Monday, May 16, 2011

М.Энхсайхан: Монголд удахгүй гүнзгий хямрал болно

-Дэлхийн эдийн зас­гийн хямрал Монголд нүүр­лээд байна уу. Монголын эдийн засгийн жолоод­логогүй байдал хямралыг уриад байна уу.

-Улстөрчид дэлхийн эдийн засаг руу хямралыг түлхэх нь ойлгомжтой. Дэлхийн хямрал нөлөөлөх нь нөлөөлнө. Гэх­дээ үндсэн хямрал бол мон­голчуудын бүтээл. Нэгдү­гээрт Засаг төр эдийн засгийн тодорхой бодлогогүй. Хоёрду­гаарт дэлхийд өссөн эрдсийн үнийн өсөл­төөс Мон­гол Улс 68 хувийн татвар мэтээр тэрбум ам.доллар олчихсон байгаа. Түүндээ зөв менеж­мент хийж чадаа­гүй­гээс уул уурхайгаас бусад сал­барыг унагаж байна.

-Их мөнгөтэй болох нь буруу биш биз дээ?

-Юу нь буруу байх вэ. Харамсалтай нь манай улс­төрчид энэ мөнгөнд хөөрөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мэтийн олон улсын сан­хүүгийн байгууллагуудын үгийг сонсохоо больчихсон.

-Харин ч тэдний үгээр яваад ядуураад байна гэж хүмүүс ойлгодог.

-Тийм биш. Азийн хөгж­лийн банк өнгөрсөн хугацаанд Монголд явуулах үйл ажилла­гаагаа багасгаж эхэлсэн. Энэ нь нэгдүгээрт манайхан тэд­ний үгийг сонсохоо больсон. Хоёрдугаарт тэднийг хүссэн, урьсан дэл­хийн олон орон бий. Жишээл­бэл Пакистан, Афганистан гээд. Валютын сан ч мөн адил. Түрхэн зуу­рын мөнгөний бараа хараад хөөрч, сагсуу­раад л монгол­чууд ийм бай­далд орчихлоо.

-Бид яах ёстой байсан юм бэ?

-Бусад орны туршлагаас харж байхад дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс ол­сон мөнгөндөө менежмент хийдэг юм байна. Манайх харин барилгад хийчихэж байгаа байхгүй юу. Манайд саяхан барилгын салбарт томоохон тэсрэлт боллоо шүү дээ. Түүнээс болоод барил­гын үнэ нэмэгдсэн. Тэгээд нэмэгдсэн үнэ дээр банкууд санхүүжилт хийсэн. Гэтэл үнэ хэрэг дээрээ ба­рилгын их бүтээн байгуулалт хөдөлмө­рөөр бий болоогүй учраас эрдсийн түүхий эдийн үнэ унангуут бүгд нурж байгаа байхгүй юу. Монголд анх удаа ийм их мөнгө хуримтлагдсан учраас тэр их мөнгийг удир­дах туршлага байдаггүй аж. Бусад оронд удирддаг юм байна. Энэ нь бид дэл­хийн эдийн засгаас бус өөрс­дийн юм үзээгүй, ойворгон зангаас болж хямралд орж байгааг баталж байна.

-Иргэнд бүрт 1.500.000 төгрөг өгөх боломж бий юу?

-Ямар ч боломж байхгүй.

-Яагаад. Их мөнгө биш шүү дээ.

-Мөнгөний үнэ цэнэ хий­сэн бүтээснээр хэмжигдэнэ. Сая 500 мянган төгрөгөө өгөөд барааныхаа үнийг бас сая 500 болгочиход амархан. Тэгж өөрсдийгөө хуурч болно. Өнөө­гийнхөө амьдралын түв­шинг нэмэгдүү­лэх зорилгоор сая 500-г өгөх боломж байхгүй. Би сонгуу­лийн өмнө ч хэлж байсан. Одоо тэрэнд хууртах хэрэггүй. Ам­лагч нар ч үүнээс болж цаг алдах хэрэггүй.

-Макро эдийн засгийн өсөлт гээд гоё тоонуудыг эрх баригчид харуулж байна. Тэрнээс нь надад наалдаад байгаа юм мэдэгдэхгүй юм.

-Эдийн засгийн хувьд өн­гөрсөн жилүүдээс өсч байгаа. Мөн амьжиргааны түвшингийн ялгарал их болж байна. Хэдий­гээр бид хөгжиж байгаа боловч хөршүүдээсээ бага хурдтай хөгжиж байна. Энэ бол ухралт гэсэн үг.

-Таны ярианаас УИХ, Зас­гийн газраас хямралаас өөр юм бидэнд наалдахгүй бо­лол­той. Энэ унхиагүй байдал зарим иргэдийг засаглал солих тухай ярихад хүргэж байна.

-Ер нь бол бид төрөө бай­гуулдаг хамгийн үнэтэй замыг сонгосон. Бид төрөө байгуулах нь зайлшгүй. Гэхдээ өөрийн эдийн засгийн таарсан меха­низ­маар сонгох шаардлагатай. 76-г сонгох гэж хэдэн төгрөг гаргав. Орон нутгийн сонгууль түүнээс дутсангүй. Сонгуу­лиуд мөнгийг үрэн таран хийж бай­на. Дараа нь мөнгөө олох гэж төрөө бузарлаж байна. Тэгээд тэр мөнгөө дандаа урагш нь аваа­чиж хүнд өгч байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль­тай, бас хямрал ирж байна. Бүр дампуу юм болно. Зарим хү­мүүс залхсан, ядарсандаа бус эдийн засгийн мэд­рэм­жээрээ Ерөнхийлөгчийн засаг­лалыг хүсч байж магадгүй. Намайг ингэж ярихаар хүнд (Энхбаярт) зориулж яриад байна гээд яриулахгүй байсан байхгүй юу. Одоо харин меха­низм гэдгийг ойлгож байгаа болов уу. Эдийн засгийн бодлоготой, нэгдэж чаддаг тийм байх ёстой л доо. Өнөөдөр хоёр сая 600 мянган Ерөн­хийлөгчтэй болчихоод хэдэн биентэйгээ зөрж дав­хиад байна.

-Манай орныг зах зээ­лийн эдийн засагт шилжсэн гэдэгт Европын холбоо са­нал нийлдэггүй гэнэ.

-Тэр улс төрийн шалтгаан­тай болов уу гэж би боддог. Хойд, урд хөршүүдийг маань судлаад үзэхэд либерал зах зээлтэй орон гэж үзэхэд хэцүү л дээ. Энэ хүрээнд л нэг тийм юм яваад байгаа болов уу. Хоёр талынх нь улсуудыг зах зээлд ороогүй гэчихээд Монго­лыг дөвийлгөөд байхгүй бай­хаа. Монгол зах зээлийн эдийн засагтай орон мөн. Гэхдээ төрийн оролцоо ихтэй учраас бахархмаар зах зээл биш л дээ. Төрийн оролцоогүй зах зээл гэж байдаггүй. Харин зах зээлээ дэмжих гэж төр зах зээлд оролцдог байхгүй юу. Манайх одоо авлига авах, дарамтлах гэж зах зээлд оролцоод байна.

-Энхсайханы Засгийн газ­раас өнөөгийн Засгийн газар бараг арав дахин их төсөв­тэй.

-Жаахан мөнгөн дээр тан­саглаад сурчихсан байна. Үйлд­вэрлэлээр бус үнийн өсөлтөөр олсон их мөнгө боло­хоор одоо яах вэ гэдэг асуудал тавигдаж байна. Ер нь бол хийсэн бүтээ­сэн хэмжээндээ амьдарсан бол өнөөдөр ийм юм болохгүй л дээ.

-Мөнгөөр санал хураалт явагдаж байна.

-Сонгогчдод буруу өгөх шаардлага алга. Ядуурал өөрөө тэднийг маргаашийн бодлогод биш өнөө маргаашаа харсан ойр зуурын юманд хууртаж саналаа өгөхөд хүр­гэж байна. Энэ нь нэг хэсэг үргэлж­илнэ. Тиймээс бодлого ярьсан нэр дэвшигч тойргоос шахаг­даж байгаа юм. Энэ ч бас үргэлжилнэ. Ийм учраас би эдийн засгийн бодлоготой бай гэж хэлээд байна.

-Таны үзэж байгаагаар бид Африкийн орнуудын эгнээнд шилжиж байна уу?

-Яагаад тэдний эгнээнд шилжих гэж. Бид чинь тэднээс хориод жилээр хоцрогдож байна. Тэд жараад онд колони байсан. Колониос мултарсан чинь колоничлогч орнууд нийг­мийнх нь өмнө ёс суртахууны хариуцлага хүлээгээд тэдний­гээ хөгжүүлж өгч байна. Дэл­хийн том судалгаанууд дандаа Африкаар хийгдсэн байдаг. Гол хоцрогдсон орнууд Африк, Азиар хийгдсэн байдаг. Харин төв Азиар хийгдсэн судалгаа алга. Өндөр хөгжилтэй орнууд Мон­гол ийм хоцрогдсон орон бай­гаад ямар ч хариуцлага хүлээх­гүй. Оросын оронд Америк байсан бол биднийг сэгийтэл татаад гаргаад ирнэ. Гэтэл Орос маань өөрөө амар биш байгаа. Тийм учраас өөрс­дийгөө хаана, ямар бай­далд байгаагаа зөв тодорхой­лох хэрэгтэй байна.

No comments:

Post a Comment