Friday, May 13, 2011

МОНГОЛЫН БУРХНЫ ШАШНЫ СЭРГЭЛТ 2011 оны 5 сарын 11

/ Ололт, алдаа /

100 жилийн өмнө Монгол орон буддын 1250 сүм хийдтэй, 100 000 лам хуврагтай, хэдэн сая буддын боть судруудтай, ард түмнээрээ буддын шашныг шүтдэг, нийгэмд нь гэмт хэрэг, нүгэл гардаггүй, энхжингийн ариун орон байлаа. Гэвч 1921 онд Монголд буруу номтнуудын улаан хувьсгал гарч, дөнгөж шинээр байгуулагдсан ардын намынхан оросын большевик улаантнуудтай хүч хавсарч, нийслэлээс зугатан ирж Хиагтад бүгсэн гамин цэргийн бутцохив. Дараа нь монголын нийслэлийг хятадын гамин цэргүүдээс чөлөөлсөн, Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн, Богд гэгээнийг хаан ширээнд нь залсан гавьяатай Барон фон Унгерн-Штернбергийн армийг ардын намынхан болон большевик улаан арми хүч хавсран бутцохиж, ямар ч хамгаалалтгүй байсан нийслэл Хүрээг эзлэв. Ийнхүү ардын намынхан Богд хаант Монгол улсын хууль ёсны Засгийн газрыг зэвсгийн хүчээр түлхэн унагаж, хязгааргүй эрхт улаантан коммунистуудын харгис засаг Монголд тогтсон түүхтэй.

Хорьдугаар зууны Монголд коммунистууд 1932 онд “Бурхны шашин,монгол төрөө жинхэнээр нь мандуулья” хэмээн бослого гаргасан олон мянган ардуудыг танк,нисэх онгоц хэрэглэн олноор нь хөнөөж, 1937 онд 40 000 монгол хүнийг “японы тагнуул,хувьсгалын эсэргүү” хэмээн хилсээр ял тулгаж цаазаар хороож, 100 000 лам хуврагийг “ хувьсгалын эсэргүү”, “шар феодал,” хэмээн занан зүхэж амь насыг нь хөнөөж, цөлж, шоронд хийж, хүчээр хар болгож, Богд хааны үеэс төрийн алба хашсан монгол төрийн туршлагатай түшмэдүүдийг “хар феодал” хэмээн зүхэж, буудан хороож, монголын ард түмний дөрвөн зуун жил бүтээн босгосон 1250 буддын сүм хийд /2008 оны ХААН банкаас ивээн тэтгэсэн шинэчилсэн тооллого,судалгаагаар/-ийг хоёрхон жилийн дотор шатаан устгаж, ард иргэдийнхээ хэдэн сая мал сүрэг, өмч хөрөнгийг хураан авч хүчээр нийгэмчилсэн. Улаантнуудын нүгэл үүгээр зогссонгүй 1962 онд улаантны засгийг шүүмжилж, “Монголоо хөгжүүлье” гэсэн сэхээтнүүдийг хэлмэгдүүлэн нутаг заан цөлсөн.

Ийнхүү улаантнууд Монгол хэмээх дорно дахины гайхамшигт соёлтой ариун буддын орныг атеист , харгис коммунист улс болгож монголын ард түмнийг хэлмэгдүүлэн мөхлийн хар ангал руу түлхсэн билээ.

Ололт

1990 онд Монгол улсад ард түмний ардчилсан хөдөлгөөн өрнөж, коммунист тоталитар харгис дэглэмийг түлхэн унагаж Монгол улс эрх чөлөөт ардчилсан улс болох замдаа оров.Монгол улс 1991 онд баталсан Шинэ Үндсэн хуулиараа “Эх орондоо хүмүүлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх”-ийг эрхэм зорилгоо болгосон юм. Шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэд шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй болсон билээ.

Удалгүй 1993 онд монголын парламент “төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийг баталж уг хуулиар төр сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулахаар заасан юм.

Тус хуулийн 4 дүгээр зүйлд “ Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан.

Ардчиллын хорин жиийн дотор үндэсний буддын шашныг сэргээх талаар монголчууд багагүй амжилтанд хүрээд байна.Монголд сүүлийн жилүүдэд Бакула римбүүчийн байгуулсан Бэтүб хийд, Гүр Даваа римбүүчийн сэргээсэн Амарбаясгалант хийд, Банчин Ойбурул римбүүчийгийн байгуулсан Гүнчэв Жамбаалин хийд, Тэрэлж дэх Арьяабал бурхны сүм, Зопа багшийн байгуулсан нийслэл хот болон Дархан хот дахь Махаяна төв, Гандантэгчлэн дэх Идгаачойнзонлин хийд, эмэгтэйчүүдийн Дулмаалин хийд, монголчуудын байгуулсан Зүүн хүрээ хийд, Дашчойлин, Манба дацан, Ловон Бадамжунай бурхны нууц тарний хийд, Пунцоглин, Ламиран хийд, сэргээн босгосон Дамбадаржаалин хийд,Хажид,Дарь эхийн хийдүүд буяны ажиллагаагаа явуулж байна. Мөн 22 аймаг болон бусад сумдад буддын сүм хийдүүд олноор байгуулагдав.Эдүгээ Монголд буддын 170 сүм хийд, дацанд 5000 лам хувраг үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүлийн жилүүдэд Энэтхэгийн Гомон дацанд арав гаруй жил бурхны ном үзсэн эрдэмтэй монгол залуу лам хуврагууд сургуулиа төгсөж ирээд эх орондоо бурхны ном айлдаж буяны үйлсэд зүтгэж явна.Сүүлийн жилүүдэд Баруун зүгт Ховд аймагт Гандан Пунцаг чойлон хийд, зүүн зүгт Хэнтий аймайгт Балдан Бэрээвэн хийд, өмнө зүгт Дорноговь аймагт Равжаа хутагтын төв, Хамрын хийд, Равжаа хутагтын Шамбалын орон, хойд зүгт Сэлэнгэ аймгийн нутагт Амар баясгалант хийдийг сэргээн босголоо. Дархан хотод Бурхан багшийн сэрэг дүрийг босгов.

Улаанбаатар хотод Зайсан толгойн орчим Гүр Даваа римбүүчий болон солонгосын буддын хамба ламын хандиваар Бурхан багшийн өндөр сэрэг дүрийг болсгов.
2010 онд монголын сүсэгтэн эмэгтэй Оюун их хэмжээний хөрөнгө хувиасаа хандивлаж Амар баясгалант хийдийн орчим Богд лам Зонхабагийн алтадсан том сэрэг дүр, Богд ламын итгэлт шавь Хайдав, Жалцавчи нарын дүр бүхий цогцолборыг богино хугацаанд бүтээн байгуулсан нь монгол хүний итгэл сүсэг ямар их хүчтэй байгааг нотолсон үйл явдал боллоо.Тэрхүү цогцолборын шавийг 2010 оны тавдугаар сарын жихүүн сэрүүн өдөр тавьж аравнайлахад тэнгэрээс сонин хэлбэртэй хур орж, маргааш өглөө нь тэрхүү газраа үзэхэд гоё шар цэцгүүд ганцхан хоногийн дотор тойроод ургачихсан байсан нь үнэхээр гайхамшигтай байлаа. Монголд Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам 7 удаа залран ирж үнэ төлбөргүй бурхны ном айлдаад байна.Монголд 9 дүгээр Богд Жавзандамба хутагт, Зопа римбүүчийн, Банчин Ойбурул римбүүчий , Жадо римбүүчий, Саж Тризин римбүүчий, Ризон римбүүчий,Чодэн римбүүчий, Дэнма Лочо римбүүчий нарын олон эрдэмт лам багш нар айлчилж ном буяныг үйлдэж монголын сүсэгтэн олонд ном айлдаж, авшиг, ван, лүн өгсөөр байна.

Хорин жилийн саад эсэргүүцлийг давж өнгөрсөн оны эцсээр есдүгээр Богд гэгээнтэн Монгол улсын иргэн болсон нь сүсэгтэн олны хувьд том үйл явдал боллоо.Ийнхүү монголчууд 90 жилийн дараа Бурхны шашныхаа тэргүүнтэй боллоо.

Непалын гэгээнтэн Зопа римбүүчийн байгуулсан Махаяна төв нь монгол залуучуудын дунд англи хэл заах, буддын ном судрыг монгол хэл дээр хөрвүүлж үнэ төлбөргүй тараах, бурхны сургаалийг үнэ төлбөргүй номлох,хичээл сургалт явуулах, ядуу хүмүүст хандивын буяны ажил зохиох зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж олон монгол залуучууд буддын шашинд орж бурхны сургаалийн ач тусыг хүртэж эхэлсэн билээ. Монголын дуучид үндэсний шашнаа сурталчилж байна. “Бурхны дууч” гэгддэг дуучин Сарангуагийн олон сайхан бурхны магтаал дуунууд ард түмний дунд ихэд түгж байна. Бурханч лам Г.Пүрэвбат багшийн бүтээн туурвисан буддын шашны зураг, бурхадын хөрөг, суврага, бусад олон бүтээл номууд монгол төдийгүй өрнөдийн хүмүүсийг гайхшруулж байна.Г.Пүрэвбат багшийн байгуулсан “Лавайн эгшиг” FM радио нь нийслэл хотын залуучуудын сонсох дуртай радио долгион болоод байна.

Эдүгээ Богд ламын туурвисан “Ламримченмо” судар, “Ламрим” судрыг тайлбарласан Павонха болон Патрул римбүүчийн тайлбар ном, Шантидева гэгээнтний “Бодьсадын явдалд орохуй” зэрэг гайхашигт судруудыг монголын эрдэмт лам доктор Булган,бурханч лам Г.Пүрэвбат, шунлайв гавж С.Гантөмөр, лам Ц.Сансарбат нар түвд хэлнээс эх монгол хэл дээр шинэ бичигт хөрвүүлэн олны хүртээл болгоод байна.Бадамжунай бурхан, Адишаа, Дилов, Нарова, Миларайва, Нагаржуна гэгээнтэн, Далай лам багшийн ном, сургаалуудыг шинэ монгол бичигт хөрвүүлсээр байна.

Өнгөрсөн 20 жилийн турш дунд сургуулийн хөтөлбөрт үндэсний уламжлалт соёл шашны талаар юу ч заадаггүй байсныг саяхан өөрчилж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар иргэдийн саналыг сонсч, Монгол улсын Ерөнхийлөгч Ц,Элбэгдоржийн зарлиг гарч, монголын дунд сургуулиудад үндэсний соёл шашин зан үйлийн талаар “монголын уламжлалт сэтгэлгээ” гэсэн шинэ хичээл сурагчдад заах болсон нь чухал үйл явдал болж байна.Ийнхүү өнөөгийн Монгол орноо Бурхны шашин гурав дахь удаагаа дэлгэрэн хөгжих сайхан боломж бүрдэж байна.
Алдаа

а/ Шашны харьцаа алдагдсан нь

Өнөөдрийн Монголд харийн болон үндэсний шашны харьцаа ямар байдалтай болоод байна вэ?

2009 оны байдлаар Улаанбаатар хотод хэвлэлд гарсан тоог авч үзвэл 350 гаруй сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаагаас Христийн шашны сүм 197 буюу 69.3 хувь, Буддын шашны сүм хийд 63, Бөө мөргөлийн газар 7, Исламын мечеть 3 үйл ажиллагаагаа явуулж байна.

Хуулийн дагуу ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр Христийн 91, Исламын 1, бөөгийн 1 байгууллага үйл ажиллагаагаа явуулж ямар нэг татвар огт төлөхгүй ажиллаж байна.Христийн шашны номлогчид зохих ангиллын визгүйгээр Монголд ирж шашны үйл ажилагаагаа явуулдаг ажээ.

Монголд одоо Христийн шашны католик, протестант, мормон, иёгово, мүүн, үнэн алдартан, ,баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост/тавьтнууд/ зэрэг олон чиглэлийн урсгал нэвтрээд байна. Мөн бахай, ананд марго, ведийн урсгалууд болон бусад сектантын бүлгийн тоо 185 хүрээд байна.

Албан ёсны мэдээллээр өнөөдөр Улаанбаатар хотод Христийн шашны 115 сүм, Буддын шашны 62 хийд, бөөгийн 10 төв, Исламын 2 мечеть, Бахайн 1 сүм албан ёсны зөвшөөрөл , бүртгэлээ аваад үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй шашны сүм хийдүүдээс бусад шашинтай харьцуулахад буддын сүм хийд гуч хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь хамгийн том эмгэнэл болж байгаа юм. Үүнийг хуулиар зохицуулах хуулийн заалт өнөөдөр алга. Үүнийг шийдвэрлэх хуулийн төсөл ч алга, төрийн бодлого ч алга.

б/ Хуулийн гацаа

Ардчиллын эхний жилүүдэд үндэсний шашнаа харийн шашин болон элдэв сектантаас хэрхэн хамгаалах талаар сайн хууль гарсангүй.

Анхны ардчилсан шинэ үндсэн хуулийг баталж байх тэр үед Ардын Их хуралд сонгогдсон 420 депутатуудын бараг 90,0 хувь нь сум, аймгийн Засаг дарга нар, цөөнх нь ардчилсан хүчнээс сонгогдсон байсан.Тэдний дунд ганцхан лам хүн байсан. Тэр үеийн парламентийн гишүүдийн ихэнхи нь социализмын үеийн атеист үзэл суртлаасаа салаагүй, шашны талаар ямар ч ойлголт байхгүй, зөвхөн Карл Марксын католик шашны тухай хэлсэн “шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн ишлэлийг цээжилсэн хүмүүс байсан. Тэд дэлхийн шашнуудын ялгаа, үзэл санаа, сургаалийг ойлгох бүү хэл, шашин гэдэг үгний утгыг ч мэдэхгүй байсан. “Шашин” буюу “Шасана” гэдэг нь санскритээр “Сургаал” гэсэн үг.

Тийм учраас тэд нар үндэсний уламжлалт шашин соёлоо харийн шашнаас хуулиар хамгаалах талаар шаардлагатай заалтуудыг хуулинд оруулж чадаагүй юм. Тэд бурхны шашин соёлоо Үндсэн хуулиараа яаж хамгаалахаа мэдэхгүй байсан.Тэд “Төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдэлнэ”,”Иргэд шашин шүтэх эс шүтэх эрхтэй” гэсэн ганц,хоёрхон ерөнхий томьёололыг л Үндсэн хуулинд оруулж баталж байсан.Гэтэл Үндсэн хуулийн энэхүү 9 дүгээр зүйл нь туйлын бүрхэг болсон юм.Төр нь ямар шашныг хүндлэх гээд байгаа нь ойлгомж муутай,үндэсний шашнаа яаж хамгаалах талаар нэг ч санаа байхгүй байсан. Парламентийн гишүүд 1993 онд батлагдсан ”Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулинд “төрөөс монгол улс дахь бурхны шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэснээс өөр заалт оруулж чадаагүй. “Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулийн 4 дүгээр зүйлд “ Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан.Гэвч эдүгээ буддын шашин 1.2 сая хүн амтай нийслэл хотод зонхилох бүү хэл, цөөнх болчихоод удаж байна.

Энэхүү хуулийг зөрчсөн албан тушаалтныг 1000- 20 000 төгрөг, байгууллага аж ахуйн нэгжийг 50 000-150 000 төгрөгөөр торгоно гэж заасан.Энэ бол жилд хэдэн зуун мянган доллараар санхүүждэг Христийн мормон болон протестант, католик шашны байгууллагын хувьд хууль зөрчсөн тохиолдолд нэг удаа 60 центээс 16 доллар хүртэл торгуулна гэдэг инээдэмтэй асуудал.Торгуулж байсан тохиолдол ч байхгүй.

1993 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн / Монгол улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч , цагаач гадаад иргэдийн тоо, бүтэцийн тухай /1 дүгээр заалтад “Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач иргэдийн тоо нь Монгол улсын хүн амын 1 хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.33 хувь хүртэл байж болно” хэмээсэн. Энэ хуулийн заалт бол монгол хүний ген фондыг хамгаалсан чухал заалт болсон.

Гэтэл энэ жишгээр монголын төр сүм хийдийн харилцааны хуульд ч юм уу, өөр шинэ хууль гаргаад Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын харийн шашны тоо нь монголын үндэсний шашны сүм хийдийн нийт тооны 10,0 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт оруулсан бол оюуны дархлаагаа хамгаалсан хууль болох байсан юм.

“Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулийн 8 дугаар зүйлд шашны сургалтын тухай заахдаа “төрийн харьяалал бүхий сургууль байгууллагад шашны сургалт,цугларалт зохион байгуулахыг хориглоно. Энэ заалт нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтанд үл хамаарна” хэмээн заасан. Энэ заалтдаа ядаж үндэсний шашны соёл, мэдлэг гээд “үндэсний” гэсэн ганц үг нэмчих ухаан байсангүй.Гэтэл хүмүүс энэ хуулийн заалтыг дунд болон их,дээд сургууль дээр шашны сургалт явуулахыг хориглоно, үндэснийхээ шашны тухай ярьж ч болохгүй гээд буруу ойлгочихсон.

Тус хуулийн 8 дугаар заалтыг хүчингүй болгож” Төрийн харьяалал бүхий ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд гадаадын харийн шашны сургалт,цугларалт явуулахыг хориглоно. Харин үндэсний бурхны шашны сургаал,соёл мэдлэг, өв уламжлалын талаар шинжлэх ухааны сургалтыг ерөнхий боловсролын сургууль,их дээд сургуулиудад явуулж болно” гэсэн шинэ оруулах хэрэгтэй байна.
в/ Харийн шашны түрэмгийлэл

Албан бус мэдээгээр Монголд одооны байдлаар Христийг шүтэгчид 40 000 байгаагийн 90,0 хувь нь залуучууд байна гэсэн тоо байна.Монголд өнөөдөр гадны ямар шашин орж ирээд үйл ажиллагаагаа явуулж байна вэ?Өнөөдөр Монголд Христийн шашны протестант, мормон, католик, мун, иегово ,баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост/тавьтнууд/, үнэн алдартан зэрэг үй түмэн урсгал орж ирэн сүмээ барьж байгуулан монголын залуу үеийг шашиндаа оруулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.Өнөөдөр Монголд Хиндуизм, Ананд Марго, Шри шри амьдрах ухаан зэрэг энэтхэгийн шашны сургаалууд орж ирээд үйл ажиллагаагаа явуулж байна.Ялангуяа Рави Шанкарын Шри шри амьдрах ухааны сургалтанд монголчууд хэдэн зуун мянгаараа орж байна.

Христийн шашинд орсон зарим монгол залуучуудтай тааралдаж “та нар буддын шашны ядаж ганц судар уншиж үзсэн үү? гэж асуухад тэд нэг ч судар уншаагүй байдаг.Дунд сургуульд хамт сурч байсан нэгэн эмэгтэйтэй би олон жилийн дараа хотод тааралдаж ярилцаж байтал тэр вээр христийн шашинтан ажээ.”Чиний Бурхан хэн бэ?”гэхэд тэр”Иегово” гэв.Нэгэн удаа би арваад жилийн өмнө төрийн ажлаар нэгэн алслагдсан дүүргийн гэр хорооллын айлуудаар явж байсан.Нэг айлын тэтгэвэрт гарсан гэрийн эзэгтэй гэртээ ширээн дээрээ дүүрэн өрөөстэй Библи номуудыг уншаад сууж байсан. “Та яагаад Христийн шашинд орсон юм бэ? гэхэд “Би шашин шүтдэггүй атеист байсан.Би библи номын уншсаар байгаад христийн шашинтан болсон”гэж байлаа.”Та буддын шашны судар уншсан уу ? гэхэд “нэг ч судар уншиж үзээгүй” гэж байсан.Энэ бол монголын эмгэнэл.

Саяхан монголын нэгэн алдартай сувгаар “Universe best songs” хөгжмийн уралдаан болж гадаадын дууг амжилттай дуулсан шилдэг 25 дуучинг шалгаруулсан юм. Энэхүү тэмцээнд 700 гаруй залуучууд оролцож шилдэг 25 дуучинг шалгаруулж гала концерт хийсэн. Орчин үеийн монгол залуучууд Селин Дион, Хьюстон, Фрэнк Синатр, Элвис Пресли, Тони Брекстон, БИТЛЗ, АББА-гийн алдартай дуунуудыг англиар сайн дуулж байлаа. Гэвч шалгарсан 25 залуучуудын бараг хагас нь христийн шашинтан байлаа.

Саяхан өвлийн эхэн сард УБ хотод нэгэн дээд сургуульд сурдаг оюутан хүүдээ хөдөө нутагт амьдардаг малчин аав, ээж нь өвлийн идэш үхрийн мах илгээжээ. Гэтэл тэр оюутан үхрийн махаа хүлээж аваад “ Үхрийн мах надад илгээсэнд Ертөнцийн эзэн танд талархаж байна “ хэмээн залбирч байсан гэдэг.Тиймээ, Өнөөдөр Монголд дунд сургуулийн сурагч, дээд сургуулийн оюутан,сэхээтнүүд, урлагийнхан, зарим эмээ нар хүртэл Христэд орж байна. Христийн шүтлэгтэй цэцэрлэгийн болон сургуулийн зарим монгол багш нар Христийн шашныг цэцэрлэгийн бага насны хүүхдүүдэд хүртэл заахыг оролдож байжээ.Тэд хүүхдүүдийг скаутын ажлаар зуны цагт байгалийн сайхныг үзүүлнэ хэмээн дагуулж яваад замдаа голд оруулж усан баталгаа хүүхдүүдээр хийлгүүлж христийн шашинд оруулахыг оролдож байсан нь дуулдаж байсан. Энэ бол хуулийг зөрчиж байгаа хэрэг.Энэ бол монгол ёс заншлыг зөрчиж байгаа хэрэг. Энэ бол монголын уламжлалт шашин,соёлоосоо урваж байгаа хэрэг.Эцсийн эцэст эх орноосоо урваж байгаа хэрэг.

Улс төрчид “Бүх шашин адил тэгш эрхтэй, хэн ямар шашин шүтэх нь эрх чөлөөтэй,Монгол улс бол бүх шашинд тэгш ханддаг ардчилсан улс” гэх мэтээр хашгирч байх хооронд гадаадын харийн шашныхан монголын өсвөр залуу үеийг маань ихэнхийг нь элсүүлээд дууслаа шүү.

1990 оноос хойш эдүгээ хорин жилийн турш монголын бүх аймаг, алс холын хөдөөний сумын төв дээр хүртэл хар костюмтэй цагаан цамцтай, зангиа зүүсэн,энгэртээ “elder” гэсэн бичигтэй тэмдэг зүүсэн, цүнх үүрсэн Мормоны шашны америк залуучууд хосоороо монгол айлуудаар явж мормоны шашнаа түгээсээр байна.Тэдгээр америк залуучууд монгол хэлийг хоёр гуравхан сарын дотор амархан сурч библийг монгол хэл дээр ярьсаар олон монгол залуусыг шашиндаа элсүүлсээр байна.Тэдгээрийн нэг америк мормон залуу саяхан хоёр жилийн өмнө бага насны монгол охиныг хүчиндсэн хэрэг хийж монголын сонин хэвлэлээр шуугиулж байлаа. Зарим монгол охид “Ертөнцийн эзэнтэй уулзана” хэмээгээд гэрээслэл бичин 10 давхар байшингийн дээвэр дээрээс үсэрч амиа хорлосон хэрэг Монголд гарч л байсан.

Ийнхүү Харийн шашны түрэмгийлэл Монголд улам ширүүссээр байна.Монголчууд харийн шашнаас үндэсний уламжлалт соёл шашнаа яаж хамгаалахаа мэдэхгүй байна.Монголчууд гадаадын шашны элдэв буруу үзэлтэн, сектүүдтэй яаж тэмцэхээ мэдэхгүй байна.Аль нь буруу үзэл, аль нь зөв үзэл гэдгийг ч мэдэхгүй байна.Дөнгөж сэргэж байгаа монголын уламжлалт шашин хэдэн зуун мянган долларын хөрөнгөтэй харийн баян шашинтай яаж өрсөлдөхөө мэдэхгүй байна.

Зарим эрдэмтэд “Бүх шашин адил зүйлийг номлодог, бүх шашин ижил төстэй” хэмээн цэцэрхдэг.Зарим нь бүх шашин тэнгэрээс үүссэн хэмээн бөөгийн шашинтай хутгаад байдаг. Зарим харийн шашинтнууд Буддын шашныг хоосон домог,үлгэр хэмээн үздэг.Энэ бол эндүүрэл,буруу үзэл. Буддын сургаал ертөнцийн буруу үзэл, ертөнцийн бусад шашнаас огт өөр байдаг билээ.Бусад шашнууд Ертөнц болон хүнийг Ертөнцийн эзэн бүтээсэн, зөвхөн Ийсуст итгэвэл аврагдана, чиний нүглийг зөвхөн Ийсус үүрч чамайг аврана, зөвхөн Ийсуст итгэвэл чиний нүгэл ариусна гэх мэтийн буруу сургаалиар хүмүүсийн тархийг угааж, бэлэнчлэх сэтгэлгээгээр бөмбөгддөг. Хинду шашин Брахма бурхан ертөнцийг бүтээсэн гэж үздэг.Исламчууд ертөнцийг Аллах тэнгэр бүтээсэн гэж үздэг.Тэхлээр эдгээр шашнууд “Ертөнцийн эзэн бүхнийг бүтээсэн” гэж үздэгээрээ хоорондоо төстэй байна.

Бурхны шашин “Ертөнц бол үйлийн үрийн боловсорсон үр дүн” хэмээн үздэг.Бурхны шашин “Ертөнцийн эзэн гэж байдаггүй” хэмээн үздэг. Хэрэв ертөнцийг бүтээгч гэж байсан бол яах гэж дайн, зовлон, үхэл, өтлөлт, ядуурал, ган, зуд, газар хөдлөл,цунами, өвчин тахлыг бүтээсэн юм бэ, яагаад төгс бус ертөнцийг бүтээсэн юм бэ? Ертөнцийн эзнийг өөрийг нь хэн бүтээсэн юм бэ? гэсэн асуулт гарч ирдэг.Бусад шашныхан энэ асуултад хариулж чаддаггүй.Харин Бурханы шашин “энэ бүхэн чинь үйлийн үр” хэмээн зөв хариулт өгдөг, “таны зовлонд та л өөрөө буруутай, өвчин,үхэл бол үйлийн үр юм” хэмээн зөв хариулт өгдөг.

Бурхны шашинд хүн өөрийн сэтгэлийн гэм буюу нисваанисийг дарж, магад гарахуй сэтгэлийг үүсгээд, тэгш сэтгэл,энэрэхүй, асрахуй сэтгэл,бусдын буянд даган баясах сэтгэл дээр суурилсан боди сэтгэлийг олоод хамаг амьтны тусын тулд гэгээрэлд хүрэхийг зорилгоо болгодог.Бурхан багш хүн төрөлхтөний түүхэнд анх удаа дөрвөн үнэн, найман мөр, нисваанис, үйлийн үр, боди сэтгэлийг олох, шүтэн барилдлага, хоосон чанарын тухай гайхамшигт сургаалийг нээсэн.Бурхан багшийн сургаал бол оюун ухааны тухай бүхэл бүтэн цогц шинжлэх ухаан юм. Бурхны шашин бол гэгээрлийн тухай сургаал юм. Бурхны шашин бол авралын тухай сургаал юм.Бурхан багш “Хүний ухамсрыг 3 хор хордуулж байдаг.Энэ нь мунхаглал, шунал, уур юм. Хүн өөрийн сэтгэлд бугшсан уур,шунал, хорон санаа, үзэн ядалт, атаа жөтөө, мунхаглал, эргэлзээ, хардалт, сэтгэл дундуур байдал, омог бардам зэрэг сэтгэлийн 84 000 өвчин буюу нисванисийг танин барьж устгах хэрэгтэй.Хүн аз жаргалтай байхын нөхцөл шалтгааныг өөрөө бүрдүүлэх нь чухал.Энэ нь арван цагаан буян үйлдэж, бусдын тусыг бодож, буянаа хураахыг хэлнэ. Ингэж байж эерэг үйлийн үрийг буй болгоно, амар амгалан жаргалыг бүрдүүлнэ” хэмээн сургадаг.

Бурхан багш 29 наснаасаа эхлэн 6 жилийн турш үнэний эрэлд гарч даяанч хувраг болж өөрийн хичээл зүтгэл,бясалгал,оюун ухаан, нөр их хөдөлмөрөөрөө хэн ч хүрэхийн аргагүй оюуны хэт өндөр түвшинд хүрч гэгээрлийн 12 шатыг эзэмшиж, 36 насандаа төгс гэгээрсэн Бурхан болсон.Бурхан багш 44 жилийн турш өөрийн гайхамшигт сургаалийг ард олонд айлдсан.Бурхан багш өөрийн сургаалийн тухай “Гадаад дөрвөн далай шорвог амттай, Миний сургаал авралын амттай” хэмээсэн байдаг. Бурхны шашны сургаалийг 15-20 жил сайн лам багшаар заалгаж 6 билиг барамидийг эзэмшиж байж сурдаг ажээ.Бусад шашинд ийм гайхамшигт сургаал байдаггүй. Бусад шашныг үндэслэгчид гэгээрлийн 2, 3 дугаар шатнаас дээш гарч чадаагүй,тэндээ үлдсэн байдаг.

Иймд орчин үеийн монгол залуучууд дэлхийн шашин хоорондын ялгаа, шашнуудын үзэл номлолын зөрүү ялгааг сайтар мэддэггүй, үндэсний шашны давуу тал, үнэний сургаалийг мэддэггүйгээсээ болоод харийн шашинд амархан автдаг. Ийнхүү харийн шашны түрэмгийлэл монголын залуу үеийн оюуныг хордуулж, монголын ард түмний уламжлалт шашин соёлд хохирол учруулсаар байна.
г/ Сурталчилгааны хомсдол

Өнөөдөр Монголд Христийн шашны сурталчилгаа хүчтэй байна.Улаанбаатар хотод “Бүргэд” хэмээх христийн телевиз олон жил Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэрхүү телевизээр харийн шашны буруу үзлийг өдөр бүр өсвөр залуу үеийнхэнд сурталдаж байна. Тэрхүү телевизээр нэгэн пастор монгол залуу “Хэрэв монголын хүүхэд залуучууд та нарыг эх эцэг чинь христийн сургаалийг бүү сонс гэж байгаа бол эх эцгээ сөрөх хэрэгтэй, эх эцгийнхээ үгэнд бүү ор” хэмээн сурталдаж байлаа. Эх эцгээ хүндэлдэг, эх эцгийн сургаалийг биелүүлдэг монгол ёс заншлыг харь шашны номлолоор ингэж устгаж байна.Харийн шашны номлогчид ийнхүү монголын өвсвөр залуу үеийн оюун санааг төөрөгдүүлэн хордуулсаар байна.

Өнөөдөр Монголд тогтмол үйл ажиллгааатай нэг ч Буддын телевиз алга. 2000 оны үед Японы буддын лам нар тэр үеийн Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Гандан хийдийн хамба лам Ж.Чойжамц нарт Монголд буддын сургаалиа сурталчилж буддын телевиз байгуулаарай хэмээн 100 000 ам долларын өртөг бүхий иж бүрэн телевизийн тоног төхөөрөмжийг тэдэнд хувь хүний хувьд нь бэлэглэсэн гэдэг. Гэвч тэд буддын телевиз байгуулахын оронд тэрхүү телевизийн тоног төхөөрөмжийг хувьчлаад арилжааны “ТВ-9” телевиз болгочихсон нь тун харамсалтай явдал болсон. Энэхүү “ТВ-9” телевизийн программыг одоо үзэж байхад өглөө бүр хүмүүсийн захиалгаар 15 минут түвд хэл дээр лам нар ном уншихаас өөр зүйл алга.Айлд гүрэм унших болон хүний заяа төөргийг үзэж одон зурхайгаар мэргэлэхийг Бурхан багш таалдаггүй байсан.Гэтэл эдүгээ бараг бүх лам энэхүү үйлийг хийж байгаа нь зөв үү?Буддын сургаалийг сурталчлах дэлгэрүүлэх талаар уг телевизээр өдөр бүр бүү хэл, нэг 7 хоног, нэг сард ч буддын сургаалийн тухай нэвтрүүлэг алга. Жилдээ хэдхэн удаа Бурханы шашны цомхон нэвтрүүлэг хийхээс өөр байнгын тогтмол нэвтрүүлэг алга.Саяхан нэг удаа уг “ТВ-9”телевизээр “Буддын сургаал” гэсэн нэвтрүүлэг шөнийн 03.30 минутанд гарна гэсэн хөтөлбөр байлаа. Энэ байдал нь үндэсний шашнаа шоовдорлож байгаагийн шинж. 2010 онд монголын нэгэн хувийн телевиз “Алтангэрэл” судрыг эрдэмтэн лам шунлайв гавж Гантөмөр багшаар хөтлүүлж билээ. Юун сайхан буянтай хэрэг вэ? гэж бодоод уг нэвтрүүлгийг үзэх гэтэл хүмүүс ажил тараад гэртээ ирэхэд уг нэвтрүүлэг яг дуусахаар зохион байгуулсан байсан.

Эдүгээ Монголд буддын шашны олон нийтэд хүртээл болсон нэг ч сонин сэтгүүл хэвлэл алга. Өнөөдөр Монголд буддизмын тухай орчин үеийн шаардлага хангасан сайн веб сайт алга.Гандан хийд хэдийгээр веб сайттай ч гэсэн тэр нь мэдээллээр ядмаг, багтаамж муутай, олон сарын өмнөх мэдээ нь өөрчлөгддөггүй байх аж. Гандан хийд буддизмын англи,орос,түвд,энэтхэг веб сайтуудын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй.Нэг сайн жишээ татахад өнөөдөр Оросын Холбооны улсын “SaveTibet.ru” веб сайт нь дэлхийн буддизмын хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ, судар,ном, видео,аудио мэдээ, баримтат кино, Далай лам багшийн ном тавьсан тухай мэдээллийг газар дээрээс нь орос хэл дээр хөрвүүлэн шууд дамжуулдаг нь дэлхийн буддистуудын талархлыг хүлээж байна.
Харин өнөөдөр Монголд буддизмын тухай олон сайхан ном судар хэвлэгдэн гарч байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр Монголд буддизмын тухай олон ном судрыг эх монгол хэл дээр нь шунлайв гавж С.Гантөмөр, бурханч лам Г.Пүрэвбат, лам Ц.Сансарбат, лам П,Бадрал,У,Пүрэвсүх нар бүтээсээр байна.Энэ бол бурхны номоо ард түмэндээ сурталчилж байгаа буянтай бүтээлч ажил.

Гурван зууны тэртээ монголын эрдэмт лам нар “ Сайн багш олон ч Богд Зонхабаг багшид шүт, Сайн номлол олон ч Ламримчим*-ийг унш, Санаа бодол олон ч үйлийн үрийг сана” хэмээн бичиж байжээ. Үүнийг сайтар ойлгож үндэсний шашин соёлоо дээдэлж , дэмжиж туслах нь чухал байна.

Үе үеийн Ерөнхийлөгч нар үндэсний соёлоо хамгаалах талаар хэд гурван зарлиг гаргасан байдаг.Анхны Ерөнхийлөгч П.Очирбат архидалттай тэмцэх талаар хоёр гурван зарлиг гаргасан.Гэвч архидалт хүн амын дунд улам нэмэгдэж өнөөдөр 2.7 сая хүн амтай Монгол улсад спиртийн 14, архины 75 үйлдвэр нэг жилд 42,0 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, нэг хүнд 16.5 литр архи ногдож, нэг жилд 150 000 хүн эрүүлжигдэж байна.Зарим парламентийн гишүүд хүртэл хувьдаа архины үйлдвэртэй байдаг бөгөөд түүгээрээ ард түмнээ хордуулж байгаа нь эмгэнэл юм. Би зарим таньдаг бизнесмэнүүдэд: “Архи, махны бизнес бүү хий. Ашиг хонжооны төлөө амьтны амийг олон удаа тасалсан хүн, архиар бусдыг олон удаа хордуулсан хүн хоёр зайлшгүй тамд очдог гэнэлээ шүү” гэхэд тоодоггүй байж билээ. Айлгах гээгүй, аврах гэсэндээ л хэлдэг байсан.Өнөөдөр дэлхийд эрүүлжүүлэх цэг ажиллуулдаг орон зөвхөн Орос, Монгол хоёрт байна. Ард түмнээрээ архичин болсон үндэстэн дэлхийд зөвхөн Орос, Монгол хоёр байна.Коммунистууд 70 жилийн турш монголын ард түмнийг архи,тамхиар хордуулж сэтгэцийн өвчтэй болгосон.

Хүний сэтгэлийг нь ариусган гэгээрүүлж чадаагүй бол , ард түмний оюун ухааныг буяны үйлст чиглүүлж чадаагүй бол, өсвөр үеэ үндэсний уламжлалт шашин, соёл, зан заншилд сургаж чадаагүй бол төрөөс архитай тэмцэх тухай, гэмт хэрэгтэй тэмцэх тухай мянган зарлиг гаргаад ч нэмэргүй гэдгийг монголын эмгэнэлт түүх харуулж байна.

Хорьдугаар зууны их багш Ошо: “Сэтгэцийн өвчтэй хүмүүс л архи, тамхи, мансууруулах бодисонд донтдог юм” хэмээн хэлжээ. Коммунизмын үлдээсэн балгаар өнөөдөр Монголд сэтгэцийн өвчтэй хүмүүс, архичид, гэмт хэрэгтнүүдийн тоо улам ихсэх болжээ. Монголд нэг жилд 1500 хүн гэмт хэргээс болж үхэж байгаа нь хорьдугаар зуунд монголын цэрэг 4 дайнд орж үрэгдсэн тооноос ч их байна. Өнөөдөр Монголд амьтны амийг таслах бүү хэл, алаг үрсийнхээ амийг таслагчдын тоо улам өсөж байна.Өнөөдөр Монголд албан мэдээгээр нэг жилд улсын эмнэлэгт 15 000 хүүхэд үр хөндөлтөд өртөж хорвоог орхиж байна. Өнөөдөр Монголд хүүхэд эмэгтэйчүүдийг шоронд хорьж, золбин хүүхдүүд гудамжинд амьдарч байна. Өмнөх харгис нийгмийн шарх бүрэн эдгээгүй байна. Иймд нийгмээ эрүүлжүүлж энэрэнгүй болгох хэрэгтэй байна. Архидалт, тамхидалт болон үр хөндөлтийг хуулиар хориглох хэрэгтэй байна.

Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди “Монголын нууц товчоо”-г айл бүрт залах тухай болон “Морин хуурийг айл бүрт залах” тухай зарлиг гаргасан. Энэ бол үндэсний соёлын бодлогын хувьд зөв алхам. Гэвч хүн насан туршдаа морин хуур тоглож, “нууц товчоо” уншаад гэгээрэхгүй нь ойлгомжтой.

Гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь Монгол улсын Соёлын сайд байхдаа “Бурхан багшийн сургаал” номыг хөрвүүлж, Мигжиджанрайсиг бурхныг бүтээж, Энэтхэг улсаас анх удаа Монголд Бурхан багшийн ринсэлийг авчирч сүсэгтэн олондоо буян хурааж байсан. Гэвч Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ үндэсний уламжлалт шашнаа харийн шашны түрэмгийллээс хамгаалах талаар чухам юу хийсэн нь тодорхойгүй өнгөрөв.

Эдгээр Ерөнхийлөгч нарын толгойд монгол айл бүрт “Ламримченмо” буюу “Бодь мөрийн зэрэг” судрыг залах талаар зарлиг гаргах ухаан төрсөнгүй. Эдгээр ерөнхийлөгч нарын хэнд нь ч “монголын сургуульд буддын энэрэнгүй сургаал, боди сэтгэлийн сургаалийг зааж сэтгэлийг нь хүнлэг энэрэнгүй болгоё “гэсэн ухаан байсангүй.

Өвөрхангай аймгийн Шанхын хийдийн/ Өндөр гэгээн Занабазарын үндэслэсэн хийд/ нэгэн хамба лам телевизээр: “Би нэг сард 130 000 төгрөгийн зэд буюу цалин авдаг. Гэтэл улс надаас 160 000 төгрөгийн татвар нэхэж авдаг.Мөн ч хэцүү байна” хэмээн ярьж байсан. Гэвч эдгээр ерөнхийлөгч нарын хэнд нь ч “буддын шашны сүм хийд, лам хуврагуудыг татвараас чөлөөлье, уламжлалт шашнаа улсаас дэмжье” гэсэн ухаан төрсөнгүй.

Үндсэн хуулиндаа “хүмүүнлэг нийгмийг байгуулна” гэчихээд төрийн болон боловсролын байгууллагууд өсвөр үеэ хэрхэн хүнлэг болгон хүмүүжүүлэх вэ? гэдэг арга замаа мэдсэнгүй өдий хүрэв. Улаантны засаглалын үед хорон санаатай чөтгөрлиг хүн олон болсноос бус хүнлэг хүн олон болсонгүй. Бурханлиг хүний тухай бол бүр ярилтгүй.

Өнгөрсөн 20 жилд сургуулийн сурагчдад уламжлалт шашны талаар ямар ч сургалт хичээл явуулаагүй. Ийм учраас өсвөр залуу үе маань харгис ширүүн болж хүчирхийлэл, заль мэхийг хэвийн зүйл гэх болсон. Үздэг үзвэр, кино, урлаг, сонин сэтгүүл,ном зохиол нь дайн тулаан, хүчирхийлэл, садар самууны шинжтэй болоод удаж байна. Иймд өсвөр залуу үеийнхэнд боди сэтгэл, тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл,асрахуй сэтгэл, бусдын буян амжилтанд даган баясах сэтгэлтэй болгох талаар сургах нь зүйтэй.Сэтгэлээ хэрхэн жолоодож чаддаг болох, сэтгэлээ хэрхэн ариусгаж гэгээрүүлэх талаар буддын гүн ухааны хичээл зааж өгөх хэрэгтэй.Зургаан билиг барамидийг хэрхэн эзэмших талаар зааж өгөх хэрэгтэй. Үндэсний уламжлалт соёл шашныг өсвөр залуу үед бага, дунд сургуульд орох үеэс нь эхлэн зааж сургах нь амин чухал асуудал болоод байна.
Бурхан багшийн сургаал, монгол ардын ёс заншил, үндэсний уламжлалт соёлыг орчин үеийн техник технологи,шинжлэх ухаантай хослуулан залуу үедээ өвлүүлж байж энэхүү зорилгодоо хүрнэ гэдгийг өнгөрсөн хорин жилд төрийн удирдлагууд ойлгосонгүй.Үндэсний шашин ,соёлоо ч өсвөр үедээ ойлгуулж чадсангүй,зааж сургасангүй.Үндэсний шашны сургалт,сурталчилгаа ийнхүү хомсдолд ороод байна.
Цаашдын зорилт

Орчин үеийн жинхэнэ монгол хүн гэж хэн юм бэ?
Орчин үеийн жинхэнэ монгол хүн гэдэг нь зөвхөн компьютер мэддэг, интернет ашигладаг, автомашин жолооддог, англи хэл мэддэг хүнийг хэлэхгүй. Орчин үеийн өндөр боловсролтой монгол хүн гэдэг нь зөвхөн Кембридж, Харвардын боловсрол эзэмшсэн хүнийг хэлэхгүй. Үүнээс гадна үндэсний уламжлалт шашин, соёл, зан заншил, уйгуржин монгол босоо бичгээ мэддэг хүнийг хэлнэ. Орчин үеийн жинхэнэ монгол хүн гэдгийг би ингэж л ойлгодог. Зарим хүн” тэр хоцрогдсон уйгуржин монгол бичгээр яах юм бэ?” гэж болох юм.Улаантнууд уйгуржин монгол бичгийг устгасан шалтгаан нь монгол хүнийг шашин соёлоос нь таслахын тулд, монгол хүн уйгуржин монгол бичгээрээ Ганжуурын 108 боть, Данжуурын 224 ботийг болон олон гайхамшигт монгол судар номыг уншиж, гэгээрч чадахгүй болгохын тулд, монгол эх хэл түүх соёлыг нь мартуулахын тулд ингэсэн юм .Ийм учраас бид уйгуржин монгол бичгээ заавал сурах хэрэгтэй.

Бурхан багшийн үнэний ариун сургаалийг монголын хүүхэд залуучуудад дунд сургууль, их дээд сургуульд сурч байхаас нь эхэлж энгийн ойлгомжтой, логик дэс дараалалтай заан сургах хэрэгтэй. Сурагч, оюутнуудад үндэсний шашны сургаалийг тусгай хөтөлбөрийн дагуу сайтар зааж чаддаг багш нарыг бэлтгэх хэрэгтэй.Өнөөгийн боловсролын байгууллагын багш нар “сурагч бүр үнэнч шударга, ёс зүйтэй, өв тэгш хүмүүжилтэй хүн болох хэрэгтэй” хэмээн ерөнхий зүйл ярьж сургацгаадаг. Хэрэв сургуулиудад Бурхан багшийн энгийн хар хүмүүст сургасан таван сахилын тухай болон боди сэтгэлийн тухай сургаалийг зааж төлөвшүүлсэн бол хүн бүр “амьтны амийг тасалдаггүй, хулгай хийдэггүй, садар самуунд автдаггүй, худал хэлдэггүй, архи амсдаггүй” болж хүмүүжихсэн. Гэлэн лам хүн 253 сахилыг сахиж байхад энгийн хар хүн энэхүү 5 сахилыг яагаад сахиж чадахгүй гэж.

Буддын сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, залуу үеийг энэрэнгүй, асрангуй, тэгш сэтгэлтэй хүнлэг хүн болгож хүмүүжүүлэхэд чиглүүлэх, боди сэтгэлийг олох талаар буддын олон сайхан сургаалийг залуу үед эзэмшүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, өвчин зовлонд нэрвэгдсэн ард иргэдэд туслалцаа, сэтгэлийн дэм өгөх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэх хэрэгтэй байна. Энэхүү үйлсэд монголын төрөөс анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна.

Дөнгөж сэргэж хөл дээрээ тэнцэн ядаж байгаа үндэсний уламжлалт бурхны шашны сүм хийд, лам хуврагуудыг төрийн нүсэр албан гувчуур татвараас чөлөөлөх шаардлагатай байна.

Монгол айл бүрт “Ламримченмо судрыг залах тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргах нь зүйтэй байна.Энэ талаар хүмүүст ярихад зарим нь: “тэр Ламримченмо судрыг чинь түвд хүн зохиосон. Монгол айлд түвд хүний судар залаад хэрэггүй” хэмээн мунхаглаж байдаг. Зарим хүн “тэр Ламрим чинь орчин үеийн хүн ойлгохгүй, эртний хэлээр бичсэн судар байна лээ” гэдэг. Тэгвэл эдүгээ шунлайв гавж С.Гантөмөр багшийн хөрвүүлсэн Патрул римбүүчийн “Улааны шашны Ламрим” хэмээх гайхамшигт судар шинэ монгол бичгээр хэвлэгдэн гарсан нь дунд сургуулийн сурагч ойлгохоор орчин цагийн энгийн хэлээр бичсэн байна лээ.

Бурхан багш 2500 жилийн өмнөө самгардь хэлээр ярьдаг эртний энэтхэг хүн байсан, Богд Зонхаба 650 жилийн өмнө түвд хэлээр ярьж бичдэг түвд хүн байсан. Бурхан багш хийгээд Богд Зонхаба нар зөвхөн энэтхэг,түвд хүмүүст авралын сургаалиа айлдаагүй, хамаг амьтны тусын тулд үнэний ариун сургаалиа айлдсан. Үүнийг ойлгох ухаан алга гэж үү?

Монголын төр засаг ”бүх шашин адил тэгш эрхтэй” хэмээн хоосон тунхаглаад, олон зуун мянган долларын хөрөнгөтэй харийн баян шашинтай өрсөлд, чадахгүй бол хохь нь гээд үндэсний уламжлалт шашнаа хөсөр хаячихдаг харлаган бодлогоосоо татгалзах хэрэгтэй.

1991 онд батлагдсан Монгол улсын Үндсэн хуулийн хуучирсан 9 дүгээр зүйлд: “Монгол улсад төр нь үндэсний уламжлалт Бурхны шашнаа дээдэлж, үндэсний уламжлалт шашин нь төрөө хүндэтгэнэ“/одооны байдлаар шашин нь төрөө дээдлэнэ,төр нь шашнаа хүндэтгэнэ гэсэн байгаа/, “Монголын үндэсний уламжлалт Бурхны шашин нь Монгол улсын зонхилох шашин байна. Үндэсний уламжлалт шашныг Монгол улсын зонхилох шашин болгох, гадаадын уламжлалт бус шашнаас үндэсний уламжлалт шашнаа хамгаалах тухай асуудлыг тусгай хууль, журмаар зохицуулна” гэсэн шинэ нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

1993 онд батлагдсан “Төр сүм хийдийн харилцааны тухай” хуулинд өөрчлөлт, нэмэлт оруулж гадаадын уламжлалт бус шашны байгууллагын тоонд хязгаарлалт тогтоох нь чухал байна.Өөрөөр хэлвэл тус хуулинд “Монгол улсад бүртгэгдсэн гадаадын уламжлалт бус шашны сүмийн тоо үндэсний уламжлалт буддын шашны хийдийн тоотой харьцуулахад 10.0 хувиас хэтрэхгүй байна” гэсэн заалтыг шинээр тусгах хэрэгтэй байна.

Гадаадын шашны сүм байгууллагад ногдуулах татварыг өндөр болгох нь зүйтэй.Зөрчил гаргасан,хууль зөрчсөн гадаадын шашны байгууллагыг эх орноосоо шууд гаргах хэрэгтэй. Хуулийн заалтад дээр дурдсан өөрчлөлт нэмэлт оруулж байж, өсвөр залуу үедээ монголын уламжлалт соёл шашнаа өвлүүлж байж монголчууд үндэсний уламжлалт шашин соёлоо аварч чадна. Эс тэгвээс өнөөдрийн азийн Өмнөд Солонгос, Филиппин улс шиг христийн шашинтан улс болчих вий.

Үндэсний уламжлалт шашнаа төрөөс дэмжиж, шинэ хийд барих, хутагт хувилгаадыг тодруулж тамгатай хутагтыг төрөөс батлах, лам хуврагуудыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хамба лам,хутагт хувилгаадад цалин олгох зэрэг ажлыг төсөвт тусгадаг болох хэрэгтэй байна.

Далай багш “Орчин үеийн Монгол улс бол дэлхийн буддизмын тулгуур юм” хэмээн айлдсан.Иймд орчин үеийн Монгол улс дэлхийн Их Хөлгөний төв, дэлхийн Бурхны шашны төв нь болох хэрэгтэй.

Эдүгээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон шинэ Монгол улс нь ойрын ирээдүйд бурхны шашин соёлын голомтоо бадраасан, өндөр хөгжилтэй, ардчилсан орон болох хэрэгтэй. Ийм улс болох эсэх нь монгол төрийн зөв бодлого, монголын ард түмний хичээл зүтгэл, эв нэгдэл, энэрэнгүй сэтгэл, эх оронч зориг тэмүүллээс хамаарах болно.
Хамаг амьтан Бурхны шажинтай учирч, Сансрын зовлонгоос чөлөөлөгдөж, Гэгээрлийн хутгийг олох болтугай.


ХУУЛЬЧ, СЭТГҮҮЛЧ Д.СҮХБААТАР

No comments:

Post a Comment