэй гэнэ.

Иймээс магадгүй тухайн үед Хувилай хааны жанжинууд хөлгийн тоог гүйцэхийн тулд гол мөрний хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар тоноглож флотонд нийлүүлсэн байх магадлалтай байна.

Энгийн эдгээр онгоц нь далайн хар салхины эхний хүчтэй давалгаанд нь зомгол болон үйрсэн нь дамжиггүй юм.

Тэгвэл далай тэнгисийн бусад хөлөг онгоцонд юу тохиолдсон бол? Зориулалтын, чанартай хөлөг онгоцууд хэдийг хүртэл тэсэж чадах байсан вэ?

Кензогийн багийхан далайн харанхуй ёроолд 700 гаруй жил нуугдсан бас нэгэн нууцийг ил болгох олдвор олжээ. Энэ нь далай тэнгисийн хөлөг онгоцын бат бөх чанарын амин сүнс болсон мөнхүү тэнцвэр хадгалагч тэнхлэгийн тулгуур модны үлдэгдэл юм. Тус тэнхлэг модыг шинжилэхэд чанарын шаардлага хангахааргүйгээр хийгдсэн байжээ.

Далай тэнгисийн хөлөг онгоцын хамгийн гол хэсгийг яагаад ингэж хайнга стандартын бус хийсэн байж болох уу?

Хятадын өнцөг булан бүрээс авчирсан хамгийн сайн уран дархадаар хөлөн онгоц хийх ажлыг гүйцэтгүүлж байсан гэж дээр дурьдсан. Хэдийгээр Хувилай хаан ойрын шадар туслахуудаа тухайн улсын албатаар бүрдүүлж тэд ч Хувилай хаанд үнэнч зүтгэж байсан хэдий ч энгийн ард иргэд эх орныг нь эзлэн түрэмгийлсэн харийн хаанд таагүй хандаж байсан байдаг. Хятадын түүхэн олон сурвалж бичгүүдэд энгийн ардын гаргаж байсан бослого тэмцэлийг тэмдэглэн үлдээсэн нь олон. Иймээс зориудаар энэхүү үйлдлийг хийсэн байж болох юм гэсэн таамгийг олдвор дээр хийсэн шинжилгээн дээр үндэслэн Кензогийн багийхан гаргажээ.

Иймээс чанаргүй угсарсан тэнхлэгтэй хөлөг онгоц болон гол мөрний зориулалттай хавтгай ёроолтой хөлөг онгоцууд хамгийн түрүүнд далайн ёроолд живэхэд хүрсэн бизээ.

Мэдээж асуулт хэзээд үлддэг. Үүнтэй адил аймшигт хар салхинаас амьд үлдсэн Арахаан тэргүүтэй Монгол дайчдын /зарим эх сурвалжид Монгол жанжин Арахааныг Шар тэнгисийн орчим таалал төгссөн гэдэг бол энэ баримтат кинон дээр Арахааныг тэр шуурганаас амьд үлдсэн гэж хэлж байлаа/ хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэж, тэднийг чухам ямархан хатуу ширүүн тавилан хүлээж байсныг тэнгэр мэдэх бизээ. Магадгүй энэ бүгдийн нууцыг бидэнд хэлэх баримт олдворууд ар араасаа олдох ч биз.

2003 онд Японы Нагасаки мужийн хотын Арайке тэнгисийн /Ariake sea/ эрэг орчмоос Хувилай хааны үеийн нэгэн газрын зураг олджээ. Энэхүү газрын зураг нь Японыг эзлэхээр ирсэн Монгол цэргүүдийн хэрэглэж байсан газрын зураг болох нь олон талаар батлагддаг.

Газрын зураг олдсон Арайке тэнгис /Ariake sea/ нь Хувилай хааны усан флотын гол дайралтаа хийж эцэст сүүлд нь далайн хар салхинд сүйрсэн Хакашима арлаас баруун урагшаа буюу Японы өмнөд зүгийн гол газрын нэг юм.

Тэгэхээр хар салхинаас амьд үлдсэн Монгол цэргүүд Японы дотор газар руу бага багаар нэвтрэн орж байсны баримт нь энэхүү газрын зураг бизээ.

Заа ингээд бичлэг минь дуусаж байна.

Хэрэв Хувилай хааны хүчирэг усан флот дайралт хийсэн тэрхүү цаг хугацаатай хар салхины идэхижилтийн үе таараагүй бол /мэдээж одоогийн батлаж буй шинжлэх ухаан талаасаа/ Монгол цэргүүд Японыг төвөггүйхэн эзлэн улмаар дэлхийн түүх ямархан байдалтай бичигдэх байсан болоо гэдэг асуулт ахиад л ургаад явчихлаа. Магадгүй өнөөдөр хил хязгааргүй олон улс орныг Монгол гэдэг ганцхан нэрээр хаяглах байсан ч юм билүү хэн мэдэхэв.

Холбоотой зураг, олдворууд:
Археологч, судлаач эрдэмтэн Кензо Хаяашида

Жич: Киноноос үүдсэн асуултандаа хариулт өгөхийг оролдлоо. Түүхч биш учраас зөрүүтэй зүйл байж болзошгүй юм. Ямартай ч дараах материалуудыг харж үндэслэн бичсэн болно.
Ашигласан материал:
  1. “Khubilia’s lost fleet” documentary film5 http://www.dsgtv.mn/index.php//home/post/1201
  2. Б.Номинчимэд, “Шулмын салхи буюу Хувилайн сүйдсэн флот: http://greathistory.blogspot.com/2007/08/blog-post.html
  3. Ш.Баатар: “Хувилайн эзэнт гүрэн”: http://shbaatar.blogspot.com/
  4. “Empire of Khubilia Khan” documentary film by NHK TV
  5. Worst typhoon history in Japan: http://tornadoeshurricanes.suite101.com/article.cfm/super_typhoon_vera_1959
  6. Tropical and pacific typhoon: http://en.wikipedia.org/wiki/Pacific_typhoon
  7. Shoddy ships sank invasion of Japan: http://nautarch.tamu.edu/shiplab/randall/Upgrade2005/New Scientist.htm
  8. Archeology of Kamikaze: http://nautarch.tamu.edu/shiplab/randall/Randall Index 002.htm
  9. Mongolian Great History book by B.A.Hopkins
  10. Google map

No comments:

Post a Comment