Saturday, May 7, 2011

Нүүрсний 36 ордыг ашиглаж байна

Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын нүүрсний 36 орд газарт 50 орчим аж ахуйн нэгж нүүрс олборлож байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн хоёр нь төрийн өмчийн оролцоотой, гурав нь орон нутгийн өмчийн оролцоотой бол бусад нь хувийн өмчид тулгуурлан ажиллаж байна.
Монгол Улсын нүүрсний геологийн нийт нөөцийг 150 тэрбум тонн гэж тогтоосон байдаг бөгөөд 22.3 тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тодорхойлоод байна. Монгол улс нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 12-т, нэг хүнд ногдох нүүрсээр эхний дөрөвт ордог аж.

Зүүн Цанхи 795 сая тонн нөөцтэй
Тавантолгойн ордын Зүүн Цанхи нь нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нийт нөөцийн 78 хувийг нь дээд зэрэглэлийн буюу коксжих нүүрс эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл зүүн Цанхи өнөөдрийн байдлаар яг хэдий хэмжээний нөөцтэй вэ гэдгийг Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар тогтоосон байна. “Эрдэнэс MГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн хэлснээр бол Эрдэс баялгийн зөвлөлөөс зүүн Цанхийн нөөцийг 795 сая тонн хэмээн баталгаажуулсан байна. Тус ордод өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд уг ажил үндсэндээ дуусч, олборлолт эхлэхэд бэлэн болсон байна. Уг ордоос жилд арван сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаагаа ч “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал өгүүлсэн. Түүнчлэн энэ ондоо багтаан нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2013 онд ашиглалтад оруулах гэнэ.

No comments:

Post a Comment